Үндэсний их баяр наадмын хурдын морьдын салхийг хагалж хязаалан, шүдлэн насны морьдын уралдаан өчигдөр болсон. Тэгвэл яг одоо Хүй долоон худагт азарга шандсаа сорьж байна. Энэ жил 223 азарга бүртгүүлж 220 азарга уралдаж байгаа юм байна. Азарга барианд 11:20 цагт ирэх юм.
Category: нийгэм
Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Төрийн есөн хөлт цагаан тугийг Төрийн ордоноос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залах ёслол болж байна. Тун удахгүй баяр наадмын нээлт болно.
“Цахилгаан тээвэр” компанийн Монголдоо угсарсан таван цахилгаан машин Хүй долоон худагт наадамчдад үнэгүй үйлчилж байна. 12 хүний суудалтай энэ машинаар өндөр настан, жирэмсэн эхчүүд, бага насны хүүхэдтэй хүмүүс болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилнэ.
Хүй долоон худагт наадамчдын машинаа тавиад явган зорчдог талбайд энэ жил баруунаас зүүн тийш хөндлөн 2.6 км хатуу хучилттай зам тавьжээ.
Энэ замаар цахилгаан автобус явна. Дээрх иргэд нийтийн тээврийн автобусны зогсоолоос буугаад шууд цахилгаан автобусанд суухаар зохион байгуулжээ. Задгай талбайд морь барианы газар хүртэл хол зайд явган алхах нь хүүхэд, хөгшдөд амаргүй байдаг. Тэгвэл энэ жил иргэддээ бага оврын олон суудалтай машинаар үйлчлэх болсонд наадамчид сэтгэл хангалуун буйгаа хэлж байв.
220 вольтод цэнэглэн өдөржин явах боломжтой, задгай бүхээгтэй цахилгаан машин Хүй долоон худагт 08.30-17.30 цаг хүртэл наадамчин олонд үйлчилнэ.
Шинэ сонин, дээр нь алхаж ядрахгүй зорьсон газартаа хүрэх цахилгаан машинд суухаар залуус гар өргөх ч цөөхөн суудалтай учир машин зогсохгүй байв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит Аврах тусгай ангийг Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор өнөөдөр шагналаа. Шагналыг гардуулах арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Онцгой байдлын Ерөнхий газрын дарга хурандаа Т.Дуламдорж, Онцгой байдлын ерөнхийн газрын даргын зөвлөлийн гишүүд, тус ангийн үе үеийн удирдлагууд болон албаны хүмүүс оролцлоо.
ЕТГ-ын дарга П.Цагаан шагнал гардуулах үеэр тус ангийн аврах бүрэлдэхүүн, техник хэрэгсэлтэй танилцлаа. Уг аврах тусгай ангийг анх БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1967 оны Н/22 дугаар тогтоолоор байгуулж, одоог хүртэл албан чиг үүргээ нэр төртэй гүйцэтгэн 42 мянга гаруй эрдэнэтхүний амь нас, олон арван тэрбум төгрөгийн улс орны болон иргэдийн өмч хөрөнгийг байгалийн гамшиг, ослоос авран хамгаалжээ.
ЕТГ-ын дарга П.Цагаан шагнал гардуулж хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт офицер, ахлагч, зочид, төлөөлөгчидөө. Та бүхэнд Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баярын мэнд хүргэе.
Монгол Улсын Ерөнхийлөгч иргэдийнхээ аюулгүй байдлын энхийн манаанд зогсож, хүмүүнлэг үйлсийн эзэд болсон та бүхний амжилт бүтээл, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн нөр их хөдөлмөрийг тань өндрөөр үнэлж танай хамт олон, танай ангийг “Цэргийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнаж байна. Та бүхэнд баяр хүргэе.
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын чадавхийг бэхжүүлэх, хүн амыг аюулгүй амьдрах арга ухаанд сургах, авран хамгаалах их үйлсэд та бүхэн улам ихийг хийж бүтээж, илүү идэвхи чармайлт гарган ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Монгол Улсын Онцгой байдлын алба түүний Аврах тусгай анги нь эх орныхоо аюулгүй байдал, ард түмнийхээ амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах үүргээ үнэнчээр биелүүлж, амь биеэ үл хайрлан, мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажиллаж өргөсөн тангарагтаа үнэнч байж ирснийг төр, засаг, Монголын ард түмэн үргэлж харж та бүгдээр бахархаж ирсэн юм.
