Categories
xурдан-морь мэдээ

​“Баруун бүсийн хурд-2021” хурдан морины уралдаанд есөн насны 1484 морь уралджээ

“Баруун бүсийн хурд-2021” хурдан морины уралдааныг гурван өдрийн хугацаанд Ховд аймагт зохион байгууллаа. Үүнд 574 унаач хүүхэд оролцож, нийт есөн насны 1484 морь уралдсан байна.

Тодруулбал, их нас 352, азарга 211, соёолон 196, хязаалан 220, шүдлэн 199, даага 175 тус тус уралдав. Мөн эрлийз дээд насанд 65 морь, дундад 63 морь, эрлийз даага 42 тус тус уралдсан аж.

Энэхүү хурдан морины уралдааныг “Монголын Морин спорт уяачдын холбоо”-ны 25 жил, “Гиннесийн уралдаан”-ы найман жилийн ойн хүрээнд зохион байгуулснаараа онцлогтой.

Орон нутгийн мэргэжлийн байгууллагуудын зүгээс наймдугаар сарын 6-8-ны өдөр уяачид болон хурдан морь унаач хүүхэд, тэдний эцэг эх, асран хамгаалагч, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлд хяналт тавьж ажиллалаа. Тус ажлын явц, үр дүнгийн талаар өнөөдөр нэгдсэн мэдээлэл хийв.

Өөрөөр хэлбэл, хурдан морины уралдааны үеэр стандартын шаардлага хангасан хувцас өмсөөгүй 13 хүүхдийг илрүүлж, зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулжээ.

Мөн богино долгионы станц чихэвч хэрэгсэл 12, стандартын бус ташуур хэрэглэсэн 18 тохиолдол, зориулалтын бус малгай өмсгөсөн 26, өвдгөвч тохойвчгүй 19 хүүхдийг саатуулж, морины эзэн болон эцэг эх, асран хамгаалагчид нь мэдэгдэх замаар стандартын хувцас хэрэгслээр хангасан байна.

Үүнээс гадна хүүхдүүд стандартын бус урт ташуур, урт суран оосор, гар утас, богино долгионы станц, чихэвч, чулуугаар хийсэн дүүгүүр, гялгар уут, хадаг, шүгэл биедээ авч гарахыг оролдсон зэрэг 34 тохиолдлыг илрүүлж, таслан зогсоолоо.

Энэ үеэр уралдааны зам хуурайшилт ихтэй, тоосжилттой байсны улмаас хүүхдүүдийн ам ангах, морьд багтрах тохиолдол гарсан. Улмаар үзэгдэх орчин хязгаарлагдсаны улмаас морьд замаас гарч, засч бэлтгээгүй зам руу орох тохиолдол гарсаны улмаас дөрвөн хүүхэд мориноос унаж, гэмтэл бэртэл авчээ.

Тэднийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулсан бөгөөд уяач болон эцэг эхэд нь хүлээлгэн өгч, даатгалын компанид холбон зуучилсан гэж Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Хурдан морины уралдаан зохион байгуулах комиссоос цаашид хүүхэд хамгааллыг сайжруулах талаар санал солилцож байгаа аж.

Учир нь зөвхөн их насны морьдын уралдааны явцад л гэхэд 30 гаруй унаач хүүхэд мориноос унаж, их бага хэмжээгээр тархины доргилт, зөөлөн эдийн гэмтэл авсан гэх (албан бус) мэдээлэл бий.

Тус хурдан морины уралдааны үйл ажиллагаа, холбогдох дэлгэрэнгүй мэдээллийг орон нутгийн “Ховд телевиз”-ийн цахим хуудсаар дамжуулан үзэх боломжтой.

