Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк 14 тонн алт олборложээ

Монголбанк энэ оны эхний
11 сард 14 тонн 389.2 кг алтыг дотоодын алт үйлдвэрлэгчдээс худалдан авчээ. Энэ
нь өнгөрсөн оны мөн үеэс 2.6 тонноор буюу 22%-иар өссөн дүн юм.

Алт үйлдвэрлэгчид
оны эхний хагаст 3 тонн 761.7 кг алт тушааж байсан нь өмнөх оны мөн үеэс
11%-иар буюу 335 тонноор бага байв. Тэгвэл сүүлийн 5 сард алт тушаалт огцом
нэмэгдэж, 10 тонн 627.5 кг алт тушаажээ. Дээрх хэмжээний алт нь
Монголбанкны валютын нөөцийг 600 орчим сая доллараар нэмэгдүүлж байна. Ирэх жил Монголбанкны худалдан авах
алтны хэмжээ 20-24 тоннд хүрнэ гэсэн таамаглал байгаа аж.

Categories
мэдээ эдийн-засаг

Долларын ханш өсөв

Амралтын өдрүүдэд долларын ханш буцаад өслөө. Арилжааны банкууд болон хар зах дээр зар байгаа долларын ханшийг харахад ам.долларын ханш хоёр төгрөгөөр өслөө.

Төрийн банк 1996 төгрөг буюу хамгийн хямдаар доллар зарж байна. Тэгвэл Кредит банк хамгийн өндөр ханшаар буюу 2001 төгрөгөөр доллар зарж байна. Харин “Найман шарга” зах дээр долларын ханш 1999 төгрөг байна. Монголбанкны хаалтын ханшаар доллар мөн л 1999 төгрөг байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн эрчим хүч экспортолно

Стратегийн ач холбогдол бүхий Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн эрчим хүчний томоохон цогцолбор барих төслийг Монгол, Хятад хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 34 сая тонн нүүрсийг жил бүр тогтмол тасралтгүй нийлүүлэх үүргийг Монголын тал хүлээж байгаа. Тиймээс Шивээ-Овоогийн нүүрсний орд газарт тусгай зөвшөөрөл эзэмшигч болох “Эрдэнэс Монгол” ХХК болон “Шинэ Шивээ” ХХК-иуд хэлэлцээ хийж, тохирсон тохиолдолд дээрхи үүргийг хэрэгжүүлэх зорилго бүхий хамтарсан аж ахуйн нэгжийг энэ онд багтаан байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргаад байгаа юм.

Уг төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын эрчим хүчний хангамжийн байдал сайжрахын зэрэгцээ эрчим хүчийг экспортлох боломж бүрдэх юм. Төслийн хүрээнд байгаль орчинд нөлөөлөл багатай, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэн томоохон хөрөнгө оруулалтыг татаж, төсвийн орлогыг нэмэгдүүлж эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

9.5 тонн алт экспортолжээ

Энэ оны эхний арван сарын байдлаар нүүрс 18.2 сая тонн, алт 12.5 тн, газрын тос 975.8 мянган тонныг олборлоод байна. Хайлуур жоншны баяжмал 188.1 мянган тонн, зэсийн хүдрийн баяжмал 1,074.4 мянган тонн, төмрийн хүдрийн баяжмал 5.3 сая тонн, цайрын баяжмал 75.2 мянган тонныг үйлдвэрлэсэн байна.

Мөн он гарснаас хойш 1.204.5 мянган тонн зэсийн баяжмал, 4.0 сая тонн төмрийн хүдэр, алт 9.5 тн, нүүрс 11.5 сая тонн, газрын тос 902.9 мянган тонныг экспортолжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

МИК үнэт цаас гаргана

Монгол ипотекийн корпорацийн охин компани болох “МИК АКТИВ 7”-гийн орон сууцны зээлээр баталгаажсан үнэт цаас гаргах хүсэлтийг Санхүүгийн зохицуулах хороо зөвшөөрчээ. Иймд тус компани ирэх долоо хоногт хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргахаар болсон байна. МИК-ийн гаргаж буй долоо дахь удаагийн бондын нийт үнэлгээ нь 300 тэрбум гаруй төгрөг байх гэнэ. Мөн тус корпорац энэ ондоо багтаагаад “МИК АКТИВ 8” тусгай зориулалтын компани байгуулж, хөрөнгөөр баталгаажсан дараагийн үнэт цаасаа гаргахаар төлөвлөж буй гэнэ. Өнөөгийн байдлаар МИК иргэдийн орон сууцны зээлийг багцлан зургаан удаагийн 1.9 орчим их наяд төгрөгийн бонд гаргаад байна. Энэ удаагийн бондын 90 хувь нь давуу эрхтэй, 10 хувь нь энгийн байх аж. Мөн хүү нь өмнөхтэйгээ адил юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

“Эрдэнэс таван толгой” 203 ажилтнаа үлдээхээр болжээ

“Эрдэнэс-Таван толгой” компанийн Цанхын зүүн уурхайд ажиллаж байсан 200 гаруй хүнийг БНХАУ-ын “TTGVCo” компанид шилжүүлэх гэрээ байгуулах болсноор маргаан үүссэн билээ. Улмаар 203 ажилтны төлөөлөл болсон “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэл байгуулж удаа дараа ажил хаялт зарласан юм. Гэвч энэ нь үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатааж байдал хурцадсан. Тэгвэл “Эрдэнэс-Таван толгой” компани 203 ажилтнаа эргүүлэн авахаар болсон байна. Өчигдөр “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн захиргаа, “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлтэйгээ харилцан ойлголцлын гэрээ байгуулжээ. Улмаар ажилтнуудаа компанидаа үлдээхээс гадна С.Эрдэнийг гадаадад эмчлүүлэхээр болсон байна. Мөн Цанхын зүүн уурхайн үйл ажиллагааг энэ сарын 12-ноос эхлүүлэхээр болжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Ипотекийн зээлийн 0.7 хувь нь чанаргүйд тооцогджээ

Банкууд өнгөрсөн аравдугаар сард нийт 1395 зээлдэгчид 80.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноор ипотекийн зээлийн үлдэгдэл 3370.5 тэрбум төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 75877-д хүрчээ.

Зээлийн үлдэгдлийг харахад 98.4 хувь нь төгрөгийн зээл, 1.6 хувь нь гадаад валютын зээл байна. Хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн 2.4 хувийг, чанаргүй зээл нь 0.7 хувийг эзэлж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.доллар 1995 төгрөгтэй тэнцэж байна

Ам.долларын ханш өнөөдрийн байдлаар Найман шарга валют арилжааны төв дээр 1994 төгрөгөөр авч, 1995 төгрөгөөр арилжиж байна. Харин арилжааны банкууд нэг ам долларыг 1990 төгрөгөөр авч, 1999 төгрөгөөр арилжиж байна. Цаашид ч ам.долларын ханш буурах төлөвтэй байгааг эдийн засагчид онцолжээ.

Ирэх оны эхэн үед Оюутолгойн 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын асуудалд шийдэгдвэл энэ нь ам.долларын ханшид эерэгээр нөлөөлөх юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Энэ сард ХААБ-ийн арилжаа буурчээ

Энэ
арваннэгдүгээр сард Хөдөө аж ахуйн биржид харьцангуй цөөн тооны арилжаа
явагдсан байна. Тодруубал, өнөөдрийн байдлаар авч үзвэл найман удаа нийт 4.5
тэрбум төгрөгийн арилжаа хийжээ. Энэ нь өнгөрсөн сарынхаас хоёр дахин бага
байгаа юм. Өнгөрсөн аравдугаар сард Хөдөө аж ахуйн бирж дээр 9.1 тэрбум
төгрөгийн арилжаа хийгдэж байсан юм. Ийн арилжаа буурахад хэд хэдэн хүчин зүйл
нөлөөлжээ. Арилжааны үнийн дүнгийн гол хэсгийг бүрдүүлдэг ноолуурын арилжаа
арваннэгдүгээр сарын 4, 5, 24-ний өдөр хийгдсэн байна. Бусад өдөр гол төлөв
ноосны арилжаа хийгджээ. Мөн биржээр арилжаалдаг бүтээгдэхүүний нэр төрөл
харьцангуй цөөрч, ноос, ноолуурын арилжаа давамгайлах болжээ. Мөн Санхүүгийн
зохицуулах хорооноос Хөдөө аж ахуйн байнгын гишүүн брокерийн 17 компани
арилжаанд огт оролцохгүй байгааг анхааруулсан тогтоол гаргажээ. Энэ нь байнгын
гишүүдийн талаас илүү нь арилжаанд огт оролцохгүй байгаа гэсэн үг юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Үнэт цаасны бүртгэл шинэчлэгдлээ

Санхүүгийн зохицуулах хорооноос Үнэт цаасны
бүртгэлийн тухай журмыг шинэчиллээ. Ингэснээр үйл явцыг цаг хугацааны хувьд
түргэвчлэх, чиг үүргийн давхардал арилгах зэрэг давуу талтайн дээр үнэт цаасны
компаниудад олон боломж нээж байгаа юм. Тодруулбал, бүртгэлийн материалыг
Санхүүгийн зохицуулах хороо болон Хөрөнгийн биржид нэгэн зэрэг авч, Үнэт цаасны
компани танилцуулгаа хуульд заасны дагуу боловсруулсан эсэхэд Хөрөнгийн бирж,
тухайн үнэт цаас бүртгэхтэй холбоотой ажиллагааг хэрхэн хийсэн бэ гэдгийг
Санхүүгийн зохицуулах хороо хянаж бүртгэхээр боллоо. Энэ журмаар тухайн
байгууллага үнэт цаас гаргахтай холбоотой танилцуулгыг өөрөө хянадаг болно. Мөн
үнэт цаас гаргагч нь Хороонд бүртгүүлснээс хойш зургаан сарын дотор арилжаагаа
явуулж дуусгадаг байсныг нэг сар болгон өөрчиллөө. Ингэснээр андеррайтерын
үүрэг хариуцлага нэмэгдэж, анхны захиалгаар орсон хөрөнгө оруулагчдын хувьцаа
түгжигдэхгүй байх давуу талтай юм байна.