Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Батсуурь: Ипотекийн зээлийн эх үүсвэрийг ирэх онд 1.2 их наяд төгрөг болгож, цаашлаад 2-3 их наяд төгрөгт хүргэнэ DNN.mn

УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурьтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Барилга хот байгуулалтын яам гэж байгаад саяхнаас орон сууцжуулалт гэдэг үг нэмэгдсэн. Тэгэхээр бүтцийн хувьд ямар байдлаар өөрчлөгдөж байна гэсэн үг вэ. Хамрах салбар хүрээлэл илүү тэлж байна гэсэн үг үү?

-Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталснаар төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэн. Ингэснээр иргэн бүр хувийн өмчтэй болох эрх зүйн орчин бүрдэж, иргэд чөлөөтэй, тэгш эрхтэйгээр өөрийн өмч хөрөнгө, газар, үл хөдлөх хөрөнгийг олж авах боломжтой болсон. Орон сууц хувьчлах тухай хуулийг 1996 онд баталж, төрийн өмчийн орон сууцыг тухайн орон сууцанд амьдарч байсан иргэд өмчилж авч байсан нь өнгөрсөн 30 жилийн нэгэн томоохон түүхэн үйл явцад тооцогддог. Орон сууц гэдэг бол бидний зөвхөн амьдран суух байр гэхээс илүү хариуцлагатай, хамтдаа аж төрөхийн үндэс суурийг бүрдүүлдэг, нийгэм, эдийн засгийн хөгжлийг тодорхойлох Үндсэн суурь үзүүлэлт юм. Энэ утгаараа салбарын асуудал өргөн хүрээнд орж ирсэн гэсэн үг.

-Яг өнөөдрийн байдлаар иргэдийн хувьд хэдэн хувь нь орон сууцанд, хэд нь гэр хороололд амьдардаг юм бол. Нөгөөтэйгүүр цөөхөн хүн амтай улсын хувьд иргэдийнхээ ихэнхийг орон сууцжуулах боломж угтаа хангалтай байх юм биш үү?

-Хүн ам, орон сууцны 2023 оны тооллогын дүнгээр нийт өрхийн 31 хувь нь нийтийн зориулалттай орон сууц, 29 хувь нь өөрсдөө барьсан амины орон сууц, 38 хувь нь уламжлалт гэр сууц, хоёр хувь нь инженерийн бүрэн шийдэлтэй амины орон сууцанд амьдарч байна гэсэн тоон дүн саяхан гарсан.

Өнгөрсөн 30 жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 300 дахин нэмэгдэн эдийн засаг тэлж байгаа ч хотын төвлөрөл, агаар, хөрсний бохирдол, түгжрэл, дэд бүтцийн хүртээмжгүй байдал зэрэг асуудлаас шалтгаалан иргэдээ орон сууцжуулах үйл ажиллагаа удаашралтай явж ирсэн нь үнэн. Тиймээс ирээдүйд бий болох үр өгөөжийг эдийн засгийн өсөлттэй уялдуулан оновчтой төлөвлөж, бусад орны сайн туршлага, санхүүжилтийн зөв загварыг олон улсын байгууллагуудаас гаргасан үр ашигтай зөвлөмжийн дагуу хамтран нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг даалгавар бидний өмнө үүсээд байгаа юм.

-Иргэдээ орон сууцжуулах тал дээр яг ямар бодлого барьж ажиллаж байгаа вэ?

-Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийг орон сууцжуулах зорилгоор хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тусгасан. Тухайлбал, Үндэсний баялгийн сангаар дамжуулан төр, хувийн хэвшлийн түншлэлээр орлогод нийцсэн орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, ипотекийн зээлийн бүтээгдэхүүнийг өрхийн орлогын түвшинтэй уялдуулах, Үндэсний орон сууцны корпораци байгуулж, нэгдсэн бодлого, шийдвэрээр орон сууцжуулах арга хэмжээг хэрэгжүүлэх, зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, дасан зохицох чадвартай амины орон сууцыг нэмэгдүүлэхэд хөнгөлөлттэй зээл, урамшууллын механизмыг нэвтрүүлэх, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор “Шинэ Зуунмод”, “Шинэ Хархорум” зэрэг хотуудыг шинээр байгуулах, аймаг, сум, орон нутагт орон сууцжуулалтын үйл ажиллагааг төрийн бодлогоор дэмжих зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн. Тэгэхээр эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах “Миний анхны орон сууц”, “Миний түрээсийн орон сууц”, “Миний амины орон сууц”, “Миний сонголт орон нутаг”, “Миний сонголт нийтийн алба” зэрэг ТАВАН багц арга хэмжээг авч хэрэгжүүлэн, 150 мянган айлын орон сууцыг ирэх дөрвөн жилд ашиглалтад оруулна.

-Саяхан бүсчилсэн хөгжлийн анхдугаар форум болсон. Энэ утгаараа салбар яамны бодлого бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтайгаа цаашид хэрхэн уялдан явахаар байгаа вэ?

