Categories
мэдээ эдийн-засаг

Үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийн тоо өмнөх оны мөн үеэс 8.8 хувиар өсчээ DNN.mn

Статистикийн бизнес регистр(СБР)-ийн санд 2024 оны 3 дугаар улирлын байдлаар 250.8 мянган хуулийн этгээд бүртгэлтэй байгаагаас өмнөх улиралтай харьцуулахад 5.5 мянган хуулийн этгээд шинээр нэмэгдэж, 0.3 мянган хуулийн этгээд татан буугдсан байна.

Үйлажиллагаа явуулж байгаахуулийн этгээдийг ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчидтай хуулийн этгээд 86.2 хувийг, 10-19 ажиллагчидтай хуулийн этгээд 6.1 хувийг, 20-49 ажиллагчидтай хуулийн этгээд 4.9 хувийг, 50 ба түүнээс дээш ажиллагчидтай хуулийн этгээд 2.8 хувийг тус тус эзэлж байна. 1-9 ажиллагчидтай хуулийн этгээдийн эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 0.5 нэгж хувиарөссөнбайна

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Mөнгөний нийлүүлэлт 41.8 их наяд төгрөг болжээ DNN.mn

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний есдүгээр сарын үзүүлэлтүүдийг танилцууллаа.

Mөнгөний нийлүүлэлт 2024 оны есдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 41.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.6 их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 5.7 их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 3.8 их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Төгрөгийн хадгаламжийн хувьд 2024 оны эхний есдүгээр сарын эцэст 20.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 415.7 тэрбум төгрөгөөр,өмнөх оны мөн үеэс 5.7 их наяд төгрөгөөр өсчээ.

Төгрөгийн хадгаламжийн 17.6 их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 3.0 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна. Харин валютын хадгаламж 4.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 53.8 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 621.7 тэрбум төгрөгөөр буурчээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Улсын төсвийн орлого өмнөх оноос 29 хувиар өсчээ DNN.mn

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 22.8 их наяд төгрөгт хүрсэн хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 5.1 (28.9%) их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 21.3 их наяд төгрөгт хүрч, 4.4 (25.9%) их наяд төгрөгөөр өссөн байна.

Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2024 оны эхний есөн сард 19.8 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.5 их наяд төгрөгийн ашигтай гарчээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 23.7 их наяд төгрөг болжээ DNN.mn

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2024 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 23.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.1 (9.5%) их наяд төгрөгөөр өслөө.

Үүнд уул уурхай олборлолт 1.9 (12.3%) их наяд төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 98.5 (7.5%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

May be a graphic of map, floor plan and text

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Н.Туяа: Ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнгээс НДШ тооцож байгаа нь дээрмийн шинжтэй DNN.mn

Эдийн засагч Н.Туяатай ярилцлаа.


-Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) ажил олгогчид болон ажилтнуудад ихээхэн дарамт болж байна. Таны хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Нийгмийн даатгалын шимтгэл өндөр байгаа. Түүхэн замналыг нь аваад үзвэл хуучин социализм гэж нэрлэдэг цаг үед зөвхөн ажил олгогчоос 13 хувийг, ажилтнаас огт суутгадаггүй байсан. Харин 2007 оны үед алдарт дөрвөн 10-ын бодлогын хүрээнд ажилтнаас 10 хувь, байгууллага 11 хувь, нийт 21 хувийн шимтгэл суутгадаг байсан. Гэтэл нийгмийн даатгалын сан алдагдалтай байна гэх үндэслэлээр шимтгэлийг огцом нэмэгдүүлж салбараас шалтгаалж цалингийн 24-26 хувь хүртэл нэмэгдүүлсэн. Ийнхүү шимтгэлийн хувь хэмжээ таван хувиар нэмэгдсэний дээр тэтгэврийн насыг үе шаттайгаар 65-д хүргэх өөрчлөлт хийснээр шимтгэл төлөх хугацаа уртсаж даатгуулагчдад маш хүнд нөхцөл үүссэн. Ялангуяа монгол эрэгтэй хүний дундаж наслалт 67 байхад 65 насны босгыг тайван хүлээж авах боломжгүй нь ойлгомжтой шүү дээ. Даатгуулагчдын гомдоллох гол шалтгаан бол одоогийн нийгмийн даатгалын тогтолцоо даатгуулагчиддаа үр өгөөжгүй, сэтгэл х анамжгүй байгаад байгаа юм. Даатгуулагч насаараа шимтгэл төлж хуримтлуулсан ч үр шимийг нь хүртэж чадахгүй. Жишээлбэл, тэтгэвэртээ гарч амжилгүй, эсвэл хэдхэн жил аваад насан эцэс болоход хуримтлалаасаа юу ч хүртэлгүй хоцорч байгаа нь даатгуулах хэрэг байна уу, мөнгөө хадгалуулсан дээр биш үү гэх мэт асуулт тавихад хүргэж байгаа нь бодитой үнэн. Тиймээс гом дол их, даатгуулах сонирхол буураад байгаа хэрэг. Ер нь аливаа системийн оролцогч талууд харилцан сэтгэл ханамжтай байж гэмээнэ тухайн систем үр ашигтайгаар удаан хугацаанд оршин тогтнох боломжтой байдгийг бүгд мэднэ.

