Categories
мэдээ эдийн-засаг

“Монцемент” төсөл төсөвт нийт 458.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ

Хөрөнгө оруулалтын тухай хууль хэрэгжиж эхлээд гурван жилийг ардаа орхисон. Энэ хугацаанд Засгийн газар гурав дахь Хөрөнгө оруулалтын гэрээг “Монполимет” болон “Монцемент Билдинг Материалс” компани хооронд оны өмнөхөн байгуулсан билээ. Хөрөнгө оруулагч “Монполимет” компани Дорноговь аймгийн Өргөн сум дахь “Монцемент” төсөлд 463.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байгаа ажээ. Төслийн хүрээнд Дорноговь аймгийн Өргөн суманд 375 шинэ ажлын байр бий болж, 220 айлын орон сууцны хотхон, хүүхдийн цэцэрлэг, худалдааны төв барих юм байна. Жилд нэг сая тн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэр өнгөрсөн наймдугаар сард нээлтээ хийж, Ерөнхий сайд оролцсон юм. “Монцемент” үйлдвэр нь жилд нэг сая тн цемент үйлдвэрлэхээс гадна 984 мянган тонн чулуунцар, 100 мянган тонн шохой үйлдвэрлэх боломжтой. Тиймээс уг төсөлд нийт 512.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа аж. Үүнээс 90 хувийг “Монполимет” компани санхүүжүүлээд байгаа бол үлдсэн 48.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олон улсын банк, санхүүгийн байгууллагын санхүүжилтээр шийдвэрлэх юм байна.

Хөрөнгө оруулалтын гэрээний хугацаанд “Монцемент” үйлдвэр улсын төсөвт жилд 21.8 тэрбум төгрөг, нийт 458.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тусгагджээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Япон улс төсвөө 800 тэрбум ам.доллараар батлав

Японы ерөнхий сайд Шинзо Абегийн Засгийн газар өнөөдөр /XII.24/ ирэх 2016 оны улсын төсвийг хэлэлцэн баталжээ. Японы ирэх оны улсын төсөв 96.72 их наяд иен буюу ойролцоогоор 800 тэрбум ам.доллар байхаар баталсан байна. Тус улсын өнгөрч буй 2015 оны улсын төсөв 96.3 их наяд иен юм.

Японы улсын төсөвт хурдацтай нэмэгдэж буй хүн амын насжилтын улмаас нийгмийн халамжид илүү мөнгө зарцуулахаар тусгасан байна. Мөн Шинзо Абегийн засгийн газар улсын төсөвт цэргийн зардлыг таван их наяд иен байхаар тусгажээ.

Японы ирэх оны улсын төсвийн нэлээд хувийг татварын орлогоос бүрдүүлэхээр төлөвлөсөн аж. Японы татварын орлого 57.6 их наяд иенд хүрснээр улсын зээлийн хэмжээг 2008 оноос хойш хамгийн бага түвшинд хүргэн багасгах боломжийг олгосон байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Т.Нямсүрэн: Өөрийнхөө мөн чанарт тохирсон ажил дээр хүн гялалзаж чадна

Монголын банкны холбооны “Шилдэг банкир” цол хүртсэн “Голомт” банкны Зээл хариуцсан дэд захирал Т.Нямсүрэнтэй ярилцлаа.

Шилдэг банкир болсонд тань баяр хүргэе. Энэ цолыг мундаг банкирт олгодог байх л даа?

– Баярлалаа. Би 2001 онд МУИС-ийг банкны эдийн засагч мэргэжлээр төгсөөд, түүнээс хойш “Голомт” банкинд тасралтгүй ажиллаж байгаа юм. Ер нь нэг их мундаг гэдэг утгаараа биш, тогтвортой ажилласан гэж үнэлсэн хэрэг болов уу. Ажилтан нь тогтвортой сайн ажиллана гэдэг нь банк өөрөө тогтвортой хөгжиж, хүмүүсээ өсөн дэвжих боломжоор хангасан орчинтой гэсэн үг.

-“Байлдагчийн халаасанд генералын мөрдөс бий” гэдэг шиг 14 жилийн хугацаанд захирал болтлоо дэвшинэ гэхээр танай банкинд карьерын үе шатууд тодорхой байдаг гэсэн үг үү?

