Categories
мэдээ нийгэм цаг-үе

ГССҮТ: Өнгөрсөн хоногт 516 хүн эмнэлгийн тусламж авчээ DNN.mn

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай түргэн тусламжийн тасгаар өчигдөр 516 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. Тэдний 306 нь насанд хүрсэн иргэд бол 210 нь хүүхэд байна.

Өнөөдрийн байдлаар эмнэлгийн ачаалал эрс нэмэгдээгүй байгаа бөгөөд халтиргаа гулгаатай үед ачаалал эрс нэмэгддэг болохыг эмнэлгийн зүгээс мэдээллээ

Categories
мэдээ нийгэм

Аюулт үзэгдэл, ослын улмаас зургаан хүн нас барж, таван хүн гэмтжээ DNN.mn

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.10.21-27/ нийслэлийн долоон дүүрэг, 16 аймгийн 31 суманд аюулт үзэгдэл, ослын 89 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалсан.

Нийт дуудлагын  66 нь гал түймэр,  20  нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь биологийн гаралтай, нэг нь ус цаг уурын гаралтай, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Золжаргал: Өнөөдрийн эдийн засгийн буруу бүтцээр цаашаа явах боломжгүй учраас өөрчлөх л хэрэгтэй DNN.mn

УИХ-ын гишүүн, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргалтай ярилцлаа.


-Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл хэт их тэлэлттэйгээс эхлээд маш их шүүмжлэл дагуулсаар байна. Бодит тооцоолол муутайг эдийн засагчид онцолж буй. Та ямар байр суурьтай байна вэ?

-Монгол Улсын эдийн засгийн 80 хувь төрийн оролцоотой байна. 38 хувь нь төсөв, төрийн өмчийн том компаниудын борлуулалтын орлого гээд нэмбэл бараг 80 хувь болно. Төрийн эдийн засаг гэдэг ерөөсөө чөлөөт зах зээлийн эдийн засаг биш. 1990 оны өөрчлөлтөөр чөлөөт нийгэм байгуулъя гэсэн. Улс төрийн эрх чөлөөгөө эдэлсэн. Эдийн засгийн эрх чөлөө байхгүй, төвлөрсөн байдалтай байна. Энэ зөв үү, буруу юу гэдэг суурь үзэл баримтлалын онолын асуудал гарч ирж байна.

Парламентад ороод, төсөв хэлэлцэхийг харахад, “Энэ бол зөв юм аа” гэдэг байр суурьтай гишүүн нэлээн их байна. Тэр үүднээсээ төсөв улам л томроод байна. Хэрвээ чөлөөт зах зээлтэй, чөлөөт нийгэмтэй байна гэж бодож байгаа бол төсөв ул сууриараа тэлж байгаа нь буруу. Өнөөдрийн эдийн засгийн бүтэц буруу. Энэ чигээрээ цаашдаа явах боломжгүй учраас өөрчлөх л хэрэгтэй. Төсвийг бууруулах хэрэгтэй. Төсөв хэт их тэлэлттэй байна гэдэгтэй санал нэг байна.

-Хамтарсан Засгийн газар 35 их наядын зарлагатай төсвийн төсөл оруулж ирсний гол шалтгаан юутай холбоотой байна гэж та хэлэх вэ?

-Ер нь төсөв дээр л хамгийн том улс төр явдаг юм байна. Эдийн засаг тэр чигээрээ төрөөс хамааралтай. Улстөрчид төрд цуглуулсан мөнгийг яаж хуваарилах вэ гэдэг дээр их идэвхтэй ажилладаг. Их, бага хэмжээгээр төслөө дэмжүүлэхийг оролдож байна. Жаахан юм хийе гэж бодоод оруулж ирсэн төсвөө дэмжүүлсэн хүн нэг их айхтар шүүмжлэхгүй, “Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй” гэсээр байгаад төсөв томроод байдаг юм байна. Энэ бол нэг дэх шалтгаан нь. Хоёр дахь шалтгаан нь, төрийн эдийн засагтай, төрийн албан хаагчдын тоо ихтэй улс учраас улс төрийн тогтвортой байдлаа бий болгохын тулд хүмүүсийн шаардлагыг тодорхой хэмжээгээр биелүүлэхээр цалин, тэтгэвэр нэмнэ. Хамгийн харамсалтай нь, юм болгоныг нь төр шийдэж өгнө.

-Хувийн компаниудад хүртэл татаас өгөхөөр төсвийн төсөлд тусгасан байсан?

-Тийм ээ. Иймэрхүү байдлаар тогтсон учраас төсөв жил болгон томроод байна. Эндээс эрсдэл гарч ирнэ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд урсгал зардлыг 30 хувиас хэтрүүлэхгүй, зээл 60 хувиас багагүй байх гэсэн тусгай шаардлагууд бий. Тэдгээр дээр жаахан орон зай гаргаж авахын тулд ээлжит бус чуулганаар өөрчилсөн нь нэлээн маргаан дагуулсан. Нэг удаа төсөл нь буцаагдаад, эргээд орж ирсэн. Одоо жаахан орон зай гаргасан учраас төсвөө бага зэрэг нэмээд, “шинэ дүрэм”-дээ тааруулаад оруулаад ирж байна. Төсөв нэмэх хоёр дахь шалтгаан нь, орлого байна гэдгийг баталж харуулах явдал. Орлого хаанаас бүрдүүлэх вэ гэхээр гол нь нүүрс, зэсээс. 90 гаруй хувийг уул уурхайгаас олно. Ирэх жил 83 тонн нүүрсийг 129 ам.доллараар борлуулна гэж тооцсон. Сүүлийн хэдэн жилийн хандлагаас үүдэн ингэж үзэж байна. Гэхдээ эрсдэлтэй. Олон хувилбар хэрэгтэй.

-Хятадын нүүрсний хэрэглээ 2025 оноос хойш оргил үеэс буурч, хэтдээ эрэлт улам багасах төлөвтэй байна. Иймд цаашид нүүрсний салбарын экспортыг өөдрөгөөр төсөөлж тооцох нь алдаа болох вий?

