Categories
мэдээ нийгэм

Т.Доржханд: “Миний нутгийн дэгдээхэй” аянд хүүхдүүд идэвхтэй оролцож байна DNN.mn

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын зүгээс экоклубын сурагчидтай хамтран 2020 оноос эхлэн зохион байгуулж буй “Миний нутгийн дэгдээхэй” аян амжилттай үргэлжилж олны талархлыг хэдийнээ хүлээжээ. Энэ аяны талаар тус байгууллагын Зүүн бүсийн салбарын Мэдээлэл харилцааны мэргэжилтэн Т. Доржхандтай  ярилцлаа.


-Энэ ямар учиртай аян вэ, дэгдээхэй гэхээр шувуу хамгаалдаг гэсэн үг үү?

– Тиймээ, хүүхдүүдийн оролцоотойгоор тогоруу хамгаалах ажил юм.

-Яагаад заавал хүүхдүүд гэж?

– Монголчууд хүүхдийг багаас нь зэрлэг амьтан, ургамлыг таньж мэдэх, хайрлан хамгаалах,  байгалийн баялгыг зохистой ашиглах арга ухаанд сургах замаар хүн байгалийн харилцан шүтэлцээг хангаж ирсэн  уламжлалтай. Олон зуун жил үргэлжилсэн энэ уламжлалыг сэргээх нь байгаль хамгаалалд маш чухал юм.  Тиймээс манай байгууллага байгаль хамгаалах экоклубын сурагчдын аливаа санаачилга, үйл ажиллагааг дэмжиж хамтран ажилладаг. Үүний нэг нь “Миний нутгийн дэгдээхэй” аян юм.

-Гоё нэр өгсөн байна шүү?

-Тийм байгаа биз, сэтгэлд дотно, гоё сонсогдож байна гэж хүмүүс хэлдэг. Энэ санаачилга олны талархал, дэмжлэгийг хүлээж байгаа нь өөрөө том амжилт, үр дүн юм. Нэрийн санаа нь тогоруу шувууны амьдралын хамгийн онцлог үе гэж хэлж болох хосоо олж, үржилд орж, дэгдээхэйгээ бойжуулах бүх үйл явцэнд Монголд өрнөдөг. Иймд бид өөриймсөг сэтгэлийн илэрхийлэл болгож “Миний нутгийн дэгдээхэй” гэсэн нэр өгсөн юм.

-Аяны хүрээнд ямар ажил хийгдэж байна вэ, мэдээж хүүхдүүдийн оролцоо их байх?

-Тиймээ, хүүхдүүдийн оролцоо маш чухал. Манай мэргэжилтнүүд нүүдлийн ховор шувуудыг хамгаалахын ач холбогдол, шувуудад учирдаг аюул заналын талаар хүүхдүүдэд дэлгэрэнгүй танилцуулсан нь үр дүнд хүрч тэд хамгааллын ажилд  идэвхтэй оролцох болсныг онцлох нь зүйтэй болов уу.

-Тухайлбал?

– Хэнтий аймгийн Дадал сумын экоклубын сурагчдын үйл ажиллагааг онцолж болно. Тэд Эхэн бүрдийн нууранд шувуудын өндөг хамгаалах ажлыг сүүлийн гурван зуны турш  идэвхтэй хийж байна. Усны ховор шувуудын үржлийн үед, ялангуяа өндгөнд гэрийн мал, нохой сөрөг нөлөөтэйг судлаачид тогтоосон байдаг. Тиймээс сурагчид маань энэ сэдвээр малчин өрх айлуудад сурталчилгаа хийх, ажиглалт хийж тэмдэглэл хөтлөх зэргээр энгийн мэт санагдавч их  тус дэм өгч чадаж байна. Үүний ачаар малчид нүүдлийн ховор шувуудын, ялангуяа тогорууны талаар мэдлэгтэй болж хамгааллын ажлыг дэмжих болсон.

-Нохой бас сөрөг нөлөөтэй байх нь ээ?

