Categories
мэдээ нийгэм

“Буянт-Ухаа 1”-ийн хоёр дахь сугалааг хойшлуулжээ

Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдсан “Буянт ухаа 1” хорооллын захиалагчийг тодруулах хоёр дахь шатны сугалааг энэ сарын 25-н буюу маргааш 15.00 цагт Спортын төв ордонд зохион байгуулахаар тов тогтоосон ч хойшлуулах шийдвэрийг гаргажээ.

Хойшлуулах шийдвэрийг ийн гаргасан нь иргэдээс ирүүлсэн санал хүсэлттэй холбоотой аж. Иргэдийн зүгээс “Зуны амралт эхэлж, хөдөө орон нутагт амарч байгаа тул  сугалаанд оролцох боломжгүй байна. Сугалааг хойшлуулж өгнө үү” гэжээ. Иймээс Төрийн орон сууцны корпориацаас иргэдийн санал хүсэлтийн харгалзан үзэж сугалааг хойшлуулах болсон байна.

Сануулахад,  “Буянт ухаа 1” хороолол нь 1764 айлын орон сууц бөгөөд энэ удаад 323 захилагчийг тодруулах сугалаа амралт дуусч, ажил жигдрэх хүртэл хойшилж байна.

М.Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм

Завхан болон Говь-Алтай аймгийн зарим сумдад хөл хорио тогтоожээ

Өнөөдрийн байдлаар Завхан аймгийн Дөрвөлжин, Говь-Алтай аймгийн Хөхморьт, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын дөрөвдүгээр багийн Нарангийн гол, нийслэлийн ХУД-ийн 13 дугаар хороонд боом өвчин гараад байна.  Боомын голомтод 21 өрх, 13528 мал байгаа бөгөөд 80 мал үхэж,  гурван хүн, 15 мал өвчилжээ. Түүнчлэн Завхан аймгийн Дөрвөлжин суманд 21 хоног, Говь-Алтай аймгийн Хөхморьт, ХУД-ийн 13 дугаар хороонд тус бүр 14 хоногийн хорио цээр тогтоогоод байгаа аж.

Мөн Булган аймгийн Хишиг-Өндөр суманд боомоор өвчилсөн гэх сэжигтэй хоёр хүнийг хэвтүүлэн эмчилж байгаа бөгөөд тус сумын Засаг даргын захирамжаар хорио цээр тогтоон, вакцинжуулалт хийж, зургаан адуу, нэг үхрийн сэг зэмийг устган ариутгал, халдваргүйжүүлэлт хийжээ. Үүний зэрэгцээ холбогдох газруудаас боом өвчнөөс урьдчилан сэргийлэх сурталчилгаа, зөвлөмжийг нутгийн иргэд болон хил залгаа сумдад тарааж, голомтын ойролцоох найман өрхийн 2518 малд үзлэг, тандалт хийсэн байна.

М.Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм

Тарвагачлах зорилгоор хил зөрчсөн иргэдийг саатууллаа

Ойрын өдрүүдэд Увс аймаг дахь Хилийн 0245 дугаар ангийн хариуцсан хэсгээр ОХУ-ын талаас ан хийх, тарвагачлах зорилгоор улсын хил зөрчсөн хоёр иргэнийг хилчид саатуулж, Хилийн төлөөлөгчийн туслагчийн хэмжээний уулзалтаар хүлээлгэн өглөө. Мөн Өмнөговь аймаг дахь Хилийн 0166 дугаар ангийн хариуцсан хэсэгт хилийн бүс зурваст нэвтрэх зөвшөөрөлгүй явж байсан хоёр машин, дөрвөн мотоцикль уналгатай Монгол Улсын 19 иргэн, Баян-Өлгий аймаг дахь Хилийн 0165 дугаар ангийн хариуцсан хэсэгт үйл ажиллагаа явуулж байсан нэг аж ахуйн нэгж байгууллагыг хилчид илрүүлэн Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу шийдвэрлэжээ. Өнгөрсөн баяр наадмын өдрүүдэд малчид малаа хариулгагүй орхисноос Баян-Өлгий, Дорнод, Увс аймгууд дахь хилийн отрядуудын хариуцсан хэсгээр нийт долоон удаагийн 144 толгой мал улсын хилд тулсныг хилчид илрүүлж эздэд нь хүлээлгэж өгөөд байна.

