Categories
мэдээ нийгэм

“Улаан ном”-ыг хүн болгон унших боломжтой боллоо

Дэлхий улс орнууд өөрсдийн ховордсон ан амьтан, ургамлаа хамгаалах зорилгоор “Улаан ном”-оо цахим хувилбарт байлгадаг гэнэ. Манай улс дэлхийн энэ жишигийн дагуу 2013 онд гурав дахь удаагаа хэвлэгдсэн “Улаан ном”-ыг цахим хэлбэрт оруулж байгааг албан ёсоор өнөөдөр Байгаль Орчин Ногоон Хөгжлийн Яамны хэвлэл мэдээллийн албаны дарга Ч.Базар мэдээллээ. Мөн тэрээр “Улаан ном”-ыг цахим хэлбэрт оруулах ажлыг Slide компанитай хамтран хэрэгжүүлсэн гэж хэлсэн юм.  Цахим “Улаан ном”-ыг www.raidbook.mn сайтаас хүлээн авч, унших болон татаж авах боломжтой боллоо.  

Та энэхүү сайт руу орж  нүүр гэсэн хуудсыг нээхэд хэрэглэгч таньд зориулж EPUB, PDF, Amazon Kindle гэсэн гурван хувилбарын аль нэгээр нь татаж авах боломжтой.

EPUB хувилбараар татах нь гэдэг нь ухаалаг утастай хүн бүр гар утсан дээрээ татах бол Amazon Kindle хувилбараар татах нь “Улаан ном”-ыг  ном уншиж байгаа юм шиг хуудас хуудсаар нь эргүүлж унших боломжтой юм.  

У.Ууганцэцэг 

Categories
мэдээ нийгэм

Наадмаар худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах хуваарь гарчээ

Улсын баяр, наадмаар худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах хуваарийг гаргажээ. Хүнсний дэлгүүрүүд энэ сарын 09, 10–нд 08.00-24.00 цаг хүртэл жиллаад, 11, 12-нд амрах юм байна. Харин “Боса”, “Миний дэлгүүр” зэрэг сүлжээ дэлгүүр наадмаар амралтгүй ажиллах бол “Нарантуул” худалдааны төв долдугаар сарын 11-22–ныг дуустал амарах аж. Худалдааны томоохон захууд болох “Нарантуул-2”, “Хархорин”,”Барс”,”Хүчит шонхор”,”Да хүрээ” зах 11-15-ныг дуустал амрах бол “Дүнжингарав” худалдааны төв 13-17–ныг дуустал амрана. 

Нийтийн үйлчилгээний зоогийн газар, кафе, баар цэнгээний газар, түргэн хоолны газрууд 10, 11, 12–нд ердийн цагийн хуваариар ажиллаж, 13, 14 –нд амарна. Баяраар цахилгаан шугам сүлжээний газрын диспетчер, шуурхай ажиллагааны бригад 24 цагаар ажиллах бол худгууд 11,12-нд амрах аж. 

Э.Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм

Д.Нацагдоржийн музейг нээжээ

Орчин цагийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг Дашдоржийн Нацагдоржийн шинэ музейг өчигдөр МЗЭ-ийн байрны гуравдугаар давхарт нээлээ. Гурван танхимтай энэхүү музейд алдарт зохиолчийн хэрэглэж байсан эд зүйлс, гар бичмэл, ховор сонин гэрэл зураг, ном зохиолыг нь байрлуулжээ. Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийг харуулсан гэр музейг анх 1966 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор байгуулж, хожим 1982 онд шинэчлэн тохижуулж, үзмэрүүдийг нь ховор нандин гэрэл зураг, эд өлгийн зүйлсээр баяжуулж байжээ. 

Харин 1994 оноос үйл ажиллагаа нь үндсэндээ зогссон юм. Ийнхүү 20 жилийн турш үйл ажиллагаагаа зогсоогоод байсан музей өчигдрөөс олонд нээлттэй боллоо. 

Э.Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм

Хүүхдэд зориулсан утга зохиолын уралдаан зарлажээ

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад зориулсан утга зохиолын бүтээлийн уралдааныг роман, тууж, өгүүллэг, баримтат өгүүллэг, яруу найраг, орчуулгын төрлөөр зарлаж, уралдаанд ирүүлсэн бүтээлийг үнэлж дүгнэх ажлыг зохион байгуулж байна.

Шалгаруулалтыг уншигч хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн багш, утга зохиолын мэргэжилтэн гэсэн гурван  үе шаттайгаар явуулж байгаа гэнэ. 

Хүүхдэд зориулсан утга зохиолын бүтээлийн уралдааны дүнг 2014 оны 7-р сарын 18-ны өдөр Боловсрол, шинжлэх ухааны яамны http://www.meds.gov.mn цахим хуудаснаас үзэх боломжтой аж.    

Categories
мэдээ нийгэм

Наадамд зодоглох бөхчүүдийг маргааш бүртгэнэ

Үндэсний их баяр наадамд зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш  буюу 07 дугаар сарын 09-ний өдөр эхлэх гэж байна. Бүртгэл Монгол бөхийн өргөөнд хоёр  өдөр үргэлжилнэ. Энэ жилийн наадамд хүчит 512 бөх зодоглох юм.

Харин үндэсний их баяр наадмын өсвөрийн барилдаанд барилдах 14-15 насны хүүхдүүдийг 7 дугаар сарын  8, 9-ний өдөр “Монголын хүүхдийн ордон”-д бүртгэнэ. Бөхчүүд хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөр, иргэний болон цолны үнэмлэхээ авчирч, өөрийн биеэр бүртгүүлэх шаардлагатай бөгөөд зарласан хугацаанд бүртгүүлээгүй бөхчүүдийг нэмж бүртгэхгүйг Үндэсний бөхийн салбар хорооноос анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Наадмаар түр зуурын бороотой байна

Цаг уур орчны шинжилгээний газраас 7 дугаар сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг гаргасан байна. Бороотой байх тул үер уснаас болгоомжлохыг анхааруулжээ.

Баруун зүгийн нутгаар: 8, 11, 13-нд нутгийн зүүн хэсгээр, 9-нд нутгийн баруун хэсгээр, 10-нд ихэнх нутгаар, 12-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 9-нд нутгийн өмнөд хэсгээр, 10, 12-нд салхи зарим газраар түр зуур 16 м/с хүрч ширүүснэ. 8-9-нд бага зэрэг сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. 10-11-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

Төвийн нутгаар: 8-нд нутгийн зүүн хэсгээр, 9-нд нутгийн баруун хэсгээр, 10-нд зарим газраар бороо, 11-13-нд мөн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 9, 10, 11-13-нд борооны өмнө салхи зарим газраар түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа голын саваар шөнөдөө 12-17 градус өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Хугацааны сүүлээр бага зэрэг нэмж дулаарна.

Зүүн зүгийн нутгаар: 8-нд зарим газраар, 9-11-нутгийн зүүн хэсгээр бороо, 12-13-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. 12-13-нд салхи зарим газраар түр зуур 16 м/с хүрч ширүүснэ. 8-11-нд нутгийн зүүн хэсгрээр, 12-13-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсч Хэнтийн уулс, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. Бусад хугацаанд Хэнтийн уулсаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 26-31 градус дулаан байна.

Говийн нутгаар: 10-нд нутгийн баруун хэсгээр, 11-нд зарим газраар, 12-13-нд нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 18-13 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна. Хугацааны эхээр сэрүүвтэр байна.

Categories
мэдээ нийгэм

“Хавдрын хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний тоног төхөөрөмж”- өөр хангагдлаа

 “Итгэл-Хавдаргүй Монгол Үндэсний Сан” ТББ-аас Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт Хавдарын хөнгөвчлөх эмчилгээний 23 нэр төрлийн 20 гаруй сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг гардуулж, хоёр платыг иж бүрэн тохижуулан,  хүлээлгэн өглөө. 

Уг арга хэмжээнд тэргүүн хатагтай Х.Болормаа, “Итгэл хавдаргүй Монгол Үндэсний сан”-гийн нарийн бичгийн дарга С.Нарангэрэл, ХСҮТөвийн хөнгөвчлөх эмчилгээний тасгийн эрхлэгч эмч О.Мөнгөнцэцэг, аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, ЭМГ-ын дарга Р.Гандиймаа, НЭ-ийн дарга Ж.Ариунаа болон бусад эмч мэргэжилтнүүд үйлчлүүлэгчдийн төлөөлөл оролцов.

 Хавдар өвчний эцсийн шатанд орсон өвчтөнүүдэд ая тухтай орчин бий болгож, эмчилгээ, оношилгооны хэрэгцээт багаж хэрэгслүүд бэлэглэсэн “Итгэл хавдаргүй Монгол Үндэсний сан”-д Архангай аймгийн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд, үйлчлүүлэгчид, тэдний ар гэрийнхэн талархаж байв. 

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр хаана, юу болох вэ?

-Наадмын хөтөлбөр ёсоор буриад сурын харваа 09.00 цагаас сурын талбайд эхэлнэ.

-Монголын үндэсний циркт Монголын циркийн шилдэг үзүүлбэрийн тоглолттой.

-Монголын үндэсний музейд “Талын дайчдын соёл” үзэсгэлэн үргэлжлэн гарч байна.

-10:00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болно. Хуралдаанаар нийслэлийн бондын журам батлах тухай, нийслэлийн тээврийн талаар 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичиг батлах тухай, Улаанбаатар хотод ачаа тээврийн нэгдсэн логистикийн цэг байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Хуралдаан НЗДТГ-ын А танхимд болох юм байна.

– Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссынхон наадмын бэлтгэлтэй танилцана. Тэд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худагт наадмыг бэлтгэл хэрхэн явж байгааг сонирхох аж.

