Categories
мэдээ цаг-үе

Б.Баасандорж: Ой тогтоолтын энгийн дасгал хийж, стресстэхгүй амьдарвал мартах өвчнөөс салж чадна

Б.Баасандорж өөрийн шавь “Супер тархи” буюу Э.Энхмөнхтэй хамт

Монголын оюун ухааны академийн багш дасгалжуулагч, Олон улсын мастер Баттулгын Баасандоржтой ярилцлаа.

-Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах урьдчилсан шатны шалгаруулалт болоод УАШТ ямар журмаар хэрхэн явагдаж байна вэ?

-Урьдчилсан шатны шалгаруулалтад 110 гаруй хүүхэд оролцож, оюун ухаанаараа өрсөлдсөн. Энэ удаагийн тэмцээнд Эрдэнэт, Дархан, Хөвсгөл, Зүүнхараа, Сэлэнгэ зэрэг хөдөө орон нутгаас шинэ залуу тамирчид зорин ирж оролцож байгаа нь ой тогтоолтын тэмцээн жилээс жилд илүү өргөн хүрээтэй болж байгааг илэрхийлж байна. Эцсийн шатны шалгаруулалтад нийт 56 тамирчинг шигшиж авах учиртай. Зохион байгуулагчдын зүгээс ямар тамирчдыг шигшээд үлдээх вэ гэдгийг нийлбэр дүн, оноогоор нь тогтоож авдаг. Улмаар энэ сарын 18,19-нд болох ой тогтоолтын Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болж байна гэсэн үг.

-Монголын оюун ухааны академид хэзээнээс багш, дасгалжуулагчаар ажиллах болов?

-Монголын оюуны академи анх 2009 онд Монголын оюуны хөгжил, оюуны спорт төрийн бус байгууллага нэртэй байх үед би долоо дахь төгсөлтөд нь хамрагдаж байсан. Түүнээс хойш энэ спортоор хичээллэж эхэлсэн. Одоогоос таван жилийн өмнөөс ой тогтоолтын багш дасгалжуулагчаар ажиллаж байгаа.

-Энэ спортоор хичээллэж, багшлах хугацаанд гаргасан амжилтууд гэвэл?

-Миний хувьд олон улсын тэмцээнд оролцож байгаагүй л дээ. Гэвч миний хувийн амжилт бол шавь нарын минь амжилтаар илэрхийлэгдэх байх гэж боддог. Гэр бүлийн байдлаас болж, ямар нэгэн олон улсын чанартай тэмцээн уралдаанд оролцох боломжгүй байсан. Тийм учраас Монголд оюуны спортыг хөгжүүлэх талаас нь түлхүү ажиллах болсон. Монголд анх өсвөр насны ангилал гарч ирээгүй байхад тамирчин бэлтгэж, тэмцээнд оролцуулж байлаа. Өдгөө манай өсвөрийн тамирчид дэлхийд чансаагаараа тэргүүлж байгаа нь миний бахархал юм.

-Багшийн эрдэм шавьд хэмээдэг. Таны гарын шавь нараас Олон улсын их мастер Э.Энхмөнхийг “Супер тархи” нэрээр нь олон түмэн мэднэ. Шавь нарынхаа тухайд яриач…

-Сүүлийн үед манай оюуны спортоор хичээллэдэг хүүхэд, залуучуудын амжилтыг зөвхөн Монголд биш дэлхийд гайхан бишрэх болсон. Энэхүү амжилтыг бүтээж буй тамирчдын төлөөлөл болох 2014 оны өсвөрийн дэлхийн аварга, 2016 оны “Super Brain” шоуны ялагч оюун ухааны академийн тамирчин, Олон улсын их мастер Эрдэнэбатхааны Энхмөнх миний хайртай шавь нарын нэг. Анх 2013 онд манай академид элсэн орж, миний шавь болсон түүхтэй. Эхлэн сурагч нар энэ спортоор анх хичээллэж эхлэхэд мэдэхгүй, чадахгүй зүйлс их гарч ирдэг л дээ. Энэ их тоог яаж цээжлэх вэ, боломжгүй юм байна гэх зэргээр шантрах тохиолдол бий. Энэ бүхнийг өөрийн хичээл зүтгэл, авьяас билгээрээ давж чадвал амжилт чиний гарт шүү гэж шавь нартаа үргэлж захидаг. Э.Энхмөнхийн хувьд цаашдаа бэлтгэл сургуулилтаа сайн хийж, энэ эрчээрээ зүтгэх юм бол олон сайхан амжилт гаргах бүрэн бололцоотой, манай улсын шилдэг тамирчдын нэг.

-Монголын оюуны спортын тамирчид дэлхийд толгой цохиж байна. Бусад орны тамирчидтай харьцуулбал ямар давуу тал ажиглагдаж байна вэ?

-Монголын оюуны спортын академийн тамирчид 2011 оноос хойш багаараа тэмцээн уралдаануудад оролцож ирсэн түүхтэй. Өдгөө 42 удаагийн олон улсын чанартай дэлхийн аварга, оюуны олимп гэсэн томоохон тэмцээнүүдэд оролцож байсан. Үүнээс нийт 677 медалийг эх орондоо бахархалтайгаар авчиржээ. Тэр дундаа Монголын өсвөрийн тамирчид 2013 оноос хойш дэлхийн аваргын тэмцээнд тасралтгүй түрүүлсээр байгаа нь монгол хүний оюун ухаан ямар гайхамшигтай болохыг харуулж байгаа хэрэг юм. Дэлхийд ой тогтоолтоороо тэргүүлдэг Герман, Швед, Англи, Япон улсын тамирчид энэхүү спортоор тасралтгүй 10-аас дээш жил хичээллэдэг. Бүр өөрийнхөө мэргэжил болгож чаддаг л даа. Мөн улсаас нь хангамж сайтай байдаг. Гэтэл манай улсын тамирчид чөлөөт цагаараа энэхүү спортоор хичээллэж байна. Тэглээ гээд гадаадын алдартай тамирчдын арав гаруй жил хичээллэж байж эзэмшсэн ур чадварыг нэгээс хоёр жилийн дотор л эзэмшдэг. Хамгийн ойрын жишээ гэвэл саяхан Солонгос улсад болсон ой тогтоолтын олон улсын тэмцээнд манай тамирчид багаараа тэргүүн байр эзэллээ. Мөн дунд насны ангиллаас насанд хүрэгчдийн ангилал руу шилжин орж байгаа Энхшүр, Мөнхшүр хэмээх ихэр тамирчид тив дэлхийн мундгуудтай эн тэнцүүхэн өрсөлдөж, хоёр, гуравдугаар байрт шалгарч, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасан.

-Ой тогтоолтын спортын онцлог, давуу тал мэдээж их байх. Энэхүү спортынхоо тухайд яривал?

-Оюуны спорт гэж ярихаар хүмүүс шатар, даам гэж боддог. Ингэж бодох нь ч зөв. Яах ч аргагүй энэ спортын хатан, хаан болсон төрөл шүү дээ. Гэвч оюуны спорт дотроо маш олон төрөл бий. Манай академи оюуны спортын арван төрлөөр хүүхдүүд, тамирчдаа бэлтгэдэг. Улмаар тэмцээнд арван төрлийнхөө нийлбэр оноогоор аваргаа шалгаруулдаг. Энэ арван төрөлд харааны ой тогтоолтыг шалгасан хүний нэр, царай зүс цээжлэх, багц хөзөр цээжлэх, тоо, түүхэн үйл явдал цээжлэх, сонсголын ой тогтоолтыг шалгасан дуут цифр цээжлэх зэрэг бий. Ер нь оюуны спорт нь дан ганц тамирчин, хүүхэд гэлтгүй хүн бүрийн өдөр тутмын амьдралд хэрэг болж байдаг. Бидний амьдралд наад зах нь хүний утасны дугаар цээжлэхэд бэрхшээл гарч ирдэг шүү дээ. Тэгвэл оюуны спортоор хичээллэсэн хүүхэд, тамирчид үүнийг төвөггүйхэн цээжилчдэг. Ер нь бидний амьдралд асар их цээжлэх зүйлс өдөр бүр л гарч ирдэг. Тэр бүрийг яг таг цээжилнэ гэдэг энгийн хүний хувьд их хэцүү. Харин оюуны спортоор хичээллэсэн хүний хувьд энэ бүх зүйл ямар ч асуудалгүй болдог. Гэхдээ заавал энэ спортоор хичээллэж тамирчин болох албагүй л дээ. Хамгийн чухал нь үүнийг ажил, амьдралдаа ашиглаад явах нь чухал.

-Хэд хоногийн өмнө юу хийсэн, хэнтэй уулзаж, юу ярьсан гэдгээ мартах тохиолдол амьдрал дээр их л дээ. Тэгвэл энэ спортоор хичээллэснээр энэхүү мартах өвчнөөс салж чадах уу?

-Зарим шаардлагатай мэдээллийг мартах эсвэл гэнэт мартах зэрэг үзэгдлийг өөр өөрийнхөөрөө би “зөнөж” байна, “мартдаг өвчтэй” болсон байна гэх зэргээр ташаа ойлгодог. Ер нь марталт бол нийтлэг тохиолддог бөгөөд оюун ухааны хэвийн үзэгдэл юм. Сэтгэл судлаач, ой тогтоолт судлаач, алдарт “The Memory” номыг бичсэн Херман Эббингауз цээжилж, тогтоосон мэдээллийг дахин давтаж санахгүй бол цаг хугацааны багахан нарийвчлалд мэдээллийн тогтоомж огцом буурдгийг олж тогтоосон. Амьдрал дээрх энгийн нэгэн жишээг авч үзье. Оюутан, сурагчид шалгалтын өмнө хичээлээ давтах нь мэдээллийг хадгалах үйл явц болдог. Шалгалтын үеэр мэдээллийг эргэн санах үйл явц тохиодог. Харин дараа нь шалгалтын өмнө хадгалсан мэдээллийг давтахгүй бол 20 минутын дараа мэдээлэл бага багаар алдагдсаар 31 өдрийн дараа юу ч үгүй болдог. Үүнтэй холбоотойгоор Б.Ф.Скиннер “Ой тогтоолтоос үлдсэн хэсгийг боловсрол гэнэ” хэмээн хэлсэн удаа ч бий. “Decay” буюу гажуудлын онолоор мэдээлэл нь ой тогтоолтын ул мөр гэдэг ойлголттой холбоотой. Ямарваа шинэ зүйлийг цээжлэхээр бол ой тогтоолтын ул мөр шинээр үүсдэг. Тэрхүү ул мөр нь мэдээлэл өнгөрөн явсан гэдгийн баталгаа гэсэн үг юм. Энэхүү ул мөрөөр мэдээлэл нааш цааш явахгүй тохиолдолд ул мөр бага багаар бүдгэрч алга болдог. Иймд өнөөх марталт үүсдэг гэж үздэг л дээ. Манай академид ойр зуурын юм мартчихаад байдаг боллоо гэсэн хүмүүс их ирдэг. Тэгэхээр яаж мартахгүй болох вэ. Юуны өмнө өдөр бүр тодорхой оюуны дасгал хийдэг байх ёстой. Юмыг мартах гол шалтгаан нь стресс. Тэгэхээр өөрийгөө аль болох тайван байлгаж, аливаа юманд уурлаж, бухимдалгүй, зөвөөр ойлгож, ой тогтоолтын энгийн дасгал хийж, стресстэхгүй амьдарвал мартах өвчнөөс салж чадна.

-Ой тогтоолтын энгийн дасгал хийснээр аливаа юмыг мартахгүй болно гэхээр ямар дасгал хийх хэрэгтэй юм бэ?

-Та өөрийгөө аливаа зүйлийг мартаад байна гэж бодож байвал өдөр бүр гучин минут ямар нэгэн ном унших, үгийн сүлжээ бөглөх, судоку тоглох зэрэг ой тогтоолт сайжруулдаг энгийн дасгалыг хийх хэрэгтэй. Эдгээр дасгалуудыг өдөр тутмынхаа амьдралд хэвшил болгосноор аливаа юманд анхаарлаа бүрэн төвлөрүүлж чаддаг болно. Анхаарал төвлөрч байна гэдэг нь бид тэр зүйлд ач холбогдол өгч байна гэсэн үг. Ач холбогдол өгч байгаа нь тухайн юмсыг мартахгүй болж байгаа хэрэг л дээ. Ер нь мартсанаа шууд санана гэдэг боломжгүй. Тийм болохоор мартахгүйн тулд тухайн зүйлдээ хариуцлагатай хандаж, үйл явдал бүрийг ер бусын мэдээр төсөөлөн бодож, ач холбогдол өгч байх нь чухал юм.

-Ойрын хугацаанд болох олон улсын чанартай ямар тэмцээн уралдаанд шавь нараа бэлдэж байна вэ?

-Ирэх наймдугаар сард Хонгконгт болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Үүнд удахгүй болох улсын аваргын тэмцээний сүүлийн шатанд шалгарсан тамирчдыг шигшиж, сонгон авч явах болно. Тийм болохоор Азийн аваргад оролцох тамирчид манай улсын шилдэг тамирчид байна гэсэн үг.

-Ер нь энэхүү спортын арга техникийг ерөнхий боловсролын системд хамруулан зааж, хичээллэх боломж бий юү?

-Бага насны хүүхдэд, тэр дундаа бага ангийн сурагчдад ордог хичээлүүдийн 50-иас илүү хувийг нь тухайн хүүхдийг бие хүн болгон төлөвшүүлэх чиглэлийн хичээл байвал эерэг үр дүн гарах болов уу гэж багш, дасгалжуулагч хүний хувьд боддог. Манай улсын боловсролын системд бага сага дутагдал бий. Тухайлбал, хүүхдийг багаас нь эхлээд математик, хими, монгол хэл, нийгэм, физик, гадаад хэл зэрэг олон төрлийн хичээлээр тал талаас нь “нүдэж” өгдөг. Эдгээр хичээлүүдийг тухайн хүүхдэд сонирхолтой арга барилаар зааж сургах нь чухал. Манай улсын бага ангийн хүүхдүүдийн 70 гаруй хувь нь математикийнхаа хичээлд дургүй гэсэн судалгаа байдаг. Гэхдээ математик гэх хичээлийн учрыг нь олчих юм бол маш хялбар, амар хичээл шүү дээ. Тэгэхээр бага ангийн хичээлд тухайн хүүхдийн баруун тархийг хөгжлүүлэх чөлөөт сэтгэлгээний хичээлүүдийг оруулж өгөх юм бол маш сайн үр дүнгээ өгөх учиртай. Оюун ухааны академид хүүхдийн баруун, зүүн тархийг зэрэг хөгжүүлэх спорт тоглоомын төсөл хэрэгжиж эхэлсэн байгаа. Үүнийг одоогийн байдлаар цэцэрлэгийн хөтөлбөрт хамруулж байна. Мөн сургуулийн биеийн тамирын хөтөлбөрт оруулж өгснөөр дан ганц сагс, гар бөмбөг гэх биш оюун ухааны спорт төрлөөр дасгал хөдөлгөөн хийснээр оюун санааны өв тэгш хөгжилтэй болох юм. Ирэх намраас оюун ухааны академийн нэрэмжит бага сургууль байгуулагдана. Цаашдаа сургууль маань өргөжих юм бол хүссэн хүсээгүй ерөнхий боловсролын системд ой тогтоолтын тодорхой нэршилтэй хичээл орохыг үгүйсгэхгүй .


