Ам.долларын төгрөгтэй харьцах ханш сүүлийн нэг сарын турш суларсаар байна. Энэ долоо хоногийн эхэнд нэг ам.доллар 1935 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдрийн байдлаар 1917 төгрөгтэй тэнцэж байна. Ийнхүү ам.долларын ханш сулрах болсон шалтгаан нь Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгийн асуудал шийдэгдсэнтэй холбоотой. Албаныхны хэлж буйгаар ам.долларын ханш 1700 төгрөг хүртэл буурах боломжтой аж.
Category: эдийн-засаг
Сар бүрийн дөрөв дэх долоо хоногийн лхагва гаригт Уул уурхайн яам “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурал зохион байгуулдаг. Тус хурал өнөөдөр боллоо. Газрын тосны газраас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 26-ны байдлаар А-80 автобензин 45, Аи-92 автобензин 59, дизелийн түлш 37, ТС-1 29 хоногийн нөөцтэй байна. Тодруулбал, нефтийн бүтээгдэхүүний хувьд ердийн хэрэглээний 42 хоногийн нөөц гэж тодорхойлж болох аж.
Уул уурхайн яамнаас өгч байгаа мэдээллээр энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нүүрс найман сая тонн, алт 1.4 тн, газрын тос 341.7 мянган тонныг тус тус олборложээ. Хайлуур жоншны баяжмал 68.9 мянган тонн, зэсийн хүдрийн баяжмал 241.7 мянган тонн, төмрийн хүдрийн баяжмал 0.8 сая тонн, цайрын баяжмал 32.5 мянган тонныг тус тус үйлдвэрлэсэн байна. Экспортын тухайд энэ оны эхний дөрвөн сард 414.7 мянган тонн зэсийн баяжмал, төмрийн хүдрийн тухайд 1.5 сая тонны, алт 3362.0 кг, нүүрс 4.2 сая тонн, газрын тос 343.2 мянган тонныг тус, тус гаргажээ.
Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлсэнээс хойш нийт 956 аж ахуйн нэгж Ашигт малтмалын газарт бүртгүүлжээ. Тэдгээр аж ахуйн нэгжүүдийн 899 нь дотоодын хөрөнгө оруулалттай, 45 нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай /БНХАУ-17, Сингапур-9, Австрали-4, Канад-3, Люксенбургийн вант улс-3, бусад-9/, 12 нь хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд юм байна. Өнөөдрийг хүртэл цахим хэлбэрээр 1686 өргөдлийн дугаар олгосон бөгөөд үүнээс 965 өргөдлийг хүлээн авч шүүлт хийсэн. Үүнээс Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хянан үзэж 234 тусгай зөвшөөрөл шинээр олгож, тусгай зөвшөөрөл олгох боломжтой 496 өргөдлийг холбогдох аймгийн Засаг даргаас санал авахаар мэдэгдэл хүргүүлсэн байна.
Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын дагуу 2014 оны наймдугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд 7 удаагийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулжээ. Ингэснээр 34 талбайд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон аж.
Өнөөдрийн байдлаар нэр бүхий 8 талбайд огт санал ирүүлээгүй, ирүүлсэн санал нь “үнэлгээний баримт бичиг”-т заасан шаардлага хангаагүй тул АМТХ-ийн 18, 19 дүгээр зүйлд заасны дагуу өргөдлийн журмаар олгох талбайд шилжүүлсэн байна.
Улсын төсөвт энэ оны нэгдүгээр сарын 1-нээс энэ сарын 26-ны байдлаар тусгай зөвшөөрлийн төлбөрөөр 12.42 тэрбум төгрөг, үйлчилгээний хөлсний төлбөрөөр 488.35 сая төгрөг, хайгуулын тусгай зөвшөөрлийн эрх олгох үйлчилгээний хөлсөөр 477 сая төгрөг, өргөдлийн дугаар олгох цахим системд нэвтрэх эрхийн төлбөр 728 сая төгрөг, нийтдээ 14.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.
“Урт нэртэй” хуулийн үйлчлэлийн бүсэд хамрагдсан 398 тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж талбайн давхцал тогтоолгохоор БОНХАЖЯ-нд хандаж, 174 тусгай зөвшөөрөлд тодорхойлолт гаргуулсан байна. Үлдсэн тусгай зөвшөөрлүүдийн давхцалыг тогтоох ажил хийгдэж байгаа аж. Мөн хилийн заагийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарх ААН-үүдийн гомдлыг БОНХАЖЯ дээр хүлээн авч хянан шийдвэрлэжээ.