-Ер нь “Голомт” банкинд тогтсон тодорхой соёл бий. Банкинд бүтцийн өөрчлөлт хийгдэж, шинээр эрсдэлийн удирдлага гэдгийг төлөвшүүлж байхад зээлийн эдийн засагчаар орж байлаа. Түүнээс хойш зээлийн эрсдэлийн чиглэлээр ажиллаж байгаад, зээл хариуцсан дэд захирал хүртлээ дэвшсэн. Ховдод дунд сургууль төгсөөд, Улаанбаатарт орж ирсэн юм. МУИС-ийг онц төгсөөд, “Би эдийн засагч хийнэ” гэсэн бодолтой байв. Энэ үед “Эдийн засагч авна” гэсэн зар “Голомт” банк гаргаж таараад, миний зорилготой нийцээд ажилд орсон юм. Олон шатны шалгалт өгч, ярилцлагад орсон. Надад ирээдүйд боломж олгох ажлын байр байсан учраас “Голомт” банкийг сонгосон юм. Бүх юм нээлттэй, тогтсон соёлтой, ямар ч хүн карьер хийж болдог байгууллага гэж боддог. Эрсдэлийн удирдлагын алба гэж байлаа. Дараа нь манай алба хэлтэс болсон. Эхлээд албаны ахлах, дараа нь хэлтэс болоход хэлтсийн ахлах болсон. Манай хэлтэс газар болоход би газрын захирал болсон. Энэ хугацаанд хүн өөрөө л хичээгээд, хамт олныхоо нэг хэсэг байж чадвал карьер нь нээлттэй байдаг, энэ банкинд. Банкинд ажиллахын тулд банкны эд эс бүхнийг мэддэг байх шаардлагатай. Анх нягтлан бодогч хийхгүй, заавал эдийн засагч болно гэж боддог ч буруу байж гэж сүүлд бодсон. Мөнгө тоолж үзэж, 100 сая төгрөг хэр их хэмжээний мөнгө гэдэг мэдрэмжээс банкир хүний ажил эхлэх учиртай. Намайг тэр үед ажилд авсан ахлах мэргэжилтэн сайн хүн таарсан. “Банкир болох гэж байгаа бол банкаа мэдэж байх ёстой” гээд намайг эхний хэдэн сар салбар руу явуулж, мөнгө тоолох ажлаас эхлээд сургасан. Гурван жил ажиллаад, хүн банкаа, өөрийгөө, авьяас чадвараа аль хэсэгт тохирохоо илүү мэдэрдэг юм билээ. Эхлээд хүн өөрийгөө нээхэд хугацаа шаарддаг юм байна. Өөрийнхөө мөн чанарт тохирсон ажлаа хийх учиртай. Ярьж чаддаг хүн бол харилцагч татаж ирэх хэрэгтэй. Ярих чадвар сул бол ард суугаад, тоогоо бодоод, над шиг ажил хийх хэрэгтэй болов уу. Банк гэдэг нэг хаалгаар орж байгаа ч маш олон ажлын байр бий. Өөрийнхөө мөн чанарт тохирсон ажил дээр хүн гялалзаж чадна.

Компанийн нийгмийн хариуцлагын тухай их ярьдаг. Тухайлбал өрхийн үйлдвэрлэл явуулж, амьжиргаагаа залгуулж байгаа эмэгтэй байлаа гэхэд танайхаас зээл авч чадах уу?

-Анх энэ банкийг байгуулсан хүмүүсийн гаргаж тавьж байсан зорилго, философийг уншиж байхад нэг номерт нийгмийн хариуцлага гэдэг юмыг тавьж байжээ. Зээлийн бодлого дээр гэхэд л бид архи, согтууруулах ундааны үйлдвэрлэлийг дэмжихгүй гэх мэтээр тэр үед нийгмийн хариуцлага гэдэг үгээр илэрхийлээгүй ч ийм санаа нэвт шингэсэн байдаг. Одоо бол банкны систем маш сайн хөгжсөн. Нийгмийн хариуцлагыг янз бүрийн хэлбэрээр хэрэгжүүлж байгаа. Бид арилжааны банкны тогтвортой санхүүжилтийн бодлого гаргаад, тэрэндээ манлайлж оролцдог. Тогтвортой санхүүжилтын бодлогын мөн чанар юу гэхээр заавал ашгийн төлөө улайрахгүй. Тухайлбал, уул уурхайд санхүүжилт өгөхдөө тогтвортой эдийн засгийн хөгжлийг дэмжих санхүүжилт хийх, өөрөөр хэлбэл байгаль орчинд халгүй үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийхийн тулд байгаль орчинд халгүй байх стандарт хангах тодорхой шаардлага тавьдаг. Эмэгтэйчүүдийн тухай их яригддаг. Гадны сангууд ч та нар эмэгтэйчүүдийн үйлдвэрлэлийг, эмэгтэй эзэдтэй компаниудыг яаж дэмждэг юм бэ. Хэрэв дэмжиж байвал хамтарч ажиллана гэх тохиолдол ч байна. Угаасаа манай эдийн засагт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд ихэнхи нь эмэгтэй эзэнтэй, захиралтай болохоор эмэгтэй, эрэгтэй гэж ялгаад байдаггүй. Гэхдээ гар үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэл дээр ажиллаж, аж ахуйгаа авч яваа эмэгтэйчүүдээ тогтвортой санхүүжилтын бодлогын хүрээнд дэмжихээр төлөвлөсөн ажлууд бий. Манайх ер нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, ЖАЙКА гэх мэт олон байгууллагатай хамтарч ажилладаг. Хямд эх үүсвэртэй зээлүүдийг хамгийн сайн дамжуулан зээлдүүлэгч банк. Зээлдэгч гэдэг баялаг бүтээгчид. Бид зээл олгохдоо энэ хүн нэмүү өртөг бүтээж чадах уу гэдгийг л хардаг. Өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс банкны данс төдийлөн ашиглахгүй байсан ч бидэнд энэ хүн ийм хэмжээний юм үйлдвэрлээд, ийм хэмжээний ашиг олдог юм байна гэдгийг тооцдог арга бий.

Т.Нямсүрэнгийн нэг өдөр яаж өнгөрдөг вэ?

-Өглөө босоод, нүүр амаа янзлаад, хүүгийнхээ авч явах хоолыг бэлтгэдэг. Багыгаа тэврээд гарна. Хүүхдээ цэцэрлэгт аваачиж өгөөд 8.30 гэхэд ажил дээрээ ирдэг. Программаа нээгээд, өчигдрийнхөө ажлын үр дүнг харна. Тоонуудаа харчихаад, ажлын эхний өдөр бол долоо хоногийн ажлаа нарийвчилж төлөвлөөд, хаалгаа онгойлгож, хүмүүсээ нэг нэгээр дуудаж эхэлнэ дээ.

Таны удирдлагад хэдэн хүн ажилладаг вэ?

-Зээлийн газрын 31 ажилтан бий. Зээлийн газрын үйл ажиллагаанд оролцогчид шууд бус удирдлагад ажиллана. Нэг мэдэхэд үдийн цайны цаг болчихно. Орой 19 цагаас өмнө ажлаасаа гарна гэж байхгүй.

Энэ хугацаанд сурч амжив уу?

-Сурсан. 2007 он хүртэл зогсоо зайгүй ажилласан. Нэг эргээд харсан чинь сурсан мэдсэнээ ахиулах хэрэгтэй болсон байв. СЭЗДС, БНСУ-ын Хандоны их сургуультай хамтраад магистрын хөтөлбөр хэрэгжүүлдэг. Монголдоо сураад, Солонгост очиж диплом авдаг. Тэр хөтөлбөрт хамрагдаад, Бизнесийн удирдлагын мастер Хандонд хийсэн. Одоо бол онлайн сургалтууд ч их байна. Ажлаа хийнгээ сурч болно. Банк маш олон сургалтад хамруулна л даа. Нэг стандарт гарахад л “За, чи явж сургалтанд суугаад ир” л гэдэг.

Сургалт гэснээс хамгийн сүүлд уншсан ном, сонссон хөгжмийнхөө тухай яриач?

-Ном нэлээд уншина. Хамгийн сүүлд хөвгүүдтэй ээжүүдэд зориулсан ном уншсан. Хоёр хүүтэй болохоор эрэгтэй хүүхдүүд сахилгагүй. Их дэлгүүрээс хэрэг болгож ийм ном авч уншсан. Ер нь бол хөгжим гэхээсээ яруу найраг их сонсоно. Бүүр их ядарсан үедээ А.Эрдэнэ-Очирын “Голын тохой дээр” шүлгийг сонсч, амралт авдаг.

Б.ЭГШИГЛЭН

Categories
мэдээ эдийн-засаг

Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах биржтэй болно

Газрыг
эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд Газрын харилцаа, геодези, зураг зүйн
газар газрын цахим биржийг ажиллуулахаар болжээ. Ингэснээр иргэн, байгууллага
ямар ч хүндрэлгүйгээр аль ч улсаас, гэр, ажлаасаа онлайнаар буюу цахим
хэлбэрээр газрын дуудлага худалдаа, газрын биржийн худалдаанд оролцох эрх нь
нээлттэй болно гэж албаны хүн хэллээ. Одоогоор газрын биржийн үйл ажиллагааг
цахим болгоход шаардагдах мэдээ материалын санг багтаасан тусгай программыг
босгох ажил Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт хийгдэж байна. Газрын
биржээр арилжаалагдах тухайн иргэн, байгууллагын газартай холбогдох инженерийн
шугам сүлжээ, зураг төсөл, баримт бичиг бүгд дээрх программд орсон байх юм.
Энэхүү бирж Засгийн газрын журам батлагдсаны дараа албан ёсоор ажиллаж эхэлнэ.

Цаасан
бичгээр явагддаг байсан газрын харилцааг бүрэн цахимжуулахаас гадна газрын
архивыг цахим болгох юм байна. Тодруулбал, газрын үйлчилгээг иргэд заавал
харьяа дүүрэг, аймаг, сумдынхаа газрын албанд биеэр очиэ авах шаардлагагүй,
компьютерийн цаанаас авч болно. Тухайн иргэн, аж ахуйн нэгж газраа бусдад
эзэмшүүлж борлуулах гэж буй бол шинээр ашиглагдах дээрх биржийн цахимд
программд хандаж, зараа оруулж, холбогдох бичиг баримтаа файл хэлбэрээ
байршуулах юм. Ингээд иргэн, байгууллагын дуудлага худалдаагаар борлуулах
газрыг сонирхсон иргэн аж ахуй нэгж, дэнчингийн мөнгөө зарлагдсан банкны
дансанд байршуулж, холбогдох бичиг баримтаа дээрх биржийн мэдээллийн цахим
системдээ байршуулаад хамгийн дээд үнийг хэлсэн хүн зарлагдсан тухайн газраа
авах зарчмаар явдаг болох юм байна. Энэ нь интернет ашиглаж, газрыг эдийн
засгийн эргэлтэд оруулах, үнэ цэнэтэй болгох арга аж. Газрын бирж ажиллаад
эхэлбэл газартай холбоотой бүхий л мэдээллийг эрх бүхий байгууллагууд буюу
цагдаа, шүүх банк зэрэг тодорхой түвшний этгээдүүд онлайнаар мэдээллийг авч,
хянадаг болно гэж албаны хүн тодотгов.

Categories
мэдээ эдийн-засаг

Нүүрсний экспорт өнгөрсөн оныхоос хоёр дахин буурчээ

Гашуунсухайт боомтын нүүрсний экспорт энэ оны эхний арваннэгдүгээр сарын дүнгээр 5.5 сая тонн болж, экспортын хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин буурчээ. Харин улсын хэмжээнд нүүрсний экспортын биет хэмжээ 25 орчим хувиар буурсан байна. “Шивээ хүрэн” боомтын экспорт хэвийн үргэлжилж байгаа бол “Таван Толгой”-н бүлэг ордын экспорт буурчээ. Ингэж нүүрсний экспорт буурсан шалтгаан нь БНХАУ-ын зах зээлийн таагүй байдал нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна. Мөн нүүрсний тээврийг автозам дээр гаргаснаар тээврийн зардал өсөж, дотоодын компаниудын өрсөлдөөн буурахад нөлөөлжээ. Энэ нь цаашид тээврийг төмөр замаар шийдэхгүй бол өрсөлдөх чадвар сайжрахгүй гэдгийн нотолгоо болж байгаа юм. Одоогоор Ганц мод боомтод нүүрс импортолдог 15 компани үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 19 компаниар буурсан дүн болохыг эх сурвалжууд мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Долларын ханш тогтвортой байна

Долларын ханш 2000 төгрөгөөс буухгүй байна. Ханшийн мэдээллийг харахад хар зах буюу “Найман шарга” зах дээр нэг ам.долларыг 1998 төгрөгөөр зарж байна. Харин арилжааны банкуудад зарж байгаа долларын ханш 2000-2002 төгрөг байна.

