Categories
xурдан-морь мэдээ цаг-үе

“Саарал ажнайн шастир”

Өн­дөр гэгээний түмэн өлзий гийсний дан­шиг наадам 2005 онд боллоо. Халхын хамаг л хурд Есөн­зүйлд тэр зун цуг­лалаа. Их нас­ны 300 га­руй хүлэг эрэм­бэ цэгцтэй гарааны зур­хай руу хөд­лөв. Том уяа­чид бүгд л машинтай да­гасан юм. Морьд багцаагаар 26 км-т хүрээд эр­гэлээ. Алдарт уяач Д.Га­рамжав, Д.Да­ваахүү, “Мон-Эрдэнэ”-ийн Б.Пун­цаг­балжир… гээд том­чуудын олон сайн морьд өнгөнд эргэсэн дээ. Наа­дамчин олон мэдээж авар­гуудын аварга морь­дыг харж байлаа. Морь­дын зул задрахгүй гурван км орчим яваад байтал бүгээн, хар хоёр адуу өнгөнд заргалдаж эхлэв. Машинд явсан хүмүүс хар морийг нь таниад байгаа. Төв аймгийн Лүн сумын Базаррагчаагийн хар байна гэж. Харин бүгээнийг нь таньдаггүй ээ. Газрын тэхий дунд хүрэхийн алдад хүүхэд нь бүгээн саарал моринд урам өгч эхэллээ. Цан­гинатал гүүглээд, та­шуу­раа хий эргүүлээд л… саарал морь ч шидсэн чулуу шиг гараад явчих нь тэр. Өнөө олон машин саарал морьтой зүү­цэл­дээд явж өглөө. Морь урал­даад байгаа юм уу, машин уралдаад байгаа юм уу, бүү мэд. Гайхамшигтай нь саарал морь тэр олон машины тоосон дотроос торойтол гараад ирдэг юм байна. Тол­гой­гоо дороо хийгээд, хоёр чихээ солбиод, баруун жолоогоо дугтарсхийн шил­­бүүрдээд урагшаа зүт­­­­гэх нь мөн ч бах­д­маар, нулимс гармаар байсан шүү. Бариа ч дөх­сөн. Саарал морины та­мир одоо л шавхагдаж байгаа даа гэхэд хүүхэд нэг ч ташуур хүргээгүй байсан юм даа. Ямар ч албадлагагүй журайтал явсаар барианы тавилан руу оров. Саарлыг зур­хайд хүрэхэд Гарамжав, Хор­лоодой нарын том уяачид сая таньж Дундговийн Эр­дэнэдалайн С.Гомбо-Очи­рын саарал морь мөн шив дээ гэцгээсэн юм. Энэ цаг үеийн их даншигуудад (Өн­дөр­гэгээн, Зава Дам­дин, Говь Шанх) босоо тү­рүүл­сэн С.Гомбо-Очирын саа­рал морины домог мэт хурд ийнхүү эхэлсэн түүхт­эй.

Энэхүү уралдааныг С.Гом­бо-Очир гуай сүүлд ийнхүү дурссан байдаг: “Өвөр­хан­гай аймгийн Есөн­­зүйл су­манд болсон даншиг наа­дамд очлоо. Урьд нь би том наадамд очиж үзээгүй бай­сан юм. Тэр жил бага саа­рал азар­­га хавчиг соёолон настай дэндүү хурдан байв. Би түрүүлнэ гэж бат ит­гэлтэй байлаа. Морь га­рахад хүүх­дэдээ “Миний хүү тэр Гарам­жавын өс­гий ца­гаан хар, Хорлоо­дойн хар азар­га хоёрын аль түрүүлж гар­санд нь наа­чихаарай. Тэгээд бит­гий тат” гэж хэл­лээ. Саа­рал азарга Хор­лоо­дойн хар­тай үзэлцсээр най­маар ордог юм байна. За энэ наадмаар айраггүй бол­лоо гэж бодлоо. Ха­рин саарал морио тү­рүүл­нэ гэж даанч сана­сангүй. Гэтэл их нас га­раа­наас хөдлөөд удаа­гүй байтал саарал морь өнгөлж эхэл­дэг юм байна. Үгүй бүр явсаар байгаад тү­рүүлсэн. Тэр өдрийн орой нь жийп гээч машин­тай хүмүүс намайг хайж дав­хиад, би дов үзээгүйн харгайгаар айж ширвээ­тээд уулзаагүй л дээ” гэж.

С.Гомбо-Очир гуай Эрдэнэдалайдаа л байх. Саарал морь мөн нутаг­таа. Нэг их тэжээл бор­дооны тордлогогүй ясны адуу. Дараа жил нь Зава­дамдин гэгээний дан­шиг гэж том наадам Дундговьд боллоо. Хол ойрын хөл хөдөлгөөн их. Урьд жил нь Есөнзүйлд саа­рал моринд туушин­дуул­сан томчууд даагаа нэхэ­хээр морьдоо авчир­чээ. Шимтэйхэн уралдаан болж Халхын их уяачид энэ удаа саарал морийг бас л барсангүй. Саарал ирдгээрээ ирлээ.