– Тиймээ, хүмүүс энэ талаар сайн мэддэггүй. Мэдээлэлгүй байх нь өөрөө эрсдэлийг нэмэгдүүлдэг. Сул явж байгаа нохой өндгийг идэх, гэмтээх эрсдэлтэй. Тиймээс хүүхдүүдийн хийж байгаа сурталчилгаа маш чухал юм.  Тэд нуурын эргэн тойронд амьдардаг айлуудад очиж нохойгоо уявал ховор шувуудад ямар ач тустайг тайлбарласан нь тодорхой үр дүнд хүрч байгаа. Хүүхдүүд эхлээд өөрсдөө гэрийнхээ нохойг уядаг болсон нь бусдад зөв үлгэр дуурайлал болсон байх. Тиймээс зарим айл нохойгоо уях болсныг дурдаж болно. Бас нуур орчмын малын болон нохойны тоог гаргаж хэрхэн сурталчлах арга, хэлбэрээ тодорхойлдог. Хүүхдүүд ингээд сэтгэл гаргаад, идэвхтэй яваад байхаар эцэг эхчүүдийн хандлага ч сайнаар өөрчлөгдөж байна.

-Хүүхдүүд тогорууны хоёр дэгдээхэйг нисч чаддаг болтол нь ажиглаж, хамгаалсан гэж сонслоо?

-Тэгэлгүй яахав, хүүхдүүд үнэхээр идэвхтэй байгаа. Тэд нэн ховор цэн тогорууны хоёр дэгдээхийг зуны турш ажиглаж, нисч чаддаг болтол нь хамгаалж чадсан.

Ер нь зэгстэй нуур бол зөвхөн тогоруу гэлтгүй олон зүйлийн нүүдлийн шувуудын үүрлэж, үр төлөө бойжуулдаг маш чухал амьдрах орчин болдог. Тодруулбал, голын хөндийд гүехэн усаар хүрээлэгдсэн дов сондуул бүхий чийглэг газар, мөн бургасан дунд багахан тогтоол ус бүхий довцогтой орчинд үүр засдаг онцлогтой. Шувуудын үржлийн үед нууранд олон тооны мал удаан хугацаатай байлгах нь шувуудын амар амгалан байдлыг алдагдуулдаг. Тиймээс шувууд үүрлэж өндөгөө дараад эхлэхэд зэгс рүү адуу, үхрээ оруулж болохгүй, үүрийг нь сүйтгэж мэднэ, бас нохойгоо уяхгүй бол эрсдэлтэй гэдгийг тэд малчдад сайн сурталчилж байгаа.

– Эко клубын сурагчдад зориулсан “Тогоруу шувуугаа үдье” арга хэмжээг саяхан зохион байгуулжээ, энэ талаар яривал сонин байх болов уу?

– Тиймээ, эко клубын сурагчдад зориулсан нэгдсэн арга хэмжээ гэж ойлгож болно. Энэ удаа Хэнтий аймгийн Норовлин сумын нутагт зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд дэгдээхэй хамгаалагч хүүхдүүд өнгөрсөн зун хийсэн ажлаа ярилцаж, туршлагаа хуваалцлаа. Мөн Шувуу хамгаалах төвийн мэргэжилтнүүд нүүдлийн ховор шувуудын онцлог, ач холбогдол, үнэ цэнийн талаар тайлбарласан нь хүүхдүүдийн сонирхлыг татаж чадлаа.

Ус намгархаг газар түүний ойролцоох тариан талбай бүхий газрууд нь хонин тоодог, тогоруу шувуудын хавар, намрын нүүдлийн үедээ цуглардаг, идээшилдэг гол түшиц газар байдаг.

Иргэд шувуудын эдгээр чухал амьдрах орчны талаар шинжлэх ухаанд суурилсан үнэн, зөв бодит мэдлэг, мэдээлэлгүй байгаагаас шалтгаалж сөрөг нөлөө үзүүлэх нь бий. Иймд эко клубын сурагчид болон дэгдээхэй хамгаалагч хүүхдүүдэд энэ талын мэдлэг, мэдээллийг системтэй олгох нь чухал байгаа юм.Тэд дараа нь талуудад мэдээлэл өгөх боломжтой болно.Арга хэмжээний үеэр үүнд анхаарч ажиллав.

-Хүүхдүүд шувуу ажигласан гэсэн?

-Норовлин сумын хойно Улз голын эрэг, Цагаан нуур, тариан талбай орчимд намартаа тогоруу шувууд алсын нүүдэлд бэлтгэж цуглардаг. Хүүхдүүд ажиглалтаараа тэнд 300 орчим цэн тогоруу, 700 орчим хархираа тогоруу, 30 орчим хар тогорууг бүртгэж тэмдэглэсэн байгаа. Энэ нутаг бол шувуудын хувьд намрын нүүдлийн үедээ цуглардаг, идээшилж тарга тэвээрэг авдаг түшиц газар юм.

