Categories
мэдээ цаг-үе

Орж ирсэн автомашинд 72 цагийн дотор номер авахгүй бол торгууль төлж байна

-Номер зүүсэн машины үнэ 1-3 сая төгрөгөөр навс унадаг болохоор
ченжүүд төрийн энэ дарамтыг шүдээ зуун тэвчихээс өөр аргагүй байдаг гэв-  


“Импортоор орж ирсэн автомашиныг хоёр сарын дотор зараагүй
тохиолдолд холбогдох байгууллагаас татвар хурааж торгууль ногдуулж байна” гэж ченжүүд
үнэхээр гомдоллох боллоо. Эдийн засаг хүндхэн байгаа өнөө үед автомашины борлуулалт
эрс буурчээ. Нөхцөл байдал иймдээ тулчихаад байхад төр бизнес эрхлэгчдийг татвараар
далайлган сүрдүүлж дарамталж байна гэж ченжүүд бухимдаж байлаа.

Вокзалын баруун талын “1000 машины зогсоол” дээр өдрийн
12 цагийн үед очиход энд тэнд хэсэг гурваараа буу халан зогсох автомашины борлуулагч
нараас өөр хүн харагдсангүй. Энэхүү авто захыг Японд явж байсан автомашиныг оруулж
ирдэг гэдгээр нь сайн мэднэ. Он гарсаар худалдан авалт эрс багасчээ. Ченжүүдийн
ихэнх нь 10-15 машин зарахаар зогсч байгаа бөгөөд өдөртөө 1-2 машин зарчихдаг байсан
бол өдгөө хоёр гурав хонож байж нэг машин борлуулдаг болжээ. Өдөрт машин тус бүрийн
тоогоор зогсоолын төлбөрт 2000 мянган төгрөг төлнө. Гэхдээ ченжүүдийн нэрлэж заншсанаар
“Талх” буюу бензин болон цахилгаан хос хөдөлгүүрт “Приус” маркийн автомашины эрэлт
нэмэгдэж байгаа сурагтай. Оны өмнөхөн автомашин худалдан авагч гурван хүн тутмын
нэг нь “Приус” авдаг байсан бол өнөөдөр эрэлт нь хоёр дахин нэмэгджээ. Японоос оруулж
ирсэн автомашин нь зарагдахгүй хоёроос дээш сар болсон тохиолдолд торгууль төлж
байгаа эсэхийг ченжүүдээс тодрууллаа. Тэд “Автотээврийн тухай хуульд хилээр автомашин
оруулж ирсэн тохиолдолд 72 цагийн дотор улсын дугаараа авч, хууль ёсоор бүртгүүлэх
ёстой байдаг. Үнэндээ энэ журам ченжүүдэд үйлчилдэггүй гэхэд болно. Үйлчилдэггүй
гэдэг нь бид том толгойлж хууль дүрмээ дагах дургүйдээ биш. Энэ заалт нь ерөөсөө
л амьдрал дээр хэрэгжих боломжгүй. Авто тээврийн тухай хуулийг 1999 онд баталсан.
Тухайн үед өнөөдрийнх шиг ийм олон иргэд аж ахуй нэгж гадаадаас автомашин оруулж
ирж зардаггүй байв. Цөөн хэдэн аж ахуй нэгж тусгай захиалгаар автомашин оруулж ирээд,
эздэд нь хүлээлгэж өгдөг. Захиалсан автомашинаа Монголд ороод ирэнгүүт улсын дугаар
худалдан авч, өөрийн нэр дээрээ шилжүүлэхэд хамгийн ихдээ гурав хоног л хангалттай
байсан хэрэг. Өөрөөр хэлбэл, Автотээврийн тухай хуулийн дээрх заалт тухайн цаг үедээ
л тохирсон байснаас ирээдүйгээ байг гэхэд наад зах нь 10 жилийн цаадахыг тооцоогүй
гаргасан. Харин өнөөдөр автомашин импортлогч, худалдан борлуулагч хувь хүн, аж ахуй
нэгжүүд олширч, хуулийн энэхүү зүйл заалттай зөрчилдөх болсон. Яагаад гэвэл гаалиар
орж ирсэн автомашиныг зарж борлуулахын тулд дор хаяж долоо хонодог. Иргэдийн худалдан
авах чадвар эрс багассан одоо үед “Приус” л биш бол зарагдахгүй хэдэн сар ч болох
нь энгийн үзэгдэл болсон. Харин хуульд зааснаар бол бид гуравхан өдрийн дотор зарж
борлуулан, эзнийх нь нэр дээр улсын дугаарыг авч бүртгүүлэх ёстой. Бид чинь албан
ёсны дистрибьютерүүд биш, Япондоо явж байсан хуучин машиныг Монголдоо борлуулдаг
учраас зарим нь энд тэндээ сэв зураастай байх нь энгийн үзэгдэл. Ийм машинуудаа
зайлшгүй авто засварын газруудад өгч, янзлуулдаг болохоор нэгээс хоёр хононо. Машинаа
засварын газраас гаргах өдөр нь өнөөх 72 цаг нь дуусч байх жишээтэй. Цаг хугацааны
хувьд үнэхээр шахуу, давчуугаас гадна бас том бэрхшээл бий. Энэ гурав хоногийн хугацаанд
амралтын өдрийг хүртэл тооцдог гээд бод доо. Хэрэв бид оруулж ирсэн машинаа бүртгүүлээд,
улсын дугаар авчихлаа гэхэд үнэ нь зах зээлийн үнэлгээнээс дор хаяж 1-3 сая төгрөгөөр
шууд буурдаг. Энд тэндээ сэвгүй, мотор хроп нь асуудалгүй, өнгө будаг нь гандаагүй
байхад шүү дээ. Учир нь худалдан авагч нар улсын дугаартай л бол машины өнгө үзэмж,
үйлдвэрлэсэн он, сэлбэг хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг үл харгалзан Монголд явж
байсан юм байна, муудчихсан гэж ойлгодог. Бид наана нь “Японоос өчигдөрхөн оруулж
ирсэн. Монголд яваагүй. Хууль журмынхаа дагуу оруулж ирээд гурван хоногийн дотор
дугаар авах ёстой байдаг юм” гэвэл хэн ч итгэхгүй. Монголд явж байсан болон Японоос
шууд орж ирсэн машин хоорондын үнэ  асар зөрүүтэй
байдаг биз дээ. Тэгэхээр Японоос оруулж ирэхийн тулд маш өндөр тээвэрлэлтийн зардлыг
татварын хамт төлөөд, дээр нь ашгийн хэд гурван төгрөг нэмээд зарж байгаа. Иймд
бид улсын дугаар авч, машиныхаа үнийг 1-3 саяар буулгах шаардлагагүй биз дээ. Тийм
болохоор орж ирсэн даруйд нь 72 цагийн дотор бүртгүүлж, дугаараа авдаггүй нь ийм
учиртай. Хамгийн багадаа долоо хоногийн дотор автомашинаа зарлаа гэхэд шилжүүлгээ
хийж, улсын дугаараа авах болохоор 30 мянган төгрөгөөр торгуулдаг. Одоо ухаандаа
гурав хоногийн дотор худалдан авагчаа олж чадсангүй гэж шийтгүүлж байгаа нь энэ
юм уу даа” гэв. 

Тэд барууны өндөр хөгжилтэй орнуудын жишгээр ченжийн дугаартай
болгох хэрэгтэй гэж үзэж байна. Ченжийн дугаар гэдэг нь бусад энгийн дугаарыг бодвол
өндөр татвар төлдөг бөгөөд тухайн автомашин борлуулагч өөрийн нэр дээрээ гаргуулдаг
байна. Энэ дугаараа өөрийн борлуулж байгаа автомашинууддаа өдөрт хэдэн ч янзаар
сольж зүүж болох аж. Худалдан авагч нар сонирхсон машинаа авахаасаа өмнө унаж үзэхийг
хүсдэг гэнэ. Тэгвэл өнөөдрийн нөхцөлд энэ боломжгүй. Яагаад гэвэл “1000 автомашины
зогсоол” дээрх бүх машин улсын дугааргүй буюу 72 цагийн дотор бүртгүүлээгүй гэсэн
үг. Тийм учраас автозамын хөдөлгөөнд оролцох хориотой. Хэрэв зөрчвөл торгуулах буюу
журамлуулдаг. Энэ талаар ченжүүд “Зогсоол дотор ганц машин явахаар нарийн, давчуу
зайнд машинаа унахад хэр эвтэйхэн, дуу шуу орсон эсэхийг мэдэх боломжгүй. Хүн худалдаж
авъя. Унаж үзье гэвэл энэ хашаанаас гарахаас өөр аргагүй. “Дугааргүй машин гарч
ирлээ” гээд зогсоодог. Ингээд Улсын дугаараа авах хугацаа хэтэрсэн байна гээд журамладаг.
Бид зарах машинаа журамлуулахыг хүсэхгүй учраас 50 мянган төгрөгөөр цагдаад торгуулаад
л өнгөрдөг. Нөгөө талаас дугааргүй машин осол гаргаад хэргийн газраас зугтаасан
тохиолдолд хэд хэд гарч байсан. Хэрэв ченжийн дугаартай бол энэ байдал давтагдахгүй.
Японд бол автомашины улсын дугаар нь ногоон дэвсгэр дээр цагаан тоотой байдаг. Харин  ченж дугаар нь цагаан дэвсгэр дээр улаан эсвэл
хараар улсын дугаарыг серийн хамтаар буулгасан байдаг” гэсэн юм.

Авто тээврийн тухай хуульд “Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн
нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор,
ашиглалтаас хассанаас хойш нэг сарын дотор аймаг, нийслэл дэх автотээврийн асуудал
эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлнэ” хэмээн
тусгажээ. Үүнийг зөрчсөн албан тушаалтныг 30-60 мянга, иргэнийг 5-30 мянга, аж ахуйн
нэгж, байгууллагыг 100-250 мянган төгрөгөөр торгох заалттай юм байна. Өнөөдрийг
хүртэл энэхүү хуульд 10 гаруй удаа нэмэлт өөрчлөлт оруулж байсан хэдий ч орчин цагийн
шаардлагад нийцүүлэн тус хуулийг сууриар нь шинэчлэх шаардлага тулгасран тул шинэчилсэн
найруулгын төсөлд санал аваад эхэлжээ. Энэхүү шинээр батлагдах Авто тээврийн тухай
хуульд дээрх асуудлыг нааштайгаар тусгахаа холбогдох албанхан хэлсэн юм. Тэд “Хуулийн
энэхүү заалтыг иргэд буруугаар ойлгон импортын автомашиныг зарагдахгүй 2-3 сар болсон
тохиолдолд сар бүр торгож байгаа мэтээр ташаа ойлгожээ” гэв. Тээврийн хэрэгсэл өмчилж
авснаас хойш хуулинд заасан хугацааны дотор 
бүртгүүлээгүй бол хэтэрсэн хугацаанаасаа үл хамаарч дээрх торгуулийг нэг
л удаа өгч байгааг мөн дуулгав. Түүнчлэн Зам тээврийн 2012 оны тушаалаар улсын дугаар
олгох, бүртгэл хөтлөх журмыг баталжээ.

 М.Ууган-Эрдэнэ

Гэрэл  зургийг

Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Сансар огторгуй, одон орон хардаг сонирхогчийн дуран гурван сая төгрөг гэнэ

Санчир гариг жилд нэг удаа дэлхийтэй ойртон
ирдэг. Энэ үед нь ажиглавал илүү тод харагддаг юм байна. Санчир гариг нарыг тойрон
эргэсээр дэлхий, нар хоёртой нэг шугамд зэрэгцэж очиход тод харагддаг юм байна.
Бас зай нь ч ойртдог. Гэхдээ энгийн нүдээр харахад ямар ч ул мөргүй. Тусгай ажиг­лалтын
дурангаар гадаргуу дээрх деталиудыг харж болдог байна. Мэргэжлийнхэн мэдээж хэрэг
энэ өдрийг алдалгүй ажиглах зүйлээ харна. Харин энгийн иргэд, сансар огторгуйг сонирхогсод
Одон орон, гео­физикийн судалгааны төвийн харьяа Хүрэл тогоот дээр очиж дурандаж
болох ажээ. Тусгай хөтөлбөр гаргаад иргэдийг хүлээж авна гэсэн зүйлгүй ч гэлээ тэнгэр
цэлмэг байвал таван мянган төгрөг төлөөд сансар огторгуйг харах боломжтой. Бас од,
сар, нар харах боломжтой дурангийн дэлгүүрээс хэрэгтэй зүйлээ аваад гэрийнхээ тагтан
дээрээс ч ажиглаж болох юм байна.        

