Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Улсын сайн малчин Ч.Галсандоржийнд өнжлөө

Уул худгийн энгэрт наран тийшээ харсан нөмөр нөөлөгтэй болов уу гэмээрөвөлжөө байх. Чандманилан буусан гурван гэрийн яндангаар аргалын хөх утаа суунаглах ажээ. Өвөлжөөний баруун энгэрийг их хонин сүрэг бүрхэж байна уу гэлтэй налайн бэлчих. Харин зүүн дор поолины захад данайсан эвэртэй, нас бие гүйцсэн данагаршартайүхэр гэрийн зүг уван цувж байлаа. Уул худгийн энгэрийн өвөлжөөнд хүрэхэд бэрх аж. Машинаа хаазлан зүтгүүлсээр өнжих гэж байгаа айлынхаа гадаа ирлээ. Хондлой нь цантаж,үс нь сорлосон морьд уяан дээр эгнэжээ. Гэрийн эзэн Ч.Галсандорж гэрээс гарч ирэн угтлаа. Хотоос гарахдаа “Одоо очлоо” гээд суурин утас руу нь залгаад хэлчихсэн болохоор гэрийн эзэд “Удахгүй ирэх байх” гээд машины бараа харанхүлээгээд байсан гэнэ. Ч.Галсандорж гуайтай мэнд мэдэлцээд гэрт нь орлоо.

Гэрийн эзэгтэй Ц.Цэрэндулам “За сайн байна уу. Сайн явж ирсэн үү, миний хүү” гэж хүрч ирэн үнсээд сүйд.Одоогоос хоёр жилийн өмнө сониныхоо редакциас малчин айлд очоод төлчин болж, сурвалжлага бэлтгэх томилолт өвөртлөөд Ч.Галсандоржийнд ирж байсан билээ.

Өнжиж байгаа айлынхан бүгд л баяр хөөрөөр дүүрэн угтсан юм. Тэд хэдхэн хоногийн өмнө баярт мэдээ дуулжээ. Амьдралынхаа ихэнх хугацааг мал хариулж өнгөрүүлсэн түүнд Засгийн газрын шийдвэрээр цагаан сарын босгон дээр “Улсын сайн малчин” хэмээх эрхэм цолыг хүртээх шийдвэр гарсан юм. Төв аймгийн Эрдэнэсант сумаас сүүлийн жилүүдэд Улсын сайн малчид ар араасаа цувран төрөх болсон. Улсдаа малаараа хоёр, гуравдугаар байрт ордог сум. Аймагтаа малынхаа тоогоор хол илүү түрүүлчихсэн, дал гаруй мянгат малчинтай, хорь орчим улсын сайн малчинтай сум юм. Харин энэ жил Ч.Галсандорж гуай улсын сайн малчин болжээ. Гэрийн эзэд баяр хөөрөөр дүүрэн байхаас гадна завгүй ажилтай байв. Хотоос зочид төлөөлөгч ирж, улсын сайн малчин цол тэмдгийг нь гардуулж өгөх гэж байгаатай холбоотойгоор гэрээ янзлах, хот хороогоо цэвэрлэх, бууз хийх,хонины ууц, мах чанах хөлдөөсөн поошигтой айргаа бага гэрт зуухны хажууд тавьж гэсгээх гээд ажил мундахгүй их байв.Их ажлын хажуугаар гэрийн эздийн удам судраас яриагаа эхлэв.

ГЭРИЙН ЭЗЭН ХУВИЛГААН, ЭЗЭГТЭЙ НЬ ТАЙЖ УДАМТАЙ

Гэрийн эзэн Ч.Галсандорж хуучин засаг захиргаагаар Зоригт Вангийн хошууны хүн гэнэ. Харин орчин цагийнхаар Төв аймгийн Эрдэнэсант сумынх. Эрдэнэсант сумын Цахирын Цагаан нуур, Мөөрсийн голоор үе удмаараа нутаглаж иржээ. Гэрийн эзэгтэй Ц.Цэрэндулам мөн л энэ сумын уугуул иргэн. Бадын гол, Савангийн гол, Аргал угалзат уулаар нутагтай Цэдэн-Иш гэх хүний охин юм байна. Тэд 1971 онд айл гэр болж, гал голомтоо бадрааж байжээ. Гурван хүү, гурван охин, ач, зээ, зээнцэр гээд өдгөө өнөр өтгөн айл болжээ. Том охин Г.Лхагва нь сумын сургуульд ажилладаг байна. Харин том хүү Г.Бархасбаатар нь нутагтаа малчин. Охин Г.Ганпүрэв нь хотод аж төрдөг байна. Отгон охин Г.Хишигдэлгэр нь мөн л тусдаа гарчээ. Одоо хоёр хөгшин, хүү Г.Баасанжаргал, Г.Мягмаржаргал нартайгаа аж төрж байгаа аж. Г.Галсандорж гуай удам гарвалынхааталаар ингэж ярив. “Ах нь өвөг эцгээрээ овоглосон хүн. Миний өвөг эцэг Ожийн Чимид гэж хүн байсан юм. Өвөөгийн минь аав Ож гэж хүн байсан. Ож гэдэг хүний ойр төрлийн хүн Долцон хувилгаан гэж мундаг эрдэм номтой хүн байсан гэнэ билээ. Мөн их Оргиочийн хувилгаан Цэрэндорж гэх хүн ч манай удмын хүн гэдэг. Би өвөө талынхаа удам угсааг хөөвөл хувилгаан хүний удам. Хувилгаан Долцон гэдэг хүн их чадалтай, номтой хүн байсан гэж нутгийн хөгшчүүл бага байхад ярьдаг байлаа. Газар тэнгэртэй харилцдаг. Бороо оруулдаг. Булаг шанд ундруулдаг. Нэг удаа арван хошуу даншигийн наадамд очсон гэдэг. Умгар жижиг гэртэй, бор авдартай, гэрийнхээ баруун талын хатавчинд борви айраг өлгөчихсөн. Долцон хувилгаан ирсэн гэх сургаар хүрээний баячууд умгар гэрт нь ирцгээж. Хүн болгонд хул дүүрэн айраг мэлтэлзүүлээд өгөөд байхад борвитой айраг нь дундардаггүй байсан гэх домог мэт яриа байдаг юм. Үнэн худлыг нь мэдэхгүй юм. Гэхдээ дээр үед эрдэм чадалтай хүн олон байсан гэдэг. Харин аав Чанцал гэх хүний үр удам болоод явчихна. Чанцал гэж хүн Монгол Улсын дархан аварга Ж.Мөнхбатын төрсөн аав. Мөөеө аварга миний авга ах байгаа юм. Монгол Улсын начин Б.Бадам-Очир бид хоёр нэг эцэгтэй улсууд” гэлээ. Харин гэрийн эзэгтэй Ц.Цэрэндулам гуай тайж удамтай гэнэ. Түүний аав Т.Цэдэн-Иш гэх хүний эцэг Тогтох тайж гэдэг хүн байсан гэнэ. Харин аав Т.Цэдэн-Иш нь мужаан мэргэжилтэй, шагай харваагаараа алдартай хүн байжээ.Шагайн харвааны Арван эрхий цолтой, аль ч хуруугаараа харвасан алдахгүй онодог цэцтэй нэгэн байсан гэнэ.

ХОЁР ЗУУН ХОНЬ ХОЁР МЯНГА ГАРУЙ БОЛЖ УЛСЫН САЙН МАЛЧИН БОЛСОН ТҮҮХ

Ч.Галсандорж Эрдэнэсант сумыг Баян-Уул сум байхад бага сургуулиа төгсөж байжээ. Үүнийхээ дараа Лүн сумын долоон жилийн сургуулийг төгссөн байна. Сургуулиа төгсөөд хоёр жил мал маллаж байгаад нэгдлийн Цаг уурын шинжилгээний зургаан сарын курст сурахаар явжээ. Ингээд төгсөж ирээд сумын цаг уурын газарт 18 жил ажилласан гэнэ. Дараа нь сум нэгдлийн тоо бүртгэгч гэх зэргээр янз бүрийн ажил хийсээр улсад 29 жил ажиллаад малчин болсон байна. Харин Ц.Цэрэндулам гуай 20 гаруй жил сумын Тэжээлийн үйлдвэрт ажилласан гэв. Ингээд 1991 онд тэднийх нэгдэлд түрээсийн мал хариулахаар хөдөө гарчээ. Тэдний буянт мал хариулсан түүх эндээс эхтэй юм байна. Түрээсийн мал хариулж байгаад мал хувьчлагдах үед 200 хонь, арав гаруй үхэр, цөөн азарга адуутай болжээ. Мал нь өсч, хоёр мянга хол даваад байгаа шалтгаан нь гурван зудыг тэсч гарсантай холбоотой хэмээн бахдангуй ярив. Тэднийх 1999 оны зудтай жил Булган аймгийн Баяннуур суманд өвөлжсөн байна. Сумын малчид хотоо харлуулж, малаа үрж байхад тэднийх хэдэн туранхай борлонгийн гарзтай ширүүн цагийг давжээ. 2000 ондхавраас эхлэн бороо хур орохгүй, өвс ургахгүй байхаар нь зуны адаг сард Төв аймгийн Эрдэнэ, Сэргэлэн сум руу отроор яваад өгчээ. Хоёр гурван унага хээрийн амьтанд өгснөөс өөр малын гарз гараагүй байна. Ингээд Сэргэлэн суманд хэдэн жил нутаглаж байгаад нутагтаа, Цахирынхаа голд нүүж иржээ. Нутагтаа ирсэн жил мал муудаад байхаар нь өвсний сортойг даган залгаа сумын нутаг Дашинчилэнд өвөлжсөн гэнэ. Ингэж гурван зуднаас “зугтааж” тээж малын хорогдолгүй өдий хүрчээ. Сүүлийн жилүүдэд Эрдэнэсант суманд өвөл өнтэй сайхан болж байгаа юм. Малын тоо толгой ч нэмэгдэжбайгаа гэнэ. Тодруулбал, ойролцоогоор хоёр мянгаад хонь, 500 гаруй ямаа, 300-гаад үхэр, 600-аад адуутай гэнэ. Дунд хүү Г.Баасанжаргал нь адуугаа хариулдаг бол бага хүү Г.Мягмаржаргал нь хонио хариулдаг аж. Харин отгон охин Г.Хишигдэлгэрийн нөхөр Ж.Мандахбаатар нь үхрийг нь хариулдаг гэнэ. Тэд өглөө гараад орой л гэртээ ирцгээдэг юм билээ. Г.Баасанжаргал өдөрт 15 азарга адуу цуглуулдаг болохоор өдөржин давхиад орой ирдэг байна. Ч.Галсандорж гуай 2007 онд Төв аймгийн сайн малчин болжээ. Харин өнөө жилМонгол Улсын сайн малчин болоод байгаа нь энэ. Хүргэн Ж.Мандахбаатар нь үхрээ эргүүлчихээд иржээ. Хар үнээ нь хээр тугаллачихсан байна гэнэ. Ийнхүү энэ жилийн ууган төлөө авчээ. Цаг агаар дулаахан байсан болохоор тугал хайрагдаагүй гэнэ. Уг нь өдийд үнээ хээр тугаллах юм бол хөлдөөд үхчихдэг юм. Энэ жил хаа сайгүй гойд дулаахан жил учраас мал муудаагүй тарганаараа байна хэмээв.

Бага хүү Г.Мягмаржаргал орж ирлээ. Тэднийх аавынхаа өвөлжөөний ард талд, Хөөстийн энгэрт тусдаа өвөлжиж байгаа аж. Хонь, үхрийнхээ талыг тасдан маллаж байгаа гэнэ. Олон мал өвөлжөөнд байхаар хэвтэр муудаад, мал тураад байдаг аж. Иймд малаа хоёр хуваадаг болсон байна. Мөн Г.Мягмаржаргал тэндээ цагаан сарын өвлийн уралдаанд морь уяж байгаа гэсэн. Жил болгоны цагаан сараар Эрдэнэсант сумын хоёрдугаар багийнхан Ханангийн энгэрт хурдан морь уралдуулдаг. Өнгөрсөн жил Г.Мягмаржаргалын зээрд морь аман хүзүүджээ. Ингээд ирэх жилийн их насны морийг уралдуулж, бай шагналыг өгөххадаг авчээ. Биднийг ирэхээс өмнөхөн Уул худгийн ойролцоо өвөлжиж байгаа айлууд морьдоо сунгасан гэнэ. Тэдний хурдан зээрд морь өнгөнд ирсэн байна. Уяаг нь сүүлийн жилүүдэд олдог болсон гэдгээ Г.Мягмаржаргал хэлж байв.

Нар баруун тийшээ хэвийх алдаддундхүү Г.Баасанжаргал адуунаасаа ирэв.15 азарга адуугаа хураачихаад улсын сайн малчин шагнал гардуулах үеэр уяан дээрээ уях морьдоо бариад ирсэн байв. Сор нь гялалзсан сайхан арван морь эгнүүлээд уях гэнэ. Өнгөрсөн зун дэлийг нь авсан морьдын дэл нь ургаад ахар болчихсон байв. Г.Баасанжаргал бидэнтэй мэндэлж, гэртээ цай уучихаад хайч бариад гарав. Морьдынхоо дэлийг хяргаж, өнгө зүс нэмж байгаа нь тэр. Хэдэн сайхан бор морь байна. Хийц хэлбэр сайтай, хондлой нь ховилтсон тарган амьтад байх. Г.Баасанжаргал “Ах нь хэдэн адуугаа зүүн чигийн угшилтай болгох гээд хэдэн азарга худалдаж авсан. Адууны цус холдоод их аятайхан цэвэрхэн хийцтэй адуутай болоод байгаа. Манайх аавын ах Р.Дашдондог гэх хүний бий болгосон угшлын адуутай. Удмынхаа хэдэн адууг тусад нь азарга тавиад угшлыг нь хадгалж байгаа” гэж ярилаа. Харин гэрт нь сумын төвөөс том охин Г.Лхагвасүрэнхотоос дунд охин Г.Ганпүрэв нар ирчихсэн “Улсын сайн малчин”-г нь гардуулж өгөх зочид төлөөлөгчдийг хүлээн авахад бэлдэж, гэр орныг нь цэвэрлэж байлаа. Унь, тооно угаахаас эхлээд аав, ээжийнхээ өмсөх дээлийг бэлтгэх гэх мэт олон ажил амжуулж байна. Отгон охин Г.Хишигдэлгэрийн хүүхдүүдтэр хавиар тоглож, хотон дотор гүйх аж. Өнөө жил Ч.Гандоржийнх гурван наадам хийхээр болоод байгаа гэнэ. Ханангийн энгэрт болдог хадаг шилжүүлэх уралдааны дараа Улсын сайн малчны баяр хийх гэнэ. Зунаас 500 адууны баяр тэмдэглэхээр болжээ. Хурдан морины бай, шагналд зориулан Г.Баасанжаргал хотоос42 инчийн өнгөт телевизор, мөнгөн аяга, хивс худалдаж авчээ. Үүнийг нь ах Г.Бархасбаатар, Г.Мягмаржаргал нар бага байна хэмээн ярилцаад адуу нэмж өгөхөөр болсон гэв.Бид ийн хууч хөөрсөөр байтал үдшийн бүрий болсон байлаа. Зорьж ирсэн айлдаа хоноод явахаар болсон юм.Тэнгэр баруун хойноосоо бүүдийж, цас ганц нэг хаялж эхлэв. Ойрд цас ороогүй, дулаахан байсан болохоор өвөл орсон жаахан цас хайлчихсан байна.Мал усгүйдээд хэцүү болоод ирэх үед ашгүй цас ийн оржээ. Мөндөр шиг цав цагаан хонь бууцны хөлд тэрийгээд хэвтчихсэнбайв. Гэдсээ дүүртэл идсэн хоньдын яраглах дуу тодхон. Мөн уяан дээрх морьд айсуй баярын зөнг хөндий дүүрэн дуулгах шиг янцгаана.

ГУРВАН ХАЙРХАН РУУ ДУРАНДАХАД ТУНГАЛАГ БАЙВАЛ ӨНТЭЙ ЖИЛ БОЛДОГ

Гэрийн эзэнтэй тэнгэр хангай их муудах шинжтэй байна шүү гээд яриа өдлөө. Тэгсэн өөдөөс “Ах нь олон жил мал дагаж, тэнгэр хангай ажиглаж байна. Мөн цаг уурын газар ажиллаж байсан болохоор тэнгэр хэзээ муудах, сайдахыг андахгүй” гэв. Эндээс бидний цаг агаарын хэрхэн шинжиж талаарх хөөрөлдөөн эхлэв. Ч.Галсандорж гуай өвөлжөөнийхөө хойд талын уулан дээр гараад дуранддаг. Булган аймгийн Авзага хайрхан, Бүрэгхангай, Заамар хайрханы орой руу дурандахад манантаад байвал тэр жилдээ цаг агаар таагүй. Харин тунгалаг харагдвал өнтэй өвөл болдог гэнэ. Мөн намар усны шувуу буцахдаа тэнгэрт дээгүүр нисээд, хулгана хөеөгөө адууны хомоол, чулуугаар дарчихсан байвал тэр жилд өнтэй сайхан өвөл болдог нь ажиглагдсан талаарярилаа.Үүнээс бидний ярианы сэдэв малч ухааны талаар цаашлаад сүүлийн үед залуус хөдөөг орхиж, хотыг зорих нь ихэссэн талаар өрнөв. Гэрийн эздийн хэлж буйгаар Монголын хөдөөд сайхан амьдрах боломж байгаа гэнэ. Сайн малчин болж, малаа өсгөж үржүүлж, өөрийнхөө төлөө хөдөлмөрлөж чадвал хэдхэн жилийн дотор хотод байртай, үнэтэй машин унаад юугаар ч дутахгүй амьдрах боломж бүрэн байгааг хэлж байв.Түүнчлэн тэрбээр “Сайхан нутагт төрж өссөн. Энэ өвөлжөөн дээр хүн болсон болохоор ээлтэй байдаг” гэлээ. 1920 оны үед хүргэн ах Раднаа нь Уул худгийн энгэрийн өвөлжөөн дээрээс мянган хонь бэлчээдэг байжээ. Харин одоо Ч.Галсандорж гурван мянган мал энэ өвөлжөөн дээрээс бэлчээж байгаа гэнэ. Мөн баяжих айлын бяруу нь хүртэл тугалладаг гэдэг шиг сүүлийн хэдэн жилд бяруун гунж нь хүртэл тугаллаад эхэлсэн гэнэ.

Үүрийнгэгээн туяа тусч байхад босов. Үхрээ бэлчээгээд, хонио хотноос нь гаргаад үхрийн баас зэргийг цэвэрлэх ажилд бүлээрээ орцгоолоо. Хөдөөний ажил дуусах биш, энд тэндээс ажил ундарч гарсаар.Морьдоо барих, идээ, мах шүүс засах гээд л гэрийн эзэд ажлаа амжууллаа. Монгол Улсын сайн малчин цол тэмдгээ гардаж авахын өмнөхөн Ч.Галсандорж гуайтай хамт хонь эргүүлэхэд нь хамт явахаар болов. Хонины бэлчээр дээр зураг хөрөг авахуулна гээд хүүхдүүд нь аавынхаа гоё хувцсыг өмсүүлэх юм болов. Тэгсэн Ч.Галсандорж гуай “Сүүлийн үед зурагтаар булган малгай тавиад, үйтэн хуар дээл өмссөн малчин л гараад байх юм. Хэзээ байтлаа малчин малдаа тэгж явдаг байлаа. Хонинд өмсдөг хувцсаа өмсөөд явна. Үнэн зүйлийг үнэнээр нь харуулах хэрэг. Сонин уншсан хүмүүс муухай хувцастай байна гэж хэлбэл хэлнэ биз” гээд бэлдсэн хувцсыг нь өмссөнгүй. Бид хоёр адилхан зүсмийн хөх бор морь унасаар хонь руу явлаа. Замдаа хонин сүргийн талаар ярьсаар явав. Тэднийх ямаа цөөхөн байлгах гэж хичээдэг гэнэ. Мөн Баянцагаан сумын илүү нугаламт, казахын ууцан сүүлтээр хуц тавьдаг гэнэ.Ямаандаа Эрдэнэсант сумын ноолуур сайтай ухна, Баянхонгор, Сүхбаатар аймгаас хуц авчирч тавьжээ.Харин адуундаа зүүн аймгуудын угшил сайтай адуу авчирсан гэсэн. Хонь ч холдоогүй, тэрүүхэн зүүн дор нөмөр газар бараадсан байна. Хаашаа л харна цавцайсан цагаан цас.

Хоёр жилийн өмнө сурвалжлагч миний бие ирж, төл авч байгаа талаар нь сурвалжлага бэлтгэсэн талаар дурсав. Дунд хүү Г.Баасанжаргал нь хотод “Нарантуул” зах дээр явж байтал өөрийнх нь тухай бичсэн сонинг лангууны худалдагч уншаад сууж байсан гэнэ. “Наад сонин дээр чинь манайх гарсанюм” гэхэд худалдагч “Танайхан их ажилтай хүмүүс байна лээ” гээд танилцаж авсан гэнэ. Хот орохоороо тэд уулздаг болжээ. Мөн хотоос“Танай тухай сонин дээр гарсан байна лээ” гээд олон хүн утасдсан байна. Энэ талаар “Сонин дээр гарах их дурсгалтай сайхан юм билээ. Сонингоо хадгалаад, зургийн жаазандаа хийчихсэн. Хөдөөний айлд ганц хадгалж болох газар тэр. Хүүхдүүддээ “Аав нь сонин дээр ингэж гарч байсан юм” гэж хожим үзүүлэх гэж байгаа юм” хэмээв.

Хөөстийн аманд байгаа бага хүү Г.Мягмаржаргалын гэр рүү очлоо. Өглөө эрт морьдоо барьчихсан байна. Сумын төвөөс найз Д.Пүрэв нь ирчихжээ. Морьдоо ачаад Оорцогийн аманд очиж морио уралдуулахаар хөдлөх гэж байв. Жижигхэн биетэй бор азарга, босоо ястай биерхүү хээр морь, хийц сайтай зээрд морь уясан байна. Г.Мягмаржаргал зээрд морио айрагдчих болов уу гэж хүлээж байгаа гэнэ. Үнэхээр хээр мориных нь уяа нь таарчихсан гэмээр юм. Торгонир нь орчихсон, хоол нь яг сайхан таархсан харагдлаа. Үүнээс илүү уяазасал хийхээргүй харагдаж байв. Яаж давхихыг унах хүүхдийн авхаалж самбаа л мэдэх хэрэг. Соёолондоо өвлийн уралдаанд айрагдаж байсан хээр морь ч өнгөтэй харагдаж байв.Тэд морьдоо ачаад хөдөллөө. Харин бид морины бай шагналыг нь аваад араас нь төд удалгүй гарлаа.