-Өргөн уудам газар нутагт орших 21 аймаг, 330 сумыг зургаан бүсэд хуваан бүсчлэн хөгжүүлэх төлөвлөгөө Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл болж байна. Бүс нутагт стратегийн 90 төв, бүлэг сууринг байгуулж, хөрөнгө оруулалтыг чиглүүлэн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах урсгалыг нэмэгдүүлэхээр төлөвлөөд байгаа. Бусад сум суурин газруудыг ч орхигдуулахгүйгээр кластержуулан хөгжүүлэх боломжийг эрэлхийлэн холбогдох төрийн байгууллага, хувийн хэвшил, судлаачидтай хамтран ажиллаж байна. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд туссан эдийн засгийн бүсүүдэд бий болох ажлын байрыг даган орон сууцны эрэлт, хэрэгцээ өсөн нэмэгдэхээр байгаа тул ипотекийн зээлийн санхүүжилтийн 50-иас дээш хувийг орон нутагт олгохоор төлөвлөж байна. Энэхүү эх үүсвэрийг 2025 онд 1.2 их наяд төгрөгт хүргэнэ. Мөн жил бүр үе шаттайгаар нэмэгдүүлж, ирэх дөрвөн жилд 60 мянган айл өрхийг ипотекийн зээлд хамруулна гэж зорьж байгаа.

-Байшин, сууцаа дулаан алдагдалгүй болгосон иргэдэд 30 хүртэлх сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ гэж хэлсэн. Энэ талаар та тодорхой тайлбар өгөхгүй юу?

-“Монголын Ногоон Санхүүгийн Корпораци”-тай хамтран Уур амьсгалын ногоон сан болон бусад олон улсын санхүүгийн эх үүсвэрээс хөрөнгө оруулалт босгож, амины орон сууцаа дулааны алдагдалгүй болгосон иргэдэд хөнгөлөлттэй зээлийг олгох, дэд бүтцээ бүрэн шийдвэрлэсэн өрхөд төрөөс 30 хүртэлх сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Цаашлаад өрхийн орлогын түвшинтэй уялдуулан бага, дунд орлоготой өрх болон залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ түрээсийн орон сууцаар хангах бодлогыг үе шаттай эрчимжүүлнэ. Тухайлбал, орон сууцжуулалтыг дэмжих хүрээнд орон нутагт нийтийн зориулалттай орон сууц шинээр барьж, борлуулсан аж ахуйн нэгжийн орлогын татварыг 90 хүртэлх хувиар, нийтийн зориулалттай орон сууц түрээслүүлсэн аж ахуйн нэгж, иргэний орлогыг 90 хүртэлх хувиар үе шаттайгаар хөнгөлөх татварын дэмжлэг энэ оноос хэрэгжиж эхлээд байгаа.

-Шинэ орон сууц Улаанбаатар хотод болон бусад хотуудад бий. Гол нь тэрийг худалдаж авах иргэдийн орлогын чадамж сул байна. Тэгэхээр хүн бүр ипотекийн зээл рүү орох сонирхолтой байгаа гэсэн үг. Үүнийг цаашид ямар байдлаар зохицуулах ёстой юм бэ?

-Хүн амаа чанартай, хүртээмжтэй хямд орон сууцаар хангах томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал. Төрөөс газар, дэд бүтцийн асуудлыг шийдсэнээр орон сууцны үнийн өсөлтийг тогтвортой байлгана гэж тооцоолж байгаа. Үүний нэг жишээ бол, Улаанбаатар хот болон Дархан хотод төрөөс газар, дэд бүтцийг шийдэж, 15 мянган айлыг орон сууцтай болгох Залуус хорооллын төсөл юм. Энэ төсөл бусад аймаг сумын төвд жишиг болон хэрэгжинэ. Нөгөөтэйгүүр иргэд өөрсдийн өмчлөл, эзэмшлийн газартаа ая тухтай, стандартын шаардлага хангасан амины орон сууц барихад ипотекийн зээл олгох боломжийг бүрдүүлэхээр Монголбанк, Сангийн яамтай хамтран ажиллаж байна. Иргэдийг орон сууцжуулах онцгой нэг хүчин зүйл нь хууль эрх, зүйн орчны шинэчлэл. Тиймээс Барилгын салбарын багц хуулийн төслүүдийг боловсруулан, УИХ-ын намрын чуулганаар өргөн барьж, батлуулахаар ажиллаж байна. Эрх зүйн шинэчлэл хийгдсэнээр ипотекийн зээлийг зорилтот бүлэгт оновчтой олгох зохицуулалт хийгдэж, Үндэсний орон сууцны корпораци байгуулах, Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сангийн эх үүсвэрээр төлбөрийн чадварт нийцсэн, стандартын шалгуурыг хангасан, байгаль орчинд ээлтэй, чанартай орон сууцыг нэмэгдүүлэх цогц боломж бүрдэх юм.

-Ипотекийн зээлтэй холбоотой асуудлаар та тодорхой тайлбар өгөхгүй юу. Цаашид ер нь уг зээлийн эх үүсвэр нэмэгдэх үү?