Хүсэлт гаргасан ААН-үүдээс батлагдсан загварын дагуу Ашигт малтмалын газар дээр өргөдөл хүлээн авч буй юм байна. Одоогоор үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах 161 тусгай зөвшөөрөл эзэмшигч маягтын дагуу өргөдлөө гаргажээ. Өргөдөл хүлээн авах хугацаа ирэх зургадугаар сарын 17-ноор дуусгавар боллх аж. Үүнээс хойш гэрээ байгуулах хугацаа хуульд зааснаар зургаан сар үргэлжилнэ.
Энэ ажлыг шуурхай явуулахын тулд Уул уурхайн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам хамтран Ажлын хэсэг байгуулж, Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан журамд өөрчлөлт оруулахаар болжээ.
Газрын тосны хайгуул, ашиглалтын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрчимжүүлэх ажлын хүрээнд газрын тосны хайгуулын “Богд IV” ба “Онги V” талбай дээр Газрын тосны газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан “Сентрал азиан петролеум корпорэйшн лимитэд” ХХК-ийн бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хүлээсэн гэрээлэгчийн эрх, үүргийг “BG Mongolia holdings limited” компанид хэсэгчилэн шилжүүлэх асуудлаар Засгийн газрын тогтоол гарсан юм.
Газрын тосны хууль 2014 онд шинэчлэгдэн батлагдсаны дараа хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэж BG, Chevron, Anadarko зэрэг дэлхийд томоохонд тооцогддог компаниудтай хамтран ажиллах яриа хэлэлцээг эхлүүлсний үр дүнд Их Британийн “BG Group”-тэй хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
Уг гэрээгээр нийт 28 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх юм байна. Энэ онд 13.6 сая ам.доллар, 2016 онд 13 сая ам.долларыг хайгуулын ажилд, 1.4 сая ам.долларыг Засгийн газарт бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу 2014, 2015 онуудад төлөх төлбөрт зарцуулна. Мөн бусад ажил, үүргүүдийг санхүүжүүлэх зорилгоор нэмэлт 4.55 сая ам.долларын санхүүжилт хийхээр тохирчээ. Нийт хөрөнгө оруулалт 32,55 сая ам.доллар болох юм байна.
“BG Group” нь судлагдаагүй эрсдэл ихтэй газарт амжилттай хөрөнгө оруулалт хийдгээрээ туршлагатай бөгөөд сүүлийн 15 жилд томоохон хэмжээний 15 ордыг нээн илрүүлээд байгаа юм. “BG Group” нь байгалийн хийн олборлолтоор дэлхийд тэргүүлэгч, өнөөгийн үнэ цэнээр нийт 45 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, 20 орчим улсад үйл ажиллагаа явуулдаг байна.
“Найман шарга” валютын зах дээр өчигдөр ам.долларыг 1920 төгрөгөөр авч, 1925 төгрөгөөр зарж байлаа. “Оюу толгой”-н хувь нийлүүлэгчид далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх, бүтээн байгуулалтад зарцуулагдах зургаан тэрбум ам.долларыг төслийн санхүүжилтээр босгох тохиролцоонд хүрсэн сайнмэдээ ногоон валютын ханшийг сулруулахад гол нөлөө үзүүлсэн гэж үзэх эдийн засагчид байна. Оюу толгой гэдэг зэс, алтны аварга төслийг дагаж гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэсэн эерэг таамаг ч валютын ханшид нөлөөлсөн гэх тайлбар бий. Ам.долларын ханш сулрах гадаад нөхцөл ч байгаа аж. Тодруулж хэлбэл Азийн эдийн засагт нааштай байдал ажиглагдаж эхэлжээ. Худалдаа хөгжлийн банк саяхан500 сая ам.долларын бонд гаргасан. Цаана нь 900 сая ам.долларын бонд гаргах эрх арилжааны банкуудад үлдээд байгаа. Арилжааны банкууд 1.4 тэрбум ам.долларыг гаднаас татах боломжтой гэсэн мэдээлэл аль дээрээс сонсогдож байсан юм. Мэдээж эртнээс дуулдсан энэмэдээ төгрөгийн ханш өсөхөд нөлөөлсөн нь гарцаагүй. Энэтхэгийн нэг тэрбум ам.долларын зээл, Дубайгийн зээл гэх мэт мессэжүүд ногоон валютын уналтад нөлөөлж буйгч үгүйсгэх аргагүй. Өнгөрсөн жил 13 тонноор тушаагдаж байсан алтны хэмжээ энэ жил хоёр дахин өснө гэсэн таамаглал бий. Төгрөгийн ханшийн чангаралтад эерэгээр нөлөөлөх бас нэг бодитой үзүүлэлт мөн үү гэвэл мөн.
Ам.долларын ханш цаашид суларсаар байх эсэх, төгрөгийн чангарал цаашлаад хэд хүрэх бол гэсэн асуултыг эдийн засагчдад тавилаа. Тэдний хэн нь ч төгрөг цаашдаа чангарсаар байх эсэх дээр тодорхой тоо хэлэх боломжгүй гэж байна. Гадаадын хөрөнгө оруулалтын сураг байгаа ч яг орж ирээгүй тул ханшид тэгж ингэж нөлөөлнө гэж үзэх аргагүй гэнэ. СЭЗДС-ийн багш Мөнхзаяа “Төгрөгийн ханш чангарч байгаа нь сайн үзэгдэл. Гэхдээ урт хугацаандаа өнөөдрийнхөөс илүү чангарах боломж харагдахгүй байна. Учир нь гаднаас орж ирж буй ам.долларын урсгал багасчихсан. Гаднаас авдаг маань ихэсч байна. Ам.долларын ханшийн бууралтад сүүлийн үед сонсогдож буй эерэг мэдээлэл нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Хэсэг хүмүүс валютыг хэт ихээр хадгалж байгаад одооноос зах зээлд бага багаар нийлүүлж байгаа нь ханшийн өөрчлөлтөд нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл сүүлийн үед ажиглагдсан ханшийн огцом чангарал бодитой биш зохиомол өсөлт байсан. Хөөс төдий байж байгаад одоо хөрсөн дээрээ бууж эхэлсэн гэсэн үг. Ийм байдаланзаарагдажбайна.Өөрөөр хэлбэл ханш эргээд хэвийн байдалдаа орж байна.Уул уурхайн том төслүүд удахгүй хэрэгжиж эхэлнэ гэжяригдаж байгаа ч шууд орж ирэх мөнгөний хугацаа болоогүй. Тийм учраас ам.долларын ханш цаашид ч суларсаар байна гэж дүгнэхэд эрт л дээ. Учир нь ханш гэдэг эрэлт, нийлүүлэлт дээр тогтдог зүйл” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт ондоо багтаж шийдэгдвэл, оны өмнө Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт үргэлжилвэл энэ жилийн сүүл хавьд ам.долларын ханш 1700 төгрөгт хүрч магадгүй гэсэн өөдрөг таамаг байна.“Мандал женералдаатгал” гэхэд лоны эхээр ийм таамаг гаргаж байсан юм. Хонгконгт болдог Монголд хөрөнгө оруулагчдын чуулганы үеэр ч гадны экспертүүд ийм таамаг хэлж байв.
Эдийн засгийн хувьд нааштай гэмээр үзүүлэлтүүд ажиглагдаж эхэлснийг энэ дашрамд онцолъё. Оны эхний дөрвөн сарын байдлаар эдийн засаг ямархуу байгааг сонирхуулъя. Гадаадын шууд хөрөнгө оруулалт тасарчихсан ийм үед ДНБ-ий бодит өсөлт 4.4 хувьтай байна гэдэг онцолж хэлэхээр эерэг үзүүлэлт. Инфляци улсын хэмжээнд 9.2, нийслэлийн хэмжээнд 8.8 хувьтай байна. Олон улсын банк санхүүгийн байгууллагынхны төсөөлж байсан шиг хоёр оронтой тоо руу лав өгссөнгүй. Эдийн засагчдын хувьд 2013-2014 оны таагүй үед эдийн засаг зөөлөн газардсан гэж үзэж буй. Зөөлөн газардсан гэж тэд зүгээр ч нэг тодотгоогүй. Өгсөх боломжгүй нь тодорхой, гэхдээ огцом сөрөг нөлөөгүй газардлаа, гадаадын шууд хөрөнгө оруулалтаа нэмэх зэрэг амь тариа хийхгүй бол нэгэнт газардсан эдийн засаг хаачих нь ойлгомжтой гэсэн утгаар ийм хэллэг хэрэглэсэн хэрэг л дээ. Энэ оныг эдийн засгийн хувьд тогтвортой эерэг гэж тэд харж байна. Гэхдээ гадаадын шууд хөрөнгө оруулалтаа нэмэх тал дээр бодитой алхам хийхгүй бол хэцүүднэ гэдгийг үгүйсгэсэнгүй.Хэрвээ гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирэхгүй болвалютын ханшин дээр ярихад л ам.долларбуцаад чангарч эхэлнэ гэсэн үг.
