Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

“Чингис хаан” одонт Бан Ги Мүн: Монголын түүх өнгөрсөн үед зогсож хоцорсон үйл явдал биш, үргэлжлэн хөгжиж буй амьд өгүүллэг юм DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан НҮБ-ын наймдахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сангийн тэргүүн  Бан Ги Мүн-д төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ.

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонт Бан Ги Мүн-ий хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

БАН ГИ МҮН 

Эрхэмсэг ноён  Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх,

Эрхэмсэг ноён  Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ,

Эрхэм хүндэт Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан,

Эрхэм хүндэт Монгол Улсын 7, 8 дахь удаагийн Их Хурлын дарга, Монгол Улсын

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Гомбожавын Занданшатар,

Эрхэм хүндэт зочид, хатагтай, ноёд оо.

Өнөөдөр би та бүхний өмнө Монгол Улсын төрийн дээд шагнал, “Чингис хаан” одонгоор шагнагдаж буйдаа туйлын их хүндэтгэл, талархлаар дүүрэн байна.

Энэхүү шагнал нь хувь хүний ололт амжилтыг үнэлэхийн зэрэгцээ хамгийн чухал нь  Монголын ард түмний баялаг түүх, цуцашгүй зоригийг бахдан тэмдэглэдэг баяр ёслол билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүх болон энэ нэр хүндтэй шагналын эзнээр намайг тодруулахад оролцсон бүх хүнд гүн талархал илэрхийлье.

Чингис хааны нэр алдар нь Монгол Улсын хил хязгаараас хальж алс хол цуурайтсан алдар суу бөгөөд хүч чадал, алсын хараа, шинэчлэл, уйгагүй шийдэмгий байдлын бэлгэдэл юм. 

Тэрээр манлайлал, тэсвэр тэвчээр, эв нэгдлийн хүч нөлөөг үнэт өв болгон үлдээсэн билээ. Энэхүү шагналыг эгэл даруугаар хүлээн авахдаа өдгөө түүний чиглүүлэн үлдээсэн  үнэт зүйлсийн ач холбогдол хэзээнээс ч илүү улам бүр чухал болохыг ойлгон мэдэрч байна.

Талцаж хуваагдсан мэт санагдах өнөөгийн энэ дэлхийд олон ард түмнийг нэгэн зорилгын дор нэгтгэж чадсан Чингис хааны агуу чадвар нь хамтын ажиллагаа, ялгаатай байдлыг хүндэтгэх үзэл, харилцан ойлголцлын ач холбогдлын чухлыг улам бүр ойлгуулж байна.

Энэхүү шагнал нь биднийг өөр хоорондын ялгаатай байдлаа давж, цаашдыг  харах, илүү сайхан ирээдүйн төлөө хамтран ажиллах их урам зориг өгч байна.

Агуу их Чингис хааны хажууд миний туулсан замнал өчүүхэн боловч миний туулсан бүх амьдрал Чингис хааны бүтээсэн төгс үзэл санаанд тулгуурлан бүрэлдсэн билээ.

 “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сан нь “байгаль эхийг эзэмших бус хүндлэн хайрлах учиртай” гэсэн үзэл баримтлалыг дагаж мөрддөг. Хүн төрөлхтөн хүрээлэн буй байгалиа хүндэтгэж байж гэмээнэ оршин тогтнох боломжтой.

2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөр  болон Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүний эрх, бүх нийтийн тэгш хөгжлийн суурь зарчмуудыг байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах шаардлагатай хослуулан тусгасан байдаг.

Эдгээр үнэт зүйлс нь агуу удирдагч Чингис хааны алсын харааг илэрхийлээд зогсохгүй өнөө үеийн Монгол Улсын Засгийн газрын алсын харааг ч төлөөлж байгаа гэдэгт миний бие итгэлтэй байна.

Хатагтай, ноёд оо,

Миний бие НҮБ-ын үзэл санааг хэрэгжүүлэхийн төлөө яриа хэлэлцээг хөгжүүлэх, олон талт хамтын ажиллагааг дэмжихэд амьдралаа зориулсан билээ. Боловсрол, олон нийтийн санаачилга, соёл хоорондын хамтын ажиллагаа зэрэг арга замаар бид бүгдийг холбосон гүүрийг бүтээж чадна гэдэгт би итгэдэг.

Харилцан ойлголцлын хүч нөлөөг би харж байсан. Харилцан ярилцах, үзэл бодлоо хуваалцах тусам бид бүгдээрээ хүн төрөлхтөн гэдэг том зургийн нэг хэсэг гэдгийг ойлгож байдаг.

