Categories
мэдээ эдийн-засаг

Уул уурхайн компаниуд бодлого, журмаа танилцуулна

Эдийн засаг хямралтай байгаа ч “Оюутолгой”-н далд уурхайд дөрвөн тэрбум ам.долларын санхүүжилт хийхээр болсон, Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гарсан зэргээс бараа, үйлчилгээ ханган нийлүүлж буй компаниудад нааштай хүлээлт үүсгэсэн билээ.

Эрдэс баялаг, Уул уурхайн биржээс “Уул уурхайн ханган нийлүүлэлтийн “Miner & Supplier” 2016 форум, үзэсгэлэнг “Чингис хаан” зочид буудалд гурван сарын 25-нд зургаа дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Энэхүү форумыг “Эрдэнэс Монгол” компанитай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд “Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт” үйлдвэр, “Багануур”,” Шивээ овоо” зэрэг компаниуд оролцож худалдан авалтынхаа талаар ханган нийлүүлэгч нарт танилцуулах юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Инфляцигүй эдийн засагтай, мөнгөгүй монголчууд

Өндөр хөгжилтэй улс орнууд инфляци өслөө гээд л бөөн асуудал болдог. Гэхдээ тэдгээр орны инфляци жилийн 2-3 хувь л байдаг. Энэ хэмжээнээс өсөх нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ. Харин буурай эдийн засагтай орнуудынх 10-15 хувь байх нь энгийн үзэгдэл. Үүнтэйгээ буурай хөгжилтэй орнуудын эдийн засаг үндсэндээ эвлэрсэн гэж үзэж болно. Ганц нэг бараа, үйлчилгээний үнэ тэнгэрт хадахад инфляци үүсэхгүй. Нийт эдийн засгийн 50-иас дээш хувьд үнийн өсөлт үүсэхэд инфляцийн эхний өсөлт мэдрэгдэнэ.

Инфляцийн эсрэг үзэгдэл нь үнэ буурах дифляци. Энэ нь бараа, үйлчилгээг өөрийн өртгөөс доогуур борлуулахыг хэлнэ. Жишээлбэл 700 төгрөгөөр үйлдвэрлэсэн барааг 600 төгрөгөөр зарвал дифляци болно. Энэ үзэгдэл богино хугацаанд, цөөн тохиолдох хэдий ч ерөнхийдөө мөчлөгийн шинж чанартай байдаг. Тухайлбал, улаан буудайн үнэ тариа хураасны дараа ерөнхийдөө буурдаг. Тариаланчид эх орондоо нэг тонн улаан буудайг 600 мянган төгрөг зарцуулж тарьсан байхад ОХУ-аас 300 мянган төгрөгөөр тарьсан улаан буудай оруулаад ирвэл, ядаж тал зардлаа нөхөхийн тулд тонн улаан буудайг 300 мянгаар зарахаас өөр зам үлдэхгүй. Өнөөдөр дифляцийн хамгийн тод жишээ Японых юм.

МОНГОЛ ДАХЬ ИНФЛЯЦИ

Монголын эдийн засгийн 70 шахам хувь нь нийслэл Улаанбаатарт төвлөрдөг. Өнгөрсөн жилийн хоёрдугаар сард нийслэлд инфляци жилийн 8.5 хувьтай байсан бол энэ жил 1.6 хувьтай байгаа. Харин манай эдийн засгийн өсөлт гурван хувь хүрэхгүй гэсэн таамаг бий. Эндээс инфляци бага ч эдийн засгийн өсөлт бараг байхгүй нь харагдана. Яг үнэндээ манай эдийн засгийн гурван хувийн өсөлт нь маш том ухралт юм. Үүнээс улбаалаад бага инфляци сайн зүйл үү гэсэн асуулт ургаж таарна. Аж үйлдвэржсэн өндөр хөгжилтэй орнуудын хувьд инфляци таван хувиас дээш гарахад асуудал үүснэ. Монголын эдийн засаг 17 хувь хүртлээ өссөн 2011 онд инфляц 15 хувьтай байсан. Миний мэдэхийн 1990 оноос хойш 2011 он хүртэл төр, иргэд хөлгүй юм шиг тансагласан жил. Тухайн үед орон сууцны эрэлт нэмэгдэж, байшин барилга түрээслэх зар олширч, барааны захынхан өдөртөө 200 мянган төгрөг олчихоод чамлаж, ресторанууд өдрийн цайны цагаар сул суудалгүй болох үзэгдэл гарч байлаа. 15 хувийн инфляцитай байсан үе шүү дээ. Тэгвэл өнөөдөр нийслэл 1.6 хувийн инфляцитай байна. Маш бага инфляцитай энэ үед захууд худалдан авагчгүй болж, өмнө нь сардаа таван машин зардаг байсан авто ченжүүд ганц машин зарж, өдөр бүр 10-22 цаг хүртэл ажилладаг байсан цайны газрууд амралтын өдрүүдэд бүрэн хааж, ажлын өдрүүдэд хагас цагаар л ажилладаг болсон. Судлаачид инфляци эдийн засгийн хамгийн том дайсан, бойжвол хямрал болдог гэж үздэг.