Нутгийнхан машин, мотоцикль, морио унаад ирцгээжээ. Ихэнх нь морьдоо уралдуулахаар зорьжээ. Цөөн хэд нь цагаан сарын уралдаанаас өмнө хэний морь түрүүлэхийг үзэж, морь шинжиж, хийморио сэргээхээр иржээ. Хүүхдүүдийн гийнгоо хөндий талд цуурайтан, цавцайсан цагаан талд зөөлөн салхи сэр сэрхийнэ. Уяа нь орсон морьд хазаар даран тэмүүлэх юм. Азарганы уралдаан өглөө эрт болчихсон байлаа. Их насны морьд бүртгүүлээд гарааны зүг хөдөллөө. Хашир хүүхдүүд морь тууж яваа хүмүүст тулж зогсчихоод ерөөсөө урагшлахгүй юм. Будлиантуулж, замын дундаас эргүүлэх гэж оролдож байна шүү. Гүүглэж хашгираад, эргэж зугтаах гэж оролдоод янз янз л болж байна. Бага байхад хурдан морьдын уралдааны үеэр хүүхдүүд ийм авир гаргадаг байсан нь санаанд буув. Ингээд эргэх газраа ирээд хоржийлоо. Гараатай хэдэн бараан морьд цээжинд заргалдаж эхлэв. Араас ньхэсэг морьд нэхэж байна. Ингэж явсаар газрын тэхий дундаас зул задарч, сайхан цуваад эхэллээ. Цээжний морьд их хол тасарчихжээ. Ингэж явсаар бариа руу их насны хурдан морьд орлоо. Өнгөнд Төв аймгийн Лүн сумын уяач Н.Эрхэмтөрийн буурал зүсмийн морь, аман хүзүүнд Булган аймгийн Дашинчилэн сумын уяач Б.Буянбаатарын халтар, айргийн гуравт Эрдэнэсант сумын уяач Б.Энхманлайн хүрэн, дөрөвт Булган аймгийн Рашаант сумын уяач Г.Баяржаргалын саарал, айргийн тавд Булганы Баяннуур сумын уяач Д.Тайванжаргалынзээрд халзан хурдаллаа. Наадмыг зохион байгуулсан Г.Мягмаржаргалын зээрд морь зургаад давхилаа.

УИХ-ын гишүүн Н.Энхболд, Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат,ХХААЯ-ны хэлтсийн дарга Н.Цолмон, Эрдэнэсант сумын Засаг дарга Б.Буяндалай тэргүүтэй зочид ирчихсэн шагналыг нь гардуулахад бэлэн болсон байлаа. 2007 онд УИХ-ын гишүүн Н.Энхболд аймгийн аварга малчин болоход нь ирж шагналыг нь гардуулж байжээ. Энэ жилУлсын сайн малчин болоход нь иржээ. Өмнө нь хэд хэдэн удаа уулзаж байсан болохоор гэрийн эзэнтэй ихэд танимхайрч, ойр зуурын зүйлсийг хуучлах аж.Ингээд Засгийн газрын шийдвэрээр Эрдэнэсант сумын хоёрдугаар багийн малчин Ч.Галсандоржид Монгол Улсын сайн малчин хэмээх хүндэт цолыг гардуулан өглөө. Н.Энхболд “Ч.Галсандорж гуайн олон жилийн хөдөлмөрийг төр засгаас үнэлж байгаад баяртай байна. Нүдээ олсон шагнал гэж үүнийг хэлэх байх” хэмээн онцолж байсан юм. Улсын сайн малчин болсон баяраа тэмдэглэж, хот, сумаас ирсэн хамаатан садан, дотно танилууд нь ар араасаа цувран ирэв. Хул дүүрэн мэлтэлзүүлэн айраг сөгнөөд “Тогоотой сүүгээ нартай дэвэргэсэн…” гээд

“Малчин заяа” дууг дуулснаар хөгжүүхэн найр гэрт эхлэв.

Нар баруун тийш хэвийсэн байхад гэрийн эзэдтэй дахин уулзах ерөөл тавин хөдөлсөн юм. Монгол Улсын сайн малчин Ч.Галсандорж төр засгаар хөдөлмөрөө үнэлүүлж, ихэд баяр хөөртэй сууж байна лээ. Тэднийх тун удахгүй буурь сэлгэж, хаваржаандаа бууна гэсэн.Удахгүй тэдний хотонд нялх төлийн дуу цангинана.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Улсын тэргүүний тариаланч Ц.ДАМБЫНД өнжлөө

Төв аймгийн Борнуур сумын иргэн Цэрэндоржийн Дамбынх сүүлийн хэдэн өдөр нутаг нугын иргэдийн хөлд дарагджээ. Ц.Дамбыг өнгөрсөн даваа гаригт Засгийн газрын хуралдаанаар улсын тэргүүний тариаланч хэмээн өргөмжилсөн. Мэдээг олны мэдэхээр Урьхан зоогийн газрын эзэн Ганбаа анх интернетээс уншаад, утасдаж дуулгаснаас хойш бурханч лам Г.Пүрэвбатын садангийн хүмүүс гээд нутгийн олон баярын мэнд тээн орж гарсаар. Өнгөрсөн бямба гаригт л гэхэд сайхан мэдээг анх дуулгасан Ганбаа ирж хүндэтгэлийн хүлээн авалтыг зоогийн газартаа хийх тухай хөөрөлдөөд буцав.

Ц.Дамбынх ам бүл дөрвүүл. Хүү Энхбат, охин Гэрэлмаа нар нь Их сургуульд элссэнээс хойш гэрийн эзэн, эзэгтэй хоёр Борнууртаа өвөлжиж буй нь энэ. Тэднийх Борнуур сумын төвийн малчдын хороололд суурьшаад 20 гаруй жилийг үджээ. Хашаандаа тариалан, ногооныхоо техникийг эгнүүлж, зоорь пиндээ төмс, нарийн ногоогоо хадгалсан энгийн л нэгэн өрх. Хашаанд нь томоохон гурван ч байшин байх агаад суудлын, ачааны автомашин, пад пад, 82 трактортоо сууцнаас ч дутахааргүй тохилог гарааш барьжээ. Саалийн гурван үнээтэйн дээр хашаанд нь 20 орчим хонь байна. Намартаа хэдэн хонь худалдаж аваад өвлийн турш тэжээж хавар, зун, намрын их ажлын үеэр гаргаж хэрэглэдэг ажээ. Ц.Дамба ямар замналаар улсын тэргүүний тариаланч цолны болзлыг хангасан тухайг өгүүлэхийн тулд тэдний бүхий л амьдралыг хүүрнэх нь зайлшгүй. Анх 1957 онд Борнуур сангийн аж ахуйг байгуулахаар Ховд аймгийн Дарви сумаас 100 гаруй өрхийг илгээлтээр авчирсны дунд Дамбын аав Цэрэндорж, ээж Чулуунхүү нар багтжээ. Тэднийх Борнуурт хэсэг ажиллаад 1960-аад оны дундуур Улаанбаатарт шилжиж, аав нь Гандантэгчинлэн хийдийн нярвын албанд томилогдсон байна. Ер нь өнөөдөр Борнуур сумын нийт өрхийн 70 орчим хувь нь Ховд аймгийн Дарви сумын гарвалтай байдаг бол үлдсэн 30 хувь нь нутаг заагдсан хятадуудаас бүрддэг байжээ. Эндэхийн хятадууд аль хэдийнэ монголжсон агаад өнөөдөр хэн нь хэн бэ гэдэг нь ч бараг ялгагдахаа больсон байна.

Ц.Дамба 1970 оны дунд үед Борнуур сумандаа эргэн очиж дунд сургууль дүүргэсэн байна. Тэндээсээ Герман улсад хүнсний чиглэлээр гурван жил суралцаад, нутагтаа илгээлтээр ажиллажээ. Тухайн үед Сүжигт уулын алтны уурхайд хийгээд Борнуур сангийн аж ахуйд Герман технологи хэрэглэгддэг, тус улсын мэргэжилтнүүд олноор ажилладаг байсан учир Ц.Дамба орчуулагч, сангийн аж ахуйнхаа ус, усалгааны гээд хэд хэдэн ч ажлыг давхар хийсээр 1980-аад оныг баржээ. Тухайн үед наадмын үеэр нэгдлийн хоёр ажилчны дунд нэг хонь өгдөг байж. 1988 оны зун хонь хуваарилалт болоход Ц.Дамба, Ч.Отгонхишиг нарын дунд нэг хонь оногдсон нь тэдний нэг насны амьдралыг холбох эхлэл болжээ. Ингэж танилцсан залуус нэгэндээ тустай явсаар 1990 он гарч нийгэм эдийн засаг хүндрэхэд сум суурин бүр задарч халаалт, цахилгаанаа түгээж дийлэхээ больсон нь 25 жилийн тэртээх үйл явдал ч гэлээ Ц.Дамбын гэр бүлийн түүхтэй салшгүй холбоотой. 1990 оны өвөл Ч.Отгонхишигийн амьдарч байсан орон сууц халаалтгүй болж хүндрээд байсан тэр үед залуус гэр бүл болж өрх тусгаарласан байна. Ч.Отгонхишиг нь Завхан аймгийн гаралтай бөгөөд Монгол Улсын гарьд Ц.Цэрэнпунцагийн хадмын талын хүн.

Газар тариалан эрхлэх болсны хувьд нутгийн олны жишгийг дагасан гэдэг. Хамгийн анх буюу 1991 онд хашаандаа төмс, лууван нарийн ногоо тариалж эхэлсэн байна. Хоёр гурван ч жил багахан хэмжээний ургац авчээ. Хүн бүр л байдаг бүхнээ зарж, ганзагын наймаанд гарч байхад Ц.Дамба, Ч.Отгонхишиг нар тэгсэнгүй. Бороо голын хөвөө бараадан нэг га газар хашаалж тариалангийн үйл ажиллагаагаа тэлсэн байна. Дөрвөн жил морин тэргээр ус зөөн байцаа, лууван, төмсөө усалсан түүх тэднийх. Морин тэрэг дээрээ хоёр тонн хүрэхгүй шахам ган тавин голоос ус зөөн арван литрийн хоёр бедоноор өдөр шөнөгүй усалдаг байж. Нэг байцаа руу арван литр ус хийдэг бөгөөд 1990 оны дундуур тэд бараг дөрвөн мянган байцаа тариалдаг байжээ. Энэ хооронд хүү, охинтой болж амьдралаас илүү ихийг шүүрэх шаардлагатай болсон гэдгийг тэд хүүрнэнэ.