Үүнтэй холбогдуулан хэлэхэд Монголын түүх өнгөрсөн үед зогсож хоцорсон үйл явдал биш, үргэлжлэн хөгжиж буй амьд өгүүллэг юм.

Энэ бол хүч чадал, дасан зохицох чадварын түүх юм. Харилцан уялдаатай сорилтуудаар дүүрсэн орчин үеийн ертөнцийн сорилтуудыг даван туулахад бидэнд  улам бүр чухал болж байгаа чанарууд юм.

Энэхүү шагналыг хүлээн авч буйтай холбогдуулан Чингис хааны өв уламжлалыг хүндэтгэн дээдэлж байхыг хүн бүрээс хүсэж байна. 

Өөрсдийн янз байдлаа хадгалахын зэрэгцээ эвлэлдэн нэгдэхийн төлөөх идэвх зүтгэл, бэрхшээлийг даван туулах эр зориг, энх тайвны төлөөх тууштай зүтгэл, хамтын хүчин чармайлтаа өргөжүүлэн хөгжүүлцгээе.

Эцэст нь, энэхүү шагналыг би зөвхөн өөрийн нэрийн өмнөөс төдийгүй харилцаа, хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын хүч чадал, үнэ цэнд итгэдэг бүх хүнд хүндэтгэл үзүүлэн хүлээн авч байна.

Энэхүү гайхалтай өндөр хүндэтгэлийг надад үзүүлсэн Монгол Улс болон Монгол Улсын Ерөнхийлөгч, эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүх Таны манлайлалд  дахин гүн талархал илэрхийлье.

Хамтын аяллаа үргэлжлүүлэхийг тэсэн ядан хүлээж байна. Тогтвортой болон энх тайван ертөнцийг хамтдаа бүтээцгээе.

Баярлалаа.

Categories
мэдээ нийгэм

Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан НҮБ-ын наймдахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сангийн тэргүүн  Бан Ги Мүн-д төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ.

Тогтвортой хөгжлийн зорилгууд, уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Парисын хэлэлцээрийг манлайлан батлуулж, даян дэлхийн энх тайван, хүний эрх, шударга ёс, тэгш байдлын төлөө тууштай зүтгэн, байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд гүйцэтгэж байгаа гавьяа зүтгэл, Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмрийг нь ийнхүү өндрөөр үнэллээ.

Бан Ги Мүн нь АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфордын дараа “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртэж байгаа хоёр дахь гадаад хүн боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн Бан Ги Мүн-д төр, засаг, ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн баяр хүргэлээ.

Тэр бээр, Бан Ги Мүн нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж, олон талын дэмжлэг үзүүлж байсныг онцоллоо. 

Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар 2009 онд Монгол Улсад  айлчлахдаа даян дэлхийд энх тайван тогтоох, дайн дажин, зөрчил, мөргөлдөөнтэй улс орнуудын нөхцөл байдлыг тогтворжуулах үйлсэд монгол цэргүүд үүргээ нэр төртэй гүйцэтгэн, НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж буйд НҮБ талархаж байдгийг сайшаан тэмдэглэж байсныг тодотгов.

Энэ айлчлалынхаа үеэр далайд гарцгүй хөгжиж буй орнуудын тулгамдаж буй асуудлууд, хөгжлийн сорилт бэрхшээлийг даван туулах гарц шийдлийг тодорхойлоход хувь нэмэр оруулж буй Монгол Улсад төвтэй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг эхлүүлж байсныг дурдлаа.

Жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийг чадавхжуулах чиглэлд онцгой ач холбогдол өгч, НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагыг үүсгэн байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан.

“Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сан “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-г өргөтгөн, УИХ, Стэнфордын их сургуультай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-г 2023, 2024 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах зэргээр нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал дэмжлэг үзүүлсээр ирсэнд талархал илэрхийллээ.

Эх дэлхийгээ хайрлан хамгаалах, даян дэлхийн энх тайван, хүний эрх, шударга ёс, эрх тэгш байдлын төлөөх цаашдын ажилд нь амжилт хүсэж, эрхэм хүндэт зочин болон гэр бүл, Солонгосын ард түмэнд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Ерөнхийлөгч “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардуулсны дараа хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа манай улсын ард иргэд ээ,

Дэлхий даяар тархан суугаа элэг нэгт монгол ахан дүүс ээ,

НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга,

Эрхэм хүндэт Бан Ги Мүн болон хүндэт зочид оо.

Та бүхэнд дэлхийн мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, хаадын хаан Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийн мэндийг өргөн дэвшүүлье.

