Categories
мэдээ цаг-үе

Тусгай сургуулийн захирал сурагчдынхаа хөдөлмөрийг мөлжиж, хандивын эд зүйлийг хувьдаа завшдаг гэв

Дунд сургуулийн захирал хүртэл
барьдаг утасны төлбөр, унадаг машиныхаа бензинийг төсвийн мөнгөөр хийлгэдэг болжээ.
116 дугаар сургуулийн захирал С.Энхтуяа хандиваар ирсэн эд зүйлийг худалдаж авсан
мэтээр хуурамч баримт бүрдүүлж хувьдаа мөнгө завшдаг гэнэ. Мөн сурагчдаараа хандивын
тоглолт хийлгэж, олсон орлогоос нь мөнгө өгдөггүй юм байна. Энэ талаар Харааны бэрхшээлтэй
хүүхдүүдийн 116 дугаар сургуулийн нярваар ажиллаж байсан С.Хотхүү ярилаа.

-Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн тоглолт
болдог. Олсон орлогоос нь хүүхдүүд хүртдэггүй гэв үү?

-2013 онд гэхэд
“UB палас”, МУИС, ЭМШУИС болон хоёр аймагт манай сургуулийн хүүхдүүд хандивын тоглолт
хийсэн. Билетийн үнэ дунджаар 2000 төгрөг байдаг. Хараагүй хүүхдүүдэд хандив өргөх
тоглолт гэдэг утгаараа танхим дүүрэн үзэгчтэй тоглолт болдог. Дунджаар нэг тоглолтоос
хоёр сая төгрөг олдог байх. Үүнээс тоглолтод оролцсон хүүхэд нэг ч төгрөг авдаггүй.
Тэр бүү хэл “Олон тоглолтод ядраад байна” гэсэн хүүхдийг сургуульд сургахгүй, хөгжмийн
хичээл заасан төлбөрөө авна гэх мэтээр дарамталдаг.  Мөнхжаргал гэдэг хүүхэд тоглолт ихсээд байна гэж
хэлснийхээ төлөө сургуулиас хөөгдсөн. Тэгэхээр бусад нь айдаг юм байна.

-Хүүхдийнх нь хөдөлмөрийг мөлжөөд байхаар
эцэг, эхчүүд нь гомдол гаргадаггүй хэрэг үү?

-Эцэг, эхээс нь
зөвшөөрөл авдаггүй. 18-19 хүүхдийг тоглолтоор авч явна шүү дээ. Хүүхдийнх нь хөдөлмөрийг
мөлжлөө гээд гомдол гаргавал сургуулиас хөөнө гэдэг учраас эцэг, эхчүүд дуугарахгүй.
Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн ганцхан сургууль байдаг нь манайх. Хүүхдийнх нь
хөл хугарчихаад байхад эцэг эхчүүд “сургууль олдохгүй” гээд гомдол гаргаж чаддаггүй.
Сургуулийн дотуур байранд хоёр хүүхэд хөлөө хугалсан. Харааны бэрхшээлтэй хоёр хүүхэд
мөргөлдөх, гэмтэх тохиолдол их гарна. Эхний удаад хариуцсан багшид нь арга хэмжээ
авсан бол хоёр дахь удаад “Гомдол гаргавал хүүхдийг чинь сургуулиас хөөнө” гээд
дараад өнгөрсөн. Ингэж хүүхдийн эрх зөрчихөөс гадна өөрөө ажилтай үлдэхийн тулд
хүүхдүүдээр өлсгөлөн зарлуулж байсан. 2006 онд сургалтын менежерээр ажиллаж байхад
салбарын яамнаас халах шийдвэр гаргахад дөрөв, таван хүүхдээр өлсгөлөн зарлуулж
байлаа. Хууль бус үйлдлээ нуухын тулд хүүхдүүдийг өөрийгөө хамгаалах хэрэгсэл болгодог
хүн. Хүүхдийн төлөө ажиллахгүй байна, багш нараа элдвээр дарамталдаг гэх үндэслэлээр
багш нар нь Хүний эрхийн үндэсний комисст 2007 онд хандсан байдаг. Улмаар Хүний
эрхийн үндэсний комиссоос салбарын яаманд “Ёс зүйгүй багш гэдэг нь нотлогдлоо. Арга
хэмжээ авна” уу гэдэг утгатай санал хүргүүлж байсан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын
газраас ч “Зөрчил илрээд байна. Хариуцлага тооцно уу” гэсэн утгатай албан бичиг
хүргүүлсэн байсан.

-Тэгвэл нэг жилд тоглолтоос олсон арваад
сая төгрөгийг юунд зарцуулах вэ?

-Хувьдаа л авдаг
байх. Тоглолтод зарцуулагдах мөнгийг түрээсийн мөнгөнөөсөө л авна.

-Түрээсээр хэдэн төгрөг олох уу. Энэ мөнгө
сургалтад зориулагдах уу?

-Манай сургуулийн
хашаанд долоон контейнер бий. Тэдний түрээснээс сард 790 мянган төгрөгийн орлого
олдог. Энэ мөнгөнөөс шинэ жил тэмдэглэхэд 500 мянган төгрөг зориулсан. Бусдыг нь
бол өөрөө цувуулаад л авна. Хүүхдэд нэг ч төгрөг зарцуулагдахгүй. Тэр бүү хэл хандиваар
ирсэн эд зүйлийг худалдаж авсан мэтээр баримт бүрдүүлж мөнгийг нь өөрөө завшдаг.

-Тухайлбал, хандивын ямар эд зүйлийг худалдаж
авсан мэтээр баримт бүрдүүлсэн бэ?

-2013 онд “Көритөс
Чех” төрийн бус байгууллагаас гурван ширхэг брайл машин, “Дэмжинэ” төрийн бус байгууллагаас
хоёр брайл машин хандивласан. Тэгтэл төрийн өмчийн мөнгөөр брайл машин авахаар бүх
зөвшөөрлийг нь аваад “Сэлбэ сервис” гэдэг компани руу шилжүүлэхээр боллоо. Гэтэл
тэр компани 20 хувийг нь авч байж үлдсэн мөнгийг нь гаргаж өгнө гэсэн. Ингэж ойлголцоогүй
болохоор би “Тэргүүн ван” компани дээр очиж хуурамч материал бүрдүүлж брайл бичгийн
машин авсан болгож мөнгийг нь тухайн компанид оруулж байгаад  дөрвөн сая 30 мянган төгрөг бэлнээр гаргуулж захиралд
өгсөн. 25 боодол цаас хандиваар ирснийг хүртэл худалдаж авсан болгоод төсвөөс мөнгийг
нь гаргуулаад хувьдаа авчихсан. Мөн хандиваар ирсэн ус буцалгагч, хөлний массажер
мэтийг гэртээ аваад явчихна. Коика олон улсын байгууллагаас 13 иж бүрэн компьютер
хандивлахаар нэгийг нь гэртээ авчихна. Түүнийгээ эвдэрхий байсан гэж тайлбарласан.
Үнэндээ баталгааны хуудастай цоо шинэ компьютер шүү дээ.

-Та нярваар нь ажиллаж байсан. Өөрөө захирлынхаа
өмнөөс компани дээр очоод мөнгө гаргуулдаг байж. Хууль бус үйлдлийг нь зохих байгууллагад
нь яагаад хэлдэггүй байсан юм бэ?

-Би “Хөгжлийн
бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбоо”-нд ажиллаж байтал С.Энхтуяа захирал нярваар
ажиллах санал тавиад 14 хоногийн сургалтад суулгаад сургуульдаа авсан. Хүүхдийн
төлөө ажиллаж байсан хүн хууль бус юм хийгээд байж чаддаггүй юм билээ. Энэ чинь
болохгүй гээд хэлэхээр намайг элдвээр хэлж дарамтална, хойноос элс цацна. Би өнгөрсөн
оны дөрөвдүгээр сараас хойш үнэхээр дарамтад ажилласан. Хэл ам хийгээд, шалгах байгууллагуудад
хандаад байхаар өнгөрсөн дөрөвдүгээр сард ажлаас халчихлаа. Ажиллаж байхдаа Хүний
эрхийн үндэсний комисс, Мэргэжлийн хяналтын газарт, Нийслэлийн боловсролын газарт
хандсан. Үүний дагуу цагдаагийн байгууллага шалгаад Эрүүгийн хуулийн 263 дугаар
зүйлд заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхэд хохирлын хэмжээ хүрэхгүй байна
гээд захиргааны хариуцлага тооцохоор болсон. Учир нь С.Энхтуяа захирлын учруулсан
хохирол 9.3 сая төгрөг юм байна. Энэ нь эрүүгийн хэрэг үүсгэх хэмжээний хохирол
биш гэж цагдаагийн байгууллага үзсэн. Гэхдээ энэ бол зөвхөн түрээсээс олсон орлогын
асуудал. Үүний цаана олон баримт бий.

-Тухайлбал, ямар баримт вэ?

-БНСУ-аас манай
сургуульд зочид төлөөлөгчид ирлээ. Гэтэл хүүхдийн хоолны мөнгөнөөс 610 мянган төгрөгийг
“Номин” руу шилжүүлээд архи, шар айраг, торт, кимчи аваад дайлчихаж байгаа юм. Үүнийг
төсвийн мөнгөнөөс биш түрээсийн орлогоос авчихаж болно шүү дээ. Гэтэл хүүхдийн хоолны
мөнгийг хасаад зочдыг зугаацуулж байгаа юм. Мөн хүүхдийн сурах орчинг бүрдүүлэх
зорилгоор “Номин” худалдааны төвөөс 499 мянган төгрөгийн үнэтэй 32 инчийн хоёр телевиз
авахаар мөнгийг нь шилжүүллээ. Нярвын хувьд би очиж авах байсан. Тэгтэл захирал
хамт яваад “32 инчийн телевизээр яах юм. 21 инчийнхийг авъя” гэлээ. Зөрүү мөнгөөр
нь сургуульдаа есөн ширхэг хогийн сав, таван ширхэг өсгөгч авсан үлдсэн 190 мянган
төгрөгийг бид хоёр хуваагаад авчихсан. Одоо ярихад ичмээр л дээ. Хутга ирлэгч, аяга
зэргийг авч байгаа юм. Мөнгөндөө тааруулах гэж сүү хүртэл авч байгаа юм.