-Хэдэн хүүхэд оролцов?

“Тогоруу шувуугаа үдье” арга хэмжээг хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Энэ жилийн хувьд “Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр”-тэй давхцсанаараа онцлог байв. Өмнөх жилд Хэнтий аймгийн Дадал, Норовлин, Батширээт сумдын дэгдээхэй хамгаалагч хүүхдүүдээс гадна “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлыг хамгаалах” төслийн зарим сумдын хүүхдүүд оролцсон. Харин энэ жил Улз гол дагуух Эрээнцав, Баян-Уул, Дашбалбар, Баяндун сумдын экоклубын сурагчдыг урьж оролцуулсан нь зүүн бүсийн хэмжээнд “Миний нутгийн дэгдээхэй” аяныг өргөжүүлэх алхам болсон ач холбогдолтой юм.

-Сонирхож асуухад, өвөг дээдэс маань нүүдлийн шувуудыг нууранд нь тайван байлга гэж захиж ирсэн гэдэг. Энэ ямар учиртай юм бол?

-Бид олон зуун жил байгальтайгаа харилцан шүтэлцэж ирсэн ард түмэн. Үүнийгээ дагаад байгаль, зэрлэг амьтдаа хамгаалах ёс уламжлал сайтай байсан. Ер нь нүүдлийн шувууд наймдугаар сар гараад алсын аянд бэлддэг. Тэгээд дэгдээхэйгээ дагуулж нуураас нисээд оройдоо буцаж ирэх нь бий. Ингэж ойр зуур нисэх  нь дэгдээхэйнд маш чухал дадлага сургуулилт болдог. Шувуудын нүүдэл бол улирлын шинжтэй хийгддэг томоохон шилжилт хөдөлгөөн учир сайн бэлдэх хэрэгтэй байдаг. Нүүдэллэх замдаа олон саад бэрхшээлтэй таарч, их зүдэрч байж зорьсон газартаа хүрдэг. Тиймээс л эцэг, өвгөд маань нүүдлийн шувуудыг нууранд нь тайван байлга гэж захиж ирсэн уламжлалтай. Энэ утгаар нь харвал “Миний нутгийн дэгдээхэй” аяны ач холбогдол их юм.

Аяныг амжилттай өрнүүлэхэд талуудын дэмжлэг маш чухал. Сум орон нутгийн удирдлагын зүгээс тодорхой хэмжээнд дэмждэг. Түүнчлэн Дадал, Норовлин, Батширээт сумдын байгаль хамгаалагчид, экоклубын багш нар идэвхтэй оролцож байгаа.Энэ аян маань цаашид олны дэмжлэгээр улам өргөжиж, амжилттай үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Б.Одбаяр: Эрдэнэтолгойн уулзвараас “Газарчин” сургуулийн уулзвар хүртэлх замыг 4 эгнээ болгож, шинэчилж байна DNN.mn

Баянзүрх дүүргийн 17, 24 дүгээр хороо, Эрдэнэтолгойн уулзвараас “Газарчин” сургуулийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилж байна. Үүний дараа Цагдаагийн гудамжны авто замыг шинэчлэх юм. Тодруулбал, эхний ээлжинд “Оргил” худалдааны төвөөс Хилчингийн уулзвар хүртэлх 800 метр авто замыг шинэчилнэ. Хоёрдугаарт, хилчингийн уулзвараас Офицеруудын тойрог хүртэлх авто замыг шинэчилнэ. Эдгээр замын талаар болон ойрын өдрүүдэд хийж дууссан авто замуудын талаар НЗХГ-ын дарга Б.Одбаяр мэдээлэл өглөө.

Тэрбээр ““Да хүрээ” зах 1 дэх өдөр амардаг. Энэ өдрийг ашиглан Эрдэнэтолгойн уулзвараас “Газарчин” сургуулийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилж байна. Энэхүү 14 метр өргөн, 4 эгнээ авто замыг аравдугаар сарын 7-9-ний өдрүүдэд шинэчилж дуусахаар төлөвлөсөн. Бид аль болох хугацаанаас нь өмнө ажлыг дуусгаад хөдөлгөөнийг нээнэ. Тиймээс иргэд та бүхэн зорчих замаа төлөвлөж, хүлээцтэй байхыг хүсье. Бид зам засварын талаар мэдээллийг тогтмол хүргэж ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар Улаанхуарангийн 1.5 км урт, 4 эгнээ авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээлээ. Циркийн уулзвараас “Барс” захын уулзвар хүртэлх авто зам, Хүннүгийн гудамжны авто замын урд эгнээг шинэчилж дууслаа. Өнөөдөр Хүннүгийн гудамжны хойд эгнээг хааж, засвар, шинэчлэлт үргэлжилнэ. Ойрын өдрүүдэд нийт засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилнэ. Тиймээс хаасан замуудын талаар мэдээллийг Улаанбаатар мэдээ пэйж хуудсаас авч байгаарай” гэв.