Морин тэрэгтээ дөрвүүлээ суугаад өглөө ногооныхоо талбай руу хөдөлж үдшийн бүрийгээр гэрийн бараа хардаг байснаа энэ гэр бүлийнхэн өдгөө хамгийн аз жаргалтай үе хэмээн тодотгоно. Талбайд очсон даруйдаа хүү, охин хоёр нь байцааны талбай руу орж олдохоо болино. Ингээд их үд хэвийх үед тоглоомондоо улайрч шороотой хутгалдсан хоёр нөхөр гарч ирдэг байжээ. Залуус жилээс жилд дэвшин дээшилсээр амьдралаа төвхнүүлж авсан байна. Олон хүн 82 трактороос эхлээд тариа, тариалалтын техникээ Орос руу гаргаж зарж байхад 1994 оны зун тэднийх трактор худалдаж авсан нь өнөөдөр ч гол ажлыг нь нугалсаар. Тэр жил таван сая төгрөгөөр зориг гарган ганц трактортой болсондоо залуус ёстой л урамшин хурцлагджээ. Талбайгаа бүр томсгож, трактороороо газраа хагалж, уринш хийж, үрээ булах, услах, зэрлэг устгах зэргээр бүхий л ажлыг техникийн тусламжтай хийдэг болсон тул хадгалах, борлуулах гээд асуудал ар араасаа ундарч эхэлжээ. Тиймээс 1997 оны хавьцаа хашаандаа 250 орчим тонн ногоо агуулах зоорь барьж, Баянгол дүүргийн 38 цэцэрлэгийг тус бүр хангах гэрээг ч байгуулжээ. Тэрээр трактор авснаасаа хойш газар тариаланд хүний гар ажиллагааг багасгах механик ажиллагааг түлхүү ашиглах арга туршлагыг боловсруулж улам чанаржуулсаар өнөөдөр хэд хэдэн ч нээлт хийгээд байгаа аж. Хураасан төмсөө үр болоод боловсорсноор нь ангилах шигшүүр, зоориос машины тэвш рүү шууд ачих манавил, зэрлэг ногооны үндсийг хөрсөн дээр гаргаж дахиж ургахааргүй болгох соёо, хагалсан газрын чийгийг алдахгүйн тулд салхин талаас нь манадаг малтуур гээд олон зүйл сэдэж өөрийнхөө ажил дээр туршин тус нэмэртэй байвал нутаг усныхандаа зааж, хувилж өгснөө дурсан ярьж байлаа. Энэ бүхэн нь ногоонд ямар нэгэн байдлаар механик гэмтэл учруулдаггүй хэмээн өөрийнхөө бүтээлийг сайшаана.

Харин өнөөдөр Ц.Дамбынх УИХ-ын гишүүн Су.Батболдын ногооны талбайн хажууд 37 га газарт төмс, нэг га газарт нарийн ногоо дагнан тариалах болж. Төмсний талбай нь Борнуурын эрэг дээр юм байна. Талбай тийшээ өндөр хүчдэлийн шон хүргэж, гүний хоёр ч худаг гарган усалгааны асуудлаа шийдсэн байна. Төмснийхөө талбайг дөрвөн ч хэсэг болгон хашиж сэлгэн тариалалт хийдэг ажээ. Ингэснээр хөрсний чанар алдагддаггүйн дээр үр суулгасан л бол 100 хувь ургац хураана гэсэн үг бололтой. Борнуурын эргийг бараадан тариалангийн талбайтай болсон учраас хур муутай жил ч усаар дутаад байдаггүй, тэр бүр услах шаардлагагүй болсныг ч тэргүүний тариаланч хүүрнэж байлаа. Нэг хэсэг төмс, хүнсний ногооноос шавьжны хор амтагддаг байсныг тэрээр хүмүүсийн шуналтай холбон тайлбарлана. Хүмүүс илүү том, илүү олон төмс авахын тулд шавьж, зэрлэг устгах хорыг байх ёстой хэмжээнээс хэд дахин ихээр хэрэглэж эхэлсэн нь ийм үр дүнд хүргэсэн байдаг. Ингээд Мэргэжлийн хяналт, шалгалт эхэлж, хэрэглэгчдийн зүгээс шүүмжлэл дагуулахад уг хорыг судалж үзжээ. Тэгэхэд Хятадад цаашид амьдрах эрхгүй болсон юм уу үр удмаа төрүүлсэн, нас ахимаг хүмүүсийн хөдөлмөрөөр үйлдвэрлэгддэг болох нь илэрч. Учир нь генийн том өөрчлөлтөд хүргэх аюултай бодис ажээ. Угаасаа хорыг цацахад л хүний хоёр нүднээс нулимс асгарч, хамар нармай нь хатаж сүйд болох шахдаг байж. Тиймээс өнөөдөр ийм зүйл хэрэглэхээ больсон учраас “Иргэдэд айх зүйл үгүй” гэдгийг 100 хувийн баталгаатай хэлмээр байна гэж байсан.

Газар тариалан, мал аж ахуй хоёр нэг дор хэзээ ч байж болохгүй гэдэгт гарах гарц олон байгааг тэрээр өгүүлж байлаа. Хамгийн гол нь хүн бүр өөр өөрийнхөө хөрөнгөнд эзэн байж, нэгнийхээ хөдөлмөрийг хүндэлж чадваас эл асуудал амархан шийдэгддэг гэв. Тодруулбал, үрсэлгээ хийснээс хойш Ц.Дамба гуай мотоциклио унан талбайгаа бүтэн харагдах өндөрлөгт гараад өдрийн турш дурандаад суучихдаг гэнэ. Ийнхүү үхэр мал талбай руу нь, Бор нуурын усанд орохоор ойртоход тууж услаад буцаагаад бэлчээрт гаргачихдаг аж. Талбай руу олон орж, хүнсний ногооны амтанд орсон үхэр ямар ч хашаа байсан эвдэж дөнгөдөг учраас барьж аваад уячихдаг гэнэ. Эзэн нь “Өнөө жил заазалчихъя” хэмээгээд аваад явдаг бөгөөд малчид хэлсэндээ хүрч тариаланчдын талбай, хашааг сүйтгэдэг малаа идэшний үеэр “зохицуулдаг” ажээ. Ер нь бол Ц.Дамба хавар, зун, намрын турш ногооны талбайгаа ч арчилж, малчдын малыг ч адгуулж явсаар 20 гаруй жилийг үдсэн байна.

Мэдээж тэр том талбайд ажиллах хүч ихээр шаардагдана. Дээхнэ үед бол сумын төвөөр трактортойгоо нэг тойроход хүүхэд багачуудаас эхлээд тэтгэврийн насныхан ч гарч чиргүүл дүүрэн хүмүүс талбайд нь очиж ажилладаг байж. Харин өнөөдөр Сүжигт уулын алтны орд руу сумын ихэнх иргэн “нинжа” хийхээр явсан учир ногооны талбайд ажиллах хүн олдохоо больжээ. Өдрийн 30-40 мянган төгрөг амласан ч тоож ажиллах хүн тун ховор гэнэ. Тиймээс Батлан хамгаалах яамтай гэрээ хийжээ. Хавар, намартаа 25 цэрэг гэрээгээр авч ажиллуулдаг байна. Жирийн иргэдэд өгдөг цалингийн хувиар тооцоог нь хийж, хоол хүнсээр нь хангадаг аж. Батлан хамгаалах яамны зүгээс тавих ганц шаардлага бол хоолоор хангалуун байлгаж зодохгүй байх. Яагаад гэвэл зарим авир муутай хүмүүс хөлсөлсөн цэргүүдийг зодож, хүч хэрэглэж, илжиг шиг ажиллуулах тохиолдол гардаг аж. Харин өнөө жилийн тэргүүний тариаланч Ц.Дамба чихэр, боорцог, тамхи гээд дуртай зүйлээр урамшуулж, шагнал амлаж, хооронд нь уралдуулж ажиллуулдаг гэдгээ өгүүлж байв.

Тэрээр шударга хөдөлмөрөөрөө ажиллаж сайхан амьдрах боломж байхад шуналаасаа болж олдох олдохгүй алттай хөөцөлдөж хамаг амьдралаа барж байгаа хүмүүсийг хараад сэтгэл дундуур явдаг аж. Уг нь 1980-аад оны дундуур Герман ажилчдад орчуулагчийн ажил хийдэг байхад Ц.Дамбад “Энд асар их алт бий. Дэлхийн хоёрдугаар дайны төлбөрийг энэ уулаас авсан алтаар хийж барагдуулж байгаа” гэх мэтээр ярьдаг байж. Тэгээд германчууд 1990 онд буцахдаа “Чи энэ газрыг хувьчилж авбал Монголын тэргүүн зэргийн баян хүн болно. Нөөц нь дуусах болоогүй” гэж байжээ. Тэгээд шинэ УАЗ 469 машинаа өгөх гэхэд нь эмээгээд авч чадаагүйгээ тэрээр хүүрнэж байлаа. Ер нь Борнуур сумын иргэд уушгины өвчнөөр нас барах нь ихэсчээ. Арваад жил Сүжигтийн алтны ордод ажилласан сумын иргэд ингэж олноороо бурхан болж байгааг хараад “Тариа ногоогоо л тарьж суухгүй дээ” хэмээн халаглаж, шинээр нинжагийн эгнээнд шилжиж буй хүмүүст “боль” гэж байнга хэлдэг гэнэ.

Борнуур суманд өнөөдөр НҮБ-ын 4.5 тэрбум төгрөгийн санхүүжилттэй Усалгаатай газар тариаланг дэмжих төсөл хэрэгжиж байна. Төсөл дөрвөн үе шаттай явагдаж социализмын үед байгуулж байсан хиймэл нуурын суурин дээр нийт нэг сая 450 куб метр ус багтах санг байгуулсан байна. Усан санд хуримтлагдсан усыг Бороо голоор дамжуулан ногооны талбай руу хүргэх бүхий л суваг шуудуу, хаалт хийгдэж бэлэн болсон байна. Сүүлийн гурван жилийн турш Ус хэрэглэгчдийн холбооны тэргүүнээр сонгогдон ажиллаж эхэлжээ. Өнөө жилээс тариаланчид хэр их ус хэрэглэж байгааг хянахын тулд хөвөгч туухай зохион бүтээснээ тэрээр танилцуулав. Ингээд ирэх зунаас ус хэрэглэсний төлбөрийг авч эхлэх юм байна. Олсон орлогоо аж ахуйн үйл ажиллагаандаа хэрэглэж илүү гарвал сумынхаа шаардлагатай бүтээн байгуулалтад зарцуулах төлөвлөгөөтэй байгаагаа танилцуулж байв.

Ийнхүү энэ жилийн улсын тэргүүний тариаланчийн болзлыг хангаад буй Ц.Дамбынд өнжиж хөөрөлдөхөд ийм түүх хөвөрлөө. Тэрээр Борнуур сумаас төрсөн найм дахь улсын тэргүүний тариаланч болсон байна. Тэдний хүү нь Бурханч лам Г.Пүрэвбатын дүүгийн охинтой дотносож тийшээ гүйдэлтэй болсонд ихэд олзуурхаж байгаа ажээ.