Гэтэл бид 2011 онд 15 хувийн инфляцитай байхдаа тансаглаад, хоёр хүрэхгүй хувийн инфляцитай эдийн засагт монголчууд ядуураад байгаагийн учир юу вэ. Үүний учрыг олохын тулд инфляци юунаас үүсдэг вэ гэдгийг л мэдэхэд болно.

Инфляци нь төрийн зарлага нэмэгдсэнээс бэлэн мөнгө нийлүүлэх, их хэмжээгээр зээл олгож зах зээл дээрх мөнгөний хэмжээг өсгөх, үндэсний үйлдвэрлэл буурснаар зах зээл дээрх барааны үнэ нэмэгдэх зэрэг үндсэн шалтгаанаас үүснэ. Тэгвэл төсөв нэг их наяд төгрөгийн алдагдалтай, бонд хэлбэрээр маш их зээл олгосон. Үйлдвэрлэл буураагүй байхад манайд инфляци бага байгаа нь эдийн засагт байхгүй гаж үзэгдэл мэт харагдана. Зарим зах зээлийн эдийн засагчдын үзэж буйгаар энэ нь нэг их хөөрөөд байх зүйл биш. Эдийн засгийн өсөлт буурсан учраас л иргэдийн худалдан авалт багасч, улмаар инфляцийг бага харагдуулаад байгаа юм. Төрийн албан хаагчдын цалин буураагүй ч ДНБ-ий 80 хувийг үйлдвэрлэдэг хувийн хэвшлийнхний орлого буурсан нь өнөөгийн инфляцийг чөдөрлөж байгаа аж. Тиймээс өнөөгийн бага инфляци нь эдийн засгийн агшилт, хэрэглээний хязгаарлалтын толь болохоос эдийн засгийн зөв үзүүлэлт биш.

МОНГОЛД ИМФЛЯЦИ ҮҮСЭХҮҮ

Инфляци багасаад ирэхээр дифляци үүсэх тухай яриа гарна. Бараа, үйлчилгээ борлогдохгүй нөхцөлд ханш бууруулж зарах хэлбэр. Гэхдээ энэ ойлголтыг демпингтэй хольж болохгүй. Демпинг гэдэг нь тодорхой нэг бүсэд эсвэл тодорхой нэг бараа, бүтээгдэхүүнийг үнэ бууруулах арга юм. Үүнийг өрсөлдөгчөө сүйрүүлэх, эсвэл зах зээлээ хамгаалах зорилгоор зарим том компаниуд хэрэглэдэг арга. Харин дифляци бол өөр. Улс орон даяар бараа, үйлчилгээг өртгөөс нь бага үнээр борлуулах үзэгдэл. Хятадын хямд ахуйн хэрэглээний бараа арав гаруй жилийн өмнө баруунд дифляци үүсгэж байсан. Тухайн үед барууны чанартай, өндөр өртөгтэй барааг Хятадын хямд мөртлөө чанартай бараа зах зээлээс шахсан юм. Харин өнөөдөр хятадууд экспортоос татгалзаж, дотоод хэрэглээндээ түлхүү анхаарал хандуулах бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь баруунд экспортолдог хямд барааны хомсдол үүсгэж инфляци өсөх нэг шалтгаан болж байна. Гэхдээ энэ нь тодорхой салбарын зах зээлд нөлөөлөхөөс аль ч улсын нийт эдийн засагт нөлөөлөхгүй. Харин Монголд дифляци үүсэх магадлал маш бага. Учир нь бид хэрэглээнийхээ ная шахам хувийг импортоор авдаг. Тодорхой салбарт тухайлбал, орон сууц, мах, нүүрс зэргийн үнэ буурсан. Энэ нь нийт эдийн засагт нөлөөлөхгүй. Хэрэв зах зээлийн зарчмаар өрсөлдөж чадвал удахгүй хүнсний ногоо, өндөг, цемент зэрэг цөөнгүй бараа бүтээгдэхүүний үнэ буурна. Энэ нь нийт эдийн засагт дифляцийн хэмжээнд хүрч нөлөөлөхгүй.

Х.БАТТӨГС

Categories
мэдээ эдийн-засаг

Нүүрсний экспорт 16 хувиар буурчээ

Нүүрс олборлох чиглэлээр
идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 49 уурхай байгаа ажээ. Тэдгээрээс 30
нь өнгөрсөн хоёрдугаар сард хэрхэн ажилласан талаарх мэдээгээ Ашигт малтмалын
газар /АМГ/-т өгчээ. АМГ-т мэдээ өгсөн нүүрсний уурхайнууд 12832 мянган
м3-д хөрс хуулалт хийж, нийтдээ 3667.8 мянган тн нүүрс
олборлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс өссөн дүн юм. Гэтэл олборлосон
нүүрснийхээ 3140.4 мянган тн-ыг борлуулж, 1435.4 мянган тн-ыг экспортод
гаргасан нь өнгөрсөн оныхоос буурсан дүн ажээ. Нүүрсний борлуулалт 2,3 хувиар,
экспорт 16 хувиар буурсан байна.

Олборлосон чулуун нүүрсээ бүгдийг экспортод
гаргасан бол хүрэн нүүрсийг дотоодын хэрэгцээнд нийлүүлсэн гэж мэдээлжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Оюутолгой, Эрдэнэс Тавантолгой компаниуд худалдан авалтынхаа талаар танилцуулна

Уул
уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд унаж, үүнийгээ дагаад манай улсын
эдийн засаг, уул уурхайн салбар хямралтай байгаа билээ. Гэсэн хэдий ч
“Оюутолгой”-н далд уурхайд дөрвөн тэрбум ам.долларын санхүүжилт хийхээр болсон,
Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гарсан зэргээс бараа,
үйлчилгээ ханган нийлүүлж буй компаниудад нааштай хүлээлт үүсгэсэн билээ.

Эрдэс баялаг, Уул уурхайн биржээс “Уул уурхайн
ханган нийлүүлэлтийн Miner & Supplier 2016 форум, үзэсгэлэнг
“Чингис хаан” зочид буудалд 3-р сарын 25-нд зургаа дахь удаагаа зохион
байгуулах гэж байна. Энэхүү форумыг Эрдэнэс Монгол компанитай хамтран зохион
байгуулж байгаа бөгөөд Оюутолгой,Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэт үйлдвэр,
Багануур, Шивээ овоо зэрэг үйл ажиллагаа нь идэвхитэй явж байгаа уул уурхайн
компаниуд оролцож худалдан авалтынхаа талаар ханган нийлүүлэгч нарт танилцуулах
юм. Тус форум нь ханган нийлүүлэгч нарт нээлттэй, үнэ төлбөргүйгээр оролцуулах
юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Сэргээн босголтын банкнаас 40 төслийг санхүүжүүлэхээр болжээ

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг ХБНГУ-д ажлын айлчлал хийж байгаа бөгөөд айлчлалын хугацаанд ХБНГУ-ын банк санхүүгийн төв болох Хессэн муж улсын хамгийн том хот Франкфурт ам Майндад зочлон, Германы Сэргээн босголтын банкны удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтын үеэр ХБНГУ-ын Засгийн газраас Сэргээн босголтын банкны санхүүжилтаар тус салбарт хэрэгжиж буй “Биологийн олон янз байдлыг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөвлөгөөний талаар хоёр тал санал солилцсон.

Тус төслийн хүрээнд Монгол орны Хангай, Төв, Зүүн бүсийн нийт 40 тусгай хамгаалалттай газар нутаг хамрагдаж байгаа ч зарим ТХГН-ууд орхигдоод байгаа тул уулзалтаар төслийн 2-р шатыг баруун болон говийн бүсэд эхлүүлэх замаар хамтын ажиллагааг өргөжүүлэх саналаа сайд Н.Батцэрэг илэрхийллээ. Тус банкны Ази Номхон Далайн бүсийн асуудал хариуцсан захирал хатагтай Кристин Хаймбургэр төслийн нэгдүгээр үе амжилттай хэрэгжсэн тохиолдолд хоёрдугаар үеийг эхлүүлэх бүрэн боломжтойг дурьдаад энэ оны намар төслийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, үр дүнг тодорхойлохоор хоёр тал тохирлоо.

Categories
мэдээ эдийн-засаг

Чанаргүй зээл өссөөр байна

Чанаргүй зээлийн хэмжээ өссөөр байна. Тухайлбал,
өнгөрөгч хоёрдугаар сард л гэхэд банкны хэмжээнд чанаргүй зээл 889 тэрбум
төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны энэ үетэй харьцуулахад 33.3 хувиар өссөн
үзүүлэлт юм байна.

Харин хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл
974.5 тэрбум төгрөгт хүрчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өмнөх
оноос 2.4 дахин өссөн аж. Нэг талаас ипотекийн зээлийг олгож эхэлснээр чанаргүй
зээл өссөн гэх хэсэг бий ч шууд тэгж хэлж болохгүй гэдгийг статистикчид
тайлбарласан юм. Тухайлбал, нийт зээлийн 11 хувийг ипотекийн зээл эзэлжээ.
Тэгвэл чанаргүй зээлийн 2.7 хувийг л ипотекийн зээл эзэлдэг гэх дүнг гаргасан
байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Төсвийн тэнцэл алдагдалтай гарчээ

Монгол Улсын төсвийн тэнцэл хоёрдугаар сард 258.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Энэ нь төсвийн төсөөллөөс 480 тэрбум төгрөгөөр бага дүн болжээ. Харин төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 708.8 тэрбум төгрөг болж, орлогын төлөвлөгөө 9.8 хувиар буюу 77 тэрбум төгрөгөөр дутуу биелсэн байна.

Нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэлд хамгийн их жин дарж байгаа нь татварын орлого байгаа аж. 2016 оны хоёрдугаар сарын байдлаар татварын орлогын гүйцэтгэл 627.4 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөснөөс давсан гүйцэтгэлтэй байна. Үүнээс орлогын албан татвар 17.2 орчим хувийг эзэлжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Долларын ханш 2051 төгрөгтэй тэнцэж байна

Долларын ханш зогсолтгүй өссөөр өнөөдрийн байдлаар арилжааны банкууд 2049-2051 төгрөгөөр зарж байна. Мөн “Найман шарга” зах дээр нэг ам.доллар 2050 төгрөгтэй тэнцэж байна.

Албаны хүмүүс төгрөгийн ханшийн уналт тогтворжино хэмээн мэдээлж байгаа ч эдийн засагчид долларын ханшийн өсөлт буурахгүй гэсэн тайлбарыг хийж буй. Өчигдөр Сангийн яамны мэдээлснээр төсвийн алдагдал одоогоор 258.5 тэрбум төгрөгт хүрсэн байгаа. Энэ алдагдлыг нөхөхөөр Засгийн газраас “Мазаалай” бонд гаргахаар төлөвлөж байсан ч өнгөрсөн сард Ерөнхий сайдыг огцруулах асуудлаас үүдэн хэзээ гаргах нь тодорхойгүй болсон юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Төсөв 258.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ

Сангийн яамнаас улсын нэгдсэн төсвийн энэ оны хоёрдугаар сарын гүйцэтгэлийг гаргажээ.

Гүйцэтгэлийн мэдээгээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 90.2 хувийн, нийт зарлага 63.5 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна. Ингэснээр төсвийн нийт тэнцэл 258.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан аж. Төсвийн орлого дутуу төвлөрөхөд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого 13.0 тэрбум, импортын барааны НӨАТ-ын орлого 10.6 тэрбум, төсөвт байгууллагуудын орлого 17.5 тэрбум, гадаад хандив тусламжийн орлого 63.9 тэрбум төгрөгөөр тасарсан нь голлон нөлөөлсөн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

26 мянга гаруй хувьцаа арилжжээ

Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн долоо хоногт /2016 оны хоёрдугаар сарын 29-нөөс гуравдугаар сарын 04/ таван удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 52.8 сая төгрөгийн арилжаа хийжээ. Энэ нь өдөрт дунджаар 10.5 сая төгрөгийн гүйлгээ хийсэн гэсэн үг аж. “АПУ”, “Говь”, “Тавантолгой”, “Газар сүлжмэл”, “УБ-БҮК” ХК-иудын хувьцаа хамгийн идэвхтэй арилжигджээ.

Мөн нийт 35 компанийн 26,632.00 ширхэг хувьцааг 46,316,042.00 төгрөгөөр арилжсан.

Харин Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны анхдагч зах зээлийн нэг удаагийн арилжаагаар 65 ширхэг үнэт цаасыг 6,500,000.00 төгрөгөөр арилжсан байна. Засгийн газрын үнэт цаасны арилжаанд “Би Ди Сек ҮЦК” /5,600,000 төгрөг/, “Новел инвестмент ҮЦК” /600,000 төгрөг/, “Голомт секьюритиз ҮЦК” /300,000 төгрөг/ ХХК-иуд идэвхтэй оролцжээ.

Өнгөрсөн долоо хоногийн байдлаар зах зээлийн үнэлгээ 1,412,501,613,470.00 төгрөг болж өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.32 хувиариар буурсан бөгөөд “MSE ALL” индекс 850.01 нэгж болж 1.46 хувиар буурсан үзүүлэлттэй байна.