 Сансар огторгуй сонирхдог хүмүүст зориулан тусгай дуран болон бусад
хэрэгсэл оруулж ирдэг дэлгүүр бий. “Peace tower”-ын таван давхарт байдаг “Тунгалаг”
дэлгүүр сансар огторгуйн дуран зардаг Монголын анхны дэлгүүр гэдгээрээ онцлогтой.
Эднийд одон орны дуран төрөл бүрээрээ байв. Бас микро ертөнц бичил биетийг судлах
микроскоп, ан хөөх, уралдаан тэмцээн үзэхэд тохирсон мэргэжлийн дуран бий. Тус дэлгүүр
өнгөрсөн арванхоёрдугаар сард нээгджээ. Зүгээр л шинжлэх ухаан, танин мэдэхүй сонирхдог
хэсэг залуус нэгдээд дэлгүүртэй болж. Ингэхдээ одон орны дуран үйлдвэрлэлээрээ дэлхийд
тэргүүлдэг “Селестрон” компанийн төлөөлөгчийн газар болон үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
Эхний ээлжинд авчирсан бараа нь хэр гүйлгээтэй байхыг мэдэхгүй учраас цөөхөн хэдэн
дуран, дагалдах хэрэгсэл авчирч. Гэтэл өнөөх нь бүр хэдхэн хоногийн дотор зарагдаж
дууссан байна. Ингээд зарах бараагүй болсон учраас дэлгүүрээ хаасан гэнэ. Харин
саяхнаас дахиж бараа авчраад дэлгүүрээ буцаан ажиллуулж байгаа ажээ. Дэлгүүрт байх
хугацаанд худалдан авагч төдийлөн орж ирэхгүй юм. Зүгээр нэг гутал, хувцас биш болохоор
хүмүүс тэр бүр орж ирээд байхгүй. Яг л дуран авах санаатай хүмүүс зорин ирдэг юм
байна. Эднийд одоогоор одон орны бүрэн автомат ажиллагаатай хоёр төрлийн дуран байв.
Анхлан сонирхогчдод зориулсан энгийн ажиллагаатай одон орон харах зориулалттай дуран
хамгийн их эрэлттэй байдаг гэсэн. Ерөнхийдөө худалдаанд ирсэн даруйдаа дуусдаг гэж
байлаа. Иймэрхүү дуран худалдаж авсан хүмүүс байгаль орчин ч харж болох юм билээ.
Уржигдархан Богд уулын соёмботой толгой шатсан. Яг шатаж байхад нь тус дэлгүүрийн
худалдагч өнөөх дурангаараа ажиглахад галын цог хүртэл нарийн харагджээ. Тэгэхээр
нь сонирхоод хавь ойрыг жаал дурандав. Богд уулын энгэрийн хэдэн модыг дэргэд нь
очсон мэт тод харж байна. Уулын орой дээр босгосон овоо, тэр хавиар хийсэж буй хог
гээд л. Нарийн яривал айлын цонх руу ч дурандаж болохоор юм билээ. Худалдагч эмэгтэй
“Нар руу л харж болохгүй шүү. Зориулалтын бус болохоор шууд сохрох аюултай” гэж
анхааруулж байлаа. Энэ үед гаднаас хоёр залуу орж ирэв. “Шинэ дурангууд ирсэн үү”
гэж асуугаад хана дагуулан өрсөн барааг сонирхлоо. Тэд хотын төвөөс 100-гаад км-ийн
зайд амралтын газартай гэнэ. Өөрсдөө сансар огторгуйн шинжлэх ухаанд сонирхолтой.
Тиймээс амралтын газраа дурантай болгохыг зорьжээ. “Амрахаар ирж буй хүмүүс архидахаас
өөр хийх юмгүй харагддаг. Тэгэхээр чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэхийн тулд
иймэрхүү хэрэгтэй зүйлээр тохижуулахыг хичээж байна. Хүүхдээ дагуулан гэр бүлээрээ
амарч яваа хүмүүст хэрэгтэй болов уу. Тэгээд ч хүүхэд багачуудын шинжлэх ухаан,
танин мэдэхүйд шимтэх хүсэл төрүүлэх байх гэж бодож байна” гэлээ. Тус дэлгүүрт байгаа
дурангууд хүчин чадлаасаа хамаарч янз бүрийн үнэтэй. Хямд нь 65 мянга бол үнэтэй
нь гурван сая гараад явчихдаг юм билээ. “Одоогоор цөөхөн нэр төрлийн бараатай байна.
Удахгүй нарны аймаг, тэр дундаа Санчир, Бархасбадь, Ангараг гаригийг харахад тохиромжтой
загвар оруулж ирнэ. “Селестрон” брэндийн “NexStar6SE” загварын уг дурангаар зөвхөн
гариг эрхэс хараад зогсохгүй түүн дээр байгаа биетүүдийг харах боломжтой” гэж тус
дэлгүүрийн үүсгэн байгуулагч Д.Пүрэвдорж ярьсан юм. Мөн тэрээр “Анх дэлгүүрээ нээхдээ
дампуурчих вий гэх айдастай байлаа. Гэтэл нээсэн даруйдаа монголчуудад дутагдаж
байсан зүйлийг нөхөж чаджээ гэж ойлгосон. Манайхаас дуран авсан хүмүүс гэр бүл,
найз нөхдөөрөө чөлөөт цагаа зөв өнгөрөөж байгааг харах сайхан байдаг” гэлээ.

“Тунгалаг” дэлгүүрт сансар огторгуйг харах овор ихтэй дурангуудаас
гадна жижиг дуран ч бий. Татах чадвар маш өндөр учраас алс хол байгаа зүйлийг ч  алган дээрээ тавьсан мэт тод харах боломжтой юм
билээ. Наадмаар морь үзэх, ан авд явах, мал хуйгаа харах зэрэгт ашиглахад тохиромжтой.
Ийм дуран 65 мянган төгрөг гэж байсан. Мөн хоёр төрлийн микроскоп байна лээ. Утасгүй,
дижитал, энгийн зориулалттай учраас хаана ч хэрэглэхэд тохиромжтой. Өөр дээрээ утасгүй
интернэттэй учраас хөдөө хээр явахдаа гар утастайгаа холбон хэрэгтэй судалгаагаа
хийж болохоор ажээ. Хөөрөгний чулуу, нарийн ургамал, хорхой шавьж зэргийг судалдаг
хүмүүс худалдан авах дуртай байдаг гэнэ. Гэхдээ эдний дэлгүүрийн худалдан авагчид
дандаа мэргэжлийн бус хүмүүс. Өөрсдийн сонирхлоороо танин мэдэх хүсэлтэй хүмүүс
голдуу үйлчлүүлдэг байна. Уг микроскопоор жимс харсан тухайгаа худалдагч бүсгүй
ярьж өгөв. “Жимсний хальс үстэй гэж хэлж болохоор юм билээ. Бас энгийн нүдээр харж
болохооргүй жижигхэн шавьж байсан. Ер нь жимс бүр өөр харагддаг” гэлээ.

С.АЛТАН 

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ редакцийн-нийтлэл цаг-үе

Солонгосчууд наашаа кимчи, сөжүгээ зөөж байхад монголчууд тэнд “Мах импэкс”, “Сүү”-гийн бүтээгдэхүүнээ хэрэглэж чаддаггүй

-СОЛОНГОС РУУ
БОРЦ, ЛААЗАЛСАН МАХ, ААРУУЛ АВЧ ЯВБАЛ ЕСӨН САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГУУЛНА-

Эх орноосоо хол ажил­лаж амьдарч байгаа хүн нутгийнхаа идээ ундаа,
хоол хүнсийг санагалзах нь хүний ёс. Тийм ч учраас харь улсад ажиллаж, амьдарч байгаа
ах дүү, хамаатан садандаа ганц уут борц, хэдэн ширхэг ааруул явуулахыг хичээдэг.
Орчин үед гэртээ хатаасан борцоо нүдээд явуулна гэж юу байх вэ. Үндэснийхээ томоохон
үйлдвэрүүдэд сав­ла­сан борц, хатаасан мах, хиам зэрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн
технологийн дагуу үйлдвэрлэсэн бүтээг­дэхүүнээ явуулдаг. Сүү, сүүн бүтээгдэхүүний
тухайд ч “Сүү” хувьцаат компани, “Мон фрэш” зэрэг технологи, стандарт нь олон улсын
шаардлагад нийцсэн үйлдвэрлэгчдийн бү­тээгдэхүүнийг гадаад руу явуулдаг. Гэтэл малыг
бэлчээрт нь нядлаад махыг нь шууд хилээр гаргах гэж байгаа, сүүг нь малчны хотноос
онгоцоор зөөвөрлөсөн мэтээр хориглож, ад шоо үздэг.

 Инчоны нисэх онгоцны буудал дээр гэхэд “Улаанбаатар-Сөүл чиглэлийн
зорчигчдын анхааралд. БНСУ-ын хилээр оруулахыг хориглосон малын гаралтай бүх төлийн
бүтээгдэхүүн болох мах, махан бүтээгдэхүүн (даршилсан, лаазалсан, вакумдсан, нухшилсан),
сүү, сүүн бүтээгдэхүүнийг гар тээшиндээ тээвэрлэсэн зорчигчийг Инчон нисэх буудлын
Мал эмнэлэг, хорио цээрийн албанаас таван сая хүртэлх воноор торгож байгааг анхаарна
уу” гэсэн зар тавиад доор нь манай үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний зургийг
тавьжээ. Өөрөөр хэлбэл, дээрх эд зүйлийг авч явбал монгол мөнгөөр есөн сая шахам
төгрөгийн торгууль төлөх нь. Ийм өндөр торгуультай ч монголчууд яаж ийгээд ганц
уут хатаасан мах, хэдэн ширхэг ааруул аваад явчихыг боддог. Гаалийнхан ч монголчуудын
энэ “дутагдал”-ыг анддаггүй аж. Инчоны нисэх онгоцны буудал дээрх “гаалийн ажилтан”
жижиг нохойг Солонгос руу олон удаа зорчдог иргэд андахгүй. Тэр нохой хүмүүсийн
ачаа тээшийг үнэрлээд л ааруул, махан бүтээгдэхүүн, борц байгааг төвөггүй мэдчихнэ.
Ингээд байцаагчид зорчигчдын цүнх, савыг онгичиж хиам, ааруул, хатаасан мах, борц,
сүү зэргийг авч төмөр сав руу шидэлнэ. Дараа нь торгуулийн асуудал босч ирж бөөн
гуйлга, хэл ам болдог.

 ОРОСЫН БАЙРНЫ ПОДВАЛЬД ҮЙЛДВЭРЛЭСЭН ШПРОТНООС МОНГОЛ ХИАМ ЮУГААРАА ДУТУУ
ГЭЖ

Монголоос Солонгост мах, махан бүтээгдэхүүн, сүү цагаан идээ яагаад
экспортолж болдоггүй талаар үйлдвэрлэгчдээс асуухад “Гадаадад Монголыг хуучны үзлээр
ойлгодог. Мах, сүүгээр нь дамжиж олон төрлийн нян орж ирж өвчний голомт болно гэж
харддаг. Мах, махан бүтээгдэхүүн нь олон улсын стандартад нийцтэл боловсруулагддаггүй
гэж ойлгодог хүндрэлтэй. Үүнд Монголын талын сурталчилгаа маш их хэрэгтэй. Монголд
дэлхийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа гэдгийг олон улсад ойлгуулах
шаардлага байна” гэж байсан юм. Өөрөөр хэлбэл, манай улсын талаарх иймэрхүү буруу
ойлголтоос болж хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид бараагаа экспортолж чаддаггүй
аж. Тэгсэн атлаа Солонгосын захын дэлгүүрт Орост савласан загасны мах, Австралиас
авчирсан мах, Америкаас зөөсөн тахиа байдаг. Оросын нэг байрны подвальд үйлдвэрлэсэн
шпрот Солонгост зарж болоод байхад Монголын “Мах импэкс”, “Сүү”, “Мон фрэш” зэрэг
топ компаниудын бүтээгдэхүүнийг яагаад тэнд борлуулж болохгүй гэж.

Солонгосын гаалийн байцаагчид нисэх буудал дээр монголчуудын цүнх
савыг нэгжээд Оросын шпрот гараад ирвэл “Энэ болно” гээд явуулчихдаг. Тэгсэн атлаа
“Мах импэкс”-ийн хиам авч явбал “Болохгүй, торгууль төл” гэдэг.

“Мах импэкс” компани 68 жилийн түүхтэй Монголын ууган үйлдвэрлэгч.

Тус компанид Германы автомат ажиллагаатай иж бүрэн тоног төхөөрөмж
бүхий итгэмжлэгдсэн сорилын лаборатори ажилладаг. Хүнсний бүтээгдэхүүний химийн
найрлагыг богино хугацаанд найдвартай тодорхойлох нитритийн спектрофотометр, спекол,
ариутгалын ламинар бокс, өндөр нарийвчлалтай микроскоп, электрон жингүүд зэрэг орчин
үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон манай улсын махны салбарын лабораториуд дотор
хамгийн том багажтай анализын лаборатори ажилладаг. Өөрөөр хэлбэл, хиам, махан бүтээгдэхүүний
бүх стандартыг хангасан аж. Тус компани америк стандартаар адуу, үхрийн хатаасан
мах үйлдвэрлэдэг. Мөн “Нүүдэл” брэнд нь үндэсний шилдэг бүтээгдэхүүн болсон. “Сүү”
хувьцаат компани гэхэд сүү боловсруулах, аарц цөцгийн тос, зайрмагны үндсэн гурван
цех, олон улсын шаардлагад нийцэхүйц лабораторитой. Бүтээгдэхүүн нь өндөр хяналтанд
орсон аюулгүй бүтээгдэхүүн. Ийм орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан, аюулгүй,
эрүүл хүнс үйлдвэрлэгч компаниудын бүтээгдэхүүнийг гадаадад экспортлоход бизнес
эрхлэгчид, салбарын яам анхаарах цаг болсныг эдийн засагчид хэлж байна. Хэрвээ Солонгосын
дэлгүүрт “Мах импэкс”-ийн хатаасан мах, хиам, “Сүү” хувьцаат компанийн аарц байвал
монголчуудаас гадна солонгосууд олноороо худалдаж авна гэдгийг иргэд ярьсан. Гурван
жилийн өмнөөс монгол залуус Солонгост хувиараа “Баялаг хиам” нэртэй хагас боловсруулсан
бүтээгдэхүүн үйлдвэрлэх болжээ. Хагас кг бүтээгдэхүүнээ 10 мянган воноор зардаг
аж. Уг бүтээгдэхүүний борлуулалт маш сайн байгааг Солонгост амьдарч байгаа монголчууд
ярьдаг. Учир нь уг хиамны амт Монголд үйлдвэрлэсэн хиамныхтай төстэй байдаг гэнэ.
Өөрөөр хэлбэл, тэнд монгол махан бүтээгдэхүүний зах зээл байна. Нөгөө талаар албан
ёсоор худалдаад эхэлбэл монголчууд хулгайгаар борц, ааруулаа зөөж өндөр торгууль
төлөх шаардлагагүй болно.

