Categories
мэдээ улс-төр

“Евросатори 2014” олон улсын батлан хамгаалахын аж үйлдвэрийн үзэсгэлэнд оролцов

Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо 2014 оны энэ сарын 12-17-нд айлчилж, “Евросатори 2014” олон улсын батлан хамгаалахын аж үйлдвэрийн үзэсгэлэнд оролцов.

Айлчлах хугацаандаа Дэд сайд А.Баттөр БНФУ-ын БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Кадер Арифтай хоёр талын уулзалт хийж, хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны хэрэгжилт, хэтийн төлөвийн талаар ярилцаж, уулзалтын төгсгөлд батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай хоёр талын техникийн тохиролцоонд гарын үсэг зурав. Тус тохиролцоо нь Монгол Улс, БНФУ-ын хоорондын батлан хамгаалах салбар дахь харилцаа, хамтын ажиллагааны анхны баримт бичиг болов.

Түүнчлэн дэд сайд А.Баттөр БНФУ-ын БХЯ-ны ЗЕГ-ын Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга генерал С.Рэбтай уулзаж хоёр талын батлан хамгаалах салбарын харилцааны талаар санал солилцов.  Мөн тэрээр Ази Номхон далайн бүс нутгийн орнуудыг хариуцсан газрын дэд дарга адмирал П.Осёр, Японы Батлан хамгаалахын дэд сайд Рёто Такета нартай тус тус уулзав. 

Categories
мэдээ соёл-урлаг

Хийлч О.Байгаль, Төгөлдөр хуурч Б.Оюу нарын хоёр дах тоглолт болно

Хийлч О.Байгаль, Төгөлдөр хуурч Б.Оюу нар энэ сарын 28-нд хамтарсан тоглолтоо хийхээр болжээ. Тэд хамтарсан тоглолтынхоо талаар өчигдөр хэвлэлийн  хурал хийж, мэдээлэл өглөө. Монголын шинэ залуу хөгжимчид маань 2013 онд дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээлээс сорчлон “The Best of classics” хамтарсан тоглолтоо Улаанбаатар хот болон Хонконгд тоглож байсан. Харин энэ удаа тэд хоёр дахь тоглолтоо “Glorious Mongolia” нэртэйгээр толилуулахаар болжээ.  Энэ жил дан Монголын шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг хүргэж байгаагаараа онцлог аж. Тодруулал, Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж, Б.Шарав, З.Хангал, Э.Чойдог, Ж.Чулуун, Н.Жанцанноров нарын бүтээлүүдээс тоглох гэнэ. Мөн уг тоглолтонд гэрэл зурагчин Г.Ган-Өлзийн Молнголын 21 аймгаар тойрон аялсан “Хөх тэнгэрийн орноор” аяллын шилдэг бүтээлүүдийг 3D проектор ашиглан хөгжимтэй хослуулж хүргэхээс гадна,  УДБЭТ-ын “Memory Pop Orchestra” хамтлаг, МУГЖ Ө.Уянга тэргүүтэй хамтлаг дуучид хүрэлцэн ирэх аж. Тоглолт “Mongolian stars melchers” компанийн байранд болох бөгөөд тасалбарын үнэ нь 88 мянга төгрөг. Үүнд үдшийн зоог, дарс, тоглолтын дараах “After party” зэрэг багтжээ. 

Э. АНУЖИН

Categories
мэдээ эдийн-засаг

“Монгол дахь хөрөнгө оруулалтын орчин” дугуй ширээний уулзалт болов

Монгол Улсын уул уурхай, хөдөө аж ахуй, ноос ноолуур, мах, сүү, барилгын материалын үйлдвэрлэл зэрэг төр, хувийн хэвшлийн хийж хэрэгжүүлэх гэж буй төсөл, Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалтын орчны талаарх бодлогыг салбар бүрээр танилцуулж, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид холбоо харилцаа тогтоож, хамтран ажиллах боломж олгох зорилгоор 2014 оны 6 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Монголын эдийн засгийн форум-2014 олон улсын бизнес эрхлэгчдийн чуулга уулзалт зохион байгуулагдаж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа ЭСЯ тус улсын худалдааны танхим болон Чех-Монголын Худалдааны Танхимтай хамтран “Монгол Улс дахь хөрөнгө оруулалтын орчин” дугуй ширээний уулзалт, семинарыг Прага хотноо 6 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулав. 

Уг арга хэмжээ нь хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны талаар Чехийн бизнесийн хүрээнийхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилготой байсан юм.