Categories
мэдээ цаг-үе

Б.Орхонтуул: “Нисдэг нь” зураг маань анх нэргүй бүтээл байсан

Монголд зураач, урчууд ямар чиг хандлагатай уран бүтээл туурвиж байгааг багцлан харах боломжтой “Алтан бийр”, “Намар”, “Оны шилдэг бүтээл” гэх үзэсгэлэнгүүдийг Монголын урчуудын эвлэлийн хорооноос уламжлал болгон гаргадаг. Энэ удаад дөрөвдүгээр сарын 4-11-ний хооронд “Алтан бийр-11” үзэсгэлэн гарсан. Үзэсгэлэнд 100 орчим уран бүтээлчийн 120 гаруй шинэ ажил дэлгэгдсэн байна. Эдгээр уран бүтээлчдээс Б.Орхонтуулын “Нисдэг нь” гэх нэртэй зураг шилдэг бүтээлээр шалгарсан юм. Түүнтэй бүтээлийнх нь талаар ярилцлаа. “Алтан бийр-11” үзэсгэлэнд шилдгээр шалгарсан зураач Б.Орхонтуул МУЭ-ийн хорооны Урлангийн байранд нэг жил ажиллах эрх, мөнгөн шагнал, “Сувд” арт галерей, “Ninth Art Gallery”-д тус бүр нэг удаа үзэсгэлэн гаргах эрхээр шагнагджээ.


-Эл бүтээлээ “Нисдэг нь” гэж нэрлэсэн учир юу байна?

-Зургийг нэрлэхэд их хэцүү байдаг. Анх Монголын урчуудын эвлэлийн хороон дээр бүтээлээ аваачиж өгөхөд нэргүй байсан ч “Нисдэг нь” гээд нэрлэчих үү гэхээр нь зөвшөөрчихсөн юм. Сүүлд хараад байхад нэр нь оносон юм шиг санагдсан.

-Зураг дээр чинь байгаа хоёр хүн их анхаарал татаж байна л даа?

-Хоёулаа би өөрөө байгаа юм. Амыг нь утсаар боочихсон учраас бөмбөлөг хийгээр дүүрдэг шиг уран бүтээлч хүн өөрийгөө илэрхийлэхдээ ч учиртай илэрхийлж байх хэрэгтэй юм шиг байгаа юм. Дотоод хувьслаа л илэрхийлж байгаа хэрэг л дээ. Тийм учраас миний нэг дүр хийлсэн бөмбөлөг болж харагдаж байгаа. Харин дээр нь мордчихсон нөгөөх нь хуруугаараа амаа дарсан нь аливаа зүйлд дандаа хийлсэн бөмбөлөг шиг байж болохгүй, сэтгэлзүйгээ хааяа дарж чимээгүй байх хэрэгтэйг бэлгэдлээр харуулсан л даа.

-Сар ч бас бөмбөлөг юм биш үү?

-Тэр харахад сар боловч бас нэг бөмбөлөг байгаа юм. Ер нь сар, бөмбөлөг гэхээсээ илүүтэй уран бүтээлч хүний хүрэх ёстой зорилгыг төлөөлүүлсэн бэлгэдэл. Тиймээс бөмбөлгөн нүүр, бөмбөлгөн сар хоёр хоорондоо утсаар холбоотой байгаа. Монгол уран зургийн бэлгэдлийг орчин үеийн урлагтай холбож л зурсан юм. Би багаасаа үлгэр домог сонсож өссөн болохоор бэлгэдлийн зүйлийг ургуулан бодох их дуртай.

-За, тэгвэл цөл ч юм шиг, мөхсөн ертөнц ч юм шиг энэ уулс юуг бэлгэдэж байна?

-Бөмбөлөг, сар, бөмбөлгөн нүүрт хүн гээд бүгд зөөлөн биетүүд учраас зургийнхаа зохиомжийн тэнцвэрийг хадгалах үүднээс ийм талстан уулсыг дүрсэлсэн хэрэг. Хатуу, зөөлөн хоёр чинь энэ орчлонгийн мөн чанар юм л даа. Агаарт байгаа гурвалжингуудын тухайд бөмбөлөг, бөмбөлгөн нүүртай таарч орхивол хагалчихна. Гурвалжин гэдэг өөрөө хатуу ирмэгтэй хурц зүйл. Харин бөмбөлөг бол эмзэг зөөлөн. Тиймээс сарыг хүртэл бөмбөлөг болгон зурсан.

-Өөрөө өөрийгөө унадаг нь яаж байгаа юм бол?

-Ер нь зургийг тайлбарлах хэцүү л дээ. Хүний дотор сэтгэлд бурхан, чөтгөр хоёр орон зайгаа булаалдаж байдаг гэдэг дээ. Бодит ертөнцийн бие махбодон Би-гээс гадна, оюун санааны Би гэж нэг юм байдаг байх. Тэр оюун санааны Би магадгүй хүнийг далдаас эрхшээгээд байх шиг санагддаг. Уран бүтээл хийгээд байж байхад би заримдаа нэг л их хөгшин ухаантай би болчих шиг санагддаг. Мэдээж амьдрал дээр бийр барьсан би хэвээрээ л байгаа шүү дээ. Энэ хоёр би бие биеэ унаагүй, хоёулаа агаарт хий орон зайд нисэж яваа юм. Тэр нисэж байгааг тодруулах гэж доод талын уулсыг дүрсэлсэн. Бөмбөлгөн сарыг зорьж байгаа маань далд байгаа, алс холхийг мөрөөдөж байгаагийн бэлгэдэл гэх юм уу даа.

-Их л учиртай философитой бүтээл болж дээ?

-Аливаа уран бүтээлч амаараа бүтээх нэг хэрэг. Амаар бүтээсэн болгон хөөс хий л болдог. Тиймээс хийгээр дүүрсэн бөмбөлөг болчихгүйн тулд том том ярьж хөөрөхгүй байж байгаад сайн уран бүтээл туурвих нь чухал юм шиг санагддаг.


Categories
мэдээ цаг-үе

“Эгшиглэнт чимээ” хамтлагийн багш С.Жамъянхорол: “Авьяаслаг монголчууд” шоунд оролцож, олон түмэндээ танигдан тоогдож, хайрлуулсан маань л бидний хамгийн чухал хөрөнгө

“Авьяаслаг монголчууд-2015” телевизийн шоуны ялагч “Эгшиглэнт чимээ” хамтлаг энэ сарын 22-нд тоглолтоо хийхээр болжээ. Энэ тухай тус хамтлагийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын гавьяат багш С.Жамъянхоролтой ярилцлаа.


-Танай хамтлаг удахгүй тоглолтоо хийх гэж байна. Тоглолтын бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байна?

-Бид 15 жилийнхээ ойн баярыг угтаж, бие даасан тоглолтоо хийх гэж байна. “Эгшиглэнт чимээ” хамтлагийн авьяаслаг хүүхдүүд маань мэргэжлийн уран бүтээлчид биш болохоор хичээл, сургууль гээд зав зай муутай хэдий ч хажуугаар нь амжуулахыг л бодож байна. Энэ сарын 22-ны 15 цагаас зөвхөн хүүхдүүдэд зориулан тоглоно. Харин орой 19 цагаас нийт ард түмэндээ зориулан уран бүтээлээ хүргэнэ. Үндсэндээ нэг өдөр хоёр тоглолт хийх гэж байна.

-Тоглолтонд мэдээж хэрэг таны гараар бүтсэн хөгжмийн зэмсгийн содон сонин хөг аялгууг сонсох байх. Өөр ямар уран бүтээлчид хүрэлцэн ирж уран бүтээлээ хүргэх вэ?

-Миний ч гэлтгүй 40 гаруй шавь нарын минь бүтээсэн 500 гаруй төмөр, мод, яс, хуванцар, шил, шаазан гэх мэт эд зүйлсийг хөгжмийн зэмсэг болгон ашиглаж, хөг аялгууг нь сонсгоно. Манай тоглолтонд урилгаар Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Чулуунхүү, Завханы С.Батсүх, У.Далантай болоод “Universe best songs”, “Авьяаслаг монголчууд” шоуны оролцогчид оролцоно. Уран бүтээлч хүний хувьд үзэгч, олон түмэнтэйгээ уран бүтээлээрээ уулзана гэдэг хамгийн аз жаргалтай агшин байдаг. Тэр ч утгаараа удахгүй болох тоглолтоо тэсэн ядан хүлээж байна даа.

-“Авьяаслаг монголчууд” шоунд оролцоноос хойш гурван жил өнгөрчээ. Анх энэ шоунд оролцох болсон түүхээсээ хуваалцаач. Мөн “Эгшиглэнт чимээ” хамтлагийг хэдэн онд байгуулж байв?

-Завхан аймгийн Тосонцэнгэл суманд анх “Аялгуу” гэж хамтлагтай байлаа. Улмаар зах зээлд шилжихтэй зэрэгцээд амьдрал ахуй, ажил төрөл өөрчлөгдөж, Эрдэнэт хот руу шилжин суурьшсан юм. Ингээд Эрдэнэтэд “Ардын аялгуу” хэмээх хүүхдийн хамтлагтай болж, орон нутагтаа гурван жил тоглосон. Анх 2001 онд Дархан-Уул аймагт шилжиж ирээд “Эгшиглэнт чимээ” хамтлагийг үүсгэн байгуулсан. Түүнээс хойш өдий хүртэл хүүхдүүдтэйгээ ажиллаж, түмэн олондоо уран бүтээлээ хүргэж байна. “Авьяаслаг монголчууд” шоунд оролцох болсон маань их сонин. 2015 онд би охиныхоо урилгаар Япон улсад очиж хонхны баярт нь оролцоод ирсэн чинь манай шавь нарын эцэг, эхийн төлөөллөөс “Авьяаслаг монголчууд” шоунд оролцохоор аль хэдийнэ бүртгүүлсэн байж. Би өөрөө оролцохгүй хүүхдүүдээ оруулъя гэж шийдээд бэлтгэж эхэлсэн. Тэгээд “Авьяаслаг монголчууд” шоуны баг манай бэлтгэл хийдэг танхимд ирж өөрсдөө бидний үзүүлбэрийг үзэж сонирхсон. Учир нь хөгжим, хүүхдүүд гээд бүх зүйлээ аваад очиход шалгаруулалт хийсэн газар бид багтахааргүй байсан л даа. Шоуны багийнхан ч бидэн дээр ирж бидний тоглолтыг үзээд, хэсэг ярилцаж суухдаа намайг хүүхдүүдтэйгээ хамт хөгжимдөж шоундаа оролц гэж зөвлөсөн. Ингээд хамгийн эхний шалгаруулалт буюу нээлттэй шалгаруулалтад орж байсан түүхтэй. Одоо бодоход их сайхан дурсамж шүү. Харин эхний шат буюу шүүгчийн шалгаруулалтад бид хотод ирж оролцох ёстой байсан. Нэгэнт шоундаа орно гээд сэтгэл шулуудсан учраас эцэг, эхтэйгээ ярилцаад том оврын автобус хөлсөлж хотод ирж байсан. Тухайн үед үнэхээр хүнд байсан ч анх тайзнаа гарч тоглолтоо үзүүлээд үзэгч, шүүгчдээс сайхан үнэлгээ авсандаа баяртай байдаг. Энэ шоунд оролцохоос өмнө зүүн Азийн хүүхдийн 10 дугаар наадам гэж Найрамдал зусланд болж байхад нь оролцож байв. Хоёр мянган оны үед “Туурайн төвөргөөн” гээд олон улсын шинэ хөгжмийн зэмсгийн наадам болж, түүнд бас оролцож байлаа. Улмаар “Авьяаслаг монголчууд”-д оролцож, түрүүлсэн дээ бахархаж явдаг.

-Энэ шоунд оролцоод ялагч болно гэдэгтээ хэр их итгэлтэй байсан бэ?

-Тухайн үед оролцохдоо түрүүлнэ, ялагч болно гэж ёстой бодоогүй. Зүгээр л оролцоод үзье л гэж зорьсон. Ингээд нэгдүгээр шатанд тэнцчихлээ, дараагийн шалгаруултад нь тэнцчихээд за болоо, хангалттай л гэж бодсон. Улмаар шат ахих тусам за шилдэг наймд үлдчихвэл яах бол, бүр цаашаа шилдэг гуравт, финалд үлдчих юмсан гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг юм билээ. Тэр ч утгаараа их хичээх хэрэгтэй болсон. Олон хүний хөдөлмөрийн үр шим түмэн олонд хүрэх нь илүү байсан байх л даа.

-Тухайн үед үзэгчдээс хамгийн олон санал авлаа гэж хэлэх тэр мөчид хамгийн түрүүнд юу бодогдсон бэ?

-Маш сайхан санагдсан. Хүүхдийн цэвэр ариун сэтгэл, цагаан энерги, буян заяа их нөлөөлсөн. Монголчууд маань ч их дэмжиж саналаа өгсөн. Гадаад, дотоод гээд биднийг дэмжиж тусалсан хүмүүсийн ачийг уран бүтээлээрээ хариулах болно.

-Энэ шоуны ялагч “Эгшиглэнт чимээ” хамтлаг анхны 100 сая төгрөгийн эзэн болсон. Нууц биш бол энэхүү мөнгийг юунд зарцуулсан бэ?

-Тэрэнд нуугаад байх юу байхав. Нэг хүний тухайд гэвэл энэ мөнгө чинь их шүү дээ. Харин хамтлаг, тэр дундаа манайх шиг ийм өргөн бүрэлдэхүүнтэй хамтлагийн хувьд ямар хэмжээний мөнгө болох нь ойлгомжтой байх. Бид энэ хөрөнгөө ашиглаж, цаашдаа уран бүтээлээ тасралтгүй хийх боломжтой. Ерөнхийдөө шагналын 100 сая төгрөгөө нийт хүүхдүүд, уран бүтээлчдэд хувааж өгсөн. Мөн хөгжмийн зэмсэг, замын зардал гээд энгийн зүйлсэд л зарцуулсан. Зарим муухай бодолтой хүмүүс “Эгшиглэнт чимээ” хамтлагийн багш 100 сая төгрөгөө ганцаараа халаасаллаа гэж ярьж байна. Тийм байж болох уу.

-Мэдээж хэрэг хөрөнгө мөнгө чухал биш. Харин олон түмэндээ хайрлуулж, хүндлүүлнэ гэдэг асар их хөрөнгө гэлээ. Тэр ч үнэн байх. Шоунд оролцсоны дараа төр засгаас таны зүтгэлийг үнэлж гавьяат багш хэмээх эрхэм цолоор мялаасан шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Олон ч жил хүүхдүүдтэй гар нийлж ажилласны минь буян. Хүүхэд бүр ямар нэг авьяастай. Түүнийг нь нээж, хөгжүүлэх л чухал. 2012 оноос хойш “Зөв монгол хүүхэд”, “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдээ бэлдэж уралдаанд орсон. Мөн насаараа дунд сургуульд дуу хөгжмийн багшийн ажил хийж, нөгөө л цэвэр ариун сэтгэлтэй хүүхдүүдийн дунд явлаа. Ер нь миний амьдрал энэ бяцхан хүмүүстэй салшгүй холбоотой.

-Та ер нь аль нутгийн хүн бэ. Ажил, амьдралынхаа гарааг хэрхэн эхэлж байв?

-Би Завханых. Хөвсгөл нуурын дараа ордог Тэлмэн нуурын хөвөөнд мэндэлсэн хүн. Тэр нуураас цааш 60 киллометрийн зайд орших Монголын хамгийн хүйтэн цэг гэх Тосонцэнгэл суманд хүүхэд ахуй нас минь бусдын адил өнгөрсөн дөө. Сумын соёлын төвд сайн дурын уран сайханч явлаа. Циркийн урлагийг үүсгэн хөгжүүлэхэд хүч хөдөлмөр, авьяас билгээ зориулж першийн тэнцүүр, акробат, үг ярианы номер, илбэ, хөгжмийн эксцентрик зэрэг 70 шахам бүтээлийг чадварлаг тоглож, олон арван хөтөлбөр боловсруулан тавьж циркийн урын санд хувь нэмэр оруулсан ардын жүжигчин Ламжавын Нацаг гэдэг хүн улсын хоёр дахь циркийг Завханд байгуулж байсан юм. Тэр циркэд миний бие сайн дурын жүжигчин байлаа. Нацаг багш залуудаа хийж байсан хөгжмийн нэг үзүүлбэрийг хийж байлаа. Ерэн оноос хойш цирк маань хаалгаа барьсан даа. Түүнээс хойш дунд сургуульд нийгмийн ажилтан, дуу хөгжмийн багш зэрэг ажил хийж байгаад өөрийнхөө хүүхэд насныхаа сонирхлоор эд зүйлийг дуугаргаж, хөгжмийн зэмсэг болгох ажилдаа тууштай орсон. Өдгөө жаргаж суудаг жаран насыг зооглож байна даа (инээв).

