Categories
мэдээ нийгэм

Аймгуудын наадамд хэн, хэн түрүүлэв?

Өнгөрөгч амралтын өдрөөр Ховд, Хөвсгөл, Дорнод, Өмнөговь аймгийн наадам боллоо. Дорнод аймгийн баяр наадамд 256 бөх барилдаж Дашбалбар сумын харьяат аймгийн начин Д.Анар найм даван түрүүлж аймгийн арслан цолны болзол хангажээ. Өмнөговьд мөн л 256 хүчтэн зодоглоход Архангай аймгийн харьяат П.Баярхүү, нутгийн бөх Л.Отгонбаяр нар түрүү, үзүүр булаалдлаа. Аймгийн начин П.Баярхүү суйлах мэхээр Л.Отгонбаярыг давж аймгийн арслан болов. Өмнөговьд улсын гарьд Б.Гончигдамба, Д.Рагчаа нар зодоглосон бөгөөд шөвгийн дөрөвт унажээ. Гарьд Б.Гончигдамбын тухайд тэрээр наадмын дараагийн долоо хоногт Төв аймгийн Батсүмбэр сум байгуулагдсаны түүхт 90 жилийн ойд зодоглон түрүүлсэн. Хөвсгөлийн наадамд улсын арслан Б.Мөнхбаатар, харцага Ц.Содномдорж нар зодоглосон ч шөвгийн наймд өвдөг шороодлоо. Их шөвөгт аймгийн арслан Б.Ганхуяг, аймгийн заан Н.Баттүвшин, аймгийн начин Б.Даваа-Очир, Ховд аймгийн начин Д.Ууганбаяр нар үлджээ. Ингээд Цагаан-Үүр сумын харьяат аймгийн заан Н.Баттүвшин түрүүлж, аймгийн арслан Б.Ганхуяг үзүүрлэв.

С.АЛТАН

Categories
мэдээ нийгэм

Дорнодын замын ажилтай танилцлаа

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дорнод аймагт ажиллаад иржээ. Тус аймагт 2009 онд ажил нь эхэлсэн боловч өнөөдрийг хүртэл бүрэн ашиглалтад оролгүй таван жилийн турш сунжирсан Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 288 км замын бүтээн байгуулалтын ажилтай танилцах зорилгоор тэрбээр тус аймгийг зорьсон юм. Тус замд Шинэчлэлийн Засгийн газар гүйцэтгэгч компаниуд нэмж оруулан ажиллуулсан ажиллуулахаар болсон билээ. 

Энэ замд гүйцэтгэгч таван компани тус бүр 10-143 км зам хариуцан ажиллаж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажил нийт дүнгээрээ 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Дорнодын замын 145 км нь ирэх есдүгээр сард ашиглалтад орно гэж холбогдох албаныхан Засгийн газрын тэргүүнд танилцуулсан байна. 

Categories
мэдээ нийгэм

Хар талхны үйлдвэрт шалгалт хийжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өгсөн удирдамжийн дагуу Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг хар талхны үйлдвэрт хяналт шалгалт хийжээ. Шалгалтанд гурван аж ахуйн нэгж хамрагдсанаас иргэн Э.Булгансүрэнгийн үйл ажиллагаа явуулж буй ажлын байр нь  нэг өрөөтэй засвар хийгдээгүй,  хана, хаалга, тааз нь угааж ариутгахад тохиромжгүй материалаар хийгдсэн,технологийн урсгал буруу зэрэг зөрчил илэрчээ. Илэрсэн зөрчилтэй холбогдуулан хугацаатай албан шаардлага өгч ажлын байрыг эрүүл ахуйн шаардлага хангасан байранд явуулах зөвлөгөө өгсөн байна. Харин хоёр аж ахуйн нэгжийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээс дээж авч,  хими, нян судлалын лабораторит шинжилгээнд өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Amjilt.com сайтын сэтгүүлчид эсэргүүцлээ илэрхийллээ

Amjilt.com сайтыг энэ сарын 4-ны өдөр бусдын нэр хүндэд халдсан хэмээн Харилцаа холбооны зохицуулах хорооноос хааснаас хойш 21 хонож байгаа.

