Categories
мэдээ нийгэм цаг-үе

Олон улс, орон нутгийн нислэг өвлийн хуваарьт шилжлээ DNN.mn

Олон улс болон орон нутгийн нислэг 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өвлийн цагийн хуваарьт шилжлээ.

2024-2025 оны өвлийн улиралд олон улсын өнгөрөлтийн 35 агаарын тээвэрлэгчийн 124,439 нислэг, олон улсын хөөрөлт буултын 12 агаарын тээвэрлэгчийн 4604 нислэг, орон нутагт “МИАТ” ТӨХК 660 нислэг үйлдэхээр төлөвлөсөн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн данс руу шилжүүлнэ DNN.mn

2024 оны гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдөр буюу аравдугаар сарын 28-ны даваа гарагаас иргэдийн дансанд шилжүүлнэ.

Үүнд энэ сарын 8-ны 23:59 цагаас өмнө амжиж бүртгүүлсэн баримтууд хамаарах аж.  Өмнөх улиралд 1.2 сая гаруй иргэнд 84.6 тэрбум төгрөгийн буцаан олголт шилжсэн байна.

Иргэн та “И-баримт” аппликейшнаар НӨАТ-ын буцаан олголтоос татвар, хураамжаа төлөх боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

Явган хүний зам, талбайг шуурхай засварлахыг үүрэг болголоо DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Ээлжит шуурхай зөвлөгөөнөөр өмнөх зөвлөгөөний үүрэг, даалгаврын биелэлтийг товч хэлэлцлээ. Зөвлөгөөний эхэнд нийтийн тээврийн үйлчилгээ, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд 16 байршилд холбоос зам хийх шаардлагатай. Энэ дагуу авто замын ажлын зураг төслийг боловсруулж байгааг Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн гүйцэтгэх захирал Р. Дагва, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү танилцууллаа.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд хотын дарга дараах үүрэг даалгаврыг өглөө.

Тодруулбал, авто зам, инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлийн хүрээнд ухсан нүх, эвдэрсэн авто зам, явган зам талбайг шуурхай нөхөн сэргээн засварлаж, ажлын чанарт хяналт шалгалт хийж, дүнг танилцуулах,

Нийслэлийн 2024 оны төсвийн орлогыг нэмэгдүүлж, орлогын эх үүсвэрийн бааз суурийг өргөжүүлэх ажлуудыг эрчимжүүлэх,

Улаанбаатар хотын 2040  он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон “Зогсоол” хөтөлбөр, Орон сууцны бодлогын хөтөлбөр боловсруулах ажлын явцыг танилцуулах,

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдэж байгаа болон цаашид авч, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулах,

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлээс шалтгаалсан нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг судалж, түгжрэлийг бууруулах дунд болон богино хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг танилцуулах,

“Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл”-ийн хэрэгжилтийг хангуулах, газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлж, танилцуулах,

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай үйл ажиллагааг хангаж ажиллах,

Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийг эрчимжүүлж, хяналт тавьж ажиллах,

Нийслэлийн хэмжээнд эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үзүүлж, үйлчилгээний чанарт хяналт шалгалтыг зохион байгуулах зэрэг ажлыг үүрэг болгосон юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өвөлжилтийн бэлтгэл ажил 98.5 хувийн гүйцэтгэлтэй байна DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр өвөлжилтийн бэлтгэлийн талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү танилцууллаа.

Нийслэлийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд цахилгаан, дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 654 төсөл, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж, аравдугаар сарын 28-ны өдрийн байдлаар 98.5 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, улс, нийслэлийн болон гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар 18 байршилд нийт 24 км дулааны гол шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх, шинээр татах томоохон ажлуудыг хийхээр төлөвлөж өнгөрсөн тавдугаар сарын 15-наас барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. Барилга угсралтын ажил 98.5 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Нийслэлийн хэмжээнд хүчдэлийн уналттай, цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй 13715 айл, өрх байгаагаас 8840 айл өрхийг эрчим хүчээр хангах, хүчдэлийн уналтгүй болгох ажлыг амжилттай хэрэгжүүлж буй. Түүнчлэн нийслэлийн 6 дүүрэгт ачаа, хүн зөөврийн 52 ширхэг лифтийг шинэчилжээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн зургаар эхэлж, хөргөөр алдаршсан Д.Цэрэннадмид DNN.mn

“Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ”

Зургийн цомог эргүүлэх бүрдээ ямар ч гуниггүй, гэнэн цайлган хүүхэд нас, гэрэл гэгээ, сайхан бүхэн рүү тэмүүлсэн залуу насаа харах сайхан биш гэж үү. Хүмүүний амьдралын цаг хугацаа, дурсамж бүхэн гэрэл зургийн хальсанд мөнхөрч үлддэг нь гайхалтай. Эргүүлээд харах бүрдээ амьдралын жаргалтай болоод алдаа оноотой тэр л үеэ нэхэн санадаг учир гэрэл зураг үнэ цэнтэй. Харин тэрхүү он цагийн дурсамжийг мөнхлөн үлдээж, түүх бүтээдэг хүн нь гэрэл зурагчин юм. Жижигхэн аппаратаа үүрч гараад, жирийн бус жинхэнэ бүтээл дарахын төлөө хөдөлмөрлөдөг Монголын үе, үеийн гэрэл зурагчдын түүх арвин билээ. Харин тэдний тэргүүн эгнээнд “давхиж”, олон улсын гэрэл зурагчдын уралдаанаас эх орондоо анхны гранпри шагналыг авчирсан, Монголд цөөхөн байдаг эмэгтэй гэрэл зурагчдын нэг нь Соёлын болон Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан Дугаржавын Цэрэннадмид ажээ. “Зууны мэдээ” сонин ээлжит “Амьдралын тойрог” булангийнхаа микрофоныг түүний гэрт асааж, хүсэл мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж, хүүхдийн гэнэн цагаахан гэрэл зургаас эхэлж, Монголын урлаг соёл, спорт, утга зохиолын шилдгүүдийн хөргийг дарж, залуу насыг нь “мөнхөлсөн”,  амьдралынх нь түүхийг сийрүүлэн сонины хуудаснаа бичиглэж сууна.

Дөрвөн настай унаач

Амьдралынхаа 50 гаруй жилийг гэрэл зурагтай холбож, хэвлэл мэдээллийн салбарт ажилласан Д.Цэрэннадмид Хэнтий аймгийн уугуул нэгэн. Аав Дугаржав нь хурдан удмын адуугаараа нутагтаа алдартай, уяач хүн байсан ажээ. Ижий нь 18 хүүхэд төрүүлсэн бөгөөд Д.Цэрэннадмид айлын отгон охин болж мэндэлжээ. 12 ах, эгчийн хайр, энхрийлэлд хүн болсон ч, хэзээ ч ажлаас зугтаж, хойш сууж үзэлгүй хөдөлмөрч нэгэн болж, хүмүүжсэн тухайгаа дурсан ярьсан юм. Адуунд эрэмгий аавын охин учраас түүний хүүхэд насыг морьгүйгээр төсөөлөхийн аргагүй гэнэ. Дугаржав гуай хүүхдүүдээ дөрвөн нас хүрэхээр нь морь унуулж сургадаг байжээ. Ингээд нэг жил морьтой нөхөрлөсөн хүүхдүүд ирэх жилээс нь хурдан морины нуруун дээр гарах эрхтэй болдог байсан гэнэ. Бага охиных нь хувьд ч энэ уламжлалын дагуу таван нас хүрээд хурдны морь унаж, сумынхаа наадмын айраг, түрүү хүртсээр 15 нас хүрсэн гэнэ. Тэрээр “Бага байхдаа орой бүр морь тарладаг байснаа мартдаггүй. Энэ нь уясан мориныхоо хүч чадлыг үзэж, 100-200 метр давхиулна. Хөлрөхөөр нь уяагаа тойруулаад морио гишгүүлж, хөлсийг нь хатаана гэсэн үг л дээ. Үүнээс гадна хөдөөний хүүхдүүд чинь гүүгээ саана, айргаа исгэнэ, эсгийгээ хийнэ. Миний хүүхэд нас ингэж л өнгөрсөн” хэмээн дурссан юм. Түүнийг гэрэл зурагчин болоод удаагүй байхад Унгарт олон улсын гэрэл зурагчдын чуулган болжээ. Тухайн үед ирсэн зочдыг морин спортын төвтэй танилцуулахад Д.Цэрэннадмид томсик морь унаж, монгол эмэгтэйн эд хавыг гайхуулж байсан сайхан дурсамж байдаг ажээ. Дугаржав гуайн гэргий 13 хүүхдээ ажил хөдөлмөрт сургана. Ингэхдээ унтахдаа цамцаа толгойныхоо дээр, өмдөө хөлийнхөө дор эвхэж тавиад унтахыг захидаг байсан гэнэ.  Зуны цагт хүүхдүүд нь ихэвчлэн газраар зулна. Хүүхэд бүхэн өөр, өөрийн аягатай. Хэрэв хүүхдүүд нь ээжийнхээ захисан ёсоор хувцсаа эвхэж тавьсан байвал өглөө бүр өнөөх аяга нь ёотонтой угтдаг байжээ. Харин эсрэгээрээ ээжийнхээ үгэнд ороогүй хүүхдийн аяга хоосон байдаг байсан гэнэ. Ингэж л ижий аав нь хүүхдүүдээ багаас нь хөдөлмөрт сургасны хүчинд тэдний хашаа, хороо ширхэг ч хоггүй цэвэрхэн байдаг байжээ.  Өдгөө Д.Цэрэннадмид гуай ч ээж ааваасаа сурсан энэхүү зангаараа үр хүүхэд, ач зээгээ ажил хөдөлмөрт сургаж, өөрөө үлгэрлэж явна.

