Categories
мэдээ цаг-үе

Хүүгийнхээ “Ээждээ яарсан сэтгэл”-ийг нь сонсох дуртай

Нутгийн цэнхэр ууланд нь

Униар будан хөшиглөж байгаа даа

Нуурын шувууд ганганан нисэхэд

Ухаант ээж минь уймрах вий дээ…

Сэтгэл минь яарах юм

Ээжээ зүүдлэх юм

Санчиг буурал ээж минь

Байн байн бодогдох юм даа… хэмээн эгшиглэмэгц сэтгэлийн гүнд хүрч цээжинд “нэг юм” тээглэх шиг, хоолой зурах ч шиг болдог энэ дуу бол “Чингэс хаан“ хамтлагийн ахлагч, гавьяат жүжигчин Дашзэвэгийн Жаргалсайханы “Ээждээ яарсан сэтгэл” хэмээх дуу юм. Энэ дуу зүрх сэтгэлийн тэртээх гүн цүнхээлд, хүний ухамсрын дайдын дайдад шурган ороход сэтгэл оюун чичирхийлдэг билээ. Д.Жаргалсайхан гуай энэ дуугаа ээждээ зориулж зохиожээ. Харин ээж нь “Хүүгийнхээ бүтээлүүд дотроос аль дуунд нь хамгийн дуртай вэ” гэх гэнэн гэмээр асуултад маань “Ээждээ яарсан сэтгэл”-д нь гэж хариулсан юм. Тэрбээр Монгол Улсын гавьяат багш Гаадангийн Бадам гуай. “Мартын 8” ойртож буй энэ өдөр орчлонгийн сайхан ээж Бадам гуайтай уулзаж үр ач, гэр бүл, ажил амьдралынх нь сониноос хуваалцлаа. Бадам гуай Увс аймгийн Тэс сумын уугуул гэнэ. Дунд сургуулиа төгсөөд урлагийн сургуульд сурахаар Улаанбаатарт иржээ. Түүний хань Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт уран барималч Чимидийн Дашзэвэг гуай. Урлагийн сургуулийн баримлын ангид Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас ирсэн залуу хөвгүүн Дашзэвэг, хөгжмийн ангид Увс аймгийн Тэс сумаас ирсэн Бадам хэмээх хөөрхөн бүсгүйтэй танилцаж, сэтгэл нийлэн гэр бүл болжээ. “Монгол орныхоо зүүн, баруун зүгийн хоёр хүн нийлэв дээ, бид хоёр” хэмээн Бадам гуай тэр холоос яриагаа эхэллээ. Хол нутгийн хүнтэй ханилав гэж тухайн үедээ нутгийн ахан дүүс тийм ч дуртай байгаагүй ч залуу хос тэр мэтийг ажралгүй туулж таван хүүхдийн эцэг эх бололцон тавин таван жил ханилжээ. Бадам гуай анхны хүүхдээ хорин хоёртойдоо төрүүлсэн гэнэ. Дөрвөн хүү, нэг охин төрүүлсэн дархан бэр аж. Энэ гэр бүлийн бахархах нэгэн сонин гэвэл, аав, ээж, хүү гурван гавьяат цолтонтой. Тэгэхдээ эхлээд хүү Жаргалсайхан нь гавьяат жүжигчин болжээ. 1998 онд. Дараа жил нь 1999 онд Дашзэвэг гуай урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртэхэд Монголын урчуудын эвлэлийн үе үеийн удирдлага болох таван хүн баяр хүргэхээр гэрт нь зочилж очоод “Бид мэргэжлийн алдаа гаргажээ. Хүүгээс тань өмнө танд гавьяат өгөх байсан юм” хэмээн цагаахнаар инээлдэн хөхрөлдөж байсан гэнэ. Үүнээс хойш хэдхэн жилийн дараа 2009 онд Бадам гуай гавьяат багш цол хүртжээ.

Нэрт уран барималч Ч.Дашзэвэг гуай XX зууны Монголыг бүхэлд нь илэрхийлэх урлагийн бүтээлүүдээрээ цаг цагийн салхийг сөрөн өнөд орших эрхэмсэг оршихуйг бүтээсэн нэгэн билээ. 1962 онд Улсын баатар Ц.Олзвойн хөшөөг Ховд аймгийн Манхан суманд, 1964 онд Улсын баатар Т.Борын хөшөөг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд, 1966 онд Ард Аюушийн хөшөөг Ховд аймгийн Ховд хотод, 1967 онд Улсын баатар Х.Дамбын хөшөөг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд, 1968 онд Улсын баатар Л.Даваадоржийн хөшөөг, 1969 онд Улсын баатар Б.Тэгшээгийн хөшөөг Ховд аймгийн Чандмань суманд,1970 онд Улсын баатар Бэгзийн Гивааны хөшөөг Увс аймгийн Улаангом хотод, 1970 Улсын баатар Лхагвадоржийн хөшөөг Булган аймгийн төвд бүтээсэн байдаг. Энэчлэн үндэстний оюун санааны үнэт зүйл болох эх оронч үзлийг илэрхийлсэн уран баримлын бүтээлүүд нь тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Г.Амарсанаагийн хөшөө, партизан Д.Содномдаржаагийн хөшөө, төр нийгмийн зүтгэлтэн Б.Элдэв-Очирын хөшөө хэмээн үргэлжилнэ. Ч.Дашзэвэг гуайд 2007 оны гуравдугаар сарын найманд нийслэлээс “Ачлал буянт аав” өргөмжлөл, гэр бүлийн сайн сайхны төлөөх нэгэн төрийн бүс байгууллагаас эдний гэр бүлд “Шилдэг гэр бүл” гэсэн өргөмжлөл гардуулсан нь Бадам гуайн ажлын өрөөнд дэлгээстэй байх аж. Бадам гуай пионерийн удирдагчаар 1970-1989 он хүртэл ажилласан гэнэ. Пионерийн удирдагч гэдэг нь одоогийн амьдралд нийгмийн ажилтан гэсэн үг юм даа гэж тайлбарлаж өгсөн. “Пионерийн удирдагч, эвлэлийн хорооны дарга хоёр бол сургуулийн захирлын гол туслах, баруун гар талд нь л суудаг хүмүүс байлаа. Хүүхдүүдийн сурлага хүмүүжил, эцэг эх, ар гэрийн аж байдал гээд пионерийн удирдагчийн анхаарлын гадна үлдэх зүйл нэгээхэн ч байдаггүй байв.Би 53 нас хүртлээ улаан бүчээ зүүж пионерийн удирдагчаа хийсэн” гэж сонирхуулсан юм.

Хүүхдүүдээ багаас нь хөдөөгийн амьдралд ойр өсгөж, зуны амралт эхлэх бүр аав ээждээ туслуулахаар Хэнтийн Өмнөдэлгэр рүү явуулдаг байсан гэнэ. Тэрбээр “Өвгөн маань их алсын ухаантай хүн байсан. Хүүхдүүдээ төрсөн нутагтаа, малд ойр өсгөсөн. Одоо манайх хөдөөнөө малтай. Тэмээнээс бусад нь бий. Малчин авч ажиллуулдаг юм.Миний хүүхдүүд хөдөөний амьдралд багаасаа ойртсон учраас хэн нь ч байсан очоод хадлан бордоогоо хадах зэрэг малын ажилд тусалдаг юм” гэж байв. Тэнд дөрвөн хүүхэд нь дөрвүүлээ гэртэй, өөрөө гэртэй, цагаан идээний нэг гэртэй, ингээд зургаан гэр байж байдаг гэнэ. Тэндээ тарагны ааруул, шар тос гээд төрөл бүрийн идээ цагаа бэлддэг байна. Зунд зочин ихтэй, ах дүүс, хүүхдүүдийнх нь найз нөхөд гээд хөл тасардаггүй байна. Хүүхдүүдээ “хамгийн гол нь их ажилсаг” гэж магтаж байлаа. Бидний яриан дундуур утасны дуудлага орж ирлээ. Бадам гуай уучлалт хүсээд утсаа авав. Тэгээд “Хоёр хүү маань малчинтайгаа уулзаж, ажил төрөлд нь туслахаар өнөөдөр хөдөө явж байна, манайхаар орчихоод замдаа гарч байна гэнэ ээ. Батсайхан, Баярсайхан хоёр маань” гэж сонирхуулав. Хүү Батсайхан нь ч бас сайхан дуулдаг, труба хөгжим тоглодог гэнэ.Жаргалсайхан, Батсайхан, Баярсайхан, Энхсайхан, Энхтуяа гэхчлэн дандаа “сайхан”-тай юм уу “энх”-тэй нэр хүүхдүүддээ хайрлажээ. Харин ач зээ нарт нь Жаргалсайхан нь нэр хайрладаг гэнэ. Миний хүү ах эгч дүү нарынхаа хүүхдүүдэд их өвөрмөц содон нэр бодож өгдөг юм гэж байв. Эдийн засагч, геологич, хөгжимчин гээд үр хүүхдүүд нь янз бүрийн мэргэжил эзэмшжээ. Ач зээ олуулаа, хүн үр хүүхдээ тоолдоггүй юм гэнэ лээ. Бүгдээрээ сайн сайхан амьдарч байна гэсэн юм. “Чингэс”-ийн Жагаа буюу Жаргалсайхан гуайн хөгжмийн анхны багш нь ээж нь байжээ. Нийслэлийн зургадугаар сургуульд дуу хөгжмийн багшаар ажиллаж байхдаа хүүдээ анх ноот заасан тухайгаа ярьсан юм. Сурлага сайтай, математик, физик их сонирхдог хүү маань том болоод барилгын инженерийн сургуульд Орост сурахаар явсан боловч аргагүй л урлагт татагдаад сургуулиа орхиж ирээд л “Соёл-Эрдэнэ” хамтлагт орчихсон юм гэж байв. Хүү нь багадаа өдрийн тэмдэглэл уйгагүй хөтөлдөг хүүхэд байжээ. Цэцэрлэгт байхад нь 250 төгрөгөөр гармон хөгжим авч өгч хөгжимд дурлах эхлэлийг тавьсан байх гэж мөн ярьсан. Бадам гуай хүүхдүүдээ цэцэрлэгт байхаас эхлэн гэртээ ханын сонин гаргаж, “шилдэг”-ээр тодруулан, ханын сониныхоо тэргүүн нүүрийг зориулан урамшуулдаг байжээ. Ингэж урамшуулах нь хүүхдэд их сайнаар нөлөөлдөг гэж насаараа боловсролын салбарт хүүхдүүдийн дунд ажиллаж ирсний хувьд онцолж байв. Бадам гуай өдгөө ная дөхөж яваа хэрнээ хөгжилтэй, бас эмх цэгцтэй яриа хөөрөөтэй нэгэн юм. Биеэ авч явах өндөр соёлтой, түүнээ өдгөө ч гээгээгүй нь гайхалтай аж. Тэрбээр Монголын их дээд сургуулиудын оюутны дотуур байрны консерциумын зөвлөх багшаар ажилладаг юм байна.Аав ээжийнхээ тухай, ажлынхаа найз нөхдийн тухай, үр хүүхэд ач зээ нарынхаа тухай, одоо дунд нь бужигналдаж, аав ээжээсээ хол амьдарч байгаа оюутнуудад ээжийнх нь оронд хэрхэн ээж болж яваа тухайгаа олон сонин сайхныг хуваалцсан юм. Цэргийн алба гурван жил байх үед гурван хүү нь цэрэгт мордож,Жаргалсайханыгаа Амгалангийн цэргийн ангид, Батсайхан Баярсайхан хоёрыгооЗүүнбаянгийн хилийн цэрэгт үдэж байжээ. Манай рок хөгжмийн домогт дуучин Жаргалсайхан наяад оны цэрэг гэдэг. Тэрбээр цэргийн албанд мордсон үеэ дурсан нэгэн хэвлэлд ийн ярьсан нь соньхон байдаг. “1983 оны зургадугаар сарын 22-нд цэргийн дамжингаас бүхээгтэй ногоонд ачигдан 1000 цэргийн карантин дээр ирж байсан азарган ширүүн бороотой шөнийг би яаж мартах вэ. Биднийг угтаж авсан бага дарга, цэргүүд бүгд майхан ногоон цув өмссөн нь усархаг бороотой тэр шөнийг бүр ч сүртэй харагдуулж билээ. Ингэж “Соёл-Эрдэнэ” хамтлагийн гоцлол дуучин, гитарчин Д.Жаргалсайхан цэрэгт очсон юм. Цэрэгт ирсэн анхны шөнөөс эхлэн, сонирхож, сонжиж харах олноор хүрээлүүлсэн. Намайг ямар цэрэг болсныг харах гэж дуг нойрондоо дугжирч байсан бага дарга, офицерууд хүртэл ирсэн байж билээ” гэж. “Чингэс хаан” хамтлагийн ахлагч, хүү Жаргалсайханых нь дуулсан, Ц.Бавуудоржийн шүлэг, Л.Балхжавын хөгжим “Гүрэн Монгол чинь хүлээнэ” дууны клипэнд сүүн цацлаа өргөн зогсоо ягаан дээлтэй ээжийн дүр гардгийг уншигчид санаж байгаа байх. Рок попынхон өөрсдийн клипэнд Бадам гуайг хааяа урьж тоглуулдгийн нэг нь энэ ажээ.

Сувдан цэнхэр ууланд нь

Сүүмэлзэх саран хоноглож байгаа даа

Хүүгээ элгэндээ санан тээсээр

Хөөрхий ээж минь бэтгэрэх вий дээ

Сэтгэл минь яарах юм

Ээжээ зүүдлэх юм

Санчиг буурал ээж минь

Байн байн бодогдох юм даа хэмээн өөрт нь зориулан зохиож дуулсан хүүгийнхээ энэ дууг сонсох бүртээ Бадам гуай өөрийнхөө ижийг бас л үгүйлэн санадаг байх даа гэж бодогдоно.

Н.ПАГМА

Categories
мэдээ цаг-үе

Миний аав үе дамжсан бичгийн хүн

Улаанбаатарыних сургуулийн монгол хэл, уран зохиолын тэнхимийн эрхлэгч, хэл бичгийн ухааны доктор, профессор Г.Билгүүдэйтэй ярилцлаа.

-Таны аавыг эрдэмтэн, зохиолч, утга зохиолын онолч, шүүмжлэлч, аман зохиол судлаач , орчуулагч гэдгээр нь монголчууд андахгүй.Аавынхаа удам угсаа, нутаг усыг сонирхуулаач?

-Аав минь удам дамжсан бичгийн хүн л дээ. Өвөө маань Шанжмятав гэдэг хүн байсан. 1880 онд төрсөн хүн. 1933 оны намар 53 настайдаа нас барсан гэдэг. Нутагтаа их мундаг бичээч гэгддэг байсан юм билээ. Бичээч нар дундаасаа гаргацтай сайхан бичдэгээрээ гойд ялгарсан хүн байж. Нутаг усны хүмүүсийнхээ өмнөөс зарга хийхдээ гаргууд хүн гэж дуулсан. Аав минь Шанжмятав гэдэг хүний найман хүүхдийн хамгийн бага нь. Өвөөгийн аав нь Цэвэг-Очир гэж хошууны захирагч хүн байсан гэдэг. Мөн л бичиг үсэг сайтайгаараа гайхагдсан хүн байж. Түшээт хан аймгийн улс. Хошуу ньДайчин вангийн хошуудын урд талд. Булган аймгийн Могод, Сайханы урд хэсэг, Хишиг-Өндөр, Гурванбулагийн хойд хэсгийг хамарсан том хошуу байсан гэдэг. Аавын удамд хиа хүн хүртэл байсан юм билээ. Бичиг үсэгтэй хүн л ноёныг дагаж таарна. Цэвэг-Очир гэж хүний аав нь Гомбо бичээч гэдэг хүн байж. Гэхдээ баримт муутай. Нэг сонин түүх бий. Хишиг-Өндөрийн сургууль 1924 онд байгуулагдахад анхны багшаар нь миний өвөө ажиллаж байсан баримт байдаг. Нэг жил багшлаад халагдсан байдаг юм. Авзагын хүрээний 16 хүүхдэдхичээл заадаг байж. Ах ламынхаа хашаанд монгол гэр бариад өнөө 16 сурагчаа ээлжээр дуудаж монгол бичиг заадаг байсан баримт бий. Богдод тоглосон Нямын Цэгмид гуай анхны сурагчдынх нь нэг. Марк цуглуулдаг Болдхэтийн аав Сэрээтэр гуай бас анхны шавь нь. Одоо Хишиг-Өндөрийн сургууль аавын нэрэмжит болсон.