Л.МӨНХТӨР

Гэрэл зургуудыг

Г.ЛХАГВАДОРЖ

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Эртний түрэг бичээсүүдийн утгыг тайлсан АКАДЕМИЧИЙНХ

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Л.Болд академичийнд өнжих хүсэлт тавихаар бямба гаригийн өглөө утас цохилоо. “За хүүхээ, ажил дээрээ удах байх шүү, хүрээлэн бол миний хоёр дахь гэр. Амьдралын минь дөчөөд жил энд өнгөрсөн болохоор гэрээс ялгаа байхгүй. Хүрээд ирэх үү дээ” гэж байна. Офицерын ордны буудлын хажууханд байрлах академийн нэгдүгээр байран дээр яваад очлоо. Хэл зохиолын хүрээлэнгийнхэн академийн байрныхоёрдугаар давхарт байрладаг юм байна. Л.Болд академич өрөөндөө шавь нараа тойруулчихсан ажил ярьж сууна. Хөгшнийхөө явуулсан баншийг үдийн хоолондоо идчихээд сууж байгаа нь энэ гэнэ. Төрийн тэргүүнээс монгол хэлний цахим толь бүтээх даалгавар авсан болохоор хүрээлэнгийнхэн хагас, бүтэн сайнгүй ажиллацгааж байгаа аж.Энэ оны арванхоёрдугаар сард цахим тольтой болчих юм байна.

Хүссэн үгээ оруулаад хаймагц салаа утга, шилжсэн утга, утга зохиолын жишээ, дуудлага авиа нь сонсох хэлбэрээр, бүр уйгаржин бичгээр яаж бичих нь хүртэл гараад ирэх гэнэ. Ирэх сарын дундаас цахим хуудсаа олон нийтэд нээлттэй болгож хүмүүсийн саналыг авах аж. Хүрээлэнгийн залуус цахим толь бүтээх ажлын ард гарах гэж амралтын цагаараа ч ажиллаж эхэлжээ. Батдорж гэж залуу байна. Компьютер хэл шинжлэлээр урд хөршид сураад ирж.

Академичийн ажлын өрөө их энгийн зохион байгуулалттай юм. Нэг хана нь тэр чигтээ хэл шинжлэл, түрэг судлалын номнууд. Номын сангаас гадна ажлын ширээ, буйдантай. Багшийнхаа зургийг номын сангийнхаа дээд талын тавиур дээр нандигнан залжээ. Түрэг судлаач гэдгээр нь хэл шинжлэлийнхэн андахгүй А.Лувсандэндэв академич энэ хүний багш. Тэрээр Х.Сампилдэндэв академичтай хамт МУИС төгсөнгүүтээ Намын төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлийн шийдвэртэйгээр хүрээлэнд томилогдон ирж байж. Хүрээлэнд ажиллаж эхлээд удалгүй багшийнхаа саналаар турк судлаач болсон юм байна. Багшийнхаа тухай байсгээд ярих юм. “Миний багш монгол-орос, орос-монгол толийг зохиоход гол үүрэгтэй оролцсон хүн. Хуучин цагт оюуны бүтээлийг мундаг үнэлдэг байжээ. Багш маань 1957 онд гарсан монгол-орос толийн ерөнхий редактороор ажилласан юм. Энэ толийг тухайн үеийн намын төв хороо дөчин мянгатын барилгыг ашиглалтад оруулсан дайны бүтээл туурвилаа гэж дүгнэсэн байдаг. Сүүлд орос, монгол 50 мянган үгтэй толь гэж гарсан даа. Багш маань Дамдинсүрэн гуайтай хамтарсан байдаг. Багшгуравны хоёрыг нь шахуу хийсэн байдаг юм. Цэдэнбал дарга тэр ажлыг ньОрос, Монголын хооронд төмөр зам байгуулсантай тэнцэхээр оюуны төмөр замыг тавилаа гэж үнэлсэн юм билээ. Багшийн нэг үгийг би амьдралынхаа зарчим болгосон. Хор багаддаггүй гэж байнга ярина. Бидний үеийнхэн биенээ хэмлэсээр байгаад дууслаа, үеийнхэндээ хор хийв ээ, үйл нь их хүнд тусдаг юм шүү гэсэн үг нь өнөө хэр мартагддаггүй” гэж багшийгаа дурсаж байна.

Хэл зохиолын хүрээлэнд байхдаа Б.Ринчентэй хамт ажиллаж байснаа бас дурсав. “Б.Ринчен багшийн докторын зэрэг хамгаалсан бүтээл нь хэвлэгдээгүй Унгарын Шинжлэх ухааны академид байна. Тэр бүтээлийн фото зургийг ШУА-ийнхааЕрөнхийлөгч Энхтүвшингийн дэмжлэгээр авсан. 1000 гаруй хуудастай бүтээл бий. Багшийнхаа бүтээлийгхоёр боть болгож хэвлэх ажил дээр сууж байна даа” хэмээн сонирхуулав.

Л.Болд академич турк судлаач болох шийдвэр гаргаснаасаа хойш тав, зургаан жилийн туршХөвсгөлийн цаатангууд дээр очиж, тайгаар гэр хийж үг цуглуулжээ. Турк судлаач гэх нэрийг 1978 оны хавьцаа авсан аж. Дараа нь VII-VIII зууны үед хамаарах эртний турк хэл судлах даалгавар авчээ. Эртний хөшөө дурсгал судалж эхэлсэн нь ийм шалтгаантай юм байна. Нэг хөшөөнийх нь зургийг ханандаа жаазлаад өлгөчихөж. Налайхаас цаахна орших мэргэн Тонюкукийн хөшөө байна. Академич хөшөөний түүхийг хагас цаг орчим ярив. Хөшөөн дээрх бичээсээс “Хятадын үг уран, торго зөөлөн. Ийм учраас уран үгс, зөөлөн торгоороо холын улсыг ойртуулж муу зан сургадаг. Аяа турк түмэн та нар энэ уран үг, зөөлөн занд нь хууртаж, хэдэн удаа сөнөв өө” гэсэн үгийг “Түүхийнхээ хувьд их сургамжтай” гэж онцолж байна. Бас “Ямар ч газрын хаантай улсад мунхаг түшмэл байвал түүн шиг гай хаана байх вэ, ийм учраас Туркийн ухаантай хаадын ард түмэнд хандаж Тонюкук би энэ хөшөөг гэрээслэн босгууллаа” гэсэн алдартай үгийг ишлэв. Турк гэдэг үгийн утгыг “сайн төр” гэж тайлснаа сонирхууллаа. За тэгээд Билгэ хааны дүүдээ зориулж торгоны замын уулзвар дээр босгосон хөшөөнөөс эхлээдтүүх өгүүлсэн хөшөө дурсгалын тухай яриа бараг цаг гаруй үргэлжиллээ. Судалгааны ажлаараа “Орхон бичгийн дурсгал” гээд дөрвөн ч боть ном хэвлүүлчихэж. “Академичийн нэмэгдэл гэж сард хэдэн төгрөг авдаг юм. Сүүлийн үед шүүмжлээд байх шиг. Тэр мөнгөөрөө ийм л юм хийдэг” гэж байна. Туркуудын голлон нутаглаж байсан газар Орхоны нутаг учраас Орхон бичиг гэсэн нэрийг өгсөн гэнэ. Туркийн түүхтэй холбоотой хөшөө, дурсгалын зургуудыг хачин тод хэвлэсэн орос ном сонирхуулав. 1889 онд анх хойд хөршид хэвлэгдэж байжээ.

“Сүүлийн үед Засгийн газар ШУА-ийг татан буулгаж их, дээд сургуулиудад нэгтгэх ёстой гэж яриад эхэллээ” гэж үг үүсгэхэд”Монгол төр шинжлэх ухааны ололтодтулгуурлаж байж л чанга байсан. Чингэс хааны үед Цэцдийн зөвлөл гэж байлаа. Хубилай хааны үед Бичгийн мэргэдийн хүрээлэн гэж байсан. Ардын засаг тогтоод дөрөвхөн сарын дараа Судар бичгийн хүрээлэнтэй болсон. Улс орны хэтийн төлөвийг тодорхойлоход эрдэм судлалын ажил хэрэгтэй гэдгийг цаг цагийн төр ухаарсан хэрэг. Ийм том уламжлал байсаар атал тэр улсад тэгдэг гэсэн хийсвэр сэтгэлгээгээр хандах нь олон урхагтай. Үгүй ядах нь аа, төрийн бодлого суларна” гэснээс өөрийг хэлсэнгүй.

Кирилл үсгийг халж, уйгаржин бичигтэйболох санаачилгын талаар ямар бодолтой явааг нь сонирхоход “Хятадууд ханз үсэгтэй 5000 жил болсон. Бид авианы бичигтэй нэлээд удлаа. Хятад ханзаа солиогүй. Бид бичгээ арваад удаа сольсон. Ийм том хөршийн нөлөөнд хэлээ мөхөөхгүй гэдэг үүднээс л бид авианы бичгийг хадгалж үлдсэн. Хятад, японууд ханзтайгаа зууралдаж болоод байхад бид уйгаржинтайгаа зууралдаж болногэдэг өрөөсгөл ойлголт. Хятадууд ногоо идэж болоод байхад бид мах идэхээ болих ёстой гэснээс өөрцгүй хэрэг л дээ. Уг үндэс хөндсөн асуудал болох гээд байгаа юм. Үе үеийн хэл бичгийн эрдэмтэд үсэг бичиг боловсруулаагүй бол биднийг ямар хувь заяа угтах байсан бол. Эртнийхийг нь мэдэхгүй юм. Сүүлийн үеийн байдлыг харвал буриад шиг холимог хэлтэй болно. Эсвэл өмнөд монголчууд шиг тулга тойрсон явцуу хоёр хэлтэн болно. Монголчууд өргөмөл хүүхдээ хүнийх гэж адалдаггүй шиг бусдаас авч өөрийн болгосон бичиг үсгээ энэ нь бидний үндэснийх, тэр нь гадных гэж ялгах хэрэггүй л дээ” гэсэн хариу өгч байна.

Биднийг өрөөнд нь яриа хөөрөө өрнүүлж суух зуур эхнэр, охид нь хэд хэдэн удаа утасдав. Сурвалжлага хийнэ гэх сургаар гэр бүлээрээ цуглаад хүлээж байгаа гэнэ. Удсан ч үгүй академичийнх руу явахаар хүрээлэнгийн байрнаас гарлаа. Гурав, дөрөвдүгээр хороолол руу таксигаар явах зуур мөн л урт яриа өрнүүлэв. Л.Болд академичийг их сургуульд сурах үед Ш.Гаадамба, Ш.Лувсанвандан зэрэг аваргууд хичээл ордог байж.Хэл зохиолын хүрээлэнд очиж Лувсандэндэв академичийн шавь болох хүртлээ А.Лувсанвандан гэдэг эрхэм хүний шавь байжээ. “Надад монгол хэл шинжлэлийн дөр суулгасан ачтай хүн. Ухаандаа би өөрийгөө батарей гэж бодоход тэр үед авсан цэнэгээрээ өнөөг хүртэл явж байна. Лу багш их дөлгөөн. Өндөр мэдлэгтэй. Мэдэхгүй юм гэж үгүй. Хэнийг ч голохгүй ярина. Залуу цагт аль дэггүйтэхийг тэр гэхэв. Манай ангийн ихэнх нь яруу найрагт сонирхолтой. Хэлний хичээлд жаахан сонирхол муутай. Өдөр бүр нэг хүүхэд Лу багшаас ямар ч хамаагүй асуулт асууж хичээлийн цагаас хугаслах даалгавартай. Нэг удаа Өмнөговийн Мөнхөөгийн ээлж таардаг юм. Нөгөөх чинь, багшаа таны трубка Английнх уу гэж байна. Багш тамхи их татна. Модон толгойтой трубкатай болсон үе. Тэгсэн багш трубканыхаа модны тухай яриад, сүүлдээ бүр Англи, Хятадын дунд өрнөсөн хар тамхины дайны тухай яриад явчихлаа. Ёстой номонд цагааширсан хүн гэвэл миний багш даа. Хүрээний намтар түүхийг мэднэ гэж. Барон Унгернийг нийслэлд ирэхэд ямар байшинд байрлуулснаас эхлээд их сонирхолтой зүйлс ярина. Би уг нь Га багшийн ажиллуулдаг утга зохиолын дугуйланд явдаг байсан юм. Ном зохиол уншдаг, хармааны шүлэгтэй хүүхэд их сургуульд элссэн болохоор тэр байх. Сүүлдээ хэл шинжлэл рүү урвасан. Манай Га багш чинь”Нууц товчоо”-г уран зохиолын дурсгал талаас нь сүрхий судалсан. Дэлхийн хэн ч энд нь хүрэхгүй гүн гүнзгий ул мөр үлдээсэн хүн дээ” гэж хууч дэлгэлээ.

Хагас цагийн дараа гэрт нь ирэв. Академичийнх гурав, дөрөвдүгээр хорооллын эцсийнөндөр цэнхэр байруудын нэгэнд дөрвөн өрөө сууцанд амьдардаг юм байна. Болд академичийн хоёр охин хүүхдүүдтэйгээ ирчихэж. Гэрийн эзэгтэй ширээ зассан том өрөөндөө урив. Академич “Манай хүн айлын өргөмөл ганц охин. Би айлын дөрвөн хүүхдийн отгон нь. Бид хоёр чинь одоо арвуулаа болсон. Жендерийн тэгш харьцаатай. Таван эрэгтэй, таван эмэгтэйтэй болохоор март, цэргийн баяраар хүйсийн харьцаа тэнцдэг юм” гэж хэлээд хөгжилтэйгөөр инээв. Эдний том охиныгХалиун гэдэг юм байна. Хөнгөн үйлдвэрийн инженер технологич мэргэжилтэй аж. Харин бага охин Булган нь энд Хүмүүнлэгийн ухааны их сургууль төгсөөд Германдсурч байгаад иржээ. Л.Болд академич “Төгсөөгүй сургууль байхгүй. Манай хамгийн олон дипломтой хүн. Тэр халдвар нь том зээд маань халдчихаад болдоггүй. Миний амины зээ байгаа юм. Төгөлдөр хуурч. Францад сурч байгаад одоо Швейцарьт сурч байна. Ахиад хоёр жил болно гэхээр нь нүүр өгөхгүй байгаа” гээд мушилзав. “Хөгжмийн урлагийг Европоос харах нэг өөр. Дорно дахинаас бас өөр шүү. Зээдээ дорно дахины нэг сургуульд заавал сурах ёстой шүү гэж захидаг юм” хэмээн яриагаа үргэлжлүүллээ.

Академичийн зээ нартом болжээ. Том охиных нь ууган хүүхэд нь Швейцарьт байгаа төгөлдөр хуурч бүсгүй юм байна. Бага хүү нь МУИС-ийн эдийн засгийн сургуулийн оюутан аж. Бага охины том хүү нь нэгдүгээр сургуульд сурдаг юм байна. Том хоёр зээшиг нь орос сургуульд оруулах төлөвлөгөөг гэрийнхэн нь гаргасан байсан ч өвөө нь суулт зарлах шахаж байж монгол сургуульд оруулжээ. Монгол хэлтэй хүн болгох гэж тэмцсэн нь тэр гэнэ. Дөрвөн нас хүртлээ Германд байсан зээ нь нар, гоё гэдэг хоёрхон монгол үгтэй ирж байж. Саяхан герман хүний яриаг сонсоод ойлгож байгаагаа өвөөдөө хэлжээ. Академич “Тийм багадаа ярьж байсан хэлээ одоо ойлгоод байна гэхээр сонин юм шүү. Поппе гэжОросын эрдэмтэн бий. Герман руу гараад тэндээсээ Америкт очиж амьдарсан юм. Шинжаанд төрсөн хүн л дээ. Багаас нь харж байсан хүн нь хятад хөгшинбайж. Хятадаар хэлд орсон гэсэн үг. Тэр эрдэмтэн ерэн нас хүрч байж нас барсан. Сүүлдээ хятадаар ярьж байсан гэдэг. Тайлагдаагүй нууцын нэг гэж боддог юм” гэж ярив. Булганыотгонохин нь эдний гэр бүлийн гол “командлагч”, дөрвөн настай Есүй. Биднийг сууж яриа өрнүүлэх зуур хөгжим дуугардаг номоо дэлгэж байгаад “Снегурочка” дууны аянд бүжиглэнэ гэж үзүүлж байнаа. Манай зурагчныг аппаратаа барихаар л пооз авч өмнүүр нь гүйнэ.

Гэрийн эзэгтэй Доржханд Геологийн яаманд хуулийн зөвлөх албыг олон жил хашжээ. Дөрвөн сайдын нүүр үзсэн гэнэ. Ховдын уугуул хүн юм байна.Л.Болд гуайн тухай ярихаараа “Багш чинь” гэж ирээд яриа дэлгэнэ. “Багш чинь хангайн хүн хэрнээ Ховдын байгалийг сайхан гэнэ. Цамбагарав уулыг их шүтдэг юм” гэхэд академич хажуугаас нь “Би Ховд руу олон явсан л даа. Өнгөрдөг зун хөгшинтэйгөө анх удаа хамт очлоо. Ай мөн ч гоё байна аа. Нөгөө Буянт гол дуун дээр гардаг шиг “Уудам шаргал хөндий…” тэр чигээрээ дурайгаад ирж байгаа юм” гэж хэлээд цайгаа оочиллоо.

Зочны өрөөний ханын шүүгээнд аяга шаазангийн иж бүрдэл, чамин хэлбэр дүрстэй хундага савыг өнгө өнгөөр нь өржээ. Эзэгтэйн хобби гэнэ. Заан гэхэд л янз бүрээрээ байна. Эзэгтэй “Дээхнэ үед нэг гишүүн зурагтаар жаран заантай гэж ярьж байна лээ. Миний цуглуулсан заан ная дөхөх байх шүү” гэж байна. Энэ гэрийн шүтээн нь Далай ламын хөрөг. Зочны өрөөнийхөө хоймор хэсэгт залжээ.

Зочны өрөөнд буйдан, цайны ширээнээс гадны хоёр ч номын шүүгээ зэрэгцүүлжээ. Мөн л хэл шинжлэл, турк судлалын номнууд дүүрэн. Академичийн ажлын өрөөг нь сонирхлоо. Ханаар нь дүүрэн ном өрсөн мөн л хэл шинжлэл, турк судлалынх аж. Мөнгө хайрлахгүй авдаг ганц эд нь ном гэнэ. Турк судлалын ном гэхэд л төрөл бүрээрээ. “Эртний турк, монгол хэлний хэл зүй, үгийн сангийн судлалыг сонирхож ажилладаг хүн дээ би. Монгол хэл шинжлэлийн түүхийг бас их сонирхоно. Миний номнууд голдуу тэр чигийнх” гэж ярив. Монголд ганцхан хувь ирсэн ном ч байгаа гэж академич сонирхуулав. Өвөөгийн амины ганц зээ охины зураг номын санд нь лав л хоёр харагдлаа.

Эзэгтэй нэг сонирхолтой хууч дэлгэв. “Багшид чинь гадны эрдэмтэд ирэхээрээ доллар өгдөг байлаа. Хуучин цагт доллар гэдэг амар олддог зүйл биш л дээ. Тэрүүгээрээ голдуу ном авна. Нэг удаа гадны эрдэмтний өгсөн хорин долларын 18-аар нь багш чинь ном авдаг юм.Үлдсэн хоёр доллараар нь би Улаанбаатар зочид буудлын доод давхраас нэг доллар наян центийн “Кристиан диор”-ын ус авчихлаа. Дараа нь дахиад хорин доллар бэлгэнд ирлээ. Ноолууран цамц анх гарч байсан үе. 18 ам.доллараар нь ноолуурын цамц, үлдсэн хоёр доллараар нь гурван ширхэг FA саван авсан юм. Гэтэл нэг өдөр НАХЯ-нд дуудагдав аа. “Яахаараадоллартай байдаг юм, хэн өгсөн бэ” хэмээн асууж байлаа” гэж хэлээд инээмсэглэв.

“Эрдэмтний эхнэр байх хэр хүнд алба вэ” гэж асуухад “Ерээд онд их хэцүү байлаа. Том зээ төрчихсөн, ээж нь оюутан. Хүүхдээ тэжээх сүү байдаггүй. Мах, хүнс ховор. Наймаа ид эхэлж байсан цаг.Багшид чинь ажлаа боль наймаанд яв гэлээ. Тэгсэн чинь Орос рууявж доктор хамгаалж ирээд номоо хаяж гахай үүрнээ л гэж байна. Түүнээс хойш энэ сэдвээр ярихаа больсон. Хүний нутагт цол хамгаалах өвгөнд хэцүү байсан байх. Надад бүр хэцүү байлаа. Ул боов, ууц, нэг авдар архи ачаад Улаан-Үүдэд очлоо. Эрдмийн зөвлөлийнх нь хамгийн залуу нь гэхэд л багш шиг чинь хүн. Буурал толгойтой мундаг хүмүүс.Илтгэл тавьж байгаа хүн рүү огт хардаггүй, сонсоод сууж байдаг юм билээ. Би чинь тэнд улаан дээл, ногоон бүстэй гүйгээд байдаг. Бараг хорин удаа таван давхарт гарсан байх. Нэг давхрын ресторанд идээгээ засчихаад шийд гарахыг хүлээж байгаа нь тэр. Нэг харсан манай хүн хөлсөө арчиж байна. Нэг орос хүүхэн гараад ирлээ. Бүх юм болсон гэж байна. Удсан ч үгүй тогтоол уншиж эхэлдэг юм. Юу ч сонсогддоггүй. Гэтэл алга ташаад явчихлаа. Өвгөнтэйгөө уулзах завдалгүй шатаар уруудаад гүйж явлаа. Амьдралд хэрэггүй номын хүний ар гэр ч хэцүү шүү дээ. Багш чинь сүүлийн таван жил талх аваагүй. Дээхэн нэг талх авсан юм. Амьдрал аймаар болж, 5000 төгрөгөөр хоёр талх авлаа гэж толгой сэгсрээд сүйд орж ирсэн. Хэдэн төгрөгийн цалинтайгаа мэдэхгүй хүн шүү дээ” гэж хууч дэлгэлээ. Талхны тухай ярьтал түрүүнээс хойш дуугүй сонсч дуусан академич”Тэрийг ярих хэрэг байна уу” гэж мушилзажбайна. Зээ охин Есүй энэ хооронд огт зүгээр суусангүй. Дуулж, бүжиглэж, цэцгээ усалж, зурагчны өмнө пооз авч, сүүлдээ бүр төгөлдөр хуурын ард тухлаад авав. Эмээ нь ноттой дуу хэвлэсэн хуучны ном төгөлдөр хуурынх нь өмнө тавихад хэзээний хөгжимчин шиг хуудсыг нь эргүүлж ирээд, толгойгоо үл ялиг гилжийлгэж байгаад хөгжмийн товчлууруудыг хэвлүүхэн гэгч нь тоншиж эхэллээ. Эмээ нь “Гавьяат шиг л байгаа биз” гэж ирээд өхөөрдөнө. “Хөгжимдөж” дуусангуутаа ёсолж, алга ташуулж тэрүүхэндээ тоглолт хийчихэв. Өдөрт хэд хэдэн удаа “төгөлдөр хуурч” болж гэрийнхнээ хөгжөөдөг гэнэ. Есүй эмээтэйгээ өдрийг өнгөрөөдөг аж.