Энэ ту­хай С.Гомбо-Очир гуай мөн л ярих: “Завадам­дин гэгээний даншигт оч­лоо. Манай сумдын дарга нар машиндаа архи уугаад манай тэр энэ морь тү­рүүлнэ гээд хө­шил­дөөд байх. Манай сумын дарга Сумбаа на­даас саарал морь гарна биз гэж байна. Би гарна гэлээ. Тэгээд их нас урал­дахад сумынхаа дарга­тай зам тосоод бай­тал саарал морь бай­даггүй ээ. Тоолоод байтал га­раа­наас 10 км-ийн баг­цаанд 278-аар гарч ир­лээ. Замбараагүй хол хаягд­жээ. Би за наадах чинь ай­раг­гүй боллоо. Түрүү морин дээр очъё гээд говь гат­лаад явж байтал Сумбаа дарга “Хүүе нөгөөдөх чинь тэр мөн үү” гэж байна. Хар­сан чинь саарал морь минь арав гаран дээр шуухай­чихсан юм ороод ирж байна. Сэтгэл хачин оргиод болдоггүй. Ну­лимсаа нударгаараа нэг сайн шударчихаад ха­раад явлаа. Ахисаар хол түрүүлсэн дээ. Одоо бо­доход тэр дороос, 200 гаруй морийг яаж гаталж ирсэн юм”. Үнэндээ бол С.Гомбо-Очир гуай саа­рал мориндоо итгэдэггүй. Яа­гаад гэвэл саарал морь уралдахдаа өөрий­гөө дүүрэн харуулдаггүй. За даа өнгөрөв бололтой гэхийн хэрд л түрүүлчих­дэгээрээ эзнийгээ гом­доо­гоод баярлуулдаг адар­маатай ажнай бай­жээ.

Саарал морины гоё түүх цааш үргэлжлэх. Гу­рав дахь том даншиг нь Говь Шанхын хурд байв. Өм­нөговьд болсон юм. Өөрсдийгөө боржигон гэж үздэг хүн бүхэн Говь Шанхын тоосонд очих дуртай. Халхын уяачдын гурав дахь даагаа нэхэлт тэнд боллоо. Бодохноо Гомбо-Очирын саарлын өмнө минийх яагаад… гэдэг бодол бүтэн жил тэдний сэтгэлд эргэлдсэн нь тодорхой. Ингээд авар­гууд гурав дахь удаагаа Говь Шанхын хурдыг зо­рилоо. Тэдэнд найдвар байлаа. Яагаад гэвэл саа­рал морь тэр жил 19 нас хүрээд байсан юм. Сайн адуу дээд тал нь 34 насалдаг гэж үзвэл саар­лын нас хүнээр бол 60 хол гарсантай дүйнэ. Бүр тая­гандаа хүрсэн нас л даа. Хүмүүс ч саарлыг урал­дах эсэхэд нь эр­гэлзэж байв. Гэтэл өвгөн, өвгөн саарал морио хөт­лөөд иржээ. Энэ тухай С.Гом­бо-Очир гуай юу гэж ярьс­ныг хүргэе.

“Ер нь дассан сурсан адуунд шийдсэн ажил хийхэд алдаа бага гардаг юм. Говь Шанхад би очихоор бэлдлээ. Саа­рал морь 19 настай. Жил ирэх бүр бууралтаж цав цагаан болсон морийг уяж зо­вооно гэхээс зүрх­шээгээд болдоггүй, хэд хонолоо. Тэгэхнээ дов үзсэн адуу цогиод ирнэ дээ гэж бо­догдох. Өвгөн саарлыг миний долоон настай хүү Пү­рэв-Очир анх удаа унаж байгаа. Манай Эр­дэнэ­далайн адуу сайн шүү. Суманд хоёр давхил өгө­хөд саа­рал морь тасар­хай тү­рүүлж байна. Ин­гээд Говь Шанхын давхил хэ­зээ болохыг нь сурсаар урьд орой нь явж хүрлээ. Их сунгаа болж 28 морь нийлж байна. Саарал морь хамгийн сүүлд гар­лаа. Хүүгээрээ гуядуул­саар түрүүлгэв. Эргээд манай дунд хүү хөтлөөд явтал явдаггүй гэнэ. Бүр цулбуурыг нь мөрөн дээ­гүүрээ гаргаад бараг чи­рэх шахуу яваад замдаа орхичихоод иржээ. Үдэш хүүхэд явуулж саарал морио авчирлаа. Тэр шө­нө уяж хоноод өглөө нь идүүлж байгаад нэмнээ­тэй тарласан чинь хурдан байна. Маргааш наадам болно гэж байгаа, дахиад давхар нэмнээтэй тарла­сан үгүй ер гүйцэгдэх янз ал­га. Хөлс хусуур дүүрэн гарч байна. Тэгэхээр нь уяж байгаад шөнө хуга­салж тавилаа. Хүмүүс Гом­бо-Очир саарал морио больчихлоо гэх янзтай. Өглөө морьдоо барьж уялаа саарал морь тогтож ядаад жигтэйхэн. Олон наадамд уралдах­даа хэзээ ч хөөрч бай­гаагүй номхон дөлгөөн адуу л даа. Би “За миний морь гарцаагүй айраг­дана” гэж өөрийн эрхгүй хэлж байлаа. Яг л миний санаснаар болж Говь Шан­хад сааралтай хани­лах морь гараагүй юм. Дорнодын Аюушийн ца­гаан, Өмнөговийн Цогт­цэцийн Совдын хээр мо­рьд хэсэг ханилсан. Саа­рал морь гурван км орчим хол түрүүлсэн дээ”. Сэт­гэл хөдөлгөм сайхан түүх байгаа биз.

Энэ наад­маар долоохон настай хүүгээ морины тоосонд явуулсан эжийн сэтгэл ямар байсан бол гэж бо­дохоос хэл загатнаад бол­доггүй, С.Гомбо-Очир гуайн гэргий Ш.Цэнд­сүрэн гуайгаас асуулаа. Ш.Цэндсүрэн гуай ярьж байна аа. “Наадмын урьд орой миний хүү нэг л ондоо байлаа. Юм л бол мөөмөө хөхнө гэж эрх­лээд. Миний хүү дөнгөж долоо хүрч байсан боло­хоор би их түгшиж айж байв. Миний хүү ин­гэж эрхэлдэггүйсэн. Мо­ри­ноо­соо уначихвий гэж бодохоор бүр тэгээд өн­гөрчих гээд, сүүлчийн удаа эрхлээд байгаа ч юм шиг санагдаад, сэтгэл нэг л хачин байлаа. Тэр морь нь битгий түрүүлээсэй, хүү минь эсэн мэнд, сүүлд нь ч хамаагүй цогиод ирээсэй гэж залбирч байв. Би морь дагаж яв­лаа. Хүмүүс морь чинь тэр явна гэхэд би хойгуур хараад, энэ ард л зөөл­хөн явж байгаасай гээд эргэж хараад олдоггүй. Тэгсэн хүмүүс ийшээ ха­раач гэсэн. Миний хүү нэг жаахан юм навхайчихсан явж байна. Өөрийн эрхгүй нулимс гарч хамар шар­хи­раад болдоггүй. Хүмүү­сээс нууж нулимсаа ар­чаад. Саарал морь ураг­шаа ахисаар төдхөн ган­цаараа гараад, торой­тол холдоод явчихаж би­лээ. Сайхан буян шүү. Одоо саарал морь 30 дөхөж байна. Манай ач зээ на­рын, бид бүгдийн эрх­лүүлдэг хайртай морь минь тэр л байна даа” гэж ярив. Ш.Цэндсүрэн гуайн яриаг илүү дутуугүй хүр­гэхэд энэ юм. Нялх үрээ мянган морины тоосонд мордуулсан ээжийн сэт­гэл ямар байдгийг та бид уншлаа. Магадгүй энэ замбуулингийн хамгийн эр зоригтой ээж, хүү хоёрын сэтгэл эндээс харагдана.

Эхнэрийнхээ яриаг сонсч суусан С.Гом­бо-Очир гуай надад бас нэгэн “аймаар” түүх ярив. “Хүү маань нялх, жаахан юм болохоор гараан дээр мориноосоо хийсчих гээд болдоггүй. Амаргүй л дээ, дөнгөж хөдөлж байгаа тэр олон морины хөлд унавал үрэгдэлгүй яахав. Тэгэхээр нь аргаа оллоо. Хүүгээ эмээл дээр нь ган­загаар нь хүлчихэж бай­гаа юм. Манай хөгшин ямар манийг дагаж га­рааны зурхай дээр ирэх биш. Хүүдээ болохоор эжийдээ битгий хэлээрэй гээд чихэр мэхэрхэн өвөр­т нь хийчихнэ. Гараа­наас хөдлөхөд нь харж бай­сан сөөвийсөн юм мо­рины­хоо шанханд наал­даад гараад явчи­хаж байгаа харагдана. Би ч уул ус, тэнгэр хангайдаа морь хүүхдээ даатгаад дагаж давхилаа” гэж. Мөн бү­дүүн зүрх шүү. Морь мал нь бүдэрч унавал яана. Монгол эр хүний сэт­гэл ийм хатуу ажээ. Ийм ха­тууг үзэж өссөн хүүхэд ямар­хан тэсвэр тэвчээр­тэй хүн болж тө­лөвших бо­л оо. Энэ ч нэг хэрэг дээ­рээ хүний нялх үрийг хүлж баг­луул­сан саарал морины увдис, бүр тү­рүүлж буйг ярих хэрэг дараа гарах нь. Адууны ухаан гэж энэ биз ээ. Өв­гөн саа­рал мо­рийг до­лоон настай Пүрэв-Очир хүү унаж тү­рүүлсэн түүх ийм ажээ.

П.ХАШЧУЛУУН

Categories
xурдан-морь мэдээ

Жороо морьдын уралдаанд Булган аймгийн харьяат Д.Жаргалсайханы цавьдар хүлэг түрүүллээ

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам өнөөдөр Хүй долоон худагт үргэлжилж байгаа билээ. Уяачдын наадмын үеэр жороо морьдын уралдаан болсон юм. Жороо морьдын уралдааныг Булган аймгийн Рашаант сумын уяач Д.Жаргалсайханы цавьдар морь өнгөлж, тод магнай торгон жолоо өргүүлжээ. Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын С.Мөнхбаярын харлаг, гуравт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Батнарангийн хээр, дөрөвт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Даваадоржийн хээр, тавд Сэлэнгэ аймгийн Сант сумын Батмөнхийн хүлэг тус тус айргийн тавд оржээ.


Categories
xурдан-морь мэдээ

Эрлийз дээд насны морьд гарааны зурхай руу гарлаа

Үндэсний их баяр наадмын Эрлийз хурдан морьдын дээд нас буюу азарга, их нас, соёолон морьдын уралдаанд 81 хурдан ажнай бүртгүүлж, гарааны зурхай руу хөдөллөө.

Бүртгүүлсэн морьд дунд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Тод манлай уяач Н.Даш-Өлзийн Аргамаг цавьдар, сартай хонгор, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Тод манлай уяач Д.Ганбаатарын хээр, зээрд, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул, уяач Х.Бадамсүрэнгийн зээрд халзан, Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, уяач Ө.Охиноогийн буурал зэрэг аргамаг хүлгүүд багтсан байна.
Мөн Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, уяач Д.Жамъяны хээр, Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, уяач Ч.Чинзоригийн сартай зээрд, Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, уяач Лувсанбалдангийн халтар, Өмнөговь аймгийн Баруунбаян-Улаан сумын уяач Н.Ганболдын хул, Архангай аймгийн Жаргалант сумын уугуул, уяач А.Батбилэгийн Мөнгөн хөлт хүрэн зэрэг шигшмэл хүлгүүд бүртгүүлжээ.

Н.ГАН

Categories
xурдан-морь мэдээ

Зэрэгцэж орж ирсэн хоёр даагыг хасч, Б.Нямсүрэн уяачийн дангар зээрд даага түрүү магнай болжээ

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдаан өнөөдөр болж өнгөрсөн. Хурдан морины салбар хорооноос уралдааны дүнг удаан хүлээлгэсний эцэст хүргэлээ. Салбар хорооны шийдвэрээр түрүү болон аман хүзүүлж орж ирсэн хоёр даагыг эрлийз гэсэн үндэслэлээр хассан тухайгаа мэдээлэв. Энэ талаар Хурдан морины салбар хорооны нарийн бичгийн дарга Ч.Галбадрах ярихдаа “Барианд орохдоо түрүүлж ирсэн хоёр даага байгаа. Нэг нь Монгол Улсын тод манлай Бат-Эрдэнийн зээр даага, хоёрт Баянхонгор аймгийн Богдын Д.Ганболдын хонгор даага байсан юм. Энэ хоёр даагыг комиссын шийдвэрээр хаслаа. Энэ хоёр нь анхны үүлдэрлэг байдлыг тогтооход уягдаж хасагдсан. Уягдсан хоёр даагыг хамгаалалтын ажилчдын нэг тавьж явуулсан байна. Хэн тавьж явуулсныг цагдаагийн байгууллага удахгүй тогтооно. Уг хоёр даага үүлдэрлэг байдлаараа хасагдсан нь манай бүртгэлд баталгаажсан байгаа. Сая дахин шинжихэд сэрвээний өндөр болон гадаад үүлдэрлэг байдал нь эрлийз байна гэсэн үндэслэлээр хасч бусад даагуудыг урагшлуулж байгаа юм” гэлээ.

Уралдаанд нийт 282 даага хурдалжээ. Энэ жил Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх сэрвээний өндрөөр стандарт тогтоох шийдвэр гаргасан. Тиймээс нас насны ангилалд нэлээд хэдэн хурдан хүлэг хасагдаад байгаа юм.Даага насны уралдаанд ч мөн адил айраг, түрүүнд орж ирсэн морьдыг хасах шийдвэрийг Хурдан морины комисс гаргасан. Өөрөөр хэлбэл, түрүү магнайд Говь-Алтай аймгийн Шарга сумын уяач Бат-Эрдэнийн хүрэн даага, хоёрдугаар байранд Баянхонгор аймгийн уяач Д.Ганболдын хонгор даага орж ирсэн байна. Гэвч сэрвээний өндөр илүү гарсан тул хасагджээ. Ингээд удаах байруудад орсон даагыг урагшлуулсан байна.

Түрүү магнай – Говьсүмбэр аймгийн Баянгал сумын уяач Б.Нямсүрэнгийн дангар зээрд сартай дөрвөлжин дарга авсан байна.

Аман хүзүү – Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач З.Батбаярын хул алаг даарга

Айргийн гурав – Төв аймгийн Архус сумын уяач Б.Баярбаатарын хул даага

Айргийн дөрөв – Өмнөговь аймгийн Цогцтэций сумын уяач Т.Батмөнхийн халтар саран дэвсгэртэй дөрвөлжин даага

Айргийн тав – Төв аймгийн Сэргэлэн сумын уяач И.Өлзийхутаг сартай зээрд даага

Б.УРАН

Categories
xурдан-морь мэдээ

Дэндэвийн Ганболдын хонгор даага төрийн наадамд торгон жолоо өргүүллээ

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын дааганы уралдаанд 254 даага бүртгүүлсэн ч гарааны зурхайгаас 71 гаруйхан даага гарчээ. Улсын наадамд анх удаа тоосоо өргөж буй дааганы уралдаанд Баянхонгор аймгийн Богд сумын харьяат Дэндэвийн Ганболдын хонгор даага, тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн зээрд даага хоёр зуузай холбон барианы зурхайд орж ирлээ. Ийнхүү Д.Ганболдын хонгор даага төрийн наадамд түрүүлж, тод магнай, торгон жолоо өргүүллээ. Айргийн гуравт Говь-Алтай аймгийн харьяат сумын алдарт уяач Нямсүрэнгийн зээрд даага орсон юм.

Б.НАРАН

Categories
xурдан-морь мэдээ

Дааганы уралдааны дараа Хурдан морины салбар комисс мэдээлэл хийнэ

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадам гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөө жилийн баяр наадамд эрлийз адуу уралдуулахгүй гэсэн шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор уралдахаар бүртгүүлсэн морьд олноороо хасагдаж байгаа. Тухайлбал, 171 азарга бүртгүүлснээс 98 азарга уралдсан бол яг одоо дааганд 254 бүртгүүлснээс 71 шандаст хүлэг уралдаж байна.

Тэгэхээр дааганы уралдааны дараа Хурдан морины салбар комиссоос мэдээлэл хийхээр болжээ.

Categories
xурдан-морь мэдээ

ФОТО: Хүй мандалын ногоон дэнжид хурдан соёолонгууд тоосоо өгргөлөө

Categories
xурдан-морь мэдээ

Улсын начин Батбаатарын саарал үрээ торгон жолоо өргүүллээ

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хүй долоо худгийн өнөөдрийн наадам хурдан соёолон морьдын уралдаанаар эхэлсэн. Өнөө жилийн наадамд 256 соёолонгоос 128-ыг нь бүртгэсэн билээ. Эдгээр хурдан буянгаас Архангай аймгийн харьяат улсын начин Батбаатарын саарал үрээ түрүү магнай боллоо. Харин тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд үрээ аман хүзүүнд хурдалсан юм.

Categories
xурдан-морь мэдээ

Өнгөрсөн жилийн наадмаар айрагдсан хурдан хүлгүүд

2016 онд буюу Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүнг эргэн сануулан хүргэж байна.

Related image

ДААГА


  • Зай: 11 км
  • Бүртгүүлсэн: 367
  • Уралдсан: 212
  1. Д.Аюулхүүгийн хурдан халиун даага (Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум)
  2. Н.Баасанжавын хээр халзан (Ховд, Цэцэг сум)
  3. Т.Төрмөнхийн хул (Сэлэнгэ, Баянгол сум)
  4. Т.Төрмөнхийн зээрд халзан (Сэлэнгэ, Баянгол сум)
  5. Х.Бат-Эрдэнэ бор халзан (Говь-Алтай, Шарга сум)

ШҮДЛЭН


  • Зай: 16 км
  • Бүртгүүлсэн: 372
  • Уралдсан: 281
  1. Ж.Уясахын бор халзан (Архангай, Ихтамир сум)
  2. Ц.Нүүдэлийн хонгор (Увс, Малчин сум)
  3. Х.Түмэнбаяр бор (Өмнөговь, Цогцэций сум)
  4. Ц.Гантөмөрийн халтар (Ховд, Алтай сум)
  5. Д.Ганболдын хонгор халзан (Баянхонгор, Богд сум)

ХЯЗААЛАН


  • Зай: 18 км
  • Бүртгүүлсэн: 387
  • Уралдсан: 306
  1. Б.Лхагва-Очирын хүрэн (Дундговь, Хулд сум)
  2. Т.Галбадрахын бор (Завхан, Тосонцэнгэл сум)
  3. Н.Батжаргал шарга (Дундговь, Хулд сум)
  4. Ц.Энхтайваны хүрэн (Баянхонгор, Баян-Овоо сум)
  5. Ж.Мөнхсүрэн бор (Сүхбаатар, Халзан сум)

СОЁОЛОН


  • Зай: 22 км
  • Бүртгүүлсэн: 297
  • Уралдсан: 235
  1. Д.Дагвадоржийн бор (Өвөрхангай, Хужирт сум)
  2. Ө.Пүрэвбаатарын загал (Өвөрхангай, Төвшрүүлэх сум)
  3. С.Дамбажавын хээр (Төв, Алтанбулаг сум)
  4. Д.Ганзоригийн зээрд халзан (Төв, Алтанбулаг сум)
  5. Л.Батмөнхийн хүрэн халзан (Говь-Алтай, Бигэр сум)

АЗАРГА /177/


  • Зай: 22 км
  • Бүртгүүлсэн: 214
  • Уралдсан: 177
  1. Т.Болдбаатарын магнай Халиун (Хөвсгөл, Мөрөн сум)
  2. Д.Баянбатын наран Хонгор (Төв, Баянцагаан сум)
  3. Д.Дагвадоржийн Шовгор зээрд (Завхан, Яруу сум)
  4. Д.Дагвадоржийн Яруу хээр (Завхан, Яруу сум)
  5. Д.Энхтөрийн хул (Хөвсгөл, Их-Уул сум)

ИХ НАС /372/


  • Зай: 25 км
  • Бүртгүүлсэн: 376
  • Уралдсан: 383

  1. Б.Энхбаатарын хонгор халзан (Өвөрхангай, Тарагт сум)
  2. Д.Баяраагийн хүрэн (Завхан, Дөрвөлжин сум)
  3. М.Даваажаргалын хүрэн сарт (Төв, Эрдэнэсант сум)
  4. Ц.Хэнмэдэхийн хонгор халзан (Төв, Сэргэлэн сум)
  5. Н.Мөнхбаясгалангийн зээрд (Завхан, Цэцэн-Уул сум)

Categories
xурдан-морь мэдээ нийтлэл

Шаргын тууль

Нэгэнт дэргэд айлссан наадмын нэг дутуу нь аугаа их хурдан шарга азарга байх мэдээ түгээгджээ. Энэ цагийн Монголын домогт ажнай өнөө жил уралдахгүйн учир буй аж. Гэвч шарга азарга монгол наадмын нэгэн хэсэг байж ард түмний зүрх сэтгэлд уярал хайр бэлэглэн, ер бусын төгөлдөр сайхан самсаан шархирааныг чимчигнүүлдэг нь түмэн үнэнтэй. Шаргагүй наадам бүтэнгүй санагдана. Бүтэн наадъя. Шаргыгаа уншигчдынхаа сэтгэлд уралдуулахуйн учгийг сүвлэж хоёр жилийн өмнө туурвилчийн бичсэнийг толилуулъя.

Талын цэлгэрхэн элгэнд тэр ханиа нутаглуулжээ. Наад­­­мын улирал айсуйн энэ цагт сэтгэлийн эмзэглэлт дурсамж өдөр өдрөөр то­досч бодол зүрхний ховдол хайр­лан өрөвдөх хийгээд хага­цахуйн гунигт хэмнэлээр зэрэгцэн лугших бөлгөө.

Бид нэгнийхээ амьдралд тохиолд­­сон ээдрээ зовлонг тэр бүр мэдэхгүй. Бас нэг нэгийнхээ хэзээ ч үл сонсч мэдэх гай­хамшигт амьдралаар амь­дарч буйг нь ч үл анзааран аж төрөх билээ. Үүнийг бичиг­чийн ишлэн хэлэхийг хүсдэг нэгэн ухаантны үгийг дахин хэлмээр санагдана. Энэ нь “Амьдрал бол өнгөрсөн өд­рүүд биш, ахин дурсагдах өдрүүд юм” гэсэн үг билээ. Үнэхээр л амьдрал ахин дур­саг­дах өдрүүдээр бүтэх агаад, тэрхүү ахин дурсаг­дахуйн замд аз жаргал, зов­лон гуниг, инээд хөөр, сайхан сэтгэл бүгд ээлжлэн оршино. Одоо би уншигч та бүхэндээ ийм л нэг ахин дурсагдахын замаар мөшгөн сурвал­жил­сан тууль мэт уярам үнэн түүхийг ярьж өгье.

Залуу эр Э.Эрдэнэчу­луун гэргий А.Агваанцэ­цэг­тэйгээ ханилан сууж, аавын гэрээс голомт таслан аз жаргалтай амьдралаа асаа­сан нь 1980-аад оны дунд үе. Удалгүй анхны охин нь төр­жээ. Энэ бол наян зургаан он юм. Анх­ны үрээ тэвэрч баяр­лалдсан залуу хосод ингэж баярлахтай зэрэгцэн нэгэн гайт өвчний халдвар эхнэ­рийг нь өвч­лүүл­жээ. Эмнэлгийн ажилт­нуу­дын ноолгор ун­хиагүйн харгайгаар тариурын шараар өвдсөн нь хожмын хагацлын үндсийг тавьсан байна. Ин­гээд залуу сайхан эхнэр нь элэгний өвчтэй болсон ч амьдралын ая дант хэмнэлд эхэндээ төдийлөн мэдэгдэх­гүй яваад байж. Эрдэнэбатын Эрдэнэчу­луу­ны уг гарвал сурвалж нь Өвөрхангай айм­гийн Хайр­хан­дулаан сумын хүн. Ээжийн талынхан нь Архан­гайн чигийн хүмүүс бөгөөд тэдний дунд зэгсэн сайн уяач явсан лам нар байжээ. Энэ удам угшил нь нөлөөлсөн үү, хэдий хотод төрж өссөн авто жо­лоочийн мэргэжилтэй Э.Эр­дэнэ­чу­луун нэг л мэдэ­хэд хурдан морь, адууны үнэнхүү хор­хой­тон болсон байжээ. Ин­гээд ерэн дөрвөн оны хавар Хэнтийн Галшар суманд хурд­ны удамтай адуу сонир­хож, үнэ таарч, сэтгэл шилбэл авах хүслээр тэр хавийн нутгийн айлуудаар өөрийн анд Зуз хэмээх Дор­жийн хамтаар бууж мордон хэд хоног явжээ.

Чингэж явахдаа ханийн­хаа элгэнд эмчилгээ болгож “Саамыг нь уул­гая” гэж сэт­гээд тэндхийн Будаа нэрт хүнээс нэгэн сайхан цагаан гүү худалдан авсан байна. Гэвч Будаа шууд л “Хөтлөөд яв” гээд өгчихсөнгүй. Бас жаахан үнэр­хэх янзтай бай­сан болол­той, ингэхэд нь нөхрийг хүн­дэт­гэсэн Зуз Дорж “Өөрийн адуунаас сайн угшилтай уна­гатай гүү өгье” хэмээсний хүчээр хоёр нө­хөр өнөө ца­гаан гүүг ногтолж чаджээ. Цагаан гүү хусран байсан бөгөөд нэгэн охин шарга даага дагуулан ирснийг Э.Эрдэнэчулуун “Морин той­руулга”-ын халтар азаргандаа хураалгаснаар Галшарын ганган цагаан гүү Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт идээ­шиж эхэлсэн түүхтэй байна.