Их эзэн Чингис хаан бол Монгол Улсын тусгаар тогтнол, оршин тогтнохуйн баталгаа, Монгол үндэстний үнэт зүйл, эв нэгдлийн бэлгэдэл, монголчууд бидний эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн алтан хэлхээ, оюун санааны эх ундарга, төрт ёсны ой санамж юм.

Чингис хааны түүх бол дан ганц монголчууд бидний түүх биш, дэлхий ертөнцийн түүх юм.

Их эзэн Чингис хаан болон түүний залгамжлагчид Евроазийн өргөн уудам газар нутагт сүр хүчээ мандуулан, хүн төрөлхтний түүхэнд суу алдраа бадраасан Монголын эзэнт гүрнийг цогцлоон байгуулж, Ази, Европын олон үндэстэн хоорондын дайн тулаан, зөрчил тэмцлийг зогсоож, дэлхий дахинд “Монголын их амар амгалан”-г тогтоон, улс түмнүүдийн харилцаа холбоо, эе эвийг бэхжүүлж, оюун санаа, шашин шүтлэг, худалдаа арилжаа, соёл урлаг, шинжлэх ухаан хийгээд тухайн үеийн хүний нийгэм хөгжин дэвжих таатай нөхцөлийг бүрдүүлж чадсан бахдам сайхан гавьяатай билээ.

Их хааны суу алдар, билиг сургаал, үйл хэрэг дэлхий дахины хөгжил, дэвшилд онцгой байр суурь эзэлж, зуун зууныг өртөөлөн хүн төрөлхтний түүхэнд дуурьсагдаж, өнөө цагийн дэлхий ертөнцийг үндэслэхэд үнэлж баршгүй түүхэн хувь нэмэр оруулсан юм.

“Монголын их амар амгалан” нь хүн төрөлхтний энх тайван, тогтвортой хөгжлийн төлөөх улс орнуудын хамтын хүчин чармайлтын үндэс суурь болохуйц дэвшилтэт үзэл санааг агуулж байсан хэмээн орчин цагийн эрдэмтэн судлаач, түүхчид үнэлэн дүгнэж байна.

Тиймээс хүн төрөлхтний эв нэгдэл, хөгжил дэвшил, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд болон дэлхий дахинд Монгол Улсыг сурталчлан таниулах, манай улсын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, нийгэм, эдийн засаг, оюун санааны хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн дотоод, гадаадын төр, нийгмийн зүтгэлтэн, иргэнд төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг буулган, соёрхон гардуулдаг сайхан уламжлалтай билээ.

Энэ жил энэхүү эрхэм хүндэт шагналаар хүн төрөлхтний хөгжил дэвшлийн хөтөч болсон Тогтвортой хөгжлийн зорилгууд болон уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Парисын хэлэлцээрийг батлахад улс орнуудыг манлайлан нэгдсэн зөвшилцөлд хүргэж, даян дэлхийн энх тайван, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдлын төлөө тууштай зүтгэн, байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийн бодлогыг эрчимжүүлэх хийгээд Монгол Улс, НҮБ хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сангийн тэргүүн эрхэм хүндэт Бан Ги Мүн Таныг Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонгоор шагнан алдаршуулж байна.

Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн эрхэм хүндэт Бан Ги Мүн Танд төр, засаг, ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

Эрхэм хүндэт зочид оо,

Эрхэм хүндэт Бан Ги Мүн Та Ази, Номхон далайн бүсийн хоёр дахь төлөөлөл болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар хоёр удаа сонгогдон, НҮБ-ыг амжилттай удирдан ажилласанд монголчууд бид баяртай байдаг билээ.

Эрхэм хүндэт Бан Ги Мүн Та НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар  ажиллаж байх хугацаандаа жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийг чадавхжуулах чиглэлд онцгой ач холбогдол өгч, НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагыг үүсгэн байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан.

Тэгвэл Монгол Улс даян дэлхийн энх тайван, тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх, дэлхий дахины өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2022 онд “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” сэдэвт олон улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн бага хурал, 2023 онд Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт, 2024 онд Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг НҮБ-тай хамтран “Ногоон ирээдүйн төлөө” уриатайгаар Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

Эрхэм хүндэт Бан Ги Мүн Та НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар манай улсад 2009 онд айлчлахдаа дэлхийд энх тайван тогтоох, дайн дажин, зөрчил, мөргөлдөөнтэй улс орнуудын нөхцөл байдлыг тогтворжуулах үйлсэд Монгол Улсын цэрэг дайчид олон улсын түвшинд үүргээ нэр хүндтэй гүйцэтгэж, НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд Монгол Улсын “Цэнхэр дуулгатнууд” хувь нэмрээ оруулж буйд НҮБ-аас нэн талархалтай ханддагийг сайшаан тэмдэглэж байсныг энэхүү баярт өдөр дурсан хэлэхэд таатай байна.