-Манайх шиг ингэж НДШ-ийг өндрөөр тооцож авдаг орон байна уу?

-Дэлхийн улс орнуудад бага шимтгэлтэй нь ч байна, өндөр шимтгэлтэй нь ч байна. Тухайлбал, Швед, Хятад зэрэг улсад нэлээд өндөр 30 орчим хувьтай байхад ОХУ-д 12, БНСУ 18, Литва 21, Франц 18 хувь гэх мэтчилэн янз бүр байна. Мөн шимтгэлийг ажил олгогч, ажилтан тэнцүү хэмжээгээр төлдөг, ажилтнаас бага, ажил олгогч илүү төлдөг аргачлал ч байна. Шимтгэлийн хувь хэмжээнээс илүү тогтолцооны үр ашигтай байдал, менежмент маш чухал гэдгийг бид бодох ёстой. Шинэ хуульд оруулсан төлсөн шимтгэлийн хоёр хувийг өвлүүлэх заалт 2030 оноос хэрэгжинэ. Зөвхөн хоёр хувийг өвлүүлэх заалтаар шинэчлэгдлээ гэж үзэхэд хэцүү. Хамгийн гол нь даатгалын санг төсвөөс тусгаарлах шинэчлэл хийгдсэнгүй.

Мөн сангийн чөлөөт үлдэгдлийг зөвхөн Засгийн газрын бонд, Монголбанкны үнэт цаас, хадгаламж гэсэн цөөн хувилбараар хязгаарласан. Хөрөнгө оруулалтын бусад шийдлүүдийг авч үзсэнгүй. Тэгэхээр энэ удаагийн нийгмийн даатгалын хуулийн шинэчлэл ул суурьтай, зөв шинэчлэл болж чадахгүй.

-НДШ-ийг бууруулах ямар боломж байна вэ?

-Засгийн газар мэдээллийн сан, дата дээрээ ул суурьтай шинжилгээ хийх хэрэгтэй. Шинэчлэл хийнэ гээд зөвхөн тоо, хувь хэмжээтэй ноцолддог, орлого зарлагаа баланслуулах хэмжээнд сэтгэдэг байдлаасаа салж арай өргөн хүрээнд нөлөөллийг авч үзмээр байгаа юм. Өнөөдөр нийгмийн даатгалын тогтолцооны гажуудал хуримтлагдсаар зөвхөн ирээдүйн тэтгэвэр, тэтгэмжийн асуудал биш өнөөдрийн ажил эрхлэлт, өрхийн орлого, хөрөнгө оруулалт гээд эдийн засаг нийгмийн олон асуудалд нөлөөлөхүйц хэмжээнд очоод байна. Нийгмийн даатгалын системийг зохистой хөгжүүлэх олон хөшүүргийн нэг нь л шимтгэлийн зохистой хувь хэмжээ юм. Шимтгэлийн хувь хэмжээг бууруулах хэд хэдэн хувилбар байж болно. Нэгдүгээрт, даатгуулагчдын хүрээг өргөтгөх замаар нэг хүн, нэг ажил олгогчид ногдох ачааллыг бууруулах. Үүнд албан бус сектороо албан ёсны болгох бүх талын ажиллагаа чухал. Мөн аль нэг бүлгийн даатгалыг хөнгөлнө гэх мэт улс төрийн поп амлалтуудыг хориглох хэрэгтэй. Хоёрдугаарт, зарим улсад хэрэглэж байгаа ажилтнаас суутгах шимтгэлийн хувийг бууруулах боломжтой. Ингэвэл хувь хүний даатгуулах сонирхол нэмэгдэж бодитоор тайлагнах нь нэмэгдэнэ. Одоо, ялангуяа бага цалинтай хүмүүс нийгмийн даатгалд хамрагдмааргүй байна, бүх цалингаа гар дээрээ авъя гэсэн шаардлага ажил олгогчдоо маш их тавьж байна. Цалин нь амьдралд хүрэлцэхгүй юм чинь аргагүй шүү дээ. Тиймээс хувь хүнээс суутгах хувь хэмжээг аль болох бууруулах. Гуравдугаарт, Нийгмийн даатгалын хууль боловсруулахдаа ч, хэрэгжүүлэхдээ ч зөвхөн сангийнхаа эрх ашгийг боддог их муухай жишиг тогтсон. Бүр хуульчлагдсан. Энд хоёр жишээ хэлье. НДШ тооцох дээд хязгаарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна гэж тогтоосон хэрнээ энэ зарчмаа ажил олгогчид хамаагүй гэж хуульчилсан. Жишээлбэл, 10 сая төгрөгийн цалинтай ажилтнаас 6.6 сая төгрөгөөс шимтгэл тооцох хэрнээ, ажил олгогч 10 сая төгрөгөөс тооцож авч байгаа. Гэсэн хэр нь тэтгэвэр тооцох цалинг хязгаарласан 6.6 саяар тооцож байна. Энэ нь нэгд, хууль тэгш үйлчлэх зарчимд нийцэхгүй. Хоёрт, ажил олгогчийн цалингаа нэмэх санаачилгыг бууруулж байгаа. Бас даатгуулагчийг хохироож байгаа зэрэг олон сөрөг үр дагавартай. Мөн ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнгээс НДШ тооцно гэж журамлаж хэрэгжүүлж байгаа нь үнэхээр байж боломгүй, дээрмийн шинжтэй. Яагаад гэвэл ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүн нь цалин биш юм. Үүнд ямар ажлаас хамаарч тээврийн, шуудан холбооны, сэлбэг материалын, бичиг хэргийн гэх мэт зардлууд багтсан байдаг. Энэ нь бизнесийн үйл ажиллагаа мөн гэж татварын хуулиар ч баталгаажсан зүйл. Ийм маягаар шимтгэлийг бууруулах, зохистой болгох боломжууд маш их бий. Зохистой гэдэг нь даатгуулагчдын эрх ашиг хангагдсан байх, ажлын байр шинээр бий болох, цалин урамшуулал нэмэгдэх, бүтээмж нэмэгдэх гэх мэт чухал үндсэн асуудлуудаа дэмжихүйц байх ёстой. Гажуудлуудыг энэ их хурал засах хэрэгтэй.

