Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

“Да хүрээ” захынхан давлагаалж эхэлжээ DNN.mn

Энэ удаагийн томилолтын тов автомашины Да хүрээ зах. Ирэх сарын 8-наас хэрэгжиж эхлэх автомашины дугаартай холбоотой асуудлаар сурвалжилга хийх даалгавар авсан юм. Ажлынхаа хойноос такси бариад автомашины анхны захыг зорилоо.


Зам зуурт хөлсний тэрэгний жолоочтой хөөрөлдөөд амжив. Гуч орчим жил жолоо мушгиж байна гэх эрээс ирэх сарын эхээр хэрэгжиж эхлэхээр болсон журмын талаар сонирхоход “Улаанбаатарын дугаар олгохгүй болж байгаа тухай сонссон. Үүнтэй зэрэгцээд шагийн үнэ нэмэгдэж таарна. Шинэ орж ирсэн машинд боломж олгоод хуучнаа жаахан шахах маягтай байвал болох ч юм шиг санагдах юм. Гэхдээ нийслэлд амьдардаг хүмүүст хотын дугаар өгөхгүй гэхээр орон нутгийн дугаар авч таарна. Тэгээд өдөр бүр 5000 төгрөгийн татвар төлөөд амьдрах боломж хүн бүрд бий юү. Дугаар олгохгүй гэхтэй зэрэгцээд нөгөө гар утасны дугаарыг зарна гээд өрчихсөн байдаг шиг жирийтэл бичсэн машины дугаар зарна гэсэн зар их байна” гэсэн юм. Тэрбээр “Яг адилхан хоёр машин оруулж ирлээ гэхэд нэг нь арай он залуутай байвал түүн дээр худалдааны албан татвар гээд өндөр биччихдэг.

Харин он хуучин машиныг нь онцгой албан татвараар асуудлыг шийдвэрлэнэ гээд бага хэмжээний татвар ногдуулахаар үнийн дүн нь адилхан болчих жишээтэй. Энэ мэтчилэн аливаа татвар нь мөнгө төгрөгтэй хүн дээр бус, жирийн иргэд дээр л дарамт болж тусах юм даа” гэж байна.

Ийн ярилцсаар бид “Да хүрээ” зах дээр ирлээ. Нийслэл хотын зүүн хойд хэсэгт нэлээд том талбайг эзэгнэн орших “Да хүрээ” зах төмөр хүлгийн уяа мэт зай завсаргүй машинд “даруулаастай” ч, машин сонирхож байгаа хүнгүй эл хуль байх аж. Эгнэн зогссон машины заримынх нь дэргэд ченжүүд хоёр гурваараа бөөгнөрч харагдана. Анхлан уулзсан ченж залуу өөрийгөө Б гэж танилцуулсан бөгөөд гурван ижил цагаан хүлгийг борлуулахаар зогсож байгаа гэнэ. Тэрбээр “Энэ шийдвэрийнхээ талаар 2-3 сарын өмнө мэдэгдсэн бол бид бас ажил төрлөө, бизнесээ зохицуулах байлаа. Үнэндээ энэ гэнэтийн шийдвэр бидний хувьд хүнд цохилт болж байна. Хилийн цаанаас оруулж ирнэ гэж захиалгаа өгсөн машин таталтад ч нөлөөлнө. Тэгэхээр иргэдээ хохироосон ийм шийдвэрийг гэнэтхэн гаргаж, богино хугацаа зарлан хэрэгжүүлж эхэлнэ гэдэг нь өөрөө хэлмэгдүүлэлт юм” гэж байлаа.

 

Тэнд байгаа автомашины ченж нар ч үүнийг дэмжиж байв. Ер нь арваннэгдүгээр сарын 8-наас хэрэгжиж эхлэх журмыг таатай хүлээж авч байгаа хүн тэнд алга. Тэгэхдээ залуус их ухамсартай хандлага гаргаж, нэг нэгээрээ үзэл бодлоо илэрхийлэх бус нийлж тэмцээд үр дүнд хүрэх ёстой хэмээгээд өөрсдийн төлөөлөлтэй биднийг уулзахыг хүссэн юм. Ингээд ченжүүдийн санал болгосны дагуу “Да хүрээ” зах дээр байдаг автомашин “Эко автомашин импортлогчдын холбоо”-ны тэргүүнтэй уулзлаа.

Ц.Лхагважав: Төр нэг асуудлыг шийдэх гээд нөгөө талыг боймолж байгаа нь маш буруу үйлдэл


“Улаанбаатар хотын харьяалалтай машины дугаар олгохгүй” гэсэн журамтай холбоотойгоор “Эко автомашин импортлогчдын холбоо”ны тэргүүн Ц.Лхагважавтай ярилцлаа.