 “КОМПАНИЙН НЭРЭЭР КИМЧИ, ЗАГАС, СӨЖҮГЭЭ СААДГҮЙ ОРУУЛДАГ”

Монголд бол гадаадаас хүнсний бүтээгдэхүүн саадгүй орж ирдэг. Монгол
Улсын хилээр мансууруулах бодис, тэдгээрийг хэрэглэх, үйлдвэрлэхэд зориулсан багаж
хэрэгсэл, мансууруулах ургамлыг хилээр гаргаж, оруулахыг хориглодог. Мөн зайлшгүй
хяналтад байх эмчилгээ, урьдчилан сэргийлэх зориулалттай эд эрхтэн, донорын цус,
бичил биетний өсгөвөр зэргийг Эрүүл мэндийн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны хяналт
дор оруулдаг. Үүнээс гадна онцгой хортой химийн бодис, буу, зэвсэг, байлдааны хэрэгсэл,
тэдгээрийн эд анги, тэсрэх бодисыг хязгаарлалттайгаар нэвтрүүлдэг юм байна. Хүнсний
бүтээгдэхүүний тухайд гаалийн бүрдүүлэлт хийгээд холбогдох баримт бичгийг бүрдүүлсэн
байхад асуудалгүй аж. Тиймээс солонгосчууд иддэг кимчи, цагаан будааны гурил, уудаг
сөжү гээд бүх хүнсний бүтээгдэхүүнээ Монголд оруулж ирдэг. Хүнсний тухай болон Хүнсний
бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулиар Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж
байгууллагууд л хилийн чинадаас хүнсний бараа бүтээгдэхүүн оруулж ирэхийг зөвшөөрсөн
байдаг. Мөн Хүнсний бараа бүтээгдэхүүнийг улсын хилээр оруулж ирэхдээ тухайн улсаас
бараагаа экспортолсон аж ахуйн нэгжтэй гэрээгээ хийсэн байх ёстой. Мөн хилээр оруулах
хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацааны гуравны хоёр нь хүчинтэй байх ёстой гэсэн
шалгуур тавьдаг аж. Энэ шалгуур ёсоор иргэд компанийн нэрээр бүтээгдэхүүнээ оруулж
ирдэг гэдгийг ярьж байсан. Яг үүнтэй адил шалгуураар Монголд үйлдвэрлэсэн хүнсний
бүтээгдэхүүнийг гадаадад экспортлох боломжийг бүрдүүлэх шаардлагатайг бизнес эрхлэгчид
хэлж байлаа. Нэрээ хэлэхийг хүсээгүй бизнес эрхлэгч “Монголд монголчуудтай ижил
төрлийн бизнес эрхлээд хөлжиж байгаа олон солонгос хүн байдаг. Энэ олон солонгос
барааны дэлгүүрийн ард ихэвчлэн солонгос хүн байгаа. Тэднийг хорь, цагд гэж байгаа
юм биш. Адилхан нөхцөлтэйгөөр харилцан бараагаа нэвтрүүлдэг баймаар байна. Тэгэхгүй
бол манай улс ч гэсэн далд хориг саад тавьж, арга хэмжээ авах шаардлагатай. Ингэвэл
тэд манайд тавьж буй нөхцөлөө зөөллөж таарна” гэсэн юм.

 Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
мэдээ редакцийн-нийтлэл цаг-үе

Наран мандах зүгт эх орны хил тайван байна

Эх орны өргөн уудам нутгийг торгон хилийн зурвас эмжиж, эргэх дөрвөн
цагт тангараг өргөсөн хилчид нүд цавчилгүй манана. Энэ удаа бид мандах наран зүгийн
хязгаар нутгийг зорилоо. Хатаж гандсан өнжүүл борог хагдарч хөл дороос хавар цагийн
яргуй өндөлзөнө. Нар тэнгэрийн хаяа тийш мэхийх үеэр Дорноговь аймгийн нутагт байрлах
Улаан-Уулын отрядын Харагчингийн заставт дөрөө мулталлаа. Зах нь харагдахгүй их
талын хэсэгхэн газар хөндлөн гулд тогтсон толгод байх бөгөөд толгодын ар бэлд Харагчингийн
заставын амьдрал бужигнана. Хятадын Шилийн гол аймагтай хил залгаа эл заставын хажуухан
талд харуулын өндөр байр сүндэрлэх нь сүртэй. Буутай цэргүүд харуулын манаанд ээлжлэн
гарч хол ойр хөдөлж сортойх хулгана зурмыг хүртэл андахгүй дурандаж цагийн байдлыг
застав руу илтгэх аж. Говийн нутагт хаа нэг хуй дэгдэж, хуруун чинээ гүрвэлээс
өөр үзэгдэх юмгүй. Харин хилийн торноос цаана гурван километрийн орчимд Хятад улсын
хилийн манаа харагдана. Хилчдийн ярьж буйгаар ойрын хэдэн жил элдэв зөрчил гараагүй
гэсэн. Хааяа тэнэж яваад төөрсөн урд хөршийн “бадарчин”-гууд хил давах тохиолдол
гардаг байна. Энэ заставт гэрээт цэргүүд алба хаадаг юм байна.

Гэрээтийн орон тоо бий болсноос 
хойш цэргийн алба хаах сонирхолтой залуус ихэсчээ. Гэрээт цэргүүд хоёр жилийн
алба хаагаад сард 600 орчим мянган төгрөгийн цалин авч байна. Хот суурин газраас
хол учраас мөнгө үрээд байх шалтгаан ч байхгүй. Гэр бүлээ орхиод ирсэн нэг нь сардаа
цалингаасаа 100 гаруй мянган төгрөгөө бэлэн аваад дансаар тэдэндээ явуулдаг байна.
Хоол хүнс, дүрэмт хувцас гээд бүгдийг л улсаас бэлдээд өгчихнө. Амьдрах байр нь
хүртэл тансаг зэрэглэлийн буудлаас дутахааргүй юм билээ. Ингэхээр тэд хоёр жилийн
дараа 10 гаруй сая төгрөгтэй гэртээ харина гэсэн үг шүү дээ.

Мөнгийг нь бодоод гэрээт цэргийн алба хаахаар ирж байсан зарим цэргүүд
цэргийн амьдралын утга учрыг ойлгоод ирэхээрээ застав, отряддаа торгон хилээ манахаар
үлддэг гэнэ. Ийм олон хүн хилийн цэргийн ангид алба хааж байна. Говийн нутгаар хөндлөн
гулд давхисаар Цагаан-Овоогийн заставт хүрэв. Харагдаж үзэгдэх уул толгод ч үгүй
энэ эзгүй газар хилчид өөрсдийн вант улсаа байгуулж эхнэр хүүхэдтэйгээ амьдарч байгааг
харахад хотын хүүхнүүд ч гурав хонохгүй уйлаад Улаан­баатар гүйх байхдаа гэсэн бодол
хөвөрнө. Цагаан-Овоо­гийн застав хад асга гээд хараг­дах юмгүй мөртлөө чулуун хороогоор
хашаа хороо босго­жээ.

Сүхбаатар аймгийн Онгон сумын Онгоны отрядын салбар ангид ирсэн нь
энэ. Бусад заставыг бодвол их малтай аж. Бод, бог гээд нийтдээ мянга орчим малтай.
Таван хошуу мал бүгд бий. Гэхдээ ганцхан тэмээтэй. Ганц тэмээ нь ус зөөх үүрэгтэй
гэсэн. Зуны цагт заставын хүүхнүүд үнээгээ сааж, сүү саалиа боловсруулж  хүнсэндээ хэрэглэнэ. Заставын малыг Пүрэвням,
Одхүү хоёр малладаг байна. Энэ хоёрт цаг нөхцөөхөд тусладаг ганц найз нь хөгжим.
Флашаараа сүүлийн үеийн дуу хуулуулж авчраад сонс­чихно. Өдөрт хоёр хоол хийж иднэ.
Дандаа цуйван, хааяа шөлтэй хоол хийж иддэг тухайгаа хөөрөлдөв. Ер нь хилийнхнийг
мал хуй өсгөж, жимс жимсгэнэ түүж, хүнсний ногоо тарьдаг арчаатай айлын нэгэн тод
жишээ гэмээр. 

Анх залуучууд цэрэгт ирээд мал төллөх үеэр хурга ишигнийхээ эхийг
танихгүй будилна. Хэд хоноод 200 гаруй хурга, ишгийг дорхноо нүдэлдэг талаар заставын
дар­га Мөнхбаатар ярьж байсан. Малын хашааны өмнөхөн хөшөө босгосон хоёр булш харагдсан.
1980-аад оны үед тус заставт алба хааж байсан ахлах ахлагч, байлдагчийн хамт цасан
шуурганаар төөрч амиа алджээ. Эрлийн баг олох үед тэрээр байлдагчдаа өмсч явсан
хамаг хувцасаа тайлж өгөөд өөрөө осгосон байжээ. Тайван цагт эх орныхоо төлөө мөнх
бусыг үзсэн цөөнгүй хилчин байдаг гэсэн. Тиймээс Хил хамгаалах ерөнхий газар болон
салбар ангиуд тэдний эр зориг алдар нэрийг мөнхжүүлэх ажил өрнүүлж байгаа. Тайван
цаг гэснээс дайны үед нуувчинд отолт хийж байсан газартай хаяа дэрлээд малчид нутагладаг
юм билээ. Малчид малаа маллаад зогсохгүй эх орныхоо хилийг манана. Нэг ёсондоо хилийн
цэргийн туслах хүчин гэсэн давхар алба эрхэлдэг гэсэн үг. Шуурганд хил тулаад мал
хуй ороод ирвэл хилчдийнхээ хамт хоргоож, эзэнд нь буцааж өгөхөөс эхлээд хилчдээс
дутахааргүй сонор соргог малчид байсан. Малчин С.Энхбат “Манайх үе удмаараа туслах хүчин явсан. Хилчидтэй мөр зэрэгцээд эх орныхоо хилийг манаж байгаа гэж бодохоор
үнэхээр сэтгэл огшдог юм” гэв. Мэдээж хилийн дээстэй ойрхон нутагладаг болохоор
санаа зовних үе байх ч хилчдийнхээ ур чадварт тэр хавийн айлууд ихэд итгэж найддаг
нь илт. Арга ч үгүй биз. Эх орныхоо хилийг хэр баргийн өвсөнд бүдрэхээргүй аавын
хүү хаах нь ойлгомжтой.  Баянтөхөм, Бударын
застав гээд үнэхээр ч даргын тушаал, эх орондоо өргөсөн тангараг гээчийг жинхэнэ
утгаар нь мэдэрсэн эрчүүд л хилийн ангид үүрэг гүйцэтгэж байна. Бударын чулуун дундах
заставт Баясгалан гээд цэрэг алба хаадаг байж. Тэрээр нэг өдөр хоёр цэргийн хамт
харуулд гарч байсан гэнэ. Гэтэл Хятадын иргэн хил давж баригджээ. Тухайн үед баригдсан
этгээд өөрийгөө мэргэшсэн тагнуулч болохоо хэлсэн бөгөөд “Би танай гурван цэрэг
битгий хэл арван хүн байсан ч өлхөн дийлнэ. Гэхдээ танай тэр бор цэргийн харцыг
бараагүй, баригдчихсан. Тэр нүдээ нэг ч цавчаагүй, зоригтой эр” гэжээ. Ингэж онц
ноцтой тагнуулыг барьсан удаатай. Баясгалан гэх цэргийг алдаршуулсан хад хүртэл
байдаг аж. Ер нь Бударын  застав хааш хаашаа
гурав, дөрвөн километр үргэлжлэх том хад цохиотой. Гэхдээ энэ байгалийн онцлог бүхий
газар урд хөршийн нутагт үргэлжлэн тогтсон. Манайд зөвхөн энэ өвөрмөц тогтоцтой
газрын 30 хувь нь үлджээ. Бударын застав Онгоны отрядтайгаа ойрхон байршдаг юм билээ.
Хил дагасан заставынхан хоорондоо дотоод холбоогоор мэдээлэл солил­цохоос биш гар
утсаар хүссэн үедээ аав, ээж, найз нөхөд, эхнэр хүүхэд рүүгээ ярина гэж байхгүй.
Зайлш­гүй хэрэг гарвал дор хаяж 60-70 км давхиж байж сумын төв орж ярьдаг гэсэн.
Хол болохоор сардаа л нэг удаа сум орж утсаар ярьдаг тухайгаа хилчид ярьсан. Үнэндээ
хот газар шиг машин зам дээр түгжирч нэг нэгнийгээ харааж, зүхэж бухимдахгүй, толгой
амраахгүй утас байнга хангинаж стресстэхгүй ёстой л амар амгалан хөдөөд байна. Ялангуяа
хилчид удам дагаж хүслээрээ энэ хол газар ирсэн гэх. Түүнчлэн үр хүүхдээ хилчин
болгоно гэсэн битүүхэн хүсэлтэй.

Хэдий санаа зовох зүйлгүй, сэтгэл амар амьдарч байгаа ч гэсэн жил
бүрийн өдийд хилчдийн сэтгэлд жаахан гуниг сэвэлзээд эхэлдэг гэнэ. Учир нь нэг жилийн
хугацаат цэргүүд халагдах дөхөөд тэр. Гэвч дахиад л шинэ цэргүүд ирнэ.

Гэхдээ цэргүүд халагдах өдрөө хоног тоолон хүлээдэг үе өн­гөрсөн
талаар Онгоны отрядын захирагч С.Энхсүх ярьсан. Энэ жил халагдах цэр­гээс нэ­лээд
хэд нь отряддаа үлдэхээр өргөдлөө өгчээ. Учир нь цэргийн ангийн талаар төсөөлөлгүй
явсан залуус хэдий нэг жил алба хаагаад буцаж байгаа ч эх орон, эр хүн гэж чухам
юуг хэлээд байгаа тухай бага ч гэсэн ойлголттой болдог байна. Ангийн захи­рагч шинэ
цэргүүдийг цэргийн тангараг өргөснийх нь дараа халхын сайн эр Торой бан­дийн домогт
Шилийн богд уулнаа гаргаж эрийн тангараг өргүүлдэг гэнэ. Мөн Алтан овоо зэрэг байгалийн
түүх дурсгалт, үзэсгэлэнт газрууд­тай танилцуулдаг нь цэргүүдэд ихэд нөлөөлдөг талаар
отрядынхан ярьж байна лээ. Үүний тод жишээ бол ахлах түрүүч Б.Мөнх-Эрдэнэ. Тэрээр
хилийн цэргийн ангидаа үлдэх өргөдөл өгчээ.

Түүнтэй цөөн хором ярилцсан юм.

-Нутаг
хаана вэ?

– Дорноговь аймгийн Айраг сумаас ирсэн.

-Цэргийн
алба хаах ямар байна?

-Маш гоё. Манай зарим найзууд цэргийн алба хааж ирээд намайг цэрэгт
яв гэж ятгасан. Би цэргийн анги, тэр дундаа хилийн анги ямар байдаг талаар ойлголтгүй
ирсэн. Цэрэгт татагдсан анхны өглөө 6.00 цаг гээд босох тушаал сонсоход нойроо дийлэхгүй
ийм хэцүү юм уу гэж бодож байлаа. Одоо бол хэдэн ч цагийн манаанд гарсан нойрмоглохгүй
шүү.

-Цэргийн
ангид ирээд юу сурав?

-Ороо ёотон хурааж сурсан. Өнцөг булан бүр нь дөрвөлжин яг л ёотон
шиг харагдахаар гэсэн үг. Бараг 14 хонож байж сурсан. Бас турник дээр бүтэн сонс
эргэж сурсан.

-Анх
цэрэгт ирэхдээ хэд суниадаг байсан бэ?

-20.

-Одоо
хэд суниаж байна?

-Доод тал нь 60 суниадаг болсон.

-Өөрийг
тань их авьяастай гэх юм билээ?

-Би хотод Хөгжим бүжгийн коллежийг төгссөн. Лимбэ, төгөлдөр хуур
тоглодог. Одоо отрядад ямар нэгэн арга хэмжээ болвол хөгжим тоглоно. Бас цэрэгт
ирээд Задгай цагаан, Хүмүүн төрөлхтөн зэрэг арван бүжиг сурсан.

-Яагаад
цэргийн албанд үлдэхээр шийдэв?

-Цэрэгт явна гэдэг маш сайхан санагдсан. Тэр тусмаа эх орныхоо хилийн
манаанд зогсоно гэдэг бахадмаар юм билээ. Миний үеийн залуус эх орон, миний Монголын
газар шороо гэж ирээд л ярьдаг. Ядаж нэг жил алба хаагаад харуулын манаанд зогсоод
үзвэл жинхэнэ эх орон гэж юу байдгийг мэдрэх болно. Наад зах нь хувь хүний зохион
байгуулалттай, алхаа гишгээ хүртэл чанга болдог юм байна. Тэгээд ч хотод очоод хийх
ажилгүй байснаас төрд зүтгээд, цэргийн хүн болох нь  дээр гэж бодсон гэв. 

Б.Мөнх-Эрдэнэ шиг бо­дол­той залуу олон байсан. Түүнчлэн өвөө, аав
гээд удам дамжсан хилчид ч байна. Отрядын Сэтгэлзүй, соёл, сурталчилгааны албаны
ахлах ажилтан Б.Баярмагнай Ховд аймгийнх бөгөөд өвөө Лхамжав, аав Бямбажав нар нь
хилчин байсан гэнэ. Тэрээр дөнгөж 20 гарч яваа ч барилдана, дуулна, шүлэг уншина,
бөх цоллоно, тайлбарлана гээд элдэвтэй нэгэн. Хүнгэнэсэн сайхан хоолойтой. Цагдаагийн
ерөнхий газрын нэрэмжит наадмын бөхийг гурван жил дараалан тайлбарлажээ. Тэрээр
мөрөөд­лөө дагаад урлагийн салбарт хүч сорих байсан ч удмынхаа хувь заяа, сэтгэл
зүрхнийхээ дуудлагаар хилийн хязгаарт иржээ.

 Үргэлжлэл
бий

 Д.ДАВААСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

“Би хөгшнөө тийшээ яаж ганцааранг нь явуулах вэ дээ”

Гэгээн ариун хайр,
гал халуун дурлал, хайртынхаа төлөө амь насаа ч хайрлахгүй тэмүүлж, тэмцэлдсэн түүх,
домгуудыг хүн төрөлхтөн мэддэг. Ном, зохиолд гардаг хайрын түүхүүдийг унших дуртай
мөртлөө тийм хайр бодит амьдрал дээр байдаггүй гэх хүмүүс бий.

АНУ-ын Охайод
амьдарч байсан Фэлүмлээ гэх гэр бүлийн хайрын түүх дэлхий нийтийн анхаарлыг татаж
“Хайр гэдэг чинь энэ шүү дээ” гэх өгүүлбэрийг нэгэндээ сануулахад хүргэж байна.

1944 он. Кеннет
Фэлүмлээ гурван жил үерхсэн хонгорхон Хэлендээ гэрлэх санал тавьжээ. Тэр хайртай
бүсгүйдээ энэ саналыг тавих гэж олон сарын өмнөөс бэлтгэж, хэлэх үгээ эвлүүлж чадахгүй
тэвдэж. Хэлен нь “Надтай гэрлээч. Үлдсэн амьдралаа надтай өнгөрүүлэхийг зөвшөөрөөч”
гэх гуйлтыг амьсгал даран сонсохдоо зүрх нь золтой л зогсчихоогүй гэнэ. Учир нь
Хэлен энэ хэдэн үгсийг хайртай залуугаасаа сонсохыг тэсэн ядан хүлээж байжээ. Ингээд
хосууд 1944 оны хоёрдугаар сарын 20-нд хуримаа хийж, гайхамшигт хайрын түүхээ бадраажээ.

Фэлүмлээ, Хэлен
хоёр гурван охин, таван хүүтэй өнөр өтгөн айл болжээ. Хэлен хүүхдүүдээ асрах, гэр
орноо авч явах их ажилтай. Харин Фэлүмлээ гэр бүлээ тэжээхийн тулд шаргуу хөдөлмөрлөнө.

Хосууд амьдралын
төлөө чадах чинээгээрээ зүтгэж, зовохдоо зовж жаргахдаа жаргаж байсан ч хэн нь ч
“Би ядарч байна. Энэ амьдралаас залхаж байна” гэж гомдоллож байгаагүй аж. Тэднийхтэй
хөрш байсан айлууд “Фэлүмлээгийнхэн ер бусын айл байсан. Тэднийхнийг хэрэлдэж, чанга
дуугаар ярилцаж байсныг хэзээ ч хараагүй. Эхнэр нөхөр ямар эв найртай, биедээ халамжтай
байх ёстойг тэр хоёроос л хардаг байлаа” хэмээн дурссан байна.


Он цаг улирч үр
хүүхдүүд нь тусдаа гарч, Фэлүмлээ, Хэлен хоёр гэртээ үлджээ. Фэлүмлээ 1983 онд төмөр
замаас тэтгэвэртээ суужээ. Ингээд тэрээр гэргийгээ дагуулаад 50 муж улсаар аялах
уртын урт аян замд гарчээ. Тэд дандаа автобусаар аялсан байна. Фэлүмлээ “Онгоцоор
явбал байгалийн сайхныг харж чадахгүй, сонин сайхан зүйлийг өнгөрөөчихнө. Автобусаар
явбал бүхнийг харна. Хайртай хүнтэйгээ сайхан зүйлийг хамтдаа харах нь хамгийн том
жаргал байдаг” хэмээн тухайн үед хүүхдүүддээ хэлж байжээ.

Тэрээр “Би өөрийгөө
ганцаар байгаагаар ер төсөөлж үзээгүй. Хүн хайртай хүнээ хэзээ ч ганцааранг нь юманд
явуулж болохгүй. Хэзээ ч ганцаардуулж болохгүй” хэмээн хөвгүүддээ захидаг байж.
Эхнэрийнхээ дулаан амьсгал, зөөлөн гар, энхрий харцыг юу юунаас ч илүү хайрлаж,
сэтгэлийг нь сэвтээхгүйн тулд бүхнээ зориулдаг нэгэн байжээ.

Хэлен нөхөртөө
өөрөөсөө ч илүү итгэсээр ирсэн тухайгаа ач охиддоо ярьдаг байсан аж. Хүүхдүүд нь
“Аав маань тэтгэвэрт гарсан цагаасаа эхлээд ээжийг минь бүр илүү халамжилж эхэлсэн.
“Гэр бүлийнхээ төлөө зүтгэсээр чамайгаа гээхээ дөхөж” хэмээн хэлээд духыг нь үнэрлэдэг
байсан” тухай дурссан байна. Нэгнийгээ хамрын шуухинаа хүрэхэд сандарч “Намайг орхих
гээ юу” хэмээн биедээ гомдоллодог байсан гэнэ.

Гэвч хайраар дүүрэн
энэ амьдралд төгсгөл ирж Хэлен өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-нд 92 насандаа хорвоогоос
оджээ. Ханиа алдсан Фэлүмлээ хэнтэй ч юу ч ярилгүй шөнөжингөө эхнэрийнхээ дэргэд
суусан байна. Маргааш өглөө нь тэрээр хувь тавилантайгаа сая л эвлэрч хүүхдүүддээ
“Ээж нь явчихлаа. Энэ яваа насандаа намайг ээжийг чинь ганцааранг нь хаашаа ч явуулж
байгаагүйг та нар мэднэ. Ээжийг чинь тийшээ яаж ганцааранг нь явуулах вэ дээ” хэмээн
хэлээд гурван цагийн дараа Фэлүмлээ амьсгал хураажээ. Аав, ээжийнхээ хайрын гайхамшигт
түүхийг хүүхдүүд нь дурсан ярьж “Аав, ээж хоёр маань хэзээ ч салж байгаагүй. Тэд
нэгнийгээ муухай үг, үйлдлээр гомдоож байсныг бид хараагүй. Хайр нь нас нэмэх тусам
улам нялхарч, харцаараа нэгнээ ойлгодог болчихсон байсан. Өглөөний цайгаа уухдаа
гар гараасаа барилцан, оройн хоолон дээр 
“Ийм сайхан хайр заяасан тандаа баярлалаа” хэмээн бурханд залбирцгаадаг байлаа.
Аав маань ээжийг харанхуй шөнөөр ганцааранг нь гаргах нь бүү хэл гудамжны үзүүр
дэх хачиртай талхны мухлаг руу ганцааранг нь явуулахыг хүсдэггүй байсан. Тэд хаашаа
ч явсан хамт байдаг байлаа” гэж тэднээрээ бахархаж байгаагаа илэрхийлжээ.

Ууган хүү нь
“Аав маань энэ бүхэнд бэлэн байсан. Ийм зүйл болно гэдгийг мэдэж байсан. “Чамайг
энэ орчлон дээр үлдээж ганцаардуулахгүй” гэж ярьж байсныг нь сонссон. Магадгүй аав
минь үхлээ хойшлуулаад ээжийг минь эхэлж үдсэн байх. Аав маань ээжид хайртайгаа
эцсийн хоромд нь хүртэл ингэж мэдрүүлсэн. Бидний аав ээжийг минь ганцааранг нь явуулахыг
хүсээгүй болохоор 15 цагийн дараа араас нь одсон” хэмээн санаа алджээ.

70 жил ханилан
амьд­рахдаа нэгнээ хайрын дээдээр хайрлаж, насан эцэстлээ тангарагтаа үнэнч байсан
хосын хайрын энэхүү түүх өнөөдөр хүн төрөлхтөнд “Хүний амьдралд үнэнч хайр гэж бий.
Зөвхөн үлгэр, түүх, ном зохиолд байдаг зүйл биш” гэдгийг нотоллоо. “Бидний хайрыг
үхэл л салгана” хэмээн дурлалт хосууд ярилцдаг. Гэтэл энд өгүүлсэн Охайогийн үнэнч
хосуудыг үхэл ч хүртэл салгаж чадсангүй.

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

Тусгай сургуулийн захирал сурагчдынхаа хөдөлмөрийг мөлжиж, хандивын эд зүйлийг хувьдаа завшдаг гэв

Дунд сургуулийн захирал хүртэл
барьдаг утасны төлбөр, унадаг машиныхаа бензинийг төсвийн мөнгөөр хийлгэдэг болжээ.
116 дугаар сургуулийн захирал С.Энхтуяа хандиваар ирсэн эд зүйлийг худалдаж авсан
мэтээр хуурамч баримт бүрдүүлж хувьдаа мөнгө завшдаг гэнэ. Мөн сурагчдаараа хандивын
тоглолт хийлгэж, олсон орлогоос нь мөнгө өгдөггүй юм байна. Энэ талаар Харааны бэрхшээлтэй
хүүхдүүдийн 116 дугаар сургуулийн нярваар ажиллаж байсан С.Хотхүү ярилаа.

-Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн тоглолт
болдог. Олсон орлогоос нь хүүхдүүд хүртдэггүй гэв үү?

-2013 онд гэхэд
“UB палас”, МУИС, ЭМШУИС болон хоёр аймагт манай сургуулийн хүүхдүүд хандивын тоглолт
хийсэн. Билетийн үнэ дунджаар 2000 төгрөг байдаг. Хараагүй хүүхдүүдэд хандив өргөх
тоглолт гэдэг утгаараа танхим дүүрэн үзэгчтэй тоглолт болдог. Дунджаар нэг тоглолтоос
хоёр сая төгрөг олдог байх. Үүнээс тоглолтод оролцсон хүүхэд нэг ч төгрөг авдаггүй.
Тэр бүү хэл “Олон тоглолтод ядраад байна” гэсэн хүүхдийг сургуульд сургахгүй, хөгжмийн
хичээл заасан төлбөрөө авна гэх мэтээр дарамталдаг.  Мөнхжаргал гэдэг хүүхэд тоглолт ихсээд байна гэж
хэлснийхээ төлөө сургуулиас хөөгдсөн. Тэгэхээр бусад нь айдаг юм байна.

-Хүүхдийнх нь хөдөлмөрийг мөлжөөд байхаар
эцэг, эхчүүд нь гомдол гаргадаггүй хэрэг үү?

-Эцэг, эхээс нь
зөвшөөрөл авдаггүй. 18-19 хүүхдийг тоглолтоор авч явна шүү дээ. Хүүхдийнх нь хөдөлмөрийг
мөлжлөө гээд гомдол гаргавал сургуулиас хөөнө гэдэг учраас эцэг, эхчүүд дуугарахгүй.
Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн ганцхан сургууль байдаг нь манайх. Хүүхдийнх нь
хөл хугарчихаад байхад эцэг эхчүүд “сургууль олдохгүй” гээд гомдол гаргаж чаддаггүй.
Сургуулийн дотуур байранд хоёр хүүхэд хөлөө хугалсан. Харааны бэрхшээлтэй хоёр хүүхэд
мөргөлдөх, гэмтэх тохиолдол их гарна. Эхний удаад хариуцсан багшид нь арга хэмжээ
авсан бол хоёр дахь удаад “Гомдол гаргавал хүүхдийг чинь сургуулиас хөөнө” гээд
дараад өнгөрсөн. Ингэж хүүхдийн эрх зөрчихөөс гадна өөрөө ажилтай үлдэхийн тулд
хүүхдүүдээр өлсгөлөн зарлуулж байсан. 2006 онд сургалтын менежерээр ажиллаж байхад
салбарын яамнаас халах шийдвэр гаргахад дөрөв, таван хүүхдээр өлсгөлөн зарлуулж
байлаа. Хууль бус үйлдлээ нуухын тулд хүүхдүүдийг өөрийгөө хамгаалах хэрэгсэл болгодог
хүн. Хүүхдийн төлөө ажиллахгүй байна, багш нараа элдвээр дарамталдаг гэх үндэслэлээр
багш нар нь Хүний эрхийн үндэсний комисст 2007 онд хандсан байдаг. Улмаар Хүний
эрхийн үндэсний комиссоос салбарын яаманд “Ёс зүйгүй багш гэдэг нь нотлогдлоо. Арга
хэмжээ авна” уу гэдэг утгатай санал хүргүүлж байсан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын
газраас ч “Зөрчил илрээд байна. Хариуцлага тооцно уу” гэсэн утгатай албан бичиг
хүргүүлсэн байсан.

