Categories
булангууд мэдээ томилолт цаг-үе

Буриад Монголын нийслэл Улаан-Үдийн зун

8Түрүүч нь ¹ 154 (4794) дугаарт8

Улаан-Үдэд ирсэн хүмүүсийн заавал ч үгүй очдог газар нь Ринбүчи багшийн
дацан. Хотын хойморт байрлах уг дацанд буриадууд амралтын өдөр, баяр ёслолын үеэр
байнга ирнэ. Дацан цагаан сараар, шинийн хоёронд олны хөлд дарагдана. Цагаан сараар
хүн бүр тусгайлан зассан газарт хийморийн дарцгаа өлгөнө. Дацангийн баруунтаа дарцаг
уяж байрлуулдаг газар бий. Салхин талдаа болохоор дарцгууд бүтэн жилийн турш намирна.

Эндхийнхэн цагаан сарыг тийм ч өргөн тэмдэглэдэггүй юм байна. Шинийн
нэгний өглөө ахан дүүсээрээ нэгний­дээ цуглана. Айл болгон хүн тус бүрт бэлэг зэхэж,
сүү авчирцгаана. Нэг нэгэндээ сүүгээ барьж, бэлэг сэлт өгнө. Орой болтол ууж дуулж,
сайхан зүйлсээ хэлэлцээд тарцгаана. Түүнээс биш айл айл хэсч хамаатан, садан, танилуудынхаараа
орно гээд яваад байдаггүй гэсэн. Гэхдээ сүүлийн үед Улаан-Үд гэлтгүй Буриадын бусад
аймгуудад монголчууд цагаан сараа өргөн дэлгэр тэмдэглэх хандлагатай болжээ. Түүгээр
ч барахгүй 25-аас дээш насныхан буюу залуу эцэг эхчүүд үр хүүхдэдээ монгол нэр өгөх
болсон гэнэ. Залуус эцэг эхдээ хандан “Надад яагаад монгол хэл заагаагүй юм бэ.
Яагаад та буриад хэл мэддэг мөртлөө буриадаар ярьдаггүй юм бэ” гэж асуух болсон
гэсэн. Буриадууд гэртээ, гэр бүлийнхэнтэйгээ хамт байхдаа аль болох буриадаараа
ярихыг хичээх юм. Гэхдээ хэлж байгаа арван
үгний гурав дөрөвхөн л буриад байх жишээний.

Нэгэн бяцхан охин эмээ­дээ “Эмээ би та нарыг буриа­­даар ярихыг сонсоод
ойлгоод байдаг хэрнээ өөрөө ярихаараа оросоор ярьчихаад байх юм. Миний чих буриад,
хэл орос байх аа” хэмээн гайхжээ. Үүнээс нь үзэхэд буриадуудад монгол хэл, буриад
аялгуу яс маханд нь шингээстэй ч орчин нь орос учир оросоор сэтгэхээс өөр арга ч
үгүй юм уу гэж бодогдох.

Улаан-Үдэд ямарваа нэг байгууллага, тэр дундаа соёл урлаг, шашны
байгууллагууд нь буриад, орос гэсэн хоёр тодотголтой. Буриадын сонгодог урлагийн
театр гэж байхад Оросынх гэсэн тодотголтой том сайхан театр ч байна. Буриадын түүхийн
музей, буриадаар гардаг сонин, хүүхэлдэйн театр гээд буриадуудад зориулсан газрууд
олон байдаг аж.

Пүрэв, баасан гаригуудад хотын төв талбай хүнээр дүүрнэ. Талбайн
баруун талд хосуудыг бүртгэж, гэрлэлтийн баталгаа олгодог газар бай­даг. Батлуулаад
гарч ирсэн хосуудыг найзууд нь угтан сар­найн дэлбээ, задгай зоос шидэж баяр хүргэнэ.
Шинэхэн гэрлэсэн хосууд тагтаа нисгэдэг уламжлалтай. Тагтаа үржүүлж, тагтааны ийм
төрлийн бизнес эрхлэгчид, цэцэг зардаг хөгшид хурим хийж байгаа газрын ойр хавьд
нь зогсоцгооно. Эхний хоёр хос батлуулаад гарч байхад дараагийн хосууд нь машин
дотроо хүлээж сууна.

Төв талбайд хурим болж байхад хүүхдийн хувцасны дэлгүүр гэсэн тодотголтой
байсан том барилгын хойд талбай хүүхдээр дүүрчихнэ. Паркт байдаг эргэлддэг элдэв
төрлийн тоглоомуудад хүүхдүүд сууна. Одой моринд хөлөглөсөн сүйх тэрэг, одой морь
унуулах үйлчилгээ ч байна.

Улаан-Үдийнхэн ихэвчлэн Эрээн болон Улаанбаатараас бараагаа татдаг.
Барааны зах, дэлгүүрээр нь явбал манай “Бөмбөгөр”, “Нарантуул” захаар явж байгаагаас
ер ялгагдахгүй, барааны үнэ нь манайхаас үнэтэй. Улаан-Үдийн буриадууд “Монголд
бараа хямдхан гэдэг үнэн үү. Монголоос дуучид, уран бүтээлчид ирж тоглолт хийж болдоггүй
юм байх даа. Ирвэл бид үзмээр байна. Бас яармаг, худалдаа зохиогоосой. Улаан-Үдэд
монгол дэлгүүр байгуулж болох уу. Далай лам Монголд ирнэ гэнэ үү. Ирнэ гэвэл тосч
золгохсон” гэх мэтээр сураглаж байлаа.

Эндхийн брэнд бараа бол булган шуба, малгай, унты буюу цаа бугын
арьсан гутал.

Зун боллоо гээд шуба, малгай, гуталныхаа үнийг навс буулгачихдаггүй.
Зун ч гэсэн гүйлгээтэй. Наймаачид өдийд гутал их хэмжээгээр худалдан авч дараад
намар гаргаж үнэ хүргэнэ. Тийм болохоор үнийг нь хямдруулахгүй. Саяхан Монголоос
хэсэг наймаачид ирээд гутал бөөндөөд яваад явжээ.

Төв зах дээр нь булган малгай загвар, хийцээсээ хамаарч
5500-13000 рублийн үнэтэй байна. Харин шубанууд 75 мянган рублиэс эхлэх аж. Гэхдээ
улирлаас хамаарч хямдарчихаад байгаа нь энэ гэнэ.

Харин цаа бугын арьсан гутал сувдан чимэглэлтэй бол 11000 рубль,
сувдан чимэглэлгүй, энгийн нь 10000 рублийн үнэтэй байлаа. Өвөл бол ийм гутлуудыг
13-15 мянган рублиэр худалдана. Цаа бугын шилбэний арьсаар гутал хийдэг юм байна.
Эмэгтэй хүний нэг гутланд дөрөв буюу нийт найман шилбэний арьс ордог бол эрэгтэй
хүний гутал хийхэд арав хэрэгтэй.

Арьсыг нь технологийн төвд өгч боловсруулдаг аж. Гут­лын гадар, дотор,
ул, чимэг­лэлийг тус бүрт нь мэр­гэш­сэн оёдолчид оёж шиддэг бөгөөд гутлыг хэвлэж
бэлэн болгоход таван өдөр зарцуулдаг гэсэн. Бор арьстай гутал бол гэрийн тэжээмэл
цааны арьсаар хийсэн нь. Харин цагаан нь уулын зэрлэг цааных. Эдэлгээний хувьд бор
цааны гутал ус, чийг даахдаа сайн, илчээ алддаггүй, бөх юм байна.

Унты зардаг хүмүүс ихэвч­лэн гэр бүлээрээ энэ бизнесийг эрхэлнэ.
Унтыны наймаачид “Бид чинь олон монгол найз­тай. Байнга ирж гутал авдаг найз олон
шүү. Тэд чинь нэг ирэхээрээ бөөндөөд аваад явчихдаг. Улаанбаатартаа цаа бугын арьсан
гутлын дэлгүүр нээчихсэн байдаг гэсэн” гэцгээнэ. Нутгийнхан “Унтытай өвөлжсөн хүн
өөр гутал өмсөх дургүй болчихдог” хэмээн ярих дуртай.

Жимсний худалдагчид “Дол­дугаар сарын эхээр ихэнх жимс боловсорчихдог
юм. Гэхдээ одоо жимснүүд түүхий гэсэн үг биш. Лийр боловсорч гүйцэхээрээ ямар эмзэг
зөөлхөн болдог гэж санана. Тэр үед нь амтархвал дахиж идмээр санагдаад байдаг” гэлээ.
Хүнсний зах нь жимс, ногоогоор элбэг. Зүсэн зүйлийн жимстэй.

Буриад улсын газар нутгийн 90 орчим хувь нь ой модтой учир модны
эх орон гэж хэлж болно. Бүх эд зүйлс нь мод, модтой холбоотой. Модны давирхайнаас
гаргаж авсан бохинд Улаан-Үдийнхэн дуртай. Чанаж, жигнэсэн гээд боловсруулсан аргаасаа
хамаарч бохины өнгө хул шар­галаас кофены бор хүр­тэл өнгөтэй. Эрхийн чинээ хэмжээтэй
бохь 10 рублийн үнэтэй байлаа. Модны давхир­хай амтагдах бөгөөд шүдэнд наалдахгүй.

Эндхийн мал яагаад ч юм айхавтар тарга авдаггүй гэнэ. Монголын малтай
харь­цуул­бал өөхөн давхарга багатай. Буриадууд зуны цагт хааяа нэг ах дүүстэйгээ
нийлж хонь гаргаж, шинэ шөл ууна. Төлгийг 6000-7000 мянган рублиэр авдаг аж. Энд
хонины нэхий, өлөн авдаг ченж гэх хүмүүс байдаггүй болохоор нэхий, шийр, толгой
зэргийг нь хаячихна.

Хүнсний захын махны тасгаар нь оров. Хүмүүс ихээр дугаарлаж зогссон
хэсэг нь дайвар бүтээгдэхүүний тасаг. Үхрийн уушги, гүзээ, сархинаг, цус, адууны
умс, китаа, гахайн шийр, чих зэргийг ангилаад таваглачихаж. Борлуулалт сайтай байдаг
гэсэн.

Захын гадуур цэцэг, урга­­мал, үр зарна. Оросууд цэцгэнд их дуртай.
Ямар ч баяр ёслол, цайллагад оролцсон бай цэцэг барьж очно. Оросуудын хурим найр,
баяр цомхон хүрээнд болж өнгөрдөг бол буриадууд өргөн дэлгэр тэмдэглэнэ. Оросууд
“Танайд хурим хийгээд “шатна” гэж байхгүй шүү. Зарснаасаа илүүг л олно уу гэхээс
биш дутаана гэж байдаггүй байх” гэдэг гэнэ. Буриадууд ямар ч баярт  очсон бүгдээрээ бэлэг бэлдэнэ. Эсвэл бултаараа
нийлээд ядруухан яваа нэгэн­дээ тусламж үзүүлж “Дараа тэднийд тийм юм авч өгнө”
гэж төлөвлөдөг аж. Бие биенээ гэдэг энэ занг нь оросууд ихэд магтдаг гэнэ лээ.

Д.ГАНСАРУУЛ

Үргэлжлэл
бий

Categories
булангууд мэдээ томилолт

Хөх хотод байр авахад ажлын газрын тодорхойлолт л хангалттай

Хөх хотод байр нэг метр квадрат нь хоёр сая төгрөгийн үнэтэй. Өөрсдөө ихэнх материалаа үйлдвэрлэдэг болохоор хямдхан байх болов уу гэж бодсон ч манайхаас нэг их ялгаагүй юм. Сүүлийн үеийн орон сууцны хороолол нь хотынхоо зүүн зах руу сүндэрлэх ажээ. Дандаа хо­рин хэдэн давхартай хавтгай байшин барих юм. Манайхан шиг хувийн хаус ер нь ха­рагдаагүй. Орон сууцны хороолол барихад цэцэрлэгт хүрээлэнтэй байх шаардлага тавьдаг гэсэн. Оршин суугчид нь дуртай цагтаа гараад гүйчихэж болохоор, хөгшид хүүхэд нь нарлаад суухад тохитой байвал болоод яв­чихдаг ажээ. Барилгын ча­­нарын хувьд ярилтгүй. Угаасаа ба­рилгаа сайн барьдаг боло­хоор чанарын талаар санаа зоволтгүй. Чанартай юу ч гэж асуугаад хэрэггүй. Хэрэв ингээд асуучихвал яасан хэрэггүй юм ярьдаг нөхөр вэ гэж бодно. Сүүлийн хэдэн жил дандаа орон сууцны томоохон хороолол барьж байгаа гэсэн. Хорин давхар өндөртэй, арван барилга барилаа гэхэд манайхан шиг эхэлж барьсныгаа ашиглалтад оруулдаггүй юм байна. Аюул­гүй байдал талаасаа бүгдийг нь барьж дуусаад айлуудаа оруулдаг ажээ. Байрууд нь голдуу 70 м/кв-аас дээш талбайтай. Гуч, дөч, тавин м/кв-тай байр бараг байдаггүй гэсэн. Залуучууд нь сургуулиа төгсөөд нэлээн хэдэн жил ажиллаж байгаад гэр бүл болдог болохоор тодорхой хэмжээний хуримтлал цуг­луулчихна. Түүгээрээ урьд­чилгаа төлбөрөө төлөөд бай­ранд орчихдог байна. Банк­тайгаа тохироод лизингэд хамрагдаж болно. Шаардлагыг нь сонсоод байхад манайхаас хамаагүй амар юм билээ. Бараг л ажлын газрын болон цалингийн тодорхойлолт байхад болохоор. Дундаж цалин таван мянган юань. Манайхаар 1.5 сая орчим төгрөг. Албан тушаал болон ажилласан жил нэмэгдэх тусам авдаг хэд нь өснө. Тиймээс залуучууд нэг газраа тогтвор суурьшилтай ажиллахыг эрмэлздэг ажээ. 

ӨМӨЗО-ы “Өдрийн сонин”

Хөх хот манайх шиг хоёр зах руугаа нэлээн тэлж байгаа гэнэ. Ялангуяа зүүн зах руугаа орон сууцны томоохон хороолол босож байна. Бас залууст зориулан чөлөөт цагаа хөгжилтэй өнгөрөөж болох төвүүд нэмэгдэж байгаа гэсэн. Кино театр л гэхэд хэд хэд бий. “Ванда” их дэлгүүрийн дэргэд “iMax” нэртэй кино театртай. Тавдугаар сарын дундуур очиход “Сарtain America”, “Spider man” кинонууд гарч байсан. Шинэ кинонуудыг нээлттэй нь зэрэгцээд гаргадаг ажээ. Залуучуудад зориулсан төвд кино театраас гадна усан бассейн, спорт заал, үсчин, хоолны газруудтай. Бас гэрэл зургийн студи заавал байдаг гэсэн. Тэнд хосууд очиж үерхлээ батлах зураг авахуулдаг байна. Залууст иймэрхүү зориулсан төв нь томоохон худалдааны гудамжиндаа байрладаг. Тэдгээрт нь дэлхийд танигдсан брэнд дэлгүүрүүд байх ч барааны сонголт муутай. Энгийн загвартай хувцас байхаас цахим хуудсанд байдаг гоё, гоё бараа байхгүй. Ер нь худалдааны гудамжтай байх ч голдуу Хятадын өөрсдийнх нь брэнд дэлгүүр ихтэй. Тиймээс манайхан Хөх хот руу дэлгүүр хэсэхээр, эсвэл зарах бараа авахаар бараг явдаггүй юм байна. Харин эндхийн гудамжаар хүн бүрийн унаж яваа мопедонд нүд унаад болдоггүй. Цагаан, ягаан, хөх, хар, шар гээд төрөл бүрийн өнгөтэй. Эмэгтэй хүн унахад тохиромжтой, загварлаг мопедноос ганцыг аваад харьчих юмсан гэж бодогдлоо. Үнэ ханшийг нь судлахаар зах дээр очив. Хямд нь 1200 юань, үнэтэйдээ 2500 юань хүрэх ажээ. Дан тогоор цэнэглэдэг, хосломол гэсэн хоёр янз байдаг юм байна. Хосломол гэдэг нь дөрөөтэй. Тогоор цэнэглэчихээд цэнэг нь дууссан тохиолдолд дугуй шиг жийгээд явчихдаг юм байна. Дан тогоор цэнэглэдэг, хамгийн сүүлийн үеийн загварынх бол хоёр мянган юанийн үнэтэй юм. 40 км/цаг хурдалдаг. Тогонд залгаад бүрэн цэнэглэчихвэл 80 км зам туулах чадалтай. Нөөц зайтай учраас холын замд явахдаа аваад явчихаж болно. Цэнэг нь дуусвал бүрэн цэнэгтэй зайгаараа солиод 160 км зам туулна. Гар утастай адил хоёроос гурван цаг тогонд залгахад бүрэн цэнэглэгддэг юм байна. Зах дээр зарж байгаа мопедноос унаж үзэв. Мотоцикль шиг баруун залуур дээрээ хаазтай. Зүүнээрээ тоормослоно. Анх удаа унаж байгаа ч дажгүй яваад байх шинжтэй. Ер нь унаж сурахад амархан юм байна. Ардаа, эсвэл урдаа жижигхэн багаажтай учраас цүнх сав, ойр зуурын ачаа тээшээ хийгээд явчихаар юм. Дугуйнаас хурдан, тогоор ажилладаг ийм унааг манайхан оруулж ирвэл сайн зарагдах байх даа. Ганц нэгээр аваад ирвэл хил гаалиар ямар ч асуудалгүй оруулдаг гэсэн. Хөх хотод иймэрхүү мопед, дугуй хоёр ямар ч албан тушаалтай хүний хөл залгах унаа болдог ажээ.

