Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ихэнх нутгаар цас орж, шуурна DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун, төв, говийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орно.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -6…-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1…+6 градус дулаан, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн, өдөртөө хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -2…-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +7…+12 градус, бусад нутгаар -2…+3 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас, өдөртөө хур тунадас орно. Салхи шөнөдөө зүүн өмнөөс, өдөртөө зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зөөлөн цасан шуурга шуурна. Шөнөдөө -2…-4 градус, өдөртөө хүйтэрч 0…-2 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө хур тунадас орно. Салхи шөнөдөө зүүн өмнөөс, өдөртөө зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зөөлөн цасан шуурга шуурна. Шөнөдөө -6…-8 градус, өдөртөө хүйтэрч -2…-4 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө хур тунадас орно. Салхи шөнөдөө зүүн өмнөөс, өдөртөө зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зөөлөн цасан шуурга шуурна. Шөнөдөө -7…-9 градус, өдөртөө хүйтэрч 0…-2 градус хүйтэн байна.

Categories
мэдээ цаг-үе

Нийт нутгийн 47 хувь нь бэлчээрийн нөөц сайтай DNN.mn

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийнхэн 2024-2025 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн нутгаар тооцоолон гаргажээ. Газрын гарц, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, ашиглах хугацаа зэрэг мэдээлэлд үндэслэн уг тооцооллыг хийсэн аж. Ингэснээр нийт нутгийн 47 хувьд нь бэлчээрийн нөөц сайн байгааг тогтоожээ. Энэ жил зуншлага сайн болсон аймаг, сумуудын нутаг дэвсгэр үүнд хамрагдсан байна. Мөн 20 хувьд нь бэлчээрийн нөөц дундаж түвшинд байгаа гэнэ. Харин үлдсэн хувьд нь бэлчээрийн даац их, бага хэмжээгээр хэтэрсэн гэх дүн гарчээ.

Ялангуяа Баян-Өлгийн Сагсай, Увсын Завхан, Ховдын Мөст, Мянгад, Буянт, Говь-Алтайн Алтай, Баянхонгорын Галуут, Баянговь, Баянлиг, Хөвсгөлийн Төмөрбулаг, Цагаан-Уул, Өвөрхангайн Нарийнтээл, Уянга, Гучин-Ус сумд бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн тул өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэйг тус хүрээлэнгийнхэн анхааруулсан байна. Иймд бэлчээрийн даац хэтэрсэн аймаг, сумуудын нутагт өвс, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малаа борлуулах, тоог бууруулах зэрэг арга хэмжээг эртнээс хэрэгжүүлэхийг зөвлөжээ.

Categories
мэдээ цаг-үе

Томуугийн вакцинжуулалт өдөр бүр хийгдэж байна DNN.mn

Хүйтний улирал эхэлж байгаатай холбоотой иргэд тэр дундаа бага насны хүүхдүүдийн дунд ханиад томуугийн өвчлөл нэмэгдэж байна. Тэгвэл “Интермед”, “Гурван гал”, “Үрхэн” эмнэлгүүд дээр томуугийн вакцинжуулалт өдөр бүр хийгдэж  байгаа юм байна. Тус вакцин нь ДЭМБ-ын урьдчилан баталгаажуулалтад орсон буюу тусгай гэрчилгээтэй, Солонгос Улсын “Green Cross” компанийн вакцин бөгөөд нэг хүн тунд зориулагдсан савлагаатай гэдгээрээ давуу талтай. Мөн гурван сараас дээш насны хүүхдүүд болон бүх насныхан хамрагдах боломжтой.  Вакцин хийлгэснээр 98 хувийн дархлаа тогтох бөгөөд ханиад томуу хүрсэн ч хатгалгаа болж хүндрэхээс сэргийлдэг нь тогтоогджээ.  Үнийн хувьд нэг хүнд 65 мянган төгрөгөөр хийгдэж байна.  Эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд дундаж зардал нь 300 мянган төгрөг байдаг тухай мэдээлэл байсан.  Тэгэхээр урьдчилан сэргийлж эрүүл мэндээ хамгаалах мөн санхүүгийн хувьд ч хэмнэлттэй зэрэг олон давуу талтай талаар мэргэжлийн байгууллагаас мэдээлж байна. Заавал бага насны хүүхэд гэлтгүй үйлчилгээний байгууллагын ажилчид, жирэмсэн, хөхүүл эхчүүд хамрагдах шаардлагатай зорилтот бүлэг гэж ДЭМБ-аас тодорхойлсон байдаг.  Албан байгууллагууд ч гэсэн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ажилчдаа урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулахыг  уриалж байна.