-Үгүй яах вэ, Хятад Улс угаасаа том хэрэглээтэй. Гадаадаас авч байгаа нүүрсний хэмжээ нь 300, 400 сая, ирэх жилүүдэд 500 сая хүргэх төлөвтэй байна. Ийм тодорхой хэмжээгээр нэмэх боломж байна. Гэхдээ 80 сая гэдэг миний бодлоор их тоо, хүрэхэд маш хэцүү. Нүүрсний үнэ ирэх жил олигтой нэмэгдэхгүй байх аа. Угаасаа ч тийм хандлагатай байна. Хятадын үл хөдлөхийн зах зээлийн үнэ унасан. Хүнд үйлдвэрлэл нь буурч байна. Гангийн хэрэглээ нь багассан. Гадагшаа ган гаргах хэмжээ нь нэмэгдэж байна. Тийм болохоор бид нүүрсний үнэ сайхан байна гэж бодвол эрсдэлтэй. Хамгийн гол нь, одоо төсвөө тэлээд, дараа жил дахиад тэлэх бодолтой байгаа шүү дээ. Мөнгө хаанаас орж ирэх вэ гэвэл нүүрсний борлуулалтаас. Өөрөөр хэлбэл, буцаад түүхий эдийн борлуулалтаасаа асар их хамааралтай болж байна. Мөн хэт тэлчихсэн төсвийг “тэжээх”-ийн тулд олдсон үнээр нь, олдсон нөхцөлөөр нүүрсээ зарахаас өөр аргагүй болно. Ер нь Монгол Улс алсдаа алдагдалтай байх нөхцөлийг үүсгэж байна.

-Та Монгол Улсын эдийн засаг ирэх онд 8 хувьд хүрч өсөх боломжтой гэж үзэж байна уу?

-Хятад улсын эдийн засаг инерциэрээ өсч байхад манайд дагаж өснө. Манайх жижигхэн учраас илүү хурдацтай өснө. Хятад манай бүтээгдэхүүнийг худалдаж авбал эдийн засгийн өсөлт 8 хувьд хүрэх боломжтой. Гэвч төсөв жил болгон өсөөд байдаг. Мөнгөө олж, эдийн засгаа өсгөхийн тулд нөгөө л нүүрс, зэсээ зарна. Зарахын тулд хилийн боомт, харилцааны асуудлууд үүснэ. Хятадын гадаадаас авдаг хэмжээнээс илүүг Монголоос авах хүсэлтийг манайх тавина. Тэгвэл бид ямар нэгэн юман дээр буулт хийж таарна. Хэдийгээр монголчууд нүүрсийг өөрсдөө одоо олборлож чадаж байгаа ч хил холболтын төмөр зам, дээрээс нь тээвэр, бүр уурхайн олборлолт дээр хүртэл хятадууд орж ирэх асуудал яригдана. Тэгээд том хэмжээний оптек гэрээ байгуулна. Уг нь бид оптеп гэрээнүүдийг хүндэтгээд, хуучин том гэрээнүүдээ үлдээгээд, биржээр нүүрсээ заръя гэсэн шийдвэр гаргаад хоёр жил болж байгаа шүү дээ. Гэвч оптек гэрээтэй, олборлолтыг хүртэл гадаадынхнаар хийлгэх ийм нөхцөл байдал үүснэ гэсэн дэл сул яриа гарч байна. Энэ нь нүүрсний үнэ 100 хувь хамааралтай болно гэсэн үг. Төсвийн тэлэлтийн эрсдэл энд байна.

-14 мега төслийн нэг нь Францын Засгийн газрын 15 жилийн 100 хувийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх Харилцаа холбооны үндэсний хиймэл дагуул төсөл. Та Инноваци, цахим бодлогын байнгын хорооны даргын хувьд энэ төсөл хэр чухал бөгөөд үр ашигтай гэж дүгнэж байна вэ?

-“Энэ төсөл юунд хэрэгтэй юм бэ” гэсэн асуултыг хүмүүс их тавьж байна. Мөнгөн дүн нь, миний сонссоноор 220 сая евро байх аа. Тэр хиймэл дагуул монголчуудын интернэтийн хэрэгцээг улс даяар хангаж чадахгүй. Хэмжээ нь бага юм билээ. Ямар нэгэн байдлаар дайн дажин болох, газар хөдөлдөг юм уу олон улсаас ирж буй үндсэн шилэн кабель тасарч эвдрээд, интернэтийн эх үүсвэргүй болчихвол үндэсний хиймэл дагуултай гадны улсаас олон улсын интернэтийн эх үүсвэрийг манай хиймэл дагуул руу явуулаад, тэнд нь ойгоод, буцаад Монголын хүлээн авах станцуудад ирээд, манайх сүлжээнийхээ ядаж суурь хэрэгцээг хангах юм. Энэ бол аюулгүй байдалтай холбоотой зүйл.

-Арилжааны ашиггүй, хэт их мөнгө зарах юм биш үү?

-Энэ хиймэл дагуулыг оруулж ирэхэд арилжааны ямар нэгэн ашиг алга. Хөрөнгө оруулалтаа нөхөхгүй. Энэ төсөл найдвартай эх үүсвэр, аюулгүй байдал гэдгийг маш сайн ойлгомжтой тайлбарлаж өгөх хэрэгтэй. Одоо цаг агаар, интернэт, харилцаа холбоо гээд бүгдийг хангах юм шиг хийдүүлсэн яриа их явж байна. Техникийн хувьд тийм боломж байхгүй юм билээ. Үндэсний хиймэл дагуул гэж ярьж байгаа бол үндэсний оролцоотой байх хэрэгтэй. Монгол Улс, МУИС-ийн залуус 2017 онд “Мазаалай” гээд жижигхэн куб сат нисгэсэн. Одоо хоёр дахиа нисгэх гэж байна. Тэр бол нам орбитын жижиг, судалгааны зориулалттай. Одоо бүрдсэн баг, мөн олон улс, Япон, Европ, Америкт ажиллаж байгаа Монголын сансрын инженерүүдэд ийм суурь мэдлэг бүрдсэн. Тэд олон улсаас худалдаж авах том хиймэл дагуулын 1/10 орчмоор Монголдоо арилжааны үр ашигтай, бага хэмжээний хиймэл дагуул хийх үндэс суурийг тавьж, үйлдвэрлэл эхлүүлж чадна. Хэрвээ бид олон улсын том төсөл хийх бол заавал монголчуудын оролцоо байх хэрэгтэй.