-14 цагт Төв Хаан банкны Улаан гэр галлерид “Playtime” наадмын албан ёсны цахим хуудсын нээлтийн ажиллагаа болон тус наадамд оролцох хамтлаг, дуучдын талаар танилцуулна.. Энэ жилийн уралдаанд АНУ, Орос, Япон Улсаас амьд хөгжмийн хамтлагууд оролцож байгаа гэнэ.

-Үндэсний их баяр наадмын хэв журмын хамгаалалтын талаар хэвлэл, мэдээллийн байгууллагын удирдлага, сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл өгөх уулзалт 11.00 цагт ЦЕГ-ын Хурлын танхимд болно. Уулзалтад ЦЕГ-ын даргын зөвлөл, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газар, Нийслэлийн Замын цагдаагийн газрын удирдлагууд болон Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба хамтран оролцоно. 

-20.00 цагт Үлэг гүрвэлийн төв музейд “Т-Батаар ба сор үзмэрүүд” сэдэвт үзэсгэлэнгийн нээлт болно

Categories
мэдээ нийгэм

А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарт Дархан аварга цол олгов

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.1, долдугаар зүйлийн 7.1.9, Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн гуравдугаар зүйлийг тус тус үндэслэн Засгийн газрын Шадар сайд, үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Д.Тэрбишдагвын өргөн мэдүүлсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган Улсын даян аварга А.Сүхбат, Улсын даян аварга Г.Өсөхбаяр нарт Дархан аварга цол олголоо.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу Улсын дархан аварга цолны болзол хангасан Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, “Шонхор-Олимп” дээд сургууль, “Дүнжингарав” дэвжээний бөх, Улсын даян аварга Агваансамдангийн Сүхбат, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээний бөх Улсын даян аварга Гэлэгжамцын Өсөхбаяр нар өнөөдөр Дархан аварга цол, тэмдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гардан авав.

Цол гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Удахгүй улсын баяр наадам болох гэж байна. Улсын баяр наадмын хийморь нь бяр хүчтэй бөхчүүддээ байдаг. Хурдан морьдоо уралдуулж, эрхий мэргэн харваачдаараа харвуулж нааддаг сайхан уламжлалтай.

Энэ жил Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтөөр өмнө нь чимэг байсан, нэг хэсэг бөхийн цол болж явсан Далай аварга цолыг чимгээр нь үлдээхээр болсон. Мөн Дархан аваргын болзол хангасан хүмүүст энэ цолыг нөхөж өгөх тухай хууль гарсны дагуу энэ цолыг олгож байна.

Манай хэвлэлийнхэн, олон нийт нэг буруу ойлголттой байгаа. Ноднин их олон янзын цолонд өөрчлөлт оруулж, түрүүлээгүй бөхөд аварга цол олгох зэрэг тиймэрхүү өөрчлөлт оруулах төсөл орж ирж байсан. Түүн дээр би хориг тавьсан. Тэр хууль батлагдаагүй. Ганцхан Далай аварга гэдэг цолыг хуучин явж байсан чимгээр нь үлдээхээр болсон. Тэгээд ХХ зуунд явж байсан уламжлалаараа Дархан аварга гэдэг цолыг Даян аварга цолтой бөхөд олгож байгаа юм гэдгийг хуулийнх нь дагуу зөв ойлгох хэрэгтэй юм.

Ингээд өнөөдөр энэ эрхэм хүндтэй цолыг хүртсэн Агваансамдангийн Сүхбат, Гэлэгжамцын Өсөхбаяр нартаа Монгол түмнийхээ нэрийн өмнөөс, бөхөө хайрладаг , шүтдэг, үздэг Монголын ард түмний нэрийн өмнөөс баяр хүргэж, цаашдынх нь үйлсэд улам их амжилт хүсэн ерөөе.

Монгол түмэн минь сайхан наадаарай. Наадам сайхан болно гэдэгт итгэж байна. Баярлалаа” гэлээ. 

Categories
мэдээ нийгэм

Залуус, таксины компаниуд хамтран хотоо цэвэрлэжээ

Сонгинохайрхан дүүргийн Залуучуудын холбоо  баяр наадмыг угтан дүүргийнхээ залуучуудыг хамруулан “Хоггүй наацацгаая” нийтийг хамарсан их цэвэрлэгээг  зохион байгуулжээ.

Дүүргийнхээ 20, 32 дугаар хорооны  нутаг дэвсгэр, Туул голын ай сав газар, Толгойт өртөөнөөс зүүн тийш төмөр зам дагуу, Хүй долоо худгийн наадмын талбай орох зам дагуух гурван хэсэг газар 500 орчим залуучууд цэвэрлэгээ хийлээ. Мөн “Такси хэрэглэгчдийн нэгдсэн холбоо” нэгдэж 300 гаруй таксигаар үйлчилсэн байна. 

Д.САР