Categories
мэдээ цаг-үе

Чингис Раднаев: С.Жавхланг Буриадад бүгд мэднэ

“Буриадын поп мюзик” шоу концерт Бөхийн өргөөнд энэ сарын 3-нд болно. Тоглолтод оролцох Буриадын дуучид болох Мэдэгма Доржиева, Чингис Раднаев, Дулма Сунрапово нартай товч ярилцсан юм. Дуучин С.Жавхлантай хамтарч “Эжымни” хэмээх сайхан дууг амилуулсан Буриадын дуучин Чингис Раднаевт эхний асуултаа тавилаа.

Таныг “Хамаг Монгол” төсөлд буриад түмнээ төлөөлж оролцсон гэдгээр чинь хүмүүс мэднэ. Энэ удаагийн тоглолтод ямар уран бүтээлтэй ирэв?

-Улаанбаатарт Буриадын уран бүтээлчдийн анхны тоглолт болох гэж байна. Монголын үзэгчдийн хүссэн дууг нь дуулж өгнө. Энэ намар “Улаанбаатарын дагина” дуундаа клип хийсэн. Энэ дууг олон хүн сонсох хүсэлт тавьсан байна лээ. Түүнийгээ дуулах байх аа. Шинэ буриад дуу өргөн дэвшүүлнэ ээ.

Өөрийг чинь Чингис гэдэг. Монголчууд аливаа алдартай хүний нэрийг хүүхдэдээ өгвөл сүнс нь ивээдэг гэх мэтээр бэлгэшээдэг. Танд ийм мэдрэмж төрдөг үү?

-Байнга тохиолддог. Манай нутагт Чингис гэдэг нэрийг хүүхдэд хүндэднэ гэж ярьдаг. Хамаагүй өгдөггүй. Гэхдээ би төрөхөөсөө л Чингис нэртэй одоог хүртэл сайхан явж байгаа. Монгол туургатныхаа дунд дуу хуураа өргөж явна. Ямар сайхан хүлээж авна вэ биднийг чинь, гайхамшигтай. Нэр маань их таардаг гэж боддог.

Чигис хааны түүхийг судалдаг уу?

-Судалдаг. Түүхэн ном унших дуртай.

Та хэдэн хатантай вэ. Гэргийг тань бас Бөртэ гэдэг юм биш биз?

– Би нэг л хатантай. Хатны нэр Бөртэ байж чадсангүй дээ. (Инээв). Хамгийн гол нь Буриад Монголоо гэсэн сэтгэлтэй хүн бий. Би бас хоёр хүүтэй. Хоёр бяцхан Чингисийг сайхан сэтгэлтэй, Монголоо гэсэн сэтгэлтэй хүн болгохоор хичээж байгаа.

Монголоо зорьж ирэхдээ та ямар сэтгэлтэй ирдэг вэ?

-Энэ сэтгэлийг үгээр илэрхийлэхэд хэцүү. Бас янз бүрийн юм боддог юм аа. Уярна, баярлана. Зарим зүйлийг хараад гунигтай ч болно. Монгол сайхан орон маань мандан бадарч, Монголоороо үлдээсэй. Буриадын нэг сайхан үг байдаг. “Эрт босоход өдөр урт. Эвтэй байхад нас урт” гэдэг. Бид эвтэй байвал хол явна, өөдрөг явна гэсэн үг. Үүнд нэмэр болох тоглолтоо бид Бөхийн өргөөнд хийх гэж байна. Буриад хөгжим аялгуу, орчин үеийн хөгжмийн урсгалууд ч энд эгшиглэнэ. Бидний сэтгэл хамгийн гол нь.

Буриадын урлаг аль чиглэл рүү хөгжиж байгаа гэж боддог вэ. Орос нөлөө их байдаг байх?

-Байлгүй яах вэ. Бид бүгдээрээ Оросын хөгжмийн сургуулиас гарсан хүмүүс. Хөгжмийн эрдэм, мэдрэмжээ тэндээс авсан. Гэхдээ бид буриад гэдгээ мартахгүй, буриад сайхан аялгуу, дууны үг байна. Хөгжмийн найруулга нь илүү сайхан баялаг болоосой гэж хүсдэг. Тийм учраас Оросынхоо сайхан хөгжмийн соёлыг ашиглана.

Монгол дуучдаас хэнийг илүү хүндэтгэдэг вэ, сонсох дуртай дуучин байдаг уу?

-Байлгүй яах вэ. Бараг бүгдийг нь сонсдог, хүндэлдэг. Гэхдээ дотно хэдэн уран бүтээлч бий. Арван жилийн өмнө дуулаачийн тэмцээнд хамт оролцож байсан Наагий гээд залуу дуучин байна. Одоо жазз мундаг сайхан дуулж байна. “Хамаг Монгол” төслийг санаачилсан гавьяат жүжигчин С.Жавхлан байна. С.Жавхланг Буриадад бүгд мэднэ. Улаан-Үдэд бас Монголын дуучид тоглодог. Бид бас ирэх ёстой гэж бодож байна. Монголоос олон дуучид очиг. Бид хүлээж л байдаг. Бид монгол дуу сонсоод, “Сайхан дуулдаг шүү, манай монголчууд” гэдэг. Мэдээж хөгжим, CD сонсохоос илүү тайзан дээр дуулж байгаа дуучин илүү амьд, насан биеэрээ, улаан хоолойгоороо дуулахад огт өөр түвшний энерги мэдэрнэ. Бид ч бас Монголын сайхан уран бүтээлчид, дуучид, бүжигчид, жүжигчдээ урьж байна.

Дулма Сунрапова: Буриадын миссүүд бүгд авьяастай

Таныг Монголын уран сайхны “Мухар гудамж” кинонд тоглосон дүрээр тань хүмүүс мэдэх байх?

-Би бас тэгж найдаж байна.

Таныг Буриадын мисс болж байсан гэж сонссон?

-Тийм ээ, 2004 оны Буриадын мисс болж байсан.

Энэ удаагийн тоглолтод ямар уран бүтээл өргөх вэ?

-Миний хувьд өөрөө дуугаа зохиодог. Бусад дуучид ч миний зохиосон дууг дуулна. Энэ тоглолтод өөрийн зохиосон дуунуудаа өргөн дэвшүүлнэ. Тэрнээс гадна хоёр гурван сюрприз бэлтгэсэн байгаа. Ёохор бүжгийг орчин үеийн маягаар бүжиглэж үзүүлнэ. Буриадууд яаж ёохор бүжиглэдгийг энэ тоглолт дээр харуулна.

Кинонд тоглоход бэрхшээл байсан уу?

-Мэдээж байлгүй яадаг юм. Жүжигчний мэргэжлээр Сити дээд сургууль төгссөн. Кинонд тоглож байгаагүй, шууд дуулаад явсан. Тэгээд “Мухар гудамж” кинонд тоглох урилгыг Guys 666 хамтлагийн Лхагваа, Баярсайхан найруулагч нар тавьж, “Манай кинонд тоглооч” гэж урьсан юм. Бэрхшээл нь хэл. 2008 онд төгссөн учраас хэл жаахан мартагдсан. Яаж сценари уншаад, яаж тэрийг биелүүлэх вэ гэж санаа зовж байсан. Кинонд тоглож үзээгүй хүн мэдэхгүй шүү дээ. Надад Баярсайхан найруулагч их тусалсан. Яаж тоглох хэрэгтэйг хэлж өгсөн. Кинонд тоглосондоо баяртай байгаа.

Буриадын миссүүд бүгд тан шиг авьяастай юу?

-Тийм. Буриадын миссийн тэмцээн зохион байгуулдаг хүмүүс ийм байхыг шаарддаг. Зөвхөн гоё бие, хөөрхөн царайтай байх биш бас авьяаслаг байхыг шаарддаг.

Мэдэгма Доржиева: Бидний шоу концерт маш содон гоё болно

Өөрийнхөө тухай танилцуулаач. Монголд болох тоглолтынхоо тухай сонирхуулна уу?

-Бидний шоу концерт маш содон гоё болно. Миний хувьд Монголтой нэлээд ойрхон байдаг. Хэдэн жилийн өмнөөс монгол дуучидтай хамтарч уран бүтээл хийж байгаа. Наранбаатар, Наранзун, Халиун, Чука нартай хамтарч ажилладаг. Энэ удаагийн тоглолтод цоглог дуу дуулна. Монголчуудын сонсох дуртай “Адуучны дуу”-гаа, өөрийн зохиосон “Залуучууд урагшаа” дуугаа дуулна. Тэгээд бас монголчуудад их таалагддаг “Инаг дураяа гамнаарай” дуугаа дуулна. Өөрийнхөө дуунуудад орчин үеийн урсгалыг оруулахыг хичээдэг. Франц, Москвагийн уран бүтээлчидтэй хамтарч ажилладаг гэв.

Categories
мэдээ цаг-үе

Топ модель Х.УЯНГА: Даль жигүүртэйсэн бол нисчихмээр сайхан мэдрэмж одоо хэр намайг эзэмдэж байна

Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг “Гоёл-2016” наадам болж загварын шилдгүүдээ тодрууллаа. Энэ удаагийн “Гоёл-2016” наадмын “Топ модель”-оор Х.Уянга шалгарсан юм. Ингээд шинэхэн топын сэтгэгдлээс хуваалцсанаа хүргэж байна.

Танд энэ жилийн топ моделиор тодорсонд баяр хүргэе. Загварын тайзнаа алхаж буй хүн бүхэнд хүсээд ирэхгүй шагнал болов уу?

-Баярлалаа. Нэр хүндээсээ илүү асар их хариуцлага ирдэг юм байна. Тэгээд ч би топыг хариуцлагаас илүүтэйгээр амжилтад хүрэх боломж гэж харж байгаа.

Сэтгэл хэр хөдөлж байна?

-Даль жигүүр байдагсан бол нисчихмээр тийм сайхан мэдрэмж төрсөн. Одоо хэр намайг эзэмдэж байна. Тайзан дээр тэгж их сандарна гэж бодоогүй. Үнэхээр их сандарсан. Энэ дашрамд Монголын дизайнеруудын холбоо, “Шилмэл загвар” агентлаг болон найз нөхөд, хамт олондоо маш их баярлалаа гэж хэлье. Мөн гэр бүл, найз залуудаа баярлалаа. Та бүхнийхээ дэмжлэгээр ийм хүндтэй шагналыг хүртсэн шүү.

Та өмнө нь “Гоёл” наадамд оролцож байсан уу?

-Би 13 настайдаа “Гоёл-2000” наадамд оролцож байсан. Өнөөг хүртэл тасралт­гүй 16 жил орсон байна.

Биеийн харьцаа хэд вэ?

-Өндөр 180 см. Биеийн харьцаа 90:60:93.

Топ болгон өөрийн онцлогтой гэгддэг. Таны хувьд…

-Гоё хөлтэй гэж ярьдаг. Дизайнерууд аль болох богинохон, хөл ил гарсан хувцсаа надад өмсүүлдэг ш дээ (инээв).

Хэдэн онд төрсөн бэ?

-1988 онд Улаанбаатар хотод мэндэлсэн.

Гэр бүлээ танил­цуулахгүй юу?

-Аав маань таван жилийн өмнө өөд болсон. Одоо ээж, ах, охин нартайгаа амьдарч байна. Ах, эгчтэй. Айлын хэнз охин. Ах, эгч хоёроосоо нэлээн хожуу төрсөн л дөө.

Нутаг ус хаана вэ?

-Манай аав Говь-Алтай аймгийн Төгрөг сумын уугуул. Ээж Увс аймгийн хүн.

Ямар мэргэжлийн хүмүүс бол?

-Аав насаараа нам, улс төрийн ажил эрхэлж явсан. Харин ээж багш мэргэжилтэй. Манай ах социологич, нийгмийн сэтгэл зүйч мэргэжилтэй.

Таныг сурч байгаа гэсэн. Ямар мэргэжлээр сурч байна вэ?

-Олон улс судлалын дээд сургуулийг Олон улсын харилцаагаар төгссөн. Оюутан байхдаа санхүүгийн чиглэлээр ажиллах боломж гараад нэг байгууллагад хэсэг ажилласан. Гэхдээ мэргэжлээрээ ажиллахаас илүүтэйгээр санхүүгийн чиглэлээр ажиллах дуртай. Тиймээс одоо эдийн засаг, санхүүгийн чиглэлээр Санхүү эдийн засгийн дээд сургуулийн оройн ангид сурч байна.

Аль агентлагт харьяалагддаг вэ?

-Анх “Шилмэл загвар” агентлагт орж топ модель Цолмон багшийн шавь болсон. Ер нь нэг их агентлаг дамжаагүй. 2005 оноос Мон­голын дизайнеруудын холбоонд харьяа­лагдах болсон.

Загвар өмсөгч болох зам­нал хэрхэн тавиг­даж байв. Мэдээж хүсэл мөрөөд­лөөрөө тайзтай амьд­ра­лаа холбосон байлгүй?

-Тэгэлгүй яахав. Намайг 13 настай байхад аав маань дагуулж яваад “Шилмэл загвар” агентлагт оруулж байлаа. Аав их дэмжинэ. Ээж болохоор нас чинь арай бага байна. Боловсроогүй байна гээд хориг­лодог байсан. Тэгэхээр нь ааваа­саа гуйна. Айлын хэнз охин учраас их эрх танхи. Аавыгаа дийлдэг л хүн байлаа. Миний аав охиныхоо үгнээс гарахгүй ээжээс нууцаар агентлагт бүрт­гүүлж байсныг одоо ч мартдаггүй юм.

Аав тань байсан бол охиноороо бахархаж, хамгийн их баярлах байсан даа?

-Тэгэлгүй яахав. Тухайн үед охиноо өнөөдрийн энэ амжилтад хожим хүрнэ гэдгийг мэдээж бодоогүй байх. Эмэгтэй хүн биеэ аятайхан, зөв аваад явчихдаг болоосой гэсэн үүднээс л загварын агентлагт оруулсан болов уу. Өнөөдөр миний хажууд байсан бол надаас илүү баярлах хүн аав минь байх нь дамжиггүй.

Танай ээжийн талынхан их өндөр, биерхүү хүмүүс гэж сонссон?

-Ээжийн удмынхан их өндөр хүмүүс бий. Их өндөр шүү. Ээж маань залуудаа их сайхан бүсгүй байсан. Би ээжийнхээ үргэлжлэл юм даа.

Монгол Улсын Ерөнхий сайд П.Жасрай гуайтай ямар холбоотой юм бэ. Ураг төрлийн холбоо юу?

-Тийм ээ. Манай өвөө Жасрай ахын аав хоёр төрсөн ах дүүс.

Аль дунд сургуулийг төгссөн юм бэ?

-“Монген” сургуульд сурч байгаад 54 дүгээр сургууль руу шилжсэн. 54 дүгээр сургуулийг төгссөн.

Өндөр хүн спортод бас амжилт гаргах боломжтой байдаг. Яагаад заавал загварын ертөнцийг сонгов?

-Загварын тогоонд чанагдахаас өмнө их л гоё санагддаг байсан. Загварын ертөнцөд орж ирснээр мөрөөдөл маань зорилготой болж ирсэн. Цолмон багшийгаа л их шүтдэг байсан даа. Яасан гоё алхдаг, биеэ сайхан авч явдаг гээд л алхаж гишгэх тутамд нь биширнэ.

Олон жил энэ наадамд оролцсон гэлээ. Жил ирэх тусам л топ болох хүсэл төрнө биз. Бас өөртөө багагүй найдлага тавьдаг байв уу?

-Олон жил тууштай ажилласан хөдөлмөр л байдаг. Миний хөдөлмөрийг үнэллээ гэж бодож байна. Үе үеийн топууд загварын тайзнаа дор хаяж таван жил ажилласан туршлагатай байдаг. Миний үеийнхэн ер нь одоо харахад топууд болчихсон байна. Би “Гоёл-2012” наадамд шилдэг эмэгтэй загвар өмсөгч болж байсан. Үүнээс өмнө би ямар ч шагнал горьдож байсангүй. Аль болох туршлага хуримтлуулж, их зүйл сурахыг эрмэлзэж ирсэн. Харин шилдэг авснаасаа хойш бас надад боломж байгаа юм байна, топ ойрхон байна гэж харна. Аливаа юмны үнэ цэн цаг хугацаагаар хэмжигддэг юм шиг санагддаг.

Үе үеийн топ моделиудтай хэр дотно вэ?

-Сайхан найзууд. Сүүлийн үед залуу загвар өмсөгчид хүчтэй орж ирж байна. Манай загварынхан чинь өмнөх үеийнхэндээ их хүндэтгэлтэй ханддаг байхгүй юу. Би ч гэсэн өмнөх үеийнхнээ хүндлэх хүмүүжлээр өдийг хүрсэн.

Олон улсын тэмцээнд оролцож байсан уу?

-Үгүй. Нэг их гадагшаа, дотогшоо тэмцээнд ороод байдаггүй. 2002 онд Өмнөд Солонгос улс руу анх удаа Монголоос гурван загвар өмсөгч явсны нэг нь би. Тухайн үед 100 хүн шалгаруулалтад орж байсан. Гурван сар мэргэжил дээшлүүлж, Солонгосын загварын ертөнцтэй танилцаж, туршлага солилцсон.

Топ моделиудыг алтны магнат Ц.Мянганбаяр төрүүлдэг гэсэн яриа яг энэ үеэр сөхөгддөг. Хэр үнэний ортой вэ?

