Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

ФИФА-гийн түнш компанийн захирлыг баривчилжээ

Хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарыг хууль бусаар борлуулж байсныг мөрдөн шалгах ажлын хүрээнд ФИФА-гийн түнш компанийн захирлыг Бразилын цагдаагийн газар баривчилжээ.

Рио-де-Жанейрогийн “Match Hospitality” зочид буудлаас  Рэй Уиланыг дэлхийн хөл бөмбөгийн удирдах байгууллага ФИФА-гийн албаны хүмүүс баривчилсан байна. Тэд мөн тус зочид буудалд байрлаж байсан аж.

ДАШТ-ий тасалбарыг хууль бусаар борлуулж байсан 11 хүнийг тус улсын цагдаа нар өнгөрсөн долоо хоногт баривчилж, олон улсын гэмт бүлэглэлийг тараасан билээ. Тэднийг тасалбар хууль бусаар борлуулсан хэрэгт буруутгаж байгаа аж.

Цагдаа нарын мэдэгдсэнэр, тус гэмт бүлэглэл дөрвөн ДАШТ-ий үеэр хууль бусаар тасалбар борлуулж, тоглолт тус бүрээс 90 сая доллар олж байсан бололтой.

Categories
мэдээ нийгэм

Өгсүүр газар амьдардаг гэр хорооллынхон автозамтай болно

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нар өчигдөр  Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн гэр хорооллоор явсан байна. Тэндхийн  автозам, дэд бүтэц байгуулах нэгдсэн төлөвлөлттэй  танилцаж, баталгаажуулахаар өглөөний 06.00 цагаас эхлэн ажиллажээ. Тэд “Гудамж” төслийн хүрээнд гэр хорооллыг хотын төвтэй дэд бүтэц, хатуу хучилттай замаар холбохоор зорьж байгаа юм байна.  Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооллын дэнжээс Хамбын овоо, Хайлаастын эцсийн буудал, Улиастайн чиглэлд уулын бэлээс оргил хүртэл нь суурьшсан айл өрхүүдэд зориулан хатуу хучилттай зам тавих гэнэ.  

Я.ЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Германы баг Бразилийг хожлоо

Дэлхийн гурван удаагийн аварга Германы шигшээ баг 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулагч Бразилыг 7:1-ийн харьцаатай хожиж, аваргын төлөө тоглохоор шалгарлаа. Дэлхийн таван удаагийн аварга Бразил ДАШТ-ий хагас шигшээн түүхэндээ ийм олон гоолын зөрүүтэй хожигдож байсан удаагүй. 

Тоглолтын 11 дэх минутад Тони Кроосын дамжуулалтаар Томас Мюллер гоол оруулж, тооны харьцааг нээлээ. Германы шигшээ багаас 23 дахь минутад Мирослав Клозе, 24, 26 дахь минутад Тони Кроос, 29 дэх минутад Сами Хедира гоол орууллаа. Бразил ердөө долоон минутад дөрвөн гоол алдчихав. Германчууд ДАШТ-ий хагас шигшээ тоглолтын 30 дахь минут гэхэд өрсөлдөгчийнхөө хаалганд таван гоол оруулж, нэгэн дээд амжилтыг тогтоолоо. 

Тоглолтын хоёрдугаар хагаст Германы шигшээ багийн довтлогч Андре Шюррле 69, 79 дахь минутад хоёр гоол оруулсан юм. Харин 90 дэх минутад Бразилын шигшээ багийн хагас хамгаалагч Оскар гоол оруулж, шигшээ багтаа, эх орондоо нэр төрийг авчирлаа. Бразилчуудын хувьд довтлогч Неймар гэмтсэн учир довтолгоо нь урагш ахихгүй, хамгаалалтын ноён нуруу, багийн ахлагч Тиагу Сильва торгуулийн улмаас тоглоогүй учир хамгаалалтдаа маш том алдаа гаргаж байлаа. 

