Categories
мэдээ эдийн-засаг

Долларын ханш 1994 төгрөг байна

Зургадугаар сараас эхлэн өсч, 2005 төгрөгт хүрээд буурсан долларын ханшид энэ долоо хоногт өөрчлөлт бараг ажиглагдсангүй. “Найман шарга зах дээр” нэг ам.долларыг 1992 төгрөгөөр авч, 1994төгрөгөөр зарж байгаа бол арилжааны банкууд 1998 төгрөгөөр зарж байна. Хэрэв энэ оны сүүлээр төлөвлөсний дагуу Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах эхний ээлжийн 4.2 тэрбум долларын хөрөнгө оруулалт Монголд орж ирвэл долларын буурна гэж албаны хүмүүс үзэж байгаа. Гэхдээ ирэх жилийн төсөвт нэг ам.долларыг 2030 төгрөгөөр бодож суулгасан. Тиймээс хэрэв Оюутолгойн бүтээн байгуулалтын санхүүжилт орж ирэхгүй бол долларын ханш ахиад өсч магадгүй байгаа юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Манай улсын зээлжих зэрэглэлийг бууруулжээ

Олон улсын үнэлгээний “S&P” агентлаг Монгол Улсын Засгийн газрын урт хугацааны зээлжих зэрэглэлийг B+ байсныг бууруулж, “В” буюу “тогтвортой” хэмээн үнэллээ. Урт хугацааны зээлжих зэрэглэлээс гадна гадаад шилжүүлэг болон валютын хөрвөх чадварыг үнэлгээг “ВВ-” байсныг “В+” болгожээ. Харин Засгийн газрын богино хугацааны зээлжих зэрэглэлийг “В” зэрэглэлд хэвээр үлдээсэн байна.

Урт хугацааны зээлжих зэрэглэлийг ийнхүү бууруулсан гол шалтгаан нь Монгол Улсын эдийн засгийн өсөлт цаашид саарна гэж үзжээ. Гэхдээ дунд болон урт хугацаанд харьцангуй тогтвортой байх буюу дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2015-2018 онд дунджаар 4.3 хувьтай байна гэсэн тооцоог гаргасан байна.

Харин ойрын 3-4 жилийн эдийн засгийн өсөлт “Оюу Толгой”, “Таван Толгой” гэсэн хоёр томоохон уул уурхайн мега төсөл төлөвлөж байгаагаар шийдэгдэж, үргэлжлэх эсэхээс хамаарна гэж үзжээ. “S&P” агентлагын үзэж байгаагаар Монгол Улсын эдийн засаг бол бага орлоготой, байгалийн баялагт суурилсан, улс төрийн бодлого, орчин тун муу, төсвийн гүйцэтгэл, гадаад хүчин зүйлийн эрсдэл өндөр, мөнгөний бодлогын хувилбар хязгаарлагдмал гэсэн дүгнэлт гаргасан байна.

“S&P” агентлагын тооцоолсноор Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 2017 он хүртэл 4 хувиас доогуур байх хүлээлттэй байна. Эдийн засгийн өсөлт удааширч байгаа шалтгааныг худалдааны эргэлт буурч, уул уурхайн олон төрлийн бодлого явуулж гадны хөрөнгө оруулагчдыг үргээснээс болсон гэж тус агентлаг дүгнэж байна. Түүнчлэн гадаад тэнцэлд эрсдэл үүсч болзошгүйг сануулжээ.

Хэдийгээр урсгал тэнцлийн алдагдал энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүний 9.4 хувиас доогуур гарч, таван жилийн дараа дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь нэг оронтой тоонд шилжинэ гэсэн хүлээлт байгаа хэдий ч цаашдаа эргээд өснө гэж үзэж байна. Учир нь дээрх хоёр том төсөл урагшилснаар импортын хэмжээ нэмэгдэх төлөвтэй байгаа юм.