-Аав, ээжээс хэдүүлээ вэ?

-Ээжминь жирийн л нэг ажилчин хүн байсан. Алдар нь Дулмаа. Архангай аймгийн Хашаатын хүн л дээ. Бид аав, ээжээс зургуулаа. Том гурав нь эмэгтэй. Наранцэцэг, Саранцэцэг, Солонгос гэсэн нэртэй. Бага гурав нь эрэгтэй. Бэрхээдэй, Билгүүдэй, Бүрэндэй. Эгч нар маань бүгд тэтгэвэртээ суусан. Том эгч залуудаа худалдагчаар ажиллаж байсан юм. Кранчийн курст хүртэл сууж байсан хүн. Хоёр дахь эгч нийтийн хоолны технологич мэргэжилтэй. Энэ мэргэжлийн анхны төгсөлт нь. Төмөр замд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Аав, ээж хоёр минь бага эгчийг хамаатныдаа өргүүлсэн. Биддотно харилцаатай байдаг. Аав Солонгосын дайн дуусаад удаагүй үед Хойд Солонгос руу яваад ирсэн юм. Яг ирэх үед нь төрсөн учраас Солонгос гэсэн нэр өгсөн гэдэг. Эдийн засагч мэргэжилтэй. Одоо Хөвсгөлийн Рашаантад амьдардаг. Том ах зураач. Дүү маань компьютерийн чигийн хүн.

-Эрдмийн хүний ажил цаг наргүй, үр хүүхэд гэр бүлдээ зарцуулах цаг тэр бүр гардаггүй гэсэн үгийг олон хүнээс сонсч байсан. Таны аав хүүхдүүддээ хэр цаг гаргадаг байсан бэ?

-Ер нь их анхаарна шүү. Тэг ингэ гэж зааж зааварлаад байхгүй ч биеэрээ үлгэрлэнэ. Манайх хоёр өрөө байртай. Аав жижиг өрөөнд юмаа бичээд суучихна. Шөнийн нэг, хоёр цаг хүртэл сууж ажилладаг хүн байсан юм. Аавын энэ хичээнгүй чанар бидэнд үлгэр болсон.

-Ш.Гаадамба гуайзохиолчдоос хэнтэй илүү дотно нөхөрлөдөг байсан бэ?

-Ц.Дамдинсүрэн гуайтай.

-Ц.Дамдинсүрэн гуайн шавьгэдэггүй билүү?

-Тийм харилцаатай байгаагүй. Аавыг их сургууль төгсөх үед нь буюу тавиад оны эхэн үед Ц.Дамдинсүрэн гуай зохиолчдын хорооны дарга, “Цог” сэтгүүлийн эрхлэгчээр ажиллажбайсан. Танилцаагүй байх үедээ Дамдинсүрэн гуайн хүн гэгдэх болсон л доо. Утга зохиолын хүрээнд дэгдсэн маргаанд оролцсон гэдэг юм. Тэр үед Ц.Дамдинсүрэн гуай “Бух Гомбо” гэдэг өгүүллэг бичиж л дээ.Амьдралд байдаггүй юм бичлээ, Дамдинсүрэн эрдэмтэн болсондоо эрдэж дэмий зүйл хийж байна, сайн зохиол бишгэх мэтээр шүүмжилж эхэлсэн гэдэг. Тэр өгүүллэгээр далимдуулж Ц.Дамдинсүрэн гуай руу хэвлэлээр дайралт хийж эхэлсэн байдаг. Их ч олон хүн шүүмжбичсэн юм билээ.Тэр үед аав “Уран шүүмжлэлийн нэгэн хэтэрхийллийн тухайд” гэсэн нэртэй шүүмж бичсэн юм. Амьдрал дээр янз бүрийн юм байж болно, энэ үүднээсээ ийм өгүүллэг байж болно, яагаад ийм хүн байж болохгүй билээ гэсэн утгатай. Шүүмж судлалын нэр томьёонд “Бух Гомбын маргаан” гээд орчихсон байдаг. Аав ганцаараа Дамдинсүрэн гуайн өгүүллэгийг өмөөрч бичсэн юм. Энэ үеэс хойш Гаадамба бол Дамдинсүрэнгийн үнэнч шавь нь, Дамдинсүрэн захиалга өгч шүүмж бичүүлсэн гэх мэт яриа гарсан. Үнэн хэрэгтээ танихгүй, мэдэхгүй үедээ бичсэн шүүмж л дээ. Дараа нь танилцаад насаараа нөхөрлөсөн улс. Дамдинсүрэн гуай аавд хэд хэдэн номоо дурсгасан байдаг. Монгол бичгээр гүйлгээ, сайхан бичнэ. “Сайн нөхөр Гаадамбадаа дурсгав” гэсэн үг л бичнэ. Шавь гэсэн үг байхгүй. Ц.Дамдинсүрэн, Ш.Гаадамбын бүлэг гэж зохиолчдын дунд ярьдаг. Бүлэг биш л дээ, энэ хоёроос өөр хүн байхгүй. Үнэндээ үзэл бодол нь таардаг байсан хэрэг. Зохиолыг нь муу байхадсайн гэж магтсан хэрэгбиш л дээ. Шүүмж даахаар юмтай байсан учраас энэ өгүүллэг өнөө хэр мартагдаагүй. Гэтэл тэр үед “Бух Гомбо”-ын талаар гарсан ихэнх шүүмж зохиолыг биш, зохиол бичсэн хүмүүсийг нь яриад байсан хэрэг. Цаад утга санаа нь Дамдинсүрэн гуайг Зохиолчдын хорооны даргаас буулгах зохиолчдын дайралт байсан юм. Аав энэ хандлагыг анзаарсан учраас шүүмж бичсэн. Ингэж л холбогдсон улс.

-Санаснаа шууд хэлдэг зан ньэргээд олны дургүйцлийг төрүүлдэг байсан болов уу гэсэн өнгө намтраас нь анзаарагддаг?

-Аав шударга хүн байсан. Зөв юмыг буруу болгох гээд байгаа улсыг тэвчихгүй. Утга зохиолын амьдралд тийм зүйл байсан хэрэг л дээ. Жараад онд их сургуулийн багш байхдаа утга зохиолын дугуйлан удирдаж ажиллуулдаг байсан юм. Их сургуулийн монгол хэл, уран зохиолын ангийнхнаас гадна ямар ч сургуулийн оюутан суух боломжтойдугуйлан байсан. Өнөөгийн алдартай зохиолчид бүгдээрээ л тэр дугуйлангаас төрсөн. Их сургуулийн багшийн ажлаас халсан гол шалтгаан нь энэ дугуйлан.Зохиолчдын хорооны даргын үгэнд “Тэнхимийн эрхлэгч байж залууст буруу юм ярьдаг” гэсэн утгатай өгүүлбэр хүртэл байдаг юм. Чөлөөт уран зохиолыг сурталчилсан, үгүйсгэх үзэл баримталдаг гэх мэтээр өөлдөг байж. Ийм шүүмжлэл явсаар намын шийтгэлээр аавыг багшийн ажлаас нь халсан байдаг. Буруугаа ойлгохгүй, залуусын хүмүүжилд хайнга хандлаа гэсэн шалтгаанаар. Аав жараад онд “Зохиолчийн хөдөлмөр” гэсэн ном гаргасан юм. Монголын зохиолд өндөр шаардлага тавиад байсан хэрэг л дээ. Жинхэнэ зохиол ийм байх ёстой гэж. Загварын муу зохиол гэж ярина. Утга зохиолд загвар, схемчилсэн зохиолууд байсан. Ихэнх зохиолдмундаг ажилчин байж л байдаг, тэр хүн яагаад ч тийм болчихсон юм бүү мэд. Дугуйланд ийм маягаар зохиолуудыг муу, сайн гэж ярина. Тэр нь зохиолчдын байгууллагад хүрч, хэсэг зохиолчийн дургүйг хүргэсэн хэрэг.

-Жараад онд Ч.Лодойдамба зохиолчтой хэвлэлээр айхтар маргасан гэсэн яриа байдаг. Тэр ямар учиртай юм бэ?

-Тавиад оны маргааны үргэлжлэл байгаа юм. Ч.Лодойдамба гуай Соёлын сайд байхдаа Д.Нацагдоржийн “Ламбугайн нулимс” өгүүллэгийн тухай “Нэгэн гайхамшигтай өгүүллэгийн тухай” гэсэн өгүүлэл бичсэн байдаг юм. Хүрээний явдалтай хүүхэнд хууртагдсан ламын эмгэнэлийг үзүүлжээ гэсэн утгатай. Харин аав “Нэгэн гайхалтай өгүүллийн тухай” гэсэн гарчигтай шүүмж бичсэн. Ламыг хошин шог дүр гэсэн утгатай. Гэтэл Ч.Лодойдамба гуай “Баримт түшиж ярих сайхан” гэсэн хариу бичсэн байдаг. Аав “Буцаагаад хариу бичих гэсэн чинь дээрээс зогсоосон” гэж ярьдаг байсан.

-“Монголын нууц товчоо”-ны нууцыг тайлсан хүн, энэ мундаг сурвалжийг утга зохиол талаас нь Ш.Гаадамбаас илүү гарч судалсан хүн байхгүй гэдэг. Яагаад “Монголын нууц товчоо”-г судалж эхэлсэн юм бол?

-Аав 1958 оны намар хойшоо аспирантурт явсан юм. Сэдвээ Монголын хүүхдийн уран зохиолоорхамгаална гээд. Очоод судлаад үзэхэд хүүхдийн уран зохиол гэхээр зүйл бараг байгаагүй юм билээ. Тэгээд багшаасаа “Би сэдвээ өөрчилье. Монголын нууц товчоог судалбал ямар вэ” гэж асууж л дээ. Аавын багш нь Монголын уран зохиол судалдаг Г.И.Михайлов гэж хүн байж. Багш нь “Дэмжиж байна. Монголд ганц судалсан хүн нь Ц.Дамдинсүрэн. Захиа бичээд зөвшөөрөл гуй” гэсэн зөвлөгөө өгсөн байдаг юм. Ц.Дамдинсүрэн гуай ч дэмжсэн. Судалж явсаар 1961 онд “Монголын нууц товчоо бол Монголын уран зохиолын дурсгалт бичиг мөн” гэж дүгнэсэн байдаг. “Нууц товчоо”-г Дамдинсүрэн гуай орчуулж, Хөдөөгийн Пэрлээ гуай археологи, түүх талаас нь судалсан. Нууц товчоо судлал гээд ярихаар өрнөдийн орноос Франц, Герман, Орос эхлүүлсэн байдаг. Энэ гурван орны орчуулгын хувьд эхнийх нь Германд 1935 онд хэвлэгдсэн юм. 1953 онд бас нэг орчуулга гарсан нь Белгийн эрдэмтэн Антон Мостартынх. Орос, герман, франц гэсэн гурван хэлний орчуулгыг шүүж үзээд буруу зөрүүг нь тайлбарласан “Нууц товчооны зарим хэсэг” гэдэг алдартай номыг бичсэн хүн. Өвөр Монголд хорь орчим жил амьдарсан, монгол хэл гаргууд мэддэг байсан учраас ном нь сайн болсон хэрэг. Аавын “Нөхөр шорлогодой гэдэг үгийн учир” гэсэн өгүүллийг нь Мостарт гуай олж үзээд “Гайхамшигтай өгүүллийг чинь олж уншаад их баярлалаа” гэсэн захидал ирүүлсэн байдаг юм. Эртний мэдэгдэхгүй үг хэллэгийг тайлбарлахад олон хэл мэдэхээс гадна ардын аман зохиолыг сайн мэддэг байх хэрэгтэй. Тэр давуу тал нь аавд байсан.

-Утга зохиолын онолын анхны номуудыг гаргасан хүн нь таны аав. Өрнийн утга зохиолын онолын чигийн номнуудыг анх орчуулсан хүн байх аа?

-Тиймээ, 1969 онд гэхэд Аристотелийн “Туурвил зүй”-г орчуулсан.Одоогоос 3000 гаруй жилийн өмнөх Грекийн утга зохиолын онолын гол эх сурвалж шүү дээ. Дараа нь Францын Буалогийн “Яруу найргийн урлаг”-ийг орчуулсан.

-Ааваас тань үлдсэн хамгийн нандин өв юу вэ?

-Ааваас үлдсэн хамгийн нандин өв гэвэл номын сан нь. Орос ном их уншдаг хүн байсан юм. Жараад онд оросууд “Всемирная литература”гэж сонгодог зохиолын 200 боть хэвлэсэн. Эртний Грек, Ромоос эхлээд бүх л сонгодгийг багтаасан ботиуд байдаг. Аавын номын санд тавь жараад боть нь бий шүү.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

М.Энхсайхан: Я.Батсуурийг баривчилсан нь хэлэлцээрийн уур амьсгалд таагүй нөлөө үзүүлэх байх

Монгол Улсын сайд М.Энхсайхантай ярилцлаа.

Таван толгойн хэлэлцээрийн гурав дахь үе шат эхэллээ. Ер нь хэлэлцээр хэр амжилттай явж байгаа вэ. Шийдэлд хүрч тохиролцохгүй байгаа ямар асуудлууд байна вэ?

-Амархан хэлэлцээр гэж байхгүй. Хэлэлцээ хийгч талууд бүгд л өөр өөрийн эрх ашигтай, тэр олон эрх ашгийн тэнцвэрийг олно гэдэг хэзээ ч амар байхгүй. Анх хэлэлцээ эхэлж байх үетэй харьцуулбал маш олон асуудлаар ойлголцож тохиролцож чадсан. Засгийн газрын түвшинд Хөрөнгө оруулалтын болон Концессийн гэрээ байгуулагдах ёстой юм. Нийтдээ 350 орчим асуудлаар ярилцсанаас одоо гарын таван хуруунд багтах хэмжээний цөөхөн асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй байгаа. Айргийн тав гэдэг шиг хамгийн хэцүү асуудлууд нь үлдсэн. Том төсөл, том мөнгө, том хөрөнгө оруулалт, 30 жилийн хамтын ажиллагааны тухай яригдаж буй тул судалгаатай хандах гэж талууд хичээж байгаа. Хөрөнгө оруулагч тал маань цаг хэрэгтэй байна гэдэг хүсэлт тавиад байна.Ялангуяа “Чалко”-той холбоотой өр төлбөр, гэрээний үүргийг хөрөнгө оруулагч тал өөр дээрээ авах асуудал эрх зүйн хувьд бэрхшээлтэй байж мэдэхээр байгаа.

Яг ямар бэрхшээл юм бэ.Үүнээс болоод хэлэлцээр завсарласан гэж сонссон…

-Эрдэнэс таван толгой компаниар дамжуулж “Чалко”-гоос 350 сая ам.долларыг тухайн үед аваад “эх орны хишиг” болгон тараасан. Нүүрсний үнэ өндөр байхад боломжийн санагдаж ийм юм хийсэн байх л даа. Одоо бол нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн. Зах зээл дээр нүүрсний үнэ асар их унасан. Тиймээс “Чалко”-гийн өрийг төлж барагдуулж чадаагүй. Одоо 150 сая орчим ам.долларын өр үлдээд байгаа. “Эрдэнэс таван толгой”-д150 сая ам.долларын өрийг төлөхийн тулд 150 сая ам.долларын олборлолтын зардал гаргах шаардлагатай байгаа. За яахав өрийн учрыг олж болно гэж бодсон ч асуудлын гол нь “Чалко”-той байгуулсан гэрээгээр өрөө төлж дуусах хүртэл “Чалко”-д зүүн Цанхиас олборлосон нүүрсээ 100 хувь нийлүүлэх, өрөө төлж дуусаад дахин таван жил олборлосон нүүрснийхээ 80 хувийг нийлүүлэх гэрээ хийсэн юм байна. Ээдрээтэй, бэрхшээлтэй асуудал бий. Шийдэл олох гэж хичээж байна. Чалкотой байгуулсан гэрээний үр дагаврыг сайтар нягтлахын тулд цаг хугацаа хэрэгтэй байгаа юм. Алдаа гаргавал манай Засгийн газар, Консорциум наад зах нь 50 сая ам.долларын торгууль төлөх, цаашилбал Хан ресурсын жишээгээр Олон улсын арбитрт дуудагдах магадлалтайбайгаа.

Таван толгойн хэлэлцээрийн дэд уулзалтуудын хүрээнд гарч байгаа хүндрэлүүд нь юу байгаа юм бол?

-Тусгайлан нэрлээд байх хүндрэл байхгүй. Асуудлаа нэг мөр ойлгох тал дээр бүтээлчээр ажиллаж байгаа гэж хэлмээр байна. Дэд ажлын хэсэг нь зөвхөн манай мэргэжлийн хүмүүсээс бүрдэж байгаа. Үндсэндээ хэлэлцээний бүхий л асуудлыг тэр хэмжээнд шийдвэрлэж чадаж байгаад би хувьдаа сэтгэл өндөр байна.

Хэлэлцээрийн явцад манай талд олж авсан ололт нь байна. Яг юу юугшийдчихээд байгаа тухай дэлгэрэнгүй хэлж өгөөч?

-Хэлэлцээр зөвхөн эцсийн үр дүнгээр л хэмжигдэнэ. Мега төсөл амжилт олно эсвэл шил мэт хагарч унана гэдгийг би олонтаа хэлж байгаа. Өөр сонголт байхгүй. Тийм учраас тэвчээртэй хэлэлцээрийн үр дүнг л хүлээх хэрэгтэй.

Өнөөдөр “Эрдэнэс таван толгой” компанийн захирал Я.Батсуурийг баривчилсан нь хэлэлцээрт яаж нөлөөлөх юм бол. Таван толгой урагшлахгүй гэсэн үг үү?

-Ядаж байхад яр гэдэг дээ. Хууль хяналтынхан ажлаа хийжбайна гэх л байх. Гадуур байцааж шалгах ажлаа хийж болдоггүй юм уу гэж хэлж, бичижүзсэн, ноль. Энэ нь хэлэлцээрийн үр дүнд гэхээсээ илүү яриа хэлэлцээрийн уур амьсгалд таагүй нөлөө үзүүлэх байх. Манайхан ч үнэн худал баахан л цуурна. Уур амьсгалд муу нөлөөлнө гэдэг нь ойлгомжтой.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 километр төмөр замын асуудлаас болж Засгийн газар, УИХ-ын дунд ангал үүсчихээд байна гэдэг болгоомжлол бий. Энэ чиглэлд яг одоо юу яригдаж байгаа юм бэ. Үүнээс болоод ажил таг зогсох вий гэдэг хандлага байна…

-Төрийн институци хооронд том зөрчил үүссэн юм байхгүй. Мэр сэр улстөрчдийн ойлголтын зөрүүг дэвэргэх шаардлага байхгүй гэж бодож байна.

Төмөр замыг тавьж, ашиглаад 30 жилийн дараа суурь бүтцийн 51 хувийг төрийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлэх шаардлагыг манай зүгээс тавьж байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй нэг хэсэг бий. Энэ тал дээр ямар шийдэлд хүрч байгаа вэ?

-Энэ бол шаардлага биш, уралдаант шалгаруулалтын болзол. Хөрөнгө оруулагчид манай Засгийн газрын 268 дугаар тогтоолд заасан нөхцөлүүдийг биелүүлье л гэж байгаа.

Үндэсний компани нөлөөтэй хэвээр байж, гуравдагч зах зээлд нүүрсээ гаргана гэсэн том зорилго бий. Энэ зарчмаасаа гажихгүй биз дээ?

-Сая миний хэлдэг Засгийн газрын 268 дугаар тогтоолоор тогтоосон уралдаант шалгаруулалтын нэг болзол нь энэ. Түүнээс хазайх эрх надад байхгүй.

Таван толгойг заавал УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагатай гэдэг зүйл ч яригдаж байна. Та өөрөө ямар бодолтой байгаа вэ?

-Засгийн газарт Таван толгой төслөөр Хөрөнгө оруулалтын гэрээ хийх, Концессийн гэрээ хийх эрх зүйн орчин хүрэлцээтэй байгаа. УИХ төрийн дээд байгууллага болохын хувьд ямар ч асуудлыг татан авч хэлэлцэж болно. Энэ бол тэдний шийдэх асуудал. Мега төсөл ямар ч шатанд нурж унаж болдог. Тийм эрсдэлтэй асуудлыг УИХ өөр дээрээ татах хэрэг байна уу даа гэсэн байр суурийг би ил тод хэлж байгаа.

Тэгвэл Таван толгойн мега төслийг хэрэгжүүлэх ажилд өнөөдөр юу саад болоод байгаа юм бэ. Эсвэл ямар ч саадгүй бүх юм цагтаа амжихаар байгаа юм уу?

-Саад болж байгаа зүйл нь хаана хаанаа итгэлцэл муу байгаа явдал гэж хэлье. Монголчууд бие биедээ итгэдэггүй, өөртөө ч итгэдэггүй. Тийм ч учраас Хөрөнгө оруулагчид монголчуудад итгэдэггүй. Дээр нь хариуцлагагүй. Дараа нь намайг юу гэж хэлэх бол гэсэн оготор бодол хаа сайгүй тэнэж явах юм. Манай дүр зургийг ярьж өгвөл хэцүү л юм болох байх шүү. Мега төсөлд бид өөрсдөө л том садаа байх.

Цаанаа улс төрийн зорилготой шахалтаас үүдэж Таван толгойн асуудал гацаж магадгүй гэсэн болгоомжлол байна л даа?

-Далдуур энэ төслийг зогсоох гэсэн элдэв үг хэл, үйл ажиллагаа байна аа байна. Надад бол тодорхой харагдаж байгаа. Дарь дээр давс нэмэх хэрэггүй гэж бодоод энэ талаар ярихыг хүсэхгүй байна. Хоосон улс төржилт Монголын эрх ашиг биш ээ.

Роялтын татвар, дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын санхүүжилтийн асуудлыг яаж шийдэхээр ярьж байгаа вэ?

-Таван толгой төсөлд урьдчилсан тооцоогоор дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдана. Үүнээс тэрбум гаруй нь зөвхөн төмөр замын бүтээн байгуулалтад зориулагдана. Төсөл Монголын хууль тогтоомжоор тогтоосон бүхий л татварыг төлнө. Гол татвар нь ашигт малтмал ашигласны нөөцийн татвар буюу роялти. Нүүрсэн дээр энэ татвар таван хувь. Зах зээлийн үнэ өндөр болбол энэ татвар найман хувь хүрч болдог. Энэ төрлийн татвар Мозамбикт гурван хувь, Хятадад дөрвөн хувь, Индонезид гурван хувь, Орост тонн тутамд 57 рубль, Казахстанд 0 хувьтай тэнцдэг.

Ер нь Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээг хэдийд хийнэ гэсэн төлөвлөгөө байгаа вэ. Засгийн газрын зүгээс тавдугаар сард багтаахчиглэл өгсөн байх. Гэхдээ үүнээс өмнө амжих төлөвбий юу?

-Би хувьдаа удаах сонирхол байхгүй. Хэлэлцээр амжилттай болбол төслийн барилга байгуулалтын ажлаа энэ хавар эхэлнэ гэдэг зорилготой баймаар байгаа юм. Шийдэл зөвхөн бидний монголчуудаас хамаарахгүй нь харамсалтай.

Хэрэв Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээг энэ сард багтаагаад хийчихвэл манайд орж ирэх эхний үр ашиг юу байх вэ?

-Барилга байгуулалтын ажил өрнөж эхэлнэ. Олон хүмүүс ажлын байртай, цалинтай, орлоготой болно. Олон үндэсний компани ханган нийлүүлэлтэд оролцож эхэлнэ. Эдийн засагт чухал ач холбогдолтой төсөл гэдэг нь эргэлзээгүй байгаа.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Эдийн засгийн чуулган “Итгэлцэл” гэсэн уриан дор болно

Монголын эдийн засгийн чуулган-2015” ирэх сарын эхээр болохоор саяхан тов нь гарсан. Тус чуулганыг зохион байгуулагч Монголын эдийн засгийн форум ТББын захирал Б.Лакшмитай ярилцлаа.

Эдийн засгийн форум өнгөрсөн жилүүдэд гуравдугаар сард болж байсан. Энэ жил нэг сарын хугацаагаар хойшилсон нь ямар шалтгаантай вэ?

-Эдийн засгийн форумыг дөрөвдүгээр сарын 2, 3-нд зохион байгуулахаар болсон. Өмнөх жилүүдээс хугацаагаа хойшлуулсан нь хэд хэдэн шалтгаантай. Монгол Улс энэ жилийн “ITB Berlin” үзэсгэлэнд голлох үүрэгтэй оролцож байна. Манай Ерөнхийлөгч болон Засгийн газрын нэг бус гишүүн гээд нэлээд том баг уг арга хэмжээнд оролцож байгаа учраас форум хойшлох нэг шалтгаан боллоо. Мөн гуравдугаар сард чуулганы завсарлага таарч ихэнх гишүүн тойрогтоо ажиллаж байгаа нь бас нэг шалтгаан болж байгаа.

Эдийн засгийн форум энэ жил ямар уриатай болох вэ?

-“Итгэлцэл” гэсэн уриаг сонгосон. Бүх шатандаа итгэл дутагджээ гэдэг үүднээс сонгосон юм. Төр засагт итгэх итгэл хаа сайгүй алдагдсан байна. Гадаадын хөрөнгө оруулагчдын Монголд итгэх итгэл нь багассан байна. За тэгээд бизнес, иргэний нийгмийнхэн гээд бүх шатандаа итгэл алдагджээ гэдэг үүднээс, харилцан бие биедээ итгээсэй гэсэн хүслээр “Итгэлцэл” гэсэн сэдвийг сонголоо.

Зохион байгуулагчдын зүгээс форумын үеэр хэлэлцүүлэг өрнүүлэх сэдвүүдийг нэлээд шүүлтүүртэй гаргаж ирдэг. Энэ жилийн сэдвүүд тодорхой болсон уу?

-Урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлт алдагдсан гэж хүн бүр ярьдаг. Форумын онцлох гол сэдвүүдийн нэг нь хөгжлийн бодлого байх юм. Монголын зээлжих зэрэглэлийг сайжруулахад юун дээр анхаарах вэ гэдгээс эхлээд хөгжилд хэрэгтэй анхаарал татсан сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлнэ. Мэдээж ногоон эдийн засгаа ярина. Уламжлал ёсоороо аялал жуулчлалын салбарыг онцолно. Тодорхой жишгүүд дээр ажил хэрэгч хэлэлцүүлэг өрнүүлж, бодитой хэрэгтэй мэдээлэл өгөх талд анхаарна. Саяхан манай улс Японтой чөлөөт худалдааны гэрээ байгуулсан. Энэ гэрээнээс бизнесийнхэн ямар өгөөж хүртэх вэ гэдэг дээр анхаарна гэсэн үг. Жишээ нь бид Европын холбооны улсуудад өчнөөн төрлийн бүтээгдэхүүнийг татваргүй экспортлох эрхтэй. Гэтэл өнөөдөр экспортолж байгаа юм бараг алга. Тэгэхээр манай улс Японтой хийсэн чөлөөт худалдааны хэлэлцээрээ амьдрал дээр хэрэгжүүлэх талд анхаарч ажиллаж байж л үр дүн нь гарна.

Гэхдээ хөгжингүй улс руу бүтээгдэхүүн экспортлоход татваргүй гэсэн нөхцөл байлаа ч стандартын шаардлага хангахгүй гэсэн зовлон байдаг юм биш үү?

-Тийм шалтгаан бийг үгүйсгэхгүй. Өөр нэг шалтгаан нь зах зээлээ судлахгүй байна. Европын зах зээл гэхэд л Итали, Герман, Франц тус бүрдээ онцлогтой. Түүнийг нь судлах ёстой. Тэгэхээр одоо бидэнд Японы зах зээлийг судлах шаардлага гарч ирсэн гэсэн үг. Эдийн засгийн форум энэ утгаар нь Японтой байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрийг онцолж байгаа юм.

Та сая зээлжих зэрэглэлийг сайжруулах талаар хэлэлцүүлэг өрнөнө гэж ярилаа. Зээлжих зэрэглэл муудахад юу нөлөөлсөн, сайжруулбал ямар боломж гарч ирэх гээд нэлээд өргөн хүрээнд ярьж таарах байх…?

-Хэрвээ зээлжих зэрэглэл сайн бол гаднаас бага хүүтэй хөрөнгө босгоход нөлөөлдөг. Зээлжих зэрэглэл нь муу бол хүү нь өндөрсдөг асуудал бий. Ганцхан төр засаг мөнгө босгохгүй шүү дээ. Бизнесийнхэн ч мөнгө босгодог. Тэгэхээр зээлжих зэрэглэл сайтай бол бизнесээ ч давхар тэтгэж байгаа гэсэн үг. Хууль эрх зүйн орчны талаар ч ярина. Хөрөнгө оруулалтын орчин чанга байж болно л доо. Хөрөнгө оруулагчдад өөр зүйл чухал байдаг. Тэд хууль эрх зүйн орчин нь урт хугацаатай, ойлгомжтой улсад эрсдэлээ тооцож хөрөнгө оруулдаг. Гэтэл манай улс сүүлийн үед хоёр жил тутамд хуулиа өөрчилсөн. Ийм нөхцөлд удаан хугацааны хөрөнгө оруулалт хийхэд хүнд болчихож байгаа юм. Эрсдэлээ тооцоолж чадахгүй гэсэн том асуудал хөрөнгө оруулагчдын өмнө тулгамддаг. Энэ асуудалд яаж анхаарах талаар ярилцахаар төлөвлөж байна.

Монголын эдийн засгийн чуулган гаднаас нэр нөлөө бүхий нэг зочин урьдаг уламжлалтай. Энэ удаа гаднаас илтгэгч ирэх үү. Гадаадын хөрөнгө оруулагчид форумд оролцох сонирхлоо илэрхийлж байна уу?

-Европын холбооны улсуудаас ирнэ. Мөн НҮБ-д ногоон эдийн засгийн хөтөлбөрийг нь хариуцдаг байсан, Кофи Аннаны үед нэлээд том алба хашиж явсан хүн ирнэ. Гаднаас хоёр гурван том компанийн төлөөлөл ирэх сонирхлоо илэрхийлсэн. Яг ямар компани гэдгийг нь дөхүүлээд зарлана. Ирланд, Германаас ирэх юм.

Энэ жилийн форумын онцлог нь юу?

– Ажил хэрэгч үдийн цай гэдэг шинэ хэлбэр оруулж ирэх гэж байна. Энэ нь нэг ёсондоо хурлын төлөөлөгчдийг маш идэвхтэй байлгаж, үдийн цайны үеэр ч лекцүүд явах юм.

Өмнөх жилүүдийнх шиг үзэсгэлэн гаргах уу?

-Үзэсгэлэн гаргана. Мөн үзэсгэлэнгээс гадна урлагийн үзүүлбэр ч бий.

Эдийн засгийн чуулган өмнөх жилүүдэд монгол брэндийг нэлээд онцолсон. Таны хувьд монгол брэнд бий болгох оролдлого үр дүнгээ өгсөн үү?