Энэ мэт хууль
бус үйлдлийг шалгаж өгөхийг хүсч АТГ-т хандахад С.Энхтуяа захирлын үйлдлийг “Иргэдийн
өмчийг итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцсан этгээд завшсан, үрэгдүүлсэн гэмт хэргийн
шинжтэй үйлдэл байна” гээд цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Одоо цагдаагийн байгууллага
шалгаж байгаа.

-Түрээсээр олсон орлогоороо телевиз авах
уу. Эсвэл төсвийн мөнгөөр үү?

-Төсвийн мөнгөөр
авна. Ер нь захирлын гар утасны мөнгө, машины бензинийг сургуулиас төлнө. Гар утсанд
сард 50-120 мянган төгрөг өгнө. Харааны бэрхшээлтэй хүүхдийн унааны зардалд сард
төрөөс 200 орчим мянган төгрөг өгдөг. Манай хүүхдүүд дотуур байранд амьдардаг болохоор
зөөх шаардлага байхгүй. Энэ мөнгөөр захирлын машинд л бензин хийнэ. Дээр нь сургуулийн
захирлууд аялалд явах гэж байна 120 мянган төгрөг, тэмцээнд орно 100 мянган төгрөг
гэх мэтээр л аваад байдаг. Захирлын хамаатны газарт манай сургууль ногоо тарина.
Ногоо тарих нэрийдлээр төрийн мөнгийг ус шиг цацна шүү дээ. Багш нарыг дайчилж,
ногоо зарахад нэг зун дөрвөн сая төгрөг зарцуулна. Эргээд 500-600 мянган төгрөгийн
л ногоо хураана. Тэр нь нэг сарын л хэрэгцээ. Ингэж төрийн мөнгөөр тоглодог. Сургуульд
засвар хийхээр 2.1 сая төгрөгийг “Тансаг обой” компани руу шилжүүлж үүдний пилта
хийхээр боллоо. Тайлан гаргах болтол тэр пилта, цемент, элс нь 2.1 сая төгрөг яагаад
ч хүрдэггүй. Пилта нь нэг сая төгрөг болчихож байгаа юм. Бас л хуурамч бичиг баримт
бүрдүүлж тайлан гаргасан. Энэ мөнгөнөөс 500-600 мянган төгрөгийг захирал хувьдаа
завшсан байх.

-Таны ярьж байгаагаар захирал аар, саар
л мөнгө хувьдаа завшдаг бололтой юм. Магадгүй та ажлаа өгсөн болохоор тэр бүрийг
яриад байгаа юм болов уу?

-Бага мэт боловч
захирлын том тансаглал шүү дээ. Өөрөө тансаглаад хүүхдүүдээ хөсөр хаядаггүй бол
ингэж ярихгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хувьдаа ашиг олох хэрэгсэл мэтээр ханддаг
нь үнэхээр харамсалтай. Тэр бүү хэл хөгжлийн багш мэргэжилтэй хүнээр англи хэл,
мэдээлэл зүй заалгасан мэтээр баримт бүрдүүлж сар бүр 200-гаад мянган төгрөгийн
илүү цалин гаргадаг.

-Танай сургуульд хэдэн хүүхэд сурдаг юм
бэ?

-87 гэсэн тоо
бий. Түүнээс 17 нь огт байхгүй. Сурч байгаад гарчихсан хүүхдийг сурдаг мэтээр бүртгүүлж
төсвөөс мөнгийг нь авдаг. Нэг хүүхдийн хоолны зардал өдрийн 2530 төгрөгийн хоол
өгөх ёстой. 17 “хуурамч” хүүхдийн мөнгийг төрөөс л авна шүү дээ.

“Гар утсаараа албаны ажил
л ярина шүү дээ”

Бид 116 дугаар сургуулийн
захирал С.Энхтуяагаас дээрх мэдээллийн талаар тодрууллаа.

-Хүүхдүүд тоглолт хийж олсон орлогыг юунд
зарцуулдаг юм бэ?

-Манай хүүхдүүд
2011 онд Солонгост очсон. Унааны зардалд шаардагдах 15 сая төгрөгийг багш нар цалингийн
зээл авч олсон. Энэ мөнгийг төлөхийн тулд гурван жил хандивын тоглолт хийлээ. Өрөө
төлсөн болохоос би хувьдаа завшаагүй. Гэхдээ тоглолтын орлогоос нэг удаа хүүхдүүдээ
витаминжуулсан. Нэг удаа 20, 20 мянган төгрөг өгсөн. Төгсөх ангийн хоёр хүүхдийг
100 мянган төгрөгөөр хувцасласан.

-Таныг хандиваар ирсэн эд зүйлийг худалдаж
авсан мэтээр баримт бүрдүүлж төсвөөс мөнгө авдаг байсан гэх юм.

-Худлаа мэдээлэл.

-Таны гар утасны
мөнгө, машины чинь бензинийг сургууль даах ёстой юу?

-Би утсаараа албаны
л ажил хийдэг. Сард тавь орчим мянган төгрөг гарна. Солонгос руу их ярьсан сард
120 мянган төгрөг гардаг. Энэ мөнгийг албанаас гаргадаг. Мөн ажлаар ийш тийшээ явах
хэрэг их гарна. Сард нэг удаа банкаа дүүргүүлнэ. Түүгээрээ багш нарын морин жолооч
л болно шүү дээ.

-Та одоо хуулийн
байгууллагад шалгагдаж байгаа юм уу?

-Цагдаагийн байгууллагаас
байцаасан. АТГ шалгаж байгаа гэдгийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээс л мэдлээ. Намайг
дуудсан асуудал алга гэв.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

Д.Ганхуяг: Төсөл батлагдсанаар эдийн засагт олон эерэг үр дүн гарна

Уул уурхайн сайд Д.Ганхуягтай ярилцлаа.

 -Та өнгөрсөн долоо хоногт Ашигт малтмалын
тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан. Уг хуулийн төслийн
талаар танилцуулахгүй юу?

-Төслийн агуулга
зорилго маш ойлгомжтой. Эрх зүйн үндэслэлийн тухайд 2012-2016 оны Засгийн газрын
үйл ажиллагааны хөтөлбөр, өнгөрсөн УИХ-ын чуулганаар батлагдсан Төрөөс эрдэс баялгийн
салбарт баримтлах бодлого, одоогийн хүчинтэй мөрдөгдөж буй хуулийн үндсэн зарчмыг
хөндөхгүй байх зэрэг болно. Хуулийн төсөл батлагдсанаар  төрөөс тогтоосон газар нутагт хайгуулын тусгай
зөвшөөрлийг олгож эхлэх, ингэснээр шинэ хөрөнгө оруулалтыг татах болон Монгол Улсын
баялаг нөөцийг нэмэгдүүлж эдийн засгийн баталгаа чадавхийг улам сайжруулах, хариуцлагатай
уул уурхайг хөгжүүлэх, бүтээгдэхүүний зах зээлийн үнэ нь хэлбэлзэл ихтэй хөрөнгө
оруулалт ихээр шаардагддаг энэ салбарын эрх зүйн орчинг урт хугацаанд тогтвортой
байх гол зорилтууд хэрэгжинэ.

Нэг зүйлийг тэмдэглэхэд
энэ хуулийн төсөл “Урт нэртэй” хуулинд  ямар
ч хамааралгүй бөгөөд, талбай нь ч давхцахгүй гэдгийг хэлмээр байна. Мөн хууль санаачлагчийн
хуулийн төсөлд  судалгаанд үндэслэн зөвлөмж
гаргах үүрэг бүхий  олон талт оролцоог хангасан
орон тооны бус Бодлогын зөвлөлтэй болно. Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод
шилжүүлэх бодит алхмыг төсөлд суулгасан. Дээр нь ашигт малтмалын нөөц, ордын нөөцийг
олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар гүйцэтгэдэг болно. Ингэснээр энэ чиглэлд
дэлхийн жишигтэй хөл нийцэн алхана.

-Энэ хууль батлагдсанаар эдийн засагт яаж
үр өгөөжөө өгөх вэ?

-Хайгуулд хөрөнгө
оруулалт шинээр орохоос гадна, үүнийг дагаад олборлох, боловсруулах үйлдвэрийн салбарт
ч хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж үзэж байна. Хариуцлага уул уурхайг дэмжин зорилтын
хүрээнд инноваци, тэргүүний техник технологийг нэвтрүүлэхийг дэмжих юм. Ингэснээр
салбарын бүтээмж, өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Бүтээмж дээшилснээр өртөг зардал хэмнэж,
ашиг орлого өсдөг жамтай. Дээр нь зөвхөн түүхийгээр нь гаргаад байх биш, боловсруулалтын
түвшинг дээшлүүлж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох зайлшгүй шаардлагатай
байгаа. Нэмүү орлого нь эх орондоо дэд бүтэц ашигласны төлбөр, цалин хөлс, болон
бусад хэлбэрийн орлого болж үлддэг. Энгийн жишээ татахад түүхий нүүрсийг 50 ам.доллараар
борлуулж байхад, угааж баяжуулсан  нүүрс нь
ойролцоогоор 100 ам.долларын үнэтэй байна. Мөн лиценз эзэмшигч нь өөрийн үйл ажиллагаанд
шаардлагатай бараа, ажил, үйлчилгээ авах, туслан гүйцэтгэгч сонгоход тэргүүн ээлжинд
Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч аж ахуйн нэгжид давуу эрх олгодог байх зохицуулалт
нэмэгдсэн. Ингэснээр дотоодын аж ахуйн нэгжүүдийн орлого, ашиг нэмэгдэнэ гэж үзэж
байгаа. Базаад хэлэхэд өмнөх байдлаар энэ хуулийн төсөл батлагдсанаар манай эдийн
засгийн тогтвортой өсөлтийг хангахад шууд болон шууд бус утгаар олон эерэг үр дүн
авчирна гэж хэлэх байна.