Ленинградаас “ирсэн” анхны аппарат “Кристал”

Д.Цэрэннадмид ханьтайгаа дунд сургуулийн нэг анги ажээ.

Д.Цэрэннадмид заяаны ханьтайгаа дунд сургуулийн нэг анги байжээ. Тэрээр ангийнхаа хүүхдүүдээс нуруугаар намхан. Жагсаалын дороосоо гуравт зогсоно. Харин хань нь ангийнхаа хамгийн өндөр хөвгүүн нь. Хонгор бага наснаасаа ижилдэн дассан тэд таван хүүхдийн ижий, аав болсон байна. Ахлах ангиа төгсөх жил Д.Цэрэннадмид сургуулийн хуваарь авч чадсангүй. Харин хань О.Чанцалсүрэн нь онц сурдаг байсан учир Ленинградын Цахилгааны их сургуулийн хуваарь аваад явжээ. Хайртай хүнээ үдэн гаргаж өгөхдөө тэрээр анхны үрээ тээснээ мэдээгүй үлдсэн гэдэг. Ингээд түүнийхээ араас захидал бичиж, аав болох гэж байгааг нь анх дуулгаснаа дурссан юм. Энэ тухайгаа Д.Цэрэннадмид “Хүний амьдралд сайн хань гэдэг хамгийн чухал. Би азаар их сайн хүнтэй учирч, нэг насаараа жаргаж амьдарсан хүн. Хань минь над руу нэг ч удаа муухай харж, муухай үг хэлж байсангүй. Өдгөө үр хүүхдүүд минь ч ааваасаа хойш намайг зовоосонгүй. Тус тусдаа өөрсдийн амьдралаар сайхан л амьдарч явна” хэмээн ярьсан юм.    Д.Цэрэннадмидын хувьд хүүхэд байхаасаа л гэрэл зураг сонирхдог байжээ. Сургууль дээр нь ирсэн сонины гэрэл зургуудыг хараад суучихна. Ханийнхаа энэхүү хүслийг анзаарч харсан нөхөр нь анх Ленинградаас нэгдүгээр дамжаагаа төгсөөд ирэхдээ нэгэн жижигхэн хар “Кристал” гэсэн аппарат авчирч өгчээ. Ийнхүү анх хэрхэн гэрэл зураг авч, боловсруулахыг ханиараа заалгасан гэдэг. Тухайн үед том охин нь дөнгөж хоёрхон сартай байсан учир ихэвчлэн оройн цагаар авсан зургаа боловсруулна. Ийнхүү зураг дарах бүрийд энэхүү урлагт дурласаар 1962 онтой золгожээ. Энэ үед дөнгөж хотод ирээд тэр үеийн гэр ахуйн багшийн курст суралцаж, багшийн үнэмлэх “өвөртөлсөн” байна. Сургуулиа төгсөөд 28 дугаар сургуулийн 5-6 дугаар ангийнханд хичээл зааж эхэлжээ. Ихэвчлэн охидыг хоол хэрхэн хийх, хувцсаа яаж оёх зэргээр ахуйн төлөвшилд сургана. Энэ хугацаандаа ч тэрээр гэрэл зургаа авсаар байсан аж. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ чиглэлээр ажиллах боломж хайсаар тухай үеийн “Монцамэ” агентлагийн гэрэл зургийн албаны дарга Н.Лувсандоржтой 1968 онд анх уулзсан байна. Д.Цэрэннадмидын хувьд тэр үед ихэвчлэн хүүхдийн зураг авдаг байжээ. Гэртээ байхдаа өөрийн хүүхдүүдийг хальсанд буулгаж байсан бол сургууль дээрээ очоод шавь нарынхаа гэрэл зургийг дарна. Ер нь уран бүтээлийн гараагаа хүүхдийн зургаар эхлүүлсэн нэгэн юм. Н.Лувсандорж гуайд эдгээр зургаа үзүүлж, гэрэл зурагчин болох хүсэлтэй гэдгээ дуулгажээ. Гэтэл хэд хоногийн дараа гэрийнх нь утас дуугарснаар “Монцамэ” агентлагт лаборант хийх санал тавьснаар  хэвлэл мэдээллийн салбарт анх хөл тавьжээ.