-Арав гаруйхан хоногийн дараа нийслэл Улаанбаатар хотод шинэ журам мөрдөгдөж эхлэх гэж байна. Энэ нь та бүхний ажил, амьдрал ахуйд хэрхэн нөлөөлөх бол?

-Мэдээж хүндээр нөлөөлнө. Бид чинь бизнес эрхэлж байгаа хүмүүс. Гэтэл энэ бизнес маань өнөөгийн нийгэмд яаж харагдаж байна вэ гэхээр түгжрэлийн дайсан мэтээр харагдаж байна. Монгол Улс чинь ардчилсан Үндсэн хуультай, чөлөөт зах зээлтэй орон. Үүний хүрээнд эрэлт байгаа учраас бид нийлүүлэлт хийж байна. Хэрэв эрэлт байхгүй байсан бол нийлүүлэлт байхгүй шүү дээ. Хүн болгон төрийн албанд байх албагүй, тиймээс ч өөрсдийн боломжоороо бизнес эрхлээд явж байна. Гэтэл төр нэг асуудлыг шийдэх гээд нөгөө талыг боймолж байгаа нь зөв үү, буруу юу. Жишээ нь, автомашины бизнес эрхэлж байгаа хүмүүсийн цаад талд шат дараалсан маш олон ажилтан ажиллаж байна. Мөн ганц автомашины бизнес бус банк санхүүгийн байгууллага, техник хэрэгсэл, дугуй гэх мэтчилэн хоорондоо гинжин холбоотой бизнесийн салбарууд байна. Гэвч энэ бүх бизнесийн салбарууд уналтад орох нь. Магадгүй ингэж хааж боогдуулсан шийдвэр гаргаад байвал Монгол Улс Хойд Солонгос шиг л болно биз дээ. Энэ рүү л чимээгүйхэн явж байна гэсэн үг. Өнөөдөр автомашины бизнесийг хүчээр хаалаа гэхэд маргааш өөр шийдэж чадахгүй асуудал гарч ирэхэд түүнийг яаж шийдэх вэ. Ийм байдлаар явахыг Монголын ард түмэн хүлээн зөвшөөрч байгаа юм уу гэсэн асуудал ч гарч ирж байна.

-Тодорхой шийдвэр гаргахад мэдээжийн хэрэг асуудал хөндөгдөж байгаа хүмүүст тодорхой хугацааны өмнө танилцуулж, мэдэгдэх ёстой. Гэтэл та бүхэнд огт мэдэгдэхгүйгээр энэ долоо хоногт гэнэтийн шийдвэр гаргажээ. Үүн дээр таны байр суурийг сонсмоор байна?

-Бид өчигдөр л хэвлэл мэдээллийн хэрэгслээс мэдээ харж мэдлээ. Орлогч дарга гээд шинэ нөхөр өөрөө ч асуудлаа бүрэн гүйцэд ойлгоогүй төдийгүй тайлбарлаж байгаа зүйлээ ч бусдад зөв ойлгуулж чадахгүй байна. Би өөрөө төрийн албанд хориод жил ажилласан туршлагатай. 2017 оноос эхлээд энэ салбарт ажиллаж байна. Уг нь бол хууль журмаа дагаад явбал бизнес эрхлэгчид, төрийн бус байгууллагуудтайгаа ирж уулзаад нэгдсэн шийдвэрт хүрсэн бол бид үгүй гэхгүй харилцан зөвшилцөх байсан. Машины бизнес гэдэг хугацаатай бизнес бас их өвөрмөц онцлогтой. Бид үйлдвэрлэгч орон биш Японоос худалдаж аваад импортоор оруулж ирдэг. Гэтэл гааль дээр тээврийн гацаа үүсчихсэн 4 сард захиалсан машинаа ч Тяньжинаас авч амжаагүй байна. Ийм шийдвэр гарахыг мэдээгүй учраас Японд авчихсан зөндөө машин байна. Гэтэл бидэнтэй ярьж тохиролцсон зүйл юу ч байхгүй.

Хэрэв Төрийн төлөөлөл ширээний ард суугаад “Нийгмийн тулгамдсан асуудлаас болоод одоохондоо богино хугацаанд үүнээс өөр гарц гаргалгаа алга. Та бүхэн бизнес эрхлэгчдэдээ хэл, бид бас бизнес эрхлэгчиддээ хэлье. Энэ хугацаанаас цааш та бүхэн машин аваад хэрэггүй юм байна, хохирох нь байна шүү” гэсэн бол бид Төрөөс цаашид гаргах богино бөгөөд дунд, урт хугацааны бодлогод тохируулан үйл ажиллагаа явуулах боломжтой байсан.

