Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗГ: Хиймэл оюунд суурилсан мэдээллийн хөтчийг сурган, хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ DNN.mn

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг иргэдэд хүртээмжтэй мэдээлж, сурталчлах зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан чатбот нэвтрүүлж буй талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

“Их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих дашбоард”-ын мэдээллийг Улсын Их Хурал, түүнээс удирдлага нь томилогддог байгууллага болон төрийн захиргааны байгууллагын холбогдох эрх бүхий албан тушаалтан танилцах боломжийг бүрдүүлэхийг үүрэг болголоо.

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 14 мега-төслийн хэрэгжилт, түүний явцын талаарх мэдээллийг төрийн байгууллагын нэгдсэн https://www.gov.mn/ хуудсаар дамжуулан танилцуулж, иргэдийн саналд хүсэлтийг авах, хиймэл оюунд суурилсан мэдээллийн хөтчийг сурган, хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм.

Мөн Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийн системд дахин давтагдах шинжтэй болон өмнө нь шийдэгдэж байсан асуудлаар иргэдийн хандалтад шууд хариулах, төрийн байгууллагын үйл ажиллагааны талаарх мэдээлэл, зааварчилгаа өгөх боломжийг хиймэл оюун ухаанд суурилж бүрдүүлэх нь зүйтэй гэлээ.
 
Товч мэдээ
·      “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замыг хамтран барихтай холбоотойгоор БНХАУ-ын “Чайна энержи групп” компаниас ирүүлсэн хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, нүүрсний худалдаа, нүүрсний уурхайн
хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааг цогцоор шийдвэрлэх тухай хүсэлтийг судалж Улсын Их хурал, Засгийн газарт танилцуулж, холбогдох хуулиуд, мөн УИХ-ын 2023 оны 68 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах, шаардлагатай тохиолдолд тусгайлсан хуулийн төсөл боловсруулж энэ оныарваннэгдүгээр сард багтаан шийдвэрлүүлэхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарт тус тус даалгалаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирал болон удирдлагын багийг нээлттэй сонгон шалгаруулна DNN.mn

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны аравдугаар сарын 30-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн менежментийн багийн сонгон шалгаруулалтын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Компанийн үйл ажиллагаа өргөжин тэлэхийн хэрээр олон улсын сайн туршлага, олон улсын мэргэжлийн түвшний хүний нөөцийн хэрэгцээ нэмэгдэж байна. МХБ-ийн хувьд дэд бүтцийн системийг шинэчлэх, зах зээлийг тэлэх, хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, олон улсын шилдэг туршлагад үндэслэн компанийн үйл ажиллагааны үр ашиг, орлогыг нэмэгдүүлэх, тогтвортой өсөлтийг хадгалах, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулах, дэд бүтцийн эрсдэлийг зохистой түвшинд тогтмол байлгах зэрэг зах зээлийн шаардлага үүсээд байна.
Гүйцэтгэх захирал болон удирдлагын багийн нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлах ажлыг тус компанийн төлөөлөн удирдах зөвлөл зохион байгуулна. Компанийн удирдлагын багийг олон улсад нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгож, олон улсын сайн туршлагатай, чадварлаг хүний нөөц бүрдүүлэх боломжтой юм.
Нээлттэй сонгон шалгаруулалтын урилгыг энэ онд багтаан Хөрөнгийн биржийн цахим хуудаст нийтэлнэ. Мөн олон оролцогчийн оролцоог хангах үүднээс дотоодын болон олон улсын мэдээллийн агентлагуудаар дамжуулан зарлах ажээ.

Categories
мэдээ нийгэм

ДАШТ-д С.Цэрэнчимэд алтын төлөө барилдана DNN.mn

Албанийн нийслэл Тирана хотод болж байгаа чөлөөт бөхийн олимпын бус жингийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн барилдааны медалийн төлөө барилдах бөхчүүдийн нэрс тодорлоо6

59 кг-ын жинд С.Цэрэнчимэд гялалзтал сайхан барилдаж, алтан медалийн төлөө шалгарлаа. Манай бөх эхний тойрогт Мексикийн Ривера Арриагаг 10:0, дараа нь Канадын  Лоуренс Борегарыг 8:8, Азербайжаны Алена Колесникийг 9:0 илт давамгайлж, хагас шигшээд Энэтхэгийн Манси Мансиг 4:1 ялж, финалд шалгарлаа. Түүний өрсөлдөгч нь Японы олимп, дэлхийн аварга Рисока Кавай. С.Цэрэнчимэд 2014 онд дэлхийн аварга болж, 2015 онд мөнгөн медаль авч байлаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эвдэрсэн явган хүний замуудыг нөхөн сэргээн засварлаж байна DNN.mn

Авто зам, инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэлийн хүрээнд эвдэрсэн явган хүний замуудыг нөхөн сэргээн засварлаж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.

Хуралдаанаар:

  1. Оюутолгой төслийн явцын талаар
  2. Байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн талаар
  3. Газрын тосны боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаар
  4. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг иргэдэд хүртээмжтэй мэдээлж, сурталчлах зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан чат бот нэвтрүүлэх талаар
  5. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төсөл-Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан холболтын төмөр замын төслийн талаар
  6. “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн менежментийн багийн сонгон шалгаруулалтын талаар хэлэлцэх юм.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр хур тунадас орно DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 30-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр хур тунадас орно.

2024 оны аравдугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн салбар уулс, говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 0-5 хэм хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.


2024 оны аравдугаар сарын 31-нээс 2024 оны арваннэгдүгээр сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-р сарын 01-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас, 02-нд нутгийн зарим газраар, 03-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 2-нд нутгийн зарим газраар, 03-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 4-9 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 4 хэмийн хүйтнээс 1 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 хэмийн хүйтнээс 1 хэмийн дулаан, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хурандаа Д.Цээсэд: Эрхийг нь зөрччихнө гээд аав, ээж нь ч хүүхдүүддээ үг хэлж чадахгүй болжээ DNN.mn

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хурандаа Д.Цээсэдтэй ярилцлаа. Тэрбээр 2000-2006 он хүртэл Зайсан дахь Насанд хүрээгүйчүүдийн хорих ангийн даргын албыг хашиж байсан билээ.


-Таныг Зайсан дахь Насанд хүрээгүйчүүдийн хорих ангийн даргаар ажиллаж байх үед хүүхдүүд голдуу ямар шалтгааны улмаас хоригдож байсан бэ?

-Манай оронд ардчилсан хувьсгал ялсны дараа бүх зүйл өөрчлөгдсөн. 1990-2000 онд монголчуудын дунд хавтгайрсан архидалт газар авсан. Архи уудаггүй хүн ч архинд орсон. Айлд орсон ч, албан байгууллагад орсон ч “Архи уух уу”, “Пиво уух уу” л гэж асуудаг байлаа. 1990-2000 оны хооронд эцэг эхчүүд хүүхдэдээ анхаарал халамж тавих нь эрс багассан. 1980, 1990 оноос хойш төрсөн, хөдөө орон нутгийн зарим хүүхдүүд сургуулиа орхиж, мал дээр гараад, хот суурин газрын хүүхдүүд эзэнгүйдэж, бага зэрэг зэрлэгшиж эхэлсэн. Намайг 2000 онд “Хүүхдийн хорих” газрын даргаар очиход тэнд 100 гаруй хүүхэд хоригдож байсан. Тэдгээр хүүхдүүдийн тал нь бичиг үсэг мэддэггүй байсан, 70 хувь нь хулгай хийсэн, 20-30 хувь нь танхайрсан гэсэн шалтгаанаар хоригдсон байсан.

-Хүүхдүүд санамсар болгоомжгүйн улмаас хүний амь хохироосон тохиолдол гарч байв уу?

-Хүн амины хэргээр ганц хоёр хүүхэд л ял эдэлдэг байсан. Тухайн үед хулгай хийж амьдрахаас өөр аргагүй нөхцөл байдал бий болчихсон байлаа.

-Тухайн үед хүүхдүүдийн дунд танхайрах гэмт хэргийн гаралт өндөр байжээ. Хоромхон зуурын уураа барьж чадаагүйгээс хэн нэгний эрүүл мэндэд их, бага хэмжээний хохирол учруулах бүр амь насанд хүрэх тохиолдол өнөөг хүртэл байсаар л байна. Энэ нь юунаас болж байна вэ?

-Энэ төрлийн гэмт хэрэг их байна. Би залуучуудад бурууг өгдөггүй. Тийм үйлдэл хийсэн нь буруу боловч яагаад тийм зүйл хийх болов, хэн ийм байдалд оруулсан бэ гэдгийг бодолцож үзэх ёстой. Энэ нь бидний амьдарч байгаа нийгэмтэй нягт холбоотой.

Одооны 30-40 насны залуучууд гэдэг шилжилтийн үеийн хүнд нөхцөл байдлыг тойроод биш, туулаад гарсан хүмүүс. Хоёр машин санамсаргүй шүргэлцэхэд л жолооч нар нь машинаасаа бууж ирээд өөрийнх нь нүүр амыг зүсчихсэн юм шиг хүлээн авч хоорондоо зодолдоод, бие биенээ гэмтээх тохиолдол цөөнгүй байна. Ингэж байгаа нь өрөвдөлтэй. Бидний үр хойч ийм ч болчих гэж харамсдаг. Үүний буруутан нь бид өөрсдөө л дөө.