Цагаан гүү Э.Эрдэнэчу­луу­ны сүрэгт нийлүүлэгдсэ­ний­хээ дараа жил нэгэн сай­хан гал шарга унага төрүүлэв гэнэ. Мөнхүү унага үзтэл хайр төрөм, эгэл биш амьтан бай­сан гэнэ. Тэр мөртөө хүнээс ер бишүүрхдэггүй, хүүхдээр бол хэнд ч болов очоод тэв­рүүлж байдаг хөөрхөн золиг байжээ. Шарга унаганы эх, цагаан гүүний саамыг эрт­нээс хүсэмжлэн тийнхүү явдал суудал болсон боло­хоор гэргийдээ өгчээ. Хүнд сэтгэл нийлж, элэг тат­сан ханиас илүү сайхан нь хаа билээ. Э.Эрдэнэчулуун ч хүний хайлан болсон залуу сайхан эхнэртээ үлэмжийн хайртай байв. Тийм ч учраас түүнийхээ амь амьдралын төлөө өөрөөсөө гарах хүч чадал, ухаан бодлоо дайчилс­ныг та одоохон унших болно. Түүний сайн, сайхан эхнэр мөнөөх энхрий уяхан сэтгэ­лийг аяндаа төрүүлэх шарга унаганы бүлээхэн уруулаа­раа шимэн хөхөх халуун саамаас хуваалцахыг хүсээ­гүй байна. Эх хүний заяамал уяхан сэтгэлээс гадна энх­рий яруухан тэрхүү шарга унага бүсгүйн сэтгэлийг ер бусаар хөндсөн бололтой. Ингээд “Энэ хөөрхөн амьтан саамаа бүтэн хөхөг дээ. Би үүний сүүнээс хороолцож яах вэ” хэмээж, өөр гүүний саам ууна гэж эрслэн зүтгэснээр, мөнхүү шарга унага бүтэн саамаа хөхөж, бүлээхэн зү­сээ тольдуулсан аюулын сай­хан амьтан болжээ. Ганайсан сайхан шарга даага 1997 оны улсын наадмаар данайтал давхиж ирээд айргийн тавд ордоггүй юу. Уншигч та санаж л байгаа байх. Уяач эзэн нь ч баярлаж байсан нь дамжиггүй. Яагаад гэвэл энэ чинь нөгөө саамыг нь эхнэртээ уулгах гэж авчирсан цагаан гүүний унага шүү дээ. Тэр шарга унага эздийнхээ сэтгэлийг, ялангуяа эхийн нь халуун сүүг хуваалцаагүй эзэгтэйдээ “сэт­гэлийн өр” төлөх мэт юм болжээ. Гэвч энэ үед шарга адуут айлын эхнэрийн бие улам бүр өвдсөөр байлаа. Эвлэж, тэтгэж амьдарсаар л байж. Дараа жилийн нь хавар шарга үрээ бас нэгэн шарга дүү дагуулж, мөнөөх цагаан гүү Э.Эрдэнэчулууныд ир­сээр хоёр дахь эр шарга унагаа төрүүлсэн байна. Энэ­хүү хоёр шарга адуу Эрдэнэ­батын Эрдэнэчулуун хэмээх нэрт уяачийг Монголын ард түмэнд тод томруунаар та­ниул­сныг бид нэгэнт мэдэх болжээ. Гэвч хамгийн гол нь Э.Эрдэнэчулуун уяач, энэ хоёр шарга хүлгийн тууль нь чухам юундаа гайхамшигтай болохыг одоо өгүүлье.

2000 оны Үндэсний их баяр наадмын соёолон мори­ны уралдааныг уншигч та эргэн нэг сана. Яагаав, цэ­гээн дэлтэй өндөр шарга үрээ түрүүлэн давхиж явснаа хол саахалтад хадуурч, наадамч олны зүрхийг эмзэглүүлэн бахдуулан байж, буцан урал­даа­ны замдаа орон өмнөх морьдоо яах ийхийн зуургүй суга орхин давхисаар хол саахалтын зайд түрүүлж ир­дэг­гүй юү. Шарга үрээгээ түрүүлүүлсэн Э.Эрдэнэ­чу­луун наадмын дараа Хэнтийн Галшарын томоохон наадамд очлоо. Тэнд хамт очсон эхнэ­рийн нь бие дордож, эмнэлэг домнолго болж аргагүйдэн явахдаа шарга үрээнийхээ уяаг алдагдуулснаа хожим мэджээ. Ингээд тэр наадмын тоосонд шарга үрээгээ алд­сан байна. Гайхам хурдан шарга үрээний нь дүү ганц шарга адуу үлджээ, одоо. Яагаад ч юм, тэр хөөрхий шарга үрээ, Э.Эрдэнэ­чулуу­ны эхнэр хоёрт ямар нэг амь сэжмийн холбоо байсан мэт санагдана. Тэр хоёрын аль нэгээс л орчлон уйдсан юм шиг. Эхлээд саамыг нь уухаа­саа татгалзаж шаргаа өсгө­сөн, дараа нь шарга нь тү­рүүлж тэднийгээ баярлуул­сан, тэгээд дараа нь эзэгтэйн бие өвдөхтэй зэрэгцэн шарга уяаны гам алдсанаас эндэж хорвоог орхисон. Ямар нэг нөхөлдөхүйн сэжим холбоо буй юм шиг л дүр зураг ажиг­лагдана.