Categories
xурдан-морь мэдээ цаг-үе

Бүсийн уралдаанаас 1 хүүхэд тархиндаа хүнд гэмтэл авч, 4 хүүхдийн гар хугарчээ

Ховд баруун бүсийн хурд 2021 уралдаан энэ сарын 6-аас 9-ний өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Бүсийн наадмын үеэр нэг ч хүүхэд унаж бэртээгүй гэдэг мэдээллийг Алтайн унага морин спорт уяачдын холбооноос өгөөд байсан бол нэг хүүхэд тархиндаа хүнд гэмтэл авч, 4 хүүхдийн гар хугарч, нэг хүүхдийн шагай гэмтсэн гэдэг мэдээллийг БОЭТ-ийн гэмтлийн тасгаас өглөө.

Их насны морьдын уралдаанаас л гэхэд 30 гаруй хүүхэд мориноос унажээ. Мориноос унасан хүүхдүүдийн хувьд тархины доргилттой, их бага хэмжээгээр зөөлөн эдийн гэмтэл авсан гэв.

Categories
xурдан-морь мэдээ

ФОТО: ​“Сэлэнгэ хурд-2021″ Төвийн бүсийн хурдан морины уралдаан боллоо

“Сэлэнгэ хурд-2021″ Төвийн бүсийн хурдан морины уралдааны хурдан Азарга, Соёолон, Шүдлэн нас болон сонготол насны уралдаанаар өчигдөр буюу наймдугаар сарын 7-нд зохион байгуулагдлаа.

“Сэлэнгэ хурд-2021” Төвийн бүсийн хурдан морины уралдааны хурдан Соёолон насанд 160-аад хурдан хүлгүүд уралдсанаас:

1. Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, Тод манлай уяач Дамбын Хишигжаргалын “Хонгор халзан”
2. Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, Тод манлай уяач Бичээрэйн Далайн “Хээр”
3. Завхан аймгийн Алдархаан сумын уугуул Чинбатын Болд-Эрдэнийн “Халтар”
4. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Биндэръягийн Батсанаагийн “Хээр”
5. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цэдэндамбын Эрдэнэбаярын “Бор” соёолонгууд хурдаллаа.

Шүдлэн насанд 170-аад хурдан хүлгүүд уралдсанаас:

1. Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, Тод манлай уяач Бичээрэйн Далайн “Хул”
2. Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, Аймгийн алдарт уяач Сашайн Бат-Очирын “Сартай шар хээр”
3. Булган аймгийн Хангал сумын уугуул Сүрэнхоролын Сэлэнгийн “Жигүүр хүрэн”
4. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Минжийн Соёл-Эрдэнийн “Ягаан халзан”
5. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Батсуурийн Ганбатын “Хамар цагаан Бор” шүдлэнгүүд айргийн тавд хурдаллаа

May be an image of 3 people, people standing, people sitting, horse and outdoors

No description available.

No description available.

No description available.

May be an image of 3 people, people standing, horse and outdoors

May be an image of 5 people, people standing, horse and outdoors

May be an image of 1 person, standing, horse and outdoors

May be an image of one or more people, people standing, horse and outdoors

May be an image of 1 person, standing, horse and outdoors

May be an image of 4 people, people standing, people sitting and outdoors

May be an image of 3 people, people standing, horse and outdoors

May be an image of one or more people, people standing, horse and outdoors

Categories
xурдан-морь мэдээ

Дорнод аймагт болсон сонгомол дээд насны морины уралдаанд Тод манлай уяач С.Лувсанбалдангийн луу халтар түрүүлжээ

Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын гуравдугаар багийн нутаг Баян хэмээх газарт “Морин спорт уяачдын холбоо”-ны 25 жилийн ойд зориулсан хурдан морины уралдаан өнөөдөр боллоо.