Монгол Улсын гадаад өр болон санхүүгийн секторын гадаад актив 2010 онтой харьцуулахад 145 хувиар өссөн байна. Харин 2018 он гэхэд 133 хувь болно гэж “S&P” агентлаг үзжээ. Мөн Төв банкны бодлогын хүү өндөр байгаа нь чанаргүй зээлийн хэмжээ өсөхөд нөлөөлөх эрсдэлтэйг онцлоод түүхий эдийн зах зээлийн үнэ ханшийн уналт төсвийн төлөвлөлтөд эрсдэл дагуулсаар байгааг үнэлгээндээ дурджээ.

Үүнээс гадна “S&P” агентлаг Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг бууруулсны зэрэгцээ Хөгжлийн банк болон зарим арилжааны банкны зэрэглэлийг мөн бууруулсан байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Арилжааны банкаар дамжихгүй зээл авах боломж олдох нь

Арилжааны банкны өндөр шалгууртай зээлэнд хамрагдахгүйгээр байр авах боломж гэр хорооллынхонд байна. Эхний хоёр гурван жилдээ түрээсийн хэлбэрээр төлбөрөө төлөх нь. Тэгээд ипотекийн зээлд хамрагдах аж. Орон сууцны метр квадратын үнэ нь ч боломжийн. Сая нэг зуун мянган төгрөг гэсэн тооцоог төсөл хэрэгжүүлэх талууд хийжээ.

“Төлбөрийн чадварт нийцсэн орон сууц ба хотыг дахин шинэчлэх” гэсэн нэртэй төслийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар Сангийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Энэ төслийн хамрах хүрээ, санхүүгийн зохицуулалт, бэлтгэх үйл явцыг тохирсон санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаа хоёр өдрийн өмнө болсон юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Сангийн сайд Б.Болор, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шоелхаммер нар санамж бичигт гарын үсэг зуржээ. Урьдчилсан байдлаар төслийн нийт өртгийг 540 сая ам.доллар гэж тооцжээ. Гэр хорооллынхонд зориулсан хямд өртөгтэй орон сууцыг л барихад 70-100 мянган ажлын байр шинээр нэмэгдэнэ гэсэн судалгааг ч гаргасан байна. Хямд байрнуудыг хотын дэд төвүүдийг түшиглэн барих гэнэ. Нийтдээ 130 га газарт 10 мянган айлын орон сууц баригдах нь. Эхний ээлжинд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд ажил нь эхэлжээ.

Төслийн ТЭЗҮ-ийн судалгаа ирэх оны есдүгээр сард дуусах аж. Засгийн газар, Азийн хөгжлийн банкны захирлуудын зөвлөл 2017 оны эхээр ТЭЗҮ-ийг нь баталж, төсөл албан ёсоор хэрэгжиж эхлэх юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Гацууртын орд 50 тонн алтны баталгаат нөөцтэй

Уул уурхайн яамны ээлжит “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурал боллоо. Хуралд Уул уурхайн сайд Р.Жигжид, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн нар оролцов. Гацууртын орд болон газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг шинэчилсэн талаар онцлон мэдээллээ.

Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай тогтоолын төслийг энэ сарын 23-ны өдөр УИХ-д өргөн барьжээ. Р.Жигжид сайд “Гацууртын ордыг эдийн засгийн хямралтай энэ үед ашиглах шаардлагатай. 50 тонн баталгаат алтны нөөцтэй, ашиглалтад хамгийн сайн бэлтгэгдсэн орд” гэдгийг тодотгож байсан. Уг ордын ашиглалт эхэлснээр үйл ажиллагааны нийт зардал нь 1 тэрбум гаруй ам.доллар бөгөөд улсын төсөвт татвар, төлбөр хэлбэрээр 433.6 сая ам.доллар төвлөрөх юм байна. Гацууртын алтны үндсэн ордын төрийн хувь хэмжээг 34 хувь байхаар тогтоосон. Харин тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг 3 хувь байхаар тохироод байгаа аж.

Засгийн газрын хуралдаанаар ирэх онд газрын тосны бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжийн нэрсийн жагсаалт, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг шинэчлэн баталжээ. Ингэснээр газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн нөөцийг 84.720 тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэхээр тогтоосон байна.