Мөн энэхүү айлчлалын хүрээнд Та Монгол Улсад төвтэй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг эхлүүлж байсан билээ.

Эдүгээ энэхүү судалгааны төв нь бие даасан Засгийн газар хоорондын байгууллага болон хөгжиж, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын тулгамдаж буй асуудлууд, хөгжлийн сорилт бэрхшээлийг даван туулах гарц шийдлийг тодорхойлоход хувь нэмэр оруулсаар байна.

Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд Таны оруулсан хувь нэмэр, оролцоо, дэмжлэг маш чухал байсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Энэ хүрээнд Монгол Улс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах зэрэг санал, санаачилга гарган идэвхтэй ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

Таны тэргүүлэн ажилладаг “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сан НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудыг ханган хэрэгжүүлэхэд чиглэсэн “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтыг 2022 оноос эхлэн зохион байгуулж байна.

Энэхүү олон улсын яриа хэлэлцээний платформ цар хүрээгээ улам тэлж,  Улсын Их Хурал, Стэнфордын их сургуультай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-г 2023, 2024 онд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

Мөн эрхэм хүндэт Бан Ги Мүн Та НҮБ, Монгол Улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулснаас гадна өөрийн тэргүүлэн ажилладаг сан, байгууллагаар дамжуулан манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал дэмжлэг үзүүлсээр ирсэнд гүн талархал илэрхийлье.

Эх дэлхийг хайрлан хамгаалах, даян дэлхийн энх тайван, хүний эрх, шударга ёс, эрх тэгш байдлын төлөөх Таны цаашдын их үйл хэрэгт өндөр амжилт хүсэж, Танд болон таны сайхан гэр бүл, хүүхэд, Солонгосын найрсаг ард түмэнд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн эрхэм хүндэт Бан Ги Мүн Танд Монгол төр, монголын ард түмний нэрийн өмнөөс дахин баяр хүргэе.

Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээх болтугай.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, ихэнх нутгаар хүйтэрнэ DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Арваннэгдүгээр сарын 2-ны өдөр Сэлэнгийн нутаг, Төв аймгийн хойд хэсгээр, 3-нд Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, зам, даваа, гүвээнд халтиргаа, гулгаа үүсч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.

2024 оны 11-р сарын 03-наас 2024 оны 11-р сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 3-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 4-нд Халх голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 3-нд говь, талын нутгаар, 4-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Мөн энэ сарын 3-нд ихэнх нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -8…-13 градус, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -19…-24 градус хүйтэн, өдөртөө -3…-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -11…-16 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан байна. 5-нд нутгийн баруун хагаст, 6-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр зах, худалдааны төвүүд ердийн хуваариар ажиллана DNN.mn

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 2-ны өдөр Их эзэн Чингис хааны төрсөн өдөр тохиож буй.

Энэ өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэж, бүх нийтийн амралтын өдөр болгох зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 онд гаргасан байдаг.

“Монгол бахархлын өдөр”-өөр зах, худалдааны төвүүд ердийн хуваарийн дагуу ажиллана.

Categories
мэдээ нийгэм цаг-үе шинжлэх-ухаан-технологи

Монгол Улсын Ерөнхийлөгч “Монголын түүх судлалыг дэмжих тухай” зарлиг гаргалаа DNN.mn

Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархалын өдөр” Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Монголын түүх судлалыг дэмжих тухай” зарлиг гаргалаа.

Ерөнхийлөгч монголын түүх судлалыг улам эрчимжүүлэх, монгол үндэстний уг гарал, төрт ёсны уламжлал, нүүдлийн соёл иргэншлийн өв соёл, монгол үндэстний дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг судлан шинжилж, сурталчлан таниулах, үндэсний нэгдмэл үнэт зүйлс, тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх үүднээс дээрх зарлигийг гаргажээ.

“Монгол түүх судлалыг дэмжих тухай” зарлигийг Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар зарлигт гарын үсэг зурлаа.