-Салбарынхан Нийт хөрөнгө оруулалт нь 829.4 тэрбум төгрөг гэдэг үнэтэй байна гэж шүүмжилж буй. Санхүүжилтийн тухайд та юу хэлэх вэ?

-Санхүүжилтийг ойролцоогоор гурав хуваасны нэг нь Францын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, нөгөө хоёр нь арилжааны банкууд байгаа юм. Бид буцаагаад л төлнө гэсэн үг.

-2024 оны есөн сард гадаад валютын улсын нөөц 4.66 тэрбум ам.доллар болж, оны эхнээс 5.26 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Өсгөх боломж харагдаж байна уу?

-Гадаад руу юм зарвал валютын нөөц нэмэгдэнэ. Зардаг юм нь тодорхой шүү дээ.

-Нүүрсэнд ч 100 хувь найдлага тавиад нэмэргүй байх л даа. Тийм ээ?

-Нүүрсэнд хэтэрхий их тулгуурлаж, гадаад валютын нөөц өснө гэж бодох эрсдэл нь нэгдүгээрт, Хятадын эдийн засаг унавал орлого тасарна. Унасан ч хамаагүй ээ, бид ахиухан хэмжээгээр гаргаад, орлогоо бүрдүүлнэ гэдэг хувилбараар ороод, урд хөршөөсөө гуйна. Тэгэхтэй зэрэг үнэ унана, нөхцөл хүндэрнэ. Тэр нь монголчуудад алдагдалтай гэсэн үг. Тийм болохоор төсөв тэлэхийг ерөөсөө болимоор байна. Хамтарсан Засгийн газар хамтдаа том өөрчлөлтийг зориг гаргаж хийе гэж байгаа бол хамтдаа эдийн засгаа эрүүлжүүлж, төсвөө багасгаж, төрийн эдийн засагт оролцох хэмжээг 80 биш, ядаж 40 хувь болгож байж Монгол Улс жаахан эрүүл болох байх. Тэгэхгүй бол төрийн эдийн засаг гэдэг бол дарга нарын шийддэг л эдийн засаг. Тэгэхээр дарга тойрсон, нам дагасан бизнес хөгждөг. Нам дагавал мөнгө олдог. Тэгвэл буцаад шударга бус байдал нийгмээс тасрахгүй. Ерөөсөө юу ч өөрчлөгдөхгүй. Өөрчилнө гээд холимог парламент байгуулсан. Өөрчилье гэж хамтарсан Засгийн газар байгуулсан. Сая төсвийн хэлэлцүүлгээр ажиглаж байхад төсвийн тэлэлтийг зогсоох, эдийн засаг дахь төрийн оролцоог хоёр дахин бууруулах зорилт тавьж байж бид цааш явахгүй бол хаа ч хүрэхгүй юм байна. Гишүүд өөрийн асуудлаа суулгаж аваад, ингээд яваад байвал жил болгон төсөв улам нэмэгдээд л байна. Эндээс мухардалд орно, эрсдэлд орно. Мөнгө нь бүрдэхгүй болно.

-Эрчим хүчний салбарт засаглалын шинэчлэл хийхгүйгээр үнэ нэмэх нь үр ашиггүйг судлаачид анхааруулж байна. Та эрчим хүчний үнийг нэмэх нь зөв гэж бодож байна уу?

-Эрчим хүчний хуулин дээр Эрчим хүчний зохицуулах хороо хөрөнгө оруулалтаа нөхөөд, эдийн засаг ашигтай байхаар үнэ тогтооно гэж заасан. Зохицуулах хороо нь таван зохицуулагчтай. Тэд хараат бусаар шийдвэр гаргах эрхтэй. Энэ хараат бус шийдвэрийг нь улс төрчид бариад, 30 жил болчихсон. Томьёогоороо үнээ тооцвол уурхай, станц нь алдагдалгүй байх ёстой. Гэтэл асар их алдагдалтай олон жил явсаар маш хүнд байдалтай болсон. Шинээр станц барих сонин биш, станц байхгүй болохоор монголчууд тэр өндөр өртгийг бүгдээрээ хувааж төлж байна. Өнөөдөр айлуудын төлж байгаа мөнгө хямдхан юм шиг боловч буцаагаад айлуудын дундаа цуглуулсан мөнгөөр бид энэ өр ширийг дарж таарна. Энэ нэг алдаа. Дээрээс нь гэр хороолол руу дэд бүтэц тавья, шинээр барьж байгаа орон сууцуудыг дулааны шугамд холбоё гэхээр эх үүсвэр байхгүй. Цахилгаан станц нь баригдахгүй, ашиггүй болчихож байгаа гэсэн үг. Өнгөрсөн 30 жилийн буруу шийдвэрийн үүднээс эрчим хүчний үйлдвэрлэл хөгжихгүй, бусад салбараа, эдийн засгийн тэлэлтийг нь болчихсон байна.

-Үнэ бодит байх ёстой болов уу?

-Тэгэлгүй яах вэ. Улстөрчид, Засгийн газар зарлаад, үнийг дээш доош болгох боломж угаасаа байхгүй. Мэргэжлийн хүмүүс, салбар, зөвлөлд нь хуулийнхаа дагуу шийддэг эрхийг нь л өгчихмөөр байна. Тэгээд өөрсдөө тоогоо гаргаж ирээд, шийдээд явна. Тэрнээс болоод орлого багатай өрхүүд хямрах тохиолдлууд гарвал яг тэр зорилтот хүмүүстээ төсвөөс хөнгөлөлтийн мөнгийг нь нөхөж өгөх зохицуулалтууд хийж өгөх хэрэгтэй гэж бодож байна. Одоо худлаа үнээс болоод худлаа эдийн засаг хөгжөөд байна. Улаанбаатар хотын төвийн том шилэн барилгуудыг хар. Метр квадратынхаа дулааны төлбөрийг бодит өртгөөс нь 70 хувь хямд төлдөг. Тэдэнд дулаан алдагдал огт хамаагүй. Бодит тарифтай бол барилгынхан ханаа хүртэл арай дулаахан материалаар барина шүү дээ. Засгийн газар төрийн өмчийн компаниудын удирдлагыг томилоод, зааж ажиллуулдаггүй, тэд нь аж ахуйн бие даасан үйл ажиллагаа явуулдаг байх хэрэгтэй. Тэрний дараа хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлүүд орж ирнэ. Тэгээд Монгол Улс олон үүсвэрт жижиг, дунд хэмжээний нүүрсний цахилгаан станцууд, алсдаа хагас бие даасан эрчим хүчний үйлдвэрлэлтэй болох өөрчлөлт хийх хэрэгтэй.