Categories
мэдээ нийгэм

9 хөлт цагаан тугийг залах бэлтгэлдээ гарчээ

Богд уулын энгэр Шажин хурахын аманд  баяр наадмаар 9 хөлт цагаан туг залах бэлтгэл хийгдэж байна.  Найман шарга морь,  Чингэсийн эр хоёр загалыг бэлгэдсэн хоёр цагаан морь бэлтгэлдээ гарчээ.  Энэ жил   энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн офицерууд туг зална. Олон жил туг залсан морьд үүргээ сайн мэддэг. Харин шинэ морьд бааж, шээх гэх мэтээр “асуудал” үүсгэдэг. Наадам дөхөхөөр Морьдыг Туул голд угааж өнгийг нь сэргээдэг. Ингэхдээ тусгай шампунь хэрэглэдэг байна.  Их тугч Д.Хашхүү зургаа дахь жилдээ бэлтгэлд гарчээ. Манай сурвалжлагч Ц.Мягмарсүрэн гэрэл зургийн сурвалжлагаа толилуулж байна.  

 

Categories
мэдээ нийгэм

Буянт-Ухаа 1” хороололд дахин 300 гаруй байр суларчээ

Хамгийн хямд үнэтэй хэмээх тодотголтой Буян-Ухаа1 хорооллын байрны урьдчилгаа 30 хувийг төлж чадаагүй хүмүүс байрнаасаа татгалзахаас аргагүйд хүрсээр байна.  Сугалаанд азтай байсан олон иргэн  урьдчилгаа 30 хувиа төлж чадаагүйн улмаас 300 гаруй байр дахин суларчээ. Эдгээр байруудыг сугалаанд оролцсон ч азтан болж чадаагүй иргэдийн дунд дахин сугалаа явуулах замаар хуваарилахаар ТОСК-аас шийдвэрлэсэн гэнэ. 

Ийнхүү Засгийн газрын  дунд, бага орлоготой, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлого байндаа тусч чадсангүй. Засгийн газар үнэхээр бага, дунд орлоготой хүмүүсээ орон сууцжуулахыг хүсч байгаа бол элдэв шалгуураа цөөлөх, зорилтот бүлгийн хүчрэхгүй байгаа урдчилгаа 30 хувийн босгыг зөөллөх  алхам хийх учиртай. Өмнө нь 200 гаруй иргэн  бүртгэлийн шалгуур хангаагүйн улмаас бүдэрсэн. Тэдгээр байруудыг төрийн албан хаагчдад шууд хуваарилахаар болсон билээ.  Эзэндээ хүрч чадаагүй байрууд Монголын нийгэмд ядуурал хэр их газар авсныг  гэрчилж байна. Иргэдийнхээ цалин орлоготой дүйцэхүйц хямд үнэтэй барилга барих, эсвэл иргэдээ байр авах хэмжээний орлоготой болгохын аль нэгийг хийхгүй бол Монголын нийгэмд ихэнх залуусын хувьд орон сууц мөрөөдөл хэвээр хоцорч байна.  Барилга ихээр баригдаж байгаа ч түүнийг нь авч хүчрэх хүн ховор байгаа нь хөндүүр сэдэв боллоо.      

Сугалаа энэ сарын 19-нд Монгол бөхийн өргөөнөө болох аж.

Categories
мэдээ нийгэм

Наадмаар эмнэлгийн байгууллагуудын ажиллах цагийн хуваарь

Нийслэлийн эрүүл мэндийн газраас  наадмын үеэр Эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах хуваарийг гаргажээ. 

Нийслэлийн Эрүүл мэндийн газарт 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагаас 16-ны өдрийн 09 цаг хүртэлх хугацаанд хариуцлагатай жижүүр нь 320981 дугаарын утсанд 24 цагаар ажиллаж 1,2 дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар гомдол санал хүлээж авна. 

2014 оны 07 дугаар сарын 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд 10-16 цагийн хооронд өрхийн эрүүл мэндийн төвүүд бүгд ажиллана.

Мөн дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дотор, мэс засал, шүдний кабинетууд ажиллаж,  иргэдэд  үйлчилгээ үзүүлнэ.

Баяр наадмын өдрүүдэд 10-16 цагийн хооронд Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв ажиллаж, нэн яаралтай амны хөндийн тусламж үйлчилгээг үзүүлэх юм.

Сурын болон шагайн харвааны талбай, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотор, гаднах талбайд түргэн тусламжийн автомашин, эмчийн хамт ажиллуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээг Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдэлүүд хариуцаж ажиллана.