-Хоногийн дотор ийм ярианд өртлөө. Би өмнө нь энэ яриаг зөндөө л сонсч байсан. Гэхдээ нэг их ач хол­богдол өгөхгүй байна. Намайг мэдэх хүмүүс нь мэднэ. Мэдэх­гүй нэг нь өөрс­дийнхөөрөө л бодно биз. Загвар өмсөгч бол мэдээж гоё сайхан харагдах ёстой. Гэхдээ миний харж байгаа өнцөг бол гоо сайхны мэдрэмжээрээ хүмүүст нөлөө­­лөхийг илүүд хүсдэг. Дээрх элдэв ярианаас илүүтэйгээр цааш­даа хийж бүтээх миний ажил хамгаас чухал. Би их эрх танхил өссөн. Аавыгаа үгүй болсноос хойш миний дэгдэж, дэрвэж явсан амьдрал эцэслэсэн дээ. Аливаад хандах хандлага ч өөр болчихдог юм байна. Их зөөлөн ч болж. Тийм болоод ч тэр үү хажуугаар өнгөрсөн сэтгэл гундуухан яваа нэгнийг хараад бага ч гэсэн туслах юмсан гэж сэтгэл зовнидог. Тиймээс нэг их мөнгө, төгрөг хүнд өгөөд байхаас илүүтэйгээр нийгэмд чиглэсэн сайн үлс дэлгэрүүлэхийг зорьж байна. Ингэхдээ хүүхдийн тал дээр нэлээд юм хийхийг хүсч байна. Өөрөө хүүхэдтэй болохоор нөлөөлж байгаа байх л даа.

Охин тань сургуульд орчихсон бил үү?

-Тийм ээ. Найман настай. Охины маань аав хувиараа бизнес эрхэлдэг хүн. Охиныхоо ааваас тусдаа амьдраад удаж байна.

Гоёл-2016” наадмын шилдгүүдийг танилцуулъя.

Гоёл-2016” наадмын шилдэг эрэгтэй загвар өмсөгч: Б.Баяртогтох

Гоёл-2016” наадмын шилдэг эмэгтэй загвар өмсөгч: А.Хулан

Гоёл-2016” наадмын шилдэг make-up artist: Аззаяа, Марина

Гоёл-2016” наадмын шилдэг үсчин: “Stylish” салон

Гоёл-2016” наадмын шилдэг залуу дизайнер: “Эртний Монгол хийц” коллекциороо дизайнер О.Уранцэцэг

Гоёл-2016” наадмын гоёлын хувцасны шилдэг дизайнер: “Отгон” салоны дизайнер Ц.Отгон

Гоёл-2016” наадмын үндэсний хувцасын шилдэг дизайнер: “Mon Couture” урлангийн дизайнер Х.Батзаяа

Гоёл-2016” наадмын Өдөр тутам чөлөөт хувцасны шилдэг дизайнер: “Урбан” жийнс брэндийн дизайнер Бямбасүрэн

Гоёл-2016” наадмын шилдэг уран сэтгэмжит хувцасны дизайнер: СУИС-ийн багш, дизайнер Мягмарбүрэн, Батсүрэн

Гоёл-2016” наадмын шилдэг загвар зохион бүтээх товчоо: “Говь” компани

Гоёл-2016” наадмын Гранпри шагнал: “Шилмэл загвар” ордны дизайнер Д.Өнөболор

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН


Categories
мэдээ цаг-үе

Р.Нарангэрэл: С.Зоригийг хөнөөсөн хүмүүс нь амьд биш учраас хэрэг илрэхгүй байгаа байх

-ХЭРЭГ ЯВДАЛ БОЛСНЫ ДАРАА БИДНИЙ НЭГИЙГ НЬ Ч ДУУДАЖ ХУУЛИЙНХАН ТАЙЛБАР, МЭДҮҮЛЭГ АВААГҮЙ. ҮҮНД НЬ ГАЙХДАГ-

С. Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийнхэн саяхан Б.Булганыг дахин баривчилсан билээ. Энэ талаар хуулийн байгууллагынхан тодорхой мэдээлэл өгөөгүй бөгөөд ЦЕГынханБ.Булганыг баривчилсан нь үнэн. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүйгэсэн юм. Харин олон нийт С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг гэнэт яагаад нийгмийн анхаарлын төвд орох болов. Энэ нь 2016 оны УИХын сонгуультай холбоотой юм биш биз гэж хардаж буй нь нууц биш юм. Нөгөө талаар С.Зориг бусдын гарт амиа алдах үед хэргийн цорын ганц гэрч болох Б.Булганыг баривчилсан нь хуулийнхан баталгаатай эд мөрийн баримт олсных Гэвч хуулийнхан өнөөдрийг хүртэл ямар нэгэн баримт нотолгоо гаргаж, мэдээлэл өгч чадахгүй байгаа нь Б.Булганыг хэсэг хугацаанд хорьж байгаадБуруугүй нь тогтоогдлоогээд суллавал яах вэ. Хуулийн байгууллагынхан тэгж мэдэх л улс гэж харж ч байна. Хэргийн эргэн тойронд ямар ч мэдээлэл байхгүй байгаа учраас бид Б.Булгантай ойр нөхөрлөж явсан хүмүүстэй энэ тухай ярилцаж, уншигч танд хүргэхийг хичээж байгаа билээ. Тэдний нэг нь УИХын гишүүн асан Р.Нарангэрэл юм. Түүний ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

С.Зориг агсны эхнэр Б.Булгантай ойр байдаг хүмүүсийн нэг гэж таныг сонслоо. Түүнтэй хэдэн онд танилцаж байв. Энэ дурсамжаас хоёулаа яриагаа эхлэх үү?

-1996 оны өвөл шиг санагдаж байна. Санаа нийлдэг, хоорондоо нөхөрлөдөг найзууд Хандгайт явсан юм. Бид цанын баазад очсон. Тэгэхэд анх С. Зориг агсан Б.Булганыг авчирч бидэнд албан ёсоор танилцуулж байлаа. Тэр үед л Б.Булганыг харж байсан юм. Бид С. Зориг ямар хүнтэй хамт амьдарч байгаа юм бол. Тэр нь ямархуу хүн бол гэж битүүхэн харж, хүлээдэг байсан.

Сүүлийн жилүүдэд та Б.Булгантай хэр их холбоотой байв?

-С.Зориг агсныг амиа алдсаны дараа Б.Булгантай илүү дотно нөхөрлөх болсон гэж хэлж болно. Хааяа уулзалддаг, юм ярина. Б.Булган чинь өөрөө их гоё хүн. Их нийтэч, хүмүүстэй зөв харилцдаг байсан. Бас ажилсаг, зүгээр сууна гэж байдаггүй. Тухайлбал, зун хөдөө гадаа явахад хоол унд хийгээд тэнд байгаа бүх хүнд үйлчилж, дайлдаг байсан. Бид байнга уулзах нь ч юу юм. Үе үе уулздаг байсан. С. Зоригийг амь үрэгдсэний дараа бид Б.Булганыг дэмжиж гэрт нь очиж илүү сайн таньдаг болсон. С. Зоригтой нөхөрлөж явсан найз нөхөд нь ээлж ээлжээр гэрт нь очиж Б.Булганд хань болох гэж хонодог байлаа. Б.Булганд сэтгэл санааны дэм өгөхийн тулд ээлжээр очдог байсан юм. Хоёр сар орчим бид ээлжээр очиж Б.Булганд хань болж байсан санагдаж байна. С. Зориг бусдын гарт амиа алдсаны дараа Б.Булган их хүнд байдалд байсан. Тэрнээс хойш найз нөхдийн харилцаатай явсан.

Түүнийг саяхан дахин баривчиллаа. Та уулзав уу, яагаад баривчлагдчихав гэж асууж сурав уу?

-Б.Булганыг баривчлагдаад дөрөв хоносны дараа энэ тухай хэвлэлээс мэдсэн. Түүнийг баривчлагдсаныг сонсоод яаж уулзах вэ. Хэнтэй холбоо барих вэ гэж их бодсон. Үнэндээ надад энэ талаар асуучих барьцтай хүн олдоогүй. Тийм болохоор С.Зориг агсны ажил явдал болох үеэр Б.Булганы ээжийнд очиж байснаа санасан. Эрж хайж байгаад олж очсон. Ээжтэй нь уулзлаа.Тэдэнд ямар ч мэдээлэл алга байна.

Ээж нь юу гэж байх юм?

-Ээж нь настай хүн учир хамаагүй юм ярихгүй байна. Ар гэр, ах дүү хамаатан садан муутай, түүний араас хөөцөлдөх хүн байхгүй байна уу даа гэж би бодсон. Б.Булган ээж дээрээ очиж, өдөр болгон хоолыг нь хийж өгч асардаг байсан. Ээж нь 80 гарсан сайхан хөгшин байдаг. Эмч мэргэжилтэй шиг санагдаж байна. Аав нь их эрт өнгөрсөн. Намын дээдэд олон жил багшилсан их сайхан хүн байсан юм. Б.Булган нэг эрэгтэй дүүтэй. Тэр нь л Б.Булганы араас санаа тавьж байгаа байх. Өмгөөлөгч авахаар хөөцөлдөөд явж байгаа бололтой юм билээ.

С. Зориг агсныг амиа алдсан явдлыг та хэрхэн сонсож байв?

-1998 оны аравдугаар сарын 1-ний орой Гачууртад нэг сургалт болсон юм. Би тэнд хичээл заахаар очсон байв. Маргааш нь үүрээр С. Зориг бусдын гарт амиа алдчихжээ гэсэн мэдээллийг сонсоод хот руу буцсан. Тэгж л анх мэдсэн. Бид цуглаад Б.Булганы ээжийнд очсон. Хэрэг гарсны дараа Б.Булган ээжийндээ байсан юм.

Тэд ямарх уу амьдралтай хүмүүс байсан бэ?

-С. Зориг, Б.Булган хоёр их даруухан, энгийн амьдардаг байсан. Янз бүрийн тансаг хэрэглээ байхгүй, тийм л амьдардаг байсан. Тухайн үед хэвлэлүүд ч бичиж байсан юм. Гэрийг нь нэгжэхэд 20-30 мянган төгрөг гарч ирсэн гэдэг. Тэд ямар нэгэн эдийн шуналгүй хүмүүс.

С.Зориг агсан яагаад Б.Булгантай хамт амьдрах болсон юм бол. Б.Булганыг их халамжтай байсан гэдэг?

-Б.Булган үнэхээрийн их халамжтай. Зан араншин нь С. Зоригийн баримталдаг ерөнхий зарчмуудтай их төстэй гэх юм уу даа. Би бол тэгж л бодсон. Хоёр биентэйгээ сайн ойлголцож чаддаг байсан байх. Эхнэр хүн нөхрийгөө яаж халамжилж, хайрлах ёстой, хэрхэн хандаж харилцаж байх ёстой вэ гэдгийн сонгодог хувилбар нь Б.Булган байсан байх.

Та тухайн үед С.Зоригтой нөхөрлөж байсан гэж ярьсан. УИХд хамт сонгогдсон гишүүд гэдэг утгаараа юу эсвэл улс төрийн үзэл баримтлал нэг байсан учир нөхөрлөдөг байсан юм уу?

-УИХ-д С. Зоригийн фракц гэж байсан. Энэ фракцид би ордог байсан юм. Тэгэхээр бид улс төрийн болон өөрсдийн үзэл баримтлалд тулгуурлан нэгдсэн хүмүүс гэж ойлгож болно.

Нэг фракцийнхан байсан юм чинь түүнийг бусдын гарт амиа алдсан явдлыг тухайн үед юу гэж үзэж, харж байв?

-Хэргийн талаар би ёстой мэдэхгүй, мэдэх юм алга. Ямар ч ойлголт байгаагүй. Хачирхаж гайхаад, шоконд орсон байсан. С.Зориг агсныг хөнөөсөн хэрэг энэ олон жил болоход илрээгүй нь хэргийг гүйцэтгэсэн хүмүүс нь амьд биш байх гэж боддог. Сая Б.Булганыг баривчлахаас өмнө хоёр хүнийг баривчилсан гэж хэвлэлд мэдээлсэн байсан. Тэднийг ямар нотлох баримтаар тогтоож байна вэ гэдэг сонирхолтой байна. Нөгөө талаас Б.Булганыг найзын эхнэр гэж мэддэг, ханддаг учраас үнэн бодитой зүйл дээр хуулийнхан хөдөлсөн байгаасай л гэж бодож байна. Түүнээс С.Зоригийн хэргийг илрүүлж байна гээд буруугүй хүнийг хэлмэгдүүлж байгаа юм биш биз гэж бас эмзэглэж, айж байна. Манай Монгол Улс чинь хууль, эрх зүйт ардчилсан орон. Хүний эрхийг дээдэлдэг. Гэмт хэрэгт холбогдолгүй, буруугүй хүнийг шийтгэж алдаа гаргах эрхгүй. Тийм учраас энэ хэрэгт яагаад Б.Булганыг дахин холбогдуулан хорив. Энэ хэргийг илрүүлэхээр ямар хүмүүс ажиллаж байгаа юм бол. Тэр хүмүүс нь бүх зүйлийг хууль дүрмийн дагуу, бодитой нотлогдсон баримттай шалгаасай, бусдыг битгий хохироогоосой гэж бодож байгаа.

Нэг фракцид байсан юм чинь аллага болсны дараа хамтраад энэ хэрэгт ямар нэгэн арга хэмжээ авахыг, хөндлөнгийн хяналт тавихыг оролдож байв уу?

-Тухайн үед хуулийн байгууллагынхан нь яаж ажилласан юм. Бид мэдэхгүй. С. Зориг бусдын гарт амиа алдсан явдал нь санаанд багтамгүй, хүлээн зөвшөөрөхөд бэрх байв.Талбай дээр гашуудлын цуглаан болоход найз нөхдийг нь төлөөлж би үг хэлсэн. Хэрэг явдал болсны дараа бид хэдийн нэгийг нь ч дуудаж тайлбар, мэдүүлэг аваагүй. Бид ойр дотнын найзууд нь байсан. Тэгэхэд биднээс юу ч асууж сураглаагүй шүү дээ. Үүнд нь гайхаж л байсан. Хуулийн байгууллага нь өөрсдөө мэдээд ажлаа хийж байгаа юм байх л гэж бодсон. Хуулийнхан үнэн мөнийг тогтооно биз гээд хүндэтгэлтэй хандсаар ирсэн.

Хэрэг илрээгүй болохоор олон нийт олон л таамаг хэлдэг. Нэг фракцийнх нь хүмүүст өөр таамаг байсан байж мэдэх?

-Хүмүүс юу гэж ярих нь сонин биш шүү дээ. Хүн болгон л янз бүрийн зүйл ярьдаг. Дэл сул яриаг би тоодоггүй. Хамгийн гол нь нотолгоо баталгаатай байх нь чухал. Ийм ул мөр байна,ийм нотолгоо байна гэвэл түүнд нь итгэхээс биш “Өө тэнд тэгж байна. Тэр тэгж хэллээ” гэдэг бол чухал биш.

Тухайлбал, түүний амь насыг бүрэлгээгүй бол Ерөнхий сайд болох гэж байсан гэж их ярьдаг?

-Тийм, амиа алддаг өдөр УИХ-ын чуулганы хуралдаантай байсан юм. Өмнө нь Ерөнхий сайд болох хүний нэрийг зургаан удаа оруулсан. Ерөнхийлөгч Н.Багабанди зургаан удаа татгалзсан хариу өгсөн. Тэгээд дараагийн хүн хэн болох вэ гэсэн таамаг явж байхад “С. Зориг болно” гэсэн уур амьсгал давамгайлж байсан. Тэр үед өөр хувилбар ч байгаагүй юм. Чуулган тав дахь өдрийн 16 цагт дуусаж, залгуулаад “сайд нарын цаг” гэж болдог. Тэр өдрийг би сайн санаж байна. Тэгээд л ордноос гарахдаа бид чинь бие биедээ “За чи хаачих вэ, Би тийшээ явлаа” гээд байнга ярилцдаг байлаа. Бид чинь онцын ажилгүй бол амралтаа хамт өнгөрөөдөг байсан юм. Тухайн үед Шадар сайд асан Пүрэвдорж гуай өнгөрчихсөн, оршуулгын ажлын хэсгийн ахлагч нь С.Зориг байсан юм. С.Зориг тийшээ очих ажилтай байсан юм. Гэтэл С.Зориг шатар тоглоод өрөөндөө үлдсэн. Би тэр орой сургалт хийхээр Гачуурт явсан. Дараа нь сонсоход С. Зориг тэндээсээ гарч яваад оршуулгын ажлын хэсэг дээр очоод дараа нь гэртээ харихад нь л тийм зүйл болсон юм билээ.

Ер нь талийгаач ардчиллынхнаас хэнтэй нь илүү нөхөрлөж байсан юм бэ?

-С.Зориг бол хэнтэй ч мууддаггүй. Маш ухаалаг, сайхан хүн байсан. Сөрөг намынхан нь ч С.Зоригтой сайн харилцаатай байсан. Бүх хүмүүстэй сайхан харилцана. Бусадтай эвгүй харилцдаггүй байсан. Тухайлбал, хоёр намынхан эсрэг тэсрэг байр сууринаасаа болж хоорондоо зөрчилдөж, нэг нэгтэйгээ дугарахгүй үе байдаг. Одоо ч тийм байдал УИХ-ын гишүүд дунд байгаа харагддаг. С. Зориг бол тийм биш. Бүгдээрэнтэй нь тэгш зөв харилцдаг байсан.

Та ямар нэгэн байдлаар Б.Булгантай уулзах хүсэлтийг хуулийн байгууллагад тавьсан уу?