-2010 онд хууль батлагдаж, Ашигт малтмалын
хайгуулын тусгай лицензийг шинээр олгохыг хориглосон. Харин таны өргөн барьсан энэ
төсөлд уг хуулийг хүчингүй болгох талаар тусгасан гэлээ. Өнөөх эмх замбараагүй лицензийн
наймаа дахин цэцэглэх юм биш биз дээ?

-Дөрвөн жил орчим
хугацаанд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгогдоогүй. Тус хууль
хэрэгжсэнээр эмх замбараагүй олгогдсон тусгай зөвшөөрөл эмхлэгдсэн. Хэдэн баримт
дурдъя. Хууль хэрэгжиж эхлэхээс өмнө 2005-2010 онуудад нийт газар нутгийн 46 хүртэл
хувийг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбай эзэлж байсан. Тэгвэл өнөөгийн байдлаар
7.6 хувь болж буурсан. 2010 онд нийтдээ 4.137 лиценз байсан бол, одоо 2.868 болж
буурсан байна. Энэ хугацаанд бүртгэл, хяналтын тогтолцоог сайжруулах ажил нэлээд
хийгдсэн. Мөн монголчууд төр, хувийн хэвшил гэлтгүй уул уурхайн талаар хангалттай
туршлага хуримтлуулсан. Бид юун дээрээ алдаад байгаагаа мэддэг болсон. Юунд хүрэх
гээд байгааг тодорхойлсон урт хугацааны бодлоготой болсон.

Дээр нь урт нэртэй
хууль, улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээний газар гэхчилэн нийт нутаг дэвсгэрийн
70-80 хувьд хайгуул, олборлолтын ажил хийгдэхээргүй байгаа. Өөрөөр хэлбэл газар
нутгийнхаа дийлэнх хэсгийг хойч үедээ үүцлэн хадгалах хуулиуд байна. Нэмэлт өөрчлөлтийн
нэг гол шинэчлэлийн чанартай зохицуулалт нь зөвхөн төрөөс зөвшөөрөгдсөн газар нутагт
лиценз олгож эхэлнэ. Өөрөөр хэлбэл нутаг дэвсгэрийн 20 орчим хувьд л анхнаасаа замбараатай
лиценз олгож эхлэх юм. Дээр нь хайгуулын тусгай зөвшөөрлийг эхний гурван жил шилжүүлэхгүй
гэсэн шинэ заалт нэмэгдэж байгаа. Мөн гурав дахь жилийн төгсгөлд хайгуулын талбайн
тодорхой хэсгийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтэд үндэслэн буцаан авдаг
болно. Ингэснээр үнэхээр хайгуул хийе гэсэн компаниудыг урамшуулж байгаа юм. Лиценз
авчихаад  үндсэн ажлаа хийхийн оронд цүнхэндээ
хийгээд наймаа үсэргээд явдаг зохисгүй байдлыг халахын тулд хугацааны сүүл хэсэгт
нь лицензийн төлбөрийн хэмжээг нилээн нэмж өгсөн.

-Хуулийн төсөлд ашигт малтмалын хэтийн
төлөвлөгөөг яаж тодорхойлсон бэ?

-Манай улсын ашигт
малтмалын нөөц цаашид өсөх нь мэдээж юм. Улс, орнууд  баялагийн хэтийн төлвөө  геологийн 
нарийвчилсан зураглалын ажлаар еренхийд нь  тодорхойлж байна. Монголд өнөөгийн байдлаар энэ
ажил  нийт газар нутгийн 30 орчим хувьтай
байгаа. Тиймээс эрчимжүүлэх шаардлагатай. Уул уурхайн яам 2032 он хүртэл ямар ямар
ашигт малтмалыг аль боомтуудаар экспортлох боломж байгаа талаарх төсөөллийг гаргаад
байгаа.

-Эдийн засгийн хүнд байдлаас гарахын тулд
Оюу толгой, Таван толгой гээд томоохон төслүүдийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх шаардлагатай.
Нүүрсний хэрэгцээ цаашид яах бол. Энэ хууль батлагдсанаар үүнд ямар түлхэц болох
вэ. Одоогийн байдлаар их хэмжээгээр буурсан хөрөнгө оруулалт нэмэгдэх хандлага харагдаж
байна уу?

-Хуульд зааснаас
бусад тодорхой бус шалтгаанаар уурхайн бүтээн байгуулалт, уулын үйлдвэр, баяжуулах
үйлдвэрийн үйл ажиллагааг холбогдох төрийн байгууллагад урьдчилан мэдэгдэлгүйгээр
зогсоож олон хүмүүсийг гэнэт ажилгүй, цалингүй болгох нийгмийн хариуцлагагүй үйлдэл
гаргасан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэдэг болох заалт уг хуулийн төсөлд
орсон байгаа. Энэ хариуцлагатай уул уурхайн ундсэн зарчмын нэг юм билээ. Засгийн
газар Тавантолгойн хувьд нэгэнт нүүрсний үнэ буурсан үед эхлээд дэд бүтцийг бүрдүүлэх
шийдвэрийг гаргасан. Нөгөө алаагүй баавгайн арьсыг хувааж болдоггүй гэдэгтэй адил.
Ер нь эхлээд  чанартай дэд бүтцийг бүрдүүлэх
нь аль ч оронд хийж ирсэн нийтлэг зарчим юм. Дэд бүтэц шийдэгдсэнээр  түүнийг ашиглах ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч
компаниудын үнэлгээ, хувьцааны үнэ нэмэгддэг учиртай. Аль ч оронд төмөр зам бол
нэгдсэн бодлоготой байдаг. Ашигтай хэсгийг нь бусдад тээврийн тариф энэ тэрээ тохирохгүйгээр
тасдаад өгчихөөр хүнд нөхцөлд орж байсан түүх байдаг.

Төмөр замын цариг,
төмөр зам барихтай холбогдсон УИХ-ын тогтоолын төсөл  засгийн газраас өргөн баригдсанаас хойшхи хэдхэн
хоногийн хугацаанд ЭТТ болон төмөр замд хөрөнгө оруулах гэсэн сонирхол эрс нэмэгдэж
байна. Энэ УИХ-ын тогтоол батлагдсаны дараа, хөрөнгө оруулагчдын асуудлыг яаралтай
шийдэх боломж бурдэнэ.

-Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчид
үгүй­лэгдэж байна. Эрэл хайгуулын ажлыг эрчимжүүлж  хөрөнгө оруу­лалтыг татах, улсын  баялгийн нөөцийг нэмэгдүүлэх тал дээр ямар бодитой
заалтууд орж байгаа вэ?

-Төрөөс геологийн
салбарт баримтлах нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд геологийн судалгаа,
шинжилгээ, мэдээллийн нэгдсэн сантай болно. Мэдээлэл бол хө­рөнгө оруулалтыг татах
нэг чухал хүчин зүйл юм. Мөн уур амьсгалын онцлогоос шалтгаалан геологийн судалгаа,
хайгуулын ажил хийх хугацаа манай орны хувьд жилд долоохон сар байдаг. Иймд хайгуулын
тусгай зөвшөөрлийн хугацаа нийт есөн жил байсныг 12 жил болгож байгаа. Энэ нь ордыг
ашиглахын өмнөх гурван жилийг тодорхой болгосон гэсэн үг л дээ.

Тусгай зөвшөөрлийн
төлбөр төлөөгүйгээс цуцлагдсан болон буцааж өгсөн тусгай зөвшөөрөл бүхий талбайг
сонгон шалгаруулалтгүйгээр ердийн өргөдлийн журмаар олгодог болно. Ингэснээр элдэв
хар дагуулдаг сонгон шалгаруулалтыг багасгаж, олон улсын зарчмаар буюу эхэлж ирсэн
нь эхэлж зөвшөөрлөө авдаг шударга тогтолцоог бэхжүүлнэ. Ялих ялихгүй шалтгаанаар
лиценз цуцалдгийг болиулж, ердийн  торгуулийн
хариуцлага руу  шилжүүлэх зохицуулалт туссан.
Өөрөөр хэлбэл, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийнхээ эрхийг хамгаалах шинэ зохицуулалтыг
тусгаж өгсөн. Бодлогын зөвлөл нь ч гэсэн хайгуулчид, уурхайчдын эрх ашгийг хөндөхгүй
байхад анхаарч ажиллах болно. Олон улсын стандартад шилжих замаар нөөц баялгийн
ангилалаа шинэчилснээр хөрөнгө оруулагч нарт ойлгомжтой, ил тод орчин бүрдэх юм.
Монгол Улсад хийгдсэн геологи судалгааны ажлын тайлан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөнөөр
дотоодын болон бусад орны хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох боломж эрс нэмэгдэхийн
зэрэгцээ үндэстний мэргэжилтнүүдээ олон улсад хүлээн зөвшөөрүүлэх үүд хаалга нээгдэх
юм. Ер нь бол хүнийг, аж ахуйн нэгжийг дагаж хөрөнгийн урсгал орж ирдэг.

-Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг
нь тогтоосон томоохон ордуудыг  эдийн засгийн
эргэлтэд оруулах талаар тусгасан уу?

-Шууд болон шууд
бус утгаар тусгасан. Төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордуудын төрийн эзэмшлийн
хувь хэмжээг тавь хүртэл байлгаж болох бөгөөд тус хэмжээг ордыг ашиглах Техник эдийн
засгийн үндэслэл, ашгийн түвшин, эдийн засгийн үр өгөөжөөс нь хамааруулж тогтоохоор
заасан.

-Уурхайн хаалт болон нөхөн сэргээлтийг
компанийн хариуцлагад үндэслэн сайжруулах, уг салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж
ахуйн  нэгжүүдийн орон нутагтай хамтран ажиллах
хамтын ажиллагааны  ил тод байдлыг яаж нэмэгдүүлэх
вэ?

-Тусгай зөвшөөрөл
эзэмшигч нь байгаль орчин, нөхөн сэргээлт, уурхайн хаалттай холбоотой үйл ажиллагаандаа
үүрэг, хариуцлагаа гүйцэтгэхэд  эдгээр асуудлаар
холбогдох төрийн захиргааны байгууллагад тогтмол мэдээлэл хүргэх ажилтантай байна
гэж хуульчилсан байгаа. Орон нутагт уул уурхайн олборлолт эхлүүлэхийн өмнө хөрөнгө
оруулагч, орон нутгийн иргэдийн хоорондын харилцан ойлголцох нөхцөлийг бүрдүүлэх,
уул уурхайн төслийн нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг тайлбарлан таниулах ажилд
орон нутгийн удирдлагын үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх ёстой юм. Мөн хөрөнгө оруулагч
компани, нутгийн өөрөө удирдах байгууллагын хооронд орон нутгийг хөгжүүлэх гэрээг
ил тод, иргэдийн оролцооны зарчимд тулгуурлан байгуулдаг байх зохицуулалтыг тусгаж
өгсөн. Байгаль орчин, орон нутгийн хөгжилд сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлэх
болон хамтарч ажиллах зорилготой гэрээг компани ба сумын Засаг дарга нарын хооронд
хийгдэнэ гэсэн үг. Энэ гэрээний загварыг Засгийн газар баталж байх юм.

-Энэ хуулийн төсөл батлагдсанаар улсын
төсвийн зарлага нэмэгдэхгүй гэж байна. Ер нь геологи, уул уурхайн салбарт хэрхэн
үр дүнгээ өгөх вэ?

-Энэ хуульд стратегийн
ордод хувь эзэмшихдээ төсөвт нэмэлт дарамт учруулахгүй байх, төр хувийн хэвшлийн
замаар эрэл, үнэлгээний  хайгуулын ажлыг дэмжих
заалтууд их орсон. Мөн геологийн албаны  чиг
үүргийг тусгасан. Гэхдээ шинэ орон тоо нэмж, нэмэлт зардал гаргахгүй. Монгол Улсын
нутаг дэвсгэр дээр геологи, геофизик гэх зэрэг судалгаа, шинжилгээ хийдэг, эрдэс
баялгийн хэтийн төлөвийн үнэлгээ өгдөг, эрдэс баялгийн мэдээллийн сан бүрдүүлдэг
тийм үндэсний Геологийн албаны чиг үүргийг тодорхойлсон байгаа. Ингэхгүй бол манай
улсад геологийн буюу газрын хэвлийн нэгдсэн бодлого алдагдаад байна.

-Нинжа нар буюу гар аргаар алт олборлогчдын
асуудлыг яаж зохицуулж байгаа вэ?

-Ер нь бол  олон улсын туршлагыг сайтар судалж байна.Одоогийн
байдлаар иргэний хуульд заасан бүртгэгдээгүй нөхөрлөлийн хэлбэрээр ажиллахыг зөвшөөрч
байгаа. Төсөлд бүртгэлтэй хоршоо, нөхөрлөлийн хэлбэрээр ажиллахыг дэмжих замаар
тэднийг албажуулах зохицуулалтыг тусгасан. Бусад оронд ийм байдлаар энэ үйл ажиллагааг
зөв гольдиролд нь оруулж ирсэн  юм билээ.Ингэж
нөхөрлөл хоршоо байгуулж хариуцлагатай, нөхөн сэргээлтээ хийх албан ёсны бүтцээр  ажиллахыг зөвшөөрөх юм.  Харин хууль 
зөрчсөн тохиолдолд  хариуцлага тооцохоос
өөр арга байхгүй нь мэдээж.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ редакцийн-нийтлэл цаг-үе

Сонгодог хөгжимд сэтгэл огт хөдөлсөнгүй, морин хуурын татлага сонсоод сэтгэл маш их татагдаж, тоглож сурсан

Морин хуурын олон улсын IV наадам өнгөрсөн пүрэв гаригт өндөрлөсөн.
Уг наадмын хүрээнд болсон морин хуур сонирхогчдын уралдаанд ХБНГУ-аас ирж оролцсон
Андрео Горецкитэй ярилцсанаа хүргэе. Тэрбээр IT инженер, морин хуур, шанз тоглодог
хүн юм байна.

 -Морин
хуурыг та анх хаана сонссон бэ. Яаж тоглож сурав?

-Би морин хуурын аялгууг 2006 онд анх сонссон. Хархоринд аялж явахдаа
Балдандорж гэдэг өндөр настай хөгжимчин жинхэнэ монгол аялгуу тоглохыг сонсоод сэтгэл
их татагдсан. Хожим нь Баярсайхан гэдэг морин хуур урлаач найзтай болж, тэр найз
маань надад морин хуур бэлэглэсэн юм.

-Та
хөгжимчин хүн үү. Герман улсын аль хотоос ирсэн бэ?

-Германд би IT инженер мэргэжлээрээ ажилладаг. Төрсөн хот маань Ханбург.
Гэхдээ би Боннд ажилладаг юм. Намайг бага байхаас аав маань аккордион, мандолин.
ээж гитар, цахилгаан төгөлдөр хуур тоглодог байв. Би багаасаа хөгжим сонирхсон ч
жаахан байхдаа тоглож сураагүй. Сүүлд, эвэр бүрээ, төгөлдөр хуур зэрэг гурав дөрвөн
хөгжим тоглож сурсан боловч эдгээр сонгодог хөгжимд миний сэтгэл огт хөдөлсөнгүй.
Харин монгол хөгжим сонсоод, ялангуяа морин хуурын татлага сонсоод сэтгэл маш их
хөдөлж, тоглож сурахаар шийдсэн. 

-Ямар
хүнээр заалгаж сурав?

-Анх Монголд ирснээсээ хойш гурван жил болоод дахин ирсэн л дээ.
Ажил ихтэй байсан учраас ойр ойрхон ирж чадаагүй. 2009 онд би монгол найз охинтой
болсон. Түүний ах нь миний найз морин хуур урлаач Баярсайханы найз байсан юм. Германд
морин хуур заах багш байхгүй учраас би 2012 онд Улаанбаатарт ирж Соёл урлагийн их
сургуульд орж, энд нэг жил амьдарсан. Соёлын сургуульд сурснаар миний морин хуур
тоглох техник сайжирсан. Энд би бизнес аялал хийхийн хажуугаар багшаар хуур заалгаж
байлаа. Мөн бичлэг сонсч, ноотыг нь ч сурсан.

-Хэдэн
жил морин хуур тоглож байна вэ?

-Таван жил.

-Морин
хуурт зориулсан зохиолуудтай та хэр зэрэг танилцав. Ямар аялгуу, ямар зохиолоос
тоглож байгаа вэ?

-Миний хамгийн дуртай аялгуу бол татлага. Монголын уламжлалт зургаа
долоон татлага сурсан. Жонон хар, Уйлган шарын явдал, икэлийн эгшгүүд гэхчлэн. Морин
хуураар тоглоход хэцүү икэлийн татлага, икэлд зориулсан эгшгүүдийг икэлээр нь тоглож
сурсан. Би нэг икэл авсан. Түүгээрээ икэлд зориулсан баруун монгол аялгуу тоглож
сурлаа. Гурван сарын турш Улаангом хотод байж баруун монгол татлага, биелгээг судалж,
тоглож сурлаа.

-Европын
зохиолоос морин хуураар тоглож үзэв үү?

-Р.Шуман, С.Бахын зарим нэг зохиолоос тоглодог.  

-Танай
орон сонгодог хөгжмийн их эртний гүн гүнзгий уламжлалтай. Гэтэл та монгол хөгжмийн
тоглолтын язгуур техникийг нь, хөгжмийн соёлын эртний уламжлалыг нь сонирхдог юм
байна. Улаангомд хэсэг хугацаанд амьдрахад монгол ахуй танд ямар сэтгэгдэл үлдээсэн
бэ?

-Улаангомд байхдаа олон янзын хийцтэй нүүдэлчдийн гэр үзсэн. Хамгийн
сонирхолтой нь тэнд зургаа долоон настай хүүхдүүд бүгд биелгээ мэдэж байна. Бий
биелгээний аялгуу надад маш их таалагдсан ч сурахад амаргүй байсан. Гэхдээ сурсан.
Одоо миний хүсч байгаа зүйл бол монгол хөгжмийн хамтлагтай тоглох. Германд амьдардаг
монголчууд жил бүрийн зун наадам хийдэг юм. Тэр үеэр би ганц хоёр удаа тоглож байсан.
Цаашид бас наадмаар тоглох хүсэлтэй байгаа.

-Манай
үндэсний хөгжмийн орчин үеийн хамтлагуудыг мэдэх үү?