Өнгөрсөн долоо хоногт Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээг Монголд байгуулсан. Энэхүү гэрээний дагуу 4.4 тэрбум ам.долларыг Оюутолгой компани дэлхийн 15 банкнаас зээлснэ бөгөөд ирэх жилээс долларын ханш буурна гэсэн эерэг хүлээлт эдийн засагт үүсээд байна.

Categories
мэдээ эдийн-засаг

1140 ширхэг хувьцаа арилжив

Монголын
Хөрөнгийн биржийн Арилжаа, хяналтын албаны мэдээгээр өнөөдөр буюу 2015 оны
арванхоёрдугаар сарын 18-ний өдрийн үнэт цаасны арилжаагаар “II” ангилалд
бүртгэлтэй 10 хувьцаат компанийн нийт 1,140 ширхэг хувьцаа арилжигдсан байна.
Мөн дөрвөн ширхэг ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар арилжжээ.

Энэ өдөр
“MSE ALL” индекс 870.53 нэгж болж 0.69%-иар буурсан бол зах зээлийн
үнэлгээ 1,226,863,471,247.53 төгрөг боллоо.

Categories
мэдээ эдийн-засаг

Юанийн ханш 2011 оноос хойш хамгийн хямд үзүүлэлтэд хүрлээ

Хятадын төв банк буюу Ардын банк БНХАУ-ын үндэсний мөнгөн тэмдэгт юанийн америк доллартай харьцах ханшийг өнөөдөр 131 суурь пунктаар доошлууллаа. Ингэснээр нэг америк доллар 6.47 юаньтай тэнцэх болж, 2011 оны зургаадугаар сараас хойших хамгийн доод үзүүлэлтэд хүрч байна.

Шинжээчид Хятадын ардын банкны энэ шийдвэрийг 2016 оны аравдугаар сард юань ОУВС-ийн нөөцийн валют буюу “Зээлжих тусгай эрх”-ийн сагсанд ороход бэлтгэх шаардлагатай холбон авч үзэж байна. Тус сагсанд багтсанаар Хятадын юанийн эрэлт нэмэгдэж, хүү нь мэдэгдэхүйц өсөж мэдэх юм. Хятадын Төв банк “Тооцооллын аргачлалаа боловсронгуй болгох” шийдвэрээ зарласан энэ оны наймдугаар сараас доллартай харьцах юанийн солилцох ханш бүрдэх механизмын шинэчлэл эхэлсэн юм. Үүний дараа гурав хоногийн хугацаанд юанийн америк доллартай харьцах ханш 4.6 хувиар суларч, 6.40 юань нэг доллартай тэнцэх болсон.

Хожим нь Хятадын валютын ханш чангарсаар арвандүгээр сарын 2 гэхэд 6.31 юань нэг доллартай тэнцэх хэмжээнд очсон юм. Гэвч дараа нь дахиад ханш нь суларч эхэлсэн .

Categories
мэдээ эдийн-засаг

Зэс 4641 ам.долларын үнэтэй байна

Лондонгийн металлын биржийн ханшаар тонн зэс 4641 ам.доллартай тэнцэж байна. Энэ нь өмнөх өдрийнхөөс 0.4 хувиа өссөн үзүүлэлт болж байгаа юм. Сүүлийн хоёр жил гарангийн хугацаанд зэсийн үнэ олон улсын зах зээл дээр буурсаар байгаа. Оргил үедээ 7500 ам.долларыг давж байсан ч дэлхийн эдийн засгийн хүндрэл, хямралыг даган үнэ нь буурч буй билээ.

Манай улсын экспортын голлох бүтээгдэхүүний нэг нь зэс бөгөөд жил бүрийн төсөвт тодорхой үнээр тооцоолж, тусгадаг. Ирэх жил зэсийн үнийг 6970 ам.доллараар тооцоод байгаа юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Г.Байгалмаа: Нэг сая төгрөгийн цалинтай цэрэг шүү дээ

БХБ-ын дэд сайд асан Г.Байгалмаа Барилгын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, төмөр замын цэрэг хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэгт ажиллажээ.

БХБ-ын дэд сайдын албыг гурван жилийн хугацаанд хашлаа. Ямар ажил аваад, юу амжуулаад ажлаа өгөв?

