Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Mөнгөний нийлүүлэлт 38.1 их наяд төгрөг болжээ DNN.mn

Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний дөрвөн сарын байдлаарх мөнгөний нийлүүлэлтийн дүн мэдээг танилцууллаа.

Тодруулбал, Mөнгөний нийлүүлэлт (M2) 2024 оны 4 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 38.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 7.9 (26.3%) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 5.1 (37.6%) их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 2.3 (35.6%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Тяньжинд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 5750 орчим чингэлэг байна DNN.mn

Тяньжин боомтын нөхцөл байдлын энэ долоо хоногийн мэдээ хүргэж байна.

Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 5750 орчим чингэлгүүдийн үлдэгдэл байна.
Тяньжин боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд чингэлэг дунджаар 9-12 хоногт тээвэрлэгдэж байгаа бөгөөд боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 70-75 хонож гарч байна.

Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайд нийт 979 чингэлэг байгаагаас: Ачаатай: 500 Хоосон: 479 чингэлэг байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Т.Сайнжаргал: Төмөр замын хил холболтын цэгүүд бүрэн шийдэгдсэн гэж ойлгож болно DNN.mn

“Монголын төмөр зам” Төрийн өмчит компанийн Төслийн хэлтсийн дарга Т.Сайнжаргалтай ярилцлаа.


-Төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд хэр явагдаж байгаа вэ?

-Бүтээн байгуулалтын ажил гэвэл Шивээхүрэн-Сэхэ боомтын хилийн холболтын нарийн царигийн төмөр замыг тавиад дуусч байна. Манайх өмнө нь нарийн царигийг хил дамнуулан холбосон тохиолдол байхгүй. Тэгэхээр энэ удаагийнх анхных нь болж байгаа юм.

-Хэзээнээс үйл ажиллагаа нь жигдэрч, тээвэр хийж эхлэх вэ?

-Гол замын урт нь 6.96 км, дэлгэмэл урт нь 19.6 км хилийн холболтын цогц бүтээн байгуулалт гэж ойлгож болно. Төмөр зам барихаас гадна холбоо дохиолол, гүүрэн байгууламж, өртөө, депогийн барилга, ажилчдын орон сууц, эрчим хүч гээд цогцоор нь хийж байгаа. Хилийн холболтоо нарийн царигаар хийж байгаа учраас бас технологийн асуудлууд тулгарч байна. Манайх чинь 1520 мм буюу Оросын стандартын төмөр замтай. Харин нарийн цариг буюу олон улсын стандартын энэ зам чинь 1435 мм байдаг.

Ингээд царигийн ялгаа гараад ирэхээр манай улсад ашиглаж байгаа машин механизм, техник, тоног төхөөрөмжүүд нарийн цариг дээр гарч ирж чаддаггүй. Тийм болохоор дандаа гар аргаар хийж байна. Уг нь механикжсан анги явах ёстой. Гар аргаар хийж байгаа учраас нэлээд цаг хугацаа орсон. Гэвч маргааш техникийн комисс ажиллахаар ЗТХЯ-аас чиглэл өгсөн байгаа. Ингэснээр эхний шатны ажил бэлэн болж байна гэсэн үг. Харин үүний дараагаар комиссынхны дүгнэлтийн дагуу сайжруулах ажлуудаа хийгээд явна.

-Энэ ажил дээр урд хөршийн дэмжлэг авч, техник технологийг нь ашиглаж болоогүй юм уу?

-Урд хөршийн дэмжлэг, туслалцааг авч болно л доо. Гол нь Хятад улстай 2004 онд хийсэн Хилийн хэлэлцээрийн протокол байгаа юм. Үүнээс гадна өнгөрсөн хугацаанд хэд, хэдэн хэлэлцээр хийсэн. Энэ ажил Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”, “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд хийгдэж байгаа ажил. Ер нь ганцхан энэ гэлтгүй бусад төмөр замуудын холболтын ажлууд ч дээрх бодлогын хүрээнд хийгдэж байгаа. Хэлэлцээрүүдийн үеэр бид хятадуудад саналаа тавихад тэд та хэд боломжит нөхцөлийнхөө хүрээнд өөрсдөөсөө шалтгаалах ажлуудаа хийчих гэсэн. Нэг ёсондоо бид төмөр замаа барьж болно. Гэвч та нар уддаг шүү дээ гэсэн агуулгыг л ярьж байсан. Тийм болохоор бид боломжоороо бариад Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр зам хилийн цэг рүүгээ дөхүүлчихсэн. Ингээд ирэхээр Хятад талаасаа замаа барих зөвшөөрлөө дээд газруудаасаа аваад ажил нь эхлэх гэж байна. Хэрэв хятадууд төмөр замаа өмнө нь барьчихсан бол бид тэдний техник хэрэгслийг оруулж ирээд барих боломж байсан.