Дэлгүүрийн гадаа мопедоо ингэж цэнэглэдэг

Хөх хотод “Өдрийн сонин” гэж бий. 1948 онд байгуулагдсан гэнэ. Хориод давхар байшинтай юм. 14 цаг арай болоогүй байхад тус сонинтой танилцахаар редакц дээр нь очлоо. Нэг ч хүн байдаггүй шүү. Нүүгээд явчихсанаас зайлахгүй, хэзээ байтлаа сонины редакц ийм нам гүн, эзгүй байлаа гэж бодоод гарахаар явж байтал өөдөөс нэг залуу ирж байна. “Өдрийн сонин”-ы дэргэдэх “Солонго” мэдээллийн төвийн редакцийн албаны дарга Б.Хурцаа гэж хүн ажээ. Аль ч албан газрын цайны цаг 12-14 цагийн хооронд үргэлжилдэг гэнэ. Хүмүүс гадуур гарч хооллохоос гадна ширээгээ дэрлээд хэсэгхэн зуур дуг хийдэг юм байна. Тиймээс нэг ч хүн байхгүй мэт анир чимээгүй болдог ажээ. Эндхийн “Өдрийн сонин” дотроо “Амьдрал гаригийн сонин”, “Багачуудын сонин” гэсэн хоёр сонинтой. “Солонго”, “Сонин мэдээний судлал” гэсэн хоёр сэтгүүлтэй. Бас “Солонго” сүлжээ, “Дундад улсын монгол хэлний сонин мэдээний сүлжээ гэх хоёр вэб сайттай юм байна. Зөвхөн “Өдрийн сонин”-доо зуу гаруй хүн ажилладаг гэнэ. Долоо хоногт найман хуудсаар таван дугаар гаргадаг. Хагас сайнд “Амьдрал гаригийн сонин”, бүтэн сайнд “Багачуудын сонин” нь хэвлэгддэг ажээ. Нам гүм байсан редакц 14 цаг жаахан өнгөрөхөд хөдөлгөөн ордог юм байна. Гэхдээ манай редакц шиг “буцлахгүй”. Сэтгүүлчид нь орж ирээд өөрсдийнхөө ширээний ард суугаад чив чимээгүй урдах ажлаа хийнэ. Хүүе, хаая гэх хүн байхгүй. Хэтэрхий гунигтай юмаа гэж бодогдож байлаа. Операторын алба буюу сонин барлах төв нь 22 цагт ирж ажилладаг гэнэ. Тэгээд шөнийн 02-03 цагийн үед ажлаа дуусгаж хэвлэлтэд явуулдаг ажээ. 66 жилийн түүхтэй, Өмнөд Монголын хамгийн том сонины спортын албаны сэтгүүлч ганц, нэг юм лавламаар байна гэхээр нь уулзлаа. “Санжаадамба Монгол Улсдаа ямар цолтой вэ. Одоо хэн гэдэг тамирчин хамгийн алдартай байгаа вэ” гээд асууж гарав. Хамгийн их сонирхож байгаа нь сумогийн хэдэн бөх. Учир нь хоёр жилийн өмнө Өмнөд монголоос гурван хүүхэд Японы сумод барилдахаар явжээ. Одоогоор ямар нэгэн амжилт гаргаагүй байгаа юм байна. Хүний нутагт очиж барилдахаар хэцүү. Хэл усыг нь ч яахав сурч л байгаа байх. Гэхдээ нутгийн бөхчүүд байна даа, тусалж дэмжээч гэж аваргуудад захимаар байна гэлээ. Хакухо М.Даваажаргал тэргүүтэй сумод амжилттай барилдаж байгаа бөхчүүдэд захиж өгөөч гэж байгаа нь тэр. “Сумочид нутагтаа очоод хамгийн түрүүнд хэвлэлийнхэнтэй уулздаг юм байна лээ. Тэр үед нь Өмнөд Монголоос хэдэн хүүхэд байгаа гээд хэлээч өгөөч” гэж байна. Бас олимпийн аваргуудыг маань асууж байна. Н.Түвшинбаярын өвдөгний бэртэл бүрэн эдгэсэн үү, наадмаар хэн түрүүлэх бол гээд л. Ер нь манай тамирчдыг ямар амжилт гаргаж байгаа, олон улсын тэмцээнд хэрхэн оролцож байгаад тэд чих тавих болжээ. Өнгөрсөн өвлийн “Сочи-2014” олимпийн наадмын тухай ч ярилаа. Монгол Улсад цас их ордог. Өвлийн спортоор хичээллэх бүрэн боломжтой байхад яагаад сайн тамирчин төрөхгүй байна вэ гэж байна. Бас хамтарсан бэлтгэл хийгээд Монгол Улсынхаа нэрийг дэлхийн дэвжээнд гаргах боломж бий шүү дээ гэж ярилаа.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
булангууд мэдээ томилолт

Н.Түвшинбаярыг алт авахад монголчууд бид олимпийн аваргатай боллоо гээд зөндөө уйлсан

Хөх хотын Шар гудамж орой үдшийн цагаар “амь” ордог. Уртаа гудмын
хоёр талаар баар, караоке, хоолны газруудтай. Бас ил гал дээр шорлог, зайдас шараад
зогсож байна. Хавч, сам хорхой, загас, нэрийг нь үл мэдэх шавж ч шарна. Тэр шарж
буй хоолны үнэр идэхээс өөр сонголтгүй болтол хачин гоё үнэртэх юм. Ингээд Шар гудамж
нэлдээ утаатай болчихно. Цэнгэхээр ирсэн залуус гадаа талбайд “Harbin”,
“Tsingtao” шар айраг шимж уусан шигээ сууж байв. Караокегоос, хоолны газруудаас
бүжгийн хэмнэлтэй хятад дуунууд л хангинаад байх юм. Нарийхан гудамжаар хоёр машин
чүү гэж зөрөх өргөнтэй. Түүгээр нь дандаа сүүлийн үеийн ганган машин явна.
“Ferrari”, “Porsche”, “Crown”, “Volks wagen”, “Merсedes benz G-class” хөлхөнө.
19 цагийн үед очсон болохоор тийм ч их хүн алга. Хаа сайгүй л хоосон суудал. Зөөгч
нар нь гаднаа гарч зогсоод манайхны машин угаагч нар алчуураар далладаг шиг үйлчлүүл
гээд байгаа бололтой холоос дуудна. Зарим нь бүр гүйж ирээд гараас хөтөлж оруулах
гэнэ. Инээмсэглээд, тонголзоод, ийшээ суу гэж уриад байхаар нь задгай шар айргаар
үйлчилдэг газар орлоо. Цөөхүүлээ явж байгаа хүмүүс тусдаа суухаар ширээ байхгүй
юм. 

Дандаа арав, хорин суудал бүхий ширээтэй. Бид гурав уртаа гэгчийн ширээний буланд
суув. Энд ирж байгаа залуус хаа очиж загварлаг юм. Эрчүүд нь үсээ гельдэж самнаад
жинсэн өмд, “Nike”, “Adidas”-ын сүүлийн загварын пүүз өмсчээ. Дээгүүрээ богино ханцуйтай
цамцтай, гадуур нь нарийнхан мөртэй хантааз өмсчихөж. Ихэнх нь ийм нарийн мөртэй
хантаазтай явах юм. Харин хүүхнүүд ганган юмаа. Гялтгар хар өнгөтэй богино даашинз,
гадсан өсгийттэй. Зарим нь мөрөн дээрээ булга, туулайн үсэн ороолт тохчихсон. Үсээ
ягаан, хөх, улаанаар будаад хими хийлгэжээ. Гуяныхаа хоёр хажуугаар шивээс хийлгэсэн
хүүхнүүд гунхаад л байх нь тэр. Энд биш бол өөр хаана ингэх вэ гэсэн шиг чанга чангаар
инээлдэн, орилолдож байв. Баахан хөөрчихсөн нөхөд цугладаг бололтой. Бөөнөөрөө ирж
буй залуус урт ширээний голд арван литрийн задгай шар айраг тавьж ууна. Шар айргаа
уухаас биш архи зэрэг хатуу ундаа ууж буй хүн харагдахгүй. Бас ганц нэгээрээ эсвэл
дан охидоороо явж байгаатай таарахгүй. Дандаа залуустайгаа хамт явна. Харин охид
найз залуутайгаа хөтлөлцөхгүй. Залуугийнхаа өмдний арын халаасанд гараа хийчихсэн
наалдаж явна. Хөтлөлцөхгүй ингэж явах нь илүү дотно санагддаг гэнэ.

Цаг оройтохын хэрээр Шар гудамжин дахь хүмүүс нэмэгдэж байв. Сүүлдээ
хоосон ширээ ч олдохгүй маягтай болоод ирлээ. Зөөгч залуу зургаан хүн дагуулж ирээд
биднээс асуух ч үгүй нөгөө урт ширээнд минь суулгачихав. Тэгсэн монголчууд ажээ.
Хөх хотын хувийн байгууллагад ажилладаг залуус байна. Ажлаа тараад ганц нэг шар
айраг ууж хөгжилдөхөөр иржээ. Нэг нь Б.Алмаазын ахынх нь найз болоод явчихав. Тэдэнтэй
нийлж суугаад ярианд нь оролцлоо. Эндхийн хүүхнүүд Монгол Улсын урлагийн оддыг даган
дуурайж шүтдэг бол залуус нь спортынхныг сайн таньж байна. 2008 оны Бээжингийн олимпод
Н.Түвшинбаяр анхны алтан медаль авч аварга болоход хөөрч догдлон баярын нулимс унагаж
байсан талаараа ярив. Олимпийн наадам эхлэхэд ямар ч ажилтай байсан монголчуудынхаа
тэмцээнийг үзэж байжээ. Шинээр танилцсан залуусын нэг С.Баатар “Олимпийн аваргатай
болсон тэр өдрийг мартахгүй. Хөх хотод бороо шивэрсэн бүүдгэр өдөр байсан. Би худалдааны
байгууллагад борлуулалтын менежер хийдэг. Хятад эзэнтэй учраас Н.Түвшинбаярын барилдааны
талаар хэлээгүй. Даргадаа худлаа хэлж гараад оюутны байран дахь найзындаа очиж барилдааныг
нь үзсэн. Яг л өөрөө барилдах гэж байгаа юм шиг хоёр гарны хөлс гараад, зурагт руу
хармааргүй ч юм шиг нэг тийм сонин мэдрэмж төрж байлаа. Ялсных нь дараа найзынхаасаа
юу ч хэлэлгүй гараад явчихсан. Буцах замдаа монголчууд бид олимпийн аваргатай болчихлоо
гэж бодохоор цаанаасаа нэг омогшоод, баярын нулимс эрхгүй урсдаг юм билээ. Бүр удаан
уйлсан. Миний монгол шүү дээ гэж бодогдож байлаа” хэмээн ярилаа. С.Цоморлиг Шилийн
гол аймгийнх. Нутгийнх нь хүмүүс бас олимпийн аваргатай болоход тун их баярлаж байсан
гэнэ. Бөхийн удамтай таньдаг айл нь хавь ойрынхноо цуглуулан багахан хэмжээний найр
хийж байжээ. Олимпийн аварга төрснөөс хойш эрчүүд Монгол Улсын спортын тамирчдыг
сонирхох болсон гэнэ. Бөхчүүдээс улсын заан Ч.Санжаадамбыг сайн танина. Ч.Санжаадамба
Хөх хотод ирж барилддаг юм байна. Тэндхийн “Хасар” тавцант бөхийн барилдаанд зодоглодог.
Уг барилдаан сард гурван удаа болдог. Барилдах бүртээ оноо аваад яваад байна. Онооныхоо
нийлбэр дүнгээр тухайн сардаа тэргүүлбэл 10 мянган юань буюу гурван сая төгрөгийн
шагнал авдаг ажээ. Ч.Санжаадамба заан сар бүрийн шагналыг авна. Бас жилийн нийлбэр
дүнгээр тэргүүлсэн бөхөд олгодог тусгай шагналын болзлыг хангачихсан яваа гэсэн.
Энэ жилийн шагнал нь цоо шинэ загварын “Audi Q7” машин. Ч.Санжаадамба тэнд сайн
барилдахын хэрээр Өмнөд монголчуудад үндэсний бөхөө сурталчилдаг ажээ. Наадмаар
очиж бөх үзэх юмсан гэж ярих залуучууд олон гэсэн. Найз нөхдөөрөө нийлэн манайд
ирж наадамлах төлөвлөгөө бий талаар ярьж байлаа. 

Эндхийн залуус “Хөх хотод архи уухгүй хүн байхгүй, бас уудаг хүн
байхгүй” гэж ярьдаг ажээ. Насанд хүрсэн бол бүгд шар айраг ууна. Хүн бүр хоол иддэг
шиг л уудаг гэсэн. Тиймээс уухгүй хүн байхгүй гэдэг юм байна. Уудаг хүн байхгүй
гэдэг нь тасарч унатлаа уух хүн байхгүй учраас ингэж хэлдэг ажээ. Ширээ тойрон суусан
залуус шар айраг шимээд хажууханд байх шорлогноос янз бүрийг авч идэж байлаа. Хүүхнүүд
харин шорлог энэ тэр идэхгүй. Орой болсон хойно юм идвэл таргалчихна гэх болгоомжтой
холбоотой. Тамхийг бол харин ч нэг татах юмаа. Олон нийтийн газар тамхи татахыг
хориглоогүй учраас хаа л бол хаана баагиулаад зогсож байна. Хоол идэж байхад хүртэл
хажууд ирээд юман чинээ бодолгүй өмхий утаагаараа утна. Гэхдээ дунд эргэм насны
хүмүүсийг бодвол залуус нь хамаагүй соёлтой. Биеэ ч дажгүй аваад явчихдаг.

Манай ширээний залуус Улаанбаатараар сонин сайхан юу байна, наадам
дөхөөд сайхан байгаа юу гэж ирээд асуулаа. Тэгэхээр нь “Өмнөд монголчууд хурдан
морьтой. Улсын наадамд очиж уралдаач” гэлээ. Зарим аймгийн уяач хурдан морио аваад
Сүхбаатар, Дорнодын зарим сумын наадамд очиж уралддаг гэнэ. Очоод уралдах, эсвэл
барилдах гэхээр гадныхан гэж ирээд дээрэлхэх гээд байдаг талаар ярив. Сүнэдийн хэдэн
уяач Сүхбаатарын наадамд очоод морио уралдуулах гэтэл нутгийн залуус ад үзээд бөөн
юм болж байсан гэнэ. Энэ ярианаас үүдээд залуус зарим зүйлд гомдолтой явдгаа ярилаа.
Тусгаар тогтносон Монгол Улсын нийслэл гээд Улаанбаатарт очихоор бүх хаяг нь гадаадаар.
Гэтэл Хөх хотод хятадаар бичсэн хаягтай зэрэгцээд заавал ч үгүй босоо монгол бичгээр
бичдэг. Монгол бичиггүй нэг ч хаяг байхгүй гэлээ. Манайхныг орос хувцас өмсөөд,
оросоор яриад, оросоор бичдэг гэж байна. Өөдөөс нь “Драмын театрын билетийн кассанд
оочерлов” гээд хэлчихлээ. Тэгсэн бүгд чимээгүй болсноо юу гэнээ гэв. Давтаад хэлтэл
“Тээр та нар монгол хэлээ ч сайн сураагүй байж оросоор ийм сайн ярьж байна” гэж
байна. Улаанбаатарт ингэж хэлвэл орос хэл мэддэггүй хүн ойлгоно гэтэл “Эх орондоо
байж эх хэлээрээ ярьж байгаач. Харин ч бид нар монгол хэлээ авч үлдэж байгаа байх
шүү” гэлээ. Эндээс очсон хүмүүс Өмнөд монголчуудтай уулзаад заримдаа яриаг нь ойлгодоггүй
гэнэ. Уг нь жинхэнэ эх хэлээрээ яриад байдаг. Өдөр тутмын ярианы хэдхэн үгээ мэдэхээс
биш эх хэлээ бүрэн мэдэхгүй байна гэлээ. Хэдэн арван жилийн дараа судар гээд хэлэхээр
“Юу гэж байгаа юм бэ. Битгий хятадаар яриад бай” гэж хэлнэ дээ гэхээс харамсдаг
талаараа ярилаа. Бас зурагтаар гарч байгаа малчид хүртэл монгол дээлээ өмсөхөө байсанд
санаа зовж буйгаа ч хэлж байна. Энэ бүхнийг залуус хоорондоо уралдаж ирээд ярьж
байсан. Нэг нь бүр босож зогсоод “Хамгийн аймар нь юу гээч. Биднийг хужаа гэх хүмүүс
бий. Муу хужаа чинь гэж хэлэхийг сонсоод дотор харанхуйлаад явчихдаг” гэж ярихдаа
нүдэнд нь нулимс дүүрээд ирэв. Нөгөөдүүл нь ч түүний яриаг дэмжин “Биднийг хужаа
гэж хэлэхийг тун эмзэг хүлээж авдаг” гэлээ. Шар айрганд халамцсан залуусын хоолой
зангираад л. Эр юм байж уйлах гээд яасан ч сүртэй юм бэ гэсэн шүү юм бодон суутал
Б.Алмааз “Үнэндээ Монгол Улсын иргэний үнэмлэхтэй хүмүүст атаархдаг. Гэсэн хэрнээ
зарим зүйл дээр эх орныхоо эзэд байж чадахгүй байгаад бухимддаг. Яасан том зүйлд
санаа зовдог юм бэ гэж бодох л байх. Гэхдээ хилийн наана цаана амьдарч байгаа ч
гэлээ нэг үндэстэн учраас сэтгэл зүрхний гүнд эх орноо гэж байнга боддог юм шүү”
гээд босоод явчихав. Түүний яриаг Хөх хотын “Гэгээн мөрөөдөл” хөтлөгчийн дамжааны
ярих ур чадварын багш Г.Арсланбаатар өлгөж авав. Тэрээр Монгол Улсын боловсролын
их сургуулийн монгол хэл, утга зохиолын ангид хоёр жил суралцжээ. Оюутан байхдаа
зөндөө л найз нөхөдтэй байсан гэнэ. Тэд нар нь Хөх хотод ирэхдээ Г.Арсланбаатар
руу ярина. “Хөгшөөн маргааш очно. Тосоорой, байр сав юу билээ” гэдэг байна. Тэднийгээ
ирэхээр гэртээ байлгаад, унаагаараа үйлчлээд, боломжийнхоо хэрээр хоол унданд оруулаад
буцаадаг тухайгаа ярилаа. Ингээд хаа нэг ажил гарч Улаанбаатар руу явахдаа нөгөө
хэд рүүгээ утас цохиход “Найз нь бүр хол хөдөө байна” гэх хариу сонсдог гэнэ.