-Ажил хүлээж авахад орон сууцны талбайн үнэ өндөр, нийлүүлэлт бага, эрэлт их, барилгын үндсэн материалын ихэнхийг импортоор авдаг, тус салбарт ажиллах хүчнийг ч олноор гаднаас авдаг байсан. Тухайн үед барилгын өртгийг бууруулах замаар үнийг бууруулж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилт тавьсан. Барилгын үндсэн материал, ажиллах хүчин гаднаас орж ирж байгаа нь барилгын компаниудад ч, худалдан авагч иргэдэд ч үнийн дарамт болж байсан.

Таныг ажил авч байхад хэдэн айлын орон сууц ашиглалтад ордог байсан бэ?

-Тэр үед жилдээ дээд тал нь 12 мянган айлын орон сууц ашиглалтад орж байсан. Одоо багадаа л 25 мянган айлын орон сууц ашиглалтад орж байна. Энэ нь моргейжийн найман хувийн зээлийн бодлого хэрэгжүүлэх боломж бүрдүүлсэн. Цаашид ч ашиглалтад орох барилгын тоо нэмэгдэх нөхцөл бүрдсэн.

Нэмэгдэх нөхцөл гэдэг нь?

-Эхний ээлжинд дотооддоо барилгын материалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, энэ хүрээнд дотоодын барилгын материалын үйлдвэрүүд, барилгын компаниудыг зээлийн бодлогоор дэмжсэн. Нөгөө талаар барилгын үндсэн материалын үнийг тогтвортой барих хөтөлбөр хэрэгжүүлсэн.

Төрөөс үнэ тогтоох бодлого хэр хэрэгжив?

-Төрөөс үнэ тогтоосон үйлдэл байхгүй. Барилгын компаниудад төр ашигтай нөхцөл санал болгосон. Төр компаниудад хөнгөлөлттэй зээл олгоно. Компаниуд цемент, арматурын үнэ хямд байх үед нь татан авч нөөцөлнө. Хөнгөлөлттэй зээлийн хариуд хямд авсан үнээрээ байрны үнийг тогтооно гэх мэт. Мөн дутуу барилгуудад зээл олгосон. Барилгын компаниуд шуналтайдаа үнэ нэмээд байдаггүй л дээ. Бодит нөхцөл байдал үнэ өсгөөд байдаг нь ажиглагдсан. Жишээлбэл Замын-Үүдэд нэг хоноод нэвтрэх ачаа, сар саатсан материалын үнэ ялгаатай биз дээ. БНХАУ-ын талтай тохирч нэвтрэх зурвасыг өргөтгөсөн. Одоо Замын-Үүдээр саатаж байгаа барилгын материал гэж дуулдахгүй байгаа биз дээ. Эдгээр хөтөлбөр хэрэгжсэний үр дүнд 2016 оноос Монголын цементийн үйлдвэрүүд дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй ихээхэн хэмжээний экспорт хийж эхэлнэ.

Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын ажлын дэд хэсгийг ахалсан гэсэн. Энэ шинэчлэл компаниудад болон иргэдэд ямар ашиг авчрах вэ?

-Компаниудад зөвшөөрөл өгдөг хугацаа гурав дахин гарын үсгийн тоо хоёр дахин, элдэв тавигддаг нөхцөл 50 хувь багасна. Гарын үсэг өгөхгүй зугтдаг, элдэв шалтаг тоочдог түшмэдийн зөвшөөрөл өгдөг эрх төрийн бус байгууллагуудад шилжинэ. Иргэдийн хувьд орон сууцны талбайн хэмжээн дээр маргаан гарадаг. Үүнийг хуульчилсан. Өөрөөр хэлбэл яаж талбайг хэмжих стандартыг суулгаж өгсөн. Хайрга, дайрга ашигт малтмалд тооцогддог байсан. Үүнийг болиулсан.

-“Нэг цэрэг-Нэг үндэстэн” хөтөлбөр гэж юу вэ?