-Төсвийн төсөл дээр ХХААХҮ-ийн сайдын багцад 555 тэрбум төгрөгийг хувийн хэвшилд татаас болгон олгоно гэсэн байсан. Салбарын сайд энэ талаарх тодруулгад тань ямар хариулт өгсөн бэ?

-Би хоёр, гурван тоог их гайхаж харсан. 555 тэрбум төгрөгийг төсөөлбөл замбараагүй их мөнгө. ХААХҮ-ийн сайдын багц удахгүй бараг их наяд төгрөг болох юм билээ. Энэ жилийнх нь 905 тэрбум. Төсөлд 555 тэрбум төгрөгийг хувийн хэвшилд татаас болгож өгнө гэсэн байгаа юм. Шалтгааныг нь асуусан, тодорхой хариулт хэлээгүй. Хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд, ковид шиг нөхцөл байдал үүсэхэд бид бэлэн байх ёстой. Тийм учраас энэ онцгой чухал салбар. Хүнсний аюулгүй байдлыг хангаж, тогтвортой байдлыг бий болгохын тулд бид мөнгө зарахаас аргагүй гэсэн.

-Хувийн хэвшилд ямар шалгуураар олгох юм бол?

-Тэр мөнгийг хэн, ямар компани авч байгаа вэ, юу хийдэг, ямар шалгууртай вэ гэдгийг бид мэдэх эрхтэй. Яг л эрчим хүчний салбар шиг хиймлээр чирээд яваад байгаа салбарт сөрөг үр дагавар нь улам л томроод явна. 555 тэрбум төгрөгийн татаас хувийн хэвшилд олгоно гэж юу ч гэсэн үг юм. Тэрийг би ерөөсөө ойлгохгүй байгаа. Дараагийнх нь цахим хөгжил Монголд эрчимжлээ. Үнэхээр эерэг үр дүн гарсан. Гэхдээ хурдтай юмны цаана мэдээж алдаа гардаг.

Ижил функцтэй программууд, хэрэглэдэггүй зөндөө программ байна. Баахныг худалдаж аваад, нэвтрүүлж чадаагүй хаясан байна. Ийм хуулийн заалттай. Бидний түүснээр 370 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж цахим системд байна. Та нар хуулийн дагуу асуусан юм уу гэж асуулга тавьсан. Зургаан чиглэлээр асуулга тавьсан гэсэн хариулт өгсөн. Бусад нь мэдэхгүй, одоогийн байдлаар надад хариу өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл, хууль хэрэгжихгүй, шалгахгүй. Бодитой үнэ үү, хийсгэсэн үү гэмээр зүйлс энэ төсвийн төсөлд нэлээн байна гэж бодож байна. Энэ дээр ажиллахаар өмнөөс нь харам төрөөд байгаа байхгүй юу.

-Яагаад тэр вэ?

-Энэ чинь хүмүүсийн мөнгө шүү дээ. Тэрнээс биш төрийн мөнгө гэж нэг юм тэнгэрээс унаж ирээд, дарга нар хураах гээд байгаа юм ерөөсөө биш. Дээр нь Хөшигийн хөндий, Хар Хорум хот, “Өөдөө тэмүүлэх Монгол”, “Гүүр” гээд ТЭЗҮ, зураг төслийнх нь нийлбэр дүн асар өндөр байна. Миний бодлоор, монголчууд, улаанбаатарчууд тулгамдаж буй асуудлаа шийдмээр байна шүү дээ. Дэд бүтцийн мөнгийг яагаад хоосон газар руу аваачиж хаях гээд байгаа юм бэ. Гэр хорооллынхоо асуудлыг шийдмээр байна, тийшээ мөнгө хиймээр байна шүү дээ. Хоосон газар аваачиж байхаар шинэ газраа анхнаас нь гоё, зөв төлөвлөх хэрэгтэй. Яармагийг яг тэгж хийсэн. Хоосон талбай дээр ёстой гоё, зөв төлөвлөлт хийнэ гээд байсан хаана байна. Битүү түгжрээ, орж гарч болохгүй. Тархин доторх юм цэгцрээгүй байхад шинэ газар очоод, нүхэн жорлонгоос эхлээд хачин л юм болно. Тэр мөнгөнүүдээ хэрэгтэй хүмүүстээ зарцуулъя л даа.

-Та өмнө нь хувийн хэвшилд ажиллаж байсан, одоо түмний төлөөлөл боллоо. Танд энэ хоёр алба-ны аль нь амар санагдаж байна вэ?

-Төсвийн хэлэлцүүлгийн үеэр төсөв мөнгийг хараад “шок”-нд орсон. Ямар аймаар их мөнгөтэй юм бэ. Хүн болгон салбараа бодно. Өөрийн гэсэн амбицтай. Мэргэжлийн амбиц, салбарын хөгжил, цаана нь найз нөхөд, хамаатан садны компаниар дамжуулаад мөнгө гаргуулчих гэсэн янз бүрийн бодолтой хүмүүс мэдээж бий байх. Энэ бүх олонлог төсөв дээрээ шавж ирээд, бүгдээрээ аваад, төсөв нь томроод, буцаад оролцсон хүмүүс чинь олон юм ярьж чадахаа больдог. Ингээд томроод л яваад байна. Энийг хараад би “Энэ ерөөсөө сууриараа буруу байна. Монгол Улсын төрийн оролцоо хэтэрхий ихэдсэн байна” гэж бодож байна. Ямар ч байсан олон намын нэгдэл байгаа болохоор бага багаар эерэг өөрчлөлт гарах болов уу гэж бодож байна. Төсвийн зарцуулалт, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулахгүй бол төр мэргэн шийдвэр гаргаад, зөв бодлого хийгээд, хөгжинө гэж байхгүй ээ. Мөнгөнөөс хамаарч цаана нь тэтгэгддэг том юм үүсээд байвал улам л мухардалд орно.

Д.ЭРДЭНЭТУЯА

 

Categories
мэдээ спорт цаг-үе

Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Гантулга мөнгөн медаль хүртлээ DNN.mn

БНХАУ-ын Чэндү хотод хагас марафон гүйлтийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 27-нд болоход нийт 80 тамирчин өрсөлдөв.

Тэмцээнд манай улсаас эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин уралдсанаас Үндэсний шигшээ багийн тамирчин Д.Гантулга 1:05.07 цагийн амжилтаар замаа дуусгаж, мөнгөн медаль хүртлээ.

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийтийн тээврийн 1117 автобус иргэдэд үйлчилж байна DNN.mn

2024 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1117 автобус иргэдэд үйлчилж байна.

May be an image of 1 person, trolley and text
Categories
мэдээ нийгэм

Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ DNN.mn

Дундговь аймгийн Хулд сумын Бүлээн багийн “Шар цохио” гэдэг газар шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 13:55 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар анги, Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Луус  сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 15:15 цагт цурманд оруулан, 16:05 цагт түймрийг бүрэн унтраалаа.

Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 300 га талбай өртөж шатсан гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Гадаад харилцааны нуман тулгуур ба “Стан-цэцэг” DNN.mn

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины Монгол Улсад хийсэн айлчлалын үр дагавар үргэлжилсээр байна. Олон улсын зүгээс Монгол Улс В.Путиныг айлчлах үед нь ОУЭШ-ийн гишүүний хувьд баривчлах ёстой гэсэн юм. Ялангуяа ОУЭШ яг ийм байр суурь илэрхийлсэн.

Тэр үед Монгол Улсад зарим талаас ОУЭШ-ийн дүрэм журмыг В.Путиныг баривчлах хэмжээнд Ромын дүрмийг нь мөрдөх үүрэг бидэнд бий юу гэдэг байр суурь гарч ирсэн. Энэ талаар товч тайлбарлахад ОУЭШ-ийн Ромын дүрэм нь Олон улсын байнгын ажиллагаатай Эрүүгийн шүүхийг байгуулах тухай олон улсын гэрээ юм. Анх 1998 онд Ром хотод батлагдаж, 2002 оноос хүчин төгөлдөр үйлчилж эхэлжээ.

Монгол Улс Ромын дүрмийг 2002 онд соёрхон баталж, ОУЭШ-ийг үүсгэн байгуулагч 60 улсын тоонд багтсан. Одоогийн байдлаар 123 улс Ромын дүрмийн гишүүнээр нэгдсэн. Ромын дүрмээр гишүүн улсууд Төрлөөр устгах, хүн төрөлхтний эсрэг, дайны, эзлэн түрэмгийлэх гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хэргийг дотооддоо шийдвэрлэх боломжгүй тохиолдолд ОУЭШ-д уг этгээдийг шилжүүлэн өгөх үүрэг хүлээдэг юм.

Гишүүн орнуудаас ОУЭШ-д шүүгчээ оруулах сонирхол асар их байдаг. Монгол Улс ч олон жил шүүгчдээ өрсөлдүүлж байв. 2017 онд гэхэд л Улсын Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр нэрээ дэвшүүлж байсан юм. Тэгж байгаад 2023 онд Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн Монгол Улсаас анх удаа ОУЭШ-ийн шүүгчээр сонгогдож байв.

ОУЭШ гэж ийм учир жанцантай шүүх байна.

Харин тус шүүх Монгол Улсад ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин айлчилсантай холбоотой шийдвэр 2024 оны 10 дугаар сарын 24-нд гаргажээ. ОУЭШ-ийн Урьдчилсан ажиллагааны танхимын шүүгч нар Монгол Улс ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг өөрийн нутаг дэвсгэрт байхад нь баривчилж, шүүхэд шилжүүлээгүй нь ноцтой асуудал. Үүнийг харгалзан үзэж, уг асуудлыг Ромын дүрмийн оролцогч орнуудын Ассамблейд шилжүүлэх шаардлагатай гэсэн шийдвэрийг гаргажээ.

Ингэж асуудлыг Ромын Дүрмийн оролцогч талуудын Ассамблейд танилцуулснаар В.Путиныг баривчлах ёстой, ёсгүй талаарх хууль эрх зүйн маргаан дууссан. Харамсалтай нь үүгээр Монгол Улс В.Путиныг баривчлаагүй нь улс төрийн асуудал гэсэн дүгнэлтийг үлдээж байгаа юм. ОУЭШ-ийн энэ шийдвэрийг олон улсын хэвлэлүүдээр мэдээлсний дараа Монголын нөлөө бүхий экспертүүд байр сууриа илэрхийлж эхэллээ. Нэрт нийтлэлч Баабар л гэхэд Монгол Улс В.Путиныг баривчлаагүйд биш урьсанд байгаа юм гэжээ.

Гадаад харилцааны өмнөх сайд нар ч ийм байр суурьтай байна. Тэд Стан-цэцэгийн алдаа, энэ хүн л Монгол Улсын гадаад харилцааг нуман тулгуурт оруулчихлаа гэв. Өөр бусад эксперт ч адил байна. Тэдний байр суурь ноцтой гэхэд болно. Энэ бол Гадаад харилцааны яам, тэр дундаа сайд Б.Батцэцэгийн бодлогогүйнх. ОУЭШ-ийн дүрмийг мэдсээр байж зөрчсөн нь Монголыг олон улсад онигоо болголоо. Хэдий мөнхийн хөрш, харилцааны онцлогтой ч В.Путины айлчлал яагаад Ардчилсан үзэл санаа, Үндсэн хуульт эрх зүйт төрт ёсны эсрэг чиглэх болов гэдгийг өмнө нь бодох ёстой байсан юм. Энэ бол ердөө л стан орнуудыг магтан дуулж Ардчилсан хамтын орнуудаас илтэд тусгаарласан бодлого. Өөрөө англиар ярьдаггүй. Тийм болохоор оросоор ойлголцоход стан орнуудтай харилцах өөрт нь хялбар байж болно. Гэхдээ нэг хүний хэлний барьераас болж Монгол Улс Ардчиллаас ухрах хэмжээний тэнэгтэлд орж болохгүй гэцгээгээд эхэллээ.