-Тэгвэл нэг жилд тоглолтоос олсон арваад
сая төгрөгийг юунд зарцуулах вэ?

-Хувьдаа л авдаг
байх. Тоглолтод зарцуулагдах мөнгийг түрээсийн мөнгөнөөсөө л авна.

-Түрээсээр хэдэн төгрөг олох уу. Энэ мөнгө
сургалтад зориулагдах уу?

-Манай сургуулийн
хашаанд долоон контейнер бий. Тэдний түрээснээс сард 790 мянган төгрөгийн орлого
олдог. Энэ мөнгөнөөс шинэ жил тэмдэглэхэд 500 мянган төгрөг зориулсан. Бусдыг нь
бол өөрөө цувуулаад л авна. Хүүхдэд нэг ч төгрөг зарцуулагдахгүй. Тэр бүү хэл хандиваар
ирсэн эд зүйлийг худалдаж авсан мэтээр баримт бүрдүүлж мөнгийг нь өөрөө завшдаг.

-Тухайлбал, хандивын ямар эд зүйлийг худалдаж
авсан мэтээр баримт бүрдүүлсэн бэ?

-2013 онд “Көритөс
Чех” төрийн бус байгууллагаас гурван ширхэг брайл машин, “Дэмжинэ” төрийн бус байгууллагаас
хоёр брайл машин хандивласан. Тэгтэл төрийн өмчийн мөнгөөр брайл машин авахаар бүх
зөвшөөрлийг нь аваад “Сэлбэ сервис” гэдэг компани руу шилжүүлэхээр боллоо. Гэтэл
тэр компани 20 хувийг нь авч байж үлдсэн мөнгийг нь гаргаж өгнө гэсэн. Ингэж ойлголцоогүй
болохоор би “Тэргүүн ван” компани дээр очиж хуурамч материал бүрдүүлж брайл бичгийн
машин авсан болгож мөнгийг нь тухайн компанид оруулж байгаад  дөрвөн сая 30 мянган төгрөг бэлнээр гаргуулж захиралд
өгсөн. 25 боодол цаас хандиваар ирснийг хүртэл худалдаж авсан болгоод төсвөөс мөнгийг
нь гаргуулаад хувьдаа авчихсан. Мөн хандиваар ирсэн ус буцалгагч, хөлний массажер
мэтийг гэртээ аваад явчихна. Коика олон улсын байгууллагаас 13 иж бүрэн компьютер
хандивлахаар нэгийг нь гэртээ авчихна. Түүнийгээ эвдэрхий байсан гэж тайлбарласан.
Үнэндээ баталгааны хуудастай цоо шинэ компьютер шүү дээ.

-Та нярваар нь ажиллаж байсан. Өөрөө захирлынхаа
өмнөөс компани дээр очоод мөнгө гаргуулдаг байж. Хууль бус үйлдлийг нь зохих байгууллагад
нь яагаад хэлдэггүй байсан юм бэ?

-Би “Хөгжлийн
бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбоо”-нд ажиллаж байтал С.Энхтуяа захирал нярваар
ажиллах санал тавиад 14 хоногийн сургалтад суулгаад сургуульдаа авсан. Хүүхдийн
төлөө ажиллаж байсан хүн хууль бус юм хийгээд байж чаддаггүй юм билээ. Энэ чинь
болохгүй гээд хэлэхээр намайг элдвээр хэлж дарамтална, хойноос элс цацна. Би өнгөрсөн
оны дөрөвдүгээр сараас хойш үнэхээр дарамтад ажилласан. Хэл ам хийгээд, шалгах байгууллагуудад
хандаад байхаар өнгөрсөн дөрөвдүгээр сард ажлаас халчихлаа. Ажиллаж байхдаа Хүний
эрхийн үндэсний комисс, Мэргэжлийн хяналтын газарт, Нийслэлийн боловсролын газарт
хандсан. Үүний дагуу цагдаагийн байгууллага шалгаад Эрүүгийн хуулийн 263 дугаар
зүйлд заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхэд хохирлын хэмжээ хүрэхгүй байна
гээд захиргааны хариуцлага тооцохоор болсон. Учир нь С.Энхтуяа захирлын учруулсан
хохирол 9.3 сая төгрөг юм байна. Энэ нь эрүүгийн хэрэг үүсгэх хэмжээний хохирол
биш гэж цагдаагийн байгууллага үзсэн. Гэхдээ энэ бол зөвхөн түрээсээс олсон орлогын
асуудал. Үүний цаана олон баримт бий.

-Тухайлбал, ямар баримт вэ?

-БНСУ-аас манай
сургуульд зочид төлөөлөгчид ирлээ. Гэтэл хүүхдийн хоолны мөнгөнөөс 610 мянган төгрөгийг
“Номин” руу шилжүүлээд архи, шар айраг, торт, кимчи аваад дайлчихаж байгаа юм. Үүнийг
төсвийн мөнгөнөөс биш түрээсийн орлогоос авчихаж болно шүү дээ. Гэтэл хүүхдийн хоолны
мөнгийг хасаад зочдыг зугаацуулж байгаа юм. Мөн хүүхдийн сурах орчинг бүрдүүлэх
зорилгоор “Номин” худалдааны төвөөс 499 мянган төгрөгийн үнэтэй 32 инчийн хоёр телевиз
авахаар мөнгийг нь шилжүүллээ. Нярвын хувьд би очиж авах байсан. Тэгтэл захирал
хамт яваад “32 инчийн телевизээр яах юм. 21 инчийнхийг авъя” гэлээ. Зөрүү мөнгөөр
нь сургуульдаа есөн ширхэг хогийн сав, таван ширхэг өсгөгч авсан үлдсэн 190 мянган
төгрөгийг бид хоёр хуваагаад авчихсан. Одоо ярихад ичмээр л дээ. Хутга ирлэгч, аяга
зэргийг авч байгаа юм. Мөнгөндөө тааруулах гэж сүү хүртэл авч байгаа юм.

Энэ мэт хууль
бус үйлдлийг шалгаж өгөхийг хүсч АТГ-т хандахад С.Энхтуяа захирлын үйлдлийг “Иргэдийн
өмчийг итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцсан этгээд завшсан, үрэгдүүлсэн гэмт хэргийн
шинжтэй үйлдэл байна” гээд цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Одоо цагдаагийн байгууллага
шалгаж байгаа.

-Түрээсээр олсон орлогоороо телевиз авах
уу. Эсвэл төсвийн мөнгөөр үү?

-Төсвийн мөнгөөр
авна. Ер нь захирлын гар утасны мөнгө, машины бензинийг сургуулиас төлнө. Гар утсанд
сард 50-120 мянган төгрөг өгнө. Харааны бэрхшээлтэй хүүхдийн унааны зардалд сард
төрөөс 200 орчим мянган төгрөг өгдөг. Манай хүүхдүүд дотуур байранд амьдардаг болохоор
зөөх шаардлага байхгүй. Энэ мөнгөөр захирлын машинд л бензин хийнэ. Дээр нь сургуулийн
захирлууд аялалд явах гэж байна 120 мянган төгрөг, тэмцээнд орно 100 мянган төгрөг
гэх мэтээр л аваад байдаг. Захирлын хамаатны газарт манай сургууль ногоо тарина.
Ногоо тарих нэрийдлээр төрийн мөнгийг ус шиг цацна шүү дээ. Багш нарыг дайчилж,
ногоо зарахад нэг зун дөрвөн сая төгрөг зарцуулна. Эргээд 500-600 мянган төгрөгийн
л ногоо хураана. Тэр нь нэг сарын л хэрэгцээ. Ингэж төрийн мөнгөөр тоглодог. Сургуульд
засвар хийхээр 2.1 сая төгрөгийг “Тансаг обой” компани руу шилжүүлж үүдний пилта
хийхээр боллоо. Тайлан гаргах болтол тэр пилта, цемент, элс нь 2.1 сая төгрөг яагаад
ч хүрдэггүй. Пилта нь нэг сая төгрөг болчихож байгаа юм. Бас л хуурамч бичиг баримт
бүрдүүлж тайлан гаргасан. Энэ мөнгөнөөс 500-600 мянган төгрөгийг захирал хувьдаа
завшсан байх.

-Таны ярьж байгаагаар захирал аар, саар
л мөнгө хувьдаа завшдаг бололтой юм. Магадгүй та ажлаа өгсөн болохоор тэр бүрийг
яриад байгаа юм болов уу?

-Бага мэт боловч
захирлын том тансаглал шүү дээ. Өөрөө тансаглаад хүүхдүүдээ хөсөр хаядаггүй бол
ингэж ярихгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хувьдаа ашиг олох хэрэгсэл мэтээр ханддаг
нь үнэхээр харамсалтай. Тэр бүү хэл хөгжлийн багш мэргэжилтэй хүнээр англи хэл,
мэдээлэл зүй заалгасан мэтээр баримт бүрдүүлж сар бүр 200-гаад мянган төгрөгийн
илүү цалин гаргадаг.

-Танай сургуульд хэдэн хүүхэд сурдаг юм
бэ?

-87 гэсэн тоо
бий. Түүнээс 17 нь огт байхгүй. Сурч байгаад гарчихсан хүүхдийг сурдаг мэтээр бүртгүүлж
төсвөөс мөнгийг нь авдаг. Нэг хүүхдийн хоолны зардал өдрийн 2530 төгрөгийн хоол
өгөх ёстой. 17 “хуурамч” хүүхдийн мөнгийг төрөөс л авна шүү дээ.

“Гар утсаараа албаны ажил
л ярина шүү дээ”

Бид 116 дугаар сургуулийн
захирал С.Энхтуяагаас дээрх мэдээллийн талаар тодрууллаа.

-Хүүхдүүд тоглолт хийж олсон орлогыг юунд
зарцуулдаг юм бэ?

-Манай хүүхдүүд
2011 онд Солонгост очсон. Унааны зардалд шаардагдах 15 сая төгрөгийг багш нар цалингийн
зээл авч олсон. Энэ мөнгийг төлөхийн тулд гурван жил хандивын тоглолт хийлээ. Өрөө
төлсөн болохоос би хувьдаа завшаагүй. Гэхдээ тоглолтын орлогоос нэг удаа хүүхдүүдээ
витаминжуулсан. Нэг удаа 20, 20 мянган төгрөг өгсөн. Төгсөх ангийн хоёр хүүхдийг
100 мянган төгрөгөөр хувцасласан.

-Таныг хандиваар ирсэн эд зүйлийг худалдаж
авсан мэтээр баримт бүрдүүлж төсвөөс мөнгө авдаг байсан гэх юм.

-Худлаа мэдээлэл.

-Таны гар утасны
мөнгө, машины чинь бензинийг сургууль даах ёстой юу?

-Би утсаараа албаны
л ажил хийдэг. Сард тавь орчим мянган төгрөг гарна. Солонгос руу их ярьсан сард
120 мянган төгрөг гардаг. Энэ мөнгийг албанаас гаргадаг. Мөн ажлаар ийш тийшээ явах
хэрэг их гарна. Сард нэг удаа банкаа дүүргүүлнэ. Түүгээрээ багш нарын морин жолооч
л болно шүү дээ.

-Та одоо хуулийн
байгууллагад шалгагдаж байгаа юм уу?

-Цагдаагийн байгууллагаас
байцаасан. АТГ шалгаж байгаа гэдгийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээс л мэдлээ. Намайг
дуудсан асуудал алга гэв.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

Д.Ганхуяг: Төсөл батлагдсанаар эдийн засагт олон эерэг үр дүн гарна

Уул уурхайн сайд Д.Ганхуягтай ярилцлаа.

 -Та өнгөрсөн долоо хоногт Ашигт малтмалын
тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан. Уг хуулийн төслийн
талаар танилцуулахгүй юу?

-Төслийн агуулга
зорилго маш ойлгомжтой. Эрх зүйн үндэслэлийн тухайд 2012-2016 оны Засгийн газрын
үйл ажиллагааны хөтөлбөр, өнгөрсөн УИХ-ын чуулганаар батлагдсан Төрөөс эрдэс баялгийн
салбарт баримтлах бодлого, одоогийн хүчинтэй мөрдөгдөж буй хуулийн үндсэн зарчмыг
хөндөхгүй байх зэрэг болно. Хуулийн төсөл батлагдсанаар  төрөөс тогтоосон газар нутагт хайгуулын тусгай
зөвшөөрлийг олгож эхлэх, ингэснээр шинэ хөрөнгө оруулалтыг татах болон Монгол Улсын
баялаг нөөцийг нэмэгдүүлж эдийн засгийн баталгаа чадавхийг улам сайжруулах, хариуцлагатай
уул уурхайг хөгжүүлэх, бүтээгдэхүүний зах зээлийн үнэ нь хэлбэлзэл ихтэй хөрөнгө
оруулалт ихээр шаардагддаг энэ салбарын эрх зүйн орчинг урт хугацаанд тогтвортой
байх гол зорилтууд хэрэгжинэ.

Нэг зүйлийг тэмдэглэхэд
энэ хуулийн төсөл “Урт нэртэй” хуулинд  ямар
ч хамааралгүй бөгөөд, талбай нь ч давхцахгүй гэдгийг хэлмээр байна. Мөн хууль санаачлагчийн
хуулийн төсөлд  судалгаанд үндэслэн зөвлөмж
гаргах үүрэг бүхий  олон талт оролцоог хангасан
орон тооны бус Бодлогын зөвлөлтэй болно. Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод
шилжүүлэх бодит алхмыг төсөлд суулгасан. Дээр нь ашигт малтмалын нөөц, ордын нөөцийг
олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар гүйцэтгэдэг болно. Ингэснээр энэ чиглэлд
дэлхийн жишигтэй хөл нийцэн алхана.

-Энэ хууль батлагдсанаар эдийн засагт яаж
үр өгөөжөө өгөх вэ?

-Хайгуулд хөрөнгө
оруулалт шинээр орохоос гадна, үүнийг дагаад олборлох, боловсруулах үйлдвэрийн салбарт
ч хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж үзэж байна. Хариуцлага уул уурхайг дэмжин зорилтын
хүрээнд инноваци, тэргүүний техник технологийг нэвтрүүлэхийг дэмжих юм. Ингэснээр
салбарын бүтээмж, өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Бүтээмж дээшилснээр өртөг зардал хэмнэж,
ашиг орлого өсдөг жамтай. Дээр нь зөвхөн түүхийгээр нь гаргаад байх биш, боловсруулалтын
түвшинг дээшлүүлж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох зайлшгүй шаардлагатай
байгаа. Нэмүү орлого нь эх орондоо дэд бүтэц ашигласны төлбөр, цалин хөлс, болон
бусад хэлбэрийн орлого болж үлддэг. Энгийн жишээ татахад түүхий нүүрсийг 50 ам.доллараар
борлуулж байхад, угааж баяжуулсан  нүүрс нь
ойролцоогоор 100 ам.долларын үнэтэй байна. Мөн лиценз эзэмшигч нь өөрийн үйл ажиллагаанд
шаардлагатай бараа, ажил, үйлчилгээ авах, туслан гүйцэтгэгч сонгоход тэргүүн ээлжинд
Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч аж ахуйн нэгжид давуу эрх олгодог байх зохицуулалт
нэмэгдсэн. Ингэснээр дотоодын аж ахуйн нэгжүүдийн орлого, ашиг нэмэгдэнэ гэж үзэж
байгаа. Базаад хэлэхэд өмнөх байдлаар энэ хуулийн төсөл батлагдсанаар манай эдийн
засгийн тогтвортой өсөлтийг хангахад шууд болон шууд бус утгаар олон эерэг үр дүн
авчирна гэж хэлэх байна.

-2010 онд хууль батлагдаж, Ашигт малтмалын
хайгуулын тусгай лицензийг шинээр олгохыг хориглосон. Харин таны өргөн барьсан энэ
төсөлд уг хуулийг хүчингүй болгох талаар тусгасан гэлээ. Өнөөх эмх замбараагүй лицензийн
наймаа дахин цэцэглэх юм биш биз дээ?

-Дөрвөн жил орчим
хугацаанд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгогдоогүй. Тус хууль
хэрэгжсэнээр эмх замбараагүй олгогдсон тусгай зөвшөөрөл эмхлэгдсэн. Хэдэн баримт
дурдъя. Хууль хэрэгжиж эхлэхээс өмнө 2005-2010 онуудад нийт газар нутгийн 46 хүртэл
хувийг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбай эзэлж байсан. Тэгвэл өнөөгийн байдлаар
7.6 хувь болж буурсан. 2010 онд нийтдээ 4.137 лиценз байсан бол, одоо 2.868 болж
буурсан байна. Энэ хугацаанд бүртгэл, хяналтын тогтолцоог сайжруулах ажил нэлээд
хийгдсэн. Мөн монголчууд төр, хувийн хэвшил гэлтгүй уул уурхайн талаар хангалттай
туршлага хуримтлуулсан. Бид юун дээрээ алдаад байгаагаа мэддэг болсон. Юунд хүрэх
гээд байгааг тодорхойлсон урт хугацааны бодлоготой болсон.

Дээр нь урт нэртэй
хууль, улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээний газар гэхчилэн нийт нутаг дэвсгэрийн
70-80 хувьд хайгуул, олборлолтын ажил хийгдэхээргүй байгаа. Өөрөөр хэлбэл газар
нутгийнхаа дийлэнх хэсгийг хойч үедээ үүцлэн хадгалах хуулиуд байна. Нэмэлт өөрчлөлтийн
нэг гол шинэчлэлийн чанартай зохицуулалт нь зөвхөн төрөөс зөвшөөрөгдсөн газар нутагт
лиценз олгож эхэлнэ. Өөрөөр хэлбэл нутаг дэвсгэрийн 20 орчим хувьд л анхнаасаа замбараатай
лиценз олгож эхлэх юм. Дээр нь хайгуулын тусгай зөвшөөрлийг эхний гурван жил шилжүүлэхгүй
гэсэн шинэ заалт нэмэгдэж байгаа. Мөн гурав дахь жилийн төгсгөлд хайгуулын талбайн
тодорхой хэсгийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтэд үндэслэн буцаан авдаг
болно. Ингэснээр үнэхээр хайгуул хийе гэсэн компаниудыг урамшуулж байгаа юм. Лиценз
авчихаад  үндсэн ажлаа хийхийн оронд цүнхэндээ
хийгээд наймаа үсэргээд явдаг зохисгүй байдлыг халахын тулд хугацааны сүүл хэсэгт
нь лицензийн төлбөрийн хэмжээг нилээн нэмж өгсөн.

-Хуулийн төсөлд ашигт малтмалын хэтийн
төлөвлөгөөг яаж тодорхойлсон бэ?

-Манай улсын ашигт
малтмалын нөөц цаашид өсөх нь мэдээж юм. Улс, орнууд  баялагийн хэтийн төлвөө  геологийн 
нарийвчилсан зураглалын ажлаар еренхийд нь  тодорхойлж байна. Монголд өнөөгийн байдлаар энэ
ажил  нийт газар нутгийн 30 орчим хувьтай
байгаа. Тиймээс эрчимжүүлэх шаардлагатай. Уул уурхайн яам 2032 он хүртэл ямар ямар
ашигт малтмалыг аль боомтуудаар экспортлох боломж байгаа талаарх төсөөллийг гаргаад
байгаа.

-Эдийн засгийн хүнд байдлаас гарахын тулд
Оюу толгой, Таван толгой гээд томоохон төслүүдийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх шаардлагатай.
Нүүрсний хэрэгцээ цаашид яах бол. Энэ хууль батлагдсанаар үүнд ямар түлхэц болох
вэ. Одоогийн байдлаар их хэмжээгээр буурсан хөрөнгө оруулалт нэмэгдэх хандлага харагдаж
байна уу?

-Хуульд зааснаас
бусад тодорхой бус шалтгаанаар уурхайн бүтээн байгуулалт, уулын үйлдвэр, баяжуулах
үйлдвэрийн үйл ажиллагааг холбогдох төрийн байгууллагад урьдчилан мэдэгдэлгүйгээр
зогсоож олон хүмүүсийг гэнэт ажилгүй, цалингүй болгох нийгмийн хариуцлагагүй үйлдэл
гаргасан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэдэг болох заалт уг хуулийн төсөлд
орсон байгаа. Энэ хариуцлагатай уул уурхайн ундсэн зарчмын нэг юм билээ. Засгийн
газар Тавантолгойн хувьд нэгэнт нүүрсний үнэ буурсан үед эхлээд дэд бүтцийг бүрдүүлэх
шийдвэрийг гаргасан. Нөгөө алаагүй баавгайн арьсыг хувааж болдоггүй гэдэгтэй адил.
Ер нь эхлээд  чанартай дэд бүтцийг бүрдүүлэх
нь аль ч оронд хийж ирсэн нийтлэг зарчим юм. Дэд бүтэц шийдэгдсэнээр  түүнийг ашиглах ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч
компаниудын үнэлгээ, хувьцааны үнэ нэмэгддэг учиртай. Аль ч оронд төмөр зам бол
нэгдсэн бодлоготой байдаг. Ашигтай хэсгийг нь бусдад тээврийн тариф энэ тэрээ тохирохгүйгээр
тасдаад өгчихөөр хүнд нөхцөлд орж байсан түүх байдаг.

Төмөр замын цариг,
төмөр зам барихтай холбогдсон УИХ-ын тогтоолын төсөл  засгийн газраас өргөн баригдсанаас хойшхи хэдхэн
хоногийн хугацаанд ЭТТ болон төмөр замд хөрөнгө оруулах гэсэн сонирхол эрс нэмэгдэж
байна. Энэ УИХ-ын тогтоол батлагдсаны дараа, хөрөнгө оруулагчдын асуудлыг яаралтай
шийдэх боломж бурдэнэ.

-Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчид
үгүй­лэгдэж байна. Эрэл хайгуулын ажлыг эрчимжүүлж  хөрөнгө оруу­лалтыг татах, улсын  баялгийн нөөцийг нэмэгдүүлэх тал дээр ямар бодитой
заалтууд орж байгаа вэ?

-Төрөөс геологийн
салбарт баримтлах нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд геологийн судалгаа,
шинжилгээ, мэдээллийн нэгдсэн сантай болно. Мэдээлэл бол хө­рөнгө оруулалтыг татах
нэг чухал хүчин зүйл юм. Мөн уур амьсгалын онцлогоос шалтгаалан геологийн судалгаа,
хайгуулын ажил хийх хугацаа манай орны хувьд жилд долоохон сар байдаг. Иймд хайгуулын
тусгай зөвшөөрлийн хугацаа нийт есөн жил байсныг 12 жил болгож байгаа. Энэ нь ордыг
ашиглахын өмнөх гурван жилийг тодорхой болгосон гэсэн үг л дээ.

Тусгай зөвшөөрлийн
төлбөр төлөөгүйгээс цуцлагдсан болон буцааж өгсөн тусгай зөвшөөрөл бүхий талбайг
сонгон шалгаруулалтгүйгээр ердийн өргөдлийн журмаар олгодог болно. Ингэснээр элдэв
хар дагуулдаг сонгон шалгаруулалтыг багасгаж, олон улсын зарчмаар буюу эхэлж ирсэн
нь эхэлж зөвшөөрлөө авдаг шударга тогтолцоог бэхжүүлнэ. Ялих ялихгүй шалтгаанаар
лиценз цуцалдгийг болиулж, ердийн  торгуулийн
хариуцлага руу  шилжүүлэх зохицуулалт туссан.
Өөрөөр хэлбэл, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийнхээ эрхийг хамгаалах шинэ зохицуулалтыг
тусгаж өгсөн. Бодлогын зөвлөл нь ч гэсэн хайгуулчид, уурхайчдын эрх ашгийг хөндөхгүй
байхад анхаарч ажиллах болно. Олон улсын стандартад шилжих замаар нөөц баялгийн
ангилалаа шинэчилснээр хөрөнгө оруулагч нарт ойлгомжтой, ил тод орчин бүрдэх юм.
Монгол Улсад хийгдсэн геологи судалгааны ажлын тайлан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөнөөр
дотоодын болон бусад орны хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох боломж эрс нэмэгдэхийн
зэрэгцээ үндэстний мэргэжилтнүүдээ олон улсад хүлээн зөвшөөрүүлэх үүд хаалга нээгдэх
юм. Ер нь бол хүнийг, аж ахуйн нэгжийг дагаж хөрөнгийн урсгал орж ирдэг.

-Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг
нь тогтоосон томоохон ордуудыг  эдийн засгийн
эргэлтэд оруулах талаар тусгасан уу?

-Шууд болон шууд
бус утгаар тусгасан. Төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордуудын төрийн эзэмшлийн
хувь хэмжээг тавь хүртэл байлгаж болох бөгөөд тус хэмжээг ордыг ашиглах Техник эдийн
засгийн үндэслэл, ашгийн түвшин, эдийн засгийн үр өгөөжөөс нь хамааруулж тогтоохоор
заасан.

-Уурхайн хаалт болон нөхөн сэргээлтийг
компанийн хариуцлагад үндэслэн сайжруулах, уг салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж
ахуйн  нэгжүүдийн орон нутагтай хамтран ажиллах
хамтын ажиллагааны  ил тод байдлыг яаж нэмэгдүүлэх
вэ?

-Тусгай зөвшөөрөл
эзэмшигч нь байгаль орчин, нөхөн сэргээлт, уурхайн хаалттай холбоотой үйл ажиллагаандаа
үүрэг, хариуцлагаа гүйцэтгэхэд  эдгээр асуудлаар
холбогдох төрийн захиргааны байгууллагад тогтмол мэдээлэл хүргэх ажилтантай байна
гэж хуульчилсан байгаа. Орон нутагт уул уурхайн олборлолт эхлүүлэхийн өмнө хөрөнгө
оруулагч, орон нутгийн иргэдийн хоорондын харилцан ойлголцох нөхцөлийг бүрдүүлэх,
уул уурхайн төслийн нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг тайлбарлан таниулах ажилд
орон нутгийн удирдлагын үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх ёстой юм. Мөн хөрөнгө оруулагч
компани, нутгийн өөрөө удирдах байгууллагын хооронд орон нутгийг хөгжүүлэх гэрээг
ил тод, иргэдийн оролцооны зарчимд тулгуурлан байгуулдаг байх зохицуулалтыг тусгаж
өгсөн. Байгаль орчин, орон нутгийн хөгжилд сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлэх
болон хамтарч ажиллах зорилготой гэрээг компани ба сумын Засаг дарга нарын хооронд
хийгдэнэ гэсэн үг. Энэ гэрээний загварыг Засгийн газар баталж байх юм.

-Энэ хуулийн төсөл батлагдсанаар улсын
төсвийн зарлага нэмэгдэхгүй гэж байна. Ер нь геологи, уул уурхайн салбарт хэрхэн
үр дүнгээ өгөх вэ?

-Энэ хуульд стратегийн
ордод хувь эзэмшихдээ төсөвт нэмэлт дарамт учруулахгүй байх, төр хувийн хэвшлийн
замаар эрэл, үнэлгээний  хайгуулын ажлыг дэмжих
заалтууд их орсон. Мөн геологийн албаны  чиг
үүргийг тусгасан. Гэхдээ шинэ орон тоо нэмж, нэмэлт зардал гаргахгүй. Монгол Улсын
нутаг дэвсгэр дээр геологи, геофизик гэх зэрэг судалгаа, шинжилгээ хийдэг, эрдэс
баялгийн хэтийн төлөвийн үнэлгээ өгдөг, эрдэс баялгийн мэдээллийн сан бүрдүүлдэг
тийм үндэсний Геологийн албаны чиг үүргийг тодорхойлсон байгаа. Ингэхгүй бол манай
улсад геологийн буюу газрын хэвлийн нэгдсэн бодлого алдагдаад байна.

-Нинжа нар буюу гар аргаар алт олборлогчдын
асуудлыг яаж зохицуулж байгаа вэ?

-Ер нь бол  олон улсын туршлагыг сайтар судалж байна.Одоогийн
байдлаар иргэний хуульд заасан бүртгэгдээгүй нөхөрлөлийн хэлбэрээр ажиллахыг зөвшөөрч
байгаа. Төсөлд бүртгэлтэй хоршоо, нөхөрлөлийн хэлбэрээр ажиллахыг дэмжих замаар
тэднийг албажуулах зохицуулалтыг тусгасан. Бусад оронд ийм байдлаар энэ үйл ажиллагааг
зөв гольдиролд нь оруулж ирсэн  юм билээ.Ингэж
нөхөрлөл хоршоо байгуулж хариуцлагатай, нөхөн сэргээлтээ хийх албан ёсны бүтцээр  ажиллахыг зөвшөөрөх юм.  Харин хууль 
зөрчсөн тохиолдолд  хариуцлага тооцохоос
өөр арга байхгүй нь мэдээж.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ редакцийн-нийтлэл цаг-үе

Сонгодог хөгжимд сэтгэл огт хөдөлсөнгүй, морин хуурын татлага сонсоод сэтгэл маш их татагдаж, тоглож сурсан

Морин хуурын олон улсын IV наадам өнгөрсөн пүрэв гаригт өндөрлөсөн.
Уг наадмын хүрээнд болсон морин хуур сонирхогчдын уралдаанд ХБНГУ-аас ирж оролцсон
Андрео Горецкитэй ярилцсанаа хүргэе. Тэрбээр IT инженер, морин хуур, шанз тоглодог
хүн юм байна.