Л.Болд академич эхнэртэйгээ 1966 онд МУИС-д элссэнийхээ дараахан сангийн аж ахуйн намрын ажлаар танилцаж гэр бүл болжээ. Жаргалантын сангийн аж ахуйд төмсний талбайд нэг нь хүрзээр төмс гишгэж, нөгөө нь түүж танилцаж байж. Тэр үеийн залуусын жишгээр ахынхаа хажуу өрөөндхоёр модон хайрцаг, хоёр чемодан, хоёр гудас, цагаан ортой амьдралаа эхэлсэн аж.

“Танай хүн цаатангууд руу их явдаг байсан гэсэн. Ихэнхдээ эзгүй байдаг байжээ дээ” гэхэд “Ихэнхдээ эзгүй байсан шүү. Хавар гэрээ барихад байхгүй. Намар гэрээ дулаалахад эзгүй. Цаатан руугаа яваад ирэхээрээбөөстэй хувцастай л босго давна. Гэхдээ багшийн чинь ажил их буянтай. Манай хүн арваад доктор төрүүлсэн. Энэ өрөөнөөс нэлээд нь жигүүр ургаж ниссэн. Бүр гадаад шавь хүртэл байсан. Роберт гэдэг румын залуу байлаа. Тэр үед цаг хэцүү учраас улс нь чадлаар бага, дайн тулаантай. Багш чинь Сангийн яамаар явж хэдэн төгрөг олж өгч, дээл хувцас бэлдэж өгч байлаа. Ер нь би өвгөнийхөө шавь нарыг цол зэргээ хамгаалаад гарахад нь их бэлгэдэлтэй үддэг. Шүдэнз зурна. Гал шиг бадарч яваарай гэсэн бэлгэдэл. Шинэ хүн төрж байна гэсэн бэлгэдлээр дээл хийж өгнө. Шавь нарыг нь их эрхлүүлнэ ээ” гэж ярив.

Л.Болд академичийн өвөг эцэг нь Амарбаясгалант хийдийн том лам байсан гэнэ. Алдар нь Гүнгэр. Одоо эдний удмын ургийн овог болжээ.Академичийн аав Лувсандорж чАмарбаясгалант хийдэд шавилж байжээ. Залуугаасаа багшийнхаа зөвлөгөөг дагаж хар болсон ч ойр зуурын уншлагатай байж. “Аавыг хар болох үед цаг хэцүү байсан л даа. Алтанбулагийн сэргийлэхэд лам нарыг бариулах ажил хийлгэх гэж дуудаж л дээ. Тэр бэрх ажлаас зугтаж цэрэгт олон жил болсон байдаг. Өвөг эцгээс минь үлдсэн хөөрөг,арваад мөнгөн аягийг хөгшинтэйгөө амралтанд явах хойгуур хулгай аваад явчихсан юм. Дамдинсүрэн гуай цай уухад заавал мөнгөн аягаар яах юм, ам түлчих гээд хэцүү гэдэг байсанюм. Нээрээ их гоё үг. Би Хушаат сумын бага сургуульд сурдаг байлаа. Тэр үед сурагчид лам нарын хөөргөөр чернилийн сав хийдэг байлаа шүү дээ. Хөөрөг тийм үнэ цэнэгүй байсан үе бий. Сүүлд бэхийн шилэн сав гарч ирсэн” хэмээн яриа дэлгэлээ. Өвөг эцгээс нь өвлөж үлдсэн зүйл гэж бор модон эрхи сонирхуулав. Оюутан зээ хүү нь өвгөөсөө үлдсэн эд зүйлийг хадгалдаг гол хүнгэнэ.

Том охин Халиунтай гал тогоонд хоол, цай бэлдэх үеэр нь хууч хөөрөхөд аавынхаа талаар “Миний аав хүүхдүүдээ эрхлүүлэх дуртай. Зээ нартаа бол бүр амь. Зээ нараа миний бурхан л гэнэ. Ямар ч ажлыг дуустал нь, нямбай хий гэж их захина. Өөрөө их нямбай хүн л дээ” гэж ярив.

Эзэгтэй ойрд цагаан сарын бэлтгэл гээд зав зай муутай байгаа аж. Академичийнд хэд хэдэн дээд сургууль, академийнхан золгуут хийхээр ирдэг гэнэ. Доржханд гуай “Хориод шавь нь гэхэд л дөч, тавь болж орж ирнэ. Уг удмаас гэхэд багшаас чинь ах улс хүртэл ургийн дээд хүн гэж ирж золгоно. Жил бүр золгуутаар ирэх хүмүүсийн нэрсийг 100, 200-гаар жагсааж байгаад бэлгээ бэлддэг. Энэ жил ураг саднаас гэхэд таван өлгийтэй хүүхэд нэмэгдсэн” хэмээн сонирхуулав. Ямар сайндаа л хамаатных нь нэг хүүхэд бэлэг өрсөн жижиг өрөөгөөр нь шагайгаад “Хөөх бараг нэг портер бэлэг байна шүү дээ” гэж дуу алдахав. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвынхтай айлсаж зусдаг болохоор их дотно гэнэ. Цагаан сараар гэр бүлээрээ ирж золгодог хүмүүсийн нэг юм байна. Эзэгтэй цай аягалах зуураа”Сайд байхдаа дохиогоо хангинуулж ирээд, хамгаалалтын машин зогсоож байгаад иржзолгодог байлаа. Таарсан хүмүүс их бэлгэшээнэ. Байж байгаа нь их сайхан, монголжуу хүн. Манайд байсан хүмүүс хүүхдээ золгуулахаар тэрэн шиг сайн хүн болоорой гэж ерөөнө. Ийм үг сонссон аав, ээж бэлгэшээнэ гэж жигтэйхэн. Манай Тэрбишдагва чинь далай лам дээр очоод ирэхдээ хүртэл танайхыг даалгасан шүү гээд арц утлага хүртэл авчирч өгдөг юм” гэж яриа дэлгэв. Академичийнхаас гархад 20.00 цаг өнгөрч байлаа.

Ц.БААСАНСҮРЭН

Гэрэл зургуудыг

Г.ЛХАГВАДОРЖ

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Өнөө жилийн цагаан сарын буузны амтыг “Нүүдэл” брэнд өнгөлнө

Цаг агаарын байдал цагаан сарын буузанд ч яах аргагүй асуудал үүсгэж мэдэхээр байна шүү. Нийт нутгаар өмнөх жилүүдийнхийг бодвол харьцангуй тогтуун сайхан байгаа. Говийн аймгуудаар бүр нэмэх хэмтэй өдрүүд ч байсан. Идэр есийн хүйтэн шувтрахад Монгол түмэн маань сар шинийнхээ баяртай золгоно. Энэ янзаараа налайсан өдрүүд үргэлжилбэл бууз, банш хөлдөж өгөхгүй шинжтэй дэг ээ. Тээр жилийн сар шинийн баяр санаанаас минь огт гардаггүй юм.

Цагаан сар ч гуравдугаар сар дөхөж болсон байх. Бууз, банш хөлдөж өгдөггүй. Дэмий амсар нь хатаад байдаг. Дээр үеийн орос хөргөгчний хөлдөөгчинд юу шальтай оров гэж дээ.

Гаднах температурт хөлдөхгүй байгаа буузаа хөлдөөгчиндөө цөөн ширхгээр нь хийж аваад л хөлдөөмөөр аядаад шуудайлаад байлаа. Шинийн нэгний өглөө зочин гийчиндээ буузаа жигнэж өгөх гэтэл бүгд хоорондоо наалдчихаж. Баарцагласан нэг том бууз болчихсон байж билээ. Одоо ч тэр үеийг бодвол бэлэн үйлдвэрийн бууз гэж сайхан юм элбэг болсон. Ажил алба ихтэй хот суурин газрын мань мэтийн хүмүүст бэлтгэсэн бууз, банш авчихаар амар байдаг юм. Цагаан сарын нөр их бэлтгэлийн ажил хөнгөрөөд л явчихна. Үйлдвэрийн бууз болгон адилгүй. Орц, найрлага, амт чанарыг судалж, сонголт хийнэ гэдэг түвэгтэй. Монголчууд сар шинийн бууз банш ямар байхаас тухайн жилийн өнгөө тодорхойлдог уламжлалтай ард түмэн. Өнөө жилийн цагаан сарын бууз, баншны амтыг “Махимпэкс” компанийн “Нүүдэл” брэнд өнгөлнө гэдгийг “Танайд өнжье” буландаа онцлон хүргэж байна. Эдний бүтээгдэхүүн хэрэглэгчдээс авсан судалгаа, амталгаагаар олны сэтгэлд таашаагдсаар ирсэн. Тиймээс “Нүүдэл” бууз, баншийг хэрэглэгчид сэтгэлд өег гээд шуудсонгож байгаа. Дан ганц бууз, банш гэлтгүй “Мах импэкс”-ийн хиамнууд ч дэлгүүрийн лангуун дээрээс хамгийн түрүүнд дуусчихсан байдаг. Үнэхээр амт чанараараа тасархай юм чинь мэдээж шүү дээ. Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, үндэсний ууган компанийн гал тогооны ажил хэрхэн өрнөдгийг сурвалжиллаа. Тус үйлдвэрт үүр цайхаас үдшийн бүрий хүртэл бүтэн нэг өдрийн турш өнжсөн тэмдэглэлээ хуваалцаж байна.

ӨГЛӨӨТЭЙ УРАЛДАХ ҮЙЛДВЭРИЙНХЭН

Таван шард байрлах “Мах импэкс” компанидманай сурвалжлах баг 06.20 цагт очлоо. Борлуулагч, түгээгчид аль хэдийнэ ирчихэж. Тун их ажилтай хүмүүс нааш цааш сүлжилдэнэ. Шинэхэн бүтээгдэхүүний ачилт ид явагдаж байлаа. Ер нь үйлдвэрийн ажил эндээс л эхэлдэг байна. Хиамнуудаа нэр төрлөөр нь ангилан сагснуудад хуваан хийжээ. Электрон пүү дээр тавьж жинлэнэ. Нярав, борлуулагч хоёр ширээний ард суучихсан зэрэг тэмдэглэл хөтөлнө. Нэг сагс бүтээгдэхүүн гэхэд 20-30 кг татаж байна лээ. Эдний үйлдвэрийн эртэч хүмүүсийн нэг борлуулагч Ш.Чанцалдорж гуайтай уулзлаа. Тэрбээр 1979 оноос хойш өнөөдрийг хүртэл үйлдвэртээ технологичоос авахуулаад цехийн дарга хүртэл ажиллаж байсан нэгэн.Өглөө бүр 06.00 цаг гэхэд ирдэг тэрбээр ажлынхаа онцлогийн талаар сонирхуулахдаа “Ах нь гэрээсээ 05.30 цаг гэж гараад ажил дээрээ ирнэ. Бүтээгдэхүүнүүдээ хүлээж аваад дэлгүүрүүддээ хүргэнэ дээ. Миний хувьд 50 гаруй дэлгүүрт борлуулалтаа хийнэ. Манай бүтээгдэхүүн амт, чанарын хувьд бусад үйлдвэрийнхээс шал өөр байдаг юм. Тиймээс дэлгүүрүүд дуртай авна, бүтээгдэхүүнтэй буцаж ирнэ гэсэн ойлголт байхгүй” гэв.

