Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр харагчин гахай өдөр DNN.mn

Аргын тооллын аравдугаар сарын 26, Санчир гариг. Билгийн тооллын 25, Их морь одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран 7:28 цагт мандаж 17:44 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: 25-нд төвийн аймгуудын өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 28-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд Алтай, Хангайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 30, 31-нд нутгийн хойд хэсгээр, 11 дүгээр сарын 01-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 02-нд нутгийн зүүн хэсгээр, 03-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.

Салхи: 29-нд Алтайн салбар уулсаар, 30-нд нутгийн зарим газраар, 31, 11 дүгээр сарын 01-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -4….-9 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +9…+14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан байна. 31-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.

Categories
мэдээ шинжлэх-ухаан-технологи

Манай гараг 3.1 хэмээр дулаарч болзошгүйг анхааруулжээ DNN.mn

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх одоогийн бодлогуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлсээр байвал энэ зууны эцэс гэхэд манай гараг дэлхий аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс Цельсийн 3 хэмээр дулаарна гэж НҮБ-ын пүрэв гарагт гаргасан шинэ тайланд дурджээ. Энэ нь дэлхийн улс орнуудын 10 орчим жилийн тохиролцсон зорилтоос хоёр дахин их юм. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд өгсөн улс орнуудын амлалтуудыг шаардлагатай байгаа арга хэмжээнүүдтэй харьцуулан дүгнэдэг “Emissions Gap” жил тутмын тайланд бичсэнээр, засгийн газрууд дэлхийн дулааралд нөлөөлж буй хорт хийн ялгарлыг бууруулах чиглэлд илүү их арга хэмжээ авахгүй бол 2100 он гэхэд аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 3.1 хэмээр дулаарах тооцоо гарчээ.

Дэлхийн улс орнуудын 2015 онд баталсан Парисын хэлэлцээрт уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй аюултай үр дагавраас урьдчилан сэргийлэхийн тулд дэлхийн дулаарлыг 1.5 хэмд тогтоон барихаар тусгасан юм.

Гэтэл дэлхийн хүлэмжийн хийн ялгарал 2022-2023 оны хооронд 1.3 хувиар нэмэгдэж, 57.1 гигатонн нүүрсхүчлийн хийн эквивалент болж шинэ дээд үзүүлэлтэд хүрсэн гэж тайланд дурджээ. Улс орнуудын ирээдүйд хэрэгжүүлэх амлалтыг харгалзан үзвэл, агаарын температур 2100 он гэхэд 2.6-2.8 хүртэлх хэмээр өснө гэж шинжээчид дүгнэсэн нь сүүлийн гурван жилийн дүгнэлттэй нийцжээ.

“Хэрэв 2030 он гэхэд хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн зорилтуудыг биелүүлэх чиглэлд гаргаж буй ахиц дэвшлийг авч үзвэл, ялангуяа “Хорийн бүлэг”-ийн гишүүн орнууд төдийлөн ахиц дэвшил гаргаагүй байна” гэж тайланг гаргасан шинжээч Энн Олхофф хэлжээ.

Дэлхий одоогоор аж үйлдвэржилтийн өмнөх үеэс ойролцоогоор 1.3 хэмээр дулаараад байна. Дэлхийн улс орнууд ирэх сард Азербайжанд болох НҮБ-ын Уур амьсгалын асуудлаарх бага хуралд /COP29/ оролцож, олборлодог түвшний хэрэглээг бууруулах талаар өнгөрсөн онд хүрсэн тохиролцооны талаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨМЖ: Пийшин, зуухыг зөв галлаж, утааг сайн гаргах нөхцөлийг хангах хэрэгтэй DNN.mn

Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах үүднээс дараах зөвлөмжийг хүргэж байна.

Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмж:

  • Пийшин, зуухыг зөв галлаж, утааг сайн гаргах нөхцөлийг хангах хэрэгтэй. Зуухны янданг тогтмол цэвэрлэж, бөглөрсөн эсэхийг шалгаарай,
  • Угаарын хийн мэдрэгч суурилуулах,
  • Угаарын хий (CO) мэдрэгчийг гэртээ суурилуулж, ажиллах нөхцөлийг хянах нь чухал. Энэ нь аюулыг эрт мэдэхэд тусална.
  • Өрөөний агаар сэлгэлт хийх:
  • Тогтмол өрөөндөө агаар сэлгэлт хийж, агаарын чанарыг сайжруулах хэрэгтэй. Утаа гарсан үед цонх, хаалгыг онгойлгож агааржуулах нь чухал,
  • Газын болон нүүрсний зуух, халаагч төхөөрөмжүүдийг зааврын дагуу ашиглаж, тэдгээрийн аюулгүй ажиллагааг тогтмол шалгах хэрэгтэй.

