Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“The Hu” ирэх долдугаар сард тоглолтоо хийнэ DNN.mn

“The Hu” хамтлаг 2024 онд эх орондоо бүрэн хэмжээний тоглолтоо анх удаа хийхээр болжээ.

Тодруулбал, Чингис хааны одонт, продюсер, хүннү рок урсгалыг үндэслэгч МУГЖ Б.Дашдондог болон The Hu Music Inc мөн тус хамтлагийн АНУ дахь албан ёсны лэйблтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр “The Hu” хамтлаг ирэх долдугаар сарын 20-нд “АРА Фест 2024”-т ирж бүрэн хэмжээний шоу тоглолтоо хийхээр болсон байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

UBS Pictures “ХАЙРЫН ДОМОГ”-оор үзэгчиддээ бэлэг барьж байна DNN.mn

UBS Pictures компани дэлгэцийн арав гаруй уран бүтээлийг олны хүртээл болгож, үзэгчдийн таашаалыг хүртсэн юм. Тус компанийн “Содура”, “Говийн домог”, “Нарны садан” бүтээлүүд нь үндэстний өвөрмөц онцлог бүхий соёл уламжлалын сэдвүүдээр цаг үеэ олсон, даацтай, урлаг гоо зүйн хэмжүүрт бүрэн нийцүүлсэн байдгаараа ялгардаг билээ.

Сэдэв, агуулга, илэрхийлэл, уран чадварыг бүтээхүйн зүй тогтол болгон эрэлхийлж, үндэстний хэлний баялаг өв санг уудлан, үзэгч сонсогчдын оюун санааны эрэлт хэрэгцээнд бүрэн үйлчлэх урлагийн дээд хэмжүүрийг UBS Pic­tures дархлаажуулдаг нь дэлгэцийн бүтээлүүдээр нь нотлогддог. Уран бүтээлч хамт олон энэ удаа ээлжит нэгэн бүтээлээ үзэгч түмэндээ толилуулахад бэлэн болоод байна. Энэ бол “ХАЙРЫН ДОМОГ” бүрэн хэмжээний уран сайхны кино юм. Хэнтий аймгийн Дадал суманд үндсэн зураг авалт хийгдэж, түүнчлэн Төв аймгийн Алтанбулаг, Батсүмбэр сумын нутгуудад буухиачлан зураг авч, дөрвөн улирлын өнгө илэрхийлэл бүхийгээрээ энэ кино онцлог юм. Монголын залуу идэр үеийн авьяаслаг жүжигчид болох Д.Мөнхтөмөр, Т.Сэлэнгэ, М. Тогтохжаргал, Т.Лхагвадулам, ОХУ-ын ардын жүжигчин, Буриадын ардын болон гавьяат жүжигчин нарын алдартай, туршлагатай жүжигчид тоглосон юм. “ХАЙРЫН ДОМОГ-т Буриадын ард түмний ахуй соёл, домгийн улбаа, өвөрмөц хэв шинж, сэтгэлгээний онцлог, оюун санааг туульсын арга хэлбэрээр хайр дурлал, өшөө хорсол, өгөөмөр сэтгэл, уудам санаа, ухаант хайрт бүхнээр хослуулан өгүүлснээрээ эл кино үнэ цэнтэй бөгөөд үзэгчдийн сонирхол таашаалд нийцнэ гэж киног бүтээгчид итгэлтэй байгаа юм.Жуулчдын улирал ирж, зуны амралт наашилсан, сонгуулийн улс төр голлосон өнөөдрийн эл ахуй цаг үед энэ кино үзэгчдийн зүрх сэтгэлд гэгээ татуулж, урлаг гоо зүйн ханамж өгөх учиртай юм. Монголынхоо урлагт хайртай, урлагийн гоо сайхнаар амьсгалагч хүн бүрийг UBS Pictures “ХАЙРЫН ДОМОГ-тоо урьж байна.

Уг киноны зохиолыг МЗЭ-ийн шагналт Баастын Золбаяр бичжээ.

 

 

Н.САРАНЧИМЭГ

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

“Playtime” наадамд олон улсын 250 хамтлаг, уран бүтээлч оролцоно DNN.mn

Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон “Амьд хөгжмийн наадам” ТББ  хамтран Плэйтайм хөгжмийн наадмыг  долоодугаар сарын 4-өөс 7-ны өдрүүдэд Налайх дүүрэгт 22 дахь жилдээ зохион байгуулна. Энэ жилийн наадамд 40 мянган үзэгч хүлээн авч, 4000 гаруй түр ажлын байр бий болгохоор төлөвлөж байна.

“Плэйтайм” наадам нь амьд хөгжим болон электроник хосолсон хөгжмийн хөтөлбөртэй гэдгээрээ онцлог бөгөөд энэ удаад Налайх дүүрэгт байрлах шинэ талбайд зохион байгуулна. Энэ оны хувьд амьд хөгжим, электроник хөгжмийн хөтөлбөрт дэлхийд танигдсан олон хамтлаг, уран бүтээлчид оролцох бөгөөд 15 тайзнаа 250 гаруй хамтлаг, уран бүтээлчид бүтээлээ хүргэх юм.

“Earth. Music. Art. Love” уриан дор хөгжим, урлаг, соёлоор дамжуулан залуусыг эерэг хандлагад уриалдаг “Плэйтайм” наадам ногоон тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулан үзэгчдээ өөртөө, бусдад, мөн байгаль дэлхийдээ хайраа түгээхийг уриалдаг. Энэ хүрээнд наадам болох талбайд мод, ургамал тарьж ургуулан таримал ойг нэгээр нэмжээ.

“Плэйтайм” наадам нь зөвхөн хөгжим төдийгүй орчин цагийн урлагийн бусад төрлийг багтаасан арт фестиваль. Энэ хүрээнд эрүүл мэндийн мэдлэг олгох хөтөлбөр, хувь хүний хөгжлийг дэмжих төрөл бүрийн сонирхолтой яриа, хэлэлцүүлэг, стэнд-ап комедиа, хүүхдэд чиглэсэн хөтөлбөр, Монголын түүх, соёл урлагийг олон улсад таниулах үзэсгэлэн зэрэг урлагийн бүхий л төрлийг багтаасан олон төрлийн хөтөлбөр, арга хэмжээг наадмын 4 өдрийн турш зохион байгуулна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал энтертаймент-ертөнц

Б.Ихэрсувд чөлөөт цагийг завтай үедээ өөрийгөө хөгжүүлэх цаг гэж боддог DNN.mn

Өдрийн сонины архиваас……………..

“Авьяаслаг монголчууд” шоуны 0050 дугаартай оролцогч Б.Ихэрсувдтай ярилцлаа.


-Та яагаад “Авьяаслаг монголчууд” шоунд оролцохоор шийдсэн бэ?

-Би өөрийгөө үг хэлээр бүрэн дүүрэн илэрхийлж чаддаггүй юм л даа. Тийм учраас дуу, хөгжмөөр хүмүүст өөрийгөө хэн гэдгийг харуулахыг хүссэн.

-Өөрийгөө харуулж чадсан уу. Шоунд оролцсоноос хойш таныг хүмүүс мэддэг болж байгаа байх. Таны хувьд ямар санагдаж байгаа вэ?

-Харуулсан гэж бодож байна. Ойр дотнын хүмүүс маань шоуны эхний шалгаруулалтыг үзсэнээс хойш намайг үнэлэх үнэлэмж нь нэмэгдсэнд би баяртай байгаа. Олон хүн намайг мэдлээ, танилаа гээд надад ямар нэг өөрчлөлт орохгүй. Амьдрал маань явдгаараа л явна.

-Дөрвөн шүүгч таныг их дэмжиж байсан. Урмын үг сонсох ямар санагдаж байв. Хэр бодит шүүж байна гэж харж байгаа вэ?

-Шүүгчдийн үгийг сонсоод их урам авсан. Шүүгчид тус тусдаа хувь хүн учраас дөрвөн өөр талаас нь маш сайн шүүлтүүрээр шүүдэг гэж хардаг.

-Эхний үзүүлбэртээ яагаад заавал гадаад дуу дуулсан юм бэ?

-Би юкилили буюу жижиг гитар хөгжмөө хоёр жилийн өмнө хамаатны эгчээсээ бэлгэнд авч байсан. Анх юкилилигээрээ тоглож сурсан дуу маань дуучин “Vance Joy”-ийн “Riptide” дуу байсан. Тиймээс л миний хувьд дуугаа дуулах хамгийн анхны том тайз гэдэг утгаараа энэ дуугаа сонгож дуулсан юм.

Зургаан утастай том гитар хөгжим тоглодог уу?

-Тоглодог. Анх таван жилийн өмнө гитар тоглож сурч байсан. Бие дааж сурч байсан болохоор эхэндээ хэцүү л байлаа. Гэхдээ өмнө нь шанз хөгжим тоглож сурсан байсан маань дөхөм болсон. Ер нь бусад хөгжмийг ч тоглох сонирхолтой. Нэмээд шинэ хөгжмийн зэмсэг тоглож сурахыг хүсч байгаа.

-Хамтлагт дуулдаг уу. Шүүгчид өөрөө дуу бичээрэй гэж захиж байсан?

-Би хамтлагт байсан. Гэхдээ одоо гарчихсан л даа. Ер нь өөрөө дуу бичих сонирхолтой. Өөрийн гэсэн нэлээд хэдэн дуутай шүү.

Өөрийгөө товч танилцуулахгүй юу. Айлын хэд дэх хүүхэд билээ?

-Намайг Баатарын Ихэрсувд гэдэг. Би 18 настай. Айлын том хүүхэд. Доороо хоёр эрэгтэй дүүтэй. Дунд дүү Тэнүүн долоон настай. Одоо “Олонлог” сургуульд суралцдаг. Бага дүүг маань Нэгүн гэдэг. Хоёр настай. Цэцэрлэгт явдаг. Аавыг Ш.Баатар, ээжийг Г.Хосбаяр гэдэг. Аав, ээж хоёр хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс бий.

-Та одоо хаана суралцаж байгаа вэ?

-Би арван жилийн Орос гуравдугаар сургуулийг төгссөн. Харин одоо МУИС-ийн сэтгэл судлалын ангид хоёрдугаар курст суралцдаг.

-Орос гуравдугаар сургууль гэхээр оросоор чөлөөтэй ярих нь ээ?

-Би орос, англи хэлтэй. Франц хэл бас гадарладаг.

-Багадаа хэр эрх хүүхэд байв. Аав, ээж тань их зөв хүмүүжүүлсэн юм шиг санагдсан?

-Би 12 жил айлын ганц хүүхэд байсан. Мэдээж аав, ээждээ эрхлэлгүй яахав. Гэхдээ аав, ээж хоёр маань намайг зөв эрхлүүлж өсгөсөн юм.

Надад бие дааж сурахыг зааж, хариуцлагатай, тууштай, өөрийнхөөрөө байхыг зөвлөдөг байсан. Одоо ч би аав, ээжээсээ суралцсаар л байна.

-“Аав, ээжээрээ 18 нас хүртлээ тэжээлгэсэн одоо болно шүү дээ” гэж хэлж байхыг чинь сонсоод хүмүүст хэрсүү санагдсан байх. Өөрийгөө болгоод сурчихсан гэж ойлгож болох уу?

-Би арван жилээ төгссөнөөс хойш аав, ээж хоёроосоо өдөр тутмын хэрэглээний мөнгө аваагүй. Багаасаа хүүхдийн хадгаламжаар хуримтлал үүсгэсэн байсан. Аав, ээж маань арван жилд байхад миний хуримтлалд сар бүр 150 мянган төгрөг хийдэг байсан юм. Түүнийгээ одоо бага багаар хэрэглэдэг. Мөн цагаан сар, шинэ жилээр хүмүүсийн өгсөн мөнгийг цуглуулж байгаад хэрэгтэй зүйлээ авдаг. Одоо ч тэгээд л болоод байгаа. Мөнгө үрээд байх шаардлага гардаггүй. Би санхүүгийн тал дээр их тооцоотой л доо. Хэрэггүй зүйлд мөнгө үрдэггүй.

Гэхдээ сургалтын төлбөр гэх мэт зайлшгүй их хэмжээний мөнгийг авдаг л даа. Тэрийгээ төрсөн өдөр гэх мэтийн тэмдэглэлт өдрүүдийн бэлэг болгож авдаг юм.

-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Би долоо хоногийн ажлаа урьдчилаад төлөвлөчихдөг. Тиймээс өдөр бүр харилцан адилгүй байдаг.

-Тэгвэл чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Чөлөөт цагийг би завтай үедээ өөрийгөө хөгжүүлэх цаг гэж боддог.

Тийм учраас аль болохоор мэдэхгүй зүйлээ сурч өөрийгөө хөгжүүлэхийг зорьдог. Завтай үедээ иог, фитнесс гээд өөрт хэрэгтэй зүйлээрээ хичээллэдэг.

-Найзуудтайгаа хийх зүйлгүй дэмий уулзахаар цаг хайран санагддаг гэж байсан?

-Найзуудтайгаа уулзаад юу хийхээ тохирсон байдаг учраас дэмий уулздаггүй. Хамтдаа хийх зүйлээ хийгээд, нэгнийдээ цагийг сайхан өнгөрүүлдэг. Түүнээс гэнэт л гараад ир гэж дуудахад нь хийх зүйлгүйгээр гарах дургүй.

-Та ирээдүйд хийх зүйлээ төлөвлөсөн байх. Нууц биш бол юу хийхээр зориод байгаа вэ?

-Одоо хэлэхээс илүү ирээдүйд бодож байгаа зүйлээ харуулахыг хүсч байна.

-“Авьяаслаг монголчууд” шоунд хожвол үүргэвчтэй аялал хийнэ гэж байсан. Хаагуур аялах уу. Өөр зүйл бодсон байгаа юу?

-Шоуны үр дүн гарах болоогүй учраас энэ талаар эрт яримааргүй байна.

-Дараа дараагийн шатандаа ямар үзүүлбэр үзүүлэхээр бэлдэж байгаа вэ?

-Үүнийг нууцлаад үзэгчдэд гэнэтийн бэлэг болгоод үлдээе гэж бодож байна. Мэдээж өөрийнхөө хэмжээнд бэлтгэлээ хийж байгаа.

-Та мөрөөдөлтэй юу?

-Мэдээж мөрөөдөлтэй. Гэхдээ зүгээр мөрөөдөөд суухийг хүсдэггүй. Тэмцэж л явна даа.

-Та хэзээний төлөвшсөн хүн шиг өөрийн гэсэн байр суурьтай юм аа. Өрөөндөө өөрийнхөө ертөнцийг байгуулчихсан байх. Цуглуулга бий юу?

-Тэгэлгүй яахав. Өрөөндөө би өөрийнхөө хүссэн зүйлийг хийдэг. Бага байхдаа задгай мөнгө цуглуулдаг байсан. Харин одоо ширээний цаг цуглуулах дуртай болсон. Өрөөнд маань одоо зургаан ширээний цаг бий.

-Ямар өнгөнд дуртай вэ?

-Бүх өнгө өөрийгөө илэрхийлдэг учраас би бүгдэд нь дуртай. Хоёр өнгө уусаад өөр өнгө гаргадаг болохоор бүгд л надад үзэсгэлэнтэй санагддаг.

-Ном их уншдаг уу?

-Би багаасаа унших хичээлд илүү дуртай байсан. Нийгэм, уран зохиолын сэдэвтэй ном унших дуртай. Одоо Мүраками, Харукогийн “Эрэг дээрх Кафка” гэдэг ном уншиж байна.

Ямар ч зузаан ном байсан гурав хоногт уншаад дуусгачихдаг. Зарим номыг англиар утсан дээрээс уншдаг учраас арай илүү цагийг зарцуулдаг.

-Та цаашдаа дуугаа дуулаад явна гэж бодож байгаа юу?

-Тийм. Би дуу, хөгжмөө орхихгүй. Өөрийгөө илэрхийлж, тайвшруулж байгаа зүйл учраас хаяж чадахгүй. Хөгжим тоглож байхдаа би өөрийнхөөрөө байж чаддаг.

С.Ариунжаргал

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал энтертаймент-ертөнц

Зураач Ц.Сүхээ: Намайг илэрхийлсэн зураг зурахсан л гэж бодож явдаг даа DNN.mn

МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Цагааны Сүхээгийн тэртээх 1980-аад оноос 2020 оны хооронд бүтээгдсэн олон зуун эх загвар, тэмдэглэлүүд бүхий “Миний өдрийн тэмдэглэлүүд” бие даасан үзэсгэлэн энэ сарын 21-нийг хүртэл үргэлжлэх юм. Түүнтэй цөөн хором ярилцлаа.


-Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог юу вэ. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Баяртай байна. Өөрийнхөө үзэсгэлэнг хүнд дэлгэж үзүүлнэ гэдэг зураач хүний баярын нэг юм даа. Энэ л миний сэтгэлийн баяр. Анх 1984 онд тэр үеийн зөвлөлтийн Ленинград хотын Репиний нэрэмжит Дүрслэх урлагийн академид суралцаж байлаа. Тэр үеэс бүтээлийнхээ санаануудыг тэмдэглээд ирсэн юм. Тэгээд л үзэсгэлэн гаргах хэмжээний болчихсон байсан. Эдгээр бүтээлүүдээсээ сонгоод уран бүтээлийн үзэсгэлэнд оролцоно. Эх загвараа өшөө илүү баяжуулаад ямар санааг яаж гаргаж ирэх вэ гэдгээ хүртэл шийдэж зурна. Тухайн үед хүмүүс зарим зургуудыг минь хараад бие даасан зураг болчихсон байна шүү дээ гэдэг байсан.

Энэ миний гурав дахь үзэсгэлэн. Нэг дэх үзэсгэлэн нь 2014 онд Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нээгдэж байсан юм. Дараагийн бие даасан үзэсгэлэн Америкийн Нью-Йорк хотод орчин үеийн урлагийн үзэсгэлэнд нээсэн, одоог хүртэл ажиллаж байгаа.

-Үзэсгэлэн хэд хоног байрших вэ?

-Дөрөвдүгээр сарын 5-нд “B contemporary art gallery”-д нээгдсэн. Ер нь дөрөвдүгээр сарын 21-нийг дуустал гарна. Хуучин хоёр долоо хоног гаргадаг байсан бол одоо уртасгасан хуваариар гаргаж байгаа юм. Тэгээд л үзэсгэлэнгээ гаргачихаад сууж байна даа. Мөн үүдэндээ сэтгэгдэл үлдээх дэвтэр бэлдсэн. Үзэсгэлэнд ирсэн хүмүүс сэтгэгдлээ хуваалцах юм. Түүнийгээ хараад ямар сайхан сэтгэгдэл бичдэг юм бэ гээд баярлаад сууж байна. Урам хайрласан сэтгэгдлээс өөрийгөө илүү мэргэжлийн хэмжээнд хүрэхийн тулд хөдөлмөрлөх ёстойг ойлгож байна.

-Та бүтээлүүдээсээ онцолж яривал ямар зураг сонгох вэ?

-Эдгээр зураг бүгд л миний үр хүүхэд. Энэ нь сайн, муу гэлтгүй миний сэтгэлээс гарч байгаа. Эхлээд ямар зураг зурах вэ гэсэн сэтгэгдэл бууна, дараа нь түүнийгээ дүрсэлнэ. Өнгө, зохиомж гаргаад л боловсруулалтын процесс юм даа.

-Нэг бүтээл хэр удаж гараас гардаг вэ?

-Зургаа зурахдаа хүнд үзүүлж болох хэмжээний буюу энэ зураг дууслаа гэх үедээ л дуусгавар болгодог. Түүнээс хугацаа шаарддаггүй. Эх загвар нь гарчихсан байдаг ч бүтээл болохдоо 10, 20 жил болох нь бий.

-Хүмүүс таны ямар зургийг илүү сонирхож байна?

-Янз бүр л байна. Хамгийн гол нь залуучууд, үзэгчид маань миний энэхүү үзэсгэлэнг хүндэлж үзэж байгаа нь баяртай байна. Хүмүүст өөрийнхөө бүтээлийг дэлгэж үзүүлнэ гэдэг сайхан байна. Улам л илүү сайхан зураг бүтээчих юмсан гэсэн хүсэл төрөөд л явж байна даа.

-Та хэдэн наснаас уран зургаар хичээллэж байв?

-Зургадугаар ангиасаа л зургийн дунд сургууль байдгийг мэдээд зурсан зургуудаа очиж үзүүлэхэд долдугаар ангийн сурагч авдаг гээд тэр үед уулзаж багш маань Пионерын ордны зургийн дугуйланд суралцах хэрэгтэй гэж хэлж байсан юм. Тэгээд долдугаар анги төгсөөд л зургийн сургуульд орж байлаа. Тэр үедээ зураач болно гэж ерөөсөө санаанд бууж байгаагүй. Ер нь л ийм мэргэжил байдаг гэдгийг мэдэж, энэ л намайг сайн сургана гэсэн итгэлээр л явж байв.

Тэгсэн миний тэр ойлголтоос тэс ондоо зүйл байдаг юм байна. Зураач, бүтээлч болно гэдэг их сайхан ч юм. Мөн их хүнд ажил байдаг юм байна даа. Юм хийх хэцүү гэдгийг одоо л жаахан мэдэрч байна. Гоё зүйл хийгээд явж болох ч өөрийн сэтгэлийг илэрхийлсэн нандин зүйлийг тэр болгон урган гаргаж болдоггүй юм байна шүү дээ. Өөрөө өөрийгөө хөгжүүлж л явахгүй бол.

-Анхны үзэсгэлэн гаргах мэдрэмж ямар байсан бэ?

-Хорооноос үзэсгэлэн гаргах хуваарийг тэр үед гаргадаг байсан юм. Хавар, намар, оны шилдэг бүтээлийн үзэсгэлэн гээд л. Гадаад дотоодын үзэсгэлэнд оролцох завшаан гарвал зургаа явуулчихна. 2007 онд Мексикт болсон олон улсын усан будгийн финальд “Бороотой өдөр” гэдэг зургаар оролцож байсан. Дараа нь тэр музейн захирлаас зургаа манайд хадгалуулаач. Олон орны бүтээл байдаг ч Монголоос уран зураг байхгүй гэсэн утгатай захиа илгээхэд зөвшөөрч байлаа. 2008 онд “Бээжин-Финаль III” уран зургийн үзэсгэлэнд “Хайр” зургаараа оролцож байсан юм. 2017 онд Шанхайд болсон Монголын зураачдын үзэсгэлэнд оролцсон.

-Таны хүүхдүүд уран зураг зурдаг уу?

-Хүүхэд болгон зураг зурдаг шүү дээ. Ач нар маань өвөөдөө зураг зураад харуулдаг юм. Зураг зураад ирэхэд нь урам хайрлаад л явуулдаг даа. Том болоод ямар мэргэжилтэй хүн болохыг мэдэхгүй л байна.

-Таны уран зургаас хүмүүс юуг илүү ойлгоосой гэж бодож байна?

-Хүнд хүрсэн бүтээл гарсан байгаасай л гэж хүсдэг дээ. Зураачдын хүний сэтгэлд буусан зураг байдаг шүү дээ. Түүн шиг өөрийн зүрх сэтгэлээ гаргаж, сэтгэлээ илчилсэн, намайг илэрхийлсэн зураг зурахсан л гэж боддог. Тэр зураг нь хэзээ гарахыг таашгүй. Ямар зовлон жаргал эдэлж гарахыг одоогоор мэдэхгүй л байна. Түүний төлөө одоог хүртэл хичээж явна. Энэ насандаа тийм сайхан зураг зурчихвал болчих гээд л байна. Хүнд тэгж л үлдээвэл сайхан.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

Grace Choi: Намайг дэмждэг хүмүүсийг түлхүү анхаарч, сөрөг сэтгэгдлийг тоохоо больсон DNN.mn

Youtuber Г.Должинсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр Grace Choi юүтүб болон фэйсбүүк хуудсаараа гэр бүлийн контент хийдэг юм. Түүний фэйсбүүк хаягийг 261 мянган хүн дагадаг. 


-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Ганбаатарын Должинсүрэн гэдэг. Увс аймагт төрсөн. Хоёр настайдаа манайх Дархан-Уул аймаг руу нүүж байсан юм. Арван жилээ төгстлөө тэндээ амьдарсан. Одоо БНСУ-д нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг. МУБИС-ийг Монгол хэл, уран зохиолын мэргэжлийн бакалавр, магистрын зэрэгтэй. Мөн влог хийдэг ээж.

-Grace Choi гэх нэр ямар түүхтэй вэ?

-Бага ангид байхдаа  байрныхаа найзтайгаа юм ярьж сууж байхдаа англи нэртэй больё гээд шийдээд өөртөө Grace гэх нэр өгч байсан. Тэр үед жаахан ч байж гадаад нэрэнд дуртай байсан. Нэлээд хэдэн жилийн дараа  yahoo нээх болоод нэрээ юу гэж өгөх вэ гэж бодож байхад энэ нэр санаанд ороод түүнээс хойш бүх зүйл дээр энэ нэрээрээ явсаар байгаад одоо бол бараг л жинхэнэ нэр шиг болсон байна.

-Та МУБИС-ийг төгссөн гэлээ. Мэргэжлээрээ ажиллаж байв уу?

-Багшийн дээдийн монгол хэл, монгол бичиг, уран зохиолын ангийг төгсөж байсан. Манай аав шүлэг зохиох дуртай, уран зохиол талдаа авьяастай мундаг хүн байсан юм. Аав минь монгол хэл, уран зохиолын багш болохыг хүсдэг байсан. Тийм ч учраас тэр талаар надаа зааж сургаж, зөвлөж тусална. Бас би ч гэсэн монгол бичигтээ дуртай байсан болохоор энэ мэргэжлийг сонгосон. Мөн  ээж, аав хоёр минь “Миний охин заавал багш болоорой, чамд яг тохирно” гэж багаас минь хэлж ойлгуулсан. Тэр хүслийг нь биелүүлж багш мэргэжлийг эзэмшсэн. Миний мөрөөдөл бол багш болох биш. Харин мэргэжлийн нүүр будалт хийдэг хүн болохсон гэж битүүхэндээ хүсдэг байж билээ. Их сургуульд сурахын хажуугаар сонирхлоо орхигдуулаагүй.

-Хүн бүр багадаа олон зүйл мөрөөддөг шүү дээ. Таны тэр мөрөөдөл юу байсан бэ?

-Миний бага насны мөрөөдөл жүжигчин, дуучин, бүжигчин гээд л хүүхэд байхдаа маш олон зүйл мөрөөддөг байсан. Гэхдээ ихэнхдээ зурагтаар гардаг, микрофон бариад ярилцлага өгч байгаа юм шиг өөрийгөө төсөөлж тоглодог байлаа. Одоо бодоход олны танил хүн болохыг мөрөөддөг байж дээ.

-Хэзээнээс влог хийж эхэлсэн бэ?

-2016 онд том охиноо төрүүлсэн. Том охиноо Монголд төрүүлээд 2017 онд БНСУ-д амьдрахаар ирсэн. Ирэхийн өмнөхөн манай ээж элэгний хорт хавдраар нас барсан юм. Өмнө нь аялахаар ирж байсан ч, амьдрахаар ирсэн эхэн үедээ хүүхдээ хараад гэртээ байдаг. Нөхөр, хүүхэд минь дэргэд байгаа хэрнээ яагаад ч юм, юу хийхээ мэдэхгүй, ганцаардаад ч байгаа юм шиг нэг тийм сонин мэдрэмж авч байсан.