-Та өнөөгийн Монголын нийгмийн сэтгэл зүй ямар байна гэж хэлэх вэ?

-Нийгмийн сэтгэл зүй ямар байгааг хэлэхэд хэцүү л болчихсон байна. Юм бүхэн хоёр талтай байдаг хойно сайн ч юм байна, саар ч юм байна. Хүн хүнээсээ холдсон, хүнийг гэхээс илүү юмсыг хайрладаг тал руугаа орчихсон байна уу даа гэж хардаг. Эмнэлгээр үйлчлүүлэхэд хүртэл ялгамжтай байна. Төрийн эмнэлэгт үзүүлэхээр “Гайгүй дээ. Насных, насных” гэдэг. Хувийн эмнэлэгт очихоор “Та болохоо байчихжээ, хэвт, эмчлүүл” гэдэг.

Энэ хүмүүс мөнгө л бодож байгаа болохоос хүнийг бодохгүй байна. Эцсийн эцэст, энэ нийгмийг мөнгө л удирдаж байна. Нэрт зохиолч Лодонгийн Түдэв “Мөнгө маршал” гэж хэлсэн удаатай. Мөнгө хүнийг удирдах бус, хүн мөнгийг удирдах ёстой. Нийгэм солигдчихоор бүх зүйл өөрчлөгддөг юм байна. Б.Лхагвасүрэн гуайн толгой, хөл хоёрын тогтолцоо солигдсон тухай бичсэн шүлэг байдаг. Одоо яг л тийм болчихоод байна. Нийгмийн хөгжил хөлөө ололгүй, төр засгийн үйл ажиллагаа зүй зохистойгоор явалгүй олон жил боллоо. Дараагийн 30 жилд нийгэм сайхан болно гэж яриад л байна. Гэхдээ бид төр, засгийг хараад суугаад байж хэрхэвч болохгүй.

Ийм нөхцөл байдлаас гарахын тулд юун дээр анхаарвал зохих вэ?

-Хамгийн гол нь иргэн бүр ахуй амьдралаа сайжруулахын төлөө зүтгэх хэрэгтэй. Монголын нийгэмд хүн, юу ч хийгээд амьдарч болохоор байна. Яагаад гэвэл манай улсад дайн самуун дэгдээгүй, элдэв дарамт шахалт багатай, тайван амгалан байна. Харамсалтай нь, бид нийтээрээ ингэж чадахгүй байна. Хүүхэд багачуудыг хар нялхаас нь баяр ёслол, шоу цэнгээн, өргөмжлөл, одон медальд дуртай болгож байна. Үүнээс болж хүүхэд залуучууд хоорондоо муудалцаж, хэлэх хэлэхгүй үгээр нэгнээ хэлж байна. Энэ нь тэдний ирээдүйг харлуулж байна гэсэн үг. Өвөл болохоор хүмүүс “Хот утаа ихтэй байна” гэж ярьдаг. Энэ нь ч үнэн. Гэтэл сэтгэл санаа, оюун ухааны утааг өөрсдөө үйлдвэрлээд, үр хойч руугаа цацаж байна. Нүүрсний утаа багасаж болно. Харин хүүхэд, залуучууд руу цацсан хар утаа нэг хэсэгтээ арилахгүй, аюултай зүйл. Энэ утаанд хордоогүй хүмүүс зөв сайхан явж байгааг нийтээрээ харж байна. Хүмүүс нэгнээ шүүмжилж, шалгаж, хянаж болно. Гэхдээ соёлтой, зөв, баримт нотолгоотой байх хэрэгтэй.

-Монголын ирээдүй болсон хүүхдүүд эрхээ хасуулаад, өргөст торны цаана суухыг харах танд амаргүй байсан болов уу. Тэдний өмнөөс халаглах тохиолдол их гардаг байв уу?