-Юуны өмнө орон сууцтай болж амьдрах хэдхэн арга л бий шүү дээ. Бизнес хийдэг, санхүүгийн боломжтой хүмүүс бол хэдэн давхар хаус барих нь чөлөөтэй. Үүнийг нь хот төлөвлөлтдөө тааруулаад төрөөс бодлогоор дэмжчих л ёстой. Нөгөөх нь орлогод таарсан орон сууц гэвэл ерөөсөө л ипотек. Ипотекийн зээл 2013 оноос эхэлж өнөөдрийг хүртэл явж байна. Гэхдээ жилдээ 500-600 тэрбум төгрөгийн л эх үүсвэр байдаг. Тиймээс авъя, өгье гэсэн хүмүүсийн оочер их болсон. Ипотек хүссэн хүн болгонд өгөх санхүүгийн боломж манай улсад байхгүй л дээ. Тэгэхээр уг асуудлыг том зургаар нь шийдэх хэд хэдэн шинэчлэлийг хамтарсан Засгийн газар авч хэрэгжүүлэх гэж байна.

-Тухайлбал юу хийхээр төлөвлөж байгаа юм бэ?

-Жишээ нь, ипотекийн зээлийг 118 мянга гаруй өрх авсан байгаа. Үүн дотор нэг хүн хэд хэдэн удаа зээл авсан тохиолдол цөөнгүй бий. Энэ нь хүртээмжийг багасгаж байгаа гэсэн үг. Тиймээс бидний хувьд үүнийг болиулж, анх удаагаа байр авч байгаа хүн нэг л удаа ипотекийн зээл авах боломжийг бүрдүүлнэ. Ингэснээр олон хүн уг зээлийг авах боломж нэмэгдэнэ. Нөгөөтэйгүүр ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр болсон. Ирэх онд уг зээлийн эх үүсвэрийг 1.2 их наяд төгрөг болгох гэж байна. Энэ дүнг цаашдаа хоёр, гурван их наяд болгон шат дараатай нэмэгдүүлнэ. Ипотекээс гадна түрээсийн байр буюу түрээс төлж яваад тодорхой хугацааны дараа өмчилдөг байх боломжийг сайжруулна.

-Хамтарсан Засгийн газар байгуулагдаад гурван сар гаруй хугацаа болж байна. Засгийн газраас 14 мега төслийг танилцуулсан. Эдгээр том төслүүдийн ач холбогдлыг та юу гэж харж байгаа вэ?

-Хамтарсан Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн үр өгөөж нь эдийн засгийг тэлж, орон сууцжуулах үйл ажиллагаанд оруулах хөрөнгө оруулалтыг дорвитой нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, мега төслүүдийн үр ашиг нь айл өрхөд хямд үнэтэй, хүртээмжтэй орон сууц, орон сууцжуулалтад олгох бага хүүтэй ипотекийн зээл, зорилтот бүлэгт чиглэсэн түрээсийн орон сууц байх болно.

-Мега төсөлд орсон Шинэ Зуунмод хотын төлөвлөлт ирэх дөрвөн жилд ямар байдлаар бүтээн байгуулалтын ажил хийгдэх бол. Засгийн газар бүхэлдээ нүүнэ гэдэг зүйлийг хэлсэн шүү дээ?

-Ерөнхийдөө Богд уулаа эдийн засгийн эргэлтэд оруулъя гэж байгаа юм. Өнгөрсөн гуч гаруй жилийн хугацаанд Богд ууланд аялал жуулчлалын отог нэрээр хороолол баригдчихлаа. Одоо байгаа хоосон газрыг нь шүүгээд үзэхээр ямар нэгэн аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн эзэмшилд хэдийнэ оччихсон байгаа юм. Тиймээс хотын төвлөрлийг сааруулахын тулд бид буюу Засгийн газар өөрсдөө манлайлагч нь байх хэрэгтэй. Энэ утгаараа Засгийн газрын аль нэг яам гэхгүйгээр бүтнээрээ шууд нүүе, Богд уулын Номтын аманд очъё гэж байгаа юм. Нөгөөтэйгүүр хот 20 минут гэх Үндэсний хороо байгуулагдчихсан явж байгаа, тийм үү. Тэгэхээр нэг асуултыг биднээс асуудаг. Засгийн газар бүхлээрээ Номтын аманд оччихлоо гэж бодъё. Тэгвэл тийшээгээ 20 минутын дотор очиж чадах уу гэдэг.

-Нээрээ очиж чадах уу?

-Мэдээж Яармагийн гүүрний түгжрэл ямар байгааг бид мэднэ. Тиймээс Богд уулыг Хүрхрээгийн амнаас Номтын ам руу хос тунель барья гэж байгаа. Тэгэхээр Хүрхрээгийн ам руугаа бас түгжирнэ. Тэгвэл яах вэ гэвэл Туул гол дээгүүрээ 700 метрийн өргөн ган татлагат гүүр барья гэж байгаа. Ингэвэл бүх хөл хөдөлгөөн дотогшоо биш гадагшаа чиглэнэ. Улмаар Улаанбаатар хот нь парламентын ордон нь байдаг, Ерөнхийлөгч нь байдаг бизнес хот болно. Ингэж Шинэ Зуунмод хотыг бид Дархан, Эрдэнэт хотын алдааг давтахгүйгээр эхнээс нь эмх цэгцтэй алсын, хараатай байгуулах хэрэгтэй. Шинэ Зуунмод хотод ирэх дөрвөн жил 15 мянган айлын орон сууц барина. Нөгөөтэйгүүр том төслүүдийг энэ хамтарсан Засгийн газар зоригтой эхлүүлж байгаа нь өнөөдөр байгаа эдийн засгийн өсөлтөө хэд дахин томруулъя гэж байгаа. Өөрөөр хэлбэл, өнөөдөр ДНБ зургаан мянган ам.доллар байгаа бол ирэх дөрвөн жилийн дараа 10 мянган ам.доллароос дээш болгоё. Ингэхийн тулд эдгээр том төслүүдийг эхлүүлэхээс өөр арга байхгүй гэдэг үзэл санаан дээр л хамтарсан Засгийн газар байгуулагдсан.