Түүнчлэн цаг агаар шөнөдөө хасах хэм рүү орж байгаагаас шалтгаалж өдрийн цагаар замын хучилтыг хийж байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

600 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ DNN.mn

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.09.30-аас 10 дугаар сарын 06-ны өдрүүдэд) 43.805 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 600 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс:

Хүний амьд явах эрхийн эсрэг 12, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 169, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 19, Өмчлөх эрхийн эсрэг 249, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 7, Хүрээлэн байгаа орчны эсрэг 28, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 100, бусад 16 хэрэг байна.

Зөрчлийн шинжтэй 88.091 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 87.407 зөрчлийг шийдвэрлэсэн байна.

Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 86.467 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 940 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Үүнээс:

Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2.996, Танхайрах 142, Хүний биед халдах 379, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 200, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 82.058, бусад 1.632 зөрчил байна.

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 70 иргэнд 21.000.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 200 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 40, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 177, сураггүй алга болсон хүн 96, шүүхээс даалгасан хүн 79, зөрчил үйлдсэн этгээд 35 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.

Шалгаж шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх:

– Өнгөрсөн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр иргэн “Т”-н фейсбүүк хаягт түүний хувийн мэдээллийг ашиглан зөвшөөрөлгүйгээр хандаж, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн гэх үйлдэлд мөрдөн шалгах ажиллагааг явуулж “З” гэгчийн хууль бус үйлдлийг тогтоон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан энэ оны 10 дугаар сарын 02-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

– Мөн иргэн “Х”-ийн фейсбүүк хаягийн нүүр зураг болон фейсбүүк дэх бусад мэдээллийг ашиглан 2023 оны 10 дугаар сараас “H” гэх хуурамч фейсбүүк хаяг үүсгэн цахим орчинд “Санхүү өгнө, авна”, “Нүцгэн зураг бичлэг зарна, чат бичээрэй…” гэх утга бүхий зарыг нийтэлж, нэр хүндэд халдсан гэх үйлдэлд мөрдөн шалгах ажиллагааг явуулж “М” гэгчийн хууль бус үйлдлийг тогтоон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус  зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай энэ оны 10 дугаар сарын 04-ны өдөр прокурорын байгууллагад шилжүүлсэн.

– Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт байх ойгоос иргэн Ж нь энэ оны 06 дугаар сард зохих зөвшөөрөлгүйгээр “Шинэс” төрлийн  хэрэглээний, хуурай 4,127 метр куб модыг бэлтгэж, сумын ойн санд 2.401.515 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааны явцад  хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

– Дорнод аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт иргэн Б нь энэ оны 09 дүгээр сарын 05-ны өдөр тээврийн хэрэгсэл ашиглан хууль бусаар Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар “Ховор ургамлын жагсаалт”-д орсон “Дэрвэгэр жиргэрүү” ургамлыг түүж бэлтгэн, 2.300.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

– Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт иргэн Б нь энэ оны 07 дугаар сарын 01-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж, 11.637.223 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

– Завхан аймгийн Алдархаан сумын нутаг дэвсгэрт иргэн Б нь хууль бусаар “Нэн ховор ургамлын жагсаалт”-д орсон арц ургамал түүж, бэлтгэн 32.944.920 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Шалгаж шийдвэрлэсэн онцлог зөрчлийн талаарх:

– Цахим орчинд нэр бүхий мэдээллийн сайтад энэ оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “Иргэнээс ийм орк байж болохгүй, урсгал сөрөөд” гэх гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн. Цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийн дагуу Тээврийн цагдаагийн албаны Орон нутгийн хяналтын хэлтсээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, зөрчилд холбогдогч иргэн “Н”-ийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн үйлдэлд энэ оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар жолоодох эрх хасаж, 50 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Categories
мэдээ нийгэм

