Categories
мэдээ эдийн-засаг

Гадаад худалдааны эргэлт 20.4 тэрбум ам.доллар болжээ DNN.mn

Гадаад худалдааны 2024 оны эхний есөн сарын гүйцэтгэлийг Гаалийн ерөнхий газраас экспортын 556 мянга, импортын 306 мянган мэдүүлэг болон бусад эх сурвалжийг үндэслэн гаргажээ.

2024 оны эхний есөн сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 20.4 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 2.3 тэрбум ам.доллар буюу 13 хувиар өсчээ. Экспортын дүн импортын дүнгээс 3.2 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна.

Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 10.3 тэрбум ам.доллар буюу 87.4 хувь, сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 679.2 сая ам.доллар буюу 5.8 хувь, нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 356.4 сая ам.доллар буюу гурван хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 96.2 хувийг эзэлсэн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

“Эрдэнэс Тавантолгой” 12 сая тонн нүүрс борлуулжээ DNN.mn

2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулав.
Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК энэ онд 1.3 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий 12.2 сая тонн нүүрс борлуулжээ. Үүнээс 465 сая ам.долларын үнэлгээтэй 2.9 сая тонн коксжих нүүрс, 767 сая ам.долларын үнэлгээтэй 7.3 сая тонн 1/3 коксжих нүүрс, 112 сая ам.долларын үнэлгээтэй 2.0 сая тонн эрчим хүчний нүүрс тус тус борлуулсан бөгөөд биржийн арилжаа тогтмол, хэвийн явагдаж байна.
Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2023 оны хоёрдугаар сарын 09-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 101 биржийн цахим арилжаа амжилттай зохион байгуулж, 2.6 тэрбум ам.долларын үнэлгээтэй 21.9 сая тонн нүүрсийг хилийн үнээр БНХАУ-ын Ганцмод болон Мандал боомт нөхцөлтэй арилжаад байна. Үүнээс 8.5 сая тонн нь коксжих нүүрс, 10.3 сая тонн нь 1/3 коксжих нүүрс, 3.1 сая тонн нь эрчим хүчний нүүрс тус тус арилжаалжээ.
Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Он гарсаар төмөр замаар 3 сая.тонн ачаа тээвэрлэжээ DNN.mn

“Тавантолгой төмөр зам” ХХК төмөр замын суурь бүтцээрээ 2024 оны эхний есөн сарын байдлаар өссөн дүнгээр 3 сая.тонн ачаа тээвэрлэлээ.

Энэхүү тээвэрлэлтийн хэмжээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулж үзвэл 2.2 дахин өссөн үзүүлэлт юм.

Тээвэрлэсэн ачааг чиглэлээр нь ангилбал, Тавантолгой-Гашуунсухайт-Тавантолгой чиглэлд 1.3 сая тонн, Тавантолгой-Цогтцэций-Тавантолгой чиглэлд 1.7 сая тонн ачааг тус тус тээвэрлээд байна.

Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг бүрэн хангаж үйл ажиллагаагаа тасралтгүй хэвийн явуулж байна гэж “Тавантолгой төмөр зам” ХХК-иас мэдээллээ. 

Categories
мэдээ эдийн-засаг

“Эрдэнэс Тавантолгой” ХК цахим арилжаагаар энэ онд 12.2 сая тонн нүүрс борлуулжээ DNN.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд нийт 36 удаагийн цахим арилжаагаар 1.3 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий 12.2 сая тонн нүүрс борлуулсан байна.

Үүнээс 465 сая ам.долларын үнэлгээтэй 2.9 сая тонн коксжих нүүрс, 767 сая ам.долларын үнэлгээтэй 7.3 сая тонн 1/3 коксжих нүүрс, 112 сая ам.долларын үнэлгээтэй 2.0 сая тонн эрчим хүчний нүүрс тус тус борлуулсан бөгөөд биржийн арилжаа тогтмол, хэвийн явагдаж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2023 оны хоёрдугаар сарын 9-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 101 биржийн цахим арилжаа амжилттай зохион байгуулж, 2.6 тэрбум ам.долларын үнэлгээтэй 21.9 сая тонн нүүрсийг хилийн үнээр БНХАУ-ын Ганцмод болон Мандал боомт нөхцөлтэй арилжаад байгаа юм.

Үүнээс 8.5 сая тонн нь коксжих нүүрс, 10.3 сая тонн нь 1/3 коксжих нүүрс, 3.1 сая тонн нь эрчим хүчний нүүрс тус тус арилжаалжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк IX сард 2023.6 кг үнэт металл худалдан авчээ DNN.mn

Өмнөх оны мөн үетэй харьцуулбал үнэт металл худалдан авалт 7.9 хувиар буурлаа.

Монголбанк есдүгээр сард хоёр тонн гаруй (2023.6 кг) үнэт металл худалдан авсан нь оны эхнээс өссөн дүнгээр 12.3 тонн хүрээд байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.9 хувиар буурсан үзүүлэлт боллоо.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 617.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1004.8 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.

2024 оны есдүгээр сард алт худалдаж авах дундаж үнэ 278 мянга 226 төгрөг байсныг Монголбанк мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Тэтгэврийн санд 4.7 их наяд төгрөгийн алдагдал үүсээд байна DNN.mn

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Засгийн газраас ирэх дөрвөн  жилд өөрийн удирдаж буй салбарт хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны чиглэлүүд, өөрчлөлт оруулахаар төлөвлөж буй хуулийн төслүүдийн талаар өнгөрсөн баасан гарагт  /2024.09.27/ мэдээлэл хийлээ.

Сайд Л.Энх-Амгалан, Монгол Улс цаашид Тэтгэврийн сантай байх уу, үгүй юү гэдэг бодит аюул нүүрлэж байна. Үүн дээр бид бодлогын томоохон шинэчлэл хийхээс өөр аргагүй болсон. Хуучин нэг ажилтны төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлээр гурван хүний тэтгэврийг тавьдаг байсан бол одоо гурван хүний төлж байгаа шимтгэлээр нэг хүний тэтгэврийг тавьж дийлэхгүй болж байна.

Яагаад 4.7 их наяд төгрөгийн бодитой эрсдэл үүсэв?

  • 2022 онд Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль батлагдсан. Энэ хуульд тухайн үед 608 мянган хүн хамрагдаж, 38 тэрбум орчим төгрөгийг 11 жилээр нөхөн төлсөн. Ихэнх хүн тухайн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр шимтгэл төлж, одоогоор 300 мянга гаруй хүн энэ сангаас тэтгэвэр авч эхэлсэн байна.

38 тэрбум төгрөг төвлөрүүлээд аль хэдийнэ 1.5 их наядын тэтгэвэр авчээ. Цаашид үлдсэн хүмүүс бүгд авна. Тэгэхээр алсдаа Нийгмийн даатгалын санд алдагдал үүсэх тул шимтгэлийг нөхөн төлүүлэх нь ийм сөрөг үр дагавартай байна

  • Хөнгөлөлттэй нөхцөлөөр 45 насандаа тэтгэвэр тогтоолгодог цэрэг, хууль, хүчний байгууллагынхан байна. Монгол шиг 45 насандаа тэтгэвэрт гардаг тогтолцоотой улс орон гэж байхгүй.
  • Малчдын тэтгэврийн насыг наашлуулсан гэх мэт улс төрийн үр дагаартай шийдвэрүүдээс болж, Тэтгэврийн даатгалын сан эрсдэлд ороод байна.
  • Хамгийн сүүлд өнгөрсөн хавар УИХ-ын сонгуулийн өмнө УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачилсан Тэтгэврийн сангийн үүднээс харвал “хар хууль” гэж болох тэтгэвэр тогтоохдоо ажилласан 7 жилийн цалингийн дунджаар тооцдог байсан бол 5 жил болгож богиносгосон. Энэ хуулийн өөрчлөлт нь өндөр орлоготой, хувийн хэвшлийнхэнд боломж олгосон. НДШ-ийг таван жилд өндөр дүнтэй төлөөд насаараа өндөр тэтгэвэр тогтоолгох боломж олгосон. Ингэснээр 20, 30, 40 жил ажиллаж, НДШ тогтвортой төлсөн иргэдээс илүү тэтгэвэр авах болж байна.

Тэгэхээр энэ хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Таван жил НДШ төлөөд тэтгэвэр тогтоолгодог улс орон дэлхийд байхгүй. Ийм өндөр өртөгтэй популизм хийсэн учир Тэтгэврийн санд бодитой эрсдэл нүүрлээд байна.
Улс төрийн үр дагавартай бодлогын дөрөвхөн шийдвэрээс болж, Тэтгэврийн санд 4.7 их наяд төгрөгийн алдагдал үүсээд байна.

Цаашид ямар арга хэмжээ авах вэ?
Бодлогын тодорхой шийдвэр гаргахгүй бол Тэтгэврийн сан ийм байдлаар ажиллах боломжгүй болсон. Тухайлбал, Дараалсан таван жилээр тэтгэвэр тогтоож байгааг хамгийн багадаа 7 жил, цаашдаа 10 жил болгохоос өөр сонголт байхгүй.
Ингэж байж иргэн бүр ажилласан жил, төлсөн шимтгэлээрээ шударгаар тэтгэвэр тогтоолгох тогтолцоонд шилжих ёстой.

Эрт тэтгэвэр тогтоодог нөхцөлийг эргэн харах шаардлага үүсэж байна. Ажил олгогчийн шимтгэл төлөх цалин хөлсний дээд хэмжээнд хязгаар тогтоох шаардлагатай. НДШ төлдөггүй албан бус секторынхон байна.

Сайн дураараа НДШ төлдөг 150 мянган иргэн бий. Үүний цаана төлдөггүй олон мянган иргэн бий. Тэднийг шимтгэлд бүрэн хамруулах хэрэгтэй. Юуны өмнө гадаадад ажиллаж, амьдарч буй 208 мянган иргэний нийгмийн даатгалд хамруулах чиглэлээр ажиллана гэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Төгрөгийн ам.доллартой харьцах ханш 89 төгрөгөөр чангарчээ DNN.mn

Төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны 8 дугаар сард 3380.98 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 89 төгрөгөөр чангарч, өмнөх сарынхааас 0.12 төгрөгөөр суларчээ.

Төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш дээрх сард 3724.09 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 62.51 төгрөгөөр чангарч, өмнөх сарынхааас 60.24 төгрөгөөр суларсан байна.

Categories
мэдээ эдийн-засаг

“Эмээлт”-д үхэр 1.200.000-2.400.000 төгрөгийн ханштай байна DNN.mn

Эмээлт захын амьд малын үнэ ханшийн /2024.09.27/ мэдээллийг хүргэж байна.

Ямаа- 80.000-160.000 төгрөг

Хонь- 120.000-200.000 төгрөг

Үхэр- 1.200.000-2.400.000 төгрөг

Адуу- 800.000-1.300.000 төгрөг

Тэмээ-1.200.000-1.800.000 төгрөг

Сарлаг- 900.000-1.600.000 төгрөг байна.

 

 

Эх сурвалж: ХХААХҮЯ-ны харьяа “Малчин лавлах-109”

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Б.Жавхлан: Нэг л алдаанаас болж буурдаг зээлжих зэрэглэлээ арван жилийн дараа ахиулж чадсан ч Монгол Улсын хувьд том сургамж боллоо DNN.mn

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлантай Монгол Улсын зээлжих зэрэглэлийн талаар тодруулж, ярилцлаа.


-Олон улсын байгууллагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиулсан талаар мэдээл-лээ. Энэ талаар өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар танилцсан байх. Тэгэхээр зэрэглэл ахиснаараа бидэнд ямар ач холбогдолтой вэ?

-Олон улсад зээлжих зэрэглэл тогтоодог гурван агентлаг байдаг. Тэрний нэг болох Фитч агентлаг өнгөрсөн долоо хоногт тайлангаа баталж, энэ сарын 19-ний өдөр олон улсын мэдээллийн хэрэгслээр зарласан. Ингэхдээ Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В” тогтвортойгоос “В+” тогтвортой болгон ахиуллаа гэдгээ зарласан. Тэгэхээр ямар ач холбогдолтой вэ гэхээр мэдээж эдийн засгийн олон талын эерэг байдал бий болно. Гэхдээ ямар шалтгаанаас болооод, ямар шалгуураар энэ зэрэглэл ахисан бэ гэдэг нь чухал.

-Тэгвэл ямар ямар шалтгаанаар Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиул-сан юм бэ?

-Олон шалтгааныг тайландаа дэлгэрэнгүй дурдсан байна лээ. Үүнээс би хэдэн зүйлийг онцлон хэлье. Юуны өмнө Монгол Улсын Засгийн газар өрийн удирдлагын менежмент, стратегиэ сайн барьж ирсэн. Үүний үр дүнд Засгийн газрын өр дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх дарамт эрс буурсан байна гэдгийг дурдсан байна лээ.

Хоёрдугаарт, улс төрийн тогтвортой байдал болон өнгөрсөн зургадугаар сард болсон УИХ-ын сонгуулийн үр дүнг тодорхой тэмдэглэсэн байсан. Өөрөөр хэлбэл, сонгуулийн үр дүнгээр бүрэлдсэн хамтарсан Засгийн газар цаашид тогтвортойгоор үйл ажиллагаагаа явуулах боломжтой байна гэдгийг тайландаа тодорхой тусган өгсөн байсан гэсэн үг. Гуравдугаарт, санхүү төсвийн өсөлтөө уул уурхайн салбарын өсөлттэй их сайн уялдуулж өгснийг танилцуулсан. Мөн хамгийн чухал нь Монгол Улсын гадаад валютын улсын нөөц тогтвортой нэмэгдсэнтэй холбоотой гэж тайлагнасан.

-Өнгөрсөн наймдугаар сард болсон ээлжит бус чуулганаар Засгийн газраас Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Энэхүү хуулийн өөрчлөлт зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэх нэг хүчин зүйл байсныг хэлж байна. Яг ямар өөрчлөлт эерэг хүчин зүйл болсон юм бэ?

-Ээлжит бус чуулганаар Засгийн газраас Төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэн батлуулсан. Ингэхдээ Төсвийн дүрмэндээ нэмэлт өөрчлөлт оруулсныг санаж байгаа байх. Тодорхой хэлбэл, төсвийн суурь тэнцэл цаашид тогтмол хоёр хувийн ашигтай байх ёстой. Энэ хоёр хувийнхаа сангаараа Засгийн газар үндсэн өрөө жил бүр тогтмол төлж явна гэдгийг хуульчилсан. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагч нарт Монгол Улсын Засгийн газрын өр цаашид тогтвортой байх эрх зүйн орчин бүрдсэнийг тодорхой харуулсан. Үүгээрээ бид гадаадын хөрөнгө оруулагч нарт эерэг мессэжийг өгсөн гэсэн үг.

-Тэгвэл зээлжих зэрэглэл буурснаараа манай улсын хувьд гадаадын хөрөнгө оруулалт буурах, эдийн засаг агших эрсдэлтэй гэсэн үг үү?

-Тэгэлгүй яах вэ. Манай улсын хувьд анх Чингис бонд авсан тэр үеэс эхлээд зээлжих зэрэглэлээ тогтоолгож ирсэн байдаг. Энэ хугацаанд Монгол Улсын зээлжих зэрэглэл ахих гэхээс илүү буурч ирсэн. Хамгийн өндөртөө 2011 онд Фитч агентлагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийг өнөөдрийн энэхүү түвшинд хүргэж байсан ч дахиад буурсан. Түүнээс хойш 13 жилийн дараа дахин тэрхүү өндөр үнэлгээгээ бид авч байна. Сүүлийн зургаан жилийн турш олон улсад амаргүй нөхцөл байдал бий болж ирсэн. Дэлхий нийтийг хамарсан цар тахал, Орос, Украины дайны асуудал, дэлхийн эдийн засгийн бууралт гээд. Энэ хугацаанд дээрх гурван агентлагаас Монгол Улсын Засгийн газарт танай зээлжих зэрэглэл буурах эрсдэлтэй байна шүү гэдгийг байнга анхааруулж ирсэн байдаг. Гэвч бид санхүүгийн сахилга бат, өрийн удирдлагын стратегиэ амжилттай хамгаалж ирсэн. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн шат дараатай хүндхэн арга хэмжээнүүдийн үр дүнд дээрх гурван агентлаг бидэнд итгэл үзүүлж Монгол Улсын зээлжих зэрэглэлийг тогтвортой байлгаж ирсэн. Улмаар өнөөдөр энэ зэрэглэлээ ахиулснаа зарлаж байгаа нь бидний хувьд сайн мэдээ юм. Нөгөөтэйгүүр 10 гаруй жилийн өмнө бидэнд өгч байсан үнэлгээгээ бид өнөөдөр дахин авч байна. Тэгэхээр үүнээс юу харагдаж байна гэхээр бид нэг л алдвал бидний хөгжил арван жилээр хойшилдгийг тодорхой мэдэх хэрэгтэй. Энэ бол маш том сургамж. Тиймээс бид цаашид зээлжих зэрэглэл дээрээ огт алдаа гаргаж болохгүй.

-Засгийн газрын зээлжих зэрэглэл ямар байхаас шалтгаалж, хувийн хэвшлийн зээлжих зэрэглэл тодорхойлогдоно гэж ойлгож болох уу?

-Шууд утгаараа бол тийм. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын зээлжих зэрэглэл гэдэг бол тухайн улсын зээлжих зэрэглэлийн тааз нь болж явдаг гэсэн үг. Тухайлбал, Засгийн газрынхаа зээлжих зэрэглэлээс давсан үнэлгээг хувийн хэвшил нь авах ямар ч боломжгүй гэж ойлгож болно. Тэгэхээр Засгийн газар зээлжих зэрэглэлээ өндөр болгох нь тэр чинээгээрээ хувийн хэвшлийн санхүүгийн тааз өндөр болж байна гэсэн үг. Өчигдөр Фитч агентлагаас Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлийг ахиулснаа мэдэгдсэн. Тэгвэл тэр даруй манай улсын зарим томоохон хувийн хэвшлийн зэрэглэл мөн адил ахисан байна лээ. Үүгээрээ юу хэлэх вэ гэхээр манай улсын хувийн хэвшил гаднаас санхүүжилт босгох, хөрөнгө оруулалт татах боломж нь эрс нэмэгдэж байна гэсэн үг. Цаашлаад иргэдийн хувьд ямар нэгэн зээл авахад зээлийн хүү нь буурах нөхцөл үүсч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Өмнө гаргасан алдаагаа давтаж болохгүй гэдгийг та хэллээ. Хэрэв давтаад алдаа гаргавал дахиад зээлжих зэрэглэл буурах нь байна шүү дээ. Хэрэв буурчихвал үүнийг ахиулах гэж олон жилийн хугацаа санхүүгийн хатуу дэглэм барих шаардлагатай болох нь байна, тийм үү?

-Яг зөв. Бид дахиад зээлжих зэрэглэл дээр алдаж огт болохгүй. Энэ бол улс орны эдийн засагт, тэр дундаа хувийн хэвшилд маш сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг бид мэдэрлээ шүү дээ. Тэгэхээр өмнө гаргасан алдаа юу байв. Юун түрүүнд богино хугацаатай, өндөр хүүтэй бонд болон бондын ашиглалт дээр гарсан алдаагаа бид дахин давтаж болохгүй гэдгийг хатуу санах хэрэгтэй. Ер нь арилжааны зориулалттай бонд дахиж гаргах шаардлага огт байхгүй. Эсрэгээрээ урт хугацаатай, хүү багатай, хөгжлийн зээлүүдийг авч болно.

Гэхдээ тэрхүү зээлийн зориулалт нь нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой байх шаардлагатай. Мөн төлбөрийн тэнцэл, төсөв мөнгө дээрээ сөрөг дарамтгүй байх хэрэгтэй. Ерөөсөө ийм хэдэн чухал шаардлага, зарчимыг бид барьсан учраас харьцангуй богино хугацаанд зээлжих зэрэглэлээ ахиулж чадлаа гэж ойлгох хэрэгтэй. Цаашид гаргасан алдаагаа давтах ёсгүй.

 

Categories
мэдээ эдийн-засаг

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа DNN.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

Тус тогтоолоор,

-“Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын 3 дахь заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсаалтад өөрчлөлт оруулах санал боловсруулах,
-Мөн тогтоолын нэгдүгээр хавсралтад заасан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаарч байгаа хил зааг нь тогтоогдоогүй ордуудын талбайн хил заагийг тогтоох саналыг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанд даалгалаа.
Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн дагуу стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордыг ашиглаж байгаа хуулийн этгээдийн хувьцааны төрийн эзэмших хувь хэмжээг тогтоох талаар хэлэлцээ хийж, үр дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралд даалгав.
Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд стратегийн орд газрыг эргэлтэд оруулж, үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх, тэдэнд тэгш, шударга хүртээх эрх зүйн зохицуулалтыг хэрэгжүүлэх шаардлага зайлшгүй үүсээд байна. Дээрх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсаалтад өөрчлөлт оруулах саналыг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.