Categories
мэдээ эдийн-засаг

Хөрөнгийн биржийн үүрэг гүйцэтгэгчээр М.Болорыг томиллоо

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны есдүгээр сарын 28-ны өдрийн хурлаар Д.Ангарыг үүрэгт ажлаас чөлөөлж, М.Болорыг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.

Мөнхсайханы Болор нь ХБНГУ-ын Берлин хотын Эдийн засгийн сургууль болон АНУ-ын Техас муж дахь Райсын их сургуульд мэргэжил дээшлүүлж, улмаар Люксембургийн их сургуулийн Санхүүгийн сургуульд Банк, санхүүгийн чиглэлээр Шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалсан.

Тэрээр ажлын гараагаа Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газарт эдийн засагчаар эхэлсэн. Тус байгууллагад арав гаруй жил ажиллах хугацаандаа арилжааны банкуудын баланс, зээлийн тайлан, аймгуудын тайлан болон судалгааны бюллетень зэргийн ерөнхий загварчлалыг боловсруулж улс орон даяар хэрэглээнд нэвтрүүлжээ. Мөн Монгол улсын эдийн засгийн макро загвар, салбар хоорондын бүтэц зэрэг сэдвээр судалгааны ажил хэвлүүлсэн. 2013 онд судалгаа шинжилгээний “Элүдэй” ХХК-г үүсгэн байгуулж бизнес консалтингийн салбарт ажилласан туршлагатай ажээ.

Categories
мэдээ эдийн-засаг

“Тавантолгой”-н төслийн хэлэлцээр урагштай байгаа гэв

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өчигдөр Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчтай хийж байгаа гэрээ, хэлэлцээрийн талаар мэдээлэл сонсчээ. Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрээр “УИХ-аас Тавантолгойн гэрээ, хэлэлцээг тодорхой хэмжээгээр шинэчлэх шаардлагатай. Энэ ордыг эзэмших, ашиглах талд үр ашгийг нь нэмэгдүүлэх шаардлагатай” гэж үзсэн. Үүний дараа Ерөнхий сайдын 165 дугаар захирамж гарсан. Уг захирамжаар Тавантолгойн хөрөнгө оруулагчтай хийх гэрээ хэлэлцээрийг үргэлжлүүлэх, хэлэлцээрийн төслийг бэлэн болгох ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэгт Хөрөнгө оруулалтын газар, “Эрдэнэс Тавантолгой”, “Монголын төмөр зам” болон олон улсын эдийн засгийн, хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаниуд нэгдсэн байдлаар орж ажиллаж байгаа. Хөрөнгө оруулагч тал болох консерцумд багтаж байгаа Хятадын “Шиньхуа” групп, “Энержи ресурс” болон “Суматимо” корпорацитай тус ажлын хэсэг өнгөрсөн наймдугаар сарын 4-нөөс хойш 20 гаруй удаагийн уулзалт хийсэн байна. Эхний байдлаар тодорхой үр дүнд хүрч байгааг Уул уурхайн сайд Р.Жигжид мэдээлэлдээ дурдсан.

Хөрөнгө оруулагч тал “Монголын талтай өмнө нь хийж байсан хэлэлцээрийнхээ үндсэн зарчмыг баримтална. Шинээр томоохон өөрчлөлт оруулахгүй” гэдэг саналыг тавьсан байна. Монголын ажлын хэсгийн талаас Тавантолгойн ордын үр ашгийг дээшлүүлэх үүднээс хэд, хэдэн зарчмын шаардлагыг тавьсан. Ажлын хэсгийнхэн зарим тал дээрээ хэд хэдэн тохиролцоонд хүрсэн гэж мэдээлсэн. Юуны өмнө төслийн консерцумиар байгуулж байгаа “Эрдэнэс MGL” компани хувь эзэмших асуудалд нааштай шийдэлд хүрч, урьдчилсан байдлаар тохиролцож чаджээ. Хувь эзэмшсэнээр зөвхөн Монголын тал ашиг авахаас илүү ногдол ашиг авна. Дээр нь үйл ажиллагаанд оролцож, хяналт тавих боломж бүрдэнэ. Хоёрдугаарт, төмөр замын асуудал байгаа.