Үнэндээ энэ асуудлын эх сурвалж нь юу вэ гэхээр өнгөрсөн оны 12 дугаар сард Х.Нямбаатар УИХ-д яаралтай гурав хоногийн дотор баталсан “Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах” гэсэн урт нэртэй хуулиас эхтэй. Тэгтэл тэр хуулинд нь нийслэлд олгох импортын автомашины дугаарын хязгаарлалтыг Нийслэлийн Засаг дарга олгоно гэсэн зохицуулалт оруулсан байдаг. Үүний дагуу энэ нөхөр хоёрдугаар сарын 8-нд НИХ-аар оруулаад журам батлуулчихсан. Тэр үед бид эсэргүүцлээ илэрхийлээд хэвлэлийн хурал хийгээд ширээний ард сууя гэж очсон. Гэтэл үүнийг замхруулаад одоо хүчээр шийдэх гэж байна. Өчигдрөөс хойш надтай дугаар үйлдвэрлэгчдийн холбоо, автомашины бизнес эрхлэгчид гээд маш олон хүн утсаар холбогдож, “Та одоо бидний эрх ашгийг хамгаалаад ярилцаач дээ. Яах вэ? Бид эсэргүүцэл үзүүлэх үү, бүр болохгүй бол машин тэрэгтэйгээ жагсъя гэж байна. Би хариуд нь тэдэнд “Хуулийн хүрээнд асуудлаа болгох талаас нь судалъя. Бид та бүхний өмнөөс гараад эсэргүүцэл үзүүлнэ гэхээс илүүтэйгээр хуулийн хүрээнд зөвшилцөж ойлголцох юм юу байна, тэр талаас нь шийдье” гэж байгаа. Энэ нь өөрөө Үндсэн хуулиа зөрчиж байгаа асуудал. Дээрх асуудлаар сонгуулийн дараа ширээний ард суугаад ярилцах болов уу гэсэн чинь үгүй л байна.

-Өнөөдөр энэ хашаанд байгаа машинууд бүгд дугааргүй байна. Энэ дугаарын асуудлыг яаж шийдэх вэ? Мэдээж хэрэг бүгд арваннэгдүгээр сарын 8-наас өмнө зарагдахгүй нь тодорхой шүү дээ?

-Одоо Монголд ороод ирчихсэн машинуудаас гадна цаана ирж байгаа машинууд бас байна. Энэ асуудлууд нь эргээд өч төчнөөн өр зээлтэй бизнес эрхлэгчид тэсэрч, хагараад нийгэмд асуудал үүсэх байхгүй юу. Тэгэхээр энэ бүхнийгээ тооцож үзээд шат дараатай асуудлыг шийдэж, хамтран ажиллаад явсан бол асуудал үүсэхгүй байх боломж байсан.

-Өдөрт хэдий хэр машин борлогддог вэ?

– Машин чинь өөрөө талх биш, жижиглэнгийн бараа биш тодорхой хэмжээний үнэтэй. Тиймээс өдөрт тэд, сард тэд гэсэн тодорхой тоо гарах боломжгүй.

-Одоо номергүй машин хүн авбал яах вэ?

-Мэдэхгүй шүү дээ. Тэр шийдвэр гаргасан хүн нь өөрөө мэдэхгүй байхад би хариулж мэдэхгүй байхгүй юу. Хязгаарлалаа гэж бодоход тэр авахыг хүсч байгаа иргэн бас эрхээ хязгаарлуулж байна. Энэ өнцгөөс нь хүмүүст сайн ойлгуулмаар байна. Тэгтэл яаж байна гэхээр энэ хотын удирдлагууд ч гэдэг юмуу дарга нар өөрсдөө түгжрэл ихэсчихлээ. “Энэ ченжүүд япон машин ихээр оруулж ирж борлуулснаас болж буруу рультэй япон машин түгжрэл бий болгож байна. Харин энэ асуудлыг МАН, эсвэл тэр дарга мундаг тул шийдэх гэж байна. Энэ дайснуудыг л устгах хэрэгтэй юм байна” гэх пиар маягийн юм хийж байна. Гэтэл ийм маркетинг хийлээ гэхэд маргааш та машин авахад, таны хүүхэд машин авахад тэр эрхээ давхар хязгаарлуулж байна гэсэн үг. Үүнийг ухаж ойлгуулах зүйл дээр нийгмийг соён гэгээрүүлэх үүрэгтэй хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид ажиллах ёстой.

-Нөгөө талаас Улаанбаатар хотод амьдарч ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүс Улаанбаатарын харьяа дугаар авахгүй юм аа гэхэд орон нутгийн дугаар авах нөхцөл үүсч таарна. Гэтэл орон нутгийн дугаартай хүмүүс хоногийн таван мянган төгрөг төлөх журамтай. Энэ нь төрийн халаасанд мөнгө хураах бас нэг хэлбэр болж харагдаж байна?

-Ер нь бол тийм. Гол асуудал л наадах чинь шүү дээ. Төр гэдэг бол тухайн нийгмийнхээ асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй. Шийдвэрлэж чадахгүй сүүлийн гучин жил өнгөрөхөд олигтой зам ч бариагүй. Харин эсрэгээрээ авлига л бий болж байна. Авлига аваад тэр нийгмийн баялгаас хулгай хийсэн дарга нар шийтгэл хүлээгээд дараагийн залгамж нарт сургамж өгөх үйлдэл нэг ч байхгүй. Тиймээс ч эцсийн арга хааж боогдуулах л арга гэж бодоод байна. Тэр хааж боолгож байгаа нь ихэвчлэн жирийн иргэд шүү дээ, бизнес эрхэлж байгаа нь эрсдэлээ үүрээд гарч байна. Муугаар бодоход жилийн дараа, хоёр жилийн дараа таны хүүхэд, миний хүүхэд машин авах гэхэд “Та Улаанбаатарт машин авах эрхгүй” гэнэ. Энэ чинь нийгмийг ялгаварлан гадуурхаж байгаа хэрэг байхгүй юу. Яаж вэ гэвэл боломжтой хэсэг нь зөв рультэй европ машинаа худалдан авч чадна. Гэхдээ боломжгүй хэсэг нь машин унах эрхгүй, та явган яв гэдэг л зүйлтэй нүүр тулна гэсэн үг.

-Утасны дугаар 9911-тэй нь үнэтэй барьцаа хөрөнгө болно гэдэг шиг машины дугаар жирийтэл нь өрчихөөд зарна гэсэн бизнесийн зарууд дэлгэрлээ гэж байна?

-Тэр дугаарын бизнес гэдэг чинь аль эрт эхэлсэн асуудал. Харин дуудлага худалдаагаар маш үнэтэй дугаарууд зараад байна. Тэндээс маш их төсөв хүүхдийн санд ч гэнэ үү ороод байгаа юм билээ. Тэрийг бас ухаад үзвэл зүгээр байна. Гэтэл тэр мөнгөөр юу хийх гэж байна, нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдэж болох ч шийдэхгүй байна. Бүгд л хулгайн замаар орж байна. Гэтэл тулгамдсан асуудлыг шийдэх арга нь ерөөсөө хааж боох байна. Тэр үнэтэй азын дугаарууд нь хэдийнэ 40-50 сая хүрсэн шүү дээ. Одоо тэр энгийн дугаарууд үнэд хүрэх гэж байна.

-Энгийн дугаарууд 40-50 мянга байдаг бол одоо шууд утгаараа Улаанбаатарын дугаарын үнэ суга өсөх нь дээ?

-Энэ шийдвэрийн үр дүн дахиад нэг нугалаа. Буруу шийдвэрээс үүдэлтэйгээр ийм нийгмийн завхрал үүсгэж байна.

– Хүн хотын захаас очоод машин авах, эсвэл дассан сурсан газараасаа машин авах бас өөр л дөө?

-Манайх бол Монголын анхны авто зах. Үүн дээр тулгуурлан дагалдах бизнесүүд нь хөгжчихсөн. Ганцхан “Да хүрээ”-г хүчээр нүүлгэе гэхээр бусад сэлбэг зардаг хүмүүсийн эрх ашиг хөндөгдсөн юм байна лээ. 2018 онд судалгаа харж байхад 6000 орчим бизнесийн эрх ашиг, асуудал хөндөгдөж байна гэсэн тоо баримт гарч байсан шүү.

-Танай холбооны хүмүүс болон энэ бизнестэй холбоотой хүмүүс өчигдрийн мэдээнд ямар сэтгэгдэлтэй байна вэ?

-Бүгд л одоо яах вэ гэж байсан. Зарим нь хүчээр шийдье, тэмцлийн хурц хэлбэр лүү шилжье, эд нар яахаараа ингэдэг юм гэсэн байр суурьтай байна. Харин манай холбооны хувьд хуулийн хүрээнд нь боломжит хувилбараар болдог бол яриа хэлэлцээрийн түвшинд л шийдье гэсэн байр суурьтай байгаа. Хэрэв энэ чигээрээ явна гэвэл тэр олон хүмүүсийн уур уцаарыг дарж чадахгүй шүү дээ.