-Ээжээс нь асуухад хуулийнхан гэрийнхнийг нь ч уулзуулахгүй байгаа гэсэн. Юу болох нь вэ гээд хүлээгээд л сууж байна.

Б.Булгантай та хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?

-Өнгөрдөг зун манай зуслан дээр ирсэн.

Уулзахад ямархуу байсан. Юу гэж ярьж байна?

-Урьдын Б.Булган байдгаараа л байсан. Зусланд амрахаар очсон хүн ямар байх вэ дээ.

Б.Булган сүүлийн үед ямар ажил хийж байсан юм бол?

-Ямар нэгэн ажил хийдэггүй байсан.Тэтгэвэр саяхнаас авдаг болсон.

Тантай сүүлд уулзсан уулзалт ямар болов. Сэтгэл санааны хувьд ямар байсан юм бол ?

-Би мэддэгээ ярилаа. Чамд өөр ямар сенсаци хэрэгтэй байна. Юу хүсээд байгаа юм бэ.

Уучлаарай, сэтгүүлч хүн болохоор таныг надад ярьснаасаа илүүг мэдэж байгаа байх гэж бодоод баахан асуулт тавьчихав уу?

-Сэтгүүлч хүний ажил хэцүү гэдгийг ойлгож байна. Болж буй явдлын араас хөөгөөд үнэн мөнийг олох гээд явж байгаа нь сайн хэрэг. Та нарт талархаж байна, гэхдээ би мэдэх зүйлээ л хэллээ.

Талийгаачийн үхэлтэй холбогдуулан олон л таамаг байдаг. Нэг шалтгаан нь Эгийн голын усан цахилгаан станц гэж ярих юм билээ?

-Би огт сонсож байгаагүй юм байна.

Тэгвэл та энэ хэргийн талаарх өөрийн бодлоо хэлж болох уу.Танд ямар нэгэн таамаг бас байдаг л байлгүй?

-17 жил би гайхаад л сууж байна. Тийм сайхан хүний амийг хөнөөх хэрэг хэнд ашигтай байсан юм бол. Энэ бол улс төрийн зорилготой хэрэг гэж боддог. Ардчилсан холбоо эвсэл засаг барьж байсан үед энэ эвслийн нэр хүндийг унагаах гэж хайртай удирдагчийг нь алсан байх гэж боддог. Дараа нь эвслийнхнийг С.Зоригийн амь насыг өөрсдөө хөнөөсөн байх гэдэг зүйл их явсан шүү дээ. Э.Бат-Үүлийг ч, Б.Булганыг ч баривчилсан шүү дээ. Чухам хэн яагаад ийм хэрэг үйлдсэн юм бол, би мэдэхгүй байна. Ардчилсан холбоо эвслийн нэр хүндийг унагаах гэж ийм зүйлийг хийсэн байх. Эсвэл бас цаана нь маш том эдийн засгийн ашиг сонирхол байсан байж болох юм.

Өмнө нь Б.Булганыг шалгаж байгаагүй биш шалгаж байсан. Гэтэл яагаад УИХын сонгууль дөхөөд ирэхээр энэ хэрэг сөхөгдөж Б.Булганыг дахин баривчлав. МАНынхан сонгууль дөхөхөөр энэ хэргээр шоу хийдэг. Тэгж байсан үе бий. Энэ бас 2016 оны УИХын сонгуулийн шоу биш байгаа гэх болгоомжлол байна?

-Хамгийн гол нь энэ хэрэгт холбоотой гэдгийг нь нотол. Буруугүй байвал хүний эрхийг зөрчөөд улс төрийн ашиг сонирхлын үүднээс бусдыг хэлмэгдүүлж болохгүй шүү. Бид харж байна шүү дээ. Нэг хүнийг аваачаад буудаад алчихдаг, эсвэл юу болж байгаа нь мэдэгдэхгүй шоронд аваачаад хорьчихдог коммунизмын үе биш. Ямар үндэслэлээр яагаад баривчилгаа явуулснаа хуулийнхан тайлбарлах ёстой.

Б.Булганыг хэсэг хорьж байгаад буруугүй юм байна гээд суллах вий дээ. Өмнөх сонгуулийн шоунаас ялгагдахгүй зүйл болох вий гэж айж байна. Эцэст нь тэр хүн бие сэтгэлээрээ хохироод үлдэх юм биш биз дээ?

-Хэргийг сайн магадлах хэрэгтэй. Энэ хэрэгт хуулийн байгууллага болон хөндлөнгийн байгууллагууд нь хяналт тавих хэрэгтэй. Тэгээд хүмүүст мэдээлэх хэрэгтэй. Гэтэл юу болоод байгаа нь мэдэгдэхгүй таг чиг байна. Ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй хориод байгаа нь сонин. Энэ чинь ардчилсан улс шүү дээ. Хэрэв Б.Булган буруутай юм бол тэр хүн буруутай байжээ гээд шийтгэхээс өөр аргагүй. Гэтэл үнэхээр сонгуулийн шоу хийж, хэргийг илрүүлсэн болох гээд хүний эрх чөлөөнд халдаж, золиос болгож байгаа бол харамсалтай. Энэ хэрэг дээр маш их хянуур хандах учиртай. Үүнийг хатуухан хэлмээр байна. Бид Б.Булгантай найз учраас өмөөрөөд байгаа юм биш. Тодорхойгүй зүйл олон байна. Харин чухам асуудлын үнэн зөвийг олж, нотлох баримттайгаар хэргийг илрүүлбэл хүн болгон баярлана шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

С.Нарангэрэл: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг шинжлэх ухааны үүднээс дэмжих боломжгүй

“Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлт ба шинжлэх ухаан” онол, арга зүйн хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Тус хэлэлцүүлгийг Шинжлэх ухааны Философийн хүрээлэнгийн хуулийн салбар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн, судлаачид хамтран зохион байгуулсан аж. Энэ үеэр академич С.Нарангэрэлтэй ярилцлаа.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар гадуур янз бүрийн л яриа гарч байна. Харин энэ удаа эрдэмтэн судлаачид байр сууриа илэрхийлж байгаа нь зөв байх. Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар та ямар бодолтой явна вэ?

-УИХ-ын нэр бүхий 40 гаруй гишүүн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барьчихлаа. Өргөн барина гэдэг бол үндсэндээ албан ёсны болж хэлэлцүүлэг хийхэд бэлэн болсон хэрэг юм. Бид хэлэлцүүлгээрээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд шинжлэх ухааны дүгнэлт, шүүмж гаргах гол зорилгыг агуулсан. Юуны өмнө яг төсөлд бол урьдчилаад эрдэмтэд, судлаачдын дүгнэлтийг аваагүй юм билээ. Тийм учраас бид санал дүгнэлтээ зайлшгүй өгөх шаардлагатай.

-Судлаачид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ямар байр суурийг илэрхийлж байна вэ?

-Нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийн гол гол үзэл баримтлал тэр тусмаа төрийн байгуулалтын үзэл баримтлал, нутгийн өөрөө удирдах ёс, Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж гэсэн зарчмын чухал асуудлуудад суурь өөрчлөлт оруулахад чиглэгдсэн. Үндсэн хуулийг бүхэлд нь хянах редакц хийсэн ийм төсөл болсон байна. Энэ төсөл батлагдах юм бол Монголын нийгэмд маш их сөрөг үр дагаврыг авчирна гэдгийг судлаачид маш нарийвчлан цохон тэмдэглэж байгаа. Бүхэлд нь аваад үзэхэд минийхээр бол Ерөнхий сайдын хэмжээгүй эрх мэдэлтэй улс төрийн дэглэмийг Монголд бий болгохоор болсон байна. Хэрвээ ийм дэглэм бий болговол дур зоргын авирлал газар авна. Мөн хүний эрх, эрх чөлөөний хамгаалалт суларна. Нөгөө талаар хамгийн осолтой юм бол ерөөсөө ардчилалд аюултай. Ард түмнийхээ үгийг сонсох, ард түмнийхээ олонхийн санал хүсэлтээр ялангуяа улс орныг удирдах, нийгэм эдийн засаг, нутаг дэвсгэрийн шинжтэй асуудлуудыг шийдвэрлэх боломж хумигдсан. Зөвхөн төв буюу Ерөнхий сайд асуудлыг дангаараа шийдвэрлэдэг ийм байдал руу орж болзошгүй нөхцөл байдал судалгаагаар тогтоогдож байна. Тийм учраас энэ төслийг шинжлэх ухааны үүднээс дэмжих боломжгүй гэсэн дүгнэлтийг хийж байгаа.

-Ерөнхий сайд хэмжээгүй эрхтэй болно гэлээ. Үүнийгээ жаахан тодруулахгүй юу?

-УИХ-ын сонгуулиар ялсан юм уу, олонхи болсон намын дарга Ерөнхий сайд болно. Тэр Ерөнхий сайд УИХ-тай зөвшилцөхгүйгээр Засгийн газрын бүрэлдэхүүнийг бүрэн хэмжээгээр буюу багаар нь оруулж ирж батламжлуулна. Тэгээд Ерөнхий сайд хэзээ дуртай үедээ өдөр болгон ч хамаагүй Засгийн газрын гишүүдээ өөрчлөх ийм байдал руу орно. Үүнд УИХ хяналт тавьж чадахгүй. Уг нь бол УИХ-ын төсөл өргөн барьсан зарим гишүүд Засгийн газар, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд тогтвортой ажиллахгүй байна гэдэг үндэслэлээр л оруулсан шүү дээ. Үзэл баримтлал гэсэн танилцуулга дээрээ 1992 оны Үндсэн хуулиас хойш Ерөнхий сайдыг хэдэн удаа, Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанаас нь өмнө хэдэн удаа, Засгийн газрын гишүүдийг хэдэн удаа өөрчилсөн тухай жагсаалт гаргасан байна. Гэхдээ тэр жагсаалтад ямар шалтгаан, үндэслэлээр өөрчлөх болсон гэж байхгүй. Тэр жагсаалтад хийсэн миний дүгнэлтээр бол жишээлэхэд Засгийн газрыг арван удаа, Засгийн газрын гишүүнийг арван удаа өөрчлөх саналыг парламентын зарим гишүүд УИХ-д оруулж хэлэлцүүлж байсан. Тэрний зөвхөн хоёрыг нь УИХ-ын олонхи зөвшөөрсөн. Найман Засгийн газрын гишүүнийг өөрчлөөгүй цаашаа явсан. Тэгэхээр өнгөрсөн 15 жилд УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүдийг тогтвортой ажиллуулах байр суурийг баримталсан байна гэдэг нь харагдаж байгаа юм.

-Ерөнхийлөгчийнхөө эрх хэмжээг багасгаад, УИХ-ын гишүүдийн тоог олон болгох тухай өөрчлөлтөд тусгахаар төлөвлөсөн байна л даа. Энэ нь манай улсын хувьд хэр нийцтэй юм бол?

-УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх хамгийн гол үндэслэл бол манай улсын хамгийн идэвхтэй буюу сонгох эрх бүхий иргэдийн тоо юм. Жишээлбэл, өнөөдөр төрж байгаа хүүхдийг энэ тоонд оруулж болохгүй шүү дээ. Сонгуулийн эрхтэй хүн гэдэг нэгдүгээрт 18-аас дээш настай, ухаан мэдрэл бүрэн байх ёстой. Шоронд ял эдэлж байгаа 10 мянга орчим хүн нийгмээс тусгаарлагдсан шалтгаанаар санал өгөхгүй. Ингээд тооцож үзвэл сая гаруй хүн болно. Магадгүй хэвтэрт байгаа үхлүүт хүн санал өгөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болчихно. Тиймээс гурван сая биш харин сая гаруй идэвхтэй хүний төлөөллийг сонгох ёстой. Тэр төлөөлөл 76 байх нь хангалттай. Түүнчлэн одоо төсөл санаачлагчдын баримталсан үзэл баримтлалд дүгнэлт хийхэд Монгол Улс цаашдаа ерөөсөө олон толгойтой байж болохгүй. Нэг толгойтой өөрөөр хэлбэл эзэнтэй байх ёстой гэсэн санаа явж байна. Энэ төслөөр бол Ерөнхий сайдын хэмжээгүй эрхтэй нэг хүний засаглалыг бэхжүүлэх чиглэл рүүгээ явчихсан байгаа юм. Үүнээс үндэслээд эрдэмтний хувьд миний бие ямар дүгнэлт хийж байна вэ гэвэл ерөөсөө УИХ-ын гишүүд Монгол Улсад Ерөнхийлөгчийн засаглал тогтоохоос өөр аргагүй болж байна гэдгийг битүү үгээр хүлээн зөвшөөрчихсөн байна. Түүнийгээ харин Ерөнхий сайдын хязгааргүй эрхийг бэхжүүлэх ийм чиглэлээр гаргажээ. Миний бодож байгаагаар бол магадгүй 2016 оны сонгуультай хамт ч юм уу бүх ард түмний санал асуулгыг хийх хэрэгтэй. Тэгэхдээ Монгол Улс цаашид ийм олон толгойтой парламентын засаглалтай байх. Эсвэл хяналт сайтай Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу гэдгийг санал асуулгаар шийдээд ард түмэн аль талд саналаа өгнө, тэр дээр нь үндэслэж Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй. Энэ нь улс орны хөгжил дэвшилд хамгийн ашигтай, ирээдүйтэй хувилбар байж болох юм.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг явуулахдаа иргэдээс хэрхэн санал авах ёстой вэ. Зарим хүмүүс заалт бүрээр нь санал авах ёстой гэсэн байр сууриа илэрхийлж байсан?

-Одоо санал асуулгыг Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай юу, үгүй юу гэж явуулчих гээд байна. Ингэж болохгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай өргөн барьсан төслөө УИХ хууль батлагдах бүх шатандаа хэлэлцэх ёстой. Тэгээд эцсийнхээ үр дүнд үнэхээр өөрчилье гэж байгаа бол “Одоо бид ийм өөрчлөлт хийх гэж байна. Үүнийг ард түмэн дэмжих үү” гэдгээр заалт бүрээр нь санал асуулга хийх ёстой. Тэгж байж жинхэнэ ард түмний хүсэл зориг гарна. Угтаа бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий юу гэвэл байгаа. Энэ бол мөнхийнх шүү дээ. Түүнийгээ бодоод ард түмэн тийм, үгүй гэсэн санал асуулгад шаардлагатай гээд өгчих юм бол өнөө Ерөнхий сайдын хэмжээгүй эрх зэрэг одоо өргөн бариад буй өөрчлөлтийг нь дэмжсэн байр суурь руу орчих гээд байгаа юм.

-Ерөнхий шүүгчийг Улсын Дээд шүүхийн шүүгчид нууц санал хураалтаар сонгодог болох тухай өөрчлөлт явж байгаа юм билээ. Энэ талаар юу хэлэх вэ?

-Одоо бол Дээд шүүхийн шүүгчдийг УИХ-аар заавал зөвшөөрүүлдэг байдалтай байна. Энэ чинь улс төр орно гэсэн үг шүү дээ. Ялангуяа Дээд шүүхийн ерөнхий шүүгчид бол монголд шүүн таслах ажиллагааг авч явдаг, бодлогыг зангиддаг гол хүн. Одоогийн Дээд шүүхийн шүүгчид дотроосоо нэгнийгээ сонгодог түүнийгээ нууц байлгах энэ тогтолцоог бэхжүүлсэн байна. Уг нь цаашдаа ганц Дээд шүүхийн шүүгчдээ ч биш Монголд байгаа үнэхээр чадалтай шударга, Монголын шүүхийг манай ард түмний хүсч байгаачлан ёстой өнөө ариун шударгын сүм болгож чадах ийм хүнийг Дээд шүүхийн гадна байлаа ч томилох боломжийг бий болгож өгөх ёстой. Тэгэхгүй бол дэндүү их явцуурчихсан байна.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

Ж.Амарсанаа: Нас баралтын тэргүүлэх өвчлөлүүдийг бууруулахын тулд ресторан, хоолны газруудын цэсийг шинэчилнэ

Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаатай ярилцлаа.

-Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг хоолны газруудын цэсэнд өөрчлөлт оруулах санаачилгаа ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэл үү?

-Нийслэлийн Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын байнгын хороонд энэ асуудлыг оруулсан шалтгаан бол Монгол Улсын хэмжээнд нас баралтын тэргүүлэх өвчинтэй холбоотой. Өнөөдөр зүрх судасны өвчин тэр дундаа шигдээс, цус харвалт монголчуудыг хамгийн их үхэлд хүргэж байна. Дараагаар нь хорт хавдар ордог. Тэгэхээр энэ асуудал руугаа чиглэсэн үйл ажиллагааг шат дараатайгаар яаралтай эхлэх хэрэгтэй юм. Бид ассан галыг унтраах гэж үзээд байдаг. Харин гал юунаас болж тархсанд төдийлөн анхаарал хандуулахгүй явсаар ирлээ. Зүрх судасны өвчин, харвалт маш их залуужиж байна. Шалтгаан нь буруу хооллолт, амьдралын буруу хэв маяг буюу хөдөлгөөний дутагдал. Бидний хоол тэжээлийн бүтэц болон хэмжээ нь буруу байна. Иймд хүн өдөрт хэдий хэмжээний хоол идэх ёстой юм бэ гэдэг мэдлэг бидэнд хэрэгтэй. Тиймээс нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа бүх хоолны газар, ресторануудын цэсийг дахин шинэчилнэ. Таны идэх гэж байгаа хоол хэдэн хувийн калоритой, ямар хэмжээний тослогтой гэдгийг тавьдаг болно гэсэн үг. Мөн тухайн хоолонд агуулагдаж байгаа давсны хэмжээ болоод транс тос орсон эсэхийг ч тавих юм. Тэгэхгүй бол хоолыг идэх гэж байгаа хүн ямар ч мэдээлэлгүй байна шүү дээ. Тэр мэдээллийг үйлчлүүлэгчдэдээ өгөх нь хоолны газруудын хариуцлага. Аж ахуйн нэгжүүдийг хариуцлагажуулах нь Засаг захиргааны төв байгууллагын ажил байдаг. Тиймээс хоолны газруудад нийслэлийн Засаг даргын захирамжаар чиглэл өгөх нь зүйтэй. НЗДТГ-аас хоолны газруудад тусгай зөвшөөрөл олгодог байгаа. Энэ эрх мэдлийнхээ хүрээнд хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө тэдгээр хоолны газруудад жижигхэн шаардлага тавих нь нүсэр дарамт болохгүй. Ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр Засаг даргын захирамжид оруулна. Тэгэхээр үйлчилгээний газрууд сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй.