 -Морин
хуурыг та анх хаана сонссон бэ. Яаж тоглож сурав?

-Би морин хуурын аялгууг 2006 онд анх сонссон. Хархоринд аялж явахдаа
Балдандорж гэдэг өндөр настай хөгжимчин жинхэнэ монгол аялгуу тоглохыг сонсоод сэтгэл
их татагдсан. Хожим нь Баярсайхан гэдэг морин хуур урлаач найзтай болж, тэр найз
маань надад морин хуур бэлэглэсэн юм.

-Та
хөгжимчин хүн үү. Герман улсын аль хотоос ирсэн бэ?

-Германд би IT инженер мэргэжлээрээ ажилладаг. Төрсөн хот маань Ханбург.
Гэхдээ би Боннд ажилладаг юм. Намайг бага байхаас аав маань аккордион, мандолин.
ээж гитар, цахилгаан төгөлдөр хуур тоглодог байв. Би багаасаа хөгжим сонирхсон ч
жаахан байхдаа тоглож сураагүй. Сүүлд, эвэр бүрээ, төгөлдөр хуур зэрэг гурав дөрвөн
хөгжим тоглож сурсан боловч эдгээр сонгодог хөгжимд миний сэтгэл огт хөдөлсөнгүй.
Харин монгол хөгжим сонсоод, ялангуяа морин хуурын татлага сонсоод сэтгэл маш их
хөдөлж, тоглож сурахаар шийдсэн. 

-Ямар
хүнээр заалгаж сурав?

-Анх Монголд ирснээсээ хойш гурван жил болоод дахин ирсэн л дээ.
Ажил ихтэй байсан учраас ойр ойрхон ирж чадаагүй. 2009 онд би монгол найз охинтой
болсон. Түүний ах нь миний найз морин хуур урлаач Баярсайханы найз байсан юм. Германд
морин хуур заах багш байхгүй учраас би 2012 онд Улаанбаатарт ирж Соёл урлагийн их
сургуульд орж, энд нэг жил амьдарсан. Соёлын сургуульд сурснаар миний морин хуур
тоглох техник сайжирсан. Энд би бизнес аялал хийхийн хажуугаар багшаар хуур заалгаж
байлаа. Мөн бичлэг сонсч, ноотыг нь ч сурсан.

-Хэдэн
жил морин хуур тоглож байна вэ?

-Таван жил.

-Морин
хуурт зориулсан зохиолуудтай та хэр зэрэг танилцав. Ямар аялгуу, ямар зохиолоос
тоглож байгаа вэ?

-Миний хамгийн дуртай аялгуу бол татлага. Монголын уламжлалт зургаа
долоон татлага сурсан. Жонон хар, Уйлган шарын явдал, икэлийн эгшгүүд гэхчлэн. Морин
хуураар тоглоход хэцүү икэлийн татлага, икэлд зориулсан эгшгүүдийг икэлээр нь тоглож
сурсан. Би нэг икэл авсан. Түүгээрээ икэлд зориулсан баруун монгол аялгуу тоглож
сурлаа. Гурван сарын турш Улаангом хотод байж баруун монгол татлага, биелгээг судалж,
тоглож сурлаа.

-Европын
зохиолоос морин хуураар тоглож үзэв үү?

-Р.Шуман, С.Бахын зарим нэг зохиолоос тоглодог.  

-Танай
орон сонгодог хөгжмийн их эртний гүн гүнзгий уламжлалтай. Гэтэл та монгол хөгжмийн
тоглолтын язгуур техникийг нь, хөгжмийн соёлын эртний уламжлалыг нь сонирхдог юм
байна. Улаангомд хэсэг хугацаанд амьдрахад монгол ахуй танд ямар сэтгэгдэл үлдээсэн
бэ?

-Улаангомд байхдаа олон янзын хийцтэй нүүдэлчдийн гэр үзсэн. Хамгийн
сонирхолтой нь тэнд зургаа долоон настай хүүхдүүд бүгд биелгээ мэдэж байна. Бий
биелгээний аялгуу надад маш их таалагдсан ч сурахад амаргүй байсан. Гэхдээ сурсан.
Одоо миний хүсч байгаа зүйл бол монгол хөгжмийн хамтлагтай тоглох. Германд амьдардаг
монголчууд жил бүрийн зун наадам хийдэг юм. Тэр үеэр би ганц хоёр удаа тоглож байсан.
Цаашид бас наадмаар тоглох хүсэлтэй байгаа.

-Манай
үндэсний хөгжмийн орчин үеийн хамтлагуудыг мэдэх үү?

-Манай улсад монгол хамтлагууд байдаг. Миний мэдэж байгаагаар, “Транс
Монголиа”, “Хөх Монгол” гэдэг хамтлагууд байна.

-Энэ
удаагийн олон улсын наадмын гала тоглолтод та Гал Шарын домог гэдэг магтаал тоглож
үзэгч сонсогчдоос хамгийн их алга ташилт хүлээж авлаа. Өмнөх өдрүүдэд нь ямар зохиол
тоглов?

-Чөлөөт тоглолт, трио тоглосон. Бас нэг магтаал тоглосон. Дагийранз
гуайн бүтээсэн Галшарын магтаалыг би бичлэгээс нь сонсч сурсан юм. Галшар сум Хэнтий
аймагт байдаг. Би тэнд маш их хөл хөөртэйгөөр хүргэн орсон. Тийм учраас тэндэхийн
магтаалыг нь сонирхож цээжилсэн юм. Маш сонирхолтой магтаал. Морин хуур тоглоод
магтаал хэлэх хэцүү. Гэвч би авьяасаараа сурсан. Морин хуурын сонгодог концерт цээжилж
чадахгүй ч уламжлалт соёлын монгол хэлний 200 үг цээжилж чадсан шүү.

-Морин
хуурыг чухам ямар онцлогоор нь та сэтгэлдээ илүү ойр хүлээж авав?

-Аялгуу эгшиг нь яг хайр шиг. Миний морин хуурт хайртай болсон шалтгаан
энэ л дээ. Өөр үгээр илэрхийлж чадахгүй нь ээ.

-Энэ
наадмын өдрүүдэд Морин хуурын чуулгатай хамт тоглож үзэв үү. Танд ямар санагдав?

-Гаднаас ирсэн бүх сонирхогчид Морин хуурын чуулгатай хамт нэг тайзан
дээр тоглосон. Оркестрт суудаг хөгжимчид дотор ид шидтэй морин хуурчид байна. Маш
гоё юм. Үүнээс илүү гоё сайхан зүйл байхгүй.

-Ойр
дотныхоо хүмүүст та морин хуур зааж өгье гэж бодож байгаа юу?

-Германд ганц хоёр хүнд зааж өгч магадгүй. Миний ажил, бизнес аялал
зэргээс шалтгаалаад бусдад заахад хүндрэлтэй байдаг. Өнгөрсөн хугацаанд хоёр хүнд
морин хуур бага зэрэг зааж өгсөн. Тэд үргэлжлүүлж заалгахыг хүссэн ч би дандаа завгүй
байлаа.

-Хаана
ч явсан та морин хуураа авч явдаг уу?

-Үргэлж авч явдаг. 

-Аав
ээж тань таны морин хуур тоглохыг сонсч байв уу?

-Зул сарын баяраар аав ээждээ Зул сарын аялгуу тоглож үзүүлсэн. Маш
их таалагдсан. Одоо тэд маань далан настай. Миний концертыг үзмээр байна гээд л
байгаа. Өндөр настай болсон учраас Монгол руу аялж чадахгүй шүү дээ.

-Та
морин хуурыг үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан гэлээ. Бас таван жил тоглож, монгол
хөгжмийн соёлоос судалж байгаа гэсэн. Энэ хугацаанд манай хөгжмийн соёлын талаар
ямар бодолтой болсон бэ?

-Монгол туульс үнэхээр гайхамшигтай. Үүнээс гадна миний дуртай олон
аялгуу байгаа. Жишээ нь, уртын дуу, татлага, биелгээ, ардын богино дуунууд, бас
орчин үеэс Н.Жанцанноровын бүтээл байна. Манайхан бол зөвхөн поп рок, сонгодог ари
мэднэ. Манай германчууд монголчууд шиг хөгжимтэй их ойр холбоотой хүмүүс биш. Хөгжимд
жаахан дуртай, энэ нь монголчуудынх шиг гүн гүнзгий биш.

-Та
бусад үндэстнүүдийн хөгжмөөс сонирхдог уу?

-Киргизээс комуз хөгжим авсан. Энэ хөгжим бас хоёр утастай. Хятад
улсаас пийпаа авсан. Бас шанз тоглодог. Шанзаар би зөвхөн монгол аялгуу тоглож байна.

-Энд
хөгжмийн сонирхлоороо аялахдаа Герман дахь ажил албаа хэрхэн зохицуулдаг вэ?

-Германд би өндөр цалинтай, бас чөлөөт цаг байгаа учраас хөгжимд
хүссэн цагаа зарцуулж байна. IT инженерийн ажил маань хөгжим сонирхоход саад болдоггүй.
Ажлын газар гэрт ойрхон. Долоо хоногийн таван өдөр нь өдөрт найман цаг ажилладаг
болохоор чөлөөт цаг ихтэй.

-Манай
улсад та хэдэн удаа ирэв?

-Арван удаа Монголд ирсэн.

 Н.ПАГМА       

Categories
мэдээ цаг-үе

Нэг лифт тутамд тендер зарлаж сүржигнэх нь хэнд ашигтай вэ?

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас  саяхан “Нийтийн
зориулалттай орон сууцны барилгын
цахилгаан шатны шинэчлэлт”-ийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах
тендер зарлажээ.  20 лифт тус бүрт тендер зарлаж буй аж. Энэ тендерт
дөрвөн компани оролцох саналаа хүргүүлээд буй 
аж. Нэг лифтийн эрх авахын тулд дээрх дөрвөн компани  тендер тус бүрт 80
гаруй материал бүрдүүлэх болж
байгаа юм. Өмнө нь 10-15 лифтийг багцлаад 
нэг тендер зарладаг байсан бол энэ удаа тус бүрт нь тендерт оролцохын
тулд
бичиг цаасны их ажил өрнөх болжээ. Энэ нь оролцогч компаниудын бухимдлыг
төрүүлээд
байгаа аж.

Нөгөөтэйгүүр  нэг лифт тутамд тендер зарлаж буй нь аж ахуйн
нэгжүүдийг чирэгдүүлсэн, өнөө төрийн албаны хүнд суртал арилаагүй байна гэсэн шүүмжлэлийг
араасаа дагуулж буй гэнэ.  Нийслэлийн худалдан
авах ажиллагааны газраас зарласан энэ тендер нь 
нэг талаараа олон аж ахуй нэгжийг тендерт  оролцуулах бодлого баримталж буй ч үнэн чанартаа
тендерийг аль эрт нэг аж ахуй нэгжийг оролцуулахын тулд эртнээс бэлдсэн, төлөвлөсөн
арга байж болохыг  зарим эх сурвалж хардаж
буйгаа нуусангүй. Учир нь   өнгөрсөн жил энэ
тендерт орж лифт тавих  эрх авсан атлаа  ажлаа гүйцэтгээгүй компаниуд бас бий гэнэ. Ийм
аж ахуйн нэгжүүдийг Сангийн яамны бүртгэлд оруулдаг аж. Бүртгэлд орсон бол тухайн
аж ахуйн нэгж “хар дансанд” орлоо гэсэн үг. Өнгөрсөн жил харин Сангийн яам яагаад
ч юм ийм бүртгэлээ хийгээгүй алгассан байна.

Энэ бүртгэлд орсон бол тухайн цаг хугацаандаа
ажлаа гүйцэтгээгүй компаниуд дахин тендерт орох боломжгүй болдог аж. Анхаарал татсан
бас нэг зүйл нь энэ жилийн тендерийг  төсвийг
нь өсгөсөнд байна гэж үзэх мэргэжлийн хүмүүс ч байна. Энэ он гарсаар Барилга, хот
байгуулалтын яам гэхэд 120 лифтэд нэг тендер зарлан сонгон шалгаруулжээ. Гэтэл  төрийн дунд албанд  болохоор 
нэг лифт тус бүрт тендер зарласныг 
ойлгох хүн байхгүй байгаа юм.

Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт
жилд 100-аас доошгүй, нийт 400 гаруй цахилгаан шат шинэчлэхээр зааж, санхүүжилтийг
нь төсөвт тусгаж өгчээ. Тиймээс 2015 он гэхэд 490 орчим цахилгаан шат солихоор төлөвлөж
байна. Эхний ээлжинд ашиглалтын хугацаа дууссан 265 цахилгаан шатыг яаралтай солих
шаардлагатай байгаа тухай мэргэжлийн хүмүүс хэлж буй юм. Стандартын шаардлага хангасан,
хамгийн хямд цахилгаан шат 20 мянган ам.долларын үнэтэй гэж тооцон 1,5 тэрбум төгрөгийн
санхүүжилтийг нийслэлийн төсвөөс авахаар болсон. Улаанбаатар хотын хэмжээнд одоогийн
байдлаар 3000 орчим лифт үйл ажиллагаа явуулдаг гэсэн судалгаа бий. Тэгвэл лифтүүдийн
дийлэнх нь ОХУ-д үйлдвэрлэсэн, ашиглах хугацаа нь дууссан байдаг гэдгийг Нийслэлийн
өмчит Улаанбаатар лифтийн үндэсний газраас мэдэгдэж байсан удаатай. Гэтэл энэ ажлын
хүрээнд хийж буй тендерүүд захаасаа аван иймэрхүү байдлаар хуудуутай явж байна гэж
үзэх хүмүүс гарах болж буй юм.