Бидний яриа энд хүрээд өндөрлөсөн юм. Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг ченжүүд эсэргүүцэж байгаагаа хэлж, энэ үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн зүйл заалтыг зөрчиж байна гэдгийг хэлсэн юм.

Тухайлбал, “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн заалтыг зөрчиж, нийгмийг талцуулж байна гэж тэд дүгнээд, “Да хүрээ” захад эсэргүүцлийн давлагаа эхэлсэн гэдгийг дамжуулсан юм.

Н.Саранчимэг

 

 

Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨМЖ: Пийшин, зуухыг зөв галлаж, утааг сайн гаргах нөхцөлийг хангах хэрэгтэй DNN.mn

Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах үүднээс дараах зөвлөмжийг хүргэж байна.

Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмж:

  • Пийшин, зуухыг зөв галлаж, утааг сайн гаргах нөхцөлийг хангах хэрэгтэй. Зуухны янданг тогтмол цэвэрлэж, бөглөрсөн эсэхийг шалгаарай,
  • Угаарын хийн мэдрэгч суурилуулах,
  • Угаарын хий (CO) мэдрэгчийг гэртээ суурилуулж, ажиллах нөхцөлийг хянах нь чухал. Энэ нь аюулыг эрт мэдэхэд тусална.
  • Өрөөний агаар сэлгэлт хийх:
  • Тогтмол өрөөндөө агаар сэлгэлт хийж, агаарын чанарыг сайжруулах хэрэгтэй. Утаа гарсан үед цонх, хаалгыг онгойлгож агааржуулах нь чухал,
  • Газын болон нүүрсний зуух, халаагч төхөөрөмжүүдийг зааврын дагуу ашиглаж, тэдгээрийн аюулгүй ажиллагааг тогтмол шалгах хэрэгтэй.

Угаарын хий мэдрэгчийн аюулгүй байдал:

  • Улаан гэрэл асвал угаарын хийн аюултай түвшинд илэрсэн тохиолдолд анивчиж дохиолол дуугарна. Энэхүү дохиолол нь танай гэр, байшинд угаарын хийн хуримтлагдаж, угаартах эрсдэл үүсэж байгааг илтгэнэ.
  • Ногоон гэрэл 30 секунд тутамд анивчвал уг төхөөрөмж зөв ажиллаж байгааг илтгэнэ.
  • Шар гэрэл мэдрэгч гэмтэлтэй үед шар өнгийн гэрэл анивчиж дохиолол дуугарна.

Дохиолол дугарсан үед яах ёстой вэ?

  • Түргэн дуудах
  • Хаалга болон цонхыг нээх, цэвэр агаарт аль болох хурдан гарах
  • Гэрийн бүх гишүүдээ бүртгэх
  • Хариуцсан байгууллагын хүмүүс ирж тухайн нөхцөл байдалд арга хэмжээ авахаас гэр рүүгээ буцаж орохгүй байх

Угаарын хий нь өнгөгүй, үнэргүй, амтгүй учир иргэд өөрсдийгөө угаартаж байгааг мэддэггүй аж. Иймээс угаарын хий мэдрэгчээ тогтмол шалгаж байх нь зүйтэй юм.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрийн байдлаар 180 ус түгээгүүрийг автоматжуулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна DNN.mn

Өнөөдрийн байдлаар 180 ус түгээгүүрийг автоматжуулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Уг ажил дуусахад Улаанбаатар хотын хэмжээнд нийт 331 ус түгээгүүр ухаалаг, 24 цагийн үйлчилгээнд шилжинэ. Тэгвэл өвлийн улиралд иргэд ухаалаг ус түгээгүүрийн тоног төхөөрөмжийг цохиж гэмтээх, эвдэх явдал цөөнгүй гарч байгааг УСУГ-аас анхааруулж байна. Энэ талаар УСУГ-ын харьяа Шугамаар ус хангах албаны дарга Б.Баярбилэгээс тодрууллаа.

Тэрбээр “Улаанбаатар хотын 6 дүүрэгт төвлөрсөн шугамд холбогдсон 328 ус түгээгүүр байдаг. Үүнээс 151 ус түгээгүүрийг 2016-2022 оны хооронд үе шаттайгаар автоматжуулсан бол 2022 оны нэгдүгээр сараас АНУ-ын Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр үндсэн 180 ус түгээгүүрийг автоматжуулах, тоног төхөөрөмж суурилуулах ажлыг хийж, төслийн үе шат өнөөдрийн байдлаар 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Төсөл дууссанаар Улаанбаатар хотын хэмжээнд нийт 331 ус түгээгүүр ухаалаг, 24 цагийн үйлчилгээнд шилжинэ. Энэхүү ухаалаг систем нэвтэрч байгаатай холбоотойгоор иргэд тухайн тоног төхөөрөмжтэй зөв харьцах, тэдгээрийг гэмтээхгүй байхад анхаарахыг уриалж байна” гэлээ.

Нийт ухаалаг ус түгээгүүрийг УСУГ-ын Хяналт, удирдлагын төвөөс бүрэн хянаж удирдах боломжтой. Мөн ус түгээгүүрүүдийн орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор бүрэн камержуулжээ. Харин усыг зөөврийн автомашинаар түгээдэг нийт 380 орчим ус түгээгүүр байна. Эдгээр ус түгээгүүрийг ирэх оноос автоматжуулахаар төлөвлөж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод нэвтрээд буцаж гараагүй хөдөө орон нутгийн дугаартай 49.3 мянган автомашин байна DNN.mn

Энэ оны есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 23-ны өдрийн байдлаар нийслэлийн товчоодоор нийт 1,058,514 тээврийн хэрэгсэл орж, 705,968 тээврийн хэрэгсэл гарсан байна. Үүнээс Улаанбаатар хотын дугаартай тээврийн хэрэгсэл 867 мянга, хөдөө орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэл 182.7 мянга нэвтэрсэн бол Улаанбаатар хотын дугаартай 572,791, хөдөө орон нутгийн дугаартай 133,177 тээврийн хэрэгсэл хотоос гарчээ.

Харин нийслэлийн товчоодоор буцаж гараагүй хөдөө орон нутгийн дугаартай 49,337 тээврийн хэрэгсэл хотод байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Р.Маамаахүү: Усны картыг цэнэглэх олон төрлийн сонголттой болно DNN.mn

Иргэдийн дунд усны картаа буруу цэнэглэснээс болж цэнэглэлт ус авах үед ордоггүй асуудал хяналтын төвд ирдэг байна. Тиймээс усны картыг цэнэглэх олон төрлийн сонголттой, хэрэглэгчид зориулсан аппликейшн гарах гэж буй талаар УСУГ-ын харьяа Шугамаар ус хангах албаны тооцооны нягтлан бодогч Р.Маамаахүү мэдээлэл өглөө.

Тэрбээр “Ухаалаг ус түгээгүүрээр үйлчлүүлэхдээ иргэд усны картаа буруу цэнэглэснээс болж картын цэнэглэлт ус авах үед ороогүй гэдэг асуудлаар Хяналт, удирдлагын төвд дуудлага нэлээд ирүүлдэг. Тэгвэл удахгүй усны картыг цэнэглэх олон төрлийн сонголттой болно. Нэгт, иргэд ус авахдаа хэрэглэгчид зориулсан гар утасны аппликейшнд бүртгэлтэй утасны дугаарыг ус түгээх байранд хийснээр ус авч болно. Хоёрт, гар утасны аппликейшнээр ус түгээх байраа цэнэглээд ус авах боломжтой. Гуравт, усны картаар ус авах боломжтой” гэв.

Ус авах зориулалтаар ашиглах хэрэглэгчдэд зориулсан аппликейшнийг үйлчилгээнд удахгүй нэвтрүүлэх аж.

Categories
мэдээ нийгэм

Петровис ШТС-аас 120-н автобусны буудал хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ DNN.mn

Хан-Уул дүүрэг Петровис ШТС-аас 120-н автобусны буудал хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ

Categories
мэдээ нийгэм

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг саатуулан шалгаж байна DNN.mn

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг АТГ-аас өчигдөр /10.24/ 48 цагийн хугацаатай хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.  Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1.3 дах хэсэгт зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ. Тус зүйл ангид “Улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон” гэж заасан байдаг. Н.Баяртсайханыг 2016 оны долдугаар сараас 2019 оны арваннэгдүгээр сарын хооронд Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа “Капитал” банканд тавих хяналтаа сулруулснаас тус банк дампуурч Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын санд 240 тэрбум төгрөг, харилцагч, хадгаламж эзэмшигчид их хэмжээний хөрөнгөөрөө хохироход хүргэсэн хэмээн буруутган өмнө нь хууль хяналтын байгууллагаас шалгаж байсан юм.

Н.Баяртсайхан нь  УИХ-ын анхдугаар сонгуулиас хойш Монголын парламентад гурван удаа сонгогдож, УИХ-ын гишүүн, Сангийн сайд болон Монголбанкны ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан юм.

 

Эх сурвалж:www.polit.mn

Categories
мэдээ нийгэм

Энхийг сахиулагчдын ээлжит цуваа Өмнөд Суданыг зорилоо DNN.mn

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж байгаа НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр Монгол Улсын Зэвсэгт хүчний XIV ээлжийн мотобуудлагын батальоны хоёрдугаар цувраа 10 дугаар сарын 24-ний өдөр ажиллагааны газар орныг зорив. Энх цагт эх орныхоо бахархал нь болон гялалзаж яваа энхийг сахиулагчдыг үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн “Чингис хаан” онгоцны хөлгийн ахмад Б.Эрдэнэ-Уулаар ахлуулсан нисгэгч нар хүргэж өгөхөөр эх орноосоо хөөрлөө.

May be an image of 5 people

Энэ удаагийн цуврааг багийн захирагчийн орлогч, дэд хурандаа Т.Тулга ахлан ажиллагааны газар орныг зорьсон ба ЗХЖШ-ын орлогч дарга бригадын генерал Б.Баатар, ЗХЖШ-ын ахлагч, тэргүүн ахлагч Н.Баасан, ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Д.Мягмаржав нар энхийг сахиулагчдаа эх орноосоо хөөртөл нь хамт байв. Бригадын генерал Б.Баатар Монголын энхийг сахиулагчдын өнөөдрийг хүртэл тогтвортойгоор байгуулж яваа гавьяаг тодотгож, энэ хариуцлагатай үүрэг өнөөдөр та бүхний нуруун дээр ирж байна хэмээн офицер, ахлагч бүрийг эрч хүч нэмэгдүүлсэн урмын үгээр мялааж, ажиллагааны газар оронд эв найрамдалтай, нэгнээ ойлгодог, дэмждэг, бусадтайгаа нийцтэй байхад л бүх зүйл болно гэв. Мөн тэрээр монгол цэргүүд НҮБ-д хүлээн зөвшөөрөгдөж, бахархал болсон шалтгаан нь сахилга хариуцлага гэдгийг ч онцлон тэмдэглэж, энхийг сахиулагчдыг зорьсон газарт нь саадгүй хүргэхээр эх орноосоо мордож буй хөлгийн ахмад Б.Эрдэнэ-Уулаар ахлуулсан нисгэгч нарт чин сэтгэлийн талархал дэвшүүлсэн юм.

Энхийг сахиулагчдын дунд анх удаа ажиллагаанд явж байгаа, бүр эх орноосоо ч анх удаа хилийн дээс алхаж байгаа алба хаагч байх бол дадлага туршлагатай ажиллагааны туршлагатай алба хаагчид ч цөөнгүй байв. Тэд хамт олонч нөхөрсгөөрөө эрхгүй ялгарч байсан нь гар тээшийн ачаа 10 кг байх ёстой гэсэн шаардлагыг биелүүлж буйгаас ч харагдана лээ. Гар тээш нь 10 кг нь илүү гарсан нь дутуу нэгнийхээ цүнхэнд багцлан хийж, хэн нь ч ачаагаа үлдээж, сэтгэл дундуур үлдсэнгүй.

Хурандаа Д.Эрдэнэбилэг захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний XIV ээлжийн мотобуудлагын батальоны 50 хувь нь анх удаа үүрэг гүйцэтгэх гэж байгаа залуу офицер, ахлагч нар бөгөөд тэд эх орныхоо өгсөн үүрэг даалгаврыг өвөртөлж, аав ээж, хань ижил, үр хүүхэд, ахан дүүс, найз нөхдийнхөө ерөөлтэйгөөр ажиллагааны газар орныг зорьсоор байна гэж  Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна DNN.mn

Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг өнгөрсөн 7 дугаар сард эхлүүлсэн. Дээрх ажлыг гүйцэтгэгчээр “Рутан” ХХК ажиллаж байна. Дулааны шугамын ажлыг Улсын драмын театрын урд талбайгаас Монгол Улсын боловсролын их сургуулийн баруун талын зам хүртэл 950 метр талбайд хийнэ.

Өнөөдрийн байдлаар дулааны шугамын ажил Улсын драмын театраас “Сонгдо” эмнэлгийн баруун тал хүртэл, ХХБ-ны зүүн хойноос Боловсролын их сургуулийн баруун тал хүртэл хийгдээд байна.

Үлдсэн хэсэг болох “Сонгдо” эмнэлгийн баруун талаас ХХБ-ны зүүн хойд Энхтайваны өргөн чөлөөний авто зам хүртэлх хэсэг шугамын ажил хийгдэж амжаагүй тул Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ жил нэмж авто зам, явган зам сэтлэх зөвшөөрөл өгөхгүй байхаар шийдвэр гаргасан юм.

Гэвч “Рутан” ХХК нь 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Зоригийн гудамжны авто зам, ХХБ-ны зүүн талын авто замыг зөвшөөрөлгүй сэтлэн дулааны шугамын ажил гүйцэтгэснээс үүдэн авто замд эвдрэл үүсэж, зорчих хөдөлгөөнд саад учраад байна.

Үүссэн асуудалтай холбогдуулан цагдаагийн байгууллагаас “Рутан” ХХК-д зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч, гаргасан зөрчлийг арилгуулна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Анхбаяр: Газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил ирэх тусам 5-10 хувиар нэмэгдэж байна DNN.mn

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяраас түлш, шатахууны нөөцийн талаар тодрууллаа.


-Манай улсын шатахуун, түлшний нөөц хэр байна вэ?

-Монгол Улсын хэмжээнд өнөөдөр/өчигдөр/-ийн байдлаар АИ92 төрлийн авто бензин 25 орчим хоног, түлш 25 хоног, АИ95 бензин 45 хоногийн нөөцтэй байна. Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас 2025 онд аж ахуйн нэгжүүдийн бүрдүүлэх ёстой нөөцийн хэмжээг оруулж батлуулсан. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулиар аж ахуйн нэгжүүдийг 30 хоногийн нөөцтэй байх шаардлагыг тавьдаг. Тиймээс энэ хуулийн хүрээнд аж ахуйн нэгжүүд 30 хоногийн нөөц буюу ноднин жилийн хэрэглээн дээр суурилсан нөөцийг бүрдүүлэх учиртай. Ингээд газрын тосны манай улсад үйл ажиллагаа явуулдаг 64 аж ахуйн нэгж нийт 180 мянган тоннын нөөцтэй байлгахаар Засгийн газрын тогтоол батлагдсан. Энэ тогтоолд АИ92 бензин 60 мянга, түлш 110 мянга, онгоцны түлш 5.5 мянга, шатдаг хий 3.5 мянган тонныг нөөцлөх ёстой гэж тусгасан. Тиймээс компаниуд 2025 онд ийм хэмжээний нөөцийг бүрдүүлэх ёстой юм.

-Одоо байгаа нөөц маань өвөлжилт, газар тариалангийн ажлын үед ямар нэгэн асуудал гарахгүйгээр хангалттай байна гэж ойлгож болох уу?

-Бид энэ оны есдүгээр сард газрын тосны бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлэх талаар ОХУ-тай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хийсэн. Энэ хэлэлцээрийн дагуу ОХУ Монгол Улсад газрын тосны нийлүүлэлтийг ямар нэгэн байдлаар тасалдуулахгүй байх үүрэг хүлээсэн. Манай талаас өөрсдийнхөө захиалгыг өгнө. Өвөлжилтийн бэлтгэл ажил болон газар тариалангийн ажилд дизель түлш ихээр шаардагддаг. Одоогийн байдлаар улсын хэмжээн дэх нөөц хангалттай байна. Ойролцоогоор 90 орчим мянган тонн түлш байгаа.

-Түрүүн хэлсэн 180 мянган тонн гэдэг нь сарын нөөц юм байна. Тэгэхээр манай улсын жилийн хэрэглээ хэр байдаг вэ?

-Энэ 180 мянган тонн гэдэг чинь 30 хоног буюу нэг сарын нөөц гэсэн үг. Энэ дотроо АИ92, авто болон онгоцны түлш, АИ95 гээд бүх бүтээгдэхүүн орно. Төрөл тус бүр дээрээ 30 хоногийн нөөц гэсэн үг. Харин хэрэглээнээсээ хамаараад өөр өөр байна. Манай улсын энэ төрлийн бүтээгдэхүүний хэрэглээ жил ирэх тусам 5-10 хувиар нэмэгдэж байна. Ноднин жил манай улс нийтдээ 2.1 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэсэн. Харин энэ жил энэ тоо 2.3 сая тонныг давах нь гэсэн прогнозтой байгаа. Тэгэхээр жил бүр нэмэгдэж байгаа хэрэглээн дээрээ тулгуурлаад дараа жилийн нөөцийнхөө тогтоолыг батлуулж гаргадаг юм.

-Газрын тосны нөөцийн савыг нэмэгдүүлэх тал дээр салбар яамнаас ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт энэ талаар тусгагдсан байгаа. Ингэхдээ 3-6 сарын нөөцийн агуулахыг барьж байгуулах зорилтот ажлыг тусгасан. Тус улсын өмчит хадгалах савыг аль болох хилийн бүс болон Өмнөговь аймаг, Улаанбаатар хот гэсэн байршлуудад байгуулах юм. Энэ ажлыг ирэх дөрвөн жилийн хугацаанд хийж гүйцэтгэх төлөвлөгөөтэй.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