Төрийн алба хашиж байгаа хүн эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж хэвлэлийн эрх чөлөөнд халдаж байгаа хэмээн үзсэн Amjilt.com сайтын хамт олон  өнгөрсөн баасан гаригт Харилцаа холбооны зохицуулах хорооны үүдэнд эсэргүүцлээ илэрхийллээ. Тэд “Б.Балгансүрэн даргаа Хуулиа биелүүлж бидэнд шудрага ёсыг өгөөч” гэсэн утга бүхий уриа лоозонг барьжээ. Сайтын ажилчид  “Amjilt.com-ын үйл ажиллагаа хэвийн явагдах хүртэл  өглөө бүр Харилцаа холбооны зохицуулах хорооны үүдэнд эсэргүүцлээ илэрхийлнэ” гэдгээ мэдэгдсэн байна. 

Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ-аас сургалтын төлбөрөө нэмсэн сургуулиудыг шалгана

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас иргэдийн гомдлын дагуу сургалтын төлбөрөө нэмэгдүүлж буй лицей болон их, дээд сургуулиудад шалгалт хийхээр болжээ.

Шударга  өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хэлтсийн дарга Л.Ган-Өлзий нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө “Хуулийн дагуу бол сургуулиудад Удирдах зөвлөл гэж байдаг. Тэрхүү удирдах зөвлөл сургалтын төлбөрийг нэмэх шаардлагатай, үгүй эсэхийг хянан хэлэлцээд шийдвэрээ гаргасан байх ёстой. Удирдах зөвлөлөөс гарсан шийдвэрийг үндэслэж тухайн сургуулийн захирал төлбөрөө тогтоодог. Хуулийн дагуу энэхүү шийдвэрээ гаргаж үү, үгүй юу гэдэгт нь хяналт тавьж байгаа” гэжээ.

ШӨХТГ-аас сургуулиудын төлбөрөө нэмэх үндэслэлийг шалгасны дараа нэмэх эсэхээ шийдвэрлэх учиртай гэж албаны хүн мэдэгджээ. 

Categories
мэдээ нийгэм

Хүний хөгжлийн түвшнээр Монгол 103-т орлоо

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс дэлхийн улс орнуудын “Хүний хөгжлийн индекс”-ийг (Human Development Report 2014) шинэчлэн гаргалаа. Шинэ индексээр дэлхийн хамгийн хөгжилтэй орноор Норвеги шалгарч, Австрали, Швейцар, Нидерланд, Америк улсууд удаалсан байна. Энэ жилийн судалгаанд нийт 187 орон хамрагдсанаас Монгол улс 103 дугаар байрт, Хүний хөгжлийн түвшин дундаж орны тоонд багтжээ. ОХУ 57, Хятад 91 дүгээр байр эзэлж, Хүний хөгжлийн түвшин өндөр орны жагсаалтанд оржээ.

Энэ жилийн илтгэлийг Японы Токио хотод танилцуулсан байна. Илтгэл “Өртөмтгий байдлыг бууруулж, уян хатан чанарыг бий болгох хүний үйл ажиллагааг дэмжих” гэсэн сэдвийн хүрээнд тавигдсан юм.

Дэлхий дээр 1.25 доллараас бага орлоготой 1.2 тэрбум хүн амьдарч, ядуурлын хэмжээ улам л нэмэгдсээр байгаа аж. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн ядуурлын олон талт индексээр 91 хөгжиж буй оронд 1,5 сая хүн эрүүл мэнд, боловсрол, амьдралын стандартын давхацсан ядууралтай нөхцөлд амьдарч байгаа гэж мэдэгдсэн байна. Мөн 800-аад сая хүн ядуурлын ирмэг дээр амьдарч байгаа аж.

Хүний хөгжлийн индекс гэдэг нь тухайн орны хүний хөгжлийн түвшинг харуулдаг бөгөөд энэ нь амьдралын түвшин, чанартай салшгүй холбоотой. Индексийг

1.    Хүн амын эрүүл мэнд, урт наслалт

2.    Боловсрол эзэмших боломж, насанд хүрсэн хүн амын бичиг үсэг тайлагдсан байдал

3.    Нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдхүүний хэмжээ гэсэн гурван үзүүлэлтээр хэмжин гаргадаг.

Үзүүлэлт тус бүрт 0-1 оноо өгч, улс орнуудыг

1.    Маш өндөр хүний хөгжилтэй орон

2.    Хүний хөгжлийн түвшин өндөр орон

3.    Хүний хөгжлийн түвшин дундаж орон

4.    Хүний хөгжлийн түвшин бага орон гэж дөрөв ангилдаг.

Categories
мэдээ нийгэм

Дуу цахилгаантай, бороотой өдрүүд айсуй

28-нд зарим газраар, 29-30-нд ихэнх нутгаар, 31-нд баруун болон төв, говийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 29-нд баруун зүгийн нутгаар, 30-нд зарим газраар, 31-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус, говь талын нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 34-39 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна гэж  Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Даваа гаригт цахилгаан тасрах хуваарь

Баянзүрх дүүрэг

10.30-17.00 цагт: 20-р хороо Туулын 1-9-р гудамж, Хуандайн амны хэрэглэгчид;

Сүхбаатар дүүрэг

10.00-18.00 цагт: 8-р хороо 49-р байр, MSICC, Түрэлт, Сэд дэвжих, Тунгалаг эрдэнэ ХХК-иуд, Мэдээлэл технологийн үндэсний парк, Усан спорт сургалтын төв, 25-р сургууль, Нийслэлийн хүүхэд залуучуудын хөгжлийн газар орчмоор;

Чингэлтэй дүүрэг

10.00-18.00 цагт: 17, 18-р хороо Яргайтын 21, 22, 33, Сурагчийн 69, 70, 80-86-р гудамж, Дэлхийн зөн Хайлааст ОНХХ, 37-р сургууль, Элбэг дулаан, Чингэлтэй АЗ ХХК-иуд болон тэр орчмын хэрэглэгчид;

Хан-Уул дүүрэг

10.30-18.00 цагт: 1, 2, 3-р хороо АШ-27, 26, 25, Шарав-20, Ч.Ө.Ч-12а.в, 42а, 25,120, 51, 52, Нэхмэлийн 1-20 байр, 16, Осиб 35, 10-14-р байрууд, НВЦ, Ноублпропертис ХХК, Цог ДС, Эрчим корпораци, 27-р цэцэрлэг, Замын хөдөлгөөн удирдлагын төв орчмын хэрэглэгчид

11.00-13.30 цагт: 1, 2, 3-р хороо Сэлбэ плаза, Тэрмэстий ББН, 75-р сургууль, Живэртийн оргил, Зочин бууз, Түшээ дунд гол өргөө, Хүрэл бүрд ХХК, тэр орчмоор;

Сонгинохайрхан дүүрэг

10.00-18.00 цагт: 3, 4, 26-р хороо БН-50, Алтан овоо 1-10, ИН-9, МТЗ-9-р гудамж, Мандал овооны 13-р гудамж орчмын хэрэглэгчид;

Налайх дүүрэг

10:00-17:00 цагт: 3-р хороо Дэнж, Бадралын гудамж.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл амьдрахын тулд хүн бүр амьдралдаа заавал хэвшүүлбэл зохих 21 дадал

Эрүүл мэндийн салбарын эрчимтэй шинэчлэлийн хүрээнд “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг  орон даяар зохион байгуулах тухай Эрүүл мэндийн сайдын тушаал гарч 21 аймгийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн 9 дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, сум, өрхийн эрүүл мэндийн төв, тосгон, сум дундын эмнэлгүүд болон харьяа байгууллагуудад хэрэгжиж байна.

Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй халдварт бус өвчнөөс шалтгаалсан өвчлөл, нас баралт, тэдгээрт нөлөөлж байгаа хувь хүний зан үйлтэй холбоотой эрсдэлт хүчин зүйлийн тархалт их байгаа ажээ. Тухайлбал, Монгол Улсын хүн амын 3 хүний 1 нь зүрх судасны тогтолцооны өвчин, 3500 гаруй хүн хорт хавдраар, 5 хүний нэг нь гэмтэл, хордлого, гадны шалтгааны улмаас нас барж байна.

Түүнчлэн 4 хүн тутмын 1 нь хөдөлгөөний хомсдолтой, хүн амын 54.4 хувь нь илүүдэл жин, таргалалттай, тамхины хэрэглээ 27.1 хувь, архины хэрэглээ 36.3 хувь, архи хэтрүүлэн хэрэглэгчид 10.3 хувь болж нэмэгдсэн гэсэн судалгааг Эрүүл мэндийн яамнаас гаргажээ.

Иймд ард, иргэд амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй дээрх өвчлөлөөс сэргийлэхийн тулд доорх 21 дадлыг амьдралдаа заавал хэвшүүлбэл зохино.

ЗААВАЛ  ХЭВШҮҮЛЭХ 21 ДАДАЛ

1.    Идэвхтэй хөдөлгөөн, алхалт, дасгал нь эрүүл мэндээ хайрладаг хүн бүрийн эзэмшвэл зохих дадал мөн.

2.    Зохистой, зөв хооллолт нь эрүүл, саруул, урт удаан наслахыг эрмэлздэг хүн бүрийн эрхэмлэн хэрэгжүүлэх дадал мөн.

3.    Уур, бухимдлаа зөв удирдаж, сэтгэл санаагаа амар, амгалан байлгаж сурах нь эрүүл, энх амьдрах эрхэм дадал мөн.

4.    Тамхинаас татгалзаж, өөрийгөө болоод бусдыгаа хорт утаагаар хордуулахгүй байх нь өөртөө болоод гэр бүлдээ хайртай хүн бүрийн хэвшүүлбэл зохих дадал мөн.

5.    Архины хэт хэрэглээ, түүний хор хөнөөлөөс сэргийлэх нь эрүүл мэнд, ирээдүйдээ хайртай хүн бүрийн эзэмшвэл зохих дадал мөн.

6.    Ундны усны хүртээмж, чанар, аюулгүй байдлыг хянаж, цэвэр, сайн ус уух нь айл бүрийн өдөр тутмын амьдралд заавал хэвшүүлэх дадал мөн.

7.    Гэрийн доторх болон амьдарч байгаа орчныхоо ариун цэврийг сахих нь айл бүрийн хэвшүүлбэл зохих дадал мөн.

8.    Эрүүл үедээ жирэмсэлж, жирэмсэн үедээ эрүүл байж, эрүүл хүүхэд төрүүлэх нь айл бүрийн амин чухал дадал мөн.

9.    Эрчүүдээ хайрлаж, тэдний эрүүл мэндийн эрсдлийг бууруулах нь та бидний амьдралдаа нэн даруй хэвшүүлбэл зохих дадал мөн.

10.Нялхас, бага, балчир хүүхдээ эрүүл, чийрэг өсгөн торниулах мэдлэг, хандлагатай байх нь эцэг, эх бүрийн эзэмшвэл зохих дадал мөн.

11.Охид, хөвгүүдээ хайрлан, халамжилж, тэднийг өөртөө итгэлтэй, бусдын хүчирхийлэл, нөлөөнд автахгүй болгон төлөвшүүлэхэд хүчин чармайлт гаргадаг байх нь эцэг, эхэд зайлшгүй байх дадал мөн.

12.Сэтгэл хангалуун, урт, удаан наслах нь хүн бүрийн хүсэлд нийцсэн дадал мөн.

13.Өөрийнхөө цусны даралтаа хянаж чаддаг, ихэдсэн үед нь цаг алдалгүй арга хэмжээ авч сурах нь хүн бүрийн хэвшүүлбэл зохих дадал мөн.

14.Телевиз, гар утас, компьютер зэрэг хэрэгслийг хэт их хэрэглэснээс үүсэх ”Дэлгэцийн донтолт”-оос үр хүүхдээ хамгаалах нь та бидний хойшлуулшгүй хэвшүүлэх дадал мөн.