“Азийн хүүхдүүд” наадмын гранпри шагналтан

“Өглөөний дасгал” 1975 он
“Минийхээс гоё бас байдаг аа” 1991 он.
“Амжаад цайлцгаая” 1985 он.

Тухайн үеийн цаасан хэвлэлд ажиллаж байсан сэтгүүлчдийн ажлаас цухас дурдвал гэрэл зургийн сурвалжлагч хальсаа угаана. Ингээд тэмдэглэгээ хийгээд лаборантад өгнө. Лаборант түүнийг нь цаасан дээр буулгах чухал үүргийг гүйцэтгэдэг байжээ. Энэ хугацаанд ажлынхан нь түүнийг зураг дарах сонирхолтойг нь мэддэг тул хааяа нэг зурганд явуулна. Д.Цэрэннадмидын хувьд өөрийнх нь дарсан зураг “Новости Монголии” сонинд нийтлэгдэхэд хамгийн их баярладаг байсан гэнэ. Тухайн үеийн “Монцамэ”-ийн бүрэлдэхүүнд тэрээр Н.Лувсандорж, Д.Норовдорж, С.Батсүх, н.Сүхээ зэрэг уран бүтээлчидтэй мөр зэрэгцэн ажиллаж байв. Эдгээр хүмүүсээс суралцаж, өдрөөс өдөрт ур чадварын хувьд өсөн нэмэгдсээр. 1970-аад оны тэр үед сонин сэтгүүл дээр гарах гэрэл зургийг заавал төв хороогоор батлуулдаг уламжлалтай байжээ. Хэрэв нүдний харц, гарын хөдөлгөөн буруу байвал баталж өгөхгүй. Буцаж ажил дээрээ очоод дахин зургаа шүүнэ. Ингээд батлуулсан зургаа н.Гэлэнхүү гэсэн хэвлэгчид өгч, сонин дээрээ нийтлүүлснээр тэр өдрийн ажил нь дуусдаг байсан гэнэ. Гэрэл зурагчин Д.Цэрэннадмидын хувьд Монгол Улсад анх удаа олон улсын уралдаанаас гранпри шагнал авчирсан гавьяатай нэгэн. 1978 онд Япон улсаас “Азийн хүүхдүүд” гэсэн хүүхдийн сэдэвтэй гэрэл зургийн уралдаан зарлажээ. Шагнал нь “Никон”-ын шинэ аппарат. Д.Цэрэннадмид ч гэрэл зурагчин бүрийн хүслэн болсон тэрхүү аппаратыг авахыг хүснэ. Нэгдүгээр сард зургаа илгээсэн ч хариу байдаггүй. Тэгээд л мартчихаж. Гэтэл долоодугаар сарын нэгэн өдөр хальсаа боловсруулаад сууж байтал хэлтсийн дарга Санжмятав гуай гранпри шагнал авсан баярт мэдээг дуулгажээ. “Өглөөний дасгал” хэмээх энэхүү зургийн түүхийг сонирхвол, гэрэл зургийн сурвалжлагч Д.Цэрэннадмид Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд ажлаар явж байхдаа буулгажээ. Сумын нэгэн айлд ороход гэрийн эздээс илүү гадаа орны бүтээлэг дээр нарлаж байсан хүүхэд нь анхаарлыг нь татсан байна. Ингээд бяцхан хүүг яг эрхий хуруун дээрээ тогтоод, сунайх мэт үйлдэл хийхэд нь буюу эгзгийг нь тааруулж хальсандаа буулгаснаар энэхүү зураг “төрсөн” байна. Үүнээс гадна Д.Цэрэннадмид 1975 онд ч мөн олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртэж, Монголын гэрэл зурагчдын ур чадварыг анхлан олон улсад сурталчлан таниулсан байдаг. Ийнхүү камераа үүрэн зургандаа гарч, “Монцамэ” гэх Монголын хэвлэл мэдээллийн байгууллагад насаараа ажилласан тэрээр 1990 оны ардчиллын салхи сэвэлзэхтэй хамт гавьяаны амралтдаа гарчээ.

Хүүхдийн зургаас хөрөг рүү шилжсэн нь

Д.Цэрэннадмидыг гавьяаны амралтдаа суугаад удаагүй байтал “Монголын зохиолчдын эвлэл”-ээс “Утга зохиол” сонинд ажиллах санал тавьжээ. Энэ үеэс түүний гэрэл зургийн салбарт “Хөрөг”-ийн мастер гэсэн нэр автлаа алдаршсан амьдралынх нь дараагийн үе эхэлсэн байдаг. Тэрээр хөрөг зураг авах тухайд “Зургаа авахуулах гэж байгаа хүнийг наашаа хар чиний зургийг авна гээд хэлчихээр биеэ барих, сандрал нь улам нэмэгддэг. Харин хэн нэгэнтэй ярьж байхад нь ч юм уу дарахад хамгийн сайн зураг гардаг. Миний хувьд зураг дарахдаа хамгийн эрхэмлэдэг зүйл бол нүд. Нүд гэдэг хүнийг харах толь байдаг шүү дээ” гэсэн юм. Д.Цэрэннадмидын зургийн архивыг харахад урлаг соёл, спортоос эхлээд утга зохиол, улс төрийн зүтгэлтнүүдийн хөрөг зураг их байх ажээ. Тэдгээр зургийг эргүүлж суухад хүний залуу нас гэдэг зөвхөн гэрэл зурагт л мөнх үлдэх юм даа гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байсан юм. Тухайн үед тэдгээр алдартнууд өөрсдөө гэрэл зурагчин Д.Цэрэннадмидыг зорьж ирээд, патиараа татуулдаг байсан гэнэ. Түүний 1985 онд авсан “Амжаад цайлцгаая” гэсэн зурагт гэрт хоёр ишиг ширээний ард сууж байгааг дүрсэлжээ. Сайн харвал нэг нь ширээн дээрх өрөмнөөс амсаад, хэлээ долоож байх юм. Энэхүү зургийн тухайд Д.Цэрэннадмид “Энэ зураг бол надаас хамгийн их тэсвэр тэвчээр, ур ухаан шаардаж бүтсэн. Нэг удаа ажлаар хөдөө явж байгаад нэг малчин айлд очсон юм. Өглөө эхнэр нь надад өглөөний цай бэлдэж өгчихөөд саалиндаа гартал хөөрхөн хоёр ишиг ороод ирсэн. Тэгэхээр нь би хаалгаа хаагаад эгзэгтэй мөчийг хүлээж байгаад дарсан” гэв. Үүнээс гадна түүний зургийн цомогт Б.Явуухулан, Э.Оюун, Б.Лувсаншарав, Ш.Дулмаа гэсэн алдарт зохиолчдоос гадна Зууны манлай, эстрадын дуучин Б.Сарантуяа, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Н.Сувд, Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн бүх гишүүдийн хөргөөс эхлээд жинхэнэ түүх өгүүлсэн хөрөг зургууд өөдөөс инээмсэглэн ширтэх нь гайхалтай.