Эх сурвалж:www.polit.mn  

Categories
мэдээ цаг-үе

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 9.6 жил байгаа нь дэлхийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар батлагдсан “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2024-2027)”-г үндэсний хэмжээнд танилцуулах ажлыг Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо хамтран зохион байгуулж байна. Энэ хүрээнд хэрэгжилтийг хангахад хувь нэмрээ оруулан ажиллах Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа байгууллагуудын албан хаагчдад төлөвлөгөөг танилцууллаа.

Арга хэмжээг ГБХНЯ-ны Гэр бүлийн бодлогын газрын дарга Н.Баярмаа нээж, эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах төлөвлөгөө, цаашид хэрэгжүүлэх шийдлийн талаар Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны Эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишиг мэдээлэл өгөв.

Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 9.6 жил байгаа нь дэлхийн дунджаас хоёр дахин өндөр байгаа юм.

Монгол Улсын Ерөнхий сайд, Жендерийн үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнийн захирамжаар “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г баталсан. Дараагийн шатны энэхүү төлөвлөгөө нь 2024 оноос 2027 онд дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд 4 зорилт 36 үйл ажиллагааг төр, төрийн бус, аж ахуйн нэгж байгууллагууд хамтран хэрэгжүүлэх юм.

Төлөвлөгөөний 4 зорилтод

-Хөвгүүд, эрэгтэйчүүдийн эрүүл зан үйл, амьдралын зөв дадал хэвшлийг сайжруулах замаар чанартай, урт наслалтыг дэмжих

-Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт эрэгтэйчүүдийн хамрагдалт, оролцоог тогтмолжуулах

-Зам тээврийн ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах замаар эрэгтэйчүүдийн осол гэмтэл, зуурдын нас баралтыг бууруулах

-Үндэсний хэмжээнд хүйсээр ангилсан мэдээллийг өргөтгөн сайжруулах, жендерийн дүн шинжилгээ хийх, хөгжлийн бодлогод тусгах замаар олон талт хамтын ажиллагааг дэмжих асуудлууд багтаж байна.

Эх сурвалж: Unuudur.mn

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Усны шувууд буцлаа… DNN.mn

Намрын сэрүүн өвлийн жавраар солигдох дөхлөө. Саяхан л айлчлан ирсэн усны шувууд гангар гунгар гээд л сүрэг сүргээрээ буцаж байна.

Нуур, цөөрмийн ус шөнөдөө зайрмагтан хонож, өдрийн нарнаар эргээд гэсэхдээ хахир хүйтэн өвөл айсуйг илтгэх шиг. Бугын урамдах чимээ өдрөөс өдөрт бүдгэрсээр намрын шаргал налгар өдрүүд шувтарч байна даа. Нэг л өглөө сэрэхэд шаргал орчлон цагаан өнгөөр солигдоно. Усны шувууд буцаж, улирал солигдох энэ агшинд

“Аялан дуулах чиний минь хоолойтой

Адилхан өнгөөр уянгалан ганганаад

Алаг нүдний сормуус шиг дэрвээд

Аглаг тал дээгүүр шувууд буцлаа

Амраг минь чи минь дуугаа дуулаач

Аяны шувуудыг эргэн иртэл дуугаа дуулаач” хэмээх нэгэн сайхан хуучны дуу сэтгэлд эгшиглэнэ. Гадаадын ямар ч уран бүтээлч анх монгол дуу сурахдаа “Аяны шувууд”-ыг сурдаг гэдэг. Хөгжмийн нэрт мастер, гоц авьяастан З.Хангал агсны дуу гэдгийг хэн хүнгүй мэднэ байх аа.

Сайхан дуу сэтгэл баясгана гэдэг. Өвлийг утаа, түгжрэл, халтиргаа гулгаа, ханиад, хүйтэн гэж бухимдан хүлээж авахаас илүү сайхныг нь мэдэрч, сайхнаар угтаарай.

Э.МӨНХТҮВШИН

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Гандуулга: Нийслэлийг энэ онд бүрэн камержуулна DNN.mn

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Гандуулгатай “Ногоон бүс” төслийн талаар ярилцлаа.


-Ногоон бүс төслийг хэзээнээс хэрэгжүүлж эхэлсэн бэ. Энэхүү төслийн зорилго, ач холбогдлын талаар ярихгүй юу?

-Цагдаагийн байгууллагын зүгээс “Ногоон бүс” төслийг 2022 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд нийслэл, аймаг, орон нутагт олон улсын стандартад нийцсэн камер байршуулах юм. Үүний гол зорилго нь ард иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах явдал.

-Уг төсөл нь хэдэн үе шаттай, ямар ажлууд хийгдэхээр байгаа вэ?

-Энэ төслийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Нэгдүгээр шатны хэрэгжилтийн үр дүнд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийг 2022 онд бүрэн камержуулсан. Ингэснээр гэмт хэргийн дуудлага мэдээлэл 48.6, гудамж, талбайд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо 37 хувиар буурч, гэмт хэргийн илрүүлэлт 41.9 хувиар өссөн гэсэн эерэг үзүүлэлт гарсан.

Хоёрдугаар шатны хэрэгжүүлэлтийн үр дүнд нийслэлийн гэмт хэрэг, зөрчил хамгийн их үйлдэгддэг 12 хороог сонгон авч, камержуулсан. Төсөл үргэлжлэх хугацаанд эдгээр хороодод шинээр 1714 камер суурилуулж,489 камерыг засварлаж, 476 камерын чиглэлийг өөрчилж, 800 анхааруулах тэмдэг нийтийн эзэмшлийн талбайд байршуулсан. Бид тухайн хороодын камер ашиглалтад нэгэн туршилт хийсэн юм. Уг туршилтаар нэг хүн нэг километр замыг туулахдаа. нийт 40 камерт бичигдсэн.

Хамгийн сүүлийн гуравдугаар үе шатыг 2024 онд багтаан аймаг, нийслэлийн бүх баг, хороо, сум, дүүргийг камержуулах, теле камерын хяналтын дэд төвүүдийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулах зорилтыг тавин ажиллаж байна.

-Энэ ажил ямархуу явцтай байна?

-Өнөөдрийн байдлаар нийслэлд 32345, орон нутагт 23014, нийт улсын хэмжээнд 55329 камер байршуулсан нь зорилтот түвшний 73.2 хувьтай байна. Олон улсын туршлагаар 100 хүн тутамд 1-3 хяналтын камер ногдох ёстой гэсэн судалгаа бий. Тэгэхээр энэ жишгээр манай улсад 84344 камер шаардлагатай. Монгол Улс нийт 23 мянга гаруй барилга байгууламжтай гэдэг. Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлд зааснаар тухайн барилга байгууламжийн эзэмшигч, өмчлөгч нь нийтийн эзэмшлийн гудамж талбайд хяналтын камер байршуулах, арчлах, хамгаалах үүрэгтэй. Нэг барилгын гадна дөрвөн хяналтын камер байршуулахад манай улс нийтийн эзэмшлийн талбайгаа 92804 ширхэг камертай болгох бүрэн боломж байгаа юм.

-Мэдээж камержуулснаар гэмт хэргийн гаралт буурч, илрүүлэлтэд ахиц гарах нь тодорхой байх. Одоогийн байдлаар камерын тусламжтайгаар хичнээн хэрэг илрүүлчихээд байна вэ?

-Камерын хяналтыг ашиглаад энэ онд 1652 гэмт хэрэг, 8398 зөрчил илрүүлж, 525 гэмт хэрэг, 878 зөрчлийг үйлдэл дээр нь таслан зогсоосон. Мөн оршин суугаа газраасаа алга болсон 200 гаруй хүүхдийг олж тогтоож, ар гэрт нь хүлээлгэн өгсөн. Тийм ч учраас хяналтын камер нь иргэдийн эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх, тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх технологийн чухал хэрэгсэл гэж ойлгох хэрэгтэй.

-“Ногоон бүс” төслийн хүрээнд буюу камержуулалтад энэ онд нийт хэдэн төгрөг зарцуулсан бол?

-Энэ онд улсын хэмжээнд камержуулах ажлыг явуулахад, Теле камерын хяналтын дэд төвийг байгуулахад нийт 117.6 тэрбум төгрөг зарцуулсан. Үүний 87.9 тэрбумыг нь нийслэлд, 29.6 тэрбумыг нь орон нутагт зарцуулаад байна.

-Хяналтын камерууд ямар стандарт шаардлагыг хангасан байх ёстой байдаг вэ?

-Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хяналтын камерын стандарт (MNS 6423:2019) гэж байдаг. Энэ стандартаа барьж камержуулалтын ажил хийгдэж байгаа.

-Хяналтын камерын багтаамж ямар байдаг вэ. Байршуулсан камерыг эвдсэн тохиолдол бүртгэгдсэн үү?

-Хүчин чадлаасаа шалтгаалаад камерын үнэ өөр, өөр байдаг. Бид аль болох ААН, байгууллагуудаа чанартай, сүүлийн үеийн, багтаамжийн хувьд хамгийн багадаа нэг сарын бичлэгийг хадгалдаг камертай байхыг зөвлөдөг. Камертай байх нь ААН, байгууллагууддаа ч ашигтай. Гадна орчноо хянаж байна гэдэг өөрсдийн аюулгүй байдлыг хянаж байна гэсэн үг. Камержуулалт нь иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй орчны баталгаа болдог учраас камерыг эвдэх гаргадаггүй. Одоогоор камер санаатайгаар эвдэлсэн тохиолдол бүртгэгдээгүй байна.

-Аль дүүрэгт хамгийн их гэмт хэрэг, зөрчил бүртгэгддэг вэ. Тэдгээр дүүргүүдийн нутаг дэвсгэрийг бүрэн камержуулсан уу?

-Хүн амын нягтаршил ихтэй нутаг дэвсгэрт гэмт хэргийн гаралт их байдаг. Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд хамгийн их гэмт хэрэг бүртгэгддэг. Одоогоор Баянзүрх дүүрэгт 8570 камер, Сонгинохайрхан дүүрэгт 5740 камер суурилуулаад байна. Уг төслийн хүрээнд камержуулалт нэмэгдэж байгаа.

Ө.АНХЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр могой өдөр DNN.mn

2024.10.20 / НЯМ ГАРИГ

НАМРЫН АДАГ ХӨХ НОХОЙ САРЫН
ТАВАН ШАР УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР

Үс засуулвал: Эд малын гарлагатай
Наран ургах, шингэх: 07.19-17.55
Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Хурьцахуй

Суудал: Уул

Аргын тооллын 10 сарын 20, Адъяа гариг. Билгийн тооллын 18, Чөлөөт эх одтой, улаагчин могой өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 7:19-17:55. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Хяруу унах улирал (0ц 47м) эхлэнэ.

 

Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан байна DNN.mn

20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говь, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд Алтайн уулархаг нутгаар, 20-нд говь, тал, хээрийн нутгаар, 21-нд Дорнод-Монголын тал нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -5…-10 градус хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -12…-17 градус, өдөртөө 0…-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан байна. 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр өдөр Завханы өмнөд хэсэг, Говь-Алтай, Баянхонгорын нутаг, маргааш буюу 20-нд ихэнх нутгаар, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байх тул зам даваа гүвээнд мөстөлт, халтиргаа, гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

2024 оны аравдугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс хойш эргэж, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн төв хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шинэ болон Хошой аваргатай өсвөр үе залуучуудын 2024 оны УАШТ өндөрлөлөө DNN.mn

Өмнөговь аймгийн нэрэмжит Өсвөр ба Залуучуудын 2024 оны Улсын аварга шалгаруулах барилдаан гурван өдрийн турш Монгол бөхийн өргөөнд амжилттай үргэлжилж , энэ цаг мөчид дүнгээ гаргаж байна.

