Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Бразилийн фанатууд ууртай байна

Бразилийн хөлбөмбөгийн шигшээ баг ДАШТ-ий хагас шигшээ тоглолтод 1:7-гийн харьцаатай Германы шигшээ багт ялагдсан. Уурлаж бухимдсан бразилчууд Сан Паулу хотод эмх замбараагүй байдал үүсгэж, долоон автобус шатаасан байна. Мөн тэмцээн өндөрлөсний дараа герман иргэний биед хүнд гэмтэл учруулсан хэрэг гарчээ. 

Тоглолтын 29 дэх минутад бразилчууд таван гоол алдсаны дараа хөгжөөн дэмжигчид цэнгэлдэхийг орхиж, гадна талбайд эсэргүүцлээ илэрхийлжээ. Зарим хөгжөөн дэмжигч дэлгүүрээс хулгай хийж, Германы өмсгөлтэй жуулчдыг дээрэмдэхийг завджээ.

Бразилийн шигшээ багийн тамирчид 1:7 харьцаатай ялагдал хүлээсэндээ хөгжөөн дэмжигчдээсээ албан ёсоор уучлалт гуйсан ч фанатууд нь бухимдсан хэвээр байгаа аж

Д.САР






Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Месси мөрөөдөлдөө хүрэхэд нэг алхам үлдлээ

Өнгөрөгч
шөнө Бразил улсад зохиогдож байгаа хөлбөмбөгийн ДАШТ-ий аваргын төлөө тоглох
хоёр дахь баг тодорлоо. Нидерланд-Аргентиний шигшээ багууд үндсэн ба нэмэлт
цагуудад  бие биенийхээ хаалганд гоол
оруулж чадахгүй байсаар хугацааг дуусгасан. Ингээд хүвь заяагаа торгуулийн
цохилт гээч азын сугалаанд даатгахаар болж энэ сугалаанд аргентинчүүд илүү
азтай байлаа. Нидерландын дасгалжуулагч ван Гаал энэ удаа урьдах тоглолтод
хаалгачаа сольж байсан шигээ тактикыг ашигласангүй. Үүнийгээ тайлбарлахдаа
“Мартинс шар хуудастай дээр нь Пересийг гүйцэхгүй байсан. Де Йонгын гэмтэл
сэдрэх аюул бодиттой болсон, ван Перси хэтэрхий сульдсан гээд иймэрхүү
шалтгаануудын улмаас гурван сэлгээгээ хийхээс өөр арга үлдээгүй ээ”гэжээ. Мөн тэрээр
хаалгач нарын талаар “ хэрвээ надад сэлгээ хийх болж байсан бол би Крулыг
талбайд гаргах л байсан . Гэвч боломжит сэлгээгээ нэгэнт хийчихсэн байсан тул
яалтай ч билээ. Ингэхэд Аргентиний хаалгач Ромерог торгуулийн цохилтыг хэрхэн
хаах аргыг би анх түүнд зааж байлаа шүү дээ” гэж хэлсэн байна. Нэмээд
тодотгоход Нидерландын үндсэн хаалгач Силессен мэргэжлийн тоглогч болсноосоо
хойш нэг ч удаа 11 метрийн цохилтыг хааж байгаагүй азгүй нэгэн юм байна лээ.

 Аргентинчүүдын хувьд аз жаргалдаа умбасан үдэш
байлаа. Тэд 1990 оноос хойш финалд шалгарч үзсэнгүй, бүр ойрхон дөхөж ч бараг
үзсэнгүй. Гэтэл одоо шигшээд шалгараад зогсож байна. Месси “ ямар гайхамшигтай
өдөр вэ. Аргентиний бүх ард түмнийг тэвэрье. Одоо мөрөөдөлдөө хүрэхэд нэгэн
жижигхээн алхам хийх л үлдлээ.” хэмээн сэтгүүлчид хариулсан нь энэ багийн
бүгдийнх нь сэтгэлийн сэвэлгээ байсан биз ээ.

 Нидерланд – Аргентин 0:0, торгуулийн
цохилт – 2:4

 7 сарын 10.
04.00 цаг, «Арена Коринтианс» цэнгэлдэх хүрээлэн

Нидерланд –
Силессен, де Врей, Влар, Мартинс Инди (Янмат, 46), Кюйт, Н. де Йонг (Класи,
62), Вейналдум, Блинд, Снейдер, ван Перси (Хунтелар, 96), Роббен.





Аргентин –
Ромеро, Сабалета, Гарай, Демичелис, Рохо, Энцо Перес (Паласио, 81), Маскерано,
Биглия, Месси, Лавесси (М. Родригес, 101), Игуаин (Агуэро, 82).

Торгуулийн
цохилт гүйцэтгэсэн дараалал-1:0, 1:1,
2:1, 2:2, 2:3, 2:4

 

Д.Бат

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

ФИФА-гийн түнш компанийн захирлыг баривчилжээ

Хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарыг хууль бусаар борлуулж байсныг мөрдөн шалгах ажлын хүрээнд ФИФА-гийн түнш компанийн захирлыг Бразилын цагдаагийн газар баривчилжээ.

Рио-де-Жанейрогийн “Match Hospitality” зочид буудлаас  Рэй Уиланыг дэлхийн хөл бөмбөгийн удирдах байгууллага ФИФА-гийн албаны хүмүүс баривчилсан байна. Тэд мөн тус зочид буудалд байрлаж байсан аж.

ДАШТ-ий тасалбарыг хууль бусаар борлуулж байсан 11 хүнийг тус улсын цагдаа нар өнгөрсөн долоо хоногт баривчилж, олон улсын гэмт бүлэглэлийг тараасан билээ. Тэднийг тасалбар хууль бусаар борлуулсан хэрэгт буруутгаж байгаа аж.

Цагдаа нарын мэдэгдсэнэр, тус гэмт бүлэглэл дөрвөн ДАШТ-ий үеэр хууль бусаар тасалбар борлуулж, тоглолт тус бүрээс 90 сая доллар олж байсан бололтой.

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Германы баг Бразилийг хожлоо

Дэлхийн гурван удаагийн аварга Германы шигшээ баг 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулагч Бразилыг 7:1-ийн харьцаатай хожиж, аваргын төлөө тоглохоор шалгарлаа. Дэлхийн таван удаагийн аварга Бразил ДАШТ-ий хагас шигшээн түүхэндээ ийм олон гоолын зөрүүтэй хожигдож байсан удаагүй. 

Тоглолтын 11 дэх минутад Тони Кроосын дамжуулалтаар Томас Мюллер гоол оруулж, тооны харьцааг нээлээ. Германы шигшээ багаас 23 дахь минутад Мирослав Клозе, 24, 26 дахь минутад Тони Кроос, 29 дэх минутад Сами Хедира гоол орууллаа. Бразил ердөө долоон минутад дөрвөн гоол алдчихав. Германчууд ДАШТ-ий хагас шигшээ тоглолтын 30 дахь минут гэхэд өрсөлдөгчийнхөө хаалганд таван гоол оруулж, нэгэн дээд амжилтыг тогтоолоо. 

Тоглолтын хоёрдугаар хагаст Германы шигшээ багийн довтлогч Андре Шюррле 69, 79 дахь минутад хоёр гоол оруулсан юм. Харин 90 дэх минутад Бразилын шигшээ багийн хагас хамгаалагч Оскар гоол оруулж, шигшээ багтаа, эх орондоо нэр төрийг авчирлаа. Бразилчуудын хувьд довтлогч Неймар гэмтсэн учир довтолгоо нь урагш ахихгүй, хамгаалалтын ноён нуруу, багийн ахлагч Тиагу Сильва торгуулийн улмаас тоглоогүй учир хамгаалалтдаа маш том алдаа гаргаж байлаа. 

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Зөвхөн шилдгүүд үлдлээ

-ХАГАС
ШИГШЭЭД БРАЗИЛ-ГЕРМАН, АРГЕНТИН-НИДЕРЛАНДЫН ХОСУУД ТОГЛОНО-

Франц – Герман 0:1 (0:1, 0:0)

7 сарын 05. 00.00 цаг, «Маракана» цэнгэлдэх хүрээлэн

Гоол: 0:1-12 Хуммельс.

Франц-Льорис, Дебюши, Варан, М. Сако (Косьельни, 72), Эвра, Кабай
(Реми, 73), Погба, Матюиди, Вальбуэна (Жиру, 85), Бензема, Гризманн.

Герман-Нойер, Лам, Дж.Боатенг, Хуммельс, Хеведес, Хедира, Швайнштайгер,
Мюллер, Кроос (Крамер, 90), Озил (Гетце, 83), Клозе (Шюррле, 69).

Шар хуудас: Хедира (54), Швайнштайгер (80).

Бразил – Колумби 2:1 (1:0, 1:1)

7 сарын 05. 04.00 цаг, «Кастелао» цэнгэлдэх хүрээлэн

Гоол: 1:0-7 Силва, 2:0-69 Давид Луиз, 2:1-80, торгуулийн цохилт Хамес.

Бразил-Жулио Сезар, Майкон, Силва, Давид Луиз, Марсело, Паулиньо
(Эрнанес, 86), Фернандиньо, Оскар, Халк (Рамирес, 83), Фред, Неймар (Энрике,
88).

Колумби-Оспина, Суньига, Сапата, Йепес, Армеро, К. Санчес, Гуарин,
Куадрадо (Кинтеро, 80), Хамес, Ибарбо (Рамос, 46), Гутьеррес (Бакка, 70).

Шар хуудас: Силва (64), Хамес (67), Йепес (69), Жулио Сезар (78)

Бразилийн шигшээ багийн довтлогч Неймар Колумбын багтай хийсэн тоглолтын
үеэр нуруундаа хүнд гэмтэл авч талбайг орхисон. Колумбын хамгаалагч Хуана Суньиги
түүний нуруу руу өвдөглөхдөө хоёрхон см дээшилсэн бол Неймар мөнхийн хэвтээ байдалд
үлдэх байлаа хэмээн Бразилийн шигшээ багийн эмч Родриго Ласму хэвлэлийн бага хурал
дээр хэллээ. 22 настай Бразилийн залуу од Неймар үлдсэн тоглолтод оролцох боломжгүй
болж сар орчим хэвтрийн дэглэм сахих эмчийн дүгнэлттэйгээр үлдлээ.

Аргентин – Бельги 1:0 (1:0, 0:0)

7 сарын 06. 00.00 цаг, «Бразилиа» үндэсний цэнгэлдэх хүрээлэн

Гоол: 1:0-8 Игуаин.

Аргентин-Ромеро, Сабалета, Гарай, Демичелис, Басанта, Машерано, Биглиа,
Ди Мария (Энцо Перес, 33), Лавесси (Паласио, 71), Месси, Игуаин (Гаго, 81).

Бельги-Куртуа, Алдервейрелд, ван Бейтен, Компани, Вертонген, Феллайни,
Витцель, Миральяс (Мертенс, 60), де Брюйне, Э. Азар (Шадли, 75), Ориги (Лукаку,
59).

Шар хуудас: Э. Азар (53), Алдервейрелд (68), Биглиа (75).

Аргентин-Бельгийн хөлбөмбөгийн шигшээ багуудын тоглолтын цорын ганц
гоолыг Гонсало Игуаин тоглолтын найм дахь минутад хийсэн. Ингэснээр 26 настай Игуаин
үндэснийхээ шигшээ багт 528 минут тоглосны эцэст анхны гоолоо хийлээ.

Нидерланд – Коста-Рика 0:0 (0:0, 0:0,
0:0, 0:0), торгуулийн цохилт – 4:3

7 сарын 06. 04.00 цаг, «Фонте Нова» цэнгэлдэх хүрээлэн

Нидерланд – Силессен (Крул, 120), де Врей, Влар, Мартинс Инди (Хунтэлаар,
106), Кюйт, Вейналдум, Блинд, Депай (Ленс, 76), Снейдэр, ван Пэрси, Роббэн.

Коста-Рика – Навас, Гамбоа (Майри, 79), Гонсалес, Уманья, Акоста,
Диас, Борхес, Техеда (Куберо, 97), Руис, Боланьос, Кэмпбелл (Уренья, 66).

Шар хуудас: Диас (37), Уманья (52), Мартинс Инди (64), Гонсалес
(81), Акоста (107), Хунтэлаар (111).

Тим
Крул (Нидерландын шигшээ багийн хаалгач):
Энэ тоглолтын өмнө манай багийн
хаалгачдын дасгалжуулагч Хук бид хоёр Коста Рикагийн хэн, хэн торгууль цохиж болох
вэ гэдгийг судлаад тэд аль зүг рүү яаж цохьдгийг тоймлосон байсан. Тийм учраас би
тэднийг бөмбөг цохихоор ирэх үед нь хаашаа, яаж цохихыг нь мэднэ гэдгээ хэлж байсан.
Энэ нь тэдний бага зэрэг нервтүүлэх зорилготой байсан юм. Хэрэг болсон байж ч магадгүй.

Кэйлор
Навас (Коста Рикагийн шигшээ багийн хаалгач):
Би бурханд намайг энэ ДАШТ-д
оролцож, энэ гайхамшигт багийн хэсэг нь байж ийм хол, ийм удаан тоглох боломж олгосонд
баярлалаа гэж хэлмээр байна. Мэдээж өнөөдрийн тоглолтод нэг ч торгуулийн цохилт
хааж чадаагүй нь муу л даа. Гэхдээ л бид санаанд оромгүй хол явж чадлаа шүү. Кэйлор
Навас энэ тоглолтын шилдэг хөлбөмбөгч хэмээх шагналыг хүртсэн.

Б.ХУЛАН

Categories
гадаад мэдээ нийгэм сурталчилгаа

Шакира Хөлбөмбөгийн ДАШТ-ий хаалтын ёслол дээр дуулна

Колумбын поп од Шакира Хөлбөмбөгийн ДАШТ-ий хаалтын ёслол дээр дуулахаар болсон байна. Ёслол 7-р сарын 13-нд Рио Де Жанейрод болох финалын тоглолтоос өмнө болох бөгөөд энэ төрлийн арга хэмжээн дээр 3 дахь удаагаа дуулах гэж буй тэрээр Маракана цэнгэлдэхэд La La La (Brazil 2014) дуугаа эгшиглүүлэх аж.  Өдгөө 37 настай Шакира 2010 онд Өмнөд Африк, 2006 онд Германд хөлбөмбөгийн ДАШТ-ий хаалтын ёслол дээр ая дуугаа өргөж байсан юм. 

Эх орон Колумбынх нь баг Бразилтай шөвгийн 8-д учраа таараад байгаа. Энэ ч утгаараа тэрээр хаалтын ёслол дээр дуулах гэж байгаадаа сэтгэл хөдөлж байна хэмээжээ. Шакирагийн дуулсан Waka Waka (This Time for Africa) дуу ДАШТ-нд зориулан гаргасан дуунуудаас хамгийн их амжилт олсон дуу болсон тухай мэдээлэл гарч байсан юм.

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Өнгө будаг нь цацарсан ҮЗЭСГЭЛЭНТ БРАЗИЛ

Дэлхийн сая сая хүн  тэр аяараа хөл бөмбөгөөр давалгаалах сэтгэл хөдөлгөсөн ховорхон өдрүүдэд уншигч олондоо Бразил орноор аялсан аян замын тэмдэглэлээ хуваалцахыг ихэд хүслээ.  

Ингээд нуршилгүйхэн тэмдэглэлээ хүргэе. Манай гэр бүл аяллынхаа анхны алхмыг Вашигтон дахь Бразилийн элчин сайдын яамаас виз авахаар эхэллээ. Хамгаалалтын албаны хар хөх өнгийн формтой өндөр, бахь биетэй бразил залуу биднийг харан  инээмсэглэсээр элчингийн шилэн хүнд хаалгыг түлхэн онгойлгов. Тэрээр  богино ханцуйтай  форм өмсчээ. Хоёр гар нь бугуйгаа хүртэл битүү шивээстэй. Зүүн нүднийхээ өтгөн хар хөмсгийн дундуур ташуу зураас гарган  зориуд гурван хэсэг болгон тасалжээ. Элчингээр орж гарах хүмүүс  “панк” эрийг  зэрвэсхэн хараад л өнгөрцгөөнө. Гаднах байдлаараа этгээд харагдах ч бразил хүний найрсаг зангаар жижиг зүйлс дээр ч төвөгшөөлгүй сэтгэлээсээ тусалсны ачаар бидний виз хурдан  шуурхай гарчихав. Ажилдаа хариуцлагатай залуу маань үүд хүртэл биднийг гарган өгч аян замын дөрөөг бэлгэ дэмбэрэлтэй сайхан үгээр мялаасанд бид гурав ч сэтгэлээсээ талархсаар саллаа. Майамигаар дамжин Рио-де- Жанейро ороход найман цаг гаруй болдог аж. “Рио-де- Жанейро”  буюу “Нэг сарын гол” хэмээх их хотын гудамжинд хөл тавьмагц л  зургаан сая гаруй хүн амын шигүү бөгөөд бужигнасан амьдралыг  ”арьсаараа”  л мэдэрч билээ.( Бразилийн нийт хүн ам 202, 694, 000, дэлхийд дээрээсээ тавд орно)

Суусан таксины жолооч бүлтгэр хар нүдтэй, гялтганасан бор залуу. Онгорхой цонхоороо салхи шуугиулан давхингаа, урд  толио үе үе харна.  Бидэнтэй харц тулгармагцаа томоос том цагаан шүд гарган инээмсэглэж нэлээд аялгатай англи хэлээр нөхөртэй маань яриа эхэлж хотоо танилцуулж гарлаа. Замын хажуугаар харагдах хямд төсөр барилгуудын  өнгө төрх, хэлбэр үзэмж нь цаашлах тутмаа аажим сайжирсаар нэг л мэдэхэд амьдралын өртөг ихтэй  Атлантын далайн хөвөө даган унасан дэлхийн  сайхны нэгэнд  тооцогдох  үзэсгэлэнт Copacabana-Копакабана эрэгт ирцгээлээ. Гадаа сүүдрэвч доор сууцгаан хүйтэн шар айраг шимэх царай тунгалаг,  дэгжин хүмүүс толгой дохин инээмсэглэх нь зан сайтайг илэрхийлэх ажуу. 

Халууцсаныг хэлэх юм биш. Сэрүүхэн тохилог буудлынхаа өрөөнд орж  цүнх саваасаа салж, гутлаа тайлахад ядарсан хөлийн улыг хүйтэн гантиг шал сэрүүн татуулан жигнэх нь  хичнээн таатай. Цонхны  зузаан хөшгийг яран дэлгэмэгц гэв гэнэт  нүдний өмнө гайхамшигт зурагтай номны хуудас дэлгэгдэх  мэтээ…  Нэг л итгэмээргүй гоё… Хараа үл салгам үнэхээр сайхан харагдах аж. Байгаль эх энэ нутгийнханд юу ч харамлаагүй мэт. Мянга мянган жилийг элээсэн, геологийн цаг тооллоор маш эртнийд тооцогдох мөлийж мохоо болсон оройтой помбогор бөөрөнхий хэлбэрт аварга уулс нь нууцлаг бөгөөд сүрлэг.  Яг л үлгэрийн мэт энэхүү өндөр уулсын ёроолоор Атлантын далайн номин цэнхэр ус  түрэн орж, эрэг хормойгоороо цав цагаан торгон элсээр эх газраас өөрийгөө таслан  тусгаарлажээ. Байгалийн энэхүү гайхамшгийг  цааш үргэлжлүүлэгч нь гадаа талбайн нэрт  архитектор  Роберто Маркс. Түүний уран сэтгэмжээр 1970 онд бүтээсэн далайн үелзсэн давалгааг дүрслэн хар цагаан чулуугаар хослуулан шигтгэсэн, дөрвөн км үргэлжлэх явган хүний зам  үнэхээр гайхам. Гүн цэнхэр далайнхаа дундуур шугам шиг зурайтал татсан 14 км орчим урт  гүүр барьжээ. Харц татам урлагийн бүтээл болсон энэ гоёмсог гүүр  Рио хот хуучин нийслэл Нитерой хоёрыг холбодог. Өдөрт дунджаар 140 мянга гаруй машин зорчдог байна. Хамгийн сонирхолтой нь гүүрийг  бүр  анх 1875 онд барихаар төлөвлөж байсан байх юм. Үеэс үе дамжсан энэхүү мөрөөдлийг  1974 онд буюу бараг 100 жилийн дараа  биелүүлсэн хүн бол Бразилийн архитекторуудын  “сор” гэгддэг Оскар Нимейер юм. Энэ эрхэм  Нью-Йорк дахь НҮБ-ын барилгыг барихад хүртэл гар бие оролцож явжээ. 

Өдрийн наранд далайд  сэлж, биеэ шарж,  эргээр нь хоол унд эргүүлсэн, дуулж хуурдсан хүмүүс байсан бол харин үдэш чийдэнгийн гэрэлд нүцгэн хөлөөрөө элс бужигнатал гар, хөл бөмбөг тоглох хүмүүс олон юм. Заримдаа нэгэн төрлийн бүжиг хийгээд ч байгаа мэт сонин санагдана. Далай дагасан амьдрал үеийн  үед л ийм байж дээ гэхчилэн элдвийг бодсоор сонирхон явж байтал  нөхөр, хүү хоёр маань өлсөж байна хэмээн дуу дуугаа авалцан сүйд болцгоов.

Шөнийн амьдрал ч ид цэцэглэж хоол зоогийн газар чөлөө завгүй. Бид хэд ч Бразилийн үндэсний зоогийн газарт зориуд орцгоов. Манай барилгын дэлгүүрт тэнгэрт хадсан үнэтэй байдаг бразил чулуугаар эндэхийн зоогийн газар ханаа битүү доторлочихож.  Арай л  тайзаа бүрээгүй юм уу даа. Бразилчууд гоёмсог сайхан гантиг чулуугаар хана туургаа ёстой л чимэглэе гэж чимэглэжээ.  Дашрамд хэлэхэд байгалийн нөөц баялагтай  энэ орон манайд нүдний гэм байдаг халтар мана, гартаам гээд гуч гаруй төрлийн үнэт чулуутай. Түүгээрээ нутгийнхаа шувуу загасыг  амьд мэт хийсэн нь тун гоёмсог.  Гял цал ресторанд ороод суумагц эргэн тойрон дандаа эрэгтэй зөөгчид үйлчилж байгааг хараад   нэг  л хачин  санагдаад явчихав.  Лалын шашинт Пакистанд амьдарч байсан дурсамжууд сэтгэлд сэр хийх нь тэр. Удаж төдөлгүй бидний ширээ амт сайтай шинэхэн ногоо, анхилам үнэрт жимс, шинэхэн талхаар дүүрэв. Хоёр залуу  метр гаруй, хальт харвал сэлэм гэж харахаар төмөр шоронд сүлбэсэн,  атгасан гарын дайтай шарсан хэдэн хэсэг махыг том балиус хутгаар шүүс дуслуулан хүн болгоны  тавган дээр зүсэж өглөө. Алдарт бразил үхрийн мах аргагүй л амттай зөөлөн байна хэмээсээр бид амтархав. Бразил үхрийнхээ тоогоор Энэтхэгийн дараа ордог улс.  Дэлхийн уушги хэмээдэг Амазоны үржил шимт өвс ургамлыг  хоол тэжээлээ болгосон эрүүл чийрэг бразил үхэр сүргийн ашиг шим, ялангуяа  мах экспортлолт сүүлийн таван жил дэлхийд рекорд тогтоожээ.  Америк болон хөрш орнуудад махаа экспортолдог төдийгүй орон нутгуудад мянга мянган ажлын байруудыг гаргадаг улс. Зөвхөн үхрийн мах нь улсынхаа  эдийн засагт хоёр тэрбум ам.доллар оруулж чаддаг. Биднийг орж ирэхэд л байсан  португал хэлээрээ шуугилдан шулагнаж байсан хүмүүсийн хоол өндөрлөх шинж огтхон ч алга. Тэгсхийж байгаад бид гурав ч буудлынхаа зүг хөдөлцгөөв.

Маргааш өглөө эрт  буржгар шар үст Марта аль хэдийнээ ирчихсэн  задгай  цагаан жип машины жолооч эртэй хөөрөлдөн биднийг хүлээн буудлын гадаа   зогсч байв. Төлөвлөгөө ёсоор Рио хотын нэрт цэцэгт хүрээлэнг зорилоо, замдаа  дөрвөн франц,  аргентин хосуудыг  аваад “Тижука” үзэсгэлэнт ойг зорилоо.

Анх 1808 онд Португалийн хаан Жон VI, Бразилд байдаггүй мод ургамлыг дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулан энэхүү ойд тарьж байсан нь бидний очих газар. Тэрээр Энэтхэгийн баруун хэсгээс задь, чинжүү зэрэг ховор нандин бүхнийг авчирч  нутагтаа тарьж чаджээ. Тэгээд1822 онд зул сарын баяраар нээлтээ хийж ард түмнээ оруулж байсан тухай түүхэнд тэмдэглэгджээ. Үзэсгэлэнт ойн усан цөөрөмд хөөрхөн яст мэлхийнүүд амар амирлангуй хөвж зарим нь наранд биеэ ээн тухлах аж. Нийт 540 мянган хавтгай дөрвөлжин  километр  газарт дэлхийд ховордсон ургамал модноос эхлэн ойролцоогоор 6500 төрлийн чамин ховор цэцэг, навч, кактус, зуу гаруй төрлийн үзэсгэлэнт шувуудтай үзэсгэлэнтэй ой юм. За тэгээд байгалийн музей, хоол зуушны газрууд, уран баримал, усан оргилуур, эртний чулуун шигтгээт баннёс гээд  бүгдийг нэг дор цогцлоожээ. Өндөр хадан хавцлаас солонго татуулан унах хүрхрээний ойролцоо сууцгааж,  ус уун зураг авцгааж түрхэн амарч  амжив.  Угийн яриа хөөрөө сайтай Марта халуун орны хамгийн сайхан гэсэн бүхнийг тайлбарласаар хүчирхэг аварга хүрэн улаан моддыг зааж “бразил мод” гэв. Хүчирхэг энэ сайхан модноос өнөө улаан будаг гаргадаг алдарт бразил самар ургадаг аж. Португалийн язгууртан, армийн командлагч  Педро Алварес Кабрал 1500 онд энд газардсанаар  колончлол эхэлжээ. Шинэ орныг нэрлэхдээ  хамгийн эртний хуучны модны нэрээр “Бразил” хэмээсэн байна. Аялагч бид  нилээн хугацаанд их ч юм үзсэн тул ойгоос гарцгаан машиндаа сууж, элдвийг хуучилсаар 700 гаруй метр өндөр үзэсгэлэнт Корковадо ууланд очицгоов.

Тэртээ дээр уулын оргил оройд дэлхийн гайхамшгийн нэгэнд зүй ёсоор ордог гараа алдлан дэлгэсэн 40 орчим метр өндөр, нүсэр том харагдах Исус Христосийн хөшөөний зүг өгсөцгөөв. Тэртээ өндөрт толгой дээгүүр нь хөвөн цагаан үүлс нүүж, тэртээ доор далайн ус цэнхэртэн өтгөн нов ногоохон модод дундаас хашийн  цагаан барилгууд наранд гялтагнасан  их хотоо харан зогсох “эзэн Исус” нь сүрдэм.  Хамгийн анх 1850 онд хөшөөг энд босгох саналыг хамба лам Винсентайн гаргасан түүхтэй. Хотынхоо хамгийн өндөрлөг, байгалийн “эрхэм тансаг” оройн дээд газартаа шүтээнээ  залж чаджээ. Бразилчуудын дунд шүтлэг бишрэлтэй нь холбогдсон  нэн сонирхолтой судалгааг хэлэхэд хүн амынх нь 97 хувь бурханд итгэдэг харин нэг хувь нь  огт итгэдэггүй байна. Шүтлэг ихтэй энэ орон уран хийц чамин загвартай олон арван сайхан сүм дугантай. Шашныхаа зан үйлийг  далайн эрэг гудамж  талбайд  гүйцэтгэж байх нь олонтаа тааралдана.

Өдөржингөө  уул усаар явсан бид Мартагаас салж, усанд орж, хувцсаа солиод,  шинэхэн ногоотой хөнгөхөн хоол идэж биеэ сэргээж  аваад сэрүү унамагц Лапа гэдэг урлаг соёл, шөнийн дуу хөгжмөөрөө алдартай газрыг зорилоо. Жолооч биднийг бужигнасан улсын дунд буулгачихаад л давхиад явчихав. Эргэн тойрон дуу хөгжим  хангинаж, энд тэндгүй бүжиглэсэн хүмүүс.  Замаар дүүрэн хөгжилдөн инээсэн улс хөлхөлдөнө. Анх хараад юунд ороод ирчихэв ээ хэмээн өөрийн эрхгүй  цочин дуу алдаж билээ. Халуун цуст бразилчууд ёстой л  бужигнан  буцалдаг юм билээ, тэнд. Бөмбөрийн эрч хүчтэй жавхаат аялгуу, хийморь золбоо сэргээх бүжгийн увидаст  хүч  зүрх сэтгэл дэх зовиур гунигийг элдэн хөөх мэт нэг л сайхан санагдсан шүү. Хөгшин залуу, эр эм, хар шар гэлтгүй  ичих зовж биеэ барих зүйл энд алга. Бүгд л  өөрөө өөрийнхөөрөө байх нь хичнээн сайхан, нэг л эрх чөлөөтэй. Ийн бужигнаж явахад өргөн замын голд дунд бүжиглэх  цав  цагаан үс,  хөмсөгтэй, саарал өмдтэй,  туранхай өвгөн миний анхаарлыг ихээр татаж билээ. Тэрээр цагаан цамцныхаа ханцуйг шууж судас шөрмөс гүрийсэн туранхай  гараа дээш  нь шидлэн гав ганцаараа бүжнэ. Өнгөрөн зөрөх охид залуус хэсэгхэн зуур өвгөнтэй зэргэцэн бүжиж байгаад орхиод л явна. Тэгж байтал  нэгэн хижээл эмэгтэй ирээд бас л хамт хөл нийлүүлэн бүжиж байгаад  яваад өгөх жишээтэй. Урсан өнгөрөх олон мянган хүнээс хэн нь ч  өвгөнийг гадуурхаж, дооглож шоолохгүй нь үнэхээр гайхам сайхан. Одоогоос  500 жилийн тэртээд африк, европ, америкийн индианчуудын өв уламжлал дээр хөгжсөн Бразилийн дуу бүжиг олон ястан үндэстэн сая сая ард түмнээ хооронд нь сэтгэл зүрхээр нь  холбон зангидсан мэт санагдаж билээ. 

Д. АЗЗАЯА

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Торгон агшинд хувь заяа нь шийдэгдсэн тоглолтууд

Нидерландын шигшээ баг нутаг буцах, Мексикийн шигшээ баг шилдэг тоглолтоо үзүүлэх мөч дуусахад хоёрхон минут дутлаа. Голланчууд 88 дахь минутад оноог тэнцүүлж 91 дэх минутад хожлын гоол хийснээр дараагийн шатанд шалгарав. Мексикчүүд ахиад л хэсгээсээ шалгарч хасагдах шатны эхний даваанд бүдэрдэг уламжлалаа давтсаар үлдлээ. Энэ тоглолтод Голландын ерөнхий дасгалжуулагч ван Галийн уран ухаан үр дүнгээ өгсөн. Түүний 76 дахь минутад сэлгээгээр талбайд гаргасан довтлогч Хунтелаар тэнцээний гоолын дамжуулалтыг өгч улмаар хожлын гоолыг торгуулийн цохилтоор хийснээр “улбар шаруудыг” шилдэг 8-ын эгнээнд багтааж чадлаа.

Нидерланд-Мексик 2:1 (0:0, 2:1)

7 сарын 01 00 .00 цаг «Кастелао» цэнгэлдэх хүрээлэн

Гоол:

0:1-48 дос Сантос, 1:1-88 Снейдэр, 2:1 – 90, торгуулийн цохилт Хунтелаар. 

Нидерланд-Силессен, Верхаг (Депай, 56), де Врэй, Влар, Блинд, де Йонг (Мартинс Инди, 9), Вейналдум, Снейдэр, Кюйт, ван Пэрси (Хунтелаар, 76), Роббэн.

Мексик-Очоа, Маcа, Маркэс, Морэно (Рейес, 46), Агиляр, Сальсидо, Лайюн, Эррера, Гуардадо, дос Сантос (Акино, 61), Перальта (Х. Эрнандес, 75).

Шар хуудас:

Агиляр (69), Маркес (90), Гуардадо (90)

Үхлийн хэсэг “D”-ээс нэгээр шалгарахад Коста-Рикагийн багийг азтайд нэрлэж байлаа. Тэгвэл тэд энэ амжилтдаа ханаж зогссонгүй. Тэдний учраа нь ч шилдэг 16-д байгаа хамгийн сул баг гэгдэх грекчүүд байсан юм. Грекийн шигшээ багийг төв Америкийн баг үндсэн цагт хожиход мөн л ганцхан минут дутлаа. Гэхдээ тэд мексикчүүдийг бодвол эцсийн мөч хүртэл 10-уулаа тоглосоор тэвчин торгуулийн цохилтыг хүргэсэн. Харин торгуулийн цохилт бол сохор аз байдаг тул энэ өдрийн азтнаар Коста-Рикагийн багийг сонголоо. Тэд анх удаа ДАШТ-ий шилдэг найман багт багтаж нутаг нэгтнүүдээ баярлуулж байна. Тэдний ээлжит өрсөлдөгч нь Нидерландын шигшээ баг байх болно.

Коста-Рика – Грек 1:1 (0:0, 1:1, 0:0, 0:0), торгуулийн цохилт – 5:3

7 сарын 01 04.00 цаг, «Арена Пернамбуку» цэнгэлдэх хүрээлэн

Гоол:

1:0-52 Руис, 1:1 – 90 Папастатопулос. 

Коста-Рика-Навас, Гамбоа (Акоста, 77), Дуарте, Гонсалес, Уманья, Диас, Борхес, Техеда (Куберо, 66), Руис, Боланьос (Бренес, 83), Кэмпбелл.

Грек-Карнезис, Торосидис, Манолас, Папастатопулос, Холебас, Маньятис (Кацуранис, 78), Карагунис, Салпингидис (Гекас, 69), Самарис (Митроглу , 58), Христодулопулос, Самарас.

Торгуулийн цохилт

1:0, 1:1, 2:1, 2:2, 3:2, 3:3, 4:3, 5:3.

Шар хуудас:

Самарис (36), Дуарте (42), Техеда (48), Гранадос (56), Руис (70), Манолас (72), Навас (90).

Улаан хуудас:

Дуарте (66)

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Хөлбөмбөгийн ДАШТ-ын шөвгийн дөрөвт тоглох багууд тодорчээ

Өнгөрсөн шөнө Аргентин, Бельги өрсөлдөгчөө хожсоноор 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн дөрөвт тоглох шигшээ найман багийн нэр бүрэн тодорлоо.

Шөвгийн дөрөвт:

Бразил –Колумб, Нидерланд –Коста Рика, Герман –Франц, Аргентин –Швейцарийн шигшээ багууд өрсөлдөнө.

ДАШТ-ий шөвгийн дөрвийн төлөөх тулаанууд долдугаар сарын 4-ны баасан гаригт 00:00 цагаас /Улаанбаатарын цагаар/ Франц болон Германы тоглолтоор эхлэх аж.

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Герман, Франц шөвгийн наймд үлдлээ

Африк тивийг төлөөлөн оролцсон
Нигерь, Алжирийн багууд шөвгийн 16-д Европын багуудтай тоглож хожигдлоо.

Тоглолтын үр дүн:

Франц 2-0 Нигерь
Герман 2-1 Алжир
Францыг баг таван удаа финалын шатанд шалгарч үлдээд байна. Францын багийн
Карим Бензема, Матье Вальбуэна нар Бразиль 2014 тэмцээнд дөрвөн тоглолтод
оролцсоноос гуравт нь өрсөлдөгчийнхөө хаалганд бөмбөг оруулж, ур чадвараа
гайхуулаад байна. Харин Германы баг хүчтэй довтолгоогоор өрсөлдөгчөө буулган
авлаа. Германы баг өмнө нь Алжирт хоёр удаа хожигдож байсан юм. Алжир дэлхийн
аваргаас хасагдсан ч шөвгийн 16-д үлдэж түүхэн амжилт гаргасан.