Энэ явдлын дараа Э.Эр­дэнэ­чулууны эхнэрийн бие улам мууджээ. Баялаг болж байсан байр орон сууц, ер юм бүхнээ заржээ. Ингээд байд­гаа хамж шимж байж жар, далан мянган ам.долларын үнэтэй элэг солиулах хагал­гаанд Бээжин хотноо орсон байна. Амжилттай. Эв эрүүл, саруул сайхан эхнэрээ ха­раад Э.Эрдэнэчулуун элэг бүтэн аз жаргалын амтыг чухамхүү мэдэрсэн юм. Гэвч энэ сайхан цаг удаан үргэл­жил­сэнгүй. Жилийн дараа дахин өвдөж эхэлжээ. Энэ нь 2004 оны зургадугаар сарын үес юм. Дахин хагалгаанд орох шаардлагатай байлаа. Э.Эрдэнэчулуунд шарга азар­гатай цөөн адуунаас нь өөр зүйл байсангүй. Тэр бүх­нийг шаргадаа даатган найд­сан байна. Эхнэрээ дахин хагалгаанд оруулахын тулд дахиад л жар гаруй мянган ам.доллар хэрэгтэй.

Эрэнэбатын Эрдэнэ­чу­лууны шарга азарга энэ зун­даа дөрвөн том наадамд түрүүллээ. Үндэсний их баяр наадам, Дорнодод болсон зүүн бүсийн наадам, Их хурд, Алтан-Овооны наадам зэрэг хамгийн том бай шагнал бү­хий дөрвөн уралдаанд урдаа улаан хөлтөн гаргасангүй. Эзнийхээ итгэл найдварыг алдсангүй. Үнэхээр өрөвдөн, уяран хайлмаар. Эзнийхээ эхнэрийн өвчин зовлонг ялуу­лахын төлөө “үр хүүхэд нь мэт” зүтгэсэн юм гэмээр. Үүнээс гайхамшигтай нь бий гэж үү. Хурдан шаргынхаа хондон хөлсөө цацлан олж ирсэн жип машин тэргүүтэн бай шагналын нь мөнгө эм­чил­гээний зардлыг бүрдүүл­жээ. Э.Эрдэнэчулуун ч Бээ­жинд эмчлүүлж явсан эхнэр­тээ баяр хөөртэй очиж, шар­гын­хаа ачаар ингэж чадлаа гэхэд нь хөөрхий тэр нь хөн­дүүр зүрхнийхээ гүнээс уяран хайлж, өрөвдөн энэрсэн юм гэдээг. Хамгийн харамсалтай нь хагалгаанд дахин орсон ч, залуу сайхан тэр эмэгтэй 21-хэн хоногийн дараа бурхан… Бурхан болжээ.

Хорвоо орвонгоороо эргэ­сэн он жил. Э.Эрдэнэчулууны хатуужих, уйтан давчуу хор­воотой эвлэрэн дасах он жилүүд эхэлсэн байна. Үхсэ­нээс үлдсэн шарга нь ч тийн­хүү хөлс хүчээрээ амины нь төлөө “зүтгэсэн” эзний нь эхнэр, ах шаргын нь сүүг авч уугаагүй нинжин сэтгэлт ач­тан бүсгүй хорвоод үлдэж чадаагүйд гашуудсан мэт 2005, 2006 онд ихэд өвдөн, турж эцээд, уяулан уралдах ч сөхөөгүй байсан нь үнэн ажээ. Харин улирагч зуны улсын наадамд зовлон гуни­гаа мартсан мэт дахин цой­лон түрүүлж эзнийхээ сэтгэ­лийг дахин цэлмээгээд байгаа юм.

Э.Эрдэнэчулуун, түүний их хорвоогоос буцсан эхнэр, эр хонгор шаргуудаас бүрд­сэн ийм нэгэн тууль бий ажээ.

Монгол Улсын тод манлай уяач Эрдэнэбатын Эр­дэнэ­­чулуун “Уяхан, өрөвчхөн сэтгэлтний дээд байсан даа, миний хань” хэмээн дурсах тэрхүү тэнгэрт одсон бүсгүй­тэйгээ Хонхор өртөөнд анх танилцан дотносож, хожмын Монгол Улсын Даян аварга Агваансамдангийн Сүхбат хүр дүүгээ хүүхэд ахуйдаа барил­даж явахад нь хоёул элбэн цай цуй барин гүйж байсан нь ойрхны дурсамж ажээ.

Э.Эрдэнэчулуун түүний хайрт хань, эр хоёр шаргын энэ гайхамшигт туулийг эх орныхоо хүмүүст мэдүүлэ­хийг сайхан сэтгэлт хүмүүс сэдээд, нэгэнт ажил хэрэг болгоод байгаа юм билээ. Уярам энэ түүхийг Монгол­банкны захирал асан Очир­батын Чулуунбат тод манлай уяачаас нулимс унаган сон­соод Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнд даруй хандан кино зохиол бичиж өгөхийг хүсч улмаар туурвин гүйцэт­гүүлээд, бүх зардлыг нь хариу­­цан бүтээлгэснийхээ нээлтийг ирэх сарын таванд хийх гэж байгаа гэнэ. Хүний хорвоогийн хамгийн сайхан нь хүн хүндээ сэтгэл тавьж, гэгээн сайхныг бусдад мэд­рүү­лэхээс өөр юусан билээ. Домог тууль тэртээ өмнийн, өнө холын байх албагүй ажээ.

Б.ЗОЛБАЯР