-Ямар ч хамаагүй эд зүйлийг хөгжмийн зэмсэг болгон ашигладаг нь таны бас нэг авьяас байх. Анхны хөглөсөн хөгжмийн зэмсэг юу байв?

-Анх модоор хөгжим хийж эхэлсэн. Дараа нь Оросын эвхдэг 40 төгрөгний үнэтэй цагаан орны төмрөөр хөгжим хийсэн. Түүний дараа лонхонд ус хийж эзлэхүүнээр нь хөглөж хөгжим хийж байлаа. Ингээд шаазан, чулуу, яс, турба, төмөр, сангийн хоолой, машины эд анги, бууны сумны хонгио, насос, чийдэнгийн бүрхүүл гээд дуу гаргаж болох бүх зүйлсээр хөгжим хийж байна даа. Айлд орж цай уухдаа ч хүртэл аягыг нь цохиж, үүнээс ямар дуу гарах бол гэж туршиж явдаг. Нэг хэсэг үүгээр өвчилсөн гэх үү дээ. Шөнө нь янз бүрийн эд зүйлсийн дуу чимээ сонсогдож байна хэмээн зүүдэлж хонодог байлаа. Манай шавь нар ч гэсэн эд зүйлээр хийсэн өөрсдийн сонин содон хөг аялгуу гаргадаг хөгжмөө авчирч үзүүлдэг. Энэ чиглэл рүү их дурладаг шүү. Өдгөө миний хөглөсөн хөгжим нэг мянга руу дөхөж байна. Мөн олон ч сайхан шавь нартай болжээ.

-Таны удамд урлагийн хүмүүс бий юү. Гэр бүлээ танилцуулбал?

-Манай гэр бүлийн хүн математикийн багш. Боловсролын салбарт мөн 30 гаруй жил ажиллаж байгаа. Манай ууган хүү хотод цахилгаанчин мэргэжилтэй, урлаг уран сайханд сонсгол сайтай. Удаахь хоёр охин маань Соёл урлагийн их сургуульд багшилдаг. Бага хүүхэд маань мөн тэр сургуульд хөгжмийн зохиолч, найруулагчийн ангид суралцаж байгаа оюутан. Би чинь 50-иад оны хүн шүү дээ. Тухайн үед мэргэжлийн урлагийн байгууллага гэж байсангүй. Харин хөдөө айлын найран дээр ганц, хоёр дуу их сайхан дуулдаг ах дүүс байсан. Ер нь манай удам урлагтай их ойр хүмүүс л дээ.


Categories
мэдээ цаг-үе

Ж.Цэрэв: Бөхчүүд ганц давааны төлөө ёс зүйгүй авирлаж жудгаа алдаж байна

Үндэсний бөхийн улсын шүүгч Ж.Цэрэвтэй ярилцлаа.


-Бөхийн өргөөнд болсон Сонгинохайрхан уулын хишиг барилдаанд арслан Р.Пүрэвдагва, харцага Т.Баасанхүү хоёрын түрүү булаацалдсан барилдаан нэлээд шүүмжлэл дагууллаа. Бөхчүүдийн ёс жудаг алдагдсаны том жишээг харлаа гэж бөх сонирхогчид ярьж байна?

-Өндөр чансаатай 128 бөх барилдсан. Нэг их олон бөх өдөржин барилдсанаас өндөр чансаатай бөхчүүд нь хүч үзээд тэргүүнээ шалгаруулах нь зөв л дөө. Сонгинохайрхан уулын хишиг барилдаан ер нь л боломжийн боллоо. Гэхдээ сүүлийн хоёр бөхийг хүмүүс олон өнцгөөс нь хүлээж авлаа. Нэг нь дэвжээний зах руу зугтаж нөгөөх нь барих гэж зүтгэх. Бөхийн ир гэж байдаг юм. Барилдааны явцад ир, идэвх, эр зориг нь орчихсон бөхийн ирийг мохоох гэж учраа нь зугтааж, цааргалдаг. Энэ аргыг улсын арслан Р.Пүрэвдагва хэрэглэсэн юм болов уу. Т.Баасанхүү ч олон бөх давчихлаа, тэр эр зоригоороо барилдвал арсланг давчихна гэсэн ойлголттой барилдах гэж оролдлоо. Арслан дэвжээний дэвсгэрт орооцолдож уналаа. Үүнийг бөхийн ёс жудгийн талаас нь аваад үзэхэд тэр хоёр олны өмнө дэвжээн дээр гарсан бол сайхан л барилдах ёстой. Нэг нь зугтаж, нөгөөдөх нь хөөж, бүдэрсэн гэдэг шалтгаанаар дахиад барилдахгүй, үзэгчдийг чилээх, барилдааныг удаашруулж байгаа нь бөхийн ёс жудагтай холбоотой асуудал. Энэ асуудал зөвхөн уг барилдаан дээр ч гарсан юм биш, өмнө нь хэд хэдэн барилдаан дээр гарсан. Тийм учраас манай бөхчүүд талбай, дэвжээн дээр гарсан л бол ард түмэнд сайхан барилдаан үзүүлж, олныг баясгасан сайхан мэх хийж, барилдаан гаргаж барилдах нь бөхийн хөгжилд их ач холбогдолтой. Гэтэл ганцхан давааны төлөө бөөцийсөн, нөгөө бөхийнхөө ирийг мохоох зэрэг байдал, өнгө аяс гаргах нь бөхийн ёс жудагт нийцэхгүй.

-Спорт талаас нь харвал тэр хоёр бөх бол түрүүлэхийн төлөө өрсөлдөж байгаа өрсөлдөгчид. Үндэсний бөх гэдэг хэдий спорт ч гэлээ Монголын ард түмний эв нэгдэл, баяр цэнгэлийн манлай болсон бэлгэдлийн чанартай том зүйл. Эрчүүдийн маань хийморийг сэргээсэн наадаан. Гэтэл тэр үндэсний спортоор барилдаж байгаа залууст нь жудаг гэж юм бараг алга шив?

-Олон жилийн түүхэн уламжлалтай монгол бөх шүү дээ. Хүү төрвөл барилдуулж, хүлэг төрвөл уралдуулдаг Монголын заншлын нэг том наадам. Сайхан шударга барилдаж, уран мэх хийж, сэтгэлгээ гаргаж, ухаан бодлоо уралдуулан байж барилдах нь монгол бөхийн жинхэнэ утга агуулга, мөн чанар нь. Гэтэл сүүлийн үед тийм биш болчихлоо. Давааны төлөө яаж ч мэдэхээр байна. Цааргалж, уначихсан мөртлөө тэрийгээ мэдэхгүй дахиж барилдах гэж оролддог. Давсан нь өөрийгөө давсан гэхээр нөгөөх нь зөвшөөрч өгдөггүй. Энэ бүхэн нь ёс жудаггүйг харуулахын зэрэгцээ, үзэгч олныг хүндлэхгүй байгааг илтгэж байна. Олон түмнийг баясгасан сайхан барилдаан гаргах, ийм сайхан бие хаатай төрснөөрөө сайхан барилдаан харуулж ард түмнээ баясгах ёстой гэдэг боловсон ойлголт зарим бөхчүүдэд дутагддаг. Сонгинохайрхан уулын хишиг барилдаан дээр тиймэрхүү зүйл харагдаж л байсан. Хоёр сайхан бөх гар бариад л барилдчихдаг байхгүй юу. Унасан нь инээгээд л тахимаа өгөөд унагасан нь ч инээгээд л тахим авдаг. Ингэж л үзэгчдээ хүндлээд явах байтал давааны төлөө тэр хоёр бөх юу хийнэ үү, яана уу гэдэг нь ард түмэнд хамаагүй юм шиг л ноцолддог. Телевизээр, орон даяар шууд дамжуулж байгаа тэр сайхан үйл явдлыг хүндэтгэхгүй байгаа юм уу, эсвэл ухаарахгүй байгаа юм уу. Эсхүл ерөөсөө тийм сэтгэлгээтэй болчихсон юм уу, энэ бөхчүүд.

-Ийм жудаггүй байдал гаргаад байгаа нь залуу бөхчүүдийн ааш авир, харилцаатай холбоотой юу. Эсвэл тэдэнд ахмад, улсын цолтой бөхчүүд нь зааж зааварлахгүй байна уу?

-Би Орхон аймгийнхаа Үндэсний бөхийн холбоонд ярьдаг юм. Шинэ залуу, гарч ирж байгаа залуу бөхчүүдэд Монголын үндэсний бөхийн ёс жаяг, хэв маяг, гараа дэвээ, шаваа, тахим өгч авахаас эхлүүлээд бөхийн уран сэтгэлгээ, мэдрэмжтэй барилдахыг заах сургалт хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ залуу бөхчүүд дур дураараа л барилдана. Тааруухан аашилдаг бөхийг дуурайгаад л явчих юм бол сайн бөх болж, ард түмэндээ хүндлэгдэхгүй. 1930 онд Ховд аймгийн Ванчинхүү, Дорнодын “Гулзгай” Дамчаа хоёр үзүүр түрүүнд үлдээд хоёулаа бараг зэрэг унасан байгаа юм. Тэгтэл Ванчинхүү түрүүлж босоод “Миний дүү чи давлаа. Чи давсан. Ах нь тахимаа өгье” гэсэн чинь Дамчаа “Үгүй ээ, ах аа. Та давсан. Би танд тахимаа өгөх ёстой” гэсэн гэдэг. Ингээд Дамчаа Ванчинхүүд тахимаа өгснөөр Ванчинхүү түрүүлж арслан болсон ч хоёуланд нь арслан цол өгсөн шүү дээ, тэр жил. Ийм сайхан ёс уламжлал байдаг. Үүнийг би бөхийн тухай номдоо бичсэн. Бөхийн хорхойтнууд, бөхчүүд маань уншдаг бол их л зүйлийг ойлгох байх шүү.

-Сүүлийн үеийн залуу бөхчүүд ингэж чих халууцуулж байгаа болохоос биш үндэсний бөхөд жудагтай бөхчүүд бий шүү дээ?

-Байлгүй яахав. Цагаан сарын барилдаанд 13, Нууц товчооны 370 жилийн ойн барилдаанд түрүүлсэнтэйгээ нийлээд улсын наадамд 12 удаа түрүүлсэн Б.Бат-Эрдэнэ аварга байна. Маш жудагтай, намбатай сайхан барилддаг. Монгол Улсын даяар дуурсагдах далай даян дархан аварга Х.Баянмөнх байна. Монголын үндэсний бөхийн түүхэнд түрүү бөхийн тоог анх удаа хоёр оронтой тоонд хүргэсэн бөх шүү дээ. Энэ хүн бол бас их даруу. Тэр үед бөхчүүдийн дунд аатай гэж нэрлэгддэг зарим нэг сагсуувтар бөхийн тоонд хавчигдаж, орж ч байлаа. Тэгсэн ч Х.Баянмөнх уналаа гэвэл унадаг, давлаа гэвэл даваад явчихдаг л бөх. Энэ мэтээр сайхан явж ирсэн жудагтай бөхчүүд байгаа. Гоё, гоё жудагтай бөхчүүд байсан. Өмнөговийн, улсын арслан Г.Дэмүүл бас их аатай мөртлөө унаснаа хүлээдэг жудагтай бөх байсан. Манай аваргууд чинь мундаг шүү дээ. Д.Цэрэнтогтох аваргаас эхлүүлээд бүгд л унасан бол унаснаа хүлээдэг. 1991 оны улсын наадамд улсын гарьд П.Сүхбат шөвгийн дөрөвт Б.Бат-Эрдэнэ аваргатай үлдсэн. Б.Бат-Эрдэнэ аварга амлаж аваад барилдахад зүүн хөлд нь баруун хөлийн этээг хагас хийгээд л өвдөглүүлчихсэн. Тэгэхэд Б.Бат-Эрдэнэ аварга босч ирээд сайхан өмсөөд л тахимаа өгч л байсан. Одоо бол зарим бөхчүүдийг харахаар тэгж тахимаа өгөхөө больчихож дээ гэж харагдах юм.

-Учраа бөхөө унагачихаад дээрээс нь дарж, бүр нудраад, шанаадаад босч ирж байгаа нь харагддаг?

-Энэ бол ёстой муухай. Унагачихаад дээрээс нь дараад нидрээд байдаг. Унагачихаад дээрээс нь унах шаардлагагүй, биеийнхээ тэнцвэрийг олчихсон байж л дараад унадаг. Улсын харцага Ц.Содномдорж, гарьд Б.Гончигдамбыг унагачихаад гарыг нь мушгиад л. Б.Гончигдамба гараа мушгиулчихаад л босч чадахгүй байсан. Унагасан бол унагасан ш дээ. Уначихсан байхад гарыг нь мушгиад дороо хийгээд байдаг. Энэ бол маш муухай. Уначихсан мөртлөө унаснаа хүлээхгүй зогсдог, унагачихаад дээрээс нь дарж нидэрдэг ийм зүй бус зүйл манай энэ бөхчүүдэд их байна. Үүнийг бөхийн сонгуультнууд, бөхийн холбоод маань анхааралдаа авч сургалт явуулах хэрэгтэй. Манайхан бөхөө барилдуулж байна, бөхийн тоо олон болж байна гэдэг ч үндэсний бөхийн тэр сайхан ёс жаягийг эзэмшүүлэх, гаргасан дутагдлыг дор нь засуулах зэрэг нь дутагдалтай байна.

-Уран гоё мэх хийж үзэгчдийг суудлаас нь өндөлзтөл барилддаг бөхчүүд их сайхан. Бас унасан ч инээгээд л босч ирдэг бөхийг хүмүүс их хайрлаж хүндэлдэг. Гарьд П.Сүхбат агсныг ард түмэн одоо ч хайрладаг?

-Тийм шүү дээ, П.Сүхбат чинь тийм л бөх байгаа юм. Унасан ч инээж байдаг, давсан ч инээж байдаг. Би цолгүй залуу бөхөд уначихлаа гээд харамсахгүй. Тээр жил улсын наадамд залуу бөх Баянмөнхийн Гантогтохтой барилдахдаа буруу мэх хийхтэй зэрэг нь нөгөөх нь эргээд чөлөөт бөхийн мэх хийгээд унагачихсан. Долоогийн даваа, зааны даваан дээр тэгж унасан юм. Духандаа гараа хүргээд л өөрийгөө унаснаа хүлээн зөвшөөрөөд инээгээд л тахимаа өгч байсан шүү дээ. Их сайхан. Цолгүй байсан залуу бөх Б.Гантогтох заан цол авч байх жишээтэй. Тийм л их гоё, өрсөлдөгчөө өрөвддөг, өрсөлдөгчөө зөв үнэлдэг бөхчүүдийг харахаар баясал төрж над мэтийн бөхийн хорхойтнуудын нүднээс нулимс гарах шиг л болж байгаа юм. Тэгтэл унаснаа хүлээдэггүй, ёс зүйн алдаа гаргадаг, унагасан бөхөө дарж нидэрдэг ийм юмнууд чинь хүмүүсийн сэтгэл зүйд муугаар нөлөөлж байгаа юм.