15.Осол, гэмтлээс сэргийлж, хөдөлмөрийн чадвараа алдах, хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдлийг бууруулах нь хүн бүрийн хэвшүүлбэл зохих дадал мөн.

16.Эрүүл мэндийн мэдээлэл авах, мэдлэгтэй болох, амьдралын буруу хэвшлээ өөрчлөх хүсэл зоригтой болох, өвчин эмгэг илэрвэл эмнэлэгт эрт хандаж сурах нь хүн бүрийн эзэмшвэл зохих дадал мөн.

17.Эм бол хоол биш. Эмийг зөвхөн эмчийн заавраар, эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэж сурах нь хүн бүрийн зайлшгүй хэвшүүлэх дадал мөн.

18.Халдварт өвчнөөс сэргийлэх тарилгад хамрагдаж, халдварт өвчнөөс өөрсдийгөө болоод үр хүүхдээ хамгаалах нь та бидний заавал хэвшүүлэх дадал мөн.

19. Өөртөө болоод гэр бүлийнхээ гишүүнд эмнэлгийн тусламж иртэл, эрүүл мэндийн анхан шатны тусламжийг хүн бүр үзүүлж чаддаг байх нь амин чухал дадал мөн.

20.Ахуйн болон орчны гаралтай химийн хордлогоос хамгаалах нь хүн бүрийн хэвшүүлбэл зохих дадал мөн.

21.Иргэн та зөвхөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг идэвхгүй хүлээн авагч биш, эрүүл мэндийнхээ төлөө өөрийхөө хийж чадах зүйлийг хийдэг, эрүүл мэндийхээ төлөө бусдаар хэрэгтэй зүйлийг хийлгэж чаддаг нийгмийн идэвхтэй гишүүн байх нь таны зайлшгүй эзэмших ёстой дадал мөн.  

                                                                                              Эрүүл мэндийн довтолгоо

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь хатгалгаа өвчнөөр нас барах эрсдэлийг 15 хувиар бууруулж чаддаг

Дэлхий даяар жил бүрийн 8 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих долоо хоногийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.  ЭМЯ-ны ээлжит цахим хурлаар энэ судвийг хөндсөн байна.  Энэ жил энэ өдрийг “Эхийн сүүгээр хооллолт ба амьдрал тэтгэх алтан боломж” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. 

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтэн С.Ганзориг, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн В.Сүрэнчимэг нар Монгол улсын хэмжээнд хүүхдийг эхийн сүүгээр хооллолтын статистик үзүүлэлт болон хүүхдийн нас баралтыг бууруулахад эхийн сүүгээр хооллохын ач холбогдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.  

Хүүхдийг төрсний дараа 24 цагийн дотор эхийн сүүг амлуулах нь хүүхдийн эндэгдлийг 22 хувиар бууруулдаг байна. Мөн дан эхийн сүүгээр хооллолт нь хатгалгаа өвчнөөр өвдөх тохиолдлыг 23 хувиар, суулгалт өвчнөөр өвдөх эрсдлийг 10.5 дахин, хатгалгаа өвчнөөр нас барах эрсдэлийг 15.1 дахин бууруулдаг ажээ. 

Үүний зэрэгцээ 6 – 23 сар хүртлээ үргэлжлүүлэн эхийн сүүгээр хооллолсон хүүхэд суулгалт өвчнөөр нас барах эрсдэл 2,8 дахин бага, эхийн сүүгээр хооллоогүй 6-11 сартай хүүхдийн бүх шалтгаант нас барах магадлал хүүхэд 56 , 12-23 сартай хүүхдийн 23 хувиар тус тус өсдөг байна. 

Манай улсын хувьд сүүлийн хоёр жилд төрсөн хүүхдийн 98.3% нь ямар нэгэн хэмжээгээр эхийн сүүгээр хооллосон байдаг байна. Гэсэн хэдийн боловч хатгалгаа, суулгалтаар эндэх хүүхдийн тоо төдийлөн ахицтай буурахгүй байгаа учир хүүхдийг эхийн сүүгээр хооллоход анхаарлаа хандуулах шаардлагатай байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байлаа.