-Меню дээрх хоол болгоны ард байгаа илчлэг калори, давсны хэмжээг заасан тоо үнэн эсэхийг үйлчлүүлэгчид яаж мэдэх вэ. Хоолны газрууд ямар аргаар зөв тооцоолол гаргах вэ?

-Нэг таваг цуйван дахь калорийн хэмжээг эрдэмтэд аль хэдийнэ гаргаад тавьчихсан. ШУТИС-ийн хүнсний технологийнхон энэ чиглэлээр хэд хэдэн ном гаргасан байгаа. Тэгэхээр толгой өвдөөд, зардал гараад байх юм үгүй. Үүн дээр загвар хоолны цэс гаргасан.

Дээрээс нь зүрх судасны өвчнөөр нас барагсдын тоо хамгийн өндөр байгаа нь өөх тосны зохисгүй хэрэглээтэй холбоотой. Ингэхдээ малын гаралтай өөх тос их хэрэглэж байна.

Харин хүний эрүүл мэндэд хэрэгтэй ургамлын тос, оливын тос, цөцгийн тос, загасны тосны хэрэглээ өчүүхэн бага. Транс тос буюу маргаринийг хүмүүс хоолны газруудад асар ихээр идэж байгаагаа мэддэггүй. Хамгийн хямд бөгөөд эрүүл мэндэд маш ноцтой муу нөлөөтэй транс тос хоолны газрууд, хүнс үйлдвэрлэгчид голдуу хэрэглэж байна. Ийм тосыг дахин дахин халааж, хайрсан хуурсан хоол хийхэд өнгө чанараа алддаггүй бас түлэгддэггүй. Тийм болохоор цайны газрууд ихэвчлэн хуушуур хайрахад, хоолоо хуурахад ашигладаг. Ургамлын тосыг ч дахин дахин хэрэглээд байхаар трансждаг

-Транс тосны хэрэглээг хязгаарлахын тулд хоолны газруудад тавих хяналтаа чангатгах ёстой юм биш үү. Үнэндээ цайны газрууд хуушуур чанадаг тосоо солихгүй хэдэн өдөр ашигладгийг нь үйлчлүүлэгчид мэдэх боломжгүй байдаг шүү дээ?

-Иймэрхүү зүйл байгаа учраас хоолны цэсэнд өөрчлөлт оруулах юм. Тиймээс хоолны цэсэнд транс тос, давсны хэмжээг тусгана. Давс ходоодны хорт хавдар, зүрх судасны өвчнийг нэмэгдүүлэхэд асар их нөлөөлж байна. Монгол Улс давсны хэрэглээг бууруулах үндэсний хөтөлбөр хэрэгжсэн. Мөн Засгийн газраас хоол тэжээлийн үндэсний хөтөлбөр баталлаа. Үүндээ транс тосны хэмжээг хязгаарлахаар оруулчихсан байгаа. Энэ бол шийдлийн Засгийн газар хүн ардынхаа эрүүл мэндтэй холбоотой хийсэн томоохон ажлуудын нэг. Одоо хэрэгжүүлэх нь чухал. Өнөөдрийн байдлаар транс тосыг хэрхэн хязгаарлах гээд байгаа тухайд мэргэжлийн хяналтынхан, нийслэл, орон нутгийн засаг захиргаа ямар ч мэдлэггүй байна. Одоо үүнийг хариуцлагажуулах ёстой. НЗДТГ-ын тухайд хүлээгээд суухгүй, ажлаа эхлүүлнэ. Бүх холны газрыг хариуцлагажуулна.

-Сүүлийн үед хүмүүс хооллолтдоо анхаарч, амьдралын хэв маягаа зөв болгох хандлагатай болсон. Тэгвэл нас баралт өндөртэй өвчлөлүүдийн хэдэн хувь нь хоолны зүй бус хэрэглээнээс үүдэж байна вэ?

-Монголчуудын 50-60 хувь нь хэт таргалалттай байна. Энэ нь зүрх судасны өвчнөөр нас барах гол шалтгаан. Мөн сахарын өвчин арван жилийн өмнөхтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдчихсэн. Одоогийн бидний өдөр тутамд иддэг хоол энэ хэвээрээ байх юм бол 20 жилийн дараа сахарын өвчнөөр дэлхийд тэргүүлэх орон болж болзошгүй.

-Өнөөдөр эрүүл мэндийн салбар хүнд байдалд байна. Энэ асуудалд салбарын дэд сайдаар ажиллаж байсан хүний хувьд ямар бодолтой байгааг тань сонирхмоор байна?

-Монгол Улсын хэмжээнд нэг яам дээр сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нь байхгүй ийм тохиолдол анх удаа гарч байгаа. Тэр нь хамгийн чухал салбар болох эрүүл мэндийн салбар дээр шүү. Энэ нь засаглалын маш том ноцтой байдал руу орж байгааг хэлж байна. Тиймээс нэн түрүүнд засаглалынхаа асуудлыг шийдэх ёстой. Манайхан хаа хамаагүй салбарын хүнийг сайдаар тавьчихдаг. Зүй нь Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэхийн тулд тухайн салбарыг удирдах сайдын бодлого, Засгийн газрын бодлоготой нийцэж байгааг харгалзан үзээд сонгодог байх хэрэгтэй. Эрүүл мэндийн салбар бол хэзээ ч улстөржиж болдоггүй чухал салбар.

-Тэгвэл эрүүл мэндийн салбарт ямар бодлого үгүйлэгдэж байна вэ?

-Олон жил эрүүл мэндийн салбарт гуйсан мөнгийг нь өгсөөр ирсэн. Энд эмч, сувилагч гээд эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн ямар ч буруу байхгүй. Зөвхөн эдгээр хүмүүсээ зөв бодлогоор нь чиглүүлж чадахгүй байсаар өдий хүрснийх л дээ. Энэ салбарт асар их шинэчлэлт хийх хэрэгтэй.

-Жишээлбэл, юуг нь өөрчилмөөр байгаа юм бэ?

-Өнөөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ төлөвлөгөөт эдийн засгийн үеийнхээс салж чадаагүй байна. Нийгэм маань чөлөөт эдийн засаг руу орчихлоо. Гэтэл эрүүл мэндийн салбар нөгөө л социализмынхаа үеэр явж байна. Тухайлбал, үр дүнд суурилсан санхүүжилтийг өгч чадахгүй байна. Эмнэлгүүдэд төсөвлөдөг мөнгийг юунд зарцуулахыг нь мэддэггүй, зүгээр л тавиад өгчихдөг. Өрхийн эрүүл мэнд дээр бүр дампуурсан. Өрхийн эмнэлэгт харьяалагддаг хүн амын тоогоор нь тооцоод үржүүлээд мөнгө өгчихдөг. Уг нь тус эмнэлэг хариуцаж байгаа нутаг дэвсгэрийнхээ хүн амын эрүүл мэндийг яаж сайжруулсан, ямар үр дүн гарав гэхчилэн хийсэн ажлынх нь үр дүн чухал. Гэтэл өрхийн эмнэлгүүд тэдэн хүнд сургалт хийсэн гэсэн тоо үзүүлдэг л дээ. Иймд үр дүнд суурилсан санхүүжилт өгдөг болмоор байгаа юм. Тэрнээс харанхуйгаар мөнгө өгдгөө болих хэрэгтэй.

-Эрүүл мэндийн салбар бол хамгийн их авлигад идэгдсэн. Ялангуяа амаржих газар, гэмтлийн эмнэлгүүд асар ачаалалтай. Таны яриад байгаа үр дүнд суурилсан санхүүжилтийг өгдөг болбол энэ байдал арилах уу?

-Нийслэлийн хэмжээнд хуруу дарам төрөх эмнэлэг байна. Хэт төвлөрүүлчихсэн болохоор үүнтэй холбоотой авлига хээль хахууль, хүндрэлүүд, хүнд суртлууд, чанарын асуудал гарч ирж байгаа. Бид эрүүл мэндийн даатгалаас орж ирж буй мөнгөний тодорхой хувийг нь төрөлттэй холбоотой зардалд зориулдаг тогтолцоо руу орох ёстой. Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргаж байгаа зардлыг нэг эхэд 130 мянга гэж тооцвол 100 мянгыг нь даатгалын сангаас, бусдыг нь өөрсдөө хариуц гэвэл зөндөө олон хувийн эмнэлэг гарч ирнэ. Чанартай тусламж үйлчилгээ үзүүлнэ шүү дээ. Эмч нарын буруу гэхээс илүүтэйгээр чиглүүлэг буруу байгаа юм. Чанар руу чиглэсэн өрсөлдөөн бий болгох хэрэгтэй. Одоо бол ямар ч өрсөлдөөн алга. Тиймээс улсын, хувийн гэлтгүй эмнэлгүүдийн санхүүжилтийг шударга болгох хэрэгтэй.

Өнөөдөр улсын эмнэлэгт ажиллаж байгаа эмч нар хичнээн хүнийг зөв, буруу эмчилсэн нь хамаагүй, авдаг цалингаа авч байна. Тиймээс ажлынх нь үр дүнг хянадаг, тайлагнадаг болгоод цалинжуулах хэрэгтэй. Үнэндээ Монгол Улсын хэмжээнд нэг эмч хэдэн хүнийг эдгээсэн дүн байхгүй. Тэгэхээр энэ салбарт шинээр томилогдох сайд нь эмч болгонд мэдээллийн ил тод байдлыг бий болгоод өгмөөр байгаа юм. Өвчтөнг эмчилснээр нь биш эдгээснээр нь дүгнэх хэрэгтэй. Эмчилснээр нь дүгнээд байхаар манай эмч нар хувийнх, улсынх гэлтгүй аль болох их эмчилгээ бичээд явж байна. Харин эдгээснээр нь эмчлээд эхлэхээр санхүүжилтээ хэмнэнэ. Монголын эрүүл мэндийн салбарыг ил тод болгох хэрэгтэй байгаа юм.

-Яаж?

-Эмч болгон дээр мэдээллийн сан үүсгэе л дээ. Эмчилж байгаа эмчилгээ болон гарсан үр дүн дээр нь тодорхой хэмжээний мэдээлэл оруулдаг байя. Энэ мэдээллийн санг эрүүл мэндийн салбарынх нь дотор ил тод болгоё. Зарим орнууд иймэрхүү мэдээллийн сангаа ард түмэндээ ил тод болгочихсон байдаг. Тухайлбал, энэ эмч тэдэн хүнд олгойн мэс засал хийснээс төд нь амжилттай гэхчилэн жагсаалтыг нь гаргаад тавьдаг. Тэндээс чинь жинхэнэ чанарын өрсөлдөөн гарч ирж байгаа юм. Ингэснээр эмнэлгүүд дэх хүндрэлүүд багасна. Эхлээд идээ бээр нь гарна. Яваандаа чанартайгаа уялдана.

-Чанартай болохоороо үнэтэй байдаг гэсэн ойлголт байдаг шүү дээ?

-Эрүүл мэндийн салбарт чанартай болох тусмаа хямдарч эхэлдэг. Яагаад гэвэл чанартай болохоор тусламж үйлчилгээ нь оновчтой болж эхэлдэг. Шаардлагатай гурван шинжилгээ өгөх ёстой байтал манайхан хорь, гучин шинжилгээ хийдэг. Ингээд тэр хүнийг нэг эмээр бүрэн эмчлэх боломжтой байхад болсон болоогүй дархлааны эмчилгээ, эм, тариа, дусал зоодог. За тэгээд сүлжээний эмчилгээ бичиж өгнө. Энэ чинь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг байх ёстой хэмжээнээс нь үнэтэй болгоод байна. Харин чанартай зөв эмчлээд эхлэх юм бол оношлогооны зардал багасна. Тэгэхээр тухайн эмч богино хугацаанд аль болох бага зардлаар хүнээ эдгээчихнэ гэж бодно доо. Ийм л тогтолцоо руу явмаар байгаа юм.

-Гурван шатлалын эмнэлэг хоорондоо уялдаа холбоогүй ажилладаг гэх шүүмжлэл зонхилдог. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүтэц ямар байх ёстой юм бол?

-Гурван шатлалын эмнэлгийн эмч нарын хооронд уялдаа холбоо байхгүй нь үнэн. Уг нь энэ гурав холбоотой байх ёстой. Үүнээс болж өвчтөнд үзүүлж буй тусламж үйлчилгээний хүнд суртлууд гараад байгаа юм. Тэгэхээр яалт ч үгүй тусламж үйлчилгээний бүтцийн асуудал манайд дутагдаж байна. Өнөөдөр өвчтөнийг ороод ирэнгүүт дүрс оношлогоо, лабораторийн хэсэг рүү явуулчихдаг. Дараа нь тэр хүн дахин цаг аваад очерлож байж дотрын эмчдээ үзүүлдэг. Ингээд баахан явдал чирэгдэл болж байна. Энэ бол социализмын үеэс байгуулсан тусламж үйлчилгээ болохоор эмч нарт тааруулсан бүтэц. Зөв бүтэц нь өвчтөнд тааруулсан байх ёстой. Өвчтөнд эмч нар нь өөрсдөө ээлжлэн орж ирээд үзлэг хийж, зөвлөгөө өгдөг байж болно.

-Та Эрүүл мэндийн дэд сайдын албан тушаалыг хашиж байхдаа дээд удирдлага буюу сайд асан Н.Удвалыг шүүхэд өгсөн. Та хоёр жил тойрон шүүхээр явсны эцэст өнгөрсөн долоо хоногт шийдвэр гарсан байна лээ. Нэг яам удирдаж байсан хүмүүс ингэж заавал шүүхээр явах шаардлага байсан юм уу?

-Бидний хоорондох хамгийн гол үл ойлголцол бол өнгөрсөн жил Нийгмийн бодлогын байнгын хороон дээр Н.Удвал сайд миний тухай ташаа мэдээлэл ард түмэнд өгснөөс үүдсэн. Тэрбээр намайг 900 ам.долларын үнэтэй элэгний эмийг 1800 ам.доллар болгосон мэтээр гүтгэсэн. Гурван сарын эмчилгээ нь 900 ам.доллар. Харин зургаан сарын эмчилгээ нь 1800 ам.доллар гэдгийг би эртнээс ярьж байсан. Гэтэл хүмүүст буруу ойлголт өгөх хэмжээний гүтгэлгийн шинжтэй мэдээлэл өгөхөөр нь шүүхэд хандсан. Тухайн үед миний эргэн тойрныхон “Өөрийн тань дарга, сайд шүү дээ заавал шүүхээр явах хэрэг байна уу” гэж байсан. Миний хувьд шууд шүүхэд хандаагүй л дээ. Хоёр сар шахам Н.Удвал сайдыг надаас уучлал гуйчих болов уу гэж хүлээсэн. Харин надаас уучлал гуйгаагүй учраас би нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандсан. Би залуу, улстөрч хүн. Шүүхийн явц нь удаан байдаг юм байна. Жилийн дараа анхан шатны шүүхийн шийдвэр гарч сайд асан Н.Удвал намайг гүтгэсэн гэдгийг тогтоолоо.

Categories
мэдээ цаг-үе

С.Гантогоо: Солонгост гэрээт ажилтнаар ирж байхдаа “Оддын хаан”-ы тайзан дээр гарч, дуучин болно гэж төсөөлөө ч үгүй

Солонгосын “SBS” телевизийн “Оддын хаан” шоу нэвтрүүлэгт оролцож байсан С.Гантогоотой холбогдож ярилцлаа.

-Өөрийг чинь Сөүлд дуучнаар ажилладгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй байх. Хэдэнтээ холбогдлоо. Байнга л тоглолтоор ийш тийшээ явах болчихлоо гэдэг?

-Юуны өмнө танай сониноор уламжлан монголчууддаа мэнд хүргэж байна. Монголд их хүйтэн болж байна гэж дуулдсан. Энд ч бас хүйтрэх төлөвтэй байна. Би одоо Сөүлд “Монтант” гэдэг нэгэн урлагийн байгууллагад дуучнаар ажиллаж байгаа. Концерт тоглолтуудын жинхэнэ улирал нь эхэлчихсэн болохоор тун завгүй явна. Маргааш гэхэд Кванхуа арал дээр очиж музыкл тоглолт хийнэ. Манай хамтлагийн энэ онд хийж буй 13 цуврал жүжигчилсэн тоглолтын сүүлийнх нь тавилт болж байгаа юм. Үүний дараа нэг тоглолт, бас Хятад руу аялан тоглолттой учраас бэлтгэл ихтэй байна. Ер нь Солонгосын бүх хот, аймаг, орон нутгаар явж тоглолт хийсэн дээ.

-Танай хамтлаг анхны цомгоо гаргасан гэсэн. Хэдэн дуутай, ямар цомог вэ. Хамтлагийнхаа тухай танилцуулаач?

