Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

Монголын Үндэсний бөхийн холбооны “Барилдааны дүрмийн зөвлөл”-ийн нээлттэй хурал болно DNN.mn

Монголын Үндэсний бөхийн холбооны “Барилдааны дүрмийн зөвлөл”-ийн нээлттэй хурал 2023 оны 10 дугаар сарын 28-ны Бямба гарагийн 13:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд болно.
Хуралд бөхчүүд, бөхийн багш, дасгалжуулагчид болон бөхийн зүтгэлтнүүд, үзэгчид нээлттэй оролцох боломжтой.
Categories
мэдээ үндэсний-бөx

“Алтан цом”-ын барилдааны эхний шатны оноолт гарчээ DNN.mn

Монголын үндэсний бөхийн холбооноос тэгш тоотой саруудын эхний 14 хоногт “МҮБХ-ны Алтан цомын төлөөх” барилдааныг зохион байгуулахаар болсон. Хоёр дахь удаагийн “Алтан цом”-ын барилдаан ирэх аравдугаар сард эхэлнэ. Бөх сонирхогчдын үзэх дуртай энэ барилдаанд 21 аймаг болон Улаанбаатар хот, Өвөрмонгол, Тувагийн тус бүр нэг баг буюу нийт 24 баг оролцоно.

“Алтан цом”-ын 2022-2023 оны барилдааны шигшээ найман багт шалгарсан багууд эхний шатны барилдаанд оролцохгүй, шууд дараагийн тойргийн барилдаанд оролцоно.

Categories
мэдээ үндэсний-бөx

М.Бадарч: Допингийн шинжилгээний явц хуулийн дагуу байсан эсэхэд эргэлзэж, гомдолтой байна DNN.mn

Үндэсний их баяр наадмын барилдаанд түрүүлж, Улсын арслан цол хүртсэн М.Бадарч энэ сарын 4-ний өдөр допингийн “Б” сорьцын шинжилгээ өгөх хүсэлтээ албан ёсоор гаргасан. Гэвч түүний эхний сорьцын хариу баталгаажиж, допингийн төрлийн бодис илэрсэн билээ.
Тэрбээр өөрийн цахим хуудастаа байр сууриа илэрхийлжээ.
“Монголын ард түмэн ,бөх сонирхогч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Миний бие сүүлийн үед үүсээд байгаа надаас сэргээшийн төрлийн бодис илэрсэнтэй холбоотой асуудлаар өөрийн байр сууриа албан ёсоор 2 дахь удаагаа илэрхийлж байгаа нь энэ юм. Би монгол үндэсний бөхөөр барилдаж сонирхож хичээллээд 12 жилийг ардаа үджээ. Хүүхэд байхаасаа бусдын адилаар дээлийн ханцуйгаа ханзартал барилдаж бөх хэмээх энэ спортод эргэлт буцалтгүй сонирхон орсоноор миний амьдралын хамгийн чухал ажлын маань нэг болсоноор миний бие энэ спортод сэтгэл зүрх цаг заваа бүрэн дайчилаж өдий зэрэгт хүрсэн билээ.Энэ хугацаанд шантрах асуудлууд гарч байсан ч монголын маань өв соёл болсон үндэсний бөхөөр барилдаж өв соёлоо тээж явна гэдэг нь миний хувьд маш үнэ цэнэтэй нэр төрийн хэрэг билээ. Миний бие 2009 онд сумын начин, 2012 онд аймгийн арслан, 2017 онд улсын харцага ,2020 онд улсын гарьд 2023 онд төрийнхөө наадамд түрүүлж улсын арслан хэмээх цол авч төр, ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээхийн хамтаар өөрийн олон жилийн хичээл зүтгэлийн үр дүнд олж авсандаа баярлаж талархаж явдагаа хэлэх нь зүйн хэрэг билээ.Төрийн наадамд түрүүлнэ гэдэг бол бөх хүн болгонд олдоод байдаггүй ховорхон хувь тавилан билээ харин энэ зүйлийг минь дагаад сэргээш гэх зүйл дагаж гарч ирсэнд туйлын их харамсаж байна. Би барилдах хугацаандаа улсын наадамд болон , заал танхимын барилдаанд явцын шинжилгээ байнга өгсөөр ирсэн билээ. Мэдээж спорт гэдэг бол шударга өрсөлдөх зарчим дээр тулгуурладаг учир шинжилгээ авах асуудал дээр санал нэг байдаг билээ, харин шинжилгээ авах явц хууль журмын дагуу авсануу гэдэг дээр миний бие одоог хүртэл итгэл үнэмшил бага гомдолтой байгаа билээ. Мөн олон зүйл нурших илүүц биз ,тэртэй тэргүй нийгэмд дээрх асуудлууд одоог хүртэл эргэлзээ тээнэгэлзээ дагуулсаар байгааг та бүхэн минь надаар хэлүүлэхгүй мэдэж байгаа билээ. Иймийн тулд миний бие олон жилийн хүч хөдөлмөрөө хамгаалж, хардах эрхийнхээ хүрээнд дээрх асуудалд цаашдаа нухацтай хандах болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Мөн өдийг хүртэл цаг хугацаанд намайг дэмжиж байсан багш, гэр бүл, нутаг нугынхан, бөх сонирхогч ард түмнээсээ, мөн намайг дэмжиж туслаж байсан бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлэхийн хажуугаар уучлалт хүсэж байгааг минь хүлээн авнауу. Монгол төрийн маань алтан соёмбо сэвгүй тунгалаг байж, монгол наадам, монгол бөхийн маань ногоон дэнж сэвгүй ариун байх болтугай. Та бүхнээ хүндэтгэсэн Монгол улсын арслан М.Бадарч” гэлээ. 
Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