Сүүлд авч байгаа мэдээллээр Монгол Улс ОУЭШ-д давж заалдах гарц байгаа гэнэ. Гэхдээ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ганцаараа шийдэж барахааргүй дуулдаж байна. Нэгэнт хийчихсэн алдаа учраас нэлээд буулт хийж байж залруулах бололтой. Төрийн бүх институт нэг ширээнд сууж гадаад харилцааны экспер байж шийдэхгүй бол цаашид олон улсын зүгээс улс төр, эдийн засгийн шахалт, дарамт ирж нуман тулгуурт орсоор байхыг үгүйсгэхээргүй байдал ажиглагдаж байна.

Ажиглагч А.Батболд

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг хорих ангиас захидал илгээжээ DNN.mn

Нар, хур тэгширч хүн зоны сэтгэл тэнийсэн долдугаар сарын 18, 19-ний өдрүүд сэтгүүлч Н.Өнөрцэцэг миний хувьд хар дарсан аймшигт өдрүүд байлаа. Энэ өдрүүд одоо ч гэсэн үргэлжилж байна. Шүүхийн ерөнхий зөвлөл, Татварын байгууллагын төлөөлөл, прокурор, шүүгчдийн дунд цагдаагаар чанд хатуу мануулсан хаалттай хаалганы цаана хоёр өдөр шүүлгэж, 4.9 жилийн ялын тогтоол уншсанаас хойш 100 гаруй хоног өнгөрч байна. Миний итгэл үнэмшил, миний үйл хэрэг шиг та бүхний нүдний өмнө ил байсан зүйл үгүй билээ. Би шударга ёс байдаг гэдэгт итгэж байсан. Би авлигагүй, ил тод, утаа түгжрэл үгүй эрүүл орчинд , иргэд нь ажилтай, орлоготой, аз жаргалтай амьдардаг ийм л нийгэмд амьдрахын төлөө тэмцэж ирсэн. Эцэст нь өнөөдөр өргөст торны цаана хоригдож байна. Цаг наргүй, өдөр шөнөгүй, цагийн зүү шиг зогсолтгүй ажилладаг сэтгүүлчийн ажлаа хийж яваад ийм байдалд орсондоо харамсаад баршгүй сууна. Миний эрх чөлөөг торны цаана хийх шийдвэр гарсан тэр өдөр “Аав аа намайг хэлмэгдүүлчихлээ шүү дээ” гэж уйлан хайлан бичлэг хийх үед миний зүрх зогсох мэт болж, хамаг бие хөшиж, толгой дээрх үснүүд маань хуйх руу минь нэг нэгээрээ хатгаж байх шиг аймшигт мэдрэмж намайг эзэмдсэн.

Тэр мөчийг үгээр илэрхийлэхэд одоо ч надад хүнд байна. Гав гинж тачигнаж, төмөр хаалга чихран хаагдаж, бие дэх эд зүйлсийг минь хураан авсан тэр мөчид аав минь л аврах юм шиг бодогддог юм билээ. Хөөрхий дөө, миний муу малчин аав төрийн том тээрэмний өмнө хүчин мөхөстөхийг мэдэж байсан ч тэрхэн мөчид өөрийгөө хүчлэн барьж байсан хүлээс тасран унасан хэрэг. “Ээж нь ажилдаа явчихаад ирье” гээд нялх үрээ унтаагаар нь үнсэж үлдээгээд, “Охин нь хэрэг хийгээгүй учир яах ч үгүй” гэж ижий, аавдаа хэлээд нутгийн 100 жилийн ой руу нь үдсэн минь нүдний өмнө жирэлзээд өнгөрсөн. Тэднийгээ хуурчихсан мэт маш хэцүү байсан, одоо ч гэсэн … Нялх жаахан үрээ анх сургуулийн босго алхаж ороход ээж нь хамт байгаагүйд уучлаарай… гэж энд би өөртөө шимшрэн хэлдэг. Ээжийгээ шоронд орсныг хожим нь мэдсэн хүү минь ангийнхандаа “Миний хөөрхөн ээж Япон явчихсан” гэж худал хэлсэн тухай сонсоод энд би цээжээ нэвтэртэл уйлахаас өөр юу ч хийж чадаагүй. Бяцхан үрээ тийм байдалд оруулсандаа маш их харамсаж байна. Ээжийгээ дахин уучлаарай, үр минь. Мөн өдөр бүр даралт нь ихсэж, шөнө бүр нойр нь хулжин , цаг мөчийг тарчин там дунд өнгөрүүлж байгаа өндөр настай ээж, ааваасаа хүлцэл өчье. Охин нь давж заалдах шатны шүүх хурал товлогдохыг хоног тоолон хүлээж сууна. Шүүх байгууллагад итгэх итгэл маань өнөөг хүртэл гээгдээгүй ээ. 2024 оны аравдугаар сарын 23-ны өдөр хорихийн Тоо бүртгэлийн ангиар дамжуулан Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд “Надтай холбоотой хэргийг нээлттэй, ил тод явуулж өгөөч” хэмээн хүсэлт гаргалаа. Өмнө нь ч би энэ хүсэлтээ уйгагүй тавьсаар ирсэн билээ. Одоо би олон нийт та бүхнээсээ дэмжлэг хүсч байна. Та бүхэн минь надтай холбоотой хэргийг хэлэлцэх Давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй, ил тод хийхийг шүүхээс хүсэхэд минь дэмжээд өгөөрэй. Сэтгүүлч миний бие ямар гэмт хэрэг үйлдэв, яагаад хүний аминд хүрсэн гэмт хэрэгтнүүдээс болон авлигач дарга нараас өндөр ял авав гэдгийг олон нийт та бүхэн ч мэдэх хэрэгтэй болов уу. Монгол Улсад сөрөг хүчний дуу хоолой өдрөөс өдөрт алсарч, төрд хяналт үгүй болсон гэдгийг шоронд байгаа би, эрх чөлөөтэй байгаа олон нийт та бүхэн бүгд харцгааж, мэдэрцгээж байна. Эрх чөлөөгөө хасуулан, элэг жиндэм өргөст торны цаана эмтэрч суугаа сэтгүүлч миний цорын ганц хүсэл гагцхүү шүүх хурлыг нээлттэй, олны нүд, чихэн дээр хийж өгөөч гэх хүсэл шүү. Дахиад хүсье, Давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй явуулж өгөөч. Шударга шүүх байгаа гэдэгт би итгэсэн хэвээрээ байгаа шүү. Олон түмний минь мэдэх эрхийг Бурхан ивээг!