Ер нь бол дасах гэж эхний зургаан сар өнгөрсөн. Нөхөр маань нэг удаа “Хоёулаа сэтгэл зүйчтэй уулзаж, ярилцаж үзье” гэсэн юм Тэгээд очиж уулзаад өөрийгөө завгүй байлгах нь чухал гэдгийг ойлгосон.  Төд удалгүй бага охин минь бидэнд ирсэн. Том охиноо цэцэрлэгт явуулаад баг охиноо  гэртээ харах хугацаандаа өөрийгөө завгүй байлгаж, үзэл бодлоо хуваалцах зорилготойгоор влог хийж эхэлсэндээ.

-Гэр бүлийг тань влогоор дамжуулан олон хүн мэддэг болсон. Нөхөртэйгөө анх яаж танилцаж байв?

-Манай нөхрийг Чой Кён Сун гэдэг.  Бид 2014 онд Монголд танилцаж байлаа. Нөхөр маань 2012 онд БНСУ-аас Монголд томилолтоор ирж, тухайн үед хамт ажилладаг хүн нь миний сайн найз байж таараад, танилцуулж байлаа. Анх танилцахад гадаад хүн гэж харагдаагүй учраас Солонгос хүн гэдгийг нь мэдээгүй. Эргэн тойрныхоо хүмүүстэй солонгосоор ярих тэр үед л “Аан Солонгос хүн юм байна” гэж мэдсэн. Би булчинлаг, хөрслөг бор төрлийн хүнд татагддаг л даа. Тэгээд нөхрийнхөө гаднах төрх байгаа байдалд шууд татагдсан.

-Гадаад хүнтэй үерхэж байгааг гэр бүл, найзууд нь яаж хүлээж авч байсан бэ?

-Анх үерхэж эхэлж байх тэр үед нээлттэй нийгэм байгаагүй. Мөн Солонгос хүн гэдгээрээ янз бүрийн кинон дээрээ гардгаар төсөөлдөг болоод ч тэр үү миний эргэн тойрны хүмүүс шууд сайнаар хүлээж аваагүй. Мэдээж бага зэргийн эсэргүүцэл байсан.

Айлын бага охин болохоор аав ах маань харамлаж байсан байх. Тэгээд хоёр жилийн хугацаанд нөхөр минь миний дотны хүмүүст хүлээн зөвшөөрөгдөхийн тулд их хичээл зүтгэл гаргаж зөвшөөрөл аваад албан ёсоор нэг гэрт орж байсан юм. Тухайн үед манай гэр Дарханд, би оюутан учраас хотод амьдардаг байсан. Бараг долоо хоног болгоны амралтын өдрүүдээр манайх руу явъя, аав ээжтэй нь уулзъя гэж байнга хэлдэг байсан. Очих болгонд дуртай хүлээж авахгүй ч манай гэрийн ажилд туслах гэх мэт өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх их хичээсэн.

-Ер нь Солонгос болон Монгол соёлын ямар ялгаа байдаг вэ. Тэр ялгаа нь танд хэрхэн мэдрэгдэж байв?

-Анхны хүүхдээ төрүүлээд 2017 онд нүүж ирсэн. Түүнээс хойш надад анзаарагдсан зүйл нь цаг агаар, газар нутгийн байршлаасаа хамаараад архины соёл, хоол идэх нь илүү ялгаатай юм шиг санагдсан. Өдөрт заавал гурван удаа хоол идэх ёстой, зөвхөн будааг хоол гэж хардаг гэх мэт зүйлүүд ажиглагдсан.

-Ээж болсноос хойш хүүхдүүдийнх нь хамгийн тод үлдсэн дурсамжаасаа хуваалцаач?

-Хамгийн анх ээж болоход ээжээсээ л их юм сонсож сурж байсан. Яг тод үлдсэн дурсамж гэвэл нөхөр маань анх тэвэрч байхдаа хүүхдийн толгойг илэхэд зулай нь зөөлөн байсан чинь гайхаад “Эмчид үзүүлэх үү. яах уу ? гэсэн. Их өвдсөн гэж ойлгоод “Ямар эмнэлэгт үзүүлэх үү” гээд л бөөн юм болж байсан. Тэгээд хүүхдийн зулай угийн ийм зөөлөн, нэг нас хүрэхээрээ битүүрдэг гэж тайлбарлаж өгч байсан үе л шууд санаанд орж ирлээ. Энэ үе хөгжилтэй дурсамж болж үлдэж байсан.

-Та “Олон улсын Influencer’s festival-д оролцсон байсан…?

-Сүүлийн нэг жилийн туршид Солонгос байгууллагуудтай хамтарч ажиллах явцад инфлүүсэрүүдийн  агент байдаг гэдгийг мэдээд хамтарч ажиллаж эхэлсэн. Агентынхаа тусламжтайгаар “2023 оны  олон улсын Influencer’s festival-д уригдаж оролцсон. Олон орнуудын контент бүтээдэг хүмүүсийг уриад өөрсдийнхөө эх орныг суртчлах арга хэмжээ юм байна лээ. Жил болгон зохиогддогоороо давуу талтай. Анх удаа Монгол улсаас оролцож байгаа болохоор сандралтай, догдлолтой байсан. Надаас илүү хүмүүс тэнд маш их байсан. Тэгээд Монгол хүн ямар байдаг, яаж энэ хүмүүст хүлээн зөвшөөрөгдөх вэ гэдэг тал дээр анхаарсан учраас өөрийгөө цэгнэж сандралттай оролцсон.

-Цахимд нийтэлсэн контентын сэтгэгдлийг уншаад хэр хүлээж авдаг вэ?

-Влогоо анх хийж эхэлж байхад  цочирдож хүлээж авсан. Тэр үед влог хийдэг хүн бараг байдаггүй байсан л даа. Тиймдээ ч эхэн үед сөрөг сэтгэгдэл их ирнэ. Сэтгэлээр хурдан унадаг,  нэг сөрөг сэтгэгдэл харвал тэр өдрийн эрч хүч, энерги, гоё сайхан бүхэн байхгүй болж надад их нөлөөлсөн. Гэхдээ контентоо хийгээд явахад дархлаа суучихдаг юм шиг байна лээ. Муулаад байдаг хүмүүс удаан хугацаааны туршид миний контентыг үзээд манай гэр бүл болон бидний влогыг дэмждэг болсон. Тиймээс намайг дэмждэг хүмүүс рүү түлхүү анхаарч сөрөг сэтгэгдлийг тоохоо байсан.

 

 

Э.АНХЧИМЭГ

П.ТЭРГЭЛСАРАН

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Баавгай болохсон” кино Британийн кино театруудаар гарна DNN.mn

“Амигдала Фильмс”-ийн найруулагч, продюсер П.Золжаргалын “Баавгай болохсон” буюу “If Only I Could Hibernate” бүрэн хэмжээний уран сайхны кино Их Британи, Ирландын кино театруудаар 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс гарч эхэлнэ.

Тус кино Каннын олон улсын кино наадмын “Un Certain Regard” төрөлд Монгол Улсаас анх удаагаа шалгарч бусад олон улсын кино наадмаас шагнал хүртсэн юм.

“Баавгай болохсон” кино Улаанбаатар хотын гэр хороололд амьдардаг өсвөр насны хүүгийн амьдрал, түүний физикийн авьяасдаа тулгуурласан сайхан ирээдүйн төлөөх тэмцэл, өнөөгийн Улаанбаатар хотын олон бэрхшээлийг агаарын бохирдол, боловсролын тэгш бус байдал, хүүхдийн эрхийн асуудлыг хөндөн харуулжээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Орлон тоглогч” ОАК-ны уран бүтээлчид үзэгчдэдээ зориулсан тусгай үзвэр зохион байгууллаа DNN.mn

“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” олон ангит кино бүтээн, үзэгчдэд хүргэж буй.

16 ангит тус киноны эхний бүлгийн 9 анги нь хэдийн үзэгчдийн хүртээл болсон. Тэгвэл “Орлон тоглогч” ОАК-ны уран бүтээлчид киног шимтэн үзэж буй үзэгчдэдээ зориулсан тусгай үзвэрийг “Primecineplex” кинотеатрт зохион байгууллаа.

Тусгай үзвэрээр киноны 10 дугаар ангийг олон нийтэд хүргэхээс өмнө тусгайлан толилуулж, тус киноны зохиолч, найруулагч, жүжигчин Б.Амарсайхан, гол дүрийн жүжигчид болох Б.Ноба, Ч.Одгэрэл, Э.Билэгтмаа нарын уран бүтээлчид үзэгчидтэйгээ чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Орлон Тоглогч” ОАК-ны зохиолыг найруулагч, жүжигчин Б.Амарсайхан бичжээ DNN.mn

“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” олон ангит кино бүтээснээ үзэгчдэд хүргэж буй. 16 ангит киноны эхний бүлгийн 9 анги нь хэдийн үзэгчдийн хүртээл болоод байгаа юм.

Энгийнээс ээдрээ рүү

“Орлон тоглогч” олон ангит киноны зохиолыг найруулагч, жүжигчин Б.Амарсайхан өөрөө бичсэн. Үзэгчдэд нэг анги үзээд л илүү шимтэн, дахин үзмээр санагдуулах, автуулах нь олон ангит киноны зорилго. Тэгвэл “Орлон тоглогч” олон ангит кино эцсийн анги хүртэл ээдрээ тайлагдахгүй мэт, улам л сонирхолтой өрнөж буй. Найруулагч Б.Амарсайхан ч “Сэтгэлзүйн драм, тэр дундаа ээдрээт төрөлд тооцогдох энэхүү кино эхнээсээ дуусах хүртлээ үзэгчдийг таавар дунд байлгана гэдгийг амлая” гэсэн. Киноны үйл явдал тун энгийн эхэлнэ. Олон үггүй, урт тайлбаргүй хэсгүүд. Цааш үргэлжлэх үйл явлууд, өрнөлүүд үзэгчдэд сатаарах зав өгөхгүй. Нэг том тааврын хариуг мэдэх гээд догдолж буй мэт л.

“Эрдэнэс”

Найруулагч Б.Амарсайхан уран бүтээл бүрээрээ цоо шинэ дүр төрхийг үзэгчидтэй “уулзуулдаг” болоод хэдийн даджээ. Тухайлбал, “Хохирогч” олон ангит киногоороо дэлгэцэд харагдалгүй удсан жүжигчин Н.Цэнд-Аюуш, Герман улсад ажиллаж амьдардаг жүжигчин Г.Ариана нарыг уулзуулсан бол “Монгол” уран сайхны киногоороо модель Т.Солонго-Уянгыг танилцуулсан. Харин энэ удаа “Орлон тоглогч”-доо үзэгчдийн эчнээ дуртай Ч.Очгэрэлийг залуу жүжигчин Э.Билэгтмаа, Ч.Түвшинтөгс болон АНУ-д ажиллаж амьдардаг жүжигчин Б.Ноба нартай хоршуулав. Сайн бөгөөд сонирхолтой уран бүтээлийн үндэс нь яг л ийм оновчтой дүр сонголтоос улбаатай болов уу.

