Categories
мэдээ нийгэм

Англи улс 2030 он гэхэд эрчим хүчний салбараа нүүрстөрөгчөөс бүрэн ангижруулах зорилт тавьжээ DNN.mn

Их Британи улсын Ноттингемшир дэх хамгийн сүүлчийн нүүрсний цахилгаан станц болох Рэтклифф 9 дүгээр сарын 30-ны өдөр хаагдаж, 142 жилийн турш цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхийн тулд нүүрс шатааж байсан үе дуусгавар болгож байгаа аж.

Англи улсын нүүрсний эрчим хүчийг үе шаттайгаар зогсоож байгаа үйл явдал нь олон улсын хэмжээнд чухал ач холбогдолтой юм. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг өгсөн амлалтаа биелүүлсэн G7-ын анхны гишүүн юм. Рэтклифф станц 1882 оноос 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр буюу хаагдах хүртэл Их Британийн нүүрсний үйлдвэрүүд 4,6 тэрбум тонн нүүрс шатааж, 10,4 тэрбум тонн нүүрстөрөгчийн давхар исэл (CO2) ялгаруулжээ. Их Британи нүүрсний эрчим хүчийг түр зогсоох нь нүүрсний нийт эрэлтийг 1600-аад оноос хойш байгаагүй түвшинд бууруулах юм.

Станцыг үе шаттайгаар зогсооход, дөрвөн үндсэн элемент дээр суурилсан аж.
Нэгдүгээрт, өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангах, түүнийг даван туулахад хангалттай цахилгаан эрчим хүчний өөр эх үүсвэр бий болгох.
Хоёрдугаарт, нүүрс ашиглалтаас өөр шинэ хувилбарын станцыг барьж дуусгах.
Гуравдугаарт, агаарын бохирдол, нүүрстөрөгчийн давхар исэл (CO2) зэрэг гадаад хүчин зүйлийн үнийг тогтоох нь эдийн засгийн хэмжүүрүүдийг ч өөр хувилбаруудад үндэслэн судалсан.
Дөрөвдүгээрт, Засгийн газар 10 жилийн өмнө тодорхой үе шаттайгаар зогсоох хугацааг тогтоож, эрчим хүчний салбарт хариу арга хэмжээ авч, урьдчилан төлөвлөх цаг хугацааг тогтоож өгсөн.

2008 оны 10 дугаар сард Англи улс Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг баталсан бөгөөд 2019 онд хүлэмжийн хийн ялгарлыг “цэвэр-тэг” болгох зорилтыг хуульчилж,  1990 оны түвшнээс 60%-иар, дараа нь 80% хүртэл бууруулахаар зорьжээ.

Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ 2013 онд ойролцоогоор 50 ТВт цагийн хүчин чадалтай байсан бол 2018 онд 110 ТВт цаг болж, таван жилийн дотор хоёр дахин нэмэгджээ. Мөн сэргээгдэх эрчим хүчийг 2024 оны эхэн үеэс 150 ТВт/цагаас илүү эрчим хүч үйлдвэрлэлд хүргэхээр ажиллаж байгаа юм.
Тус улсын туршлага, авч хэрэгжүүлсэн арга хэмжээнээс харахад нүүрсний хэрэглээг богино хугацаанд зогсоох боломжтой бөгөөд үүнийг олон улсын хэмжээнд хэрэгжүүлэх боломжтой юм гэж судлаачид үзжээ.

Англи улс 2030 он гэхэд эрчим хүчний салбараа нүүрстөрөгчөөс бүрэн ангижруулж, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралыг бүрэн зогсоох зорилтыг тавин ажиллаж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд олон хүндрэл бэрхшээл, ололт амжилттай нүүр тулаад байгаа талаар дурджээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Агаарын бохирдол ихтэй үед N95 шүүлтүүртэй амны хаалт зүүхийг зөвлөлөө DNN.mn

Хүйтний улирал эхлэхтэй зэрэгцэн ханиад томуунаас салдаггүй цаг ирж байна. Иймд хавирга жиндүүлсэн хүйтэн өдрүүдэд агаарын бохирдол болон ханиад томуунаас урьдчилан сэргийлэх хамгийн зөв алхам бол амны хаалт зүүх юм.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын зөвлөснөөр N95 бүхий тэмдэглэгээтэй шүүлтүүртэй маскын 2.5 микрон болон түүнээс дээш хэмжээтэй бодисыг шүүх чадвар нь 95 хувь байдаг аж. Иймд агаарын бохирдол их, ханиад томууны дэгдэлтийн үед энэхүү маскыг зүүж эрсдлээс өөрийгөө болон өрөөл бусдыг эрсдлээс хамгаалаарай.

 

Categories
мэдээ нийгэм

Ойн гал түймэрт 0.25 га талбай өртжээ DNN.mn

Булган аймаг, Сэлэнгэ сум, Сэлэнгэбүрэн багийн “Сайрын-Ам” гэдэг газарт ой, хээрийн гал түймэр гарсан гэсэн дуудлагыг аравдугаар сарын 2-ны өдрийн 14:05 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сум дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид, сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 16:50 цагт цурамд оруулсан.