– Тодорхой хэмжээнд ахиц гарсан. Манайд шууд экспортлох боломжтой цөөн төрлийн бүтээгдэхүүн бий. Архи гэхэд л чанар стандартаараа олон улсад хүлээн зөвшөөрөгдчихлөө. Ноос, ноолуур байна. Гаднын компаниуд Монголын ноос ноолуурын компаниудтай хамтарч ажиллах гэж бидэнд хандсан тохиолдол цөөнгүй бий. Бид тухай бүрд нь холбож өгсөн.

Төр засгийн төлөөлөл юу ярих бол, төрөөс ямар бодлого чиг барих гэж байна гэсэн асуулт тээсэн бизнес эрхлэгчид Эдийн засгийн форумыг зорьдог. Төр засгаас ямар хүмүүс илтгэл тавих вэ?

– Ерөнхий сайд, Ерөнхийлөгч үг хэлнэ. Аж үйлдвэрийн сайд үг хэлж, хийхээр төлөвлөсөн ажил, бодлого, шийдвэрээ танилцуулах болов уу. Нэг талаас төр бодлогын шийдвэрүүдээ танилцуулна. Нөгөө талаас бизнесийн орчин юу болж байна, яаж сайжруулбал үр дүнд хүрэх вэ гэсэн асуудал ч сөхөгдөнө. Жишээ нь хууль эрх зүйн орчны тогтвортой байдлын талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ. Манайд хууль нь гарчихаад байтал журам нь дөрөв, таван сараар хоцорч гардаг жишиг бий. Үүний гол хохирогч нь бизнес эрхлэгчид болдог. Шинэ хуулийн дагуу ажиллая гэхээр журам нь өөрчлөгдөхгүй цагийг нь алдуулдаг тал анзаарагддаг. Гадаад хөрөнгө оруулагчдад ч сөрөг нөлөө үзүүлдэг.

Эдийн засгийн форумд оролцох хүсэлтэй бизнес эрхлэгчид цахимаар бүртгэл хийлгэх боломжтой юу?

-Цахим бүртгэл эхэлсэн байгаа. Манай meforum.mn хаягаар ороод бүртгүүлэх боломжтой.

Өнгөрсөн жилийн форумын дараа төрөөс мөнгө авч зохион байгуулдаг, монгол брэнд гэж ярьдаг хэрнээ оролцогчдодоо хятад цүнх тараасан гэх мэтийн шүүмжлэл өрнөсөн. Ингэхэд санхүүжилтээ яаж босгодог юм бэ?

– Санхүүжилтийн хувьд төр хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр явдаг. Төрөөс тодорхой хувийг гаргадаг. Спонсоруудаасаа санхүүжилт авна. Оролцогчдын төлбөр гэж бий. Цүнхний хувьд Монголын брэнд гэхээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг газрууд байгаа. Гэхдээ бага хэмжээгээр л үйлдвэрлэх хүчин чадалтай, их хэмжээгээр үйлдвэрлэх боломжгүй байдаг. Бүр эртнээс их хэмжээгээр захиаллаа гэж бодоход үнэ нь өндөр гэсэн асуудал бий. Тийм олон хүнд ширхэг нь 20 мянган төгрөгийн цүнх тараана гэдэг хэцүү. Тэгэхээр эргэж харах бас нэг асуудал гарч ирж байгаа юм. Монголд аж үйлдвэр хөгжүүлбэл яг юуг нь, ямар төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлбэл зүгээр вэ гэдэг асуудал чухал байна л даа.

Форумын үр дүн гарсангүй гэсэн шүүмжлэл хүчтэй сонсогддог. Энэ тал дээр та ямар тайлбар хэлэх вэ?

-Хүмүүс форумыг шийдэл гаргах газар гэж хараад байдаг. Гэтэл тийм биш шүү дээ. Төрийн бус байгууллага учраас шийдвэр шууд утгаараа гарахгүй. Гэхдээ олон талт хэлэлцүүлэг өрнүүлж, ямар боломж, гарц байгааг хайна гэдэг шууд бус утгаараа ач холбогдолтой зүйл. Ажил хэрэгч, бодитой, үр дүнтэй эрэлхийлэл хийгддэг гэдэгт л форумын ач холбогдол оршдог болов уу гэж хардаг.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захиралтай уулзсаных эдийн засгийн ойрын ирээдүйн таамгийг сонирхмоор байна.

-Ойрын нэг, хоёр жилд эдийн засаг хүнд байх нь тодорхой. Гэхдээ хүнд байна гээд зүгээр суух учиргүй. Хямралд тэр энэ буруутай гэх ч шаардлагагүй. Бидний урт хугацааны алдааны үр нөлөө өнөөдөр гарч байна. Нэг засгийн алдаа биш гэж хэлэх гээд байна л даа. 2005, 2006 оноос суурь нь тавигдсан, олон олон алдаанаас бий болсон үр нөлөө. Гарах ямар боломж байна, яаж хамтарч гарах вэ гэдэг дээр л анхаармаар байгаа юм. Жишээ нь, дэлхий хүнсний хомсдолд орж эхэлж байна. Хөдөө аж ахуйгаа хөгжүүлэхэд өчнөөн боломж гараад ирнэ. Дэлхийн эдийн засаг хэчнээн хямарлаа ч хүмүүс хүнснээс хэзээ ч татгалзахгүй. Сүүлийн үед эдийн засгийн хямрал гэж их ярих боллоо. Уг нь мөчлөгөөрөө ирдэг л зүйл. Шинэ юм биш. Бид хэр бэлтгэлтэй байна вэ гэдэгт л хамаг учир байгаа юм. Иргэд, төр засаг энэ хямралд ямар ч бэлтгэлгүй нь ажиглагдаж байна л даа. Өчнөөн жил ярьсан баялгийн сандаа хэдэн төгрөг хуримтлуулаад байршуулчихсан бол эдийн засгийн хямрал ийм хүнд тусахгүй байсан. Нөгөө талаас нь харахад нийгмийн сэтгэхүй хүнд байна. Эдийн засаг сайн байхад мөнгөө цацаад сурчихсан улс ийм байдал үүсэнгүүт гутранги болчихдог. Тэгэхээр эхлээд хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Мэдээж боломж хэзээд байдаг. Тэр дундаа хоёр талдаа дэлхийн хамгийн том зах зээлтэй улсад олон боломж бий. Японтой чөлөөт худалдааны хэлэлцээр хийчихлээ. Европ руу татваргүйгээр бүтээгдэхүүн экспортлох боломж байна. Өөрсдөө идэвхтэй байж, гэрийн даалгавраа сайн хийж чадвал боломжууд бий. Уул уурхайгаас хамааралтай. Хараат бус байх боломжуудаа олж харахгүй байна л даа. Энэ хямрал монголчуудын хувьд сэтгэлгээгээ өөрчлөх боломж гэж харж байгаа.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Хамгаалах байранд хандагсдын талаас илүү хувь нь ээжийгээ дагаж ирсэн хүүхдүүд

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн үйлчилгээний менежер Г.Түвшинжаргалтай ярилцлаа.

-Танай төвийн нийслэлд байдаг хамгаалах байрны нэг нь хаагдсан гэж сонслоо. Ямар шалтгаанаар хаасан юм бэ?

-Хүчирхийллийн эсрэг үндэсний төв 1995 онд байгуулагдахдаа Улаанбаатар хотод хорин ортой нэг хамгаалах байр байгуулсан юм. Тэр байраа саяхан хаасан. Олон жил нэг дор ажилласан учраас байршлыг нь нууцалдаг ч гэсэн хүмүүс мэддэг болсон. Байршлын нууцлал алдагдчихаар хүчирхийлэгчид цонх хагалах, хаалга үүд эвдлэх, ажилтан, үйлчлүүлэгчдийнбиед халдах тохиолдол олон удаа гарсан. Тийм учраас хаасан. Одоо эмэгтэйчүүд, хүүхдийн хамгаалах байраа нэгтгээд ажиллаж байна. Дундговь, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай аймгуудад хамгаалах байр байгуулсан ч Дундговийн хамгаалах байрнаасбусдынх ньүйл ажиллагаа зогссон.Хүчирхийллийн эсрэг үндэсний төв бол төрийн бус байгууллага. Тэр утгаараа ажилтнуудын цалин, хамгаалах байранд өдөр тутмын үйлчилгээ явуулах хөлс, урсгал зардал гээд санхүүгийн ачаалал их. Орон нутгийн хамгаалах байрууд одоохондоо түр зогсолт хийгээд байгаа нь ийм учиртай.

-Хамгаалах байрны ажилтнууд хэцүү л нөхцөлд ажилладаг юм байна?

-Ажлын байрны гадаа манай ажилтны хоолойд хутга тулгасан тохиолдол хүртэл гарч байсан. Биднийг дагаж мөрдөх, хувийн утасны дугаар олж авчихаад заналхийлэх тохиолдол их гардаг. Тэр бүрд нь цагдаагийн байгууллагад мэдэгддэг.Аюулгүй байдал дээрээ анхаарч байгаа ч бидний тооцоолж үзээгүй, гэнэтийн аюул тохиолдохыг үгүйсгэхгүй.

-Хамгаалах байрыг мэдчихээд эхнэрээ дарамталж байгаад авч явсан тохиолдол бий юу?

-Улайм цайм нөхөр нь хүрч ирээд дарамтлаад авч явъя гэвэл бид хэзээ ч өгч явуулахгүй. Шууд баривчлах ч юм уу, түр саатуулах арга хэмжээ авахуулна. Цагдаагийн байгууллага, Тахарын албатай хамтраад хийнэ. Харин ирж уулзаад дахин дарамтлахгүй, амьдралаа бодъё гэж гуйхаар нь нөхөртөөитгээд гарч явсан тохиолдол олон бий.

-Хамгаалах байранд хандаж байгаа хүмүүсийн тоо өсч байна уу?

-Жилээс жилд өсч байгаа.

-Хэр хугацаанд байлгадаг вэ?

-Түр хамгаалах байр гэдгээрээ долоо хоногоос гурван сарын хугацаанд байлгаж үйлчилгээ явуулах ёстой ч гаргаж чаддаггүй. Хоёр жил байлгасан тохиолдол ч бий. Зодуулаад ирсэн хүн байлаа гэхэд эмнэлэгт хандах хэрэг гарна. Хамгаалах байрнаас гараад хаана амьдрах билээ. Орон байр, халамжийн асуудал яригдана. Гэрлэлтээ цуцлуулах ч юм уу, эрүүгийн хэрэг үүсгэдэг юм уу гээд хуулийн байгууллагад хандах шаардлага гарлаа гэхэд өмгөөлөгч хэрэг болно. Тэгэхээр хугацаа их шаарддаг.

-Хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн дийлэнх нь бүсгүйчүүд гэсэн статистик бий.Эрчүүд хүчирхийлэлд өртсөн тохиолдол хэр гардаг вэ?

-Нийт үйлчлүүлж байгаа хүмүүсийн ес орчим хувь нь эрчүүд. Ихэвчлэн насанд хүрээгүй хүүхдүүд байдаг л даа. Насанд хүрсэн ганц нэг тохиолдол ирнэ. Эрэгтэй хүн эр хүнийхээ зүгээс хүчирхийлэлд өртсөн тохиолдол их ирдэг. Хадам ах, хадам аав, хүргэн, ахынхаахүчирхийлэлд өртсөн байдаг. Хамтран амьдрагч юм уу, эхнэрийнхээ хүчирхийлэлд өртсөн тохиолдол цөөн ч гэсэн гардаг. Гэхдээ бие махбодийн гэхээс илүү сэтгэл санааны, эдийн засгийн хүчирхийлэлд өртсөн байдаг.

-Эмэгтэйчүүд танай байранд хандахдаа хүүхдүүдтэйгээ ирж таарна. Гэр бүлийн асуудлыг зохицуулах хэцүү биз?

-Ихэнх эмэгтэй хоёроос дээш хүүхэдтэй ирдэг учраас гэр бүлийн асуудлыг зохицуулахаас аргагүй. Хүүхэд нь сургууль, цэцэрлэгт хамрагдаагүй, нэг газраас нөгөө газар руу дүрвэсэн маягтай амьдарсаар яваад харьяалал тодорхой биш, бичиг баримтгүй гэсэн олон асуудал гарч ирдэг. Тэгэхээр нэг хүн дээр гэхэд л зургаагаас дээш сар ажиллахаас аргагүй болдог.

-Өнгөрсөн жил гэхэд хэчнээн хүн танай төвийн хамгаалах байранд хандсан бэ?

-120 гаруй хүн хандсан байдаг юм. Талаас дээш хувь нь ээжийгээ дагаж ирсэн хүүхдүүд. Хүүхэд ганцаараа ирэх тохиолдол бий. Ихэвчлэн гэр бүлийнхээ зүгээс бэлгийн хүчирхийлэлд өртсөн байдаг. Манайхыг зориод ирсэн хүүхэд, эмэгтэйчүүдийн аль алинд нь сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг.

-Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлнэ гэхээр өмгөөлөгч, цагдаа, шүүхэд хандахаас аргагүй. Өмгөөллийн хөлс гэж том юм бий. Энэ зардлыг хаанаас гаргадаг вэ?

-Манай төвөөс л гарна. Өмгөөллийн үйлчилгээний хөлсний хамгийн доод талын үнэлгээ нь 500 мянган төгрөг. Мэргэшүүлсэн хэдэн өмгөөлөгчтэйгөө гэрээ байгуулж хамгийн бага хөлсөөр ажиллуулдаг. Жилдээ доод тал нь хорь гучин хүнд өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг. Тэгэхээр жилдээ зөвхөн өмгөөллийн үйлчилгээний зардалд гэхэд 20 гаруй сая төгрөг олох шаардлага тулгардаг.

-Сэтгэл эмзэглүүлсэн тохиолдол их гардаг байх…?

-Эмзэглэмээр тохиолдол өчнөөн л дөө. 2014 оны хавар бага насны 2-7 насны гурван хүүхэдтэй, есөн сартай жирэмсэн эмэгтэй ирж байсан юм. Нөхрийг нь баривчлуулах арга хэмжээ авсан. Төрөх дөхсөн учраас бичиг баримтаас эхлээд хөөцөлдөх зүйл ихтэй ирсэн л дээ.Ажил хийж байхдаа цалингийн зээл авчихсан, хүүхдүүд нь сургууль цэцэрлэгт огт хамрагдаагүй, эмнэлгийн хяналтад хүртэл ороогүй байсан. Хороотой нь хамтарч бичиг баримттай болгож, төрөхөд нь шаардлагатай бэлтгэл хийж өгч, хүүхдүүдийг нь сургууль цэцэрлэгт хамруулсан. Төрснийх нь дараа гэрт нь байлгаж хорооных нь хяналтанд шилжүүлсэн. Таван настай охин бэлгийн хүчирхийлэлд өртөөд ирсэн тохиолдол бий. Ойр дотных нь хүн байх жишээний. Ная гарсан эмээ хүүхдэдээ толгойгоо хагалуулчихаад ирсэн эмзэглэмээр тохиолдол байгаа. Ээж нь архины хамааралтай болсон ой гарантай, зургаа, арван настай гурван хүүхэд хамгаалах байранд байрлаж байгаа. Ой гаруйтай хүүхэд нь гэхэд л дөрөв, таван сартай хүүхэд шигжижигхэн, том хоёр хүүхэд нь сургууль, цэцэрлэгт хамрагдаагүй байх жишээтэй.

-Сая таны ярьсан эмэгтэйн хувьд нөхөр нь дахиж дарамтлахгүй гэх баталгаабайхгүй л юм байна?

-Тэр ажилтныг хамгаалах нь хорооны нийгмийн ажилтан, Засаг даргынх нь үүрэг болчихож байгаа юм. Мэдээжбайнга хянаад сууна гэж байхгүй. Олон нийтийн хяналт зайлшгүй хэрэгтэй. Үнэхээр хүчирхийлэл нь давтагдах гээд байвал хажуу ойрынх нь айлууд төрийн байгууллагад хурдан шуурхай мэдээлэх үүрэгтэй л болчихмоор байгаа юм. Одоо бол хуулинд мэдээлэх эрхтэй гэсэн заалт байдаг. Үүрэгтэй гэсэн үг оруулаад үүргээ зөрчвөл хариуцлага хүлээх заалтыг тусгах учиртай.

-Хүчирхийллийн томшалтгаануудын нэг нь архи гэж ярьдаг.Амьдрал дээр ямар байх юм?

-Бодит байдлыг судлаад үзэхээр их сонин статистик гардаг. Архи уудаг хүмүүс л хүчирхийлэл үйлддэг гэсэн ойлголт нийгэмд бий л дээ. Гэтэл хүчирхийлэл үйлдэгчдийг судлаад үзэхээр эрүүл согтуугийн харьцаа ялгаагүй гарч ирдэг.

-Хүчирхийлэл үйлдэгчдийг судлаад үзэхээр амьдралын боломж тааруу хүмүүс байна уу, эсвэл сая ярьдаг шиг санаанд оромгүй статистик гардаг уу?

-Хоногийнхоо хоолыг арай ядан залгуулж байгаа хүмүүс ирнэ л дээ. Гэхдээ дундаж амьдралтай хүмүүс түлхүү ирдэг. Орлогын түвшин өндөр, амьдрал нь хангалуун тусмаа хүчирхийлэл нь илүү далд байдаг. Нэр хүндээ боддог, эдийн засгийн бүрэн хараат байдалд орсон гэх мэт шалтгаанаархүмүүс хандаж чаддаггүй.

-Өндөр орлоготой хүмүүс хандах тохиолдол бий юу?

-Эхнэр нөхөр хоёулаа компанитай, компани нь олон нийт мэддэг нэлээд том, тийм гэр бүлийн эхнэр нь хандаж байсан. Гэр бүлээс гадуурх харилцааг мэдсэн эхнэрийгээ “надаас салбал чамайг юу ч үгүй болгоно” гэх зэргээр дарамталсан байдаг.

-Хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн сэтгэл зүй нэлээд хүнд ирдэг байх. Амиа хорлох оролдлого хийх тохиолдол хэр их гардаг вэ?

-Хүчирхийлэлд олон жил өртөөд ирсэн хүмүүс ингэж амьдарч байхаар үхчих юмсан гэсэн бодолтой болчихдог. Нийт үйлчлүүлж байгаа хүмүүсийн талаас дээш хувь нь тийм бодолтой болчихсон байдаг. Тэгэхээр хүчирхийлэлд өртдөг хүмүүс сэтгэл зүйн гүн хямралд өртдөг нь эндээс харагдаж байна. Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйн хам шинж нэг зүйл бий. Хүчирхийллийнхээ бүтэн эргүүлэгт ордог гэсэн үг.Хүчирхийлэлд өртөнө, дараа нь гайгүй болно гэсэн тойрогт орчихдог. Шүүхэд очихоор эвлэрэх хугацаа өгдөг, цагдаад өгөхөөр буцаагаад суллачихдаг. Хаана ч хандаад нэмэргүй, энэ чигээрээ дуусах юм байна гээд цөхрөнгөө бардаг. Ийм тохиолдолнэлээд ажиглагдаж байна.

-Хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа нь эмзэглэмээр асуудал. Хандаж буй тохиолдлын хэчнээн хувь нь ийм шалтгаантай байна?

-Бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн тохиолдол арван хувьтай байдаг. Өнгөрсөн онд хорь гаруй хэрэг ирсэн. 2014 онд илрээгүй долоон хэргийг цагдаагийн байгууллагад өгч бүгдийгнь илрүүлсэн.Дөрвөн хэргийн хүчирхийлэл үйлдэгч хариуцлага хүлээсэн. Гурав нь мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа. Илэрсэн, цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн хэргүүд дээр ч манайх давхар үйлчилгээ үзүүлэх тохиолдол бий. Энэ хэргүүд дээр өмгөөллийн, сэтгэл заслын, аюулгүй байдлыг хамгаалах үйлчилгээ үзүүлдэг. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд сэтгэл зүйн хувьд маш хэцүү болчихсон ирдэг. Наад зах нь гэхэд шөнө унтахгүй. Амиа хорлох гэж оролдоно. Эрэгтэй хүн харж чадахгүй. Байцаагчийг нь эрэгтэй бол эмэгтэй болгож үе гарна. Машинаар үйлчлэхэд жолооч нь эрэгтэй бол чичирч салгалаад байдаг. Ялангуяа бага насны хүүхэд их хэцүү. Бид тайвшруулах, булчинг нь суллах зэрэг энгийн зүйлсээс эхлээдмэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг. Хүчиндүүлсэн тохиолдолд хүчирхийлэл үйлддэг эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх тал дээр ажилладаг. Бага насны хүүхэд хүчирхийлэлд өртсөн, ялангуяа бэлгийн хүчирхийлэлд өртсөн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Өндөр ялтай байдаг.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Б.Батбаяр: О.Баасанхүү гишүүн ялтан хүн УИХ-ын гишүүнийг шоронд дууддаггүй гэж бодож байгаа бололтой

Мансууруулах бо­дис хадгалсан, тээвэр­лэсэн хэргээр ял сонс­сон Г.Сарангэрэл УИХ-ын гишүүн О.Баа­санхүүгээс нэг тэрбум төгрөг нэхэмжилж Иргэний хэргийн шүүхэд ханджээ. Энэ талаар Г.Саран­гэ­рэ­­лийн өмгөөлөгч Б.Бат­баяртай ярилцлаа.

-Таны үйлчлүүлэгч УИХ-ын гишүүнээс их хэмжээний мөнгө нэхэмжилжээ. Ямар үндэслэлээр шүүхэд хандах болов?

-УИХ-ын гишүүн О.Баа­сан­хүү өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш миний үйлчлүүлэгч Г.Сарангэрэлийн алдар хүндийг УИХ-ын чуулганы танхимд болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гутаан доромжилсон. УИХ-ын чуулганы танхимд Х.Тэмүүжин гишүүнд хандан “Чи хар тамхичин, биеэ үнэлэгчтэй дотно харилцаатай” гэх мэтчилэнгээр ярьсан. Төд удалгүй мэдээллийн хэрэгслүүдээр “Өнөөх Х.Тэмүүжингийн хар тамхичин, биеэ үнэ­лэгч хэн бэ” гэдэг мэдээлэл цацагдаж, Г.Сарангэрэлийн тухай янз бүрийн мэдээлэл гарсан. О.Баасанхүү гишүүн ч өөрөө ярилцлага өгч миний хэлж байсан хүн Г.Сарангэрэл мөн гэдэг утгаар ярьсан шүү дээ. Бүр 461 дүгээр хорих ангид Г.Сарангэрэлтэй очиж уулзахдаа “Чи Х.Тэмүүжинтэй дотно харилцаатай байсан гэж бичээд өгчих” гэх мэтээр дарамталсан нь өөрийнхөө ярьсныг баталж байгаа хэрэг.

-Нэр хүндэд халдсан гэж байгаа бол яагаад эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр гомдол гаргаагүй юм бэ?

-Эрүүгийн хуулийн гүтгэх, доромжлох гэмт хэрэг өөрөө хөнгөн төрлийнхөд багтдаг учраас хэрэгсэхгүй болох магадлалтай. Бас шүүхээс миний үйлчлүүлэгчийг мансууруулах бодис хадгалсан, хэрэглэсэн гэх үндэслэлээр ял оноосон. Тийм учраас гүтгээгүй гэж хэргээс мултарч магадгүй юм. Хүнийг гутаан доромжлох эрх хэнд ч байхгүй. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байдаг. Энэ үндэслэлээр Иргэний хэргийн шүүхэд хандсан.

-Нэг тэрбум төгрө­гийг ямар учраас нэхэмжилж байгаа вэ. Тооцоо гаргасан уу?

-Эхлээд арван тэрбум төгрөг нэхэмжилсэн. Үүнийг бодит байдалд шилжүүлэх үүднээс нэг тэрбум болгосон юм. Ямар ч албан тушаалтан бусдыг аманд орсноороо доромжилж, болохгүйг харуулахыг зорьж байна. Г.Сарангэрэл одоо 20 настай. Түүнийг идэвхтэй амьдралын 40 жил хүлээж байна. Гэтэл О.Баасанхүүгийн ярьснаас болж нийгэмд эзлэх байр суурьгүй болсон. Тэр охин улс төрд орох зэргээр карьер хөөх боломжгүй болчихлоо. Шалгуулж байхдаа гудамжинд явж байгаад зодуулсан нь ч үүний илрэл шүү дээ. Байр суурьгүй болсон 40 жилтэй харьцуулахад нэг тэрбум төгрөг юу ч биш.

-Иргэний хэргээр шүүхэд хандахад тэмдэгтийн хураамж төлдөг. Нэг тэрбум төгрөг нэхэмжлэхэд хичнээн төгрөгийн хураамж төлж байна вэ?

-40-50 сая төгрөг төлөх юм билээ. Гэх­дээ Г.Сарангэрэл ял эдэлж байгаа, ажилгүй, эд хөрөнгөгүй шүү дээ. Тэр утгаараа төлбө­рийн чадваргүй гэх үндэслэлээс тэмдэгтийн хураамж төлөхгүй болсон. Иргэний хуулийн 58.4-т энэ тухай заасан байгаа.

-О.Баасанхүү ги­шүүн нэхэмжлэлийн хувийг хүлээж авсан юм болов уу. УИХ-ын гишүүний халдашгүй байдал нөлөөлөхгүй юу?

-Тэр хүн “Ялтан хүн УИХ-ын гишүүнийг шоронд дууддаггүй юм” гэсэн л байр суурьтай байгаа. О.Баасанхүүг УИХ-ын гишүүний хувьд биш иргэний хувьд нэхэмжлэл гаргасан. Тэгэхээр УИХ-ын гишүүний халдашгүй байдал хамаагүй л дээ.

-Х.Тэмүүжин гишүү­нийг Г.Сарангэрэлтэй холбоотой гэж олон нийтэд ойлгуулахын тулд гүйцэтгэх ажил­лагаа явуулсан гэх ху­ран­даа на­рыг тагнуулын байгууллага “Төрийн эрхийн хууль бусаар авахыг оролдсон” гэх үндэслэлээр шалгаж байсан. Тэр хэргийг хэрэгсэхгүй болсон юм уу?

-УМБГ-ын дарга, хурандаа Ц.Батсүх, ЭЦГ-ын дарга, хурандаа Н.Ууганбаяр, дэд дарга Н.Ариунболд, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга Н.Аадарсүх, Мөр­дөн байцаах газрын дарга, хурандаа Х.Доржсүрэн нарыг шалгаж байсан. ГэхдээПрокуророос гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гээд хэрэгсэхгүй болго­сон. Энэ талаарх албан бичиг надад ирсэн гэв.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

Зах зээлд шилжээгүй эрчим хүчний салбар хэвийн ажиллахад хүнд болжээ

Цахилгаан зуухан дээрээ нэг цаг ус буцалгахад дунджаар 122 төгрөг зарцуулна. Харин гар утсаараа нэгцагийн турш ярихад 4200 орчим төгрөг төлнө. Гар утсаараа нэг цаг ярихгүй тэвчиж болох ч цахилгаангүй нэг хором байх боломжгүй болсон эрин үед бид амьдарч байна. Бид эрчим хүч өөрөөр хэлбэл цахилгаан, дулаан үйлдвэрлэгч “ДЦС-4” ТӨХК, дамжуулагч “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК,түгээгч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

1500 ГАРУЙ ХҮН ЭРҮҮЛ МЭНДЭЭ ЭРСДЭЛД ОРУУЛАН ЭРЧИМ ХҮЧИЙГ ҮЙЛДВЭРЛЭДЭГ

“ДЦС-4” ТӨХК-ийн үйл ажиллагааггаднаас нь харж,уурын хэдэн яндангаар нь л төсөөлдөг байв. Бид хэтэрхий өнгөцхөн төсөөлөл, бас нимгэн мэдлэгтэй явдаг гэдгээ станц дээр очоод мэдэрсэн. Станцын төв байранд ороход үүднийх ньзааланд хоногийн мэдээ том дэлгэцээр урсана. Тэнд байгаа мэдээллийг уншихад урьд шөнө ямар нэгэн хүндрэл учраагүй бололтой. Ер нь Түлш дамжуулах, Зуухан, Турбин, Цахилгаан гээд цехүүдэд очиход бүгд хоногийн мэдээ, одоо байгаа нөхцөл байдлаа мэдээлж байлаа. Монгол Улсын эрчим хүчний зүрх нь учраас ажилтан, албан хаагчид нэг хором ч хариуцлага алддаггүй нь эндээс мэдрэгдэж эхлэв. Нэг ажилтны ард олон хүний ажил амьдрал, тодруулбал нэг улсын хувь заяа багтаж байгаа учраас хариуцлагатай байх ёстойг бүх ажилтан нь баримталдаг. Тэд асар их дуу чимээ, тоос шороо, халуун орчинд ажилладаг.Станцын ерөнхий инженер нь үйл ажиллагаагаа танилцуулж байхдаа “Түлш дамжуулах цехийн ажилчид олон жил нүүрс, тоос, тортог дунд ажилласаар байгаад арьсны нөсөө нь хүртэл өөрчлөгдөн бараан царайтай, харин Зуухан цехийнхэн халуунд ажилласаар байгаад улаан царайтай болдог.Энд ажиллагсад сахарын өвчнөөр их өвчилдөг” гэж ярьж байлаа. Эндээс харахад эрүүл мэндээ золин байж эрчим хүч үйлдвэрлэдэг нь харагдана. Гэхдээ удирдлагууд нь хамт олныхоо эрүүл мэндэд сайн анхаардаг гэдгийг ажилтнууд нь ярьсан.

ЯДАЖ ӨРТӨГӨӨ НӨХДӨГ БОЛЧИХВОЛ...

“ДЦС-4” ТӨХК анх байгуулагдснаасаа хойш байнга өргөтгөл, шинэчлэлт хийж байгаа. Гэвч эрчим хүчний хэрэгцээ, ачаалалтай харьцуулаад хувилаад үзвэл багахан хувь нь шинэчлэгдэж,ихэнх тоног төхөөрөмж нь хуучирч, элэгдэн хэзээ нэг өдөр Монгол Улс гал алдаж мэдэхээр болжээ. “ДЦС-4” ТӨХК үйлдвэрлэсэн эрчим хүчээ хэтэрхий бага үнээр борлуулдагаас болж ханган нийлүүлэгчдийн дунд өрийн сүлжээ бий болжээ. Хямд үнээр цахилгаанаа нийлүүлдэг атлаа одоогоор эрчим хүч хэрэглэгчдээс 21 тэрбум төгрөгийн авлагатай байгаа аж. Цахилгааны үнэ жаахан ч гэсэн нэмэгдвэл өртөгөө нөхөөд, засвар үйлчилгээгээ хийгээд явах боломж байгааг тус станцын удирдлагууд ярьж байсан юм. Эрчим хүчний энэ хямд үнэ тариф уул уурхайн салбарынханд ч бас нөлөөлж байна. Ядаж л тэдэнд нүүрсээ нийлүүлдэг Шивээ-Овоо, Багануурын нүүрсний уурхайнууд бас л хамгийн бага үнээр нүүрсээ өгч, эрчим хүч үйлдвэрлэгчид хэзээ мөнгөтэй болохыг хүлээгээд сууцгааж байгаа гэнэ.

