Япон судлаач, орчуулагч О.Жаргалсайхантай Японы ерөнхий сайд Кишида Фүмио Монгол Улсад албан ёсны айлчлал хийхтэй холбогдуулан ярилцлаа.
-Удахгүй манай улсад Япон улсын ерөнхий сайд айлчлах гэж байна. Манай улсад айлчилж байгаа Японы ерөнхий сайд Кишида Фүмио хэмээх эрхмийн талаар та монголчуудад танилцуулахгүй юу. Энэ хүн өмнө нь манай улсад ирж байсан уу?
-Манай улсын “гуравдагч хөрш”, стратегийн чухал түнш Япон улсын ерөнхий сайд Кишида Фүмиогийн айлчлал манай хоёр орны уламжлалт, найрсаг харилцаанд шинэ хуудас нээнэ гэдэгт эргэлзэхгүй байна. 2016 онд Абэ Шинзо агсны айлчлалаас хойш найман жилийн дараа Монгол Улсад айлчлал болж байна. Кишида ерөнхий сайдын хувьд Монгол Улсад анх удаа айлчилж байгаа болов уу. Японы 100, 101 дэх удаагийн ерөнхий сайд туршлагатай, үе дамжсан улстөрч, бага насандаа Нью-Йорк хотод бага сургуульд суралцаж байсан. Васэдагийн их сургуулийг хуулийн мэргэжлээр төгссөн хүн. Фүкүда Ясүогийн болон Абэ Шинзогийн Засгийн газарт Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд, Засгийн газрын тусгай эрхт сайд, Сансрын асуудал хариуцсан сайд зэргээр олон удаа ажиллаж байсан туршлагатай улстөрч. 1987 оноос улс төрийн ертөнцөд хөл тавьж, тухайн үед Парламентын гишүүн байсан эцгийнхээ туслахаар ажиллаж эхэлсэн байдаг.Улмаар 1993 онд анх удаа парламентын сонгуульд ялж гишүүн болж байсан.
-Улс төрийн үзэл баримтлал, хүрээлэл, дэлхийд танигдсан онцлох ажлуудаас нь дурдвал?
-Кишида ерөнхий сайдын хувьд Хирошимад төрсөн. Тийм ч учраас дэлхий дахины энх тайван, найрамдлын төлөө хичээл зүтгэл гаргаж ирсэн хүн. Анх удаа АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Хирошима хотод айлчилж цөмийн зэвсэгт өртсөн хүмүүсийн төлөөлөлтэй уулзаж албан ёсоор уучлалт гуйж, эмгэнэл илэрхийлсэн үйл ажиллагаанд тэрээр идэвх зүтгэлтэй оролцсон гэдэг. Кишида ерөнхий сайд “Цөмийн зэвсэггүй дэлхий ертөнц рүү” гэсэн ном бичсэн байдаг. Түүндээ цөмийн зэвсгийг устгах чиглэлээр “Кишидагийн санаачилга” ч гэж нэрлэгдэхээр санаачилга гаргаж байсан. Мөн “Талцлаас нэгдэл рүү” гэсэн ном бичсэн. Тэрбээр бусдын яриаг маш анхааралтай сонсдог гэдэг. Хүмүүсийн бодол санааг тэвчээртэй анхааралтай сонсдог, өөрөө тэмдэглэж хадгалдаг. Сүүлийн 10 гаруй жилийн турш 30 гаруй тэмдэглэл дүүргэсэн тухай уншиж байсан. Цэндийн Дамдинсүрэн гуай анх 1950-иад оны дундуур Япон улсад Хирошимагийн энх тайвны хуралд оролцож ирснээ тэмдэглэж цөмийн зэвсгийн аюулын талаар маш сайхан дурсамж бичсэн байдаг даа.
-Абэ ерөнхий сайд агсныг Монгол Улсад элэгтэй хүн байсан гэж ярих хүмүүс олон. Тэр ч утгаараа олон төсөл, бүтээн байгуулалтад Япон улсын тусламж, дэмжлэгийг авч ирсэн ч гэдэг. Тэгвэл Кишида ерөнхий сайдын хувьд Монгол Улстай бүх талаараа илүү нээлттэй, харилцан ашигтай, хамтын ажиллагааг өрнүүлэх боломжтой гэж харж байна уу?
-Абэ Шинзо агсанд монголчууд талархалтай ханддаг байсан байх. Түүний үед үнэхээр нарны гүүрнээс авахуулаад шинэ нисэх онгоцны буудал хүртэл баригдаж байсан энэ мэт олон жишээ бий. Тэрээр манай улсад гурван удаа айлчилсан ерөнхий сайд байлаа. Япон-Монголын харилцааг “ЭРЧТЭЙ “ хөгжүүлэх, стратегийн түншлэлийн суурийг тавьж, Монголын эдийн засгийг эрчтэй хөгжүүлэхэд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах тал дээр идэвхтэй ажиллаж байсан нь монголчуудын талархлыг хүлээж ирсэн. Түүний улс төрийн түүхээ бичиж үлдээсэн “Үзэсгэлэнт гүрэн өөд” гэсэн сайхан ном байдаг. Миний бие нэлээн хэдэн жилийн өмнө хэсгээс нь орчуулж уншигчдад хүргэж байлаа. Кишида Фүмио ерөнхий сайд ч Монгол-Японы харилцааг бэхжүүлэхийн төлөө ихээхэн хүчин чармайлт гаргаж байна. 2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон улсад айлчилж Кишида ерөнхий сайдтай Стратегийн түншлэлийн харилцаанаас “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл”-ийн гэрээ байгуулсан байдаг. Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс-Япон улсын хоорондын хэлэлцээр байгуулсан. Өөрөөр хэлбэл, шинэ 50 жилийн зүг чигээ бүх салбарт тодорхойлсон, үүнийгээ амжилттай хэрэгжүүлэх л чухал байх. Түүнчлэн “Бие биеэ нөхсөн, харилцан ашигтай хамтын ажиллагаа л чухал. Монголчууд дандаа хүнээс гар сарвайгаад байж болохгүй байх гэж би хувь хүний хувьд боддог юм. Манай улс ч бас Япон улсыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн болохыг тууштай дэмжиж ирсэн.
-Японы ерөнхий сайдын энэ бүс нутгаар хийж байгаа айлчлалын гол зорилго юу вэ. Ер нь томоохон улс орнуудын удирдлагууд Төв Азийн бүс нутгаар айлчилж байна. Саяхан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга айлчлаад буцсан. Яагаад энэ бүс нутгаар айлчлал хийгдээд байна вэ?
-Япон улсын ерөнхий сайдын Монгол Улсад хийх айлчлалын талаар Японы өдөр тутмын томоохон хэвлэлүүдээр гарч байна. “Санкэй” сонинд уг айлчлалын талаар мэдээлэхдээ “Умард Солонгостой уламжлалт, найрсаг харилцаатай Монголд хулгайлагдсан япон иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн Япон-БНАСАУ-ын хэлэлцээр урагшлахад хамтран ажиллах” талыг онцолсон байна лээ. Үнэхээр ч хулгайлагдсан япон иргэдийн ар гэрийнхэн өндөр настай болж аль болох хурдан хугацаанд энэ асуудлыг шийдвэрлэхийг шаарддаг. Монголын Засгийн газар ч энэ тал дээр аль болох хамтарч ажиллахыг зорьж ирсэн байдаг.
-Японы бусад томоохон хэвлэлээр бичигдэж байгаа онцлох мэдээлэл өөр юу байна вэ?
-“Нихон кэйзай” сонинд болохоор “Япон, Монгол хоёр орны засгийн газрууд батлан хамгаалах инженерийн тоног төхөөрөмжийг нийлүүлэхийг боломжтой болгох үүднээс “Батлан хамгаалах инженерийн тоног төхөөрөмж, технологийг шилжүүлэх гэрээ” байгуулах асуудал зөвшилцөлд хүрэх” тухай онцолж дурдсан байна. 2022 оны арваннэгдүгээр сард У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хоёр орны хамтарсан мэдэгдэлд дурдсан асуудлууд урагшлах, Монголын талтай нарийвчилж тохирох, 2031 он гэхэд үндсэн төлөвлөгөө батлагдах, хууль эрхийн орчныг бүрдүүлэх тухай мэдээлж. Харин “Үомиүри” сонинд мөн дээрх мэдээллүүдийг дурдсан байна. “Улс төр, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах салбарт хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, батлан хамгаалах инженерийн тоног төхөөрөмж, технологийн хамтын ажиллагааг сайжруулах” тал дээр санал нэгдсэн тухай мэдээлсэн байна. “Засгийн газар аюулгүй байдлын чадамжийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх (OSA) хөтөлбөрт Монгол Улсыг багтаах талаар судалж байгаа бололтой. Зөвхөн Японы эдгээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээллээс харахад эдийн засаг, хүмүүнлэгийн салбараас гадна гадаад бодлого, батлан хамгаалах салбар, үндэсний аюулгүй байдлын чадамжийг нэмэгдүүлэх тал дээр хоёр орны Засгийн газар цаашдаа анхаарч хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь гэсэн хүлээлт байна. Өргөн хүрээтэй, стратегийн шинж чанартай шинэ шат руу очиж байна уу. Үүгээр зогсохгүй манай улсад өндөр дээд зочид гийчид нэлээд их айлчиллаа. Тэр чинээгээр манай улсын гадаад бодлого нэр хүндтэй байгаагийн илрэл болов уу. Энэ сард төв Азийн таван орны дээд хэмжээний уулзалтад мөн Японы ерөнхий сайд Кишида оролцохоор Казахстанд ч айлчлах бололтой. Бүс нутгийн аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийн асуудалд Япон улсын оролцоо өндөр гэж бодож байна.
-Монгол, Япон улсын хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй. Энэ олон жилийн түүхэн харилцаа яг ямар салбарт илүү хөгжиж ирэв. Цаашид Япон улстай бид харилцаа, хамтын ажиллагаагаа аль чиглэлд илүү өргөжүүлэх шаардлагатай вэ?
-Монгол Улс 1972 онд Токиод, Япон улс 1973 онд Улаанбаатарт ЭСЯ-аа нээж 50 жилийн дотор хоёр орны харилцаа идэвхтэй хөгжиж ирсэн. Тэр утгаараа Монгол Улсын улс төр, эдийн засагт төдийгүй нийгэм, боловсрол, оюуны салбарт ч үр өгөөжөө өгч ирсэн нь үнэн. Миний бие 1990-ээд оны дунд үед Япон улсын засгийн газрын тэтгэлгээр суралцаж ирсэндээ талархаж байдаг. Над шиг олон мянган боловсон хүчин бэлтгэгдэж ирсэн, инженер технологийн салбарт хувьсгал хийхээр хэмжээний боловсон хүчин бэлтгэгдсэн, цаашдаа ч бэлтгэгдэх байх.
Харин төгсөж ирээд үр бүтээлтэй ажиллах нь л чухал байгаа юм. Цаашдаа эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хүний хөгжил, иргэд хоорондын харилцаа, утга зохиол, урлагийн салбарт ч ахиц дэвшил гараасай гэж хүсч байна. Миний хувьд 30 шахам жил Японы утга зохиол, хүний хөгжил, түүх соёлын сэдвээр ном орчуулж ирлээ. Үүнийгээ улам дэлгэрүүлэх, баяжуулах үүднээс “Монгол-Японы утга зохиолын сайн санааны нийгэмлэг” байгуулж ажиллахаар зорьж байна. Монгол хүний хөгжилд япончууд хэмжээлшгүй оюуны хөрөнгө оруулалт хийж ирсэн. Тэр хөрөнгө оруулалтыг Монголын тал үр шимийг нь үзээсэй, зөөлөн дэд бүтцээ бий болгоосой, Японд төгссөн нөхдүүд ч ёс зүйн чадамжтай байж, мөнгө эрх мэдлийн төлөө биш улс орныхоо төлөө ажиллаасай гэж хүсч байна.
-Монголчуудын хувьд япон хүнийг эерэг талаас нь ойлгох хандлага их байдаг. Япончууд хариуцлагатай, хийсэн, бүтээсэн бүхэн нь чанартай, нягт нямбай хүмүүс гэж ойлгодог. Тэр утгаараа ч гадаадын хөрөнгө оруулалт дундаас япончуудыг илүү сонирхох, хамтран ажиллах хүсэлтэй байдаг болов уу. Та үүнтэй санал нэг байна уу. Ер нь япон хүн гэж ямар хүн байдаг вэ?
-Санал нэг байна. Миний мэддэг япон хүн бид бүхний түүх дотор, гайхалтай утга зохиол дотор “оршиж байдаг” япон хүн учраас илүү өвөрмөц, сонирхолтой байх. Харин бодит амьдрал дээр япон хүний үнэлэмж дэлхий даяар нэр хүнд сайтай, Японд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ алдартай байдаг гэдэгтэй санал нэг байна. Тэр алдар хүндийн хамгийн гол зүйл нь чанар. Тэр чанарыг бий болгохын тулд хөлсөө асгаруулж ажиллах ёстой, тэр хөлс зөвхөн мөнгө, алдар нэрийн төлөө урсдаггүй, харин хэрэглэгчээ татахын тулд урсаж байдаг. Бид ёс зүйн дархлаа муутай байгаагаа нуух зүйл биш. Тэр дархлаа муу учраас дархлаа сайтай талын хүсэл сонирхлыг татахгүй байна.Тиймээс ижил тэгш харилцаа хандлага дотроос л хөгжил гарч ирнэ. Үүнд л манай тал анхаарах ёстой болов уу. Хөрөнгө оруулалтыг үргээх, хөрөнгө оруулсан хамтрагчаа “залхаагч” үндэстэн байж болохгүй шүү дээ. Өнөөдөр Монгол Улсад хөдөлгөөнд оролцож байгаа нийт автомашины 80, 90 хувь нь япон автомашин байна. Тэр утгаараа бид Япон улсаас овоо хэмжээний импортын худалдан авалт хийдэг гэсэн үг. Харин биднээс тэд ямар бараа, бүтээгдэхүүн авч ирсэн бэ. Цаашлаад биднээс авах сонирхолтой бараа бүтээгдэхүүний хэмжээг бид яаж нэмэгдүүлэх вэ гэж хүмүүс ярьдаг. Тийм бол хулхи, хударгагүй, залхуу байж болмооргүй байна. Цаад талтайгаа эн зэрэгцэх сайн чадамжтай, оюун санааны хүчтэй, уйгагүй хөдөлмөрч байх хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл, эн зэрэгцэх хамтрагч байхын төлөө явах ёстой. Тиймээс л бид ядаж гаргадаг цөөхөн бүтээгдэхүүнийхээ хөгжүүлэлтийг сайн хийх ёстой болно. Төр Засгийн зүгээс гэрээ хийгээд орхих биш гэрээгээ хэрэгжүүлэхийн төлөөх бүх дэд бүтцээ ажиллуулах, сайжруулах ёстой гэж би хувьдаа боддог. Үүн дээр гэхэд л боловсон хүчний чадварын асуудал чухал гэдэг нь харагдаж байна.
Эцэст нь Япон, Монгол Улс хоорондын харилцааг дүгнээд хэлбэл та юу хэлэх вэ. Япон бол асар том эдийн засагтай орон. Манайд байгаа зүйл тэднийд байхгүй. Тэднийд байгаа зүйл манайд байхгүй. Энэ бол харилцан ашигтай, хамтын ажиллагаа өрнүүлэх суурь том нөхцөл гэж боддог. Бид энэ улстай харилцаагаа илүү өргөжүүлснээр ямар ач холбогдолтой вэ?
-Өнгөрсөн 50 жилд хоёр орны харилцаа бараг тэгээс эхлээд өдий болтол эрчтэй хөгжиж иржээ. Энэ эрчийг сулруулахгүй улам ахиулах нь чухал. Манайд байгаа зүйл тэдэнд ховор, тэдэнд байгаа бүхэн манайд ховор байж магадгүй юм. Түүнээс илүү япончуудын технологи, агуу том хүчирхэг эдийн засгийг бүтээсэн оюуны соёл л манайд ховор байна. Үүний төлөө тэд гэхээс илүү бид өөрсдөө л анхаарах ёстой. Япон хүний ёс зүй, ажил мэргэжилдээ хандах хандлага, уйгагүй хөдөлмөрч чанарыг худалдаад авч чадахгүй, бид харин тэмүүлж сурах ёстой. Үүн рүү төрийн бодлого ч явах ёстой. Гуч гаруй жилийн өмнө донор орнуудын чуулга уулзалтыг япончууд хийж өгдөг байлаа шүү дээ. Гучин жилийн дараа ч тэднээр хийлгэж баймааргүй байна. Тиймээс бид хурдан суралцах, тэр дундаа оюуны соёлоос нь хурдан суралцаж, эрх тэгш хамтрагч болцгооё. Тэдний хүсэл тэмүүлэлд хань болох хамтрагч байхын төлөө бид хүчин чармайлт гаргах ёстой. Бидний зүгээс ийм хүчин чармайлт дутаж байна. Бие биенээ нөхсөн харилцан ашигтай хамтын ажиллагаа чухал байна. Бид ингэж чадвал жинхэнэ ёсоор хөгжинө.