-Манай ажил уддаг, гацдаг учраас эхлээд замаа тавьчих гэсэн шаардлага тавьсан юм байна, тийм үү?

-Шулуухан хэлэхэд, биднийг хэлсэндээ байдаггүй. Тийм болохоор эхлээд та нар барьчих л гэсэн юм. тэгэх юм бол бид төмөр зам тавихад асуудалгүй гэдэг зүйлийг хэлсэн.

-Шивээхүрэнгийн төмөр замыг баруун босоо чиглэлийн төмөр замтай холбоно гэж байсан. Энэ ажил хэзээнээс эхлэх вэ?

-Баруун босоо чиглэлийн буюу Шивээхүрэн-Нарийнсухайт-Арц суурь гэсэн чиглэлтэй байх юм. Эхний ээлжинд Шивээхүрэн-Сэхэ боомтыг нарийн царигаар нь холбож байна. Хажуугаар нь өргөн царигийн зам тавигдана. Тэр нь үргэлжлээд Нарийнсухайт-Баянхонгор аймгийн Шинэжинст-Говь-Алтай аймгийн Чандмань-Алтай-Завхан аймгийн Арцсуурь боомт хүртэл явна. Энэ ажлын сонголт 2022 онд явагдсан. Тендер биш гэсэн үг. Ингээд сонгогдсон компанитай нь төрийн оролцоотой хамтарсан компани байгуулах Засгийн газрын тогтоол гарсан. Үүний дараагаар концессын гэрээ байгуулах процедур явсан. Нийтдээ 1255 км төмөр замын ТЭЗҮ-ийг бэлэн болгох байсан. Харамсалтай нь сонгогдсон компанийн талаас ажил удааширч, гэрээгээ байгуулж чадаагүй. Ингэсээр байтал ноднин жилийн 12 дугаар сарын 31-нээс Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр Концессын хууль хүчингүй болсон. Цаг хугацаа алдсанаас болоод баруун босоо болон зүүн босоо чиглэлийн төмөр замуудын аль аль нь гэрээгээ байгуулж чадаагүй. Одоо энэ хоёр төслийн ажил зогссон байгаа. Тийм болохоор төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дахин шалгаруулалт явуулна.

-Төмөр замууд барьж байгаа ч бүгдээрээ мухар гэсэн шүүмжлэл явдаг. Хил холболтын ажлуудыг хэзээ бүрэн дуусгах вэ?

-Монгол Улс 1949 оноос хойш төмөр зам тавиагүй байж байгаад 2019 онд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км замыг дотоодын аж ахуйн нэгжийн боловсон хүчнийг ашиглаж барьсан. Мөн Тавантолгой-Гашуусухайт чиглэлийн 212 км, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замыг барьж байгуулсан. Энэ 1000 орчим км төмөр замыг бид өөрсдийнхөө дотоодын нөөц бололцоогоор барьж чадсан. Яг цар тахлын хүнд нөхцөл байдалтай байсан үе шүү дээ. Өмнө нь бид нутгийнхаа гүнээс төмөр замаа барьж эхэлдэг байсан бол энэ удаад бид Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замыг хилээсээ нутгийн гүн рүү барьж байна. Цаад талтайгаа хилийнхээ цэгийг тохироод барьж эхэлсэн. Бид боомтоо боомилуулаад байхаар яаж эдийн засгийн эргэлт хөшдөг, мөнгөний урсгал хэрхэн зогсдог гэдгийг харлаа. Тийм болохоор энэ алдааг давтахгүйн тулд Боомтын сэргэлтийг нэгдүгээрт тавьж, хилийн гарцаа нэмэгдүүлж, Хятад улстай холбохоор болж байна. Үүнээс гадна ОХУ-тай хиллэдэг боомтуудыг ч нэмэгдүүлэхээр төлөвлөж, судалж байгаа. Ер нь хил холболтын цэгүүд бүрэн шийдэгдсэн гэж ойлгож болно. Жишээлбэл, Гашуунсухайт боомтын хилийн холболтын ажил яг одоо явагдаж байна. Хятад талаасаа баригдаад эхэлсэн.

-Ханги-Мандал боомтоор төмөр замын тээвэр эхэлсэн гэсэн мэдээлэл яваад байгаа. Хилийн холболтоо хийчихсэн гэсэн үг үү?

-Ханги руу тээврүүд хийгдээд хил дээр очиж байгаа. Гэвч төмөр замаар хил гарсан зүйл байхгүй. Одоо хилийн хэлэлцээрүүд нь явагдаж байна. Хятадын талаас хил холболтыг Үндэсний төмөр замаараа холбооч гэсэн зүйлийг тавьж байгаа юм билээ.