ЭРЧИМ ХҮЧ ДАМЖУУЛАХ БАЙГУУЛАМЖУУД ШИНЭЧЛЭЛ НЭХЭЖ БАЙНА

“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК эрчим хүч үйлдвэрлэгчээс цахилгааныг нь авч хэрэглэгчдэд дамжуулах үүрэг хүлээдэг. Зах зээлийн жамаараа бус төрөөс хааж, боосон үнийн хязгаарлалт тус компанийн үйл ажиллагааг ч бас хүнд байдалд оруулжээ. Тодруулбал, эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангахын тулд уулын оройд шугам байрлуулах шаардлага гардаг. Гэтэл тэнд хүрч очдог машин байхгүй. Хуучны ЗИЛ-130 машинаараа зүтгэхээс өөр аргагүй. Анх байгуулагдахдаа суурилуулсан тоног төхөөрөмж нь цагийн аясаар муудаж, шинэчлэл нэхэж эхэлжээ. Нэг дүрсгүй нөхөр цахилгаан дамжуулах шугам дээр гараад суучихсан хэрэг өнгөрсөн онд гарч нийслэлийн баруун хэсэг тэр чигээрээ цахилгаангүй болж байсан. Тэр үед л гэхэд ажилтнууд гар мухардаж, согтуу нөхрийн амийг аврахын тулд бүтэн хоёр цаг цахилгаан тасалж, багагүй хохирол амссан гэнэ.Агаарын шугамуудыг шинэчлэх, дэд станцууд байгуулах гээд асар их хөрөнгө мөнгө шаардсан ажил тэднийг бас л хүлээж байна. Байнга засвар хийлгэдэг шугам сүлжээ, тэнд ажиллах багаж төхөөрөмж, машин техник байхгүй болохоор тус байгууллагад олон жил ажилласан боловсон хүчин нь өндөр хангамжтай компаниуд руу урвачих гээд байдаг болжээ. Эрчим хүчний үнийг бодит байдалд нийцүүлвэл дээрх хүндрэлүүдээс гарах боломжтойг бас хэлж байсан юм.

САЛБАРЫН ДОГОЛДОЛ ЭЦСИЙН ШАТАНД Ч ХҮНДРЭЛ ДАГУУЛЖ БАЙНА

Наймаагаар бол жижиглэнгийн худалдаа эрхлэгчтэй зүйрлүүлж болохуйц байгууллага бол “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК. Дулааны станцад үйлдвэрлэж, дамжуулах сүлжээгээр урсан гарсан эрчим хүчийг тус компани эцсийн хэрэглэгчдэд түгээж, борлуулах үүрэг хүлээдэг, нийтдээ 258 534 хэрэглэгчтэй том айл.Тус байгууллага тоног төхөөрөмжийнхөө засвар, үйлчилгээг нэгмөр хойш тавьж, үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдөр нийт тоног төхөөрөмж, дэд станцуудынх нь42-67 хувь нь30 жилээс дээш жилийн настай. Ашиглалтын хугацаадууссан 12 дэд станц, газар хөдлөлтөнд тэсвэргүй гэж тогтоогдсон 40 дэд станц ажиллаж байна. Үүнээс гадна ашиглалтын хугацаа дууссан модон тулгууртай агаарын шугам нийт агаарын шугамын62.3 хувийг эзэлдэг гэсэн тоо түгшүүрийн харанга дэлдэж байна.

УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Төмөрхүү “Нийслэл хотод хүн амын механик өсөлт бий болсоор байна. Зөвшөөрөгдсөн газарт буусан ч цахилгаан авч чадахгүй байгаа 3700 айл өрх байна. Тэдэнд хүрч үйлчлэхийн тулд мөнгө хэрэгтэй. Харамсалтай нь хөрөнгө мөнгө байхгүй учраас цахилгаанаар хангаж чадахгүй байна. Эрчим хүч хэрэглэгчдийн тоо байнга өсөж, ачаалал ихэссэн ч бид зардлаа хэмнэх үүднээс орон тоо нэмдэггүй, харин ажилчдынхаа ажлын ачааллыг нэмдэг” гэж ярилаа.УБЦТС ТӨХК-ийн Хан-Уул хэрэглэгчдэд үйлчлэх төв гэхэд 22 мянга гаруйхэрэглэгчдэд үйлчилдэг. Энэ хэрэглэгч нарын тоолуурын заалтыг авахаар 14 хүн өглөө оройгүй явдаг гээд бодохоор үнэхээрачаалал ихтэй ажилладаг гэдэг нь илт.

ЗАХ ЗЭЭЛД ШИЛЖЭЭГҮЙ ГАНЦ САЛБАР

Эрчим хүчний салбар бол төрийн бодлогоор зах зээлд ороогүй үлдсэн ганц салбар. Үнэ тарифыг нь төрөөс хатуу тогтоосон. Үр дүнд нь Монгол Улс гал алдахад ойрхон байна. Уг нь УИХ 2010 онд “Түлш эрчим хүчний үнийг бодит өртөгт хүргэх, тус салбарын хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах… ” тухай 72 дугаар тогтоол баталжээ. Өөрөөр хэлбэл, өрсөлдөөнт зах зээлийн жамаар эрчим хүчний салбарыг хөгжүүлэх шийдвэр гаргасан байна.Энэ тогтоол өнгөрсөн онд хэрэгжиж дуусах ёстой байлаа. Энэ хугацаанд өнөөх төрийн бодлогод боомилогдсон эрчим хүчний салбарын техник, тоног төхөөрөмж хуучирч, өрийн сүлжээ үргэлжилсээр л… Байдал энэ хэвээрээ үргэлжилбэл Монгол Улс цахилгаан, дулааны асуудалд орж эрчим хүчний салбараа өндийлгөхөд хэцүү болох вий дээ. Ийм сануулгыг салбарынханхолбогдох байгууллагуудад тавьсаар байна. Гэвч эрчим хүчний үнэ тарифыг тойрсон улс төржилт байнга гарч байдаг.Эрчим хүчний салбар үнэ тарифаас болж хөгжиж дэвжих нь бүү хэл хөдөлж чадахгүй болж магадгүй байгааг манай зарим нэг улстөрч ойлгодоггүй, ойлгосон ч түүнийгээ ил гаргадаггүй. “Үнэ нэмлээ” гэж улстөржүүлж, “Цахилгаан, эрчим хүчний үнийг буулга” гэж хашгирсныхаа төлөө иргэдээс саналын оноо цуглуулж байна гэж ойлгодог хүн ч цөөнгүй. Өнөөдөр нэг кВт.цаг эрчим хүчний дундаж үнэ 144 төгрөг,хэрэглэгчдэд дунджаар 122 төгрөгөөр борлуулна. Үүний зөрүү даруй 22 төгрөгийн алдагдал хүлээнэ. Уг нь 22 төгрөг гэдэг бага мөнгө. Гэхдээ энэ 22 төгрөгнөөс болж эрчим хүчний салбар алдагдалд орж, эдийн засгийн хувьддоройтож, техник, технологийн шинэчлэлт хийж чадахгүй байгааг иргэд ч, эрх баригчид ч ойлгох цаг болжээ. Эрчим хүч бол улсын аюулгүй байдалтай холбогддог онцгой салбар. Тэр утгаараа хэвийн ажиллах нөхцлөөр хангагдах ёстой. Ийм нөхцлийг хангахын тулд УИХ-ын 72 дугаар тогтоолоо бүрэн хэрэгжүүлэхийг салбарынхан нь хүсч байгааг уламжлая.

Б.ЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Н.Номтойбаяр: Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхийн тулд эхлээд ард түмнийхээ итгэлийг олж авах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Н.Ном­тойбаяртай ярилцлаа.

УИХ-ын намрын чуул­ганд та ямар дүн тавьж байгаа вэ. Эдийн засаг хүндэрлээ хэмээгээд УИХ тогтоол шийдвэрүүд гаргасан. Хэр оновчтой шийдвэр гаргасан бол?

-Өнгөрсөн намрын чуулганаар хууль зөрчин, хариуцлагагүй ажиллаж байсан Засгийн газрын бодлого, үйл ажиллагаанд цэг тавьж чадсан. Энэ бол гол зүйл. Нөгөө талаасаа ололттой зүйл нь бодит өр ямар хэмжээнд хүрсэн бэ гэдгийг тогтоож чадлаа. Манай намыг засагт орохын өмнө өрийн хэмжээ 49.3 хувьтай байна гэж Сангийн яамнаас мэдээлж байсан. Ингээд МАН засагт орж Сангийн яамыг бид удирдаж өрийг уудлаад үзэхэд 58.3 хувьд хүрсэн байх жишээтэй. Ер нь ямар ч болсон бай УИХ хууль тогтоодог байгууллага. Хуулийг яах гэж гаргадаг вэ гэвэл хууль хөгжлийг авч ирэх ёстой. Хууль аливаад хэм хэмжээ тогтоодог. Хууль хариуцлага тооцдог. Ингээд дүгнэхэд хөгжил авч ирэх хэмжээнд нь ажил хийж чадсангүй. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталсан. Гэхдээ хуулийг нь баталлаа гээд хөрөнгө оруулалт нэмэгдсэнгүй. Гадны хөрөнгө оруулалт найм дахин буурлаа. Энэ мэт тодорхой тоон үзүүлэлтүүд өнгөрсөн намар УИХ, Засгийн газар ямар ажиллав гэдгийг дүгнэчихэж байгаа юм. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, гадны хөрөнгө оруулалт, төсвийн захиран зарцуулалтыг хар. Утгаа алдсан. Нэг ёсондоо иргэдийн хүсэн хүлээгээд байгаа хөгжлийг 2012 оноос хойш УИХ, Засгийн газар хийж чадав уу гэвэл үгүй.

Эдийн засгийн хүнд­рэлийг даван туулах тог­тоолын төсөл батлагдсан. Тогтоолыг нь баталчихлаа. Одоо яаж хүндрэлээс гарах юм?

-Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тогтоолыг сая баталсан. Хөтөлбөрийг баталдаг л юм. Жишээ нь УИХ-ын 34 дүгээр тогтоол гэж мундаг л хөтөлбөр баталсан. Тансаглалыг таслан зогсооно гээд. Эзэн 100 гээд сүртэй нэртэй тогтоолыг бас л баталж байлаа. Гэхдээ үр дүнг тооцох механизмыг огт суулгаж өгөхгүй байна. Зүгээр л ярьдаг. Сэтгүүлчид шүүмжилдэг. “Чи муу ажиллалаа” гээд хувийн аж ахуйн нэгжүүд хариуцлага тооцож чаддаг байхад төр засгийн хэмжээнд энэ механизм алга. Одоо Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тогтоолдоо өдөр, цаг тутамд салхи оруулж, сайд нар нь УИХ-ын өмнө ямар хариуцлага хүлээлээ гэдгээ байнга харж байх ёстой. Бас нэг жишээг дурдахад 2003 онд Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарт баримтлах бодлогыг баталсан байна. Төрийн энэ бодлогыг хэрэгжүүлж жил бүр дүгнэж байсан уу гэвэл үгүй. Эндээс дүгнэхэд төр хэмээх байгууллага цаас үйлдвэрлэгч болчихоод байна. Төрийн тогтолцоонд хяналт тавьж үр дүнг тооцох аргачлал, хяналт тавих тогтолцоогоо сайжруулах шаардлагатай болсон байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулбал аль аль талдаа хяналт, хариуцлагатай байх тэр заалтыг оруулна гэсэн бодолтой байгаа.

Одоо хүндрэлийг даван туулах тогтоолын хөтөлбөрийг гаргана. Үүнд МАН-аас ямар санал хүргүүлж байгаа юм?

-Олон санал гаргасан. Гэтэл нийгмийн хамгааллын хүрээнд өгсөн саналуудыг унагачихлаа. АН-ын гишүүд бусдын мэдэхгүйг далимдуулаад худлаа ярьсаар цалин тэтгэврийн хүүг бууруулах арга хэмжээг унагасан. Цалин, тэтгэврийн зээлийн хүүг бууруулна гэхээр банкны дотоод асуудалд орлоо гэнэ. Дотоод асуудалд нь орох зүйл огт байхгүй. АН-ынхан зөвхөн банкуудын эрх ашгийг л хамгаалж байгаа хэрэг. Монгол банкнаас өгсөн мэдээгээр хамгийн бага хадгаламжийн хүү 15.3 хувь байна. Гэтэл бидний бүрдүүлсэн Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөний үлдэгдэл 622 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ мөнгө 10 хувийн хүүтэйгээр арилжааны банкуудад байршчихсан байна. Бидний эрх ашигт тийм хайртай л юм бол хамгийн багадаа 15.3 хувиар нь байршуул л даа. 622 тэрбум төгрөгийн таван хувь гээд бодоод үз. Жилийн 30 тэрбум төгрөг байхгүй юу. Жишээ нь Капитал банкинд 190 тэрбум төгрөг байршуулсан. Дүрмээрээ бол тухайн банкны активын 25 хувиас хэтрүүлэлгүйгээр хадгаламж хэлбэрээр мөнгө байршуулдаг. Гэтэл тухайн банкны 36.8 хувьтай тэнцэхүйц хэмжээнд хүргэчихсэн. Тэр банк дампуурвал бидний хуримтлуулсан 190 тэрбум төгрөг байхгүй болно. Тэгээд яасан бэ гэвэл нийгмийн даатгалын байцаагч нарт их хямд найман хувьд ч хүрэхгүй моргейжийн зээл олгочихсон байна. Энэ мөнгө бидэнд л зориулагдах ёстой биз дээ.

Нийгмийн даатгалын сангийн мөнгийг яаж захи­ран зарцуулах ёстой гэж?

-Өнөөдөр төр нь хариуц­лагагүй, түмэн олон нь хүлцэнгүй байна. Иргэд төлөх ёстой гэж ойлгоод л шимтгэл, татвараа төлдөг. Ирэх хаврын чуулганаар татварын шинэчлэлийг ярих юм гэсэн. Тэгэхээр татварын талаарх ойлголтоосоо бүхнийг эхэлмээр байгаа юм. Жишээ нь чи бид бүгдээрээ татвар төлөгч. Татвараа төлчихөөд үр шимийг нь хүртье гэж араас нь хөөцөлддөг байх хэрэгтэй. Төрд мөнгөө төлсөн л бол төрөөс үйлчилгээгээ үзүүлэхийг шаарддаг байх ёстой. Ямар үйлчилгээ вэ гэвэл эрүүл мэнд, батлан хамгаалах, төрийн үйлчилгээ, дэд бүтэц. Иргэд нь төлсөн татвараа хянадаггүй ийм нөхцөлд төр нь төсвийн мөнгийг ямар ч хэрэггүй зүйлд зарцуулж байна. Хувийн аж ахуйн нэгж нь ажиллаад өртөг зардлаа нөхчих боломжтой зүйлд төсвөөс мөнгө өгөөд байна. 50 тэрбум төгрөгөөр зах барьж яах гээд байгаа юм. Ш.Сайхансамбуугийн дүү нар нь барина биз. Эсвэл УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн дүү нар л хийчихнэ ш дээ. Гэтэл татвар төлөгчдийн есөн тэрбум төгрөгөөр төр зах барина гэдэг тэнэглэл. Дээрээс нь барилгын компаниуд байна. Бас л татвар төлөгчдийн асар их мөнгийг инженерийнх нь шугам сүлжээнд өгдөг. Энэ нь буцалтгүй тусламж хэлбэрээр. Товчхондоо татвар төлөгч бидний мөнгө төр, төсвөөр дамжаад хувийн барилгын компанийн шугам сүлжээ болж байна. Тэгтэл хувийн компани шугам сүлжээний мөнгийг өөрөөсөө гаргачихсан юм шиг нэгж квадрат метрийн үнэдээ оруулаад тооцдог л байхгүй юу. Төр энийг шийдэх учиртай. Гэхдээ үүнийг хоёр хуваамаар байгаа юм. Магистрал шугам, дулаан төв шугам, эрчим хүч гээд. Тэндээс салаалж гарч байгааг нь өртгөөр нь тооцох ёстой. Төрөөс инженерийн шугам сүлжээг нь үнэгүй тавьж өгөх бус мөнгөн дүнтэй нь дүйхүүц хэмжээний орон сууцыг авч байх ёстой. Тэр байраа орлого багатай иргэддээ нэг ч төгрөгийн хөнгөлөлт эдлүүлэлгүйгээр цаг хугацааны хувьд уян хатан өгч байх хэрэгтэй. Татвар төлөгчдийн мөнгөөр хаа хамаагүй юм хийдэг социализмын тэнэглэлээсээ бид салах хэрэгтэй. Соц үед хувийн хэвшил гэж байгаагүй учраас бүгдийг төр хийдэг байсан. Одоо бол уучлаарай гээд татвар, дэд бүтцийн, хууль эрх зүйн орчноор нь л дэмжээд өгөх асуудал.