-Манай улсад монгол хамтлагууд байдаг. Миний мэдэж байгаагаар, “Транс
Монголиа”, “Хөх Монгол” гэдэг хамтлагууд байна.

-Энэ
удаагийн олон улсын наадмын гала тоглолтод та Гал Шарын домог гэдэг магтаал тоглож
үзэгч сонсогчдоос хамгийн их алга ташилт хүлээж авлаа. Өмнөх өдрүүдэд нь ямар зохиол
тоглов?

-Чөлөөт тоглолт, трио тоглосон. Бас нэг магтаал тоглосон. Дагийранз
гуайн бүтээсэн Галшарын магтаалыг би бичлэгээс нь сонсч сурсан юм. Галшар сум Хэнтий
аймагт байдаг. Би тэнд маш их хөл хөөртэйгөөр хүргэн орсон. Тийм учраас тэндэхийн
магтаалыг нь сонирхож цээжилсэн юм. Маш сонирхолтой магтаал. Морин хуур тоглоод
магтаал хэлэх хэцүү. Гэвч би авьяасаараа сурсан. Морин хуурын сонгодог концерт цээжилж
чадахгүй ч уламжлалт соёлын монгол хэлний 200 үг цээжилж чадсан шүү.

-Морин
хуурыг чухам ямар онцлогоор нь та сэтгэлдээ илүү ойр хүлээж авав?

-Аялгуу эгшиг нь яг хайр шиг. Миний морин хуурт хайртай болсон шалтгаан
энэ л дээ. Өөр үгээр илэрхийлж чадахгүй нь ээ.

-Энэ
наадмын өдрүүдэд Морин хуурын чуулгатай хамт тоглож үзэв үү. Танд ямар санагдав?

-Гаднаас ирсэн бүх сонирхогчид Морин хуурын чуулгатай хамт нэг тайзан
дээр тоглосон. Оркестрт суудаг хөгжимчид дотор ид шидтэй морин хуурчид байна. Маш
гоё юм. Үүнээс илүү гоё сайхан зүйл байхгүй.

-Ойр
дотныхоо хүмүүст та морин хуур зааж өгье гэж бодож байгаа юу?

-Германд ганц хоёр хүнд зааж өгч магадгүй. Миний ажил, бизнес аялал
зэргээс шалтгаалаад бусдад заахад хүндрэлтэй байдаг. Өнгөрсөн хугацаанд хоёр хүнд
морин хуур бага зэрэг зааж өгсөн. Тэд үргэлжлүүлж заалгахыг хүссэн ч би дандаа завгүй
байлаа.

-Хаана
ч явсан та морин хуураа авч явдаг уу?

-Үргэлж авч явдаг. 

-Аав
ээж тань таны морин хуур тоглохыг сонсч байв уу?

-Зул сарын баяраар аав ээждээ Зул сарын аялгуу тоглож үзүүлсэн. Маш
их таалагдсан. Одоо тэд маань далан настай. Миний концертыг үзмээр байна гээд л
байгаа. Өндөр настай болсон учраас Монгол руу аялж чадахгүй шүү дээ.

-Та
морин хуурыг үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан гэлээ. Бас таван жил тоглож, монгол
хөгжмийн соёлоос судалж байгаа гэсэн. Энэ хугацаанд манай хөгжмийн соёлын талаар
ямар бодолтой болсон бэ?

-Монгол туульс үнэхээр гайхамшигтай. Үүнээс гадна миний дуртай олон
аялгуу байгаа. Жишээ нь, уртын дуу, татлага, биелгээ, ардын богино дуунууд, бас
орчин үеэс Н.Жанцанноровын бүтээл байна. Манайхан бол зөвхөн поп рок, сонгодог ари
мэднэ. Манай германчууд монголчууд шиг хөгжимтэй их ойр холбоотой хүмүүс биш. Хөгжимд
жаахан дуртай, энэ нь монголчуудынх шиг гүн гүнзгий биш.

-Та
бусад үндэстнүүдийн хөгжмөөс сонирхдог уу?

-Киргизээс комуз хөгжим авсан. Энэ хөгжим бас хоёр утастай. Хятад
улсаас пийпаа авсан. Бас шанз тоглодог. Шанзаар би зөвхөн монгол аялгуу тоглож байна.

-Энд
хөгжмийн сонирхлоороо аялахдаа Герман дахь ажил албаа хэрхэн зохицуулдаг вэ?

-Германд би өндөр цалинтай, бас чөлөөт цаг байгаа учраас хөгжимд
хүссэн цагаа зарцуулж байна. IT инженерийн ажил маань хөгжим сонирхоход саад болдоггүй.
Ажлын газар гэрт ойрхон. Долоо хоногийн таван өдөр нь өдөрт найман цаг ажилладаг
болохоор чөлөөт цаг ихтэй.

-Манай
улсад та хэдэн удаа ирэв?

-Арван удаа Монголд ирсэн.

 Н.ПАГМА       

Categories
мэдээ цаг-үе

Нэг лифт тутамд тендер зарлаж сүржигнэх нь хэнд ашигтай вэ?

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас  саяхан “Нийтийн
зориулалттай орон сууцны барилгын
цахилгаан шатны шинэчлэлт”-ийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах
тендер зарлажээ.  20 лифт тус бүрт тендер зарлаж буй аж. Энэ тендерт
дөрвөн компани оролцох саналаа хүргүүлээд буй 
аж. Нэг лифтийн эрх авахын тулд дээрх дөрвөн компани  тендер тус бүрт 80
гаруй материал бүрдүүлэх болж
байгаа юм. Өмнө нь 10-15 лифтийг багцлаад 
нэг тендер зарладаг байсан бол энэ удаа тус бүрт нь тендерт оролцохын
тулд
бичиг цаасны их ажил өрнөх болжээ. Энэ нь оролцогч компаниудын бухимдлыг
төрүүлээд
байгаа аж.

Нөгөөтэйгүүр  нэг лифт тутамд тендер зарлаж буй нь аж ахуйн
нэгжүүдийг чирэгдүүлсэн, өнөө төрийн албаны хүнд суртал арилаагүй байна гэсэн шүүмжлэлийг
араасаа дагуулж буй гэнэ.  Нийслэлийн худалдан
авах ажиллагааны газраас зарласан энэ тендер нь 
нэг талаараа олон аж ахуй нэгжийг тендерт  оролцуулах бодлого баримталж буй ч үнэн чанартаа
тендерийг аль эрт нэг аж ахуй нэгжийг оролцуулахын тулд эртнээс бэлдсэн, төлөвлөсөн
арга байж болохыг  зарим эх сурвалж хардаж
буйгаа нуусангүй. Учир нь   өнгөрсөн жил энэ
тендерт орж лифт тавих  эрх авсан атлаа  ажлаа гүйцэтгээгүй компаниуд бас бий гэнэ. Ийм
аж ахуйн нэгжүүдийг Сангийн яамны бүртгэлд оруулдаг аж. Бүртгэлд орсон бол тухайн
аж ахуйн нэгж “хар дансанд” орлоо гэсэн үг. Өнгөрсөн жил харин Сангийн яам яагаад
ч юм ийм бүртгэлээ хийгээгүй алгассан байна.

Энэ бүртгэлд орсон бол тухайн цаг хугацаандаа
ажлаа гүйцэтгээгүй компаниуд дахин тендерт орох боломжгүй болдог аж. Анхаарал татсан
бас нэг зүйл нь энэ жилийн тендерийг  төсвийг
нь өсгөсөнд байна гэж үзэх мэргэжлийн хүмүүс ч байна. Энэ он гарсаар Барилга, хот
байгуулалтын яам гэхэд 120 лифтэд нэг тендер зарлан сонгон шалгаруулжээ. Гэтэл  төрийн дунд албанд  болохоор 
нэг лифт тус бүрт тендер зарласныг 
ойлгох хүн байхгүй байгаа юм.

Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт
жилд 100-аас доошгүй, нийт 400 гаруй цахилгаан шат шинэчлэхээр зааж, санхүүжилтийг
нь төсөвт тусгаж өгчээ. Тиймээс 2015 он гэхэд 490 орчим цахилгаан шат солихоор төлөвлөж
байна. Эхний ээлжинд ашиглалтын хугацаа дууссан 265 цахилгаан шатыг яаралтай солих
шаардлагатай байгаа тухай мэргэжлийн хүмүүс хэлж буй юм. Стандартын шаардлага хангасан,
хамгийн хямд цахилгаан шат 20 мянган ам.долларын үнэтэй гэж тооцон 1,5 тэрбум төгрөгийн
санхүүжилтийг нийслэлийн төсвөөс авахаар болсон. Улаанбаатар хотын хэмжээнд одоогийн
байдлаар 3000 орчим лифт үйл ажиллагаа явуулдаг гэсэн судалгаа бий. Тэгвэл лифтүүдийн
дийлэнх нь ОХУ-д үйлдвэрлэсэн, ашиглах хугацаа нь дууссан байдаг гэдгийг Нийслэлийн
өмчит Улаанбаатар лифтийн үндэсний газраас мэдэгдэж байсан удаатай. Гэтэл энэ ажлын
хүрээнд хийж буй тендерүүд захаасаа аван иймэрхүү байдлаар хуудуутай явж байна гэж
үзэх хүмүүс гарах болж буй юм.

