Дэлхий даяар 10 дугаар сарыг “Хөхний хорт хавдартай тэмцэх сар” болгон зарлаж, энэхүү өвчин эмгэгийг эмчлэх, эрт илрүүлэхэд анхаарлаа хандуулах, дэмжлэг үзүүлэхэд тусалдаг байна. Жилд ойролцоогоор 1.38 сая тохиолдол шинээр бүртгэгдэж, энэ өвчнөөс шалтгаалан 458000 хүн нас бардаг байна.
Манай улсад уг өвчлөл хэр илэрч байгаа болон оношлох аргууд, шалтгааны тухай “Хөхний эрүүл мэндийн төв”-ийн Хөхний дүрс оношилгооны эмч Э.Аззаяатай ярилцлаа.
-Хөхний хорт хавдар гэж ямар өвчлөлийг хэлдэг вэ. Манай улсад илэрч буй хөхний хорт хавдрын статистик тоо баримт ямар байна вэ?
-Хөхний хорт хавдар гэдэг нь сүүний булчирхай болох сүү дамжуулах сувгийн эпител эсийн эмгэг ургалт цус болон тунгалгаар дамжиж алсын эрхтэнд үсэрхийлж үүсдэг, хоруу чанар өндөртэй хавдрыг хэлдэг. Хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдийн дунд тохиолдох хорт хавдрын дөрөвдүгээрт орж байна. Манай улсад жилдээ 280320 орчим хүн хөхний хорт хавдраар бүртгэгдэж байна гэсэн тоо байдаг. 2023 онд 343 хөхний хорт хавдар оношлогдсон нь өмнөх онуудтай харьцуулахад 2022 хувь нэмэгдсэн байна. Эмэгтэйчүүдийн насны ангиллыг цэвэршилтийн өмнөх болон дараахь гэж ангилдаг. Өмнө нь цэвэршилтийн дараахь насны хүмүүст ихэвчлэн илэрч байсан бол одоо цэвэршилтийн өмнөх насны хүмүүс хөхний хавдраар өвчилж байна гэсэн судалгаа гарсан.
-Хөхний хорт хавдар ямар шалтгаанаас ихэвчлэн үүсдэг вэ?
-Нэгдүгээрт, удамшлынх байж болно. Нийт бүртгэгдэж буй хөхний хорт хавдрын 10-15 хувь нь удамшлын шалтгаантай байдаг. Ээжийн талын эмэгтэйчүүдийг дагаж BRCA 1\2 генийн мутацитайгаар холбоотой удамших. Хоёрдугаарт, тухайн хүний амьдралын хэв маяг буюу архи тамхины хэрэглээ, хэт таргалалт, жирэмсэн болон хөхүүл үеийн хөхний арьс арчилгаа, дааврын өөрчлөлт буюу залуучууд сүүлийн үед их хэрэглээд байгаа 72 цагийн эм, жирэмснээс хамгаалах эм, тариа хэрэглэх нь хөхөнд хавдар үүсэх эрсдэлийг бүрдүүлдэг. Хөх нь даавраар зохицуулагддаг булчирхайлаг эрхтэн учраас дааврын өөрчлөлтөд маш мэдрэг эрхтэн. Дааврын өөрчлөлттэй холбоотой хоргүй жижиг үүсгэвэр байсан ч нэмэлтээр дааврын эмнүүд хэрэглээд, буруу зуршилтай байвал хоргүй байснаа хортой болох эрсдэл үүсдэг.
-Хүмүүсийн дунд хүүхдээ хөхөөр хооллосон бол хорт хавдраар өвчилдөггүй гэсэн яриа байдаг. Энэ нь хэр үнэний ортой вэ?
-Хүүхдээ хөхөөр хооллох нь хөхний хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулдаг. Гэхдээ болж өгвөл хоёр нас хүртэл нь хөхүүлэх ёстой. Тэрнээс цааш үед сүүний өсөлт багасна, амаар дамжин халдвар ороод хөх үрэвсэж, өвдөх тал байдаг учраас яг л хөхүүлэх насанд нь хөхүүлэх хэрэгтэй.
-Хөхний хорт хавдрыг ямар шинж тэмдгээр таньж, мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй байдаг вэ?
-Эмэгтэй хүн өдөр тутамдаа хөхөө шалгадаг байх хэрэгтэй. Шалгахдаа усанд орж байхдаа, эсвэл хэвтээ байрлалтайгаар өөрт эвтэйхэн байдлаар хэвтээд цагийн зүүний дагуу тэмтрээд шалгах ёстой. Энэ үед ямар нэгэн хатуу, эмзэглэлтэй зүйл байна уу, арьсан дээр өнгөний өөрчлөлт өгсөн байна уу, хөхнөөс ямар нэгэн эмгэг шүүрэл гарч байна уу, эсвэл хөхний товч шархалсан байна уу, хэлбэр хэмжээ алдагдсан зэрэг хөхөн дээр ажиглагдаж байгаа шинж тэмдгээ харах хэрэгтэй. Шалгасны дараа ямар нэгэн эмгэг, хатуу зүйл өөрт мэдрэгдвэл хугацаа алдахгүй мэргэжлийн эмчид очоод эхо, рентгендээ ороод оношлуулах хэрэгтэй. Хэрэв бүр нарийн шинжилгээ авна гэвэл эдийн шинжилгээгээр ямар төрлийн онош гэдэг нь илэрнэ.
-Хөхний хорт хавдраар өвчилбөл хөхөө авахуулна гэдэг айдас хүмүүст байдаг байх?
