Categories
мэдээ нийгэм цаг-үе

Томуугийн зорилтот бүлгийн дархлаажуулалт 80 гаруй хувьтай үргэлжилж байна DNN.mn

Нийслэлд сүүлийн долоо хоногийн мэдээгээр амбулаторийн үзлэгийн тоо нэмэгдэж, нийт 93 мянга гаруй иргэнд үйлчлээд байна. Үүнээс томуу, томуу төст өвчний шалтгаанаар амбулаториор үйлчлүүлэгчдийн 4.6 хувь нь ханджээ.

Харин ХӨСҮТ-өөс гаргадаг тандалт мэдээний дүнгээр томуугийн өвчлөл улирал хоорондын үеэс идэвхжлийн үе рүү шилжээд 14 хонож байна. Тодруулбал, томуугийн дэгдэлт үүсээгүй буюу томуугийн А болон В хүрээний вирус өвдсөн иргэдийн дунд илрээгүй. Гэсэн ч хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа аж. Тиймээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулганаас тодрууллаа.

Тэрбээр “Энэ жил томуугийн дархлаажуулалт өнгөрсөн жилтэй харьцуулахад нэг сар гаруйн өмнө эхэлсэн. Энэ хэрээр эмнэлэгт хандаж хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоо буурна гэсэн хүлээлт байна. Одоогоор томуугийн зорилтот бүлгийн дархлаажуулалт 80 гаруй хувьтай бөгөөд ирэх 7 хоногт дархлаажуулалт дуусна. Томуугийн өвчлөл нэмэгдэх хэрээр эмнэлэгт хандаж хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоо нэмэгдэх хандлагатай байдаг. Үүнтэй холбоотойгоор НЭМГ-ын харьяа үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн байгууллагуудад амьсгалын замын өвчлөлтэй 800 гаруй хүүхдийг хүлээж авах зориулалттай ор дэлгэсэн. Үүнийг цаашид 2 дахин нэмэгдүүлж, 2000 гаруй ор дэлгэх нөөцийг бэлтгэсэн. Цэцэрлэг, сургуулийн нөхцөлд эрүүл ахуйн байцаагч нар бусад агентлагийн энэ чиглэлийн албан хаагчтай хамтран эрүүл ахуйн төлөвлөгөөт хяналт, шалгалт хийж, эрүүл ахуйн болон хоол үйлдвэрлэлийн чиглэлээр тодорхой зөвлөмжүүд хүргэсэн. Мөн нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу томуугийн өвчлөлөөс сэргийлэх цогц арга хэмжээнүүдийг авдаг. Энэ дагуу цэцэрлэг, сургуулийн багш нарт зориулсан томуу, томуу төст өвчнөөс хүүхдийг урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтууд зохион байгуулна” хэмээлээ.

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх өвөрмөц арга бол вакцин, харин ахуйн нөхцөлд иргэд өөрсдөө эрүүл ахуйн аргаар урьдчилан сэргийлэх боломжтой юм. Тухайлбал, олон хүн цугласан газраар бага насны хүүхдийг дагуулж явахгүй байх, амны хаалт хэрэглэх, гараа тогтмол угаах, өрөө тасалгааг агааржуулж, нойтон цэвэрлэгээ тогтмол хийж байхыг албаны хүн зөвлөж байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Үүрийнтуяа: Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн технологийн шийдлээ бид олчихсон DNN.mn

Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяатай ярилцлаа.


-Засгийн газраас ирэх оны төсвийн төслийг өргөн барьсан. Одоо УИХ, байнгын хороодоор ид хэлэлцэж байна. Таны хувьд уг төсөлтэй танилцсан байх. Ямар төсөв болсон гэж үзэж байна вэ?

-Танай сонины уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Маш чухал цаг үед та бид хоёр уулзаж, ярилцаж байна. Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг холбогдох байнгын хороодоор хэлэлцэж байгаа. Энэ удаагийн төсөв бол өмнөх жилүүдийн төсвүүдээс ялгаатай, их онцлог. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх үүднээс аль болох жижиг тойргуудад хөрөнгө мөнгийг хувааж тавихаас илүү том бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх, бүс нутгийн хэмжээнд томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, дэд бүтцийн чиглэл рүү илүү хөрөнгө оруулалт хийхэд чиглэсэн. Хуучин тойрог бүр дээр олон арга хэмжээг хэрэгжүүлэхээр орж ирдэг байсан. Харин одоо бол өмнөх жилүүдэд эхэлсэн хөрөнгө оруулалтуудыг дуусгах, бүсчилсэн хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалтууд шинээр орж байгаагаараа онцлог байна.

