Categories
мэдээ

Дөрвөн ногоон мэнгэтэй улаагчин туулай өдөр

Аргын тооллын зургадугаар сарын 25. Буд гариг. Билгийн тооллын 28. Дөрвөн ногоон мэнгэтэй улаагчин туулай өдөр. Өдрийн наран 05.05 цагт мандаж 20.56 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай ханд. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр, хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, удирдлагын суудалд суухад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавихад муу. 

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Categories
мэдээ нийгэм

Зургаан хүүхэд БНСУ-ын Танвон эмнэлэгт зүрхний хагалгаанд орно

Эрүүл мэндийн дэд Ж.Амарсанаа Бүгд Найрамдах Солонгос Улсын Ансан хотын “Танвон” эмнэлэгт очиж эмчлүүлэн зүрхний хагалгаанд орох зургаан хүүхэд болоод Солонгосын “Сэлвэшн Арми” ТББ-ын Монгол дахь албан ёсны төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа.

Тус зүрхний хагалгаанд төрлөхийн зүрхний цоорхойтой хүүхдүүд хамрагдаж байгаа бөгөөд тус эмнэлгээс эмч нар ирж үзлэг хийсний үр дүнд зайлашгүй хагалгаа хийх шаардлагатай зургаан хүүхдийг сонгон авсан байна. Тус хөтөлбөр энэ жил 7 дахь удаагаа Монголд зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийт 70 гаруй хүүхэд энэхүү төсөлд хамрагдан эрүүл болсон байна. Энэхүү зүрхний хагалгааны төлбөрийг 100% “Сэлвэшн Арми” ТББ гаргадаг байна.

Дэд сайд уулзалтын үеээр “Тус хагалгааны төсөв маань бүрэлдэхдээ Солонгост өвөл 12 сарын 1-с 12 сарын 31-ны хооронд 1 сарын турш хурдны замын замын төлбөр хураах цэг дээр сайн дурын ажилтнууд хандивын сав барин хандив цуглуулснааар бүрэлддэг. Энэ их хүч хөдөлмөр зарцуулсаны үр дүнд манай улсын зайлашгүй эмчилгээ, хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа хүүхэд багачуудад итгэлийн гараа сунган эмчлүүлж өгч байгаад гүнээ талархал илэрхийлж байна” хэмээсэн юм. 

alt

Тус үйл ажиллагаа нь Монгол төдийгүй Хятад, Кирзиз, Филлипин, зүүн өмнөд азийн нийт 30-40 хүүхдийг жил бүр хагалгаанд хамруулж эмлэдэг юм. Энэ жилийн хувьд БЗД-ээс 3 хүүхэд, Төв аймийн 3 хүүхэд нийт 6 хүүхэд сонгогдон 2014 оны 06-р сарын 25-нд БНСУ-руу эмчилгээнд явж хагалгаанд орох юм. 

Мөн дэд сайд Сэлвэшн Арми ТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар нь Монголд үнэ төлбөргүй өдөр өнжүүлэх цэцэрлэг, өндөр настануудын халамжийн төв, Бейсболын анги, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэг зэрэг олон буяны үйл ажиллагааг явууж байгаад ЭМ-ийн дэд сайд, НИТХ-ийн төлөөлөгч болоод хувь хүнийхээ зүгээс маш их талархаж байгаагаа хэлээд Монгол улсын маань ирээдүйн эзэд бяцхан хүүхдүүдэд эрүүл саруул болон ирж эх орондоо хэрэгтэй, мэдлэг боловсролтой иргэд болон төлөвшөөрэй хэмээн ерөөж гарын бэлэг гардуулсан юм. 

alt

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарчууд урантай ус ууж байгаа гэв

“Уран, шар нунтгийн талаар Монголын эрдэмтэд” сэдэвт семинар Туушин зочид буудалд боллоо. Монгол улсын зөвлөх геологич, доктор Г.Жамсрандорж ярихдаа “Би ураны чиглэлээр судалгаа, хайгуул хийж буй талбай, дэлхийн томоохон уран боловсруулах үйлдвэрүүдээр зөндөө явсан хүн. Одоо надад хордсон юм л алга. Дэлхийд цөмийн цахилгаан станцын хоёр томоохон осол гарсан нь үнэн. Гэхдээ манай улс зөвхөн олборлох бодлого барьж байгаа. Олборлож байгаа буюу хайгуул явуулж байгаа орнуудад осол гарч, хүн амьтан ургамалд хурцаар нөлөөлсөн тийм түүх дэлхийд гараагүй байна. Дэлхий дээр 50 гаруй улс ураны хайгуул явуулж, 30 гаруй улс олборлож байна. Хүн ард нь хордсон гэсэн мэдээ явж байхгүй.  Гажигтай мал Монгол улсын хаана ч төрдөг. Зохиомол зураг, эвлүүлгүүд ч явж байгаа. Ерөнхий сайдын тушаалаар тугал үхсэн хэрэгт шинжилгээ хийж, селен гэдэг элемент газын хөрсөн дээр байх хэмжээнээсээ их тархаснаас үүдэн хордсон байж болох магадлалтай хэмээсэн дүгнэлт гарсан байдаг. Ер нь бол Улаанбаатарчууд Богд уулын цацраг идэвхийн нөлөөнөөс үүдэн урантай ус ууж байгаа. Аргон ихтэй буцалгаж уу гээд байдгийн учир нь энэ. Монгол улсад хэд хэдэн ийм цацраг идэвхтэй бүс нутаг бий. Улаанбадрахад хайгуул хийхээс өмнө газрын гадаргаас мөн л ийм дүн шинжилгээ гарсан.  Энэ нь хүн аманд хор нөлөө үзүүлээд байх нь ховор” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-ын Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Манай улсад айлчилж буй БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-ийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүлээн авч уулзах үеэрээ БНХАУ-тай стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт тогтвортой хөгжүүлэх нь чухал. Хоёр улсын өндөр, дээд түвшний харилцан айлчлал, уулзалтын давтамжийг хадгалах нь хамтын ажиллагаанд ач холбогдолтой. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн тавдугаар сард Шанхай хотноо болсон Азийн хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (АХАИББХ)-ын дээд түвшний уулзалтад оролцохдоо БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзаж хамтын ажиллагааны олон асуудлаар санал солилцсон нь хоёр талын харилцааг идэвхжүүлэх алхам боллоо гэж хэллээ.

Гадаад хэргийн сайд Ван И “Өнгөрсөн жил манай улсад хийсэн Ерөнхий сайд таны айлчлал амжилттай болсон. Ойрын хугацаанд Монгол Улсад хийх БНХАУ-ын дарга Си Зиньпинийн айлчлал эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, уул уурхай, дэд бүтэц, үйлдвэрлэл зэрэг бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг эхлүүлж, Монголын эдийн засгийг эрчимжүүлэх болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Ирэх 9 дүгээр сард БНХАУ-ын Тяньжин хотноо Давосын эдийн засгийн чуулга уулзалт болно. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг энэ уулзалтад оролцохыг тус улсын Ерөнхий сайд урьжээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ

Categories
мэдээ улс-төр

Агаар бохирдуулагч төлбөр төлөх журам батлана

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо өнөөдөр  хуралдаж, 2014 оны эхний хагас жилд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж гүйцэтгэсэн болон цаашид хийх ажлын талаар холбогдох төрийн байгууллагуудын тайлан мэдээллийг сонслоо.

 Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Л.Эрдэнэчимэг даргалан явуулав.

Хуралдааны эхэнд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга Ж.Эрдэнэцогт тус хорооны 2014 оны үйл ажиллагааны эхний хагас жилийн тайланг танилцуулав.

 Монгол Улсын нийт хүн амын 50 гаруй хувь нь Улаанбаатар хотод амьдарч, “Агаар бохирдуулах эх үүсвэрийн 2013 оны Улсын нэгдсэн тоо бүртгэл”-ийн дүнгээр 85900 өрх гэрт, 91449 өрх байшинд, нийт 180 орчим мянган айл, өрх гэр хороололд амьдарч байна. Мөн төвлөрсөн халаалтанд холбогдоогүй 3192 орчим аж ахуй нэгж, байгууллага Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр эх үүсвэрүүдээс гарч буй бохирдлын хэмжээ агаарын бохирдлын 80 орчим хувийг эзэлж байна.

Улаанбаатар хотын агаарын чанарыг гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчимд автомат болон автомат бус багажаар хоёроос дөрвөн төрлийн үндсэн бохирдуулах бодисыг тодорхойлон хянаж байна. 2013-2014 оны хүйтний улирлын бохирдуулах бодисын сарын дундаж агууламжийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүхэрлэг хий 8 мкг-аар буюу 20 хувиар, нарийн ширхэглэгт тоосонцор 27 мкг-аар буюу 21 хувиар, азотын давхар исэл 18 мкг-аар буюу 26 хувиар тус тус бага байсан бол том ширхэглэгт тоосонцор өмнөх жилийн мөн үеийн түвшинд байна гэлээ.

Гэсэн хэдий ч азотын давхар ислийн хүйтний саруудын дундаж агууламж стандарт хэмжээнээс 2011-2012 онд 1.6, 2012-2013 онд 1.8, 2013-2014 онд 1.3 дахин их, хүхэрлэг хийн хүйтний саруудын дундаж агууламж стандарт хэмжээнээс 2011-2012 онд 2.7, 2012-2013 онд 2.0, 2013-2014 онд 1.7 дахин тус тус их байсан байна.

 2013-2014 онд нийт 45 мянган сайжруулсан зуухаар нийслэлийн айл, өрхүүдийг хөнгөлөлттэй үнээр хангахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 29 мянган сайжруулсан зуухаар хангаад байна. Үлдэгдэл 16 мянган айл, өрхийг сайжруулсан зуухаар халаалтын улирал эхлэхээс өмнө хангахаар төлөвлөн ажиллаж байна. Ингэснээр нийслэлийн 170 гаруй мянган айл, өрх сайжруулсан зуухаар бүрэн хангагдах юм гэлээ.

Мөн Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга хэлэхдээ, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны зүгээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Агаарын тухай хуулинд заасан Агаар бохирдуулагч төлбөр төлдөг байх журмыг яаралтай батлуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд сайжруулсан зуухыг иргэдэд хөнгөлөлттэй олгож байгаа ч зуухыг ашиглахгүйгээр дамжуулан зарж борлуулж байгаатай уялдуулж тодорхой торгуулийн систем бий болгох юм гэв.

 Түүнчлэн нийслэлийн гэр хорооллын бүх айл өрхийн зуухыг солих ажлыг энэ онд дуусгана. Хот төлөвлөлтийн ажлыг зөв явуулснаар агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлнө. Газраа өгөөд шууд байранд оръё гэсэн айлууд байдаг. Гэтэл шууд өгөх байр байхгүй байна. Хашаа газрыг нь аваад хоёр гурван жилийн дараа байранд оруулна гэвэл газраа чөлөөлөх айл ховор гарна. Тийм учраас энэ ажил удааширч байгаа. Иймд энэ ажлыг эрчимжүүлэхэд анхаарал хандуулах хэрэгтэй гэж үзэж байгаа гэлээ.

Хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулахтай холбогдсон хууль, тогтоомж, бусад шийдвэрийн биелэлтийн талаарх Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны тайлан мэдээг энэ оны 10 дугаар сард сонсохоор тогтлоо. 

Categories
мэдээ улс-төр

Б.Шинэбаатар: Тэд миний гомдлыг шалгаж эхэлнэ гэсэн

ЭЗХЯ-ны Төрийн нарийн бчигийн дарга Б.Шинэбаатар сэтгүүлчдэд мэдээлэл
хийлээ. Тэрбээр “Намайг өглөө ажилдаа ирэхэд миний өрөөний таазнаас шавар, шохой будаг
унасан байдаг байсан. Би үүнийг цэвэрлэгч дуудаад цэвэрлүүлдэг байлаа. Харин
өнгөрсөн баасан гаригт сэжиг төрөөд, энэ талаараа сайд Н.Батбаяртаа хэлсэн. Сайд
“наадах чинь ноцтой асуудал байна. 
Шалгуулах хэрэгтэй” гэсэн юм. Ингээд холбогдох байгууллагын хүмүүсийг
дуудан, ТЕГ-тай холбоо барьсан. Үзлэгээр чагнах төхөөрөмж, камер гарсан. Миний
хувьд чагнах төхөөрөмжийг мэдэхгүй. Би төрд насаараа зүтгэсэн. ОХУ-д ЭСЯ-д ч
ажиллаж байлаа.  Анх сургууль төгсч ирээд,
Гадаад эдийн засагтай харьцах улсын хороонд ажиллаж байсан. Төрийн өмчийн
хороонд бас ажилласан. Завсарт нь хувийн секторт 10 гаруй жил ажилласан. Энэ
хугацаанд миний хувьд ямар нэг асуудалд холбогдож байгаагүй. Надад янз бүрийн
эрүү үүсгэсэн түүх байхгүй. Төрийн албанд би шударгаар ажиллаж ирсэн. Гэтэл
өнөөдөр төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсээ ингэж чагнаж байгаад миний хувьд
гайхсан. Гомдолтой байгаа. Энэ талаар гомдлоо ТЕГ-т  гаргасан гэлээ. Б.Шинэбаатар мэдээлэл
хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

-Хаанаас тэр
төхөөрөмжийг тавьсан бол. Танд ямар нэг таамаглал байна уу?

-Хаанаас тавьсаныг нь би мэдэхгүй. Миний өрөөнөөс гарсан. Одоогоор яамны
хүрээнд үзлэг хийгээгүй байна.

-Өрөөнд чинь шохой шавар
унаад хэр хугацаа өнгөрсөн  бэ?

-Гурав дөрвөн сар болсон. Тэрийг би анзаардаггүй байсан юм. Тэр өдөр л
гэнэтхэн сайдтай зөвлөлдсөн.

-ТЕГ-аас танд ямар нэг
хариу өгсөн үү?

-Тэд миний гомдлыг шалгаж эхэлнэ гэсэн. Шалгаж байгаа.

Таныг АТГ шалгах уу?

-Би шалгуулах үндэслэл байхгүй гэж бодож байна. Төрд олон жил ажиллахдаа
улсын ажлыг унагаж байгаагүй.

-Ерөнхий сайд Төрийн
нарийн бичгийн дарга нарыг дуудаж уулзсан гэсэн. Бусад төрийн нарийн бичгийн
дарга нарын өрөөг шалгах үүрэг өгсөн болов уу?

-Би тэр уулзалтад байгаагүй. Өргөдлөө бичиж байсан үе.

-Таны өрөөнд улсын
нууцтай холбоотой ямар нэгэн яриа хэлэлцээ явагдсан болов уу?

-Миний өрөөнд ноцтой зүйл байхгүй гэж бодож байна. ЭЗХЯ бол улс орны хэтийн
төлөв, ойрын дунд болон урт хугацаанд төлөвлөх асуудал ярьдаг. Энэ утгаараа
ноцтой зүйл байхгүй. Бидний хийсэн журам, заавар, хуулийн төслүүд УИХ дээр
нээлттэй хэлэлцэгддэг.

-Хуулийн хугацаанд танд
хэдий үед эргэж мэдэгдэх бол?

-Үүнийг сайн мэдэхгүй байна. Иргэдээ нууцаар шалгах нь хууль бус гэж үзэж
байна.

Таны өргөдөлтэй
холбоотойгоор өөрийг тань шалгаж байгаа юу?

-Үүнтэй холбоотойгоор ТЕГ-ынхан надаас асуулт асуусан.

Л.МӨНХ

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Жемил Чичек бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Бүгд найрамдах Турк улс /БНТУ/-ын Үндэсний Их Хурлын дарга Жемил Чичек бараалхлаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын эхэнд хоёр орны харилцаа сайн хөгжиж байгааг дурдаад Монгол Улс гадаад бодлогодоо Турк улсыг гуравдагч хөршөө хэмээн үзэж харилцаагаа өргөжүүлэхийг эрмэлзэж байдгийг тэмдэглэлээ. БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга Жемил Чичек тус улсын Ерөнхийлөгч Абдулла Гулийн чин сэтгэлийн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчид дамжуулав.

Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой удахгүй тохиох гэж байгааг Туркийн Үндэсний Их Хурлын дарга дурдаад Монгол Улсын зүгээс тус улстай тогтоосон харилцаанд гуравдагч хөршийн бодлогын үүднээс чухал ач холбогдол өгч ханддагт талархал илэрхийлэв. Үүнээс гадна эртний өв соёлын түүхэн уламжлалаар хоёр орон холбогдож байдгийг тэмдэглэсэн юм.

Хоёр талын хооронд байгуулсан 100 орчим гэрээ, хэлэлцээр байдаг нь Монгол, Туркийн харилцаа хэрхэн өндөр түвшинд хөгжиж буйг харуулж байна гээд цаашид эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх чиглэлд анхаарах болно гэлээ. Агаарын тээвэр, дэд бүтэц, эрчим хүчний салбарт хамтран ажиллах, Монголоос Туркт оюутан сургадаг уламжлалыг цаашид үргэлжлүүлэх, Туркийн хөгжлийн туршлагаас хурдацтай хөгжиж буй Монгол Улстай хуваалцахад бэлэн байгаа зэрэг сэдвийг мөн хөндөн ярилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр орны улс төрийн дээд түвшний тогтмол сайн харилцаа хадгалагдаж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд хоёр орны эртний түүхэн уламжлалт харилцааг хүндэтгэж явдгаа онцлов. Мөн 2005 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Туркийн Ерөнхий сайд Т.Эрдоаны Монголд хийсэн айлчлалын үеэр хамтдаа Орхоны хөндийн цогцолборыг нээж, Хөшөө цайдамын замыг хүлээж авч байснаа дурслаа.

Туркийн зах зээлд хэрэгтэй, Туркээр дамжиж өөр зах зээлд гаргах боломжтой бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэх боломжийг хамтран хайх талаар уулзалтын үеэр дурдаж, хүмүүнлэгийн харилцаа, ялангуяа Туркт Монголоос оюутан сургах харилцаа, батлан хамгаалах, хууль сахиулах салбарын хамтын ажиллагаа сайн байгааг тэмдэглэв. Орон сууц, барилгын салбарт Монгол Улсын Засгийн газар Туркийн талаас зээл авах ажлын талаар мөн хөндөж байв.

Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Таны энэ айлчлал хоёр орны түүхэн харилцааг шат ахиулахад чухал ач холбогдолтой байх болно” гээд Турк улсын Ерөнхийлөгч Абдулла Гульд чин  сэтгэлийн элэгсэг, халуун дотно мэндчилгээ дэвшүүлж буйг уламжилж өгөхийг  БНТУ-ын Үндэсний Их Хурлын даргаас хүслээ.

Categories
мэдээ улс-төр

Наадмаар таван өдөр амрах хуулийн төслийг Байнгын хороо дэмжлээ

УИХ-ын  Төрийн байгуулалтын байнгын  хорооны хуралдаанаар  

Засгийн газраас  өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг хэлэлцэж, хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцуулсан юм.

 Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар Үндэсний их баяр наадмын өдрүүд болох 7 дугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд бүх нийтээр амардаг. Харин Засгийн газраас санаачлан боловсруулж өргөн барьсан энэхүү хуулийн төсөлд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтын “13” гэсний дараа “, 14, 15” гэж нэмж, баярын өдрүүдэд нийтдээ таван өдөр амардаг байхаар тусгажээ.

  Хууль санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан байнгын хорооны гишүүд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгээс асуулт асууж тодруулан саналаа хэллээ. Тухайлахад Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулах асуудлаар байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж ажиллуулах гэж байгаа учраас энэ хуулийн төслийг буцааж бүхлээр нь харж өөрчлөн зохицуулах хэрэгтэй, Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт Хөдөлмөрийн хуульд байгаа амралтын хоногийн тоог багасгах, нийтээр тэмдэглэх баярын өдөр нь амралтын өдөр таарсан нөхцөлд шилжүүлж тооцдог байх үүднээс хуулийн төслийг цогцоор нь авч үзэх нь зүйтэй юм гэсэн байр суурьтай байгаагаа хэлэв. Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, С.Дэмбэрэл нар хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Ингээд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авлаа.

Categories
нэг-өгүүлбэрээр

Итали өнөөдрийн тоглолтод Уругвайн багтай тэнцэхэд л нэг оноо авч, дараачийн шатанд шалгарна. Гэхдээ тус багийн ахлах дасгалжуулагч Пранделлигийн хэлснээр бол италичууд тэнцэхийн төлөө биш ялахын төлөө тоглох юм гэнэ.

Categories
нэг-өгүүлбэрээр

Артур Видаль: Чилийн баг 70 хувьд нь бөмбөг эзэмшиж довтолж тоглолоо. Голландчууд энэ өдөр зүгээр л азтай байсан. Тэр азынхаа ачаар л хоёр гоол хийсэн.