Уг нь Нийслэлийн өмчит “Улаанбаатар лифт” ХХК
ШӨХТГ-тай хамтран нийслэлийн хэмжээнд орон сууцуудын цахилгаан шатуудад шалгалт
явуулж, үйлдвэрлэсэн он, ашиглах хугацаа, хэдэн хүн даах чадвартай, хэдий хүртэл
ашиглах боломжтой болон бусад мэдээллүүдийг байршуулах үүргийг өгч байсан. Ингэснээр
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулинд байх “Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас
баталсан стандарт, техникийн нөхцөл, барилгын болон эрүүл ахуй, ариун цэврийн норм,
жор, түүнчлэн хууль тогтоомж, гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ, аюулгүйн
шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил үйлчилгээгээр хангуулах эрхтэй” гэсэн заалтын
дагуу иргэд эрхээ хангуулах эрхтэй болсон. Гэтэл тендерт оролцчихоод  авсан ажлаа гүйцэтгэдэггүй, тавьсан лифт нь асуудал
дагуулдаг аж ахуйн нэгжүүдэд тодорхой шалгуур тавих шаардлагатай байгааг мэргэжлийн
хяналтын байгууллагаас удаа дараа сануулж буй юм. Он гарсаар шинэ тавьсан лифт хурдаа
алдах төмөр бэхэлгээ нь саарах гэх мэтээр олон удаа зөрчил гаргаж байжээ. Үүнээс
болж хүний амь эрсдээгүй ч лифтийн асуудалд анхаарлаа хандуулахгүй бол магадгүй
барилгын салбараас болж амиа алдагсдын тоог нэмэх хандлагатай байгааг хэлэх хүн
ч байна.

Г.ЯЛГУУН

Categories
мэдээ цаг-үе

Р.Амаржаргал: Хөрөнгө оруулагчид, ажил хэргийн мэдлэгтэй сайд нарыг хүсч байна

УИХ-ын гишүүн Р.Амаржаргалтай ярилцлаа.

-Та сүүлийн үеийн нөхцөл байдалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсэнгүй. Ер нь өнөөгийн эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлыг юу гэж дүгнэж байна вэ?
-Томилолтоор ажиллаад ирсэн учраас улс төр яасан гэх мэтээр асуудлын гүн гүнзгий томъёоллыг сайн мэдэхгүй байна. Харин эдийн засгийн хувьд гэвэл Үндэсний баялгийн сангийн институт гэж бий. Энэ байгууллагын Азийн чуулга уулзалт Хонгконгт болсонд урилгаар оролцоод ирлээ. Баялгийн сангийн захирал, удирдах ажилтнуудаас бүрдсэн 100 гаруй хүн оролцсон. Тэднийг ажиглахад нэг триллион гаруй ам.доллартай тэнцэхүйц хэмжээний активыг төлөөлсөн хүмүүс байна. Харин манай улсын нийт бүтээгдэхүүн 10 миллиард ам.доллартай тэнцдэг. “Энд их том зөрүү байгаа ч бид ДНБ-ээ нэмэгдүүлэх бололцоо байгаа. Уул уурхайн салбартаа тулгуурлаад хөрөнгө оруулалтыг их сонирхож байна. Дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх, эко аялал жуулчлал, эрүүл мэндтэй холбоотой гэх мэтчилэн олон салбарт хөрөнгө оруулалтыг татаж үр бүтээлтэй ажиллаж чадах юм бол 3-4 жил тутамд ДНБ-ээ нэг дахин өсгөөд байх боломжтой. Энэ хандлагаа 20-25 жил хадгалах боломж бас бий” гэсэн санааг хэллээ.  Миний тэнд хэлсэн дараагийн санаа Монголын хөрөнгө оруулалтын орчны хөгжлийн тухай асуудал байлаа. Монголчууд 1990, 2000, 2010 он гээд хөрөнгө оруулалтын орчны ерөнхий динамикийг ярьж өгсөн. “Бид наашаа харсан бүхнийг хөрөнгө оруулаач гэдэг байсан бол одоо сонирхол, цар хүрээ өргөжиж сонголт хийх боломж нэмэгдсэн гэдгийг дуулгасан. Гуравдугаарт нь “Хөрөнгө оруулалтын орчин, том том төслүүдийг хэрэгжүүлэхтэй холбоотой олон улсын эрх ашгийг тэнцвэржүүлэх асуудал Монголын хувьд томоохон сорилт болж байна. Үүнтэй өмнө нь учирч байгаагүй ч бид шантрахгүй байгаа. Шийдэх арга зам нь бүс нутгийн хамтын ажиллагаа, үүний механизмуудыг бүрэн гүйцэд ашиглах, үйл ажиллагаанд идэвхтэй оролцох” гэж харж байгаагаа хэлсэн. Ерөөсөө Монголын эдийн засгийг зөв залбал ийм байгаа. 
-Чуулга уулзалтад оролцсон баялгийн сангийн захирлууд өнөөгийн эдийн засгийн тухай юу гэж байх юм, тэд. Хэр сонирхож байна вэ?
-Монголын талаар ихээхэн сонирхож байна. Би 70 орчим нэрийн хуудас аваад явсан. Гэтэл хуралдааны эхний өдрийн үдээс өмнө хүмүүс надтай ирж уулзаад нэрийн хуудсаа солилцоод дууссан нь үүнийг илтгэж байлаа. Ямар ч гэсэн сонирхол бас орчин нь байгаа юм байна. Хамтарч ажиллах боломж нь хэр байгаа вэ гэдэг нь хамгийн их анхаарал татсан асуудал болсон. Тэнд нарийн мэргэжлийн хүмүүс оролцож байсан учраас бидэн шиг хуурай, ерөнхий зүйл ярихгүй байна. Ази гэдэг бүс нутгийн хаана хөрөнгө оруулалт хийвэл ашигтай, хаана өндөр өгөөж байна, яагаад энд хөрөнгө оруулалт хийх ёстой юм гэдгээс эхлээд хөрөнгө оруулалт хийвэл ямар нөлөөлөл байна гэдгийг тодорхой ярьцгааж байна. Мөнгөтэй хүмүүс хөрөнгө оруулалт хийхдээ шаардлага гээд хэлчихэж болох зүйлийг ярьдаг юм байна. Тухайлбал, санхүүгийн тогтвортой байдал. Улсын төсвийн алдагдал нь тодорхой хэмжээнд, валютын хэлбэлзэл бараг хөдөлгөөнгүй, өрийн хязгаарыг зайлшгүй өгөгдчихсөн байх ёстой зүйл гэж ойлгодог. Гэтэл энэ бүхэн Монголд тогтворгүй болчихоод байгаа. Хөрөнгө оруулагчдын хувьд зайлшгүй байх нөхцөл, хангалттай нөхцөл гэж байна. Бид зайлшгүй байх нөхцөлөө бүрдүүлж өгөх нь бүү хэл мэдэхгүй байна.  
-Засгийн газраас Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрийг оруулж ирсэн. Энэ хөтөлбөр батлагдсанаар эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт хэр дэм болох бол?
-Өнгөрсөн оны наймдугаар сард төсөвт тодотгол хийсэн дээ. Энэ үеэр УИХ-аас Засгийн газарт чиглэл өгөх санаа гарсан юм. Үүнийг хэлэлцсээр УИХ-ын гишүүд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлээр анхны төслөө боловсруулж Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн. Хуулийн дагуу Засгийн газар энэ оны нэгдүгээр сарын 15-ны дотор эргүүлэн өгөх ёстой байлаа. Гэтэл манай Засгийн газар асуудалд ханддагаараа хандаж удаасаар өнөөдрийг хүргэсэн. Өнөөдөр буюу эцэст нь аянга ниргэхээр залбирдгийн үлгэрээр асуудал хурцдахаар тогтоолын төсөл болгон оруулж ирж байна. Миний харж байгаагаар энэ тогтоолын төсөл Монголын эдийн засагт гай болохгүй. Гэхдээ батлагдчихвал бүх зүйл эрчимжих үү гэвэл бас үгүй. Яагаад гэвэл Засгийн газрын өнөөгийн нөхцөл байдал нь ийм дүгнэлт хийхэд хүргэж байгаа.
-Тогтоолын төсөлд хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх тодорхой заалтууд байна уу. Оюу толгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт анхаарлын төвд байх шиг?
-Оюу толгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалттай холбоотой заалтаар нь завсарлага авлаа. Ер нь Монгол Улс олон төрлийн баримт бичиг гаргасан, гаргасаар байна. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого гэх мэт. Их хугацаа шаардаж байж боловсруулаад сайн гэж томъёолоод баталсан. Уул уурхайн хууль, ашигт малтмалын хууль гээд элдэв төрлийн баримт бичгүүд бас байна. Энэ баримт бичгүүд маань жинхэнэ төрийн бодлого болж чаддаггүй юм байна гэдгийн илрэл өнөөдөр бий болчихож. Асуудлуудыг харахад учир дутагдалтай, чанаргүй, хоёр сарын нойр даахгүй баримт бичгүүд юм уу, эсвэл УИХ нь ийм хэмжээний юм уу гэж уншигдахаар байгаа юм. Хэрвээ төр засгийнх нь салбар дахь бодлого нь тодорхой байсан бол Засгийн газар, яам, тамгын газар нь бүрэн гүйцэд хэрэгжүүлдэг байсан бол өнөөдөр ийм зүйл яригдахгүй. Нарийн яривал Оюу толгойн асуудлыг шийдэхэд яам оролцох шаардлагагүй. Магадгүй нэг газар агентлаг шийдээд л явчих боломжтой юм. Энэ нь засаг дэндүү сул байгааг илтгэж байна. Ийм сул Засгийн газар Монгол Улсыг цааш нь авч явж чадахгүй. Засгийн газрын ажил, ам хоёрын хооронд том зөрүү гарсан л даа. Амаараа нэг зүйлийг яриад байдаг ажил хийхээрээ хөрөнгө оруулалтын орчинг доройтуулсан, эргэлзээ төрүүлсэн, эргэж буцахад хүргэсэн олон үйлдлийг хийсэн. Тухайн үед хүмүүс хэлж, анхааруулж байсан ч арга хэмжээ огт аваагүй. Би 2013 оны гуравдугаар сард байр сууриа илэрхийлж анхааруулга өгсөн. Дөрөв, тавдугаар сард эдийн засгийн хүндрэл бий болох гээд байна. Удирдаж байгаа хүмүүст нь асуудал байна гэдгийг бас л илэрхийлсэн. Хэн ч, ямар ч хариу өгөөгүй. Явсаар байгаад арваннэгдүгээр сард гишүүнээсээ татгалзъя гэж байгаад дахин асуудлыг хөндсөн. Ингэхдээ “Эдийн засаг хүндэрлээ. Эдийн засаг хүндрэхэд гол нөлөө үзүүлж байгаа хүмүүс нь хариуцлага хүлээх ёстой” гэсэн ч харамсалтай нь миний үгийг аваагүй юм. 
-Тэгэхээр Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг хөндөх ёстой гэсэн үг үү?
-Дорж, Дондог, Дулмаа гэсэн субъектдээ асуудал байгаа юм биш. Тогтолцооны хувьд яаж явах юм. Тулгамдсан асуудал чинь юу юм гэх мэтийн зүйл бол удирдлагын ухааны цагаан толгой юм. Өнөөдөр зорилго байна. Тэр зорилгыг хангаж чадах бүтцийг бий болго. Бүтцийг амилуулаад аваад явж чаддаг боловсон хүчнийг шилж сонгоод тавь. Ердөө л энэ. Эдийн засаг микро түвшиндээ ч тэр макро түвшиндээ ч тэр маш хүнд байдалд орчихоод байна. Энэ асуудлыг шийдэх гарц нь тогтоолын төсөл биш. Асуудлыг шийдэхийн тулд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд нэлээд өөрчлөлт оруулах ёстой. Нэгдүгээрт яамдын тоог цөөрүүлж, илүү албан тушаалыг танах хэрэгтэй. Дээрээс нь нэр нүүрээ барчихсан хүмүүсийг байлгах шаардлагагүй. 
-УИХ-аар хагас жилийн турш хэлэлцсэн УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байхыг хориглох хууль батлагдсангүй. Таны хувьд 2014 онд хэрэгжихийг дэмжиж эцсийн санал хураалтад оролцсон. Яагаад заавал Засгийн газрыг огцруулах, өөрчлөх санаа агуулаад байгаа юм?
-Засгийн газрыг огцруулах асуудал байсангүй. Гүйцэтгэх засаглалын тогтолцоог арай өөрөөр харах шаардлагатай юм уу гэдэг үүднээс гаргаж тавьсан асуудал байх. Гүйцэтгэх засаглал үр ашигтай ажиллах ёстой. Ингэхийн тулд зохион байгуулалтын ийм шийдэл нь зөв байна гэж Ерөнхийлөгч оруулж ирээд хэлэлцүүлсэн. Хэлэлцүүлгийн үед улс төрийн өнгө аяс нь давамгайлаад асуудлынхаа агуулга, мөн чанар руу нэг их өнгийсөнгүй. Эцсийн дүнд Засгийн газрыг огцруулах гээд байна гэсэн санааг дэвшүүлж үүнийгээ тойрч шуугисаар байгаад өнгөрлөө. Энэ бол бидний нүүр царай. УИХ-ын байдал, УИХ-ыг бүрдүүлж байгаа намуудынх нь хариуцлагын чанар ердөө энэ. Тангараг өргөсөн УИХ-ын гишүүд нь өөрсдийнхөө эрх үүргийг хэрхэн ухамсарлаж байгаагийн илрэл. Миний хувьд нааштай санал өгсөн. Ийм санал өгөх шалтгаан байсан. Тодруулбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард байр сууриа илэрхийлчихсэн байсан юм. Би өдөр болгон байр сууриа солиод байдаг хүн биш. 
-Улс төрийн тогтвортой байдал эдийн засагт эерэгээр нөлөөлдөг юм биш үү?
 -Улс төрийн тогтвортой байдал гэж юу юм гэдгийг бид ойлгох ёстой. Алдаа дутагдал гаргаад түүнийгээ нууж хаагаад байгааг тогтвортой байдал гэдэг үгээр халхлаад яваад байх уу. Эсвэл алдаа дутагдлаа ил гаргаж үүнийгээ засч эзэн холбогдогчид нь хариуцлага хүлээлгэх үү. Зарим нэг хүмүүс хөрөнгө оруулагчид тогтвортой байдал хүсч байна гээд байгаа юм. Тэр үнэн. Гэхдээ хөрөнгө оруулагчид ажил хэргийн мэдлэгтэй сайд нарыг хүсч байна. Ажлаа мэддэг, хийж чаддаг, хөрөнгө оруулагчидтайгаа харилцан ашигтай хамтарч чаддаг хүмүүсийг хүсч байна. Ер нь намын эв нэгдэл, намын эрх ашиг гэсэн гоё гоё нэр томъёонуудаар муу муухай бүхнийг хааж, булхайгаа нууж далдалж байгаа бол энэ улсад нэг их тус хүргэхгүй.

