Categories
мэдээ эдийн-засаг

Арилжааны мэдээллийг гар утаснаасаа авах боломжтой гэв

Монголын хөрөнгийн бирж нь өдөр тутмын арилжааны болон ханшийн мэдээллийг гар утас болон хөдөлгөөнт төхөөрөмжид зориулагдсан мобайл апплекейшны тусламжтайгаар олон нийтэд хүргэх боломжтой боллоо. Тус программыг ашиглахын тулд App Store-д “MN Stocks” гэсэн апплекейшныг татан суулгах хэрэгтэй.

Уг программыг ашигласнаар хэрэглэгч ханшийн мэдээллийг таван минутын хоцрогдолтойгоор хүлээн авахаас гадна өөрийн сонирхсон үнэт цааснуудаар багц үүсгэх боломжтой юм. Программ нь ханш, тохиргоо гэсэн үндсэн хоёр хэсэгтэй байх аж.

Categories
мэдээ эдийн-засаг

Хятадад 1.2 сая тн коксжих нүүрс нийлүүлжээ

БНХАУ есдүгээр сард 21.2 сая тн нүүрс импортлосон байна. Гол нийлүүлэгч нь болох Австрали улс 2.1 сая тн коксжих нүүрсээр тэргүүлж байна. Харин манай улс 1.2 сая тн коксжих нүүрс нийлүүлжээ. Өмнөх сартай харьцуулахад коксжих нүүрсний үнэ 10 орчим хувиар унаж 49.7 ам. долларт хүрээд байгаа аж.

Categories
мэдээ эдийн-засаг

Зургаан компанийн үнэт цаасыг бүртгэлээс хаслаа

“Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 6.1.1, 6.2.2, “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 34.1.1 дэх заалт, Сүхбаатар дүүрэг, Завхан аймгийн шүүхийн холбогдох шийдвэрүүдийг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 375 дугаар тогтоолоор “Разноимпекс” ХК, “Монел” ХК, “Цасту”ХК, “Чимбай” ХК, “Туул баян” ХК, “Модлог” ХК-ийн үнэт цаасыг үнэт цаасны бүртгэлээс хасах тухай шийдвэр гаргасан байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк 139,6 тэрбум төгрөгийн ТБҮЦ арилжжээ

Монголбанк өнгөрч буй долоо хоногт 139.6 тэрбум төгрөгийн ТБҮЦ буюу Төв банкны үнэт цаасыг 12.0% ЖДХ буюу жинхэнэ дундаж хүүгээр арилжаалсан байна. Ингэснээр 2014 оны 10-р сарын 17-ны байдлаар нэг долоо хоногтой ТБҮЦ -ны үлдэгдэл 478.7 тэрбум төгрөг болжээ. Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг. Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэхүү үнэт цаасыг 2007 оны 7 дугаар сард анх нэвтрүүлж долоо хоног бүрийн Лхагва гарагт БХЗ дээр арилжаалах болсон нь банкуудын сонирхолыг ихэд татдаг болжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Банкуудын төлөөлөл шүүх хуралд ирсэнгүй

Арилжааны банкууд зээл олгохдоо авдаг шимтгэл хураамж нэрийдлээр иргэдээс 0.1 хувийн шимтгэл авч байгааг ШӨХТГ-аас тогтоож, таслан зогсоохыг үүрэгдсэн. Энэхүү шийдвэрийг арилжааны 13 банкны удирдлагууд эсэргүүцэн ШӨХТГ-ыг Захиргааны хэргийн шүүхэд өгч, энэ хэргийг шүүх хурал өчигдөр болсон байна.

Харин шүүх хуралд “Капитал”, “Улаанбаатар хотын банк”-ны төлөөлөл ирээгүй мөн “Хас”, “Капитрон” банкнаас төлөөлөгч, өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргасан шалтгаанаар шүүх хурлыг энэ сарын 29-нийг хүртэл хойшлуулжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлийг Капитал банктай хамтран олгоно

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу жижиг, дунд үйлдвэрийн салбарыг хөгжүүлж, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн зургадугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн журам”-ыг баталсан.
Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаар дамжуулан жижиг дунд үйлдвэрлэлийн санхүүжилт олгох, Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжин хөнгөлөлттэй зээл олгох, батлан даалтын үйлчилгээг нэвтрүүлэх юм.
Журмын дагуу хөнгөлөлттэй зээлийг иргэдэд олгох ажлыг хамтран зохион байгуулах зорилгоор арилжааны банкуудад хүсэлт тавьсан байна. Хүсэлтийн дагуу таван арилжааны банкнаас санал ирж, уг саналыг хэлэлцэн Капитал банктай хамтран ажиллахаар болжээ. Өнөөдөр нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч, нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн дарга Т.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Б.Одгэрэл, Капитал банкны Гүйцэтгэх захирал А.Ариунболд нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнэ “Нийслэл анх удаа жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, иргэдийнхээ үйлдвэрлэлийг хөгжүүлэх, орлогыг нь нэмэгдүүлэх зорилгоор зээл олгох гэж байна. Ингэхдээ хамгийн хөнгөлөлттэй буюу жилийн 5 хувийн нөхцөлтэйгээр Батлан даалтын сантай хамтран олгоно. Жил бүр нэг салбарыг онцолж зээл олгох бөгөөд энэ жил мал аж ахуйн чиглэлээр бизнес эрхэлдэг иргэдийг дэмжинэ. Энэ нь нийслэлийн иргэдийн сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг малын гаралтай бүтээгдэхүүнээр хангах зорилттой уялдаж байгаа” гэдгийг онцлон хэллээ. Хөнгөлөлттэй зээлээ тус салбарыг дэмжихээс гадна ажлын байр бий болгох олон давуу талтай гэдгийг албаныхан тодотгож байгаа юм. Тус сантай холбоотой мэдээллийг Капитал банк болон Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс авах боломжтой гэж Нийслэлйн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

169 аж ахуй нэгж зээлийн батлан даалтад хамрагджээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцлээ. УИХ-аас 2012 онд Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийг баталж, хэрэгжүүлж байдаг. Энэ хүрээнд жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зээлийн барьцаа хөрөнгийнэ 60 хүртэлх хувьд баталгаа гаргаж буй билээ. Гэсэн хэдий ч өнгөрсөн хоёр жилд зээлийн батлан даалтад хамрагдсан аж ахуйн нэгжийн тоо нийт аж ахуйн нэгжүүдийн ердөө 0.7 хувийг эзэлж байна. Тодруулбал, хоёр жилийн хугацаанд ердөө 169 аж ахуйн нэгж зээлийн батлан даалтад хамрагджээ. Түүнчлэн зээлийн батлан даалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь нийслэлд байгаа бөгөөд хөдөө орон нутагт батлан даалтын үйл ажиллагаа мөн л хангалтгүй байгааг төсөл санаачлагч дурьдлаа. Улмаар сангийн үйл ажиллагааг өргөтгөх зорилгоор тодорхой өөрчлөлтүүдийг оруулах, батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх асуудлыг хуулийн төсөлд тусгажээ.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Г.Уянга зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагаа яг газар дээрээ тун хангалтгүй байгааг дурьдлаа. Мөн батлан даалт хүсэгчдийн дийлэнх нь сарын 2-3 сая төгрөг, ихдээ 5 сая төгрөгийн эргэлттэй жижиг, аж ахуйн нэгжүүд байдаг. Тэдгээрт хандсан ямар өөрчлөлт шинэ хуульд орж ирж байгаа талаар тодруулсан юм. Хууль батлагдсанаар зээлийн батлан даалтын санд жилд төвлөрөх хөрөнгө ойролцоогоор таван тэрбум төгрөг байх бөгөөд хуулийн дагуу энэ хэмжээний хөрөнгөөр 100 хүртэлх тэрбум төгрөгийн зээлд баталгаа гаргах боломж бүрдэж байгааг ажлын хэсгийнхэн танилцууллаа. Мөн сангийн үйл ажиллагааг хөдөө орон нутаг руу илүү төвлөрүүлэх, хөдөө орон нутагт сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, сумдад төвлөрүүлэх хөрөнгийг нэмэгдүүлнэ. Ингэснээр жижиг бизнес эрхлэгчдэд зээлийн үйлчилгээ илүү ойр болох боломжтой гэдгийг төсөл санаачлагч Сангийн сайд Ч.Улаан танилцууллаа.

Мөн хуралдааны үеэр гишүүд зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагаа хангалтгүй байгаа нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд өгч буй мэдээлэл дутмаг байгаатай холбоотой гэж байлаа. Харин Санхүүгийн зохицуулах хорооноос үзэж буйгаар мэдээлэл, сурталчилгааг хангалттай өгч байгаа гэнэ. Гэсэн ч төсөлд хамрагдалт хангалтгүй байгаа нь банкны шалгууртай холбоотой гэв. Санхүүгийн зохицуулах хорооны газрын дарга н.Хэрлэн уг асуудлаар “Зээлийн батлан даалтын санд хамрагдахын тулд иргэн, аж ахуйн нэгж эхлээд банкинд ханддаг. Банк баталгаа гаргуулах боломжтой гэж үзвэл батлан даалтын санд ирдэг. Тэгэхээр банкны шалгуур өндөр байгаа, жижиг, аж ахуйн нэгжүүд банкны шалгуурыг давахгүй байх тал элбэг байна” гэсэн. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл үүнтэй холбоотойгоор аливаа эдийн засагтай холбоотой хууль, тогтоомж батлахдаа ингэж банкны гар хардаг байдлаа болих хэрэгтэй гэлээ.

Гишүүд энэ мэтээр хэлэлцүүлэг өрнүүлсний дараа хуулийн төслийг хэлэлцэх, эсэх асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн олонхи нь дэмжсэнээр хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр боллоо. Өнөөдрийн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дээрхээс гадна 2-3 хуулийн төсөл хэлэлцэхээр байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлогсдон юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Монгол
улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан Баялгийн
сан буюу Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг өнөөдөр Ерөнхийлөгчийн
дэргэдэх Иргэний танхимд ахин хэлэлцэж байна.