Э.МӨНХТҮВШИН

 

Categories
мэдээ

ЗУРХАЙ: Өнөөдөр шарагчин могой өдөр DNN.mn

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 1, Сугар гариг. Билгийн тооллын 30, Салхины эх одтой, шарагчин могой өдөр. Өдрийн наран 07:37 цагт мандаж 17:34 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 1 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн өмнөд хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр -25…-30 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -18…-23 градус, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -12…-17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар -3…-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2…+3 градус дулаан, бусад нутгаар -7…-12 градус хүйтэн, өдөртөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор -9…-14 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8…+13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар +4…+9 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -12…-14 градус, бусад хэсгээр -7…-9 градус хүйтэн, өдөртөө +1…+3 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө -12…-14 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -14…-16 градус, өдөртөө -1…-3 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Эрчим хүчний шинэчлэл хийнэ гэж ард түмнээ хуурчихалгүй цааш нь гүйцээнэ биз дээ” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы баасан  гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт  УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Т.Доржхандтай эрчим хүчний шинэчлэлтэй холбоотой асуудлаар ярилцлаа. Тэрбээр “Популистуудын үгэнд итгэн, хоосон хайранд хууртаж 34 жил явсныхаа горыг өнөөдөр бид нийтээрээ амсаж байна”Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн

Нийгмийн сэтгэл судлаач Н.Оюундалай “Хүмүүс сэтгэлгээний хэт их доройтолд орсон учраас нийгэм бухимдалтай байна” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Эрчим хүчний шинэчлэл хийнэ гэж ард түмнээ хуурчихалгүй цааш нь гүйцээнэ биз дээ” хэмээн өгүүллээ.

Цагдаагийн дэд хурандаа Б.Өсөхбаяр “Цахим залилагчдын
амлаад байгаа шиг амархан мөнгө олох арга хаана ч байхгүй” хэмээв.

Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор М.Саруул-Эрдэнэтэй ярилцлаа.Тэрээр Төрийн Департаментын Гадаад харилцааны дээд сургуулийн багш, Конгрессын номын сангийн Монгол номыг хариуцсан ажилтан, Монгол соёлын төвийн тэргүүн, “Өдрийн сонин”-ы Вашингтон дахь албан ёсны сурвалжлагч юм.

Зохиолч Ц.Ууганбаяр “Зохиолчийн гол ажил бол өрнөж байгаа үйл явцыг уншигчдад ойлгомжтой үгээр тайлбарлах эв дүй юм” гэв.

ДЭЛХИЙН МЭДЭЭ: “Хог” гэдэг үг дахиад шуугиан тарив

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Тунгалаг тамир”


 

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы  баасан гаригийн дугаараас уншаарай.

 

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

 

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

 

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

 

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

 

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

 

 

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Итали-Монголын парламентын бүлгийн даргыг хүлээн авч уулзлаа DNN.mn

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж өнөөдөр (2024.10.31) Бүгд Найрамдах Итали Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Итали-Монголын парламентын бүлгийн дарга, ноён Никола Карэг хүлээн авч уулзлаа. Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж 2020-2024 онд Улсын Их Хурал дахь Монгол-Италийн парламентын бүлгийн даргаар ажилласан бөгөөд тухайн үед Итали-Монголын парламентын бүлгийн гишүүнээр ажиллаж байсан ноён Никола Карэтай уулзаж танилцан, хамтран ажиллаж иржээ.

Уулзалтын эхэнд дэд дарга Б.Пүрэвдорж Монгол Улсыг сайн мэддэг, дэмждэг хүн Итали-Монголын парламентын бүлгийн даргаар ажиллах болсонд баяртай байгаагаа илэрхийлж, холимог тогтолцоогоор явуулсан Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль, түүний үр дүнд бүрдсэн 126 гишүүнтэй парламентын талаар товч мэдээлэл өгч, эдүгээ Улсын Их Хуралд шинээр зохион байгуулагдаад байгаа Монгол-Италийн парламентын бүлгийн удирдлага, гишүүдийг танилцуулав. Өөрийг нь тус бүлгийн даргаар ажиллаж байх үед Итали-Монголын парламентын бүлгийн дарга, гишүүд ихээхэн дэмжиж, ойр дотно хамтран ажилласанд талархаж явдгаа тэрбээр онцолж, хоёр улсын эдийн засаг, бизнесийн болон нийгэм соёлын харилцааг гүнзгийрүүлэхэд чухал хувь нэмэр оруулсныг талархан тэмдэглэв. Ялангуяа хоёр улсын ноолуурын салбарын хамтын ажиллагаа идэвхжиж, Монгол Улсаас Италид нийлүүлдэг ноолуур, ноолууран бүтээгдэхүүний экспорт жилд ердөө 40 тонн байснаа 1200 тонн болж өссөнийг жишээлээд, цаашид манай улсад хөрөнгө оруулж хамтран ажиллах өргөн боломж нээлттэй байгааг Италийн бизнесийн байгууллагуудад уламжилж өгөхийг хүсэв. Мөн Улсын Их Хурлын дэд дарга Монгол Улсын хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасны зэрэгцээ цаашид эдийн засгийг өсөлтийг хангахад чиглэсэн 350 гаруй дэд төслийг хэрэгжүүлэээр төлөвлөж буйг танилцуулан, энэхүү хөгжлийн зорилтыг хангахад бүхий л талаар хамтран ажиллахад нээлттэй гэдгийг цохон дурдлаа.

Италийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Никола Карэ анд нөхөртэйгөө дахин уулзаж байгаадаа баяртай байна гээд, тус улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын даргын мэндчилгээг Улсын Их Хурлын дэд даргад уламжлав. Итали Улс аж үйлдвэр хөгжлөөрөө дэлхийд дээгүүр ордог бөгөөд сүүлийн жилүүдэд Монгол Улсын аж үйлдвэрийн технологийн эрэлт нэмэгдэж буйг ажиглаж байгаагаа тэрбээр өгүүлж, энэ чиглэлээр болон батлан хамгаалах, барилга архитектур, хог хаягдлыг дахин боловсруулах зэрэг олон салбарт хамтран ажиллах боломж бийг дурдлаа. Монгол Улсын Засгийн газар томоохон зорилтуудаа амжилттай хэрэжүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа тэрбээр илэрхийлээд, үүнд Итали Улс бага ч болов тус болж, хамтран ажиллахыг төлөө байгааг онцлон тэмдэглэлээ.

Уулзалтад Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, хатагтай Жованна Пикаррета байлцав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Тосолгооны тосны хаягдлыг зориулалтын бус газар хаясан иргэнийг 10 сая төгрөгөөр торгожээ DNN.mn

Нийслэлийн прокурорын газраас хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдал болох тосолгооны тосны хаягдлыг зориулалтын бус газар хаясан Б.Н-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 20.11 дүгээр зүйлийн 1 /Аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг хаях/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Хэргийг тодруулбал, автомашины мотор, кропны хаягдал тос масло дахин боловсруулж, дизелийн түлш үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Н нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 116 дугаар тогтоолоор батлагдсан “Аюултай хог хаягдлын жагсаалт”-д заасан аюултай хог хаягдлыг хэрэглээний бохир усыг татах төв коллектор шугам руу хаясан хэрэгт холбогдсон.

Шүүхээс хэргийг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэж, Б.Н-ийг Эрүүгийн хуулийн 20.11 дүгээр зүйлийн 1 /Аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг хаях/-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 сая төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол бахархлын өдөрт зориулсан барилдааны цахим бүртгэл эхэллээ DNN.mn

Арваннэгдүгээр сарын 2-ны бямба гарагт 12:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болох Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, Fвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно.

Барилдах бөхчүүдийг өнөөдрөөс бүртгэж эхэлжээ.

Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаанд түрүүлсэн бөхөд “Их хааны цом”-ыг анх удаа гардуулна гэж Монголын үндэсний бөхийн холбооноос мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Архидан согтуурсан үедээ бусдыг мэс ашиглан гэмтээжээ DNN.mn

Өчигдөр буюу энэ оны аравдугаар сарын 30-ны өдөр “Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сум дундын эрүүл мэндийн төвд хутгалуулсан хүн ирлээ” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 24 настай, эрэгтэй “М” нь хамт архидан согтуурсан 23 настай, эрэгтэй “Б”-г 2 удаа хутгалж гэмтээсэн байна.

Иймд иргэд та бүхэн архи, согтууруулах ундааг зохистой хэрэглэх, хэн нэгнийг хэрэглэхийг тулган шаардахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

“Азийн бүс нутаг дахь чацаргана, бусад таримлын зах зээлийн хөгжил” олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна DNN.mn

Монгол Улсад шинжлэх ухааны үндэслэлтэй жимс жимсгэний салбар үүсэж хөгжсөний 70 жилийн ойд зориулан зохион байгуулж буй “Азийн бүс нутаг дахь чацаргана, бусад таримлын зах зээлийн хөгжил” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл зохион байгуулж байна.

Монгол, Герман, БНХАУ, ОХУ, Казахстан, Киргизстан, Непал, Пакистан, Латви зэрэг улсаас хүрэлцэн ирсэн нийт 42 судлаач Азийн бүсэд хөгжүүлэх чацаргана болон бусад таримлын зах зээлийн хөгжлийн талаарх эрдэм шинжилгээний өгүүлэл, аман илтгэл, ханан илтгэлийг тус тус хэлэлцэх юм.

“Азийн жимсгэнэ-2024” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэн, ХААИС-ийн Агроэкологийн сургууль, МЖЖҮХ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд ХХААХҮЯ, Монголын олон улсын худалдааг дэмжих төсөл (EU ITDM), хувийн хэвшлийн байгууллагууд дэмжин ажиллаж байна.

 

Categories
мэдээ улс-төр

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв DNN.mn

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.10.31) нэгдсэн хуралдаан 10.00 цагт Улсын Их Хурлын гишүүдийн 51.6 хувийн ирцтэйгээр эхэлж, таван асуудал хэлэлцэхээр тогтов.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т заасны дагуу “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг танилцууллаа.