Өнөөдөр Монгол оронд төдийгүй олон улсын түвшинд байгалийн болон бусад гамшиг ослын гаралт, давтамж нэмэгдэж, улс орнуудад учруулж байгаа гарз хохирол улам өсч байгаад дэлхий нийтээрээ анхааран улс орнууд гамшиг ослын хор хохирлыг бууруулах, арилгахад ихээхэн анхаарч байгаа билээ. Ийм ч учраас Онцгой байдлын албан хаагчид та бүхний эх орон, иргэдийнхээ төлөө зүтгэх үүрэг, харицлага улам их өндөрсөж байна.
Монгол Улсын иргэдийн аюулгүй орчинд амьдрах ариун үйлсийн төлөө өргөсөн тангараг, хүлээсэн үүргээ биелүүлэн хүчин зүтгэж байгаа та бүхнийхээ хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй ажилд тань амжилт хүсье” гэлээ.
СХД-ийн 21 дүгээр хороо, “61”-ийн гарамд орших “Нью Кроп” компанийн гахайн аж ахуйд байгалийн гаралтай гахайн мялзан өвчин гарсны улмаас хорио цээрийн дэглэм тогтоосон. 2014 оны долоодугаар сарын наймны өглөөний 08 цагийн байдлаар 241 гахай, 33 тооройг устган булж, ариутгал халдваргүйтгэл хийлээ.
Үлдсэн 900 гаруй гахайг мөн устгахаар төлөвлөсөн бөгөөд ажлын явцад Мэргэжлийн хяналтын байгууллага, цагдаа, онцгой байдал, эрүүл мэнд, дүүргийн хамтарсан Ажлын хэсгийнхэн хяналт тавин ажиллаж байна.
Малын удмын санг хамгаалах тухай хуулийн дагуу тухайн аж ахуйн нэгжид учирсан хохирлын 90 хүртэл хувийн нөхөн төлбөрийг Засгийн газраас олгодог. Гэхдээ “Нью Кроп” компани гахайгаа урд хөршөөс оруулж ирсэн ч вакцинжуулалтад цаг хугацаанд нь хамруулаагүй, малын тооллогод оруулаагүй, төв замаас 20 метрийн зайд хашаагаа татсан байжээ. Холбогдох хуулийн дагуу бол гахайн аж ахуй зам, тууврын замаас 0,5 км зайтай байх ёстой.
Цаашид “Нью Кроп” гэлтгүй бусад аж ахуйн нэгж өөрсдөө ийм хариуцлагагүй байхад Засгийн газраас хөрөнгө гаргаж нөхөн олговор өгч байх нь зөв эсэх тухай ч хөндөгдөж байна. Хуульд зааснаар ариутгал, халдваргүйжүүлэлт хийсний дараа 30 хоногийн дотор нөхөн олговрыг шийдвэрлэх ёстой юм. Өвчин гарсны улмаас “Нью Кроп” компани 1,6 жилийн хугацаанд гахайн аж ахуй эрхлэх боломжгүй болж байна.
Өвчин илэрсэн бүсэд “Алтан тариа” компани болон иргэдийн 5000 орчим гахай байна гэсэн судалгаа бий. Холбогдох байгууллагууд энэ орчимд урьдчилан сэргийлэх тандалт хийн аж ахуйн нэгж, иргэдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна. Мэргэжлийн хяналтын байгууллага дүүргийн Засаг даргын захирамжийн биелэлт, хорио цээрийн дэглэмийн хэрэгжилт, зааврын биелэлт, гахайн арчилгаа маллагаа, тэжээлийн нөхцөл, технологийн явцад хяналт тавих юм.
Гахайн сонгомол мялзан нь гахайнаас гахайнд халддаг, өндөр халуурал, цус төлжүүлэх эрхтний гэмтэл, уушиг, бүдүүн гэдэсний нэвчдэст үрэвслээр илэрдэг гоц халдварт өвчин юм. Бүх насны гахай мэдрэмтгий, ялангуяа өсвөр насны гахай өвчилсөн тохиолдолд толгой дараалан үхэх эрсдэлтэй байдаг юм байна.
Д.САР
Иргэд, наадамчид та бүхэнд Үндэсний их баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэж, амралт зугаалгаа ая тухтай өнгөрүүлэхийг хүсье. Мэргэжлийн хяналтын байгууллагаас баяр наадам, амралт зугаалгын үе тохиож байгаатай холбогдуулан хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж, аливаа хордлого, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд дараахь зөвлөмжийг танд хүргэж байна.
Хүнсний бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа:
• Шошгод хэн, хэзээ, хаана үйлдвэрлэсэн болох, хадгалалтын хугацаа, хэрэглэх, хадгалах нөхцөл заагдсан эсэх, тухайн барааны чанар илт муудсан эсэхийг сайтар нягтлан үзэх;
• Түргэн гэмтэж чанар байдлаа алддаг хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын хөргөх төхөөрөмжгүй болон чингэлэг, ил задгай худалдаанаас авч хэрэглэхгүй байх;
• Лаазалсан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төмбийсэн, дарахад хонхолзож, бамбаж үүссэн, задалж үзэхэд дээр нь хийн бөмбөлөг үүссэн байвал, Шилэнд савласан бүтээгдэхүүнд тунадас үүссэн, шүүс нь булингартай, доторхи хүнсний ногоо, жимс нь хорчийж жижгэрсэн, ялзарсан, хөгцөрсөн, бөглөөнд нь жижиг цагаан өнгөр үүссэн байвал;
• Өндөгний хальс нимгэрч, өнгө нь өөрчлөгдсөн, хагарч цуурсан, гадна тал нь бохирдсон, хөлдөж чанараа алдсан, шар уураг нь холилдсон, шохойлог хатуу хальс нь хагарч уураг нь гоожсон байвал;
• Хиам худалдаж авахдаа гадаргуу нь үрчийгээгүй гөлгөр, нойтон биш, өнгө нь хувираагүй, элдэв гаж үнэргүй, зөвхөн бүтээгдэхүүний өөрийн өвөрмөц амт үнэртэй байх ёстойг анхаарах:
• Хөлдөөсөн, хөргөсөн хүнсийг худалдаж аваад богино хугацаанд гэрийн хөргөгчинд хийх, эсвэл хурдан бэлтгэж хэрэглэх, мах, загас, шувуу зэрэг түүхий бүтээгдэхүүнийг шууд хэрэглэдэг бүтээгдэхүүнээс сайтар тусгаарлан хадгалж зөөвөрлөх нөхцөлийг хангах;
• Мах, махан бүтээгдэхүүнийг мал эмнэлэг, ариун цэвэр-гарал үүслийн гэрчилгээтэй, эрх бүхий лабораторит аюулгүй байдлын шинжилгээнд хамрагдсан эсэхийг нягтлан үзэх;
• Худалдаа, нийтийн хоолны газраас архи, согтууруулах ундааг худалдан авах, үйлчлүүлэхдээ хаана үйлдвэрлэсэн, чанар, аюулгүй байдлын баталгаажилттай эсэхийг магадлан үзэхийн зэрэгцээ тунадас булингартай, механик хольцтой, хямд үнэтэй, архи, согтууруулах ундааг худалдан авч хэрэглэхгүй байх;
• Гэрийн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүнээ зөв хадгалж, бүрэн боловсруулан хэрэглэх, дэлгүүрт борлуулж буй хөлдөөсөн бүтээгдэхүүн гэссэн байвал, удаан хадгалсан бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэхгүй байх;
• Ариун цэврийн шаардлага хангаагүй, бохир орчинд явуулж буй худалдаа, үйлчилгээнээс хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх;
• Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгаж, урагдаж, гэмтсэн байвал авахгүй байх хэрэгтэй.
Хоол хүнсээ бэлтгэж боловсруулахдаа:
• Амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн нь өвчин үүсгэгч нян агуулж байж болзошгүй тул, ийм бүтээгдэхүүнд хүрсэн тохиолдолд гараа заавал угаах хэрэгтэй. Хэрэв та гараа зүсэж, эсгэсэн бол хоол хийх үедээ гараа сайтар боох юм уу, эсвэл бээлий өмсөөрөй.