Гадаад валютын улсын нөөц өнгөрсөн оны эцэст 1.65 тэрбум ам.доллар байсан бол энэ оны гуравдугаар сард 1.32 тэрбум ам.доллар байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд 1.3-1.7 тэрбум ам.долларын түвшинд хэлбэлзэж байгаа юм. 1.3 тэрбум гэдэг манай улсын зургаан сарын хэрэглээтэй тэнцэх хэмжээний валютын нөөц. Дахин онцлоход ам.доллар гадагшлах урсгал харьцангуй багассан энэ үед гаднаас орж ирэх валютын урсгалыг нэмж чадвал ам.долларын ханш 1700 төгрөг рүү унах тийм ч асуудал биш гэж эдийн засагчид хэлж байна.
Ц.БААСАНСҮРЭН
Алт олборлолтыг нэмэгдүүлж, эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Хөгжлийн банк алт олборлогчдод зориулан баталгаа гаргаж өгөхөөр болжээ. Үүнд тохирох санхүүжилтийг Монголбанк арилжааны банкуудад олгохоор болсон байна. Хөгжлийн банк шаардлага хангаж буй компаниудын нийт олборлохоор төлөвлөсөн алтны 30 хүртэлх хувьд баталгаа гаргах юм байна. Засгийн газар алтны олборлолтыг дэмжих хүрээнд сайдуудаар ахлуулсан ажлын хэсэг гаргаад байгаа аж. Ажлын хэсэг Монголбанк, Хөгжлийн банк болон олборлогчидтой хэлэлцсэний дүнд зээлийн эрсдлийг Хөгжлийн банк хамтран хүлээхээр болжээ.
АНЭУ-ын Дубай хотноо Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн айлчлалын үеэр Оюу толгойн Далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх төлөвлөгөөнд холбогдох байгууллага, компаниудын төлөөлөл гарын үсэг зурсан.
Хөрөнгө оруулалтаар нийтдээ 6 тэрбум ам.доллар орох бөгөөд далд уурхайн үйл ажиллагааг үргэлжлүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар манайд ашигтайгаар шийдэгдсэн гэж үзэж зарим мэргэжилтнүүд үзэж байгаа юм.
Оюу толгойн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний дэлгэрэнгүйг http://www.zasag.mn/news/view/9880 линкээр орж үзнэ үү.
Долларын ханш буурч, төгрөг чангарав
Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээр болсон нь эдийн засагт эерэг мессэж бий болгосон. Ямартай ч валютын ханш буурч, төгрөгийн ам.доллартай харьцах ханш чангарч эхэлжээ.
Тодруулбал, ам.долларын албан ханш өчигдрийн байдлаар 1940 төгрөгтэй тэнцэв. Энэ нь сүүлийн гурван сарын хамгийн доод төвшин юм. Өнгөрсөн долоо хоногт Монголбанкнаас хоёр удаагийн валютын дуудлага худалдааг зохион байгуулсан ч ам.доллар болон юанийн нийлүүлэлт хийгээгүй аж.
Түүнчлэн хамгийн сүүлийн валютын дуудлага худалдаагаар банкууд 5.5 сая ам.доллар худалдах санал ирүүлж, Монголбанк тухайн арилжаанд оролцоогүй байна. Харин юанийн дуудлага худалдаагаар санал ирээгүй гэнэ.
ХААН банк ам.доллрыг 1937 төгрөгөөр авч 1948-өөр худалдаж байгаа бол “Хас” банк мөн 1937 төгрөгөөр авч, 1946-аар зарж буй аж.
Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын тэргүүн Б.Лхагважавтай Япон-Монголын эдийн засгийн түншлэлийн гэрээний талаар ярилцлаа.
-Монгол Японы хоорондох эдийн засгийн түншлэлийн гэрээг Японы тал саяхан баталж, хүчин төгөлдөр боллоо. Энэ гэрээ манай улсад ямар бодит боломжийг авч ирэх вэ?
-Ямартай ч гурван жилийн өмнөөс эхэлсэн уг гэрээ долоон үе шаттай явсаар хоёр тал баталлаа. Гэрээ үндсэндээ 17 бүлэгтэй. Манай улсад тусах гол ач холбогдол нь Японоос Монголд орж ирэх хөрөнгө оруулалт чөлөөтэй болж байгаа юм. Дээрээс нь технологи орж ирнэ. Хамгийн гол зүйл бол инноваци, боловсон хүчин. Японоос эдгээр нэр дурдсан зүйлүүд орж ирснээр Монголын хөдөө аж ахуй, уул уурхай, газар тариалангийн салбарт япон технологи, япон менежмент боловсруулалт хийнэ. Тэгээд бий болсон, хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг буцаагаад Японы зах зээл рүү гаргах зам нээгдэж байна. Энэ бүх бололцоог бий болгохын тулд эцсийн дүндээ хүн л ажиллана. Япон, Монголын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаанд улс төрийн том шийдэл гаргаж өгч байгаа юм.
-Гэрээ батлагдахыг бизнесмэнүүд чих тавин хүлээж байсан. Манайхаас Японы зах зээлдхичнээн нэр төрлийн бүтээгдэхүүн гаргах юм бэ?
-Наад зах нь манайхаас 5700 бараа бүтээгдэхүүнийг Японы зах зээл рүү гаргана. Нэр төрлөөр нь гэрээнд оруулсан байгаа. Улс төр, хууль эрх зүй, боловсролын талаас гэрээ бүх боломжийг нээгээд өгчихсөн. Одоо ашиг орлого олох, тэр Японы том зах зээл рүү гаргах, үр шимийг нь хүртэх гарц нээлттэй болсон. Мөн Японы том зах зээлийг хоёрдогч түүхий эдээр юм уу, тэнд бүтээгдэхүүн нийлүүлэх, хангах бололцоо нь нээгдэж байгаа юм.
-Эдийн засгийн түншлэлийн гэрээ нь хоёр улсын бизнес эрхлэгчдэд татварын таатай орчинг бүрдүүлнэ гэсэн байх аа. Манайхаас хичнээн нэр төрлийн бүтээгдэхүүн Японы импортын гаалийн тарифаас чөлөөлөгдөх вэ?
-Япон бол өөрөө өндөр татвартай. Гэхдээ татварын хэсэгт нэлээд олон зэрэглэлд хуваачихсан. Тэр зэрэглэлийн дагуу татварууд нь үе шаттайгаар багасна. Яваандаа нэг татварын хэмжээнд очино. Гэрээнд энэ нь албан ёсоор суусан байгаа.Мөн гэрээний нэг онцлог бол эрх зүйн орчны бүх тохироонууд тусгагдсан. Дээр нь чөлөөтэй капитал эргэлдэх, бараа бүтээгдэхүүн, хөдөлмөрийн зах зээл чөлөөтэй байх зэргийг суулгасан байгаа юм. Японы зах зээлд экспортлоход импортын тарифаас чөлөөлөх бараа бүтээгдэхүүний жагсаалтыг гэрээнд тусгасан. Тухайлбал, өнгөт болон хар төмөрлөгийн үйлдвэр, газрын тос, нүүрс-химийн үйлдвэрийн үндсэн хийгээд дайвар бүтээгдэхүүн. Бүх төрлийн ган, төмөр, түүгээр хийсэн бүтээгдэхүүн, тунгаагаагүй зэс, катодын зэс, нэхмэл сүлжмэлийн 1200 орчим бүтээгдэхүүн, арьс шир, үслэг эдлэл, түүгээр хийсэн гутал, эд анги, цүнх, түрийвч, бээлий зэрэг бүтээгдэхүүнүүдийг Японы тал татвараас бүрэн чөлөөлсөн байгаа юм.
-Японоос импортлох бараа бүтээгдэхүүн бас хямд өртөгтэй байна гэсэн хүлээлт бий. Ялангуяа автомашин дээр их яригдаж байгаа?
-Японоос импортолж байгаа бараа бүтээгдэхүүний 60 гаруй хувь нь автомашин байгаа. Үүнийг дагаад сэлбэг орж ирдэг байгаа. Өнөөдөр манай валютын гол эх үүсвэр бол автомашины худалдаа, сэлбэгт явж байдаг. Өнөөдөр уул уурхай, барилгын салбар зогсонги байдалд орсон тохиолдолд автомашин, сэлбэг дийлж байна.
-Өнөөдөр Монголын хичнээн компани Японтой бизнесийн харилцаатай байдаг вэ?
-МХАҮТанхим дээр бүртгэлтэй 60-аад компани бий. Танхимд Япон Монголын хамтын ажиллагааны зөвлөл гэж байгаа. Манайхаас гадна ОХУ, Солонгос, БНХАУ-д ийм зөвлөл ажилладаг. Япон Монголын зөвлөлийг Токиод Монгол Улсаа төлөөлөн сууж байгаа Даваадорж авч явж байсан. Одоо Т.Хасбаатар гэдэг залуу хариуцан ажиллаж байна. Ерөнхийдөө зөвлөлийн гол онцлог бол түншлэлийн гэрээг аль болох хоёр талын бизнес эрхлэгчдэд сурталчлах, давуу талыг нь ойлгуулах, зөвхөн өөрсдөө биш, өрөөлийг үүн рүү хандуулах үүрэгтэй.
-Хоёр улсын хооронд эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулагдсанаар нэг талаар бизнес эрхлэгчдэд том боломж олдож байгаа ч давхар хариуцлага нэмэгдэнэ. Тэгэхээр манай бизнесмэнүүд юун дээрээ анхаарвал зохих вэ?
-Хамгийн гол нь манайхан судалгааны ажлаа сайн хийх ёстой. Нөгөө талаар манайхан 25 жилийн өмнөхөө бодвол харьцангуй бизнесийн гэрээ хэлцлээ тодорхой түвшинд хийж сурч байна. Том төслүүдийн гэрээ хэлэлцээрийг ч хийж байна. Өчигдөр Оюу толгойн II шатны төсөл гарын үсэг зурагдлаа. Бас Таван толгойн гэрээг удахгүй хийхээр ажлууд нь явж байна. Хамгийн чухал нь монгол баялаг бүтээгчид 10 сая ам.доллараас нэг тэрбум хүртэлххэмжээний төслүүд дээр ажиллаад сурсан байна. Энэ бол өөрөө давуу тал. 15-20 жилийн өмнө 10 сая ам.долларын төсөл гэдэг бол ахадсан тоо байлаа. Гэтэл өнөөдөр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай хэд хэдэн үйлдвэрүүдийг бариад эхэлчихсэн байна. Том хөрөнгийг хөдөлгөх эрдмийг сурч байгаа. Мэдээж капиталист нийгэмд хөрөнгө оруулалт, баялаг, технологи, хүний нөөц хэрэгтэй. Үүнд зах зээлд тохирсон хууль эрх зүй ч хэрэгтэй. Мэдээж бидэнд байгалийн нөөц, цөөхөн хүн ам байна. Тэгэхээр сайн технологи, сайн инноваци, хөрөнгө оруулалтаар бид бусад давуу талаа нөхөх бололцоо байгаа. Үүнийг нээх бололцоо Японы түншлэлийн гэрээгээр орж ирэх хөрөнгө оруулалт юм. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хамгийн гол үндсэн эерэг үр дүн бол энэ хөрөнгө оруулалтуудыг хийхэд Монголын талын компаниуд зөв санхүүтэй байх. Ямар ч хөрөнгө оруулагчийн гол тавьдаг зүйл нь шалгуур бол тэр компанийн албан ёсны санхүүг үздэг. Албан ёсны санхүүгээ үзүүлэхэд хэрвээ Монголын татварын байгууллагын тамгатай нэг балансаа үзүүлбэл гадаадынхан тун таатайгаар хөрөнгө оруулдаг. Яагаад гэвэл тэнд төрийн тамга байгаа болохоор. Гэтэл манайд ямар үйлдэл одоо ч гарч ирдэг вэ гэвэл татварын газар 100 сая төгрөгийн борлуулалтын татвар өгчихсөн байдаг. Наанаа хоёр тэрбум төгрөгийн борлуулалттай бичиг гаргаад ирдэг. Хуурамч ийм зүйлээс хөрөнгө оруулагчид зугтдаг. Яагаад гэвэл энэ хүн албан ёсны санхүүгээ уншуулж чадахгүй бол яаж хөрөнгө оруулагчаа олж, хувьцаагаа гаргах юм бэ. Гэхдээ Эдийн засгийн ил тод байдлынтухай хууль энэ бололцоог олгодог юм.
-Хоёр улсын хооронд байгуулагдаж буй гэрээ хэлэлцээрийн гол хамгаалах зүйл нь шүүх засаглал байх нь зайлшгүй. Японтой байгуулсан Эдийн засгийн түншлэлийн энэ гэрээнд үүнийг хэрхэн тусгасан бэ?
-Гэрээний хамгийн сүүлийн бүлэгт арбитрын шүүхийн асуудлыг нэлээд томоор хийж өгсөн. Гэхдээ бид аль болох арбитрт хүрэхгүйгээр хоорондоо гарсан маргаанаа эвийн шугамаар шийднэ гэсэн үндсэн зарчимтай. Тэр маань шийдэгдэхгүй бол арбитрт очно шүү дээ. Арбитрын шүүхийн хэсэг бол тусдаа бүлэг болж орсон байгаа. Яагаад гэвэл энэ маань сүүлийн 20 жилд явсан сөрөг талын үр дүнгээс бүхэл бүтэн бүлэг болж орсон байх л даа. Яагаад гэвэл манайхны зарим нь шударга байж чаддаггүй. Гадны хөрөнгө оруулагчдыг хулхиддаг, гэрээ хэлцэлдээ хүрдэггүй. Бараа бүтээгдэхүүнээ нийлүүлдэггүй. Хүний нөөцөө хангадаггүй зэрэг энэ бүгдээс сэргийлж шүүхийн хэсэг нэлээд томорсон байх. Энэ бол бидний сөрөг замын л үр дүн.
-Ямартай ч гэрээ байгуулагдчихлаа. Тэгэхээр үүнийг хэрэгжүүлэхэд таатай орчин бүрдүүлэх хууль эрх зүй ямар байх ёстой вэ?
-Япон бол арав гаруй улстай 100 хувь түншлэлийн гэрээ хийдэг юм билээ. Монгол Улс 16 дахь нь. Тэгэхээр гэрээ хэлцэл хийж хоёр талаас улс төрийн хувьд шийдвэр гаргачихлаа. Хоёр талдаа хууль эрх зүй, татвар, шүүх, санхүү, мөнгөн урсгал, хүний эрх, эрх чөлөө, өмч хамгаалах асуудал байна уу гэдгийг яг тэнцүү шаардаж байгаа юм. Эдгээр тэнцүү болсон тохиолдолд албан ёсны гэрээ хэлэлцээр хэн хэндээ ялагч-ялагч буюу win-winзарчмаар үйлчилнэ. Энэ шаардлагуудыг бүгдийг нь тавьж байгаа юм.
-Манай талаас юун дээр анхаарах ёстой вэ?
-Татвар, хууль эрх зүйн орчноо тэнцүү болгох хэрэгтэй байх.Татварын хэмжээний хувьд манайх Японд давуу тал олгож байгаа. Татвар авч байгаа процесс, хүндрэлтэй асуудлуудыг гадныхан байтугай дотоодынхон ч ойлгохгүй байдаг. Үүнийг нөгөө талын гэрээ хэлэлцээрт орж байгаа хүмүүс бүгдийг нь ил тод ойлгомжтой болгохыг шаарддаг.
-Японоос ямар хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх бол?
-Хамгийн гол нь гэрээний талаар сайн танилцуулах ёстой. Энэ хоёр танхимын үүрэг, бизнесмэнүүдийг холбож байгаа байгууллагуудын үүрэг аль болох сайн сурталчилж, сайн мэдүүлэх тусам энэ хөрөнгө оруулалтуудыг татна. Технологитой хүмүүсийн хөрөнгө оруулалтыг татахын тулд хүч хөдөлмөр шаардана.
-Манайх Японы зах зээлд хонь, ямааны мах гаргана гэж байсан. Энэ ажил хэр нааштай явж байна?
-Түншлэлийн гэрээ хийх үеэр манай нэг бизнесмэн залуу Японтой махны асуудлыг нэлээд нарийн ярьсан. Хонины мах, ямааны мах гэж нэрийг нь зааж оруулсан. Япончууд монгол малын махыг их сонирхож байгаа. Хонины мах авахын тулд малынх нь бүх вакцин, халдваргүй байдлын технологийг хангана. Аль аймгаас хэдий хэмжээний мах авах зэрэг бүх төсөл нь хийгдчихсэн байгаа. Одоо вакцин нь орж ирээд малд хийгдэхээс өгсүүлээд олон ажил явагдаж байгаа юм билээ. Ингээд стандарт хангагдвал Япон руу мах гаргахад ойрхон байна лээ. Гэхдээ үүнийг бүр томоор хараад явж байгаа монгол залуус бий. Бүр Японы төсөвт мөнгө суулгуулчихсан байгаа юм. Саяхан авсан мэдээгээр Японоос ирсэн хүмүүс манай төмс, хүнсний нөгөөг онгоцоор зорчихдоо хүртэл аваад явдаг сурагтай. Яагаад гэвэл тэнд атомын бөмбөг дэлбэрч байсан.Мөн дөрвөн жилийн өмнө станц дэлбэрсэн. Тиймээс агаар, хөрснийх нь асуудал хүнд байгаа болохоор Монголын эрүүл хөрсөнд ургасан ногоо, малын махыг идэх сонирхол их байна.
-Та түрүүн Японд дутагдаж байгаа эрчим хүчний нөөцийг хангах үүднээс манай улс давуу талаа ашиглах ёстой гэлээ. Японд эрчим хүч худалдана гэсэн үг үү?