-Хуулиар манай улс жилдээ гаднаас 30 мянган ажлын хүч оруулах боломжтой. Гэхдээ энэ дотор чинь нарийн мэргэжлийн, түүн дотроо техник технологийн өндөр мэргэжлийн инженерүүд багтана. Гэтэл манай улсад бүтээн байгуулалтын улирал хязгаартай. Дулааны улиралд амжуулахгүй бол дараа жил үргэлжлүүлнэ. Өөрөөр хэлбэл хэдэн сар их хэмжээний хөрөнгө үхмэл болоод өнжинө гэсэн үг. Гэтэл богино хугацаанд хийх ажил нь ажиллах хүчнээс их байна. 2015 онд барилгын салбарт компаниуд гаднаас 24 мянган хүн авахаар захиалсан боловч төлөвлөсөн ажлууд бүрэн хэрэгжээгүй учраас долоон мянган хүн л орж ирсэн. Энэ долоон мянган хүний авсан цалин гадагшаа гарсан. Тэгвэл өнөөдөр ажилгүй байгаа залуусыг төмөр, барилгын ажилд татан оруулбал тэдний идэх хоолноос эхлээд өмсөх хувцас, цалин мөнгө нь дотооддоо үлдэнэ. Хэнийг ч албадан татахгүй зөвхөн сайн дурын үндсэн дээр алба хаалгах, хаах үедээ хувь хүнд ч, улсын эдийн засагт ч ашигтай байх хөтөлбөр шүү дээ.

Эсэргүүцэх иргэд ч цөөнгүй байх шиг байна.

-Ямар ч шийдвэр 100 хувь эсэргүүцэлгүй байна гэж байхгүй. Иргэдээс олон асуудалд санал авч шийдвэр гаргадаг биз дээ. 100 хувь дэмжигдсэн ямар санал байна. Тэгээд ч УИХ-аар батлагдсан хөтөлбөрийг хууль ёст орон юм бол үг дуугүй хэрэгжүүлэх ёстой. Тэр ажилгүй залуучууд эсэргүүцээд байна уу, тэтгэврээрээ хүүхдээ тэжээж байгаа хөгшид, хүүхэд нь насанд хүрсэн, дээд сургуулийн төлбөр хийж чадахгүй, өрх толгойлсон эхчүүд лав эсэргүүцээгүй байх.

Улсын эдийн засагт ашигтай нь ойлгомжтой. Хувь хүнд ямар ашигтай вэ?

-Анзаарсан бол сүүлийн үед залуусын цэрэгт явах сонирхол нэмэгдсэн. Зарим явах гээд чадахгүй байгаа тухай гомдол мэдүүлдэг. Манай уламжлал байдаг. “Цэрэгт яваагүй эр хүнийг эр хүн гэх үү” гэсэн шүлэг ч байдаг. Монгол эрийн нэг бахархал нь цэргийн алба. Төрийн албанд цэргийн алба хаасан хүн илүү боломжтой. “Нэг цэрэг-Нэг үндэстэн” хөтөлбөр залууст маш том боломж олгоно.

Алба хаах хугацаандаа цалин авна гэсэн.

-Сард нэг сая орчим төгрөгийн цалин авна. Нийгмийн, эрүүл мэндийн даатгалаа төлнө. Мэргэжил үнэгүй эзэмшинэ. Төр байр хоолоор үнэгүй хангана. Өнөөдөр гэмт хэргийн ихэнхийг залуус үйлдэж байна. Тэд муу юм хийх дон туссандаа гэмт хэрэг үйлдээд байгаа гэж бодохгүй байна. Залхуудаа ээж, аавынхаа хэдэн төгрөгийг хараад хэвтээд байгаа юм биш. Гадаадад манай залуус шиг ажилсаг хүчин байдаггүй. Тэнд нөхцлийг нь бүрдүүлж өгсөн учраас залуус ажиллаад байгаа юм. Төр анх удаа л залуустаа боломж гаргаж өгч байна. Манай хөтөлбөрт 50 мянган хүн шаардлагатай. Гэхдээ төсөвөөс шалтгаалаад арван мянган хүнээр тооцож УИХ төсөв баталсан. Эсэргүүцээд байгаа хүмүүст өөр ямар санаа байгаа юм. Өмнө нь хэрэгжүүлэхгүй яагаад нуугаад өдий хүрсэн юм гэсэн асуулт тавьж болно биз дээ.

Хөтөлбөр хэзээнээс хэрэгжих вэ, цэргийн алба хаах хугацаа?

-Он гаргаад бэлтгэл ажил эхэлнэ. Дулаан орохоор үндсэн ажлаа эхлүүлэхээр тооцсон. Эрэгтэйчүүд гурав, эмэгтэйчүүд хоёр жил алба хаана. Хүсвэл хугацаагаа гэрээт цэргийн алба хаах хэлбэрээр сунгах боломжтой. Төсөл хэрэгжээд эхлэнгүүт л мах, сүү, хувцас гээд жижиг дунд үйлдвэрүүд захиалгатай болоод ирнэ. Цалингаараа хуримтлал үүсгэж болно. Манайд барилгын цэрэг гэж байсан. Дархан, Эрдэнэтийг байгуулахад чухал хувь нэмэр оруулсан. Гурван жил албаа хаачихаад хоёр мянган төгрөг өвөртлөөд харьж байсан цэрэг байсан байгаа юм. Тэр үед сэхээтний цалин 700 төгрөг байсан гэдэг.