Ерөнхийлөгч түүхээ судлах, түгээн дэлгэрүүлэх, олон улсад сурталчлан таниулах үйл хэргийг эрчимжүүлэхийн тулд:
Монголын түүх судлал, олон улсын монгол судлалыг цогцоор нь дэмжиж, мэргэшсэн судлаач, түүхчдийг төрийн бодлогоор бэлтгэх,
Нэн эртний үеэс эдүгээ хүртэлх Монголын түүхийг иж бүрэн судлан шинжилж, 30 боть болгон эмхэтгэн хэвлүүлэх, орчуулах, түгээн дэлгэрүүлэх,
Их эзэн Чингис хаан, Их Монгол Улс, Монголын эзэнт гүрний түүх судлалыг эрчимжүүлж, монголчуудын хүн төрөлхтний хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг судлан тодруулж, үнэлэн дүгнэж, олон улсад сурталчлан таниулах,
Монголын түүх, түүхэн хүмүүсийн намтар, үйл хэргийг гуйвуулах эрсдэлээс хамгаалах, таслан зогсоох,
Бүх нийтийн түүхийн мэдлэгийг дээшлүүлэх талаар бодлого, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэхийг Засгийн газарт зарлигаар чиглэл болголоо.

Мөн эх түүхээ судлан шинжилж, үр хойчдоо өвлүүлэн үлдээж, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулахыг иргэн бүрд уриаллаа.

Монголын түүх судлалыг дэмжих хүрээнд Чингис хааны мэндэлсний 861 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар түүхийн хосгүй үнэт өв, нэн чухал эх сурвалж болох “Монголын нууц товчоон”-ы дэлгэрэнгүй бүрэн тайлбарыг олон салбарын эрдэмтэн судлаачид хамтран бүтээсэн.

Ерөнхийлөгчийн санаачилгаар мөн “Монголын нууц товчоон”-ы төрийн албан ёсны англи орчуулгыг олон түмний хүртээл болгож, дэлхийн номын сангуудад хадгалуулах боллоо.

Англи орчуулгыг бүтээсэн Ажлын хэсгийн ахлагч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шинжээч, бригадын генерал Б.Даваадорж тэргүүтэй эрдэмтэн судлаачдад Монгол Улсын Ерөнхийлөгч талархал илэрхийлж, эрдэм судлалын ажилд нь амжилт хүсэн ерөөлөө.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Сонин хэвлэлийн “үнэр”-т дурлаж өссөн минь DNN.mn

Миний хүүхэд ахуйд “сонины сурвалжлагч” гэдэг их л хүндтэй хүн байв. Аав минь “Архангайн үнэн” сонины сурвалжлагч, утга зохиолын ажилтнаар олон жил ажилласан Д.Доржсэнгээ гэдэг хүн байлаа. Хөдөө байнга томилолтоор явна. Баяр наадам болсон ч, зуд турхан тохиосон ч “хэзээд бэлэн” гэх зургийн “Зенит” аппаратаа зүүгээд, том хүрэн цүнхээ бариад, албаны машиндаа суугаад одно.

Хөдөөнийхөн “Сурвалжлагч” хэмээх нэрнээс нь ихэд сүрддэг ч том дарга ирсэн мэт хоймроо залан хүндэлдэг талаар ажлынхан нь ярьдаг байв. “Аав шигээ ингээд сурвалжлагч болоод, хүмүүсийн аж амьдралыг сурвалжлаад явж байх юмсан” гэж би битүүхэн мөрөөдөг байсан юм.

Хамгийн гоё нь аавынхаа ажил дээр очих байлаа. “Архангайн үнэн” сониныхон намайг андахгүй, “Гоёдоо ирлээ” л гэнэ. Аавын ажлын газрынхны хүүхдүүдийн концерт болдог байлаа. Би “Алтан тав гоё доо” гэдэг дуу дуулдаг. Тэгээд л “Гоёдоо” нэртэй болсон түүхтэй. Одоо ч энэ нэрээр минь дууддагт нь би их дуртай.

Сонины хэвлэх үйлдвэр, сонины үнэр гэж хачин гоё үнэр байдаг байлаа. Хэвлэгч эгч нар жижигхэн жижигхэн тугалган үсэг өрөөд, бүтэн сонин хийхийг харж гайхаж, бахархах шиг гоё зүйл байгаагүй. Үнэндээ аав минь сонин хэвлэлийн “гоё бүхэн”-д багаас минь дурлуулсан гавьяатан юм.

Аавын номын сан гэж арвин. Лениний ботиос эхлээд Маркс, Энгельсийн номууд, ер нь байхгүй ном гэж байхгүй. Аав “Миний хүүхдүүдэд үлдэнэ” гээд, номондоо их харам. Биднийг ном алга хийхэд их дургүй.