УИХ-аас буцаасан гэрээнд төмөр замыг “Шиньхуа” групп концессийн гэрээгээр бариад, 30 жил ашиглаад шилжүүлэх нөхцөлөөр орж ирж байсан. Одоо “Монголын төмөр зам” компани 51 хувийг эзэмших эрхтэйгээр оролцох тал дээр урьдчилсан байдлаар тохирч. Ингэж оролцсоноор Монголын тал ирээдүйд төмөр замыг ашиглах, тээвэр явуулах талд давуу эрх үүснэ гэж үзэж байгаа. Төмөр замыг концессоор барихаа больж байна. Ингэснээр “Монголын төмөр зам” компани “Шиньхуа” групптэй хамтарч төмөр зам байгуулахаар урьдчилсан байдлаар гэрээгээ үзэглэсэн байна. Нэг ёсны хоёр талаасаа хөрөнгөө гаргаад төмөр замаа барина гэсэн үг.

Мөн маркетинг, борлуулалтын төсөлд Монголын тал “Эрдэнэс MGL” компани 10 орчим хувийг эзэмшинэ гэж ярьж байна. Энэ тохиолдолд Монголын тал борлуулалтад өөрсдийн байр сууриа илэрхийлж, хяналтаа тавих боломж бүрдэнэ гэж үзэж байна. Хэлэлцээр үргэлжилж байна. Ажлын хэсгийн тайлбарлаж байгаагаар хэлэлцээр цаашид амжилттай үргэлжлэх нөхцөл бололцоо байна гэсэн танилцуулга хийсэн. “Тавантолгой”-н төслийн хэлэлцээр урагштай явж байна гэсэн ойлголтыг Засгийн газрын гишүүд авсан” хэмээн мэдээлсэн юм.

Тэрээр мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-“Тавантолгойн төслийг УИХын намрын чуулганаар хэлэлцүүлж амжих болов уу?

-Энэ бол дунд хугацааны хэлэлцээрийн явц. Дахин Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээрийн явцыг танилцуулна гэсэн. Эцсийн байдлаар танилцуулаад төслийг УИХ-д өргөн барина. Аль болохоор хурдан өргөн барих байр суурьтай байгаа.

Энэ оны төсвийн тодотголыг хэзээ өргөн барих бол?

-Төсвийн тодотголыг хуулийн хугацаандаа, 2016 оны төсвийн хуультай хамт маргааш өргөн барина.

Дэд сайд нарын томилгооны асуудлыг хэлэлцсэн болов уу?

-Дэд сайд нарын асуудлыг хэлэлцээгүй. Шаардлагатай тохиолдолд Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэн томилох байх.

Categories
мэдээ эдийн-засаг

Б.Бямбасайхан “Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүнээр томилогдлоо

“Оюутолгой” компанийн Монголын талын ТУЗ-ийн гурав дахь гишүүнээр “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан томилогдсон байна. “Оюутолгой” компанийн удирдах зөвлөлийн гишүүнээр өмнө нь Д.Ганболд, Г.Тэмүүлэн, Ч.Отгочулуу нар ажиллаж байсан юм. Харин Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байсан Г.Тэмүүлэн өнгөрсөн дөрөвдүгээр сард Оюутолгойн ТУЗ-аас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, үүнийгээ “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлж хийж байсан. Дараа дараагийн гэрээний өөрчлөлтийг хийхдээ энэ зарчмаа ягштал баримтлах ёстой. Хуулиас болон байгуулсан гэрээнээс давсан зүйл байх ёсгүй. Гэтэл одоо хийж байгаа хэлэлцээр дээр ийм зарчим мөрдөж чадахгүй байгаа учраас би чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан” гэдгээр тайлбарлаж байсан юм.

Тэгвэл “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан нь “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-г батлалцахад оролцсон гол хүн юм. Өнгөрсөн баасан гаригт түүнийг Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээр томилох шийдвэр гарчээ.