-Энэ онд анхны цомог маань худалдаанд гарсан. Арван дуутай. “Араатны хаан арслан” хүүхэлдэйн киноны “Circle of life” дуугаар нэрлэсэн юм. “Walt Disney” компаниас албан ёсны зөвшөөрлийг нь авч дуулсан. Манай хамтлаг орон орны хамгийн алдартай дууг монтант хэв маягт оруулж дуулдаг онцлогтой л доо. Тэр утгаараа Монгол, Америк, Солонгос, Хятад, Индонезийн алдартай дуунууд болон хамтлагийн бие даасан уран бүтээлтэй нийлээд 10 дуу цомогт орсон.

-Хамтлагийн нэрийн тухайд?

-Монтант буюу хамтдаа гэсэн утгатай. Монголоос би, Филип гэдэг америк залуу, Су Ён гэдэг солонгос бүсгүй, Ихуа хэмээх хятад бүсгүй, Эрик гэдэг филиппин хүний бүрэлдэхүүнтэй дуулж байна. Хэт хатуу урсгал чиглэлд баригдалгүй ерөнхийдөө этник хэв маягаар уран бүтээл хийдэг. Жишээлбэл, “Жалам хар”-ыг өөрсдийн хэв маягаар дуулж өвөрмөц аялгуу гаргасан. Ийм маягаар уран бүтээл хийж орон орны соёлыг харуулахыг зорьдог юм.

Солонгос бол k-поп нь өндөр түвшинд хөгжчихсөн газар. Бид заавал тэр к-попоор нь дуулалгүй өөрсдийн төрхийг гаргахыг зорьсон. Энтертаймент корпорациуд ашгийн төлөө, нэр хүндийн төлөө ажилладаг. Харин манайх хэл ус, яс үндэс, зүс царай өөр ч гэсэн биднийг нэгтгэдэг зүйл бол дуу хөгжим шүү гэдгийг мэдрүүлэхийг эрмэлздэг. Учир нь дэлхий ертөнц даяаршихын хэрээр эмх замбараагүй байдал, терроризм, шашин хоорондын зөрчил мөргөлдөөн их байна. Олимп ч мөн адил хүн төрөлхтнийг спортоор нэгтгэдэг шүү дээ. Ийм мессэжийг олон нийтэд өгөх нэг зорилготой юм.

-Хөхөө Намжилын домог, “Хааны алтан аяга” домог үлгэр, “Жалам хар”-ыг танай хамтлаг тоглолт болгосон гэлээ. Бусад гишүүд чинь монгол дуу хуураас сурахад амаргүй байсан болов уу. Монгол гэсэн тогтсон дэгтэй шүү дээ.

-Хөхөө Намжилын домгийг Америк, Хятад, Филиппин, Солонгосын үлгэр домогтой уялдуулж нэг тоглолт болгосон. “Жалам хар”-ыг найруулга хийж тоглосон. Үзэсгэлэнтэй уудам тал нутагт мориор давхиж яваа дүрслэлийг дуу аялгуугаар хүргэхэд гадаад хүмүүсийн хувьд хэцүү. Тиймээс өнгөрсөн зургадугаар сарыг хүртэл бэлдсэн. Хамтлагийнхан маань өөр өөр орны хүмүүс байдаг болохоор үг хэллэг, найруулга, тавилт дээр нь ажиллаад солонгос хэл дээр хөрвүүлэхээс авахуулаад бэлтгэл их шаардсан. Өөрийнхөө стил имиж рүү хандуулдаг ч үндсэн хэв шинжийг нь хадгална. Тэгэхийн тулд нөгөөдүүл маань үгээ сурна, хөгжмийн найруулагчид яаж найруулах вэ гээд ажиллана. Ингээд жил тойронгийн ажил болж сурцгаасан даа.

-Яаж энэ хамтлагт орсон юм бэ?

-Гурван жилийн өмнө манай байгууллагын сонгон шалгаруулалт болж таарсан. Солонгосын алдарт дива дуучин Ин Сү Ы шүүгчээр сууж байсан. Би үнэхээр их сандарсан ч, энэ л миний боломж шүү гэж айхтар их хичээсэн. Тэгээд дуулах шалгаруулалт дээр тэнцсэн. Сүүлийн шат нь гучин минутын ярилцлага байсан. Юугаа ярина даа гэж эргэлзэж байлаа. Гэтэл хүн чинь бусдад таалагдах гэж худлаа ярих биш, хүнд өрөвдүүлэх биш, яг л өөрийнхөө яаж ингэж явж байгаа үнэн түүхээ ямар ч маяггүй ярих хэрэгтэй юм билээ. Солонгосоор алдаатай ч гэсэн зүгээр л үнэнээ ярьсан. Би тэгэхэд кофены үйлдвэрт ажиллаж байлаа. Долоо хоногийн дараа тэнцсэн шүү гэж дуудсан.

“Одоо би дуучин боллоо” гэж бодоход гайхалтай мэдрэмж төрсөн.

-Анх Солонгост очоод ямар ямар ажил хийж байсан юм бэ?

-Энд ирээд найман жил болж байна. Багшийн дээдийг 2007 онд Газар зүйн багш мэргэжлээр төгсөөд, аавын хүү амьдрал хөөсөн. Тэгээд л олон олон монголчуудын адилаар гэрээт ажилтнаар ирж байлаа. Таван жил элдвийн л ажил хийсэн. Анх махны үйлдвэрт ажиллаж байлаа. Ирэхэд бүх юм сайхнаар төсөөлөгдсөн. Ажлын нөхцөл, цалин бүгд гэрээнд зааснаар яригдах ч бодит байдал дээр юм өөр байх үе гарсан. Дөнгөж ирээд байж байтал ээж залгаад “Миний хүү сайн явж очсон уу. За, гэр орон нь тохитой сайхан байна уу” гээд л гоё гоё юм асуусан. “Өө контейнерт амьдарч байна” гэтэл дуу нь цаашлаад миний хүү гэртээ хүрээд ир гэж дуудаж билээ.

Дууны тэмцээнд орох гэхээр захирал зөвшөөрөхгүй, тэгэхээр нь үйлдвэрээ солино, махны үйлдвэрээс бэлэн гоймон, кофены үйлдвэр, хаяг рекламны үйлдвэрт ажилласан. Дуулах замаа олж харчихаад байсан учраас тэмцээнд ормоор байсан юм.

-Та “Оддын хаан” нэвтрүүлэгт орж байсан. Яаж тэр алдартай нэвтрүүлэгт орж байв?

-Солонгосын “SBS” телевизийн суваг 2014 онд тэр нэвтрүүлгийг хийсэн юм. Тэгээд манайд дуучдаасаа оролцуулаач гэсэн хүсэлт тавьсан л даа. Байгууллагаас яг хэн хэнийг оролцуулах вэ гэдгийг шийдэхээр болж, дотроо бяцхан сонгон шалгаруулалт явуулсан. Арван хэдэн дуучдаас би болон манай хамтлагийн хэд тэнцэж шоунд орохоор болсон. Алдартай шоу учраас маш олон хүнд хүрсэн байсан.

-Шоуны дараа сонирхолтой саналууд ирсэн үү?

-Нэвтрүүлэг цацагдсаны дараа маш олон газраас шинэ санал ирсэн. Тэр бүх хүсэлтийг манай байгууллага зорилготойгоо уялдуулаад хүлээж аваагүй юм. Яахав, хүмүүс зургаа хамт авахуулъя гэх мэтээр танимхайраад л хэсэгтээ сайхан мэдрэмж төрөх юм билээ. Нэвтрүүлгийн багийнхан, хөтлөгч Хуудуун маань одоо ч холбоотой байдаг.

-Солонгос дахь энэ статусаа ашиглаад хувийн уран бүтээл хийх үү?

-Манай найзууд хэлдэг, Монголд очоод өөрийнхөө уран бүтээлийг хийгээч, чамд зөндөө боломж байна гэдэг. Олон газраас санал ирсэн. Гэхдээ монгол хүний үүрэг хариуцлага гэж үзээд дуртай ажлаа хийнгээ хилийн чанадад Монгол орноо нийгмийн нэгж бүр дээр нь очоод ингээд сурталчлаад явж байгаа энэ боломжоо би монгол хүний үүднээс хэзээ ч алдахгүй. Ирэх онд миний хувийн уран бүтээлийн ажлууд, шинэ прожект хэрэгжинэ. Дуулаад цалингаа аваад явдаг ийм ажил бас ховор.

-Залуу хүмүүст нутаг санагдаад л ирье барья гэж яараад байдаггүй байх?

-Ойрын жилүүдэд хувийн амьдрал хөөх тухай төлөвлөгөө байхгүй. Монголдоо очих ажил гарвал оччихоод л явж байна даа.

-Эр хүнд амьдрал оройтоно гэхгүй байх л даа?

-Одоо чинь эрэгтэй хүн ч, эмэгтэй хүн ч хүчирхэг болчихож. Дөч хүрээд амьдрал эхлэхэд гайхах юм биш болжээ.

-Монголынхоо уран бүтээлчдээс ойр хүн бий юу?

-“Мотив” хамтлагийн Ганбаа, Улсын филармонийн дуучин Насанбуян гээд авьяаслаг сайхан найзууд маань хааяа ирж, ажлаар маань ороод уулзаж ярьж хөөрөөд явдаг.

-Гэр бүлээ танилцуулахгүй юу, аав ээж тань аль нутгийнх вэ?

-Би Дорноговь аймгийн Сулинхээрийн заставт төрсөн. Аав маань хилийн цэргийн хүн болохоор хил дагасан айл байв. Аав ээжийн маань уугуул нутаг Хөвсгөл. Ээж маань цэцэрлэгийн багш сайхан хүн бий. Хан тэнгэр болсон сайхан аав минь харин энэ намар өөд боллоо. Аавыгаа буцахад эр хүн цээжиндээ нурах шиг болдог юм байна. Гэхдээ амьдад нь сайхан газар үзүүлж, ойрхон байсандаа жаахан боловч дотор цэлмэх юм.

Би дээрээ нэг ахтай, хоёр охин дүүтэй. Дүү нараа их сургуулийг нь төгсгөж өгөөд л ар тийшээгээ санаа зовохгүй болсон. Гэрийнхэн маань бүгдээрээ Монголд ажил амьдралаа гээд л явж байгаа.

-Ингэхэд манайд дууны тэмцээн уралдаан их болж байна. Хүмүүс ч “Би авьяастай” гэж өөрийгөө их тодорхойлох болж. Үүнд нь манай зах зээл бараг ханаж байх шиг. Харин яг гадагшаа хандаад уран бүтээлээрээ гарч ирэх гэдэг дээр өөрчлөлт мэдрэгдэхгүй л байна. Та юу гэж боддог вэ?

-Дэлхийд гарчихсан дуурийн дуучин, балетчин, язгуур урлагийнхан гээд үнэхээр нэг цойлсон авьяасаар Монголынхоо нэрийг гаргаж байгаа хүмүүс олон бий. Цаг хугацаа, эдийн засаг, ур чадварын хувьд монгол уран бүтээлчид тэсрэлттэй гарч ирэх бүх нөхцөл одоо байгаа.

-Таны мөрөөдөл юу вэ?

-Анх Солонгост махны үйлдвэрт ажиллахаар цүнхээ үүрээд ирж байхдаа “Оддын хаан”-ы тайзан дээр гарч дуулна гэж бодоогүй. Солонгосын алдартай хамтлаг, дуучидтай нэг тайзан дээр хамт дуулна гэж хэзээ ч бодоогүй. Хүн мөрөөдлөөрөө хаа ч хүрдэг. Би их л том мөрөөдөж яваа.

Ц.БАЯРЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Буцаад очиход буух айл олонтой хурандаа М.ЭНХ-АМАРЫНХ

“Танайд өнжье” булангийнхаа энэ удаагийн дугаараар Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга хурандаа М.Энх-Амарыг онцоллоо. Баасан гаригийн өглөө 08.30 минутад Онцгой байдлын ерөнхий газар дахь түүний ажлын өрөөнд яваад орлоо. Хурандаа М.Энх-Амар хэдийнэ ирчихсэн ширээний араас “Амрыг эрье” хэмээн угтлаа. Биднийг мэнд мэдэлцээд дуусмагц хаалга тогшив. Онцгой байдлын ерөнхий газрын шуурхай удирдлага, мэдээллийн төвөөс хоногийн мэдээг илтгэхээр Холбоо, зарлан мэдээлэл хариуцсан оператор, ахлах ахлагч Б.Должинхорлоо орж ирэв.

Тэрээр хоногийн мэдээг хурандаад өгч “Эх орон тайван хоножээ” хэмээн ёслоод гарч явав. Хурандаагийн ажил өглөөний мэдээ хүлээж авахаас эхэлдэг байна. Хурандаа хоногийн мэдээг эхнээс нь дуудав. “Баян-Агт суманд нуурын усанд “ЗИЛ-130” машин цөмөрч орсныг аймгийн онцгой байдлын аврагчид татаж гаргажээ. Нуурын гүн гурван метр. Өвөрхангай аймагт Айлын хот руу галзуу чоно дайрч 17 настай залуу долоон удаа хазуулж, эмнэлэгт хүргэгджээ. Галзуурсан чоныг устгалд оруулсан. Хөвсгөл аймагт мөн галзуу чоно айлын мал руу дайрчээ. Энэ залуу үнэхээр зоригтой. Галзуу чонотой ноцолдож 17 удаа хазуулсан байсан. Одоо бие нь тааруу байгаа” гэв. Цааш энэ жил уурхайн ослоор 24 хүн амиа алдаж, 22 цогцос гаргасан байна” гээд монголчууд нас барсан хүнээ заавал оршуулах гээд байдаг ард түмэн. Уурхайн нурангид дарагдсан хүнээ гаргаж авах гэж байж өөрсдөө амиа алдах тохиолдол их гардаг” гэдгийг онцлов. Тэрээр мэдээ уншиж дуусаад “Эх орон тайван сайхан хоножээ” гэв. Түүнчлэн арванхоёрдугаар сарын эхээр цаг агаар хасах 28 хэмээс дээш хүйтрэх боловч эргээд багагүй дулаарах төлөвтэй байгаа гээд ханан дээрх газрын зургийн зүг босов. Түүний өрөөнд болон туслахынх нь өрөөнд зайлшгүй байх ёстой зүйл бол газрын зураг. Онцгой байдлын ямар ч албан хаагчаас ар дахь газрын зургийг заагаад “Таны ард юу байна” гэж асуувал “Эх орон”, “Монгол Улс” байна гэж хэлж байсан.М.Энх-Амар хурандаа газрын зураг дээр заагаад малын гоц халдварт өвчин гарсан аймаг, сумдын нэр дээр шар өнгийн цаас наасанг харуулаад онцгой үед тийм тэмдэглэгээ хийдэг болохыг хэлэв. Тэрээр энэ өвөл багагүй хүйтэн жил болохыг ч ярив. Ялангуяа Баян-Өлгий, Завхан зэрэг хойд захын аймгуудад намрын борооны дараа их хэмжээний цас орсон учраас мөсөн бүрхүүл үүсчихсэн байгаа гэнэ. Цаг хүйтэрч хүндэрвэл тус газруудад ёстой л “шилэн зуд” болох аюултай байна. Гэхдээ Онцгой байдлын ерөнхий газар, Улсын онцгой комиссын зүгээс дээрх аймгуудад эртнээс анхаарал тавьж бэлтгэсэн хадлан тэжээл дээр нь нэмж нөөцлүүлэх арга хэмжээ ч авч ажиллаж байгаа юм байна. Энэ яриа өрнөх зуур Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен орж ирэв. Тэрээр аймагтаа арай хямд өртгөөр нэмж өвс авах хүсэлтэй байгаагаа хэлэхээр ирсэн тухайгаа яриад гарав. Өвлийн хүйтнээр тулгарсан гамшигтай бус гамшгийг давахын тулд урьдчилж бэлтгэлтэй байх нь чухлыг хурандаа онцлов. Малчдын өөрсдийн санаачилга ч чухал аж.

Дөрвөн Засгийн газар, таван шадар сайдын нүүр үзсэн нарийн бичиг

М.Энх-Амар дарга Улсын онцгой комиссын нарийн бичгийн даргын үүргийг 2009 оноос өнөөг хүртэл хашиж байгаа аж. Тэрээр тав дахь албан ёсны нарийн бичгийн дарга гэнэ. Байгалийн давагдашгүй хүчин зүйл аливаа гамшгийн үед улс орныг нэгдсэн удирдлагаар хангадаг, асуудлыг зохицуулдаг гол хүн бол нарийн бичгийн дарга. Тиймдээ ч тэрээр анх энэ албан тушаалд томилогдохдоо Улсын онцгой комиссын ажиллах журамд өөрчлөлт оруулж, эрх зүйн орчныг шинэчилж байжээ. Ингэснээр өнөөдөр гамшгийн үед шаардлагатай хөрөнгө мөнгийг Засгийн газраар оруулж Сангийн яам, Хууль зүйн яамны саналыг нэн даруй авдаг болтол дэвшилд хүрчээ. Энэ нь наад зах нь гамшигт нэрвэгдсэн, гэр орноо алдсан хүмүүс тэр даруй орох оронтой болохыг хэлээд байгаа юм. Түүний ажлын өрөөнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд нартай хамт татуулсан фото зураг харагдана. Улсын онцгой комиссыг тухайн Засгийн шадар сайд тэргүүлдэг бөгөөд Энх-Амар хурандаа таван шадар сайдтай хамтарч ажиллажээ. Таван шадар сайдтай авахуулсан зураг ч мөн түүх болон түүний өрөөнд үлджээ. Тэрээр “Улсын гол тулгуур болсон цэргийн болон чухал газруудад төр хуруу дүрмээргүй байна. Даргатайгаа арай гэж ойлголцож гар нийлэх гэж байтал төрийн эрхмүүдээ нааш цааш болгочихдог. Дахиад ажлаа мэдэхгүй шинэ хүн. Томилогдож байгаа хүний буруу биш. Гол ийм газруудынхаа дарга нарыг улс төрөөс ангид байлгамаар байна” хэмээн сэтгэл зовниж явдгаа бухимдангуй хэлэв. Хурандаа 016 дугаар ангид алба хаасан бөгөөд багаас цэргийн хүн болох сонирхолтой байж. Тиймээс энэ хүсэлдээ хөтлөгдөн байлдааны зэвсэг, танк, онгоц зэрэг цуглуулдаг байна. Мөн гал морин жилд төрсөн учраас морийг ихэд эрхэмлэдэг бөгөөд олон сийлбэр, уран зураг харагдсан.