Сонгомол дээд насны морины уралдаан өнөөдөр 08:30 цагт эхэлсэн бөгөөд хурдан морины уралдаанд 75 морь гарааны зурхайнаас гарч, 09:45 цагт барианд оржээ. Тэргүүн магнайд Тод манлай уяач С.Лувсанбалдангийн луу халтар орж, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат Аймгийн алдарт уяач Дугарсүрэнгийн Отгонлхагвын солонго хүрэн аман хүзүүдэв.
Айргийн дөрөвт Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Монгол Улсын Алдарт уяач Дугаржавын Ганзоригийн хээр, айргийн дөрөвт Архангай аймгийн Хотонт сумын харьяат Монгол Улсын Алдарт уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хүрэн, айргийн тавт Архангай аймгийн Хотонт сумын харьяат Монгол Улсын Алдарт уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн сартай хээр морь тус тус орлоо. Үүний дараа сонгомол дунд насны морьд барианы зурхай руу хөдөлжээ.
Categories
xурдан-морь мэдээ цаг-үе

Гурван бүсийн хурдан морьдын уралдаан сонгомол насаар эхэллээ

Гурван бүсийн хурдан морьдын уралдаан өнөөдөр сонгомол дээд насны морьдын уралдаанаар эхэлсэн гэж Морин спорт уяачдын холбооноос мэдээллээ.

Уралдаан Ховд, Сэлэнгэ, Дорнод аймагт нэгэн зэрэг эхэлсэн бөгөөд өнөөдөр сонгомол дээд, сонгомол дунд, сонгомол бага насны морьдын уралдаан болно.

Харин дараагийн хоёр өдөр азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, дааганы уралдаан болсноор дуусах аж.

Categories
xурдан-морь мэдээ цаг-үе

УОК: Хурдан морины уралдааныг орон нутаг тус бүрд нь зохион байгуулна

Засгийн газрын 2021 оны долдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ спортын уралдаан тэмцээнийг үзэгчгүйгээр зохион байгуулах чиглэлийг Улсын онцгой комисст өгсөн билээ.

Энэ дагуу Монголын Үндэсний Бөхийн Холбоо, Морин спорт уяачдын холбоо, Монголын Хөлбөмбөгийн Холбоод тэмцээнээ зохион байгуулах саналаа УОК-д дурдсан хугацаанд нь хүргүүлсэн юм.

УОК-ын 2021 оны долдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар “хурдан морины уралдааныг орон нутаг тус бүрд нь зохион байгуулуулах…” шийдвэрийг гаргалаа.
Categories
xурдан-морь мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Баянхонгорын Бууцагаан сумын уяач Б.Батдорж: Сонгуульд ялагдсан хүмүүс Засаг унагахыг санаархаж хүүхдүүдийг жагсаасан нь наадам цуцлахад хүргэлээ

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат аймгийн алдарт уяач Б.Батдоржтой ярилцлаа.


-Морь хурдан, уяа эвлэг байна уу. Таны тухайд Ардын хувьсгалын 100 жилийн ойд хаанаас зорьж ирэв?

-Морь хурдан уяа эвлэг сайхан байна. Баянхонгор аймгийн Бууцагаан сумаас 800 гаруй км замыг туулж ирлээ. Миний тухайд улсын наадамд мордуулахаар 10 орчим тооны адуутай ирсэн юм. Манай аймгаас 20 гаруй уяач ирсэн. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад эхнээсээ морьдоо ачаад буцаж байна.

-Залуусын төлөөлөл “No Naadam” жагсаал зохион байгууллаа. Улмаар Засгийн газраас Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа. Уяачдын байр суурийг сонсох гэсэн юм?