Өмнө нь яагаад энэ асуудал яригддаггүй байсан юм. Танай нам олон жил эрх барьж байсан шүү дээ?

-Өмнө нь яагаад энэ асуудал босдоггүй байсан бэ гэвэл цалингийн, тэтгэврийн зээлийг иргэдийн 30 хувь нь л авдаг байсан. Харин өнөөдөр 100 хувьд хүрчээ. Зээлд 100 хувь хамрагдаж байна гэдэг авч байгаа цалин, тэтгэвэр нь худалдан авах чадварыг нь бүрэн хангаж чадахгүй байна гэсэн үг. Зээл авах нь эргээд бүр их хохироодог. Нэг дор мөнгөө авч хүү төлнө. Авсан мөнгө нь ойр зуурын гал унтраагаад л дуусна. Тэгээд гурав дахь сараасаа авах цалин, тэтгэвэр нь зээлийнхээ үйлчилгээнд явчихдаг. Тиймээс миний санаа юу байсан бэ гэвэл “Энэ бол бидний бүрдүүлсэн мөнгө. Энэ эрх ашгийг Нийгмийн даатгалын сангийн үндэсний зөвлөл хамгаалах ёстой. Хамгаалъя гэвэл хадгаламжийн хүүний хамгийн бага түвшинд хүргэ. Эсвэл гол бодлогоо бариад нийгмийн баримжаатай хөрөнгө оруулалтыг хий. Тэгэхийн тулд бидний бүрдүүлсэн энэ мөнгийг маш бага эх үүсвэртэй банкинд байршуулчих. Тэгээд банктайгаа гэрээ байгуулахдаа энэ мөнгөний тодорхой хувийг нь цалин, тэтгэврийн зээлд зориулаарай” гэнэ. Банк өөрсдөд нь ашигтай бол гарын үсэг зурж л таарна. Ер нь яаж ч маневрлаж болно. Өнөөдөр хадгаламжийн зориулалтаар 10 хувийн хүүтэй хадгалж байгааг нь болиулаад нийгмийн чиг баримжаатай үйл ажиллагааг санхүүжүүлэхийн тулд зургаан хувийн хүүтэй болговол 20 хэдхэн тэрбум төгрөгийн л хүүний зөрүү гарна.

Энэ бол хэрэгжүүлсэн ажил, хөтөлбөрийнхөө дэргэд том тоо биш. Үүнийг хийлгэхгүй байгаад би юу гэж хардаж байгаа юм бэ гэвэл банкинд хямд эх үүсвэртэй мөнгө байршуулсныхаа шагналыг зарим хүн аваад байгаа юм биш үү. Бас нэг зүйлийг хэлэхэд намайг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга болоход арилжааны банкны захирлууд надтай уулзах хүсэлтийг байнга тавих болсон. Яагаад би моодонд оров гэтэл Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргыг лоббидож хямд эх үүсвэртэй мөнгө авах цаад санаатай л байгаа юм. Тэгэхэд би Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, яамыг хуралдуулаад “Үгүй. Хөндлөнгийн аудит оруулж эрсдэлийн үнэлгээ хийсний дараа иргэдийн хуримтлуулсан энэ мөнгийг байршуулах уу үгүй юу гэдгээ шийднэ” гэсэн. Тэр үед Анод, Хадгаламж, Зоос банк эрсдэлтэй шалгагдаж байсан үе.

Дотоодод ийм асуудал байна. Тэгвэл гаднаас яаж мөнгө олж ирэх вэ. Хөрөнгө оруулагчдын итгэлийг хэрхэн сэргээх вэ гэдэг асуулт бий?

-Айлаас ирэхээр авдраа уудал гэдэг дээ. Дотоодын мөнгөний асуудал дээр нэг зүйлийг нэмээд хэлчихье. Хүний биеийн хурууны өндөг хүртэл бүх эрхтэн судсаар холбогддог. Судсаар нь цус гүйж байна. Үүнийг мөнгөний урсгал гэж бодъё. Гэтэл нэн чухал хэсгийнх судсаар цус нь гүйхээ больчихоод байна. Эсвэл урсгал нь өөрчлөгдөөд байна. Банк руу сайн, муу маш их юм орж байна. Тэгээд хариуцлагагүй албан тушаалтан руу маш их мөнгө урсч байна. Далд эдийн засаг руу хамаг мөнгө ороод байна. Цус гүйхээ больсон эмзэг хэсэг нь хатаж хорчийгоод эхэллээ, өнөөдөр. Эхлээд үүнийг яаж зөв оношилж ханах вэ гэдэг асуудал бий. Шууд хэлбэл татвар төлөгчдийн мөнгийг яаж зөв оновчтой зарцуулах вэ. Үр дүнд нь хөгжил л ирэх ёстой. Сүүлийн арван жилд Монголын төсөв гурав дахин нэмэгдсэн. Харин хүн ам нь 200 мянгаар л өссөн ш дээ. Ингээд эцэст нь гадны хөрөнгө оруулалтдаа анхаарах хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын, татварын таатай орчинг бүрдүүл. Тэглээ гээд гадныхан Монголын төрд итгэхгүй байна. Гадныхан битгий хэл бид өөрсдөө итгэхээ больчихсон биз дээ. Тэгэхээр итгэлийг яаж олж авах вэ. Монголд шинийг санаачилж хийж байгаа хүмүүс үнэндээ гутарч байгаа. Баахан ажил хийгээд дуусахад муусайн олигархиуд гэдэг. Үүнийг улстөрчид л зохион байгуулдаг. Улстөрчдийн шийдэж чадахгүй байгаа сургууль, цэцэрлэгийг хувийн хэвшил л барьдаг. Харин өөрсдийнхөө халаасанд хийчихсэн хэдэн цаас нь шөнө ч нойрыг нь хүргэдэггүй л байхгүй юу. Ний нуугүй хэлэхэд улстөрчид өөрсдөө цагаан гартай болохын тулд нийгэмд компанийн захирлууд л хамаг бүхнийг хамж шимээд байна гэдэг ойлголтыг тараагаад байгаа юм. Бид өөрсдөө төрдөө итгэхгүй байгаа цагт гадныхан огт итгэхгүй ээ. Жишээ нь Жастин Каплаг өршөөлөө. Яагаад ингэж байгаа юм. Тэгвэл одоо эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг батлах шаардлагагүй болчихлоо ш дээ. Түүнийг өршөөх л байсан юм бол яах гэж хорьсон юм. Зүгээр л нэг татварын маргаан юм байна билээ. Одоо тэгээд Америктай эдийн засгийн ил тод байдлын гэрээ байгууллаа л гэж байна. Үүнийг бүлгийн хаалттай хуралдаан дээр хөндөхөд цаг 30 минутын дараа над руу залгаж байх жишээтэй. Өөрөөр хэлбэл тэр Эдийн засгийн ил тод байдлын гэрээн дээр аливаа санхүү эдийн засгийн холбогдолтой хууль санаачлах болбол тогтоолынхоо төслийг англи хэл дээр орчуулаад 60 хоногийн өмнө Америкт өгөөд санал авах боломжийг нь гаргаж өгнө гэж байгаа. Ингэх л юм бол УИХ-ын 77 дахь суудлаа Америкийн Засгийн газарт тавиад өгчих. Хоёр хөрш ижилхэн нөхцөл тавиад эхэлбэл яах вэ гэх мэтээр хор уршиг ихтэй. Ер нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхийн тулд эхлээд ард түмнийхээ төрд итгэх итгэлийг олж авах хэрэгтэй.

Чуулган завсарласнаас хойш АТГ-ынхан нэлээд эрчтэй ажиллаж эхлэх шиг боллоо. Я.Батсуурь захирлыг хорьж Н.Энхбаяр даргад зарлан дуудах хүргүүллээ. Н.Алтанхуяг гишүүнийг ч шалгах бололтой?

-Үүний өдөөлт нь улс төр байгаа юм. Энэ нь буруу. Харин хуулийн дагуу хууль хүчний байгууллагууд хэн нэгний захиалгагүйгээр ажиллаж байвал хамаа алга. Манай нам, өрсөлдөгч нам байх нь ч падгүй. Зарчмын асуудал. Үнэхээр эрх мэдлээ урвуулан ашиглаад мөнгө идчихсэн бол ялаа эдлэх ёстой. Энэ тохиолдолд УИХ-ын гишүүн байлаа ч толгойг нь илэх шаардлагагүй. Харин улс төрийн захиалгаар хэн нэгнийг торны цаана хийж байгаа бол байж болохгүй үйлдэл.

Засагт орсон учраас МАН-ынхан хууль санаачилж батлуулах боломжтой болсон биз дээ?

-Надад үнэндээ хувийн ашиг сонирхол алга. Баярхаж байгаа юм биш, онгирч байгаа юм биш, аль нэг суудал дээр очоод идэж ууя гэсэн санаа алга. Нийгмийн харилцаа зөв голдрилдоо байх ёстой гэсэн санаа өвөрлөж орсон юм. Сүүлийн үед хамтарсан гэдэг нэрийн дор олон зүйл болохоо байж байна. “Хамтарчихаад чимээгүй бай, улс төрөө бод л доо” гээд. Ийм хандлага их гарах болсон. “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг зөв захиран зарцуулахгүй бол би хоёр дахь Дэнзэнг тодруулна шүү” гэж чуулган тарахын өмнөхөн хэлсэн. Тэгэхэд АН-ын удирдлагууд С.Бямбацогт даргыг дуудаж “Наад Номтойбаяртаа хэлээч. Юу яриад байгаа юм” гэсэн байна билээ.

МАН засагт орсон нь буруу гэсэн үг үү?

-Би зөв гэж үзэж байгаа. Яагаад гэвэл засагт ороогүй байсан бол хяналт тавих, дотроос нь мэдээлэл авах боломж олдохгүй байсан. Өрийн зохистой хэмжээ 58.3 хувьд хүрснийг мэдэх байсан уу. Бид засагт орсноороо энэ идээ бээр нь хаана байна түүнийг нь шахаж байна. Нөгөө талдаа аливааг санаачлаад хийх боломж нь бүрдэж байгаа юм.

Засгаас гарсан ч яахав гэж дуугарах гишүүн ч байгаа?

-Болж бүтэхгүй бол гарна. Ер нь манай намаас ч сайдын суудалд суусан зарим нэг хүн бусдыг танихаа байгаад байна. Ямар хурдан сэхдэг юм.

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ цаг-үе

Эмээлтээс цааш иргэдэд газар олгож байна

-ХҮЙТНИЙ ХӨНДИЙД ГАЗАР ОЛГОЖ БАЙНА-

Нийслэлийн 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15309 га газарт цахим системээр газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Уг шийдвэрийн дагуу цахимаар газар өмчлүүлэх хоёрдугаар ээлжийн бүртгэл өнгөрсөн нэгдүгээр сарын 26-наас хоёрдугаар сарын 9-ний хооронд явагдаж дууссан.

Цахимаар газар өмчилж авахаар сонгогдсон иргэд харьяа дүүргийнхээ Өмч, газрын харилцааны албанд хандаж газар өмчлөх өргөдлөө баталгаажуулаад буй. Зарлагдсан байршилд акт үйлдэн баталгаажуулах ажлыг гүйцэтгэх компаниудыг тендерээр шалгаруулсан юм байна. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Их цуурай, Бага цуурайн аманд “Блюжей ланд” ХХК, Сонгинохайрхан дүүргийн Эмээлт уулын баруун хоолойн байршилд “Геоцацраг” ХХК, Багануур дүүргийн Тариан булаг, хоёрдугаар байршилд “Эрдэнэ сүрвэй” ХХК, Багахангай дүүргийн хоёрдугаар хороо Хангайн хөндийд “Онч сөрвей” ХХК тус тус уг ажлыг гүйцэтгэхээр болсон юм.

Өчигдөр Эмээлт уулын баруун хоолойд газар олгож буй “Геоцацраг” ХХК-ийн гэрт очлоо. Тус компанийнхан иргэдэд газар олгох ажлыг гардан хийж байгаа юм. Газар олгож буй байршилдаа гэр бариад амралтын өдөргүйгээр өглөө 10 цагаас орой 17 цаг хүртэл үйлчилж байна. Эмээлтийн давааг уруудаад хэсэг явж байгаад баруун гар тал руу буюу ертөнцийн зүгээр хойш, Хүй долоон худаг руу салдаг зам бий. Яг тэр замаар салахын наахна замын урд талд уг компанийн ганц гэр байрлаж байна. “Газар олголт” гээд томоор биччихсэн анонсыг гэрийн дээд бүслүүрээс бэхэлчихэж. Хэн ч харсан, энд газар олгож байгаа юм байна гэж ойлгогдоно. Гадна нь машин тэрэг зогсоно. Гэрт орлоо. “Гео цацраг” компанийн ерөнхий инженер Б.Бямбадорж иргэдийг бүртгэж сууна.

Иргэд “Өргөдөл хүлээн авсан тухай тодорхойлолт”-оо түүнд өгөөд “Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт”-ыг бөглөж байна. Мөн 30 мянган төгрөгийг бэлнээр төлж байлаа. Пайз, газрын кадастр, ажлын хөлс зэрэг нь энэ мөнгөнд багтаж байгаа аж.

Ингээд бичиг цаасны ажил дууссаны дараа ерөнхий инженер “Та түр хүлээж байна уу. Танай байршил нэлээд цаана юм байна. Цэнхэр тугтай “Pajero” машин ирэхийг хүлээ. Ирэхээр нь суугаад газраа заалгаад гадаслагаа, тэмдэглэгээгээ хийлгэнэ үү. Тэгээд тавдугаар сард Газрын албанаасаа өмчлөх шийдвэрээ аваарай” гэж нэг бүрчлэн захих аж. Хэрэв хуваарилагдсан газар нь замдаа ойрхон байвал “Та 89-43 дугаартай машин ирэхээр суугаад газраа заалгана уу” гэж зөвлөнө. Энэ байршилд 3400 иргэнд 20х25 хэмжээтэй буюу 0.5 га газар өмчлүүлэх бөгөөд өчигдрийн байдлаар мянга гаруй хүн газраа заалгаад актаа аваад байгаа юм байна.

Эдний компани цагаан сарын өмнөөс энд ажилчдаа байрлуулжээ. Иргэдийн хувьд бичиг баримтаа дутуу авч ирэх тохиолдол их гарч байгаа аж. Газар олгож, хуваарилахдаа шууд компьютерийн программын дагуу олгосон болохоор зарим хүмүүс “Замдаа ойрхон газар өгч болоогүй юм уу”, “Манайх хэтэрхий хол юм байна” гэх мэтээр маргаж байгаа гэнэ. Тус компанийнхны хувьд газар хуваарилахад ерөөсөө ойролцоогүй. Хуваарилсан газрыг нь зааж, кадастрыг нь хийн, гадаслагаа хийлцэж, пайзжуулах ажлыг нь түргэн шуурхай хийж өгч үйлчилж байгаа гэдгээ тайлбарлаж байв. Гэхдээ иргэдийн хувьд “Төрийн минь буян. Үнэгүй газар өгч байгаад баяртай байна” гэх талархлын үг их хэлж байгаа гэнэ. Зарим нь “Хурдан морьдын тоосон дунд амьдрах юм байна” хэмээн бэлгэшээж “Өнөө жилийн наадмын хурдан морьд бариалахыг Эмээлт хайрхан дээрээс харж болох юм байна шүү” гэжээ. Иргэдийн хувьд хотын их утаанаас хол, салхины дээд талд, “Монгол наадам” цогцолборын ойролцоо төв зам дагуу газар авснаа ихэд олзуурхаж байгаа юм байна. Энэ газар нь Сонгинохайрхан дүүргийн хорьдугаар хорооны харьяа хэсэг бөгөөд Эмээлт уулын баруун хоолой гэж нэрлээд байгаа ч нутгийн иргэд энэ орчмыг Хүйтний хоолой гэж дууддаг гэнэ. Өвөлдөө нэлээд салхи жавартай учир Хүйтний хөндий гэж нэрлэсэн гэж тээврийн жолооч нар ярилцдаг аж. Өвөлдөө уг хөндийд айлууд өвөлждөггүй бол зундаа ороод ирдэг гэнэ. Зуны улиралд энэ хөндийд зуншлага таатай, өвсний гарц сайн байдаг тухай энэ хавийн малчид ярилцдаг юм байна. Гол горхи, ой мод үгүй ч өгөөжтэй хөндий гэдгийг Эмээлтэд амьдардаг иргэд ярьж байлаа. Газраа заалгахаар ирсэн нэгэн залуу “Энэ хөндийд газар авахаар болсныг эмээ маань дуулаад өгөөж баян хангай гэж хэлж байна лээ. Түүх домогтой л хөндий гэсэн. Зундаа өвс ургамалтай сайхан газар гэсэн. Зуслангийн байшин баривал тохиромжтой болов уу гэж бодож байгаа” гэж ярилаа.

Хүйтний хөндийд иргэд газар өмчилж амьдрах учир түүнийг нь дагаад сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх газрууд баригдах нь тодорхой. Эдгээр газруудыг нь хаана, яаж байршуулахыг зурагт тодорхой заасныг харлаа.

Өдөрт дунджаар 150-160 хүн ирж актаа авч байгаа юм байна. Энэ сарын 12-ныг хүртэл эдний компани энд ажилчдаа байрлуулж үйлчлэх гэнэ. Энэ хугацаанд багтааж ирж үйлчлүүлбэл хэн хэндээ чирэгдэлгүйг сануулж байлаа. Өчигдөр өдрийн 13 цагийн үед 30 гаруй иргэн ирж бүртгүүлээд байв. Цэнхэр туг намируулсан “Pajero” жийп тоос татуулан цаашилна. Араас нь машинууд дагах аж. Газар өмчлөхөөр болсон иргэд нэгээс хоёр хүнтэй хамт ирдэг юм байна. Төмөр гадас, цемент, модон шон гээд л хуваарилагдсан газрынхаа дөрвөн буланд зоох, тэмдэглэх зүйлсээ алх, лантуу, хүрзтэй авчирчээ. Зарим айл нь хуучин дугуй авчирч суулгаж байгаа гэнэ. “Гео цацраг” компанийн зүгээс тэмдэглэгээг дахин шалгах ажилчдыг гаргажээ. Иргэдийн тавьсан тэмдэглэгээ, шон зэргийг сугалж авах, машинаар дайрах зэрэг үйлдэл гардаг юм байна. Тиймээс дараа нь элдэв будлиан гарахаас сэрэмжилж тэмдэглэгээ, гадас зэргийг нь шалгаж, дахин гадаслаж байлаа. Айлуудын өмчилсөн газрын дөрвөн буланд төмөр гадас зоогоод дээр нь дугаарыг нь шууд шивж пайзжуулж байгааг харлаа. Гэвч хог, төмөр түүдэг хүмүүс гадсыг нь сугалаад байгаа нь хүндрэл үүсгэж буйг тус компанийн ажилчид учирлана. Хүй долоо худаг руу явсан өндөр хүчдлийн шугам Хүйтний хөндийн араар дайрч байгаа болохоор эндхийн иргэд тог цахилгааны асуудалд нэг их толгой өвтгөхгүй бололтой.

Д.САРУУЛ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Ш.Цэнд-Аюуш: Улс төрийн аясаар хэл, бичгийнхээ соёлд халдвал Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд сэв суулгана

Хэлбичгийн шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Д.Нацагдоржийн шагналт зохиолч Ширсэдийн Цэнд-Аюуштай ярилцлаа. Наяад оны эхээр тухайн үеийн Соёлын яамыг толгойлж дараа нь Монголын зохиолчдын эвлэлийн орлогч даргаар ажиллаж байсан тэрээр Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийг үүсгэж байгуулж орчин үеийн утга соёл, сэтгүүлзүйн түүхэнд гавьяа байгуулсан нэгэн юм. Эл эрхэмтэй саяхан батлагдсан Монгол хэлний хуулийн талаар ярилцсанаа хүргэе.

УИХ саяхан Монгол хэлний тухай хуулийг баталлаа. Хууль анх өргөн баригдаж, хэлэлцэгдэж эхлэхээс л шүүмжлэл дагуулж байсан. Соёлын сайд байсан хүний хувьд та энэ хуулийн хэрэгжилтийг хэрхэн харж байна вэ?

-Хэл гэдэг хүний нийгмийн хамгийн үнэт баялгийн нэг. Аливаа улс орны оршин тогтнох тулгуур багана нь улсын хил хязгаар, үндэсний хэл, түүх соёл юм. Хэл бол харилцааны чухал хэрэгсэл. Нөгөө талаас оюун санааг баяжуулж байдаг. Өнөөдөр монгол бичгийн талаар дуугарах хүнгүй юм шиг улсууд ойлгоод байна. Тийм биш л дээ. Б.Ринчен гуай, Ц.Дамдинсүрэн гуай Лувсанвандан гуай зэрэг монгол хэлний манаач болсон хүмүүс байсан. Тэд монгол хэлийг хөгжүүлж баяжуулахын төлөө байнгын анхаарал тавьж ажиллаж байсан юм. Үеийн үед том сэхээтнүүд эх хэлээ хадгалж, хамгаалахад ихээхэн анхаарал тавьж ирсэн. Харин Монгол бичгийг олон түмэнд сургах үзэл баримтлалтай УИХ-аас баталсан Монгол хэлний тухай хууль нь урьд үеийн уламжлалыг баяжуулж өгч байгаа нь сайн зүйл. Гэхдээ хэрэгжих нөхцөл гэж айхавтар том бэрхшээл бий гэдгийг анхаарах хэрэгтэй. Жишээлбэл, манай сэхээтнүүд Ардын хувьсгалын дараа 1930-аад онд латин бичгийг эзэмшье гээд хоёр, гурван жил яваад бүтээгүй. Дараа нь Ц.Дамдинсүрэн гуай кирилл бичгийг эзэмших нарийн дүрэм журмыг гаргаж ирсэн. Энэ нь манай Монголын үндэсний том соёл, бичиг болсон. Түүнчлэн монгол хэлний дүрмийг өөрчлөх талаар дээрээс янз бүрийн ярианууд гарч, төсөл нэрээр баахан ажил явагдсан. Монгол хэлний дүрмийг Ц.Дамдинсүрэн гуай шиг том эрдэмтэн л өөрчилж чадна. Тэрнээс мань мэтийн мянган хүн нийлээд хийчихдэг ажил ч биш. Монгол хэл, бичиг гэдэг бол маш нарийн зүй тогтолтой зүйл. Зүгээр нэг тогтоолоор өөрчлөгдчихгүй. Хэдэн зуун жилээр баяжиж, уламжлагдаж байдаг.

Монголчууд 2025 оноос бүх нийтээрээ монгол бичигт шилжинэ гэж байгаа. 1990-ээд оноос ерөнхий боловсролын сургуулиудад уйгаржин заасан ч энэ ажил үр дүнд хүрээгүй болохоор удаан үргэлжлээгүй. Тэгэхээр арван жилийн дараа энэ байдал дахиад л давтагдах нь бололтой?

-Бүх нийтээр уйгаржин бичигт шилжих нь санааны зоргоор хийчихдэг ажил биш. Монгол бичгийг мэдэх шаардлагатай түүхийнхэн, хэл уран зохиолын багш нар, эрдэмтэд л сайн судлаад авч явбал болно. Кирилл бичиг бол Монгол Улсын XX зууны сэргэн мандалтын эх ундарга нь шүү дээ. Манай улсын хэдэн үеийн сэхээтнүүд болоод монголчуудыг бичиг үсэгтэй болгож гэгээрүүлсэн нь кирилл үсгийн гавьяа. Тиймээс ЮНЕСКО-гоос монголчуудыг бүх нийтээрээ бичиг үсэгтэй ард түмэн болсонд шагнаж урамшуулсан юм. Энэ бол бусад орнуудад хийгдээд байдаггүй ажлыг манай улс кирилл бичиг, үсэгтэй болсноор хэрэгжүүлсэн том амжилт. Бид энэ амжилтаас ухрах ёсгүй.

1990-ээд онд монгол бичгийг заах багш үнэндээ дутмаг. Монгол хэл, уран зохиолын багш нараар заалгасан болдог ч үр дүнд хүрээгүй юм. Бичиг, үсэг гэдэг бол хамгийн гол нь нийгэмтэйгээ харьцах том хэрэглүүр. Яахав, бичиг, үсэг мэдэхгүй хоёр хүн хоорондоо яриад байж болно л доо. Гэхдээ нийгмээ, улс орноо, эх дэлхийгээ бичиг үсгийн тусламжтайгаар танин мэддэг. Манай улс 2025 онд уйгаржин бичиг рүү бүх нийтээрээ орно гэдэг бол сэрүүн зүүд. Харайлаа гэхэд буух газраа харж байх хэрэгтэй. Тогтоол, дүрэм, журам гарч болно. Гэхдээ тэрийг яаж хэрэгжүүлэхээ ухамсарлах хэрэгтэй. Хялбархан бүтчихдэг ажил ч биш. Өвөрмонголын хэдэн арван мянган багш нарыг авчраад гурван сая хүндээ заалгадаггүй юм л бол монголчууд уйгаржинд шилжих боломжгүй.

Уламжлалт бичиг нэлээд шүүмжлэл дагуулж байгаа. Жишээлбэл, “гурил” гэдэг үгийг “гулир” гэж тэмдэглэж байх жишээний. Үүнээс үүдэн уйгаржин бичгийг манайхан одоогийн хэл ярианы онцлогт тохируулаад хэрэглэе гэх болж. Нэг хуулийг хэрэгжүүлэхийн тулд бүхэл бүтэн хэл соёлыг ингэж өөрчилж болдог юм уу?

-Мянган жилийн соё­лыг өөрчилнө гэдэг байж боломгүй зүйл. Улс төр гэдгийн их зовлонтой юмны нэг шийдвэр гаргачихаад Монголын түүхэнд үлдэж, гялалзана гэж ойлгоод байх шиг. Улс төрийн тогтоол, шийдвэр, хууль баталж байгаатай адил хэл соёлыг ийм хямдхан гаргаж болдоггүй юм. Хэрэгждэг ч зүйл биш. Хэл гэдэг бол өөрийн нарийн хуультай. Монголчуудыг бүх нийтээрээ монгол бичигтэн бол гэж хавтгайруулаад, гурван саяулаа уйгаржин бичигтэн болно гэвэл бүтэхгүй ажил гэж хэлэх байна.

Ер нь бичиг, үсгээ солих гэсэн ард түмэн амжилтад хүрдэггүй. Олон улсын хэмжээнд бичиг, үсгээ өөрчлөх гэсэн оролдлого хандлагууд гарч байсан. Бүгд л замхарсан. Улс орны тэр олон мянган жилийн уламжлал хөгжиж явах ёстой тулгуур нь бичиг, үсэг. Үүнтэй холбогдуулаадхэлэхэд эх хэлний боловсрол бол хүний насан туршийн зүйл. Тэр боловсролоо байнга хөгжүүлэн дээшлүүлж явах нь хүн бүрийн үүрэг юм. Гадаадын эрдэмтэн мэргэдийн хэлсэн үг ч байдаг. “Хүн гадаад хэлийг нэг жил ч юм уу, зургаан сарын хугацаандсурч болно. Харин өөрийнхөө төрөлх хэлийг насан туршдаа сурч чаддаггүй юм” гэсэн нь бий. Ингэхээр хэл бол агуу том зүйл. Дэлхийн аль ч соёлтой улс үндэстэний өөрийн хэл нь хуультай. Бичиг, үсгээр хэлийг баталгаажуулж, баяжуулж байдаг юм.

Кирилл үсэг бол монголчуудыг дэлхий дахины соёлтой танилцуулсан гэж та дээр хэлээ. Дэлхийн сонгодог бүтээлүүд цөм кирилл бичгээр Монголын ард түмэнд хүрсэн. Энэ утгаараа кирилл бичгийг хамгаалж, хадгалж авч явах ёстой баймаар…

-Монголын олон үеийн алдартай, бичгийн хүмүүсийн бүтээлийг XX зуунд шинэ үсгээр сурлаа. Үүн дээр буруу зөрүү гээд хэлээд байх юмгүй. Соёлын асар том дэвшил. Дэлхийн сонгодог бүтээлүүдийг монгол хэлэнд орчууллаа. Кирилл бичиг бол монголчуудыг дэлхий дахины соёлтой танилцуулсан учраас энэ бичгээ их хямгадаж, хадгалж, хөгжүүлж байх хэрэгтэй. Зэрэгцүүлээд мянган жилийн түүхтэй үндэснийхээ бичгийг авч явах ёстой. Жишээлбэл, бид оюутан байхдаа санскрит, төвд хэл, тод, дөрвөлжин үсэг, уйгаржин үсэг үзэж, хоорондоо захиа бичих хэмжээнд байлаа. Даанч амьдрал дээр гараад хэрэглээ байхгүй болохоор мартагддаг. Мэргэжлийн хүмүүс нь эдгээр үсгээ авч үзээд улам боловсронгуй болгоод явах нь зүйтэй. Тэрнээс нийт ард түмний хувьд кирилл бичгээс хөндийрнө гэдэг бол бүтэшгүй ойлголт. Бичиг үсэг тухайн улс орны толь нь байдаг. Гэтэл манайхан нэг юмнаас нөгөө рүү хуйларч, хаврын салхи шиг байх юм. Ийм хандлагаар улс орныхоо том соёл, үндэсний оршин байх баталгааг бид дураараа өөрчлөөд байж болохгүй. Эх хэл рүүгээ дайрна гэдэг бол Монгол Улс буруу зам руугаа гулсаж байна. Эх хэлний олж авсан мэдлэг боловсрол гэдэг бол тухайн хүний сэтгэхүйг баяжуулж хөгжүүлж өгдөг.

Дэлхий нийт даяаршиж байхад манайхан хуучин бичгээ сэргээнэ гэж байгаа нь дэвшил биш ухралт гэдгийг эрдэмтэн, судлаачид хэлж байна. Нийгмийн хэрэгцээ шаардлагыг нь харгалзахгүйгээр лоббины хуулиуд олноор төрөх болсныг улс төрийн хүрээнийхэн ч шүүмжилдэг. Ер нь аливаа хуулийн цаана их хэмжээний мөнгөн дүн байдаг гэлцэх юм билээ.

-Яг үнэн. Тэр мөнгөнд л яваад байхгүй юу. Энэ бол улс төрийн үзэмж, сонирхлоор хийж болдог ажил биш. Манай эрхэм түшээд 1924 онд баталсан Үндсэн хуулийг 1992 онд шинэчилсэнтэй адилтгаж бичиг, үсгээ өөрчилчихнө гэж бодож болохгүй. Бичиг, үсгийн соёл хэдэн мянган үндсэн хуультай тэнцэнэ. Улстөрийн аясаар энэ том соёлд халдана гэдэг бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд сэв суулгах ажил болно л доо.Кирилл бичиг бол Монголыг 100 жил соён гэгээрүүлсэн, Монгол Улсыг дэлхий дахинд таниулсан бичиг гэдгийг дахин хэлье.

М.МӨНХЦЭЦЭГ