-Тухайн үед ихэнх хүүхдүүд хулгай, танхайн хэргээр ял авдаг байсан. Тэдний дунд хүчингийн, хүн амины хэргээр ял авсан хүүхдүүд ч байсан. 14-17 насны хүүхэд манай хорих ангид ирдэг. Тэр хүүхдүүд 18 нас хүрээд л насанд хүрэгчдийн хорих анги руу шилждэг. Насанд хүрэгчдийн хорих руу явуулчихвал архагуудын муу нөлөөнд автах тохиолдол байдаг учраас зарим хүүхдүүд 20 нас хүртлээ хүүхдийн хориход хоригддог. Нэг хүүд тохиолдсон явдлыг ярья. Их томоотой хүү байсан юм. Хүү гэртээ ганцаараа унтаж байтал үеэл ах нь орж ирээд, хүүг сэрээх гэтэл босоогүй юм билээ. Угз татаад босготол унтаж байсан хүүгийн уур гэнэт хүрээд, ширээн дээр байсан хутгыг авч, үеэл ахынхаа гуя руу дүрчихсэн. Хүний гуя дотор артерийн судас гэж байдаг. Харамсалтай нь, дүрсэн хутга нь яг артерийн судсыг нь дайраад тэр дороо цус алдаад нас барчихсан. Тэр хүү 15 жил хоригдох ял авсан. Нойр нь сэрсэн, сэрээгүйн зааг дээр санаандгүй хийчихсэн үйлдэл шүү дээ. Үүндээ хүү өөрөө ч их харамсдаг. Өмнөөс нь бид ч их харамсдаг. Их сайн хүү байсан учраас мужаан, сийлбэрчин болоод, хугацаанаасаа 2-3 жилийн өмнө суллагдсан.

-Та хоригдож байсан хүүхдүүдэд хандаж юу хэлж захидаг байв?

-Би хүүхдийн хорих ангийн дарга байхдаа тэнд байсан хүүхдүүддээ “Та нар санаатай, санамсаргүй байдлаар гэмт хэрэг үйлдээд, төрийн хуулийн дагуу шийтгүүлээд, энд ирж байна. Хийсэн хэрэгтээ харамсах хэрэггүй. Өнгөрсөн зүйлийг яая гэх вэ дээ. Харин дахиад гэмт хэрэг хийхгүй, сайн сайхан явахыг л бодож, хичээх хэрэгтэй. Ингэхийн тулд нэгдүгээрт, биеэ бодоод, эрүүл саруул байж байгаад суллагдахыг бод. Хоёрдугаарт, энэ цагаа ашиглаад юм сур” гэж захиж хэлдэг байсан.

-Хүүхдүүд санаатайгаар гэмт хэрэг үйлддэггүй байх. Төлөвшөөгүй насан дээр нь ухааруулахын оронд бүхнээс тусгаарлаад хорих ч зөв шийдвэр биш болов уу. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Хүүхдийг шоронд хорьж болохгүй. Тиймээс би хөдөлмөр, хүмүүжил, сэтгэл зүйн тусгай сургалт явуулдаг сургууль байгуулах хэрэгтэй гэж бодоод, зөвшөөрлийг нь аваад, хорих ангид Хан-Уул дүүргийн 110 дугаар тусгай сургууль гэсэн статустай сургууль байгуулж, сургалт явуулсан. Хэрэв ингэвэл хүүхдүүд ямарваа нэгэн зүйлийн цаадах, наадахыг ойлгодог болж, элдэв хэрэгт орохгүй байх дархлаа бий болно гэж бодсон юм.

-Та ахмад хүний хувьд хүүхэд залуустаа юуг аминчлан анхааруулах вэ?

-Залуучууддаа захиж хэлэх зүйл минь гэвэл нэгдүгээрт, биеэ эрүүл байлгах хэрэгтэй. “Эрүүл биед саруул ухаан оршино” гэдэг. Элдэв муу зуршлаас татгалзаж, эрүүл амьдралын хэв маягтай байх хэрэгтэй. Хоёрдугаарт, сэтгэл санааны хувьд эрүүл байх хэрэгтэй. Гуравдугаарт, ном сонин уншиж байх хэрэгтэй. Ном уншдаггүй хүн ганцхан өөрийнхөө амьдралаар л амьдардаг бол ном уншдаг хүн мянган хүний амьдралаар амьдарсан байдаг гэж үг бий. Эцэст нь хэлэхэд, хамгийн чухал нь өөрийгөө таньж мэдэх, өөртэйгөө ажиллах явдал. Манай ард түмэн “Би дотор хүнтэйгээ нэг зөвлөлдчихье” гэж хэлдэг. Нарийн яривал, бурхан хүний дотор оршдог, амьдардаг. Хүн бүхэн өөрийнхөө өмнө, гэр бүлийнхээ өмнө, улс орныхоо өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагатай байдаг. Хүн хүнээ хүндэлж, хайрлаж, хүн хүндээ тус дэм болж амьдарвал хүний сэтгэл санаа амар амгалан, сайн сайхан байна. Хүнийг харааж, доромжилно гэдэг өөрийнхөө сэтгэлийг булингартуулж байна гэсэн үг. Тийм ч учраас өөрөө өөртэйгөө сайн “ноцолдох” хэрэгтэй.

