Categories
мэдээ эдийн-засаг

Буриадын сэтгүүлчид парламентын үйл ажиллагаатай танилцлаа

Буриадын сэтгүүлчдийн төлөөлөл Төрийн ордонд зочилж, парламентын үйл ажиллагаатай танилцлаа.


Мөн энэ үеэр Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтнуудтай уулзаж, санал солилцон, харилцан туршлагаасаа хуваалцсан юм. Буриадын сэтгүүлчид Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааны талаар болон парламентын мэдээ, мэдээллийг хэрхэн олон нийтэд сурталчилдаг, хэвлэл мэдээллийн хэдэн сэтгүүлч Төрийн ордонд үйл ажиллагаа явуулдаг тухай сонирхож дэлгэрэнгүй мэдээлэл авав. Уулзалт ярилцлагын дараа сэтгүүлчдийн төлөөлөл парламентын сэтгүүлчдийн өрөө, Төрийн ордонтой танилцаж дурсгалын зураг авахуулав.

Уулзалтад “Московский Комсомолец” сонины сэтгүүлч Татьяна Никитина, “Завинфо.ru” сайтын сэтгүүлч Б.А.Анатольевич нарын 11 сэтгүүлч, Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батханд болон хэлтсийн ажилтнууд оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Сэргээгдэх эрчим хүчний олон улсын хурал Монголд болно

“АСЕМ: Монгол Улс – Сэргээгдэх эрчим хүчний өлгий нутаг” олон улсын хурал 2015 оны тавдугаар сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох гэж байгаатай холбогдуулан өнөөдөр Гадаад хэргийн Яаман дээр Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатар хэвлэлийн бага хурал хийлээ.

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад 2012 онд болсон АСЕМ-ын дээд хэмжээний IX чуулганы үеэр Ази-Европын удирдагчид “Бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад шинэ болон сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг хөгжүүлэх мэдээлэл, туршлага солилцож, судалгаа шинжилгээний замаар эрчим хүчний хүртээмж, эрчим хүчний шинэ төрлийг дэмжих, эрчим хүчний үр ашиг, хэмнэлтийг сайжруулах, ялангуяа хөгжиж буй орнуудад өртөг багатай, байгаль орчинд ээлтэй техник, технолог ашиглахыг дэмжиж ажиллахаа илэрхийлэн, шинэ болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, техник, технологийг сайжруулан ашиглахад Засгийн газар, хувийн хэвшил, бүс нутгийн болон олон улсын байгууллагуудын оролцооны ач холбогдолыг тодотгосон” юм.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсад 2013 оны арваннэгдүгээр сард болсон АСЕМ-ын Гадаад хэргийн сайд нарын XI уулзалтын үеэр энэ асуудлыг дахин хэлэлцсэн билээ.
АСЕМ-ын гишүүдын баталсан хамтын ажиллагааны санаачлагуудад Сэргээгдэх эрчим хүч, түүний бодлого, стратеги, сөрөг нөлөөллийг бууруулах, дасан зохицох, санхүүжүүлэх, технологийн шинэчлэлүүд орсон.

Бельги Улсын Брюссэль хотноо 2014 оны дөрөвдүгээр сард болсон Ази-Европын орнуудын Ахлах албан тушаалтнуудын уулзалтын үеэр Монгол Улсыг төлөөлөн оролцсон Ахлах албан тушаалтан Сэргээгдэх эрчим хүчний хурал олон улсын хурлыг Монгол Улсад зохион байгуулах санал тавьсан юм. Үүний дагуу 2015 оны тавдугаар сарын 22-23 өдрүүдэд “АСЕМ: Монгол Улс – Сэргээгдэх эрчим хүчний өлгий нутаг” хурал Улаанбаатар хотноо болох гэж байна.

Хуралд Ази-Европын уулзалтын гишүүн болон бусад улс орны нийм 100 орчим албан ёсны төлөөлөгч, мэргэжилтэн, эрдэмтэд оролцоно.
Энэ хурлын зорилго нь гишүүн улс орнуудын сэргээгдэх эрчим хүчний мэргэжилтэн, албан тушаалтнууд мэдлэг, туршлагаа харилцан солилцож, Ази-Европын орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, арга замын талаар хэлэлцэж, судалгаа шинжилгээний шинэ орчинг бүрдүүлэхэд оршиж байгаа юм. Энэ хүрээнд:
• Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль эрх зүйн болон зохицуулалтын орчныг сайжруулах үүднээс Засгийн газар, холбогдох оролцогч талууд болон олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх;
• Ази-Европын орнуудын сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг үнэлэх; Монгол Улс гишүүн улсуудтай сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах хэрэгцээ, үр ашгийг тодотгох;
• Хөгжиж буй улс орнуудын сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг хөгжүүлэхэд тулгарсан асуудал, бэрхшээлүүд болон боломжуудыг хянаж шинжлэх; үндэсний, дэд бүс нутгийн, бүс нутгийн түвшинд бодлого боловсруулах, стратегийн зохицуулалтыг дэмжих зөвлөмжийн талаар тус тус хэлэлцэх юм.

“АСЕМ: Монгол Улс – Сэргээгдэх эрчим хүчний өлгий нутаг” олон улсын хурлыг
Эрчим хүчний яам, Гадаад хэргийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам хамтран зохион байгуулах юм.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

“Бритиш газ”-ын дэлхийд өгсөн гэгээтэй мессэж

Английн “Бритиш газ” компани Монголд хөрөнгө оруулахаар болсон нь сүүлийн үед дуулдсан өөдрөг мэдээбайлаа. Газрын тосны салбарт анх удаа барууны том компани орж ирж байгаа нь энэ. Хөрөнгө оруулагчдын нүүр буруулаад буй Азийн Монголд барууны дэлхийд танигдсан акул компани орж ирж буй нь яах аргагүй том олз. Оюу толгой хөдөлнө гэсэн эерэг сураг хүчтэй байгаа энэ үед хөрөнгө оруулагчдын хувьд анхаарч сонссонсайн мэдээний нэг мөнөөсөө мөн.Цэнхэр гаригийн мөнгөтэй эрхмүүдэдөгч буй гэгээтэймэссэж гэж онцолж болохоор үйл явдал. Дэлхийн 23 оронд ажилладаг, 5200 ажилтантай аварга нэгдэл Монголд хөрөнгө оруулах сонголт хийнэ гэдэг гадаадын шууд хөрөнгө оруулалт тасарчихаад буй энэ үед хөрөнгө оруулагчдад өгч байгааөөдрөг дохио гэхээс аргагүй.

“Бритиш газ”-ын хувьд сүүлийн арван жилд өндөр эрсдэлтэй 15 төсөл дээр ажилласны 14-ийг нь амжилттай хэрэгжүүлсэн. Ер нь өндөр эрсдэлтэй төслүүдийг амжилтад хүргэдгээрээ дэлхийд танигдсан групп л дээ. Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Манай улсын энэ төсөлгеологийн тогтоцын хувьд эрсдэлтэй. Арабын орон болон далай дор байдаг шиг том бассейн байхгүй” гэж зүгээр ч нэг тодотгоогүй. “Бритиш газ”-ын хайгуул хийх талбай геологийн тогтоц талаасаа амар биш гэдгийг газрын тосны салбарынхан онцолдог. Эрсдэлтэй төслийг амжилтад хүргэдгээрээ алдартайАнглийн компанийн хувьд Монголд хэрэгжүүлэх төсөл дээрээ ч өндөр итгэлтэй орж ирсэн нь тодорхой. Тэгэхээр Монголд газрын тосны өөр нэг том төсөл хэрэгжиж эхэлнэ гээд дүгнэчихэд болохгүй юмгүй.