Есдүгээр сарын байдлаар Ашигт малтмалын газар нийт 33.1 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлжээ. Харин Газрын тосны газар нийт 132.4 тэрбум төгрөг төвлөрүүлсэн аж. Ингэснээр Уул уурхайн сайдын багцын орлого 165.5 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрсөн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Доллар 1995 төгрөг байна

Валютын ханшийн хамгийн сүүлийн үеийн мэдээллийг хүргэж байна.

ОНГОЛ БАНК

Ам.доллар 1992.26

Евро 2253.54

Иен 16.65

Фунт 3.077.05

Рубль 31.67

Юань 313.48

Вон 1.75

НАЙМАН ШАРГА

АВАХ ЗАРАХ

Ам.доллар 1992.26 1995

Евро 2050 2060

Иен 16.55 16.65

Фунт 3050 3100

Рубль 31.8 32.2

Юань 313 314

Вон 1.75 1.77

Categories
мэдээ эдийн-засаг

“Оюу толгой” компани цахилгаан дамжуулах томоохон дэд бүтцийг төрийн өмчлөлд шилжүүллээ

“Оюу толгой” ХХК өөрийн санхүүжилтээр барьсан Өмнөговь аймаг дахь “Оюу толгой” уурхайн цогцолбороос Монгол улс болон БНХАУ-ын хил хүртэл 96 км үргэлжилсэн цахилгаан дамжуулах агаарын шугамыг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн өмчлөлд шилжүүлэх, ашиглалт засвар үйлчилгээг хариуцах хоёр гол гэрээнд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Занданхүү, “Оюу толгой” ХХК-ийн Санхүү хариуцсан захирал Стив Дугган нар өнөөдөр Эрчим хүчний яаман дээр гарын үсэг зурлаа.

Гарын үсэг зурах ёслолд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, “ “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, Рио Тинто группийн Монгол дахь суурин төлөөлөгч С.Мөнхсүх оролцлоо.

Өмнөговь аймгаас БНХАУ-ын хил хүртэлх өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам 96 км урттай, хоёр хэлхээт 220 кВ-ын өндөр хүчдэлийн шугамыг 2011 онд барьсан бөгөөд 2012 оны 7 дугаар сараас ашиглаж эхэлсэн. Өнгөрсөн хоёр жил гаруй хугацаанд цахилгаан дамжуулах шугам 100 хувь бүрэн хүчин чадлаараа ажиллаж, найдвартай байдал нь 99.8 хувьд хүрчээ. Ингэснээр өмнийн бүсийн хэрэглэгчид найдвартай цахилгааны эх үүсвэрт холбогдож, ашиг тусыг нь хүртэх боломж нээгдэж байна. Цаашилбал Монгол улс, БНХАУ-ыг холбосон Монгол улсын эрчим хүчний найдвартай байдлыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой шугам болох юм.

Гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийндарга Д.Дэлгэрцогт хэлэхдээ “Өнөөдөр Монгол Улсын эрчим хүчний салбарт чухал өдөр тохиож байна. Уг шугамыг шилжүүлэн авснаар манай улсын эрчим хүчний сүлжээ найдвартай, өндөр чанартай дэд бүтцээр хөрш хоёр орны эрчим хүчний сүлжээнд холбогдож, дотоодын эрчим хүчний найдвартай байдлыг хангахын сацуу урт хугацаанд цахилгаан эрчим хүч экспортлогч орон болох зорилтыг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Өнгөрсөн онд байгуулсан “Эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-ний дагуу цаашид бид “Оюу толгой” компанитай хамтран Өмнийн говийн хэрэглэгчдийг эрчим хүчний найдвартай сүлжээнд холбох стратеги бодит ажил хэрэг болох нөхцөл бүрдэж байна.” гэлээ.

Дараа нь “Оюу толгой” ХХК-ийн Санхүү хариуцсан захирал Стив Дугган “Бид Монгол улсын Засгийн газарт өндөр чанартай дэд бүтцийн байгууламжийг шилжүүлэн өгч, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж буйдаа баяртай байна. Нөгөөтэйгүүр өнөөдрийн үйл явдал нь үр ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх компанийн стратеги бодитоор хэрэгжиж буйн нотолгоо юм. Цахилгаан дамжуулах агаарын шугам нь зөвхөн Оюу толгой төдийгүй, бүс нутгийн хөгжлийн хурдасгуур юм.” хэмээн хэллээ.