Түүнчлэн хүүхэд, залуучууд уур уцаараа багасгах тал дээр өөртэйгөө ажиллах хэрэгтэй байна. Ухаанаа урд нь, уураа ард нь тавьдаг байх хэрэгтэй. Хүний амь насанд хохирол учруулна гэдэг хүний амьдралын болоод хүн чанарын эсрэг үйлдэл. Одооны залуучууд үг даахгүй, ачаа даахгүй, ааруул даахгүй гэж хүмүүс хэлдэг. Тухайн хүүхэд бие физиологийн онцлог болон төрж өссөн орчин нөхцөлөөсөө шалтгаалаад зарим нь ачаа битгий хэл ааруул ч даахгүй байна. Эрхийг нь зөрччихнө гээд аав, ээж нь ч хүүхдүүддээ үг хэлж чадахгүй болжээ. Хүүхдийнхээ өөдөөс ганц чанга дуугарчих л юм бол цагдаа сэргийлэх болоод явчихдаг. Энэ нь нүүдэлчин удамтай, хүүхэд хүмүүжүүлэх өвөрмөц зан заншилтай манай ард түмний шууд хэрэглэх арга биш. Харин ч хүүхдийн эсрэг, хүүхдэд буруу хүмүүжил олгож байгаа явдал. Хүүхдүүдийг хүнлэг бус, бусад хүнийг бүү хэл аав, ээжийгээ ч хүндэтгэдэггүй хачин араншинтай хүн болоход хүргэж байна гэж боддог.

Ө.Анхзаяа

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Америкууд “Танай эрчим хүчийг шийдээд өгье” гэж удаа дараа мэдэгдлээ. УИХ анхаарч байна уу DNN.mn

“Танай эрчим хүчийг шийдээд өгье” гэж АНУ-ын Элчин сайдын яамны зүгээс дөрөв дэх удаагаа мэдэгдлээ. Үүнийг Монголын төр засаг анзаарч байна уу. УИХ-ын зүгээс ач холбогдол өгч байна уу. Огт мэдэгдэхгүй байна. Өмнөөс өнөөх л Эгийн голын усан цахилгаан станцаа яриастай. Оросууд ингээд, тэгээд гэж Эгийн голын төслийг сүүлийн 30 жил, мянгантаа ярилаа. Тэртээх 1998 онд С.Зориг амь насаа алдахад “Эгийн голын төслөөс болсон юм биш үү” гэсэн анхны таамаглал гарч байлаа. Эгийн голыг ярихаар цаана нь оросууд л яригддаг. Өнөөдөр ч ярьсаар, бид хууртагдсаар байна. Эрчим хүчний шинэчлэл ярихаар л заавал хойд хөршийг ярьдгаа одоо больчих. Хойд хөршгүйгээр Монголын эрчим хүчийг ярья. Нарийн учир шалтгаан, үндэсний аюулгүй байдал, геополитикийн асуудлууд байгааг гадарлаж байна. Гэхдээ Америкчууд овоо босгоод өгсөн. Одоо овоон дээр нь шаазгай шиг шагширцгаая. Дэлхийн нэг номерын эдийн засаг, их гүрэн. Тэд худлаа ярьдаггүй. Америк санаачилга гаргачихаад байхад бид хөдлөх ёстой. Америкийг дуугарсан дээр нь ашиглая.

Шулуухан хэлэхэд, Оросын зүгээс Монгол Улсын эрчим хүчний бие даасан байдлыг шийднэ гэж байхгүйг бид бүгдээрээ мэднэ. Орос бол дайн хийгээд эдийн засгаа тамирдуулж байгааг олон улсын судлаачид бичээд, дүгнээд байгааг харж л байна. Сая ОХУ-ын ерөнхийлөгч Путин Монголд айлчлахдаа “Танай III цахилгаан станцыг чинь шинэчлээд өгье” гэж мэдэгдлээ. Энэ нь тэгээд Монголын эрчим хүчний бие даасан байдлыг хангачихсан хэрэг үү. Тэгж ярих юм бол 2022 оны есдүгээр сарын 21-ний өдөр АНУ-аас Монголд суугаа Элчин сайд Майкл Клечески АНУ-ын Засгийн газраас АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-аар дамжуулан АНУ-Монгол Улсын хамтын хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх түншлэлийн хүрээнд 3 сая ам.долларын (8.5 тэрбум төгрөг) нэмэлт санхүүжилт олгохоор болсон. Энэ нь эрчим хүчний шинэчлэлд зориулагдах боломжтойг мэдэгдсэн. Тэгсэн юу болов. Манайхан хамгийн найдвартай санхүүжилтээ тодорхойгүй орхиод, хамгийн найдваргүй түнш рүүгээ ханараад эхэлсэн. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн бүсийн захирал ноён Райан Уошберн 2022 оны 5 дугаар сард Монгол Улсад айлчлах үедээ “Эрчим хүчний засаглал (MEG) төслийн үйл ажиллагааг энэхүү санхүүжилтээр дэмжих болно. Уг төсөл нь хувийн хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх, орчин үеийн, цэвэр эрчим хүчний технологийн хөгжлийг нэмэгдүүлэх зорилгоор төлөвлөлтийг сайжруулж, зах зээлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой” гэж мэдэгдсэн. Гэтэл яагаад ийм боломжуудаа эрчим хүчин дээрээ ашиглахгүй “Оросууд, оросууд” гээд өнөөдөрт ирэв.

Монголын эрчим хүчний шинэчлэлийг Америкаас Монголд суусан үе үеийн Элчин сайдууд огтхон ч орхиогүй. 2023 онд Цэвэр эрчим хүчийг дэмжих тусламжийн хөтөлбөрийг АНУ-аас зарласан. 2023 оны тавдугаар сарын 17-ны өдөр АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID буюу ОУХА) нь цэвэр эрчим хүч рүү шилжих үйл явцыг хөнгөвчлөх замаар Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилго бүхий санхүүжилт, Монголын Эрчим хүчний судалгаа, инновацийн сангийн үйл ажиллагааг (MERI) эхлүүлж байгаагаа мэдэгдсэн. Тус санхүүжилтийн тусламжийн хөтөлбөр нь АНУ-аас Монгол Улсад эрчим хүчний засаглалыг сайжруулах таван жилийн хугацаатай, 12 сая ам.долларын санхүүжилттэй төслийн нэг хэсэг байсан юм. Монгол Улсын эрчим хүчний салбарыг илүү уян хатан, илүү тогтвортой болгон хөгжүүлэхэд чиглэсэн. Төслийн хүрээнд илүү өрсөлдөх чадвартай, санхүүгийн хувьд тогтвортой эрчим хүчний салбарыг хөгжүүлж, улмаар эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах, дотоодын эрчим хүчний хангамжийг илүү тогтвортой бөгөөд найдвартай болгох, сэргээгдэх эрчим хүчний төсөл хөтөлбөрүүдийг дэмжих зорилготой, Монгол Улсын төрийн болон хувийн хэвшлийн голлох түншүүдтэй хамтран ажлаа эхлүүлсэн. Одоо тэгвэл энэ ажлын үр дүн хаана явна.

Нөгөө л оросуудаа, Эгийн голын төслөө ярьсаар 2024 онтой золгосон. Монголд шинэ Элчин сайд нь ирчихсэн байна. Тэр хүн бол АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Ричард Л.Буанган юм. Энэ хүн мөн л Монголын эрчим хүчний бие даасан байдал, эрчим хүчний сэргэлт, шинэчлэлт онцгой анхаарч байна. 2024 оны аравдугаар сарын 1-ний өдөр АНУ-Монголын эрчим хүчний яриа хэлэлцээ албан ёсоор хийв. Дараа нь АНУ-Монгол Улсын Засгийн газраас хамтарсан мэдэгдэл гаргасан юм. Энэ мэдэгдлийг уншсан улстөрч байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Уг нь унших судлах, ажил хэрэг болгох нь Монголын эрх мэдэлтнүүдийн үүрэг хариуцлага баймаар. Тэгсэн энэхүү яриа хэлцлийн талаар ярьж байгаа дарга, цэрэг гарсангүй. Ядаж АНУ-Монголын Эрчим хүчний яриа хэлэлцээг нээсэн Элчин сайд Л.Буанганы хэлсэн үгийг ч анзаарсангүй. Элчин сайдын хэлсэн үгэнд чухал санаанууд бий. Тэрээр “Би Монгол Улсад Элчин сайдаар томилогдон ирснээсээ хойш манай хоёр орны харилцаа голлох чухал салбаруудад өргөжин тэлж байгааг харж байна. Хамтын ажиллагааны хамгийн чухал боломжуудын нэг нь Монгол Улсын эрчим хүчний салбар. Монгол Улс сэргээгдэх эрчим хүч болон ногоон технологийн чиглэлээр бүс нутгаа манлайлах асар их боломжтой. Хэдийгээр өнгөрсөн хугацаанд гарсан ахиц дэвшил зарим үед удаашралтай байсан ч Монгол Улс өнгөрсөн үеийн, тогтвортой бус нүүрсний станцаас ирээдүйн сэргээгдэх эх үүсвэр рүү шилжихэд шаардлагатай ажлыг хийж хэрэгжүүлэх хүндхэн шийдвэрүүдийг гаргахад бэлэн гэдгийг шинэ хамтарсан засгийн газраас харж байна. Эрчим хүчний дипломат ажиллагаа эрхэлсэн Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч Кимберли Харрингтоноор ахлуулсан манай Эрчим хүчний нөөцийн товчооны төлөөлөгчид Монгол Улсын Засгийн газрын гол төлөөлөгчидтэй уулзахаар АНУ-аас ирсэн. Монгол Улс хөгжлийн замналаа үргэлжлүүлж, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд цэвэр, тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой эрчим хүчтэй болох шаардлагатай. Энэ нь хувийн хэвшилд тулгуурласан хүчин чармайлт байх нь оновчтой. Хувийн хэвшил манлайлан бодит ажил болгож, түүнийг нь төр хамгаалж, хөхиүлэн дэмжсэнээр л амжилтад хүрэх юм. Иймд Монгол Улс эрчим хүчний зорилтууддаа хүрэхэд нь АНУ-ын зүгээс Монгол Улстай хэрхэн хамтран ажиллах боломжтой талаар бид ярилцана. Өмнө хэлсэнчлэн, эрчим хүчний аюулгүй байдал бол Үндэсний аюулгүй байдал. Монгол Улс үүнийг бүрэн утгаар нь ойлгож, хүлээн авах нь чухал. АНУ түншийн хувиар дэмжиж ажиллахад бэлэн байна” гэж хэлжээ.