Монголд хөрөнгө оруулах нь тодорхой болсон тус групп “Сентрал Азиан петролиум корпорэйшн” компанитай хэлэлцээ хийж, газрын тосны хайгуулын хоёр талбайг эзэмших юм. Засгийн газар саяхан “Сентрал Азиан петролиум корпорэйшн”-ий гэрээгээр хүлээсэн эрх үүргийг “Бритиш газ”-д шилжүүлээд байгаа. Тодруулж хэлбэл Богд-IV, Онги-V талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээний гэрээлэгчийн хүлээсэн эрх, үүргийн 78 хувийг “Бритиш газ Монголиа холдингс лимитед”, 22 хувийг “Сентрал азиан петролеум корпорэйшн” ХХК эзэмшинэ. Богд-IV, Онги-V гэдэг нь Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор аймгийн урд талын арав орчим сумыг хамарсан хоёр том блок. Эндээс газрын тос олдоод олборлож эхэллээ гэхэд Монголын төр засаг бүтээгдэхүүн хуваах гэрээгээр 47 хувийг нь авна. Бүтээгдэхүүн хуваах гэрээг энгийнээр хайгуулд засгаас ямар ч мөнгө гаргахгүй, хайгаад газрын тос олдохгүй бол зөвхөн компаниэрсдлээ хүлээнэ, харин газрын тос олдож, олборлолт явуулаад эхэлбэл засагтайбүтээгдэхүүнээ хуваана гээд тайлбарлачихаж болно.

Энэ талбайнууд багагүй нөөцтэй байж магадгүй нь хайгуул хийсэн компанийн өнгөрсөн жил өгсөн мэдээллээс тодорхой харагддаг. 2D чичирхийллийн судалгааны таамгаар Богд IV талбайд60-100 сая баррель газрын тос, Онги V талбайд22-24 сая баррель газрын тос нөөц байх магадлалтай хэмээн компанийн зүгээс мэдээлж байсан юм.2D чичирхийллийн судалгаагэдэг нь газрын тосны нөөц байж болох талбай байгаа гэдгийг харуулах зорилготой судалгаа. Газрын тос байгаа эсэхийг өрөмдөж байж мэдэх боломжтой гэсэн үг.

Өмнө нь энэ хоёр талбайд 19 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн, хайгуулд гэхэд л 17 сая ам.доллар зарсан гэсэн тооцоо бий. Газрын тосны хайгуул их хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан эрсдэлтэй ажил гэдгийг энэ тооноос харж болно. “Бритиш газ”-ын хувьд хайгуулдбагагүй хөрөнгө зарна.“Сентрал Азиан петролиум корпорэйшн”-ий хувьдэдийн засаг таагүй хэвээр үргэлжилж буй ийм үед хайгуул, судалгааны ажлаа үргэлжлүүлэх хөрөнгө мөнгө босгоход амар байгаагүй нь ойлгомжтой. Өнгөрсөн жил батлагдсан Газрын тосны хуульхөрөнгө оруулагчдын Монголд мөнгөө оруулах сонирхлыг нэмэгдүүлсэн учраас“Бритиш газ”, “Chevron”, “Anadarko” зэрэг газрын тосны томоохон компаниудтай хамтран ажиллах яриаг хэлэлцээ өрнүүлж эхэлсэн байдаг.Эцэст нь“Бритиш газ”-тай хамтрах фармаут гэрээ байгуулсан юм. Гэрээ ёсоор Монголд 28 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ. Энэ онд 13.6 сая ам.долларыг хайгуулд зарна. Харин ирэх жил 13 сая ам.доллар орж ирнэ. Засгийн газарт төлөх төлбөрт гэхэд л 1.4 сая ам.доллар зарах тооцоо гарчихаад байгаа юм билээ.

Хөрөнгө оруулалтын урсгал хасахтай гарч буй таагүй үед ам.долларын урсгал газрын тосны салбарт л дажгүй байгааг нотолсон өөр жишээ ч байна. Засгийн газар “Бритиш газ”-аас гаднаУвс-I, Хэрлэн тохой-XXVIII гэсэн талбайнуудад бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах шийдвэр гаргасан. Энэ талбайнуудад “Увс петролиум”,“Хонгконг велпек” компани хөрөнгө оруулна. Найман жилийн хайгуул, олборлолтод Увс-I дээр гэхэд л 847 сая ам.доллар, Хэрлэн тохой-XXVII дээр 81 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ.

Дэлхийд эрсдэл өндөртэй гэдгийг нь хүлээн зөвшөөрдөг газрын тосны салбарт энэ мэт том хөрөнгө оруулалт орж ирэх боломж уг нь бол бий. Эрсдэл өндөртэй, өчнөөн хугацаа зарж байж сая нэг бүтээгдэхүүнээ гаргаж, дэлхийн зах зээлд нийлүүлдэг салбар гэдгийг нь ганцжишээгээр нотолъё. Тамсагийн сав газрын гэрээг “Соко интернэшнл” компани 1993 онд хийж байж. Үүнээс хойш таван жилийн дараа анхны тос гарчбагахан олборлолт хийж эхэлсэн байдаг. Хэзээ хойно 2005 онд “Петро Чайна”-д гэрээний эрх үүргээ зуун хувь шилжүүлсэн баримт бий. Энэ үеэс хойш арван жилийн хугацаанд 2.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж байж үйлдвэрлэлийн олборлолтын хэмжээнд ирсэн, хоёр жилийн дараа олборлолтоо 1.7 сая тоннд хүргэхээр төлөвлөсөн гэхээр газрын тос гэдэг өчнөөн хугацаа, хөрөнгө мөнгө зарж байж амжилтад хүрдэг салбар болох нь харагдана.Тэгэхээр ийм өндөр эрсдэлтэй салбарт нэгэнт ороод ирсэн хөрөнгө оруулалтаа үргээчихгүйхэн шиг дэмжээд явмаар байна. Нэг зүйлийг онцлоход эх орончид барууны хөрөнгө оруулагчдад яагаад ч юм хачин дургүй. Хайгуул хийхээр өрмөө зоонгуут л нутгийнх нь хэдэн хүнийг авч очоод хэл үг гаргадаг жишигтөдийгөөс өдий хүртэл үйлчилсээр байгаа.Хэд хэдэн төсөл дээр жишээ авч онцолж болно. “Бритиш газ” дээр ийм хандлага битгий л давтагдаасай.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт хэцүүхэн байдалд орсныг хэдэн тоогоор нотолъё. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал оны эхний улиралд хасах 72 сая ам.доллар байж. Түрүү жилийн эхний улиралд энэ тоо нэмэх 294 сая ам.доллар байсан гэхээр богино хугацаанд хэр эрчтэй уруудсаныг харж болно. Дэлхийн банк зэрэг олон улсын банк санхүүгийн байгууллагынхан “Гадаадын шууд хөрөнгө оруулалтын үргэлжилсэн уналт төлбөрийн тэнцэлд дарамт нэмсээр байна шүү, эдийн засгаа дажгүй байлгая гэвэл хөрөнгө оруулалтын урсгалаа нэмэхэд анхаараарай” гэсэн зөвлөгөөг өгч эхлээд байна. Ямартай ч барууны том компани газрын тосны салбарт ороод ирлээ. Энэ харилцаа урт удаан хугацаанд амжилттай өрнөвөл“Бритиш газ” шиг томчууд нэг биш хэд хэдээрээ ч орж ирэх боломжтой.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ эдийн-засаг

Оюутолгойг хөдөлгөлөө

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын нэгдсэн Эмират Улсад албан ёсны ажлын айчлал хийж байгаа билээ. Энэ үеэр “Эрдэнэс MGL” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан мөн “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Д.Ганболд, “Оюу толгой” ХХК-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй нар Оюутолгойн “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд өнөөдөр гарын үсэг зурлаа.