-Жагсаал зохион байгуулж үзэл бодлоо илэрхийлэх нь ардчилсан нийгэмд нээлттэй. Аж ахуйн нэгжийн төлөөлөл үзэл бодлоо илэрхийлж тайван жагсаал хийж байгаа болов уу гэж бодсон юм. Газар дээрээ бол нөхцөл байдал тэс өөр байсан. Цэвэр улс төрийн зорилготой зохион байгуулалттай үйл ажиллагаа болоод өнгөрлөө. Сонгуульд ялагдсан намын зүгээс залуусыг хөлсөлж жагсаалд оролцуулаад засаг унагахыг санаархсан нь талаар боллоо. Хамгийн хорлонтой Ардын хувьсгалын 100 жилийн ойн их баяр наадмаа цуцлах шийдвэр гаргаж түүхэнд хар толбо үлдээлээ. Засгийн газраас гаргасан шийдвэр ч таван төгрөг авч талбайд жагссан хүүхдүүдийн өмнө сөхөрдөг болж. Ямар ч дархлаагүй болсон байна. Энэ шийдвэрийн ард олон мянган уяач, наадмаа хоног тоолж хүлээсэн олон зуун мянган иргэдийн эрх ашиг хохирлоо. Миний тухайд наадмыг Улаанбаатарт хийх шийдвэрийг сонсоод л сумаасаа гарсан юм. Харамсалтай нь тулгаж ирээд л амнаасаа буцчихлаа. Зургадугаар сарын дундуур л ийм шийдвэрээ танилцуулчихсан бол олон мянган уяач зардал чирэгдэл болж Улаанбаатар луу ирэхгүй байлаа шүү дээ. Уяач хүн туслах уяачаа цалинжуулна. Унаач хүүхдүүдээ ч цалинжуулна. Хажуугаар нь морины тэжээл, шатахуун гээд асар өндөр зардал гаргадаг. Уяачид бүгд хохироод үлдлээ. Энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож байна. Түүхэн ач холбогдол талаас нь харвал тэмдэглэхгүй өнгөрч болохгүй үйл явдал. Эхнээсээ л сум сумандаа баяр наадмаа цомхон тэмдэглэчих байсан юм. Аймагтаа наадах нь аймагтаа, сумандаа наадах нь сумандаа бөхөө барилдуулаад, морио уралдуулаад явчихсан бол хаа хаанаа хүндрэл гарахааргүй байлаа. Ингэж бөөгнөхөл үүсэхгүй байсан юм. Засгийн газрын ямар ч тооцоогүй шийдвэрийн хар гор ингэж гарлаа. Хөл хорио тогтоогоод аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хорьж цагдаад л байдаг. Ямар ч үр дүнгүй байна шүү дээ. Сонгуулиар бол цар тахалтай байсан ч тоохгүй, хэдэн зуун хүн цугладаг юм билээ.

-Цар тахлын улмаас өдөрт 10 хүн нас барж байхад баяр наадам ярилаа гэж дургүйцэж байна лээ?

-Энд нэг зүйлийг онцолъё. Энэ цар тахал цаашид хэзээ ч арилахгүй. Бид хөл нийлүүлж алхахаас өөр арга байхгүй. Вакциндаа хамрагдаад л цар тахалтай хамтдаа цаашилна. Олон улс ч өнөөдөр ийм л байгаа. Европ тивд олныг хамарсан үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Хэдий болтол хааж боох юм бэ. Бидний тэвчээр ч үнэндээ тасарч байна. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг ч нээх хэрэгтэй. Баяр наадмаа ч тэмдэглэх хэрэгтэй. Бид чинь өв соёлоороо ондоошдог ард түмэн. Баяр наадам бол бидний үндэсний бахархал. Өнөөдөр залуус үүнийг үгүйсгэх хандлага гаргах гээд байдаг болчихож. Тусгаар тогнолоо бид ямар их үнэ цэнээр олж авсан билээ. Өвөг дээдэс минь ямар их цус урсгаж эх нутгаа хамгаалж үлдсэн билээ. Үүнийг ухамсарлахаа больж. Өв соёлруугаа өшиглөж байгаа залуусыг хараад гол харлах юм. Биднээс цааш хэн авч үргэлжлүүлж авч явах гэж ч санах юм. Улс үндэстнүүд бахархлаа хамгаалдаг. Токиод олимп хойшлуулсан хэрнэ ээ сумогийн башёг хэвийн явуулаад байна шүү дээ. Сумо бөх бол тэдний өв уламжлал, бахархал нь болохоор л тэр шүү дээ. Залуус минь өв уламжлал руугаа нулимж хэрхэвч болохгүй. Дахин онцлоход бид өв уламжлалаараа ондоошдог үндэстэн шүү дээ. Үүнийг л ухамсарлах хэрэгтэй.

-Жагсаалд оролцож буй залуус наадмын төсвийг эрүүл мэндэд зарцуул гэх шаардлагыг тавьж байна лээ.

-Тийм. Наадмын төсвийг уяач бөхчүүд хуваагаад идээд уучихдаг гэх ойлголт нийгэмд яваад байх шиг байна. Тийм биш. Төсвийн 80 орчим хувь нь нээлтийн арга хэмжээ, дуучин, бүжигчин хүмүүст зарцуулагддаг. Бөхчүүд, уяач нарын байнд нэг их төсөв шаардаад байдаггүй юм шүү дээ. Анх Соёлын сайд “Наадмын төсвийг 10 тэрбум төгрөг” гэж хэлээд л хүмүүсийн хэнээг хөдөлгөчих шиг болсон. Хажуугаар нь төсвөөс хулгай хийдэг хүмүүс олон байх шиг байна. Энэ бүхэн л наадмыг үзэн ядагчдыг олшруулаад байна гэж би хувьдаа үзэж байна. Үр дүнд нь энэ олон жил тээж ирсэн өв соёл маань эрсдэлд орчихлоо. Энэ жилийн наадмын нээлтэд хэдэн төгрөг зарцуулсан, хэн нь хэдэн төгрөг авсан бүгдийг нь ил болгож гаргах хэрэгтэй. Тэгэхгүй бол хэдэн бөхчүүд, уяачид хуваагаад идчихсэн юм шиг ойлголт нийгэмд яваад байна. Бид нар бүх зардлаа хувиасаа гаргаж наадамладаг улс. Энэ жилийн тухайд нэг төсөв гэлгүйгээр цомхон тэмдэглэж болох гарц байсан шүү дээ. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд байхад Хүй долоон худагт том гэрүүд бариад л тайз засч сүржигнэх шаардлага ерөөсөө байгаагүй. Хамаг төсөв чинь тийшээ урсчихдаг байхгүй юу.

-Хажуугаар унаач хүүхдүүдийн амь нас энддэг асуудал хүүхдийн эрхийн байгууллагуудын анхааралд өртөөд байна л даа. Сая л гэхэд хоёр ч хүүхэд мориноос унаж эндсэн байна лээ?

-Наадам дөхөхөөр л гарч ирж энэ асуудлыг хөнддөг хүмүүс бий. Тэдний ажил л байх л даа. Гэхдээ үндэсний спорт гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй болов уу. Нөгөө талдаа уяач нар ч анхаарах цаг ирчихээд байгааг хүлээн зөвшөөрнө. Энэ их өв соёлыг хадгалж цааш нь авч явъя л гэвэл хүүхдийнхээ аюулгүй байдалд онцгой анхаарах шаардлагатай байна. Хүүхэд осолдоод байгаа голлох шалтгаан нь эрлийз адуу, шинэ цагийн адуутай нэг талаараа холбоотой. Цус орсон адууны давхил их хатуу байдаг юм. Хүүхдээ маш сайн боож баглаж л явуулахгүй бол эрсдэл өндөр. Монгол адууны давхил бол зөөлхөн байдаг юм. Өнөөдөр уралдаж байгаа адууны олонх нь цус орсон адуу уралддаг болж дээ. Энэ нь унаач хүүхдийг эрсдэлд оруулж байна. Нөгөө талдаа хүүхдүүд маань морь унах соёлоос бас холдчихож. Морь унаад тугал, бяруундаа явдаг үзэгдэл харагдахаа больсон байна. Айл бүрийн л гадаа портер, мотоцикл байх юм байна шүү дээ. Энэ нь ч нөлөөлөөд байх шиг.

-Цар тахлын нөхцөл байдал амаргүй байна. Та нар халдвар хамгааллын дэглэмээ хэрхэн баримталж байна вэ?

-Бид нар бүгд вакциндаа хамрагдсан. Хоёр дахь тунгийн хоногоо ч гүйцээсэн. Сумандаа шинжилгээ өгөөд сөрөг гарахад нь л наашилсан. Зарим уяач нар түргэвчилсэн оношлууртай явж байгаа.