Дараа нь Засгийн газрын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцууллаа.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг сааруулах, хүлэмжийн хийн ялгарал багатай хөгжлийг бий болгох нь зөвхөн Монгол Улсын төдийгүй хүн төрөлхтөний өмнө тулгарч буй эрхэм зорилт гэдгийг тэмдэглэв. Энэ хүрээнд дэлхийн улс орнууд цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлогод нэгдэж, цөмийн эрчим хүчийг “ногоон буюу тогтвортой, цэвэр”  эх үүсвэр хэмээн зарлаж байгаа юм.

Дэлхий нийтийн жишгээс үзэхэд цөмийн түлш ашиглан 1 кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэхэд нүүрс ашиглахаас 68 дахин бага хэмжээгээр хүлэмжийн хий  ялгаруулдаг бөгөөд 1 кг цөмийн түлш нь 100,000 кг буюу 2 воган нүүрсний хэрэглээтэй тэнцдэг байна. Дэлхийн зах зээлд цөмийн түлш, ураны хэрэгцээ жил бүр тасралтгүй өсөж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 32 улс 440 цөмийн реактор ашиглаж байгаа бол шинээр барьж буй 63, барихаар төлөвлөсөн 88, ирээдүйд төлөвлөж буй 344 реактор хэмээн төслийн танилцуулгад дурдав.

Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (IAEA)-аас ураны эрэлт 2024 онд 93 мянган тонн байгаа бол 2050 гэхэд 177 мянган тонн болж нэмэгдэх тооцооллыг гаргажээ.

Монгол Улс байгаль орчныг хамгаалах, хүлэмжийн хийг тэглэх үйлсэд хувь нэмрээ оруулах зорилгоор 1997 оны Киотогийн протокол, 2015 оны Парисын хэлэлцээр, 2021 оны Глазковын хэлэлцээрт тус тус нэгдэн орж, хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах амлалтыг дэлхийн улс орнуудын өмнө хүлээсэн болохыг Н.Учрал сайд хэллээ.

Өнөөгийн байдлаар Монгол Улс 192.2 мянган тонн ураны нөөц бүртгэсэн нь дэлхийн ураны нөөцийн 3 хувийг бүрдүүлж, нөөцийн хэмжээгээр дэлхийд аравдугаарт эрэмбэлэгдэж байгаа аж. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг болох “Алсын хараа 2050”-д нэмүү өртөг шингэсэн уул уурхайн бүтээгдэхүүн, боловсруулах аж үйлдвэр, эрчим хүчний үйлдвэрлэл зэрэг стратегийн ач холбогдол бүхий эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг хөгжүүлэх зорилтыг тусгаж, улмаар  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд ураны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг улсын хөгжлийн бүтээн байгуулалтын 14 мега төслийн нэг болгон хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Монгол Улс цацраг идэвхт ашигт малтмалын эрэл, хайгуулыг эрчимжүүлж,  олборлолт, ашиглалтыг  олон улсын жишиг стандартад нийцүүлэн  хэрэгжүүлэх нь экспортын орлого нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэхээс гадна олон улсын хамтын ажиллагаа, түншлэлд чухал ач холбогдолтой юм байна.

Хүн төрөлхтөн өдгөө цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглах үйл ажиллагаанд дэвшилтэд технологи, өндөр түвшний стандартыг нэвтрүүлснээр хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж, аюулгүй байдлын баталгааг хангах болсон гэв.

Манай улсын хувьд 1940-өөд оны сүүлээс цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, судалгааны ажлыг эхлүүлж байсан бол сүүлийн жилүүдэд ашиглалтын аюлгүй байдлын чиглэлээр томоохон судалгааг хийж, холбогдох дүгнэлтийг гаргасан байдаг байна. Тухайлбал, уран олборлох, боловсруулах үйл ажиллагаатай холбоотой хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал эмнэлэг, цацраг, химийн чиглэлээр хийсэн судалгаанаас “ашиглалтын үйл ажиллагааг олон улсын сайн туршлага, стандартын дагуу хэрэгжүүлэх нь сөрөг нөлөөллийг хамгийн бага байлгах” боломжтойг харж болно.

Гэвч цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглахтай холбоотой эрх зүйн зохицуулалт хангалтгүй, хийдэлтэй байгаагаас нэмүү өртөг шингэсэн уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нөхцөл хязгаарлагдаж байгааг төсөл санаачлагчийн илтгэлд дурдав.

Монгол Улс 2009 онд Цөмийн энергийн тухай бие даасан хуулийн баталж, мөрдөж эхлэснээс хойш даруй 15 жил өнгөрсөн хэдий ч тухайн төрлийн ашигт малтмалын үндсэн олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлсэн туршлага байхгүй, хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг Н.Учрал сайд тэмдэглэв.

Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр  “…Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж байгалийн баялаг, түүний дотор газрын хэвлийн баялгийг ашиглах суурь зарчмыг баталгаажуулсан.

Түүнчлэн,  “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарь”-ийн 1.1.1-д ”байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн нийтийн өмч байх эрх зүйн орчныг бүрдүүлэхдээ энэхүү баялгийг төр өмчлөх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд ашигласны үр өгөөжийн дийлэнх нь буюу тавиас дээш хувь нь Монголын ард түмэнд ногдох, шаардлагатай бол иргэдийн саналыг харгалзан Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэх зарчмыг хуульчлах” -аар заасан.