М.Ууган

Categories
мэдээ нийгэм

Ухаалаг утас тэнэг хүмүүсийн эринд бид амьдарч байна

Техник технологийн үсрэнгүй хөгжил бидний амьдралын хэв маягийг орвонгоор нь өөрчилж байна. Өнөөдөр гадаа тоглох нэг ч хүүхэд алга болж. Бүгд гэртээ фейсбүүкт орж, цахим тоглоом тоглоно. Гудамжинд алхах хүн бүр чихэвч зүүчихээд орчин тойронд нь өрнөх үйл явдлаас таслагдана. Хэн нэгэнтэй чин сэтгэлээсээ ярилцахын оронд чатлахыг илүүд үзэх болж. Энэ нь чухамдаа ямар хор уршигтай болохыг та энэ бичлэгээс үзнэ үү. 

Categories
мэдээ нийгэм

iPhone 6 гар утас ирэх есдүгээр сард худалдаанд гарна

    iPhone 6 гар утас ирэх есдүгээр сарын дундуур худалдаанд гарахаар болж, зарим борлуулагч захиалга авч эхэллээ.  “Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Күкийн ярьснаар iPhone 6 гар утас iOS 8 үйлдлийн системээр ажилладаг байх юм. Шинэ загвар нь 4,3-5 инч буюу өмнөх хувилбаруудаас том хэмжээтэй ажээ. Инженерүүд өмнө нь гар утасны хурд, нимгэн байдал, хүчин чадал зэрэгт анхаарч байсан бол энэ удаа батерейны чанарыг чухалчилж үзжээ. Мөн Wifi сүлжээнд хурдан нэвтрэх юм байна. 

М.Ууган



Categories
мэдээ нийгэм

Оюутан цэргүүд албаа амжилттай хааж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Оюутан цэрэг” хөтөлбөрийн эхний ээлжинд хамрагдаж, “Цэргийн ерөнхий бэлтгэл” хичээлээр онолын мэдлэгээ эзэмшин шалгалт өгч, эрүүл мэндийн үзлэгт орж тэнцсэн нийслэлийн есөн дүүргийн 42 их дээд сургуулийн нэгдүгээр дамжааны 418 оюутан-цэрэг “Цэргийн тусгай бэлтгэл” сургалтанд хамрагдаж байна. Тэд 2014 оны 6 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хоёр сарын хугацаанд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн сургалтын төвд байрлаж 560 цагийн есөн төрлийн хичээлийг судалж байгаа юм. Тухайлбал, тазтик, цэргийн дүрэм, биеийн тамир, жагсаал, холбооны бэлтгэл, инженерийн бэлтгэл, үй олноос хамгаалах зэвсгийн бэлтгэл, амьд гарах арга ухаан, галын бэлтгэл зэрэг хичээлүүдийг мэргэжлийн багш сургагч нарын тусламжтайгаар судалж, хичээллэж байна.

“Оюутан-цэрэг” сургалтын төвийн даргаар Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн захирагч Д.Энхбаатар, “Оюутан-цэрэг” сургалтын төвийн штабын даргаар дэд хурандаа С.Жаргалсайна нар ажиллаж байна. 

М.Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм

Боом өвчинөөр дахин гурван хүн өвчлөв

Шадар сайд Д.Тэрбишдагва тэргүүтэй холбогдох албаныхан өчигдөр боом өвчний тархалтын талаарх мэдээллийг өчигдар хийсэн билээ. Одоогийн байдлаар Завхан, Говь-Алтай, Булган аймгууд болон нийслэлийн ХУД-ийн 13-р хороонд тус өвчин газар аваад байгаа аж. Уг өвчний голомт дээр 21 айл, 13528 мал байсан ба 80 гаруй мал үхэж гурван хүн өвчлөв. Өвчин тархсан газруудаар 14 хоногын турш хорио тогтоогоод байгаа ажээ. Хил хязгаар тогтоосон газруудад хяналтаа сайжруулж ажиллахыг МХЕГ-ын дарга Д.Батмөнх болон ОБЕГ дарга  Т.Дуламдорж нарт Шадар сайд Д.Тэрбишдагва даалгалаа. 

С.Энэрэл

Categories
мэдээ нийгэм

Осол гарсан барилгын ажлыг зогсоожээ

Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороонд Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны захиалгаар баригдаж буй Цахим архивын барилгын 14-дугаар давхраас гурван хүн унаж амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрөгч бямба гаригт гарсан билээ. Барилгын ерөнхий гүйцэтгэгчээр “Нийслэл өргөө” компани, туслан гүйцэтгэгчээр “Тэгшрэх” компанийнхан ажиллаж байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчдын шалгалтаар тус барилгын ажилчид хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын дүрмийг мөрдөн ажиллагүй болох нь тогтоогдсон байна. Тодруулбал өндөрт ажиллаж байсан хэрнээ хамгаалалтын бэхэлгээ хэрэглээгүй байжээ. Үүнээс гадна цас бороотой үед барилгын угсралт хийхийг хориглосон заалтыг зөрчин ажиллаж байжээ. 

Одоогоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд шалгалт дуустал барилгын үйл ажиллагааг бүрэн зогсоожээ. 

М.Эрдэнэ 

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр энэ газруудад цахилгаан түр хязгаарлана

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас урсгал засварын ажил хийж байгаа шалтгаанаар нийслэлийн хэрэглэгчдийн цахилгааныг хэсэгчлэн хязгаарлаж байгаа. Тус ажлын хүрээнд өнөөдөр дараах газруудад  цахилгааны түр хязгаарлалт үргэлжилнэ.

Сүхбаатар дүүрэг

10.00-18.00 цагт: 6-р хороо 2, 8, 15, 15Б, 29, 34, 34Б, 36, 42Б, 47-р байр, МУИС, Этүгэн ДС, Монголын оюутны холбоо, Магм од, Сэлэнгэ пресс, Ин клуб, Чиэйби, Мако, SPC ХХК-иуд, Идэр цогцолбор орчмын хэрэглэгчид;

Баянгол дүүрэг

12.00-16.00 цагт: 17-р хороо 4-р хороолол Эрүүл мэндийн 7-р төв, Төрийн өмчийн 8-р байр, Нийгмийн даатгалын хэлтэс, Зээ морин хуурын ДС орчмын хэрэглэгчид;

Сонгинохайрхан дүүрэг

10.00-18.00 цагт: 1, 22-р хороо Баянголын хөндий, Хилчиний 97-108-р гудамж орчимд

10.30-18.00 цагт: 13, 14, 15, 17, 20-р хороо 8, 9, 14, 15, 16, 17, 18, 38, 40-р байрууд, 106-р цэцэрлэг, 36-р сургууль, Цамбагарав үйлчилгээний төв, Төмөрт транс, Петровис ШТС-1, ИЭК Монгол ХХК тэр орчмын хэрэглэгчид;

Налайх дүүрэг

10:00-17:00 цагт: 3-р хороо Дэнж, Бадралын гудамж;

Төв аймаг

08.30-17.00 цагт: Баянхангай, Аргалант, Лүн сумдын бүх хэрэглэгч , Батсүх үнээний ферм, Ногоон хэрэм, Мөнх их мандал, Даргиатын ам, Авдар-Орд, Мод үржүүлэг орчмын бүх хэрэглэгчид

10.00-13.00 цагт: Батсүмбэр сум Баянгол зуслангийн хэрэглэгчид

14.00-18.00 цагт: Батсүмбэр сум Жуулчны бааз.

М.Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм

“Буянт-Ухаа 1” хорооллын хоёрдахь сугалаа маргааш явагдана

“Буянт-Ухаа 1” хорооллын  хоёр дахь удаагийн сугалаа маргааш буюу энэ сарын 25-ны өдөр Спортын төв ордонд болно. 

Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдсан “Буянт-Ухаа 1” хороолол нь 1764 айлын орон сууц бөгөөд энэхүү орон сууцны захиалагчийг олон нийт ил тод тодруулах үүднээс МҮОНТВ-ийн хоёрдугаар сувгаар шууд дамжуулан байрны азтанг тодруулах сугалааг өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулсан. Сугалаагаар нийт 1540 азтан тодорч, орон сууц захиалах эрхтэй болсон бөгөөд өнөөдрийн байдлаар нийт эрх бүхий азтануудын 1217 иргэн  “Буянт-Ухаа 1” хорооллын захиалгын журмын дагуу орон сууцны урьдчилгаа 30 хувийн төлбөрийг төлөн захиалгын гэрээг байгуулаад байна. 

Журамд заасан хугацаанд урьдчилгаа төлбөрөө төлж, гэрээ байгуулаагүй иргэдийн эрхийг цуцлаж дараагийн иргэдэд боломж олгох үүднээс хоёр дахь шатны сугалааг зохион байгуулахаар болсон байна. Хоёр дахь шатны сугалаа нь нийт 323 орон сууцны эрхийг олгох сугалаа бөгөөд өмнө нь сугалаанд оролцсон боловч орон сууцны эрхийн азтан болоогүй төрийн албан хаагчид, залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд явагдана. 

 М.Эрдэнэ