Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан НҮБ-ын наймдахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сангийн тэргүүн Бан Ги Мүн-д төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ.
Тогтвортой хөгжлийн зорилгууд, уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Парисын хэлэлцээрийг манлайлан батлуулж, даян дэлхийн энх тайван, хүний эрх, шударга ёс, тэгш байдлын төлөө тууштай зүтгэн, байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд гүйцэтгэж байгаа гавьяа зүтгэл, Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмрийг нь ийнхүү өндрөөр үнэллээ.
Бан Ги Мүн нь АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфордын дараа “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртэж байгаа хоёр дахь гадаад хүн боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн Бан Ги Мүн-д төр, засаг, ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн баяр хүргэлээ.
Тэр бээр, Бан Ги Мүн нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж, олон талын дэмжлэг үзүүлж байсныг онцоллоо.
Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар 2009 онд Монгол Улсад айлчлахдаа даян дэлхийд энх тайван тогтоох, дайн дажин, зөрчил, мөргөлдөөнтэй улс орнуудын нөхцөл байдлыг тогтворжуулах үйлсэд монгол цэргүүд үүргээ нэр төртэй гүйцэтгэн, НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж буйд НҮБ талархаж байдгийг сайшаан тэмдэглэж байсныг тодотгов.
Энэ айлчлалынхаа үеэр далайд гарцгүй хөгжиж буй орнуудын тулгамдаж буй асуудлууд, хөгжлийн сорилт бэрхшээлийг даван туулах гарц шийдлийг тодорхойлоход хувь нэмэр оруулж буй Монгол Улсад төвтэй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг эхлүүлж байсныг дурдлаа.
Жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийг чадавхжуулах чиглэлд онцгой ач холбогдол өгч, НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагыг үүсгэн байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан.
“Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сан “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-г өргөтгөн, УИХ, Стэнфордын их сургуультай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-г 2023, 2024 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах зэргээр нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал дэмжлэг үзүүлсээр ирсэнд талархал илэрхийллээ.
Эх дэлхийгээ хайрлан хамгаалах, даян дэлхийн энх тайван, хүний эрх, шударга ёс, эрх тэгш байдлын төлөөх цаашдын ажилд нь амжилт хүсэж, эрхэм хүндэт зочин болон гэр бүл, Солонгосын ард түмэнд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
Ерөнхийлөгч “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардуулсны дараа хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа манай улсын ард иргэд ээ,
Дэлхий даяар тархан суугаа элэг нэгт монгол ахан дүүс ээ,
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга,
Эрхэм хүндэт Бан Ги Мүн болон хүндэт зочид оо.
Та бүхэнд дэлхийн мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, хаадын хаан Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийн мэндийг өргөн дэвшүүлье.
Их эзэн Чингис хаан бол Монгол Улсын тусгаар тогтнол, оршин тогтнохуйн баталгаа, Монгол үндэстний үнэт зүйл, эв нэгдлийн бэлгэдэл, монголчууд бидний эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн алтан хэлхээ, оюун санааны эх ундарга, төрт ёсны ой санамж юм.
Чингис хааны түүх бол дан ганц монголчууд бидний түүх биш, дэлхий ертөнцийн түүх юм.
Их эзэн Чингис хаан болон түүний залгамжлагчид Евроазийн өргөн уудам газар нутагт сүр хүчээ мандуулан, хүн төрөлхтний түүхэнд суу алдраа бадраасан Монголын эзэнт гүрнийг цогцлоон байгуулж, Ази, Европын олон үндэстэн хоорондын дайн тулаан, зөрчил тэмцлийг зогсоож, дэлхий дахинд “Монголын их амар амгалан”-г тогтоон, улс түмнүүдийн харилцаа холбоо, эе эвийг бэхжүүлж, оюун санаа, шашин шүтлэг, худалдаа арилжаа, соёл урлаг, шинжлэх ухаан хийгээд тухайн үеийн хүний нийгэм хөгжин дэвжих таатай нөхцөлийг бүрдүүлж чадсан бахдам сайхан гавьяатай билээ.
Их хааны суу алдар, билиг сургаал, үйл хэрэг дэлхий дахины хөгжил, дэвшилд онцгой байр суурь эзэлж, зуун зууныг өртөөлөн хүн төрөлхтний түүхэнд дуурьсагдаж, өнөө цагийн дэлхий ертөнцийг үндэслэхэд үнэлж баршгүй түүхэн хувь нэмэр оруулсан юм.
“Монголын их амар амгалан” нь хүн төрөлхтний энх тайван, тогтвортой хөгжлийн төлөөх улс орнуудын хамтын хүчин чармайлтын үндэс суурь болохуйц дэвшилтэт үзэл санааг агуулж байсан хэмээн орчин цагийн эрдэмтэн судлаач, түүхчид үнэлэн дүгнэж байна.