 Үргэлжлэл
бий

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
булангууд мэдээ томилолт

Өмнөд Монголын залуус Монголоороо бахархдаг

Өмнөд Монголын нийслэл Хөх хот руу редакцийнхаа томилолтоор явлаа. Тэндхийн залуусын амьдралыг сурвалж­лахаар яваа нь энэ. Хэн нэгэн дарга дагаагүй учраас очоод хэнтэй уулзаж ямар сурвалжлага хийх вэ гэдэг чөлөөтэй. Өмнөд Монгол залуустай уулзаж нэг өдрийг хамт өнгөрөөхөөр гадагш гарлаа. Их сургуулийн ойролцоо залуучууд их байх гэж бодоод Хөх хотын үндэсний дээд сургуулийн тэр хавиар жаал алхав. Гудмаар явж байтал шилэн хаалган дээр урт үстэй рок хамтлагийнхны зурагтай хуудас наачихаж. Эндхийн хамтлаг байх нь гэж бодсоор дөхөөд очтол манай “Харанга” хамтлагийнхан байдаг байгаа. Тавдугаар сарын 17, 18-нд Хөх хотод тоглох зар байна. Зар наасан газар нь “Хас-Уянга” нэртэй номын сан ажээ. Дотогш орлоо. Эрэгтэй, эмэгтэй хоёр оюутан ном уншаад сууж байна. Уншиж буй ном руу нь өнгийгөөд хартал босоо монгол бичигтэй юм.

“Сайн байна уу” гээд мэндлэв. Хоёул зэрэг ухасхийн босоод “Та монгол хүн үү” гэв. Тиймээ гэтэл эмэгтэй нь хүрч ирээд тэврээд авахаас наагуур юм боллоо доо.

Хөөрч, баярлаад бүр сүйд. Манай номын санд яаж яваад ороод ирэв. Энд амьдардаг юм уу гэж асуугаад л. Харь холын нутагт хамаатан садантайгаа таарч байгаа мэт дотносож байна. Яг л эртний сайн найзтайгаа, эсвэл олон жил уулзаагүй эгчтэйгээ уулзаж байгаа мэт халуун дотноор танилцлаа. Эмэгтэйг нь С.Цоморлиг, эрэгтэйг нь Б.Алмааз гэдэг ажээ. Хоёул Хөх хотын Үндэсний дээд сургуулийн гадаад хэлний салбарын сургуулийн англи хэлний сурган хүмүүжүүлэх ангийн нэгдүгээр курсийн оюутан юм байна. Хичээлээ тарж ирээд номын санд сууж байгаа гэлээ. С.Цоморлиг богино ханцуйтай цамц, жинсэн өмд өмсч үсээ ардаа шуугаад боочихож. Манай оюутан охид шиг нүүр ам, хумс хуруугаа будаж чамирхсан юм алга. Өмссөн хувцас нь ч гэсэн янз бүрийн хээ хуар, хурц тод өнгөгүй. Б.Алмааз ч бас жинсэн хүрэм, өмд өмсөж. Илүү дутуу зүйлгүй энгийн даруухан хувцаслажээ. “Харанга хамтлаг манай улсад тоглолтоо хийхээр ирчихсэн байгаа. Өнөөдөр Ордост тоглож байгаа байх. Тавдугаар сарын 17, 18-нд Хөх хотод тоглоно” гэв. Тоглолтын тасалбар нь суудлаасаа хамаарч 200-350 юань байдаг юм байна. Манайхаар 60-100 мянган төгрөг болно. Хөх хотод ирсэн манай уран бүтээлчид голдуу Одон телевизийн цагаан сарын баярын концерт болдог гурван мянган хүний суудалтай танхимд тоглодог ажээ. Харанга гээд ярьтал өнөө хоёр маань “Тоглолтыг нь үзэх юмсан” гэлээ. Б.Алмааз 

Толин хулын тоосонд хийморь зүггүй наадам 

Торгон жолоо өргөхөд нулимс тогтохгүй наадам 

Толин хулын төвөргөөнд 

Тугаа өргөсөн Монгол оо” гээд нүдээ тас аньчихаад дуулж гарав. Үгийг нь яасан сайн мэддэг юм гэж бодож зогстол яг энэ хэсгийг дуулаад зогслоо. Нүдэнд нь нулимс цийлэгнэжээ. “Би энэ дуунд хайртай. Ар Монголд очиж үзээгүй ч тэндхийн наадмыг дотроо төсөөлж бодоод дуулдаг. Шинэ жилээр хүмүүс янз бүрийн гадаад дуу дуулдаг бол би “Толин хул”-аа л дуулдаг. Гадаа цастай байхад би хөх ногоо униартсан уудам талыг сэтгэлдээ төсөөлж мөрөөддөг. Миний энэ насны мөрөөдөл тусгаар тогтносон Монгол Улсад очиж үзэх” гэлээ. Түүний чин сэтгэлийн мөрөөдлийг сонсоод С.Цоморлиг “Нэг үндэстэн хоёр улсад байх ямар хэцүү гээч. Би таныг танихгүй мөртлөө төрсөн эгч шигээ санаж байна” гэв. Тэгснээ гэнэт нэгийг санав бололтой “Хүүе нээрээ С.Сэрчмаа сайн уу. Хүүхэд нь том болж байгаа юу. Ар Монголдоо тоглолтоо хийгээд, дуугаа дуулсаар явна уу” гэлээ. Манай хамтлаг, дуучдыг л асуугаад байх юм. Ice top өнгөрсөн өвөл тоглолтоо хийсэн биз дээ. Та үзэв үү, гар утсаараа бичлэг хийсэн бол үзүүлээч гээд л. Хамтлаг, дуучид, хошин урлагийнхныг маш сайн мэдэх юм. Бүр реппер Gee, Ice top, Lumino, The Lemons гэж нэрлэж байгаад шинэ гаргасан дуу бүрийг зааж өгөх нь холгүй юм боллоо. Эндхийн залуус орой үдшийн цагаар интернэтээр манайхны уран бүтээлийг байнга үздэг юм байна. Нэг хэсэг Монголын үндэсний олон нийтийн телевизээр “Тусгай салаа” олон ангит кино гарч байхад “Уулын буга нь урамдах цагаар…” гээд тус киноны Дэндэвийн дуу моодонд оржээ. Ерөөс хөгшин залуу гэлтгүй хүн бүрийн гар утсанд тус дууны ая эгшиглэж байсан байна. Одоо харин “Гэзэгний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд байна аа ай хө Гэнэ гэнэхэн сэтгэл минь чамайг харахаар догдлоод байна аа” гээд дуучин Д.Намсрайноровын “Дурлан дурлан хайрламаар” дуу хит болж байгаа ажээ. Бас нэг хэсэг “Ice Top” хамтлагийн “Гандан буурахгүй” дуу залуусыг жинхэнэ байлдан дагуулжээ. Одоо ч бас дуулсаар л байгаа юм билээ. Б.Алмааз “Энэ дуу маш гоё үгтэй. Сонсохоор хийморь сэргэх шиг болдог. Би үеийнхээ зургаан залуутай нийлдэг. Бид хэд нийлэхээрээ за хийморийн сангаа тавья гээд дуулж гарна даа. 

Мандах нар мэт хийморьтой, омог бардам эр хүн би 

Тиймээ би монгол хүн, тэнүүн ухаант аавын хүү 

Асах гал мэт халуун цустай омог бардам эр хүн би 

Амьдралд сөгдөхгүй, гандан буурахгүй” гээд л дуулна” гэв. Энэ дуунаас хойш залуучуудын дунд гандан буурахгүй гэдэг үг дэлгэрчээ. Юм л бол гандан буурахгүй шүү гэнэ. Аливаа хариуцлагатай ажлын өмнө, эсвэл хэн нэгэндээ ерөөл хэлэхдээ гандан буурахгүй шүү л гэх болжээ. 

Хас-Уянга номын сангийн жижигхэн өрөөнд бид хэсэг ярилцлаа. Манай хоёр үдээс хойш хичээлгүй учраас номын санд сууж жүжгийн зохиол уншихаар ирцгээжээ. Хоёулаа хөтлөгч болох хүсэлтэй. Тиймээс уран зохиолын ном, шүлэг яруу найраг, жүжгийн зохиол унших дуртай юм байна. Манай сор болсон яруу найрагчдыг шүтдэг ажээ. Пунцагийн Бадарч, Дөнгөтийн Цоодол, Бавуугийн Лхагвасүрэн гээд аваргуудын шүлгийг цээжээрээ уншиж байна. Шинэ зүйл сурсан цэцэрлэгийн хүүхдүүд шиг л би нэг шүлэг уншиж өгөх үү, дуулж өгөх үү гэсээр бид номын сангаас гарч ойролцоох хоолны газар руу явлаа. Оюутнууд ер нь барагтай бол гадуур хооллодоггүй гэсэн. Онцгой тохиолдолд л гадуур хооллоно. Бусад үед дотуур байранд хоолоо иднэ. Бид нэг, нэг таваг хоол аваад ширээний ард суулаа. “Энд тэнд хоол идэхдээ болж өгвөл монголчууд бөөнөөрөө сууцгаадаг. Зодолдож нүдэлдэх юм залуу хүмүүс хойно гаралгүй яахав. Хэн нэг нь зодуулчихсан байвал хариуг нь заавал авна. Тэр хүнийг таних танихгүй нь хамаагүй зодсон залууг очоод нүдчихнэ. Болохгүй бол олуулаа нийлж байгаад ч болтугай зодолдоно. Сургуулийн орчинд нэгнээ өмөөрсөн иймэрхүү зодоон байнга гардаг гэж ирээд л хуучлав. Яагаад ингэж ярих болов гэхээр би санаандгүй “Та нар их томоотой юм. Барагтай бол зодоон гардаггүй байлгүй” гээд асуучихсан юм. 

Эндхийн сургуулийн нэг жилийн төлбөр дунджаар 3500 юань. Дотуур байр, хоолтойгоо нийлээд жилд долоон мянган юань төлнө. Манайхаар хоёр сая орчим төгрөг. Хичээл ихтэй. Оюутнууд нь ч мэрийлттэй. Өглөө найман цагаас хичээл эхэлж 14 цагийн үед тарна. Гадуур сэлгүүцэж, эсвэл гэртээ харина гэсэн юм байхгүй. Аль нэг номын санд очиж судлах зүйлээ уншсаар 18 цаг хүргэнэ. Оройн хоолоо идчихээд хөтлөгчийн, эсвэл жүжгийн сургалтад яваад 21 цагийн үед дотуур байрандаа ирдэг байна. 

Бид гурав хоолоо идэж дуусчихаад цүнхнээсээ уруул өнгөлөгч гаргаад иртэл С.Цоморлиг “Таны уруулын будаг хаанахынх вэ. Орифлэймынх уу” гэлээ. Эндхийн охид нүүр амаа учиргүй будаад байхгүй ч эмэгтэй хүн л болсон хойно гоо сайхны хэрэгсэл сонирхоно. Голдуу Хятадын бүтээгдэхүүн авдаг юм байна. Нэг хэсэг харин ар монголоос “Орифлэйм” орж иржээ. Охид хүүхнүүд ч өдөр шөнийн тос, биеийн шингэн саван, хумсны будаг, уруул өнгөлөгч, үнэртэй ус авч хэрэглэдэг байсан гэнэ. Өмнөд монголчуудад овоо танигдаад, нэр хүндтэй ч болж байтал захиалга авдаг хүний холбоо тасарчээ. Хааяа нэг Хөх хот руу явдаг байсан нөхөр л Орифлэймийн каталоги өгөөд захиалга аваад байсан шиг байгаа юм. Дөрөв таван сар захиалга авч, хүргэлт хийж байгаад өнгөрсөн өвлөөс сураггүй болжээ. Шинэ бүтээгдэхүүн хэрэглээд дасаж байсан хүүхнүүд нэг хэсэг Орифлэймээ үгүйлж байгаад одоо эргээд хятад бүтээгдэхүүндээ орсон гэсэн. Эндхийн охид, хүүхнүүдийн нүүр царайгаа арчлах арга манайхантай төстэй. Оройд нүүрээ угаагаад сүүн шингэн, чийгшүүлэгчээрээ арчаад тосоо түрхэнэ. Гадуур явж байхад нүүрээ будсан хүн бараг таарахгүй юм. Нүдээ теньдэж, уруулаа өнгөлсөн бүсгүйчүүд хааяа нэг таарсан ч хятадууд байх ажээ. Манайх шиг хуурай, ширүүн уур амьсгалтай биш учраас сайртана гэж санаа зовох хэрэггүй. Тэгээд ч уур амьсгал нь чийглэгдүү, зөөлөн талдаа болохоор нүүрээ будлаа ч халуунд урсчихдаг байлгүй. Бас Өмнөд Монгол хүүхнүүд гангалж гоодож сураагүй бололтой юм. 

Бид гурав номын сан руу буцах замдаа Хөх хотод байдаггүй мөртлөө Улаанбаатарт байдаг, бас Улаанбаатарт байдаггүй хэрнээ Хөх хотод байдаг үйлчилгээний газрын талаар ярилцав. Хөх хотод ломбард байдаггүй бололтой юм. Зээл өгдөг газар бий ч гар утсаа, эсвэл зүүж яваа алт, монетон ээмэг бөгжөө барьцаанд тавиад мөнгө авдаг гэхээр өнөө хоёр маань гайхаад болдоггүй. Гэнэт мөнгө хэрэг болвол зүүж яваа монетон бөгжөө 20 мянган төгрөгөөр барьцаалж болдог гэж байж сая нэг үнэмшүүлэв. Хөх хотод бас эрүүлжүүлэх байдаггүй гэсэн. Хүмүүс тасарч унатлаа архи уух нь ховор. Хаа нэг ухаан мэдрэлээ алдсан согтуу хүн явж байвал цагдаа нар эмнэлэгт хүргэж өгөөд тэндээ дусал залгаад хонуулдаг гэнэ. Харин манайд сүүлийн үед ихэнх барилгын булан тохойд нээгдээд буй фитнес Хөх хотод ховор байдаг юм билээ. Орон сууцнуудын дунд болон нийтийн эзэмшлийн талбайд хэдхэн алхаад л цэцэрлэгт хүрээлэнтэй, тэндээ бялдаржуулах хэрэгсэлтэй учраас заавал мөнгө төлж биеэ чийрэгжүүлэх шаардлагагүй. Бас сургуулийн дотуур байрны дэргэд гүйлтийн зам бүхий чийрэгжүүлэх газартай болохоор залуус нь фитнест явдаггүй гэсэн. Фитнест хэн явах вэ гэхээр голдуу төрийн албан хаагчид. Эсвэл баян айлын гэрийн эзэгтэй нар чөлөөт цагаа өнгөрүүлдэг юм байна. 

Хаа газрын охид хүүхнүүдийн ярианы сэдэв болсон турах асуудал ч энд байна. Бүсгүйчүүд турах гээд хоолоо сойхоос гадна төрөл бүрийн эм бэлдмэл их хэрэглэнэ. С.Цоморлигийн найз охид ч бас янз бүрийн тураах эм уудаг гэсэн. Хөх хотын эмийн сангуудаар юу л байна тураах эм байдаг учраас хоол идэж байгаа юм шиг л эм хэрэглэдэг ажээ. Өрөөнийх нь охин бүр 01, 02 цаг хүртэл орон дээрээ унтахгүй суугаад байдаг гэсэн. Хана налж суугаад толгойгоо дохиод л. Тэгсэн хэрнээ хэвтээд унтахгүй. Хэвтэхээр таргалчих гээд. Бүрэн унтахгүй, сууж байвал ходоод нь ажиллаад турна гэх ойлголттой байдаг ажээ. “Турах гэж байгаа хүн харин ч эсрэгээрээ сайн унтаж байх ёстой шүү дээ” гэтэл хүлээн зөвшөөрдөггүй ээ. Унтчихаар хүний бие эрхтэн дагаад унтана. Тэгэхээр турах явц зогсоно гэж үздэг юм байна. Яаж ч маргаад дийлсэнгүй. Ингэж унтахгүйгээр турна гэж боддог охид шөнө 01, 02 цагийн үед орондоо орж унтаад үүр цайхаар дахиад л босоод суучихдаг гэнэ. Зарим нь бүр нойр, хоолгүй явсаар гадаа гарч гүйх ч тэнхэлгүй болдог ажээ. Гэхдээ байнга ийм байхгүй. Улирлын чанартай аяглана. Гадаа дулаарч хөнгөн нимгэн хувцсандаа орох үедээ турах талаар ярина. Зунжингаа иймэрхүү маягаар өөрийгөө ядрааж жингээ хассан болоод намар эргээд хамаа замбараагүй идэж эхэлдэг гэж байгаа. Тэгээд л өвөлжин хуримтлуулсан таргаа зун нь хасах гээд шөнө ч бүтэн нойртой хонож чадахгүй өөрийгөө зовоодог байна. Бас хажуугаар нь хэрэгтэй хэрэггүй тураах эм, бэлдмэлд хамаг мөнгөө үрээд хачин юм болдог ажээ.   

Өндөр гоолиг С.Цоморлиг хүртэл турах талаар ярих юм. Би 170 см өндөр, 55 кг жинтэй. Надтай чацуу өндөртэй хэрнээ миний тал шиг харагдахаар туранхай. Тэгсэн мөртлөө Улаанбаатарын хүүхнүүдийн турах аргыг асуугаад байх юм. “Хоолоо сойдог уу. Олон давхар хувцас өмсөж хөлсөө гаргаж байна уу” гээд л. Хэт туранхай байх юу нь сайхан байна вэ гэхэд “Эрэгтэй хүний нүдэнд арьс хүртэл зузаан харагддаг гээ биз дээ” гэж байна шүү. Бараг л хөх мах нь харагдахаар тийм туранхай байвал гоё байж, эрчүүдийн нүдэнд сайхан харагдах юм гэнэ. Бас яс арьс болсон бие хаатай байвал ямар ч хувцас зохидог талаар ярилаа. Зун цагт ганган хувцаслахдаа зориулж ийн биеэ бэлддэг ажээ. Ганган хувцас гэснээс тэндхийн охид хүүхнүүд энэ зун моодонд ороод байгаа дэрэвгэр хормойтой даашинзаар гоёж байна. Бас шөвгөр хоншоортой гадсан өсгийт жийнэ. Ерөнхийдөө тэгш, майга ямар ч хөлтэй байсан богинохон дэрэвгэр даашинз өмсдөг болжээ. Зохисон зохиогүй моодоо дагаж байгаа нь тэр.    

Хоолны дараа  хотын залуусын оройдоо цуглардаг газар болох Шар гудамж руу явлаа. Тэнд караоке, баар, хоолны газар, тоглоомын төв гээд залуусын чөлөөт цагаа өнгөрөөх газрууд бий.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
булангууд мэдээ томилолт цаг-үе

Жиа Юү Линг: Анагаах ухаан хорт хавдрыг бүх шатанд эмчилдэг болчихлоо. Тэр эмнэлгүүдийн нэг нь манайх юм

Өмнөд Монголын нийслэл Хөх хотод очсон эхний өдрөө тэндхийн эмнэлгээр
явлаа. Хөх хотыг зорьж буй монголчууд худалдаа наймаа гэхээсээ илүүтэй эмнэлэгт
үзүүлж, эмчилгээ хийлгэх гэж очдог. Очсон хүн бүр Анагаахын их сургуулийн харьяа
нэгдүгээр эмнэлгийг мэднэ дээ. Хятадаар фу шу и юань гэхэд аль ч таксины жолооч
олоод очно. Хотынхоо баруун зах руу болохоор эмнэлгийн эргэн тойронд өндөр байшин
байхгүй. Сүндэрлэн буй хорин хэдэн давхар ганцхан байшин бий нь нэгдүгээр эмнэлгийн
төв байр. Тойроод дөрөв, таван давхар бүхий байшинтай. Бүгд тус эмнэлгийн тасаг.
Энд анх үзүүлэхээр очсон хүн Монголд үйлчлэх төв дээр яваад очиход ерөнхий чиг баримжаагаа
авчихна шүү. Тэнд саадгүй хэл нэвтрэлцэх өмнөд монголчууд хүлээгээд авна. Эмнэлгийн
орчуулга хийх, анхан шатны тусламж үзүүлэх хэмжээний мэдлэгтэй хөтөч-сувилагч тосож
ирээд сайн найз аа, юу өвдсөн бэ гэдэг. Эмнэлгийн дотоод зарчим манайхтай яг ижил.
Зүрх өвдлөө гэхэд зүрхний эмчдээ эхлээд үзүүлнэ. Тэгээд эмчийн бичиж өгсөн шаардлагатай
шинжилгээнүүдийг өгнө. Тэгээд л оношоо тодорхойлж аваад эмчилгээгээ эхэлнэ дээ.
Юу өвдсөн, ямар эмчилгээ хийлгэхээс хамаараад үнэ нь харилцан адилгүй. Шинжилгээнүүд
нь санасныг бодвол тэнгэрт хадсан үнэтэй биш.

Судсанд тариа хийж байгаад шинжилдэг цөмийн оношилгооны аппаратын
шинжилгээ хамгийн үнэтэй нь. 10 мянган юань буюу манайхаар 2.9 сая төгрөг болно.
Бусад нь ерөнхийдөө боломжийн үнэтэй. Ер нь Хөх хот руу ирж буцах хоёр талын замын
зардал, очоод байрлах зочид буудал, идэх хоол, унаа хөсөгний зардал, эмнэлгийн бүх
төрлийн шинжилгээ өгөөд, тэндээ таваас долоо хононо гэж тооцоолоход таван сая төгрөг
хангалттай.

Ийм хэмжээний мөнгөтэй явахад бүр ганц нэг дэл­гүүрээр ч ороод ирж
болох байх шүү. Харин эмчилгээ хийлгэх харилцан адилгүй юм билээ. Жишээлбэл хорт
хавдар авахуулах мэс заслын өртөг адилгүй. Аль эрхтний, хэддүгээр үедээ байгаа хавдар
вэ гэдгээсээ хамаарна. Ходоодны хорт хавдартай, тэр нь нэг, хоёрдугаар шатандаа
байлаа гэхэд 10 сая орчим төгрөгөөр мэс засал хийлгэнэ. Гэхдээ үүнд бүх зардал шингээгүй.
Тариа хийлгэлээ гэхэд тарианыхаа мөнгийг төлнө. Бас нэг удаагийн зүүний мөнгө гээд
хэдэн юань өгөх болдог.

Манайхан шиг нэг дор эмнэлгийн
төлбөр гээд авчихна гэх зүйлгүй. Хэн, юу хэрэглэж байгаа зардлаа дор дор нь төлөөд
явдаг ажээ. Эмнэлгийн эргэн тойронд зочид буудал зэрэглэл зэрэглэлээрээ бий. Гуч,
дөчин юанийн хоног төөрүүлчихээр тааруухан буудал байхад яг хажууд нь төдөн одтой
гэх буудлууд ч байгаа. Хөдөөнөөс ирээд ганцхан өдрийн үзлэг, шинжилгээ өгөх хүмүүс
хямдхан буудлууддаа буучихна. Олон өдөр эмчилгээ хийлгэх, тав тухыг эрхэмлэсэн хүмүүс
200-400 юань төлөөд хоёр, гурван одтой гайгүй шиг буудалд буух боломжтой. Ингээд
хорт хавдрын талаар Хөх хотын Анагаахын их сургуулийн харьяа нэгдүгээр эмнэлгийн
Туяаны тасгийн эрхлэгч Жиа Юү Лингтэй ярилцлага хийснээ хүргэе. Бидний яриаг Анагаахын
их сургуулийн ерөнхий мэс заслын чиглэлийн магистрант Б.Оюунгэрэл орчуулж өгсөн
юм.

 

-Монголчууд Хөх хотод, тэр дундаа танай эмнэлгийг зорин ирж
эмчлүүлдэг. Эмчилгээ сайн байдаг нь тоног төхөөрөмждөө байна уу, эмч нарын мэдлэг
чадвартай холбоотой юу?

-Манай эмнэлгийн, тэр дундаа туяаны
тасгийн эмчилгээ улсдаа хамгийн сайн нь. Манай эмнэлэгт дотоод гадаадын хүмүүс ирж
эмчлүүлдэг. Тэр ч үүднээсээ янз бүрийн өвчтэй хүмүүс ирдэг. Ийм хүмүүстэй нүүр тулж
ажиллана гэдэг эмч нарт маш их туршлага болдог юм. Манайд ажиллаж буй эмч нар хамгийн
багадаа магистрийн зэрэг хамгаалсан байгаа. Бас Хятадын хамгийн сайн гэсэн эмнэлэгт
очиж туршлага судалж, суралцсан байдаг. Хэрэглэж буй тоног төхөөрөмжийн тухайд олон
улсын стандартад нийцсэн, хүлээн зөвшөөрөгдсөнийг ашигладаг. Манай тасагт монгол
өвчтөн тийм ч олон биш. Харин бусад тасгуудад байгаа шүү.

-Анагаах ухаан сүүлийн үед ямар ололттой байгаа вэ. Эмчлэгдэхгүй
өвчин гэж байна уу?

-Анагаахын шинжлэх ухаан хорт
хавдрыг бүрэн эмчилдэг болсон. Хорт хавдрууд дундаас хөхний, хамрын хөндийн, тархины,
умайн хүзүүнийхийг маш сайн эмчилдэг болсон. Энэ бол ололт. Гэхдээ ямар шатанд байгаагаас
бүх зүйл шалтгаална. Сүүлийн шатандаа буюу бүх биеэр үсэрхийлчихсэн байвал хэцүү.
Мэдээж хэрэг эрт мэдэх тусмаа эдгэх магадлал өндөр болдог.

-Хорт хавдар үнэхээр бүрэн эмчлэгдэх үү?

-Хорт хавдар эхний шатандаа барагтай
бол зовиур өгдөггүй. Эрүүл саруул хүн шиг зүв зүгээр яваад л байдаг. Тиймээс нэгдүгээр
шатанд мэдэх нь ховор. Гэнэт бие нь муудаад ч юмуу эмнэлэгт хандахад хорт хавдрын
сүүлийн шатанд очсон байх нь олон. Биед нь ямар нэгэн зовиур байхгүй бол хүмүүс
эмнэлэгт хандаад, шинжилгээ өгөөд байдаггүй шүү дээ. Тэгэхээр эрт илрүүлж чадахгүй
байгаа юм. Манай тасагт голдуу дундаас дээш, сүүлийн шатандаа орсон хүмүүс ирж эмчлүүлдэг.
Хэрэв хорт хавдрыг эрт мэдэж, эмчилгээ эхлүүлбэл эерэг үр дүнд хүрнэ.

-Хорт хавдраас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ. Ер нь яавал
хорт хавдар тусахгүй байх вэ?

-Манай эмнэлэгт иж бүрэн шинжилгээ
хийдэг тасаг бий. Тэнд хүссэн хүмүүс шинжилгээ хийлгэж болно. Жилдээ нэг удаа урьдчилан
сэргийлэх үзлэгт орж байвал сайн. Ийм үзлэгээр хавдартай байлаа гэхэд эрт мэдэх
боломжтой. Ингэснээр цааш үсэрхийлэхээс сэргийлэх юм. Харин хорт хавдраас урьдчилан
сэргийлэх хэцүү. Бидний амьсгалж буй агаар, ууж буй ус, идэж байгаа хоол хүнсээс
их зүйл шалтгаалдаг. Тийм болохоор шүдний өвчинтэй адил хоол идсэнийхээ дараа амаа
сайн угаа гэх мэт зөвөлгөө өгвөл өрөөсгөл ойлголт болно.

-Хорт хавдар туссан хүмүүс сэтгэл санааны хувьд тогтворгүй
болдог. Ийм өвчтэй хүмүүс өөрөө өөртөө яаж тусалж болох вэ?

-Хорт хавдар туссан хүмүүсийг,
тэдний гэр бүлийг анзаараад байхад ганцхан зүйл голлодог. Юу вэ гэхээр тухайн өвчтөн
хорт хавдартай болсон гэдгийг ар гэрийнхэн нь хэлдэггүй. Нуугаач гэж эмч нараас
гуйдаг. Учир нь цаад хүнээ сэтгэл санаагаар унаж өвчнөө дийлэхгүй болчихно гэж боддог.
Тиймээс хорт хавдартай хүмүүсийн ихэнх нь ямар өвчин туссан, эсвэл хэддүгээр шатандаа
явж байгаагаа мэддэггүй. Эсвэл хорт хавдар тусчихаад гэрийнхнээсээ нуух гээд байдаг.
Гэтэл эмчийн зүгээс харахаар ямар өвчин туссан бэ гэдгийг өвчтөнд шууд хэлсэн нь
дээр байдаг. Та ийм өвчин туссан, одоо ийм эмчилгээ хийлгэж үр дүнд хүрч эдгэх ёстой
гэдгийг тодорхой хэлчихмээр байдаг юм. Өвчнийх нь үе шат, мэдэхийг хүссэн бүгдийг
хэлж ойлгуулан сэтгэл санааг нь бэлдээд өвчнийг хамтдаа даван туулах ёстой. Гэтэл
хүмүүс мэс засал хийлгээд бие сайхан болчихоод байхад дахин дахин эмчилгээ хийж
намайг зовоогоод байна гэж боддог. Уг нь тухайн хүн өвчнийхөө талаар бүрэн мэдээлэлтэй
байж ямар эмчилгээ хийлгэвэл өөрт нь хэрэгтэй вэ гэдгийг мэдэж байвал зүгээр. Тэгээд
ч одоо бол XXI зуун. Анагаахын шинжлэх ухаан баргийн өвчнийг ялдаг болсон байна.
Хорт хавдар л гэхэд маш олон төрөлтэй. Дөрвөн үе шаттай. Аль ч хавдрыг эхний нэг,
хоёрдугаар шатанд нь эмчилж болдог. Дунд болон сүүлийн шатны хавдрыг ч эмчилж байна.
Эцсийн шатандаа ороод бүх биеэр үсэрхийлчихээгүй л бол эмчилгээ бий. Найдвар байгаа
гэсэн үг.

-Хорт хавдрын дараахь эмчилгээг ямар хугацаанд хийлгэх ёстой
байдаг юм бэ?

-Мэс засал хийсний дараа эхний
хоёр шатны хавдар бол химийн эмчилгээ хийх үү, үгүй юу гэдгийг шийддэг. Химийн эмчилгээг
бүх өвчтөнд ч хийгээд байдаггүй. Хавдрыг үсэрхийлэхээс сэргийлж хийдэг. Туяа эмчилгээг
ч бас хорт хавдартай хүн бүрт хийхгүй. Жишээлбэл, залгиур эрхтний хавдартай хүнд
мэс засал хийхэд өвчтөн дараа нь ярьж чадахаа больдог. Харин туяа эмчилгээгээр хавдрыг
шарж аюулгүй болгодог. Ингэснээр тухайн өвчтөн ярьж чаддаг хэвээрээ үлдэнэ. Бас
хорт хавдартай хүнд мэс засал хийхдээ өөрөөс нь болон ар гэрийнхнээс нь зөвшөөрөл
авдаг. Мэс засал хийлгэхийг зөвшөөрөөгүй тохиолдолд туяа эмчилгээ хийлгэдэг юм.
Бас биеийн байдлаас нь хамаарч мэс засал даахааргүй хүмүүст туяа эмчилгээ хийнэ.

-Манай улсад хорт хавд­рыг уламжлалт эмчилгээгээр, бас энергиэр
эмчилнэ гэх хүмүүс байдаг. Ийм аргаар эмчлэх боломж байдаг уу?

-Энерги, эсвэл уламжлалт аргаар
эмчилнэ гэдэг тухайн өвчний дархлааг сайжруулах төдий л байдаг. Өвчтэй хүмүүсийн
биеийн эсэргүүцлийг сайжруулах, бүх биеийн тамирыг сэргээхэд л дэм болдог байх.
Түүнээс биш зөвхөн тан уугаад, энерги аваад хорт хавдрыг эмчилнэ гэдэг бүтэшгүй
зүйл. Иймэрхүү эмчилгээ хорт хавдрыг бүрэн эмчилж болно гэдгийг анагаах ухаан батлаагүй
байгаа шүү дээ. Харин хавсран эмчилж байж үр дүнд хүрнэ. Хэрэв уламжлалт анагаах
ухаан, бас төрөл бүрийн энергийн эмчилгээнд итгэдэг хүмүүс байвал хорт хавдрын үндсэн
эмчилгээтэй хослуулж болох юм.

-Танай эмнэлэгт оношлогдохгүй өвчтэй хүмүүс ирдэг үү. Ийм
үед яадаг вэ?

-Ерөнхийдөө бүх өвчнийг оношилж,
бас эмчилж болно. Манай эмнэлэгт шаардлагатай бүх л тоног төхөөрөмж бий. Тиймээс
хэрэгтэй гэсэн шинжилгээнүүдээ авдаг. Тэгэхээр ямар ч өвчнийг оношилж чадна гэсэн
үг.

-Танай эндхийн эмнэлэгт гадаад эмч нар байдаг уу. Гадныхантай
туршлага солилцдог уу?

-Байхгүй. Гаднаас эмч нар урьж
хичээл заалгах үе бол байна. Эмнэлгүүдэд дандаа хятад, өвөр монгол эмч ажилладаг.
Туршлага со­лилцохын тухайд гэвэл гадаад руу зорьж явдаггүй. Энд хичээл заахаар
ирсэн эмч нартай л санал солилцдог юм.

-Та нар сүүлийн үеийн ямар тоног төхөөрөмж хэрэглэдэг юм бэ?

-Хамгийн сүүлийн үеийн голдуу
Германд үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж хэрэглэдэг.

-10 жилийн өмнө эмчилж чадахгүй байсныг одоо үед эмчилж байгаа
тохиолдол байна уу. Ямар өвчин байна вэ?

-Арван жилийн өмнөхийг одоотой
харьцуулбал мэдээж хэрэг эмнэлгийн тоног төхөөрөмжөөсөө авахуулаад эмч нарын дадлага
туршлага, ур чадвар, мэдлэг гээд бүх л зүйл сайжирсан. Тиймээс өвчтөний амьдрах
хугацааг уртасгаж чаддаг болсон. Ямар ч эмчилгээгүй болсон хүнийг таван жил амьдруулдаг
байсан бол одоо 10 жил амьдруулах боломжтой болсон.

-Гаднаас ажиллах санал ирдэг үү?

-Уривал Монголд очиж ажиллаж болно
шүү.

-Эндхийн эмч нарыг хараад байхад ихэнх цагийг эмнэлэг дээрээ
өнгөрүүлэх юм?

-Би өглөө долоон цагт ирээд ажилдаа
ордог. Өдөр 12-14 цагийн хооронд амарна. Өвчтөн ихтэй үед амрах цаг гардаггүй. Орой
17 цагт тараад гэртээ харьдаг. Гэртээ бол зурагт үзнэ, гадуур гарч найз нөхөдтэйгээ
уулзана. Хүнд гайхуулах зүйлгүй энгийн л амьдрал.

-Та хаана ямар сургууль төгссөн юм бэ?

-Би 1982 онд Бугат хотод анагаах
ухааны их сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд Бугатынхаа эмнэлэгт ажиллаж байгаад
1995 онд энд ажиллаж байна. Анх залуухан эмч ирээд тасгийнхаа эмчээр ажиллаж байлаа.
Одоо бол тасгийн эрхлэгч.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
булангууд мэдээ томилолт

Нямсүрэнгийнхээ “Дөрвөн цаг”-ийг унших ЭРЭЭНЦАВЫНХАН

Түрүүч нь ¹ 123 (4763), 124 (4764), 126 (4766) дугаарт

Чулуунхороот сум  тариа­лангийн бүс нутаг. Эрээнцавын сан­гийн аж ахуйнханд  улаан­буудай тариалалтаараа улсдаа тэргүүлдэг байсан үе бий. Аймаг, аймгаас ирсэн илгээлтийн эзэд энэ суманд суурьшин, газар тариалантай амьдралаа холбосон байдаг аж. САА тарж, “Эрээнцав хувьцаат” компани болсон цагаас улаанбуудай тариа­лалт хумигдсаар сүүлдээ хаалгаа барьсан түүхтэй. Энэ сумын иргэдийн олонх нь тариалангаар амьдралаа болгодог байж. Эрээнцав ХК-ийн үйл ажиллагаа зогссоноос болж олон хүн ажилгүй болж, амьдрал нь хэцүүдэж байсныг нутгийн олон мартаагүй гэнэ. Тухайн үед “Эрээнцав” компанийн ажилчдын цөөн хэд нь хувьцаагаа зарж чадсан гэнэ. Олонх нь хувьцаагаа зарж чадалгүй үнэгүйдүүлжээ. Тэгсэн хоёр жилийн өмнөөс хэнд ч хэрэггүйн дээр зарим нь байдаг эсэхийг нь ч мэдээгүй хувьцаа нь Хөрөнгийн бирж дээр үнэд орж эхэлсэн байна. Бүр хаалгаа бариад 20 орчим жилийн нүүр үзээд байсан “Эрээнцав” ХК-ийн үйл ажиллагаа сэргэж эхэлсэн байна. Энэ талаар сурвалжлахаар “Эрээнцав” компанийн тариалалт хийж буй газарт очсон юм. 

Сумын төвөөс 30 гаруй километрийн зайд хаврын тариалалт хийж байв. Компа¬нийн ажилчид гэх 50 гаруй насны зургаан хүн техник угсралтын ажил хийж байлаа. Шинээр ирсэн үрсэлгээний техникийг угсарч байгаа нь аж. Хаврын тариалалтын ажлыг нугалахаар Эрээнцавын САА байх үед ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлан аварга болж байсан тариаланчид ирцгээсэн нь энэ. Залуу насаа тариалангийн талбайд зориулж, “Мягмарын аварга салааныхан” гэж өргөмжлүүлж байсан нэг салааныхан өдгөө ажиллахаар очоод байгаа нь энэ аж. Мягмарын салааны Б.Цогтсайхан, П.Цогтбаяр, Г.Мөнх-Очир, Р.Очиржав, Д.Зоригт нар гурван мянган га талбайд тариалалт хийх аж.  Тэд “Биднийг залуу байхад энд бум бужигнасан тариан түрүү найгасан газар байлаа. Олон жил поолиндоо тариалалт хийсэнгүй. Тэгсэн 20 гаруй жилийн дараа 600 сая төгрөгийн үнэтэй трактортой дахин хаврын тариалалт хийдэг байна шүү. Шинэ техникүүдийг нь угсрахад хүндрэлтэй зүйл тулгарч л байна. Гэхдээ аргыг нь олоод, асууж сураглаад болгож л байна. Тариан тал­¬байдаа ирэх сайхан бай­¬на” гээд л ярих ажээ. Хам¬гийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр Мягмарын са¬лааныхан “зэвсэглээд” бай­гаа гэсэн. Нэг бүр нь 600 сая төгрөгийн үнэтэй “КАТ”-ын трактор гэхэд тариалалт хийж байгаа хүн жолоо бариад байх шаардлага байхгүй. Ном уншаад кабин дотроо явсан ч боло¬хоор автоматжсан эд аж. Пооль дуусангууд трактороо эргүүлээд явуулчихад болох гэнэ. 

ЭЛЭГНИЙ ЭМИЙН ТҮҮХИЙ ЭД САЛМИРИНЫГ ЭРЭЭНЦАВААС ЭКСПОРТЛОХ ГЭНЭ

Мөн “Эрээнцав” ХК-ийн захирал Г.Одгэрэл “Хаврын тариалалт дундаа орж байна даа. Хэд хоногоос дуусах байх аа” гэсээр угтан авч уулзсан юм. Энэ жил 2400 га талбайд рапс, 600 га-д салмирин гэх ургамал тарихаар болжээ. Г.Одгэрэл захирлаас  “Эрээнцав” ХК-ийн үйл ажиллагааг хэрхэн дахин сэргээсэн талаар асуулаа. Тэрбээр “Гурван жилийн өмнө Хөрөнгийн бирж дээр  хувьцаа босгох гээд  хувьцаагаа ашиглаагүй  компаниудыг  хайж эхэлсэн юм. Тэгсэн “Эрээнцав” компанийн хувь¬цаа огт худалдагдаагүй бай­сан. Тэгээд компанийн захирал залуутай уулзаад хувьцааг нь худалдаж авсан юм. Анх хувьцааны ихэнх хувийг худалдаж авсан. Газар тариалан огт сонирхоогүй. Тэгээд компанийн эрхийг авахаар энд ирсэн хэрэг. Тэгээд л энэ их газрыг яах вэ гэж байгаад газар тариалангийн чиглэлээр ашиглаж болохыг анзаарсан. Манай компанийн Чулуунхороот болон бусад газрын 400 гаруй хүн хувьцаа эзэмшиж байгаа. Дэлхийд ганц хүний биш олон хүний хувьцаа орсон  компани илүү амжилтад хүрч байна. Тиймээс энэ компанийг эргэж сэргээсэн юм” гэв. “Эрээнцав” ХК-ийн хувьцаа Хөрөнгийн бирж дээр анх нэг хувьцаа 260 төгрөгийн үнэтэй байсан гэнэ. Харин одоо дөрвөн мянган төгрөгт хүрчээ. Цаашид хувьцааны үнэ өсөх аж. Энэ намраас ашгаа хүртэхээр болоод байгаа гэнэ. Өмнөх жилүүдэд  уринш хийж, газрыг дахин хагалах, боловсруулах, техник, тоног төхөөрөмж худалдан авах гээд хэдэн тэрбум төгрөгийн хөрөнгө гаргажээ. Зүүн хойд хязгаарт ирж тариалалт хийх болсон шалтгаан нь ийм учиртай гэнэ. 

Эрээнцавын хил гаалиар рапс, эмийн түүхий эд болох салмирин зэрэг тариалсан зүйлсээ урд хөршид худал­даа­лахаар зорьж байгаа гэнэ. Засгийн газраас зүүн аймгуудын газар тариалангийн бүтээгдэхүүнийг экспортод гаргахыг дэмжиж байгаа. 600 га-д тарих салмирин гэх ургамал нь элэгний эмийн ганц түүхий эд юм байна. Элэгний эм бэлдмэл үйлдвэрлэж байгаа эмийн үйлдвэрүүд салмириныг худалдаж авах сонирхол их. Дэлхийн зах зээлд эрэлт ихтэй өндөр үнэтэй байдаг аж. Га талбайгаас арван центнер салмирин хурааж авах гэнэ. Намар арвин ургац хурааж авах юм бол урд хөрш рүү экспортлох гэнэ. Ирэх жилдээ багтаад үтрэм, агуулах барихаар төлөвлөж байгаа аж. Мөн салмирины үйлдвэрийг сумын төв дээр барихаар төлөвлөөд байгаа гэсэн. 

ТАВАН МЯНГАН МАЛТАЙ П.ДАМДИНЛХАГВАГИЙНХ МЯНГА ГАРУЙ ТӨЛ ХҮЛЭЭН АВЧЭЭ

“Эрээнцав” ХК-ийн хээрийн бригадаас хөдөлж, Чулуунхороот сумын хамгийн олон малтай айлыг зорилоо. Өнгөрсөн жил дөрвөн мянга гаруй мал тоолуулсан  П.Дамдинлхагвагийн гэрт очлоо. Энэ хавар төл сайн авчээ. Мянга гаруй төл хүлээж аваад байгаа гэнэ. Хонь, ямаа үхэр төллөөд дуусчихсан байв. Харин гүү энэ жил орой унагалж байгаа гэнэ. Мянга гаруй хонь хургалж, 400 гаруй ямаа ишиглэж, зуу гаруй үнээ тугаллаад байна. Харин 120 орчим гүү унагалах гэнэ. П.Дамдинлхагвагийнх малынхаа үр шимээр сайхан амьдарч байгаа айлуудын нэг аж. Гэрийнхээ гадаа шинэхэн “Ланд 200” сойчихсон сууж байна лээ. 2008 онд Төв аймгийн Сэргэлэн сумаас нүүж ирсэн гэнэ. Чулуунхороот суманд ирэхдээ 1500 гаруй малтай байжээ. Харин сүүлийн хэдэн жил Эрээнцавд өнтэй өвөл болсноос төл алдалгүй авсаар таван мянгад хүрээд байгаа нь энэ аж.  П.Дамдинлхагвагийнх гурван малчинтай юм байна. Хонь, үхэр, адуугаа айл айлд хуваагаад өгчихдөг гэсэн. Тэрбээр “Хэдэн малынхаа хүчинд хэнээс ч дутахааргүй сайхан л амьдарч байна. Унах унаа, орон байр гээд дутагдах гачигдах зүйлгүй сайхан байна. Энэ нутаг надад үр өгөөжөө өгч байгаа. Тиймээс  нутгийн зон олонд тусалж байх юмсан гэж бодож явдаг”  гэв.

Чулуунхороот сум мал цөөтэй сумдын нэг. 2000 оны үед зуднаар сумынхан тэр аяараа хотоо харлуулж байжээ. Харин сүүлийн хэдэн жил бүгд малтай болжээ. Чулуунхороот сумын гурван айл П.Дамдинлхагвагийнд цалинтай мал хариулдаг байна. Сард  нийгмийн даатгал төлөөд 300 мянган төгрөгийн цалин авчихдаг гэсэн. Мөн цалин өгөхөөс гадна гурил, будаа, мах зэрэг шаардлагатай зүйлсийг нь худалдаж аваад өгчихдөг болохоор цалингаа хэрэгтэй зүйлд нь зарцуулдаг байна. Мөн малчдадаа тус бүр хоёр жилийн өмнө 50 тоо толгой мал тасалж өгчээ. Анх 20 хүрэхгүй шахам хэдэн богтой байсан айлууд 300 гаруй малтай болжээ. Төв аймгийн Сэргэлэн сумаас  алс хол энэ суманд нүүж ирсэн энэ айл ингэж л аж төрж байна. Дашрамд дурдахад, гурван жилийн өмнөөс Чулуунхороот сумын Засаг даргын Тамгын газраас нутгийн малгүй өрхийг малжуулах төсөл санаачлан хэрэгжүүлсэн байна. Энэ төслийн хүрээнд гурван айлд 30 эм хонь, арван эм ямаа өгч хоёр жилийн төлийг өгчээ.  Төллөх 40 тоо толгой малыг хоёр жил болгоод дараагийнхаа айлд шилжүүлдэг байна. Ингэж явсаар гурван ч айл зуу гаруй малтай болсон гэсэн.

ХӨХ НУУРТ ХУН ЧУУЛДАГ БОЛЖЭЭ

П.Дамдинлхагвагийн зусаж байгаа газраас холгүй манай улсын хамгийн нам дор газар болох далайн түвшнээс дээш 552 метр өргөгдсөн Хөх нуурын хотгор гэж бий. Хамгийн нам дор орших энэ хөх нуур цэв цэнгэг. Цэлийсэн тэнэгэр талд хөхрөн мэлтэлзэх нь гоо аж. Нуурт 1970-аад онд биологийн ухааны доктор Аюурын Дулмаа гуай загас нутагшуулсан аж. Гэтэл хэдэн жилийн өмнө хэсэг хүн нуурын загасыг хэдэн арван тонноор нь Хятад руу гаргаж худалдаалсан байна. Үүний уршгаар загасгүй болсон нуур хэдэн намрыг мэлмэрэн мэлмэрэн үдсэн ч ойрын жилүүдээс хун чуулдаг болсон гэнэ. Намрын сэрүүн унаж, усны шувуудын элэг жиндэж эхлэх үеэс хун шувуу Хөх нуурт ганганалдаж байгаад халуун орныг зорин оддог болжээ. Хун үдэлдэг болсон болохоор ч тэр үү нуурын ус цэнхэртэн цэнхэртэн нэмэгдэж байгаа гэнэ. Хунгийн чуулган үзэх гэсэн жуулчин ч намар цагт тасрахаа байсан гэнэ.  

Хөх нуурын эргээс хөдөлж зүүн хойд зүг рүү давхисаар Чулуунхороот суманд ирэв. Энэ сум Ховд аймгийн сумд шиг олон ястны өлгий нутаг. Халх, буриад, барга, үзэмчин, дарьганга, казак, дөрвөд, хотон, баяд, урианхай, захчин зэрэг 20 гаруй ястан аж төрдөг. 1960 оны эхээр Увс, Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл зэрэг аймгийнхан илгээлтээр ирж суурьшиж байжээ. Алс холоос зүүн хойд хязгаарт ирж суурьшсан хүмүүсийн хүүхдүүд хамаатан саднуудтайгаа уулзахаар зүүн хязгаараас баруун хязгаар нутаг руу явдаг байна. Үүнтэй холбоотойгоор Чулуунхороот сумын залуучуудын дунд “Увс аймгаас 1970 оны үед нүүж ирсэн айлын хүүхэд хотод очоод найз охинтой болж. Тэгсэн нөгөө охин хамаатан нь байж таараад баларсан гэсэн. Нутаг, усыг нь сайн судалж байж дотносохгүй бол ах, дүүстэйгээ  гэрлэх юм болох вий” гэх яриа ч гарчээ.   

Их найрагч Д.Нямсүрэн энэ л буйдхан сумын гудамжаар алхаж, тэнэгэр шаргал талыг нь ширтэж, суут бүтээлүүдээ энэ буйдхан газрын ус, агаар байгаль дунд бичиж туурвисан  болоод ч тэр үү цаанаа л утга уянгын нам гүм  орон мэт  санагдана.. Цэцэрлэгийн жаал нь хүртэл ”Эх орон минь дуу шиг сайхан

Эх нутаг минь шүлэг шиг сайхан

Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан

Эрээнцавд бороо орох сайхан” гээд л их найрагчийн “Дөрвөн цаг” шүлгийг цээжээр унших аж. Чулуунхороот сумынхан энэ шүлгийг бүгд мэддэг байна.   

Хэдэн жил усаа татаад байсан Улз гол эргээ хальсан дүүрэн устай халгин цалгин ирсэн байна. Зүүн хойд хязгаар гурван улсын хилийн зааг дээр орших Чулуунхороот сумаар иймэрхүү сонин сайхантай байна. Алс хилийн зааг дээр  Эрээнцавд үе үе зөөлөн бороо шиврээд даанч сайхан зун болж байна лээ.    

Э.ХҮРЭЛБААТАР 

Categories
булангууд мэдээ томилолт

Соловьевск тосгонтой саахалтын зайд орших ЭРЭЭНЦАВ

Түрүүч нь ¹123, 124 (4763, 4764) дугаарт

Чулуунхороот суманд 02:00 цагийн орчимд үүр хаяарч эхлэх ажээ. Тэгж байснаа удалгүй нар гэнэт мэлсхийтэл гараад ирэх нь сонин. Нарыг халхлах уул, толгод  үгүй болохоор талын нар ингэж манддаг байна. Монголын баруун хязгаарт тас харанхуй ноёлж, хүн бүр дуг нойрондоо дугжирч байхад энд аль хэдийнэ нар мандчихсан байна. Үүр ингэж эрт хаяардаг шалтгаан нь энэ сум Монголын хамгийн нам дор газарт буюу далайн түвшнээс дээш 600 орчим  метр өндөрт байдагтай холбоотой. 

Сумын иргэд өглөө их эрт босно. 06:00 цагийн үед гэхэд иргэд аль хэдийнэ босчихсон хашаа хороогоо шүүрдэх нь шүүрдэж, элдэв бусад ажлаа амжуулаад гудамжаар явж байна. Дэлгүүр, талхны цех зэрэг суманд үйл ажиллагаа явуулдаг хувийн аж ахуй нэгжүүд тэр үед үүд хаалгаа нээнэ. Ирэх сарын 2-нд суманд овооны наадамтай аж. Овооны наадамд зургаан насны морь уралдахаар болжээ. Бай шагнал нь өндөр болохоор сумын адуутай болгон морь уяж байгаа талаар сумын төвийн иргэд ярьж байлаа. Сумын төвийн залуус өглөө эрт мориндоо хөлс авах юм. Нар дөнгөж мандуут сүүлийг нь боож, нэмнэсэн хурдан морь унасан залуус сумын төвийн урдхан талд цогиж яваа харагдана. Сүүлийн жилүүдэд энэ сумаас улс, бүсэд олон морь айрагдаад байгаа гэнэ. Малчид ч морь уях сонирхолтой болжээ. Морьтой, мотоцикльтой, явган гээд сумын төвийн хөл хөдөлгөөн хэдийнэ эхэлжээ. Сумын төвийн хүүхдүүд шуугилдан гүйлдээд, хил залгаа орших орос тосгоныхон ч босчихсон хоорондоо ярих нь сонсогдох юм. Хилийн торноос 20 хүрэхгүй метрийн цаана их, бага Тарь нуурийн эрэг дээр шувууд ганганах, мэлхий ваагалах юм. Сүрэг цагаан зээр сумын төвийн хажууханд хоножээ. Нүдэн баримжаагаар мянга гаруй зээр байгаа бололтой. Тарь нуурын үнэрээр ус уух гэж хилийн торонд ойртож ирээд байгаа бололтой юм. Зээр хоносон газрын баруун талаас хэдэн бараан адуу тууж явсан залуу сүрэг цагаан зээрийг хойноос нь хаман урд зүг рүү тоос татуулан хөөж гарлаа. Тэр хавиар тоос босч цагаан зээрийн сүрэг хөвөлзөн урд зүг рүү цахилан одов. Нутгийн адуучин залуу цагаан зээрийн сүргийг урагш нь хөөж байгаа шалтгаан нь хилийн өргөст торонд тээглэн үй олноороо үхээд байгаагаас нь хамгаалдаг аж. Хэдэн жилийн өмнө хил даван орж ирсэн зээрийг хойд хөршийн хилийн цэргийнхэн “Өвчтэй зээр манай нутагт орж ирж болохгүй” гээд АК буугаар шүршчихдэг байжээ. Буун дуу тачигнаж дууссаны дараа тэр хавь цусандаа будагдаж гэдсээ хөвүүлсэн, хөлөө хуга буудуулсан, тураг биеэ шүүрэн шанага болтлоо сийчүүлсэн зээрийн сүргээр дүүрдэг байсан гэдгийг Чулуунхороот сумынхан ярьж байна. Ингэж цуут дорнын цагаан зээрийг үй олноор нь хүйс тэмтэрдэг байсан бол одоо өөрчлөгдсөн гэнэ. Хоёр жилийн өмнөөс хойд хөршийнхөн зээр буудахаа болиод хил даван орж ирсэн зээрийн сүрэгт эзэмшил нутаг газрыг хашаалан өгч  нутагшуулдаг болжээ. Иймд Чулуунхороот сумынхан цагаан зээрээ нутгийнхаа гүн рүү үргэлж туудаг гэсэн. Хилийн торонд зээр ойртож тааралдах юм бол явган явж байсан ч хамаагүй урагш нь туудаг болжээ.    