Энэхүү зорилтын хүрээнд 2024 онд Улсын Их Хурлаас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталж, Үндэсний баялгийн сангийн хөрөнгийн эх үүсвэрийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тодорхой хувь болон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцааны ногдол ашгаас бүрдүүлэхээр хуульчилсан юм.

Гэвч Үндэсний баялгийн сангийн эх үүсвэрийг бүрдүүлж байгаа стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, түүнийг нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулан тооцохтой холбоотой Ашигт малтмалын тухай хуулийн ерөнхий зохицуулалт нь цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглах харилцааны онцлогт нийцэхгүй, холбогдох харилцааг бүрэн зохицуулах боломжгүй байгаа аж.

Өөрөөр хэлбэл, Цөмийн энергийн тухай хуульд эдгээр зохицуулалтыг орхигдуулснаас цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглах эдийн засгийн үр ашигтай хувилбарын сонголтыг хязгаарлаж, үр өгөөжийн дийлэнхийг хүртэж чадахгүй байх нөхцөл байдлыг үүссэн байна.

Түүнчлэн, Цөмийн энергийн тухай хуульд цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглах үйл ажиллагаанд аюулгүй ажиллагаа, уурхайн хаалт, хаягдлын менежмент, нөхөн сэргээлтийн санхүүгийн баталгааг хангах зохицуулалтыг нарийвчлан тусгах шаардлагатай гэв.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэн, олон улсын сайн туршлагыг үндэслэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд Монгол Улсад эдийн засгийн үр ашигтай байх хувилбарыг харгалзан цацраг идэвхт ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох бүрэн эрхийг Улсын Их Хуралд олгосон. Монгол Улсад эдийн засгийн үр ашигтай байх хувилбар буюу ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах, бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх, төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ зэргээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтоохоор тусгасан байна.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн суурь, өсөн нэмэгдэх, тусгай гэсэн төрлүүдийг хуульчилж, суурь АМНАТ нь ашигт малтмалын борлуулалтын орлогын 5 хувь байхаар, нэмэгдүүлэн тооцох АМНАТ нь ашигт малтмалын  зах зээлийн үнийн өсөлтөөс хамаар 0-9 хувь байхаар, харин тусгай АМНАТ-ыг тухайн ордын онцлог, ашигт малтмалын зах зээлийн үнийн түвшинг харгалзан Улсын Их Хурал тогтоох нь зүйтэй хэмээн үзжээ.

Цөмийн энергийн салбарын гадаад хамтын ажиллагаа, экспорт өргөжиж байгаа нөхцөлийг харгалзан гадаад улсын цацраг идэвхт хаягдал, ашигласан цөмийн түлшийг Монгол Улсын хилээр оруулах, дамжин өнгөрүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлахыг хориглох, мөн цацраг идэвхт ашигт малтмалыг хүдэр хэлбэрээр экспорлохгүй байх заалтыг мөн тусгажээ.

Цацраг идэвхт ашигт малтмал ашиглахтай холбоотой үйл ажиллагаанд цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг хангаж, хүний эрүүл мэнд, байгаль орчныг цацрагийн сөрөг нөлөөллөөс сэргийлэх, уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн санхүүгийн баталгааг бүрдүүлж, тайлагналтыг хэрэгжүүлэх журмыг төсөлд тусгасан байна.

Цөмийн энергийн  салбарт хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг дэмжих зорилгоор хөрөнгө оруулалтын гэрээг 10 хүртэл жилийн хугацаатай байгуулахаар заасныг тусгай зөвшөөрлийн хугацаатай ижил болгон өөрчлөх нь зүйтэй хэмээн төсөл санаачлагч үзсэн байна.

Тус хуульд дээрх нэмэлт, өөрчлөлтийг оруулснаар ураны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн таатай орчин бүрдэж, Үндэсний баялгийн сангаар дамжуулан газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн дийлэнхийг ард түмэнд ногдуулах, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх Үндсэн хуулийн зарчим хэрэгжих нөхцөл хангагдах юм байна.

Мөн тухайн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж, шинэ төрлийн үйлдвэрийг хөгжүүлэх, төсвийн орлого, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, ажлын байрыг нэмэгдүүлж,  дэвшилтэт технологи, мэдлэг туршлагыг нэвтрүүлж, мэргэшсэн боловсон хүчний нөөц бүрдүүлэх зэрэг нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг бий болгохоос гадна Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн экспортлогч орон болох нөхцөл бүрдэнэ.

Төсөл санаачлагчийн илтгэлийн төгсгөлд цацраг идэвхт ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг хангах, хүний эрүүл мэнд, байгаль орчныг цацрагийн сөрөг нөлөөллөөс хамгаалах, болзошгүй ослоос урьдчилан сэргийлэхэд тавигдах шаардлагыг олон улсын түвшинд хүргэх болно хэмээн Н.Учрал сайд танилцуулсан юм.

Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулсан талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл танилцууллаа. Байнгын хороо 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд, хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх асуудлаар ил санал хураалт явуулжээ. Хуралдаанд оролцсон гишүүд Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 72.2 хувийн саналаар, Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 72.2 хувийн саналаар, мөн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг олонх нь дэмжжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлт, хууль санаачлагчийн илтгэл, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлага, хуулийн төслийн үр нөлөө, зардлын тооцоо болон хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан нам, эвслийн бүлгээс болон аль нэг нам, эвслийн бүлэгт харьяалагдаагүй гишүүнээс урьдчилан ирүүлсэн нэрсийн дагуу асуулт асууж, хариулт авав. Гишүүдийн олонх төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа. Б.Энхбаяр, Б.Жаргалан нарын гишүүд татварын хууль тогтоомж нь Монгол Улсын стратегийн орд газруудыг ашиглах хөрөнгө оруулалтын бусад давуу байдал болон шууд үйлчилдэг онцлогтойг хэлээд, төслийн хамт өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь батлагдвал Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээнд хэрхэн нөлөөлөхийг тодруулж, хариулт авсан.

Түүнчлэн “тогтворжуулах татварын орчин” гэсэн шинэ заалт нь Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний алдааг залруулахаар 2013 онд Татварын ерөнхий хуульд оруулсан “татварын орчныг тогтворжуулах” гэдэг заалтыг хөндөж байгааг тэмдэглээд холбогдох төсөлд татварын давуу нөхцөл олгох шийдвэр гаргаж байгааг хэлж байв. “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2021 оны 103 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсгийг Засгийн газраас байгуулан ажиллаж байгааг Н.Учрал сайд хариултдаа дурдаад “тогтворжуулах татварын орчин” гэдгээ тодорхой томьёолсноор өмнөх алдаагаа давтахгүйгээс гадна дараа дараагийн хөрөнгө оруулалтын гэрээ, хэлцэлийн хүрээнд үүсэх эрсдэлт үр дагавраас  сэргийлж байгаа гэдэг тайлбарыг өгөв. Б.Энхбаяр гишүүн, хамт өргөн мэдүүлсэн Компанийн тухай хуульд оруулж буй стратегийн орд газар дахь саналын эрхийн хувьцаанаасаа татгалзаж, давуу эрхийн хувьцаагаар солих өөрчлөлт нь бусад стратегийн ордын хөрөнгө оруулалтын гэрээнд хамаарах эрсдэлийг тооцох талаар санууллаа.

Засгийн газрын зүгээс стратегийн ордод хөрөнгө оруулах гэрээг төсөл бүр дээр өөр хэлбэрээр хийж болох эрх зүйн орчныг бүрдүүлж, Улсын Их Хурлаас эцэслэн шийдвэрлэдэг байх зохцуулалтыг бүрдүүлж буйгаа онцлон Н.Учрал сайд тайлбарлав. Үүний зэрэгцээ алдаанаасаа суралцан энэ төрлийн хөрөнгө оруулалтын гэрээг дагалдуулж хууль эрх зүйн орчныг өөрчилдөг байдлаас салж, эхлээд Цөмийн энергийн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсны дараа Улсын Их Хурлаас баталсан хуульдаа нийцүүлэн хөрөнгө оруулалтын гэрээгээ байгуулдаг зөв жишгээр ажиллахаар төлөвлөсөн байна.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа хуулийн төслийн талаар Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг дэмжсэн, эсрэг байр суурьтай бүлгийг төлөөлж, мөн аль нэг нам, эвслийн бүлэгт харьяалагдаагүй гишүүд үг хэлэв. С.Ганбаатар гишүүн, төслийн танилцуулга дээр хямд, цэвэр, ногоон эрчим хүчний эх үүсвэр гэж байгаа хэрнээ төсөлд холбогдох зохицуулалт байхгүй байгааг хэлж эдийн засгийн үр ашгаас илүү стратегийн буюу эрчим хүчний салбарт үр өгөөжтэй байхад анхаарах талаар үг хэлсэн бол Б.Батбаатар гишүүн асуудалд олон нийтийн оролцоог хангаж, мэдээлэлжүүлэхийн зэрэгцээ байгаль орчны нөлөөллийг тооцох, түүнчлэн Монгол Улсын энх тайванч статуст нөлөөлөх эсэхийг тооцох шаардлагыг хэлж байв. Н.Номтойбаяр гишүүн төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд үр ашигтай байлгах тал дээр бүх талаас анхаарч ажиллахыг хүсэж, дараа дараагийн хөрөнгө оруулалтын гэрээнд жишиг болох үр ашигтай хэлцэл хийхэд анхаарах саналыг хэлсэн. Ж.Чинбүрэн гишүүн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж, ураны олборлолтын аюулгүй байдлыг хангахтай холбоотой мэдээллийг өгч, улмаар нийтийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах цэвэр эрчим хүчний эх үүсвэртэй болох анхны алхам хэмээн онцолсон. Уран гэдэг нь зөвхөн уул уурхайн салбар дахь аюултай түүхий эд гэж харж болохгүй, анагаах ухаан тэргүүтэй олон салбарт дэвшилтэт технологи болон нэвтэрч, өндөр үр ашигтайгаар ашиглаж байгаа гэдгийг хэллээ. Ийнхүү гишүүд төсөлтэй холбогдуулан дэмжиж буй эсэхээ илэрхийлсний дараа үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан завсарлав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.