-Хэддүгээр үе шатандаа, хэдэн насандаа оношлогдсон бэ гэдэг нь чухал. Эрт үе шатандаа оношлогдсон хүмүүсийн хөхийг аль болох хадгалж үлдэх хагалгаа хийдэг. Эцсийн шатандаа орсон, насны хувьд ахимаг бол бүтэн авагдах хагалгаа хийгддэг. Мөн тухайн хүний эмчлэгдэж байх хугацаанд өөрийн сэтгэл зүйн байдал болон эргэн тойрны хүмүүсийн дэмжлэг чухал.
-Хоргүй, болон хортой хавдрын ялгаа нь юу байдаг вэ?
-Хортой хавдар нь цус болон тунгалгаар дамжаад бусад эрхтэндээ алсын үсэрхийлэл өгдөг, хоруу чанартайг нь хэлж байгаа юм. Ямар нэгэн зовуурь өгөх нь бага, ер нь дүлийдүү. Жижиг бэрсүү үүсээд зовуурилаад байдаг юм шиг хүмүүс санадаг боловч ерөөсөө өвддөггүй. Хүмүүс нэг юм тэмтрэгдээд маш олон жил болж байгаа, хөхүүл үед тэд дэх төрөлтөн дээрээ бэрсүү үүссэн, одоо л жаахан зовуурь үүсчихлээ гээд ирдэг. Тэгэхээр хөхүүл үед уураг нь зангираад жижиг бэрсүү үүссэн байж болно. Тэр нь урт хугацааны туршид хортой руу шилждэг. Аль хэзээний өвдөлт зовуурь илэрч байна гэдэг нь хожуу оношлогдож байна гэсэн үг. Тухайн хүний нас, онцлог, дархлаа тогтолцооны систем, үе шатаас шалтгаалаад эдгэрэх хугацаа өөр өөр байдаг. Хортой хавдар оношлогдсон бол эхний хоёр жил заавал эмчийн хяналтад байх ёстой. Хоргүй хавдар нь тухайн хэсэг газраа л байдаг, бусад эрхтэн тогтолцоо руугаа хальж үсэрхийлэл өгдөггүй. Хоргүй хавдар дотроо үрэвсэл буюу хөхүүл үеийн үрэвсэл, идээлж бугласан, уйланхайт болон зангилаат өөрчлөлтүүд ордог.
-Эмэгтэй хүмүүс хэдэн наснаас эхэлж хөхний урьдчилан сэргийлэх үзлэгт орох боломжтой байдаг вэ?
-Хөх ургасан цагаас нь хөхөө шалгаж байх ёстой гэдгийг охидод зааж өгөх хэрэгтэй. Хөхний хөгжил нь явагдаад эхэлсэн бол жилдээ заавал нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах. Хөхөн дээр хөхний эхо оношилгоо, хөхний рентген буюу маммографи гэсэн хоёр шинжилгээ хийгддэг. Хөхний рентген нь удирдамжийн дагуу 35-аас дээш насныхан жилдээ нэг удаа заавал, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хэрэгтэй.
-Сүүлийн үед хүмүүс урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах нь хэр байна вэ?
-Эрт илрүүлэг улс орон даяар явж байгаа. Эрт илрүүлэгт хөхний эхо, оношилгоо давхар явагдаж байгаа учраас илрэх тохиолдол нэмэгдэж байна. Мөн сүүлийн үед үзлэг, оношилгоо хийдэг эмнэлгүүд нэмэгдсэн байна. Хуучин бол хавдрыг хавдар судлалаас өөр газар үздэггүй байсан бол одоо улсын болон хувийн эмнэлгүүд үздэг болсон. Хүмүүс мөн цахим орчноос мэдээлэл сайн авч байна. хөхний хавдрын хувьд Монголд бүх оношилгоо, хагалгаа, хагалгааны даарахь хими, туяа эмчилгээ бүгд цогцоороо хийгддэг.
-Хөхний хорт хавдраар зөвхөн эмэгтэй хүмүүс оношлогддог уу. Эрэгтэй хүмүүст илрэх тохиолдол байдаг уу?
-Хөхний хортой хавдар эмэгтэй хүнд ганц тохиолддог зүйл биш. Жил болгон оношлогдоод байгаа нийт хортой хавдрын 1-2 хувьд нь эрэгтэй хүн оношлогддог. Сүүлийн үеийн хүүхдүүд тахианы мах их идэж байгаатай холбоотой дааврын өөрчлөлтөд ороод шилжилтийн насны эрэгтэй хүүхдүүдэд хөх ургах шинжүүд илрээд байгаа. хөхний булчирхайлаг эд үүсээд гайгүй болчихдог ч хүмүүс байна. Тэр чигээрээ үлдээд, явцдаа томордог тохиолдол ч байгаа. Энэ нь эрэгтэй хүн хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэл байна гэсэн үг.
-Эмэгтэйчүүдэд хөхний эрүүл мэндийн талаар зөвлөгөө өгөөч?
-Эмэгтэйчүүд маань өөрөө болон эргэн тойрныхоо эмэгтэйчүүдэд хөхөө тогтмол шалгахыг дадал болгож хэвшүүлээсэй гэж хэлмээр байна. Энэ нь дараа дараагийн өөрчлөлтөд өөртөө хяналт тавих давуу тал үүсдэг. Мөн урьдчилан сэргийлэх үзлэгт жилдээ нэг удаа ороод явчихдаг байгаасай гэж зөвлөмөөр байна.
Г.Балгармаа