… дүгээр хорих ангиас сэтгүүлч Нарангийн Өнөрцэцэг илгээв.

2024 оны 10 дугаар сарын 28 өдөр

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй DNN.mn

Намрын чуулганаархэлэлцэн батлах ёстой хамгийн гол хууль бол Төсвийн тухай хууль. Энэ хууль батлагдаж байж л улсын ажил эхэлдэг. Энэ хууль батлагдаж байж л төр, хувийн хэвшлийнхэн бүтээн байгуулалтаа эхлүүлдэг. Хийж байснаа үргэлжлүүлдэг. Тиймээс улс даяараа улсын төсөв хэрхэн батлагдахыг харж, хүлээж байна. Төсвийн хууль санаачлагч нь мэдээж Засгийн газар. Батлах ёстой субьект нь УИХ. Улмаар УИХ-аас баталсан төсвөөр Засгийн газар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг зарчимтай. Тэгэхээр өргөн барьсан төсвөө анхны хувилбараар нь батлуулах сонирхол Засгийн газар, тэр дундаа салбарын сайдад их бий. Хэрэв аль нэг сайдын багцын дүнг УИХ хэлэлцэх явцдаа өөрчилбөл тухайн яам салбарынхаа төлөвлөсөн ажлаа батлагдсан төсөвтөө уялдуулаад өөрчилж таарна. Энэ өөрчлөлт заримынх нь эрх ашигт нийцэхгүй, заримынх нь ажлыг гацаах ч эрсдэлтэй байдаг. Тиймээс л жил бүр төсөв хэлэлцүүлэх явцдаа өргөн барьсан төсвөө эх хувилбараар нь батлуулах гэж сайд нар гишүүдэд найр тавьдаг уламжлал тогтоод удаж байна. Үүнийг нь УИХ-ын гишүүд мэддэг учраас ямар нэгэн байдлаар улстөржилт хийж, зарим нь кнопоо худалдах үзэгдэл гардаг. Монголчууд энэ мэт дээр, дооргүй эрх мэдлээ ашиглаж, олдсон боломжоос ямар нэгэн байдлаар өөрт ашигтай байдлыг бүрдүүлэх гэж хичээдэг, хогийн хандлагатай. Ийм хандлага шинээр бүрэлдсэн анхны 126 гишүүнтэй парламентад ч саяхан тод харагдлаа. Ердөө 50-хан сая төгрөг дээр л Монголын ард түмний төлөөлөл болж төрийн жолоог атгаж яваа төрийн түшээд “ноён нуруугаа хугалчихлаа”. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд УИХ, Засгийн газрын гишүүд Тэрэлжийн таван одтой зочид буудалд цугларч, төсвийн хэлэлцүүлгийг хийсэн нь олон нийтийн шүүмжлэлийг хүлээж байна. Төсвөө хэлэлцэх нь зөв ч яагаад заавал Тэрэлжид гэж. Яагаад заавал үнэтэй, тансаг зочид буудалд гэж. Иргэд гайхаж байна. Тэр тусмаа хуралдсан зочид буудал, амралтын газар нь Ч.Номин сайдын хамаарал бүхий компанийнх болж таарч байдаг. Үүнээс илүү иргэдийн хамгийн их дургүй нь хүрч, шүүмжилж байгаа асуудал бол тус хурлын зардлыг улсын төсвөөс буюу татвар төлөгчдийн мөнгөөр хийсэнд байгаа юм. Тиймээс уг зардлыг хуралд оролцсон УИХ, Засгийн газрын гишүүд буцаан төлж, татвар төлөгчдийн үргүй зардлыг нөхөх ёстой гэсэн байр суурьтай иргэд олон байна. Тэрэлжид болох тус хэлэлцүүлгийн мэдээллийг Засгийн газрын хэрэг эрхлэх газраас УИХ-ын гишүүдийн нэгдсэн вайбэр групп чатанд анх мэдээлж. Улмаар тус хуралд УИХ-ын нэр бүхий 70 орчим гишүүн, Засгийн газрын ихэнх гишүүд очиж оролцсон байна. Тухайлбал, УИХ-ын гишүүдээс Н.Алтаншагай, О.Амгаланбаатар, О.Батнайрамдал, Э.Батшугар, Э.Болормаа, Ш.Бямбасүрэн, Ж.Ганбаатар, М.Ганхүлэг, Г.Дамдинням, Б.Жаргалан, М.Нарантуяа-Нара, С.Эрдэнэболд нар явж. Харин Засгийн газрын гишүүдээс Н.Учрал, С.Амарсайхан, Э.Одбаяр, Б.Тулга, Б.Батцэцэг, Б.Жавхлан, Ч.Номин, Л.Энх-Амгалан, Б.Дэлгэрсайхан нарын нэрс хэвлэлээр яригдаж байна. Тэгвэл очоогүй гишүүд, сайд нарын нэрсийг ил болгож, нийтэд зарлахыг ЗГХЭГ-аас шаардаж байна, ард түмэн. Энэ парламентад жагсаалтаар орж ирсэн болон тойргоос сонгогдсон залуу гишүүдийн ихэнх нь очсон гэж байгаа. Эдгээр залуу гишүүдийн зарим нь уг хуралд яагаад очсон талаараа “Төрийн ажил явагдана гэж хэлсэн болохоор л очсон. Үнэхээр найр наадам болно гэж мэдээгүй. Цаашид иймэрхүү хэлэлцүүлэгт бид очихгүй” гэдэг тайлбарыг хэвлэлд өгч байна. Зарим нь хэлэлцүүлэг дуусгаад хот руу буцсан гэж байгаа бол зарим нь хэлэлцүүлэг өндөрлөсний дараа уг зочид буудалд тухлан саатсан байгаа юм. Зарим эх сурвалжуудын хэлж байгаагаар уг зочид буудалд УИХ, Засгийн газрын гишүүд манай танай нам гэлтгүй бүгд ууж, идэн шөнөжин найрласан аж. Ёстой аз жаргалтай, тав тухтай төсвийн хэлэлцүүлэг гэж энэ байх даа. Тэрэлжид байдаг тэрхүү таван одтой зочид буудалд энэ удаад л гишүүд очиж, нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүлсэн юм биш л дээ. Улстөрчид, томчууд тэнд байнга очиж эрх ашгаа нэгтгэдэг болоод удаж байгаа. Тэр дундаа МАН-ын том дарга нар уг газарт очиж улс төрийн нууц тохироо, хуралдаан, далд бодлогуудаа хэлэлцдэг жишээ олон. 2017 онд МАН-ын харьяалалтай УИХ, Засгийн газрын гишүүд Тэрэлжид очиж уулзалдаж байсан нь ил болж олны дургүйцлийг төрүүлж байсан. Яг одоогийнх шиг сонгуулийн дараахь УИХ, Засгийн газрын гишүүдийн уулзалт болж таарсан. Үүнийг тухайн үед УИХ-ын гишүүн байсан Д.Дамба-Очир тайлбарлан ярихдаа “…Өнгөрөгч баасан гаригийн орой Засгийн газрын гишүүд Их хурлын гишүүдээ хүлээж авсан нь үнэн. Гэхдээ оройн зоогийн ширээний ард суучихаад Таван толгой, Эрдэнэт ярина гэж байхгүй. Тийм ч зүйл болоогүй. Баасан гаригт Тэрэлжийн замд байдаг тэр газар амарцгаагаад ирсэн. Тэнд ямар нэг асуудал шийдээгүй. Зохион байгуулалттай хийсэн зүйл байхгүй ээ” гэж өөрсдийгөө өмөөрч байлаа.