Аав “Миний охин орондоо битгий ном уншиж бай” гэж хэлнэ. Хүүхэд байсан болохоор зөрүүдлээд, хэргээр зүүн, баруун талаараа хэвтэж байгаад л орондоо ном уншдаг байлаа. Аав “Миний охин хожим нүдний шил зүүдэг болоод л аавынхаа хэлснийг ойлгох байх даа” хэмээн хэлдэг байж билээ. Орондоо ном уншсаны “үр дүн” ч гарч, би гэдэг хүн дөрөвдүгээр ангиасаа нүдний шил зүүх болсон юм.

Д.ЭРДЭНЭТУЯА

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугийг цэнгүүллээ DNN.mn

Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан жанжин Д.Сүхбаатарын талбайд Төрийн далбааг мандуулж, төрийн есөн хөлт Их цагаан тугийг нар зөв гороолон цэнгүүллээ. 

Их цагаан тугийг цэнгүүлэхэд торгон цэргүүд, Төрийн тусгай хамгаалалтынхан дагалдаж, Зэвсэгт хүчний үлээвэр найрал хөгжимд хүндэтгэлийн ая эгшиглэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 4 тоот зарлигаар Их эзэн Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон Шинжлэх ухааны академийн саналд үндэслэн Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон юм.


Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Д.Есөн-Эрдэнэ: Өнөөдрийн байдлаар 413 мянган тонн үр тариа хурааж аваад байна DNN.mn

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэтэй энэ жилийн ургац хураалтын талаар ярилцлаа.


-Энэ жил улсын хэмжээнд хэдэн га талбайд тариалалт хийсэн бэ. Одоогоор хэдэн тонныг хураагаад байна вэ?

-Энэ жил улсын хэмжээнд нийт 349.6 мянган га талбайд үр тариа тариалсан. Үүнээс улаанбуудай 316.7 мянган га, төмс 18.9 мянган га, хүнсний ногоо 18 мянган га, тосны ургамал 124.9 мянган га, тэжээлийн ургамал 92 мянган га талбайд тариалсан.

Өнөөдрийн байдлаар 413 мянган тонн үр тариа хурааж аваад байна. Үүнээс 377.5 мянган тонн улаанбуудай, 160.7 мянган тонн тэжээлийн ургамал, 56.0 мянган тонн тосны ургамал, 239.0 мянган тонн төмс, 221 мянган тонн хүнсний ногоо хурааж авсан гэсэн урьдчилсан мэдээтэй байгаа.Зарим бүс нутгуудад тэжээлийн таримлын ургац хураалт, тээвэрлэлтийн ажил зохион байгуулагдаж байна.

Тухайлбал, Хэнтий аймагт тэжээлийн таримлын татан авалт хийгдэж байна. Үндсэндээ ургац хураалтын ажил дууссан гэж хэлж болно. Ургац хураалтын нэгдсэн дүн арваннэгдүгээр сарын 15 гэхэд эцэслэж гарна.

-Улаанбуудайг аль аймгуудад голчлон тариалдаг вэ?

-Үр тарианы үйлдвэрлэлийг тариалангийн төвийн бүсэд голчлон эрхэлж байна Тухайлбал Сэлэнгэ, Төв, Булган, Хөвсгөл, Дорнод, Хэнтий, Дархан-Уул, Увс, Орхон аймгуудад голчлон тариалдаг. Тариалангийн тухай хуулийн дагуу аймгийн иргэдийн хурлын тогтоолыг үндэслэн Засгийн газрын 131 дүгээр тогтооолоор Тариалангийн бүс нутгийг тогтоосон. Тариалангийн бүс нутагт найман аймгийн 68 сум хамрагдаж байна.

-Манай улсын гурилын хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангахад дунджаар хэдэн тонн улаанбуудай хэрэгтэй вэ. Энэ хэрэгцээгээ бүрэн хангаж чадаж байгаа юу. Мөн төмс, хүнсний ногооны хэрэгцээгээ хангаж чадах уу?

-Гурилын хэрэгцээг бүрэн хангах улаанбуудайг тариалах нөөц боломж бидэнд бий. Дотоодын хэрэгцээгээ хангахад жилдээ 230-240 мянган тонн гурил шаардлагатай болдог. Энэ хэмжээний гурилыг үйлдвэрлэхэд 300-320 мянган тонн улаанбуудай хэрэгтэй гэсэн тооцоо байдаг. Төмс болон төмсний үрийн хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангаж байна. Мөн лууван, манжин, хүрэн манжин гэсэн гол нэрийн хүнсний ногооны хэрэгцээгээ ч хангаж байгаа. Байцаа, сонгино, сармис гэх мэт зарим төрлийн хүнсний ногооны тариалалт өнгөрсөн жилээс нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Бид ойрын хугацаанд голлох арван нэр төрлийн хүнсний ногооны хэрэгцээгээ дотоодоосоо хангана гэсэн зорилт тавин ажиллаж байгаа.