“Хүрээ” амаржих газрын 9 давхар 180 ортой шинэ эмнэлгийг ашиглалтад орууллаа DNN.mn

Нийслэлийн хоёрдугаар төрөх буюу “Хүрээ” амаржих газрын 9 давхар, 180 ортой шинэ эмнэлгийг өнөөдөр ашиглалтад орууллаа. Тус амаржих газрын үйл ажиллагаа 1959 онд эхэлснээс хойш 65 жилийн дараа ийнхүү шинэ эмнэлэгтэй болж байгаа юм. Энэ хугацаанд “Хүрээ” амаржих газарт 512 мянган иргэнийг өлгийдөн авсан бөгөөд олон эмэгтэйчүүдэд эх барих эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлжээ. Харин шинэ эмнэлгийн барилгын ажил 2022 оны аравдугаар сарын 7-нд эхэлсэн билээ.

“Хүрээ” амаржих газрын 9 давхар, 180 ортой шинэ эмнэлэгт эмнэлгийн зориулалттай барилгын норм, дүрмийн дагуу халаалт, агаар сэлгэлт, хийн системийг цогцоор нь шийджээ. Цаг алдалгүй яаралтай тусламж үзүүлэх нэгдсэн тасаг, гэр бүлийн төрөх өрөө, вакум хагалгааны өрөөнүүд болон зоорьтой.

Амаржих газрын стандартад нийцсэн үйлчлүүлэгч болон эх нярайн өрөөнүүдээс бүрдсэн эрүүл мэндийн мэргэжилтний аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг хангаж, ажиллах таатай орчныг бүрдүүлсэн эмнэлэг болжээ.

Шинэ эмнэлгийн үйл ажиллагаа эхэлснээр үйлчилгээний тусламж, чанар, хүртээмж хоёр дахин нэмэгдэнэ. 80 мянга орчим эмэгтэйчүүдэд эх барих, нярай, гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээг иж бүрнээр нь үзүүлэх боломжтой болох юм.

Тодруулбал тусламж, үйлчилгээний хувьд:

– Эрсдэлтэй жирэмсний хяналтыг цогцоор нь үзүүлэх,

– Эмгэг нярайн тасагтай,

– Олон улсын стандартад нийцсэн гэр бүлийн төрөх өрөөтэй,

– Вакум мэс заслын өрөөнд тусламж, үйлчилгээ үзүүлэх,

– Эмэгтэйчүүдийн хавдрын эрт илрүүлэгт иргэдийг хамруулах,

– Эмэгтэйчүүдийн болон хөхний хавдартай эмэгтэйчүүдэд тусламж үйлчилгээг үзүүлэх,

-Стандартын шаардлагад нийцсэн ариутгал, угаалга, лаборатори, дүрс оношлогооны тасгуудтай болж өргөжсөн байна

Categories
мэдээ нийгэм цаг-үе

189 мянган айл өрхийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна DNN.mn

Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд ирэх сарын 1-нээс хамрагдаж эхэлнэ.

Айл өрхийн 21:00-06:00 цагт хэрэглэсэн цахилгаан болон сэргээгдэх эрчим хүчний тарифыг 50-100 хувиар хөнгөлдөг.

Тэгвэл энэ жил 189 мянган айл өрхийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулахаар тооцож, улсын төсөвт 30.5 тэрбум төгрөг тусгасан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанхуарангийн замын өргөтгөл 4 км замыг цогц гудамж, замын жишгээр шинээр барина DNN.mn

Дэлхийн банкны санхүүжилтээр НЗДТГ-аас хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийн хүрээнд Улаанхуарангийн замын өргөтгөл 4 км замыг цогц гудамж, замын жишгээр шинээр барих юм. Уг замын талаар төслийн зохицуулагч Х.Булгаагаас тодрууллаа.

Тэрбээр “Улаанхуарангийн автобусны эцсийн буудлаас Амгалан дулааны станцын хойгуур гарч, Улиастайн автобусны эцсийн буудал хүртэл холбосон 4 км замын зураг төслийг боловсруулж байна. 2025 онд бүтээн байгуулалтын ажлыг эхүүлнэ. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, ялангуяа хотоос зүүн тийш гарч байгаа Улиастай, Амгалан, Хужирбулан чиглэлийн ачаалллыг бууруулахад онцгой ач холбогдолтой авто зам юм. Улмаар Улаанбаатар хотын замын сүлжээг өргөтгөж, иргэдийг ая тухтай зорчуулахад үүрэг гүйцэтгэнэ” гэв. Улаанхуарангийн замыг цогц гудамж, замын жишгээр барих онцлогтой.

Цогц гудамж, зам нь иргэдийн алхах, дугуй, авто машин, нийтийн тээврээр мөн бараа таваар хүргэх хэлбэрээр аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлсэн. Эрүүл мэндэд ээлтэй, эдийн засагт ашигтай, мөн замын аюулгүй байдал, аваар ослыг бууруулдаг болохыг олон улсад хүлээн зөвшөөрсөн байна.

Тодруулбал, замын хөдөлгөөнд оролцогчдын нас, чадвар, тээврийн хэрэгслийн төрлөөс үл хамаарч, тэднийг аюулгүй, тохитой зорчуулах орчин нөхцөлийг бүрдүүлсэн гудамжуудыг уг авто замд төлөвлөх юм. Явган зорчигчийн замтай, дугуйн тусгайлсан замтай, зам хөндлөн аюулгүй гарах гарц, аюулгүй арал, жигд зорчих хэсэг, замын дагуух авто зогсоолтой гудамжийг барих нь цогц гудамж, замын онцлог юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Барс” захын уулзвараас “Улаанбаатар төмөр замын өртөө” хүртэл авто замын хойд эгнээг шинэчиллээ DNN.mn

“Барс” захын уулзвараас “Улаанбаатар төмөр замын өртөө” хүртэлх авто замын хойд эгнээг шинэчиллээ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

III улирлын НӨАТ-ын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлээрэй DNN.mn

2024 оны 3 дугаар улирлын төлбөрийн баримтаа 2024 оны аравдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авахыг Монголын Татварын албанаас мэдээллээ.

III улирлын баримтаа маргаашийн дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Иргэн Г.Ган-Очир Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаагүй DNN.mn

ЦЕГ-аас мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд “Энэ оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Gan-Ochir /Ган-Очир/” гэх фейсбүүк хаягаас цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцастай зураг ашиглаж, мэдээлэл нийтэлсэн.

Иргэн Г.Ган-Очир нь цагдаагийн байгууллагад ажиллаж байгаагүйг албан ёсоор мэдэгдье” гэжээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Уянга: Устай холбоотой хуулиудын давхардлыг арилгаж, уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байна DNN.mn

УИХ-ын гишүүн Б.Уянгатай ярилцлаа.


-Уламжлал болон зохион байгуулагддаг Уул уурхайн долоо хоног болж өнгөрлөө. Энэ удаагийн зорилго, гол онцлог нь юу байв?

-Уул уурхайн салбар Монгол Улсад сонгодог утгаараа хөгжиж эхлээд 100 жил болж буй ойг тохиолдуулан бид 2022 онд анх удаа “Уул уурхайн долоо хоног”-ийг зохион байгуулж байсан. Энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулсан нь энэ юм. Ер нь гол зорилго нь эрдэс баялгийн салбарын ололт амжилт, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, Монгол орны нутаг дэвсгэр дэх ашигт малтмалын хэтийн төлөв, хөрөнгө оруулагчид яагаад манай улсыг сонирхох хэрэгтэй талаар чуулж, ярилцаж, ирээдүйгээ төлөвлөх байдаг. Энэ жил хурлын үйл ажиллагааг Mine Pro 2024 уул уурхайн үзэсгэлэнгээр тэлж, өвөрмөц байдлаар, задгай талбайд зохион байгуулсныг салбарын мэргэжилтнүүд их талархан хүлээн авсан.

-Таныг энэ удаад говийн бүсийг усжуулахтай холбоотой илтгэл тавьж оролцсон гэж сонссон. Энэ талаараа тодруулахгүй юу?

-УИХ-ын дарга Д.Амарбаясгалан захирамж гаргаж, хууль, эрх зүйн орчны судалгаа хийж холбогдох зөвлөмж гаргахтай холбоотой чиглэл, чиглэлийн ажлын хэсгүүдийг байгуулсан.