Тухайлбал, өмнөх жилүүдэд хөрөнгө оруулалтаар жилд 400-500 шинэ төсөл хэрэгжүүлэхээр төсөвт орж ирдэг байсан бол 2025 оны төсөвт шинэ төсөл ердөө 38 байна. Үүний 33 төсөл нь зам, тээвэр, инженерийн дэд бүтэц, цахилгаан дулааны эрчим хүчний төслүүд байгаа. Мөн цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нэмэгдсэн, дулаан, цахилгааны үнэ нэмэгдэж байгаатай холбоотойгоор урсгал зардлууд өссөнөөс бусад зардлуудыг бууруулах, багасгахад анхаарсан төсөв орж ирсэн гэж харж байгаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд бид чинь олон зорилтуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд явж байгаа шүү дээ. Тийм болохоор эдийн засгийг өсгөж, тэлэх гол 14 мега төсөлдөө анхаарч байгаа. Эдгээр төслөөс энэ дөрвөн жилд аль, аль төслийг нь дуусгах юм. Ямар, ямар төслийг дараагийн шатанд үргэлжлүүлэх юм гэдэг дээр анхаарах ёстой. Энэ төслүүдийг хэрхэн хэрэгжүүлснээс Монгол Улсын эдийн засгийн өсөлт шууд хамаарна. Эхний дөрөв, таван төслийг амжилттай хэрэгжүүлж чадвал 2023 оны байдлаар 6000 ам.доллар байгаа нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ийг 2028 онд 10 мянган ам.долларт хүргэх зорилтдоо хүрэх боломжтой. Манай улсын эдийн засгийн өсөлт ирэх онд найман хувьтай байна гэж тооцож байна. Төсвийн хүрээний мэдэгдлээр 2026, 2027 он тус бүрт 6.5 хувьд эдийн засгийн өсөлт хангагдана гэж үзэж байгаа. Үүнээс гадна инфляцийг 2025 онд зургаа, 2026 онд тав, 2027 онд дөрвөн хувьтай байлгаж, жил тутам буулгана гэж тооцсон. Ер нь дэлхийн болон манай хоёр хөршийн эдийн засгийн өсөлт бидэнд шууд нөлөөлнө. Манай эдийн засаг уул уурхайн салбараас бүрэн хамааралтай. Тэр дундаа нүүрс, зэс гэсэн хоёр бүтээгдэхүүнээс голлож хамаарч байгаа. Уул уурхайн салбарын өсөлт ирэх онд 6.7 хувь, нийт эдийн засгийн өсөлтийн 1/3 нь уул уурхайн салбараас хамаарна гэж Сангийн яам тооцоолол хийж оруулж ирсэн. Тийм болохоор бид уул уурхайн салбараа эдийн засгийн хувьд тогтвортой авч явахын тулд цаашдаа нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд л голлон анхаарах хэрэгтэй. Газрын доорх баялагаа түүхийгээр нь, эсвэл хагас боловсруулсан байдлаар гаргаад л байх юм бол тэр хэрээрээ бид боломжуудаа алдана л гэсэн үг. Магадгүй энэ удаагийн төсөв нэлээн томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт руу чиглэсэн учраас их өндөр санагдаж магадгүй. Гэхдээ эдийн засгийн өсөлтийг авчрахын тулд зоригтой, дорвитой хөрөнгө оруулалт хийхгүй л бол цаашдаа эдийн засгийн өсөлтийг тогтмол барих боломж байхгүй. Төсвийн өсөлтийг тодорхой үзүүлэлтүүдээр нь хэмжээд үр ашигтай, ашиггүй гэх зэргээр шинжилгээ хийж үнэлж, дүгнэж болно.Гол нь бидний зарцуулж байгаа хөрөнгө эргээд ямар үр өгөөж өгөх хөрөнгө оруултад явж байна вэ гэдэгт л онцгой анхаарах ёстой.

-Эдгээр 14 мега төслөөс эрэмбэлээд үзвэл хамгийн эхэнд хэрэгжих боломжтой нь юу байна вэ?

-Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төсөл байгаа юм. Энэ төсөл Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Үйлдвэр технологийн паркийн хүрээнд хийгдэнэ гээд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан. Тиймээс Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах, түүнийг дагасан Металлург, химийн үйлдвэрийн цогцолбор байгуулах бэлтгэл ажлыг үндсэндээ Эрдэнэт үйлдвэр хангаад явж байна. Үйлдвэр технологийн паркийг нийтдээ 1200 га газарт байгуулж байгаа бөгөөд энэ хүрээнд дэд бүтцийн асуудлыг Эрдэнэт үйлдвэр санхүүжүүлэн шийдвэрлэж байгаа. Энд тусгай хамгаалалтын бүсийг тогтоогоод хашаажуулах ажил бараг дууссан. Эрчим хүч, авто болон төмөр зам, усан хангамж, ариутгах татуургын гэсэн дөрвөн дэд бүтцийн асуудал болон хашаажуулах ажилд нийтдээ 68 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байгаа. Үүний хамгийн том хөрөнгө оруулалт нь эрчим хүчний дэд бүтцэд 46 сая ам.доллар зарцуулагдана. Эрчим хүчнээс бусад бүх төслүүдийн ажил нь тендер шалгаруулалт зарлагдаад гүйцэтгэгч тал ажлаа эхлээд 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй явж байна. Харин эрчим хүчний төслийн зураг төсөв сая хийгдээд дууссан. Одоо тендер шалгаруулалт нь хийгдэх гэж байна.