Дугуй ширээний уулзалтыг Монголын талаас Элчин сайд Д.Зүмбэрэллхам, Чехийн талаас БНЧУ-ын худалдааны танхимын дэд ерөнхийлөгч Ё.Цийлек болон Чех-Монголын Худалдааны Танхимын дэд ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нар нээж үг хэлсэн бөгөөд Монгол Улсын ЭСЯ-ны худалдаа, эдийн засгийн асуудал эрхэлсэн ажилтан Д.Өнөбилэгт Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын орчин болон хуулийн зохицуулалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг Чехийн бизнес эрхлэгчдэд өгч, Монгол Улсын Хөрөнгө оруулалтын газрын тухай танилцуулга хийв.

Түүнчлэн дугуй ширээний уулзалтын хүрээнд БНЧУ-ын Үйлдвэр Худалдааны яамны газрын зөвлөх Я.Дудак Чех-Монголын худалдаа, эдийн засгийн өнөөгийн төлөв байдалын талаар мэдээлэл хийсэн бөгөөд Монгол Улсад амжилттай үйл ажиллагаа эрхэлж буй Чехийн “Агробохемиа” ХК, “Геотест” ХК болон “Агромонт” ХХК-нийн төлөөлөл хэрэгжүүлж буй төсөл, хамтын ажиллагааныхаа талаар тус тус илтгэл, мэдээлэл хийж санал солилцлоо.

Чехийн 15 гаруй пүүс, компанийн 30 гаруй бизнесийн төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцсон өргөн хүрээтэй арга хэмжээ боллоо.

Categories
мэдээ нийгэм

Улаан цутгаланд хамгаалалтын бүс татжээ

“Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх нь” төслөөс Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд байрлах Улаан цутгалангийн хүрхрээний эргэн тойроны дөрвөн км газарт хамгаалалтын бүс тогтоожээ. Хамгаалалтын бүсийн санхүүжилтийг Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргаж, ажлыг нутгийн иргэд болон Орхоны Хөндийн Байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргаа, Бат-Өлзий сумын Засаг даргын Тамгын газар, Ойн анги хамтран гүйцэтгэжээ. Ингэснээр  хүрхрээний аман дээр байрладаг байсан аялал жуулчлалын баазууд, эко-гэрүүд уг хамгаалалтын бүсээс гадагш нүүх болсон байна. Аялал жуулчлалаас байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор хийж байгаа ажил аж.

Categories
мэдээ нийгэм

Наадмын хуушуур зарах зөвшөөрлийг ирэх долоо хоногоос олгоно

Наадмын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна жижиглэн худалдаа эрхлэх ажлыг сүүлийн жилүүдэд зохион нийслэлийн Захирагчийн албанаас нэгдсэн зохион байгуулалттай хийдэг болсон. Энэ жил тус газруудад худалдаа үйлчилгээ эрхэлж, хуушуур ундаа зарах иргэдийн зөвшөөрлийг ирэх долдугаар сарын 01-05-ний өдрүүдэд харъяа дүүргийн Үйлдвэр үйлчилгээний газраас олгохоор болжээ. Нийслэлийн захирагчийн ажлын албанаас энэ жилийн хувьд 900 зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэсэн байна.  Үүний 70 хувь нь хуушуурын зөвшөөрөл байх аж. Зөвшөөрлийн үнийн хувьд Хүй долоон худагт худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг 15 мянган төгрөгөөр, Төв цэнгэлдэх хүрээлэнд бол 20 мянган төгрөгөөр олгоно. 

Э.НОМИН

Categories
мэдээ улс-төр

Иргэн А.Гантамир Д.Хурцыг эсэргүүцэж Үндсэн хуулийн цэцэд хандлаа

Эрх зүйч мэргэжилтэй иргэн А. Гантамир “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай” тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэмээн үзэж Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Тэрээр Д. Хурцыг АТГ-ын дэд даргын албан тушаалд тавигдах шаардлагад туссан эрх зүйн мэргэжилтэй гэх шалгуурыг давахгүй гэж үзсэн байна. “Монгол Улсын дээд боловсролын тухай хуулинд Дээд боловсрол эзэмшүүлэх дипломын сургалт 90 багц цагаас доошгүй байх, өмнөх түвшиний сургалтын багц цагийг оролцуулан  бакалаврын сургалт 120-оос доошгүй багц байна гэж заасан аж. УИХ Б. Хурцын  эрх зүйч мэргэжлийг эзэмшсэн гэдгийг 1999-2000 онд ОХУ-ын Аюулгүй байдлын академид суралцаж төгссөнөөр үнэлсэн нь буруу гэнэ. Эрх зүйч мэргэжлийг 10 сарын хугацаатай курсээр эзэмших боломжгүй хэмээн иргэн А.Гантамир үзэж байгаа юм байна. Авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж байсан, ТЕГ-т ажиллаж байхдаа үйлдсэн гэмт хэрэг нь 2006 оны Өршөөлийн хуульд хамрагдан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн гэх мэт тайлбарыг  иргэн А.Гантамир Үндсэн хуулийн цэцэд өгөөд байгаа аж. 

М.УНДРАЛ

Categories
мэдээ улс-төр

Монгол Улс НҮБ-ын байгууллагыг даргалахаар сонгогдлоо

НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн даргын сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун чуулганы төлөөлөгчдийн олонхийн дэмжлэгээр Ассамблейн даргаар сонгогдлоо.

НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн анхдугаар чуулган өнөөдөр буюу зургадугаар сарын 23-ны өдөр Кени Улсын Найроби хотноо эхэлсэн юм. Ассамблейн чуулганд дэлхийн 170 гаруй орны төлөөлөгч оролцож байна.

НҮБ-ын бүтцийн томоохон байгууллагыг Монгол Улс анх удаа ийнхүү даргалахаар болж буй нь олон улсын тавцан, тэр дундаа НҮБ-д манай нэр хүнд, байр суурь өндөр байгааг илэрхийлж байна. Уг сонгуульд Монгол Улс нэр дэвшин өрсөлдөх, санал, дэмжлэг авах ажлыг Гадаад харилцааны яам болон түүний удирдлага, дипломат ажилтнууд өндөр төвшинд амжилттай зохион байгуулсанд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун талархаж байгаагаа уламжилсан байна.

Энэ дашрамд дурдахад, Монгол Улс НҮБ-ын хоёр том сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэж байгаа юм. Тодруулбал, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд 2015 онд, Аюулгүй байдлын зөвлөлд 2022 онд сонгогдохоор ажиллаж буй. НҮБ-ын гишүүн 193 оронтой бүгдтэй нь дипломат харилцаа тогтоох зорилго тавин ажиллаж байгаа нь тэдгээр орнуудын санал, дэмжлэгийг хүлээх, байр сууриа нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм байна.

Categories
мэдээ спорт

Ус суваг ашиглалтын товчооны баг хөлбөмбөгийн тэмцээнд аваргалав

Багахангай дүүргийн МоАХ-ны салбар зөвлөлөөс хөлбөмбөг сонирхогч иргэдийн дунд жил бүр нээлттэй тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн нээлттэй тэмцээн өнгөрсөн бямба гарагт тус дүүрэгт боллоо. 

Иргэдийн чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, МоАХ-ны үйл ажиллагааг олон нийтэд сурталчилан таниулах зорилготой энэ нээлттэй тэмцээнд Багахангай дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, МоАХ, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн МоАХ-ны салбар зөвлөлөөс бүрдүүлсэн долоон баг оролцсон юм. 

Багууд хоёр хэсэгт хуваагдан тоглож, хагас шигшээд МоАХ, Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Эрчим хүч, Ус суваг ашиглалтын товчооны баг шалгарав. Шигшээ тоглолт Ус суваг ашиглалтын товчоо, Эрчим хүчний багийн хооронд өрнөж, 2:0 оноогоор Ус суваг ашиглалтын товчооныхон хожсоноор үүрд хадгалах “Алтан дагина” цом, алтан медаль, 400 мянган төгрөгийн эзэн боллоо. Эрчим хүчний баг мөнгөн медаль, 300 мянган төгрөгөөр шагнуулсан юм. Харин МоАХ, Онцгой байдлын хэлтсийн баг хүрэл медалийн төлөө өрсөлдөж, 0:1 оноогоор Онцгой байдлын хэлтсийнхэн хожив. Онцгой байдлын хэлтсийн багийн н.Бат-Эрдэнэ тоглолтын явцад дөрвөн гоол уруулснаар шилдэг тоглогчоор тодорсон бол шилдэг хаалгачаар Ус суваг ашиглалтын багийн тамирчин Ш.Балдорж шалгарсан юм. 

Хөлбөмбөгийн нээлттэй тэмцээний талаар Багахангай дүүргийн МоАХ-ны салбар зөвлөлийн дарга П.Нүрзэд “Жил ирэх тусам хөлбөмбөгийн нээлттэй тэмцээнд оролцогч багийн тоо нэмэгдэж, тэр хэрээр тоглолтууд өрсөлдөөнтэй болж байна. Нээлттэй тэмцээн гэдэг утгаараа зөвхөн дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагаас бүрдүүлсэн багууд биш хотын төвийн дүүргүүдээс багууд ирж оролцлоо. Цаашид тэмцээний хүрээг улам тэлэх зорилготой болно. Энэ жилийн нээлттэй тэмцээнээ “Байгаль дэлхийгээ хайрлая” уриан дор Монгол Улсад ардчилсан хөдөлгөөн үүсч хөгжсөний 25 жилийн ойд зориулан зохион байгуулснаараа онцлог байлаа” хэмээн ярив.

Categories
мэдээ нийгэм

Багахангай дүүргийн МоАХ-ны салбар зөвлөл байртай боллоо

Монголын Ардчилсан Холбооны нийслэл дэх салбар зөвлөлүүдээс Багахангай дүүргийн салбар зөвлөл анхдагч болон үйл ажиллагаагаа явуулах өөрийн гэсэн байртай боллоо. Өнгөрсөн бямба гарагт болсон шинэ байрны нээлтийн ёслолд МоАХ-ны Хэрэг эрхлэх газрын дарга С.Эрдэнэцогт, Удирдах зөвлөлийн гишүүд, Багахангай дүүргийн МоАХ-ны салбар зөвлөлийн дарга П.Нүрзэд, дэд дарга Ч.Бумаа нар оролцсон юм. Мөн МоАХ-ны тус дүүрэг дэх гишүүд дэмжигчид ч ирсэн байв.   

Байрны нээлтийн ёслолын үеэр тус дүүргийн МоАХ-ны салбар зөвлөлийн дарга П.Нүрзэд “Манай улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагуудын “эцэг” болсон МоАХ-ны 25 жилийн ой энэ онд тохиож байгаа. Энэ ойн босгон дээр салбар зөвлөл маань үйл ажиллагаагаа тогтмол явуулах байртай болж байна. Ахмад партизанууддаа, тэр дундаа салбар зөвлөлийг байртай болгосон ахмад партизан Ч.Бумаадаа гишүүд дэмжигчдийнхээ өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье” гэлээ. МоАХ-ны Хэрэг эрхлэх газрын дарга С.Эрдэнэцогт салбар зөвлөлүүдээс анхдагч болж өөрийн гэсэн байртай болсонд баяр хүргээд бусад дүүргийн салбар зөвлөлүүд ч үйл ажиллагаагаа тогтмол явуулах байртай болно гэдэгт итгэлтэй байна хэмээв.

Ч.Бумаа: 25 жилийн дараа мөрөөдлөө биелүүллээ

Багахангай дүүргийн МоАХ-ны салбар зөвлөлийн дэд дарга Ч.Бумаагаас цөөн зүйлийг тодрууллаа. 

-Та МоАХ-ны үйл хэрэгт хэзээнээс оролцож эхлэв?

-1989 оноос оролцож эхэлсэн. Одоо ахмад партизануудын нэг болчихоод л явж байна. 

-Дүүргийнхээ МоАХ-ны салбар зөвлөлийг өөрийн хөрөнгөөр байртай болгосон гэв үү?

-Тэглээ. Дүүргийнхээ МоАХ-ны салбар зөвлөлийг үйл ажиллагаагаа явуулдаг байртай болгох юмсан гэж 25 жилийн өмнө мөрөөддөг байлаа. Энэ мөрөөдлөө өнөөдөр биелүүлж байна. Би тийм ч халуун амьдралтай хүн биш. Гэлээ ч ардчилалын төлөө үнэн сэтгэлээсээ зүтгэж явдаг, ардчилалд элэгтэй хүний хувьд салбар зөвлөлөө байртай болгож, өмчлөлд нь шилжүүлж өгч байгаа юм. 

Энэ байр маань цаашид гишүүд дэмжигчид, ард иргэдэд нээлттэй байж, тэдний эрх ашгийн төлөө үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллана. 

Categories
мэдээ нийгэм

Модны шавьж устгах ухаалаг бүслүүр хийжээ

Өмнөговь аймгийн ойн санд хоёр төрлийн хортон шавь байдгийг аймгийн Ойн албаныхан тогтоосон байна. Эдгээр шавьжнууд нь олон жил болсон мод, ургамлыг өвчлүүлдэг аж. Өвчилсөн модны шавьж устгах ухаалаг бүслүүрийг тус аймаг нэвтрүүлж эхэлжээ. 

 БОНХЯ-наас ойн хортон шавьж устгах үйл ажиллагаанд химийн арга хэрэглэхээс татгалзаж биологийн арга хэрэглэхийг уриалсан учраас тус аймгийн Ойн албанаас энэхүү ухаалаг бүслүүрийг аймгийн төвийн төв саадны өвчилсөн хайлаасны мод, Номгон сумын Баянгол, Гуагийн тоорой мод эмчлэхэд хэрэглэж эхэлсэн гэнэ. Энэ бүслүүр нь 25 см өргөнтэй, гурван сар эмийн чанараа алддаггүй эмчилдэг, эрүүл мэндэд хоргүй, ус бороонд тэсвэртэй, эмийн ханд агуулсан биологийн бүтээгдэхүүн аж.