Л.МӨНХТӨР


Categories
мэдээ цаг-үе

Согтуу залуус “Counter strike” тоглоомд гардаг шиг л буудалцжээ

Энэ сарын 27-нд өдрийн 16 цагийн үед Төв аймгийн Жаргалант суманд хүн амины хэрэг гарсан билээ. Жаргалант сумын иргэд “Сэлэнгэд айлын мал маллаж байсан нэг залуу эзнийхээ машин, бууг хулгайлаад зугтаж явсан юм биш үү. Тэгээд Загдалд ирээд бас нэг малчин залуутай архи ууж байгаад биенээ хутгалж, буудалцсан юм дуулдсан. Сэлэнгээс зугтаж явсан тэр залуу хэрэгт холбогдоод шалгагдаж байхдаа оргоод манай суманд ирсэн гэж сонссон” хэмээцгээж байлаа. Сумын төвд дэлгүүр, хоршоо, банкаар үйлчлүүлж байсан хүмүүс “Өчигдөр манай суманд хүн амины хэрэг гарсан гэнэ. Сэлэнгэд айлын мал малладаг байсан залуу энд ирээд айлын туслах малчныг долоо хутгалаад алчихаж”, “Цагдаа нар хүн алсан залууг баривчлахаар очиход өөдөөс нь буудсан гэсэн”, “Хутгалуулсан залуу эмнэлэгт ирээд сэхэл авахгүй байсаар нас барсан юм биш үү”, “Сэлэнгээс ирсэн залуу нь нас барсан юм уу, нөгөөх нь амиа алдсан юм уу, бүү мэд. Ямар ч л байсан хүн нас барсан гэнэ лээ” хэмээн ойр зуураа ярьцгаах аж. Жаргалантынхан эл хэргийн талаар 28-ны өглөө л сонсчээ. 

Сумын цагдаагийн хэсэгт очиход хаалгыг нь том хар цоожоор цоожилчихож. Үүд хавиар нь хөлхөх хүмүүс “Цагдаа нар Загдал руу явсан байх. Тэнд хэрэг гарсан гэсэн” хэмээв. Тэндээс Загдал баг руу хөдөллөө. Хэрэг Загдал багаас баруун хойш нэлээд зайтай байх Бүрэгтий гэх газарт болсон юм байна. Хэрэг гардаг өдөр буюу 27-ны өглөө найман цаг өнгөрч байхад хөх өнгийн портертой нэгэн залуу Загдал багийн урдуур хойгуур өнгөрч, баахан холхисон талаар нутгийнхан ярьж байлаа. Тухайн үед тэндхийнхэн нэг их анзаарахгүй “Ямар айлын хүргэн юм бол. Хэнийд ирсэн юм бол” хэмээцгээгээд өнгөрч. Тэгтэл өнөөх залуу баг дундуур машинтайгаа давхиж, нутгийн залуусыг өдөж, хор­гоож өөрийгөө шийдсэн нөхөр, юунаас ч айдаггүй, хэнийг ч болов цохиод унагачихдаг шилийн сайн эр мэтээр ярьж байжээ.  

Түүнийг харсан хүмүүс намхан нуруутай, бор ца­райтай, саравчтай малгайтай явсныг хэлж “Халаасандаа гараа хийчихсэн, их л таа­халзсан алхаатай залуу байсан. Архи үнэртүүлчихсэн. Гэхдээ яадгаа алдталаа уугаагүй харагдсан” хэмээлээ. 

Тэр залуу мотоцикльтой малчидтай уулзан “Сэлэнгэ явах гэсэн юм. Таван литр түлшээр дугуй солихгүй биз. Арын давхар дугуйнуудаараа солино шүү” хэмээн явсан гэнэ. Тэгтэл өдөр 14.00 цагийн алдад тэрээр багийн хойд хөндийд машин дээрээ мотоцикль ачиж байж. Хажууд нь бордуу хүрэмтэй, гэзэгтэй залуу зогсч харагдсан гэнэ. Түүнээс хойш хөх портертой залуу дахиж харагдаагүй гэлээ. 

 
Харин Бүрэгтийнхэн болсон хэрэг явдлын талаар ийн ярилаа. 

Сэлэнгэд айлын мал малладаг А.Амартүвшин гэх залуу эзнийхээ ачааны машин, “ТОЗ-8” маркийн калибр бууг хулгайлаад зугтжээ. Тэрээр хулгайн хэргээр өмнө нь хэд хэдэн удаа ял эдэлж байсан бөгөөд ийм хэргээр эрэн сурвалжлагдаж байсан нэгэн юм байна. Түүнийг Чингэлтэй дүүрэгт айлын зуслангийн байшинг ухсан гэх хэрэгт сэжиглэн шалгаж байсан ч оргож Сэлэнгэд очсон аж. Тэнд нутгийнхны итгэлийг олж аваад машин, бууг нь хулгайлсан юм байна. 