-Үндэсний бөхийн хийморилог сайхан шинж чанар нь гээгдээд үзэхэд ч аймаар тал руугаа ороод байна. Хоёр учраа бөх биш өстөн дайснууд л таарчихсан юм шиг авирлацгаах нь харамсалтай?

-Харин тийм ээ. Бөхийн сэтгэлзүйг өөрчлөх хэрэгтэй. Ялангуяа тэр бөхчүүдэд сургалт хэрэгтэй, ахмад бөхчүүд, цолтой бөхчүүд, улсын шүүгч, бөхийн засуул, сонгуультнуудын сургамж, хичээл хэрэгтэй. Бүр шаардлага гарвал дүрэмд өөрчлөлт оруулж тийм ганц давааны төлөө ёс жудаггүй загнаж, үзэгчдээ хүндэлдэггүй бөхчүүдэд хариуцлага тооцож явах ёстой. Сар, жилээр нь барилдах эрхийг нь хасах зэргээр хариуцлага тооцох цаг нь болсон. Ийм өөрчлөлтийг бөхийн дүрэм журамд суулгавал олон түмэн ч бөхөө хүндэлнэ.

Аймаг, цэргийн цолтой 700 гаруй бөх бий. 1921 оноос хойш улсын цол авсан бөхчүүдээс 600 гаруй нь хорвоогийн мөнх бусыг үзүүлээд байна. 1000 гаруй сайхан цолтой бөхчүүд байна. Тэдгээр бөхчүүд чинь ойлгоно ш дээ. Ийм том бөхчүүдийн дунд би ганцаараа ингэж өвчигнөж, дөвчигнөх ёсгүй юм байна. Энэ хүмүүсийн хийсэн сургалт, хичээл, уламжлалаас харахад огт тэгж болохгүй юм байна гэдгийг ухаарна.

Нудрах, чичих, бие бие рүүгээ нүдээ хурцлах тэр асуудал бол муухай. Энэ ертөнц дээр байгаа хоёрхон бөх нь тэр хоёр биш ш дээ. Тэр хоёрын цаана 1000 гаруй цолтой бөх байна. Тэр хоёрын барилдааныг харсан жаахан хүүхэд “Ээ энэ хоёр бөх чинь нэгнээ зодох нь. Бөхчүүд гэдэг чинь танхай маягийн хүмүүс байдаг байх нь” гэж ойлгохоор байна. Үүн дээр нэг зүйлийг нэмж хэлэхэд бөхийн тайлбарлагчид маань бөхөө их зөв тайлбарлах ёстой. Бөхийн тайлбар дээр манайхан алдаж байгаа юм байна. Дандаа л “Өвдөг шороодлоо” гэж ярих боллоо. Монголын Үндэсний бөхийн дүрэмд “Өвдгөөрөө өвсний толгой шүргэх буюу газар хүрэхийг өвдөг шороодно” гээд биччихсэн байгаа. Бүр дээр үед Богд хааны үед ноёны бөх гэж байхад ардын бөх ноёны бөхтэй барилдаад хальт унагаад босгоод ирэхэд зөвшөөрөхгүй. “Үгүй үгүй, унагаагүй. Зөвхөн өвдөг нь шороодсон. Дахиж барилдуулъя” гэдэг байж. Өвдөг шороодох гэдэг чинь тэрнээс гаралтай юм. Түүнээс биш одоо энэ сайхан дэвсгэр, цэлгэр танхим, цэнгэлдэхийн зүлгэн дээр бөхчүүдийг шороотой хутгаад байх юм байхгүй. Телевизийн зарим тайлбарлагч өвдөг шороодлоо л гээд яриад байдаг. Тэгж ярихгүйгээр, “Уналаа”, “Тэр бөхөөр давлаа” гэж ярих нь зүйтэй. Бөхийн тайлбарт янз бүрийн алдаа их гарна аа, тэгж хэлээсэй, ингэж хэлээсэй гэж бодогдоно. Хоёр аймгийн дөрвөн арслан барилдаж байхад л “Дөрвөн аймгийн арслан барилдаж байна” гэж байгаа юм. Тэрийг нь хартал Ховдын хоёр, Говь-Алтайн хоёр арслан л барилдаж байх жишээний.

-Таны бөхийн номууд их эрэлттэй байдаг. Та аварга, арслан цолтнуудын тухай ном бичсэн. Одоо гарьд, заан цолтнуудын тухай өгүүлэх номны ажилдаа орчихсон байгаа гэл үү?

-“Үндэсний бөхийн 21 аварга” номыг 2013 онд хэвлүүлсэн юм. 1921 онд улсын наадамд түрүүлсэн, Архангай аймгийн харьяат Лу гүний Вандан аваргаас Г.Эрхэмбаяр аварга хүртэлх 21 аваргын тухай энэ номд бичсэн. 1921-2013 он хүртэл улсад түрүүлсэн, үзүүрлэсэн их шөвөгт үлдсэн бөхчүүдийн талаар судалгаа гаргасан юм. Харин өнгөрсөн жил 51 арслангийн тухай номоо гаргасан. 1923 онд Ардын хувьсгалын наадамд Архангайн Далантай арслан түрүүлснээрээ ардын хувьсгалын жилүүдийн анхны арслан болсон. Энэ хүнээс эхлүүлээд 2015 онд арслан болсон Э.Оюунболд хүртэл бичсэн юм. Бас л барилдааны бодит байдлыг уран сайхны аргатай хослуулж гарал үүсэл, төрөлх аймаг нутаг, ямар барилдаанаас гараагаа эхэлсэн юм. Улс, аймаг, сумын барилдаанд хэрхэн барилдсан юм. Ямар ямар амжилт гаргаж хэдэн удаа шөвгөрсөн юм гээд их дэлгэрэнгүй бичсэн л дээ. 2003 оноос гарьд гэж цол өгдөг болсноос хойш 11 гарьдтай болоод байгаа. Тэдний тухай бүх мэдээ сэлт, материалаа олоод бэлдээд тавьчихсан байна. Өнөө жилийн наадмаар нэг гарьд төрөх байх. Тэгэхээр 12 болгоод ирэх намраас хэвлүүлнэ гэж төлөвлөчихсөн. Энэ номны дараа хэвлэгдэх 140 гаруй зааны хураангуйг бичиж байна. Жишээ нь хамгийн их заан цолтон төрсөн Булган аймгийн 29 заан. Архангай, Завхан, Өвөрхангай гээд л заануудынхаа гарал үүсэл, төрсөн он сар, нутаг хошуу, улсад үзүүлсэн амжилтуудыг нь базаад бичиж байна даа.

Categories
мэдээ цаг-үе

Т.Дэлгэрхүү: Дэлхийн түвшинд хүрсэн дэвшилтэт аргаар нурууны мэс заслыг хийх боломж бүрдсэн

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүзүү нуруу, нугасны гэмтэл согогийн тасаг өнгөрөгч сараас эхлэн нурууны гэмтэл засах шинэ технологи ашиглан эмнэлгийн тусламж үйлчилгээг ард иргэддээ үзүүлж эхэлжээ. Энэ талаар тус тасгийн эрхлэгч Т.Дэлгэрхүүтэй ярилцлаа.


-Нурууны гэмтэл засах шинэ технологийг нэвтрүүлээд сар гаруй хугацаа өнгөрчээ. Одоогоор хичнээн хүнд хагалгаа хийгээд байна вэ?

-Одоогоор нэг хүнд хийгээд байна. Өнөөдөр дэлхий нийт хүнд хөнөөл багатай мэс заслыг чухалчилдаг болсон. Бид энэ чиглэл рүү, дэлхий нийттэй хөл нийлэх эхлэл тавигдаж байгаа нь гэдгээрээ ач холбогдолтой. Солонгос улсад хоёроос гурван эмчийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулсан. Цаашид энэ технологиор хагалгаа хийх эхлэл бүрэн тавигдсан гэдгийг онцолмоор байна.

-Тоног төхөөрөмжөө аль улсаас, ямар санхүүжилтээр оруулж ирэв?

-Солонгосын нэгэн компаниас бэхэлгээ, шураг хэрэгслийг цөөн тоогоор эхний удаад үнэ төлбөргүй нийлүүлсэн. Хоёр хүнд хагалгаа хийж болох найман ширхэг төхөөрөмж ирсэн байгаа.

-Нурууны ямар гэмтэл согогийн үед шинэ технологиор хагалгаа хийх вэ. Гадаадад энэ технологиор хагалгаа хийлгэхэд ямар өртөгтэй байдаг бол?

-Иргэд шинэ технологи, шинэ зүйлийг хамгийн сайн гэж бодож туйлшрах тал бий. Тухайн хүний өвчин болон биеийн байдлаас шалтгаалаад аль мэсэл засал тохиромжтой гэдгийг бид шийдвэрлэнэ. Зарим хүнд ил, нээлттэй мэс засал хийх нь эерэг үр дүн авчрах тохиолдол ч байж болно. Гадаадад, тухайлбал Солонгос улсад энэ шинэ технологиор хагалгааг 25 мянган воноор хийдэг. Бидний хувьд шинэ технологиор анх хагалгаа хийлгэсэн хүнээс төлбөр аваагүй. Сүүлийн үед иргэд бүх зүйлийг үнэ төлбөргүй, хямд төсөр байлгах гэдэг хандлагатай болжээ. Амь нас, эрүүл мэнд гэдэг бол тухайн хүнд юугаар ч үнэлэшгүй үнэ цэнэтэй зүйл. Тийм болохоор цаашид энэ хагалгааны зардлын 25 хувийг иргэн өөрөөсөө, 75 хувийг эрүүл мэндийн даатгалын санхүүжилтээр хийлгээд явах боломжтой болов уу гэж харж байна.

-Энэ төрлийн мэс заслыг шинэ технологиор хийх болсон нь ямар давуу талтай вэ?

-Урьд нь бид энэ төрлийн хагалгааг том хүрцээр 14-15 см зүсдэг байсан бол одоо арьсны гаднаас 1.5 см урттай дөрвөн жижиг зүсэлт хийгээд нурууны хугарал болон согогийг эмчлэх боломжтой болж байгаа юм. Ингэснээр шархны халдварын эрсдэл бага, эдгэрэлт хурдан болно. Мэс засал хийлгээд оройдоо ч хөл дээрээ босох боломжтой дэлхийн түвшинд хүрсэн дэвшилтэт арга гэдгийг онцлох хэрэгтэй болов уу.

-Хүзүү, нуруу, нугасны гэмтэл согогийн тасагт өөр ямар эмчилгээний шинэ аргыг нэвтрүүлж байгаа вэ?

-Манай тасаг тархины тасагтай хамтарч үйл ажиллагаа явуулдаг байж байгаад 2012 онд бие даасан тасаг болж гарсан. Манай тасгаар жилдээ 1500-1600 хүн хэвтэн эмчлүүлж, 600 гаруй хүнд мэс засал хийж байна. Нийт мэс заслын 100 гаруй нь хүзүүнд хийгддэг. Бид хүзүү нурууны тасаг болж шинэчлэгдсэний үндсэн дээр шинэ технологийг нэвтрүүлж, шинэ өвчлөлүүдийг эндээ эмчлэх боломжтой болсоор байна. Тухайлбал, 2012 оноос хойш нугасны хавдрын мэс заслыг 6-7 удаа хийлээ. Мөн хүзүүний мэс засал дээр шинэлэг арга нэвтрүүлж, зүслэг, хүрцээ багасгаад байна. Хүзүүний мэс заслыг хийхдээ бид урьд нь нугалам хоорондын жийргэвч мөгөөрсийг авч оронд нь ташаан толгойноос нь яс авч орлуулдаг байлаа. Энэ шинэ аргыг нэвтрүүлснээр нугалам хоорондын жийргэвч мөгөөрсийг аваад тэр хооронд хиймэл жийргэвч тавьдаг болсон. Ингэснээр тухайн хүний хөдөлмөрийн чадвар хурдан сэргэх, босоод явахаар хөл нь доголохгүй байх зэрэг олон давуу тал бий болж байгаа юм. Цаашлаад манай эмнэлгийн захиргаанаас нурууны дурангийн мэс заслыг нэвтрүүлэх тал дээр анхаарлаа хандуулан ажиллаж байна.

-Нурууны өвдөлт, бөөрний өвчин хоёрыг хооронд нь ялгахад хэцүү байдаг. Энэ хүмүүст хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

-Манай эмнэлгийн амбулатори орой 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа. Тийм болохоор нуруугаар өвдсөн тохиолдолд нарийн мэргэжлийн эмчид эхлээд үзүүлэх хэрэгтэй. Нуруу дотроо хүзүү, сээр, бүсэлхий, аарцаг гээд олон хэсгээс тогтдог. Энэ бүх хэсгийн өвдөлтүүд бөөр, цөс гэх мэт дотор эрхтэний өвчлөлөөс хамаарч өвдөх тохиолдол байдаг. Нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, шинжилгээ өгч тохирсон эмчилгээгээ хийлгэх хэрэгтэй. Мэс заслаас наана нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж болно шүү дээ.


Categories
мэдээ цаг-үе

Д.Сарангэрэл: Сууц өмчлөгчдийн холбоог төрийн мэдэлд авах шийдвэр гаргаагүй

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлтэй ярилцлаа.


-Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар СӨХ-той холбоотой асуудлыг хэлэлцсэн байна. энэ үeэр СӨХ-г төрд авах дүгнэлтэд хүрсэн гэх мэдээлэл байгаа. Eр нь СӨХ-той холбоотой гомдол тасардаггүй. Хэрэв төрд авбал энэ байдал арилах уу. хууль эрх зүйн орчин нь яаж сайжрах вэ?

-Юуны өмнө Өргөдлийн байнгын хороо Сууц өмчлөгчдийн холбоог төрийн мэдэлд авах шийдвэр гаргаагүй гэдгийг хэлье. Байнгын хороо дангаараа шийдвэр гаргахгүй. Аливаа хуульд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ хэлэлцэж олонхиороо шийдвэр гаргана. Зарим УИХ-ын болон ажлын хэсгийн гишүүдийн зүгээс СӨХолбоод иргэд, оршин суугчдын хэрэгцээ, шаардлагад нийцүүлж ажиллаж чадахгүй байна. Тиймээс Орон сууцны конторт харьяалдаг болбол иргэд, оршин суугчдад илүү дөхөм болох юм биш байгаа гэдэг санал гаргаж байсан. Хэлэлцэж ярилцах үед гишүүдээс янз бүрийн санал гарч олонхиороо оновчтой шийдвэрт хүрдэг. Тиймээс хэлэлцүүлгийн үед гарсан саналыг шийдвэр гэж яаран ойлгож болохгүй. Өргөдлийн байнгын хороонд сүүлийн хоёр жилийн хугацаанд нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нийт 467 иргэнээс Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааны талаар өргөдөл ирсэн. Ер нь энэ талаар ШӨХТГ-т ч өргөдөл тасралтгүй ирдэг юм билээ. Өргөдлийн агуулга нь СӨХ үндэслэлгүй төлбөр нэмж байна. Иргэд, оршин суугчдын цэвэр, цэмцгэр амар амгалан орчинд амьдрах боломжийг бүрдүүлэхгүй байна. Цахилгаан шат, дээвэр засахгүй байна. Жижүүр муу ажиллаж байна, цэвэрлэгээ хийхгүй байна гэх зэрэг гомдол давамгайлж байна. Өргөдлийн байнгын хороо 2016 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр 04 дүгээр тогтоолоор Засгийн газарт чиглэл өгсөн. Бид Засгийн газарт өгсөн чиглэлийн хэрэгжилт, биелэлтийн явцтай өнөөдийн хурлаараа танилцлаа. ШӨХТГ, БХБЯам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар энэ хугацаанд 240 гаруй СӨХ-ны үйл ажиллагаатай танилцаж шалгалт хийсэн байна. СӨХолбоод хуулийн дагуу 20 жил ажиллаж энэ хугацаанд тодорхой үр дүн гарсан. Цаашид энэхүү хуулийг боловсронгуй болгож, сайжруулах шаардлага байгаа нь ажлын хэсгийн дүгнэлт, хэлэлцүүлгийн үеэр харагдаж байна. Тухайлбал, СӨХ хуулийн этгээд биш учраас үйл ажиллагаанд нь төрийн байгууллагаас аудит хийж болдоггүй.

Иргэдийн гомдлыг барагдуулдаггүй, шүүмжлэлтэй өргөдлүүд л нэмэгдээд байдаг нэг ийм дүр зураг бий болжээ. Нөгөө талаас иргэд, оршин суугчид маань СӨХ-ны хуралдаа оролцдоггүй, шахаж ажиллуулж чаддаггүй талаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 800 СӨХ-ны 240-д нь шалгалт хийсэн ажлын хэсэг дүгнэж. Үүнийг төрийн ажил гэж ойлгож байна. Иргэд, оршин суугчдаа мэдээллээр хангах, хуулийн талаар таниулах ажлыг төр хийх ёстой. Энэ чиглэлээр “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ ажиллахаар болсон байна. За энд бас нэг шийдвэрлэх ёстой чухал асуудал бий. СӨХ ямар ажил хариуцах вэ. Иргэд оршин суугчдаас авсан үйлчилгээний төлбөрөөр цахилгаан шат, дээврийн засвар, сантехникийн шинэчлэл, орон сууцны дулаалга зэрэг хөрөнгө мөнгө шаардсан ажлыг хийж чадах уу. Үйлчилгээний зардал, хураамжийн мөнгийг хэрхэн тогтоох уу зэрэг олон асуудлын шийдлийг олохын тулд, олон жил хэл ам дагуулж, иргэдийг бухимдуулж буй асуудлыг шийдвэрлэхийн тулд бид ажиллаж байгаа хэрэг шүү дээ. Барилгын компаниуд орон сууц ашиглалтад өгөхдөө хэдийнээ СӨХ байгуулчихсан байдаг юм байна. Энэ нь эхний гурван жил шинээр ашиглалтанд орсон сууцанд засвар, үйлчилгээ гарсан тохиолдолд барилга барьсан компани зардлыг хариуцдаг учраас өөрсдийн төлөөлөл бүхий СӨХ байгуулах сонирхолтой байдагтай холбоотой аж. Ингээд гурван жилийн дараа оршин суугчид гэнэт л өөрсдөө СӨХ байгуулахад зардал мөнгө шаардсан засвар үйлчилгээний ажил овоорсон байдаг тухай иргэд ярьж байна. Энэ мэтчилэн Өргөдлийн байнгын хороо СӨХ-той холбоотой, иргэд оршин суугчдын тав тухтай амьдрах нөхцөл бүрдүүлэх хууль эрхзүйн шинэчлэл хийх талаар УИХ-ын гишүүд, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, СӨХ-ны төлөөллийг оролцуулан хуралдлаа. Орон сууцны тухай, СӨХ-ны тухай зэрэг хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг энд гарсан олон санаа оноог тусган хуулийг боловсронгуй болгоно гэдэгт итгэлтэй байна.

-Уг нь СӨХ-ны тухай хууль байдаг биз дээ. Хуульд ямар цоорхой байна?

-Сууц өмчлөгчдийн холбоо анх 1997 оноос байгуулагдсан. Улсын хэмжээнд 2015 оны байдлаар сууц өмчлөгчдийн 1022 холбоо үйл ажиллагаа явуулж байгаа. Үүнээс 881 нь нийслэлд, 141 нь орон нутагт ажиллаж байна. Ажил төрөл нь хэвийн явж байгаа 776, жигдрээгүй 246 холбоо байна. 2003 онд батлагдсан “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль”-д үнэ тарифыг тодорхой баталж, тогтоогоогүй, хариуцлагын талаар тодорхой заалт байдаггүй. Тухайлбал, нэг өрхөөс авах сууц өмчлөгчдийн холбооны хураамж, тарифыг бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлж тогтооно гэж заасан байдаг нь иргэд, оршин суугчид, СӨХ-ны хооронд ихээхэн маргаан дагуулдаг. Тухайлбал, Сууц өмчлөгчдийн холбоод нь нэг м/кв-ийн үнийг 60-300 төгрөг буюу нэг айл дунджаар 4500-80000 төгрөгийн хооронд хураамж төлдөг байхаар тогтоосон байдаг нь саяын ШӨХТГазрын хяналт шалгалтаар илэрсэн. Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлууд үнэ тарифаа баталж, тогтоосон тухайгаа тайлбарлахдаа Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн тогтоосон жишиг тарифаар тогтоодог гэж тайлбарлаж байна. Гэтэл Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл нь хуулиар өөрт олгогдоогүй эрхийг эдэлж тариф тогтоож мөрдүүлсэн зэрэг нэлээд зөрчлүүд байна. Тэхээр СӨХ-ны тухай хуульд цаг үетэйгээ нийцсэн нэмэлт өөрчлөлтийг хийх зайлшгүй шаардлагатай байгаа юм.

-СӨХ-г оршин суугчдаас байгуулах ёстой юу. Аль нэг мэргэжлийн байгууллага удирдах нь зүйтэй юү?

-Арав гаруй жил мөрдөгдөж буй хуулиа хэрэгжүүлэх шаардлага байгаа юм билээ. Хувийн өмчийн байгууллагыг төрийн байгууллага удирдах нь оновчгүй, зах зээлийн зарчимд нийцэхгүй. Гэхдээ холбоо нь ажилладаггүй иргэдийн эрх ашгийг хохироож, СӨХ-ны удирдлага нь эрх мэдлээ хэтрүүлж байгаа зэрэг дутагдлыг засах чиглэлд хууль хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллагууд идэвхтэй ажиллах шаардлагатай байгаа.

Эн түрүүнд хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгохоор ажиллаж байна. БХБЯамны газрын дарга О.Лхагвацэдэнгээр ахлуулсан салбарын байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдан хэдийнэ ажилдаа оржээ.

-Өнөөдөр СӨХ-ны төлбөр хороолол, хотхоны зэрэглэлээс хамаараад харилцан адилгүй байдаг. Энэ асуудлыг яаж зохицуулах ёстой вэ?

-СӨХ үйлчилгээний зардал, төлбөрийг үндэслэлгүй нэмж байна гэсэн гомдол байнгын хороонд ирсэн өргөдөлд нийтлэг байна.Төлбөрийн бодит хэмжээг хэрхэн гаргах чиглэлд ажлын хэсэг ажиллахаар болсон.Байнгын хороо хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт өгсөн чиглэлдээ энэ заалтыг оруулсан байгаа.

-Орон сууцнуудын гаднах талбайг СӨХ нь зарсан тохиолдол гарч байсан гэсэн. Тэдэнд ийм эрх мэдэл байхгүй биз дээ?

-Нийтийн зориулалттай газрыг дур мэдэн зарж худалдахыг хуулиар хориглосон байдаг.Харамсалтай нь зарим СӨХ-ны дарга нар дундын өмчлөлийн газрыг дур мэдэн зарсан тухай гомдол өргөдлүүдийн дунд мөн байна. Иргэд энэ асуудалд сонор сэрэмжтэй хандахаас гадна орон сууцыг газартай нь иргэдэд өмчлүүлдэг байх саналыг зарим гишүүн гаргаж байсан.

Ажлын хэсэг энэ асуудлыг судлахаар болсон.Зарим гишүүд хуулийн төсөл боловсруулж эхэлж байгаагаа энэ үеэр дуулгаж байна лээ. Өргөдлийн байнгын хороо иргэдийн өмнө тулгамдаад байгаа чухал асуудлаар ажиллаж байна. Бүхэл бүтэн гэр бүлийн амар амгалан, цэвэр сайхан орчинд амьдрах асуудал учраас оффшороос дутахгүй ач холбогдолтой гэж үзэж байгаа. 2017 ондоо багтаан хуулийн эрхзүйн орчинг сайжруулахын төлөө ажиллана гэж хуралдаанаар шийдвэрлэсэн.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Ноолуураа тушааж мөнгөжсөн малчид нийслэлийн худалдааны төвүүдийг хоослох бололтой

Цаг тавиу, ноолуур үнэтэй, малчид бийлэгжүү байна. Төл хүлээн авах ид үеийг гарзгүй давсан малчид ноолуурын мөнгөө өвөрлөн нийслэл хот, зах зээлийн газрыг зорин панз наймаа үсэргэж эхэлсэн сурагтай. Да хүрээ захаас унаагаа юүлж, олон улсын худалдааны төв Нарантуулаас хувцас, хүнсээ базааж, “Малчин” компанийн нэрийн дэлгүүрээс нарны зайн технологийн сүүлийн үеийн загварыг ачаалаад нутаг буцдаг ажээ. Ноос ноолуурын улирлыг дагаад арилжаа наймааны гүйлгээ сайжирдаг учраас наймаачид ч бараа таваараа ахиу базааж, Улаанбаатар хотыг зорих малчдын их цувааг хүлээж суудаг цаг юмсанж. Өчигдөр Да хүрээ болон Нарантуул зах, “Малчин” компанийн бөөний төвүүдээр явахад малчид битүү хөлхөөгүй ч арилжаа наймааны эрчим аль хэдийнэ нэмэгдсэн дүр зурагтай байлаа.

Да хүрээ захад ачааны машин зонхилж, хоёр сая төгрөгөөс дээш үнэтэй хуучин машин худалдаалах гэсэн ченжүүд ойртсон бүхнийг ээрч байна. Шинэ хром жийж, шляпан малгай духдуулсан малчин түлхүүрийнх нь оосорыг хазаж үзэхээс бусдаар шалгаж, наймаагаа хагалах гэсэн ченж горьдлогын харц чулуудан автомашиныхаа аль сайныг магтана. Яг автомашин аваад мөнгө төгрөгөө солилцож байгаа нь цөөн ч авахаар сонирхож яваа хүмүүс олон байлаа. Шинэ машин худалдаалдаг зогсоолын замын эсрэг талд амьжиргаа цагаанаас эхлээд портер, пронтер гээд төрөл бүрийн ачааны тэрэг худалдаалагдаж байна. Малчдын гол унаа амьжиргаа цагаан дөрвөн сая орчим, портер 7-9 сая, нумтай пронтер 11-12 сая төгрөгийн үнэтэй байв. Ачааны тэрэг арай ихээр гүйгддэг улирал ч гэлээ үнэ нь өнгөрсөн хэдэн сараас өсөөгүй байгааг ченжүүд дуулгаж байна. Бас татвар нэмэгдэхээс өмнө унаагаа юүлэхийг малчдад уриалж байна билээ.

Өчигдрийн байдлаар автомашины ченж Бат-Эрдэнэ зогсоолоосоо хоёр амьжиргаа цагаан, нэг портер гаргаад байв. Амьжиргаа цагаануудыг хувийн компани худалдан авч байгаа бол портерыг Дорнод аймгийн малчин худалдаж аваад явжээ. Бат-Эрдэнийн өгүүлж буйгаар хамгийн гүйлгээ сайтай, хамгийн ядаргаатай худалдан авагчтай улирал гэнэ. Ядаргаатай гэдэг нь хөдөөний хүмүүс машин худалдаж авахдаа хурдан морь шинжихээс дор зүйл болдог ажээ. Ер нь малчидтай наймаа хийнэ гэдэг нэлээд бэрх даваа гэнэ. Ченжүүд зогсоолд байгаа машиныхаа дугуй руу өшиглүүлэх хамгийн дургүй. Гэтэл энэ байтугай юм болж наймаа нь хэрүүлээр дуусах тохиолдол ч олонтаа тохиолддог байна. Гэхдээ л “Мөнгөний төлөө өвлийн хүйтэн, хаврын хавсаргыг үл огоорон зогсоо бид хүний ая олохгүй байна гэж юу байх вэ. Толхилцож, тохиролцоод ч болов өгөөд л явуулдаг. Энэ жил арай эрт малчид нийслэлийг зорьж байгаа бололтой. Бас шинэ машин авах хандлагатай байна. Өнгөрсөн жил ноолуурын үнэ хямд байсан учраас хуучин машины зах руу явчихаад байсан бол өнөө жил хандлага арай өөр ажиглагдаж байгаа. Ойрын арав хоногоос энэ зах тэр дундаа хуучин болон ачааны машины зогсоол бараг хоосорно доо” хэмээн Бат-Эрдэнэ өгүүлж байлаа.

Булган аймгийн Дашинчилэн сумын иргэн М.Батсүх

Харин Нарантуул зах орчмын дэлгүүрүүд “Малчны дэлгүүр”, “Малчны төлөө”, малчдад зориулсан цахилгаан барааны “Татах хүч” дэлгүүр гэх мэтээр хаягаа өөрчлөөд эхэлжээ. Дүүрэн шуудай үүрсэн, дүүрэн тор мөрөвчилсөн нөхөд бусадтай мөргөлдөж, шүргэлдээд малчид зах дотор содноос содон. “Сайн явж байна уу” гээд ойртож очвол хамаг бүхнээ хамж хумиад, эргэж харан харсаар хурдан гэгч нь алхсаар алга болж өгнө. Залилагч болоод хулгайчаас болгоомжилж байгаа нь тэр байх. Малчдыг хэн нэгэн өдөж хоргоохгүй бол тааваараа гэгч нь алхаж таарсан бүхнээ сонирхон имэрч, тэмтэрч, малтаж маажиж чанарыг шалгасаар зах хэсэхийг ёстой л үзүүлж байна. Нүдний шил байсан ч зүүж үзэн зохиж байгаа эсэхээ шалгадаг бололтой. Энэ цагт хурдан морины болоод гэрийн эд хэрэглэл, зуны хувцас хамгийн их гүйлгээтэй байдаг ажээ. Малчид ирэх нь ирж гүйлгээ сайжирч байгаа ч оргил үе нь хараахан болоогүй байгаа аж. Наймаачид бараагаа аль болох ихээр татаж оргил үе эхлэхийг тэсэн ядан хүлээж сууна.

Нарантуул зах дээр Булган аймгийн Дашинчилэн сумын иргэн М.Батсүх ирсэн байхтай таарлаа. Тэрээр хүүхэд, хүүхнүүдийн хөнгөн нимгэн хувцас базаахаар охины хамтаар иржээ. М.Батсүх ноолуураа килограмм тутмыг нь 82 мянга 500 төгрөгөөр өгч өнөө жил орлого нь огцом нэмэгдсэн байна. Зуугаад килограмм ноолуур тушааж багагүй мөнгө өвөртөлснөө ч ярилаа. Тэднийх өнгөрсөн жил шинэ тэрэг авсан учраас унаа унашны асуудалд ойрын гурван жилдээ толгой өвдөхөөргүй болсон аж. Үүний зэрэгцээ хөдөө нутагт татвар нэмэгдэж, бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт тулна гэсэн мэдээлэл хэдийнэ түгжээ. Тиймээс ч зөвхөн хувцас, хоол хүнсээ баахан базааж аваад буцахаар нийслэлийг зорин ирсэн аж. Эв нь таарвал бас шинэ мотоцикль аваад уначих санаатай гэнэ. Мотоциклийн хувьд Мустанг-5 ховордож, Дайюун зэрэг шинэ загварын мотоциклиуд ихээр иржээ. Сая зургаан зуун мянган төгрөгөөс хоёр сая төгрөгийн үнэтэй байна.

Чин зоригт малчны төлөө уриатай “Малчин” компанийн хувьд мөн л оргил үедээ бэлтгэсээр. Бөөний төвийн салбарт нь бараа сонирхож яваа малчин таарсангүй. Гэхдээ мотоцикль, худгийн помп, нарны толь, аккумулятор зэрэг бүтээгдэхүүнүүдийг савлаж, захиалагчдад нь өгч явуулахаар зэхэж байлаа. Эднийх малчдад зориулан шинээр Сэнкэ-150 мотоцикль болон цэнхэр хөлдөөгч оруулж иржээ. Харин нарны зайн технологи өнгөрсөн оныхоос шинэчлэгдэж өөрчлөгдөөгүй байгаа юм байна.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Хөөт-Бичигтийн төмөр зам цагаан зээрийг аврах уу, мөхөөх үү

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат саяхан болсон яамны шуурхай хуралдааны үеэр Хөөт-Бичигтийн төмөр зам, Улаанбаатар-Дарханы автозамын бүтээн байгуулалтыг эхний ээлжинд яаралтай эхлүүлэх үүрэг өгчээ. Үүнээс Хөөт-Бичигтийн төмөр замын бүтээн байгуулалт Монгол орныхоо байгаль, зэрлэг амьтны төлөө гэсэн сэтгэлтэй хүн бүрийн анхаарлын төвд байна. Учир нь, энэ төмөр зам баригдсанаар нүүдлийн тууртан амьтад, ялангуяа цагаан зээрийн нүүдлийг таслах бодит аюул байгааг мэргэжлийн хүмүүс сэтгэл зовнин хэлж байгаа юм.

1955 онд Улаанбаатар Замын-Үүдийн төмөр замыг тавьснаар Ази-Европыг холбосон хамгийн дөт замтай болсон ч олон зууны турш тааваараа бэлчиж байсан цагаан зээрийн сүргийг баруун, зүүн хэсэгт хуваасан гашуун түүх бий. Эрдэмтдийн судалгаагаар нутгийн баруун хэсэгт үлдсэн цагаан зээрийн сүрэг үрэгдсээр одоо бараг байхгүйтэй адил болжээ.

Хэдийгээр түүх ийм баримт өгүүлж байгаа ч нутгийн зүүн хэсэгт үлдсэн зээрийн үндсэн сүргийг аврах боломж байгаа юм. Тодорхой хэлбэл, нүүдлийн тууртан амьтдад зориулсан гарц байгуулах стандартыг Монгол Улс төв Азийн орнуудаас анх удаа гурван жилийн өмнө баталсан. Стандарттай болсноор дэлхийд ховор хулан, хар сүүлт, цагаан зээр, монгол бөхөн зэрэг амьтдын нүүдэлд авто болон төмөр зам саад учруулахгүй байх боломж бүрдсэн билээ. Харамсалтай нь, энэ стандартыг одоо эхлэх Хөөт-Бичигтийн төмөр замд хэрэгжүүлэх эсэх нь бүрхэг байна.

Уг нь Монголд үйл ажиллагаа явуулдаг байгаль хамгаалах байгууллагууд хамтарч зэрлэг амьтны нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг тасалдуулахгүй, амьдрах орчинг алдагдуулахгүй байх чиглэлээр зөвлөмж боловсруулан холбогдох байгууллагад 2016 оны сүүлчээр хүргүүлсэн юм билээ. Энэ зөвлөмжийг Монголын мундаг биологичид, эрдэмтэд хамтарч гаргасан бөгөөд Хөөт-Бичигтийн төмөр зам барих төслийнхөн уриалгахан хүлээн авч техник эдийн засгийн үндэслэл хийх Хятадын төмөр замын зураг төслийн гуравдугаар товчоонд шилжүүлэн өгнө гэдгээ албан ёсоор илэрхийлжээ. Эрдэмтдийн ярьснаар зөвлөмжийг бодит судалгаанд үндэслэж гаргасан бөгөөд ойлгомжтойгоор тайлбарласан байна. Үүнд, нэгдүгээрт, Хөөт-Бичигтийн чиглэлийн төмөр замыг хамгаалалтын торгүй барихыг санал болгосон нь учир шалтгаантай. Одоо ашиглагдаж байгаа Улаанбаатар-Замын-Үүдийн төмөр замыг галт тэрэгний хөдөлгөөний ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хоёр талаар нь өргөст тор босгосон ажээ. Өргөст тор нь зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөнийг хязгаарладаг төдийгүй үхэл хорогдолд нөлөөлдөг маш том хүчин зүйл болох нь судалгааны дүнд батлагдсан юм байна. Тухайлбал, 2016 оны эхний хоёр сард их хэмжээний цас орсны улмаас зүүн аймгуудаас цагаан зээр баруун тийш нүүдэллэн төмөр замын торонд тулж улмаар 5000 гаруй зээр торонд өлгөгдөж үхсэнийг судалгаагаар тогтоосон бөгөөд сэг зэмийг олон машинд ачиж газарт булжээ. Энэ бол наад захын жишээ.

Хамгийн гол нь төмөр зам барихдаа “Тал хээр, говь цөлийн бүсийн авто болон төмөр зам дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц байгуулах” улсын стандартыг хэрэгжүүлэхийг санал болгосныг Байгаль орчин, аялал жуулчлал, Зам тээвэр, хөгжлийн яамны удирдлага хүлээн авч энэ ажлыг үр дүнд хүргэх Ажлын хэсэг байгуулжээ. Эхэндээ идэвхтэй байсан ч сүүлдээ Ажлын хэсэг бараг хуралдахаа больсон байна. Төмөр зам барих ажил эхлэх гээд байдаг, гэтэл стандартыг хэрэгжүүлэх эсэх нь одоо ч тодорхойгүй байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр Хөөт-Бичигтийн төмөр замын техник, эдийн засгийн үндэслэлийг Хятадын төмөр замын зураг төслийн гуравдугаар товчоо хийж дуусаад манайд хүлээлгээд өгчихсөн аж. Шинэ төмөр замыг өргөст торгүйгээр барих болсон тухай албан бус мэдээ л сонсогдож байгаа бөгөөд энэ талаар тодорхой тайлбар хийх албан тушаалтан алга. Бүгд таг чиг. Аливаа зүйл хаалттай байх тусмаа хардлага төрүүлдэг. Мэдээж хятадууд техник, эдийн засгийн үндэслэлийг гоомой хийхгүй нь тодорхой. Сүүлийн жилүүдэд Хятад улс ногоон хөгжилд ихээхэнанхаарал хандуулах болж төрийн бодлогоо үүнд чиглүүлээд байгаа билээ. Хятадууд бүтээн байгуулалт хийх үндэслэл, шаардлагыг тухайн улсын стандарт, хууль журамд нийцүүлэн хийдэг нь тэдний төрийн бодлогын салшгүй нэг хэсэг бөгөөд улсын нэр хүндтэй холбоотой байдаг учир тун няхуур ханддаг.

Энэ төмөр замыг ямар санхүүжилтээр барих нь тодорхойгүй байгаа. Буцалтгүй тусламж өгөхгүй нь тодорхой тул ямар ч төрлийн сонголт байсан Монгол Улс ирээдүйд зээлээр төлж таарна. Тэгэхээр хамгийн түрүүнд зардал хэмнэх гэж оролдох нь тодорхой. Эмзэглэх зүйл биш, энэ бол байх л асуудал. Харин хэмнэлт нэрээр нүүдлийн тууртан амьтдад зориулсан гарц барих зардлыг уян хатан тооцолгүйгээр хасвал хойшид харамсаад баршгүй ноцтой асуудал үүсэхийг шийдвэр гаргагчид анхааралдаа авах хэрэгтэй байна. Яагаад гэвэл, төр засгийн шийдвэрүүдийн дийлэнх нь олны сэтгэлд нийцдэггүй нь тухайн ажлын мөн чанарыг сайн ойлгоогүй түшээдээс болдог билээ. Чухамдаа ийм учраас л гарцны асуудлыг шийдвэр гаргагчид анхааралдаа авах нь чухал гээд байгаа юм. Судлаачид, мэргэжилтнүүд ямар төрлийн гарц байх, хаана барих боломжтойг тодорхойлоод өгнө. Гэтэл энэ талаар ямар ч ойлголтгүй хэдэн түшмэд хэт үнэтэй байна гээд байх ёстой чухал гарц барих зардлыг хасчихвал яах вэ. Сайн ойлголцож, шийдвэр гаргагч том дарга нарт “үүрэг, сануулга” өгөхгүй бол ийм үйл явдал гарцаагүй тохионо.

Хөөт-Бичигтийн төмөр замыг барих ажилд заавал анхаарч үзэх бас нэг онцлог байгаа. Энэ бол монголчууд өөрсдөө “дураараа дургиад” барьчих төмөр зам биш. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүдийн тохиролцсон гурван улсын хооронд эдийн засгийн коридор байгуулах ажлын нэг хэсэг юм. Энэ ажлын хүрээнд төмөр замын таван төслийг Монголд хэрэгжүүлнэ. Алдах эрхгүй төсөл гэхэд болно. Хэрвээ эдгээр төмөр замыг барихдаа тууртнуудын нүүдлийн замыг хааж, үүнээс болж олон мянган амьтан амьдрах орчингүй хаягдвал олон улсын байгаль хамгаалах байгууллагуудын хүчтэй шүүмжлэлд өртөж эдийн засгийн коридор байгуулах том төслийн нэр хүндийг монголчууд сэвтүүлэх аюултай. Манай төрийн тэргүүний нүүр улайна, улсын нэр хүндэд ч муугаар тусна. Тиймээс энэ асуудлыг Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нар эрх, үүргийнхээ дагуу анхааралдаа авч ажилламаар байна. Монгол орон олон зууны турш зэрлэг амьтан, ургамлын өлгий нутаг байж хүн ард нь байгальтайгаа шүтэлцэн амьдарсаар ирсэн түүхтэй. Энэ агуу филиософийн үнэ цэнийг алдагдуулахгүй байлгах нь монголчууд бидний үүрэг. Хөөт-Бичигтийн төмөр замыг нүүдлийн тууртан амьтдад ээлтэйгээр барьж чадвал нэг талаар улсын нэр хүндэд тустай, нөгөө талаар дараа, дараагийн төмөр замын ажилд зөв жишиг болох ач холбогдолтой билээ.

Г.БАТЗОРИГ

Categories
мэдээ цаг-үе

З.Нарантуяа: Засгийн газар гарцаа олж чадахгүй байна

УИХ-ын гишүүн З.Нарантуяатай ярилцлаа.


-АН-ынхны ярьж буйгаар “Приус” зэрэг автомашины татвар нэмэгдэж байгаа юм уу?

-Онцгой албан татварын хуулиар хос тэжээлтэй, шингэрүүлсэн түлштэй, цахилгаан хөдөлгүүртэй автомашинуудыг 50 хувиар хөнгөлнө гэж орж ирсэн. Хуулийн төсөлд бичигдсэнээр татварыг 50 хувиар хөнгөлөх гэж байгаагаар ойлгогдож байгаа. Гэтэл агуулга нь татварыг хөнгөлөх биш, 50 хувиар нэмэх гэж байгаа юм. Өмнө нь хос тэжээлтэй автомашины гаалийн онцгой албан татварыг 100 хувь чөлөөлж байсан. Гишүүд хөнгөлнө гэж уншчихаад сайжирч байна гээд Эдийн засгийн байнгын хороон дээр дэмжсэн санал өгсөн. Энэ алдаагаа засах болов уу гэж Төсвийн байнгын хороон дээр дэмжигдээгүй саналыг дэмжиж өгөөч гэж гишүүддээ хандсан. Харамсалтай нь гишүүд дэмжмээр байгаа ч зориглож кнопоо дарж чадсангүй. Хөдөлгүүрийн багтаамж, насжилтаас хамаарч 375 мянгаас таван сая хүртэлх төгрөгийн татвар төлөхөөр болж байна.

-Гэхдээ 375 мянган төгрөг гэдэг цоо шинэ машин оруулж ирэхэд ноогдуулах татвар биз дээ. Гэтэл монголчуудын дийлэнх нь 10 жилийн өмнө үйлдвэрлэгдсэн машин худалдаж авдаг…

-Тийм. Шинэ машин оруулж ирдэг иргэдийн тоо цөөн учраас бага татварыг цөөхөн л хүн төлнө. Ихэнх нь өндөр татварт хамаарна.

-Уг нь Ерөнхий сайд ард түмний амьдралд нөлөөлөхгүйгээр татвар нэмэгдүүлнэ гээд байсан шүү дээ?

-2017 оны төсвийн тодотголыг дагаж зарим төрлийн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээг нэмэгдүүлж байгааг дэмжихгүй байгаа. Төсвийн тодотголыг төсвийн тэнцлээ агуулгаар нь сайжруулах л гэж хийх учиртай. Харамсалтай нь ОУВС-гийн шаардлага гэж байгаад Засгийн газар ард түмнийхээ бодит амьдралыг дээшлүүлэх биш, дордуулах бодлого руу орж байгаа нь буруу. Тиймээс өөрчлөлтүүдийг дэмжих боломжгүй. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, хямд эх үүсвэрээр төсвийн алдагдлыг хаахыг дэмжиж байгаа ч хөтөлбөрийн нөхцөлөө тохиролцох ажлаа Сангийн яам, Засгийн газар их хангалтгүй хийжээ.

-Таныхаар төсвийн тэнцэл ямархуу харагдаж байна вэ?

-Зардлаа 220 тэрбум төгрөгөөр нэмж, орлогыг 144 тэрбум төгрөгөөр хорогдуулж, тэнцлийн алдагдлаа 200 тэрбумаар нэмэгдүүлсэн тодотгол хийж байна. Ингэх нь мэргэжлийн ямар ч хүний нүдээр Монгол Улсад, тэр тусмаа жирийн иргэдэд бол ямар ч ашиггүй. ОУВС-гийн шаардлага гээд байх юм. Валютын сангийн ажилтнуудад Монголын макро үзүүлэлтүүд муу байх нь Захирлуудын зөвлөлөөрөө хөтөлбөрийг дэмжүүлэхэд хэрэгтэй байх шиг байна. МАН-ын хувьд эдийн засгийг сэргээх чиглэлд өнгөрсөн есөн сарын хугацаанд ямар ч ахиц гаргаж чадаагүйгээ халхавчилж, гарц олж чадаагүйнхээ бурууг АН-д тохсон улс төр хийхэд нь чухал юм шиг байна.

-Зардлыг бодитой танаж чадахгүй байна уу. Ямартай ч сайд нарын багц нэмэгдсэн байна лээ?

-Зардлыг танах бодитой оролдлого хийгдээгүй байна гэж харагдаж байгаа. Сайдуудын багц, зарим хөрөнгө оруулалтууд гээд нэмэгдэж байгаа юмнууд байна. Сангийн яамнаас өргөн барьсан төсвийн хэдэн тоог ярьж ганц нэгийг нэмж хасаад батлах нь ойлгомжтой байна.

-УИХ-ын гишүүд төсөв батлах явцад хэр хариуцлагатай хандаж байна, шинэ гишүүн таны нүдээр?

УИХ-ын хувьд төсөв батлах үйл явцад туйлын хариуцлагагүй хандаж байна. Шинэ Парламент байгуулагдсанаас хойших анхны удаагийнх биш. Засгийн газар алдагдалгүй төсөв л УИХ-д өргөн барьж батлуулах ёстой. Ингэж ажиллаж чадаагүй Засгийн газар огцордог хуультай. УИХ огцруулах асуудал ярихын оронд эсрэгээр алдагдлыг нь хүлээн зөвшөөрч хуулийн орчинг нь өөрчилж, бүрдүүлж өгөөд байна. УИХ цаашид ийм үйлдэл хийгээд байж болохгүй. Төсвийн тусгай шаардлагын хязгаарыг давсан төсвийг өөгшүүлээд яваад байвал Засгийн газар, Сангийн яам, төсөв захиран зарцуулагч нартай хариуцлага, сахилга бат ярих нь ямар ч утгагүй болно. Засгийн газар төсөв, санхүүгийн бодлого барихдаа тогтвортой байдлыг нь хангах дөрвөн үндсэн шаардлагыг хангадаг байх ёстой юм. Тусгай шаардлагуудыг нь тогтоогоод өгсөн хууль нь байгаад байдаг. Харамсалтай нь тэр хуулийг үе үеийн Засгийн газрууд мөрддөггүй, УИХ-ууд нь ч мөрдөхийг шаардахын оронд алдагдалтай төсөв батлах хаалгыг нь нээж, тусгай шаардлагуудыг мөрдөхгүй байх уутыг хийж өгч явсаар өнөөдрийн хямралд хүргэжээ гэсэн дүгнэлтэд хүрээд байна.

-Эдийн засгийн үзүүлэлтүүд бас их буурсан харагдаж байна лээ?

-Тийм ээ. Эдийн засгийн өсөлтийг 2017 онд гурван хувь болгоно, төсвийн нийт зардлын дээд хэмжээг 8.5 их наядаас хэтрүүлэхгүй, зарлагын өсөлтийг 1.1 их наяд байлгана гэж баталсан 2017 оныхоо тоонуудыг муутгаж байгаа.

-2016 оны тодотголоор төсөв нэгтгэж байгаа нэрийдлээр төсвөөс гадуур санхүүжигдсэн олон зүйлийг төсөв дээр нэгтгэснээр алдагдал огцом нэмэгдсэн. Ингэх нь зөв байсан юм уу?

-ДНБ-ий гурван хувиас хэтрээгүй байсан алдагдлыг огцом 18 хувьтай тэнцүү болгох хэмжээний орлого зарлагын зөрүүг бий болгох санхүүгийн бичилтүүдийг Монгол Улсын санхүүгийн тайлан тэнцэлд хийсэн. Үүнд эдийн засаг, санхүүгийн утга агуулгыг биш, улс төрийн ач холбогдол талын фактор илүү нөлөөлчихлөө гэж тухайн үед бодож байсан. Хэрвээ санхүү, эдийн засгийн ач холбогдлыг нь илүү авч үзсэнсэн бол жил жилийнхээ бодит орлогыг нэмэгдүүлж, нэмэгдэх хэмжээтэй нь уялдуулж, үе шаттайгаар төсөвтөө нэгтгэх нь зөв болох байсан. Төсвийг хяналттай, нэгдмэл байлгах шаардлага бол зөв. Нэгдмэл, хяналттай гэдгийг бүх зарцуулалтыг төсвөөс гарсан, гараагүй бүгдийг нэгтгэж төсвийн тэнцэлд бичилт хийх гэж ойлгох нь өрөөсгөл. Нийгмийн даатгалын сангийн орлого өнөөдөр ч төсвийн орлогод бичигддэггүй, яагаад гэвэл иргэдийн төсөвт төлж байгаа татвар хураамжийн мөнгө биш, ирээдүйд эргүүлээд авах мөнгө нь учраас. Гэхдээ яаж зарцуулах нь нэгдсэн төсвийн бүрэлдэхүүн болоод, дутагдаж байгаа хэсгээ төсвийн татаасаар нөхөөд, хянагдаад байж л байна. Түүн шиг төсвөөс орлогыг бүрдүүлдэггүй Хөгжлийн банкны өөрийн эх үүсвэр, Монголбанкны эх үүсвэрээр санхүүжигдээд төсвөөс төлөгдөхгүй, авсан эзэд нь хариуцах зүйлсийг төсвийн ирээдүйд хүлээх зардал болгож шууд бичилт хийсэн нь алдагдал огцом өсөх үндсэн шалтгаан болсон. Монголбанк төсвийн шинж чанартай хөтөлбөр арга хэмжээг санхүүжүүлсэн нь буруу гэдэг. Буруу бол бурууг нь тэнд нь засч, эх үүсвэрүүдийг тодорхой хугацаанд Монголбанкинд нь буцаалгахаас, төсвөөс Монголбанкинд эх үүсвэр өгөх гэж төсөв дээр зардал нэмэх нь төсвийн бодлогын хувьд агуулгагүй зүйл болсон. Одоогийн Засгийн газар бүх зүйлд Валютын сангийн шаардлага гэдэг болж. Олон улсын санхүү бүртгэлийн стандартыг мөрдөх нь зөв ч үүссэн нөхцөл байдлаасаа хохирол чирэгдэл багатай гарах арга ухаан нь Засгийн газрын өөрийнх нь бодлого, зорилт, хийх ажил байх хэрэгтэй шүү дээ.

-Гэхдээ ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдлаа гээд алдагдлаа яаж бууруулах нь тодорхойгүй байгаа биз дээ?

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаас өөр гарцгүй байгааг хүлээн зөвшөөрч байгаа. Хамрагдлаа гээд төсвийн алдагдлыг яаж бууруулах вэ гэдэг ажлаа Засгийн газар хийхгүй байна. Засгийн газрын үйл ажиллагааны зорилтыг илэрхийлдэг баримт бичгүүд дээр тавьсан тоог харвал буурах биш өсөхөөр байгааг гайхаад сууж байна. Төсвийн алдагдлыг хамгийн бага байхаар баталъя, зардлыг танаж болох хэмжээнд хүртэл хасаад орлогоо нэмэгдүүлье гэсэн санал тавьсан, дэмжигдсэнгүй. Төсвийн зөрүүг татвар нэмэгдүүлж олно гэсэн тодотгол хийж байна. Татвар нэмж олох гэж байгаа 200 гаруй тэрбум төгрөг алдагдлын зөрүүг бууруулахад далайд дусал гэгчээр юм даа.

-Сангийн сайдын хэлж буйгаар татвар нэмэгдүүлж буй нь ОУВС-гаас хамаарч байгаа гэсэн?

-ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч эсрэгээр нь хэлсэн байна лээ. Ямар тоо тавьж, зорилтоо яаж тодорхойлох нь Монгол Улсын Засгийн газрын асуудал гэж. Тиймээс байнгын хороон дээр “Приус” машины татвараа заавал нэмээрэй гэж ОУВС-гийнхан хэлээгүй нь ойлгомжтой гэж яриад байгаа нь ерөнхийдөө татварын суурь орлогыг нэмэгдүүлэхдээ анхаараачээ л гэсэн санаа.

-МАН-ынхан ОУВС гэж хадны мангаа байгаа мэтээр асуудалд хандаад байна уу?

-Байдал тиймэрхүү болчихлоо. Сөрөг хүчин, ард түмэн юу ч гэж ярьж байсан хүлээж авахааргүй болсон байна. ОУВС гэдэг тулган шаардагчийн өмнө гарцаагүй байдалд орсон мэтээр яриад байгаа. Гарцаагүй байдалд орсон биш, гарц олж чадаагүйдээ л асуудал байна уу даа.

-Захирлуудын зөвлөлийн хуралд амжиж асуудлаа хэлэлцүүлэхийн тулд Засгийн газраас өргөн барьсан хуулийг тэр чигт нь явуулсан гээд байгаа. Тэгэхээр одоо УИХ-аар өөрчлөх боломжгүй гэсэн үг үү?

-Хуралд тодорхой материал бэлдэж оруулах нь ойлгомжтой. Аль ч олон улсын байгууллага шийдвэр гаргахдаа урьдчилж тохиролцсон тооцоолол дээрээ л ярина. Төсвийн тодотгол дээр яригдаж буй зүйлс өөрчлөгдсөнөөр тэнд яригдах тоо мөн өөрчлөгдөнө. ОУВС манай эдийн засгийн хүнд байдлыг дээшлүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, банк санхүүгийн системийг илүү чадавхитай болгоход туслах зорилгоор хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэж байгаа. Тиймээс хоёр тоо өөрчлөгдлөө гээд хөтөлбөр хэрэгжүүлэхээсээ татгалзана гэж бодохгүй байна.


Categories
мэдээ цаг-үе

Б.Сарантуяа: Миний хуучин дуунууд бриллиант болж эхэлж байна

Image result for Б.Сарантуяа

“Зууны манлай эстрадын дуучин”, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяатай ярилцлаа.


-Олны танил эрхмүүдийг төрийн алба, ямар нэг албан тушаалд очихоор хүмүүс нэг л таагүй хүлээж аваад байдаг болчихож. Таныг Соёлын төв өргөөний дэд даргаар томилогдоход хүмүүсийн зүгээс хэрхэн хандсан бэ?

-Их сайн хүлээж авсан. Нийслэл шинэ багаа бүрдүүлэхдээ надад хамтарч ажиллах санал тавьсан. Би ч шинэ баг бүрдвэл урлагийн байгууллагуудад зүтгэнэ гэдэг хүсэлтээ илэрхийлчихсэн байсан л даа. Тийм болохоор намайг дуудаж, ийм ажил байна гэхэд нь дуртайяа зөвшөөрсөн. Б.Байгалмаа дарга, манай хамт олон сайхан хүлээж авсан.

Би хувиараа 30 жил чөлөөтэй дуулахдаа дээрээ ямар нэг удирдлагагүй явсан бол одоо хамт олон, улсын эрх ашгийн төлөө ажиллаж сурч байна гэдэг нь М.Горькийн “Миний их сургуулиуд” шиг надад том сургууль болж байна даа.

Манай амьд хөгжмийнхөн, урлагийнхан чинь дандаа тогтмол нэг цагт ягштал цугладаг хамт олон гэж үгүй. Гэтэл энд ерэн хэдэн хүнтэй хамт олон дунд орж хамт буцалж, хутгалдаж байна. Тэр утгаараа сургамжтай зөндөө л юм байна. Сурч байна, суралцаж байна. Энд чинь би өглөө есөөс орой 18 цаг хүртэл ажиллана, ажлын цагаа бүртгүүлнэ, дээрээ удирдлагатай болж байна гэхээр чинь миний статус өөрчлөгдөж байгаа л даа. Гэхдээ хувь хүнийхээ эрх ашиг биш, улсын, нийслэлийн, соёлын байгууллагын эрх ашгийг хамгаалж эхэлж байгаа юм л даа. Яаж хамгаалах вэ гэхээр тогтолцоог өөрчлөх юм уу, эерэг талын өөрчлөлт хийх тийм шинэ санаа надад байна. Ард түмнээ баясгах гэж уран бүтээлдээ чин сэтгэлээсээ хандаж 30 жилийн дуулсан тэр халуун сэтгэл, урлагийн хүмүүжил байгаа учраас би энэ ажлыг түүртэхгүй хийнэ гэж бодож байгаа шүү.

-Дуучны хувиар СТӨ-ний тайзан дээр бишгүйдээ л дуулсан. Гэтэл одоо тэр тайзны ард арын албыг нь дааж аваад ажиллаж байна. Заримдаа энэ бүхнийг анзаарахаар сонин мэдрэмж төрөх үү?

-Бахархах сэтгэл төрдөг юм. 19 настай охин энд ирээд л дуулж байлаа. Тэгээд 40 нас гараад уран бүтээл ид туурвиж байх үедээ, дуулаад 30 жил болсон ойн дээрээ энэ ажлаа авсан юм. Ихэд бэлгэшээж ажилдаа орсон. Тэр утгаараа гоё өөрчлөлтүүд хийх гэж байгаа. Манай СТӨ-нийхөн, Б.Байгалмаа дарга чинь их аж ахуйч. Тийм ч болохоор янз янзын өөрчлөлтийн үед өргөөгөө маш сайн авч явсан. Хамт олныхоо хүчээр салхи сийгэх завсаргүй, бүрэн бүтэн авч ирсэн байгаа юм. Иймэрхүү өвлөх юм олон байгаа учраас сайхан бүтээн байгуулчихсан зүйл дээр нь түшиглээд улам л хөгжүүлээд явах ажил байна.

Надад дарга гэдэг утгаараа биш соёлын өв суулгах, түгээх боломж илүү нээгдэж байна гэж ойлгож байгаа. Өмнө нь аливаа боломж надад хувийн шугамаар нээгдэж байсан бол одоо нийслэл, улсын хэмжээний ажил хийж болохоор боломж нээгдэж байна. Тиймээс би энэ ажилд хувь нэмрээ оруулна гэж бодож байгаа.

-Таны амьдралын тухай өгүүлэх ном бичигдэж байгаа сурагтай?

-Ном маань бичигдээд дууссан. Одоо хэвлэлтэнд орох шатандаа явж байгаа.

-Номын тань нэрийг сонирхвол?

-“Зууны дуу хоолой” гээд нэрлэчихсэн байгаа. Дараа нь өөр нэр гарах эсэхийг мэдэхгүй байна.

-Хүмүүс дуучин Т.Ариунаа та хоёрыг 1990-ээд оноос эхлүүлээд л саяхныг болтол хооронд нь өрсөлдүүлэх дуртай байжээ. Ингэж өрсөлдүүлдэг байсан нь ямар учиртай байсан юм бол. Нэг нэгнээр нь ирлэж, хурцалж сэдэв гаргадаг байсан юм болов уу?

-Ирлэх бас сонин хэвлэлээр зарлах, магадгүй хоёр уран бүтээлчийн болгоомжгүй хэлсэн үгээр нь дөрөөлнө шүү. Тэрэн дээр нь үг хэлнэ, хов хутгана. Олон яриад байхаар сүүлдээ өрсөлдөгчдөө хайртай болдог ш дээ. Тэр байтугай өрсөлдөгчийнхөө төлөө тэмцэнэ, зүтгэнэ, өмөөрнө. Урьд нь “Өө тэгсэн юм уу, ямар сонин юм” гэж тоодоггүй байж. Одоо бол бид урлагийн нэг тогооноос хоолоо идэж байгаа нөхцөлд мэргэжил нэгтнээ өмөөрөх, өөриймсөг хандах сэтгэлгээ илүү их болдог юм билээ. Манай эстрадынхныг хэн нэгэн муулаад байж байвал өмөөрөх гээд л, ер нь л хажуудаа хүн муулуулаад байх дургүй шүү. Энэ утгаараа хүн чинь өрсөлдөгчдөө хайртай болчихдог. Их дотно болчихдог юм. Бодит амьдрал дээр хэрэлдэж муудалцсан юм юу ч байхгүй юм чинь. Хүмүүсийн дунд л тийм яриа байсан болохоос биш бидний дунд ямар ч маргалдаан байгаагүй.

Т.Ариунаа миний өмнө гарч дуулсан болохоор надаас эгч гэсэн үг. Түүнийг “Соёл-Эрдэнэ” хамтлагт дуулж байсныг хүүхэд байхдаа харж байсан учраас туршлага, ур чадварыг нь маш их хүндэлдэг. Юманд менежмэнттэй хандаж буй байдал, нямбай, нягт, юмыг тултал нь хийдэг занг нь хүндэлдэг. Харин ааш араншин, хүмүүстэй харьцаж байгаа харьцааг нь харахаар эгдүүтэй санагдаад байдаг байсан. Одоо бол бүр тоохоо ч байсан. Хүн болгон өөртэй чинь адилхан зантай байх албагүй гэж бодоод “Характер, зан араншин, харилцааны онцлогоороо өөр өөр байдаг юм болов уу” гээд ач холбогдол өгөхөө больсон. Тэгээд ч бид чинь аятайхан утсаар яривал ярьдаг. Би 30 жилийн ойн баяртаа урьж “Ирэх үү” гэсэн чинь тоглолтын ажил давхцаж байгаа тухайгаа илэрхийлсэн хариугаа “On’n off” продакшн руу явуулсан байсан. Уран бүтээлчид нэгнээ муулах, ялангуяа хэвлэл мэдээллээр ярилцлага өгөхдөө уран бүтээлийг нь үл хүндэтгэж, үл тоомсорлосон юм ярьж болохгүй. Өөрийнхөө тухай ярихын оронд хэн нэгний хувийн амьдрал, ажил хөдөлмөр, карьертаа тавьсан хандлагаар нь иш татах бүдүүлэг. Аль болохоор л өөрийнхөө тухай ярих ёстой. Харин бусдын амжилтыг л тодотгох хэрэгтэй.