-НДШ өндөр байгаагаас болж цалингийн өсөлт харагддаггүй. Нөгөө талд НДШ-ийг банкинд байршуулж эрх мэдэлтнүүд дураараа дургих боломжийг олгоод байдаг. Хуулинд ямар өөрчлөлт оруулах ёстой гэж харж байна вэ?

-Нэгдүгээрт, цалин маш доогуур байна. Үүн дээр инфляци өндөр байгаа нь улам хүндрүүлж байна. Хэдийгээр Үндэсний статистикийн хорооноос гаргадаг үзүүлэлтээр 2024 оны хоёрдугаар сарын байдлаар дундаж цалин улсын хэмжээнд 2.4 сая төгрөг гэж байгаа боловч 1.1 сая хүртэлх цалинтай хүн 22.7 хувь, 2.0 сая төгрөг хүрэхгүй цалинтай нь 50 орчим хувь байна. Дөрвөн хүн тутмын нэг нь 700 мянгаас доош, хоёр хүн тутмын нэг нь хоёр сая төгрөг хүрэхгүй цалинтай байна гэсэн үг. Өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж байгаа үед нэрлэсэн цалин ийм доогуур байгаа нь мэдээж амьдралд хүрэлцэхгүй. Энэ бага цалингаас НДШ, татвар нийлээд 20 гаруй хувийг суутгачихаар мэдээж хүнд байгаа. Ажил олгогчийн төлж байгаатай нийлээд 30 хувь гарна л даа. Тиймээс нэг талаас ажил хөдөлмөр эрхлэх санаа сэдлийг урамшуулах, халамжийг багасгах үүднээс ажилтнаас суутгах шимтгэлийг бууруулах хэрэгтэй байна. Нөгөө талдаа зөвхөн сангийн орлогоо бодохоосоо илүүтэй сангийн менежментээ сайжруулах, системийн авлига, хүнд суртлыг байхгүй болгоход анхаарах хэрэгтэй шүү дээ. Даатгуулагчдын хөрөнгийг шаардлага хангахгүй банкинд байршуулж алдсан хариуцлагагүй явдал саяхных. 2024 оны төсвийн төслөөс харахад Капитал банкнаас 67.2 тэрбум төгрөгийн авлагатай гэж тусгасан байсан. Энэ мэтчилэн үрэлгэн хариуцлагагүй байдлыг цаашид тэвчих боломжгүй. Сая шинэчлэгдсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуулиар сангийн чөлөөт үлдэгдлийг Засгийн газрын бонд, Монголбанкны үнэт цаас, тодорхой шаардлага хангасан арилжааны банкинд хадгалуулахаар зохицуулсан байсан. Хамгийн гол нь ил тод нээлттэй байх ёстой. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөө Засгийн газрын гишүүн бус даатгуулагчид удирдмаар байна гэх мэтчилэн маш их засах зүйл байгаа.

-НДШ-ээс болоод аж ахуйн нэгжүүд томорч чаддаггүй. Ингэхэд НДШ-ийг ажилтнаас нь авахгүй байж болох уу?