-Энэ жилийн ургац хураалтад ямар ямар саад тулгарч байв?

-Ургац хураалтын ажил богино хугацаанд явагддаг учраас хүн хүч ихээхэн шаарддаг. Тэгэхээр хүн хүчний асуудал чухал болоод байна. Мөн тээвэр, зохион байгуулалт, цахилгаан эрчим хүч тасалдах гээд асуудлууд тулгарсан. Байгаль цаг уурын эрсдлээс гадна тариалангийн талбайд мал орж ургац сүйтгэх гэсэн асуудлууд байсаар байна. Тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үүрэг бүхий улсын ургацын комисс ажилласан бөгөөд аймаг, орон нутагт зохион байгуулалттай холбоотой ажлыг хийж хэрэгжүүлсэн. Цаашид төр хувийн хэвшлийн хамтын түншлэлийн хүрээнд төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийг механикжуулах, тариалангийн талбайн хөрс хамгаалах ажлыг эрчимжүүлэх шаардлага байна.

-Цэргийн алба хаагч, оюутнуудыг ургац хураалтын ажилд хэр дайчилж ажилласан бэ?

Жил бүр цэргийн алба хаагчид болон оюутнууд ургац хураалтын ажилд нэмэлт хүч болон ажилладаг. Тариалан бүхий ААН-үүд Их, дээд сургуулиудтай гэрээ байгуулж, оюутнуудад хөдөлмөрийн хөлс өгөөд ажилладаг. Жилд дунджаар 1400 цэргийн алба хаагч, оюутан ургац хураалтад дайчлагддаг.

-Тариаланчид нэг тонн улаанбуудайг дунджаар хэдэн төгрөгөөр борлуулж байгаа талаар мэдээлэл бий юу?

-Худалдаж авах үнэ нь янз бүр байдаг. Хөдөө аж ахуйн корпораци стратегийн нөөцөнд улаанбуудай худалдаж авдаг. Одоогоор 40 орчим мянган тонныг худалдаж аваад байна. Нэг тонн улаанбуудайг тариа-ланчдаас ангиллаас нь хамаарч 900.000-1.150.000 төгрөгөөр худалдаж авдаг. Тариаланчид гурил үйлдвэрлэгчид харилцан үнээ тохиролцож худалдан авалтыг хийдэг. Цаашид биржээр улаанбуудай, улаанбуудайн үр тариалах ажлыг зохион байгуулна. Энэ намар улаанбуудайн биржийн арилжааг туршилтаар зохион байгуулсан.

-Хүнсний зориулалтаар нийлүүлсэн улаанбуудайн тонн тутамд улсаас мөнгөн урамшууллыг тариаланчдад олгодог. Энэ жилийн урамшууллын хэмжээ хэдэн төгрөг байхаар тогтсон бэ?

-Өнгөрсөн жилүүдэд тонн тутамд 80 мянган төгрөгийн урамшуулал олгодог байсан. Энэ жилийн тухайд мөн 80 мянган төгрөгийн урамшууллыг он гараад олгож эхэлнэ. Тариалан үйлдвэрлэлийн нэгдсэн систем /www.plant.mofa.gov.mn/, урамшууллын нэгдсэн систем гээд цахим систем бий. Энэ системээр дамжуулан тариаланчид урамшуулал авах хүсэлтээ гаргаж байгаа бөгөөд урамшууллыг цахим системээр олгодог.

-Ямар стандарт шаардлагыг хангасан улаанбуудайг хүнс үйлдвэрлэлд хэрэглэдэг вэ?

-Хүнсний буудайд тавигдах техникийн ерөнхий шаардлага MNS 0097:2010 гэж Монгол Улсын стандарт бий. Улаанбуудай нь тэр заасан шаардлагуудыг хангасан байх ёстой.

-Тариалан эрхлэгчдийг дэмжиж хэр хэмжээний зээл, тусламж өгч байна вэ?

