Categories
мэдээ эдийн-засаг

Хөрөнгө оруулагчид Улаанбаатарт иржээ

Тавантолгой Цахилгаан Станц төслийн хөрөнгө оруулагчийг сонгох олон улсын шалгаруулалт үргэлжилж байна. Шалгаруулалтад өрсөлдөж буй Японы Marubeni корпораци, Kansai electric, Франц, Солонгосын хамтарсан GDF SUEZ & Posco Energy консерцумын багууд олон улсын шалгаруулалтын явц дундын уулзалтад оролцохоор Улаанбаатар хотод иржээ. Хөрөнгө оруулагчид өчигдөр, өнөөдөр Улаанбаатар хотод ажиллаж, шалгаруулалтад бэлтгэхэд шаардлагатай мэдээллийг авах юм байна. Үүний дараа цахилгаан станцын талбай, усны шугам, цахилгаан дамжуулах агаарын шугам зэрэг дэд бүтцийн төлөвлөсөн талбайд ажиллах аж. а Төсөлд хөрөнгө оруулах өрсөлдөөнт саналыг энэ компаниудаас ирэх оны хоёрдугаар сард хүлээн авах аж. Харин хөрөнгө оруулагчийг шалгаруулах бүхий л харилцааны ил тод, шударга байдлыг хангах үүднээс Америкт төвтэй Deloitte аудитын компани хяналт тавих юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Нефтийн үнэ таван жилийн өмнөх ханшнаас ч доош уналаа

Өнөөдөр Америкийн Нэгдсэн улсын Эрчим хүчний яамнаас тараасан мэдэгдэлд энэ жилийн дотоодын нефть олборлолт асар өндөр байлаа хэмээн дурьдсан нь тэртээ тэргүй унаж байсан нефтийн ханшийг дахиад л савалзууллаа. Хоёр хоногийн өмнө 70 ам.долларын хавьцаа түр тогтоод байсан Brent маркийн нефть дээрх мэдэгдэлийн дараа 66.95 ам. доллар болтлоо буурав. Гэхдээ даваа гаригийн төгсгөлд бага зэрэг сайжирч Лондонгийн бирж дээр 67.33 ам долларын ханштайгаар хаагдсан мэдээ цацагдаж байна.

Б.Хулан

Categories
мэдээ эдийн-засаг

Үнэт цаасны зах зээлийн бодлогын зөвлөл хуралдав

Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Үнэт цаасны зах зээлийн бодлогын зөвлөл өнгөрсөн баасан гарагт хуралдлаа. Үнэт цаасны зах зээлийг дэмжих, идэвхжүүлэх зорилгоор эрсдэл багатай бүтээгдэхүүн болох Засгийн газрын өрийн хэрэгсэл буюу бонд “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-иар дамжуулан арилжаалагдаж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан уг арилжаанд оролцох иргэд, хөрөнгө оруулагчдад зуучлагч байгууллагын асуудлыг хэлэлцэж Санхүүгийн зохицуулах хорооноос нэр бүхий 11 арилжааны банкинд олгосон. Мөн “Харилцагчийн нэрийн өмнөөс түүний даалгавраар гүйцэтгэх хөрөнгө оруулалтын бусад ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийг хүчингүй болгох нь зүйтэй тухай зөвлөмжийг гаргалаа. Санхүүгийн зохицуулах хороо уг тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоход иргэд, хөрөнгө оруулагчид өөрийн брокероор дамжуулан Засгийн газрын өрийн хэрэгслийг худалдан авах боломжтой болох юм

Categories
мэдээ эдийн-засаг

Дүүргүүдэд төсвөө хэмнэхийг үүрэг болгов

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа.
Нийслэлийн нийт дүүргүүд дээр гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх 14 хоногтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Гарсан зөрчил болон гэмт хэргийг хариуцсан ажилтнууд тухай бүр нь арга хэмжээ авч, шуурхай шийдвэрлэж ажиллажээ.
Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан сүүлийн үед тус дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг баар, ресторан болон зочид буудлуудын ойролцоо гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагатай байгаа гэдгийг хэллээ. Мөн ирэх оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн шилжүүлгийг энэ ондоо багтаж тодотгомоор байна гэлээ.
Харин Хан-Уул дүүрэгт өнгөрсөн 14 хоногт орон сууцны гадаа ил зогсоолд байрлуулсан машины цонхыг шөнийн цагаар хагалж эд зүйл хулгайлах, ялангуяа “Приус” маркийн машины толийг хулгайлах гэмт хэрэг олноор үйлдэгдэж байна. Иргэд анхаарал сэрэмжтэй байж машиндаа цүнх болон бусад эд хөрөнгийг үлдээж явахгүй байхыг анхаарууллаа.
Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар Налайх хотын дүрмийн хэлэлцүүлгийг нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтнүүд, “Ач холдинг” ХХК-ийн төлөөллийн хамт дүүргийн бүх хороодоор явж иргэдтэй уулзалт хийсэн. Мөн БНХАУ-ын CRCC төрийн өмчит компанитай Баянзүрх дүүргийн товчооноос Налайх дүүргийн чиглэлд 17.5 км авто замын ажлыг гүйцэтгэхээр яриа хэлцэл хийсэн гэлээ.
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөнөөр зарим ажлыг хугацаа алдалгүй шийдвэрлэх үүргийг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл холбогдох албаныханд өглөө. Тухайлбал, 2014 оны төсвийн тодотголыг яаралтай батлуулахыг, Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангахыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад, Худалдан авах үйл ажиллагааны холбогдох журам, нийслэлийн нутаг дэвсгэрт хяналт шалгалт явуулах заавар гаргахыг Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунд, сайжруулсан зуухны хэрэглээтэй бүсийг тогтоохыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд, нийслэлийн хэмжээнд иргэдийг нийгэмшүүлсэн сургалт зохион байгуулахыг нийслэлийн Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд, энэ сарын 20-ны дотор нийслэлийн дүүргүүд төсвөө хороон дарга нартай ярилцаж бодитой, хэмнэлт гаргасан төсөв оруулахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол, Францын худалдаа, эдийн засгийн талаар зөвлөлдөнө

Монгол, Францын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан маргааш болно. Монгол, Францын Засгийн газар хооронд хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар зөвлөлддөг гол механизм болох энэхүү ажлын хэсгийн зорилго нь хоёр талын худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын харилцааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоход оршдог. Ажлын хэсгийн хоёрдугаар хуралдааныг монголын талаас Гадаад хэргийн дэд сайд Д.Ганхуяг, францын талаас Гадаад худалдаа, аялал жуулчлал, хилийн чанад дахь Францын иргэдийн асуудал эрхэлсэн Төрийн сайд Матиас Фэкл нар даргална.

Төрийн сайд Матиас Фэкл ажлын хэсгийн хуралдааныг даргалахын сацуу Монгол Улсад ажлын айлчлал хийж, Монгол Улсын Ерөнхий сайдад бараалхан Засгийн газрын зарим гишүүдтэй уулзахаар төлөвлөж байна.

Энэ удаагийн хуралдааны үеэр Монгол, Францын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар, нэн ялангуяа хөдөө аж ахуй, дэд бүтэц, эрчим хүч, хүрээлэн буй орчны асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Гадаадын шууд хөрөнгө оруулалт 59 хувиар буурчээ

Төлбөрийн тэнцлийн гол үзүүлэлт болох урсгал тэнцэл энэ оны эхний арван сарын байдлаар 1,107.1 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Үүнээс үзэхэд, алдагдал нь өнгөрсөн оны мөн үеэс 59 хувиар буурсан хэмээн төв банкнаас мэдээлэв. Үүнд барааны гадаад худалдааны дансны алдагдал 142 хувиар буюу 1,723.6 сая ам.доллараар буурч 511.2 сая ам.долларын ашигтай гарсан нь голлон нөлөөлжээ. Мөн хөрөнгө, санхүүгийн тэнцэл 550.8 сая ам.долларын ашигтай гарсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 46 хувиар буюу 462.6 сая ам.доллараар буурсан үзүүлэлт гэнэ. Учир нь Монгол Улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалт буюу 1,028.3 сая ам.доллараар буурснаас болжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Шивээхүрэн, Гашуунсухайтын нүүрсний экспорт эрс өсчээ

Өмнөговь аймгийн Шивээхүрэн, Гашуунсухайт боомтоор 11 дүгээр сард экспортонд гарсан нүүрсний хэмжээ өнгөрөгч аравдугаар сарынхаас эрс нэмэгджээ. Аравдугаар сард Шивээхүрэнгийн боомтоор 10.812 машинаар тээвэрлэсэн 531.7 мянган тонн нүүрс гарсан байна. Харин 11 дүгээр сард 20.699 машинд ачсан 927 мянган тонн нүүрс экспортолж, бараг хоёр дахин өссөн статистик гарчээ. Гашуунсухайтын боомтоор өнгөрөгч 10 дугаар сард 7482 машин бүхий 827 мянган тонн нүүрс хил нэвтэрчээ. Энэ боомтоор 11 дүгээр сард 10 230 машин буюу нэг сая 119 мянган тонн нүүрс экспортонд гарч 26 хувиар өссөн дүн мэдээ байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Лондонд “Монголд бизнес эрхлэх нь” сэдэвт уулзалт зохион байгуулагдав

ИБУИНВУ-ын нийслэл Лондон хотноо 2014 оны 11 дүгээр сарын 26-ний өдөр уул уурхайн Англо-Американ компанийн төв байранд “Монголд бизнес эрхлэх нь” сэдэвт уулзалт болов. Монгол-Британийн Худалдааны Танхимаас зохион байгуулсан тус уулзалтад Британийн хөрөнгө оруулагчид, Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой аж ахуйн нэгжүүд, Британи дахь Монголчуудын Холбооны гишүүд, Элчин сайд Н.Тулга болон ЭСЯ-ны дипломат ажилтнууд зэрэг 100 орчим төлөөлөгчид оролцов. Тус арга хэмжээний үеэр Англо-Американ компанийн Монгол дахь төлөөлөгч Грэм Хэнкок, Сандерланд /Sunderland University/ их сургуулийн Бизнес хөгжлий менежер Жорж Хант, Чевнингийн сангийн магистрын тэтгэлэгт оюутан, бие даасан судлаач Ч. Эрдэнэдалай, Британийн Уул уурхайн тоног төхөөрөмжийн компанийн холбооны гишүүн Жэйн Айзакс, Австралийн Парламентын гишүүн асан Кэрстен Ливермур нар Монгол Улсын улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, бизнесийн орчин, боломжуудын талаар тус тус танилцуулга хийв.

Англо Американ компанийн Монгол дахь төлөөлөгч Грэм Хэнкок хийсэн танилцуулгадаа Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг байгуулахад хялбар боловч хууль эрх зүйн тогтворгүй байдал, гэрээ хэлэлцээрийг чанд мөрдөхгүй байгаа нь хөрөнгө оруулагчдад бэрхшээл үүсгэдэг тухай дурдав. Мөн тэрээр Англо Американ компани нь Монгол Улсын уул уурхайн аж үйлдвэр, бизнесийн орчны талаар мэдээ мэдээлэл авах, Засгийн газар, бизнес, иргэний нийгмийн төлөөлөлтэй харилцаа холбоо тогтоох, ирээдүйн боломжийг тодорхойлох, зэсийн хайгуулын төсөлд үнэлгээ хийх, хайгуулын тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргах бэлтгэл ажлыг хангах зэрэг ажилд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа тухайгаа ярив.

Сандерланд Их сургуулийн бизнес хөгжлийн менежер Жорж Хант Монгол улсад чанартай боловсролын хэрэгцээ шаардлага их байдаг тухай болоод түүнд хөрөнгө оруулалт ихээхэн нэмэгдэж байгаа талаар ярив. Тус сургуульд 2014 онд Монголоос 2 оюутан сурч байгаа, 2015 онд 5 оюутан сургахаар төлөвлөж байгаа юм байна. Британи Улс жилдээ 17 тэрбум фунт стерлингийн ашгийг боловсролын салбараас олдог ба жил бүр 300,000 гадаадын оюутан тус улсад суралцдаг гэв.

Бие даасан судлаач Ч.Эрдэнэдалай Монгол Улсын өнөөгийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдлын талаар өөрийн бодлоо толилуулав. Өнөөгийн эдийн засгийн бууралтын шалтгааныг 2008-2009 онуудад үүссэн нөхцөл байдалтай харьцуулан шинжилж, цаашдаа эдийн засгийн өсөлтийн хэвийн нөхцлийг хангахад засаглалын тогтвортой байдал чухал байгааг онцлов.

Британийн Уул уурхайн тоног төхөөрөмжийн компанийн холбооны гишүүн Жэйн Айзакс нь Монгол Улсад 2014 оны 4 дүгээр сард зохион байгуулсан “Mongolia Mining-2014” олон улсын үзэсгэлэнд оролцож, тэнд ажил хэргийн харилцаа холбоо тогтоох, мэдээ мэдээлэл авах, цаашдын бизнес боломжийг тодорхойлох зэрэг зорилготой байсан тухайгаа ярив. Британийн Уул уурхайн тоног төхөөрөмжийн компанийн холбоо нь 1978 онд байгуулагдсан ба тус холбооны гишүүд болох 32 компани нь жилд 1 тэрбум фунт стерлингийн уул уурхайн тоног төхөөрөмжийг экспортлодог байна.

Хэдийгээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт удааширч, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ үлэмж буурсан ч эрдэс, ашигт малтмалын арвин их баялагтай Монгол Улсад бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт хийх, харилцан ашигтай ажиллах боломж их байгааг Британийн компанийн төлөөлөгчид онцлов.

Categories
мэдээ эдийн-засаг

Швейцарьчууд алт худалдан авахыг дэмжсэнгүй

Швейцарийн алт худалдан авах Засгийн газрын санаачлагыг иргэд нь дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн байна. Ням гарагт болсон санал асуулгаар нийт оролцогчдын 77 хувь нь эсрэг санал өгчээ. Швейцарь улс 520 тэрбум ам.долларын валютын нөөцийнхөө 20 хувийг алт болгох саналыг дэвшүүлсэн ч ийнхүү хэрэгжих боломжгүй болж байгаа аж. Швейцарийн Төв банкны удирдлага уг шийдвэрт сэтгэл хангалуун байгаа гэнэ. Хэрвээ байдал эсрэгээрээ эргэсэн бол алтны үнийг цаашид тогтворжуулахад хүндрэл учирна гэж мөнгөний бодлого тодорхойлогчид нь үзэж байгаа юм. Алт худалдаж авах нь урт хугацаандаа олон улсын харилцаанд сөргөөр нөлөөлөхөөс гадна эдийн засгийн өсөлтийг бууруулна гэж санал асуулгад оролцогчид үзсэн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Солонгосын вон юань руу хөрвөдөг болов

Солонгосын мөнгөн тэмдэгт ам.доллар, иен, евро зэрэг валютын эгнээнд элсч байгаа аж. Вонтой шууд хөрвөдөг болсноор юань дэлхийн хоёр дахь хамгийн сайн хөрвөдөг валют болж байна. “Goldman Sachs” өмнө нь энэ арилжааг воны ам.доллартай харьцах ханшид сөргөөр нөлөөлнө гэж үзэж байсан юм. Мөн үүнээс гадна Өмнөд Солонгосыг чиглэх ам.долларын урсгалыг татрахад гол буруутан болно гэж тооцоолж байсан билээ. Учир нь вон юаньтай шууд хөрвөдөг болсноор Өмнөд Солонгосыг чиглэх юанийн хөрөнгө оруулалт нэмэгдэхээс гадна Хятадыг чиглэх экспорт нэмэгдэх төлөвтэй гэж шинжээчид анхааруулж байв. Хоёр орны худалдаанаас Өмнөд Солонгосын тал энэ оны эхний зургаан сард 24 тэрбум ам.долларын ашиг хүртсэн байна. Үүний нийт төлбөрийн дөнгөж 0.3 хувийг нь юаниар гүйцэтгэжээ.