Г.Тэмүүлэн дөрөвдүгээр сард ТУЗ-ийн гишүүний ажлаа хүлээлгэн өгснөөс хойш “Оюутолгой” компанийн ТУЗ найман гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан бол ийнхүү ес дэх гишүүнээрээ Б.Бямбасайханыг томиллоо. “Rio Tinto” групп нь далд урухайн бүтээн байгуулалтын эхлэлд зарцуулах 4.2 тэрбум ам.долларын төслийн санхүүжилтийн багцыг олон улсын 20 орчим банк санхүүгийн байгууллагуудаас босгохоор төлөвлөж байгаа аж.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголын хөрөнгийн биржид репо арилжааг нэвтрүүлнэ

Монголын хөрөнгийн биржээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн 12, 28, 52 долоо хоногийн хугацаатай Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж эхэлсэн. Тэгвэл хөрөнгийн биржээс ирэх аравдугаар сардаа багтаад зах зээл дээр репо арилжааг нэвтрүүлэхээр зорьж ажиллаж байгаа аж. Репо буюу буцаан худалдан авах нөхцөлтэй арилжааг нэвтрүүлснээр хөрөнгө оруулагчид худалдан авсан үнэт цаасыг хугацаанаас нь өмнө үр ашигтай нөхцөлтэйгөөр эдийн засгийн эргэлтэнд оруулах боломж нээгдэх юм. Ингэснээр ЗГҮЦ-ны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, эдийн засагт богино хугацаат зээлийн хүүгийн дэмжлэг үзүүлэх болможтой гэж Хөрөнгийн биржийн албаныхан үзэж байгаа юм байна. Дашрамд дурьдахад, өнгөрсөн хугацаанд хөрөнгийн бирж дээр ЗГҮЦ-ны 400 гаруй тэрбум төгрөгийн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаа хийгджээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Эсгий урлалыг Японы зах зээлд гаргана

Монголынхоо соёл урлагийг хөгжүүлэх юмсан гэсэн чин хүсэлтэй Японд амьдардаг нэгэн уран бүтээлч монгол бүсгүй “Монголд урлагийн сургууль байгуулах Япон дахь холбоо”-г байгуулж, нийгмийн эмзэг бүлгийн иргэд, оюутан сурагчдад эсгий урлал, гар урлалын үнэ төлбөргүй сургалтыг хийж эхэлжээ.

Сургалтад одоогийн байдлаар 20 орчим хүн хамрагдаж, данхны тавиур, малгай, цүнх, цамц, гутал, бойтог хийж сурсан байна. Тус холбооны зүгээс суралцагч нараасаа амжилттай суралцсан иргэдийг ажлын байраар хангаж, тэдний хийсэн бүтээгдэхүүнийг Японы зах зээлд гаргах зорилготой аж.

Мөн монгол эсгийг сүүлийн үеийн технилогиор боловсруулж, орчин үеийн Дорнын соёл, хэв маягийг шингээсэн шинэлэг загвартай эцсийн бүтээгдэхүүнийг бий болгохоор ажиллаж байгаа аж. Иймд холбооныхоо шугамаар Японы хамгийн нэр хүндтэй нэхмэл, гар урлалын “Tansan” компанийн загвар зохион бүтээгчдийг эх орондоо урьж, дадлага дээр тулгуурласан сургалтыг хийж эхэлсэн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

НӨАТ-ын буцаан олголтоо 2017 оноос өгнө

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын хаврын чуулганаар баталсан. Иргэдэд татварын өгөөжийг илүү хүртээмжтэй болгох тус хуулийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх юм. Уг хуульд иргэд худалдан авсан бараа, үйлчилгээндээ төлсөн НӨАТ-ын дүнгийн 20 хүртэлх хувийг буцаан авах, төлбөрийн баримтаараа сугалаанд оролцох тухай заалт нэмжээ.

Үүнтэй холбоотойгоор Татварын ерөнхий газрын дэргэд “Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем хөгжүүлэх” төслийн нэгжийг байгуулжээ. Тус төслиин нэгжийн захирал Р.Отгонтулга “Хууль хэрэгжиж эхэлснээр аж ахуйн нэгжүүд кассын машины систем ашиглан нэг ижил стандартын төлбөрийн баримт хэвлэнэ” хэмээн ярилаа. Уг баримтаар иргэд сугалаанд оролцох боломжтой юм байна. Бас буцаан олголтын урамшууллыг арилжааны банкуудтай хамтран иргэн бүрт олгохоор ажиллаж байгаа аж.

Сангийн дэд сайд С.Пүрэв “Хууль хэрэгжсэнээр аж ахуйн нэгжүүдийн бүртгэл тооцоо сайжрах ач холбогдолтой. Мөн бүхий л худалдан авалт бүртгэгдэн, ил тод байдал хангагдана” гэв. Иргэд буцаан олголтоо 2017 оны эхний хагаст авах боломж бүрдэх гэнэ.