М.Бадарчийн цолыг хурааж, Ц.Бямба-Отгонд улсын арслан цол олгох саналыг Ерөнхийлөгчид уламжлахаар боллоо DNN.mn

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо.

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд дөрөв давсан 32 бөхөөс допингийн шинжилгээ авсан.  Монгол Улсын арслан М.Бадарчийн шинжилгээнээс Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориглосон жагсаалтад орсон бодис илэрсэн тул уг барилдааны бүх давааг хүчингүйд тооцож, улсын арслан цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тус хурлаас шийдвэрлэлээ.
М.Бадарчийн Үндэсний их баяр наадмаар барилдах эрхийг 2027 оны долдугаар сарын 12-ныг дуустал дөрвөн жилийн хугацаагаар хаслаа.

Мөн тус хурлаар аймгийн хурц арслан Бүрнээгийн Баянмөнхийг тав давсанд тооцож улсын начин, өсөх идэр начин Эрдэнэбатын Дашийг зургаа давсанд тооцож улсын харцага, улсын харцага Сүхбаатарын Сүхбатыг долоо давсанд тооцож улсын заан, улсын гарьд Цэрэнсодномын Бямба-Отгоныг ес давсанд тооцож улсын арслан цол олгох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтлоо. Мөн улсын аварга Оргихын Хангайд “үлэмж бадрах” чимэг олгохоор боллоо.

Categories
мэдээ үндэсний-бөx

П.Сайнзориг: Улсын арслан Б.Бадарч допинг хэрэглэсэн нь батлагдсан DNN.mn

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг Үндэсний их баяр наадмын шөвгөрсөн бөхийн Б сорьцоос допинг илэрсэн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Үндэсний баяр наадамд түрүүлсэн улсын арслан М.Бадарчийн допингийн шинжилгээний хариу  ирсэн. Салбар хороо хуралдах хуулийн зохицуулалттай. Солонгосын шинжилгээний багийг сонгож авдаг талаар Допингийн хорооноос тодруулах нь зүйтэй. М.Бадарчийн хувьд Арбитрын шүүхэд хандсан юм билээ. Үүнд Үндэсний баяр наадмын тухай хуулиар арга хэмжээ авна. Ямар асуудлаар хандсныг нь би мэдэхгүй. Допингийн шинжилгээг өнөөдөр хяналттай өгч байгаа. Аливаа эд зүйл нууж, шинжилгээгээ солих ямар ч боломжгүй болсон. Хуучин малгай, дээлэндээ хийгээд ордог зүйл байсан юм билээ. Үндэсний баяр наадмын салбар хорооноос би ямар шийдвэр гаргахыг мэдэхгүй байна. Энд 10-аад хүний бүрэлдэхүүн бий. Тэр хүн шээс сольсон гэж худал мэдээлэл түгээж олон нийтийг төөрөгдүүлэхээ болих хэрэгтэй. Баяр наадмыг татвар төлөгчдийн мөнгөөр зохион байгуулдаг. Тиймээс хариуцлагатай байх хэрэгтэй” гэв.