-Даатгалын тогтолцоо үр ашигтай, даатгуулагчад өгөөжтэй байх нь гол шүү дээ. Нийгмийн үр дагаврыг нь сайн тооцоолж татвар, нийгмийн даатгал гэх мэт асуудлуудыг зохицуулахгүй бол нөгөө талдаа үүсэх сөрөг нөлөөлөл нь эргээд системээ татаж унагах, хямралд оруулах нь элбэг байдаг. Шимтгэл 10 хувь байхад бизнес эрхлэгчид тэгтлээ асуудал ярьдаггүй байсан. Гэтэл одоо ажилтны төлдөгтэй нийлээд 26 хувьд хүрчихлээ. Энэ нь үнэхээр цалингаа нэмэх, үйл ажиллагаагаа өргөжүүлж ажиллах хүчээ нэмэгдүүлэх, ур чадвартай ажилтан хөлслөх боломжийг хумьж байна. Дээр нь жил бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлж байгаа нь ажиллах хүчний зардлыг өсгөж байгаа нь ойлгомжтой. Ажил олгогчид ажилтандаа олгосон түлээ нүүрс гэх мэт бүх төрлийн нөхөн олговор, урамшуулал, нийгмийн асуудлыг нь хөнгөвчилсөн дэмжлэгээс шимтгэл авч байгаа нь сангийн орлогоо хэт хөөсөн зохисгүй зохицуулалт гэдгийг бизнес эрхлэгчид ч, мэргэжилтнүүд ч хэлдэг. Энэ нь ажилтныхаа нийгмийн асуудалд хөрөнгө зарцуулах, цалин урамшууллыг нэмэгдүүлэх боломжийг хязгаарлана. Өмнөх нийгэмд ажилтны цалингаас шимтгэл авдаггүй байсан, мөн зарим улсад цалингаас суутгадаггүй талаар дээр дурдсан. Швед, Литва, Франц зэрэг улсад ажилтнаас маш бага суутгадаг юм байна. Зарлагаа хяналттай байлгаж, сангийн хөрөнгөө зөв удирдаж чадвал нийгмийн даатгалын санд хангалттай хуримтлал үүсч байгаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, халамжийг бууруулж, халамжаас хөдөлмөрт гэх уриагаа ажил хэрэг болгоё гэвэл татвар, шимтгэлээ зохистой хэмжээнд оруулж хүмүүсийн ажиллах урам зоригийг нэмэгдүүлбэл хувь хүн, гэр бүлд ч, бизнест ч, том зургаараа улс орны эдийн засаг нийгмийн олон эерэг үр дүн гарна гэж бодож байна.

Дашрамд хэлэхэд, цалингаас суутгах татварыг өрхийн гишүүдийн тоотой уях замаар ХХОАТ-ын загвараас өрхийн орлогын татварын загварт шилжих нь зүйтэй гэж боддог. Олон хүүхэдтэй гэр бүлд маш зөв дэмжлэг болно.

М.Мөнхцэцэг

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл эдийн-засаг

Д.Ганболд: Эдийн засгаа хөгжүүлэхийн тулд боловсролын салбартаа анхаарах ёстой. Боловсролтой иргэд л баялаг бүтээнэ шүү дээ DNN.mn

МУБИС-ийн Багшийн сургуулийн МХНУ-ны тэнхимийн багш, доктор Д.Ганболдтой багш мэргэжлийн талаар ярилцлаа.


-Та боловсролын салбарт хэчнээн жил ажиллаж байна вэ. Анх багш болсон үеэ дурсан ярьж болох уу?

-Би 1990 онд МУБИС-ийн Багшийн сургуулийг төгссөн. Тэр цагаас эхлээд боловсролын салбарт 34 жил ажиллаж байна. Ингэхдээ боловсролын бүх шатны байгууллагуудад ажилласан. Сургуулиа төгсчихөөд хөдөө орон нутагт бага ангийн багшаар очсон. 1990 онд төрийн бичгийг монгол бичиг болгох нь зүйтэй юм байна гэж үзээд сурагчдад 1 дүгээр ангиас нь эхлээд монгол бичиг заах шийдвэр гарсан. Монгол бичиг заах шийдвэр гэнэт гарсан учраас багш нар бэлтгэгдээгүй байсан. Тухайн үед Багшийн сургуулийн оюутнуудаас шалгалт аваад хамгийн өндөр оноотой 30 оюутныг нэг бүлэг болгоод нэг жил түргэвчилсэн байдлаар монгол бичгийн багш бэлдсэн. Тэдний нэг нь би байсан. Ингээд дөнгөж сургуулиа төгссөн оюутан монгол бичгийн хичээл заах арга зүйн туршлагыг түгээн зуны гурван сар ахмад багш нарт хичээл заасан. Тэгээд 9 дүгээр сарын 1-нээс эхлэн сурагчдад хичээл заахад хүүхдүүд монгол бичгийг маш их сонирхож байсан. Залуу хүний хувьд ахмад багш нарт эхлээд хичээл заасан гэдэг маань нэр төрийн хэрэг байсан.

-Багш мэргэжлийг сонгох болсон шалтгаан тань юу байв?

-Би суманд сурдаг байсан. 1986 оны үед 8 дугаар анги төгссөн хүүхдүүдийг Тусгай мэргэжлийн сургуулиудад оноогоор нь жагсааж оруулдаг байсан.

Өндөр оноотой хүүхдүүд энэ сургуулийг сонгох эрхтэй байдаг. Намайг ороход Багшийн сургууль, Анагаахын сургууль, Барилгын техникум зэрэг сургуулиуд байсан. Багш маань чиний сурлага энэ сургуулиудад тэнцэж байна, алийг нь сонгох вэ гэж асууж байж билээ. Энэ сургуулиудаас Багшийн сургууль нь л Улаанбаатар хотод байсан. Ингээд би ямар ч байсан багш болъё гэж бодоод Бадрангуй алдарт Багшийн сургуулийг сонгосон. Энэ нь оносон. Багшийн сургууль бол 104 жилийн түүхтэй суутнуудыг төрүүлдэг эрдмийн өргөө юм. 10 жил бага боловсролын салбарт багш, хичээлийн эрхлэгч хийж байгаад дараа нь МУБИС-ийн Монгол судлалын сургуулийг төгссөн. Энэ нь бас өөрийгөө нээх, хөгжүүлэх боломжийг надад өгсөн.

-Таныхаар багш мэргэжлийн хамгийн сайхан нь юу вэ. Таны сэтгэлд тод үлдсэн нандин дурсамж бий юу?

-Би бага ангийн багшаар 10, дунд ангийн багшаар мөн 10 жил ажилласан. Энэ хугацаанд олон шавьтай болсон байна. Шавь нар маань одоо нийгмийн бүх салбарт ажиллаж байна. Үүнийг нь хараад шавь нараараа маш их бахархдаг. Сүүлийн жилүүдэд би багш бэлтгэх сургуульд ажиллаж байна. Анхны шавь нар маань одоо багш болчихсон байгаа. Багш хүний хамгийн гол бахархал бол шавь нарынх нь амжилт байдаг. Хаана ч явсан багш аа гэж дуудуулж явах сайхан. Багш хүний үндсэн үүргүүдийн нэг нь нийгмийг соён гэгээрүүлэх явдал. Тиймээс сайн сайхан нийгмийг бүтээхийн төлөө ажиллаж байгаадаа сэтгэл өндөр байдаг.

-Та шавь нараа тоолж үзэж байв уу. Ер нь ойролцоогоор хэд орчим шавьтай вэ?

-Тийм ээ. Одоогоос 3 жилийн өмнө бага, дунд, их сургуулийн 4500 орчим шавьтай юм байна гэсэн тооцоо гаргаж байсан. ЕБС-ийн багшаар ажиллахдаа 3000 гаруй хүүхдэд Монгол хэл, уран зохиолын хичээл заасан. Багш бэлтгэх сургуульд ирээд 3000 гаруй оюутанд хичээл заасан байна. Ингээд барагцаагаар 6030-аад шавьтай болсон байна, гэхдээ нарийн тоолж үзээгүй.

-Багш хүнд байх ёстой хамгийн эрхэм чанарын тухайд та юу гэж боддог вэ?

-Нэгдүгээрт, онолын өндөр мэдлэгтэй. Хоёрдугаарт, арга зүйтэй. Гуравдугаарт, ёс зүйтэй байх. Багш хүнд хоёр далавч бий. Яг л шувуу шиг. Хэрвээ зөвхөн онолын мэдлэгтэй, эсвэл арга зүйтэй бол нэг л далавчтай шувуу гэсэн үг. Ийм шувуу нисэж чадна гэж үү. Тиймээс онол болон арга зүйн өндөр мэдлэгтэй байвал маш сайн багш болж чадна. Мөн үндэсний хэл соёлынхоо талаар өндөр мэдлэгтэй байх хэрэгтэй. Багш хүн соёлын өвийг тээгч байдаг учраас сурагчдадаа үргэлж түүх соёлоо сурталчилж байх шаардлагатай. Багш бүхэн шавь нарынхаа дунд амьдардаг, бүхий л үйл тэдний нүдний өмнө нээлттэй учраас сурагчид багшаасаа үлгэр дуурайл авч байдаг. Тиймээс багшид харилцааны болон ёс зүйн зөрчил гаргах эрхгүй. Багш хүн шавьдаа зайлшгүй байх ёстой мэдлэг, чадвар, хандлагыг цаг тухайд нь өгөх үүрэгтэй. Багшийн ажлаасаа гадна ажиллаж байгаа орон нутгийнхаа ард иргэдийг соён гэгээрүүлэх талаар төрөл бүрийн ажлууд зохион байгуулж болно шүү дээ. Би сургуульдаа номын клуб ажиллуулдаг. Учир нь оюутнууд ном уншсанаараа ихийг сурах хүсэл тэмүүлэлтэй болдог. Би өөрөө ч сэтгэл ханамжтай, шавь нар маань ч сэтгэл ханамжтай байвал сайхан шүү дээ.

-Танай сургуулийн оюутнуудын хүйсийн харьцаа ямар байдаг вэ. Ихэвчлэн эмэгтэй оюутнууд байна л даа.

-МУБИС-ийн хувьд авч үзвэл нийт оюутнуудын 27-30-аад хувь нь эрэгтэй. Харин бага ангийн багш мэргэжлээр сурч буй нийт оюутнуудын 6-7 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг. Энэ нь нэг талаар бага ангийн болон цэцэрлэгийн багш нарын ихэнх нь эмэгтэй багш байдагтай холбоотой байж магадгүй. Харин сүүлийн үед эрэгтэй оюутнуудын тоо нэмэгдэх хандлагатай байгаа.

-Бага боловсролын багш мэргэжлээр төгсөж буй оюутнуудын хэдэн хувь нь цаашид мэргэжлээрээ ажиллаж байгаа вэ. Энэ талаар хийсэн судалгаа бий юу?

-Сургуулийн хөтөлбөрийн албанаас “Мөшгих судалгаа”-г жил бүр хийдэг. Судалгааны дүнгээс харахад нийт төгсөгчдийн 90-ээс дээш хувь нь мэргэжлээрээ ажилладаг. Арваад хувь нь мэргэжил дээшлүүлэх болон бусад салбарт ажиллаж байгаа. Сүүлийн жилүүдэд манай улс багшийн хомсдолд орчихоод байна. Тийм учраас оюутнууд сурах явцдаа дадлагажигч багшаар ажиллаж байна. Төгсөгчдөд маань ажлын байрны хүртээмж маш сайн.