Тэгэхээр иймэрхүү уулзалт, хэлэлцүүлэг, хурал МАН-ын уламжлалт арга хэмжээ гэж хэлж болохоор. Гол асуудал нь уг уулзалтынхаа зардлыг улсын төсвөөс гаргасанд л байгаа юм. Ард түмэн өнөөдрийнхөө идэх бүтэн талхнаас талыг аван байж улсдаа татвар төлдөг. Харин тэрхүү төлөгдсөн татвараар нь эрх баригчид найрлаж, тансаг зочид буудалд төрийн ажлыг явуулж байгаад ард түмэн үнэндээ зэвүүцэн, дургүйцэж байна. Угтаа УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг явуулах тусгай байр, ордонтой. Тэнд төрийн ажлыг явуулах хууль, журамтай. Явуулж байгаа үйл ажиллагаагаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр ард түмэндээ ил тод, нээлттэй мэдээлэх үүрэгтэй.

Энэ утгаараа Тэрэлжид очсон УИХ, Засгийн газрын гишүүд хууль зөрчихөөс гадна, иргэдээ басан доромжилж байна гэж ойлгох хэрэгтэй. Энэ үйлдэлдээ хууль тогтоогчид иргэдээсээ уучлалт гуйж, зарцуулсан төсвийн мөнгийг нөхөн төлөхийг олон нийт шаардаж байна. Шаардах нь ч зөв. Нөгөөтэйгүүр төсөв батлах нь УИХ-ын гишүүний үүрэгт ажил. Төсөвт алдаа байвал засч залруулах эрх нь УИХ-ын гишүүнд бий. Энэ ажлаа хийхдээ заавал Засгийн газар, сайд нарын лоббинд орж, өгсөн хоолыг нь “гудрах” ямар шаардлага байна. УИХ бол бага ард түмэн. Ард түмэн өлсгөлөн байж болно. Та нар ядаж өлөн баймааргүй байна, гишүүд ээ. Хийх ёстой ажлаа хуулийн дагуу хийгээд л явцгаа л даа. Төсвөө нийтийн эрх ашигт нийцүүлж, нөгөө бүсчилсэн хөгжлийнхөө үзэл баримтлалд тулгуурлан батал гэж та нарыг ард түмэн сонгоцгоогоо биз дээ. Гэтэл төсөв батлах эрх мэдлээ таваг хоол, тал шил архинаас худалддаг УИХ-ын гишүүн гэж байдаг аа. Ингэснээрээ та нар ард түмний саналыг худалдаж байна гэсэн үг. Ийм өчүүхэн бодолтой, өлөн гишүүд жар далаараа энэ парламентад байна гэхээр Монгол Улсын хөгжил, ирээдүй гэрэлтэй харагдах нь эргэлзээтэй юм аа. Юутай ч татвар төлөгчдийн хөрөнгөөс гоожуулсан 50 сая төгрөгөө дээрх нэр бүхий гишүүд буцаагаад төлчих.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр үхэр өдөр DNN.mn

БИЛГИЙН ТООЛЛЫН 26

2024.10.28 / ДАВАА ГАРИГ

НАМРЫН АДАГ ХӨХ НОХОЙ САРЫН
ЗУРГААН ЦАГААН ХӨХӨГЧИН ҮХЭР ӨДӨР

Үс засуулвал: Жаргал үргэлжид ирнэ
Наран ургах, шингэх: 07.31-17.41
Барилдлага:

Үхэх

Шүтэн барилдлага:

Өтлөх үхэхүй

Суудал: Уул

Аргын тооллын 10 сарын 28, Сумъяа гараг. Билгийн тооллын 26, Бага морь одтой, хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 7:31-17:41. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.