Categories
мэдээ эдийн-засаг

Эдийн засгийн өсөлт гурван хувьд хүрнэ гэв

Азийн Хөгжлийн Банкнаас эдийн засгийн сэдвээр жил бүр нийтлэн гаргадаг “Азийн хөгжлийн төлөв” тайлан гарсан байна. Уг тайланд БНХАУ болон БНЭУ-ын эдийн засгийн өсөлт сул, томоохон аж үйлдвэржсэн орнуудын эдийн засгийн сэргэлт удаашралттай байгааг тэмдэглэжээ. Энэ нь хөгжиж буй орнуудын 2015 болон 2016 оны эдийн засгийн өсөлтийн төлвийг өмнөх таамаглалаас доошлуулахад нөлөөлсөн хэмээн тэд үзсэн байна.

Монгол Улсын ДНБ- ий өсөлт өмнөх онтой харьцуулахад оны эхний хагаст гурван хувь болж буурсан нь “Азийн хөгжлийн төлөв” тайлан дахь жилийн өсөлтийн таамаглал тооцоотой дүйцсэн. Оюу толгойн ил уурхайгаас олборлох зэсийн хүдэр, алт, мөн баяжмалын үйлдвэрлэл улам бүр өсч байгаа нь БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн удаашралаас Монгол Улсад үзүүлэх сөрөг нөлөөллийг зөөллөхийн зэрэгцээ үйлвэрлэлийн салбарын өсөлтийг өндөр хэвээр буюу 12.1 хувьд хадгалахад нөлөөлсөн байна.

Мөн энэ оны өсөлтийн таамаглалыг гантай жилийн ургацын алдагдлаас голлон шалтгаалж 2.3 хувь болгон буурууллаа. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт 2016 оны дунд үеэс эхлэх тул ирэх оны ДНБ-ий өсөлтийн хувь хэмжээ сэргэж гурван хувьд хүрнэ гэжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Төсвийн алдагдал оны эцэст нэг их наядад хүрэхээр байгаа гэнэ

Сангийн яамнаас 2015 оны төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн барихад бэлэн болоод байгаа тухай мэдээлжээ. Ингэхдээ урсгал зардлыг тэвчиж болох дээд хязгаарт барьж байгаа гэж онцолсон байна.

Ерөнхий сайд он дуустал улс төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хүртэлх хувиар бууруулах санал гаргасан. Мөн гадаад, дотоод томилолт, сургалт, хурал зөвлөгөөн, эд хогшил худалдаж авах зэрэг тэвчиж болох бүх зардлаа царцаах чиглэл өгөөд байгаа. Энэ онд цалин нэмэхээр төлөвлөсөн ч үүнийг ирэх оны төсөв рүү шилжүүлэх асуудлыг ч хөндсөн.

2015 оны эхний найман сарын байдлаар төсвийн алдагдал 770 орчим тэрбум төгрөгт хүрсэн, оны эцэст нэг их наядад хүрэхээр байна гэж Сангийн яам тооцсон гэнэ. Мөн эдийн засгийн бага өсөлтийн жилүүд ирж байгаа учраас ирэх оны төсөв ч бас тийм өөдрөг байхгүй гэж Сангийн яамнаас мэдээлжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк 11.2 сая ам.доллар нийлүүлжээ

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1993.20-1999.10 төгрөгийн ханшаар 24.0 сая ам.доллар худалдан авах санал ирүүлжээ. Мөн 310.06-311.61 төгрөгийн ханшаар 36.5 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн байна. Монголбанк 11.2 сая ам.долларыг 1996.00 төгрөгийн хаалтын ханшаар, 10.50 сая юанийг 310.66 төгрөгийн хаалтын ханшаар нийлүүлжээ. Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 70.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн, 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк 11.5 сая ам.доллар худалджээ

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкуудаас ирүүлсэн 1989.06-1995.90 төгрөгийн ханшаар 26.2 сая ам.доллар, 311.06-312.6 төгрөгийн ханшаар 61.0 сая юань худалдан авах саналыг үндэслэн, Монголбанк 11.5 сая ам.долларыг 1995.10 төгрөгийн хаалтын ханшаар, 29.00 сая юанийг 311.55 төгрөгийн хаалтын ханшаар тус тус худалдав.

Энэ өнөөдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 94.9 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн, 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэв.