Categories
мэдээ нийгэм

Хулгайлагдсан бурхдыг олжээ


Эрдэнэзуу хийдийн “Хархорум” музейд хулгай орж, 80 орчим сая төгрөгөөр үнэлэгдэх долоон бурхан алдагдаад байсан. Тус аймгийн цагдаагийн газрынхан хэргийг илрүүлж, алдагдсан бурхдыг олжээ.
Хэргийн талаар аймгийн Цагдаагийн газар, Мөрдөн байцаах албадаас тодруулахад “Алдагдсан бурхад олдсон. Хэрэг мөрдөн байцаах шатандаа явж байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй”  гэв.

Categories
мэдээ нийгэм

Ирэх долоо хоногт дулаахан байна

Маргааш баруун болон төвийн бүсийн зарим газраар хур бороо орно. Харин зүүн бүсийн аймгууд болон говийн нутгаар хур тунадас орохгүй. Улаанбаатарт 18-20 градус дулаантай.
Цаг агаарын урьдчилсан төлөвөөр ирэх  долоо хоногт ихэнх нутгаар цаг агаар дулаан байх аж.  27, 30-нд нутгийн хойд хэсгээр, 28, 29-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэх янзтай. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 28-33 градус хүрч дулаарна. Харин бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. Долоо хоногийн сүүлээр нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Э.Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм

Дагвын Лувсаншарав таалал төгслөө

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав таалал төгсч, Монголын урлагт нөхөж баршгүй хүнд гарз тохилоо. Талийгаачийн ах дүү, төрөл төрөгсөд, түүнийг хүндлэн дээдэлж, авьяас билэгийг нь хайрлаж ирсэн бүхэнд гүн эмгэнэл илэрхийлье.
Нэрт хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав 1926  оны зургадугаар сарын 1-нд Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг Зүүн хашаатын яндаг худаг гэдэг газар төржээ. Тэрээр Москва хотын П.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн Дээд сургуулийг найрал дууны удирдаач, Хөгжмийн зохиолч мэргэжлээр суралцан төгсч,  1960-1963 онд Улсын Хөгжимт Драмын Театрт найрал дууны багш, 1963 -1975 онд УДБЭТ-н Уран сайхны удирдагч, 1975 оноос УАДБЭЧ -ын Дарга, 2004 он хүртэл тус чуулгын зөвлөхөөр ажилласан байна.
Хөдөлмөрийн баатар,Төрийн шагналт, Ардын жүжигчин ,хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав бид бүгдийн сайн мэдэх “Маамуу нааш ир”, “Би чамд хайртай”, “Дурлал хайрыг минь дамжуулаасай” ,”Усны Тунгалаг тамирын гол”, “Охидын уянга”, “Хэрлэн” зэрэг сэтгэлд хоногшсон дуунаас эхлээд дуурь, бүжгэн жүжгийн олон арван уран бүтээлийг туурвисан Монголын хөгжмийн урлагийн тулгын гурван чулууны нэг гэгддэг агуу суу билэгт хөгжмийн зохиолч байсан билээ.
Нэрт зохиолч, найрал дууны удирдаач Д.Лувсаншаравын Монголын хөгжмийн урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж түүнд 1951 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин, 1963 онд Төрийн шагнал /”Хэрлэн” дуу, “Эх орон бат оршиг” магтуу зохиосон тул/, 1981 онд Ардын жүжигчин цол, 2000 онд Хөдөлмөрийн баатар цолыг тус тус хүртээж байжээ.
Ум мани бадми хум.

Categories
мэдээ нийгэм

ТҮЦ машинаас авсан тодорхойлолтоор үйлчилгээ үзүүлэхгүй байгаа ХААН банкийг иргэд шүүмжилжээ

Hээгдсэнээсээ хойш 90 мянган санал, хүсэлт, гомдол, талархал хүлээн аваад байгаа “11 11 төв”-д өнгөрч буй долоо хоногт 866 иргэн ханджээ.
“Буянт-Ухаа” хорооллын орон сууцны сугалаанд тэнцсэн ч банкны шаардлагаас шалтгаалан өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байрандаа орж чадахгүй байна гэсэн гомдол энэ долоо хоногт цөөнгүй ирсэн ба тухай бүрт нь ТОСК-д уламжлан хариу өгүүлжээ.
Амины орон сууц барихад бага хүүтэй зээлд хамрагдах боломж, хэрэгжиж эхлэх хугацааны талаар иргэд мэдээлэл хүссэн байна. “Засгийн газрын 2014.5.10-ны өдрийн хуралдаанаар “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-д өөрчлөлт оруулж, амины тохилог орон сууц барихад зориулж хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн. Одоогоор Засгийн газрын тогтоол албажиж ирээгүй ба журам эцсийн байдлаар гараагүй байна. Тогтоол гарснаар нийслэлд амины орон сууц барих аж ахуйн нэгж, байгууллага 8 хувь, орон нутагт 7 хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжтой” гэж БХБЯ-наас хариулжээ.
ТҮЦ машинаас авсан цахим үнэмлэхийн лавлагаагаар ХААН банк үйлчлэхгүй байгаад иргэд бухимдалтай байна. Автомат машинаар өгч байгаа лавлагаа, тодорхойлолт нь албан ёсны баримт бичиг ба нууцлалын өндөр зэрэгтэй QR кодоор баталгаажсан үнэт цаасан дээр хэвлэгддэг. Иймээс тус бичиг баримтыг үндэслэн иргэдэд төрийн үйлчилгээг саадгүй хүргэх ёстойг УБЕГ-аас дахин анхааруулж, энэ асуудлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандаад байгаагаа иргэдэд мэдээлжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цэцэг төвийн уулзвар дөрвөн замын уулзвар болно

Нийслэл хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх бүтээн байгуулалт өрнүүлж буй “Гудамж” төсөл энэ онд нэлээд олон чиглэлд шинээр зам барихаар төлөвлөж, зураг төсөл, бэлтгэл ажлуудаа хийж байна. Эдгээрээс тун шинэлэг нэг санаачилга нь Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт Цэцэг төвийн уулзвараас чанх урагш Ерөнхийлөгчийн өвлийн ордон буюу Төрийн тусгай хамгаалалтай газрын хашааг дайруулан Сөүлийн гудамж, Баянгол зочид буудлын арын замуудыг холбосон 0.45 км шинэ зам барих ажил юм.
Энэхүү шинэ замыг барьснаар Цэцэг төв болон Нэгдүгээр сургуулийн урд байгаа гурван замын уулзварууд дөрвөн замын уулзвар болж, Энхтайваны өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Чингисийн өргөн чөлөөний замууд шууд холбогдох шинэ сүлжээ үүсч замын хөдөлгөөний ачаалал буурах боломж бүрдэнэ.
Авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэхэд тээг болдог нэг хүчин зүйл нь төрийн болон хувийн эзэмшлийн томоохон объект, барилга байгууламжууд байдаг. Түүнчлэн өөрийн эзэмшлийн газар, объектоо нийтийн зориулалттай зам талбай болгож сайн дураараа чөлөөлж байсан тохиолдол бараг үгүй. Тэгвэл Шинэчлэлийн Засгийн газрын үед иргэдийн цаг мөнгийг хэмнэх бүтээн байгуулалтын оновчтой шийдлүүд гарч, хувийн хэвшлээс эхлээд Төрийн тусгай хамгаалалттай байгууллагууд ч нийтийн эрх ашгийг хүндэтгэж, дэмжин ажилладаг болоод байна. Тухайлбал, өнгөрсөн онд МАК, Шунхлай, Капитал групп, Номин холдинг, “Тэс петролиум”, “Петровис” “Улаанбаатар хивс”, “Эрэл” ХХК, “Дархан Минж”, “Миний дэлгүүр” сүлжээ их дэлгүүр зэрэг олон арван байгууллага, аж ахуйн нэгж өөрийн эзэмшлийн газар, объектоо чөлөөлж, бүтээн байгуулалтын ажилд хувь нэмрээ оруулсан. Энэ удаад ч “Гудамж” төслөөс гаргасан дээрх шинэ замын санаачилгыг Төрийн өндөрлөгүүд дэмжин ажиллахаа илэрхийлээд байна гэж Нийслэлийн Замын Цагдаагийн газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Хан-Уул дүүрэгт барихаар төлөвлөсөн сургууль, цэцэрлэгийн газрыг компаниудтай зөвшилцөж, шийдвэрлэх үүрэг өглөө

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 05 сарын 22-ны өдөр болж, “Хан-Уул дүүрэгт төлөвлөгдсөн сургууль, цэцэрлэгийн байршил”-ын талаар танилцууллаа.

Хуралдаанд асуудлыг  Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж танилцуулж, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг оролцлоо.

Нийслэлийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Хан-уул дүүрэгт сургууль, цэцэрлэгийн зориулалтаар нийт дараахь 9 байршилд 10,9 га газрыг олгохоор тусгажээ. Үүнд:

                                                                     

                                                     Сургууль, цэцэрлэгийн цогцолбор

-Хан-Уул дүүргийн 4-р хороо “Ар Ий Си” ХХК-ийн эзэмшил газарт тус компанитай зөвшилцөж шийдвэрлэхээр 1,1 га газар

-Хан-уул дүүргийн 4-р хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн талбайд 1,8 га газар /Төлөвлөсөн газар нь бусдын эзэмшилд олгогдоогүй/

-Хан-Уул дүүргийн 6-р хороо “Петровис” ХХК-ийн эзэмшил газарт тус компанитай зөвшилцөж шийдвэрлэхээр  1,1 га газар

-Хан-Уул дүүргийн 8-р хороо, дахин төлөвлөлтийн дагуу Сэргээгдэх эрчим хүчний Үндэсний төвийн эзэмшилд байгаа газарт тус төвтэй зөвшилцөж 1 га газар

– Хан-Уул дүүргийн 16-р хороо, Буянт-Ухаа хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу Чин тэнхлэг ХХК-тай байгуулсан гэрээт газарт сургууль, цэцэрлэг барихаар 3,5 газар

– Хан-Уул дүүргийн 16-р хороо, Буянт-Ухаа хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу дэвшилт ХХК-тай зөвшилцөж 1,8 га газарт сургууль

                                                                 

                                                                      Цэцэрлэг

– Хан-Уул дүүргийн 16-р хороо, Буянт-Ухаа хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу Монзун лунхай ХХК-ийн эзэмшил газарт тус бүр 0,2 га газарт 3 цэцэрлэг барихаар тусгажээ.

  Харин өнөөдрийн байдлаар дээрх 9 байршлаас 5 байршилд баригдах сургууль, цэцэрлэгийн газрыг шийдвэрлээд байна.“Ар Ий Си” ХХК, “Монзун лунхай” ХХК, “Цац үйлс” ХХК-тай  зөвшилцөж нийт 4 байршлын 3,44 га газрыг сургууль, цэцэрлэгийн зориулалтаар Нийслэлийн Боловсролын салбарт шилжүүлэхээр болсон бол Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэгч ТОСК-тай зөвшилцөж 0,79 га газарт сургууль, цэцэрлэгийн барилгыг төлөвлөж төлөвлөлтөд тусгасан байна. Мөн “Чин тэнхлэг” ХХК-ийн газарт нийслэлээс орон сууцны хороолол барихаар төлөвлөж зураг төслийн ажил хийгдэж байна.

Харин үлдсэн 4 байршил нь нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзмшиж байгаа “Петровис” ХХ, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв, “Монсуль” ХХК-ийн эдэлбэр газарт төлөвлөгдсөн тул дээрх компаниудын төлөвлөлтөд нь сургууль, цэцэрлэгийг тусгаж шийдвэрлэх, эсвэл эзэмшил газраас нь шилжүүлж авах асуудлаар шийдвэрлэх шаардлагатай байгаа гэж нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж хэллээ. Хан-уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг “Ирэх жил он дамжин барихаар төлөвлөж байгаа сургууль, цэцэлэгийн газрын асуудлыг энэ жил шийдээд өгчихвөл дараа жилийн төсөвт тодорхой хөрөнгө тусгаж, хугацаа алдалгүй барих боломжтой болно” гэж онцлон хэлсэн юм.

Жил бүр Улс, Нийслэлийн төсөвт сургууль, цэцэрлэгийн зөвхөн барилга барих хөрөнгийг тусгадаг. Харин газар чөлөөлөлтөөс шалтгаалан зардал нэмэгдэх, хугацаа алдах тохиолдол цөөнгүй байдаг.  Тиймээс энэ эрсдэлийг тооцоолон шийдвэрлүүлэхээр Хан-Уул дүүргээс нийслэлд санал хүргүүлж байгаа нь цагаа олсон ажил гэдгийг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд онцолсон юм. Хуралдаанаар дээрх компаниудтай зөвшилцөж, газрыг шийдвэрлэх үүргийг холбогдох албаныханд өглөө. Мөн бусад дүүргийн удирдлагууд энэ санаачилгын дагуу ажиллаж, сургууль, цэцэрлэгийн газрыг урьдчилан тооцоолж, бэлэн болгох хэрэгтэй гэсэн юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Сурагчдын дийлэнх нь 14 наснаасаа өмнө тамхи татаж үзсэн гэжээ

“Тамхины татварыг нэмэгдүүлэх замаар хэрэглээг бууруулах боломж” сэдэвт хэлэлцүүлгийг ирэх даваа гаригт Төрийн ордны Иргэний танхимд зохион байгуулах гэж байна. Манай улсад 2013 онд явуулсан Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалтын судалгаагаар тамхины хэрэглээ хот суурин газрын хүн амын -29 хувь, хөдөөгийн хүн амын -25.4 хувь, хот суурин газрын эмэгтэйчүүдийн 8.6 хувь тамхи хэрэглэдэг нь хөдөөгийн эмэгтэйчүүдээс бараг дөрөв дахин их байгаа нь тогтоогджээ. 2013 онд явуулсан Дэлхий дахины сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаагаар сурагчдын 22.0 хувь тамхи татаж үзсэн байна. Тамхи татаж үзсэн нийт сурагчдын 61.4 хувь нь 14 наснаасаа өмнө тамхи татаж үзсэн байжээ. Үүнд эрэгтэй сурагчид эмэгтэй сурагчдаас илүү (65.4%), хөдөөгийн сурагчид (62.7) хотын сурагчдаас (60.3) хувь илүү байв.