-Хөдөөгийн хөх уяачид хот тойроод олноор цугласан байна. 100 жилдээ өндөр ач холбогдол өгсөн байна даа…

-Морь айрагдаж түрүүлэх нь яах вэ. Бид 200 жилийн ойгоор амьд байхгүй шүү дээ. Уяач нар маань өнгөрсөн оны арванэгдүгээр сараас хойш л морьдоо барьж 100 жилдээ бэлдсэн. Урд жилүүдийнхээс ч илүү өндөр ач холбогдол өгч бэлдэж байсан юм. Хөдөөгийн малчид гурван улирал малын хойноос хөөцөлдөж яваад л зуны дэлгэр цагт наадмаар баярлаж дотоод эрч хүчээ авдаг юм. Наадмыг нь хориод хаячихаар тэр хүмүүс юу үзэж баясах вэ. Яахав хотод утас оролдож хэвтээд хүмүүс үүний ач холбогдлыг мэдэхгүй л болов уу. Хөдөөний улс дархлаагаа баяр наадмаасаа авдаг юм.

-Морь уяхад нэг адуунд хэд орчим төгрөгийн төсөв зарцуулдаг юм бэ?

-Би Ардын хувьсгалын 100 жилийн ойд гурван жилийн өмнөөс бэлдсэн. Морины ажлаа эхэлсэн гэх үү дээ. Нэг жилийн хугацаанд нэг моринд 3-5 сая төгрөг зарцуулдаг. Хамгийн багадаа л гурван сая төгрөг зарцуулдаг. Ганцхан адуунд л тэр шүү дээ.

Categories
xурдан-морь мэдээ цаг-үе

​ХЭҮК-оос Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг цуцлах санал Засгийн газарт хүргүүлжээ


КОВИД-19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хурдан морь унаач хүүхдийн амь нас, эрүүл мэнд, дээд эрх ашиг, язгуур эрхийг хамгаалах зорилгоор Хүний эрхийн Үндэсний Комиссоос энэ оны Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг цуцлах, хойшлуулах санал, зөвлөмжийг гаргасан байна.

Уг зөвлөмжид цар тахалд хүүхдүүд олноор өртөж, өвчлөл өндөр байгааг дурдахын зэрэгцээ 2021 оны зургадугаар сарын 11-нд Архангай аймгийн Хайрхан суманд өөрийн морийг хөлсөлж байсан 11 настай хүүхэд мориноос унаж, 50-100 метр газар чирэгдэж, бэртэл гэмтэл авсан тухай цохон тэмдэглэжээ. Одоогоор тухайн хүүхдийн биеийн байдал хүнд, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Түүнчлэн 2021 оны зургадугаар сарын 13-нд Төв аймгийн Аргалант суманд 12 настай хүүхэд моринд чирэгдсэний улмаас гэмтэл авч, анхан шатны тусламж авч чадаагүйгээс нас барсан зэрэг харамсалтай тохиолдлууд гарсан байна.

Categories
xурдан-морь мэдээ

“Улсын наадмыг дунджаар 2.8-3 тэрбумын хооронд зохион байгуулна” гэв

Улсын баяр наадмыг зохион байгуулахтай холбогдуулан Наадмын комиссоос мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү “Үндэсний их баяр наадам хуулийн дагуу жил бүр тогтсон хугацаанд зохион байгуулагддаг. Энэ жил Засгийн газраас цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор тулгар төрийн 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан үндэсний их баяр наадмыг Хүй долоон худагт цахимаар буюу үзэгчгүйгээр зохион байгуулах бэлтгэлийг хангах ажил эхэлж байна.

Үндэсний их баяр наадам болон Ардын хувьсгалын 100 жилийн ойн арга хэмжээнүүд тусдаа ойлголт. Ардын хувьсгалын 100 жилийн ойн арга хэмжээг бүтэн жилийн турш явуулна. Үндэсний их баяр наадам бол гурав хоногийн хугацаанд явагддаг.