“Хүй долоон худаг”-т хурдан морь унаач хүүхдүүдэд Яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг шуурхай үзүүлэхийг Яаралтай түргэн тусламжийн төв буюу иргэдийн хэлж заншсанаар 103 хариуцахаар болсон байна.

Баярын өдрүүдэд хүүхдийн түргэн тусламж 24 цагаар, Дүүргийн нэгдсэн эмнэлэгүүдийн хүлээн авах тасаг 24 цагаар иргэдийг хүлээн авч шаардлагатай тусламжийг үзүүлнэ гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Засаг даргын орлогч нар төсвөөс цалин авахгүй боллоо

НИТХ-ын ээлжит XVIII хуралдаан 7 сарын 4-нд болж хуралдаанаар “Нийслэлийн нутгийн захиргааны удирдлагын бүтэц, үйл ажиллагааг боловсронгуй болгох хөтөлбөр”-ийг хэлэлцэн баталлаа.   

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр рүү шилжих” санаачилга болон Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллага болон нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын бүтцийг боловсронгуй болгох, чиг үүргийн давхардлыг арилгах, орон тоог бууруулах, зардал хэмнэх арга хэмжээг үе шаттай зохион байгуулах бодлогыг тодорхойлох зорилгоор  энэхүү хөтөлбөрийг боловсруулжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хөтөлбөрийн талаар НИТХ-ын хуралдаанд танилцуулах үеэрээ, “Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа бүрийг санхүү, төсвийн үр дүн, хэмнэгдэж болох зардал, орон тооны хэмжээгээр нарийвчилан судалсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр  нийслэлийн төрийн байгууллагуудын үүрэг хариуцлагыг тодорхой болгох, уялдаа холбоог сайжруулах, үйл ажиллагааны чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, төрийн албан хаагчдын ур чадварыг дээшлүүлэх  боломжтой болно. Мөн Ухаалаг Улаанбаатар болох зорилгодоо хүрэхийн тулд нийслэлийн хэмжээний 57 байгууллагаас үзүүлж буй 540 нэр төрлийн үйлчилгээг цахимжуулах, төрийн үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх, хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх арга замуудыг сонгон үе шаттайгаар шилжүүлэхээр хөтөлбөрт тусгасан байгаа.  Тодруулбал нийслэлийн харьяа байгууллагуудын аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах, төрд зайлшгүй байх шаардлагатайгаас бусад үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлэх арга хэлбэрийг судалж шийдвэрлэхээр зорьж байна. Мөн төрийн зарим төрлийн үйлчилгээг нийслэлээс дүүрэг, дүүргээс хорооны төвшинд шилжүүлж, ижил төстэй үйл ажиллагаа явуулж байгаа агентлагуудыг нэгтгэнэ. Мөн бид анх удаа нийслэлийн Засаг даргын орлогч нарт төсвөөс албан ёсны цалин олгохгүй байхаар хөтөлбөрт оруулсан. Энэ нь нийслэлийн Засаг даргын орлогч нарыг бүтээн байгуулалт, хөгжлийн төсөл хөтөлбөрийг хариуцсан институци болгон үр дүнгээр нь санхүүждэг тогтолцоонд шилжүүлнэ. Ингэснээр Засаг даргын орлогч нарын цалин, Нийгмийн даатгалын шимтгэл, унаа, шуудан холбооны зардлын гээд  нийт 1 тэрбум 82.7 сая төгрөгийг хэмнэх боломжтой болно“ гэж онцолсон юм.  

НИТХ-ын төлөөлөгчид хөтөлбөрийг хэлэлцэн зарчмын хувьд дэмжлээ. Ингэснээр энэхүү хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын хүнд суртлыг арилгах, шуурхай байдлыг хангах үүднээс ажил үүргийн хуваарийг нь тодорхой болгох, шинэчлэх, ажлын байрны зураг авах, төрийн захиргааны албан хаагчдыг аттестатчлалд хамруулж, төрийн албан хаагчдын ажил үйлчилгээний ачааллыг жигдрүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэх ажлыг 2014 онд багтаан явуулах юм. Мөн энэхүү хөтөлбөрийг 2014 оны 07 дугаар сарын 1-нээс 2015 оны 07 дугаар сарын 01-ний хооронд нийслэлийн төр захиргааны байгууллага, өмчит үйлдвэрийн газруудын хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

Categories
мэдээ нийгэм

Гэдэсний халдвараар өвчилсөн хүн арван жил нян тээгч болох магадлалтай

Урин дулааны улирал ирж, хүүхдийн зуслангуудын үйл ажиллагаа эхэлсэн мөн баяр наадам болох гэж буйтай холбогдуулан олныг хамарсан халдвар, хордлого, дэгдэлт гарахаас сэргийлэхийн тулд иргэдийн хоол хүнсний эрүүл, аюулгүй байдлыг хангах, анхаарал, сэрэмжийг нэмэгдүүлэх зорилгоор ЭМЯ, ХӨСҮТ-өөс хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл өглөө. 

 Хэвлэлийн бага хурлыг НЭМХ-ийн дарга Д.Нарангэрэл нээж мэдээлэхдээ, гэдэсний халдварт өвчнүүд болох цасан суулга, сальмонеллез, гэдэсний хижиг, кампилобактерийн халдвар, гэдэсний савханцрын халдвар, гепатит А буюу халдварт шар зэрэг нь иргэдийн болгоомжгүй байдлаас, хүнсний аюулгүй байдал алдагдсантай холбоотойгоор үүсдэг ба гол төлөв хүнсний байгууллагууд, ажилчдын цайны газар, хүүхдийн зуслан гэх зэрэг цэгүүдэд үүсч, олон хүнийг хамарсан хордлого гарч байна. Энэ байдлаас улбаалан эрүүл мэндийн салбарт үргүй, төлөвлөгдөөгүй зардал гарч байна. Тухайн хордлогод өртсөн хүмүүсийг эрүүлжүүлнэ, эмчилнэ, лабортаорийн шинжилгээнд хамруулна, хавьтлыг тогтооно гэдэг бол их цаг, зардал гаргахад хүргэдэг. Хэсэг хүний хариуцлагагүй байдлаас шалтгаалж ийм нөхцөл байдал үүсч байгаа гэдгийг хэлсэн юм.

 Гэдэсний халдварт өвчнөөр өвчилсөн хүн тухайн эмчилгээний явцад эдгэрээд гарах магадлалтай боловч цаашид 10 жилд нян тээгч болж үлдэх аюултай байдаг. Эрүүл байгаа мэт боловч тухайн хүний өтгөн, шүлс зэргээр бактер ялгарч  байдаг. Гэдэсний халдварт өвчний дэгдэлтийн үе нь зуны улиралд зуслангийн үйл ажиллагаа эхэлсэн үеэр харьцангуй нэмэгддэг. Манай улсад гэдэсний 7 төрлийн өвчин бүртгэгддэг бөгөөд хамгийн олон бүртгэгддэг нь цусан суулгын халдвар/нийт бүртгэгддэг халдварын 30 орчим хувь/ болон сальмонеллез/20-30 орчим хувь/-ийн халдварын тохиолдол байдаг. Эдгээр гэдэсний халдварт өвчин нь тухайн нянгаар бохирлогдсон хоол, хүнс хэрэглэснээс, мөн тийм нянгаар бохирлогдсон орчинд байснаас, ахуйн хавьтлаар, хоол хүнсээр дамжин хүүхдэд болон бусад хүмүүст халдварладаг байна.

Хэвлэлийн бага хурлын үеэр мөн баяр наадмын өдрүүд ирж буйтай холбогдуулан иргэдэд сэрэмжлүүлэг, зөвлөгөөг хүргэсэн. Баяр наадмын үеэр гэдэсний халвдарт өвчинд өртсөн хүмүүс ихэвчлэн ил задгай хүнсний бүтээгдэхүүн худалдаж авсан, авсан хүнсний бүтээгдэхүүнээ буруу хадгалж хэрэглэсэн, мөн лаазалсан бүтээгдэхүүн хэрэглэсэн байдаг байна. Баталгаатай найдвартай, шинжилгээ хийлгэсэн цэгээс хоол хүнсээ авч хэрэглэх нь зүйтэй гэдгийг хурлын үеэр онцолж байлаа.

Хоол хүнсээр дамждаг өвчнөөс сэргийлэх талаарх мэдээлэл, зөвлөмж

Урин дулааны улиралд хоол хүнсээр дамжих халдварын эрсдэл нэмэгддэг тул гэдэсний халдвараас сэргийлэх үүднээс дараахь мэдээлэл, зөвлөмжийг хүргэж байна. 

Манай улсад сүүлийн 3 жилд дунджаар нийт халдварт өвчний 8,8%-ийг гэдэсний халдварт өвчин эзэлдэг. Үүний дотор цусан суулга, сальмонеллёз, гар хөл амны өвчин, хоолны хордлогот халдварууд зонхилж байгаа ба 70-80%-ийг 9 хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж байна. 

Гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх бүрэн боломж бий. Хамгийн энгийн арга болох гарын ариун цэврийг сахиж, гараа савантай усаар угаах явдал юм. Суулгалт халдвараар өвдөх эрсдэлийг гарын ариун цэврийг сахиснаар 30-50%-иар, усан хангамжийг сайжруулсанаар 25%-иар, ариун цэврийн нөхцлийг сайжруулснаар 32%-иар тус тус бууруулах боломжтой болохыг судалгаагаар тогтоожээ. 

Хоол хүнс бохирдоход нөлөөлөх хүчин зүйлс 

Хоол хүнс бэлтгэх, боловсруулах, худалдаалах, хэрэглэх, хадгалах, тээвэрлэх үед эрүүл ахуй, ариун цэврийн дэглэм алдагдсаны улмаас хоол хүнс нянгаар бохирдох нөхцөл бүрддэг. 6 цагийн дотор 1 нян 16 сая тоотой болж үрждэг бөгөөд мах, махан бүтээгдэхүүн, далайн гаралтай хүнс, чанасан будаа, гоймон, кремтэй бүтээгдэхүүн, сүү, бяслаг, өндөг зэрэг уураг, нүүрс усаар баялаг хүнсний бүтээгдэхүүн, мөн бүх төрлийн болсон хоолонд нян өсөж үржих боломжтой. 

Өвчин үүсгэгч нянгаар бохирдсон хоол, хүнсний бүтээгдэхүүнийг гаднаас нь хараад мэдэх боломж бараг байхгүй, амт, үнэр, өнгө, гадаад байдлын хувьд өөрчлөлтгүй байдаг. Хоол хүнсийг тасалгааны хэмд удаан хугацаагаар хадгалах нь өвчин үүсгэгч нян тухайн хоол хүнсэнд үржиж хүн хэрэглэсэн тохиолдолд өвчлүүлэх эрсдэл үүсгэнэ. 

Хоол хүнсээр дамждаг өвчнөөр өвчлөх эрсдэл

Нян үржиж бохирдсон хоол хүнс хэрэглэсэн ямар ч хүн өвдөх магадлалтай ч 5 хүртэлх насны хүүхэд, 65-аас дээш насны хүн, жирэмсэн эмэгтэйчүүд, дархлааны тогтолцоо суларсан хүмүүс бусдаас илүү олон удаа, илүү хүнд өвчлөх эрсдэлтэй байдаг. 

Гэдэсний халдварт өвчинд цусан суулга, сальмонеллез, гэдэсний хижиг, кампилобактерийн халдвар, гэдэсний савханцрын халдвар, гепатит А буюу халдварт шар зэрэг өвчин багтана. Хоолны хордлого нь нянгийн гаралтай хоолны хордлого, нянгийн бус гаралтай хоолны хордлого гэсэн 2 төрөлд хуваагддаг.

Хоолны хордлогын үед ихэвчлэн тухайн хоолыг идсэнээс хойш хэдэн цагийн дотор хордлогын шинж тэмдгүүд илэрдэг ба өвчилсөн хүнд голдуу бөөлжих шинж тэмдэг илэрдэг.

Нянгийн бус гаралтай хоолны хордлого нь байгалийн гаралтай хортой ургамал (хортой мөөг г.м), хортой далайн хүнс (загас, далайн нялцгай биет)-ээр үүсгэгдэхээс гадна хүнсний зүйл үнд метал, пестицид, нитрат, нитрит, диоксин, хүнсний нэмэлт бодис зэрэг төрөл бүрийн химийн бодисоор бохирдсон тохиолдолд үүснэ. 

Хоол хүнсээр дамждаг өвчнөөс сэргийлэх арга зам

Гар угаах дэглэмийг чанд сахиж, ариун цэврийг эрхэмлэх нь гэдэсний халдвар, хоолны хордлогоос сэргийлэх хамгийн энгийн арга гэдгийг дахин сануулах нь зүйтэй. 

Мөн хүнстэй харьцагч бүх хүн болон хүнсний үйлдвэр, хүнсний дэлгүүр, нийтийн хоолны газрууд зэрэг хоол хүнсний үйлдвэрлэл үйлчилгээний газрууд, хоол хүнсийг гэрийн нөхцөлд бэлтгэх, боловсруулах, хадгалах, хэрэглэхэд ДЭМБ-аас гаргасан “Аюулгүй хоол хүнсний 5 түлхүүр зарчим”-ыг дагаж мөрдөхийг зөвлөж байна. 

Түүнчлэн хоол хүнсний бүтээгдэхүүн дэлгүүрээс сонгохдоо хадгалалтын горим алдагдсан эсэх, хэрэглэх хугацаа дууссан эсэхийг анзаарахгүй байх, худалдан авсан бүтээгдэхүүнийг машиндаа олон цагаар байлгах, тасалгааны хэмд удаан хадгалах зэргээс зайлсхийх нь зүйтэй. 

Хоол хүнсээр дамждаг өвчнөөр өвчилсөн тохиолдолд авах арга хэмжээ:

• Яаралтай эмчид хандах: Ялангуяа шинж тэмдгүүд арилахгүй удаан үргэлжилж, хүндрэх шинж (цустай суулгах, дотор муухайрах, бөөлжих, өндөр халуурах г.м/) илэрвэл эмчид зайлшгүй хандах хэрэгтэй. 

• Хэрэв өвчлөл үүсгэсэн гэж сэжиглэж буй хоол хүнсний зүйлийг олон хүн цугларсан хүлээн авалт, ресторан болон бусад нийтийн хоолны газарт хэрэглэсэн, эсвэл дэлгүүрээс худалдаж авсан бол орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдэгдэх хэрэгтэй. 

• Гэдэсний халдварт өвчинтэй тууштай тэмцэх, сэргийлэхэд хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, боловсрол зэрэг бусад салбаруудын оролцоо, салбар хоорондын хамтын ажиллагаа хамт олон, хувь хүний үүрэг хариуцлага, амьдралын зөв дадал хэвшил зайлшгүй шаардлагатай.

Иргэд та бүхэнд гэдэсний халдварт өвчний талаарх өөрсдийн мэдлэгийг нэмэгдүүлэн, эрүүл аж төрөх зөв дадал, хэвшлийг эзэмшиж, гэдэсний халдварт өвчнөөс өөрийгөө болон гэр бүл, үр хүүхдээ хамгаалахыг зөвлөж байна. 

ДЭМБ-ын “Аюулгүй хоол хүнсний 5 түлхүүр зарчим”

Түлхүүр 1: Ариун цэвэр сахь.

• Хоол бэлтгэх, идэхийн өмнө, бие зассаны дараа гараа тогтмол савандаж угаах

• Хоол хүнс бэлтгэхэд хэрэглэдэг бүх гадаргуу, сав суулга, багаж хэрэгслийг тогтмол угааж цэвэрлэх, халдваргүйтгэх

• Гал тогоонд ялаа, шавьж, мэрэгч, бусад амьтан орохоос сэргийлэх

Түлхүүр 2: Болсон болон түүхий хүнсийг тусад нь хадгал.

• Түүхий мах, далайн гаралтай хүнсийг чанаж, болгосон хүнсний зүйлсээс тусад нь хадгалах

• Мах, ногооны модыг бусад болгосон хүнс бэлтгэдэг тавиураас тусад нь байлгах

• Шууд хэрэглэх бэлэн хоол хүнсийг түүхий хүнстэй холихгүй байх.

• Түүхий хүнсний зүйлийг бэлтгэх багаж, хэрэгслийг хэрэглэхийн өмнө ба дараа нь угааж, цэвэрлэ

Түлхүүр 3: Хоол хүнсийг гүйцэд болго.

• Хоол хүнсийг 70 градусаас багагүй хэмд чанаж, болгож хэрэглэх 

• Хоол хүнсээ богино долгионы зууханд халаах бол зориулалтын сав ашиглан үе үе хутган гүйцэд халааж хэрэглэх 

• Шөлтэй хоолыг буцалтал нь, малын мах, тахиа, шувууны махыг ягаан шүүс гарахгүй болтол нь гүйцэд чанаж болгох 

Түлхүүр 4: Хоол хүнсийг зохих хэмд хадгал.

• Болгосон хоолыг хэрэглэхийн өмнө халаах (60-с дээш хэмтэй) ба тасалгааны хэмд 2 цагаас илүү хугацаагаар байлгаж болохгүй. 

• Түргэн мууддаг хүнсийг авсан даруйдаа хөргөгчид (5 буюу түүнээс доош хэмд) хадгалах

• Хүнсийг хөргөгчинд хэт удаан хадгалахгүй байх 

• Хөлдөөсөн хоол хүнсийг тасалгааны хэмд гэсгээж болохгүй, харин богино долгионы зууханд, хөргөгчний хөргүүрийн хэсэгт, эсвэл хүйтэн усанд барьж гэсгээх 

Түлхүүр 5: Ундны цэвэр ус, хүнсний аюулгүй түүхий эдийг сонго.

• Ундны усаа баталгаатай эх үүсвэрээс хэрэглэх

• Усыг буцалгаж хэрэглэх

• Хүнсний ногоо, жимсийг угааж хэрэглэх

• Сүүг буцалгаж, ариутгаж хэрэглэх.

• Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх.

• Ус авах, хадгалах савыг цэвэр байлгах

Categories
мэдээ нийгэм

“Ундраа” зусланд хоолны хордлогод орсон хүүхдүүд эрүүл болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн  албаны дарга А.Амбасэлмаа Ундраа зусланд хоолны хордлогод орсон хүүхдүүдийг эмчилж эрүүлжүүлсэн хэмээн мэдэгдлээ.  “Энэ жил хүүхдийн зуслангуудын үйл ажиллагаа эхлэхээс өмнө ХӨСҮТ-өөс зуслангийн эмч, тогооч нарт гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар сургалт, сурталчилгааг зохион байгуулсны үр дүнд зуслангийн эмч нар тодорхой ойлголттой болсон байна. Өнгөрсөн 7 хоногт гарсан хүүхдийн зуслангийн хоолны хордлогын тохиолдлыг тухайн үед гармагц бидэнд мэдээлсэн. Ингэснээр ХӨСҮТ-өөс 10 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг ажиллаж, даруй арга хэмжээ авсан” гэж тэр ярив. Мөн зуслангийн үйл ажиллагаа эрхлэгчдэд хандан “Зуслангуудад ажиллаж буй эмч нар шуурхай арга хэмжээ авах, мэдээлэх ажлыг сайн хийж гүйцэтгэсэн. Нөгөө талаар олон нийт, зусланд ажиллаж буй нийт хүмүүс өөрсдөө хувийн ариун цэврийг сахих, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдах, хүнсний аюулгүй байдлыг хангахад анхаарах шаардлагатай. Зуслангийн үйл ажиллагаа явуулахдаа гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд нэгдүгээрт эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд орсон, найдвартай, эрүүл хүмүүсийг ажллуулах, дараа нь хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд онцгой анхаарах нь чухал” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Урианхай сурын харвааны дүн гарлаа

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадам урианхай сурын харваагаар өчигдөр болж өндөрлөсөн.

Энэ жилийн урианхай сурын харваанд 160 гаруй мэргэн харваач цэц сорьжээ. Үүнээс эхний таван байр эзэлсэн харваачдын нэрийг тодруулбал: Нэгдүгээр байрт Урианхай сурын мэргэн, “Шинэ Налайх”, “Монбэт” багийн харваач Б.Мөнхтөр түрүүлж, урианхай сурын хошой мэргэний болзол биелүүллээ. Хоёрдугаар байрт Урианхай сурын хошой мэргэн, “Алдар” спорт хороо, Бригадын 016 анги, “Жем интернэшл” компанийн харваач Д.Мөнхгэрэл, гуравт “Хүч” спорт хороо, “АПУ трейдинг” компанийн харваач, Урианхай сурын спортын мастер Ц.Баасанхүү,  дөрөвт  Ховд аймгийн Дуут сумын харваач Д.Чулуунбат нар тус тус шалгарчээ. Харин тавдугаарт Ховд аймгийн Мөнххайрхан сумын харваач Л.Мөнхцоож орсон байна.  

Э.Номин