Дашрамд тодруулахад Оюу толгой уурхайн үйл ажиллагааг цахилгаан эрчим хүчээр хангах зорилгоор дээрх шугамыг 2011 онд барьж байгуулсан юм. Өнөөдөр гарын үсэг зурсан гэрээгээр цахилгаан дамжуулах агаарын шугамыг Монгол Улсын Засгийн газрын өмчлөлд шилжүүлэх үүргээ бүрэн биелүүллээ. Үүнээс өмнө 2014 онд Монгол улсын Засгийн газар, “Оюу толгой” компани “Эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ” байгуулж, өмнөд бүсэд эрчим хүчний нийлүүлэлтийг бий болгох, Монголын эрчим хүчний сүлжээг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсон билээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк 1.1 сая ам.доллар нийлүүллээ

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1989.00-1994.21 төгрөгийн ханшаар 2.65 сая ам.доллар, 312.51-313.30 төгрөгийн ханшаар 14.15 сая юань худалдан авах, 314.19 төгрөгийн ханшаар 4.0 сая юань худалдах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 1.1 сая ам.долларыг 1994.00 төгрөгийн хаалтын ханшаар нийлүүлэв.

Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 25.0 сая ам.доллар худалдах ам.долларын форвард болон 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал мөн 12.3 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк төгрөгийн своп хэлцлийн саналыг биелүүлжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Доллар 2002 төгрөг байна

“Найман шарга” зах дээр нэг долларыг 1998 төгрөгөөр, харин арилжааны банкууд 2000-2002 төгрөгөөр зарж байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр валютын ханш өдөр ирэх тусам өсч, харин төгрөгийн ханш он гарсаар 30 хувиар унажээ. Ирэх оны төсвийн төсөлд нэг ам.долларыг 2030 төгрөгөөр тооцоод байгаа юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Төсвийн алдагдал 867.3 тэрбумд хүрчээ

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ энэ оны эхний есөн сард 4045.9 тэрбум төгрөг, зарлага эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 4913.2 тэрбум төгрөг болж, тэнцэл 867.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.

Төсвийн алдагдал өмнөх оны мөн үетэй харьцуулахад 674.8 тэрбум төгрөгөөр өсчээ. Харин зарлагын өсөлт орлогын өсөлтөөс 15.3 пунктээр илүү байгаа нь үүнд нөлөөлсөн аж.
Сангийн яамнаас энэ оны төсвийн тодотголын төслийг УИХ-аар хэлэлцүүлж буй. Энэ дагуу ирэх арванхоёрдугаар сарын төгсгөл гэхэд төсвийн алдагдал 900 орчим тэрбум төгрөгт хүрэх тооцоо гарсан байна. Тиймээс алдагдлыг нөхөхийн тулд зарлагаа бууруулах шаардлагатай байгааг Сангийн яамнаас мэдэгдээд байгаа юм.

Categories
мэдээ эдийн-засаг

15.2 сая тонн нүүрс олборложээ

Энэ оны эхний найман сарын байдлаар Монгол Улс нүүрс 15.2 сая тонн, алт 7.2 тн, газрын тос 766.9 мянган тонныг тус тус олборлоод байна. Хайлуур жоншны баяжмал 145.8 мянган тонн, зэсийн хүдрийн баяжмал 820.3 мянган тонн, төмрийн хүдрийн баяжмал 3.7 сая тонн, цайрын баяжмал 61.1 мянган тонныг тус тус үйлдвэрлээд байна.

Энэ оны эхний 8 сард 930.0 мянган тонн зэсийн баяжмал, төмрийн хүдрийн тухайд 3.1 сая тн, алт долоон тн, нүүрс 9.6 сая тонн, газрын тос 708.5 мянган тонныг тус тус экспортлосон байна.