Өмнөх жилүүдэд наадмын төсөв дунджаар 2.8-3 тэрбумын хооронд зохион байгуулагдаж байсан. Энэ жил энэ төсвөөс хэтрүүлэхгүй гэсэн байр суурьтай байна.

10 тэрбумын төсөв нь Ардын хувьсгалын 100 жилийн ойн төсөв гэж ойлгож байгаа. Энэ бол баяр наадам тэмдэглэх мөнгө биш.

Хүй долоон худагт наадам зохион байгуулах болон наадамд оролцох хүмүүс тэндээ шинжилгээ өгч сөрөг гэсэн хариутайгаа гурав хоног байрлаж, наадмынхаа үйл ажиллагаанд оролцоно гэсэн төлөвлөгөөтэй байна. Вакцинд хамрагдсан эсэхийг шалгуур болгож харна. Байгууллагуудаас гэрээгээр болон хувийн бэлтгэлээр хоол хүнсний асуудлаа хангана” гэлээ.

Categories
xурдан-морь мэдээ үндэсний-бөx

Үндэсний спортын холбоод улсын хэмжээнд наадам тэмдэглэхийг хүсэв

Монголын Үндэсний бөхийн холбоо (МҮБХ), Монголын морин спорт, уяачдын холбоо (ММСУХ), Монголын Үндэсний харваачдын холбоо (МҮХХ) өнөөдөр (2021.06.18) хэвлэлийн бага хурал хийж, Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисст үндэсний их баяр наадмыг улс, аймаг, сум бүрт нэгэн зэрэг хийх хүсэлт хүргүүллээ


Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмыг улс, аймаг, сум бүрд нэгэн зэрэг зохион байгуулахыг хүсэж байна гэв. Наадмыг нэгэн зэрэг зохиосноор цар тахлын үеийн хэт төвлөрлийг сааруулах боломжтой гэж Үндэсний спортын холбоод үзэж байна.

МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав: Түр зуурын саад бэрхшээлийг давахад Засаг төрөөс зөв шийдвэр гаргаж бидний хүсэлтийг хүлээн авна биз. Улсын хэмжээнд давхардсан тоогоор 20 мянга орчим бөх барилддаг. Бөхчүүд наадамдаа оролцоно гээд бэлтгэлдээ гарчихсан буй. Наадмуудыг төвлөрөл үүсгэхгүйгээр нэгэн зэрэг хийх боломжийг судалж үзээсэй. Нийслэлд наадам хийгээд хөдөө орон нутгийн наадамчдын эрхийг ор тас орхиж болохгүй байх. Эсвэл наадмыг хойшлуулах талаар хэлэлцээсэй гэж хүсэж байна.

ММСУХ-ны Ерөнхийлөгч Ц.Батсайхан: Манай холбоо нь 120 мянга гаруй уяачдыг нэгтгэсэн. Аймаг, сумдын наадмыг тэмдэглэхгүй байх шийдвэрт орон нутгийн уяачид их бухимдаж байна. Нөхцөл байдлыг ойлгож байна. Бид шаардаж байгаа юм биш. Гэхдээ наадам болоход сар гаруйн хугацаа байна. Энэ хугацаанд халдварын нөхцөл байдал буурах хандлага байгаа учраас тухайн цаг үед нь шийдэж өгөөч гэж хүсэж байна. Одоогийн байдлаар 17 аймаг, 167 сумаас наадам тэмдэглэх хүсэлтээ ирүүлээд байна.

МҮХХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Нямбаяр: Засгийн газар шийдвэрээ эргэн харж бүх наадмыг нэг өдөр тэмдэглэх эсвэл хойшлуулах талаар бодолцож үзэхийг хүсэж байна. Зөвхөн өнгөрсөн жилд 5676 харваач харвасан. Аль болох халдвар хамгааллын дэглэмээ бариад харвах гэсэн боловч Засгийн газрын шийдвэрээр бүх ачаалал нийслэлд төвлөрөх гээд байна. Энэ эрсдэлийг арилгахын тулд бүх аймаг, сумдын наадмыг нэгэн зэрэг хийх хэрэгтэй.