Categories
мэдээ үндэсний-бөx

Допинг илэрсэн бөх БНСУ-ын лабораторид очиж, Б сорьцоо шинжилгээнд өгчээ DNN.mn

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн нэг бөхөөс допингийн төрлийн бодис илэрсэн талаар наадам зохион байгуулах комиссоос мэдээлсэн.

Допингийн төрлийн бодис илэрсэн бөх А сорьцын шинжилгээний хариугаа хүлээн зөвшөөрөөгүй учраас Б сорьцоо шинжлүүлэхээр болсон. Тухайн бөх БНСУ-ын лабораторид өөрийн биеэр очиж, өнөөдөр Б сорьцынхоо тагийг нээж шинжилгээнд оруулсан талаар албаны эх сурвалж мэдээлсэн юм.

Б сорьцын хариу хэзээ гарах нь тодорхойгүй бөгөөд тухайн тамирчны амжилттай холбоотой асуудал учир сайн нягтлах шаардлагатай байдаг аж.

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 32 бөхийн шээсийг А, Б гэсэн хоёр саванд хуваан хийдэг байна. Тухайн бөхчүүдийн А болон Б сорьцыг долдугаар сарын 12-ны өдөр авсан бөгөөд маргааш нь БНСУ-ын лаборатори руу явуулжээ.

32 бөхийн А сорьц долдугаар сарын 17-ны өдөр шинжилгээнд орж, наймдугаар сарын 21-нд 32 бөхийн А сорьцын хариуг зарласан. Ингэхэд нэг бөхөөс допингийн төрлийн бодис илэрсэн бөгөөд Б сорьцоор баталгаажуулсны дараа тухайн бөхийн нэрийг зарлана хэмээн Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссоос мэдээлсэн билээ.

Categories
мэдээ үндэсний-бөx

Үндэсний бөхийн барилдааны дүрмийг зөрчсөн бөхчүүдэд шийтгэл оногдуулжээ DNN.mn

Ардын хувьсгалын 102 жил, Үндэсний их баяр наадам болон аймаг, сумын ой, баяр наадмын хүчит бөхийн барилдаанд холбогдох хууль, дүрмийг зөрчсөн бөхчүүдийн үйлдлийг зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнаас шалгаж, шийдвэрлэжээ.

Тодруулбал, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2.4-т  заасан “…бөхийн барилдааны үед засуул, хөлийн цэцийн дүрмийн дагуух шаардлагыг биелүүлэх, барилдааны талбайд даруу төлөв, ёс жудагтай байх…” гэсэн заалтыг зөрчсөн үндэслэлээр улс, аймгийн цолтой гурван бөхөд Зөрчлийн тухай хуулийн 6.28 дугаар зүйлийн 1 /Үндэсний их баяр наадмын тухай хууль зөрчих/-д заасны дагуу 500 мянган төгрөгөөр, аймгийн цолтой нэг бөхөд Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 /Хүний биед халдах/-д заасны дагуу 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл тус тус оногдуулсан байна.

Харин улсын цолтой 1 бөхийн “барилдаанд унахдаа зүй бус үйлдэл гаргасан” гэх асуудлыг холбогдох баримтуудаар тогтоогдоогүй үндэслэлээр татгалзаж шийдвэрлэжээ.

Монгол үндэсний бөхийн уламжлалт ёс жаяг, бөхийн жудаг сахиагүй, өрсөлдөгч бөх, наадамчин үзэгч олныг үл хүндэтгэсэн үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог тул холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг бөхчүүдэд сурталчлах, урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээ авч хэрэгжүүлэх, мөн дээрх зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгах талаар Монголын Үндэсний бөхийн холбоонд прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлсэн байна.

Categories
мэдээ үндэсний-бөx

Намрын нээлтийн барилдаанд Улсын харцага Ш.Пүрэвгарьд түрүүлжээ DNN.mn

Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 97 жилийн ойд зориулсан “Нутгийн буян” группийн нэрэмжит улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан боллоо. 27 сая төгрөгийн шагналын сантай тус барилдаанд 33-н улсын цолтон, 94-н аймгийн цолтон, 1 сумын цолтон зодогложээ.

Энэхүү намрын нээлтийн барилдаанд “Алдар” спорт хороо, “Даян” дэвжээ, “Мөнхөд Ашидын Зам” ХХК-ий бөх Монгол Улсын харцага Ш.Пүрэвгарьд долоо даван түрүүлж, “Алдар”спорт хороо, “Түшээт Ханы Аварга” дэвжээ “Пирамид Орд” ХХК-ий бөх Монгол Улсын өсөх идэр начин Э.Даш үзүүрлэлээ.

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Харин дунд шөвөгт улсын харцага Н.Золбоо, улсын өсөх идэр начин Н.Мустафа, улсын начин Д.Хүдэрбулга, аймгийн арслан М.Баяржавхлан нар үлдсэн юм.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Үндэсний бөхчүүд өв тээгч юм бол монгол эрчүүд энэ дэлхийн хамгийн адгийн хүмүүс байхаар юм биш үү DNN.mn

Үндэсний бөхийг монголчуудын өв тээгч гэж сүүлийн үед ихэд өхөөрдөцгөөдөг болсон. Өв тээгч гэдэг бол тухайн өвийг мэдлэг ухаан, ур чадвар, арга барилын хувьд язгуур шинж чанараар нь өндөр түвшинд өвлөн уламжилж эзэмшсэн, мэдлэгтэй хувь хүн, ах дүү, төрөл садан, ард иргэдийг хэлнэ гэж томьёолсон байдаг. Энгийнээр аливаа улс үндэстний жор гэж ойлгож ч болох аж. Бидний ярьдаг, хүсэмжилдэг жудаг, ёс суртахуун гэдэг хэмжүүр өв тээгчдийн үндсэн шалгуур юм уу даа.

Тэгвэл энэ ойлголтоор монгол бөхчүүд өв тээгч мөн үү. Өнөөдрийн бөхчүүд үндэсний бөхийн спортыг язгуур шинж чанараар нь өндөр түвшинд хөгжүүлж чадаж байгаа бил үү. Уран мэхээ уралдуулж ард олныг баясгадаг нь хэд билээ. Жудагтай бөх гэж ярьдаг. Гэвч монголчууд тийм бөхийг олж харж чадаж байна уу. Харин эсрэгээр нь жудаг муутай, хүн муутай, дээрээс нь ханаж цадахгүй шуналтай бөхчүүд гэж л яригддаг болоод удаж байна. Ийм жишээ захаас аваад бий.

Өнгөрсөн Улсын баяр наадмын барилдаанаас эхэлье. Даян аварга Н.Батсуурь Улсын арслан Ц.Содномдоржийг долоогийн даваанд амлалаа. Аварга, арслан хоёр үй зайгүй найзууд гэдгийг бөхийн хорхойтнууд мэднэ. Тэд нэгнийхээ барилдаан, сул талаас эхлээд бэлтгэл, сэтгэл зүй, бүр урьд орой нь ямар хоносныг ч мэднэ гэсэн үг. Найзыгаа гишгэж даваа авна гэдэг ядаж л жудагтай эр хүний шинж биш. Нэлээд дээр үед Налайхын барилдаанаар хоёр найз очиж барилдаад тавын даваа ирж ам авах болсон гэнэ лээ. Гэтэл найзуудын нэг нь нөгөөгөө амлачихсан гэдэг. Гайхсан нөгөө найз нь амласан нөхрөөсөө асуухад “Таньдаг нь чиний нэр л байлаа” гэсэн байдаг. Танихгүй бөх бол аюултай, өөрийг нь унагаж мэднэ. Тиймээс таньдгаар нь барилдаад давахыг бодъё гэж айсных. Ийм спорт байж болох уу. Тэр тусмаа улс үндэстний өв соёл тээгч гэх бөхчүүд ийм бэртэгчин байх хэрэг үү.

Цаашлаад манайд унасандаа шаралхаж учраа бөхийн дэвжээн дээр элдэвлэдэг явдал энгийн үзэгдэл болсон. Ардын хувьсгалын 80 жилийн ойн барилдааны есийн даваанд Улсын арслан А.Сүхбат Улсын заан Г.Өсөхбаяртай тунаж барилдаад давсан. Унасан заан босч ирэхдээ ардаа байсан арсланг тийрч унаган сүйд болгох дөхсөн. 2012 онд Ардын хувьсгалын 91 жилийн баяр наадмын зургаагийн даваанд Улсын харцага Л.Пүрэвжав Аймгийн арслан Б.Пүрэвсайхан нар учраа таарч байв. Б.Пүрэвсайхан унасандаа шаралхан Л.Пүрэвжавын гэдэс рүү тийрч бас л наадамчин олныг сандаргаад авсан удаатай. Түүний дараагийн жил Улсын заан Б.Соронзонболдтой Улсын арслан Г.Эрхэмбаяр барилдахдаа нүүр нүд рүү нь цохиж, Улсын начин Г.Баасандоржид өвдөг шороодсон Улсын харцага Д.Сэрээтэр шанаадсан зэрэг элдэв янзын танхай, балмад үйлдлүүд жил бүрийн баяр наадмаар олны нүдэн дээр гардаг. Энэ зуны барилдаанаар унасан даян аварга маань давсан бөхийнхөө араас салаавч гаргаад тэлчилж байв. Олон түмнээс эмээх, нэр төрөө эрхэмлэх, бөхийн спортоо хүндлэх наад захын ёс суртахууны хэмжүүрт тэд тэнцэхгүй.

Манай сумын эрчүүд нэг зун овоо тахихаар эд зүйлсээ базаагаад уул өөд нэлээд мацацгааж билээ. Хөгшин залуу, хүүхэд багачууд бүгд ачаа бараа, овоо тахихад хэрэгтэй зүйлсийг дааж ядан үүрч дүүрч явахад тэр дунд нутгаараа ханардаг Сумын заан нөхөр хамгийн хөнгөн цар таваг барьчихсан мацаж явж билээ. Эр бяртай, байнгын бэлтгэлтэй бөх залууд овооны тахилгын эд зүйлс тийм ч хүнд эд биш байлтай. Гэвч нутгийн хүмүүс хэлж зүрхэлдэггүй, сумын заан ч биеэ оторлон хамгийн хөнгөнийг нь толгой дээрээ барьчихаад дээрэнгүй өнгө аястай алхаж явсан нь одоо ч нүдэнд харагдах. Энгийн бидний ойлголтоор бол хамгийн хүндийг нь үүрээд л уул өөд мацаж явах байв.

Одоо бүр бөхчүүд Улсын баяр наадамд ямар ч хамаагүй аргаар түрүүлэхийг боддог увайгүй арга руу орчихлоо. Дараа нь юу ч болсон, ямар ч асуудал дэгдсэн хамаагүй баяр наадамд түрүүлэх уралдаан болж байна. Бөх гэхээр ханарчихдаг монголчууд төртэйгөө нийлээд байгаа бүхнээ бариад хөл алдаад гүйчихдэг. Жил бүрийн түрүүлсэн болон цолонд хүрсэн бөхчүүд байр, машин хэдэн янзаараа цуглуулдаг жишиг бий болчихлоо. Түрүүлсэн бөхчүүд хөлсөө хатаагүй байхад шахам л цолны найраа хийх гээд шогшчихдог болсон байна. Шинэхэн соньхон дээр нь бай шагнал, байр машинаа, бэлэг сэлтээ цуглуулах гэж тэр. Удвал нөгөө хэрэглэсэн юм нь ч илэрчихнэ гэж айдаг биз. Саяын Улсын их баяр наадмаар төрсөн арсланг хар л даа, нийгэмд ямар шуугиан дэгдэж байна. Монгол хүний ёсыг бодож эрүүл мэндийн асуудалтай байгаа үед нь олон зүйл бичихээ больё. Допингийн асуудал дэгдсэн энэ цаг үетэй уралдан Улсын гарьд Ц.Бямба-Отгон хэдхэн хоногийн өмнө цолны найраа хийж, Өвөрхангайн улстөрчид, бизнесмэнүүд бэл бэнчингээрээ уралдацгаав. Цолны найраа яаруу сандруу хийж, хөрөнгө хураасан гарьд одоо арслан болоод дахин найрлаж лус савдаг шиг их хөрөнгө хурааж дабльдана гэж яарч байгаа юм шиг л ойлгогдоно шүү дээ. Ийм жудаггүй, ёс зүйгүй харагдана гэдгээ тэд мэддэг үү.

Монгол бөхөд ам авахаас эхлээд ёс жудаггүй олон хэмжүүр бий. Ерөөс ам авна гэдэг аль ч спортод байдаггүй. Манай монгол үндэсний бөхөд аль чадалгүй, бэлтгэл муутай, мэх тааруу, өвгөрсөн нэгнийгээ нэр цохон гаргаж ирээд давдаг дээрэлхүү зарчим үйлчилдэг. Энэ бүгдийг хээвнэг үйлдэх монгол бөхчүүд өв тээгчид юм бол монгол эрчүүд юу болох вэ. Энэ дэлхийн хамгийн увайгүй, шуналтай, зальтай, луйварчин, хүчтэйд долдой, хүчгүйг дээрэлхсэн, эмэгтэй хүнд эрэлхүү хүмүүс болох биш үү.

Угтаа ёс суртахуунтай, жудагтай эр хүнийг гадныхан жентелмэн эр гэдэг. Наад зах нь хов ярихгүй, эмэгтэй хүнийг хүндэлдэг, өөртөө итгэх, их зан гаргах хоёрыг ялгаж чаддаг, чөлөөт сэтгэлгээтэй, баатарлаг, худлаа ярьдаггүй, амьдралаа аваад явчих ухаан, хөрөнгө бэлтэй, чангахан гар барьж хүний нүд рүү эгцэлж хардаг эр хүнийг барууныхан жентелмэн эр гэж хүндэлдэг юм билээ. Эх оронч сэтгэлгээ гэдэг гадны бүх үндэстэнд мах цусанд нь шингэсэн байдаг. Украины дайнаар дэлхийн ямар олон жирийн эрчүүд шилдэг тамирчид, олимпын аваргууд, урлагийн одод дайны талбар дээр баатарлагаар амь үрэгдэв. Одоо ч зэвсэг агсан тэмцэж байгаа дэлхийн алдартнууд тэнд бий. Муу ёрлосон хэрэг биш, хэрэв манайд дайны нөхцөл байдал үүсэхэд хичнээн эрс баатарлагаар босох бол доо. Нүдэн дээр нь эмэгтэй хүн олон том нохойд уруулж тасдуулж байхад машинтайгаа өнгөрөөд явчихдаг ёс суртахуунтай эр хүн дайн болбол зэвсэг агсаж огт танихгүй монголчуудын төлөө байлдах уу. Өв тээгч бөхчүүдийнхээр бол огт тэгж чадахгүй.

Уг нь доктор, профессор Т.Намжил жудагтай монгол эр хүнд ширүүн үг хэрцгий яриаг цээрлэдэг, ашиг хонжоо хичээсэн далд зальхай үг хэлдэггүй, хов зөөж хутган үймүүлэхийг жигшин, хүлээцтэй тайван амирлангуйг эрхэмлэдэг, гэр орон үр хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээдэг, цаашилбал улс орноо төвхнүүлж чадах эрдэм чадал бий гэж нэгэнтээ хэлсэн байдаг. Өнөөдөр ийм эрчүүд хэр олон бол. Мөн энэ тодорхойлолт бидний хөөргөн бахархаад байгаа нөгөө өв тээгчдэдээ тохирохгүй байна. Эхнэр хүүхдэдээ эр бяраа гаргадаг, гэр бүлийн хариуцлагаас зугтаадаг, бусдыг дээрэлхдэг, өчүүхэн омог гаргадаг, луйвар хийдэг нөхөд л өв тээгчидтэй адилхан харагдаад байх. Луйвар хийдэг гэдэг нь ил цагаан гэмт хэрэг хийдэг гэсэн үг биш л дээ. Бөхийн дэвжээн дээр найраа хийдэг, олон түмний өмнө худлаа унаж жүжиг тоглодог. Хамгийн жудагтай гэдэг монгол бөхчүүд хамгийн увайгүй болчихсон. Монгол бөхийг эд баялаг хураагч гэдэг нүдээр харсан зальхай залуус ингэж явсаар нэг л өдөр эхнэр хүүхэд, ээж аав, эх орноо ч зарж мэднэ.

Монгол бөхчүүд, монгол эрчүүд бусдад өгч сураагүй, өгч мэддэггүй. Бусдаас л авдаг, бусдаар хүндлүүлэх гэдэг өчүүхэн сэтгэлтэй. Ийм чанар, ёс суртахуун яван явсаар биднийг дэлхийн увайгүй үндэстэн болгож мэднэ. Болсон байхыг ч үгүйсгэхгүй. Тиймээс ядаж л монгол бөхчүүдийг өв тээгч гэж хөөргөхөө больё. Түүний оронд монгол бөхийг язгуур шинж чанараар нь хөгжүүлэхэд анхаарч, ам авахыг болиулахаас эхлээд найраа наймаа, авлигад дуудсан хэлбэрүүдийг нь өөрчлөх хэрэгтэй. Ингээд ирвэл монгол бөхчүүд, цаашлаад монгол эрчүүд жудаг, ёс суртахуун гэдэг зүйлийг ойлгохтойгоо болж ирж мэднэ. Тэрнээс бөхчүүдийг өв тээгч гээд бусдыг нь адилхан бай гэх юм бол монгол эрчүүд энэ дэлхийн хамгийн увайгүй шуналтай, хулчгар дорой эрчүүд болох биш үү.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ үндэсний-бөx

“Алтан цом”-ын барилдааны бүртгэл өнөөдөр дуусна DNN.mn

“Алтан цом”-ын барилдааны бүртгэл өнөөдөр буюу есдүгээр сарын 05-ны өдөр дуусна. Одоогоор Ховд, Увс, Сэлэнгэ, Булган, Баян-Өлгий, Хөвсгөл, Орхон аймгууд албан ёсоор мэдүүлгээ ирүүлээд байна.

“Алтан цом”-ын барилдаанд 21 аймаг болон Улаанбаатар хот, Өвөр Монгол, Тувагийн тус бүр нэг баг буюу нийт 24 баг оролцох бөгөөд багууд 7 бөхийн бүрэлдэхүүнээр мэдүүлгийг 2023 оны есдүгээр сарын 05-ны өдрийн дотор Mubh.2021@gmail.com цахим хаягаар болон МҮБХ-нд бичгээр хүргүүлнэ.

Дэвжээд өөрийн аймгийн нэр дээр бусад аймгаас бөх оролцуулан барилдуулах бол  бөхийн тоог 2023 оны есдүгээр сарын 05-ны дотор ирүүлж, Улаанбаатар хотын баг болон бусад аймгуудын багт оруулах саналтай бөхчүүдийн тоог (эхний байдлаар бөхийн нэр шаардлагагүй) мөн дээрх заасан хугацаанд ирүүлнэ.