18 аймгийн хүндэт иргэн

Ажил албаны шаардлагаар түүнд ороогүй аймаг үгүй. Бүр Монгол Улсыг өнгөрсөн хугацаанд зургаан удаа бүтэн тойрчээ. Орж үзээгүй хэдхэн сум л байгаа аж. Малын гоц халдварт өвчин, үер усны гамшиг, зуд турхан, гал түймэр гээд ихэнх гамшгийн хэмжээнд хүрсэн үед шийдвэр гаргах түвшинд ажиллаж иргэдийг нэг ёсондоо аюулаас ангижруулдаг хүний нэг. Тиймээс хөдөө орон нутгийнхан түүнийг ихэд хүндэлдэг. Тэр бүү хэл 18 аймаг хүндэт тэмдгээр шагнаж, зарим нь нутгийнхаа дахиж шүтдэг уул усыг уран зурагт буулган бэлэглэснийг хурандаа ч ихэд нандигнан дээдэлж өрөөндөө залсан байна. Түүнийг шөнө гэртээ унтаж амарч байх үед эх орон дуудах үе зөндөө. М.Энх-Амар “Дорнод аймагт түймэр гарч нэг л өдөр дөрвөн цэргээ галд алдчихыг харах ямар хүнд гээч. Саяхан Багануурын Онцгой байдлын дарга, орлогч дарга, ерөнхий нягтлан, байцаагч дөрөв хурал тараад буцах замдаа осолд орж өөд болоогүй юу. Тухайн үед бүх дарга нараа алдчихсан дүүргийнхэнтэй, гэр бүлийнхэнтэй нь уулзаж царайг нь харна гэдэг үнэхээр хүнд. Бидний үүрэг учраас уулзахаас аргагүй. Хэдэн өдөр нойр хүрэхгүй шүү дээ” гээд санаа алдав. Тэгснээ ширээн дээрх нэгэн сийлбэрийг аваад “Уурласан, бухимдсан үедээ үүнийг л харж тайвширлыг олдог юм даа” гээд эмээл дээр нүцгэн суун бүүрэг дэрлэн амгалан унтаж буй жанжин малгайтай хүүгийн сийлбэрийг заав. Ингээд хурандаа удахгүй ашиглалтад орох өргөтгөлд нүүж орох Шуурхай удирдлагын төвөө танилцуулав. Уг төв ОБЕГ-ын өргөтгөлд нээгдэж байгаа юм байна. Тус төвд хаана, хэдэн баллын хүчтэй газар хөдөлж байгаа мэдээлэл шууд ороод ирдэг юм байна. Ингээд хурандаа үдээс хойш өвлийнхөө идшийг бэлтгэж ирэхээр хөдөө явах гэж байгаа тул албаны ажлаа амжуулаад дуусгачихлаа.

Ярихын муухай шивнэх

Түүнтэй хамт Орос гуравдугаар сургуулиас бага охиныг нь аваад гэрт нь хүрлээ. Эхнэр Ч.Баасанжав хэдийнэ гэртээ ирчихсэн цай чанаж байв. Гэрийн эзэгтэй бага охин Хатан-Эрдэнэд хандан “Хайраа хөдөө явах хувцасаа бэлдсэн үү” гэхэд охин толгой дохив. Охин Ариунболор “Шинэ Эрин” сургуульд сурдаг бөгөөд “Найрамдал” зуслан явсан гэнэ. Харин том охин Уянга тусдаа гарсан бол хүү Төгөлдөр Ирландад зургийн сургуульд сурч байгаа аж. Эхнэр Ч.Баасанжав Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын албаны дарга юм байна. Аав Чулуунбат Завханы хүн бол ээж Ичинхорлоо Ховд аймгийн уугуул аж.Тэрээр “Хань маань ажлаас нь дуудсан л бол шөнийн хэдэн цагт ч босоод л явна. Заримдаа хэдэн өдөр, хоногоор гэртээ ирэхгүй. Утас нь холбогдохгүй бол хүүхдүүд ч надаас асуугаад санаа нь амрахгүй. Ямар сайндаа нэг холбоо баривал хүүхдүүдтэйгээ баяраа тэмдэглэж ширээ засна шүү дээ” хэмээн өгүүлэв. Гэрийн эзэгтэй ханийгаа цаг ямагт дэмжиж, тулж түшиж явдгаа хэлээд “Ер нь би л ханийгаа дэмжиж дэмнэхгүй бол хэн тэгэх билээ. Тийм учраас бид хоёр зовлон жаргалын алинд ч хамтдаа зогсдог” гэж ихэд тогтуунаар өгүүлэв. Энэ хооронд цай буцаллаа. Охин нь ээжийнхээ чихэнд шивнэхэд аав нь хажуугаас “Ярихын муухай шивнэх. Хоёулаа зарим зүйлийг болохгүй гэж тохирсон байх аа” гээд чанга дуугаар сануулаад авав. Түүний гэрт олон орны хүүхэлдэй, мөнгөн аяга, сэрээний цуглуулга төдийгүй Үндсэн хуулийн Цэцийн дэд дарга Жанцангийн бэлэглэсэн хаш чулуун хөөрөг байна. Жанцан аавынх нь дүү гэнэ. Харин аавынх нь ах мэс заслын тодотголтой анагаах ухааны доктор, профессор М.Өлзийхутаг байжээ.Солонгосын Онцгой байдлын газрын даргын бэлэглэсэн цаг хүртэл байна. Ер нь хурандаагийн цуглуулга ихэнхдээ бэлэгнийх аж. Хуучны болон сүүлийн үеийн арваад сэлэм харагдсан. Дэлхийн жишгээр генерал, хурандаа цолтнуудад сэлэм бэлэглэдэг уламжлал ч байдаг байна. Бүр нөхөд нь түүнд зориулж алтан мөрдөс хүртэл хийлгэж бэлэглэсэн байна. Баяр ёслолоор алтан мөрдсөө хаддаг байна. Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, хурандаа Т.Дуламдорж, тэргүүн комиссар Ц.Амгаланбаяр зэрэг мөрдөс нэгт андуудын бэлэг тун ч олон ажээ.

Сумын даргын хүү шугам зургийн багш болсон нь

М.Энх-Амар хурандаа Сүхбаатарын уугуул, Сэлэнгэ, Баянхонгорын суугуул, Өвөрхангайн өнжүүл, Улаанбаатарын оршин суугч гэж ярих дуртай нэгэн. Учир нь 1966 онд Сүхбаатар аймагт Мангалсүрэнгийн ууган хүү болон мэндэлжээ. Тэрээр найман дүүтэй. Мангалсүрэн насаараа сум нэгдлийн дарга хийгээд тэтгэвэртээ гарчээ. Харин ээж Төмөрчулуун 1000 хүүхэд эх барьсан гавьяатай нэгэн. Энх-Амар багаас сурлага сайтай байсан бөгөөд Москвагийн аюулгүйг хамгаалах сургуульд суралцах хуваарь авах гэсэн боловч эцэг, эх нь зөвшөөрөөгүй байна. Ингээд хуучнаар Цагдаагийн академийн хуваарийг мөн л авахуулаагүй. Тэгэхээр нь тэгвэл Казаны утга зохиолын сургуульд явлаа гэхэд бас л хоригложээ. Орост сургуульд сурвал архичин болно гэсэн шалтгаанаар ийн хориглосон байна. Харин шугам зургийн багш болбол ажилд ороод ч найдвартай, найман дүүгээ чи л тэжээх ёстой гэдэг байж. Эцгийнхээ үгнээс зөрж үзээгүй учраас МУБИС-ийг Шугам зургийн багш мэргэжлээр төгссөн тухайгаа Энх-Амар хуучлав. Ингээд Сэлэнгэд хоёр жил багшилжээ. Энэ хугацаанд хичээлдээ тааруухан сурдаг сурагчдын бусад авьяасыг нээж гаргахын тулд олон ч ажлыг зохион байгуулж, бүр аймагтаа тэргүүний багш гэгдэх болжээ. Харин найман дүү өдгөө сайхан амьдарч явна. Удаахь дүү Энхбаяр Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлох хяналтын байгууллагын дарга хийдэг байна. Улсын төсвийн 87 хувийг бүрдүүлдэг газрын дарга. Тэрээр “Дүү бид хоёр Монголд ганц ганцхан байдаг газрын дарга нар байхгүй юу” хэмээн хошигноод авав. Дэлхийн аваргын мөнгөн медальт боксчин Отгонбаатар түүний төрсөн дүү гэнэ. Мөн Гэрэлмаа, Батбилэг нар малын эмч, Болормаа хүний эмч мэргэжилтэй бол Дарханы төмөрлөгийн үйлдвэрт Шинэбаяр дүү нь инженер ажилтай гэнэ. Отгонбаяр цагдаа, Ариунтөгс анаагахын салбарын хүн гээд дүү нарыгаа хүний зэрэгтэй явахад гол суурийг тавьсан хүн бол том ах. Тэрээр өөрөө шулуухан яриатай, шударга үйлдэлтэй нэгэн гэгддэг бөгөөд дүү нар нь ахыгаа дуурайсан хөдөлмөрч, шударга болон хүмүүжсэн гэдгийг түүний аав Мангалсүрэн хэлэв. Аав нь түүнд “буцаад очиход буух айл олонтой хүн” яваарай гэж захидаг байж.

Шугам зургийн багшаас төрийн түшээд хүртэлх зам

Тэрээр Сэлэнгэ аймагт багшилж байтал өдгөөгийн УИХ-ын дарга З.Энхболд намын шугамаар ирсэн байна. Энэ цаг үеэс түүнтэй андын барилдлагатай болжээ. Сайхан ч нөхөрлөж, сайн ч суралцаж. “Би Энхболдоосоо их зүйл сурсан. Улстөрч болох хүслийг тэр л асааж нүдийг минь нээсэн” гэв. З.Энхболдын хоёр ч удаагийн сонгуулийн ерөнхий менежер хийж явсан, БОАЖЯ-ны сайд Л.Гансүхийн зөвлөх, УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх гээд түүний улс төрд зүтгэсэн үүрэг роль их. Олон ч аймаг, дүүргийн намын хорооны дарга, гишүүн явсан нэгэн. 2008 онд НИТХ-д хүртэл С.Одонтуяатай хамт Баянгол дүүргээс нэр дэвшиж байсан аж. Таньдаг нөхөд нь тэр хоёрыг сурталчилгаагаа хийж явахад нь Юндэн, Нансалмаа ирж явна гэж цаашлуулдаг байж. Эдгээр түүхийг өгүүлэх зураг зургийн цомогт их харагдсан. Ер нь З.Энхболд, Н.Алтанхуяг, У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, яруу найрагч Б.Ариунсан зэрэг олон хүний жинхэнэ ардчиллын төлөө хүн, шилдэг улстөрч, шударга журамт нөхөр гэдгийг гэрчилж хэлсэн үг түүх болон үлджээ. Харин тэрээр өдгөө улс төрд зүтгэхгүй, эх орноо амгалан тайван авч явах нь чухал хэмээн ярих. “Би цэргийн хүн. Харин улс төр миний байх ёстой орон зай биш” хэмээн даруухан өгүүлэв. Нөхөд нь түүнийг

Торой бандийн улс төрд хувилсан сүнс

Тогос Чүлтэмтэй урьд насандаа нөхөрлөж явсан эр

Товруу мөнгөн хазаарыг үзгээр сольсон ухаан

Тольтой мөнгөн эмээлийг сэнтий болгосон хөдөлмөр

Хүний мөсний туйл

Хэлсэндээ хүрдгийн хууль… хэмээн түүнийг тодотгон бичсэн шүлэг ажлын өрөөнд нь харагдсан. Тэрээр хаана ч томилогдсон хаяа сайтай дарга гэдгийг нөхөд нь хэлж байсан. Түүний энэ занг ихэд үнэлдэг Тэрбишдагва, М.Энхболд зэрэг журмын нөхөр олон. Сүхбаатар аймгийн засаг дарга Батсуурийг анх ажлаа хүлээж авахад нь иргэний үнэмлэхийг нь шалгаад “Аймгийн дарга хийх гэж байгаа бол эхлээд энэ Улаанбаатараасаа шилжиж ир” хэмээн ширүүхэн загнаж ч явсан удаа бий.

Харин шугам зургаа одоо хэр орхиогүй гэнэ. Ажлын өрөөндөө нэгэн сонгодог зургийг балаар буулгаж зурж байгаагаа харуулав. Зураагүй удсан үедээ зураг барьж авахдаа балаар зурдаг гэсэн. Бал харандаа шиг баллуурдаж болохгүй учраас сайн, муу зурсан нь шууд л цаасан дээрээс харагдана.

Хүүхдийн” Энх-Амар

Энх-Амар ажилласан салбар бүртээ жинхэнэ удирдлагын гайхамшгийг харуулж явсан гэдэг. 2000 оноос эхлэн нэг хэсэг “Монгол-Болгарео” төрийн өмчит хамтарсан үйлдвэрийн дарга явах хугацаандаа улсын төлөвлөгөөг давуулан биелүүлж байсан цорын ганц дарга. Учир нь тухайн үед улс орон хүнд байдалд орж, ихэнх үйлдвэр, уурхай алдагдалтай ажиллаж байсан гэдэг.

Мөн “С1” телевизийн захирлаар ажиллаж байсан. Хаана ч ажилласан ажилчдынхаа нийгмийн байдалд санаа тавьж бодитой ажил хийж байсан нэгэн. Мөн 2006 онд тухайн үеийн Засгийн газрын шийдвэрээр Хүүхдийн төлөө үндэсний төвийн харьяа Хүүхэд хамгаалал төвийн захирлаар томилогджээ. Энэ албыг хашиж байхдаа анх удаа монгол дахь траншейний хүүхдүүдийг цуглуулж, хаягжуулж 2500 хүүхдийн асуудлыг шийдэж байсан удаатай. Тэрээр “Миний өдий зэрэгтэй яваа маань тэр олон хүүхдэд хүргэсэн буяны хариу болов уу. Би хүүхдийн асуудалд их эмзэглэдэг хүн. Хоногийн мэдээнээс хүүхэд эндсэн байхыг харсан өдөр их дүнсгэр өнгөрнө. Бүр 100 гр татчихмаар санагдана. Гэтэл өнөөдрийн хүүхдийн байгууллагууд төрөөс өгдөг мөнгө төгрөгөөс нь болдог юм уу. Тэнэмэл, гэр оронгүй хүүхдийг нэмэгдүүлэх гээд байх хандлага ажиглагддаг” гэв.Ингээд бидний яриа ч өндөрлөж хурандаа ч хөдөөг зорихоор бэлтгэв. Энх-Амар “Хүний амьдрал хойно үнэтэй мах аваад байлтай биш, идшиндээ явж ирэхээс. Хэрвээ хол явчихвал эх орон хэцүүдэх нь” гэсээр гэр бүлээрээ гаргаж өгөв. Хэн ч зочилсон явахад нь заавал бүгд үүднээсээ үдэж өгдөг уламжлалаа чандлан хадгалж яваа гэр бүлийн нэг ажээ.

Гэрэл зургуудыг Г.Лх агвадорж


Categories
мэдээ цаг-үе

Уран үгсийн чуулганд умбасан уран бүтээлч

Дархан-Уул аймгийн Боловсролын газрын коридорт Ерөнхий сайд А.Амар, Дилав хутагт Жамсранжавын гар бичээс, Д.Сүхбаатарын хэлсэн үг зэрэг уйгаржин бичгийн дурсгалыг харахад музейд байгаа мэт сэтгэгдэл төрнө.

Ерөнхий сайд асан Б.Цэрэндорж “Бийрээр чадмаг гүйлгэн бичдэг хүн байжээ. Зохиолч Жамсрангийн Цэвээн компьютерээр бичсэн юм шиг цэвэрхэн бичиж” хэмээн хэл шинжлэлч Ж.Эрхэмсайхан сонирхуулав. Алдартнуудын гар бичмэл, зураг тайлбартай жаазалсан бүтээл Ж.Эрхэмсайхан хэмээх хөдөөгийн уран бүтээлчийн хөдөлмөрөөр бүтсэн зүйлс. Түүнийг сайхан үгс дунд хөвж явдаг гэж тодорхойлж болно. Хэл шинжлэлч эрхмийн ажлын ширээн дээр бийр янтай, тавиур гэх мэт бичгийн хүний эдлэл харагдана. Тэрбээр мөн баргилт хэмээх байгалийн зөөлөн чулуугаар нэрийн тэмдэг сийлдэг. Өдгөө 34 хүнд нэрийн тэмдэг сийлж өгсөн уран гартан. Ж.Эрхэмсайханы бас нэг хобби нь дорнын болон орчин үеийн гайхамшигт уран бүтээлчдийн оюуны охь дээж болсон уран үгсийг монгол бичгээр уран бичиж, түүнийхээ зэрэгцээ өөрт төрсөн сэтгэгдлээ зураг болгон урладаг. Түүний ажлын өрөөнд хөл тавимагц уран үгсийн чуулганд умбах мэт сэтгэгдэл төрнө.