Ю.Цэдэнбал дарга анхны үзэсгэлэнг нь үзжээ

Гэрэл зурагчин Д.Цэрэннадмидын хувьд энэхүү он жилүүдийн хугацаанд хэд хэдэн удаа уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэсэн байдаг. Үүнээс 1990-ээд онд хийсэн анхны үзэсгэлэнгийнхээ тухай онцлон ярьсан юм. Энэхүү үзэсгэлэнг Ю.Цэдэнбал дарга ирж үзсэнийг хэзээ ч мартдаггүй гэв. Д.Цэрэннадмид “Би Ю.Цэдэнбал даргатай 1970-аад оны үед Орос руу хамт томилолтоор явж байсан юм. Гэтэл дөнгөж үзэсгэлэнгээ нээтэл Урчуудын эвлэлийн уран зургийн галерейд төрийн хамгаалалтын хувцастай хүмүүс ороод ирсэн. Гайхаад эргээд хартал Ю.Цэдэнбал дарга ороод ирчихсэн үзэсгэлэн үзээд явж байсан” хэмээн дурссан юм. Гэрэл зурагчин Д.Цэрэннадмидын хувьд Монголын анхны гэрэл зургийн хувийн “Хөрөг” студийг байгуулан ажиллуулж байжээ. Энэхүү саналыг зохиолч, зураач Саруулбуян түүнд тавьжээ. Д.Цэрэннадмидын хувьд энэ хугацаанд хэзээ ч хүнээс мөнгө авч, зургийг нь дарж байсангүй. Тиймээс эхэндээ нэг л чадахгүй юм шиг санагдаж, татгалзаж байсан удаатай. Тухайн үеийн алдартнуудаас тэрхүү студид нь зургаа даруулаагүй хүн тун ховор гэнэ. Уран зургийн галерейн жижүүрийн хажуу дахь жижигхэн өрөөнд хоёр жилийн турш хүмүүс бужигнаж, Д.Цэрэннадмид үйлчлүүлэгчдээ ч дийлэхээ байжээ. Ингээд хоёр жилийн дараа студиэ өөрийн охиндоо өгснөөр төрөлх нутгаа зорьсон байна. Өдгөө ч “Хөрөг” студийн үйл ажиллагаа үргэлжилсээр байгаа юм байна. Харин гэрэл зурагчин Д.Цэрэннадмидын хувьд өдгөө ч гэрэл зургаа авсаар. “Никон”-ын жижигхэн хөөрхөн аппаратаа бариад сав л хийвэл зургаа дарж сууна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Налайхын авто замаас Их тэнгэр хүртэлх авто замыг шинэчиллээ DNN.mn

Уулын замын засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Налайхын авто замаас Их тэнгэр хүртэлх авто замыг шинэчиллээ

Categories
мэдээ нийгэм

ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсгийг бүрэн авч, хиймэл яс, үе суулгах мэс засал хийлээ DNN.mn

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлгийн Ясны эмгэгийн мэс заслын тасгийн хамт олон БНСУ-ын эмч нартай хамтран ясны хортой хавдрын тохиолдолд дунд чөмөгний булууны хавдрыг авч, хиймэл үе (мега-протез) суулгах мэс заслыг амжилттай хийлээ.

Энэхүү мэс засал нь үйлчлүүлэгчийн мөчийг тайрахгүй хадгалж үлдэх, үйл ажиллагааг нөхөн сэргээх, амьдралын чанарыг дээшлүүлэх зэрэг олон давуу талтай бөгөөд гадаад улсад хийгддэг өндөр өртөгт тусламж үйлчилгээг эх орондоо цаг алдалгүй үзүүлэх бүрэн боломжтой болж байна.