Элчин сайд ингэж хэлэхээс өөрөөр санаагаа яаж ойлгуулах юм бэ. Одоо юу хүлээсэн юм бэ. Эдгээрийг ажил болгоход эрх баригч МАН-ын зүгээс хөдлөхгүй байгаа бол ядаж АН-ын УИХ дахь бүлгийн гишүүд санаачилгатай ажиллаач.

АНУ-ын зүгээс Монголд ажиллаж байгаа сүүлийн хоёр ч Элчин сайд мэдэгдэл хийхдээ төгсгөлд нь яг адилхан үгийг хэлсэн. Тэр нь “Эрчим хүч бол манай хоёр талт хамтын ажиллагааны гол бүрэлдэхүүн хэсэг болсон, цаашдаа ч байх болно” гэж. Та бүхэн Элчин сайдуудын хэлсэн үг, хийсэн мэдэгдлүүдийг хэрэг болгон олж хараарай, яг ингэж адилхан төгсгөсөн байгаа шүү…

Б.Нямаа

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Трампын аврал” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт  Гал түймэртэй тэмцэх байгууллагын ахмад ажилтан, бэлтгэл комиссар, Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан Д.Хишигбаатартай ярилцлаа. Тэрбээр “Тогтолцооны гажуудал, хяналтын систем муу ажиллаж байгаа учраас гал түймэр, гамшиг ослын тоо буурахгүй байна” хэмээв.

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьж, нэн яаралтай горимоор хэлэлцэхээр тогтоод байгаа юм. Тиймээс энэ хуулийн гол агуулга, онцлог зохицуулалтуудын талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Цолмонтой ярилцлаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Трампын аврал” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

SPEAK OUT: Маргаан болж байгаа таван тэрбум төгрөгийн тойргийн төсөвт гишүүд ямар байр суурьтай байна вэ?

Дүн өвлийн хүйтнээр нийслэл хотын 31 хувь ньхэзээ мөдгүй хөлдөхөд бэлэн байна

КИВИ хамтлаг: Анхны бүрэлдэхүүнээрээ тоглож,
хит дуунуудаа сонсогчидтойгоо хамтдаа дуулна

Дэлхийн мэдээ: Григорий Тамар “Энэ бол зөвхөн эхлэл”

Арын нүүр: Сонин хэвлэлийн “үнэр”-т дурлаж өссөн минь


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • “ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ
Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨМЖ: Хүүхэд хахаж, амьсгал нь боогдвол ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ DNN.mn

Хахах нь бүх насны хүнд тохиолдож болох ч ихэвчлэн бага насны хүүхдүүд өртдөг. Хэрвээ хүүхэд чинь хахсан бол аманд нь юу байгааг шалгаад, хоол унд янз бүрийн зүйл байвал авч хаяна. Мөн зогсоо байрлалд бага зэрэг бөхийлгөөд, хоёр далны хооронд таван удаа гарынхаа алгаар хүчтэй цохиж доргионо.

Үүний дараа аман доторхыг нь харж, хахсан зүйл гарсан үгүйг шалгана. Гараагүй бол түргэн тусламж дуудаад, дараах тусламж үзүүлээрэй. Хахсан хүүхдэд нэн яаралтай тусламж үзүүлэх ёстой, түргэний машин ирэхийг хүлээх огт хэрэггүй. Энэ үед тусламжийг хойшлуулах ямар ч шаардлагагүйг анхаараарай.