Орлон тоглогч байхыг хэн хүсэх вэ

Хүн бүхэнд нандин түүх, дурсамж байдаг шиг хэн нэгэнд хэлэх гээд хэлж чадаагүй үгс бий. Түүнийг л хэлчих юм бол аз жаргалтай, эрх чөлөөтэй болох юм шиг. Гэтэл амьдрал байж болох бүх л аргаар хясдаг, бас басдаг. Тэр нь цаг хугацааны уртад ямар их хөндүүртэй болдгийг орлон тоглогч болсон хүн л мэдрэх байх. Мэдээж хэн нэгнийг орлох жүжигчин төдийгөөр амьдрахыг хэн хүсэх билээ.

Хүн бүр амьдралдаа өөрийн төгс хувилбар байх гэж хичээдэг. Гэвч амьдрал таныг хэн нэгний орлон тоглогч эсвэл танд орлон тоглогч бэлдсэн байвал ямар вэ???

 

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

МУГЖ, Зууны манлай дуучин Б.Сарантуяа “Сэтгэлийн Хөг” бие даасан тоглолтоо хийнэ DNN.mn

МУГЖ, Зууны манлай дуучин Б.Сарантуяа “Сэтгэлийн Хөг” бие даасан тоглолтоо  энэ сарын 20-нд хийхээр болжээ. 

Монголын орчин үеийн поп хөгжмийн ертөнцөд шинэ өнгө төрх авчирч, үнэтэй хувь нэмэр оруулсан МУГЖ, XX зууны манлай дуучин Батмөнхийн Сарантуяа жил бүрийн төрсөн өдрөөрөө сонсогч фенүүдтэйгээ учран золгож, хөг аялгуу түгээдэг билээ.

Энэ жилийн хувьд “Сэтгэлийн хөг” тоглолт дөрөвдүгээр 20-ны өдрийн 18:00 цагаас Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордоны “Концертын Их танхимд” болно.

Поп хатагтай Б.Сарантуяа 1994 онд анхны бие даасан “Сэтгэлийн хөг” тоглолтоо хийж байсан бөгөөд энэ жил анхны бие даасан тоглолтынхоо 30 жилийн ойн түүхэн мөчийг тохиолдуулан дахин “Сэтгэлийн Хөг” ижил нэрт тоглолтоо хийхээр болсноо онцоллоо.

May be a graphic of 1 person and text

МҮЭ-ийн Соёлын Төв Ордонд 1975 оноос хойш соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулагдсаар ирсэн бөгөөд өдгөө 49 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй газар юм. Эх хотын маань өнгөрсөн үеийн гайхамшигт түүхийн гэрч, архитектурын ур шингэсэн тус газрын “төгс” акустик дуугаралт бүхий их танхимд гайхамшигт уран бүтээлчийнхээ аялгуугаар урласан хөг эгшгээр мартагдашгүй нэгэн үдшийг хамтдаа бүтээх нь байна.

Зочин уран бүтээлчдээр Киви хамтлаг, дуучин, продюсер Б.Ангирмаа, Болор хамтлагийн дуучин С.Оргил, дуучин Б.Маргалжингоо, The Compass хамтлагийн дуучин А.Билгүүн нар хүрэлцэн ирнэ.

Тоглолтын тасалбарын үнэ суудлаасаа хамааран энгийн тасалбар 120,000, 160,000, 200,000, VIP тасалбар 550,000 төгрөгийн үнэтэйгээр тус тус борлуулагдаж буй бөгөөд тасалбарыг www.ticketx.mn-ээс захиалан авах боломжтой.

16-хан насандаа урлагт хөл тавьж, “Мөнгөн харандаа” хамтлагаас гараагаа эхэлсэн дуучин Б.Сарантуяа Монголын рок поп урлагт анхны гэх тодотголтой олон шинэчлэлийг авчирч байжээ. Тэрбээр,

  • Хамгийн богино хугацаанд Зууны манлай дуучин болсон.
  • Монголд хамгийн олон цомог, хамгийн олон бие даасан тоглолт гаргасан
  • Эмэгтэйчүүдийн анхны шоуг 1991 оны III сарын 8-нд зохион байгуулсан. Энэхүү тоглолтын Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Хайдав найруулж байжээ.
  • Эх орноо зургаа удаа тойрч, бие даасан тоглолт зохион байгуулсан.
  • Эх орноо, Монгол Улсаа сурталчлах үйлст үнэтэй хувь нэмэр оруулж, дэлхийн 10 гаруй орны 20 орчим хотод аялан тоглолт хийсэн.
  • “Инээмтгий хүн” цомог гарсан даруйдаа маш олон хувиар борлогдож дээд амжилт тогтоож байсан.
  • Монголоос анх удаа Сингапурт CD-гээ бичүүлж Зүүдний Говь, Инээмтгий хүн, Аргагүй амраг, Хайрын зөрлөг бүрэн хэмжээний цомгуудаа бичүүлж байсан.
  • 1998 онд ХБНГУлсад “Эгэл сэтгэл” цомгоо бичүүлж байсан.
  • 2002 он ОХУлсын Москва “Мартъя” цомгоо бичүүлж байсан.
  • 1993-онд Казахстанд зохиогдсон дэлхийн 22 орны дуучин оролцсон “Азийн дуу хоолой” наадмаас гранпри шагнал хүртсэн нь монголчуудыг бахдуулсан үйл явдал болж байв.
  • Мөн Пентатоник Академийг санаачлан, Монголын рок попын хөгжмийн дээд шагнал олгох Пентатоник наадмын олон удаагийн шагналт.