Мэс заслын баг бүрэлдэхүүнд ГССҮТ-ийн салбар эмнэлгийн Ясны эмгэгийн мэс заслын тасгийн эрхлэгч Э.Ниндэвдэмбэрэл болон их эмч Ц.Батбаяр, А.Амгаасэд, мэдээгүйжүүлгийн эмч Н.Оюунчимэг, мэдээгүйжүүлгийн сувилагч Д.Айтолхын, мэс заслын сувилагч Г.Ганцэрэн, Ү.Урандолгор нар багтжээ.

Ясны эмгэгийн мэс заслын тасаг нь 2023 оны 11 дүгээр сараас эхлэн үйл ажиллагаа явуулж буй бөгөөд доод мөчдийн ясны эмгэг болон төрөлхийн согог, ясны хавдартай үйлчлүүлэгчдэд мэс заслын болон сэргээн засах тусламж үйлчилгээг олон улсын түвшинд үзүүлж байгаа юм

Categories
мэдээ нийгэм

АТГ: Одоогоор 57 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 10 дугаар сарын 21-27-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 82 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 57 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 908 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 19 хэргийг шүүхэд шилжүүлэх, 18 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 867 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүлэв гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан болж байна DNN.mn

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан болж байна.

Өнөөдрийн хуралдаанаар “Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, үнэ тарифын шинэчлэлт, мега төслүүдийн талаар хийж хэрэгжүүлж буй ажлын талаар” мэдээллийг УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн,

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, “Алсын хараа-2050” салбар дундын уялдааг хангах үндэсний хорооны дэргэдэх эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт үнэ тарифын шинэчлэл, мега төслүүд хариуцсан дэд хорооны дарга Т.Доржханд,

УИХ-ын гишүүн, “Алсын хараа-2050” салбар дундын уялдааг хангах үндэсний хорооны дэргэдэх эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт үнэ тарифын шинэчлэл, мега төслүүд хариуцсан дэд хорооны гишүүн С.Цэнгүүн нар Ардчилсан намын бүлгийн гишүүдэд өгч байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Арваннэгдүгээр сарын цаг агаарын төлөв DNN.mn

Цаг уурын байгууллагаас ирэх арваннэгдүгээр сарын урьдчилан төлөвийг гаргажээ.

Арваннэгдүгээр сард агаарын дундаж температурын хувьд төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн. Хур тунадасны хувьд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим орох боловч нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу орно.

Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногт ихэнх нутгаар агаар мандал тогтворгүй, салхи шуурга ихтэй байх төлөв ажиглагдаж байгаа тул хол замд гарахдаа богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг байнга авч ашиглаж, ажлаа төлөвлөхийг зөвлөж байна.

Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Завхан аймгийн зүүн, Баянхонгор аймгийн хойд нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим, харин хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд олон жилийн дунджаас 1-3°С хүйтэн, харин нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлээр олон жилийн дунджаас бага зэрэг дулаан байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд цас орж, зарим газраар цасан шуурга шуурч болзошгүй байна.

Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд олон жилийн дунджаас 1-3°С хүйтэн, харин нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, гуравдугаар арав хоногийн сүүлээр олон жилийн дунджаас бага зэрэг дулаан байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд үеүдэд цас орж, зарим газраар цасан шуурга шуурч болзошгүй байна.

Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас Сүхбаатар, Дорнодын нутаг, Хэнтийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүл, гуравдугаар арав хоногийн эхэнд үеүдэд олон жилийн дунджаас 1-3°С хүйтэн, харин нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд олон жилийн дунджаас бага зэрэг дулаан байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд болон хоёрдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан шуурга шуурч болзошгүй байна.

Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Говьсүмбэрийн нутаг, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Дорноговийн нутаг, Дундговийн зүүн өмнөд, Өмнөговийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд олон жилийн дунджаас 1-3°С хүйтэн, харин нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд олон жилийн дунджаас бага зэрэг дулаан байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд цас орж, зарим газраар цасан шуурга шуурч болзошгүй байна.