Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“THE HU” хамтлаг “Алтан дуун” шагнал хүртлээ DNN.mn

Дэлхийн тавцанд Монгол улсын нэрийг цуурайтуулж яваа “The Hu” хамтлаг шинэ оны босгон дээр Америкийн “Алтан дуун” шагнал хүртсэн байна. Тодруулбал, 2023 оны хамгийн их сонсогчтой, хамгийн их борлуулалттай дуугаар “Wolf totem” дуу нь шалгарсан байна. Америкийн албан ёсны хөгжмийн нийгэмлэгээс (Recording Industry Association of America (RIAA)) “Алтан Рекорд” Чонон Сүлд дуундаа хүлээн авлаа.

May be an image of 1 person, eyewear and text

Энэхүү дуугаараа Хүннү Рок хөгжмийн урсгалыг дэлхийд тунхаглан Монгол улсаас хамгийн анхны удаа “Алтан Рекорд” авч салхийг хагалаж байна, ар араас нэмэгдэх рекордсийг тэсэн ядан хүлээж байна та бүхэндээ сайхан мэдээ, зүрх булиглуулсан дуунуудаар ирэх жил бэлэг барина хэмээжээ. Хамтлагийн уран бүтээлүүд нь анх түгсэн өдрөөс эхлэн Billboard-ын хорин дөрвөн төрлийн чартуудад орж зарим чартуудад тэргүүлж байжээ. Үүнд домогт “Wolf totem” дуу зуун гучин нэгэн долоо хоног буюу бүхэл бүтэн хоёр  жил таван сар гаруй, “YuveYuveYu” дуу жаран таван долоо хоног буюу нэг жил  хоёр сар гаран тасралтгүйгээр “World Digital Song Sales” болон бусад чартуудад жагсч рок хөгжмийн түүхэнд бичигдсэн байна.

May be an image of 1 person, gingerbread biscuit, christmas tree and text

May be an image of 1 person and text

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Трио” кино 2023 онд 17 улсаас 22 шагнал хүртжээ DNN.mn

“TRIO” кино улиран одож буй 2023 онд 5 тивийн 17 улсаас 22 шагнал болон навч цуглуулж Монголын кино урлагийн түүхэн дэх хамгийн олон навчтай кино болов.

  • 2023 оны 3-р сарын 27-нд Олон улсын театрын баярын өдөр Монголын соёл урлагын салбарын шилдгүүдийг тодруулдаг “Мөнгөн мод” наадмын оны шилдэг киногоор шалгарав.
  • Дэлхийн дауны хам шинжтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр буюу 2023 оны 3-р сарын 21-нд Швейцарь улсын Женев дэх Нэгдсэн Үндэсний Байгууллагын төв байранд хэлэлцүүлэг хийж, Дэлхийн 198 орныг эгнээндээ нэгтгэж чадсан НҮБ төв оффист Хүний эрхийн хурал зохион байгуулж хурлын ард “TRIO” киног толилуулав.
  • 2023 оны 11-р сарын 17-нд Франц Улсын нийслэл Парис хотын Юнескогын төв байранд хэлэлцүүлэг хийж “TRIO” киног үзүүлэв.
  • 2023 оны 12-р сарын 2-нд Америкийн Нэгдсэн Улсын Нью Йорк хотын НҮБ-ын төв байранд Хүний эрхийн хурлыг зохион байгуулж, мөн “TRIO” киног үзүүлэв.
  • Дэлхийн хүний эрхийн чиглэлээр ажилладаг Их Гурав гэж нэрлэдэг байгууллагуудын индэр дээр Ази кино тэр дундаа Монгол кино заларлаа.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Шинэ жилээр үзэхэд тохиромжтой таван кино DNN.mn

Шинэ жилээр үзэхэд тохиромжтой таван  киног хүргэж байна.

-THE POLAR EXPRESS-

Хойд туйл руу хийх зүүдний юм шиг мартагдашгүй аялал, замдаа олон саад бэрхшээлтэй тулгарах ч тэр тусмаа хамгийн гайхалтай мэдрэмжийг төрүүлэх болно.

-HOME ALONE 2: LOST IN NEW YORK-

Энэ удаад тэр гэртээ ганцаараа үлдсэнгүй.Өмнө нь чадуулсан хоёр дээрэмчин энэ удаад хүүгээс өшөө авах болов уу? Эсвэл хүү дахиад л тэднийг чадаж орхих болов уу?

-HOW THE GRINCH STOLE A CHRISTMAS-

Царай муутай, зул сарыг бүхнээс илүү үзэн яддаг, ногоон өнгөтэй тэр хэн бэ? Мэдээж тэр Гринч.

-ELF-

Нялх балчир байхаасаа Хойд туйлд өссөн Бадди өөрийгөө анаахай гэж итгэдэг. Гэвч өсөж томрох тусам бяцхан одой нараас биеийн өсөлт, биеэ авч яваа байдал гээд бүх зүйлээр ялгарч эхэлдэг. Тэр Хойд туйлыг өөрийнхөө байх ёстой газар биш гэдгийг хүлээн зөвшөөрч жинхэнэ гэрээ олохоор Нью-Йорк хотыг зорьсноор киноны үйл явдал өрнөдөг.

-THE SANTA CLAUSE-

Скот найман жилийн турш Сантагийн “үүрэг гүйцэтгэж”, үнэнч одой нар нь түүнийг хамгийн сайн өвлийн өвгөн гэж итгэнэ. Гэнэт Зул сарын ертөнцөд санаанд оромгүй өөрчлөлтүүд гарч, Скот өвөөд олон бэрхшээл тулгардаг.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Оны онцлох үйл явдлууд фото дуранд… DNN.mn

Оны онцлох үйл явдлууд фото дуранд…

Украины Оросын эсрэг эх нутгаа чөлөөлөх дайн 2 жил үргэлжилж байна.

Ливийн хотуудыг “Даниэль” хар салхи усанд автуулав.

Дэлхий даяр еврейчүүдийн эсрэг олон жагсаал болсон нь цагаачдын эсрэг хуулийг чангаруулав.

Индонезийн амьтны хүрээлэнд устаж буй Суматрын хирсний эрүүл зулзага төрж биологчдыг баярлуулав.

Ромын пап Бенедикт XYI нас барав.

ХАМАС-т олзлогдсон зарим хүмүүсийг суллаж чадав.

ХАМАС Израильд халдан хядлага үйлдэв.

Германы “Баруун фронтод байдал хэвийн байна” нэртэй кино 4 Оскар авав.

Оросын хөлсний цэргийн Вагнер бүлэг Кремлийн зүг хөдлөв.

“Барби” кино нэг тэрбум долларын орлого олов.

Баячуудыг далайн гүнд аялуулдаг байсан “Титан” хөлөг “Титаник”хөлгийн хувь заяаг давтав.

Хэт халснаас хаа сайгүй түймэр дэгдэж хүмүүс явган дүрвэж, орон гэргүй болов.

Турк, Сирийн нутагт аймшигт газар хөдлөлт болов.

Израиль ХАМАС-ын эсрэг дайн зарлав.

Азарбайжан дайн хийж Уулын Карабахыг Армейнаас буцаан авав.

Их Британи шинэ хаантай болов.

Сансрын “Жеймс Уэбб” дуран биднээс хамгийн хол оршиж буй 4 шинэ галлактикийг илрүүлэв.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Оросын нэрт зохиолчид оросуудын тухай… DNN.mn

Өнөөдөр оросууд хөрш улсдаа довтлон дайн хийж, үүнийгээ “Цэргийн тусгай ажиллагаа” гэж зарлаад хоёр дахь жилийнхээ шинэ жилтэй золгох гэж байна. Харин орос иргэд энэ дайныг эсэргүүцэх нь байтугай харин ч дэмжсээр байна. Тэгвэл Орос, Зөвлөлт болон ОХУ-ын нэрт зохиолчид өөрийн элэг нэгт оросуудын талаар юу гэж бичсэнийг сонирхвол энэ асуудал илүү ойлгомжтой болох нь тодорхой юм.


Оросын алдарт яруу найрагч Александр Сергеевич Пушкин: “Оросууд бол хамгийн бага үүрэг, хамгийн бага шударга ёс, хамгийн бага үнэнийг баримталдаг, нийтээрээ хүний нэр төрийг хүндэлдэггүй, чөлөөт хүнийг ч, чөлөөт сэтгэлгээг ч огт хүлээн зөвшөөрдөггүй ард түмэн”.

Оросын алдарт яруу найрагч Александр Александрович Блок: “Эх нутаг маань бидэнд хоорондоо хэрүүл маргаан үүсгэж, бие биенийгээ үзэн ядаж амьдрах хөрс бэлдэж өгсөн нь бид бүгдийн гачлан болдог”.

Оросын алдарт зохиолч Лев Николаевич Толстой: “Би тэдний царайг хальт хараад л… амьдралыг үзэх үзэл нь энэ хэвээрээ байвал гаднын ямар ч хүч тэдний зовлон зүдгүүрийг арилгаж, аз жаргалтай болгож чадахгүй гэдгийг шууд ойлгодог”.

Оросын философич, зохиолч Иван Александрович Ильин: “Орос бол дэлхийн түүхэн дэх хамгийн жигшүүртэй, аймшигтай муухай орон. Энд селекцийн явцад сайн ба муугийн тухай ойлголтыг өөрчилсөн аймшигт ёс суртахууны мангасууд бий болсон. Түүхийнхээ туршид энэ үндэстэн өөрийн ялгадсан дунд умбаж, дэлхийг ч бүхэлд нь үүндээ живүүлэхийг хүсч байдаг”.

Оросын шашны гүн ухаантан, утга зохиол судлаач, орчуулагч, нийтлэлч, зохиолч Василий Васильевич Розанов: “Оросууд бол ард түмэн бус, тамд зориулагдсан гажигууд юм”. Оросын яруу найрагч, зохиолч, жүжгийн зохиолч, зураач Михаил Юрьевич Лермонтовын нэгэн алдарт шүлэг “Баяртай, угаагаагүй Орос, Боолуудын нутаг…” гэж эхэлдэг.

Оросын реалист зохиолч, яруу найрагч, нийтлэлч, жүжгийн болон үргэлжилсэн үгийн зохиолч, орчуулагч Иван Сергеевич Тургенев: “Орос бол дэлхийн хамгийн агуу, хамгийн бүдүүлэг худалчид юм. Хэрэв Орос гэнэт алга болчихвол хүн төрөлхтөнд ямар ч алдагдал учрахгүй учир тэд огт анзаарахгүй өнгөрнө”.

Оросын зохиолч, сэтгэгч, гүн ухаантан, нийтлэлч Федор Михайлович Достоевский: “Оросууд бол Европоор тэнүүчилж, зүгээр л зугаа цэнгэл хийх гэж устгаж болох зүйлсээ хайж явдаг хүмүүс”.

Оросын зохиолч, нийтлэлч, ортодокс сэтгэгч Иван Сергеевич Шмелев: “Оросууд бол эрх чөлөөг үзэн яддаг, боолчлолыг бурханчлан шүтдэг, гар, хөлийнхөө дөнгийг хайрлан биширдэг, цуст дарангуйлагчдадаа хайртай, гоо зүйн өчүүхэн ч мэдрэмжгүй, бие махбодийн болон ёс суртахууны хувьд бохирдсон, олон зууны турш харанхуйд амьдарч хүний төлөө хуруу нь ч хөдөлдөггүй, харин бусад хүн бүрийг, бүх зүйлийг, бүх дэлхийг дарангуйлан устгахад үргэлж бэлэн байдаг түнэр харанхуйн зэтгэрүүд юм. Эд нар ард түмэн биш, харин хүн төрөлхтний түүхийн хараал юм”.

Орос, Зөвлөлтийн алдарт зохиолч, яруу найрагч, жүжгийн зохиолч, социалист реализмын утга зохиолыг үндэслэгч Максим Горький: “Оросын ард түмний амжилтын үндэс нь тэдний садист харгислал байдаг”.

Орос, Зөвлөлтийн алдарт зохиолч, нийгмийн зүтгэлтэн Алексей Николаевич Толстой: “Москвагийнхан бол монгол /тэд монголчуудыг өөрсөд шигээ бүдүүлэг гэж эндүүрдэг/, зэрлэг, араатан болох тайгын орос юм.

Орос, Зөвлөлтийн алдарт зохиолч, жүжгийн зохиолч, театрын найруулагч Михаил Афанасьевич Булгаков: “Оросууд бол ард түмэн бус алуурчид, хорон санаатнууд, харгис, зэрлэгүүдийн бөөгнөрөл”.

ЗХУ,ОХУ-ын алдарт зохиолч, Александр Исаевич Солженицын: Бид “Бүхэл бүтэн ард түмнийг эцэс төгсгөлгүй дарлаж чадахгүй” гэж ярьдаг. Энэ бол худал зүйл. Болдог! Чаддаг! Ард түмэн маань хэрхэн сүйрч, зэрлэгшиж, улс орныхоо төдийгүй хөршийнхөө, өөрсдийнхөө, үр хүүхдийнхээ хувь заяанд хэрхэн хайхрамжгүй хандсаныг бид өнөөдөр харж байна. Амьд биеийн өөрийгөө аврах хамгийн сүүлчийн хариу үйлдэл болох хайхрамжгүй байдал биднийг тодорхойлох шинж чанар болсон. Иймээс архины алдар нэр Орос даяар урьд өмнө байгаагүй хэмжээнд өндөр байсаар байна. Хүн өөрийнхөө найдваргүй эвдэрч, бутарсан амьдралаас болж архинд донтож амьдарна гэдэг аймшигтай хайхрамжгүй байдал мөн. Өнөөдөр архийг гэнэт хорьчихвол манай улсад шууд л хувьсгал гарах болно” гэж бичиж байжээ.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

Ц.Энгүүн: ”The Voice of Mongolia” шоунд анх аавыгаа бүртгүүлэх гэж очоод өөрөө орчихсон DNN.mn

“The Voice of Mongolia” шоуны анхны ялагч Ц.Энгүүнтэй ярилцлаа.


-Өвлийн богинохон, хүйтэн өдрүүдийг хэрхэн завгүй бас дулаахан өнгөрүүлж байна?

-Би өвөл дан даашинзтай яваад найзууддаа жаахан зэмлүүлчихээд байдаг юм. Тоглолтууд, шинэ жилийн уур амьсгал, хүмүүсийн аура намайг хангалттай дулаахан өвөлжүүлчихдэг. СУИС-ийн Уртын дуулаачийн хоёрдугаар курсийн оюутан болохоор ажлын хажуугаар хичээлээ амжуулах гэж нэлээн л завгүй байна. Энэ өвөл нүд ирмэхийн зуур л өнгөрч байна. Fantasya studio-ийн тоглолт, “Инээмсэглэл” хамтлагийн тоглолт, тэгээд шинэ жилийн тоглолтууд эхэлчихсэн болохоор даарах завгүй л өнгөрөөж байна.

-Таван жилийн өмнөх Энгүүн өнөөдрийн Энгүүнээс хэр их өөрчлөгдсөн бэ. Мөн таван жилийн дараах Энгүүнийг та яаж төсөөлж байна?

-Миний бодлоор хүмүүс энэ таван жилийн хугацаанд намайг сайнаар эсвэл муугаар өөрчлөгдсөн гэж бодоод байдаг юм билээ. Яг үнэндээ би урлагийн хүний амьдралаар амьдраад арван найман жил болж байна. Таван настайгаасаа л урлагийн хүний авах ёстой бүх сайхан муухай мэдрэмжүүдийг мэдэрсээр, сурсаар ирсэн юм шиг санагддаг. Хийлч Энгүүний амьдрал, дуучин Энгүүний амьдрал хоёр яг л түвшин ахих тусам даалгаврууд нь арай сонирхолтой болдог тоглоом шиг л санагддаг. Таван жилийн өмнөөс хийхийг хүсч бэлдсээр ирсэн бүх зүйлээ одоо хийгээд эхэлчихсэн. Сурч байсан зүйлсээ ашиглаж сурсан байна. Би ирээдүйгээ жаахан даруухан төсөөлөөд байдаг юм. Эргээд харахад төсөөлж чадахаасаа илүү том хөдөлчихсөн байдаг. Тэгэхээр таван жилийн дараа одоо төсөөлж байгаагаасаа хамаагүй их зүйл хийчихсэн байна байх аа.

-Одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Арван нэгэн дуутай цомог маань бэлэн болчихсон байгаа. Эхнээс нь клипжүүлээд нэг нэгээр нь цацна. Дуугаа өөрөө зохиож, хөгжмөө ч бас өөрөө хийлцэж байгаа болохоор дуу маань хурдан бэлэн болчихдог юм. Клипний ажил артистаас гадна сайн менежер хүний хийх ажил шиг санагдсан. Дуунууд маань бэлэн болчихсон болохоор он гараад клипний ажилдаа орох байх. Аль дуугаа түрүүлж цацахаа бол нууцалмаар байна.

-Дуугаараа юу илэрхийлэхийг бас ямар мэдрэмж хуваалцахыг зорьж байна?

-Энгүүн гэх хүнийг л танилцуулмаар байна. Тэмцээнд сонгож дуулсан дуунуудаар минь бүх хүн намайг төсөөлдөг юм. Гэхдээ тэр дуунууд нь өөр хүний өөрийн мэдрэмжээ шингээсэн дуу шүү дээ. Миний хувьд шууд коверлох биш нэлээн өөриймшүүлж өөр гормон ашиглаж анхнаасаа миний дуу байсан бол ийм байх байсан даа гэж төсөөлж ажиллаж дуулдаг байсан. Ихэвчлэн баллад поп дуу сонгож дуулж байсан болохоор хүмүүс намайг яг л тийм хүн гэж бодсон байх. Өөр зохиогчоос дуу авч дуулахад үгийн сонголт, аялгуу гээд л насны ялгаа надад тод мэдрэгддэг байсан. Дуулж байгаа дуу минь миний мэдрэмжээс зөрөөд Энгүүнийг мэдрүүлж чадсангүй дээ гэдэг бодол нэг хэсэг их хэцүү байдаг байсан. Одоо гарах дуунууд минь яг л миний дотроос гарсан мөн мэргэжлийн чанарыг илүү анхаарсан бүтээлүүд байх болохоор урьд нь байгаагүйгээрээ илүү их жаргалтай байгаа.

-Хэзээ ч сонсоогүйгээрээ нэг дууг дахин анх удаа сонсох боломж өгвөл тэр ямар дуу байх вэ?

-Ийм асуулт ирэхээр л зовчихдог. Би жааханаасаа л өдөр, шөнөгүй дуу сонсож хайрлаж өссөн хүүхэд болохоор аль нэгийг нь сонгох хэцүү байдаг. Бүгд өөрөөр мэдрэмжийн үүрэгтэй хэрэглэгддэг дуунууд байдаг. Анх сонсож үзэж гайхширч байсан мэдрэмжээ ойлгохгүй насан дээрээ үзсэн, санадаггүй юм. Daft Punk-Interstella 5555 гээд бүрэн хэмжээний цомог анимэйшнийг сонгоно.

-Дуртай уух зүйл тань юу вэ. Тэр уух зүйлтэй төгс хорших дууны нэр?

-Би кофе ууж чаддаггүй юм. Жимстэй цай уудаг төрлийн хүн. Тохирох дуу гэвэл Wave to earth-ийн бүх дуу зохицох байх.

-Ерээд оны нэг дуучинтай уулзах боломж олдвол хэн байх вэ. Яагаад?

-Michael Jackson. Би багаасаа хайртай байсан юм. Ээжээсээ хүртэл би Мichael jacksonтой гэрлэж болох уу гэж асууж байсан гэсэн. Хайр ч яахав уран бүтээлүүдийг нь ажиглахаар үнэхээр л гоц хүн шүү дээ. Potential-аа бүрэн дүүрэн ашиглаж чадсан хүн шиг санагддаг.

-Анх “The Voice of Mongolia” шоунд орох нь хэний санаа байсан бэ?

-Аавыгаа бүртгүүлэх гэж очоод өөрөө бүртгүүлсэн.

-Шоунд огт ороогүй Энгүүн энэ өвөл юу хийж байх байсан бол?

-Солонгост байх байсан байх аа. The Voice of Mongolia”-д ордог жил арваннэгдүгээр анги байсан. Хэрвээ тэнцэхгүй бол арванхоёрдугаар ангидаа хийлээрээ улсын шалгалттай, шалгалтын бичлэгээ Korean art руу явуулаад очиж сурангаа дуугаараа trainer болно гэж бодож байсан. Бас л хийлээ давтаад дуулж бүжиглээд явж байх байсан байх.

-Ука дасгалжуулагчтай байх ямар байсан бэ. Мэдрэмж, уур амьсгалын хувьд?

-Би тэр үед Ука эгчийгээ сонгосондоо үнэхээр баярладаг.Тухайн үед нүүрээ ч буддаггүй хүүхэд байсан. Уулзах бүрд л гоо зүйн мастеркласс авж байгаа юм шиг санагддаг байсан. Одоо Ука эгч бид хоёр сайн найз, эгч дүүс болцгоосон. “The Voice of Mongolia- 3” дээр хамтдаа ажиллаад жил гаруй өдөр шөнөгүй хамт байсан. Voice дуусаад Dance with me тоглолт дээр гээд л… Ука эгч байж болох хамгийн эерэг зөөлөн таатай уур амьсгалыг алхам тутамдаа бүрдүүлчихээд байдаг хүн шиг санагддаг байсан, одоо ч хэвээрээ.

Н.Нарванчин

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“Оны шилдэг бүтээлийн үзэсгэлэн”-г дэлгэжээ DNN.mn

Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд Оны шилдэг 2023 үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Онцлох үйл явдлаар:  МУЭ-ийн гишүүн уран бүтээлч Т.Одон Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагнал

  • МУЭ-ийн гишүүн уран бүтээлч Т.Даваасамбуу Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагнал
  • Ховд аймгийн Урчуудын эвлэлийн салбар: 2023 Оны шилдэг салбар

Уран зургийн төрөлд:

  • МУЭ-ийн гишүүн уран бүтээлч Ч.Болорын “Ханан хэц” бүтээл “Оны шилдэг бүтээл”

Уран баримлын төрөлд:

  • МУЭ-ийн гишүүн уран бүтээлч А.Очирболдын “Монгол поло” бүтээл “Оны шилдэг бүтээл”

Монгол зургийн төрөлд:

  • МУЭ-ийн гишүүн уран бүтээлч Ж.Мөнхжаргалын “My lord, Do you know me ? I am your horse!” бүтээл “Оны шилдэг бүтээл”

Контемпорари орчин үеийн төрөлд:

  • МУЭ-ийн гишүүн уран бүтээлч Б.Орхонтуулын “Цаг хугацааны дурсгалд” бүтээл “Оны шилдэг” бүтээлээр тус тус шалгарлаа.
Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Баавгай болохсон” УСК олон улсын кино наадмаас “Алтан алим” цом хүртжээ DNN.mn

“Баавгай болохсон” уран сайхны кино олон улсын кино наадмын “Шилдэг дебют кино”-гоор шалгарч, “Алтан алим” цом хүртжээ.

Уг кино 2024 оны нэгдүгээр сарын 12-ноос кино театруудын дэлгэцээр үзэгчдийн хүртээл болно.

Уг кинонд Өлзий физикийн хичээлдээ сонирхолтой бөгөөд улсын олимпиадад түрүүлж, тэтгэлэг авахыг зорино. Гэтэл ээж нь ажил хийхээр хүүхдүүдээ орхин хөдөө явснаар Өлзий дүү нараа харах үүрэгтэй үлдэнэ. Хичээлдээ шамдахын сацуу эрсдэлтэй ажил эрхлэн, түлэх нүүрсний мөнгөө олж, хүйтэн өвлийг мэнд давах амаргүй сорилт түүнд тулгардаг талаар өгүүлэх юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Хиймэл оюун ухаан ба хууль DNN.mn

Өнгөрсөн аравдугаар сард Бразилын Порто Алегре хотын иргэдийн хурлын төлөөлөгчид усны тоолуурын талаар хуулийн төслийг хэлэлцэж баталсан аж. Гэтэл арваннэгдүгээр сарын 23-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн уг хуулийн төслийг хиймэл оюуны ChatGPT платформоор боловсруулсан нь өнгөрсөн долоо хоногт олон нийтэд ил болжээ. Учир нь уг хотын иргэдийн хурлын төлөөлөгч Рамиро Росарио хуулийн төслийг ChatGPT ашиглан боловсруулснаа хэвлэлд дэлгэсэн байна.

Тэрбээр уг хуулийн төслийг хиймэл оюунаар боловсруулахад ердөө 15 секундийн хугацаа зарцуулсаныг “Вашингтон Пост” сонинд ярьжээ.Росарио уг платформын асуултын цонхонд “Усны тоолуур алдагдсан тохиолдолд хотын ус, бохирын албанаас шинэ тоолуурын төлбөрийг өмчлөгчөөс авахыг хориглох захиргааны хуулийн төслийг Порто Алегре хотын гүйцэтгэх засаглалаас биш, хууль тогтоох байгууллагаас боловсруулах” гэсэн утгатай хүсэлтийг бичиж оруулсан байжээ.

Гэтэл уг ChatGPT хэдэн сарын турш маргаан болж байсан асуудлын шийдлийн хоёр хувилбарыг хэдхэн секундийн дараа гаргаж өгсөн нь Росариог ихэд гайхшируулсан гэнэ. Росарио хуулийн төслөө хиймэл оюунаар боловсруулсаныг мэдэгдэлгүй танилцуулахад хотын иргэдийн хурлын 36 төлөөлөгч хуулийн үг хэллэгт бага зэргийн өөрчлөлт оруулан бүгд дэмжсэн байна.

Порто Алегре хотын хурлын төлөөлөгчдийн дарга Хамилтон Соссмейер эхэндээ үнэнийг нуусан хэмээн Росариог буруутгаж, “буруу жишиг тогтоолоо” хэмээн шүүмжилж байсан бол харин сүүлд “Би хиймэл оюуны технологийн боломжийн талаар илүү гүнзгий уншиж судаллаа. Харамсалтай нь, эсвэл азаар ч гэх юм уу, ийм хандлага давамгайлах цаг үе ирж буйг би ойлгосон” гэж хэвлэлд ярьжээ.Харин Росарио хиймэл оюунаар боловсруулсаныг нь мэдвэл хэчнээн зөв шийдэл байсан ч хурлын төлөөлөгчид эсэргүүцэх магадлалтай байсан тул нуухаас өөр аргагүй болсон гээд “Хиймэл оюун ухаан төрийн байгууллагууд, албан хаагчдын нөөц бололцоо, цаг хугацааг оновчтой болгож, тэдний ажлыг илүү чухал зүйлд хандуулахад тусална гэдэгт би итгэлтэй байна” гэжээ.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

Хүүхэлдэйн театрт “Хунт нуур”-ыг амилуулна DNN.mn

Монгол Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид энэ амралтын өдрүүдэд бяцхан багачуудад зориулан хоёр сонирхолтой жүжиг тайзнаа амилуулахаар болжээ.

Тодруулбал, энэ сарын 16, 17-нд 12:00 цагт яруу найрагч Ц.Хулангийн “Хүслээр ирдэг шинэ жил-1” жүжгийг хүүхдүүдэд хүргэнэ. Харин 14:00 цагаас П.И.Чайковскийн “Хунт нуур” хүүхэлдэйн жүжиг толилуулахаар болжээ.

Дээрх хоёр жүжгийг гурав болон түүнээс дээш насныхан үзэхэд тохиромжтойг Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид онцоллоо.