-Тэгэхээр хажууд нь тусдаа цахилгаан станц баригдах юм уу?

-Цахилгаан станц гэж ойлгож болохгүй. Дэд станцууд орж ирнэ гэсэн үг. Үндсэн техникийн нөхцөл бол Бөөрөлжүүтийн цахилгаан станцаас олгогдсон байгаа. Саяхан Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний 150 мегаватт ашиглалтад орчихлоо гэдэг нь бидэнд эрчим хүчний боломж нээгдэж байгаа хэрэг. Ер нь бид энэ 14 том төслийг хэрэгжүүлэхийн тулд дэд бүтцийн асуудал нь шийдэгдэж байж явагдах учиртай.

-Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр эцсийн байдлаар хэзээ ашиглалтад орох вэ. Хүчин чадал ямар байх вэ?

-Тус үйлдвэр 2027 оны 12 дугаар сар гэхэд ашиглалтад орно гэж тооцож байгаа. Одоо ТЭЗҮ бүрэн боловсруулагдаж дууссан. Холбогдох тусгай зөвшөөрлүүд, бүх зүйлээ авчихсан. Ганц хийгдэх ажил үлдсэн нь нарийвчилсан зураг төсөл. Энэ үйлдвэрийг бид их олон жил ярьж байгаа. Бараг сүүлийн 30 жил ярьж байгаа гэж хэлж болно. Гэвч энэ хугацаанд яагаад яваагүй вэ гэхээр тулгамдсан хоёр асуудал л байсан.

-Тэр нь юу вэ?

-Нэгдүгээрт, бид дэд бүтцийн асуудлаа шийдэхгүйгээр томоохон үйлдвэрийн төсөл ярьдаг байсан. Одоо бол Эрдэнэт үйлдвэр дэд бүтцийг нь урьдчилан шийдчихлээ. Энэ 1200 га газрын 200 га-д нь л Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр болон түүний хүрээнд хийгдэх Металлург, химийн үйлдвэр баригдана. Үлдсэн 1000 га-д энэ үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнийг ашиглаад жижиг дунд үйлдвэр, бусад үйлдвэрүүд хөгжих боломжийг нь хувийн хэвшилд олгож өгч байгаа юм. Хоёрдугаарт, технологийн асуудал тулгарч байсан. Анх 1980-аад онд энэ үйлдвэрийн анхны ТЭЗҮ-ийг хийж байсан юм. Үүгээр бол Хөвсгөлийн Бүрэнхааны фосфоритын ордыг ашиглаад фосфорын баяжмал гаргаж, зэсийн баяжмалаа хайлуулах явцад ялгарах хүхэрлэг хийтэйгээ хольж фосфорын бордоо үйлдвэрлэнэ. Нөгөө талдаа шингэн хүхэр буюу хүхрийн хүчил үйлдвэрлэнэ гэж ТЭЗҮ нь гарсан байсан. Тэр үед Ц.Балдорж агсан “Далай ээж цаазын тавцанд” гэсэн нийтлэл бичиж, энэ төсөл үндсэндээ зогссон юм билээ. Харин 2020, 2021 оны үед Эрдэнэт үйлдвэрийн хамт олон энэ үйлдвэрийн ТЭЗҮ-ийг шинэчилж Бүрэнхааны орд Далай ээжтэй холбоотой биш байна, үүнийг ашиглая гэдэг саналаа Засгийн газарт танилцуулсан ч зөвшөөрөөгүй. Тийм учраас дараагийн технологийн гарцыг хайж эхэлсэн. Ингээд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид, инженерүүд, гадны эрдэмтэд судлаачидтай, Хятадын INFI групптэй хамтран судалгааны ажлууд хийсэн. Дэлхий дахинд хүхэрлэг хийг саармагжуулахдаа байгалийн хий ашиглан элементийн хүхэр үйлдвэрлэдэг технологи байдаг. Манай улс байгалийн хий байхгүй учраас энэ процесст ашиглах байгалийн хийг нүүрсний хийгээр орлуулах судалгааны ажлыг бид дэлхийд анх удаа хийсэн. Шарын голын нүүрсээр лабораторийн болон үйлдвэрлэлийн туршилт явуулсан. Үйлдвэрлэлийн туршилт амжилттай болж, 99.5 хувийн чанартай элементийн хүхэр үйлдвэрлэлээ, хүхэр барилт 97 хувьтай байна гэсэн урьдчилсан мэдээ ирсэн. Удахгүй энэ дүн баталгаажаад ирнэ. Тэгэхээр үндсэндээ бид технологийн хувьд шийдлээ олчихлоо гэсэн үг. Элементийн хүхэр нь манай улсын хувьд экспортын чухал бүтээгдэхүүний нэг. Эрдэнэт үйлдвэр жилдээ 600 мянган тонн зэсийн баяжмал гаргаж байгаа. Үүнийгээ хайлуулаад болосруулахад 130 орчим мянган тонн цэвэр зэс гаргах боломжтой. Үйлдвэр технологийн парк бүтнээрээ ашиглалтад орсноор 1500 орчим, хайлуулах үйлдвэр дээр 800-гаад ажлын байр нэмэгдэж, эдийн засгийн өсөлтийг найман хувиар тэлнэ гэж тооцож байгаа. Нийтдээ 300-гаад сая ам.доллараар гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломжтой төсөл байгаа юм. Тиймээс энэ үйлдвэрийг нэн яаралтай ашиглалтад оруулах нь эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх том боломж.