В.Гүнначугийн “Чулуун хөшөөний хос уянга”-хэмээх мөртүүдийг тэрбээр уншиж өгөв.

Үнэнийг худал хэмээх цагт

Худал мөн үнэн

Үгүйг буй гэх үед

Буй бас үгүйгэсэн хос уянга гүн утгатай.

В.Гулирансын гайхамшигтай мөрүүд бас байна.

Гурван ямхын хулсыг барьж эндүү ташаа бичих минь

Гутал оймсыг бартал явж, нэр ашгийг хөөхөөс дээргэжээ.

Харин Ванчинбалын билиг авьяаст бага хүү Инжинааш

Хүсэлтэй сонин утга уянга гэгч

Хөх үүл салхинаа хөвөх мэт

Хүний сэтгэлийг хөдөлгөн эс чадваас

Хөнгөн бийрийг хөшиж юу хийнэхэмээсэн нь олны сэтгэлд хоногшин үлдсэн билээ. Энэхүү утга гүн, уран үгсийг бийр бэхээр урсган бичсэнийг харахуйд улам ч гүнзгий сэтгэгдэл төрүүлэх юм. Эдгээрийг усан будгаар уусган бичжээ. “Би бүр сүүлд 1990 онд монгол бичиг сурсан. Уншигчдад хүрэх гол арга харааны хүртэхүйг ашиглаж, монгол бичгээ ойлгуулах, хүний сэтгэлд хүргэх талаас нь анхаардаг” гэж Ж.Эрхэмсайхан ярьсан юм. Түүний урланд Монголын яруу найрагчдын бүтээлээс гадна дорно дахины зохиолчдын сонгодог бүтээл, Японы хайкунууд ч байна.

Персийн Омар Хаяам ийнхүү “сэрэмжил”-үүлжээ.

Санаа муу төөрөг хажууханд шүү, сэрэмжил

Цагийн хурц илд дэргэд шүү, сэрэмжил

Чи цаглаш үгүй амттан аманд орохын цагт

Чихэрт хор хольдгийг санаж сэрэмжилгэнэ.

Ж.Эрхэмсайхан хөх өнгө голлосон зургийнхаа тухай “Нарийн ширийн юм байхгүй. Ватум цаасаа норгоод, өлөн чийгтэй болгож хар бэхээр түрхэж уусгаж урсгаж зурдаг. Дөрвөн мөртийг уншаад үүдсэн сэтгэлээ буулгана. Зургийн багш дүү маань зарим нарийн ширийн зурагт тусалдаг” хэмээн тайлбарлав.

Хятадын Тан улсын үеийн зохиолч Бай Жюй И-гийн “Голын дээрх лимбийн эгшиг” аль тэртээ 772-846 оны үеийн утга уянгаар илбэнэ.

Аяс намуун голын захад

Шөнөөр хэн лимбэ үлээв.

Алс хол миний нутгийн хаврыг дуу санагдуулав

Эгшиглэх аязыг чагнахын зуур

Цайраад санчиг бууралтчих шиг ээ

Ийм сайхан шөнөөр хэн юунд нойроо хулжаан гуниглаа болхэмээнэ.

Эдгээр эртний найргийн мөрүүд нь утга уянга төдийгүй түүхийн баримт болох аж. Хубилай хааны жанжин Баян гэж яруу найрагч байсан гэнэ.

1336-1395 оны хүн ажээ.

“Зарлигаар Жайнин газрыг хураасан нь” хэмээх түүний шүлэг тухайн үеийн дайн байлдааны баримт болж үлдсэн билээ. Жайнин газар гэдэг нь өмнөд нутаг гэсэн утгатай.

Хөхөмдөг уулнаа жад бүжиглэхүйеэ уул хагаран завдаж,

Хөх мөрнөө агт услахуйяа мөрөн ширгэх шахав.

Зуун түмэн шилдэг цэрэг Жайнин газар буухуйяа

Зэр зэвсгийн үзүүрт хүмүний цус алгагэжээ.

“Чингис хааны байлдан дагуулагчид хаа явсан газраа цус асгаруулж явдаг гэсэн хуучин тогтсон ойлголтыг энэ шүлэг эвдэж байгаа юм. Хүмүүс нь шууд дагаар орсон зарим газарт хүний цус урсаагүй” хэмээн Ж.Эрхэмсайхан тайлбарлав.

“Би Монголтойгоо адилхан” шүлгийг муутуу цаасан дээр урлажээ. Муутуу цаасан дээр бичихэд гоё үзэмжтэй байхаас гадна хариуцлагатай. Буруу бичвэл баллах боломжгүй. Муутуу гэдэг нь гараар үйлдвэрлэсэн цаас. Хятад, Японд үйлдвэрлэдэг. Японых илүү боловсруулсан, арай зузаан байдаг. Хятадын хар бэхээр бичдэг. Бийр янтай миний ажлын гол хэрэгсэл” гэж уран бүтээлч ярив. Ж.Эрхэмсайхан багш зарим хүний захиалгаар уран бичлэг бичиж өгдөг. Нөхрийн нэр, эхнэрийнх нь нэр нь мод харин хүүхдийн нэрийг мөчир цэцэг хэлбэрээр уран бичлэгээр бичсэн “Гэр бүлийн мод”-ыг нь жаазлаад ханандаа байрлуулахаар хэд хэдэн хүн авсан байна.

Тэрбээр уран бүтээлээ голдуу гэртээ хийдэг. Амралтынхаа үеэр албан өрөөндөө ажилладаг гэнэ. Уран бичлэг маш их тэвчээр, нягт нямбай ажиллагаа шаарддаг. Тэрбээр төрийн тэргүүн байсан хүмүүсийн гар бичмэлийг судалжээ. Монгол бичиг мэддэг хүн ховор болсонтой холбоотойгоор өвөрмөц захиалга ч хүлээж авдаг. “Аавынхаа тухай ном бичих болтол гар бичмэлийг нь тайлж унших хүн байдаггүй” хэмээн түүнд нэг хүн ханджээ. Аав нь хуучин монгол бичгээр намтраа бичээд үлдээчихсэн. “Таталган бичсэн, мундаг бичгийн чадвартай хүн байсан. Үүнийг кирилл болгохоор эхэлж байгаа” хэмээн Ж.Эрхэмсайхан тайлбарлаад мөнөөх таталган бичгийн хэдэн мөртийг уншив. Очир овогтой Замбаа миний дурдатгал. Очир овогтой Замбаа миний бие 1915 онд тэр үеийн Засагт хан аймгийн Дүүрэгч вангийн хошуу, одоогийн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг сумын нутагт…” гээд л намтар хөврөх юм. Ж.Эрхэмсайханы аав нягтлан бодогч. Өвөө нь лам хүн гэнэ. “Судар бичдэг зурдаг ур дүй нь бидэнд дамжсан байж магадгүй. Үндсэн мэргэжил маань монгол хэл, уран зохиолын багш” гэж тэр тайлбарласан.

Эрээнцавын Н.Нямсүрэн найрагчийн “Дөрвөн цаг” бүтээлээс амар амгалан ханхална.

Цайран цайран бороо орох сайхан

Цавьдар морьтой хүн наашаа давхих нь сайхан

Борооноос өмнө ирлээ гэж ярих нь сайхан

Боржигон эмээлээ аваад орж ирэх нь сайхан хэмээх мөртүүд дурайна.

Т.Галсан гуайн “Амь сүнс хэмээх хосмолжин” номоос шувууны тухай хэсгүүдийг нь түүж авч бүтээл хийж байгаа гэнэ. Ж.Эрхэмсайхан үзэсгэлэнгээ 2009 онд гаргахад нь Т.Галсан гуай өөрийн номоо бэлэглэсэн юм байж.

Хэрээний нүдээр харахад

Хэдэн дэгдээхэй нь цагаан,

Зарааны хошуугаар үнсэхэд

Зангуу шиг үр нь зөөлөнхэмээх өхөөрдөм мөртүүдийг зураг, жааз нь чимэглэнэ.

-Түүхэн хүмүүсийн гар бичмэлийг Үндэсний архивын газарт сууж авсан. Авч чаддаг л юм бол маш их юм байна” гэж Дарханы уран бүтээлч хуучлав. Хараагийн дарь эхийн хийдийн дараагийн Дарь эх ламын хойд дүрийг тодруулахаар архивын газарт сууж мэдээлэл цуглуулах болтол монгол бичиг мэддэг хүн ховор. Хийдээс томилогдсон лам бид хоёр тав хоног суусан. Битүү камертай, зураг авах боломжгүй. Бүр шаардлагатай материалаа өнгөтөөр канондуулдаг. Хараагийн дарь эх ламын анхны дүр нь ямар хүн байсан. Хоёр дахь дүр нь ямар байсан. Ямар хурал ном хурж байсан гэдгийг тодруулсан. Сүүлд лам нартай уулзахад хойд дүрийг нь тодруулах ажил явж байна гэсэн хэмээн хөдөөгийн уран бүтээлч ярьсан юм. Үзэсгэлэн гаргах зорилгогүй гэсэн ч тэрбээр уншсаар туурвисаар, зурсаар бүтээсээр суудаг юм билээ.

Categories
мэдээ цаг-үе

Л.Энх-Амгалан нарын гишүүд ашиг сонирхлын зөрчилтэйгөөр Хөгжлийн банкинд ажиллаж хууль зөрчив үү

-ХӨГЖЛИЙН БАНКНААС ХАМГИЙН ИХ ЗЭЭЛ АВСАН НЬ Л.ЭНХ-АМГАЛАН ГИШҮҮНИЙ ХУВЬ ЭЗЭМШДЭГ КОМПАНИУД АЖ-

“Нэгэн тосгонд байнга хулгай гардаг болжээ. Хулгайд эд зүйлээ алдагсдыг асуун лавлаж, бүгдийг нягт няхуур судалсны дараа тосгоны удирдлага нэгэн зүй тогтлыг ажиглаж л дээ. Хулгай болгоны дараагаар тэр газарт нэгэн хүн гарч ирээд хулгайчийг барих ажиллагаанд хамгийн идэвхтэй оролцдог болохыг анзаарч…”. Энэ үлгэрт хулгайч өөрөө “Хулгайчийг бариарай” гэж иргэдийг уриалчихаад мөрөө буруулчихдаг байсан талаар өгүүлдэг. “Хөгжлийн банк”-ийг тойрсон элдэв мэдэгдэл, мэдээллийг харж байхад энэ үлгэр санаанд буух юм. Хэн нь “хулгайч” болохыг орчин үед хуулийн байгууллага аяндаа тогтоох буй за. Харин татвар төлөгчдийн мөнгөөр эргүүлэн төлөх “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтад улстөрчид түлхүү оролцсон болох нь өнгөрсөн долоо хоногийн үйл явдлаас харагдлаа.

Олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны зарцуулалт, Хөгжлийн банкны үйл ажиллагаатай танилцах ажлын хэсэг энэ оны нэгдүгээр сард байгуулагдсан. УИХ-ын Эдийн засаг, Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан уг ажлын хэсгийг Л.Энх-Амгалан ахалж, бүрэлдэхүүнд нь Д.Хаянхярваа, Ц.Баярсайхан, Х.Болорчулуун, Я.Санжмятав, Л.Эрдэнэчимэг, Б.Гарамгайбаатар, Г.Уянга, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Д.Бямбацогт нар багтсан. Ажлын хэсэг Хөгжлийн банкны үйл ажиллагаа, бондын зарцуулалттай танилцсан дүгнэлтээ танилцуулалгүй хэд, хэдэн удаа хойшлуулсан. Энэ нь “Нууц дүгнэлт гаргасан”, “Дүгнэлтээ нууцалсан” гэх мэт хардлагыг төрүүлж байсан. Тэгтэл ажлын хэсгийн ахлагч өнгөрсөн долоо хоногт өнөөх дүгнэлтээ танилцуулж шалгалтаар илэрсэн зөрчил гэх мэдээллийг олон нийтэд зарласныг бид өмнө нь мэдээлсэн. МАН-ынхны “Морин цаг”-т хийсэн Хөгжлийн банкны талаарх мэдээлэл сөрөг хүчний зүгээс сонгуулийн өмнөх том пиар болох шинжтэй. Харин АН-аас ажлын хэсэгт орсон гишүүд дүгнэлтэд гарын үсэг зурахгүй байгаа гэнэ лээ. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат манай сонинд өгсөн ярилцлагадаа “…Үнэндээ хамтарсан ажлын хэсэг Хөгжлийн банкийг шалгах бус Чингис бондын арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт, санхүүжүүлсэн төсөлд үнэлэлт өгч, холбогдох байнгын хороонд танилцуулах байсан. Гэтэл Хөгжлийн банкийг шалгаж буй мэт ташаа мэдээлэл олон нийтэд цацаж байна. Хөгжлийн банк улс төрөөс хараат бус байгууллага. Улс төрийн хүчин асуудлыг мушгин гуйвуулж байгаад харамсч байна” гэсэн байна.

МАН-ын гишүүдийн мэдээллийн дараа Хөгжлийн банк үнэхээр улс төрөөс хараат бус ажиллаж чадаж байгаа юм уу гэх хардлагыг төрүүлэхээр баримт цахим сайтуудаар тарлаа. Тодруулбал, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн ихэнх төсөл хөтөлбөрийн ард улстөрчид байгаа талаарх баримт хөвөрч байна. Хөгжлийн банкны шилэн данснаас бүх гүйлгээг иргэд олон нийт харж гайхаж байна. Бүр Хөгжлийн банкны олон хууль бус үйлдлийг илрүүлсэн гэх Л.Энх-Амгалан гишүүний хувь эзэмшдэг компаниуд хамгийн их санхүүжилт авсан нь анзаарагдав.

Өнөөх улс төрөөс хараат бус Хөгжлийн банк яаж ажиллаад байна вэ, ашиг сонирхлын зөрчилгүй байх ёстой гишүүд хаана, хэнд нөлөөлөөд байгаа хэрэг вэ.

Хөгжлийн банкнаас санхүүжилт авсан зарим компанийг гишүүдийн Хөрөнгө орлогын мэдүүлэгтэй харьцуулан хүргэе.

Л.Энх-Амгалан гишүүний хувь эзэмшдэг компаниудад нийт 69 шахам тэрбум төгрөг олгожээ

УИХ-ын гишүүдийн 2014 оны Хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Эм Си Эс Монгол” ХХК-иас 58696 ширхэг хувьцаа эзэмшдэг. Тус компаниас 3.19 хувийн ногдол ашиг эзэмшдэг юм байна. Тэгвэл тус компанийн охин компани болох “Эм Си Эс интернэшнл” ХХК “Солонго” орон сууцны хорооллын гадна цахилгааны 110/35/10 кВ-ын “Цэвэрлэх” дэд станцын 10 кВ талын өргөтгөл, хоёр ком 10 кВ-ын хуваарилах байгууламж, 10 кВ-ын кабель шугам 19.5 км, 10/0.4 кВ-ын 2×630 кВА-ын 12 ХТП-ний зураг төсөл, барилга угсралтын ажилд Хөгжлийн банкнаас таван тэрбум 795 сая төгрөгийн санхүүжилт авчээ.

Мөн Тавантолгой-Гашуунсухайтын авто замын төсөл (“Энержи Ресурс” ХХК-аас зам шилжүүлэн авсны нөхөн төлбөр)-ийн 170.595 сая төгрөгийг шилжүүлжээ. Энэ мөнгө “Говийн зам” ХХК-д шилжсэн байдаг.

АСЕМ-д зориулсан бүтээн байгуулалт болох “АСЕМ Вилла” цогцолбор хотхонд зориулж Хөгжлийн банкнаас 60 тэрбум төгрөгийн санхүүжилтийг “Скай Резорт” ХХК-д олгожээ. Уг компани нь Л.Энх-Амгалан гишүүний хувь эзэмшдэг “Эм Си Эс Монгол”-ийн охин компани. 2016 онд Монгол Улсад зохион байгуулагдах Ази-Европын дээд хэмжээний уулзалтын үеэр оролцогч орнуудын төр засгийн тэргүүнүүдийн байрлах Асем Вилла хотхоны цахилгаан хангамжийн ажлыг MCSI хийж гүйцэтгэж байгаа аж.

“Эм Си Эс интернэшнл” –ийн гүйцэтгэсэн Залаат, Бага тэнгэр, Их тэнгэрийн ам, Хан-Уул, Баянзүрх дүүргийн хорооллуудын цахилгаан хангамжийг сайжруулах зорилгоор баригдсан 110/35/10 кВ дэд станц, 110 кВ ЦДАШ-ын ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажилд хоёр тэрбум 722 сая төгрөгийн санхүүжилтийг бондын хөрөнгөөс олгосон байна.

Энэ мэт “Эм Си Эс” группийн охин компаниуд Хөгжлийн банкнаас 68 тэрбум 687 сая төгрөгийн санхүүжилт авсан баримт байна. Энэ нь өнөөг хүртэл Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрүүдээс хамгийн их мөнгөн дүн аж.