Уг нь Нийслэлийн өмчит “Улаанбаатар лифт” ХХК
ШӨХТГ-тай хамтран нийслэлийн хэмжээнд орон сууцуудын цахилгаан шатуудад шалгалт
явуулж, үйлдвэрлэсэн он, ашиглах хугацаа, хэдэн хүн даах чадвартай, хэдий хүртэл
ашиглах боломжтой болон бусад мэдээллүүдийг байршуулах үүргийг өгч байсан. Ингэснээр
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулинд байх “Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас
баталсан стандарт, техникийн нөхцөл, барилгын болон эрүүл ахуй, ариун цэврийн норм,
жор, түүнчлэн хууль тогтоомж, гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ, аюулгүйн
шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил үйлчилгээгээр хангуулах эрхтэй” гэсэн заалтын
дагуу иргэд эрхээ хангуулах эрхтэй болсон. Гэтэл тендерт оролцчихоод  авсан ажлаа гүйцэтгэдэггүй, тавьсан лифт нь асуудал
дагуулдаг аж ахуйн нэгжүүдэд тодорхой шалгуур тавих шаардлагатай байгааг мэргэжлийн
хяналтын байгууллагаас удаа дараа сануулж буй юм. Он гарсаар шинэ тавьсан лифт хурдаа
алдах төмөр бэхэлгээ нь саарах гэх мэтээр олон удаа зөрчил гаргаж байжээ. Үүнээс
болж хүний амь эрсдээгүй ч лифтийн асуудалд анхаарлаа хандуулахгүй бол магадгүй
барилгын салбараас болж амиа алдагсдын тоог нэмэх хандлагатай байгааг хэлэх хүн
ч байна.

Г.ЯЛГУУН

Categories
мэдээ цаг-үе

Р.Амаржаргал: Хөрөнгө оруулагчид, ажил хэргийн мэдлэгтэй сайд нарыг хүсч байна

УИХ-ын гишүүн Р.Амаржаргалтай ярилцлаа.

-Та сүүлийн үеийн нөхцөл байдалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсэнгүй. Ер нь өнөөгийн эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлыг юу гэж дүгнэж байна вэ?
-Томилолтоор ажиллаад ирсэн учраас улс төр яасан гэх мэтээр асуудлын гүн гүнзгий томъёоллыг сайн мэдэхгүй байна. Харин эдийн засгийн хувьд гэвэл Үндэсний баялгийн сангийн институт гэж бий. Энэ байгууллагын Азийн чуулга уулзалт Хонгконгт болсонд урилгаар оролцоод ирлээ. Баялгийн сангийн захирал, удирдах ажилтнуудаас бүрдсэн 100 гаруй хүн оролцсон. Тэднийг ажиглахад нэг триллион гаруй ам.доллартай тэнцэхүйц хэмжээний активыг төлөөлсөн хүмүүс байна. Харин манай улсын нийт бүтээгдэхүүн 10 миллиард ам.доллартай тэнцдэг. “Энд их том зөрүү байгаа ч бид ДНБ-ээ нэмэгдүүлэх бололцоо байгаа. Уул уурхайн салбартаа тулгуурлаад хөрөнгө оруулалтыг их сонирхож байна. Дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх, эко аялал жуулчлал, эрүүл мэндтэй холбоотой гэх мэтчилэн олон салбарт хөрөнгө оруулалтыг татаж үр бүтээлтэй ажиллаж чадах юм бол 3-4 жил тутамд ДНБ-ээ нэг дахин өсгөөд байх боломжтой. Энэ хандлагаа 20-25 жил хадгалах боломж бас бий” гэсэн санааг хэллээ.  Миний тэнд хэлсэн дараагийн санаа Монголын хөрөнгө оруулалтын орчны хөгжлийн тухай асуудал байлаа. Монголчууд 1990, 2000, 2010 он гээд хөрөнгө оруулалтын орчны ерөнхий динамикийг ярьж өгсөн. “Бид наашаа харсан бүхнийг хөрөнгө оруулаач гэдэг байсан бол одоо сонирхол, цар хүрээ өргөжиж сонголт хийх боломж нэмэгдсэн гэдгийг дуулгасан. Гуравдугаарт нь “Хөрөнгө оруулалтын орчин, том том төслүүдийг хэрэгжүүлэхтэй холбоотой олон улсын эрх ашгийг тэнцвэржүүлэх асуудал Монголын хувьд томоохон сорилт болж байна. Үүнтэй өмнө нь учирч байгаагүй ч бид шантрахгүй байгаа. Шийдэх арга зам нь бүс нутгийн хамтын ажиллагаа, үүний механизмуудыг бүрэн гүйцэд ашиглах, үйл ажиллагаанд идэвхтэй оролцох” гэж харж байгаагаа хэлсэн. Ерөөсөө Монголын эдийн засгийг зөв залбал ийм байгаа. 
-Чуулга уулзалтад оролцсон баялгийн сангийн захирлууд өнөөгийн эдийн засгийн тухай юу гэж байх юм, тэд. Хэр сонирхож байна вэ?
-Монголын талаар ихээхэн сонирхож байна. Би 70 орчим нэрийн хуудас аваад явсан. Гэтэл хуралдааны эхний өдрийн үдээс өмнө хүмүүс надтай ирж уулзаад нэрийн хуудсаа солилцоод дууссан нь үүнийг илтгэж байлаа. Ямар ч гэсэн сонирхол бас орчин нь байгаа юм байна. Хамтарч ажиллах боломж нь хэр байгаа вэ гэдэг нь хамгийн их анхаарал татсан асуудал болсон. Тэнд нарийн мэргэжлийн хүмүүс оролцож байсан учраас бидэн шиг хуурай, ерөнхий зүйл ярихгүй байна. Ази гэдэг бүс нутгийн хаана хөрөнгө оруулалт хийвэл ашигтай, хаана өндөр өгөөж байна, яагаад энд хөрөнгө оруулалт хийх ёстой юм гэдгээс эхлээд хөрөнгө оруулалт хийвэл ямар нөлөөлөл байна гэдгийг тодорхой ярьцгааж байна. Мөнгөтэй хүмүүс хөрөнгө оруулалт хийхдээ шаардлага гээд хэлчихэж болох зүйлийг ярьдаг юм байна. Тухайлбал, санхүүгийн тогтвортой байдал. Улсын төсвийн алдагдал нь тодорхой хэмжээнд, валютын хэлбэлзэл бараг хөдөлгөөнгүй, өрийн хязгаарыг зайлшгүй өгөгдчихсөн байх ёстой зүйл гэж ойлгодог. Гэтэл энэ бүхэн Монголд тогтворгүй болчихоод байгаа. Хөрөнгө оруулагчдын хувьд зайлшгүй байх нөхцөл, хангалттай нөхцөл гэж байна. Бид зайлшгүй байх нөхцөлөө бүрдүүлж өгөх нь бүү хэл мэдэхгүй байна.  
-Засгийн газраас Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрийг оруулж ирсэн. Энэ хөтөлбөр батлагдсанаар эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт хэр дэм болох бол?
-Өнгөрсөн оны наймдугаар сард төсөвт тодотгол хийсэн дээ. Энэ үеэр УИХ-аас Засгийн газарт чиглэл өгөх санаа гарсан юм. Үүнийг хэлэлцсээр УИХ-ын гишүүд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлээр анхны төслөө боловсруулж Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн. Хуулийн дагуу Засгийн газар энэ оны нэгдүгээр сарын 15-ны дотор эргүүлэн өгөх ёстой байлаа. Гэтэл манай Засгийн газар асуудалд ханддагаараа хандаж удаасаар өнөөдрийг хүргэсэн. Өнөөдөр буюу эцэст нь аянга ниргэхээр залбирдгийн үлгэрээр асуудал хурцдахаар тогтоолын төсөл болгон оруулж ирж байна. Миний харж байгаагаар энэ тогтоолын төсөл Монголын эдийн засагт гай болохгүй. Гэхдээ батлагдчихвал бүх зүйл эрчимжих үү гэвэл бас үгүй. Яагаад гэвэл Засгийн газрын өнөөгийн нөхцөл байдал нь ийм дүгнэлт хийхэд хүргэж байгаа.
-Тогтоолын төсөлд хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх тодорхой заалтууд байна уу. Оюу толгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт анхаарлын төвд байх шиг?
-Оюу толгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалттай холбоотой заалтаар нь завсарлага авлаа. Ер нь Монгол Улс олон төрлийн баримт бичиг гаргасан, гаргасаар байна. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого гэх мэт. Их хугацаа шаардаж байж боловсруулаад сайн гэж томъёолоод баталсан. Уул уурхайн хууль, ашигт малтмалын хууль гээд элдэв төрлийн баримт бичгүүд бас байна. Энэ баримт бичгүүд маань жинхэнэ төрийн бодлого болж чаддаггүй юм байна гэдгийн илрэл өнөөдөр бий болчихож. Асуудлуудыг харахад учир дутагдалтай, чанаргүй, хоёр сарын нойр даахгүй баримт бичгүүд юм уу, эсвэл УИХ нь ийм хэмжээний юм уу гэж уншигдахаар байгаа юм. Хэрвээ төр засгийнх нь салбар дахь бодлого нь тодорхой байсан бол Засгийн газар, яам, тамгын газар нь бүрэн гүйцэд хэрэгжүүлдэг байсан бол өнөөдөр ийм зүйл яригдахгүй. Нарийн яривал Оюу толгойн асуудлыг шийдэхэд яам оролцох шаардлагагүй. Магадгүй нэг газар агентлаг шийдээд л явчих боломжтой юм. Энэ нь засаг дэндүү сул байгааг илтгэж байна. Ийм сул Засгийн газар Монгол Улсыг цааш нь авч явж чадахгүй. Засгийн газрын ажил, ам хоёрын хооронд том зөрүү гарсан л даа. Амаараа нэг зүйлийг яриад байдаг ажил хийхээрээ хөрөнгө оруулалтын орчинг доройтуулсан, эргэлзээ төрүүлсэн, эргэж буцахад хүргэсэн олон үйлдлийг хийсэн. Тухайн үед хүмүүс хэлж, анхааруулж байсан ч арга хэмжээ огт аваагүй. Би 2013 оны гуравдугаар сард байр сууриа илэрхийлж анхааруулга өгсөн. Дөрөв, тавдугаар сард эдийн засгийн хүндрэл бий болох гээд байна. Удирдаж байгаа хүмүүст нь асуудал байна гэдгийг бас л илэрхийлсэн. Хэн ч, ямар ч хариу өгөөгүй. Явсаар байгаад арваннэгдүгээр сард гишүүнээсээ татгалзъя гэж байгаад дахин асуудлыг хөндсөн. Ингэхдээ “Эдийн засаг хүндэрлээ. Эдийн засаг хүндрэхэд гол нөлөө үзүүлж байгаа хүмүүс нь хариуцлага хүлээх ёстой” гэсэн ч харамсалтай нь миний үгийг аваагүй юм. 
-Тэгэхээр Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг хөндөх ёстой гэсэн үг үү?
-Дорж, Дондог, Дулмаа гэсэн субъектдээ асуудал байгаа юм биш. Тогтолцооны хувьд яаж явах юм. Тулгамдсан асуудал чинь юу юм гэх мэтийн зүйл бол удирдлагын ухааны цагаан толгой юм. Өнөөдөр зорилго байна. Тэр зорилгыг хангаж чадах бүтцийг бий болго. Бүтцийг амилуулаад аваад явж чаддаг боловсон хүчнийг шилж сонгоод тавь. Ердөө л энэ. Эдийн засаг микро түвшиндээ ч тэр макро түвшиндээ ч тэр маш хүнд байдалд орчихоод байна. Энэ асуудлыг шийдэх гарц нь тогтоолын төсөл биш. Асуудлыг шийдэхийн тулд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд нэлээд өөрчлөлт оруулах ёстой. Нэгдүгээрт яамдын тоог цөөрүүлж, илүү албан тушаалыг танах хэрэгтэй. Дээрээс нь нэр нүүрээ барчихсан хүмүүсийг байлгах шаардлагагүй. 
-УИХ-аар хагас жилийн турш хэлэлцсэн УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байхыг хориглох хууль батлагдсангүй. Таны хувьд 2014 онд хэрэгжихийг дэмжиж эцсийн санал хураалтад оролцсон. Яагаад заавал Засгийн газрыг огцруулах, өөрчлөх санаа агуулаад байгаа юм?
-Засгийн газрыг огцруулах асуудал байсангүй. Гүйцэтгэх засаглалын тогтолцоог арай өөрөөр харах шаардлагатай юм уу гэдэг үүднээс гаргаж тавьсан асуудал байх. Гүйцэтгэх засаглал үр ашигтай ажиллах ёстой. Ингэхийн тулд зохион байгуулалтын ийм шийдэл нь зөв байна гэж Ерөнхийлөгч оруулж ирээд хэлэлцүүлсэн. Хэлэлцүүлгийн үед улс төрийн өнгө аяс нь давамгайлаад асуудлынхаа агуулга, мөн чанар руу нэг их өнгийсөнгүй. Эцсийн дүнд Засгийн газрыг огцруулах гээд байна гэсэн санааг дэвшүүлж үүнийгээ тойрч шуугисаар байгаад өнгөрлөө. Энэ бол бидний нүүр царай. УИХ-ын байдал, УИХ-ыг бүрдүүлж байгаа намуудынх нь хариуцлагын чанар ердөө энэ. Тангараг өргөсөн УИХ-ын гишүүд нь өөрсдийнхөө эрх үүргийг хэрхэн ухамсарлаж байгаагийн илрэл. Миний хувьд нааштай санал өгсөн. Ийм санал өгөх шалтгаан байсан. Тодруулбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард байр сууриа илэрхийлчихсэн байсан юм. Би өдөр болгон байр сууриа солиод байдаг хүн биш. 
-Улс төрийн тогтвортой байдал эдийн засагт эерэгээр нөлөөлдөг юм биш үү?
 -Улс төрийн тогтвортой байдал гэж юу юм гэдгийг бид ойлгох ёстой. Алдаа дутагдал гаргаад түүнийгээ нууж хаагаад байгааг тогтвортой байдал гэдэг үгээр халхлаад яваад байх уу. Эсвэл алдаа дутагдлаа ил гаргаж үүнийгээ засч эзэн холбогдогчид нь хариуцлага хүлээлгэх үү. Зарим нэг хүмүүс хөрөнгө оруулагчид тогтвортой байдал хүсч байна гээд байгаа юм. Тэр үнэн. Гэхдээ хөрөнгө оруулагчид ажил хэргийн мэдлэгтэй сайд нарыг хүсч байна. Ажлаа мэддэг, хийж чаддаг, хөрөнгө оруулагчидтайгаа харилцан ашигтай хамтарч чаддаг хүмүүсийг хүсч байна. Ер нь намын эв нэгдэл, намын эрх ашиг гэсэн гоё гоё нэр томъёонуудаар муу муухай бүхнийг хааж, булхайгаа нууж далдалж байгаа бол энэ улсад нэг их тус хүргэхгүй.

Л.МӨНХТӨР