• Гэрийн тэжээмэл амьтдыг хоол бэлтгэж байгаа газраас аль болохоор хол байлгах шаардлагатай. Эдгээр амьтдын шүлс, үс, арьс, баасаар дамжин шимэгч хорхой, болон бусад нянгаар хоол хүнс бохирдох аюултай.
• Хоол бэлтгэдэг газраа ялаа, жоом зэрэг хортон шавжгүй байлгахыг хичээгээрэй.
• Амьтны гаралтай түүхий хүнсний бүтээгдэхүүнийг зүсэхэд хэрэглэх хутга, хэрчих мод зэрэг нь болсон хүнсний бүтээгдэхүүнийхээс тусдаа байх хэрэгтэй. Эсвэл халуун усаар сайтар угааж ариутгасны дараа хэрэглэж болно. Өөрөөр хэлбэл мах, ногоо, талх хэрчих мод тус тусдаа байх нь зүйтэй.
• Хоолны хэрэгслэл, сав суулгыг тогтмол цэвэр байлгаж, хоолоо хэт их биш хэмжээгээр бэлдэж, сайтар болгож хэрэглээрэй.
Хүнсээ хэрэглэхдээ:
• Хоол идэхийн өмнө гараа сайтар савандаж угаана. Гарын алчуур цэвэрхэн байх нь чухал. Гарын алчуур нь зөвхөн усыг шингээж авах зориулттай. Гэтэл гараа дутуу угааснаас алчуур бохирддог. Гарын алчуур бохир бол таны гар дахин бохирдох болно. Эсвэл нойтон салфетка, гар цэвэрлэгч шингэний аль нэгийг хэрэглэж занших хэрэгтэй.
• Ямар нэгэн гадны биет буюу бохирдуулагч зүйл /хүн, амьтны үс, ноос болон бусад/ байгаа эсэхийг шалгаж, сайтар цэвэрлэ. Хэрэв хэт бохир зүйл байвал хэрэглэхгүй байх.
• Хоол, хүнс тань аюулгүй, тэжээллэг байхаас гадна, төрөл бүрийн хүнсний ногоо, жимс нэлээд их орсон байх шаардлагатай. Энэ нь таны биед зайлшгүй байх ёстой аминдэм, эрдэсийн эх үүсвэр болно.
• Түүхий ус нь ямар нэг нянгаар бохирдсон байж болох тул хүндээр өвчлүүлэх ч магадлалтай. Тиймээс хүүхдэд бүү уулга.
• Ундаа болон лаазалсан хүнсний зүйлийг онгойлгохын өмнө гадна тал, амсар хэсгийг цэвэр чийгтэй алчуураар сайтар арчих хэрэгтэй.
• Ханиалгаж, найтаасны дараа, хог хаягдал, тэжээвэр амьтанд хүрэх болон утсаар ярьсны дараа гараа байнга угаах хэрэгтэй. Телефон болон гар утсанд өвчин үүсгэгч нян хамгийн ихээр хуримтлагддаг. Хоол идэж байхдаа утсандаа бүү хүр. Гараа тогтмол угааж заншвал хоол хүнсээр халдварлах өвчнийг 50 хувь хүртэл бууруулах боломжтой гэдгийг судлаачид тогтоосон байна. Энэ нь өрхийн хүнсний аюулгүй байдлыг хангах чухал үзүүлэлт болдог.
Хүнсээ хадгалахдаа:
• Хоол, хүнсний зүйлд нян өсөж үржих хамгийн таатай орчин нь температурын аюултай бүс буюу +4 өөс +60 хэм байдаг. Иймээс хөргөгчинд хадгалах ёстой бүтээгдэхүүнийг худалдаж авснаасаа хойш нэг цагийн дотор хөргөгчинд хийх хэрэгтэй. Хэрвээ температурын аюултай орчинд дөрвөн цагаас илүү хадгалсан бол идэж болохгүй, шууд хаях хэрэгтэй.
• Илүү гарсан хоолоо жижиг савнуудад таслан хөргөгчинд хадгалах нь зүйтэй. Ингэснээр хоол түргэн хөрж, нян үржих боломж багасна. Хэрэв тасалгааны хэмд зуухан дээрээ дөрвөн цагаас илүү хугацаагаар байлгасан бол идэж болохгүй.
• Түүхий бүтээгдэхүүн, болсон бүтээгдэхүүнийг хөргөгчинд хийхдээ бохирдохоос сэргийлж, тусгаарлан, болсон бүтээгдэхүүнийг дээд, түүхийг нь доод тавиур дээр хадгалах нь зүйтэй. Мөн хөргөгчийг хэт дүүргэх нь ачааллыг ихэсгэж, хөргөх хэмийг багасгадаг гэдгийг анхаараарай.
Хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгон, аюулгүй хүнс хэрэглэх нь хоол хүнсээр дамжих аливаа өвчин эмгэгээс Та өөрийгөө болон гэр бүлээ сэргийлэх чухал алхам юм.
Та бүхэн сайхан наадаарай.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын болон Засгийн газрын гишүүд, нам эвслийн бүлгийн төлөөллийн хамт Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө.
Үүний дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнагдсан төр, засгийн байгууллагын албан хаагчдад Төрийн Ёслол, хүндэтгэлийн Их танхимд шагналыг нь гардуулан өглөө. Шагнал гардуулах арга хэмжээнд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэгэрхлэх газрын дарга Ч.СайханбилэгболонЗасгийн газрын гишүүд оролцож баяр хүргэсэн юм.
Шударга ёс, хариуцлагын тогтолцоог төгөлдөршүүлэх, төрийн үйлчилгээг ил тод,шуурхай болгох талаар Шинэчлэлийн Засгийн газраас дэвшүүлсэн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд үлгэр жишээ ажилласныг нь үнэлэн энэ шагналыг олгож байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг тодотголоо.
Шагнал хүртсэн 19 хүний ахмад нь 60 настай, улсад 43 жил ажилласан бол залуу нь 30 настай, улсад 6 жил ажилласан албан хаагч байна.
Засгийн газрын “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнагдагсад:
1. Л.Гансүх – Ерөнхий сайдын ахлах зөвлөх;
2. Ш.Оюунчимэг – Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч;
3. Н.Буяндэлгэр – Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын засгийн газрын референт;
4. Б.Оюунцэцэг – Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын хөдөө аж ахуйн цаг уурын харуулын ажиглагч;
5. Бит Кехрер – Швейцарийн холбооны улсын иргэн, доктор;
6. Ц.Ариунсанаа – Сангийн яамны Төрийн сангийн газрын хэлтсийн дарга;
7. Ж.Баярцэцэг – Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга;
8. О.Нямхүү – Барилга хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн;
9. Л.Ганхуяг – Монгол цэргийн музейн ерөнхий нягтлан бодогч;
10. Д.Адьяасүрэн – Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн дарга;
11. Ж.Батболд – Зам, тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн;
12. С.Батцэцэг – Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн мэргэжилтэн;
13. Б.Нэргүй – уул уурхайн яамны уул уурхайн бодлогын хэлтсийн дарга;
14. У.Сауле – Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга;
15. С.Жамьянсүрэн – Хөдөлмөрийн яамны Ажиллах хүчний шилжих хөдөлгөөний хэлтсийн дарга;
16. Л.Мөнхзул – Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга;
17. Г.Батхүрэл – Эдийн засгийн хөгжлийн яамны Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлт, зохицуулалтын газрын орлогч дарга;
18. Х.Отгонбат – Эрчим хүчний яамны бичиг хэргийн эрхлэгч;
19. Д.Амар – Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Санхүү, эдийн засгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүний хөл тасрахгүй, үзэгчдэд үзэх юм их байна. Энэ нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Монголын дүрслэх урлагийн нэгдсэн холбоод хамтран “Улаанбаатар уран баримал 2014” наадмыг зохион байгуулж байгаатай холбоотой. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүсэл шивнэдэг эмээ, тэмээний эврийг буга гуйж аваад эргүүлж өгөөгүй домгоос сэдэвлэсэн баримал, уран нугараач зэрэг нийт 30 уран барималчдын бүтээл олны нүдэн дээр баригдаж байгаа. Усан оргилуурын дэргэд орон зайн урлагийн бүтээлүүд дэлгэгдэж, уран бүтээлч нь үзүүлбэр үзүүлэн, зураач нар иргэдийн зургийг зурж, одон оронч нар сарыг тольдуулан, эсгийгээр урлагийн гайхамшгийг бүтээн, ваар их хийх урлагийг бодитоор нь харуулж байна. Эдгээр урлагийн бүтээлүүдтэй үзэгчид танилцан зургаа зуруулж, хүүхдүүд баригдаж буй баримлын домгийг уран бүтээлчээс нь сонсон үлгэр домог, бусад орны баримлын хийц загвар, баригдаж буй бүтээлийн талаар гэр бүлээрээ ярилцаж байна. Хүсэл шивнэдэг эмээг сандал дээр суугаагаар урлаж байгаа бол уран нугараачийн баримал усан оргилуурын тавцанд байрлаж байгаа. Хэн нэгнээс нууцхан хүслээ хэлэх гэж байгаа бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зоринэмээгийн хажууд суугаад чихэнд нь шивнэх боломжтой. Харин хүүхдээ уран нугараач болгох гэж байгаа бол баримлын билэгдлийг нь сонсоорой. Уран барималч бүр өөр өөрсдийн онцлог, билэгдэл бүхий баримлуудыг барьж байгаа юм билээ.Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг нь хүртэл графит урлагаар чимэглэж хүн бүрийн мөрөөдлийг биелүүлэх билэгдэл бүхий үгтэй өнгө алаглуулан гоёсон нь олны харааг булааж байгаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Их Монгол улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар Улаанбаатар хотын гудамж талбайд өнгө нэмэх зорилгоор нийслэлийн хэмжээнд гэрэлтүүлгийн шонг угаах будах, нэмж байруулах, цахилгааны монтажны холболтын нүхийг тагжуулах зэрэг тохижилтын ажил өрнөж байна. Энэ ажлын хүрээнд хотын гэрэлтүүлгийн ашиглалт засвар үйлчилгээг хариуцсан компаниуд олон ажлууд хийж хэрэгжүүлсэн. Шөнийн дөлөөр харанхуй гудамжаар явсаар гэртээ ордог гэр хорооллын иргэдийн тав тухтай амьдрах орчинг бүрдүүлэх зорилгоор “Би Эм Жи Эл” ХХК СХД-ийн Бага Нарангийн 45 дугаар гудамж, “Филипс” гэрэлтүүлэг ХХК СХД-ийн 8-р хорооны нарийн гудамд шинээр гэрэлтүүлэг тавьж наадмын өмнө оршин суугчдыг нь баярлууллаа. Харин “Холбоо трейд”, “Соёндрим”,”Төгс гэрэл”компаниуд Их монголын гудамж, Чингэлтэй дүүргийн Хувьсгалчдын гудамж, Чингисийн өргөн чөлөөний гэрлийн шонг угааж, хотын гудамжинд гэрэл нэмэх өнгөөр будсан нь олны талархлыг хүлээсэн. Мөн хотын гэрэлтүүлгийг төвлөрсөн удирдлагын системд оруулах ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Шинжлэх ухааны академийн Информатикийн Хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлэх гэрээ хийсэн. Энэ гэрээний үр дүнд Чингэлтэй дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийг төвлөрсөн удирдлагад оруулах ажил хийгдэж дуусаад байна. Цаашид энэ ажил ХУД, СБД-т үе шаттайгаар хэрэгжинэ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
-Малчид, ард иргэдэд зориулсан цаг агаарын мэдээ-
Баяр наадмын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай, түр зуурын бороо орно.
Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн өмнөд, говийн нутгийн баруун хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо, төвийн нутгийн зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Дуу цахилгааны үеэр салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, говийн бүсийн зүүн хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Оройдоо хотын баруун чиглэлээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 20-22 градус дулаан байна.
Энэ сарын 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөр 11-нд төв, зүүн, говийн нутгийн зарим газраар, 12-нд нутгийн зүүн хагаст, 13-нд баруун зүгийн нутгийн баруун хэсэг, төв зүүн зүгийн нутгийн зарим газраар, 14-нд баруун зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор болон Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.13-нд нутгийн баруун хагаст, 14-нд ихэнх нутгаар өдөртөө хална.