Чулуунхороот сум буйдхан. Сумын төв хэдхэн байшинтай. Баруун, зүүн Эрээнцав гээд хуваачихсан. Зүүн Эрээнцавд хил гаалийнхан, төмөр замын ажилчид аж төрнө. Энэ суманд их найрагч Данзангийн Нямсүрэн амьдран суусан яруу найргийн онгод хийморийн нутаг гэдгээр хүн бүр андахгүй мэдэх биз ээ. Алдарт “Дөрвөн цаг” шүлгээ их найрагч энд бичиж байсан түүхтэй. Д.Нямсүрэн найрагчийн эхнэр хот руу шилжээд явсан байна. Гэрийг нь отгон охин Н.Бөртэ нь харж үлджээ. Харин том хүү Н.Наранбаатар сумандаа талхны цех нээгээд удаагүй байна. “Наранбаатарын талх” гээд сумынхан нь нэрлэчихэж. Иргэд, хүүхдүүд “Наранбаатарын  талх  байна уу” гэж дэлгүүрийн худалдагчаас асуух юм. Дэлгүүрт ирсэн даруйдаа л шинэхэн талх¬нууд эздэдээ хүрдэг байна. Н.Наранбаатартай сумын төвд явж байхад нь таарч мэнд мэдэв. “Ах нь энд талх бариад худалдаалдаг ажилтай болсон. Эндээ байгаад баймаар санагддаг юм. Хотод очихоор ажил олдохгүй хэцүүдэх биз. Ээж хот явсан” гэж ойр зуурын яриа өрнүүлэв. 

Д.НЯМСҮРЭН НАЙРАГЧИЙН ШУВУУНЫ ӨНДӨГ ХАРАН ЗОГСОЖ БУЙ ГАНЦ  ХӨШӨӨ БИЙ

 Сумын дэлгүүрүүдийн бараа, бүтээгдэхүүний үнэ баруун аймгуудын сумдыг бодвол хямдхан. Хойд хөршийн архи, дарс, гахайн мах, лаазалсан загас, молоко зэргийг хямд үнээр зардаг байна. Хил гарсан наймаачид ирэхдээ дээрх хүнсний зүйлсийг  жижиг цүнхэнд хийгээд аваад ирдэг гэнэ. Суманд гадны хүн явж байгааг андахгүй мэддэг ажээ. Энд нам гүмхэн. Сүүлийн хоёр жил гэмт хэрэг гараагүй. Сумын цагдааг сайн ажилласан гэж аймгийн аварга цагдаагаар шалгаруулжээ. 1999 онд уурын зууханд хүн шатааж хөнөөсөн онц ноцтой хэрэг гарч тухайн үед нийгмийг цочроож байжээ. Тэр хэрэг өнгөрсөн жил илэрч Ганзориг гэх эр найзыгаа хөнөөсөн гэж хэргээ хүлээсэн гэнэ. УМБГ-ын мөрдөгч хурандаа Б.Манлайбаяр хэргийг нэхэн шалгаж, илрүүлсэн байна. Дээрх хэргийг шүүх хурал Дорнод аймгийн шүүх дээр удахгүй болох аж. 

 Сумын төвийн төр, захиргааны хэдэн барилга нэг хашаанд байх ажээ. Сургууль, дотуур байр, сумын захиргаа, цэцэрлэг гээд бүгд нэг дороо. Уг нь 1990 оноос өмнө энэ хавьд оросуудын барьж өгсөн хоёр давхар 20 гаруй барилга, байгууламж байсан гэнэ. 1990 оноос хойш нутгийн иргэд хоёр давхар тоосгон байшингуудаа ихэнхийг нь буулгаад Дорнод аймгийн төв рүү зөөчихөж. Барилгуудын суурь нь л үлджээ. Олон жилийн хур хог хуримтлагдсан байсныг хоёр жилийн өмнөөс эхлэн хуу цэвэрлэсэн байна. Барилгын суурь байсан газруудад дахин барилга барих ажил хийгдэж эхэлсэн байна. Харин 300 орчим хүүхэд сурч байгаа дунд сургуульд гурван жилийн өмнө их засвар хийжээ. Мөн яруу найрагч Д.Нямсүрэнгийн нэрэмжит сургууль болгосон байна. Сургуулийн үүдэнд Д.Нямсүрэн найрагчийн сайхан хөшөө байна. Тэрэгний арал түшээд, гурван өндөг хараад зогсож байгаа хөшөөг саяхан боронзон өнгөөр будаж сэргээсэн бололтой юм.

“БУЛГАНД ОЧООД АЙРАГ УУЖ ЧАДАХГҮЙ ОНИГОО БОЛСОН”

Чулуунхороот сумын төвийн залуусын чөлөөт цагаа өнгөрүүлдэг ганц газар бол биллъярдны газар. Тэнд хэсэг залуус билльярд тоглоод зогсож байна.  Тэднээс яриа өдөж “Танай сум ч хөгжих ч болоогүй байна даа” гэхэд нөгөө залуус том харснаа “Хуучнаа бодвол хөгжиж байна. Сумын дарга, даамлууд юм хийдэг болсон. Таван жилийн өмнө манай сум ямар байсан гэж бодож байна. Балгасаар дүүрсэн газар л байсан юм. Юун хөгжил энэ тэр ярих. Хоногийн хоолоо яах вэ гэж хэцүүдэж байсан үе. Харин одоо бол өөр болсон. Удахгүй манай сум хөгжих байх” гээд сумаа өмөөрөх ажээ. Тэд мөн “Уг нь Оросын тусламжаар Эрээнцавын САА байгуулагдаад ид мандаж байлаа. Хөвсгөл, Увс, Ховд баруун аймгуудаас илгээлтээр олон айл өрх ирж сууршиж байсан. САА байх үед 50 мянга орчим тоо толгой малтай хүртэл болж байлаа. Харин 1990 оны задралын үед баруун аймгаас ирсэн иргэд малаа хувьчилж аваад нутаг буцсанаас болж долоон мянган мал тоолуулаад улсдаа хамгийн бага малтай сум болж байсан. Долоон мянган мал тоолуулж байсны дараа жил зуд болоод бас л олон мал нүд аньсан. 1998 онд сумын нэг айл өлсгөлөнгөөр амиа алдаж байсан. Ажилгүй иргэд улаанбуудайгаа тээрэмдэж, гурил болгон идэж өдөр хоногийг өнгөрөөж, ядуурал хавтгайрч байлаа. Тэр үеэ бодвол бид идэх хоолтой болчихоод байна. Энэ жил манай малын тоо 50 мянгад хүрсэн гэсэн” гэв. Ядууралд хамгийн их өртсөн хүмүүс тариаланчид гэнэ. Ийм л хүнд хэцүүг энэ сумынхан даван туулжээ. Одоо сумын иргэдийн амьдрал өөрчлөгдөж  эрс дээшилсэн гэнэ.

Билльярд тоглоод зогсож байсан залуус “Булган, Төв, Дундговь аймгийн хүмүүс  суурин дээр нь дөрвөн литр айраг ууж чаддаг гэсэн үнэн юм уу” гэж асуув. Хариуд нь “Тэгж уудаг хүн олон байгаа” гэтэл Мягмар гэх залуу “Манай энэ хавийнхан малаа зөнгөөр нь хаячихдаг. Үнээ, хонь, ямаагаа саахгүй. Гүү барихгүй болохоор цагаан идээ огт хийхгүй. Гүү барьсан айлаар явахдаа хоёр хул айраг уугаад л болчихдог. Бид гурван хул айраг уугаад бөөлжиж байхад Булган зэрэг аймгийн жижигхэн биетэй эмэгтэй дөрвөн хул айраг уучихаад зүгээр байсан. Булганд очоод би хүмүүсийн доог тохуу болсон шүү” гэж инээд алдан ярив. Эндээсээ сумын Засаг даргатай уулзахаар явлаа. Энэ сум байгуулагдсан цагаасаа сонгуульд МАН ялсаар иржээ. Харин 2008 оноос Ардчилсан нам ялдаг болсон гэнэ. Өнгөрсөн орон нутгийн сонгуулиар 14 суудлын арванхоёрыг нь АН нам авчээ. Квотоор хоёр суудлыг МАН-д өгсөн гэж байна лээ. 

ТАРИАЛАНЧДЫН ХУВЬЦАА ЭРГЭН СЭРГЭЖЭЭ

 Ингээд Сумын Засаг дарга З.Гэрэлт-Одтой уулзаж цөөн асуултад хариулт авсан юм. 

-Сумаа хөгжүүлэхийн тулд ямар ажлууд хийж байна даа?

-Бид сумынхаа иргэдийг ажлын байраар хангах талаар түлхүү анхаарч ажиллаж байна. Сумын иргэд ажилтай, малтай болчих юм бол аяндаа л сум хөгжинө гэж боддог юм. Залуу малчдыг малжуулах төслийн хүрээнд арав гаруй айлд тус бүрт нь 50 тоо толгой мал өгсөн.  Мал өгсөн зарим айлын мал 300 толгойд хүрсэн байна лээ. Иргэдийнхээ орлогыг нь нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Айл болгоноос ядаж нэг хүнийг ажилтай байлгах зорилго тавьсан нь бүгдийг нь төрд ажиллуулна гэсэн үг биш, тийм орон тоо ч байхгүй. Тэгэхээр төрөл бүрийн төсөл, хөтөлбөрт хамруулж, ажлын байр нэмэгдүүлэх, тодорхой орлогын эх үүсвэр олж болохоор, хийж чадах ажлыг нь олж өгөхийг хичээж байна даа. Манай сумынхны халуун ногоо хийх, нарийн ногоо даршлах эрдмийг Дорнод аймгийнхан сайн мэддэг. Солонгосын хөрөнгө оруулалттай  “Агро ким” компанийн удирдлагуудтай ярилцаж, сумандаа нарийн ногоо, чинжүү  хамтран тарихаар тохирсон. 

-Танай суманд чинь рапс, элэгний  эмний түүхий эд гарган авдаг ургамал тариалж байгаа гэсэн үү?

-2012 онд “Эрээнцав” ХК, “Эрхэт үйлс” ХХК-иудтай гэрээ байгуулж улаан буудай тариулна гэж анх тохирсон боловч Эрээнцав ХК рапс тарьсан. Энэ үед сумын иргэд ч миний хувьд ч рапс гэдэг ургамалын талаар буруу мэдээлэл, ойлголттой байсан учраас тэр жил  мянган га-д тарьсан. Энэ жил гурван га талбайд салмирон болон рапс тариад байна. 

-Сумын иргэд газар өмчлөх эрхгүй гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Газрын тухай хуулиар хилийн бүс, зурвас газарт иргэдэд газар өмчлүүлэхгүй заалттай. Энэ талаар холбогдох газруудтай ярилцаж шийдэлд хүрэхийг хичээж байгаа. Мөн их хурлын гишүүдэд ч энэ талаар ярьсан. Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар Засгийн газрын төвшинд төслийн хэмжээнд явж байгаа, удахгүй шийдэгдэх байх аа.  

-Орон нутгийн өмчөө хэр тордож байна даа?

-Чадах ядахаараа л тордож, бүгдийг нь эзэнтэй ажиллагаатай байлгах гэж хичээж, балгас болгоныг босгоно гэж бодож байгаа. Хуучин САА-н үед хөдөө, аж ахуйн машин механизмын засварын газар байсан том байшинг “Эрээнцав” ХК-ний хамт олонтой хамжиж дэмжиж засварлаад одоо сайхан болсон. Цаашид томоохон засварын газар болгох зорилготой. Манай сумын хувьд цахилгаанаа ОХУ-аас авдаг. Төлбөр өндөр байсныг  төр анхааралдаа авч талыг нь ДБЭХС-ХК даадаг болсон. Энэ нь манай сумын иргэдэд оруулсан томоохон хөрөнгө оруулалт хөнгөлөлт болсон” гэв. 

Чулуунхороот сумын “Эрээнцав” ХК үйл ажиллагаагаа сэргээн явуулж эхэлжээ. Гэтэл сумын тариаланчид хувьцаагаа огт худалдаагүй байсан гэнэ. Үүнээс үүдэн сумын тариаланчид үйл ажиллагаа нь сэргээд байгаа компанийнхаа хувьцаа эзэмшигчид болжээ. Энэ сумын зуу гаруй хүн хувьцаа эзэмшиж байгаа гэнэ. Энэ талаар сурвалжлахаар “Эрээнцав” ХК руу хөдлөв.  

Үргэлжлэл бий 

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
булангууд мэдээ томилолт цаг-үе

Азид хамтын ажиллагаа итгэлцлийг бэхжүүлэх гишүүн орнууд Шанхайд чууллаа

Шанхай хотоос манай тусгай сурвалжлагч М.МӨНХЦЭЦЭГ мэдээлж байна.

Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх гишүүн орнуудын дээд хэмжээний дөрөвдүгээр бага хурал энэ сарын 20-21-ний өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотноо боллоо. Бага хуралд 40 гаруй улс, орны төр, засгийн тэргүүн, олон улсын байгууллагын удирдлага оролцов. Эхний өдөр БНХАУ-ын дарга Си Жиньпин хүрэлцэн ирсэн төрийн өндөрлөгүүдийг хүлээн авч уулзан, зоог барьж, урлагийн тоглолт үзэцгээлээ. Харин албан ёсны арга хэмжээ буюу чуулга уулзалт өчигдөр өглөө “Шанхай экспо”-д эхлэв.

Монгол Улсыг АПЕК-д гишүүн орноор элсүүлэхийг Хятадын зүгээс дэмжинэ гэв
БНХАУ-ын дарга Си Жиньпин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг даваа гаригт хүлээж авсан бөгөөд албан ёсны уулзалтын дараа тэд хамтдаа өглөөний цай уув. Тэдний уулзалт 40 минутаар төлөвлөгдсөн байсан ч хоёр цаг орчим үргэлжилсэн юм. Уулзалтын үеэр хөрш хоёр орны улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаа, бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зэрэг олон асуудлаар өргөн хүрээнд санал солилцож, нөхөрсөг яриа хэлэлцээр өрнүүлэв. Тухайлбал, хоёр орны Ерөнхийлөгч дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа, нүүрс хийжүүлэх төслийн явц, дамжин өнгөрөх тээвэр, далайн боомтын ашиглалтын асуудлаар ярилцлаа. Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тэргүүлэх ач холбогдолтой эрдэс баялаг, эрчим хүчний салбарт хамтын ажиллагаа эрчимжиж байгааг хоёр тал уулзалтынхаа үеэр онцолж байсан. Энэ үеэр БНХАУ-ын дарга Си Жиньпин Монгол Улсыг APEC-д гишүүнээр элсүүлэх асуудлыг ярьж БНХАУ-ын зүгээс дэмжинэ гэдгээ илэрхийлэв.
Өнөө жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Найрсаг хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 20 жилийн ой тохиож буй. Энэхүү түүхэн арга хэмжээг тохиолдуулан “Монгол-Хятадын найрсаг солилцооны жил” болгон зарласан юм. Иймд хоёр улсын төрийн тэргүүн түүхэн жилд хоёр орны харилцааг хөгжүүлэх чиглэлд санал солилцлоо.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Жиньпинийг Монгол Улсад айлчлахыг уриад “Таны манай улсад хийх айлчлал хоёр орны харилцаа шинэ шатанд гаргасан айлчлал болно гэдэгт итгэлтэй байна” гэв.

В.В.Путин манай Ерөнхийлөгчийг ОХУ-д айлчлахыг урилаа
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мягмар гаригт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинтэй уулзлаа. В.В.Путин Монгол, Орос хоёр улс он удаан жилийн уламжлалт түүхэн харилцаатай явж ирснийг уулзалтын эхэнд дурдав. Тэрбээр хоёр орны харилцааны цаашдын ирээдүйг өөдрөгөөр харж буй гэдгээ тодотгон хэлсэн юм.
Хоёр улсын эртний уламжлалт харилцааны нэгэн илрэл болох Халхын голын байлдааны 75 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Уг арга хэмжээг наймдугаар сард тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгааг В.В.Путин онцоллоо. “Гэхдээ манай хоёр орон цаашид хэрхэн харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх вэ, эдийн засгийн бүтцээ хэрхэн харилцан ашигтай өөрчлөх вэ гэдэг дээр бидэнд ярилцах зүйл бий” гэж тэрбээр нэмж хэллээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгчтэй хэд хэдэн сэдвийн хүрээнд санал солилцсон юм. Тухайлбал, төмөр замын транзит тээвэр, Халхын голын ялалтын ойг хамтран тэмдэглэн өнгөрүүлэх, мөн хоёр орны иргэдийн харилцан зорчих визний хөнгөлөлтийн талаар ярилцах хүсэлтэй байгаагаа онцлон дурдлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улс бол БНХАУ болон ОХУ-ын дунд оршдог. Газар зүйн ийм байршилтайн хувьд Монголоор дайран өнгөрөх төмөр замын тээвэр онцгой ач холбогдолтой. Харилцан ашигтай, бас хамгийн боломжит хувилбараар төмөр замын тээврийг хөгжүүлэх хүсэлтэй байгаа. Үүнтэй уялдан транзит тээврийн асуудлаар ОХУ-БНХАУ-Монгол гэсэн гурван талын, мөн ОХУ-Монгол гэсэн хоёр талын идэвхтэй яриа хэлэлцээ чухал ач холбогдолтой. Төмөр зам, транзит тээврийн асуудал нь хоёр улсын эрх ашигтай холбоотой, стратегийн асуудал юм” гэлээ. Тэрбээр үргэлжлүүлээд “Ирэх наймдугаар сард Халхын голын ялалтын 75 жилийн ой тохионо. Энэ бол бидний хамтын ялалт. Тиймээс түүхт ойг хамтран тэмдэглэх хүсэлтэй байна” гээд ойн баярт хүрэлцэн ирж оролцохыг урьж байгаагаа Ерөнхийлөгч В.Путинд уламжиллаа. Мөн төмөр замын транзит тээврийн асуудлаар гурван талын уулзалтыг Улаанбаатар хотноо зохион явуулах саналтай байгаагаа Ерөнхийлөгч илэрхийлсэн юм. Түүний санал болгож байгаа асуудлуудыг ОХУ-ын тал хүлээн авч харилцан ярилцах, хамтран ажиллахад бэлэн байгаагаа дуулгав. Мөн В.В.Путин өөрийнхөө зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийг ОХУ-д айлчлахыг урилаа.
Хоёр улсын төрийн тэргүүний уулзалт 30 гаруй минут үргэлжлэв. Тэдний хөндсөн асуудлуудыг Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Санкт-Петербургт зочлох уулзалтаараа үргэлжлүүлэн ярилцахаар боллоо. Засгийн газрын тэргүүн энэ бямба гаригт В.В.Путинтэй уулзах юм.
Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх гишүүн орнуудын Дээд хэмжээний уулзалтаар төгсгөлийн баримт бичиг тунхаглал батлан гаргах юм. Энэхүү баримт бичигт Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилга болон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн талаарх заалтуудыг тусгах учиртай.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр уг дээд хэмжээний уулзалтад үг хэлж, бага хурлын гишүүн орнуудтай хамтран ажиллах, бүс нутгийн хамтын ажиллагаанд хамрагдах чиглэлээр баримталж буй Монгол Улсын бодлого, байр суурийг илэрхийллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Азийн орнуудтай харилцаа хамтын ажиллагаагаа хөгжүүлж, бүс нутгийн интеграцид оновчтой оролцох нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилт юм. Цөмийн зэвсэгтэй хоёр гүрэнтэй хил залган оршдог Монгол Улс 20 жилийн тэртээ нутаг дэвсгэрээ “Цөмийн зэвсэггүй бүс” хэмээн зарлаж, энэ статусаа механизм болгохоор шаргуу ажиллаж байна. 2012 оны есдүгээр сард цөмийн зэвсэгтэй таван гүрэн Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэхүү статусыг хүндэтгэх, түүнийг зөрчих алхам хийхгүй гэдгээ тунхагласан.
Энэ нь цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг байгуулахад манай улс өөрийн хувь нэмрээ оруулах боломжтойг нотлон харуулсан явдал юм” гэлээ.
Мөн тэрбээр “Улаанбаатарын яриа хэлэлцээ” нь тус бүс нутагт аюулгүй байдал, тогтвортой хөгжил бий болгоход өөрийн хувь нэмрийг оруулахад чиглэх бөгөөд талуудыг яриа хэлэлцээнд оролцуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой” гэв.

Categories
булангууд мэдээ томилолт

Гурван улсын хил дээрх Эрээнцавын ХИЛ, ГААЛЬ

Түрүүч нь  123 (4763) дугаарт 

Монгол Улсын зүүн хойд хаалга болох гурван улсын хил дээрх Эрээнцавын хилийн боомт 08:00 цагт онгойно. Хилийн боомт нээгдэнгүүт 20 гаруй хүн Монголын хилээр нэвтэрч Оросын хилийн шугам даван одов. Тэд явганаар хил нэвтэрч цаашаа таксинд суун Боорз хот орох аж. Оросын хилийн шугам даван алхаж яваа хүмүүсийн араас харахад явж чадахгүй шахам паацганах ажээ. Арга ч үгүй биз, нэг нь л гэхэд таван футболка, гурван өмд, зургаан цамц, хоёр куртик давхарлаад өмсчихсөн явж байгаа юм чинь. Хил гаалийнхан тэднийг ямар нэгэн дарамт шахалт үзүүлэлгүй хилээр гаргадаг байна. “Амьдрах гэж яваа хүмүүсийг бид энд хоргоогоод яах вэ. Тэртэй тэргүй хойд хөрш рүү ороод л янз бүрийн дарамт шахалтад орох юм чинь” хэмээн ярьж байна. Харин Оросын хилийг нэвт¬рэх үгүй нь эргэлзээтэй. Хил гаалийнхан ууртай байж таарвал хар тамга даруулах зэрэг хатуухан арга хэмжээ авахуулаад л буцна гэсэн үг.

Чулуунхороот сум манай улсын цөөн хэдэн төмөр зам, хилийн боомттой сумдын нэг. Улсын хил дээр байдаг болохоор нутгийн иргэд хойд хөрш рүү цагаан хуудсаар нэвтрэх боломжтой аж. Гадаад паспорт дээрээ виз даруулах асуудлыг цагаан хуудсаар шийдээд өгчихсөн болохоор үүнийгээ ашиглан жижиглэнгийн наймаа хийдэг байна. Урд хөршөөс бараа татаад түүнийгээ хойд хөршийн хил давуулан дамлан наймаалдаг 200 орчим хүн бий. Гэхдээ наймаа хийдэг иргэдийн ихэнх нь аймаг, сум, хотоос Чулуунхороот суманд шилжин ирсэн байдаг гэсэн. Чулуунхороот суманд шилжин ирэх шалтгаан нь цагаан хуудсыг нь ашиглаж, наймаа хийх зорилготой. Гэвч наймаачдад толгой өвтгөсөн асуудал мунддаггүй гэх. Цагаан хуудсаараа хилээс зуун километр зайд л явах эрхтэй. Хэрэв зуун километр газраас цааш хэтэрвэл ойрын таван жилдээ энэ улс руу зүглэх эрхгүй болно. Мөн Оросын гааль дээр Монголоос албан ёсоор хятад хувцас, бараа таваар оруулахыг хорьчихсон байна. Ямар учраас ийм хориг саад тавьсныг хил гаалийнхан огт хэлдэггүй байна. “Москвагаас л ийм шийдвэр ирсэн” гээд л сууж байдаг гэсэн. Монголоос албан ёсоор хувцас оруулахгүй болохоор наймаачид нууж хааж, давхарлаж өмсөөд хилээр гарч худалдаалдаг байна. 

Хилээр гаргаж чадах юм бол цаана байгаа Оросын иргэдэд хятад бараа шиг эрэлттэй, хэрэгцээтэй зүйл байхгүй гэнэ. Өндөр үнээр булаацалдаад л авдаг аж. Хамгийн гол нь  хойд хөршийн хил гаалиар хувцсаа гаргах нь чухал. Хэрэв хилээ саадгүй нэвтрэх юм бол нэг өмдийг анх худалдаж авсан үнээ хоёр дахин нугалдаг гэнэ. Урд хөршөөс 15 мянган төгрөгөөр авсан өмдөө оросуудад 45 мянган төгрөгөөр ху¬дал­даалах жишээний. Ийм ашигтай болохоор л манай­хан оросуудад хөөгдөн туугдаж, жижиг дээрмийн бүлэглэлүүдэд мөнгөө дээрэмдүүлсэн ч хашралгүй явдаг байна. Оросууд манай­хантай их дээрэнгүй өнгө аясаар харьцдаг болсон гэд­гийг хилээр гарч буй най­маачид хэлж байна. Хөөж туух, хараах зүхэх энүүхэнд гэнэ. Оросуудад салам зодуулаад улсынхаа хилээр орж ирсэн хүн ч цөөнгүй байдаг талаар наймаачид онцлон ярьж байна лээ. 

ЭРЭЭНЦАВД ХУДАЛДААНЫ ТӨВ БАРЬЧИХВАЛ ОРОСУУД НААШАА ИРЭХ СОНИРХОЛ БАЙНА

Эрээнцавын наймаачид 35 мянган хүн амтай Боорз хотод л хувцсаа худалдаалдаг гэнэ. Визтэй цөөн нөхөд сая гаруй хүн амтай Чита хотод очдог байна.  Хойд хөрш рүү наймаа хийдэг Г.Ганбаатар гэж өөрийгөө танилцуулсан залуутай хил гарах гэж байхад нь уулзаж, цөөн асуултад хариулт авлаа. 

-Та бүхэнд хүндрэлтэй асуудал олон байдаг юм байна. Энэ талаар холбогдох газруудад мэдэгдэж байсан уу? 

-Бид хэндээ мэдэгдэх юм бэ. Хойд хөршид явж байгаад асуудалд орлоо гэхэд сумынхаа Засаг даргад л хамгийн түрүүнд мэдэгддэг. Сумын Засаг дарга зохицуулж болох зүйл байвал бидэнд тусалдаг. Өөрөөр хүндрэл, бэрхшээлтэй зүйлсээ хэлэх хүн байхгүй шүү дээ. Бид чинь бор зүрхээрээ л яваа хүмүүс. Энд нэг зүйлсийг ярихгүй өнгөрч болохгүй байна. Манай улсын хил гаалийн ажилтнууд үнэндээ хилээр нэвтэрч байгаа иргэдэд соёлтой  үйлчилгээ үзүүлдгээрээ хөрш хоёр орноосоо ялгарч байна. Юм болгоныг л муу хэлээд байдаг. Манай хил гаалийнхан харин ч ажлаа сайн хийдэг юм. Хятадын хил гааль шалгалт ихтэй ч гайгүй үйлчилгээтэй. Хилээр олон нэвтэрсэн байвал маш хурдан нэвтрүүлдэг. Гэтэл ОХУ-ын хил гааль хамгийн их хүнд сурталтай. Тэр тусмаа манайханд бүр ч их дарамт шахалт үзүүлэх юм. Яагаад тэгээд байгааг ойлгохгүй байгаа. Машинтай явж байгаад замын дүрэм зөрчлөө гэдэг ч юм уу, оросуудтай үл ойлголцох байдал үүсгэх гэдэг ч юм уу жижигхэн асуудал гаргахад л хар тамга дарчих юм. Нэг гэдийчихвэл ёстой гэдийсэн шиг гэдийнэ. “Машиныхаа запас дугуйг та нар зарчихдаг биз дээ” гээд хилээр гаргахгүй байх жишээтэй. 

-Оросуудад манайхны барааг худалдаж авах эрэлт тийм их байдаг юм уу?

-Оросуудын цалин өндөр. Амьдралын боломж сайжирчихсан. Дээр нь их цамаан улсууд шүү дээ. Мөнгөтэй хүмүүс нь оймсыг нэг өдөр өмсөж, шинэ цамцыг хэдхэн өмсөөд л тайлаад шидчихдэг. Бас сүүлийн үеийн загварын хувцас их сонирхож байна. Тэднийг хэрэгцээнд зориулсан хувцас болон бусад хэрэглэлийг бид л хангаж өгч чадаж байна шүү дээ. Тийм болохоор бидний барааг үнэ цохиод л авчихдаг. 

-Хил гаалийн хүнд суртлаас гадна дээрмийн бүлэглэл их байдаг гэсэн. Энэ талаар ярихгүй юу?

-Мафи ихтэй улс гэвэл Орос л байна. Танхай залуус ихтэй. Гудамжинд охид, хөвгүүд нь архи, пиво уугаад л зогсож байна. Жижиглэнгийн наймаа хийдэг биднийг дээрэмдэж тоноод байх нь бага. Гэхдээ жижиг гарын бүлэглэлүүд дээрэм хийдэг. Тэдэнтэй л таарчихгүй бол. Дөрөв хоногийн өмнө Боорз орчихоод ирлээ. Надаас бараа худалдаж авдаг нэг дэлгүүр байсан юм. Тэгсэн сая очсон шатчихсан байна. Бүлэглэлүүд нь хэсэг хэсгээрээ хувааж аваад худалдаа хийж байгаа хүмүүсээс татвар авдаг юм. Тэр дэлгүүр татвараа төлж чадаагүйгээс болоод шатаалгачихсан гэсэн. 

-Оросууд манай улс руу орж ирээд хэрэгцээт зүйлсээ худалдаад авах боломж байгаа юу?

-Уг нь оросууд манай улсад ирэх сонирхол их байдаг юм. Тэдэнд манай улсад нэвтрэхэд ямар ч асуудал байхгүй шүү дээ. Хоёр жилийн өмнөөс Эрээнцавын хилийн боомт дээр виз олгодог болчихсон. Хилийн цаана байгаа мянга гаруй буриад гарын үсгээ цуглуулаад манайханд энд виз олгодог болох талаар хандсан. Үүнийг нь жил гаруй өмнө Гадаад харилцааны сайд Л.Болд ирээд асуудлыг шийдээд өгчихсөн. Оросуудад Монголын хил гааль нээлттэй л байна шүү дээ. Ямар ч асуудал байхгүй. Оросууд ч наашаа ирэх сонирхол байдаг. Даанч зам харгуй хөгжөөгүй болохоор наашаа зүглэхгүй байх шиг байна. Дорнод аймгийн төв хүртэл муу замаар олон цаг давхидаг юм. Тэгээд л ирэхгүй байна. Сумын захиргаа чөлөөт зах зээлийн бүс барихаар төлөвлөж байгаа гэсэн. Эрээнцав дээр чөлөөт бүсийн худалдаа нээгдэх юм бол Оросууд наашаа цувж өгнө дөө” гэв.

“ТӨР, ЗАСГИЙН УДИРДЛАГУУД ОРОСУУДТАЙ ЯРИЛЦАЖ БАЙГААД ЭНД ВИЗ ОЛГОДОГ БОЛЧИХООСОЙ”

Эрээнцавын хилийн боомт дээр сэтгүүлч ирсэн сургаар наймаачид ирж уулзалдах юм. Тэд “Цаад төр засгийн удирдлагууд оросуудтай ярилцаж байгаад энд виз олгодог болчих. Тэгвэл олон хүний амьдрал дээшлэх гээд байна гэдгийг сониноороо дамжуулж өгөөрэй” гэж гуйх ажээ. Энд бараа дардаг 200 орчим хүмүүст Оросын хил дээр виз олгодог болох нь юу юунаас илүү чухал гэсэн. 

Монголын наймаачид урд хөршөөс шууд Орос руу бараагаа ачдаг болжээ. Манжуураар дамжуулаад төмөр зам, хурдны замаар нь авчирдаг болсон байна. Хэрэв мөнгөтэй хэн нэгэн энд томоохон худалдааны төв барих юм бол энд байгаа хэдэн наймаачид хэдэн мянган оросыг нааш нь дагуулаад ирэх боломжтой гэнэ. Эрээнцавд худалдааны төв л  үгүйлэгдэж байна.  Хэрэв худалдааны төв барьчих юм бол урд хөршөөс хэрэгцээт барааг маш хурдан оруулаад ирэх боломжтой гэнэ. Гуанжоу мужаас бараа татаад түүнийгээ Эрээнцав дээр төвлөрүүлэх. Тэр барааг нь Чита мужийнхан орж ирээд худалдан авах том зах зээл энд харагдаж байна лээ. 

Өмнө нь Соловьевск хилийн боомтоор дамжин Эрээнцав руу оросууд байнга орж гардаг байсан гэнэ. Эрээнцавын хүүхдүүд хилийн торны доогуур шургаад тосгонд очдог. Эрээнцавынхан очиж оросуудтай найрладаг. Оросууд ч Чулуунхороот сум руу хамаатныдаа ирж байгаа юм шиг хил нэвтрэн орж ирдэг байжээ. Тэгсэн 1990 оноос хойш оросууд манай улсын хил рүү хамраа ч цухуйлгахаа байсан гэнэ. Зургаан жилийн өмнөөс л буриадууд хамаатнуудтайгаа уулзах гэж энэ боомтоор орж ирэх болжээ. Он гарсаар  Соловьевск хилийн боомтоор 20 гаруй орос орж ирсэн гэдгийг хил гаалийнхан хэлж байна. Зунаас агийн буриадууд олноор орж ирэх юм гэсэн. Оросууд наашаа орж ирэх хүсэл байдаг боловч эзгүй хээр талд юугаа ч хийж ирэх юм гэдэг байна. Эрээнцавын боомт дээр иймэрхүү сонин сайхан байна. Улсынхаа хилээр инээж гарсан иргэд Оросын хилээр уур омгоо барьж ядан цухалдаад л орж ирэх дүр төрх эндээс харагдана.