-Үндэсний төмөр замаараа тавина гэдэг нь юу гэсэн үг билээ?

-Одоогийн Монгол, Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам/УБТЗ/ чинь хуучин Монголын төмөр зам гэсэн нэртэй байсан. Үүнийг 2008 оноос өөрчилсөн. Тиймээс Монгол Улс Монголын төмөр зам гэсэн нэрээ авсан. Цаашдаа Тээврийн тухай хуулиараа төмөр замын суурь эзэмшигч нь төр байна. Харин төрийн 100 хувийн өмчит компани нь Монголын төмөр зам юм. Тэгэхээр төмөр замын суурь бүтэц буюу замууд нь энэ компанид харьяалагдаад явна. Дээгүүр нь явах тээврийг нь либералчлаад өгчихсөн.

-Ханги-Мандалын төмөр замын нэг онцлог нь өргөн, нарийн хос замтай байх тухай ярьж байсан?

-Манай Монголын төмөр зам компанийн чиг үүрэгт бол байхгүй. Гэхдээ бидний авсан мэдээллээр Ханги талдаа 13 км нарийн болон өргөн царигийн төмөр зам хил дээрээ оччихсон байгаа. Харин одоо Мандалаасаа бүтээн байгуулалт нь ирээд хил дээрээ холбогдох учиртай. Ингэж хос төмөр зам байна гэдэг чинь ачаа барааг буулгаж, ачих цаг хугацаа алдахгүй. Нэмээд зардал хэмнэнэ. Өргөн царигаараа Хятад руу ороод ачаагаа буулгаад, буцаагаад авчихна. Толгой солигдоод л яваад байна гэсэн үг.

-Энэ давуу талаа бусад боомтууд дээрээ ашиглах юм уу?

-Ашиглана. Үүний эхлэл нь Шивээхүрэн-Сэхэ боомт дээр нарийн царигаа тавьж байна. Харин баруун босоо тэнхлэгийн өргөн царигийн төмөр зам нь хажуугаар нь давхар холбогдоно.

-Богд хан төмөр замын асуудал юу болсон бэ?

-Бидний талаас мэдэх зүйл алга. Яагаад гэхээр Богд хан төмөр замын ТЭЗҮ-ийг Тавантолгой төмөр зам хариуцаж хийлгээд, барилгыг нь барихаар болсон. Гэвч оросууд оролцохоор болсон болон бусад нөхцөлүүдээс болоод өнөөдрийн байдлаар зогсонги байгаа. Энэ зам чинь Рашаант орчмоор салаад Богд уулаа тойроод Мааньт буюу Баян зөрлөг дээр нийлэхээр байгаа юм. УБТЗ чинь хоёр улсын 50:50 хувийн эзэмшил учраас зам салах болон нийлэх цэгийн асуудлыг хоёулаа зөвшөөрч байж л шийднэ. Монголын талаас мянга явуулъя гэсэн ч оросууд зөвшөөрөхгүй бол нэмэргүй. Нэг ёсондоо хоёр улсын асуудал болчихоод байгаа юм. Гэхдээ цаагуураа шийдэгдээд явах байх. Ямар ч байсан ТЭЗҮ, зураг төсөл нь гарчихсан. Тухайн үедээ өртөг нэлээд өндөр байна гэж байсан.

-Замын-Үүд-Алтанбулаг чиглэлийн төмөр замыг хос болгох тухай бас л ярьж байсан?

-Зам, тээврийн хөгжлийн яам дээр мэргэжлийн байгууллагууд оролцсон судалгаанууд явж байгаа. Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг 2013 онд батлагдсан.

Үүн дээр нэг, хоёр, гуравдугаар үе шаттайгаар 5600 км төмөр зам барина гэж тусгасан байгаа. Үүнийг цаашаа дөрөвдүгээр үе шаттай болгоод 10 мянган км төмөр зам барих боломж байна гэсэн судалгааны ажлууд явагдаж байна. Тэгвэл УИХ болоод Засгийн газрын тогтоолд нэмэлт, өөрчлөлт орж таарна. Гол магистрал буюу Замын-Үүд-Алтанбулаг чиглэлийн 1000 гаруй км төмөр замыг хос болгох уу. Эсвэл хоёр царигтай болгох уу гэдэг асуудал яригдана. Энэ чинь өөр ойлголт. Бид хос төмөр зам барина гэвэл зэрэгцүүлээд, далан, шороо тавиад шинээр барина гэсэн үг. Харин хоёр шугамтай болгоно гэвэл тэр далан дээр нь барих уу гэдэг асуудал байна. Тиймээс эдийн засаг талаасаа аль нь үр өгөөжтэй байх вэ гэдэг нь л чухал. УБТЗ зам өнөөдөр ачааллаа дийлэхгүй байгаа. Энэ чинь олон улсын транзит тээвэр. Эдийн засгийн судалгаанууд бүрэн гарч дууссаны дараа яахаа ОХУ-тай зөвшилцөж л таарна.

-Шинээр барьж байгаа эдгээр төмөр замуудаар зөвхөн ачаа тээвэр явах уу. Зорчигч тээвэр хийх юм уу?

-Төмөр зам баригдсаны дараа эхний нэг жилдээ ачаа тээвэр нь жигдэрнэ. Үүний дараагаар 4-5 жилийн хугацаанд үр ашгаа олох ёстой. Ингэсний дараа нийгмийн хариуцлагын хүрээнд зорчигч тээврийн асуудал яригдана. Нэг төмөр зам баригдахад 5-10 жилийн дараа зорчигч тээврийн асуудал яригддаг. Учир нь зорчигч тээвэр алдагдалтай байдаг. Хэрэв зорчигч тээвэр яваад эхэлбэл дахиад эдийн засгийн асуудлууд гарч ирдэг. Одоо ачаа тээвэр явж байгаа Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 416 км замд нэг өртөө, таван зөрлөг л байгаа. Харин зорчигч яваад ирвэл өртөө, зөрлөгийн тоо 15-20 болж нэмэгдэнэ. Энэ чинь дахиад зардал нэмнэ. Сайн тал нь суурьшлын бүс, дэд бүтцээ дагаад төвлөрөл бий болдог. Сургууль, цэцэрлэг, соёлын хэрэгцээ бий болно. Улаанбаатар хот, аймгуудын төвлөрлийг саармагжуулахад чухал нөлөө үзүүлнэ.

 

Categories
мэдээ эдийн-засаг

127761 иргэн, ААН зээлээ төлж, чанаргүй зээлдэгч ангиллаас гарчээ DNN.mn

Монголбанкны 100 жилийн ойг тохиолдуулан зургаадугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд зээлээ төлсөн иргэн, ААН-ийн муу зээлийн түүхийг шинэчилнэ.

Тэгвэл өнөөдрийн байдлаар 2024 оны 04 дүгээр сарын 1-ийг хүртэлх хугацаанд зээлээ төлчихсөн хэрнээ ангилалд орсон нийт 127761 иргэн, ААН хамрагдаж, мэдээллээ шинэчлэх боломжтой болжээ. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд 55943 иргэн, ААН байгаа бол орон нутагт 71718 иргэн, ААН хамрагдсан байна.

Муу зээлийн түүх ангилалд нь нэг жилээс илүү хугацаанд зээлээ төлөөгүй байсан тохиолдолд хамруулдаг. Тэгэхээр зарласан хугацаанд буюу ирэх зургаадугаар сарын 1 -ний дотор иргэн, ААН зээлээ бүрэн төлж барагдуулснаар мэдээллийн сангаа шинэчлүүлж, дахин зээлд хамрагдах боломжтой болох юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Агаарын тээврээр дотооддоо 2.2 мянган тонн ачаа тээвэрлэжээ DNN.mn

Агаарын тээврээр оны эхний улиралд дотоодод 5.5 тонн ачаа тээсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1.9 (51.4 хувь) тонноор өсөж, олон улсад тээсэн ачаа 2.2 мянган тонн болж, өмнөх оны мөн үеийнхээс 11.4 (0.5 хувь) тонноор багасжээ.

Агаараар тээсэн ачаа өмнөх улирлынхаас 0.4 (15.4 хувь) мянган тонноор багасахад олон улсад тээсэн ачаа 15.5 хувиар буурсан нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.

Агаарын тээврээр зорчигчид энэ оны эхний улиралд 411.8 мянга (давхардсан тоогоор)-д хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 93.4 (29.3 хувь) мянга, өмнөх улирлынхаас 8.3 (2.1 хувь) мянган хүнээр нэмэгдэв. Үүнд Бээжин, Токио, Хайлаар чиглэлийн зорчигчдын тоо нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Агаарын тээврээр олон улсад зорчигчид энэ оны эхний улиралд 314.8 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 85.4 (37.2 хувь) мянган хүнээр нэмэгдсэн байна. Ийнхүү өсөхөд, Бээжин чиглэлийн  зорчигч 40 мянга, Фукуок чиглэлийн зорчигч 13.8 мянга, Хонг Конг чиглэлийн зорчигч 12.3 мянгаөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

Агаарын тээврээр орон нутагт зорчигчид 97.1 мянган хүн болж, өмнөх оны мөн үеийнхээс 8 (9 хувь) мянган хүнээр нэмэгджээ. Агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого энэ оны эхний улиралд 211.6   тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 19 (9.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн аж.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Бодлогын хүүг 11 хувь болгов DNN.mn

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2024.05.13/ хуралдсан. Тус хуралдаанаас гаргасан шийдвэр болон цаг үеийн асуудлаар Төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэл хийлээ.

Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 11%-д хүргэх шийдвэр гаргасан байна.

Эдийн засаг, банк санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөв эрсдэлийг харгалзан ийм шийдвэр гаргасан хэмээн мэдэгдэв.

Мөнгөний бодлогын хороо өнгөрөгч гуравдугаар сард хуралдахдаа бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 12 хувь болгож байсан билээ. Ийнхүү хоёр сарын дараа дахин нэг хувиар бууруулж байна.

Жилийн инфляц дөрөвдүгээр сард улсын хэмжээнд 6.4%, Улаанбаатар хотод 6.1%-тай гарсан байна. Импортын бараа бүтээгдэхүүний инфляц саарах хандлага үргэлжилсний зэрэгцээ дотоодын хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт тогтворжсоноор инфляц буурчээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Суудлын автомашины импорт 2.2 дахин өсчээ DNN.mn

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 13-ны хооронд суудлын автомашины импорт 45700 ширхэг болж, өнгөрсөн оны мөн үеэс 2.2 дахин өсжээ.

Харин ачааны автомашины импорт 10.063 болж, өнгөрсөн оны мөн үеэс 53 хувиар өссөн байна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Энэ онд 10.063 ширхэг ачааны автомашин импортолжээ DNN.mn

Ачааны болон суудлын автомашиныимпортын товч мэдээлэл

СУУДЛЫН АВТОМАШИН: 2024 онд 45.700 ширхэг импортолсон. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2,2 дахин өссөн байна.

АЧААНЫ АВТОМАШИН: 2024 онд 10.063 ширхэг импортолсон. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 53.0 хувиар өссөн байна.

May be an image of car and text that says "moHroлblH rAAЛb BAPИЙH M3A33 ИMnoPT /2024.1.1-2024.5.13/ 出7 হুমান ABTOMAWИH TOO WИPX3r 2023 OHbl MBH yE3C CyyAЛblH 45,700W A4AAHbl 2.2 AAXИH BCCeH 10,063 W 53.0% BCCeH 1800-1281 1800- -1281 WWW.CUSTOMS.GOV.MN"
Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учраас хувийн компаниудаа муу гэх үлгэр ярьж, сонгогчдын анхаарлыг өөр зүйлд хандуулахыг мэрийж байна DNN.mn

Эдийн засагч Р.Даваадоржтой ярилцлаа.


-Өнгөрсөн найман жилийн хугацаанд улс орны эдийн засаг ямар нөхцөл байдалтай болов?

-Иргэд сонгогчид МАН-ыг үнэмлэхүй олонхоор хоёр парламент дараалан сонголоо. Энэ нь аливаа улс төрийн хүчний хувьд улс орноо зөв чиглэлд чиглүүлэх сайхан боломж, итгэлээр иргэд сонгогчид шагнасан гэсэн үг. Эдийн засгийн нөхцөл байдлын хувьд улс орон хөгжлийн зөв гарц дээр очих, гадаад өрийн дарамтыг огцом бууруулах, аж ахуйн нэгжүүд олноор байгуулагдаж хөл дээрээ баттай зогсох, эдийн засгаа солонгоруулах, дундаж давхарга улам бүр тэлэх сайхан боломж бүрдсэн он жилүүд байсан.

Манай улсын эдийн засгийг тэтгэгч зэс, нүүрсний дэлхийн зах зээлийн ханш 2015 оныхтой харьцуулбал 2-10 дахин нэмэгджээ. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын уул уурхайн экспортын голлох бүтээгдэхүүний үнэ ханш дэлхийн зах зээл дээр өндөр үнэтэй байна. 2015 онд Монгол Улсын нийт экспортын дүн ердөө 4.6 тэрбум ам.доллар байсан бол 2023 онд 15 тэрбум ам.долларт хүрчээ. Үүлэн чөлөөний нар мэт ийм ховорхон боломж зах зээлийн нийгэмд шилжсэн 30 гаруй жилийн түүхэнд тохиож байгаагүй гэдгийг онцлох ёстой. Харамсалтай нь, эдгээр сайхан боломжуудыг ашиглах нь бүү хэл эсрэгээрээ улс орны эдийн засгийг нүүрснээс хараат болгож, улсаа гадаад өрийн хавханд оруулж, аж ахуйнн нэгжүүд мянга мянгаараа хаалгаа хаасан, иргэдийн орлого, ахмадын өдөр хоногийнхоо хоолонд дөнгөн данган хүрч буй тэтгэврийг үнийн өсөлт, инфляциар хуу хамсан “хар дарсан зүүд” шиг аймшигт он жилүүдийг бид үдэж байна.

-“Хар дарсан зүүд” гэдгээ та баримтаар тайлбарлаач?

-Сүүлийн хоёр сонгууль дамнан хэт олонх болсон эрх баригч 2016 оны УИХ-ын сонгуульд монгол иргэн бүрд 15 сая төгрөгийн өр ногдох болсон талаар халаглаж засаж залруулахаа амлаж байсан. Гэвч энэ үзүүлэлт одоо 35 сая төгрөгтэй тэнцжээ. Ийнхүү бид “гадаад өрийн хавх”-нд гүн баттай шигдэж гадаад өр Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлаас хальж улс орны тусгаар тогтнолын асуудал болж хувирсан. Монгол Улсын гадаад өрийн хэмжээг хүссэн иргэн бүр Монголбанкны болон Үндэсний статистикийн хорооны сайтаас харах боломжтой. Яагаад гэвэл Өрийн удирдлагын тухай хуульд зааснаар манай улсын гадаад өрийн хэмжээг улирал болгон Монголбанк, Сангийн яам, Үндэсний статистикийн хороо хамтран гаргаж нийтэд нээлттэй өөр өөрсдийн сайтаар дам жуулан ил тавих ёстой юм. Тиймээс өрийн асуудлаар заавал хэн нэгэн эрх мэдэлтний ам харах шаардлага ер байхгүй. Монгол Улсын нийт өр 2023 оны эцсийн байдлаар 34 тэрбум ам.доллар давсан.

Аж ахуйн нэгжүүдийн хувьд ганц тоо хэлье. Оны өмнөхөн УИХ дээр “Татварын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт түүний нөлөө” гэсэн гүйцэтгэлийн аудитын тайлан хэлэлцсэн. 2022 оны эцсээр Татварын ерөнхий газарт ирүүлсэн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн талаар гаргасан статистикаас харвал, ирүүлбэл зохих 218 мянган аж ахуйн нэгжээс ердөө 155 мянга нь тайлангаа ирүүлжээ. Өөрөөр хэлбэл, 63 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоосон тул ТЕГ тайлангаа ирүүлээгүй байгаа юм. Тайлангаа ирүүлсэн компаниудаас 70 гаруй мянга нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон хувь хүний орлогын албан татварыг тайлангаа гаргаагүй “Х” тайлан ирүүлжээ. Дээрх хоёр тоог нэмбэл, нийт 133 мянган аж ахуйн нэгж хаалгаа барьж үйл ажиллагаагаа зогсоосон байна. Аймшигтай тоо шүү, энэ. Энэ олон аж ахуйн нэгжийн цаана хэчнээн мянган хүн ажилгүй, орлогогүй болсныг төсөөлөхөөс аймшигтай. Эцэст нь хэлэхэд, Дэлхийн банк, Үндэсний статистикийн хорооноос 2022 оны Монгол Улсын ядуурлын түвшний судалгаа гаргахад 938 мянган иргэн нэн ядуу гэж гарсан. Одоо энэ тоо нэг сая хол давсан. Арилжааны банкуудын нийт зээл 26 их наяд төгрөг үүнээс 26 их наяд нь иргэдийн хэрэглээний зээл байна. Манай улсын нийт өрхийн тоо нэг сая орчим. Үүнээс гадаадад амьдарч буй 150 гаруй өрхийг хасаад үлдсэн өрхөд дээрх зээлийг хуваавал монгол өрх бүр 20 сая төгрөгийн зээлтэй. Улсын гадаад өрөөс гадна шүү. Би банк бус, хоршоод, ломбардын албан ёсны статистик байхгүй учраас оруулалгүй тооцоход шүү дээ. Улс нь, аж ахуйн нэгжүүд нь, өрх бүр, иргэн бүр өртэй.

Зөвхөн энэ хэдэн тоо манай эдийн засаг ямар их хүндэрснийг батлах  бодит статистик. Би санаанаасаа нэг ч тоо хэлсэнгүй. Монгол банк, Үндэсний статистикийн хорооноос гаргасан баталгаатай тоо, үзүүлэлтүүд ийм байна.

-Сүүлийн үед төр хувийн хэвшил рүүгээ халдах явдал гаарлаа. Анх УИХ-ын дарга Г.Занданшатар тагнуулын байгууллагыг агсаж байгаад Салхитын мөнгөний орд дээр очиж төрд хурааж байсан. Өнөөдөр ч энэ уур амьсгал байгаа төдийгүй бүр хурцаар илэрч байгааг олон нийт шүүмжилж байна шүү дээ?

-Төрийн өмчит болон төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүд болон төрөөс “угждаг” өндөр тушаалтнуудын хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн худалдан авалт, тендер дээр төсвийн зарлагаа нэмбэл манай улсын нийт эдийн засгийн дийлэнх төрөөс хамаарч байна. Монголын төр хувийн хэвшлийн орон зайг төсвөөр дамжуулан булааж эхэллээ. Төсөв бүхнийг шийдэж, төр толгойгоо даахгүй болтлоо “данхайсан” нь төрийн өмчид “хувалз” мэт шигдсэн авлига хээл хахуулийг гааруулж байгаа гэдэгтэй хэн ч санал нэгдэх биз ээ. Дээр дурдсан жишээ бол ердөө ганц л кейс шүү дээ.

Энэ балмад үйлдлээ тэтгэврийн өрийг тэглэсэн гавяа гэж цоллож байсан. Сүүлийн жилүүдэд тэтгэврийн хэмжээг ч хэд хэдэн удаа нэмсэн. Гэтэл ийм шийдвэр үнэ хөөрөгдөхөөс ө өр ямар ч нөлөө үзүүлсэнгүй. Ахмадуудын амьдралд ч бодитоор наалдсангүй. Үнэ өссөнөөр нийт иргэдийн ядуурлын түвшин нэмэгдсэнийг би дээр хэлсэн. Төсвийн дэмжлэгийг зөвхөн зорилтот бүлэг буюу орлого багатай өрх, иргэдэд чиглүүлж чадвал төсвийн тэнцвэргүй байдлыг гааруулахгүй байх өндөр ач холбогдолтой. 2016 оны төсвийн гүйцэтгэлээр Засгийн газрын тусгай сангуудаар нийт 2.3 их наяд төгрөг зарцуулж байсан дүн 2024 онд 10.1 их наяд төгрөг болж тав дахин өслөө. 2016 онд Нийгмийн халамжийн сангаар 285 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2024 онд 2.4 их наяд төгрөг болж ес дахин нэмэгдлээ. Халамжаар ядуурлыг шийдсэн улс дэлхий нийтэд  байхгүй гэдгийг онцолмоор байна. Үүнийг өнгөрсөн жилүүдийн манай төрийн бодлого иргэдийн амьдрал дээрээс бодитоор харж байна шүү дээ.

-Саяхан гэхэд төр, хуулийнхан нэгдэж байгаад хувийн хэвшил рүүгээ халдаж, үйл ажиллагааг нь зогсоож байна шүү дээ. Улс орны эдийн засаг, хөгжил хувийн хэвшил дээр тогтдог шүү дээ?

-Эрх баригчид уг нь өнгөрсөн сонгуулиар, “Цалин урамшууллыг өсгөж, өрхийн сарын дундаж орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ. Арилжааны банкны зээлийн хүүг бууруулж, хугацааг уртасгана.Өрийн дарамтыг бууруулж эдийн засгаа сэргээн босгоно.Аймаг бүрт үйлдвэр байгуулна.150000  ажлын шинэ байр бий болгоно. Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж, бензин шатахууны үнийг 20-30 хувиар хямдруулна” гэж уран гоё донгодсон.    Харамсалтай нь, эдгээр сайхан амлалтуудаас нэг нь ч 2016 оноос хойш гурван Засгийн газар дамжин биеллээ олоогүй байна. Тийм болохоор иргэдийн анхаарлыг өөр тийш хандуулж “Ачит ихт”, “Алтайн хүдэр” компаниудын муу муухай байсан үлгэр ярьж, иргэд сонгогчдын анхаарлыг өөр зүйлд хандуулахыг мэрийж байна. Хувийн хэвшлийг дээрэмдэх ч юу ч биш, төсвөөс, нүүрснээс, зэсээс, алтнаас, төмрийн хүдрээс, ногон автобуснаас, сургуулийн автобуснаас, Хөгжлийн банкнаас, Төрийн банкнаас, төмөр замаас гээд л хулгай дээрэм хийсэн мөнгө нь их наядаар яригдах хэмжээнд хүрч, авлигын индексээр дэлхийд хомоол хамж байна.

-Стратегийн ордоо хувийн хэвшлээс хурааж авахаар сүүлийн үед эрчтэй яригдаж байгаа. Гэтэл  стратегийн орд гэж юуг хэлэхээс эхлээд нэгдсэн ойлголт байдаггүй талаар салбарынхан шүүмжилдэг. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын  2007 оны 27 дугаар тогтоолоор нийт 15 ордыг стратегийн ач холбогдолтой гэж тооцсон. Хожим долоон орд нэмсэн. Стратегийн орд гэгчийн тодорхойлолт нь ч өөрөө бүрхэг, зөрчилтэй. Дээрээс нь хэрхэн ашиглах талаар  бодлого, чиглэл байхгүй.

“Стратегийн орд” гэсэн ойлголт Монголоос өөр оронд байхгүй ч гэж зарим судлаачид ярьдаг. Дэлхий дээр уул уурхайн стратегийн орд бус стратегийн түүхий эд гэсэн ойлголт бий. Стратегийн түүхий эд гэж голчлон цэрэг, дайны зориулалттай зайлшгүй нөөцлөх түүхий эдийг нэрлэж иржээ. Дэлхийн 1,2 дугаар дайны үеэс үүдэлтэй тогтсон нэр томьёо. Анх 1918 онд АНУ-д Харбордын жагсаалт гэдгийг гаргаж байж. Харин орчин үед зах зээл дээр нийлүүлэлт нь хэзээ ч тасалдаж мэдэх түүхий эдийг эрэлт ихтэй буюу критикал түүхий эд гэх олон улсын ойлголт бий. Харин манай улстөрчид гадны хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийхээсээ эхлээд ийм зүйл ярьж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, шууд бусаар хэдийг надад өгөх вэ гэх дарамтуудын нэг нь юм л даа.

-Сонгуулийн санал авах амлалтыг эрх баригч нам өгсөөр байна. Энэ нь эдийн засагт маш сөрөг нөлөөтэй гэдгийг бид мэднэ. Жишээ нь, малчдад зориулсан Шинэ хоршоо хөдөлгөөн байгуулахаар боллоо?

-Сонгуулийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 1-нээс 225 мянга гаруй төрийн албан хаагчдын цалин, 498 мянган ахмадын тэтгэврийн хэмжээг арав орчим хувиар нэмсэн. Ковидын үеэр 5, 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлж түүнийхээ үр дүнг нийтэд тайлагнаагүй хав дарсандаа амтшаад МАА-д таван их наядын хөтөлбөр хэрэгжүүлнэ. Энэ хөрөнгийн баталгааг Монголбанк гаргаж байгаа гэсэн. Төв банкныхаа хуулиар хориотой заалт. Монголбанк Засгийн газраас бонд гаргасан тохиолдолд санхүүжүүлэх ёстой юм л даа. Одоо ч хууль яриад сонсдог хүнгүй болсон.

Монголбанк, Хятадын Ардын Банкнаас 2011 онд своп хэлэлцээрийн гэрээг байгуулж 15 тэрбум юань зээлсэн. Гэрээний хугацаа 2014 онд дуусгавар болохоор байсан ч сунгаж, 2017, 2020, 2023 онд тус бүр гурван жилээр сунгасан. Үнэхээр 5 их наяд төгрөг байгаа юм бол олон жил луу унжсан өрөө төлөөч, Монголбанкныхаан. Энэ ХАА-д зориулсан хөтөлбөр хэрэгжүүлснээр Монголбанкны удирдлага хуулийн хариуцлага хүлээх нь тодорхой болсон. Өнөөдөр залуучуудын ипотекийг шийдэхэд 1.2 их наядыг гаргаж 10 мянган өрхийг ипотект хамруулах тухай бас ярьж байна. Уул нь МАН ипотекийг 2016 онд УИХ-д үнэмлэхүй болмогцоо зогсоосон. 8 жил бодож байж яг сонгуулийн өмнө үнэнд гүйцэгдэж байгаа царай нь юм болов уу. Энэ нь УИХ-ын санал худалдаж авах сайхан арга заль мэт боловч улс орныхоо эдийн засгийг сүйрүүлэх гамшигт шийдвэр гэж харж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Ханги боомтод экспортын шинэ гарц нэмэгдлээ DNN.mn

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор Ханги эко логистик ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар “Олон төрөлт чингэлэг тээврийн ухаалаг систем нэвтрүүлэх төсөл” Ханги боомтод хэрэгжиж байна.

 Тус төслийн хүрээнд өнөөдөр (2024.05.10) экспортын тээврийн үйл ажиллагааг эхлүүлсэн бөгөөд нийт 50 тээврийн хэрэгслээр нийт 5,911.56 тн нүүрсний экспорт хийгдлээ.

May be an image of train and railway

“Ханги олон төрөлт чингэлэг тээврийн терминал” нь Ханги боомтоос 1.4 км, БНХАУ-ын хилийн зурвасаас 900м, ӨМӨЗО-ны Мандал боомт дахь ачилт, буулгалтын талбайгаас 2.6 км зайд байрладаг бөгөөд нийт 33.5 га талбайд төмөр зам болон автомашины 3 орцтой, 8.5 км урт 3 салаа төмөр замтай, нийт 4500 орчим чингэлэг хадгалах тээвэрлэх хүчин чадалтай.

Цаашид төсөл бүрэн хэрэгжсэнээр AGV, дүүжин тээвэр, автомашин гэсэн нийт 5 гарцаар экспорт хийгдэнэ.

May be an image of train and text