Анхны шинж тэмдэг

1. Хүүхэд уйлж чадахгүй, агаар амьсгалж чадахгүй, хашхирахыг хүсэх боловч дуу нь гарахгүй.

2. Нүд нь том нээгдсэн байна.

3. Ангайсан амнаас нь маш их хэмжээний шүлс гоожно.

4. Нүүрний арьс улайж хөхөрнө.

5. Хүүхэд хоолойноосоо гараараа барина.

ХҮҮХЭД ХАХСАН БОЛ ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ВЭ

1. Хүүхдийн хоёр гарыг дээш өргөж амьсгалын замыг аль болох нээж өгнө, ингэснээр амьсгал жигдэрч эхэлдэг байна.

2. Хэрвээ анхны арга тус болохгүй байгаа бол хүүхдийг хэвлийгээр нь доош харуулна. Толгой нь цээжнээсээ доош түвшинд байхаар бариарай. Хэд хэдэн удаа нуруун дундуур нь хоёр далны дундуур нь зөөлөн алгадна – гэхдээ бага зэрэг түлхэж байгаа мэт даралт өгөөрэй.

3. Мөн хөлнөөс нь бариад өргөж болно. Хэрвээ гадны биет бие дотор гацсан бол гэхдээ жижигхэн зүйл бол унаж гарах болно. Энэ тохиолдолд ам руу нь хуруугаа хийж байгаад бөөлжүүлж ч болох юм.
Хэрвээ гадны биет эсвэл хоол хүнсний хэлтэрхий улаан хоолойд гацсан бол арай өөр арга ашиглана: Гэдэс дээр идэвхтэй дарж илүү их агаарын солилцоо бий болгохыг хичээгээрэй.

ЭНЭ ТОХИОЛДОЛД ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ВЭ

1. Геймлехийн аргыг ашиглана. Хүүхдийн нурууны ард зогсоно

2. Бүсэлхийнээс нь хоёр гараараа барина.

3. Нэг гарын шуун дээр нөгөө гарын алгаар атгаж барина. Хүйс болон хавирганы дунд зайд гар байрлах юм.

4. Гараа атгаж барина.

5. Тохойгоороо өөр рүүгээ шахаад хүүхдийн гэдэс дээр дарна, чиглэл нь доороос дээш байна.

6. Энэ хөдөлгөөний хэд хэдэн удаа хэмнэлтэйгээр хийнэ.

ЯМАР АРГА ХЭРЭГЛЭХИЙГ ЭРС ХОРИГЛОХ ВЭ

1. Эмч нар хуруугаа хүүхдийн хоолой руу хийхгүй байхыг анхааруулж байна, яагаад гэвэл гадны биетийг гаргаж чадахгүй бүр гүн оруулах аюултай байж болно. Гэхдээ зарим нэг тохиолдолд хахсан зүйлийг хуруугаар авахаас өөр аргагүй байдаг. Тухайн нөхцөл байдалд анхан шатны тусламжийг үүнээс өөр аргаар үзүүлэх боломжгүй бол хэрэглэхээс өөр яах вэ?

Үр дүнтэй аргыг ашиглахыг зөвлөж байна. Харамсалтай нь ямар тохиолдолд ямар арга илүү үр дүнтэй байх нь тодорхойгүй. Зөвхөн өөр дээрээ л туршиж үзэж байж дадлага, мэдлэг олж авдаг нь харамсалтай.

2. Хүүхдэд айдастай нүүр царай үзүүлэхгүй байх. Хүүхэд энэ нүүрний хувирлын гинжин урвалд орж бүр айж болно, өөрөөр хэлбэл хоолой агших аюултай юм.

3. Хахсан зүйлийг өөр хоол хүнсээр цааш явуулахыг оролдохгүй байх
Том болж байгаа хүүхдэд хооллох зөв соёлыг суулгах хэрэгтэй. Хоолоо идэхдээ багаар халбагадаж удаан зажилна, ширээний ард дэмий зүйл ярих нь зохимжгүй бас аюултай гэдгийг нь хэлж ойлгуулаарай. Хэрвээ бага насны хүүхэд бол хоолыг нь жижиглэнэ, шаардлагатай бол блендерээр ч буталж өгөх хэрэгтэй. Мөн хүүхдийн тоглоом жижиг эд ангиас бүрдэж байгаа эсэхэд анхаарал тавь. Хэрвээ дээрх зөвлөгөөг баримталж чадвал хүүхдийг аюулаас бага ч гэсэн хамгаалж чадна.