-Та түрүүн яриандаа ирэх оны эдийн засгийн өсөлтийг найман хувь байхаар төсөөлж байгааг хэлсэн. Ингэж төсөөлөхийн гол үндсэн нөхцөл, шалтгаан юу вэ?

-Гадаад зах зээлд гарч байгаа гол бүтээгдэхүүн бол үндсэндээ нүүрс, зэс байгааг түрүүнд хэлсэн. Тэгэхээр ирэх жилүүдэд хэрэгжүүлэх төслүүд дээр нүүрсээ коксжуулж, нэмүү өртөг шингэсэн үнэлэмж өндөртэй бүтээгдэхүүн экспортлохоор төлөвлөж буй. Хэдийгээр нүүрсний үнэ унаж байгаа ч гэсэн тоо, хэмжээнийхээ өсөлтөөр бид экспортынхоо орлогыг нэмэгдүүлээд яваад байгаа. Гэсэн ч ирэх жилүүдэд бид зөвхөн нүүрс, зэсээс гадна бусад ашигт малтмалын төрлүүдийн экспортоо нэмэгдүүлж, уул уурхайн салбараас олж байгаа орлогоо солонгоруулах хэрэгтэй. Мөн хөдөө аж ахуйн салбартаа ач холбогдол өгөх ёстой. Энэ оны өвөл хүндэрснээс тус салбарын орлого буурсан.

Харин ирэх оны өвөлжилтийн бэлтгэл байдлаа сайтар хангаад, цаг агаар хүндэрчихгүй бол хөдөө аж ахуйн салбараас өсөлт авч ирнэ гэж тооцож байгаа. 2025 онд уул уурхайн салбарын өсөлтийг 6.7 хувиар тэлнэ гэж тооцож байна. Энэ нь эдийн засгийн өсөлтийг найман хувиар нэмэгдүүлэхэд голлох нөлөө үзүүлэх юм. Ер нь 14 мега төслөөсөө улсын төсөв дээр ачаалал үүсгэхгүй, төр-хувийн хэвшлийн түншлэлээр хийх боломжтой төслүүдийг яаралтай явуулах хэрэгтэй. Ингэхийн тулд хууль, эрх зүйн орчныг сайжруулах ёстой. Өнөөдөр зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийг эхлүүлэхэд тулгамдаж байгаа гол асуудлын нэг бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль. Одоо бид уг төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа өнөөдөр мөрдөж байгаа хуулиар явуулна гэвэл лав ойрын хэдэн жилдээ эцсийн үр дүнг нь үзэж чадахгүй хэмжээнд байна. Тиймээс төрийн худалдан авах ажиллагааны хуулийг оновчлох, томоохон стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалтыг зохицуулдаг эрх зүйн орчноо олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах шаардлагатай гэж харж байгаа.

-Тухайлбал, яг яаж өөрчилбөл болох юм бэ?

-Тухайн салбартаа мэргэшсэн дэлхийн шилдэг аж ахуйн нэгжүүд оюуны өмч, ноу-хаудаа түшиглээд ТЭЗҮ-ийг боловсруулахаас эхлээд зураг төслөө хийх, тухайн бүтээн байгуулалтыг гүйцэтгэх, ажиллах хүчнийг сургаж бэлтгэх зэргээр түлхүүр гардуулах нөхцөлөөр ажлыг хийдэг жишиг байна. Өнөөдөр бидний мөрдөж буй хуулиар зураг төслөө нэг газраар хийлгэсэн бол гүйцэтгэгч нь заавал өөр газар байх ёстой гэж шаарддаг. Энэ мэтчилэн хоорондоо болон олон улсын жишигт нийцэхгүй байгаа зүйл олон байна.

-Эдийн засаг харьцангуй сэргэж байна гэж байгаа ч иргэдийн худалдан авах чадвар муудсан. Бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн, иргэд, аж ахуйн нэгжид татварын хүндрэл байна гэдэг шүүмжлэлийг олон нийт хэлж байна. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Эдийн засгийн өсөлт өрх бүрд яаж орох вэ гэдэг асуудал байгаа юм. Өнөөдөр хэдийгээр эдийн засаг өсөлттэй, нийт өсөлтийн хувиар харах юм бол дэлхийд дээгүүр тооцогдож байна гэж байгаа ч амьдрал ахуй хүнд байна уу гэвэл байна. Энэ юунаас хамаарч байна гэхээр бид инфляцийг импортлоод байгаа улс байхгүй юу. Тиймээс би Худалдааны хуультай болох ёстой гэж боддог. Ийм хуульгүйгээсээ болоод давхар татвараар өртөг нэмэгдэх эрсдлүүдийг бий болгоод байна. Дээрээс нь бид гаднаас оруулж ирдэг валютын урсгалаа нэмэгдүүлж, гадагшаа гаргадаг урсгалаа багасгаж байж л иргэдийн амьдралд эдийн засгийн өсөлт нөлөөлнө. Цалин тэтгэвэр хэчнээн нэмээд ч үр дүн багатай байна. Өөрөөр хэлбэл, бид үйлдвэрлэгч улс болох хэрэгтэй. Энгийн өргөн хэрэглээний бараагаа, хүнсээ өөрсдөө үйлдвэрлэж, хэрэглээгээ хангадаг болох хэрэгтэй байгаа юм.