-Багш мэргэжлийн үнэ цэнэ, үнэлэмж одоогоос хэдэн жилийн өмнөхийг бодоход багасчихав уу даа гэж хардаг. Та энэ талаар ямар байр суурьтай байна. Эсвэл хот хөдөөгөөрөө ялгаатай байна уу. Суманд багшийн мэргэжил нэр хүндтэй ажил хэвээрээ байгаа шүү дээ?

-Монголчууд багшийг үеийн үед хүндэлсээр ирсэн. Би багшийн нэр хүнд унаагүй гэж бодож байна. Яагаад гэвэл сошиал орчинд байгаа зүйл олон хүнийг хамарч чадахгүй байгаа. Би оюутнуудаа дагуулаад дадлагын сургуулиудаар явж байхад нийт эцэг эхчүүд багшид маш их дэмжлэг үзүүлдэг, багшийг хүндэлдэг гэдэг нь ажиглагддаг. Энэ олон мянган багш нар дунд алдаа гаргаж байгаа хүмүүс байж магадгүй. Үүнийг нь олон нийт бүх багш нар ёс зүйгүй болчихсон юм шиг хараад байна. Харин багш мэргэжлийг сонгож байгаа хүүхдийн тоо багассан. Энэ нь олон төрлийн шинэ мэргэжил гарч ирсэнтэй холбоотой байж магадгүй. Залуучууд багшийн мэргэжлийг одоохондоо сон-гохгүй байгаа ч ирээдүйд сонгоно гэдэгт итгэлтэй байна. Дэлхий дээр багшийн мэргэжил мөнхийн мөнхөд байх ёстой. Хүн багшаар л хичээл заалгаж, амьд харилцаа тогтоож байж сурдаг. Багш нар хичээл заахдаа техник технологийг 30 хувь л ашиглаж болно. 70 хувь нь багшийн оролцоо байдаг. Тиймээс багш мэргэжил аль ч цаг үед байх ёстой. Байх ч болно. Хүн төрөлхтөн хуримтлуулсан туршлагаа дараа үедээ өвлүүлэхэд багш хүн л хэрэгтэй.

-Багш нарт олон асуудал тулгамдаж байгаа нь мэдээж. Танай салбарын гол асуудлыг та юу гэж харж байна?

-Хүн амын өсөлттэй холбоотойгоор сургуулиудын барилга байгууламж, орчны асуудлыг яаралтай шийдэж чадаагүйгээс болж хүүхдүүд гурван ээлжээр хичээллэж байна, багшийн ачаалал их байна. Багш нь байгаа хэрнээ сургалтын орчин нь муу учраас сургалт явуулах ямар ч боломж байхгүй. Багшийг үе шаттайгаар бэлдэх нөөц боломж байгаа. Хамгийн гол нь сургуулийн барилга байгууламжийг орчин үеийн стандартын дагуу барих шаардлагатай. Дэлхийн хөгжсөн улс орнуудад сургууль нь нэг ээлжээр хичээллэж байна. Ийм тохиолдолд сурагчид өглөө нь хичээлдээ ирчихээд үдээс хойш нь хөгжүүлэх сургалтууддаа ороод явчихдаг. Тэгэхээр хүүхдүүд илүү хөгжиж байна. Гэтэл манай улсад хүүхдүүд хичээлээ дуусгаад л гэр лүүгээ явчихдаг. Орчин үеийн стандартын дагуу сургууль нь номын сан, урлаг заал, спорт заал, хөгжүүлэх төвүүдтэй иж бүрэн байх ёстой. Тэргэнцэртэй хүүхэд орж ирлээ гэж бодоход хаана ч чөлөөтэй явах боломжтой байх хэрэгтэй. Ингэснээр тэгш хүртээмжтэй байдал хангагдана. Ялгаатай байдал бий болчихсон байна. Нэг хэсэг нь дэлхийн жишигт нийцсэн хувийн сургуульд явж байхад нөгөө хэсэг нь багтаж ядсан сургуульд 50,60-аараа суугаад хоёр гуравхан цаг хичээллэчихээд явж байгаа нь харамсалтай. Энэ бүхний цаана хүүхэд хохирч үлдэж байна. Хүүхэд бол ирээдүйн Монгол орны ажиллах хүч, баялаг бүтээгч. Тийм байхад нэг хэсэг нь маш сайн бэлтгэгдээд, нэг хэсэг нь хохирч үлдээд байвал яваандаа улс орны эдийн засагт нөлөөлдөг. Тиймээс сургуулиудыг стандартын дагуу яаралтай барих хэрэгтэй байна.

-Нийгэмд багшийн хомсдол үүсчхээд байна шүү дээ. Та ер нь 45 хоногийн сургалтын талаар ямар байр суурьтай байна?