Өсвөрийн шигшээ барилдаанд 10 бөх шалгарч тойргоор барилдсанаас бага буюу 16 насанд Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх, сумын заан Отгонбаатарын Сумъяабазар 9 даваа, нэг ч унаагүй түрүүлж, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн боллоо. Орхон аймгийн харьяат, Орхон БТСГ-ын бөх Төмөрбаатарын Ган-Эрдэнэ 7 даваа, 2 унаатайгаар дэд байрт шалгарч мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, Улаанбаатар хот БЗД-ийн харьяат, Баянзүрх БТСГ-ын бөх Цэвээндоржийн Өсөхбаяр 7 даваа, 2 унаатайгаар гутгаар байрт шалгарч хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Хөвсгөл БТСГ-ын бөх Баярмагнайн Бадмаанямбуу 5 даваа, 4 унаатайгаар дөрөвдүгээр байр, Хэнтий аймгийн Батноров сумын харьяат, Хэнтий БТСГ-ын бөх, Амгалангийн Тайванбат 5 даваа, 4 унаатайгаар тавдугаар байр, Архангай аймгийн харьяат, “Бөхбилэгт” дэвжээний бөх Бямбадоржийн Буянтогтох 4 даваа, 5 унаатайгаар зургаадугаар байр, Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат, “Хонгор нутаг” дэвжээний бөх Эрдэнэбатын Мөнхбаатар 3 даваа, 6 унаатайгаар долоодугаар байр, Архангай аймгийн, Батцэнгэл сумын харьяат, Архангай БТСГ-ын бөх, Эрдэнэбатын Батмагнай 2 даваа, 7 унаатайгаар наймдугаар байр, Ховд аймгийн Булган сумын харьяат, Хан-Уул БТСГ-ын бөх, Болдбаатарын Азжаргал 2 даваа, 7 унаатайгаар есдүгээр байр, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат, “Тастулек” дэвжээний бөх Бахытжаны Нурайдын 1 даваа 8 унаатайгаар аравдугаар байрт тус тус шалгарлаа.

Энэ насны Уран барилдааны шагналыг Аваргууд академийн О.Мөнхбаатар, Уран гараа дэвээтэй бөхийн шагналыг Хутагтын хүчтэн дэвжээний Бат-Эрдэнэд гардуулав.

Дунд нас буюу 17 насны шигшээ барилдаанд 10 бөх шалгарч тойргоор барилдсанаас Тува улсын бөх Ооржак Максем 8 даваа, 1 унаатайгаар тэргүүлж, Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртсэн бол Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат, Дархан БТСГ-ын бөх, сумын заан Батсүхийн Мөнхжин 7 даваа, 2 унаатайгаар удаалж, мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх Бат-Өлзийн Ганбаатар 7 даваа, 2 унаатайгаар гутгаар байрт шалгарч, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн боллоо.
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат, “Аварга” дээд сургуулийн бөх Болдсайханы Энхтөгөлдөр 6 даваа, 3 унаатайгаар дөрөвдүгээр байр, Увс аймгийн Хяргас сумын харьяат, “Хурд” дэвжээний бөх, сумын заан Дашнямын Мөнх-Отгон 5 даваа, 4 унаатайгаар тавдугаар байр, Баян-Өгий аймгийн Сагсай сумын харьяат, Баянгол БТСГ-ын бөх Еркиний Ховланды 5 даваа, 4 унаатайгаар зургаадугаар байр, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Эв Монгол” клубын бөх Амартүвшиний Буянжаргал 3 даваа, 6 унаатайгаар долоодугаар байр, Улаанбаатар хот, СБД-ийн харьяат, Сүхбаатар БТСГ-ын бөх, сумын заан Жавхланхүүгийн Далайцэрэн 2 даваа, 7 унаатайгаар наймдугаар байр, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, Сэлэнгэ БТСГ-ын бөх, сумын заан Батсайханы Занданбат 2 даваа, 7 унаатайгаар есдүгээр байр, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Баянзүрх БТСГ-ын бөх Мөнхбатын Өсөхжаргал аравдугаар байрт тус тус шалгарав.

Энэ насны Уран барилдааны шагналыг БЗД БТСГ-ын М.Өсөхжаргал, Уран гараа дэвээтэй бөхийн шагналыг Сэлэнгэ БТСГ-ын Б.Занданбат нар гардав.

Том буюу 18 насны шигшээ барилдаанд 10 бөх шалгарч тойргоор барилдсанаас Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат, Завхан БТСГ-ын бөх, сумын заан Дармаабазарын Нарантулга 8 даваа, 1 унаатайгаар тэргүүлж, Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртсэн бол Төв аймгийн Жаргалант сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх, Баянмөнхийн Батжаргал 7 даваа, 2 унаатайгаар удаалж, мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, Өмнөговь БТСГ-ын бөх Санжаасүрэнгийн Баярбаатар 6 даваа, 3 унаатайгаар гутгаар байрт шалгарч, хүрэл медаль өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн боллоо.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Орхон БТСГ-ын бөх Цолмонбаярын Цогт-Эрдэнэ 6 даваа, 3 унаатайгаар дөрөвдүгээр байр, Тува улсын бөх Намчаа Сугдер 6 даваа, 3 унаатайгаар тавдугаар байр, Дорнод аймгийн Гурванзагал сумын харьяат, Аварга клубын бөх Ариунтуяагийн Дэмүүл 3 даваа, 6 унаатайгаар зургаадугаар байр, Увс аймгийн харьяат, Увс БТСГ-ын бөх Буянжаргалын Данзанравжаа 3 даваа, 6 унаатайгаар долоодугаар байр, Хөвсгөл аймгийн, Рашаант сумын харьяат, Хөвсгөлийн хүчтэн дэвжээний бөх, Гансүхийн Лхагвадорж 2 даваа, 7 унаатайгаар наймдугаар байр, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат, Эв Монгол клубын бөх Батхишигийн Бумбацогт 2 даваа, 7 унаатайгаар есдүгээр байр, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат, Аварга дээд сургуулийн бөх , сумын начин Тогоогийн Ням-Очир аравдугаар байрт тус тус шалгарлаа.

Энэ насны Уран барилдааны шагналыг БТСУХ-ны Б.Данзанравжаа, Уран гараа дэвээтэй бөхийн шагналыг Их богд дэвжээний Х.Жамбалдорж нарт гардуулав.

Харин Залуучуудын 19-20 насны ангилалд шигшээд мөн 10 бөх шалгарч тойрсноос Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат, Завхан БТСГ-ын бөх, аймгийн начин Батбаярын Сундуйжав 7 даваа, 2 унаатайгаар тэргүүлж, Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртсэн бол Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын харьяат, Эв монгол клуб, Радиатор Сервис ХХК-ий бөх, Довдоны Сумъяабазар 6 даваа, 3 унаатайгаар удаалж, мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, Увс аймгийн Тэс сумын харьяат, Алдартан клубын бөх сумын заан Галдандагвын Цэрэнтогтох 6 даваа, 3 унаатайгаар гутгаар байрт шалгарч, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн боллоо.
Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх Мөнхбаатарын Баяржавхлан 6 даваа, 3 унаатайгаар дөрөвдүгээр байр, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Бадрах өглөө Нэгдэл клубын бөх сумын начин Зоригтын Анхбаяр 4 даваа, 5 унаатайгаар тавдугаар байр, Баян-Өлгий аймгийн харьяат, “Алдар” спорт хороо, Тастүлек бөхийн дэвжээний бөх Серикбайн Нуртилек 4 даваа, 5 унаатайгаар зургаадугаар байр, Булган аймгийн Хангал сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх Сайнбаярын Жавхлан 4 даваа, 5 унаатайгаар долоодугаар байр, Архангай аймгийн, Хайрхан сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх, Содномжамцын Бат-Эрдэнэ 3 даваа, 6 унаатайгаар наймдугаар байр, Увс аймгийн Давст сумын харьяат, Увс, Давст сумын бөх сумын заан Цэвэгмэдийн Бямбацогт 3 даваа, 6 унаатайгаар есдүгээр байр, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Аварга дээд сургуулийн бөх , сумын начин Баярдэлгэрийн Баасанчулуун 2 дава, 7 унаатайгаар аравдугаар байрт тус тус шалгарав.

Энэ ангиллын Уран барилдааны шагналыг Нэгдэд клубын З.Анхбаяр, Уран гараа дэвээтэй бөхийн шагналыг Их богд дэвжээний Э.Ганбаяр нарт гардуулав.

Багийн дүнгээр тэргүүн байрт “Алдар” спорт хороо, дэд байрт Орхон аймгийн БТСГ, гутгаар байрт Тува улсын баг тус тус шалгарч шалгарч, Алта, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын хамт гардлаа.