А.Амартүвшин нэгэн залуутай хамт явж байжээ. Тэд хулгайн машинаараа Сүмбэрт очоод Бор гэх залуутай тааралдсан гэнэ. Бор бол Жаргалантын уяач Батаагийн адуучин бөгөөд Бүрэгтийд эхнэр, хүүхдүүдийнхээ хамт амьдардаг нэгэн байсан тухай Загдал багийнхан ярилаа.

А.Амартүвшинтэй цуг явсан залуу Борын танил байсан учир залуус шар айраг ууцгааж, нэлээд наргижээ. Бор тэр өдөр Улаанбаатар хотоос харьж явсан бөгөөд залуус түүнийг гэрт нь хүргэж өгөх далимаар архи нэмж уухаар Бүрэгтийд очсон юм байна. Залуус нэлээд согтоцгоож, А.Амартүвшин дагуулж явсан залуутайгаа муудалцаж, түүн рүү хутга барин дайрч гар руу нь гурван удаа хутгалжээ. Танилаа цусанд хутгалдаад хэвтэж байхыг харсан Бор А.Амартүвшинтэй гар зө­рүүлж ноцолдсон байна. А.Амартүвшин машинаа асаагаад зугтжээ. Тэгтэл Бор том буу гаргаж ирээд мотоцикльтойгоо араасаа нь нэхсэн гэнэ. Өнөөх буугаараа  хэдэнтээ буудаж орхитол машин гэнэт зогсчихож. Энэ дүр зургийг харвал хэнд ч айдас хүрэхээр байсныг үйл явдлыг харсан гэрч ярьжээ. Бор А.Амартүвшингийн аминд хүрчихлээ хэмээн айж, цочролд ороод мотоциклио унаад алга болсон гэнэ. Харин айж балмагдсан А.Амартүвшин машиныхаа суудлын ард байсан калибраа аваад уул руу гүйжээ. 

Гартаа хутгалуулсан залуу цус алдаж нас барсан бол Бор одоо болтол олдоогүй байгаа гэнэ. Өчигдөр Жаргалантын хэсгийн төлөөлөгчөөс түүний талаар асуухад “Олдсон эсэхийг нь мэдээгүй байна. Зүүнхараагийн мөрдөн байцаагчаас энэ талаар мэдээлэл ирүүлээгүй байна” гэсэн хариулт өгсөн юм. 

Борын барьж явсан буу нь уяач Батаагийнх байсан гэнэ. Портер машины радиаторыг задартал нь буудсанаас үзэхэд нэлээд хүчтэй галт зэвсэг байсан бололтой.

А.Амартүвшин буугаа барьж гүйсээр нэгэн малчныд орсон байна. Тэрээр “Би гэмт хэрэгтэн. Шоронд орж байсан. Дахиж шоронд орохоосоо айхгүй байна. Харин  Бороос айж байна. Тэр том буу бариад намайг хөөж байгаа” гэж ярьж байжээ. Түүний хоёр гар нь нэлдээ цусанд будагдсан байсан гэнэ. А.Амартүвшин тэр айлаас гараад уул даваад зугтжээ. Энэ бүхнийг харсан гэрчүүд Загдал сумын Засаг дарга руу утсаар мэдээ дуулгаж, цагдаагийн тусламж дуудсан юм байна. 

Хэрэг хормын төдийд болоод өнгөрчээ. Малаа хариулж явсан малчид энэ хэргийг харсан байна. Буун дуу ажин түжин байсан хангай дэлхийг сэрээх мэт хэнгэрэг хагалам чанга дуугарсан гэнэ. Хэргийг харсан нэгэн залуу “Тэнд аймаар юм болж байна. Тусламж дуудахгүй бол болохгүй нь. Яг л “Counter strike” тоглоом дээр алан хядагч руу шагайж байгаад буудаад, буудалцдаг шиг буу барьцгаагаад гүйлдэж буудалцаад байна. Буудуу­лахаасаа өмнө эндээс холдъё” гэчихсэн сандарчихсан гүйж явсан гэнэ.

Тэндхийнхэн “Бор өөрийгөө хүний аминд хүрчихсэн гэж бодоод энд тэнд очоод амиа хорлочихсон биш байгаа даа. Эсвэл хаа нэгтээ бүгж байж болох юм” хэмээцгээж байлаа.

А.Амартүвшин цагдаа­гийнханд бууж өгсөн бөгөөд түүнийг хэрэг гардаг өдрийн орой нь барьж саатуулсан юм байна. 

Нутгийн зарим залуус “Байлдаан тулалдаантай кинон дээр гардаг шиг л юм Бүрэгтийд болсон гэсэн. Малаа хариулж, уулан дээр суусан хүмүүс харсан байна лээ. Буудалцаад, хөөцөлдөөд, машин тэрэг болоод айхавтар юм болсон. Хэрвээ зогсоох гэж очсон бол өөрсдөө буудуулах байсан биз. Ухаанаа алдталаа архидсан юм шиг байна. Эрүүл хүнээс тийм үйлдэл гарах уу” гэж ярьцгааж, “Бүх юм архинаас болж байгаа юм” хэмээж байлаа.

Бор уяач Батаагийнд хоёр жилийн өмнөөс адуучнаар ажиллах болсон бөгөөд ойр тойрныхон нь түүнийг “Ажилсаг, амьдралын төлөө явдаг сайн залуу. Түүнийг олоод хүний аминд хүрээгүй гэдгийг нь дуулгачихвал нэг ч гэсэн айл элэг бүлэн үлдэх юм даа. Хэдэн нялх хүүхдүүд нь өнчирвөл яана” хэмээн харамсч байлаа.  

Д.САРУУЛ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН


Categories
мэдээ цаг-үе

Дүүргүүдийн хэлтсийн дарга нар татвар төлөгчдийн мөнгөөр Европ руу аялна

-ТЭД ҮСЧИН, ГОО ЗАСАЛЧДЫН ТЭМЦЭЭН ҮЗЭХИЙН ТУЛД ТӨСВӨӨС 100 ГАРУЙ САЯ ТӨГРӨГ ГАРГУУЛЖЭЭ-

Дүүргүүдийн Худал­даа, үйлчилгээний хэлт­сийн дарга нар өнөөдөр Европын орнуудыг зо­ри­лоо. Аяллын багт Нийс­лэлийн Захирагчийн алба­ны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс бо­лон дүүргүүдийн Ху­дал­даа үйлчилгээний хэлт­сийн дарга нар багт­жээ. Тэд ийн аялах бол­сон шалтгаанаа Ев­ропын орнуудын худал­даа үйлчилгээний бай­­гууллагуудын турш­­­­ла­га судлах гэж тайлбарласан юм. Мөн Германы Франкфурт хотод тавдугаар сарын 3,4-нд болох Үсчин, гоо засалчдын дэлхийн аварга шалгаруулах тэм­цээнийг үзэх юм байна. Дараа нь Итали, Герман, Франц зэрэг улсуудаар арав хоног аялах аж. Аяллын зардлыг нэг хүний арав гаруй сая төгрөгөөр тооцож төсвөөс гаргаж байгаа юм байна. Эдийн засаг хямарсан үед хэлтсийн дарга нар 100 гаруй сая төгрөгөөр тэмцээн үзэж, зугаална гэхээр иргэд дургүйцэх нь гарцаагүй. Тийм ч учраас чухам ямар хөтөлбөртэйгээр, ямар зочид буудалд байрлаж, хаагуур явахаа сайтар нууцлахыг аяллын багийнханд сануулжээ. Тухайлбал, Налайх дүүр­гийн Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга А.Туяабаатар өөрийгөө ямар, ямар улсаар явахаа мэдэхгүй гэсэн юм. Багануур дүүр­гийн Тохижилт, үйл­чилгээний газраас тодруулахад ч “Мэдээлэл өгөх шаардлагагүй. Хэний мөнгөөр хаашаа явах нь та бүхэнд хамаагүй” гэдэг хариултыг өглөө. Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас явах хүн нь бэлтгэлээ хий­гээд завгүй байгаа аж. Сонгинохайрхан дүүргийн Худалдаа, үйлчилгээний газрынхан “Энэ бол бай­гууллагын дотоод асуудал. Хэдэн төгрөгөөр туршлага судлаад ирж болно шүү дээ. Улсад хохирол учруулахуйц их мөнгө биш” гэж тайл­барласан юм. 

Аялал жуулчлалын компаниуд Европын хоёр орноор долоо хоног аялуулахдаа гурван сая 680 мянган төгрөг авдаг. Үүн дээр онгоцны зардал нэмэгдээд долоо орчим сая төгрөгөөр Франц, Итали аялаад ирэх боломжтой. Тэгвэл Герман, Франц, Италиар аялах дарга нар төсвөөс 10 гаруй сая төгрөг аваад бусад зардлаа өөрсдөө хариуцахаар болжээ. 

Германы Франкфурт хотод болох Үсчин, гоо сайханчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголоос эмэгтэй тайралтын төрөлд гурав, боди арт төрөлд нэг, гоо сайхан, нүүр будалтын төрөлд хоёр гоо сайханч оролцох юм. Мөн Монголын үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбооны тэргүүн Ж.Довчинсүрэн эмэгтэй, тус холбооны гүйцэтгэх захирал Д.Одхүү эрэгтэй үсчдийн шүүгчээр оролцохоор өчигдөр явжээ.  Хэлтсийн дарга нар тэднийг дэмжихээс аяллаа эхэлж байгаа юм байна.

 Ц.ӨРНӨХ