-Худалдааны хуулийг санаачилж өргөн барих уу?

-Үүнийг бусад гишүүдтэйгээ ярьж, судалж байна. Ер нь Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байх хугацаандаа энэ хуулийн хэрэгцээ шаардлагыг илүү их мэдэрсэн. Тийм учраас үүнийг тал, талаас нь судлаад гишүүдтэйгээ хамтран өргөн барина гэж бодож байна. Гэхдээ үүнээс өмнө бид Боомтынхоо хуулийг эцэслэн гаргах ёстой.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардын нам УИХ-ын суудал горилогчдоо эхлээд аймаг, дүүргийн даргад тавьдаг увайгүй аргатай боллоо DNN.mn

Монгол ардын нам 2016 оноос хойш завсаргүй төрийн эрхийг барьж байна. Үндсэндээ одоо байгаа бүрэн эрхийнхээ хугацааг дуусгана гэж үзвэл сүүлийн 12 жил энэ нам төрийн эрхийг барих нь тодорхой гэсэн үг. Энэ олон жил эрх барих хугацаандаа Ардын нам хэнийг гишүүн болгох вэ, хэнийг аймаг, дүүргийн дарга болгох вэ гэдгээ эртнээс тохирдог болж. Тэр тусмаа УИХ-д суудал горилогчдоо эхлээд аймаг, дүүргийн Засаг даргаар тавьдаг увайгүй аргатай болсныг сүүлийн гурван ч удаагийн сонгуулийн дүр зургаас тодорхой харж болохоор байна. Тухайлбал, хуучин 76 гишүүнтэй парламентын үе буюу 2020 оны сонгуулийг эргэн саная. Ардын нам 76 суудлаас 62-ыг нь авч хоёр дахь удаагаа үнэмлэхүй олонх болсон. Магадгүй уг намын сонгууль болгоноор олонх болж ялаад байгаа шалтгаан, нууц нь ч энэ байж мэднэ.

Юу гэхээр УИХ-д гарч ирсэн 62 хүний ихэнх нь өмнө нь аймаг, дүүргийн Засаг даргаар тавигдсан улстөрчид байгаа юм. Жишээ нь, Ё.Баатарбилэг Архангайн Засаг дарга байж байгаад УИХ-д сонгогдсон. Мөн Багануураас Ц.Сандаг-Очир, Орхоноос Д.Батлут, Өвөрхангайгаас Д.Тогтохсүрэн, Өмнөговиос Н.Наранбаатар, Дорно-говиос Т.Энхтүвшин, Төв аймгаас Ж.Батжаргал гэх мэт аймгийн Засаг даргаар ажиллаж байсан олон хүн 2020 оны сонгуулиар УИХ-д гарч ирсэн. Дараа нь 2024 оны сонгуулийн өмнө МАН зарим орон нутгийн удирдлагуудыг босоо удирдлагаар шууд томилож байсан. Орон нутгийн хөгжлийг шинэчлэх, өөрчлөх, дэвшүүлэх зорилгоор биш, 2024 оны УИХ-ын сонгуулиар гишүүн болгон оруулж ирэх зорилгоор тухайн аймаг, дүүргийн Засаг даргаар тавьж байсан нь тодорхой гэмээр. Тухайлбал, “тооноор ордог хүүхэн” гэх тодотголтой Ховдын Засаг дарга Э.Болормаа байна. Дуудах нэрийг эцэг эх, дуурсагдах алдраа өөрөө гэдэг шиг Э.Болормаа гишүүн өнгөрсөн УИХ-ын сонгуулийн сурталчилгааныхаа үеэр тооноор орж, ард түмнийг гайхшируулснаар өөртөө дээрх нэрийг олж авсан. Сонгууль болохоос хоёр жилийн өмнө буюу 2022 онд Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн ажлыг удаашруулсан гэх шалтгаанаар Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг үүрэгт ажлаас нь чөлөөлж оронд нь Э.Болормааг тавьж байсан. Угтаа Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл одоо ч эхлээгүй л явна.