ГУРВАН УЛСЫН ХИЛИЙН ЗААГ ДЭЭР

Эрээнцавын хилийн боомт дээрээс гурван улсын хилийн зааг байх газар руу хөдөллөө. Боомтоос зүүн тийшээ хөндий дундуур машинтай давхисаар хилийн цэргийн ангийн застав дээр ирэв. Заставын даргаас зөвшөөрөл аваад, гурван хилийн зааг дээр очлоо. Өнжмөл шаргал өвс найгасан захгүй хөндий нутаг цэлийх ажээ. Гурван улсын хилийн 0 багана энд байна.1993 онд гурван улсын төлөөлөгчид нийлж байгаад гурван тулгуурт баганыг босгожээ. Орос улсын хил дээр цэргийн ангийн том майхан барьсан харагдана. Харин Хятадын хил дээр жижигхэн явуулын байшин байна. Өнгөрсөн жилээс эхлэн хоёр хөрш улс гурван улсын хилийн зааг газраа аялал жуулчлалын бүс болгох үүднээс тохижуулж эхэлжээ. Хятадын тал Монгол, Оросын хилд тулган төмөр хашаа бариад өнгөт хавтангаар талбай засчихсан байна. Мөн улсынхаа бэлгэ тэмдэг бүхий хөшөөг босгочихжээ. Монголын торноос ердөө нэг метр хүрэхгүй зайд тулгачихсан байна. Оросууд ч гэсэн аялал жуулчлалын бүс болгох гэж байгаа гэнэ. Талбай засаад хайрга асгачихжээ. Мөн хоёр ч хөшөө босгож байна лээ. Урд, хойд хөрш улсын хилийн шугам манай улс руу нэлээд цөмөрч орж ирсэн байгаа харагдсан. Хилийн цэргийн ахлагч залуу “Манай улс энэ орчмыг тохижуулчихвал их хэрэгтэй. Манай оронд гурван улсын хилийн зааг хоёрхон байдаг. Нэг нь Алтай таван богд уулан дээр байдаг болохоор хүн очих боломжгүй. Харин Чулуунхороот суманд байх гурван улсын хилийн шугам дээр хүмүүс ирэх боломж байна. Хөрш улсууд тохижуулаад байхад манайхан таг чиг байна” гэж ярьж байв. Хятадууд хилийн цаахна өндөр цамхаг босгочихсон байна лээ. Цамхаг дээр нь  камер ажилладаг гэсэн. Биднийг гурван улсын хилийн зааг дээр ирэх үед Хятадын цэргүүд хилээ эргэж байв. Хятадын хилийн цэргийнхэн хайчинд явахдаа жийп машин унадаг бол  оросууд мотоцикль, машинаар хилээ эргэдэг болжээ. 

Хилийн торноос урагшаа Хятад улсын нутаг зурайн харагдана. Хятадууд гурван улсын хилийн зааг бүхий газраас холгүйхэн толгодын цаана тосгон барьж байгаа аж. Урд хөршийнхөн иргэдээ хилийн торонд тулгаж амьдруулдаг болжээ. Харин оросууд манай улс хоёр огт хөдөлгөөн хийлгүй олон жилийн нүүр үзэж байгааг Чулуунхороот сумын Засаг даргын орлогч хэлж байсан. Энд ойрын хэдэн жил хилийн элдэв зөрчил гаралгүй, амгалан тайван байгаа гэнэ. Манай талаас малчид хилийн зурвасаас хол байдаг болохоор мал уруудаж хил давна гэсэн ойлголт байхгүй гэнэ. Хятадын тал  ч нам гүм байдаг аж. Харин Оросоос жил бүрийн хавар, намар түймэр орж ирдэг ч энэ хавар гараагүй гэнэ.  

Ийнхүү гурван улсыг холбосон зааг дээрээс Чулуунхороот сумын төв рүү хөдөллөө. 1600 хүн амтай энэ сумын амьдрал хэрхэн өрнөж байдаг юм бол.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ. 

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
булангууд мэдээ томилолт

Гурван улсын хил дээрх Эрээнцавын эвдэрхий вокзал

Эрээнцавын өртөөн дээ­рээс галт тэрэг Баянтүмэнгийн өртөө буюу Дорнод аймгийн төв рүү  хөдлөх гэж  байхад очлоо. Галт тэрэгний зүтгүүрийн араас суудлын хоёр, ачааны нэг вагон залгажээ. Аймгийн төв орох гэж байгаа сумын иргэд ачаа бараагаа барьсаар зүүн Эрээнцавын өртөөн дээр ирцгээж байв. Галт тэрэгний үйлчлэгч эмэгтэй “Та нар бараг л гэрээ нүүлгэчих юм. Хүн суулгадаг болохоос ачаа тээвэрлэдэг юм уу” гээд л загнах юм. Вагон руу ачаа бараагаа зөөж байгаа иргэд түүний хэлж байгааг тоож байгаа шинж ер алга.
Хайрцаг, шуудай, цүнхтэй, аймгийн төвд амьдардаг хүүхдэдээ гэрийн тавилга гэх мэт зүйлс оруулсаар байв. Төмөр замын дэр модыг солих ажил хийсэн болохоор галт тэрэг арав гаруй хоног яваагүй гэнэ. Үүнээс болж аймаг явах гэсэн иргэд олон болж өртөөний тэр хавийн хөл хөдөлгөөн ихэсчээ. Эрээн­цаваас аймгийн төв ороход 4500 төгрөгөөр билет авдаг байна. 13:00 цагт хөдлөөд 270 гаруй километр газрыг есөн цаг туулаад очдог ажээ. Харин машинаар явахад хо­рин мянган төгрөгийн замын зардал төлөөд долоон цаг орчим явна. Зам гэж авах юм байхгүй. Дэржигнэсэн замаар 40 километр цагийн хурдтай явж байсан. Оросууд Эрээнцаваас аймгийн төв рүү явах­даа “Согтуу монголчуудын гар­гасан мурилзсан зам” хэмээн шоолж ярьдаг гэнэ.  Чойбалсан орох зорчигчид дунд ачаа багатай хоёр эмэг­тэй зогсож байв. Тэд уйлал­даад л байх юм. Орос руу урд хөршийн бараа зөөдөг гэнэ. Тэгсэн Оросын хилийн боомтынхон гадаад паспорт дээр нь хар тамга дараад явуулчихаж. Хар тамга дарах болсон шалтгаан нь жил гаруйн өмнө Боорз хотод машинтай явж байгаад хурд хэтрүүлсэн гэх шалтгаанаар торгуулж байсан гэнэ. Үүнээс болоод  хар тамга дарчихжээ. Ойрын хэдэн жилдээ хойд хөрш рүү зүглэхгүй болж хил давуулан хувцас худалдаалах бизнес нь талаар өнгөрчээ. Аймгийн төв орж гурав хоноод эргээд хил гарах гэж байсан аж.

Манжуураар арав гаруй сая төгрөгийн хувцас транзит тээврээр ирж байжээ. Тэгсэн хар тамга даруулаад хүнд байдалтай буцаж байгаа нь энэ аж. Ийн 13:00 цаг болох гэж байхад галт тэрэг дуут дохиогоо хангинуулаад хөдөллөө. Өртөөн дээр үлд­­сэн хүмүүс тал тал тий­шээгээ таран одов. Зүүн Эрээнцавын тэр хавиар нам гүм, хаа нэгтээ морьтой, мотоцикльтой хүн явахаас өөр хөл хөдөлгөөн байхгүй. Сумын төв дээрээс хилийн цаадах тосгоны иргэдийн чангаар дуулах, хоорондоо ярих, тахиа донгодох нь тод сонсогдох ажээ. Монголын зүүн хойд хязгаар Монгол, Орос, Хятад улсын хилийн заагт орших  Дорнод аймгийн Чулуунхороот сумаас бэлтгэ­сэн сурвалжлагаа дээрх үйл явдлаас эхэлж байна. Томилолтын сурвалжлагаа эндээс эхэлсэн нь сумын хөл хөдөлгөөн болдог ганц газар нь болохоор тэр. Эрээнцавын өртөө гэх хаягтай жижигхэн цагаан байшин бий. Гадна талыг нь цагаанаар шохойдоод хэрэндээ л өөд нь татдаг бололтой юм. Гэвч цагийн эрхээр хуучирч мууджээ. Вокзалын ажилчдын амь­дардаг байшингууд ч эхнээсээ нурж эхэлсэн байна.
Энэ сумыг Чулуунхороот гэхээсээ илүүтэй Эрээнцав гэж хүмүүс нэршээд сурчих­сан. Бусад сумдаас ялга­рах онцлог нь гурван улсын хилийн заагт, торгон хил дээр байдаг. Оросын хилийн торноос ердөө 300 метрийн зайтай байдаг юм. Харин урд хөршийн  хилээс 70 орчим километрийн зайтай. Эрээнцав өртөөний төмөр  80 гаруй километр яваад л Боорз гэх 35 мянган хүн амтай хотод очино. Боорз хотод Хятад, Оросыг холбосон төмөр зам бий. Өөрөөр хэлбэл Зүүн Азийг Дорнод Сибирь цаашлаад Европ тивтэй хол­босон төмөр зам Монголын хилээс 80 километрийн цаана байна гэсэн үг. Боорз хотоос  өмнөд зүг рүү явах төмөр зам урд хөршийн хилээр гарч Хайлаар, Харбин, Манжуур зэрэг хотуудаар дайрч явсаар хоёр салаалдаг байна. Нэг нь Хятад улсын урд хэсэг рүү. Нөгөөх нь хойд Солонгосын хил рүү буюу Пхеньян хоттой холбогдоно. Төмөр замын төгсгөлд томоохон хэд хэ­дэн усан боомт бий. Усан боомтоор хоёр Солонгос улс төдийгүй Япон улс ачаа бараагаар зорчдог байна. Эрээнцавын өртөөнөөс Зүүн Азийн орнууд руу ингэж холбогдох гарц харагдах ажээ. Харин Боорз хотоос баруун хойшоо явсан төмөр зам сая гаруй хүн амтай Чита муж,  Улаан-Үд, Москва, тэндээсээ цаашаа Европын орнууд руу холбогддог. Эрээн­цавын сангийн аж ахуй байх үед улсын фондын өвсийг эндээс бэлтгэдэг байжээ. Хадсан өвсөө баруун аймгийн малчдад хүргэх гэж  газраар явах гэхээр цаг хугацаа алддаг. Унаа тэрэг, бензин тосноос авахуулаад  асуудал олон байсан гэнэ. Харин Чойбалсан хотоос хөдөлсөн галт тэрэг Эрээнцаваас өвс ачаад хил гарч Чита муж ороод тэндээсээ Улаан-Үд хүрээд Алтанбулагийн боомтоор эргэн улсынхаа хилээр орж ирэн баруун айм­гууд руу өвсөө тараадаг байжээ. Ийм л Ази, Европыг холбосон төмөр замын зангилаан дээр Эрээнцавын өртөө оршин байна.
Эрээнцав өртөө гэж ёотон  шиг дөрвөлжин цагаан байшинд төмөр замын хэдэн ажилчид сууж байна. Эндээс  ачаа тээврийн хувьд маш хямд зардлаар аймгийн төв рүү явдаг байна. Нэг вагонд 60 гаруй тонныг ачдаг байна. 60 тонн ачааг 300 мянган төгрөгөөр ачиж аймгийн төв оруулдаг гэдгийг Эрээнцав өртөөний ажилчид хэлж байна лээ. Хилээр ачаа тээвэрлэх боломжтой гэсэн. Гэхдээ Монголоос Орос руу ачаа гаргадаг хүн байхгүй аж. Харин Оросоос энэ боомтоор зүүн гурван аймгийн хэрэгцээг хангах шатахуун орж ирдэг байна. Үүнээс өөр хөл хөдөлгөөн огт байхгүй гэсэн. Төмөр замын ажилчид вагон явчих юм бол хийх ажилгүй шахам суудаг. 1930-1990 он хүртэл Эрээнцав боомт хөл хөдөлгөөнд дарагдсан газар байжээ. Оросууд энэ төмөр замыг бидэнд барьж өгсөн түүхтэй. Соловьевск-Эрээнцав-Баянтүмэний өр­гөн царигийн 238 километр төмөр замыг барьж байсан түүх нь Халх голын дайнтай шууд холбоотой юм. Түүхэнд зарлаагүй дайн нэрээр үлдсэн Халх голын дайнд Японы цэргийн 50 гаруй мянган хүн, Монгол, Зөвлөлтийн 18,5 мянган хүн амь насаа алдсан ширүүн тулаан болсон хэмээн тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тулааны үед хэрэглэгдсэн бүх буу, зэвсэг, техникүүдийг энэ замаар зөөсөн аж. Анх Японы түрэмгийлэгчдийн эсрэг хүчээ зузаатгахын тулд яаралтай ачаа тээвэрлэхэд эхний ээлжинд гурван мянга гаруй танк, пулемёт гэх зэрэг техник, мянга гаруй автоцистерн хэрэгтэй гэх мэт тооцоог гаргаж цэргийн анги, дивизийн өдөр тутмын хэрэглээг тасралт­гүй хан­гах ачаа тээвэр, анги сал­­барын ажилтнууд, байл­дагчдыг тээвэрлэхийн тулд энэхүү төмөр замыг 1939 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулж байжээ. Буу зэвсэг, тоног төхөөрөмж цэрэг, хоол хүнс гээд хойд хөршөөс ирсэн бүх зүйлс энэ боомтоор дамжин төмөр замаар ирдэг байсан талаар нутгийн иргэд ярих юм. Халхголын дайн дууссанаас хойш Эрээнцавын сангийн аж ахуй байгуулагдаж атар газрыг хагалж тариа тарих ажил энд өрнөсөн байдаг. Газар тариалангийн бүх тех­­никүүд энэ боомтоор ирж байжээ. Эрээнцавын боомтоор Оросоос нарийн ноост хонийг олон мянгаар оруулж ирж байжээ.
Энэ мэтээр төмөр замыг ашигладаг байж. Харин 1990 оноос хойш долоо хоногт хоёр удаа галт тэрэг явахаас өөр хөдөлгөөнгүй байна.
Эрээнцаваас явсан төмөр зам Чойбалсан хот хүрээд л төгсөнө. Аймгийн төв хүр­тэлх мухар замтай гэсэн үг. Энэ мухар төмөр замыг цааш үргэлжлүүлж Улаанбаатар хотын төмөр замтай холбочих юм бол Зүүн өмнөд Азийн зах зээлийг холбосон төмөр зам энд байна. Хэрэв энэ зам ашиглалтад орчих юм бол Япон, Солонгос зэрэг 200-300 гаруй сая хүн амтай Зүүн хойд Азийн орнуудын зах зээлийн үүд хаалга манай оронд цэлий­­тэл  нээгдэж байна гэсэн үг юм. Монголоос уул уурхайн бүх л баялгийг Хятадын зах зээлээс хамааралгүй дэлхийн зах зээлд нийлүүлэх боломж энд харагдаж байна. Мөн Зүүн Азийн орнуудаас машин, техник, тоног төхөөрөмжөөс авахуулаад нефть гээд бүх зүйлсийг маш хямд үнээр оруулж ирэх боломж бай­на. Үүнийг манайхан огт анзаа­рахгүй байсаар өдий олон жилийн нүүрийг үзэж байна. Монгол Улсыг хөгжилд авчрах гарц бүхий төмөр зам хэзээ ашиглах нь тодорхойгүй олон жилийн нүүрийг үзжээ. Уг нь энэ төмөр замыг ашиглах талаар нэлээд ажил өрнөсөн боловч одоо таг зогсчээ. Сайншанд-Чойбалсанг хол­босон төмөр зам барих ажил 2011 онд эхэлсэн. Нэг км өргөн царигтай төмөр зам барихад ойролцоогоор 2.2-2.5 сая ам.доллар зарцуулах шаардлагатай гэсэн тооцоог гаргасан байдаг. Хэдийгээр их хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй ч энэ замыг барьснаар манай улс олон улсын зах зээлд өрсөлдөх чадамж, нэмүү өртөгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж нээгдэх талаар холбогдох хүмүүс ярьж байсан. Манай улс жилд 60 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох тоо­цоо гаргаад байгаа. Үүнийг машины тэвшээр зөөгөөд байх нь хэцүү. Тиймээс төмөр зам зайлшгүй хэрэгтэй. Тэгэхээр энэ төмөр зам ашиглалтад орвол 60 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүний ихэнх хувийг тээвэрлэх нь гарцаагүй. Дорнын тал нутаг өрнийг холбо­сон хамгийн дөт төмөр замыг холбох ажил баригдах эсэх нь одоогоор эргэлзээтэй байна.
Энэ талаар Чулуунхороот сумын Засаг дарга З.Гэрэлт-Од “Хэдийгээр манай сум хөгжил муу ч гэсэн хүнд хэцүү үеэ даван туулсан гэхэд бол­но. 1990 оноос хойш сумын иргэдийн амьдрал хүнд байсан нь үнэн. Тэр байдлаасаа бид гарч эхэлж байна. Харин одоо Чулуунхороот сум хэрхэн хөгжих вэ гэсэн асуудал байгаа юм. Чулуунхороот сумыг Монгол Улсын хөгжлийн цэг дээр оршин байгаа сум гэж ойлгодог. Сайншандыг Дорнод аймгийн төвтэй холбох төмөр зам барих ажил уг нь эхэлж байсан юм. Гэтэл ажил нь зогсоод байгаа гэж сонссон. Бид хурдхан шиг л ашиглалтад ороод манай боомтоор галт тэрэг гардаг болоосой гэж хүсэх юм. Хэрэв төмөр зам холбогдоод ачаа тээврийн галт тэрэг яваад эхэлбэл манай сумынхныг амьдрал ч дагаад хөгжинө. Эндээс 80 хүрэхгүй километрийн цаана хоёр улсыг холбосон төмөр зам байна. Тэр замаар уул уурхайн олборлосон нүүрс зэргээ гаргаж болно. Мөн эргүүлээд Япон, Солонгос зэрэг улсаас автомашин болон бусад зүйлсийг тээвэрлэж болно. Аймгийн төвтэй хатуу хучилттай замаар холбочих юм бол мөн л хоёр улсыг холбосон хурдны зам энүүхэн хойно хилийн цаана байна. Автомашины тээврээр биш галт тэрэгний тээврээр уул уурхайн бүтээгдэхүүнээ гаргаж чадвал бид дэлхийн зах зээлд өрсөлдөж чадна” хэмээн ярьж байна лээ.    

Үргэлжлэл бий
Э.ХҮРЭЛБААТАР