Эдгээрийн нэг Ажлын хэсэг болох Ундны ус болон ариун цэврийн байгууламжаар хангагдах эрхтэй холбоотой хууль эрх зүйн орчныг судлах, холбогдох зөвлөмж, саналыг боловсруулах ажлын хэсгийг миний бие ахлан ажиллаж байна. Ундны усаар хангагдах бидний суурь эрх хэрхэн хангагдаж байгаа талаар судлах явцад гүн гүнзгий агуулгатай, өргөн цар хүрээтэй сэдэв гэдгийг улам бүр ойлгож байгаа. Монгол орны газар зүйн тогтоцтой холбоотойгоор усны нөөцийн тархалт хойд бүсдээ гадаргын, урд хэсгээр газрын доорх усны хэрэглээ болж хувирдаг. Сонгууль болгоноор л усны талаар онцлон хөндөж, олон асуудлыг холбож улстөржиж ирсэн. Аль нам, эвсэл төрийн эрхийг барихтай хамааралгүйгээр бид уг асуудалд ул суурьтай хандах шаардлагатай байгаагийн илрэл бол устай холбоотой судалгааны олон тооны ажил байгаагаар харагдаж байгаа. Эдгээр бүх мэдээлэл, судалгааны ажлыг нэгтгэн зангидахад цаг хугацаа их шаардагдахаар байна. Гэхдээ би байгалийн шинжлэх ухааны эрдэмтэн хүний хувьд уг асуудалд ул суурьтай хандаж, гүн гүнзгий орж ажиллах нь өөрт оногдсон эрхэм бөгөөд хариуцлагатай үүрэг гэж хүлээж авч байгаа. Одоогийн байдлаар хүрсэн дүгнэлт гэвэл усны асуудлыг тусгасан долоон хууль Монгол Улсад хэрэгжиж байгаа ч эдгээр хуулиуд хоорондын уялдаа холбоо хангалтгүй, зөрчилтэй, агуулга давхардаж тусгагдсан байгааг сайжруулах шаардлагатай байна. Улаанбаатар хотод Мянганы Сорилтын сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй саарал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орох ойртож байгаа хэдий ч яг энэ төрлийн ус буюу өртөг шингэсэн усны хэрэглээ, ашиглалттай холбоотой зохицуулалт дутагдаж байгаа гэдгийг судалгаанаас харж болохоор байна.

-УИХ-ын чуулган, байнгын хороогоор Засгийн газраас өргөн мэдүүлсэн ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Та ер нь хэр төсөв болсон гэж харж байна вэ?

-Байгуулагдаад удаагүй

байгаа хамтарсан Засгийн газрын хийхээр төлөвлөж буй томоохон төслүүдийн хөдлөх боломжийг бүрдүүлсэн төсөв гэж харж байна. Яг одоо бол чуулганаар Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг батлах тухай хэлэлцэж байна. Үүний дараагаар залгаад ирэх оны төсвийг хэлэлцэнэ. Бид хамтарсан Засгийн газартай байгаа дээрээ нэлээд сайн зөвшилцөж, олон талын саналыг тусгаж мега төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй байна.

-Ирэх жилийн төсвийн орлогод нүүрснээс олох ашгийг хэт өндрөөр төсөөлсөн гээд байгаа. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Энэ таамаг жил бүрийн төсөв хэлэлцэх үеэр асуугддаг таамаг байх.

Нүүрсний экспорт энэ жилийнхтэй ижил, түүнээс хил гаалийн нэвтрэлт, боомтын сэргэлт явагдахын хэрээр экспорт нэмэгдвэл төлөвлөгөөндөө хүрэх байх гэж бодож байгаа. Харин ирэх оны нүүрсний дундаж үнэ ноднин, уржнан жилийнхтэй харьцуулахад бага буюу нэг тонн нь 105 ам.доллараар төсөөлөгдсөн байсан.

-Уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгаа солонгоруулах тухай дандаа ярьдаг ч ойрын жилүүддээ үүндээ л найдах юм шиг байна. Тэгэхээр уул уурхайн салбарын ойрын ирээдүй, манайд ашигтай байдал нь хэр байхаар байна вэ?

-Уул уурхайн салбар маань Монгол Улсын эдийн засгийг олон жил нуруун дээрээ үүрч ирсэн. Цаашдаа ч нэлээдгүй олон жил үүрнэ гэж боддог. Бид хариуцлагатай уул уурхайн концепцийг ярьдаг нь улс орныхоо эдийн засгийг солонгоруулах үйл хэрэгт түлхэц өгөх нэг шалтгаан байдаг. Ингэснээр жижиг гэлтгүй төслүүд хэрэгжиж, дотоодынхоо зарим хэрэгцээг хангадаг болбол нэг л өдөр гадагш тухайн бараагаа экспортлогч болно. Тиймээс хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх нь маш чухал.