Цэрэг маань аав, ээж хоёрынхоо моргейжийн зээлэнд цалингаа өгч болох уу?

-Болно. Цэрэгт явсан хүү нь жилийн дараа арав орчим сая төгрөгийн хуримтлалтай болно. Аав, ээж нь 100 сая төгрөгийн моргейжид хамрагдлаа гэхэд арван сая төгрөгийн урьдчилгааг өгч болно. Хэр олон цэрэг ар гэрээ моргейжид хамруулахад тусална тэр хэрээр орон сууцны борлуулалт нэмэгдэж, хотын утаа буурна биз дээ.

Өмнө нь цэрэгт татагдсан залуус хаана, юу хийхээ мэддэггүй байсан. Цэрэг юм чинь юу ч хийх ёстой гээд албадаад байх уу?

-Албадан цэрэгт татахгүй гэж хэлсэн. Гэхдээ цэрэг бол цэргийн хуулиар амьдарна. Мэдээж аав, ээжтэйгээ амьдарснаас өөр. Энэ хөтөлбөрийн нэг онцлог бол мэргэжилтэй залуус шууд өөрийн мэрэгжлээр ажиллах боломжтой. Мэргэжилгүй нь авто болон төмөр зам, барилгын аль нэг мэргэжлийг эзэмших хүсэлтээ гаргана. Тэр хүсэлтээр нь анги, салбарт хуваарилна.

Сая төгрөгөө авчихаад алга болчихвол яахав, эмэгтэй цэрэг юу хийх вэ?

-Энэ бол цэргийн алба. Цэргийн алба хаах хуулиар зохицуулагдана. Эмэгтэй цэрэг гэхээр гайхах хүн цөөнгүй. Өнөөдөр барилгын салбарын ихэнх ажлыг эмэгтэйчүүд нугалдаг гэдгийг мэдэх үү. Томоохон ажлуудыг техникээр гүйцэтгэдэг болсон. Үлдсэн гараар хийх ажлын ихэнхийг эмэгтэйчүүд нугалдаг. Барилгын чимхлүүр ажил гэж ярьдаг засал чимэглэлийг эмэгтэйчүүд л амжуулж байна. Сайн ч хийдэг. Будаг, шохой, засал чимэглэлийн ажил дээр нэг их гомдол гардаггүй биз дээ. Эмэгтэйчүүд хийдэг болоод тийм байдаг байхгүй юу. Дээр нь эмнэлэг сувилал, эмэгтэйчүүд гүйцэтгэх олон ажил гарна. Эмэгтэйчүүд энэ хөтөлбөрөөс олсон мөнгөө хамгийн их үр дүнтэй зарцуулна гэж би итгэж байгаа.

Баахан цэрэг татдаг. Ажил тийм их байна уу?

-Ойрын 5-10 жилд 50000 цэрэг хийх хангалттай ажил байна.

Жишээлбэл?

-2010 онд УИХ “Шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны зорилтот хөтөлбөр” баталсан. Энэ хөтөлбөрт Улаанбаатарт шинээр 17 хотхон хороолол, 21 аймагт мянган орон сууц, 100 сумын төвийг шинэчилнэ. Шинэ төмөр зам, авто зам гээд хангалттай ажил байна.

Авто зам 21 аймагтай холбогдсон. Өөр тийм их авто зам барих уу?

-Шинэ төмөр замын дагуу, бусад олон газарт зам хэрэгтэй байгаа шүү дээ.

Нөгөө хувийн хэвшлээ нухчих юм биш биз?

-Хувийн хэвшлийнхэн ажлаа хийж л байгаа. Тэдний ажлыг булаах зорилго байхгүй. Хувийнхны хийж чадахгүй байгаа ажлыг хэрэгжүүлэх хөтөлбөр. Тэгээд ч хувийн хэвшлийнхэн гурван жил ажилласан бэлэн ажиллах хүчинтэй шууд золгох боломж бүрдэнэ.

Х.Баттөгс