-45 хоногийн сургалт бүх мэргэжил дээр боломжгүй. Зарим мэргэжил дээр боломжтой байж магадгүй юм. Жишээлбэл, их сургуулийн химийн ангийг төгссөн хүн химийн шинжлэх ухааны онолын өндөр мэдлэгтэй байгаа. Хэрвээ тэр хүн дүнгийн голч өндөртэй, ёс зүйтэй, төлөвшилтэй бол тухайн хүнийг маш сайн судалж үзээд түргэвчилсэн багшлахуйн сургалтад хамруулаад багш болгох боломжтой. Энэ хүнд онолын мэдлэг нь байгаад байна шүү дээ. Арга зүйг нь МУБИС-д зааж өгөөд ажлын байранд гаргах боломжтой. Харин хугацаа нь тухайн мэргэжил болон хүнээсээ хамаараад өөр өөр байх магадлалтай. Сайн мэргэжилтнүүдийг багш болгодог туршлага гадны орнуудад байдаг. Их сургуулийн химийн анги төгссөн оюутан багш болох юмсан гэж мөрөөддөг байсан байж магадгүй шүү дээ. Тэр хүнд багшлах арга зүйг нь заагаад өгчихвөл багш болох бүрэн боломжтой. 45 хоног гэдэг бол олон боломжийн нэг нь.

-Багш нарын цалин хангамжийн асуудал үеийн үед л яригдаж ирлээ шүү дээ. Гэтэл дорвитой өөрчлөлт орохгүй байгаа нь юутай холбоотой вэ?

-Төр засгаас багш нарын цалин хөлсийг нэмэхийг л бодож байгаа. Би энэ талаар судлаагүй учраас сайн мэдэхгүй байна. Гэхдээ бүх салбарын ажилчдын цалин өндөр баймаар байна. Цалин хөлс хангалтгүй байгаа нь улс орны суурь эдийн засагтай л холбоотой байх гэж бодож байна. Эдийн засгаа хөгжүүлэхийн тулд боловсролын салбартаа анхаарах ёстой. Боловсролтой иргэд л баялаг бүтээнэ шүү дээ.

-Ямар ч мэргэжлийнхэнд нийтлэг дутагдал байдаг шүү дээ. Тэгвэл багш нарт ямар дутагдалтай тал ажиглагдаж байна вэ?

-Нийт багш нарт ийм дутагдал байна гэж хэлэх ямар ч үндэслэл байхгүй. Бүх хүнд дутагдал байгаа. Хамгийн гол нь ямар ч мэргэжлийн хүн өөрийнхөө алдааг эргэцүүлэн боддог, хувийн зохион байгуулалт сайтай байх хэрэгтэй. Ингэж чадвал алдаа дутагдал багасаж, ажлын чанар дээшлэх бүрэн боломжтой.

-Сурагчдаасаа бэлэг авчихлаа гэдэг зүйл яригддаг. Манай сонин багш, эмч нар шавь, өвчтөний өгсөн зүйлийг авч болно гэдэгт бат байр суурьтай байдаг. Баярласан сэтгэлээ илэрхийлээд яагаад юм өгч болохгүй гэж. Энэ чинь хүүхдийн сэтгэл шүү дээ. Энэ талаар та ямар бодолтой байна?

-Шавь нь багшдаа чин сэтгэлээсээ талархаад цэцэг, ном өгч болно гэж бодож байна. Харин сурагчид зохион байгуулалтад ороод, мөнгө төгрөг хураагаад багшдаа бэлэг өгч байгаа бол өөр хэрэг. Ингэж болохгүй. Чин сэтгэлээсээ өгч байгаа зүйл л бэлэг болж чаддаг. Бэлэг гэдэг хэн нэгнээс авч байгаа шан харамж биш шүү дээ. Багш нар сурагчдаасаа бэлэг авч байгааг хүмүүс цахимаар харчихаад бүх багш бэлэг авдаг юм шиг боддог. Монголын багш нарын сайн тал нь их. Үүнийг л олон нийтэд харуулмаар байна. Нэг багшийн алдааг л сэвээд байх нь нийгэмд аюултай.

-Шавь нартаа үргэлж захиж хэлдэг үг байдаг уу?

-Мэдлэг, чадвар, хандлага гурвыг оюутнууд маань эзэмших хэрэгтэй. Харин багш хүнд байх ёстой хамгийн чухал чанар бол сайн хүн байх явдал. Сайн мэргэжилтэн хэрнээ сайн хүн биш бол хэцүү. Мэдлэг, чадварыг эзэмших амархан. Харин хүнд хандлага төлөвшүүлэх л хэцүү. Өөрөөр хэлбэл, мөсөн уулын ёроол шиг. Хүний үнэт зүйл үйл ажиллагаан дээр л харагддаг. Тиймээс аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг хүн олшрох чухал.

-Танд нэмж дэлгэрүүлэх зүйл байна уу?

-Мэргэжил бүхэн үнэ цэнэтэй. Хүн мэргэжлийнхээ үнэ цэнийг ухаараад түүгээрээ дамжуулан нийгэмдээ нөлөөлөх нь чухал. Сургалтын хөтөлбөрөө сайжруулах нь багш хүний хамгийн чухал зүйл. Судалгаа их хийгдсэн хөтөлбөр сайн байдаг. Сайн хөтөлбөр маш үнэ цэнэтэй байдаг. Тийм учраас л хөтөлбөрийг магадалдаг. Энэ хөтөлбөрөөр сураад төгссөн хүн маш сайн мэргэжилтэн болдог. Багш бол хөтөлбөрийг хэрэгжүүлдэг, сайжруулдаг, шинэчилдэг хүн. Хүүхэд 1 дүгээр ангид ордог биш 1 дүгээр ангийн хөтөлбөрт элсдэг.

-Багш нартаа хандаж юу гэж хэлмээр байна?

-Багш нартаа Дэлхийн багш нарын баярын мэнд хүргэе. Дэлхийн багш нар бүгдээрээ нэг зорилготой. Тэр нь хүнээр хүн хийх явдал шүү дээ. Шавь нар маань биднийг хайрлаж байна, монголчууд биднийг хүндэлж байна. Тиймээс бид боловсролын үйлчилгээгээ илүү сайжруулах ёстой. Ингэхийн тулд бүгдээрээ хүчээ нэгтгээд хамтарч ажиллая. Багш нартаа сайн сайхныг хүсье.

 

Ө.АНХЗАЯА

 

Categories
мэдээ эдийн-засаг

5.4 сая тонн нүүрс экспортолжээ DNN.mn

Он гарсаар эхний есөн сарын байдлаар 6.6 тэрбум ам.долларын 59.1 сая тонн чулуун нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 26.3 хувиар өсчээ. 

Тайлант хугацаанд хийсэн нийт экспортын 56.5 хувийг чулуун нүүрс бүрдүүлж байгаа юм. Зөвхөн есдүгээр сард 5.4 сая тонн нүүрсийг 527.1 сая ам.доллароор экспортолжээ.  Монгол Улс энэ онд 78.1 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьснаас эхний есөн сарын байдлаар 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төслийн явцыг танилцуулав DNN.mn

Тавантолгой-Гашуунсухайт, Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төслийн талаарх 2008 оноос хойш УИХ, Засгийн газар, салбарын сайд нарын гаргасан шийдвэр ба хэрэгжилт, Ерөнхий сайдын 2024 оны 28 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсгийн явцын талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Засгийн газрын гишүүдэд танилцуулав.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн нүүрсний ордыг улсын хилтэй холбох Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг 2020 онд эхлүүлж, хил хүртэлх 233.6 км төмөр замыг барьж 2022 онд ашиглалтад оруулсан. Энэхүү төмөр замын үргэлжлэл болох Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төсөл нь улсын нийгэм, эдийн засагт чухал нөлөө үзүүлэх стратегийн ач холбогдолтой төсөл хэдий ч улс төрийн гацаанд орж, сүүлийн 16 жилийн турш яриа хэлэлцээрийн түвшинд байсаар ирсэн.

“Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор авах зарим арга хэмжээний тухай” 68 дугаар тогтоолыг 2023 онд УИХ-аас баталсан. Мөн Засгийн газрын 2024 оны 58 дугаар тогтоолоор Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан өргөн, нарийн царигийн төмөр замын шугамын чигийг тогтоосон. Тус боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр байгуулаад байна.

 

Товч мэдээ

Бүгд Найрамдах Итали Улсад энэ оны долоодугаар сарын 07-11-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Барток-Кабалевский-Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаан”-д оролцож, мэргэжлийн төгөлдөр хуурын хоршил төрөлд Монгол Улсын консерваторын Сонгодог хөгжмийн мэргэжлийн багш Б.Ариунаа, С.Алимаа, Л.Баярмаа, оюутан Н.Бодьзавъяа нар хоёрдугаар байрт шалгарсан тул Засгийн газрын журмын дагуу 6,0 сая төгрөгийн мөнгөн шагнал, оюутан Н.Бодьзавьяа нь ганцаарчилсан төрөлд мөн хоёрдугаар байрт шалгарсан тул 24 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэв.

Categories
эдийн-засаг

Экспортын дүн импортынхоос 3.2 тэрбум ам.доллараар давжээ DNN.mn

2024 оны эхний есөн сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 20.4 тэрбум ам.доллар болж, 2023 оны мөн үеэс 2.3 тэрбум ам.доллар буюу 13 хувиар өсжээ. Экспортын дүн импортын дүнгээс 3.2 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна.

Экспортод 11.8 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.3 хувиар өслөө.

Экспортын барааны нийт дүнд

  • эрдэс бүтээгдэхүүн 10.3 тэрбум ам.доллар буюу 87.4 хувь
  • сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 679.2 сая ам.доллар буюу 5.8 хувь
  • нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 356.4 сая ам.доллар буюу 3 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 96.2 хувийг эзэлжээ.

Статистик мэдээллээс харахад энэ оны эхний есөн сард үхрийн мах 27.3 мянган тонн, ямааны мах 4.7 мянган тонныг экспортолсон нь 3.3-7.2 хувиар тус тус буурсан үзүүлэлт болов. Харин нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үеэс 1.3 дахин, төмрийн хүдрийнх 28.8 хувиар өсжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Гадаад худалдааны эргэлт 20.4 тэрбум ам.доллар болжээ DNN.mn

Гадаад худалдааны 2024 оны эхний есөн сарын гүйцэтгэлийг Гаалийн ерөнхий газраас экспортын 556 мянга, импортын 306 мянган мэдүүлэг болон бусад эх сурвалжийг үндэслэн гаргажээ.

2024 оны эхний есөн сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 20.4 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 2.3 тэрбум ам.доллар буюу 13 хувиар өсчээ. Экспортын дүн импортын дүнгээс 3.2 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна.

Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 10.3 тэрбум ам.доллар буюу 87.4 хувь, сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 679.2 сая ам.доллар буюу 5.8 хувь, нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 356.4 сая ам.доллар буюу гурван хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 96.2 хувийг эзэлсэн байна.