Түймрийн голомтод салхи 5-10 м/с, мод, ургамал, унанги ихтэй байгаа тул цэвэрлэгээ хийж, бүрэн унтрахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 0.25 га талбай өртөж шатсан.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Бямба гаригаас ихэнх нутгаар сэрүүснэ DNN.mn

Маргааш буюу баасан гарагт баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, бямба гарагт төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр их хэмжээний нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилжээ DNN.mn

Олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол улсын иргэн “Ч”-г энэ оны 10 дугаар сарын 01-ний өдөр Инчеон–Улаанбаатар чиглэлийн нислэгээр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын хилээр нэвтрэх үед нь баривчиллаа.

Уг этгээд нь 2024 оны 03 дугаар сард мансууруулах бодисыг хууль бусаар олж авч, биедээ хадгалсан гэмт хэрэгт шалгагдаж байхдаа гадаад улс руу оргон зайлсан байсныг баривчилж шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгааг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Худгийн гудамжнаас “Хангай” хотхон хүртэлх авто замыг маргааш 06:00 цагт нээнэ DNN.mn

Худгийн гудамжнаас “Хангай” хотхон хүртэлх 600 метр замыг шинэчилж буй. Тодруулбал, авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 1-ний 22:00 цагаас хаасан бөгөөд маргааш буюу аравдугаар сарын 4-ний 06:00 цагт нээхээр ажиллаж байна.

Зам засварын ажлын хүрээнд авто замыг асфальт бетоноор хучиж, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, шинээр ус зайлуулах шугам сүлжээ суурилуулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэж буй юм.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг зарлалаа DNN.mn

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг товлосон хугацаандаа буюу өнөөдөр зарлалаа. Хамгийн сүүлд метро барих төслийн ажлын хэсгийн хуралдаан есдүгээр сарын 30-нд болж, метроны техникийн тодорхойлолтыг баталж, Тендерийн үнэлгээний хороо руу шилжүүлээд байсан юм. Харин их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн зөвлөх үйлчилгээг БНСУ-ын Сөүл хотын метрог барьсан “Духуа инженеринг” компани үзүүлж байгаа билээ.

Улаанбаатар метроны шугам ойролцоогоор 17.7км урттай. Толгойтоос Амгалан хүртэл үргэлжлэх бөгөөд нийт аяллын хугацаа 27 минут байна. Өргөгдсөн болон газар доорх 14 өртөө зогсоолтой. Зогсоол хоорондын зай 1.3 км. Зорчигч тээвэрлэх чадвар оргил ачааллын үед нэг цагт нэг чигт 17 мянгаас 26 мянган хүн тээвэрлэнэ. Мөн ил, далд инженерийн байгууламжууд хийж, метроны 14 өртөө зогсоолыг худалдаа, үйлчилгээний цэг байдлаар хөгжүүлэхээр төлөвлөжээ. Метроны барилга угсралтын ажлыг 2025 онд эхлүүлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Завьт эргүүлийн хяналтыг зогсоосон тул гол усны аюулаас сэрэмжлээрэй DNN.mn

Нийслэлийн нутаг дэвсгэрт Хэрлэн, Тэрэлж, Туул гол, голын тогтоол усанд иргэд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор онцгой байдлын алба, цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүнтэй завьт болон хөдөлгөөнт эргүүлийг тодорхой байршлуудад ажиллуулсан.

Нийслэлийн Засаг даргын “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 2024 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн А/656 дугаар захирамжаар 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд хэрэгжсэн.

Энэхүү захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэр дэх голуудад завьт болон хөдөлгөөнт эргүүл, хяналтын үйл ажиллагааг 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс бүрэн зогсоосон тул аж ахуйн нэгж, иргэд та бүхнийг болзошгүй осол, эрсдэлээс урьдчилан сэргийлж хийлдэг завь болон зориулалтын бус хөвөгч хэрэгслийг голд тавьж ашиглахгүй байх, усан замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Циркийн уулзвараас Барс захын уулзвар хүртэлх авто замын хойд эгнээг хааж, шинэчилнэ DNN.mn

Циркийн уулзвараас Барс захын уулзвар хүртэлх авто замын хойд хэсгийн эгнээг  10 дугаар сарын 4-ний өдрийн 22:00 цагаас 6-ны өдрийн 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ.

Ингэхдээ баруунаас зүүн чиглэлийн урд хэсгийн эгнээгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сөрүүлэн зохицуулна.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм

Израил улсад оршин суугаа Монгол иргэдийн анхааралд DNN.mn

Израил Улсад Монгол Улсын 80 гаруй иргэн оршин сууж байгаа бөгөөд ГХЯ болон Анкара дахь ЭСЯ-наас тус улсад байгаа иргэдтэйгээ тогтмол холбоотой ажиллаж, нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна.

Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан тус бүс нутагт зорчихдоо нөхцөл байдлыг урьдчилан сайтар судалж, анхаарал сэрэмжтэй байхыг иргэн Танд зөвлөж байна.

Тус бүс нутагт байгаа Монгол Улсын иргэн Танд яаралтай туслалцаа, дэмжлэг хэрэгтэй болсон тохиолдолд:

ГХЯ-ны +97683042222 дугаарын шуурхай утас;

consul@mfa.gov.mn цахим шуудан;

Анкара дахь ЭСЯ-ны +905340128408 /WhatsApp/ дугаарын шуурхай утас;

ankara@mfa.gov.mn цахим шуудангаар холбогдохыг зөвлөж байна.