Тиймээс хүн төрөлхтний эв нэгдэл, хөгжил дэвшил, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд болон дэлхий дахинд Монгол Улсыг сурталчлан таниулах, манай улсын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, нийгэм, эдийн засаг, оюун санааны хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн дотоод, гадаадын төр, нийгмийн зүтгэлтэн, иргэнд төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг буулган, соёрхон гардуулдаг сайхан уламжлалтай билээ.
Энэ жил энэхүү эрхэм хүндэт шагналаар хүн төрөлхтний хөгжил дэвшлийн хөтөч болсон Тогтвортой хөгжлийн зорилгууд болон уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Парисын хэлэлцээрийг батлахад улс орнуудыг манлайлан нэгдсэн зөвшилцөлд хүргэж, даян дэлхийн энх тайван, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдлын төлөө тууштай зүтгэн, байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийн бодлогыг эрчимжүүлэх хийгээд Монгол Улс, НҮБ хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сангийн тэргүүн эрхэм хүндэт Бан Ги Мүн Таныг Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонгоор шагнан алдаршуулж байна.
Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн эрхэм хүндэт Бан Ги Мүн Танд төр, засаг, ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун баяр хүргэе.
Эрхэм хүндэт зочид оо,
Эрхэм хүндэт Бан Ги Мүн Та Ази, Номхон далайн бүсийн хоёр дахь төлөөлөл болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар хоёр удаа сонгогдон, НҮБ-ыг амжилттай удирдан ажилласанд монголчууд бид баяртай байдаг билээ.
Эрхэм хүндэт Бан Ги Мүн Та НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаандаа жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийг чадавхжуулах чиглэлд онцгой ач холбогдол өгч, НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагыг үүсгэн байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан.
Тэгвэл Монгол Улс даян дэлхийн энх тайван, тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх, дэлхий дахины өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2022 онд “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” сэдэвт олон улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн бага хурал, 2023 онд Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт, 2024 онд Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг НҮБ-тай хамтран “Ногоон ирээдүйн төлөө” уриатайгаар Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.
Эрхэм хүндэт Бан Ги Мүн Та НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар манай улсад 2009 онд айлчлахдаа дэлхийд энх тайван тогтоох, дайн дажин, зөрчил, мөргөлдөөнтэй улс орнуудын нөхцөл байдлыг тогтворжуулах үйлсэд Монгол Улсын цэрэг дайчид олон улсын түвшинд үүргээ нэр хүндтэй гүйцэтгэж, НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд Монгол Улсын “Цэнхэр дуулгатнууд” хувь нэмрээ оруулж буйд НҮБ-аас нэн талархалтай ханддагийг сайшаан тэмдэглэж байсныг энэхүү баярт өдөр дурсан хэлэхэд таатай байна.
Мөн энэхүү айлчлалын хүрээнд Та Монгол Улсад төвтэй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг эхлүүлж байсан билээ.
Эдүгээ энэхүү судалгааны төв нь бие даасан Засгийн газар хоорондын байгууллага болон хөгжиж, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын тулгамдаж буй асуудлууд, хөгжлийн сорилт бэрхшээлийг даван туулах гарц шийдлийг тодорхойлоход хувь нэмэр оруулсаар байна.
Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд Таны оруулсан хувь нэмэр, оролцоо, дэмжлэг маш чухал байсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Энэ хүрээнд Монгол Улс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах зэрэг санал, санаачилга гарган идэвхтэй ажиллаж байгааг дуулгахад таатай байна.
Таны тэргүүлэн ажилладаг “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сан НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудыг ханган хэрэгжүүлэхэд чиглэсэн “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтыг 2022 оноос эхлэн зохион байгуулж байна.
Энэхүү олон улсын яриа хэлэлцээний платформ цар хүрээгээ улам тэлж, Улсын Их Хурал, Стэнфордын их сургуультай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-г 2023, 2024 онд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.
Мөн эрхэм хүндэт Бан Ги Мүн Та НҮБ, Монгол Улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулснаас гадна өөрийн тэргүүлэн ажилладаг сан, байгууллагаар дамжуулан манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал дэмжлэг үзүүлсээр ирсэнд гүн талархал илэрхийлье.
Эх дэлхийг хайрлан хамгаалах, даян дэлхийн энх тайван, хүний эрх, шударга ёс, эрх тэгш байдлын төлөөх Таны цаашдын их үйл хэрэгт өндөр амжилт хүсэж, Танд болон таны сайхан гэр бүл, хүүхэд, Солонгосын найрсаг ард түмэнд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн эрхэм хүндэт Бан Ги Мүн Танд Монгол төр, монголын ард түмний нэрийн өмнөөс дахин баяр хүргэе.
Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээх болтугай.
One reply on “Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ DNN.mn”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru