Categories
мэдээ эдийн-засаг

Гадаад худалдаа ашигтай гарсан байна

Манай улс энэ жил 131 оронтой гадаад худалдаа хийжээ. Нийт гадаад худалдааны бараа эргэлтийн тэнцэл 9.1 тэрбум ам.доллар хүрсэн байна. Энэ мөнгөний 4.6 тэрбум ам.доллар нь зэсийн баяжмал, газрын тос зэргээ зарж байж гаднаас оруулж ирсэн мөнгө аж. Харин 4.5 тэрбум ам.доллараар гаднаас бараа, бүтээгдэхүүн худалдаж авчээ. Машины импорт багасч, зэсийн баяжмал, газрын тосны импорт өссөн нь гадаад худалдаа ашигтай гарахад нөлөөлжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Зэсийн баяжмалын экспорт өсөв

Аравдугаар сарын байдлаар ДНБ долоон хувийн өсөлттэй гарлаа гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Эдийн засаг өсөлттэй гарсны гол шалтгаан нь уул уурхайн салбар аж. ДНБ-ий долоон хувийн өсөлтийн 70 орчим хувийг нь уул уурхайн өсөлт эзэлсэн байна. Харин хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн өсөлтийн 27.7 хувийг эзэлжээ. Уул уурхайн хувьд нүүрсний олборлолт экспорт муу байсан ч Оюу толгойн олборлолт, үйлдвэрлэл эхэлсэн гэдэг шалтгаанаар зэс, зэсийн баяжмалын экспорт нэмэгдсэн байна.

Ц.БИЛИГ

Categories
мэдээ эдийн-засаг

Манай улс хөгжлийн индексээр Орос-Хятадыг ардаа орхижээ

Арабын нэгдсэн Эмират улсад төвтэй “Legatum” хүрээлэнгээс жил бүр гаргадаг Дэлхийн хөгжлийн индексийн судалгаанд 142 орноос 52-т жагсчээ. Хойд хөрш ОХУ Европын орнуудаас хамгийн муу үзүүлэлттэй буюу 68-д, өмнөд хөрш Хятад 54-т бичигдсэн байна.

Уг жагсаалтыг төр засгийн тогтвортой байдал, эдийн засаг, боловсрол, иргэний эрх чөлөө, эрүүл мэнд, аюулгүй байдал, хувийн бизнес эрхлэх боломж, нийгмийн капитал зэрэг найман шалгуураар тогтоодог. Эдгээр үзүүлэлтээс манай улс эрүүл мэндийн салбараар хамгийн тааруу оноо авч, 91-т жагссан бол нийгмийн капитал үзүүлэлтээр 25-д оржээ. Эхний 30 байрт Европын орнууд бичигдсэн бол Төв Африк сүүл мушгижээ.

Categories
мэдээ эдийн-засаг

“Эрдэнэс- Таван толгой”-оос олон ноцтой зөрчил илэрчээ

МАН-ын бүлгийн гишүүд мэдээлэл хийж “Эрдэнэс-Таван толгой” компанид хийсэн ажлын хэсгийн шалгалтын талаар танилцууллаа. Өнгөрсөн тавдугаар сарын 24-ны өдөр “Эрдэнэс Таван толгой” компанид шалгалт явуулах ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооны тогтоолоор байгуулж, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа ахлан шалгалт явуулсан байна. Шалгалтаар төрийн өмчийн тус компанид олон ноцтой зөрчил илэрчээ. Ажлын хэсгийн ахлагч Д.Хаянхярваа “Төрийн өмчийн оролцоотой компаниудад хууль, хяналт хэрэгжихээ байсан үйлдлүүд их байгааг энэ шалгалтаар нотоллоо. Ялангуяа санхүүгийн тайлан нь маш будлиантай байдаг юм байна. Ер нь төрийн өмчийн компаниуд их үрэлгэн байна. Тухайлбал, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн Улаанбаатар дахь оффист л гэхэд нийт 123 хүн ажиллаж байна. Тэд нар нь бүгд сонгуулийн дараа хэн нэгний шахаасаар орсон хүмүүс. Тэр хэрээр үргүй зардал их гарч байгаа нь санхүүгийн аудитын шалгалтаар нотлогдсон” гэлээ.

Мөн тус компани нь Төрийн өмчийнх мөртлөө Төрийн өмчийн хорооны хяналтад байдаггүй аж. Мөн ажлын хэсгийн дүгнэлтэнд “Говь повер” компанийн тендерийг хүчингүй болгосонтой холбоотойгоор тус компаниас хөрөнгө оруулалт хийсэн хэмээн долоон тэрбум төгрөгийн хохирол нэхэмжилж, үүнийг нь шүүхийн явцад хоёр тал харилцан тохиролцоод 4.7 тэрбумыг “Эрдэнэс Таван толгой” компаниас “Говь повер” компанид шилжүүлж байжээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

МБ валютын дуудлага худалдаа зохион байгууллаа

2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдаж авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 1871.11 төгрөгийн хаалтын ханшаар 12.0 сая ам.доллар, 305.85 төгрөгийн хаалтын ханшаар 74.0 сая юань тус тус худалдаж валютын захад ам.доллар болон юань нийлүүлэв.

2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 70.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл, 10.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал тус тус ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.долларын ханш өсч байна

Арилжааны банкуудад төгрөгтэй тэнцэх ам.долларын авах ханш яг одоогийн байдлаар дунджаар 1860 төгрөгтэй тэнцэж байна. Харин ам.доллар зарах ханш 1868-1872 төгрөгтэй тэнцэж буй. Харин юанийг банкууд дунджаар 304 төгрөгөөр авч, 307 төгрөгөөр зарж байна. Өмнөх оны мөн үед төгрөгтэй тэнцэх ам.долларын ханш 1720 төгрөг, юань 280 төгрөгтэй тэнцэж байсан юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Энэ онд уул уурхайн хувьцааны ханш 30-40 хувиар буурчээ

Хувьцаа гэдэг бол тухайн зээл дээр өсч яваа компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах, компани татан буугдсан ч дараа үлдсэн эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон бусад эрхийг гэрчилсэн үнэт цаасыг хэлдэг. Хувьцаа эзэмшигч нь тухайн компанид өөрийн хөрөнгөө бүрдүүлэх нь дэмжлэг үзүүлэх , ажиллах боломжийг нь олгож байгаагийн хариу урамшуулал гэж ойлгож болно. Монголд 2007 оны дунд үе хүртэл хувьцааны ханш тийм ч хангалттай түвшинд байгаагүй юм. 2007 оны дунд үеэс хойш хувьцааны ханш эрс өсч эхлэсэн байдаг. Гэсэн ч сүүлийн жилүүдэд манай улсад эдийн засгийн тогтворгүй байдлаас үүдэн хувьцааны ханш ч мөн өөрчлөгдсөөр байгаа билээ. Үүнд засгийн газрын тогтвортой байдал ч мөн нөлөөлдөг. Сүүлийн дөрвөн жилийн Топ-20 индексийн графикийг харьцуулан харцгаая.

Зураг 1. 2011 оны Топ-20 индексийн үзүүлэлт

2011 оны эхнээс сүүлч хүртэл манай улсын эдийн засгийн таатай он цаг байсныг доорхи графикаас харах боломжтой юм. Энэ үед “Тавантолгой”, “Багануур”, “Адуунчулуун”, “Шивээ-Овоо”, “Шарын гол” гэсэн Топ-20 индексийн сагсад багтдаг таван нүүрсний уурхайн хувьцааны ханш огцом өссөн байгаа нь Монголын хөрөнгийн бирж дээрх хувьцааны ханшийн өсөлт оргил цэгтээ хүрсэн анхны тохиолдол буюу 32955 нэгжид хүрсэн юм. Тухайн үед “Тавантолгойн” хувьцааны ханш 1.4 сая хүрч байсан нь урьд өмнө нь байгаагүй хамгийн өндөр үзүүлэлт байлаа.

Зураг 2. 2012 оны Топ-20 индексийн үзүүлэлт

Энэ онд өмнөх жилээ бодвол хувьцааны ханш тогтворгүйтэж эхлэсэн бөгөөд Топ-20 индекс 2012 оны 11 сарын байдлаар 16024.75 нэгж хүрсэн бөгөөд өмнөх оны оргил цэгээсээ хоёр дахин буурсан юм. Грекийн “Өрийн хямрал”-аас үүдсэн эдийн засгийн сулрал дэлхийн хөрөнгийн биржүүдэд уналт авчирч байсан үе байлаа. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ, хувьцаануудын ханш буурч байгаа нь эдийн засгийн өсөлт буурч буйн илрэл.Энэ оны эхэнд “Рио Тинто”-гийн хувьцааны ханш Лондонгийн хөрөнгийн бирж дээр 0,2 хувиар, Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр 1.024 хувиар, Австралийн хөрөнгийн бирж дээр 0.592 хувиар тус тус буурчээ. Канадын “Айвенхоу Майнз”-ын хувьцааны ханш ч мөн адил Нью Йоркийн хөрөнгийн бирж дээр 1.066 хувь, Торонтогийн хөрөнгийн бирж дээр 0.552 хувиар буурсан байна. Рио Тинто бол Оюутолгойн хөрөнгө оруулагч учраас монголд болж буй эдийн засгийн тогтворгүй байдлын үр нөлөө ч мөн тухайн компанийн хувьцааны үнэлгээнд нөлөөлж байдаг.

Зураг 3. 2013 оны Топ-20 индексийн үзүүлэлт

Энэ оны эхэн үед Топ-20 индекс 13.300 нэгжид хүрсэн нь сүүлийн гурван жилийн хамгийн доод үзүүлэлт байсан юм. Харин 2013 оны төгсгөлд Топ-20 индекс огцом өсч эхлэсэн. Хоёрдугаар сарын дунд үе гэхэд индекс 16.913 болов. Тавантолгойн ордоос коксжих нүүрс олборлодог “Тавантолгой” компанийн хувьцааны ханш 3000-6000 төгрөг болж хоёр дахин өссөн жишээг энд дурьдаж болно. Тухайлбал Баянгол зочид буудлын хувьцааны ханш 43.000-59.000, Могойн гол 11.500-15.700, Улсын их дэлгүүр 420-513, Шивээ-Овоо 6500-8300 төгрөг болж өсчээ. Шарын гол компанийн хувьцааны ханш 1500 төгрөгөөр өссөн бол Сүү ХХК 67.000-89.500, Монгол шилтгээн 840-960, Монголиа Девелопмент ресурс 640-800 болтлоо өссөн байна. Хувьцаануудын ханш өссөнөөр хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 1.4 их наядаас 1.7 их наяд болж, 300 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн юм. Ингээд шинэ засгийн газар гарч ирэхэд эдгээр үзүүлэлтүүд балансаа барина гэсэн найдлага байсан боловч хангалттай үр дүнд хүрээгүй юм.

Зураг 4. 2014 оны Топ-20 индексийн үзүүлэлт

Монголын болон Монголд үйл ажиллагаагаа явуулдаг гадны хөрөнгө оруулалттай 52 компанийн хувьцаа олон улсын хөрөнгийн зах зээл дээр худалдаалагддаг байна. Үүний 50 гаруй хувь нь уул уурхайн компани байдаг бөгөөд эдгээр компаниудын ашиг орлого энэ оны эхэн үеэс буурч эхлэсэн нь хувьцааны ханшийг 30-40 хувиар буухад хүргэжээ. Учир нь манай улсын эдийн засгийн болоод засгийн газрын тогтворгүй байдал, гадны хөрөнгө оруулалтай компаниудын монгол дахь эрх зүйн орчны асуудал зэргээс үүдэн Монголын уул уурхайн компаниудын хувьцаа олон улсын хөрөнгийн зах зээл дээр уналтын байдалд орсон гэхэд болно. Эдийн засгийн хямралын давлагаанд гүйцэгдсэн манай улсын хувьд дотоод аж ахуй нэгжүүдэд хүртэл санхүүгийн бэрхшээлүүд тулгарч эхлэсэн. Түүнчлэн манай улсын нүүрсний үнэ дэлхийн зах зээлийн үнэ ханшаас доогуур экспортлогдож байгаа юм. Өнөөдрийн байдлаар уул уурхайн салбарын үйл ажиллагаа зогсонги байдалд ороод байна гэж болно. Монгол Улсад хөрөнгө оруулсан, Олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн хувьцааны үнэ өмнөх улирлын хаалтын ханштай харьцуулахад 9 хувиар буурсан үзүүлэлт бий. Монголд үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниудын хувьцааны ханш сүүлийн саруудад царцанги байдалтай байна. Улс төрийн тогтворгүй байдал хөрөнгийн зах зээлд хэрхэн бодитойгоор нөлөөлж байгааг эндээс олж харж болно.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөгжлийн банк нэг их наяд гаруй төгрөгийн санхүүжилт хийжээ

Засгийн Газрын 11-11 төвийн цахим уулзалтад Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат оролцож, иргэдийн асуултад хариуллаа. Энэ удаагийн ярилцлага Нийслэлийн 375 жилийн ой тохиолдож байгаатай холбогдуулан Хөгжлийн банкнаас санхүүжүүлж байгаа Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажлуудын явцын талаар өрнөлөө.

Хөгжлийн банк 2011 онд байгуулагдсанаасаа хойш бүтээн байгуулалт болон бусад төсөл хөтөлбөрийн санхүүжилтэд зориулан 3 их наяд төгрөг гаргажээ. Үүний гуравны нэг хувь буюу 1,1 их наяд төгрөгийн санхүүжилтийг нийслэл хотод хийсэн байна. Улаанбаатар хотын хүн ам сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч, хот өргөжиж байгаа ч дэд бүтцийг сайжруулах дорвитой ажил хийгээгүй ирсэн гэж Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал хэллээ. Тус банкнаас нийслэлийн авто замыг сайжруулах төсөлд зориулан 92,9 тэрбум төгрөгийн санхүүжилт хийжээ. “Гудамж” төслийн хүрээнд Улаанбаатар хотын 33 уулзварыг шинэчлэх ажлыг 81,9 тэрбум төгрөгөөр санхүүжүүлснээр тус төслийн нийгэм, эдийн засгийн шууд бус үр өгөөж нь жилийн 20 тэрбум төгрөг болно гэж тооцоолж байна.

Инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний төслүүдийг 202,3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсний үр дүнд нийслэлийн 7 байршил, дахин төлөвлөлтийн 8 бүсэд орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих боломжтой боллоо. Дулааны III цахилгаан станцын 50 МВт-ын өргөтгөлийг 35 сая ам.доллараар санхүүжүүлж ашиглалтад оруулснаар 1 Квт цахилгаан үйлдвэрлэх өртөг 74 төгрөгөөс 36 болж буурлаа. Дулааны IV цахилгаан станцын 100 МВт-ын өргөтгөлийн ажлыг 57,3 сая ам.доллараар санхүүжүүлснээр тус өргөтгөл дотоодын эрчим хүчний хэрэглээний 10 хувийг дангаар хангана. Амгалангийн 348 МВт-ын дулааны станцын санхүүжилтэд зориулан 25 сая ам. доллар гаргаснаар хотын зүүн бүсийн хэрэглэгчид дулааны найдвартай эх үүсвэртэй боллоо.

Улаанбаатар хотын цахилгаан станцууд болон гэр хорооллын оршин суугчдыг нүүрсээр хангадаг гол эх үүсвэр болох Багануурын уурхайн хүчин чадлыг өргөтгөх төслийг 16,2 тэрбум төгрөгөөр санхүүжүүлснээр нүүрс бутлах, ачих хүчин чадал жилд 4,5 сая тонноор нэмэгдэж, нүүрс олборлолт 10 хувиар, хөрс хуулалт 11 хувиар өснө гэж тооцоолж байна гэж Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат хэллээ гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлж байна

Хувьцаат компанийн хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл

Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т заасны дагуу хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) нь тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу жил бүрийн 5 дугаар сарын 01–ний өдрөөс өмнө зарлан хуралдуулсан байх үүрэгтэй байдаг.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар тухайн компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх мэдээлэл, дүгнэлтийг хэлэлцэж баталдаг учир хувьцаа эзэмшигчдийн хувьд компанийхаа үйл ажиллагааны болон санхүүгийн байдал, үр ашгийн тухай мэдээлэл авах, мөн түүнчлэн компанийн ТУЗ-ийн гишүүд, гүйцэтгэх удирдлагатай нүүр тулан уулзаж асуулт асууж хариулт авах замаар хувьцаа эзэмшигчийн нийтлэг эрхээ хэрэгжүүлдэг.

Өөрөөр хэлбэл жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьд компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал нь санал өгөх эрхээ хэрэгжүүлэх, мэдээлэл авах боломжийг олгодог билээ.

Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3 болон Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх тухай журам”-ын дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж, дээрх журам болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8-д заасны дагуу нээлттэй хувьцаат компани нь хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг нийтэд нэн даруй мэдээлж, холбогдох баримт бичиг, мэдээллийг хурал хуралдуулсанаас хойш ажлын гурван өдрийн дотор Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлэх үүрэг хүлээсэн байдаг.

Өнөөдрийн байдлаар үнэт цаасны арилжааг нь зогсоосон 98 ХК-иудаас гадна хавсралтад дурдсан дараах 27 хувьцаат компанийн удирдлага хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлын материал, шийдвэрээ Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлээгүй байна.

Иймд Санхүүгийн зохицуулах хороо эдгээр хувьцаат компаниудыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа зарлан хуралдуулаагүй гэж үзэн Компанийн тухай хуулийн 59.5-д зааснаар дээрх нэр бүхий 27 ХК-ийн ТУЗ нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахаас бусад бүрэн эрхгүй болсныг үүгээр мэдээлж байна.

Компанийн тухай хуулийн 59.6-д зааснаар дээрх компаниудын ТУЗ-ийн бүрэн эрх нь дуусгавар болсон өдрөөс хойш байгуулсан гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тус компаниудын хувьцаа эзэмшигч, удирдлага, харилцагч байгууллага болон бусад холбогдох этгээдэд үүгээр анхааруулж байна.

Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулаагүй ХК-иудын жагсаалт

Хувьцаат компанийн нэр

Байршил

1

“Арбаянхангай” ХК

Архангай аймаг

2

“Номин хишиг” ХК

Баянхонгор аймаг

3

“Ингэт толгой” ХК

Булган аймаг

4

“Баян тоорой” ХК

Говь-Алтай аймаг

5

“Оргил говь-алтай” ХК

Говь-Алтай аймаг

6

“Дархан мах экспо” ХК

Дархан- Уул аймаг

7

“Дархан хөвөн” ХК

Дархан-Уул аймаг

8

“Баянталбай” ХК

Дорнод аймаг

9

“Дорнод” ХК

Дорнод аймаг

10

“Эрдэнэт зандан” ХК

Орхон аймаг

11

“Ундрага-Өмнөговь” ХК

Өмнөговь аймаг

12

“Сав шим” ХК

Өмнөговь аймаг

13

“Ноёт хайрхан” ХК

Сэлэнгэ аймаг

14

“Иж бүрэн” ХК

Сэлэнгэ аймаг

15

“Зүүнхараа өргөө” ХК

Сэлэнгэ аймаг

16

“Орхон далай” ХК

Сэлэнгэ аймаг

17

“Сэлэнгэ сүрэг”

Сэлэнгэ аймаг

18

“Төв ус” ХК

Төв аймаг

19

“Мөнхжим” ХК

Увс аймаг

20

“Их барилга” ХК

Увс аймаг

21

“Улаансан” ХК

Увс аймаг

22

“Ар тархи” ХК

Хөвсгөл аймаг

23

“Хангал” ХК

Хэнтий аймаг

24

“Эсгий гутал” ХК

Улаанбаатар Хан-Уул дүүрэг

25

“Харгиа” ХК

Улаанбаатар Хан-Уул дүүрэг

26

“Алмаас” ХК

Улаанбаатар Сонгинохайрхан дүүрэг

27

“Мон асар” ХК

Улаанбаатар Баянгол дүүрэг

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Categories
мэдээ эдийн-засаг

Рублийн ханш унасаар байна

Рублийн ханш унасаар байна. Өнөөдрийн байдлаар нэг еврог 53 рубль хүрчээ. Харин нэг ам.доллар 41 рублиэр зарагдаж байна. Ийнхүү сүүлийн нэг сарын хугацаанд Оросын үндэсний мөнгөний ханшийг унасаан Оросын Төв банкны нөөц урьд өмнө нь байгаагүй хэмжээгээр багассан аж.

Ю.Дэлгэр