Ж.Энхбаяр нарын гишүүдийн хувь эзэмшдэг компаниудыг Хөгжлийн банк санхүүжүүлсэн байдал

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Нью прогресс” ХХК-аас 25 хувийн ногдол ашиг авдаг. Өөрөөр хэлбэл, тус компанийн 28 сая 521 мянга 837 ширхэг хувьцааг эзэмшдэг. Тэгвэл тус компани Хөгжлийн банкнаас хоёр тэрбум 783 сая төгрөгийн санхүүжилт авчээ. Тодруулбал, Берлин эко орон сууцны хорооллын дунд баригдах “Буянт-Ухаа” 2×40 МВА 110-10 кВ-ын дэд станц, 2.5 км урт 110 кВ-ын ЦДАШ-ын зураг төсөл, барилга угсралтын ажилдаа ийм хэмжээний санхүүжилт авсан байна.

Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт, М.Энхболд, Ё.Отгонбаяр нарын хувьцаа эзэмшдэг “Говь” ХХК 18 тэрбум болон 10 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ. Эхнийх нь “Голомт банкаар дамжуулан олгож буй таван салбарын төсөл” бол дараагийнх нь 888 төслөөс хоёр тэрбумаас дээш төгрөгийн санхүүжилттэй сүлжмэл, нэхмэл, оёмол, самнасан ноолуур ноосны төслийн хөрөнгө оруулалт аж.

Ж.Энхбаяр гишүүн 3515199.80 төгрөгийн орлоготой гэж мэдүүлжээ. Тэрбээр “Дархан нэхий” ХХК-иас хувьцаа эзэмшдэг. “Дархан нэхий” ХХК нь Хөгжлийн банкнаас Үйлдвэрийн хүчин чадал нэмэгдүүлэх зорилгоор 14 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна.

Тэдгээрээс гадна Б.Гарамгайбаатар гишүүний хувь эзэмшдэг “Монроуд” ХХК-ийн гурван төсөлд Хөгжлийн банкнаас санхүүжилт олгожээ.

Ашиг сонирхлын зөрчил биш гэх үү

Бизнес эрхлэгч, компаниуд Хөгжлийн банкнаас санхүүжилт авах нь хууль бус үйлдэл огт биш. Гэхдээ тэдгээр компаниас хувь эзэмшдэг улстөрчид Хөгжлийн банкны ямарваа нэгэн үйл ажиллагаанд оролцох нь хууль бус. Үүнийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар зохицуулсан байдаг. Уг хууль нь нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, хянах замаар нийтийн албаны үйл ажиллагааг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэх нөхцөлийг баталгаажуулж төрийн албаны ил тод, итгэл даах байдлыг хангах зорилготой.

Хуулийн наймдугаар зүйлийн 8.1-д “Энэ хуулийн 23.8-д заасан журамд заасны дагуу албан тушаалтан захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны үйл ажиллагаатай танилцаж дүгнэлт гаргах гишүүд ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргах учиртай. Гэтэл өөрийнх нь хувь эзэмшдэг компани Хөгжлийн банкнаас их хэмжээний санхжүүжилт авсан байгааг ашиг сонирхлын зөрчил биш гэх үү. Ашиг сонирхлын зөрчил гаргахыг орчин цагт “Хулгайч хулгайчаа барих” гэчихэж болох талтай.

Categories
мэдээ цаг-үе

Манфред Протце: Улстөрчид “Надад шүүхэд хандахаас өөр арга байсангүй” гэцгээдэг. Одоо бол Хэвлэлийн зөвлөл гээд өөр арга зам бий боллоо

Германы Хэвлэлийн зөвлөлийн гишүүн Манфред Протце Монголд байгуулагдсан Хэвлэлийн зөвлөлийнхөнд зөвлөгөө, мэдээлэл өгөхөөр иржээ. Тэрбээр “Өдрийн сонин”-д зочлон, энэ сэдвээр манай сэтгүүлчидтэй ярилцсан юм. Манфред Протце 33 жил Германы хамгийн том мэдээллийн агентлагт сэтгүүлчээр ажилласан туршлагатай. “Хурдан шуурхай ажиллах, нягт нямбай байхын зөрчлийг сайн мэднэ” хэмээн Манфред яриагаа эхэлсэн юм. “Сэтгүүлч хүн мэргэжлийн хэм хэмжээний дагуу нягт нямбай ажиллах ёстой ч өрсөлдөөн шуурхай байхыг шаарддаг. Энэ нь амьдрал дээр тун ч адармаатай асуудал” гэж тэр нэмж хэллээ. Яагаад улс орнуудад Хэвлэлийн зөвлөл байгуулагдаад байгаа юм бэ хэмээх асуултаар тэрбээр үндсэн сэдэвтээ шилжив.

-Хөл бөмбөгөөр жишээ татъя. Хөл бөмбөгт хоёр баг тоглодог. Тоглолт болгон дээр дүрэм зөрчсөн, нэгийгээ дэгээдэж унагасан гэх мэтээр зөрчил гардаг. Хэн нь буруутайг шийдэх хэрэгтэй болно. Дүрэм зөрчихөд шүүхэд очдоггүй, талбайн шүүгч шийдвэр гаргахыг хүлээдэг. Дүрмийн дагуу шийдэхээс аргагүй. Хөл бөмбөгийн хувьд дүрэм байж таарах нь. Хөл бөмбөгийн үзэгчид дүрэм зөрчигдөх эсэхийг хянаад сууж байдаг. Энэ бол өөрийн зохицуулалтын энгийн жишээ. Хэрэв дүрэм байхгүй бол яах вэ. Хөл бөмбөгийн талбайд хүссэн бүх аргаараа тэмцэлдэх байсан. Хэрэв тэгвэл үзэгчдэд тийм ч сонирхолтой байхгүй болов уу. Хэвлэл мэдээллийн салбарт гарсан зөрчил уламжлал ёсоор шүүх рүү явчихаад байдаг. Шүүх мөнгөн торгууль ногдуулж, эсвэл шоронд хорих шийтгэл ногдуулна. Зарим тохиолдолд шүүх хэвлэл мэдээллийн байгууллага буруугүй гэж үзсэн ч тухайн сэтгүүлчид хоёр зүйлийн стресс үүсгэдэг. Нэгдүгээрт шүүх дээр хамаг цагаа бардаг. Асуудал сунжирвал хоёр жил гүйнэ шүү. Хоёрдугаарт бөөн зардалтай. Өмгөөлөгчийн хөлс, шүүхийн хураамж төлнө. Сайн мэдээ гэвэл дэлхийн ихэнх оронд бурхны авралаар ямар ч сэтгүүлч бичсэн нийтлэлээ хэн нэгэнд “Энэ болж уу” гэж үзүүлэх шаардлагагүй. Муу мэдээ нь хэвлэлийн эрх чөлөөтэй гэгддэг Германд ч адил хэдийгээр байдаггүй гэдэг ч цензуртай адил нөлөө үзүүлдэг зүйл бий. “Миний тухай буруу, алдаатай бичлээ” гээд хэн нэг нь шүүхэд өргөдөл өгөхөд хоёр жилийн залхаан цээрлүүлэлт эхэлдэг. Энэ бүхэн сэтгүүлчийн тархи толгойд ул мөрөө үлдээнэ. Эцэст нь хэдийгээр буруугүй гэсэн хариу гарлаа ч “Ахиж ийм юманд орооцолдохгүй юм шүү” гэсэн бодолтой хоцорно. Шүүгдэх явцдаа сэтгүүлч өөрийн дарга нарт “Би буруугүй, алдаа гаргаагүй” гэдгээ тайлбарлана. Сэтгүүлч бол хүн. Хүн учраас жижиг том, алдаа гаргаж байдаг. Ингээд дахин шүүхэд дуудагдахгүйн тулд олны анхаарал татсан сэдвээс зайлсхийж, өдөр хоног өнгөрөөх маягаар ажилладаг. Үр дүн нь цензур маягийн нөлөө үзүүлдэг нь хамгийн аюултай. Сэтгүүлч хүн авлига, хээл хахуульд автагдахгүйгээр олон нийтийн төлөө болсон үйл явдлыг уншигчдад хүргэх учиртай. Хөл бөмбөг рүүгээ эргэж оръё. Шүүхэд очихгүйн тулд сэтгүүл зүйн мэргэжлийн стандартыг баримтлах учиртай. Хэвлэлийн зөвлөл энэ тохиолдолд талбайн шүүгч гэсэн үг. Чанартай сэтгүүл зүйн баримтлах зарчмыг ёс зүйн код гээд байгаа юм. Ялгаа нь шүүгч улаан карт өгч болно. Дахин тоглолтод орох эрхгүй гэсэн үг. Харин Хэвлэлийн зөвлөлд шийтгэлийн улаан карт байхгүй. Улаан карт өгнө гэдэг бол хэвлэлийн эрх чөлөөнд халдаж байгаа хэрэг. Алдаа гаргасны төлөө ажлаас хална гэдэг байж боломгүй зүйл. Харин Хэвлэлийн зөвлөлийн шийтгэл нь “Алдаа гаргалаа шүү” гэж сануулдаг. Сануулах гэдэг маань шар карт өгч байгаа хэрэг. Сануулах гэдэг шийтгэлийн бас нэг хэлбэр. Түүнчлэн Хэвлэлийн зөвлөл олны өмнө шар карт өгөх хэрэг гардаг. Онцгой хүнд тохиолдолд л шүүхэд очдог. Хөл бөмбөгчин нэгийгээ эмнэлэгт хэвттэл нь зодчихвол шүүхийн өмнө дуудагдах вий. Германд Хэвлэлийн зөвлөлд жилд ойролцоогоор 700 гомдол ирдэг. Үүний 10-20 хэрэгт л шар карт өгдөг. Бусад үед олны өмнө шар карт өгөхгүйгээр сануулах шийтгэл ногдуулдаг. Яагаад гэвэл редакцид боломж олгох учиртай.

-Ийм тохиолдолд тухайн сэтгүүлч сэтгэл хангалуун үлдэх байх. Харин эсрэг талд ногдсон шийтгэл хөнгөн санагдвал шүүхийг илүүд үзэж магадгүй?

-Гомдол нь үндэстэй гэсэн хариу сонсвол гомдол гаргагч тал ч сэтгэл хангалуун үлдэнэ. Гомдол нь үндэслэлгүй гэсэн хариу гарвал сэтгэл хангалуун бус хоцорно. Хамгийн чухал нь бүгд Хэвлэлийн зөвлөлийг шүүгчээр хүлээн зөвшөөрөх учиртай.

-Сэтгүүлч мэргэжлийн алдаа гаргасан бол Хэвлэлийн зөвлөлөөр шүүлгэхийг хүсэх байх. Харин гомдол гаргагч нь шүүхийг сонговол яах вэ?

-Хүн болгон шүүхэд гомдол гаргах эрхтэй. Туршлага бидэнд юу хэлж байна гэхээр Германд жилд 700 хэрэг Хэвлэлийн зөвлөлд ирдэг. Шар карт өгөх, олны өмнө нэрийг нь зарлах шийтгэл ногдуулдаг. Энэ бүгдээс 2-3 хэрэг л дахин шүүх рүү явдаг. Яагаад гэвэл Хэвлэлийн зөвлөлд хэрэг шийдүүлэх нь хэд хэдэн давуу талтай. Хэвлэлийн зөвлөлд гомдол гаргавал шүүхийг бодвол богино хугацаанд хариу өгнө. Хамгийн удлаа гэхэд гурван сарын дотор хариу гарна. Түүнчлэн Хэвлэлийн зөвлөлд гомдол гаргахад өмгөөлөгчийн хөлс, шүүхийн хураамж төлөхгүй, зардал гарахгүй. Энэ нь хоёр талд аль алинд нь ашигтай. Гэхдээ Хэвлэлийн зөвлөлийн дүгнэлтийг хэн нэгэн этгээд урвуулан ашиглахаас хамгаалсан заалт байдаг. Аль нэг редакцийг ( Хэзээ ч сэтгүүлчийг ганцааранг нь авч хэлэлцдэггүй. Редакцийг авч хэлэлцдэг) Хэвлэлийн зөвлөл алдаа гаргасан байна гэсэн дүгнэлт гаргасан тохиолдолд түүнийг нь шүүхэд аваачиж өгч “Хэвлэлийн зөвлөл алдаа гаргасан гэж үзсэн” гэж болзошгүй. Хэвлэлийн зөвлөлийн дүгнэлтийг шүүхэд баримт нотолгоо болгохгүйн тулд Хэвлэлийн зөвлөл болон шүүхэд давхар гомдол гаргасан бол Хэвлэлийн зөвлөл шийдвэр гаргадаггүй, түдгэлздэг.

-Хэвлэлийн зөвлөл хаанаас санхүүждэг вэ?

-Сэтгүүлчдийн үйлдвэрчний эвлэл, эздийн байгууллага Хэвлэлийн зөвлөлд 50:50 хувийн төлөөлөлтэй байдаг. Хэвлэлийн зөвлөлийн санхүүжилтийг сэтгүүлчдийн байгууллагын төлөөлөл болон эздийн төлөөлөл 50:50 хувиар гаргадаг. Хэвлэлийн зөвлөлийн үйл ажиллагааг тогтвортой байлгахын тулд ажлын алба хэрэгтэй. Германы хувьд төрөөс Хэвлэлийн зөвлөлд нэмэлт мөнгө өгдөг. Хэвлэлийн зөвлөлийг дэмжсэнээр шүүхээр орж байгаа хэрэг багасна. Энэ нь төрийн төсвийг хэмнэж байгаа хэрэг. Германы Хэвлэлийн зөвлөл жилд дөрвөн удаа хуралддаг. Онцгой тохиолдолд илүү олон удаа хуралдана. Ёс зүйн хорооны гишүүд бүгд хуралдаа ирж суух учиртай. Ёс зүйн хорооны гишүүд бүгд сайн дураар ажилладаг. Энэ улсууд үндсэн ажилтай, цагаа төлөвлөх шаардлагатай учраас жилд дөрвөөс илүүгүй хуралдахаар төлөвлөдөг.

-Эздийн байгууллага, сэтгүүлчдийн төлөөлөл Хэвлэлийн зөвлөлийг бүрдүүлдэг гэж та хэллээ. Гэтэл Хэвлэлийн зөвлөлийн гишүүний харьяалагддаг хэвлэл мэдээллийн байгууллагын тухай гомдол орж ирвэл яах вэ?

(Энэ үед Хэвлэлийн зөвлөлийн гишүүн, “Өдрийн сонин”-ы албаны дарга Э.Энэрэл ярианд оролцов. Хэрэв тухайн гишүүний харьяалагддаг хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоотой гомдол орж ирвэл тухайн гишүүн сонирхлын зөрчилтэй гэж үзээд асуудлыг шийдэхэд оролцуулахгүй гэж тэр тайлбарлав)

-Хэвлэлийн зөвлөлийн эхний хийх ажил тухайн редакцид захиа бичдэг. Танай редакцийн эсрэг ийм ийм гомдол ирлээ. Редакци ажлын арав хоногт багтаан энэ гомдлын талаар хариу өгнө үү гэдэг. Тогтсон хугацаанд редакци өөрийгөө өмгөөлөх бүхнээ хариундаа өгөх учиртай. Харин Ёс зүйн хуралдаан дээр гомдол гаргагч тал, редакцийн төлөөллийг байлцуулдаггүй.

-Монголын нөхцөлд редакци биш улстөрчид шүүхэд ялалт байгуулах нь олонтаа байдаг?

-Улстөрчид өөрсдийн нэр хүндэд халдсан гэж шүүхэд гомдол мэдүүлдэг. Тухайн улстөрч шүүхэд гомдол мэдүүлэх эрхээ л эдэлж байгаа хэрэг. Хэрэв сонин тухайн улстөрчөөс өөр бодолтой байгаа бол сонин дээрээ түүнийгээ л бичээд байх хэрэгтэй. Харин тухайн улстөрч сонин ажиллахад саад болж компьютерийг чинь хураагаад эхэлбэл шүүхэд хандах боломжтой. Энэ тохиолдолд Хэвлэлийн зөвлөлийн бас нэг үүрэг гарч ирнэ. Хэвлэлийн зөвлөл хоёр зорилготой. Нэгдүгээрт Хэвлэл мэдээллийн салбарт мэргэжлийн хэм хэмжээ зөрчигдсөн үед сануулах. Хоёрдугаар үүрэг нь хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах. Хэвлэлийн эрх зөрчигдөх болгонд Хэвлэлийн зөвлөл үгээ хэлж байх ёстой. Монголд Хэвлэлийн зөвлөл байгуулагдаад нэг жил болж байна. Хэвлэлийн зөвлөл дүрмийн дагуу цэвэр, зөв шийдвэр гаргаж байвал шүүгчид тэдний шийдвэрийг чихнийхээ хажуугаар өнгөрөөхгүй. Олон нийт ч анхаарах болно. Хэвлэлийн зөвлөл тухайн редакцийг ёс зүйн алдаа гаргасан гэж тогтоох нь редакцийн эсрэг ажиллаж байгаа хэрэг биш. Улстөрч энэ тохиолдолд шүүхэд хандлаа гэж бодъё. Тэгвэл энэ асуудлыг олны өмнө гаргаж болно. Энэ улс төрч энэ үйлдлээрээ юу харуулж байна вэ. Редакци тэртэй тэргүй алдаагаа хүлээн зөвшөөрч, залруулга гаргачихаад байхад шүүх рүү явж байгаа нь хэвлэлд хохирол учруулахыг хүсч байна. Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан үйлдэл боллоо гэж мэдэгдэж болно. Хэвлэлийн хамгийн гол түнш нь олон нийт. Өнөөдрийг хүртэл улстөрчид “Надад шүүхэд хандахаас өөр арга байсангүй” гэдэг. Одоо бол Хэвлэлийн зөвлөл гээд өөр арга бий боллоо.