-Японы парламентад 15 жил ажилласан, хотын захирагч байсан Тэцундо Ивакуни гэж хүн манай улсад ирсэн. Тэрбээр өчигдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Ээжийн төгөл” нээж мод тарьсан юм. Энэ хүн нэг зүйл хүсч байсан “Бид олон жилийн харилцаатай Монгол Улсад модтарьж байгаа нь чухал юм. Гэхдээ бид та бүхнээс нэг зүйл гуйя. Манайд нарнаасаа өгөөч. Танайд 360 хоногийн 300 гаад хоног нь нартай байдаг юм байна. Харин Японд эсрэгээрээ. Манай газар нутгаас дөрөв дахин их хэрнээ хүн ам нь 40 дахин бага. Тэгэхээр нар та бүхэнд их байна. Нарнаасаа өгөөч” гэсэн. Уг нь 2012 онд Японд С.Батболд сайд байхдаа айлчлах үеэр тус улстай санамж бичигт гарын үсэг зурсан юм. Тэр компани Монголд 10 жилийн хугацаанд 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад Дорнод, Дорноговь хээр талын бүсэд нарны эрчим хүчний станц барих тухай байсан. Энэ тухай Тэцундо Ивакунид би хэлж, сануулсан. “Та улстөрчийнхөө хувьд үүнийг ажил хэрэг болгохыг хичээгээрэй. Манай говийн хэсэгт нарны эх үүсвэртэй цахилгаан станц барих юм бол тэр япон руу буцаад нар очно” гэсэн. Тэр үед төслийг бид танилцуулж байхдаа, хэрвээ 10 жилийн дараа нарнаас авсан эрчим хүч нь 2012 онд Японы үйлдвэрлэж байгаа нийт эрчим хүчнээс тав дахин илүү цахилгаан үйлдвэрлэнэ гэж байсан. Тэрийг Япон руу гаргах өндөр хүчдэлийн шугам гээд ажил ундарна л даа.
-Японд мянган инженер сургахад МУИС, ШУТИС, МҮХАҮТ гурав хамтраад нэг гэрээнд гарын үзсэг зурсан. Танхимын зүгээс ямар оролцоотой юм бэ?
-Япон руу мянган инженер бэлтгэх төслийг хоёр жилийн өмнө Л.Гантөмөр сайдсанаачлаад энэ нь ажил хэрэг болоод, 1000 инженер явах эхнийхээ болзлыг хангаж байгаа юм байна. Магистр, докторын хэмжээнд, зэргийн бус сургалт байгаа. Залуус Японд суралцаад ирэхэд нь ажиллах зах зээл нь бэлэн байх ёстой. Тийм учраас танхим тэднийг хөдөлмөр эрхлэхэд нь зуучлах юм.
М.МӨНХЦЭЦЭГ
Азийн залуучуудын зөвлөлийн 13 дугаар Ерөнхий ассемблей энэ сарын 18-21-ний хооронд Монгол Улсад зохион байгуулагдаж байна. Чуулганы хүрээнд өнөөдөр Хөрөнгө оруулагч бизнес эрхлэгч залуучуудын форум боллоо. Уг форумд гадаад, дотоодын нийлсэн 200 орчим бизнес эрхлэгч залуучууд оролцсон юм. Бизнес эрхлэгч залуучууд Ази, тэр дундаа Монгол Улсад хөрөнгө оруулах боломж, тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдэх арга замыг хэлэлцэж байгаа нь форумын онцлог гэж зохион байгуулагчид нь хэлж байна.
Форумд оролцогчид банк санхүү, хөдөө аж ахуй, мэдээлэл технологи, аялал жуулчлал, барилга, худалдаа үйлчилгээ, хөнгөн үйлдвэр, жижиг дунд үйлдвэр зэрэг найман салбарын бизнес хөгжил, хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн дүнд Азийн бүс нутгийн хэмжээнд хөрөнгө оруулалт, бизнесийн стратегиудыг өөрийн улсын залуу бизнес эрхлэгчдийн өмнө нээж өгөх, бизнес эрхлэгч залуучуудын харилцаа холбоог хөгжүүлэх сүлжээ үүсгэх, мэдлэгэ туршлага солилцох, чадамжийг нэмэгдүүлэх, Монголын зах зээлийн өнөөгийн байдал, бизнес боломжууд болон залуу бизнес эрхлэгчдийн төслүүдийг танилцуулсан юм.
Азийн залуучуудын зөвлөлийн 13 дугаар Ерөнхий ассемблейг Засгийн газар, Хүн амын хөгжил Нийгмийн хамгааллын яам, Азийн залуучуудын зөвлөл, Монголын залуучуудын холбоотой хамтран зохион байгуулж байгаа юм
Өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхэлсэн Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 32 удаа явагдаж, нийт 2.352.607 ширхэг үнэт цаасыг 235.2 тэрбум төгрөгөөр арилжжээ. Үүнээс 88.7 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасны хүүгийн болон үндсэн төлбөрийн эргэн төлөлт хийгдэж, 2.9 тэрбум төгрөгийн өгөөжийг хөрөнгө оруулагчид хүртсэн байна.