-Биеэ авч яваа байдал, өөрийгөө илэрхийлдэг өнгө аяс, хүмүүсийн хүндлэлийг даадаг чанарыг тань харахаар Оросын алдарт дуучин Алла Пугачеватай зүйрлэмээр санагддаг юм.

-Орос гэдэг чинь том гүрэн шүү дээ. Том гүрний дуучин том л байна. Алла Борисовна Пугачева бол хөгжмийн зохиолч хүн. Төгөлдөр хуурч, авьяастай мундаг хүн. Хажууд нь би бол зүгээр жижигхэн. Магадгүй “Пентатоник” наадмыг санаачилсан, рок попын баганыг барилцсан гэдэг юм уу, тэр утгаар нь зүйрлэж хэлж сэгсгэр үстэй, рояал хэв маягтай нь адилтгаж хэлэхэд надад ямар ч асуудал байхгүй. Ялгаа гэвэл Пугачева Орос, Славян, Европ хавьдаа байр сууриа эзэлсэн том дуучин л даа. Бид бол төв Азийн жижигхэн орны дуучид. Үгүй яахав, намайг Монголын Пугачева гэхэд дуртай л байдаг. Муухай биш, сайхан санагддаг.

Хүмүүс өмнө нь ингэж хэлж л байсан.

-Та Соёл, урлагийн их сургуулийг төгсөлгүй орхисон, одоо болтол дипломоо аваагүй яваа байх аа. Эсвэл авчихсан уу?

-Дипломоо авахаар хөөцөлдөж байгаа. Боловсролыг эхлүүлсэн бол дуусгах ёстой гэж үздэг. Манай урлагийнхны ихэнх нь Хөгжим бүжгийн коллежоо ч төгсөлгүй урлаг, уран сайхан хөөгөөд орхичихсон байдаг юм билээ. Миний хувьд дипломоо авна гэж бодож байгаа. Үүн дээр СУИС ч дэмжлэг үзүүлж байгаа.

-Төгсөх курсээсээ дахиж сурна гэсэн үг үү?

-Дутуу шалгалтуудаа өгөөд төгсөнө. Дийлэнх шалгалтаа өгчихсөн, хичээлүүддээ суучихсан байсан юм чинь. Хүмүүс боловсрол эзэмшвэл дуустал нь эзэмших нь зөв. Дан практикаар явахгүй шүү. Сурахад хэзээ ч оройтохгүй. Би сая дөчин хэдэн насандаа дугуй унаж сурсан ш дээ. Тэгэхээр хүн их л юм хийх хэрэгтэй. Тэгэхдээ өөрийгөө голж болохгүй. Хэд л бол хэдэн дээд мэргэжил эзэмшиж, хэдэн ч дипломтой болж болно. Тэр чинь хүний эрхийн асуудал. Хүн хөгжиж л байвал нас явсан ч суралцаад байхад толгой хэзээ ч гашлахгүй. В.И.Ленин багшийн хэлсэн “Сур сур. Бас дахин сур” гэдэг үг чинь гайхамшигтай. Энэ үгийг би өөртөө хэрэгжүүлдэг. Хэзээ ч хэлдэг, хүүхдүүддээ, шавьдаа ч хэлдэг. Сураад бай, сураад бай. Сурч болох л юм байвал сурч бай. Би чинь англи, герман хэлтэй хүн, уул нь. Герман хэлээ мартаад хаячихсан байгаа ч сэргээж суръя гэж төлөвлөчихсөн. Хэзээ ч өөрийгөө “Би болчихсон. Төгс” гэж бодож болохгүй, тэгж ярьж ч болохгүй.

-Урлаг, спорт, бизнес, улс төрийн хүрээнийхнээс хэвлэлд ярилцлага өгөх дургүй хүмүүс байдаг юм.

-Яагаад.

-Мэдэхгүй юм. Нуудаг зүйл байдаг юм болов уу даа. Хэр их хаалттай байна тэр хэрээрээ хэл амны бай болоод байдаг юм шиг байгаа юм. Харин та харьцангуй нээлттэй?

-Нууж хаах юм надад алга л даа, ерөнхийдөө. “Та ямар гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ” гэхэд зарим улсууд “Яах юм бэ. Нууцлаг байя л даа” гэдэг. Гэтэл би ний нуугүй, бүгдийг нь хэлчихдэг тал бий. Би чинь нохой, жилтэй хонины орд болохоор юмнаас айж эмээдэггүй. Нээлттэй байгаад сурчихсан, миний хүмүүжил, сурсан юм минь л иймээс хойш энэ чигээрээ л амьдралаа туулна. Зарим хүн өөрийгөө уншуулах дургүй гэж ярьдаг. Уншихад сонирхолгүй ном байж болно шүү дээ (инээв). Тэгээд номынхоо хавтсыг нь харуулчихаад доторхыг нь үзүүлдэггүй байж болно.

-Гэтэл та сая төрсөн жил, ордоо хүртэл хэлчихлээ. Зарим хүмүүс чинь энэ бүгдийгээ тас нуудаг?

-Манай нэг ах эхнэрээ “Манай хүн их л нүгэлтэй болохоороо ингэж сүм хийдээр яваад байдаг байх даа” гэж даапаалж билээ. Уг нь сүсэгтэй хүн сүм хийдээр явдаг гэж ойлгодог. Би хүнд муу юм хийгээгүй юм чинь өөрийнхөө талаар нуух шалтгаан ч байхгүй гэж боддог. За тэгээд амьдрал нэг иймэрхүү л байх ёстой байх даа гэж бодоод л явдаг юм. Ер нь дайснаасаа айснаас ойрхон байгаа найз нөхдийн хүрээллээс л аюул заналхийлэл ирдгийг сүүлийн үед ойлгоод байгаа. Үеийн үед л тийм байсан л даа. Манайхан зүгээр хүлээн зөвшөөрөх дургүй байсан юм. Тэр бол үнэн. Яаж ч ханилсан, итгэсэн хамаг юмаа битгий тооч, яаж ч зовсон зовлонгоо бүү ярь гэдэг. Тэр бол ёстой үнэн үг шүү дээ. Монголчууд зовлонгоо хэзээ ч ярьдаггүй “Болж байна аа” л гэдэг. Ер нь тэр олон юмыг ярьж, далан булчирхайгаа тоочих шаардлага байхгүй. Хаашдаа л танд тусалж чадахгүй юм бол тэр бүхнээ хэн нэгэнд яриад хэрэггүй. Үнэхээр тусалж чадах хүнд бол ярьж болно оо. 16 жил ганцаараа амьдарчихсны хувьд, амьдрал үзсэний хувьд үүнийг хэлж байна. Миний үзсэн амьдрал бол хэцүү амьдрал туулсан хүмүүсийн дэргэд бол тоглоом шиг сайхан, амархан байх аа. Энэ жилүүдийг харьцангуй дуулаад өнгөрүүлчихсэн юм болохоор нөгөө юу гэдэг билээ дэрээ нортол уйлж, өвдгөө тэвэрч ганцаараа хоносонгүй. Бурхан минь намайг хайрлаж, ард түмэн минь хүндлээд, хайртай залуучуудынхаа хайранд умбаж л энэ олон жил амьдарлаа. Залуучууд гэдгийг минь та бүхэн ойлгож байгаа байх. Сараа орь ганцаараа гээд гутраад гансраад яваагүй. Сарааг хүндэлдэг, Сараагийн хамсаатан, Сараагийн талд ордог хүмүүсийн дэмжлэгээр өдий зэрэгтэй явж, өнөөдөр СТӨ-ний орлогчийн ширээн дээр сууж байна шүү дээ. Тэгэхээр би өөрийгөө маш сайн үр суулгасан, азтай хүн гэж боддог юм. Хүмүүст чин сэтгэлээсээ ханддаг байсан. Хандаж байсан хандлага минь талаар болсонгүй. Бурхандаа залбирч их ч буян хийж байсан, олон хүний амь насыг аврах хандивын тоглолтод оролцож байлаа. Ах дүү хамаатан, садандаа ч тусалж байлаа. Хорт хавдраар өвдсөн найз нөхдөө ч дэмжиж өндийлгөж байлаа. Энэ чинь бас л буян. Үр хүүхэд, өөрийнхөө төлөө, ард түмнийхээ төлөө соёлын үрийг суулгаад л явж байна. Саяхан Өвөрхангай, Баянхонгорт тоглолт хийгээд ирлээ. Удахгүй АНУ-д очиж 30 жилийн ойн тоглолтоо тавина. “Одоо л үр шимийг нь хүртэх нь дээ” гэж ярьдаг. Миний хувьд тэр үе минь ирж байна уу даа гэж боддог юм.

-Та энэ их нэр хүнд, хүндлэл, алдар гавьяаг яаж дааж яваад байдаг юм бэ. Таныг газар дээр бат гишгүүлдэг зүйл тань юу юм. Юуны хүчээр та дээш хөөрчихөлгүй бөх зогсч байна вэ?

-Эцэг, эхээс заяасан ухаан, хүмүүжил. Би сайн багш нартай байсан даа. Намайг багш нар маань дарж яваагүй, харин ч дээшээ өндийлгөж, дөвийлгөж байсан. Ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Г.Хайдав багш маань байна. “Мөнгөн харандаа” хамтлагийн ахлагч Т.Түвшинтөр байна. Тэр үед чинь “Та нар оддын өвчнөөр өвчлөв дөө. Юм юмны туханд хүрээгүй байж ингэв, тэгэв” гэж их сургадаг байлаа. Хүлээн зөвшөөрөгдөлт бага байгаа үед хүн чинь тоогдох гээд “Би, би” гэдэг бололтой. Миний хувьд нэр хүнд өсөх үед хүлээн зөвшөөрөгдөлт ирэх ёстой хэмжээндээ ирээд хүлээн зөвшөөрөгдөж, ард түмэндээ хайрлагдаж алдарт хүрч мандах хэмжээндээ мандсан болохоор чамлах юм гараагүй. Харин надад магтаал бялууртал ирсэн. Тэр нь надад маш худлаа санагддаг байсан. Би тэрэнд нь итгээд “Би болчихлоо шүү. Алдаршчихлаа шүү” гэж хэзээ ч бодож байгаагүй (инээв). Тэрэнд хууртаагүй.

Их сонин юм билээ. “Чингис хаан” хамтлагийн Д.Жаргалсайхан ахын дуулдаг “Чамайг юу ч өөрчлөөгүй” гэдэг дууны үг нь надад яг таараад байгаа юм шиг санагддаг ш дээ. Жагаа ахаас энэ дууны талаар асууя гэж боддог юм. Эзэн нь хэн юм бол оо.

-“…Чамайг юу ч өөрчлөөгүй яг л хэвээрээ

Санаа чинь ариун болоод тэр юм уу” гэдэг бил үү?

-…Бусдын хэтэвчтэй мөнгөнд чи шунаагүй

Бурхан ч хууртмаар өнгөнд чи автаагүй

Чамайг юу ч өөрчлөөгүй яг л хэвээрээ

Санаа чинь ариухан болоод тэр юм уу (дуулав). Энэ бол үнэхээр гайхалтай. Зүгээр л энэ бүхэн чинь эцэг эхээс заяасан ухаан л байхгүй юу. Би өөр юу хэлэх юм. Би оддын өвчин тусч л байсан. Гэхдээ бага, хөнгөхөн хэлбэрээр.

-Хөнгөхөн хэлбэрээр тусахад ямар шинж тэмдэг илэрдэг юм бэ дээ?

-Хүмүүс тэр хүнийг чинь ерөөсөө л илүүд үзээд эхэлдэг байхгүй юу. Зүгээр байлгахгүй. Өдөх нь өдөөд, муулах нь муулаад, бялдуучлах нэг нь бялдуучлаад л янзыг нь үзээд байхаар тэр хүн чинь занганд орсон юм шиг болчихно. Манайхан чинь уран бүтээлч хүнийг хаданд гаргаж дэвэргэчихээд сүүлд нь шууд унагачихдаг байхгүй юу. Олон уран бүтээлчийн амьдралын туршлагаас үүнийг харчихсан болохоор би өөрөө санаа зовсон л доо. Хэзээ нэгэн цагт би энэ тэнгэрээс бууна. Тийм учраас жаахан ухаантай байх хэрэгтэй гэж бодсон.

-“Гоолингоо” дууны тухай нэвтрүүлгийг үзэж байтал таныг уг дууг буруу дуулсан гэж ярихыг сонсоод “Ийм мундаг дуучин дууг буруу дуулна гэж байх уу даа” гэж гайхаж билээ?

-Уг нэвтрүүлэг дээр ардын жүжигчин, хөгжмийн зохиолч П.Хаянхярваа гуай намайг тэгж хэлсэн юм. Тэр хүний зөв шүү дээ. Буруу юм байхгүй. П.Хаянхярваа гуай “Гоолингоо” дууг Н.Норовбанзад, Д.Ичинхорлоо гуайн дуулснаар сонсч байсан болохоор өөр маягаар дуулчихлаа, буруу дуулчихлаа гэсэн байх. Миний хувьд “Гоолингоо” дууг хуулж дуулаагүй. Өөрийн хэв маягаар, шинэ хувилбараар дуулсан.

-“Гоолингоо” дууг дуулсан эмэгтэй жаргадаггүй гэдэг яриа бий. Тийм болохоор дуучид төдийлөн сонгож аваад байдаггүй юм билээ?

-Наадах чинь ёстой худлаа. Яагаад худлаа вэ гэхээр Н.Норовбанзад гуай чинь сайхан ханьтайгаа олон жил ханилаад мөнх бусыг үзсэн. Тэгэхээр тэр бол худлаа. Д.Ичинхорлоо гуай хань ижлээ алдаад дуулж байсан гэдэг. Тэр утгаараа гунигтай дуу учир хурим найранд дуулдаггүй гэцгээдэг. Д.Ичинхорлоо гуайг энэ дууг уяртал дуулахад маршал Х.Чойбалсангийн сэтгэл хөдөлж их өрөвдсөн гэдэг юм билээ. Тэгж ярьдаг. Хайртай хүнээ алдсан хүний гансрал, гунигийн дуу гэж ярьж байхыг л сонссон болохоос биш өөр юм сонсоогүй. Би энэ дууг сүүлд дуулахдаа хөгжмөөр нь хайртай хоёр хосыг диваажинд учирч байгаагаар төгсгөсөн юм.

-Дуучин Чойжоотой хамтран дуулсан “Хаврын ганц улиас” дууг тань залуус их сонсч байна?

-Сүүлийн үед миний дуунууд эргэн дуулагдаж байна. Яагаад би өмнө нь дуулсан дуунуудаа сэргээж дуулж байна вэ гэхээр чанартай, урт настай бүтээл гэдэг чинь энэ. Хямдхан юмаар хямд юм хийхээр урт насалдаггүй. Тэгсхийгээд мартагддаг. Харин сэтгэлийн гүнээс гарсан жинхэнэ бүтээл эргэн сэргэж, дуулагддаг нь сайхан. Нэг үгээр миний өмнө нь дуулж байсан дуунууд бриллиант болж эхэлж байна. Миний ч гэлтгүй манай рок, попын мундаг хүмүүсийн сайн бүтээл цагийн эрхээр дахин сэргэж гарч ирж байгаа юм. “Хаврын ганц улиас” дуу намайг Монголын хорин настнуудын хүрээлэлд оруулж өгсөн бүтээл болсон шүү.

Д.ГАНСАРУУЛ