-Засгийн газраас 14 мега төсөл хэрэгжүүлнэ гээд байгаа. Эдгээрээс эдийн засагт үр өгөөжтэй төслүүд нь аль гэж харж байна вэ?

-Нэлээд олон төслөөс эрэмбэлж байгаад энэ 14 төслийг зарлаж, чухалчилж байгаа тул яг төлөвлөсөн ажил төлөвлөгөөнийхөө дагуу явчихаасай гэж найдаж байна. Огт төлөвлөгөөгүй ухаантнаас төлөвлөгөөтэй нь хол явна гэдэг. Хамгийн гол нь хэрэгжүүлэгчид нь тогтвортой байж төслүүд хугацаандаа дуусах ёстой. Миний хувьд бүх цахилгаан станцын төслийг онцолмоор байна. Уул уурхайн салбар олборлолтоос боловсруулалт руу шилжих шаардлагатай байгаа. Хувийн хэвшлийнхэнд, ер нь баялаг бүтээгчид илүү өргөн цар хүрээтэй төсөл хэрэгжүүлэхээр хичээвч эрчим хүчний хязгаарлалтад ордог. Бид үйлдвэрлэгч орон болохын тулд цахилгааны эрэлтээ хангалттай нийлүүлдэг байх хэрэгтэй.

-Баялгийн сангийн тухай хууль, стратегийн ордуудын 34 хувийг төр авах дээр нэлээд маргаан үүсч байна. Үүнийг та юу гэж бодож байна вэ?

-Энэ маргаан монголчууд бид стратегийн ашигт малтмал гэдэг олон улсын болоод онолын шахуу ойлголтыг стратегийн орд болгон хуулинд тусгаснаас үүдэн гарсан гэж боддог. Ашигт малтмалын хэрэглээг, зах зээл дэх эрэлтийг л ярьмаар байгаа юм. Нэмээд орд авах тухай ярихаас өмнө одоо байгаа ордуудтай холбоотой хийгдээгүй ажлуудыг хийх хэрэгтэй байх. Цэгцлэх ажил их бий. Хөдөлгөх төслүүд ч бий.

-Францтай хамтарсан ураны төслийг эхлүүлнэ гээд байгаа. Энэ төслийн үр ашиг, бидний хүртэх боломж нь юу байх вэ?

-Хамгийн том бидэнд ирэх боломж нь бид орон нутагт олон тооны шинэ ажлын байр бий болгоно. Зөвхөн нэг том олон улсын хэмжээний компанитай хамтарсан төсөл хэрэгжүүлдэг байсныг олон болгох боломж бүрдэнэ. Энэ хэрээрээ эдийн засгийн хувьд бидэнд ашигтай. Бид байгаа ашигт малтмалаа, хамгийн шинэлэг технологиор гарган авч эргэлтэд оруулах л хэрэгтэй.

-УИХ-ын гишүүний хувьд цаашид татварын бодлого, хувь хэмжээг бууруулах дээр ямар зарчим барьж ажиллах вэ?

-Манай улсад ирээдүйд батерейн түүхий эд, газрын ховор металлын ордууд нээгдэнэ гэж боддог. Дараагийн Эрдэнэт ч нээгдэх боломжтой. Харин энэ ордуудыг хайж олох аж ахуйн нэгжийг бодлогоор дэмжиж татахад нэг татвар онцлогддог нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр байгаа. Бид өөрийн улсын ашигт малтмалын хэтийн төлөвтэй адил улстай өрсөлдөхүйц татварын орчныг санал болгох шаардлагатай. Хөрөнгө оруулалтыг татна гэдэг утгаараа. Бид дотоодоосоо хөрөнгө босгож дараа дараагийн ордыг нээнэ гэдэг их том зардал яригдах асуудал. Мөн аливаа ашигт малтмалын ордыг хайж олж, ашиглана гэдэг 10 болон түүнээс олон жилээр яригдах урт хугацаа шаардагдах тул шууд олборлохгүй юм байна, хайгуулыг нь хийлгэе гэсэн сэтгэлтэйгээр төсөл хэрэгжүүлэгчидтэйгээ хамтран ажиллах хэрэгтэй байна. Бидэнд боломж их бий. Харин тэр бүхнийгээ ашиглах л хэрэгтэй.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