Энэ талаар хэвлэлийн албан мэдээнд “Оюу толгой” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох Монгол Улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэснийг тус компани талархан хүлээн авч байна. Энэхүү төлөвлөгөөнд далд уурхайн бүтээн байгуулалтын чиглэлээр хийгдэх ажлуудыг тохиролцсоны дотор төслийн санхүүжилтийг эцэслэх, техник эдийн засгийн үндэслэлийг дахин хянах, батлуулах, шаардлагатай бүх зөвшөөрлийг авахад тус тус голлон төвлөрч ажиллах ба ингэснээр далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн явуулах нөхцөл бүрдэнэ”гэсэн байна. Харин энэ талаар “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн дарга Г.Батсүх “Хувьцаа эзэмшигчдийн гаргасан энэхүү шийдвэр нь Оюу олгойтой холбоотой бүх талуудад нэн таатай үйл явдал болж байна. Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто компанийн хэлэлцээрийн багуудад мэргэжлийн өндөр ур чадвар, тэсвэр тэвчээр, харилцан хүндэтгэл гарган ажиллаж, энэхүү шийдэлд хүрсэнд нь талархал илэрхийлэхийг хүсч байна. Оюутолгой төсөл, түүний хувь нийлүүлэгчид төдийгүй Монголын ард түмний хувьд энэ нь бахархалт мөч бөгөөд ТУЗ-ийн нэрийн өмнөөс бүх талуудад баяр хүргэж байна” гэжээ.

Харин “Оюутолгой” компанийн ерөнхийлөгч Эндрью Вүдлэй “Оюу толгойн хувьцаа эзэмшигчид шийдвэрлэгдээгүй байсан асуудлуудаа эцэслэн тохирч, далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн явдалд сэтгэл хангалуун байна. Ингэснээр газрын гүнд байрлаж буй, дэлхийд томоохонд тооцогдох зэс-алтны ордыг ашиглах бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх бололцоо бүрдэж байна. Өнөөдөр ил уурхайн үйл ажиллагаа аюул осолгүй, үр бүтээмжтэй явагдаж байна. Цаашид ч аюулгүй ажиллагаа бидний нэн тэргүүний чиглэл хэвээр байх болно. Бид урт хугацааны бизнесийн бат бэх үндэс суурь бүрдүүлэхийн зэрэгцээ үйлдэврлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны суурь зардлыг бууруулахад үргэлжлүүлэн анхаарч ажиллана” гэдгээ илэрхийлжээ.

Ийнхүү 2013 оноос хойш зогссон Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхлэхээр болж байна. Тус зэс, алтны ордын 80 хувийг далд уурхайгаас олборлох тооцоо байгаа юм. Ил уурхайн олборлолт хэвийн явагдаж байгаа бөгөөд өнгөрсөн оноос тус компани зэсээ экспортод гаргаж эхэлсэн байдаг. Энэхүү бүтээн байгуулалтад нийтдээ дөрвөн тэрбум ам. доллар хэрэгтэй байгаа бөгөөд үүнийг Дэлхийн банк болон гадаадын томоохон арилжааны банкуудаас зээлэх юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Энэтхэгээс 1 тэрбум ам.долларын зээл авна

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал өнөөдөр эхэллээ.

Түүнийг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Чингисийн талбайд угтаж, хүндэт харуул жагссан юм. Хоёр улсын харилцаанд шашин, хүмүүнлэгийн салбар чухал байр суурь эзэлдэг. Энэ ч утгаараа Энэтхэгийн Ерөнхий сайд айлчлалынхаа хүрээнд хамгийн түрүүнд Гандантэгчинлэн хийдэд зочилж, Бодь модны суулгац бэлэглэсэн байна.

Айчлалын хүрээнд соёл, хүмүүнлэг, батлан хамгаалах, эрүүл мэнд, боловсролын чиглэлд хэд хэдэн санамж бичиг, хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Хоёр улсын Ерөнхий сайд Монгол Энэтхэгийн стратегийн түншлэлийн тухай хамтарсан мэдэгдэл зурлаа. Мөн энэ үеэр Монгол Улсын Гадаад хэргийн яам, Бүгд найрамдах Энэтхэг улсынГадаад хэргийн яам хооронд хамтран ажиллах тухай, Ялтан шилжүүлэх тухай хоёр улсын хооронд санамж бичиг байгуулах тухай, Агаарын харилцааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Соёлын салбарт 2015-2018 он хүртэл хамтран ажиллах тухай санамж бичиг, Монгол, Энэтхэгийн хамтарсан сургууль байгуулах тухай, Уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллах тухай, Кибер аюулгүй байдлын сургалтын төв байгуулах тухай, Малын эрүүл мэнд, сүүний чиглэлээр хамтран ажиллах тухай, Сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг, Монгол Улсын ҮАБЗ, Энэтхэг улсын ҮАБЗ хоорондын хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг, Хил хамгаалал, хилийн дэглэм сахиулах тухай, Хавдар судлалын Үндэсний төв, Энэтхэгийн Тата момера төв хоорондын хамтын ажиллагааны тухай санамж бичгүүдэд тус тус гарын үсэг зурлаа. Мөн хоёр 2016-2020 он хүртэл хамтран ажиллах Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй албан ёсны хэлэлцээ хийснийхээ дараа хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өгсөн юм.

Иж бүрэн түншлэлээ стратегийн түншлэл болгож ахиулна

Мэдээллийн эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Монгол Улсын гурав дахь хөрш, оюун санааны хөрш айлчилж байгаад баяртай байна. Энэ онд 60 жилийн ой тохиож байгааг их бэлэгшээж байна. Манай хоёр орны харилцааны түүхэнд анх удаа Ерөнхий сайд Монголд айлчилж байгааг онцгойлон тэмдэглэхийг хүсч байна. Өнөөдөр Энэтхэгийн Ерөнхий сайдтай хоёр орны харилцаа хамтын ажиллагаа, олон улсын бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллах боломжийн талаар яриа хэлэлцээ хийж, амжилттай боллоо. цаашдаа хоёр улсын хоорондын иж бүрэн түншлэлийг дээшлүүлж, Стратегийн түвшинд хамтран ажиллах, хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулах, төр хувийн хэвшлийн зарчмаар хамтран ажиллаж хөрөнгө оруулахаар боллоо. Мөн хөдөө аж ахуйн салбарт хамтарч, сүү сүүн бүтээгдэхүүнийг эрүүлжүүлэх, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллахаар тогтлоо. Айчлалын хүрээнд Энэтхэг улсаас нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугам нээхээр болсон. Өнөөдөр гарын үсэг зурсан баримт бичгүүд хамтран ажиллах шинэ боломжийг нээж өгч байна. Хоёр улсын цаашдын харилцаа Монголчуудад бэлэглэсэн бурханы бодь мод шиг дэвжиж байхын ерөөлийг дэвшүүлье” гэсэн юм.