Угаарын хий мэдрэгчийн аюулгүй байдал:

  • Улаан гэрэл асвал угаарын хийн аюултай түвшинд илэрсэн тохиолдолд анивчиж дохиолол дуугарна. Энэхүү дохиолол нь танай гэр, байшинд угаарын хийн хуримтлагдаж, угаартах эрсдэл үүсэж байгааг илтгэнэ.
  • Ногоон гэрэл 30 секунд тутамд анивчвал уг төхөөрөмж зөв ажиллаж байгааг илтгэнэ.
  • Шар гэрэл мэдрэгч гэмтэлтэй үед шар өнгийн гэрэл анивчиж дохиолол дуугарна.

Дохиолол дугарсан үед яах ёстой вэ?

  • Түргэн дуудах
  • Хаалга болон цонхыг нээх, цэвэр агаарт аль болох хурдан гарах
  • Гэрийн бүх гишүүдээ бүртгэх
  • Хариуцсан байгууллагын хүмүүс ирж тухайн нөхцөл байдалд арга хэмжээ авахаас гэр рүүгээ буцаж орохгүй байх

Угаарын хий нь өнгөгүй, үнэргүй, амтгүй учир иргэд өөрсдийгөө угаартаж байгааг мэддэггүй аж. Иймээс угаарын хий мэдрэгчээ тогтмол шалгаж байх нь зүйтэй юм.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрийн байдлаар 180 ус түгээгүүрийг автоматжуулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна DNN.mn

Өнөөдрийн байдлаар 180 ус түгээгүүрийг автоматжуулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Уг ажил дуусахад Улаанбаатар хотын хэмжээнд нийт 331 ус түгээгүүр ухаалаг, 24 цагийн үйлчилгээнд шилжинэ. Тэгвэл өвлийн улиралд иргэд ухаалаг ус түгээгүүрийн тоног төхөөрөмжийг цохиж гэмтээх, эвдэх явдал цөөнгүй гарч байгааг УСУГ-аас анхааруулж байна. Энэ талаар УСУГ-ын харьяа Шугамаар ус хангах албаны дарга Б.Баярбилэгээс тодрууллаа.

Тэрбээр “Улаанбаатар хотын 6 дүүрэгт төвлөрсөн шугамд холбогдсон 328 ус түгээгүүр байдаг. Үүнээс 151 ус түгээгүүрийг 2016-2022 оны хооронд үе шаттайгаар автоматжуулсан бол 2022 оны нэгдүгээр сараас АНУ-ын Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр үндсэн 180 ус түгээгүүрийг автоматжуулах, тоног төхөөрөмж суурилуулах ажлыг хийж, төслийн үе шат өнөөдрийн байдлаар 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Төсөл дууссанаар Улаанбаатар хотын хэмжээнд нийт 331 ус түгээгүүр ухаалаг, 24 цагийн үйлчилгээнд шилжинэ. Энэхүү ухаалаг систем нэвтэрч байгаатай холбоотойгоор иргэд тухайн тоног төхөөрөмжтэй зөв харьцах, тэдгээрийг гэмтээхгүй байхад анхаарахыг уриалж байна” гэлээ.

Нийт ухаалаг ус түгээгүүрийг УСУГ-ын Хяналт, удирдлагын төвөөс бүрэн хянаж удирдах боломжтой. Мөн ус түгээгүүрүүдийн орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор бүрэн камержуулжээ. Харин усыг зөөврийн автомашинаар түгээдэг нийт 380 орчим ус түгээгүүр байна. Эдгээр ус түгээгүүрийг ирэх оноос автоматжуулахаар төлөвлөж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

ЧУУЛГАН: 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ DNN.mn

Улсын Их хурлын өнөөдрийн /2024.10.25/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох, төсөв хооронд үе шаттай, оновчтой зохицуулалт хийх зорилгоор Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд олон нийтийн болон хараат бус, хөндлөнгийн хяналтыг өргөжүүлж, сахилга бат, хариуцлагыг сайжруулж, үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай нийцүүлэн, боловсруулах үйлдвэрүүдийг татварын бодлогоор дэмжих зорилгоор Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэлтэй уялдсан импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх төслийг дэмжих зорилгоор Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулсан гэлээ.

Мөн Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээл дэх арилжаанд оролцогчдын эрэлтийг нэмэгдүүлэх, жишиг хүүг тогтоох, хоёрдогч зах зээл дэх үнэт цаасны хөрвөх чадварыг сайжруулах зорилгоор “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай”, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн засаглалыг сайжруулах, олон улсын жишигт нийцүүлэх, үйл ажиллагааны үр дүн, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх, ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор “Засгийн газарт чиглэл өгөх тухай”, газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах, байгаль, цаг уурын болон бусад болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг тус тус боловсруулсан хэмээв.

Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх талаар хэлэлцүүлэг явуулсан Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал танилцууллаа.

Тэрбээр, Байнгын хорооны хуралдаанаар дээрх хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Засгийн газраас гаргах дотоод, гадаад бондын хэмжээ, зориулалтын талаар, УИХ-ын гишүүн З.Мэндсайхан виртуал бүсэд бүртгэлтэй харьяалалгүй иргэн, хуулийн этгээд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан хөнгөлөлтөд хамрагдах эсэх талаар, УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар Төрийн банкны үйл ажиллагаанд ногоон хөгжлийг дэмжих тусгайлсан чиг үүргийг нэмэгдүүлж байгаа нь хэр оновчтой талаар, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал боловсруулах үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдсэн дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй барилгын материал, тоног төхөөрөмжийг гаалийн татвараас бүрэн чөлөөлж байгаа нь үндэсний үйлдвэрлэлүүдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй талаар санал хэлж бүсчилсэн хөгжлийн бүтээн байгуулалтыг татварын бодлогоор хэрхэн дэмжих талаар асуулт асууж, хариулт авсан хэмээлээ. Тэрбээр цааш нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай”, “Засгийн газарт чиглэл өгөх тухай”, “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, хамтарсан Засгийн газрын 35 их наядын зарлагатай маш их тэлэлтэй төсөв хэлэлцэж байна. Хамтарсан Засгийн газарт багтаж буй улс төрийн намуудын 2024-2028 мөрийн хөтөлбөрт төсвийн зарлагыг ДНБ-ий 25 хувьд барина гэсэн заалт бий. Энэ жилийн төсөвт болон дараа дараагийн төсвүүдэд зарлагыг багасгах талаар хэрхэн тусгах вэ гэсэн асуулт тавьсан. Сангийн сайд Б.Жавхлан, ДНБ-ий харьцааг шат дараалалтай өөрчлөх боломжтой. Гадаад, дотоодыг хөрөнгө оруулагч, хувийн хэвшил буюу баялаг бүтээгчдээ дэмжиж байж энэхүү зорилтод хүрнэ. 2025 оны төсвийг эхлүүлсэн бүтээн байгуулалтаа дуусгах, эрчим хүч, зам тээврийн бүтээн байгуулалт руу чиглүүлсэн. Энэхүү бүтээн байгуулалтын үр өгөөжийг хувийн хэвшлийнхэн хүртэж, үйлдвэрлэл үйлчилгээгээ өргөжүүлэх боломж бүрдэнэ. Мөн 2025 оны төсөвт урсгал зардлыг 30 хувиас хэтрүүлэхгүй гэсэн тусгай шаардлагыг хуульчилсан байгаа гэсэн хариулт өглөө. УИХ-ын гишүүн Б.Түвшин, Баялгийн сангийн 6 орчим их наяд төгрөг Төрийн санд буюу Монголбанкинд ямар ч өгөөжгүй, эрсдэлтэй нөхцөлд байна. Цаашид энэ хөрөнгийг хэрхэн байршуулах вэ, УИХ-ын гишүүн Б.Номинчимэг, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд хийдэл гарах заалтууд байна. Тиймээс бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтын дагуу боловсруулах үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг дэмжсэн татварын бодлогод боловсруулах үйлдвэрлэлийн ямар чиглэлийг татвараас чөлөөлөх талаар нарийвчлан тусгах боломж байгаа эсэх талаар асуув. Сангийн сайд Б.Жавхлан, Баялгийн санд хоёрхон жилийн дотор гэхэд чамгүй хуримтлал бий боллоо. Тийм учраас Баялгийн сангийн хуримтлалыг найдвартай, хөрвөх чадвартай, өсч, баяжиж байдаг хэлбэрээр хадгалах нь чухал. Төрийн сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, хөрвөх чадвартай болгох ёстой. Эдгээр нөхцөл бүрдсэний дараа өгөөжийн тухай ярьж болно. Үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадварыг нь нэмэгдүүлэх найдвартай бодлого баримтлах ёстой гэлээ. Мөн тэрбээрАж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд  газар зүйн байрлалаар бүсчилсэн хөгжлийн суурь үзэл баримтлалд суурилсан ялгаатай татварын бодлогыг тогтоохоор тусгасан бол Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд газар зүйн байршлийн хувьд бүсчлэн хязгаарлагдахгүйгээр гаалийн татвар үйлчлэхээр заасан. Боловсруулах шатны эсвэл технологийн тоног төхөөрөмжийн татварыг салбар болон газар зүйн байршил харгалзахгүйгээр гаалийн албан татвараас чөлөөлөхөөр тусгасан гэв. 

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнгийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 2017 онд баталсан хуулиас ямар ялгаатай вэ гэсэн асуултад Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, 2017 онд баталсан хуулиар Улаанбаатараас 500-1000 км алслагдсан бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 50 хувь, 1000 дээш км алслагдсан бүсэд үйл ажиллагаа явуулж буй бол 90 хувь хөнгөлж байгаа. Гэхдээ боловсруулах үйлдвэрлэл эрхэлж буй бол хөнгөлөлт эдлүүлэхээр тусгасан байгаа. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд татварын хөнгөлөлтөд орон зайн хязгаар байхгүй юм. Зөвхөн импортыг орлох экспортын бүтээгдэхүүн үйлвэрлэгчид 1 хувийн татвар, худалдаа, үйлчилгээ  эрхлэгчид 10 хувийн татварыг төлнө. Цаашдаа хүн амын орлогын албан татварыг энэ жишгээр өөрчлөх бодлогыг баримтлах ёстой гэв. УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Мөн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг яаралтай горимоор хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх  дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.  

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод нэвтрээд буцаж гараагүй хөдөө орон нутгийн дугаартай 49.3 мянган автомашин байна DNN.mn

Энэ оны есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 23-ны өдрийн байдлаар нийслэлийн товчоодоор нийт 1,058,514 тээврийн хэрэгсэл орж, 705,968 тээврийн хэрэгсэл гарсан байна. Үүнээс Улаанбаатар хотын дугаартай тээврийн хэрэгсэл 867 мянга, хөдөө орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэл 182.7 мянга нэвтэрсэн бол Улаанбаатар хотын дугаартай 572,791, хөдөө орон нутгийн дугаартай 133,177 тээврийн хэрэгсэл хотоос гарчээ.

Харин нийслэлийн товчоодоор буцаж гараагүй хөдөө орон нутгийн дугаартай 49,337 тээврийн хэрэгсэл хотод байна.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Засгийн газраас Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-дөргөн мэдүүллээ DNN.mn

Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулсан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нар Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2024.10.25) өргөн барилаа.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 14 мега төсөл хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд БНФУ-ын “Орано майнинг” компанитай хийх Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлтэй холбогдуулан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсныг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна” гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Р.Маамаахүү: Усны картыг цэнэглэх олон төрлийн сонголттой болно DNN.mn

Иргэдийн дунд усны картаа буруу цэнэглэснээс болж цэнэглэлт ус авах үед ордоггүй асуудал хяналтын төвд ирдэг байна. Тиймээс усны картыг цэнэглэх олон төрлийн сонголттой, хэрэглэгчид зориулсан аппликейшн гарах гэж буй талаар УСУГ-ын харьяа Шугамаар ус хангах албаны тооцооны нягтлан бодогч Р.Маамаахүү мэдээлэл өглөө.

Тэрбээр “Ухаалаг ус түгээгүүрээр үйлчлүүлэхдээ иргэд усны картаа буруу цэнэглэснээс болж картын цэнэглэлт ус авах үед ороогүй гэдэг асуудлаар Хяналт, удирдлагын төвд дуудлага нэлээд ирүүлдэг. Тэгвэл удахгүй усны картыг цэнэглэх олон төрлийн сонголттой болно. Нэгт, иргэд ус авахдаа хэрэглэгчид зориулсан гар утасны аппликейшнд бүртгэлтэй утасны дугаарыг ус түгээх байранд хийснээр ус авч болно. Хоёрт, гар утасны аппликейшнээр ус түгээх байраа цэнэглээд ус авах боломжтой. Гуравт, усны картаар ус авах боломжтой” гэв.

Ус авах зориулалтаар ашиглах хэрэглэгчдэд зориулсан аппликейшнийг үйлчилгээнд удахгүй нэвтрүүлэх аж.

Categories
мэдээ улс-төр

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

Энэхүү төрийн айлчлал нь Бүгд Найрамдах Казахстан Улсын төрийн тэргүүний түвшинд 2008 онд хийсэн айлчлалаас хойш 16 жилийн дараа хэрэгжиж буй  айлчлал юм.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн хэлэлцэж, уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гаргах, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.

Мөн айлчлалын үеэр хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мэдээллийн технологи, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулах Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдийг байгуулна.

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс нь 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.