УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхантай ярилцлаа.
-Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилтыг бодитоор хөрсөнд буулгах өргөн цар хүрээтэй шинэчлэлийн торгон мөчлөг гэж энэ цаг үеийг тодорхойлмоор. Таны хувьд?
-Манай улс өнгөрсөн алдаа оноогоо дэнсэлж ирээдүйн хөгжлийн бодлогоо тодорхойлох нэгэн шилжилтийн цаг үеийг туулж байна. Ийм өөрчлөлт шинэчлэлийн мөчлөгийг өндөр хөгжсөн орнууд ч туулж ирсэн. Харин монголчууд бидэнд байгаа давуу тал бол тэрхүү туршлагаас суралцаж хөгжлийг дөтлөх боломж юм. Монгол Улс сорилт бэрхшээл, хүндрэлүүдтэй нүүр тулж байгаа хэдий ч нийгэм, эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн.
Үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтууд ч урагшилж байна. Төр засгаас улсын гадаад өрийг бууруулах, экспортоо тэлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, солонгоруулах, аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дундаж давхаргыг тэлэх, иргэдээ ажилтай орлоготой байхад бодлогын түвшиндээ анхаарч, дорвитой алхмууд хийгдэж байна. Ийм он жилүүд гэж хэлнэ дээ. Хөгжлийн зарим томоохон төслүүдийг төрхувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэйг бид бүхэн бодитой харсан. Цаашдаа манай улс гаднаас зээл авахаас илүүтэй дотоодын нөөц боломждоо тулгуурлаж, төр-хувийн хэвшлийн түншлэлийг дэмжин, дотоод гадаадын хөрөнгө оруулалтыг татах, харилцан ашигтай хамтрах бодлого барьж ажиллана. Сүүлийн жилүүдэд гадаад орнуудын төрийн өндөр дээд хэмжээний айлчлалууд Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогыг бататгаж, олон жуулчид манай орныг зорин ирж, талын Монгол дэлхийн анхаарлыг дахин татсан түүхэн үе ч гэж хэлж болно.
-Бүсчилсэн эдийн засгийн хөгжил, тэр дундаа говийн бүсийн дөрвөн аймгийн онцлогт тохирсон нөөц бололцоог Та хэрхэн харж байгаа вэ?
-Энэ бол эрх барьж байгаа намаас гадна сөрөг хүчин гээд гурван нам хамтдаа хийж хэрэгжүүлэхээр нэгдсэн зорилт. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн батлуулж, бодитоор хэрэгжүүлснээр эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдэд тулгуурлаж хөрөнгө оруулалтыг төлөвлөснөөр шинэ төвлөрлийн бүс, эдийн засгийн олон тулгуур, орон нутагт эдийн засаг тэлэх суурь бий болж, Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, агаарын бохирдол, түгжрэл зэрэг бидний тулгамдсан асуудал шийдэгдэх юм. Монгол Улсад бүсчилсэн хөгжил эхэлж байна. Нийтдээ 7000 гаруй км хатуу хучилттай замаар бүх аймгаа Улаанбаатар хоттой холбосон “Мянганы зам” төсөл 2022 онд дууссан. Үргэлжлүүлж аймгийн төвүүдийг хооронд нь холбох “Хөдөөгийн сэргэлтийн таван цагариг” авто замын бүтээн байгуулалтын төслийг эхлүүлнэ. 2024 онд багтааж 1300 км авто зам байгуулна. Говийн бүсэд нэн тэргүүнд анхаарах асуудал бол мал аж ахуйг эрсдэлгүй авч явах болон бэлчээрийн даац. Тухайлбал Говьсүмбэр, Дундговь аймаг тал хээр нутаг учраас фермерийн аж ахуйг хөгжүүлэх боломжтой. Дорноговь, Өмнөговь аймгийн хувьд дэд бүтцийн хөгжлөө дагаад баяжуулах, угаах, боловсруулах, кокс, эцсийн бүтээгдэхүүн хийх, төмрийн хүдрээ угаах, ширэм болгох зэрэг үйлдвэрүүд баригдаж байна. Тиймээс уул уурхайн чиглэлээр боломжийн хоёр аймаг нь Дундговь, Говьсүмбэрээ “чирэх” болно. Өөрөөр хэлбэл, боломжоо хуваалцаж, хамтдаа хөгжинө гэсэн үг. Дундговь аймгийн Мандалговь хотыг авто замаар Говьсүмбэр аймагтай холбоно. Ингэснээр Дорноговиос цемент авна, дамжаад Эрээнээс барилгын материал татах дэд бүтэц бий болчихно. Нөгөөтэйгүүр уул уурхайд түшиглэн эдийн засгаа солонгоруулж, жигд хөгжлийг хангахаар зорьж байна. Бүсчилсэн хөгжлийн гол концепцийн нэг энэ.
-“Монгол Улс нь бүс нутагтаа эдийн засгийн өсөлттэй орнуудад тооцогдож байна. Энэ өсөлтөө цааш авч явах нь говийн бүс нутгаас ихээхэн хамаарна” гэж Та “Бүсчилсэн хөгжил”-ийн чуулган дээр онцолсон. Говийн бүсийн хөгжилд тулгамдаж буй асуудлуудад ямар шийдэл байж болох вэ?
-Говийн бүсийг хөгжүүлэхэд нэн тэргүүнд дэд бүтэц, ус, эрчим хүчний асуудал тулгамдаж байна. Гадаргын усыг говь руу татах, урсацыг нь нэмэгдүүлэх, түүнийг дагасан дэд бүтцийг бий болгох боломжтой. Говь руу гадаргын усыг татсанаар бэлчээрийн доройтол сэргэж, мал аж ахуйн гол бүс нутгууд ган, зудад нэрвэгдэх эрсдэл буурна. Боловсруулсан түүхий эдийн үйлдвэрлэл 2-3 дахин нэмэгдэнэ. Цар тахлын үед гол төмөр замуудаа барьж дэд бүтцийн нөхцөл сайжирсан. Засгийн газраас төр-хувийн хэвшлийн түншлэлээр говийн бүсийн эрчим хүчний асуудлыг шийдвэрлэхээр зорьж байна. Аймгуудад байгаа боломжуудыг хуваалцах, эдийн засгийн чадавхаа жигд хөгжүүлэхийн тулд хуваарилалтаа зөв хийж, татварын тал хувийг бүрдүүлдэг хувийн хэвшлээ дэмжих ажил чухал. Говийн бүс нутагт сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх давуу талтай бөгөөд энэ чиглэлд БНХАУ-аас хөрөнгө оруулах санал илэрхийлсэн. Ялангуяа Дорноговийн Хатанбулаг, Өмнөговийн Ханбогд сумыг дамнасан 5ГВт хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх асуудлыг дэвшүүлж байгаа. Дэд бүтэц, ус, эрчим хүчний асуудлыг шийдвэрлэснээр дагаад говийн бүсэд амьдарч ажилладаг иргэдийн амьжиргаа ч дээшилнэ, ажиллах орчин нөхцөл ч дагаад сайжирна.
-Говийн бүсэд үйлдвэржилт хөгжихийн хэрээр усны асуудал хөндөгддөг. Говь руу ус татах “Хөх морь”, “Хэрлэн говь” төслүүд олон жил яригдаж байгаа шүү дээ?
-Манай улс Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд усны нөөц, хангамжийг нэмэгдүүлэхийг зорьж байна. Энэ чиглэлээр төлөвлөсөн томоохон ажлын нэг бол усан сан, усан цогцолбор болон УЦС барих төслүүдийг нэгтгэсэн “Хөх морь” төсөл. Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Хөх морь” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж говийн бүс нутгийг, аж үйлдвэрийн бүсээ усаар хангах тухай зарласан.
-Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, энэ салбарт хөрөнгө оруулалт татах боломж той юу?
-Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх бололцоотой гэж үздэг. Дотоодын хэрэглээнд нийлүүлэхийн зэрэгцээ экспортолж валютын орлого нэмэгдүүлэх чухал салбар юм. Олон улсын өмнө хүлээсэн эрх үүрэг, мөн дэлхий нийтийн ногоон шилжилтийн чиг хандлагатай уялдуулан Монгол Улс хүлэмжийн хийгээ бууруулах боломж, нөөц талаасаа сэргээгдэх эрчим хүчний хөгжилд анхаарах хэрэгтэй. Энэ чиглэлээр гадаадын хөрөнгө оруулагчид хамтрах сонирхолтой байна. Хилийн дагуу 5ГВт хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл байгуулахад БНХАУ хамтаръя гэж байгаа. Үүнийг дагаад ажлын байр бий болно, олон инженерүүд бэлтгэгдэнэ.
БНХАУ-ын эрчим хүчний үлэмж хэрэглээтэй энэ зах зээлтэй хил залгаа манай улсад сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлд хөрөнгө оруулах, технологи болоод ноу хау нийлүүлэхэд бэлэн барууны томоохон компаниуд ч бий. Ингэж бид өсөн нэмэгдэж буй, өнөөдөр аваарын хэмжээнд хүрсэн цахилгаан, эрчим хүчний хэрэглээгээ хангах боломжтой гэж бодож байна.
-Засгийн газар 2024 оны төсвийн жилийг бүхэлд нь “Шинэ сэргэлтийн бодлого”ын Хот хөдөөгийн сэргэлтийг хэрэгжүүлэхэд зориулан ажиллахаар төлөвлөсөн. Өнөөдөр Улаанбаатар хотын хүн ам тогтмол нэмэгдсээр, ажиллаж сурч байгаа залуус амьдралын эрхээр хилийн чанадыг зорьсоор байна. Монгол мэдлэг, чадвар гадагшаа “урссаар” л. Энэ урсгалыг хөдөө рүүгээ яаж чиглүүлэх вэ?
-Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлт”-ийн бодлогын зургаан зорилтын нэг “Хот хөдөөгийн сэргэлт” юм. Залуу гэр бүл, ид ажил хийдэг хүмүүс, ард иргэдийг хөдөө рүүгээ татахын тулд Улаанбаатар шиг адил орчин бий болох ёстой гэж үзэж байна. Нэгт, тохилог орон сууц. Хоёрт, хүүхдэдээ өндөр боловсрол олгох. Гуравт, эрүүл мэндийн үйлчилгээ. Эдгээр нөхцөлийг эхний ээлжинд бүрдүүлээд өгсөн байхад хөдөөд ажиллаж амьдрах боломж бий. Хамгийн гол зүйл бол хөдөө очоод ажлын байр бэлэн байх ёстой. Ер нь Дорноговь, Өмнөговь аймаг хооронд Тавантолгой-Зүүнбаян, урагшаа Гашуунсухайт боомт хүртэлх, мөн Зүүнбаян-Ханги гээд нийтдээ 1000 орчим километр төмөр замд 8000 гаруй ажилтан хэрэгтэй. Одоо Өмнөговь аймагт Тавантолгойн нүүрс угаах үйлдвэрийн бүтээн байгуулалт үндсэндээ өндөрлөж байна. Дорноговь аймгийн хувьд баруун талаасаа төмөр замтай болсон учир тэр чиглэлээс коксжих нүүрс, хойноос төмрийн хүдрийг Сайншандад угааж баяжуулаад, улмаар төмрийн хүдэр коксыг нийлүүлж эхний ээлжинд ширэм болгоно. Эдгээр үйлдвэр баригдаад дуусаж байна. Ирэх хавар ашиглалтад орно. Үүнийг дагасан маш олон ажлын байр бий болж буй учир залуус очиж ажиллаж, амьдарна гэж их найдаж байгаа. Энэ нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Засгийн газраас ч тодорхой арга хэмжээ авч байна. Жишээ нь ипотекийн зээлийн 80 хувийг хотод, хөдөө орон нутагт 20 хувийг өгдөг байсныг УИХ-аас өөрчлөн 50-50 хувь, зээлийн хүүг гурван хувь болгосон. Олон аймагт хувийн хэвшлүүд их хэмжээгээр орон сууц барьж байна. Хувийн хэвшлийн барьж байгаа орон сууцыг аль болох хямд байлгахын тулд түүхий эдээ бид дотооддоо үйлдвэрлэдэг болох хэрэгтэй. Тухайлбал Дорноговьд гэхэд Монгол Улсын цементийн хэрэгцээний 70%-ийг хангаж байна. Сайншандад ширмээ ган болгоод, гангаар арматур хийгээд эхлэх юм бол ерөөсөө барилгад шаардагддаг хамгийн гол хоёр түүхий эд хямд болж бид дотооддоо бага өртгөөр орон сууц барих боломж, бололцоо бүрдэнэ. Аж үйлдвэржилт яагаад чухал вэ? Монголчууд бид хүнснээс эхлээд хувцас, гар утас компьютер, унаа машин гээд бүхий л хэрэглээгээ гаднаас импортоор авч байна. Манай улс үйлдвэрлэгч биш. Гэтэл улсын гол орлогыг нүүрс, зэс, алт, төмрийн хүдэр гэсэн цөөн түүхий эдийн экспортоос бүрддэг. Тэгээд 90 хувийг түүхийгээр худалддаг хэр нь эргээд боловсруулсан бүтээгдэхүүнийг илүү өндөр үнээр импортолдог. Монгол Улсын хамгийн их зардал бол бензин түлш. Жилд 1.8 тэрбум долларыг нефтийн бүтээгдэхүүнд зарцуулдаг.
Тиймээс стратегийн нэн чухал Газрын тос боловсруулах үйлдвэрийг Дорноговь аймгийн Алтанширээ суманд байгуулж байна. Нефтийн үйлдвэрийн бүтээн байгуулалт төгсгөлийн шат руу орж байгаа. Түүхий тос дамжуулах хоолой эхнээсээ тавигдаж байна. Иргэдэд хамгийн ихээр тулгамддаг асуудал бол орон сууцны үнэ. Манай улс жилд 280-300 мянган тонн арматурыг хэрэглэдэг ба үүний 70 хувийг Хятад улсаас импортолдог болохоор орон сууцны үнэд нөлөөлдөг. Арматур төмрийн импорт буурч байж л орон сууцны үнэ хямдрах нөхцөл бүрдэнэ.
Дорноговь аймаг улсын төсөвт ямар ч дарамт учруулахгүйгээр дотоод нөөц боломжоо ашиглан 1500 орчим орон сууц өнгөрсөн 4-5 жилд шинээр барьж ашиглалтад орууллаа. Үргэлжлүүлээд түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үүнийг загвар болгоод хэрэгжүүлчихсэн учраас бусад аймагт нутагшуулахад Засгийн газар бодлогоороо дэмжихээр байгаа. Одоо Дорноговь аймагт баригдсан түрээсийн орон сууцнаас 20 байр авч үлдээд англи хэлний 10 багш, нарийн мэргэжлийн 10 эмчид зориулан хадгалсан. Улаанбаатар хотоос орон нутагт ирж тогтвор суурьшилтай таван жил ажиллах юм бол тухайн байрыг хувьд нь үнэ төлбөргүй олгоно. Эхнээсээ эмч, багш нар байрандаа ороод байгаа. Тэр байрны өртгөөс илүү англи хэлний багшийн олон мянган хүүхдүүдэд оруулах оюуны хөрөнгө оруулалт бол айл болгонд очиж байгаагаараа энэ байрны үнийн дэргэд асар том хөрөнгө оруулалт болно. Эмч мөн ялгаагүй нэг хүний хавдрыг эрт илрүүлчихсэн байхад тэр байртай харьцуулшгүй үнэтэй. Чадварлаг хүний нөөцийг орон нутагт ажиллах со нирх лыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд 2024 оны дөрөвдүгээр сараас төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлж, нийтлэг төрийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалинг 20% хувь, бусад төрийн албан хаагчдын цалинг 10 хувь нэмнэ.
-Хот хөдөөгийн сэргэлт, нийслэлийн замын түгжрэлийг бууруулах гээд Таны эрхлэх хүрээний ажлууд хоорон доо уялдаа холбоотой юм?
-Тийм. Миний бие нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргын алба хашиж байна. Түгжрэлийг бууруулах нэг шийдэл нь шинээр дагуул хот байгуулах. Одоогийн манай нийслэл нэлээн өргөжин тэлж байгаа учир Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлаа дагуулж “Шинэ Зуунмод” хэмээх 150 мянган хүн амьдрах хот барих төлөвлөгөөтэй. Үүний сацуу Хот хөдөөгийн сэргэлтийн хороог ахалж байна. Хот руу чиглэсэн ард иргэдийн нүүдлийг сааруулах, хөдөө рүү иргэдээ татах бодлогыг явуулах ёстой. Ингэж түгжрэлийн асуудлыг цогцоор нь шийдэх ёстой гэж үзэж байгаа.
-Таныг энэ ажлыг эрхэлж байх хугацаанд нийслэлчүүд метротой болж чадах болов уу?
-Монголчууд бид метрогоо барьж чадна. Нэгэнт хариуцсан хүний хувьд ямартай ч энэ ажлыг эхлүүлнэ гэсэн итгэлтэй байгаа. Дөрвөн жилийн хугацаанд түүнээс ч бага хугацаанд барих боломжтой. Амгалангаас хоёр замынхаа хооронд ногоон байгууламжтай хэсэг дээгүүр тулгууртай баганаар ил явуулах төсөөлөлтэй байна. Тэгэхээр одоогийн байгаа замд саад болохгүй. Дээгүүр нь явуулна гэсэн үг. Бидний тооцоогоор Амгалангаас Таван шар өнгөртөл 17.2 км орчим. Үүнээс 6.6 км нь газар доогуур байх юм. Зүүн дөрвөн замын хавьцаанаас газар доогуур ороод 25 дугаар эмийн сан өнгөрөөд ил гараад ирнэ. Ингээд хэрэв хоёр талаас нь зэрэг ухаад явах юм бол ойролцоогоор 36 сар. Ингэхдээ газар доогуурх төмөр замаа хамт дэвсээд явна. Метроны тулгууртай багана барих, газар доогуур тавих ажлыг туршлагатай компаниудаар нь олон улсын тендер зарлаж хийлгэнэ. Яг өөрсдөө чадах хэсэгт нь монголчуудаараа хийлгэж ажилтай болгоно гэсэн давхар бодлого барьж байна. Нэгэнт эхлүүлсэн байхад дараагийн Засгийн газар, сайд хэн байхаас үл шалтгаалж энэ ажил үргэлжлээд хийгдэж л таарна. Яармаг яагаад түгжирдэг вэ гэхээр өвөлдөө өдөрт онгоцны 10-12 нислэг хийж байна. Нэг нислэг 120160 зорчигч гэж тооцохоор 2000 гаруй зорчигч бууж, бас нисэж байгаа. Өнөө зорчигчдыг хамгийн багадаа 1000 гаруй машин хүргэж өгнө, тосож авна. Бид Хархориноос урагшаа эргүүлээд Цахилгаан станцын хажуугаар Яармаг руугаа гаргая гэж тооцоолж байгаа юм. Түгжрэлийг бас давхар шийднэ.
-Дорноговь аймгийн ирээдүй, хэтийг Та хэрхэн төсөөлдөг вэ?
-Ер нь бол том зургаар харвал Дорноговь аймаг нь нийгэм, эдийн засгийнхаа ирээдүйн хөгжлийн суурийг өнгөрсөн жилүүдэд тавилаа. 2015 оноос “Их бүтээн байгуулалт” санаачилгыг шат дараатай, хэрэгжүүлж, өнөөдрийг хүртэл тасралтгүй явагдаж байна. Бүтээн байгуулалт гэдэг нь зөвхөн барилга байшингийн тухай биш. Өргөн цар хүрээгээр иргэн бүр ажилтай орлоготой, ирээдүй хойч үе эрүүл чийрэг өсөж торних, боловсрол мэргэжил эзэмших, тав тухтай амьдрах суурь нөхцөл бүрдүүлэхэд чиглэсэн ажил. Тиймдээ ч бидний туршлага улсын хэмжээнд, бусад аймгуудад жишиг болж байна. Эргээд харахад цаг хожсон олон давуу тал бий. Дэлхий дахин, нэг ч улс орон, хэн ч коронавирусын цар тахалтай нүүр учирна гэж тооцоолоогүй. “Ковид 19” цар тахлын үед Монгол Улсын хамгийн хүнд ачааг Дорноговь аймаг үүрсэн. Бараа бүтээгдэхүүний импорт, экспортыг хилийн боомтоор нэвтрүүлэхээс эхлээд улсын эдийн засгийг тасалдуулаагүй ажилласан хүмүүс аймгийн маань албан хаагчид юм. Гадаад дотоодын хүнд хэцүү үеэс урьтаж, цар тахлын хүнд жилүүдэд ч манай улс, Дорноговь аймаг ч нийгэм, эдийн засгийн амин чухал ажлуудыг хэрэгжүүлж, эхлүүлж чадсан. Дотооддоо Нефтийн үйлдвэр барьж байна. Анх удаа монголчууд өөрсдийн хүч хөдөлмөөр төмөр замаа тавилаа. Эхнээсээ Аж үйлдвэрийн парк өндийж байна. Энэ бүх үйлдвэр, дэд бүтэц аймагт ажлын байр бий болгож байна. Ажлын байр нэмэгдэнэ гэдэг аймгийн эдийн засаг, зах зээл тэлэхэд маш том хувь нэмэр. Том төсөл хөдөлж байж жижиг, дунд бизнес дагаж хөгждөг. Аливаа үйлдвэр, бүтээн байгуулалт хэдэн мянган аж ахуйн нэгжүүдээс худалдан авалт хийдэг. Ингэж бусад компаниуд нь дагаад өсөж өндийж байна. Дам нөлөөний цаад үр өгөөж, ашиг орлогын ашиг тусыг хэлээд байна л даа. Орон нутагтаа иргэд ажилтай орлоготой, ая тухтай амьдрахад заавал хотыг зорихгүй. Хот хөдөөгийн сэргэлт, бүсчилсэн хөгжлийн шийдэл нь энэ. Хөдөөг буйдхан ахуйгаар төсөөлдөг үе нэгэнтээ хоцрогдож хотын энтэй хөгжих нөхцөл Дорноговь аймагт бүрдээд байна. Эдийн засгийн өрсөлдөх чадвараар улсдаа нэгдүгээрт эрэмбэлэгдэж буй. Ирэх жилүүдэд бид боловсрол, эрүүл мэндийн салбартаа манлайлна гэсэн зорилго тавьж байгаа. Аймгийн сурагчдадаа дэлхийн стандартын боловсрол эзэмшүүлэх, тэр дундаа англи хэлний түвшинг сайжруулах нь дараагийн шатны ажил байх болно. Авлигагүй, төрийн хүнд сурталгүй аймаг болж үлгэрлэнэ. Бага татвартай, өндөр цалинтай, хамгийн тааламжтай орчин нөхцөлийг бүрдүүлэхийг зорино. Хандлага зөв байхад хөгжил ойрхон. Сайхан ярьж, шүүмжлэхэд амархан, харин хийж хэрэгжүүлнэ гэдэг бэрх. Болгоё, бүтээе гэсэн чин эрмэлзэл, хандлага, нэгдмэл зорилт байхад хөгжлийг дөтөлж чадна. Үүний бодит жишээ Дорноговь аймаг.
-Ярилцсанд баярлалаа.