Ажлын байранд дам тамхидалтад өртөх байдал нийт хүн амын дунд – 25.5 хувь , үүнээс эрэгтэйчүүдийн 31.9 хувь нь ажлын байрандаа дам тамхидалтад өртөж байна.

Манай улсад тамхинаас үүдэлтэй өвчин эмгэг хүн амын өвчлөл, нас баралтын үндсэн шалтгаан болж, сүүлийн 10 жилд зүрх судасны эмгэгээр нас барах явдал 2 дахин нэмэгдэж, нас барж байгаа 3 хүн тутмын нэг нь зүрх судасны эмгэг, 5 хүн тутмын нэг нь хавдрын улмаас эндэж байгаа гэсэн судалгаа байдаг аж. Тиймээс тамхины хэрэглээг бууруулах зайлшгүй шаардлага тулгарч байгаа. Харин ингэхийн тулд тамхины татварыг нэмэгдүүлдэг олон улсын туршлага байдаг аж. 

Categories
мэдээ нийгэм

300 гаруй иргэн урьдчилгаа төлбөрөө төлжээ

 Хямд үнэтэй “Буянт-Ухаа 1” хорооллын сугалаанд нийт 1545 иргэн азтан болсноос өнөөдрийн байдлаар 1300 гаруй иргэд орон сууцныхаа сонголтыг хийжээ. Тэгвэл 300 гаруй иргэд орон сууцны урьдчилгаа төлбөр 30 хувийг төлж сонгосон байраа баталгаажуулсан байна. Урьдчилгаа төлбөрөө төлсөн иргэд энэ сарын 26-ны өдрөөс эхлэн Төрийн орон сууцны корпораци дээр өөрийн биеэр ирж орон сууцны захиалгын гэрээг байгуулах боломжтой юм. Иргэд гэрээ байгуулахдаа албан газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр (эх хувиар) заавал авчрах ёстой бөгөөд байраа сонгосон иргэд 10 хоногийн дотор урьдчилгаа төлбөрийг төлөхийг анхааруулж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Сингапур хороолол барих төслийг хэлэлцэнэ

 “Хот байгуулалт ба Сингапурын туршлага” сэдэвт семинар ирэх сарын 18-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болох юм байна. Уг семинарыг Барилга, хот байгуулалтын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Төрийн орон сууцны корпораци, Барилгын хөгжлийн төв, Зураг төсөл, эрдэм шинжилгээний институт хамтран  зохион байгуулж байгаа аж.

аСеминарт Сингапур улсын  Үндэсний хөгжлийн сайд асан, Парламентын гишүүн Ма Бо Тан болон Сингапурын Орон сууцны хөгжлийн зөвлөл, Сингапурын Амьдрах таатай хотууд төв, Сингапурын Барилга, бүтээн байгуулалтын удирдах газар, Сурбана зураг төслийн компанийн төлөөлөгчид урилгаар оролцож, илтгэл тавих юм. Мөн энэ үеэр Сингапур хороолол барих төслийн талаар хэлэлцэх ажээ. 

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн албан хаагчдын өвлийн хувцсыг дотооддоо үйлдвэрлэж байна

 Ерөнхийлөгчийн зарлигаар цагдаагийн хувцасны шинэ загварыг баталсан. Үүний дагуу өнгөрөгч сараас цагдаагийн албан хаагчдад шинэ загварын хувцас өмч үүргээ гүйцэтгэж эхэлсэн. Нийт 7000 гаруй албан хаагчийн дүрэмт хувцсыг Турк улсад хийлгэсэн нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэнгүй хэмээн ард иргэд шүүмжилж байсан.

Харин цагдаагийн албан хаагчдын өвлийн хангалтад өгөх гутлыг үндэсний “Хос аз” компанид үйлдвэрлэж байгаа аж. Тэд алба хаагчдын өвөл өмсөх гутлыг үхрийн ширэн арьсаар, гурван давхар цэвэр хонины ноосон улавчтайтайгаар хийж буй гэнэ. Түүнчлэн цагдаагийн алба хаагчдын шинэ агсамж буюу жижиг хэрэглэлийн савыг үндэсний үйлдвэрлэгч “Мэргэн тур” компанид үйлдвэрлэж байгаа тухай ЦЕГ-аас мэдээллээ.