-“Хөдөө аж ахуйн Корпораци” ТӨХХК нь тариалан эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэд хэдэн ажил хийгдсэн. Нэгдүгээрт, “Хүнсний хангамж, аюулгүй байдал Үндэсний хөдөлгөөн”-ий хэрэгжилтийн хүрээнд арилжааны 10 банкнаас жимс, хүнсний ногооны тариалан эрхлэгч 400 иргэн, аж ахуйн нэгжид 20.5 тэрбум, газар тариалангийн үйлдвэрлэгч 489 иргэн, аж ахуйн нэгжид 91.3 тэрбум, нийтдээ 111.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Хоёрдугаарт, “Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийн механикжуулалтыг сайжруулах, техник, технологийн шинэчлэл хийх зорилгоор тухайн жилд худалдан авсан техникт 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх” арга хэмжээнд 3.9 тэрбум төгрөг төлөвлөгдөж нийтдээ 137 иргэн, аж ахуйн нэгжид төмс, хүнсний ногооны тариалалт, хураалтын 100 ширхэг техник хөнгөлөлтөд хамруулсан. Үүний үр дүнд төмс, хүнсний ногооны 1200 га талбайн ажлыг механикжуулах боломжоор хангасан. Гуравдугаарт, “Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах тухай” Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолын хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээлийн асуудлыг шийдвэрлэж, 2023-2024 онд зоорь агуулах барих чиглэлээр нийт 69 иргэн, аж ахуйн нэгжид 63.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг арилжааны 10 банкаар дамжуулан олгосон бөгөөд үүний үр дүнд улсын хэмжээнд төмс, хүнсний ногооны зоорийн багтаамжийг 20 мянган тонноор нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн. Дөрөвдүгээрт, хаврын тариалалтад зориулан “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК нь хүсэлт гаргасан 359 аж ахуйн нэгж, иргэнд 11.6 мянган тонн улаанбуудайн үр, 50.1 тонн ургамал хамгааллын бодис, бордоог 10-30 хувийн урьдчилгаатай тус тус зээлээр олгосон.

Ө.Анхзаяа

 

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрийн байдлаар 144.871 иргэнийг томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамрагджээ DNN.mn

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт нийт 130 мянга гаруй иргэн үйлчлүүлсэн байна. Үүнээс 4.7 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаанаар амбулаториор үйлчлүүлжээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 0.3 хувиар буурсан, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тодруулбал, томуугийн дэгдэлт үүсээгүй буюу томуугийн А болон В хүрээний вирус өвдсөн иргэдийн дунд илрээгүй. Гэсэн ч хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа аж. Тиймээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулганаас тодрууллаа.

Тэрбээр “Энэ жил томуугийн дархлаажуулалт өнгөрсөн жилтэй харьцуулахад нэг сар гаруйн өмнө эхэлсэн. Энэ хэрээр эмнэлэгт хандаж, хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоо буурна гэсэн хүлээлт байна. Одоогоор томуугийн зорилтот бүлгийн дархлаажуулалт 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Томуугийн өвчлөл нэмэгдэх хэрээр эмнэлэгт хандаж, хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоо нэмэгдэх хандлагатай байдаг. Үүнтэй холбоотойгоор НЭМГ-ын харьяа үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн байгууллагуудад амьсгалын замын өвчлөлтэй 800 гаруй хүүхдийг хүлээж авах зориулалттай ор дэлгэсэн. Үүнийг нэмэгдүүлж, 1300 гаруй ор дэлгэж бэлтгэсэн. Цэцэрлэг, сургуулийн нөхцөлд эрүүл ахуйн байцаагч нар бусад агентлагийн энэ чиглэлийн албан хаагчтай хамтран эрүүл ахуйн төлөвлөгөөт хяналт, шалгалт хийж, эрүүл ахуйн болон хоол үйлдвэрлэлийн чиглэлээр тодорхой зөвлөмжүүд хүргэсэн. Мөн нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу томуугийн өвчлөлөөс сэргийлэх цогц арга хэмжээнүүдийг авдаг. Энэ дагуу цэцэрлэг, сургуулийн багш нарт зориулсан томуу, томуу төст өвчнөөс хүүхдийг урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтууд зохион байгуулна” хэмээлээ.

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх өвөрмөц арга бол вакцин, харин ахуйн нөхцөлд иргэд өөрсдөө эрүүл ахуйн аргаар урьдчилан сэргийлэх боломжтой юм. Тухайлбал, олон хүн цугласан газраар бага насны хүүхдийг дагуулж явахгүй байх, амны хаалт хэрэглэх, гараа тогтмол угаах, өрөө тасалгааг агааржуулж, нойтон цэвэрлэгээ тогтмол хийж байхыг  зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эмээлт захад хонь 120.000-200.000 төгрөгийн ханштай байна DNN.mn

Эмээлт захын амьд малын үнэ ханшийн /2024.11.01/ мэдээллийг хүргэж байна.

Ямаа- 80.000-150.000 төгрөг

Хонь- 120.000-200.000 төгрөг

Үхэр- 1.500.000-2.000.000 төгрөг

Адуу- 1.000.000-1.300.000 төгрөг

Тэмээ-1.200.000-1.800.000 төгрөг

Сарлаг- 1.000.000-1.500.000 төгрөг байна.