Энэхүү хуулийн төслийг Монгол Улсын
газрын хэвлийд байгаа их хэмжээний ашигт малтмал, эрдэс баялгийн олборлолтоос
бий болох төсвийн орлогоос ирээдүй хойч үе, үр хүүхдүүддээ үлдээх ёс суртахууны
үүрэг, хариуцлага бидэнд байх ёстой гэж үзэн ийнхүү хэлэлцүүлж байгаа юм.

Хуулийн төслийг өмнө нь 2014 оны
есдүгээр сарын 05-ны өдөр хэлэлцэхдээ үндэсний баялгийг хүн ам, нийгмийн бүлэг
болон өнөө ба хойч үеийнхэнд шударга, тэнцвэртэй хуваарилах зарчим баримтлан
мэргэжлийн судлаачдын зөвлөмж, бусад улс орны Баялгийн сангийн туршлагыг өөрийн
орны онцлогт тохируулсан зохицуулалтууд оруулсан байна. Мөн оновчтой бүтэц,
зохион байгуулалттай баялгийн сан ажиллуулснаар эдийн засгийг түүхий эдийн
үнийн хэлбэлзлээс хамгаалах, төсвийн тогтвортой байдлыг хангах, хойч үедээ
баялаг өвлүүлэх нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар дэмжихийн зэрэгцээ Сангийн
яамнаас боловсруулсан холбогдох хуулийн төслийг хамтад нь УИХ-д өргөн барихаар
тогтсон юм. 

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар
Монгол Улсын урт хугацааны эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах, эрдэс
баялгийн нөөц шавхагдаж, эрдэс баялгийн орлого буурах үед уг бууралтын тодорхой
хэсгийг нөхөх хуримтлалын санг бүрдүүлсэн байх юм гэж хууль санаачлагчид үзэж
байгаа аж. 

Дэлхий дахинаа Баялгийн сан нь улс
орон бүрт өөрийн оноосон нэртэй байдаг бөгөөд  энэ жишгийн дагуу Монгол
Улсын Баялгийн сан нь “Ирээдүйн өв сан” гэсэн нэртэй байх гэнэ.

Categories
мэдээ эдийн-засаг

Нэг оюутанд хэдийг зарцуулдаг вэ?

УИХ-ын гишүүн асан Д.Энхбат твитертээ
аль улсад нэг оюутанд хэдийг зарцуулдаг талаар мэдээлжээ. “Нэг оюутныг сургах жилийн бодит зардал Европ, Америкт
дунджаар $13957, түүний дотор АНУ-д $26021, Орост $7424 байдаг ажээ.

Харин Монголд нэг оюутанд хэдийг зарцуулдаг
бол. Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирал Д.Мөнхжаргал манай сонинд өгсөн
ярилцлагандаа “Нэг оюутанд ногдох зардал 3 сая төгрөг байдаг” гэж ярьсан юм. Зардал
нь ийм ч сургалтын төлбөрөө  нэг сая 240 мянган
төгрөгөнд “барьдаг” аж. ШУТИС-ын удирдлагууд ч сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ
нэг оюутаныг сургахад жилд дунджаар гурван сая төгрөг зарцуулдаг  тухайгаа ярьсан удаатай.

Categories
мэдээ эдийн-засаг

Гадаад худалдааны нөхцлийн индекс жилийн өмнөхөөс 18.9 хувиар өсчээ

Монгол Улсын гадаад худалдааны нөхцлийн индекс наймдугаар сард 1.631 нэгж болж өмнөх сарынхаас өссөн байна.

Худалдааны нөхцлийн индекс өнгөрсөн сард өсөлттэй гарахад импортын үнийн индексийн бууралт өндөр байсан нь нөлөөлжээ. 

Түүнчлэн туршилтаар тооцож байгаа тус индекс жилийн өмнөхтэй харьцуулахад 18.9 хувиар өссөн талаар Монголбанк мэдээллээ. Худалдааны нөхцлийн индекс өнгөрсөн сард өсөлттэй гарахад импортын үнийн индексийн бууралт өндөр байсан нь нөлөөлсөн байна. Тухайлбал экспортын үнийн индекс 3.2 хувиар буурсан бол импортынх 18.6 хувиар буурчээ. Импортын үнийн индекс 2013 оны дөрөвдүгээр улирлын төгсгөлөөс эхлэн тасралтгүй буурч байгаа юм. Энэ удаад 18.6 хувиар буурахад удаан эдэлгээтэй хэрэглээний бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, барилгын материал, нефтийн бүтээгдэхүүний хилийн үнэ буурсан нь голлон нөлөөлсөн гэж Төв банк мэдээллээ. Харин экспортын үнийн индексийн хувьд огцом хөдөлгөөн бага байгаа ч өмнөх саруудтай харьцуулахад сайжирчээ. Экспортын үнийн индексийг тооцохдоо гадаадад гаргаж байгаа 10 төрлийн бүтээгдэхүүнийг хамруулдаг байна. Импортын үнийн хувьд олон төрлийн барааны үнийг тооцдог ч ерөнхий дөрвөн бүлэгт хуваан 14 дэд бүлгийн барааг хамруулдаг талаар Төв банк мэдээллээ.