Энэ ажлыг хурдасгах гол үүргийг Э.Болормаад өгч Ховдын Засаг болгосон ч гол үүргээ биелүүлсэн эсэх нь мэдэгдэхгүй байсаар саяны сонгуулиар гишүүн болчих жишээтэй. Гол учир нь станцын ажлыг хурдасгахдаа биш, 2024 оны сонгуульд Э.Болормаа УИХ-д орж ирэх нь чухал байсан мэт. МАН-ын УИХ-д олонх болох увайгүй арга нь энэ. Энэ намд орон нутгийн хөгжил, бодлого түйч хамаагүй. Харин хаана, хэнийг намаасаа тавьбал УИХ-ын сонгуулиар намдаа нэг суудал чирээд ирэх вэ гэдгээ л гол зорилгоо болгосоор ирлээ. МАН-аас тавьдаг Э.Болормаа шиг Засаг асангууд өнөөгийн 126 гишүүнтэй парламентад олон бий. Ардын нам уг аргаа 2028 оны сонгуулиар ч хэрэглэнэ. Хэрэглээд ч эхэлчихсэн. Саяхан орон нутгийн сонгууль явагдаж дууслаа. Өнгөрсөн долоо хоногоос эхлээд аймаг, дүүрэг, сум, хороодын Засаг дарга нар томилогдож байна.

Үүнээс аймаг, дүүрэгт тавигдаж байгаа МАН-ын дарга нарыг хараарай. Энэ хүмүүс 2028 оны сонгуулиар зоолттой УИХ-ын гишүүн гээд л гараад ирнэ. Тухайн аймаг, дүүрэгт гоё, сайхан бүтээн байгуулалт, өрнүүн их ажлыг эхлүүлнэ гэж сонгогчдод амласан байх. Гэхдээ тэдний зорилго орон нутгийг хөгжүүлэх биш шүү. Тэдний гол том зорилго нь 2028 оны сонгуулиар УИХ-д орж ирэх. Засаг дарга нар УИХ-д орж ирж байгааг гаднаас нь өнгөц харвал тухайн аймаг, дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан буюу амьдрал мэддэг улстөрчид УИХ-д ялаад байгаа мэт боловч үнэндээ энэ бол Ардын намын дөрвөн жил тутам явуулж ирсэн улс төрийн увайгүй арга байсныг хэрсүү хүмүүс хэдийнэ таньж. Таних ч юу байх вэ. Орон нутгийн иргэдийн саналыг авч гарч ирсэн хүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусаагүй байхад төв намаас нь татдаг, сольдог. Эсвэл эхнээс нь горилогчдыг тавьдаг байдлаас болоод тухайн орон нутгийн хөгжил дөрвөн жилийн циклиэр дээшлэх байтал шаасан гадас шиг нам зогсож байна. Орон нутгаас Говь-Алтай, Архангай, Өвөрхангай, Дорнод, Говьсүмбэр, Дундговь, нийслэлээс Чингэлтэй, Сонгинохайрхан, Багануур, Багахангай гээд хөгжил нь явдаггүй, урагшилдаггүй, хуучин байшин, зам, талбайгаа шинэ будгаар будаад л төсөв нь таардаг болцгоосон газрууд олон.

Эдийн засгаараа, иргэдийнхээ амьжиргаагаараа, үйлдвэрлэл, бүтээн байгуулалтаараа өрсөлдөж байгаа цөөнгүй аймаг бий. Өмнөговь, Сүхбаатар, Увс, Орхон, Дархан, Сэлэнгэ гэх мэт. Яагаад энэ хэдэн аймгийн эдийн засаг дөрвөн жил тутам үсрэнгүй хөгжөөд, зарим нь таг зогсчихоод байна вэ. Нөгөө л МАН-ын явуулж байгаа дарга тавьдаг схемээс л болоод байгаа хэрэг. Товчхондоо УИХ-д орж ирэх гишгүүр нь орон нутаг учраас л тухайн аймаг, дүүргийн хөгжил зогсчихоод байна. Үүнийгээ болих хэрэгтэй. Орон нутгийн хөгжил иргэдийнх нь залхуу, арчаагүйгээс болоод зогсчихоогүй. Эсрэгээрээ сэтгэлгүй, орон нутгаа мэддэггүй, хөгжүүлэх дунд, урт хугацааны төлөвлөгөөгүй дарга, удирдлагуудаас нь болж сөнөж байгаа гэдгийг МАН-ын явуулж байгаа увайгүй аргаас тодорхой харагдахаар. Үнэндээ намын даалгавраар очсон улстөрч аймаг, орон нутгийн хөгжилд санаа зовно гэж байх уу. Тэдний гол санаа зовох ажил бол тухайн орон нутгийн иргэдийн тархийг угааж, яаж ирэх сонгуулиар УИХ-д суух вэ, энэ орон нутгийн иргэдийн саналыг яаж өөртөө татах вэ гэдгээ л бодно биз. Энэ зорилгодоо хүрэхийн тулд тэнд очсон Засаг дарга дөрвөн жилийн хугацаанд ажил хийх биш, ажил хийсэн мэт дүр үзүүлэн жүжиглэнэ. Хэн нь сайн жүжиг тоглоно тэр хүн УИХ-ын сонгуулиар хамгийн өндөр санал авна. Иймээс л орон нутгийн хөгжил гацдаг, иргэдийнх нь амь, амьжиргаа доошилдог. Эдийн засаг нь өсөхгүй болохоор үйлдвэрлэл нэмэгдэхгүй байна. Үйлдвэрлэл нэмэгдэхгүй болохоор ажлын байр бий болохгүй. Ажлын байргүй бол иргэд нь мэдээж орлогогүй. Орлогогүй, ажилгүй иргэд ажилтай, орлоготой газрыг л зорих нь тодорхой. Орон нутаг хүнгүйдлээ, хүн ам зүйн бодлого алдагдсан учраас хөгжил нь зогслоо гэдэг. Тэгвэл шалтгаан нь МАН-ын явуулж байгаа увайгүй бодлогоос л болоод байгаа юм биш үү. Тэгэхээр орон нутгийг хөгжүүлэх, хөдөөгийн сэргэлт, хөгжлийн бодлого гэж том, том хөтөлбөр, өндөр өртөгтэй төсөл санаачилж байхаар өөрсдийнхөө явуулж байгаа алдаатай, нийгэмд хохиролтой бодлогоо зогсоо, Ардын намынхан. Үүнийгээ зогсоогоод орон нутгийн удирдлага хэн байх тэр эрх чөлөөг нь орон нутагт нь үлдээ.

Адаглаад аймгийн Засаг даргаар хоёр удаа ажиллачихсан хүнийг, эсвэл тухайн орон нутагт ямар шинэ бодлого, өөрчлөлт бий болгосон байдлаар нь үнэлээд, иргэдийнх нь саналыг тусгаж байгаад УИХ-д дэвшүүлэх эсэхээ шийдэж болохгүй юу. Нөгөөтэйгүүр тухайн аймаг, дүүргийн иргэд сонгуулийн өмнө очсон улстөрчдөд саналаа битгий өг. Тэгж байж л орон нутаг чинь, аймаг, дүүрэг чинь хөгжих юм биш үү.

Р.БАТБОЛД

 

Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурч, өдөртөө Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -20…-25 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -13…-18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2…-7 градус, бусад нутгаар -8…-13 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -3…-8 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +1…-4 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8…+13 градус, бусад нутгаар +1…+6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -14…-16 градус, бусад хэсгээр -9…-11 градус хүйтэн, өдөртөө +3…+5 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -13…-15 градус хүйтэн, өдөртөө +1…+3 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -15…-17 градус, өдөртөө 0…-2 градус хүйтэн байна.

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр цагаан бич өдөр DNN.mn

Аргын тооллын аравдугаар сарын 23, Буд гариг. Билгийн тооллын 22, Өглөгт охин одтой, цагаан бич өдөр. Өдрийн наран 07:24 цагт мандаж 17:49 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олно.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Орос, Украин, НҮБ, Европ ба Хятад” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт  Улсын Их хурлын гишүүн Б.Пунсалмаатай ярилцлаа. Тэрбээр”Улсын төсвийн дийлэнх нь халамжид зарцуулагдаж байна” хэмээв.

Архангай аймагт гарсан ноцтой ослын талаар эх сурвалжууд ингэж мэдээллээ

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Орос, Украин, НҮБ, Европ ба Хятад” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

РЕДАКЦИЙН БУУХИА: Шижигнэсэн залуустай хамт олны дунд өнгөрүүлсэн хугас өдөр

Дэлхийн мэдээ: Тусламжийн шинэ багцуудыг зарлав

Арын нүүр: Хов живээр хоолоо олдог цаг болж дээ


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

 

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

 

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

 

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

 

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

 

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

 

 

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

ГИХГ: Есдүгээр сарын өргөдөл гомдлын шийдвэрлэлт 94.3 хувьтай байна DNN.mn

Гадаадын иргэн, харьяатын газарт иргэн, албан хаагчаас ирсэн өргөдөл, гомдлыг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”-д заасан шаардлагын дагуу хүлээн авч, шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллалаа.

Өнгөрөгч есдүгээр сард иргэн, аж ахуй нэгж, албан хаагчаас байгууллагынтөвд 84, боомт, орон нутаг дахь нэгжүүдэд 8, нийт 92 өргөдлийг хүлээн авч, 87 өргөдлийг бүрэн шийдвэрлэв. Нийт өргөдөл, гомдлын шийдвэрлэлт өссөн дүнгээр 94.3 хувийн үзүүлэлттэй, 47 өргөдөл хяналтад буюу шийдвэрлэх шатанд байна.

Үүнээс Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвөөс манай байгууллагад 1 талархал, 1 өргөдөл, 4 гомдол шилжүүлснийг хүлээн авч,  хуулийн хугацаанд шуурхай шийдвэрлэлээ.

Categories
гадаад мэдээ

Молдавын сонгуулийн эргэн тойронд … DNN.mn

Молдав нь хүн ам цөөтэй ч байршлын хувьд олон улсад стратегийн чухал ач холбогдол бүхий газар нутагтай улс юм. Ялангуяа Оросын хувьд Украинд нөлөөлж чадах маш чухал байршил билээ. Тэгвэл өнгөрсөн ням гаригт энэ улсад ерөнхийлөгчийн сонгуультай хамт тус улсыг Европын Холбоонд элсүүлэх эсэх тухай бүх нийтийн санал асуулга явагдав. Иргэдээс “Бүгд Найрамдах Молдав улсыг Европын Холбоонд элсүүлэхийн тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг та дэмжиж байна уу?” гэсэн асуултад “тийм” эсвэл “үгүй” гэж хариулахыг хүссэн билээ. Энэ удаа нийт сонгогчдын 50.2 хувь нь энэ санал асуулгад “тийм” гэж хариулсан бол ердөө 49.2 хувь нь “үгүй” гэжээ.

Санал хураалтын урьдчилсан дүн буюу Сонгуулийн Төв Хороо саналын хуудасны 98.6 хувийг тоолсны дараа одоогийн ерөнхийлөгч Майя Санду 42, ерөнхий прокурор асан Александр Стояногло 26 хувь санал авч, сонгуулийн ирц 51 хувиас давсан учир арав гаран нэр дэвшигчдээс шалгарч дараагийн шатанд өрсөлдөхөөр болсон байна. Энэ сонгуульд Молдавын нийт нэг сая хагас орчим иргэн саналаа өгсний хагас сая гаруй нь л Сандугийн төлөө саналаа өгсөн аж. Ийнхүү хоёр долоо хоногийн дараа буюу арваннэгдүгээр сарын 3-нд одоогийн ерөнхийлөгч Майя Санду болон Социалист намаас нэр дэвшигч, ерөнхий прокурор асан Александр Стояноглу нар өрсөлдөхөөр болов. Хамгийн сонирхолтой нь санал хураалтын дараа сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурал дээр Майа Санду “Гэмт хэргийн бүлэглэлүүд манай улсын үндэсний эрх ашигт халдаж байгаа гадны хүчинтэй хамтран манай улс руу олон арван сая евро оруулан үүгээрээ хамгийн ичгүүртэй арга болох худал хуурмаг, суртал ухуулга явуулж, манай иргэд, үндэстнийг тодорхойгүй, тогтворгүй байдалд оруулж байна. Эдгээр гэмт хэргийн бүлэглэлүүд урьд өмнө хэзээ ч байгаагүй их хэмжээний луйвар буюу манай улсын 300.000 саналыг худалдаж авахаар төлөвлөж ажилласан гэсэн тодорхой нотолгоо бидэнд ирсэн. Гэхдээ бид тавьсан зорилгоосоо алхам ч ухрахгүй, ардчилал, эрх чөлөөгөө хамгаалах болно. Бид сонгуулийн эцсийн үр дүнг хүлээж байгаа бөгөөд эдгээр гэмт бүлэгт хатуу шийдвэрээр хариу барих болно” гэж хэлжээ.

Үнэхээр ч Молдавын Тагнуулын алба энэ сонгуулийн өмнө ОХУ-аас мөнгө оруулж буй арга зам болон сонгогчдод авлига өгөх аргыг илрүүлж чадсан билээ. Тухайлбал, есдүгээр сард тус улсад Оросоос орж ирсэн нийт 15 сая гаруй ам.доллар авсан Молдавын 130 мянган иргэнийг Молдавын тусгай хүчнийхэн илрүүлсэн юм. Эдгээр мөнгө “Промсвязбанк” болон “Мир” банкны картаар дамжин Молдавт орж ирсэн бөгөөд Приднестровийн нутаг дэвсгэрт шуудан түгээгчдээр бэлэн мөнгөтэй захидал тараагдаж байсныг мөн илрүүлсэн билээ.

Түүнчлэн мөнгө тараах ажилд Оросын үнэн алдартны сүмийн Молдавын Метрополисын 20 гаруй санваартан оролцож байсан нь тодорхой болсон юм. Энэ сарын 8-наас 10-ны хооронд буюу гуравхан хоногт цагдаагийн байгууллагаас улс төрийн намыг хууль бусаар санхүүжүүлсэн, сонгуулийн авлига авсан гэх эрүүгийн хэргийн хүрээнд 115 удаа нэгжлэг явуулж эдгээр хэргийг илрүүлж, Үндэсний мөрдөн байцаах газрын хүсэлтээр тус улсаас гарч зугтсан олигарх Илан Шорттой холбоотой телеграмын таван суваг, 95 чат ботыг хаасан билээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Бие даалтын долоо хоногт бага анги танхимаар хичээллэхгүй DNN.mn

Бие даалтын долоо хоног(2024.10.28-2024.11.02)-т бага ангийн сурагчид танхимаар хичээллэхгүй гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ хугацаанд музей, үзвэр, спорт, урлагийн зэрэг чөлөөт арга хэмжээг сургуулиуд өөрсдөө сонгон зохион байгуулна.

Categories
мэдээ нийгэм

Залуус” хорооллоос “Номин” худалдааны төв хүртэлх замыг хаана DNN.mn

Таван шарын нүхэн гарцын ажлын хүрээнд “Залуус” хорооллоос “Номин” агуулах худалдааны төв хүртэлх авто замыг өчигдөр буюу 2024 оны аравдугаар сарын 21-ний 23:00 цагаас аравдугаар сарын 28-ны 22:00 цаг хүртэл хааж, засвар, шинэчлэлийн ажил хийнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.