Харин Бүгд найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди “Энэ удаагийн айлчлал Монгол Улсын ардчилсан хувсгалын 25, хоёр орны хоородн диплоамат харилцаа тогтоосны 60 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог. Өнөөдөр Монгол Улсын парламентын хүндэтгэлийн чуулганд үг хэлэх болсондоо баяртай байна. Минйи бие өнөө өглөө Гандантэгчинлэн хийдэд зочилж бодь мод бэлэглэсэн нь хоёр орны найрсаг харилцааг илтгэж байгаа юм. Биднийг оюун санааны гурав дахь хөрш гэж үзэж байгаад баяртай байна. Монгол Улс Зүүн Азийн бодлогын, Энэтхэгийн бодлогын нэг хэсэг болж байна. Энэтхэг, Монгол Азид нэг зорилготой. Энх тайвныг сахиулахад хоёр улс хамтран ажиллаж чадна. Би Энэтхэгийн Ерөнхий сайдын хувиар энэ бүс нутагт хүлээж байгаа үүрэг хариуцлагынхаа хүрээнд Монгол Улсад айлчилж байна. Өнөөдөр хоёр талын гарын үсэг зурсан баримт бичгүүд нь хоёр улсын харилцааны цар хүрээг харуулж байна. Бид эдийн засгийн харилцаагаа шинэ түвшинд гаргах бүрэн боломж бий. Энэ хүрээнд нэг тэрбум ам.долларын зээлийн шугам нээж байгаагаа мэдэгдэж байна. Энэ зээл Монгол Улсын дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалтад зарцуулагдах юм. Цаашдаа Энэтхэг суралцах оюутны тоог 150-200 болгож, Монгол Энэтхэгийн хамтарсан сургууль байгуулна. Мөн Аюулгүй байдлын салбарт ихээхэн ач холбогдол өгч, хилийн аюулгүй байдал,кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана. Батлан хамгаалахын түвшинд кибер аюулгүй байдлын төв байгуулна. Худалдаа хөрөнгө оруулалт хэвийн байгаа ч тодорхой хязгаарлалт байна. Тиймээс шинэ боломжийг нээж ажиллахаар тохиролцлоо.

Манай хоёр орон энхийн зорилгоор цөмийн энерги ашиглах чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байна. Бид олон улсын тавцан дахь хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгдөг. Энэ талаараа Ерөнхий сайдад хэлсэн. Энэ бол бидний хамтын ажиллагааны суурийг бий болгож өгч байна. Бид цаашдаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн төлөө иж бүрэн түншлэлээ стратегийн түншлэл болгон ахиулж, найрсаг харилцааныхаа баримт бичгийг шинэчлэн байгуулахаар боллоо. Одоо бидний харилцаа шинэ эрин үе гарч байна гэдэг итгэлтэй байна” гэлээ.

Монгол, Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн босгон дээр болж буй Ерөнхий сайдын түвшний анхны айлчлалд хоёр тал ихээхэн ач холбогдол өгч байна. Хэдийгээр амралтын өдөр тохиож байгаа ч өнөөдөр УИХ-ын Хүндэтгэлийн чуулган хуралдаж, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди үг хэлнэ. Дараа нь Хавдар судлалын үндэсний төвд эмнэлгийн тоног төхөөрөмж гардуулах, ШУТИС-ийн хичлээлийн 5-р байранд Outsourcing center-ийн шав тавих ёслолын ажиллагаанд тус тус оролцоно.

Монгол Улсад анх удаагаа ирж буй Нарендра Моди Чингисийн хүрээ цогцолборт Бэсрэг наадам сонирхож, Буянт-Ухаа дахь спортын ордонд Монгол-Энэтхэгийн хамтын нийгэмлэгийнхэнтэй уулзалт хийснээр албан ёсны арга хэмжээ өндөрлөнө. Ази дахь айлчлалаа БНХАУ-аас эхэлсэн тэрбээр маргааш БНСУ-д айлчлахаар хүлгийн жолоо залах юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Ашигтай төсөлд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлэв

МХБ, Үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудтай хамтран жижиг дунд бизнес эрхлэгчдийг Хөрөнгийн зах зээлд гаргах олон ажлуудыг зохион байгуулж байгаа билээ.

Өнгөрсөн хугацаанд бизнес эрхлэгчдэд Хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох, үнэт цаас гаргах тухай мэргэжлийн зөвлөмж өгөх зорилго бүхий сургалт семинарыг зохион байгуулж, үнэт цаас гаргах сонирхол бүхий компаниудыг МХБ-ийн гишүүн андеррайтерийн компаниудтай холбож, үнэт цаас гаргах бэлтгэл ажлыг эхлүүлээд байгаа юм.

5-р сарын 13-ны өдөр Монголын хөрөнгийн бирж өөрийн гишүүн Тэнгэр капитал, Дэү Секьюритис Монгол, Эс Жи Капитал, Капитал маркет корпораци, Гацуурт трейд, Азиа Пасифик секьюритис зэрэг андеррайтерийн компаниудтай хамтран үнэт цаас гаргах бэлтгэл ажлын талаар уулзалт, хэлэлцүүлэг хийлээ.

Уулзалтын үеэр Монголын хөрөнгийн бирж өөрийн бодлого чиглэлийг танилцуулж, үнэт цаас гаргагчдыг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн бол андеррайтерийн компаниудын зүгээс хөрөнгө оруулагчид ашигтай төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулах сонирхол их байгааг тэмдэглэж, үнэт цаас гаргах бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, харилцан мэдээлэл солилцож шуурхай ажиллах тал дээр санал нэгдлээ.

Categories
мэдээ эдийн-засаг

”Хөрөнгө оруулалт 2015” уулзалт Бээжин хотод эхэллээ

Нийслэлийн ИТХ, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Бээжин дэх Монгол Улсын Элчин сайдын яам, Бээжин хотын Ардын Засгийн газар хамтран “Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлт ба хөрөнгө оруулалт 2015” уулзалтыг Бээжин хотод зохион байгуулж байна. Уулзалтад НИТХ-ын дарга Д.Баттулга, Монгол Улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд Элчин сайд Ц.Сүхбаатар, Бээжин хотын орлогч дарга Чэн Гань, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С. Очирбат болон НИТХ-ийн төлөөлөгчид оролцож байна.

Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийг дэмжих, хамтран ажиллах түнш, хөрөнгө оруулагчдыг татах зорилго бүхий уг уулзалтад Монголын талаас 29 аж ахуйн нэгжийн 60 гаруй, БНХАУ-ын Төрийн болон хувийн хэвшлийн 30 гаруй компанийн 60 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм. Уулзалтыг Монгол Улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Ц.Сүхбаатар нээж үг хэллээ. Тэрээр уулзалтад оролцогчдод баяр хүргэж, амжилт хүсээд, өнөөдрийн уулзалтаар түншээ олох, хамтран ажиллахад Элчин сайдын яам бүх талаар туслах болно гэдгээ илэрхийлсэн юм.

Мөн НИТХ-ын дарга Д.Баттулга “Улаанбаатар хотын Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхэд инженерийн болон нийгмийн дэд бүтцийн асуудлыг нийслэлээс шийдэж байна. Цаашид борлуулалт болон бусад асуудалд байж болох бүх хэлбэрээр дэмжлэг үзүүлж, хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлэх боломжийг ханган ажиллана” гэлээ.

Бээжин хотын орлогч дарга ноён Чэн Гань “Улаанбаатар хот бол дэлхийн хурдтай хөгжиж буй хотуудын нэг. Хөрөнгө оруулалтын сайн орчин, боломж байгаа гэж би бодож байна. Энэ уулзалтад оролцож байгаа манай компаниуд Бээжин болоод бусад хотын дахин төлөвлөлтөд ажилласан туршлагатай компаниуд. Тиймээс Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамтран чин сэтгэлээсээ, хүчин чармайлттай, чанарыг эрхэмлэж оролцоорой гэж би хүсч байна” гэв. Уулзалт нийслэлийн Засаг даргын хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатын танилцуулгаар үргэлжилж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголд хагас тэрбум ам.доллар орж ирлээ

ххб

Худалдаа хөгжлийн банкнаас бонд гаргаж ам.доллар оруулж ирсэн байна. Гаргасан бонд нь 500 сая ам.доллартай тэнцэнэ хэмээн албаныхан мэдээллээд байгаа. Засгийн газрын үнэт цаасыг арилжааны банкууд худалдаж авснаар өнөөдөр банкуудад 800 сая ам.долларын үнэ бүхий үнэт цаас бий. Энэ нь Засгийн газрын баталгаатай бонд бөгөөд Худалдаа хөгжлийн банк 500 сая ам.долларыг нь мөнгө болгосон төдийгүй дахин 300 сая ам.доллар гаднаас оруулж ирэх боломжтой юм байна. Ингэснээр монголын зах зээлд хагас тэрбум ам.доллар орж ирнэ гэсэн үг юм. Энэ нь ам.долларын ханш суларч, төгрөгийн ханш чангарах эерэг үр дүнг авчрах хүлээлттэй байгааг эх сурвалж мэдээлжээ. Одоогийн байдлаар ам.доллар 1948-1955 төгрөгийн хооронд зарагдаж байгаа. Худалдаа хөгжлийн банк 2012 оны 9-р сард 300 сая ам.долларын бондыг олон улсын бондын зах зээлд гаргаж байсан юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Банкны шимтгэл, хураамж ялгаатай юу?

Банкуудшимтгэл, хураамж авч байна гэх шүүмжлэл бий. Энэ шүүмжлэлд эргэж харахаар хэд хэдэн өнцөг байна. Шимтгэл авах зайлшгүй шалтгаанууд байгаа гэсэн үг л дээ.Гадаадын банкуудын хувьд шимтгэл, хураамж гэдэгүйл ажиллагааныхаа өртөг зардлыг нөхөх нэг хэлбэр байдаг. Энэ талаар өч­нөөн жишээ дурдаж болно. Гадны улсуудад хүүг зарласан болон бодит хүү гэж ангилдаг, бодит өртгийг зарласан хүү дээр шимтгэлээ нэмээд гаргаж ирдэг жишиг бий. Асуудлыг илүү өргөн хүрээнд харъя. Манайулстай адилхан чөлөөт зах зээлийн эдийн засгийн тогтолцоотой бүх л улсад шимтгэл ху­раамж авдаг. Монгол шиг эдийн засаг, нийгмийн тог­толцоотой барууны аль ч улсад очсон хэн ч тодорхой шалгуур, шалгаруулалттай үйлчилгээтэй тулгарчбайдаг. Монгол Улсын Засгийн газар гаднаас мөнгө зээлж, хөрөнгө татахдаа ч зээлийн шимтгэл төлдөг.

Үйлчилгээний байгуул­лагууд харилцагч, үйлчлүү­лэгчдээ өөртөө татах нь зүйн хэрэг. Нэг хэсэг нь ямарч шалгуур нөхцөл тавилгүй, манай бүтээгдэхүүн, үйл­чилгээ хүссэн бүхэнд нээлт­тэй гэцгээдэг.Ресторан, дэлгүүр, үсчин гээд үйл­чилгээний газруудыг хэ­лээд байна л даа. Нөгөө хэ­сэг нь харилцагчдадаа тодор­хой шалгуур тавьдаг, харилцагчдаа сонгодог бүтээгдэхүүн үйчилгээ үзүүлэгчид. Тодруулж хэлбэл арилжааны банк, санхүүгийн байгууллагууд, их дээд сургууль, коллеж, тендерээр бараа, ажил үйлчилгээ авах байгууллагууд харилцагчдаа сонгож үйлчилдэг. Сая дурдсан байгууллагуудын хувьд үйлчилгээг нь авахыг хүссэн хүн л хураамж төлж анкет, баримтыг нь авдаг. Жишээ нь, арилжааны банкууд манайхаас зээл аваач гэж үйлчлүүлэгчээс хүсч, ирэнгүүт нь зээл гаргаад өгдөггүй гэсэн үг. Зээл хэлбэрээр гаргах мөнгөө эргэж авах батал­гаатай хүнд өгөхийн тулд тодорхой шалгуур тавьж таарна. Банкууд хүлээж авсан хураамжаа юунд зарцуулдаг вэ гэсэн асуулт хар дагуулдаг нь нууц биш. Тэгвэл энэ мөнгийг анкетуудыг хүлээж авах, анхан шатны боловсруулалт судалгаа хийх зэрэг техни­кийн шинжтэй ажлынхаа зардалд зарцуулдаг. Энгий­нээр хэлбэл, банкуудүйлчлүү­лэгчээ сонгох ажлынхаа төлөө хураамж авдаг юм. Хураамжтай анкетыг зөвхөн тухайн үйлчилгээг хүссэн хүн л мөнгөө төлж авдаг. Жишээ нь Дулмаа цалингийн зээл авахыг хүссэн учраас л зээлийн анкетыг хураамж төлж авдаг гэсэн үг. Хүн бүр зээл авахыг хүсдэг. Хэрвээ зээлийн хүсэлтийг үнэгүй тавьдаг байсан бол хүссэн бүхэн хандаж таарна. Зүгээр л нэг өгөөд үзье гэсэн болгоныг хүлээж аваад байвал тэр хэрээр үр ашиггүй зардал ихэснэ. Тодруулж хэлбэл банкуудын авдаг хураамж үр ашиггүй зардлыг хязгаарладаг.

Ирсэн анкетуудыгбанкнаас судалж үзсэний дараатодорхой шалгуур хангасан хэд нь л зээлийн судалгааны шатанд үлдэнэ. Эхний шатны судалгааны зардалд л хураамжийг тооцож авдаг гэсэн үг. Гэхдээ энэ шат үйлчилгээний үндсэн хэсэг биш. Харилцагчаа сонгож, шаардлагатай үйлчилгээг үзүүлэхээс үндсэн үйлчилгээ эхэлдэг. Их, дээд сургууль ч ялгаагүй. Элсэхийг хүссэн залуусыг шалгаад тэнцсэн тохиолдолд сурах зөвшөөрөл олгоно. Шалгалт өгөхдөө бага хэмжээний мөнгө төлдөг нь хураамж.Элссэн үед нь сургалтын төлбөр авдаг нь үндсэн үйлчилгээний төлбөр. Банкны шимтгэлийн хураамжаасаа ялгарах онцлог нь энэ. Шимтгэлийг анкетийг нь хүлээж авсан зээлдэгчтэй тохиролцож байж авдаг. Энэ мөнгийг зээлийг судлах, олгохтой холбоотой гарсан техник зардалд зарцуулдаг юм. Харилцагчдадаа хэрэг­цээтэй мөнгийг хэдийд ч бэлэн байлгахтай холбоотой зардал ч үүнд мөн багтана. Тодруулбал банкинд байгаа, зээл олгогдохоор хүлээгдэж байгаа сул мөнгө бүхний цаана хадгаламжийн хүүгийн зардал урсаж байдаг. Бас 10 сая төгрөгийн зээл судлах, 1 тэрбум төгрөгийн зээл судлах зардал ялгаагүй юм бишүү гэдэг яриа ч байдаг. Эрхлэх гэж байгаа үйл ажиллагааны цар хүрээ, хэмжээнээс хамаарч авах гэж байгаа мөнгөний хэмжээ яригдах нь тодорхой. Энийг дагаад том, жижиг эрсдэлээ тооцох гээд багагүй цаг, хүн, хүч хөдөлмөр зарцуулах нь дамжиггүй.Мөн гол зардал нь 10 сая төгрөгийг бэлэн байлгах, 1 тэрбум төг­рөгийг бэлэн байлгах гэдэг санааных биш. Банкууд зарим тохиолдолд гадагшаа явж хямд хүүтэй эх үүсвэр татах, хөрөнгө оруулагчидтай уулзах гээд л зардал гарна. Энэ бүхэн зардал учраас бас л тооцогдох учиртай.

Сая дурдсан энэ зард­луудыг шууд хүүнд шингээж авдаггүй нь цаанаа нарийн учиртай. Зээл олгоход хэ­рэглэж байгаа мөнгийг зөвхөн санхүүгийн зах зээл дэх бодит үнээр хүргэх гэж тэр. Зээл судлах үеийн банкны үйл ажиллагааны техник шинжтэй зардал зээлийн хүүнд шингэхээс хамгаалж буй хэлбэр гээд ойлгочихож болно. Эдгээр зардлыг хүүнд шингээвэл харилцагч ху­га­цаанаас хугацаанд илүү өндөр төлбөр төлөх нөхцөл үүсч болзошгүй гэсэн болгоомжлол бий.

Шимтгэл гэдэг маань нэг утгаараа зардал нөхөх зориулалттай авч байгаа төлбөр гэж харагдаж байх боловч эдийн засгийн агуул­гаараа мэргэжлийн үйл­чилгээний төлбөр юм. Эдийн засгийн чөлөөт зах зээлийн нийгэмд өөрийн үйлчилгээний чанар, хурд, мэргэжлийн түвшин, тэнд ажиллаж байгаа хүний ур чадвар зэргээс шалтгаалж үйлдвэрлэгч өөрөө үнээ тогтоодог. Энэ бол үйлдвэрлэгч, үнэ тогтоогчийн суурь язгуур эрх юм. Жишээлбэл: 7 одтой зочид буудлын ресторан, ажилтны хоолны газар хоёрт яг адилхан хоол идэхэд тэнд төлж байгаа хоолны үнэ маш зөрүүтэй байдаг. Гэтэл тэнд ашигласан хүнсний бүтээгдэхүүн, зарцуулсан тог, зарцуулсан цаг яг адилхан гээд үнээ адил тогтоогоогүйн шалтгаан бол тогоочийн ур чадвар, байгууллагын нэр хүнд зэрэг болоод үйлдвэрлэгч өөрөө үнээ тогтоох эрх юм. Үүнтэй адил үсчин, гоо сайхны газрын мастер үсчин болон энгийн үсчний үнэлгээ, хувийн машинаар таксины үйлчилгээ үзүүлэх болон VIP таксигаар үзүүлэх үйлчилгээний үнэлгээ гээд олон жишээг хэлж болох юм.

Үнэ тогтоох эрхийн бас нэг том жишээ бол өмгөөлөгчийн хөлс гэдэг ойлголт байдаг. Зах зээлд өмгөөлөгч ийм ажил хийж, ийм хуулийг уншиж танилцаад үйлчлүүлэгчдээ зөвлөгөө өгөхөд ийм зардал гаргах ёстой, ийм л хөлсөөр ажиллах ёстой гэсэн үнэ тогтоосон жишиг хаана ч байдаггүй. Гагцхүү тухайн өмгөөлөгч өөрийн урчадвар, дадлага туршлага, тухайн асуудлаар мэргэшсэн байдаг зэргийг харгалзан өөрөө хэнээс ч хараат бусаар хөлсөө тогтоодог бөгөөд энэ хөлсөнд яг ийм зардлыг хаах гэж авч байгаа шүү гэд­гийг хэнд ч тайлбарлах үүрэг хүлээдэггүй. Гагцхүү тэр үнийг үйлчлүүлэгч нь хүлээн зөвшөөрч байвал гэрээ байгуулан үйлчилгээгээ үзүүлдэг.

Үүний нэгэн адил арил­жааны банкууд ч мөн адил өөрийн зээл, хадгаламж, баталгаа, батлан даалт зэ­рэг үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэхэд үнээ өөрөө тогтоох эрхтэй юм. Энэ бол арилжааны банкны түүхэн үүсэл хөгжил, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн жишиг юм.

Үйлчилгээний шимтгэл бол дэлхийн улс орнуудад үйлчилдэг жишиг гэдгийг ганц жишээгээр нотолъё. Манай улс, Засгийн газар, хэн ч тэр гадаадаас урт хугацааны зээл авахдаа 0.5-0.7 хувьтай нь тэнцэхүйц шимтгэл төлдөг. Олон улсын үйлчилгээний жишиг нь ийм л дээ. Наад зах нь гадаадын аль нэг улсад очоод хурдны замаар нь зорчиход ашиглалтын шимтгэл гээд авч л байдаг. Баар, рестораны үүдэнд такс авдаг жишээ дэлхийн ямар ч улсад байдаг. Тэгэхээр шимтгэл хураамж бүү ав, шимтгэл хураамж авбал төд л гэж хэл хэмээн шаардах нь хувийн бизнест хөндлөнгөөс халдсан хэрэг болж таарч байна.

Шимтгэл, хураамж хууль зүйн хувьд ч ялгаатай ойлголт.

Шимтгэл бол үйлчилгээний төрөл, зориулалт, онцлогоос шалтгаалж үнийн дүнгээс нь тодорхой хувиар тооцон авдаг төлбөр бол хураамж нь тогтмол тогтоосон мөнгөн төлбөр байдаг. Хуульд тус­гасан ялгаа нь энэ. Өөр бусад хуулиудаас ч энэ ялгааг харж болно. Нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл гээд бидний цалингаас тодорхой хувиар хувьчлан авч байгаа төлбөр бол шимтгэл. Харин хураамж тогтмол тоо байдгийн хамгийн ойрхон жишээ бол ямар нэг гэрчилгээ, тусгай зөвшөөрөл авах бол тогтоосон хураамжийг төлнө,нотариатын үйлчилгээ авахад мөн тогтмол хураамж төлнө. Заримхураамжийн хэмжээг хуулинд тэд байна гэж тодор­хой заадаг ч тохиолдол байна. Ямартай ч энэ хоёр ойлголт тусдаа гэдэг нь дээр дурдсан жишээнээс харагдаж байна.

Ерээд оноос хойш дэлхийн жишигт хүрч хөгжсөн салбар бол банк. Өнөөдөр банкны гол үйлчилгээг гар утас байхад л хийж болох хэмжээнд хөгжчихсөн. Технологийн ийм дэвшилд зүгээр ч нэг хүрчихдэггүй. Банкууд энэ чиглэлдээ хөрөнгө оруулалт хийсэн учраас бид байрныхаа мөнгийг гар утсаараа түвэггүй хийж байгаа юм. Арилжааны банкуудын салбар энд тэндгүй ажиллаж байна. Гэрийнхээ ойролцоо аль ч банкны салбарт ороод үйлчлүүлж болж байна. Зарим банкны салбар бүр сум болгонд хүрч үйлчилж байгаа. Салбар нээгдэх хэрээр банкуудаас гарах зардал нэмэгдэнэ. Банкууд энэ зардлаа хүүний зөрүүнээс, зээлийн шимтгэл, хураамж гэж авч байгаа хэдэн төгрөгнөөс бүрдүүлж, өнөөдөр салбартаа ажиллаж байгаа 15 мянга гаруй хүнийг ажлын байраар хангаж, бусдын адил олсон орлогоосоо татвараа төлж үйл ажиллагаагаа явуулсаар байна.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Таван толгойн нүүрсийг үнэд хүргэх гарц

Урд хөршийн “Винсвэй интерпрайсес холдинг” компанийн урт хугацааны зээлжих зэрэглэл CCC-гээс SD болж буурсныг Standart & Poors зарлалаа. Нүүрсний зах зээлийн гол тоглогч гэгддэг энэ компанийн үнэлгээ эх орондоо ч сайн биш байна. Хятадад зээлжих зэрэглэл нь D гэсэн ангилалд багтчихаад буй. Шуудхан хэлэхэд “Винсвэй”-н дампуурал эхэлчихлээ. Өнгөрсөн сард бондын хүүгийн төлбөрт өгөх учиртай байсан 13.15 сая ам.доллараа төлж чадаагүй. Дараагийн нэг сарын боломжит хугацаанд ч төлбөрөө гүйцэтгээгүй компанийн хувьд дампуурал ойрхон ирсэн гэсэн үг.

Standart & Poors бол улс орон, компаниудын зээл­жих зэрэглэлийг тогтоо­дог, дэл­хийд хүлээн зөвшөөрөгдсөн гурван байгууллагын нэг. Хятад бол коксжих нүүрсний зах зээл дэх дэлхийн гол хэрэглэгч. Харин “Винсвэй” Монголын компаниудын нүүр­сийг авч цааш нь үнэ нэмж худалддаг “ченж” компани. Өмнийн говьд нүүрс олборлодог хэдийн маань гол түнш. Тэд боловсруулаагүй, шороотой нүүрсээ уурхайн аман дээрээсээ барьж очоод хэр таарсан үнээр нь “Винсвэй” мэтийн компанид өгчихдөг юм. Урд хөршийн “ченж” компаниудын хамгийн аварга нь. Монголчуудаас боловсруулаагүй нүүрсийг нь дажгүй үнээр авч цаашаа­­гаа овоо хэдэн юм нэмээд зарчихдаг ченжийн систем урд хөршийн зах зээл дээр төдийгөөс өдий хүртэл үйлчилсээр ирсэн. Одоо ч Өмнийн говьд нүүрс олборлодогтөрийн өмчтэй компани маань яг ийм системээр нүүрсээ борлуулж буй.

Өмнөговьд нүүрсээ угааж, нэмүү өртөг шингээж борлуулдаг ганцхан компани бий. Тэр нь “Энержи ресурс”. Өнөөдөртөө тэд нүүрсээ гавьтай борлуулж чадахгүй, өчнөөн тэрбумаар босгосон баяжуулах үйлдвэрээ бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж амжихгүй суугаа. Өдий хүртэл “ченжийн” тогтолцоо нүүрсний зах дээр хүчтэй оршсонучраас ийм дампуу дүр зураг өнөө болтол үргэлжилсэн хэрэг.

Харин одоо байдал өөрчлөгдөх нь “Винсвэй”-н дампуурлаас тов тодорхой харагдаж байна. Тодруулж хэлбэл урд хөршийн түүхий нүүрснээс татгалзаж эхэлсний нэг илрэл нь “Винсвэй”-нуруудалт болж байна. Хятад дэлхийн коксжих нүүрсний зах зээлийн үнийн удирдаач. Тэнд хэрэглээ ихэсвэл нүүрсний үнэ өснө. Хэрэглээ нь хумигдвал үнэ дагаад уруудна. Нүүрсний зах зээлд ийм хүчтэй нөлөөтэй улс түүхий нүүрснээс татгалз­саныг батлах шалтгаан ганц “Винсвэй”-н уруудалтаар зогсохгүй. Хятадын Эрчим хүчний үндэсний газар энэ сарын 5-нд Нүүрсний цэвэр хэрэглээ технологи нэвтрүүлэх таван жилийн төлөвлөгөө гаргаснаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдлээ. Түүхий нүүрснээс татгалзсан энэ хөтөлбөр өнөөдрөөс 2020 он хүртэл хэрэгжинэ. Уг нь шинэ юм биш л дээ. Урд хөрш аль эртнээс ногоон эдийн засгийг дэмжинэ гээд түүхий нүүрсийг зах зээлээс шахах агуулгатай заалт багтсан хөтөлбөр энэ тэрээ баталчихсан байсан. Тэр бодлогоо л хэрэгжүүлж эхэлсэн нь энэ.

Хятадын хувьд манайх шиг хөгжлийн хөтөлбөр гаргаад маргааш нь мартаж орхидог улс биш. Хэрэгжүүлнэ л гэсэн бол ямар ч хөтөлбөр амьдрал дээр буудаг. Төр нь дэмжинэ л гэвэл ямар ч компаниа босгоод ирдэг. Унагая гэвэл ямар ч том компани сүйрлээ зарлахад гайхаад байх юмгүй. Манай шороотой нүүрсийг хямд үнээр авч хил давуулаад баяжуулах үйлдвэрт угааж цааш нь ахиу үнээр зардаг “Винсвэй” шиг компаниудаа Хятадын төр өмнө нь дэмждэг байсан. Ийм компаниудыг нүүрсний салбарынхан “дундын” гэж тодотгодог. Төр нь дэмжиж байсан болохоор дундын компаниудын бизнес цэцэглэж байсан юм. Энэ удаа Хятадын төр “Винсвэй”-н түүхэн үүрэг дууссан гэж үзсэн учраас л нэгэн цагт нүүрсний зах зээл дээр мандаж явсан компани зээлээ төлж чадахгүйд хүрч шалдаа буусан хэрэг. Урд хөршид учир шалтгаангүй, бодлогогүй, санамсаргүй, тохиолдлын юм гэж ерөөс үгүй гэдгийг үүнээс гадна өчнөөн жишээгээр нотолж болно.

Товчхондоо нүүрсээ нийлүүлдэг урд хөрш маань “Түүхий нүүрс авахгүй шүү, та нар нүүрсээ угааж баяжуулаад зарвал зар, чадахгүй бол уучлаарай” гэчихлээ. Ирэх таван жилийн хугацаанд урд хөршид нүүрс баяжуулах, гүн боловсруулах үйлдвэр, цогцолбор олноор баригдах гэж байна. Хоёр жилийн дараа дотооддоо хэрэглэх нүүрснийхээ далан хувийг баяжуулж, 2020 онд бараг ихэнх нүүрсээ боловсруулж хэрэглэх нь тодорхой болжээ.

Тэгэхээр бидэнд одоо ганцхан зам байна. Таван толгойн нүүрсээ угааж баяжуулж байж л Хятад гэдэг аварга зах зээл дээр үнэ хүргэж борлуулах цор ганц зам байна. Нэг статистик хэлье. Уг нь Таван толгойн коксжих нүүрс дэлхийд гэж ярихаар чанартай. Гэтэл өнөөдөр бид урд хөршид коксжих нүүрс нийлүүлдэг бусад улсаас 1-3 дахин хямд үнээр нүүрсээ зарж байна. Боловсруулаагүй, эцсийн зах зээлд шууд хүрдэггүй, “ченж”-ийн дүрмээр ажилладаг захтай учраас Монголын нүүрс ийм үнээр зарагдаж байгаа хэрэг.

Манайд нүүрс угаах үйлдвэр барьсан нэг л компани байгаа, тэр нь “Энержи ресурс” гэж өмнө хэлсэн. Дорнын луу “Винсвэй” мэтийн дундын компаниудаа биш “Шинхуа” шиг боловсруулсан нүүрсийг эцсийн зах зээлд, далайн боомтод хүргэдэг аваргуудаа дэмжээд эхэлчихлээ. Тэгэхээр Таван толгойн саяхны хэлэлцээрээр за зүй болоод тохирчихсон “Энержи ресурс”, “Шинхуа”, “Сумитомо” гэсэн хослол урд хөршийн зах зээл дээр жинхэнэ тоглогч байж чадна гэсэн үг.

“Энержи ресурс”-ийн хувьд нүүрсний зах зээл дээр зөв тоглогч гэсэн эерэг имижтэй. “Винсвэй” мэтийн дундын компаниудад нүүрсээ ухаж гаргаад шороотой нь аваачаад өгчихдөггүй. Хөрөнгө оруулалт хийж үйлдвэрээ барьсан компани. Нүүрсээ үнэ хүргэж зарж чадаж байгаа үндэсний ганц маань. “Шинхуа” хилийн цаанаас эцсийн хэрэглэгч буюу далайн боомт хүрсэн өөрийн төмөр замтай. Манайд хөрөнгөө гаргаад төмөр зам барьж өгнө гээд дуугарчихсан. Эд хамтарвал Цогтцэцийд ажиллаж буй угаах үйлдвэрийг өргөтгөөд л асуудал шийдэгдэнэ. Монгол нүүрс дажгүй үнээр далайн боомтод хүрч Австралитай жинхэнэ утгаараа өрсөлдөж эхэлнэ. “Сумитомо”-гийн хувьд Таван толгойн нүүрсийг Япон, Солонгос, Энэтхэг зэрэг гуравдагч зах зээлд ахиу үнээр зарах менежментийг төвөггүй хийх туршлагатай компани. Японы зах зээлд менежмэнтээ хийгээд эхэлсэн гэх өөдрөг мэдээг “Сумитомо”-гийн төлөөлөгч Эдийн засгийн чуулганы үеэр дуулгасан нь ердөө саяхны үйл явдал. Тэнд цугласан баялаг бүтээгчидлав алга ташин хүлээж авсан. Дахин хэлэхэд “Винсвэй” дампуурсан нь, “Шинхуа” төмөр зам барьж, боловсруулсан нүүрсийг чинь далайн боомтод хүргэе гэж дуугарсан нь тохиолдлын зүйл биш. Хятад гэдэг аварга зах зээл боловсруулсан нүүрс авъя гэж байгаагийн л дохио. Өмнөх Ерөнхий сайдурд хөршид айлчлаад ирэхдээ “Тэд биднээс 20 жилийн хугацаанд нэг тэрбум тонн нүүрс авъя гэж байна” гэсэн гэгээтэй мэдээ дуулгаж байлаа. Тэд манай дарга нар шиг өнөөдөр хэлснээсээ маргааш буцдаг улс биш. Тэрбум байтугай тонныг хорин жилийн дотор өлхөн авчихаар хэрэглээтэй орон. Гэхдээ өнөөдрийнх шиг түүхий нүүрс гаргая гэвэл авахгүй л дээ. Боловсруулсан нүүрсийг бол асуудалгүй худалдаж авна гэдгээ сая гаргасан шийдвэрээрээ нотолчихлоо. Манай дарга нар шиг биш гэснээс сүүлийн үед дарга нарынхаа өмнөөс нүүр хийх газар олдохоо болилоо. Өмнөөс нь халгаад байх юм, заримдаа. Сүүлийн үед нэг нь “за” гэчихээр нөгөө нь “үгүй” гэж гэдийгээд ажил уядаг байдал хэрээс хэтэрснийг монголчууд бултаараа харж, сонсоод гундуухан аж төрцгөөж байна.

Өчнөөн судалгаа хийж байж, удтал ярилцаж хэлэлцсэний эцэст сая нэг “за” гэж дуугардаг, “за” гэвэл ёогүй Япончууд лав өдийд толгой сэгсэрч суугаа. Жишээ нь “Сумитомо” Таван толгой дээр хамтарна гэсэн шийдвэрээ өнөөдөр нь сонсоод маргааш нь гаргах компани биш. Таван толгойн хэлэлцээрт багтаж ажилласан хүмүүсийн өчнөөн хугацааны хөлс, хүч тэдний шийдвэрт нөлөөлсөн байж таарна. Төр төлөөлсөн гурав нь цугаараа очоод “за зүй” болсон нь ч барагтай зүйлд шийд гаргаад байдаггүй арлынханд итгэл өгсөн нь гарцаагүй. Асуудлыг энэ хүртэл нь явуулчихаад дэлхийд гэж яригдах том компанийнх нь урмыг хугалаад буцаачихдаг бодлогогүй улс дэлхий дээр Монголоос өөр байхгүй л болов уу. Дарга нарынхаа өмнөөс нүүр халуу оргиод байгаагийн учир энэ л дээ.

Ер нь тэгээд энэ дарга нарын хэлснээсээ буцдаг элдэв араншин, том төслүүдийг гацааж байгаа ойлгомгүй авирыг гэнэн, бодлогогүй, эв түнжингүй гэвэл хэт өнгөц дүгнэлт болно. Цаана нь арай л өөр дүр зураг харагдаад байгаа юм…

Удахгүй Энэтхэгийн Ерөнхий сайд ирнэ. Дарга нар маань бас юу гэж худлаа хэлэх бол гэхээс яс хавталзаж л байна. Хятад, Энэтхэг хоёр дэлхийн коксжих нүүрсний 80 хувийг хэрэглэдэг аварга зах зээл. Энэ хоёр улсын импорт 2016 он гэхэд 100 сая тонноор нэмэгдэнэ гэсэн статистик бий. Уг нь бидэнд “Сумитомо”-гоор дамжаад Энэтхэг гэсэн аварга зах дээр нүүрсээ нийлүүлэх боломж байгаа. УИХ дээр гацчихаад байгаа Таван толгойн гэрээ шийдлээ олж, Энержи ресурс, Сумитомо, Шинхуа гэсэн гурвал Таван толгойн ордыг хөдөлгөвөл Энэтхэгийн зах зээл үүдээ нээснээс ялгаагүй болно. Энэтхэгийн Ерөнхий сайдын айлчлалын үеэр Монголын коксжих нүүрс гуравдагч зах зээлд гарах асуудал сөхөгдөж таарна. Манай төрийн хэд өнгөн дээрээ “Бид танай улсад нүүрсээ гайгүй үнээр нийлүүлэх сонирхолтой байна. Ингэхийн тулд чадах бүхнээ хийнэ” гэж дуу нийлүүлчихээд явангуут нь маргасан дүр эсгэж асуудлыг замхруулж мэдэх л улс. Таван толгойн хэлэлцээний өнөөгийн дүр зураг ийм эргэлзээ төрүүлээд байна л даа. Ядаж Энэтхэгийн Ерөнхий сайдыг ирэхэд дуу нэгтэй байж, шийдэл дээрээ ч үзэл бодол нэгтэй зогсмоор байх юм. Тэгж байж л Монголын нүүрсийг ахиу үнээр авах сонирхол гуравдагч зах зээлд төрнө.

Урд хөршийн хувьд ганцхан коксжих нүүрсэн дээр өндөр шаардлага тавиагүй. Эрчим хүчний нүүрсэн дээрээ ч стандарт мөрдөж байгаа. Хятадын зургаан яам байгууллага хамтраад “Арилжаанд зориулагдсан нүүрсний чанарын хяналтын талаар мөрдөх түр журам” гэж баталжээ. Тэд агаарын бохирдлоо бууруулах гэж худалдаж авах нүүрснийхээ химийн элементийн агуулгад анхаараад эхэлчихэж. Зүгээр нэг угаасан нүүрс биш, доторх химийн элементийн агуулга нь хор багатай байх ёстой гэсэн өндөр босго Монголын нүүрсэнд ч мөрдөгдөх нь ойлгомжтой. Оны эхнээс мөрдөж эхэлсэн түр журам ёсоор Хятад Улс шаардлагад нийцээгүй нүүрсний импорт, борлуулалт, холын зайн тээврийг хориглоод байна. Он гарсаар манай нүүрс тээвэрлэгч жаран машиныг ийм шалтгаанаар хил дээрээс буцаасан гэсэн мэдээг Р.Жигжид сайд саяхан өгснийг бодоход тэдний шийдвэр хэрэгжээд эхэлсэн гэсэн үг. Урд хөрш маань бидний нүүрсийг ялгаж ангилж, зөвхөн шаардлагад нийцсэнийг ньшилж байгаад авдаг болжээ.

Дахин хэлье. Нүүрсээ угааж, боловсруулж, өндөр стандартыг нь хангаж байж Хятадын зах дээр гайгүй үнээр борлуулах нь тодорхой болсон энэ үед бидэнд нэг л гарц байна. Тэр нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн том компаниудтай түншилж, чанартай нүүрсийг эцсийн хэрэглэгчид нь дажгүй үнээр зарах. Ингэж чадах хослол нь өмнө хэлсэн “Энержи ресурс”, “Сумитомо”, “Шинхуа” гурав. Тэгж байж монгол нүүрс Хятадын зах зээл рүү ногоон гэрлээр гарч, гуравдагч зах зээл дээр үнэ хүрнэ.

Ц.БААСАНСҮРЭН