Ийнхүү гадаа нэг цуваанд орон зогсох түгээлтийн машинуудад 07.25 цаг гэхэд бүтээгдэхүүнээ ачиж дууслаа. Эдний бүх ажил хуваарийн дагуу явагдана. Минут, секундээр хэмжигдэнэ гээч. Хэрэглэгчдийнхээ өглөөний цайг хоцроохгүй гэж ургах нартай уралдан ажиллацгаана. Бүтээгдэхүүн зайгүй ачсан арав гаруй машин 07.30 цагт хөдөллөө. Тэд нийслэлийн зургаан дүүрэгт бараагаа хүргэдэг. Эднээс гадна орон нутгийн түгээгчид гэж тусдаа байна. Налайх, Багахангай, Багануур гээд алслагдсан дүүргүүд болон Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Дорнод аймаг руу ч бүтээгдэхүүнээ түгээж байгаа гэсэн.

“МАХ ИМПЭКС”-ИЙН ДОТООД ХЯНАЛТЫГ МАГТЪЯ

“Мах импэкс”-ийн 16 нэр төрлийн хиам үйлдвэрээс борлуулалтад гарахдаа олон шат дамжлага давдаг юм билээ. Мэдээж, бүтээгдэхүүн болгоноос дээж аваад тэрийгээ хадгална. Дээрээс нь дотоод лабораторидоо шинжилгээ хийнэ. Химийн болон микробиологи гэсэн хоёр хэсэгтэй. Хяналт, шалгалт нь чанга гэж жигтэйхэн. Яг л мэргэжлийн хяналтынхан гэсэн үг. Бүтээгдэхүүнд нэг л үл тохирол илрэхэд тэр төрлийг зөрчил дутагдлаа арилгатал нь худалдаанд гаргахыг тас хорьчихдог гэсэн. Нэгэнт л хүний эрүүл мэндтэй холбоотой хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа улс чинь ингэж ажиллахгүй гээд ч яах билээ. Хамгийн чухал нь эрүүл, аюулгүй бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүргэхийн тулд лаборатори найдвартай, баталгаатай байх учиртай. Эдний лаборатори хүнсний бүтээглэхүүний химийн найрлагыг богино хугацаанд найдвартай тодорхойлдог ХБНГУ-ын иж бүрэн компьютерийн удирдлага бүхий тоног төхөөрөмжтэй. Түүнчлэн ажилчдын хувцас, үйлдвэрлэлийн орчноос тогтмол шинжилгээ авч, ариун цэвэрт хяналт тавьж ажилладаг болохыг Лабораторийн эрхлэгч, доктор профессор С.Уянга ярилаа. Сонирхуулахад тус лаборатори Стандартчилал хэмжил зүйн үндэсний төвөөс зохион байгуулдаг шинжилгээний ур чадвар үнэлэх шалгалтадбайнга 90-100 хувийн гүйцэтгэлтэйгээр оролцдог байна.

Лабораторийн шинжилгээнд орсон ч гэсэн бүтээгдэхүүнийг ачихаас өмнө төмөр сав барьсан, цагаан халадтай эмэгтэй орж ирээд сагсанд хийсэн хиамнуудыг нэг бүрчлэн эргүүлж тойруулан харж, нэр төрөл болгоноос зүсч авч байсан нь лабораторийн ажилтан байжээ. Тэрбээр хиамнуудад мэдрэхүйн эрхтний шинжилгээ хийж үнэлгээ өгдөг байна. Амт, үнэрээс нь хужир тунг хэрхэн тааруулсныг гаргаахгүй сайн мэднэ. Хэрэв жаахан асуудал гарах юм бол тухайн бүтээгдэхүүнд хориг тавих бүрэн эрхтэй.

“Махимпэкс” компанийн Малын их эмч Л.Дуламжавын ярьснаар лаборатори бэлэн болсон бүтээгдэхүүнийг шинжлэхээс урьдаар гаднаас ирэх түүхий эддээ их анхаарал тавьдаг байна. Ийнхүү нарийн хяналт шалгалтыг давсан сайн чанарын бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдэд хүрэхээр замдаа гарлаа. Гадаа гэгээ орохтой зэрэгцэн “Махимпэкс” компанийн хөл хөдөлгөөн ч нэмэгдэв. Үйлдвэрийн ажил 08.00 цаг гэхэд ерөнхийдөө жигдэрдэг юм билээ. Хиам болон бууз баншны үйлдвэрлэлт хэрхэн явагдаж байгаа шат дамжлагыг сонирхлоо. Цехүүд сэрүүн, шал нь нойтон байгааг тодруулахад “Тогтмол усаар цэвэрлэгээ хийх ёстой. Мөнхалуун орчинд нян үрждэг болохоор сэрүүн нөхцөлд үйлдвэрлэлээ явуулдаг” гэж технологичид тайлбарлав.

“НҮҮДЭЛ” БУУЗАНД ЭЛДЭВ АМТЛАГЧ ХОЛЬДОГГҮЙ

“Мах импэкс” компани “Нүүдэл” нэртэй бууз, банш худалдаанд гаргаад багагүй хугацаа өнгөрсөн. Үндэсний брэнд бүтээгдэхүүн болсон “Нүүдэл” бууз, баншийг үйлдвэрлэж байгаа цех рүү ортол ихэд дотно санагдлаа. Цагаан сар дөхөхөөр аав, ээж, ах, эгч нартайгаа ширээ тойрон сууж байгаад буузаа хийдэг багын дүр зураг буув. Тэнд цагаан халат, малгай өмсч, амны хаалт зүүсэн бүсгүйчүүд буузыг чамбай гэгч нь “урлаж” байлаа. Томоос том ванданг тойрон сууцгаажээ. Есөн өөр хүн чимхэж байгаа хэрнээ яг л нэг гараар хийсэн шиг хийцтэй. Нэгэн жигд тасдсан гурилыг гурван эмэгтэй элдэх гэж хурдан юм. Гараар элдсэн буузны гурилны ёроол салж унаад байдаггүй давуу талтай. Ингэж элдэхийн өөр нэг онцлог нь гурилны нимгэн зузааныг гарын мэдрэмжээр тааруулдагт байгаа юм. Бууз, баншаа “Милл хаус” үйлдвэрийн дээд зэргийн гурилаар хийж байгаа болохоор урсч, наалдана гэсэн асуудал гарахгүй гэж хариуцсан технологич Ц.Цэрэнлхам бидэнд өгүүлэв. Харин баншны хувьд чимхэлт нь автомат машинаар жигд дараад гаргаж байна лээ. “Нүүдэл” брэндийн жорыг танилцуулахад дээд зэрэглэлийн гурил, тарган хонь, үхрийн мах, сүүл, сонгино, гоньд, давс. Яг л бидний гэртээ хийж иддэг буузны жор байгаа биз. Өөр ямар нэгэн амт оруулагч байхгүй. Монгол буузны амт, жорыг хадгалдаг болохоор эдний бууз бусдаас ялгардаг ажээ. Чимхэж бэлтгэсэн буузаа хасах 30 хэмийн хөлдөөгчинд гурван цаг болгоход тэс хөлддөг юм билээ. Ер нь орчин цагт гэртээ ул боов хийдэг айл үлдээгүй шиг бууз хийх завтай хүн тун цөөхөн биз. Цаг заваас гадна зөвхөн Улаанбаатар гэхгүй Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ гэх мэт хот суурин газрын хүмүүс бууз хийгээд хөлдөөх аргагүй болсон. Жилээс жилд нэмэгдэж байгаа утаанд уушги, ходоодоо зэрэг хордуулаад яахав. Иймд баталгаатай газар үйлдвэрлэж, зориулалтын орчинд хөлдөөсөн, үндэсний манлай үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүн болох “Нүүдэл” брэндийн бууз энэ жилийн сар шинийн баярын буузны амтыг өнгөлөх нь тодорхой. Ер нь тэгээд хүн хүч, явдал чирэгдэл болж гэртээ хийснээс бэлэн бууз худалдаж авсан нь биед амар. Зардал мөнгөний хувьд дүндээ дүн болж байна лээ. Уншигчид маань харьцуулаад үзнэ биз. “Нүүдэл” бууз нэг кг нь 6600 төгрөгийн үнэтэй гэсэн. Мянган ширхгийг авахад 260,000 орчим төгрөг болно. Гэртээ 1000 бууз хийхэд ч ай даа мөн их ажил болно доо. Зах руу явж мах сонгоод, гурилаа шилээд, хамжиж чимхэх хүн дуудаад…

“Мах импэкс”-ийн бууз, банш хийдэг Хагас боловсруулсан бүтээгдэхүүний цехэд бас хуушуур, котлет, бургер, бөөрөнхий мах үйлдвэрлэдэг юм билээ.

ОРГАНИК ОРЦТОЙ ОЛОН ТӨРЛИЙН ХИАМ ШИНЭЭР ХИЙНЭ

“Махимпэкс” компани өнгөрсөн оноос “ISO 9001” чанарын стандартыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн бол 2007 оноос техник технологио шат дараатай бүрэн шинэчилжээ. Герман, Австри зэрэг улсад үйлдвэрлэсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд нь өдөрт 15 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Бүтээгдэхүүн боловсруулах бүхий л үйл явц дамжлага нь автомат болохоор ажлын бүтээмж ч жигд явагддаг байна. Дээрээс нь ариун цэврийн шаардлага хангахдаа стандартыг давуулан биелүүлнэ үү гэхээс цалгардуулахгүй.

1946 оноос өрхөө татсан “Махимпэкс” гэдэг энэ айл мах бэлтгэх бүхэл бүтэн том баазтай. Хөдөө орон нутгаас мал махаа бэлтгэхдээ тарга тэвээргийг нь чухалчилдаг ажээ. Манай сурвалжлах багийг үйлдвэрт өнжиж байхад мах бэлтгэлийн өрөөнд тарган, тарган хонины гулууз олноор нь өлгөсөн харагдав. Тэнд махны гадна талыг арчиж цэвэрлэж байхад нөгөө талд шулж сортолж байлаа. Үйлдвэрлэж байгаа хиамныхаа төрлөөс хамаарч махнуудаа ангилан ялгадаг байна. Махаа жинлээд холигч машин руу хийх аж. Бүх тохируулга нь автомат болохоор холигчид хийсэн маханд ямар хэмжээний давс, нитрит орох шаардлагатай гээд жорыг нь заадаг. Ингээд жорын дагуу хольсон махаа сэврээх өрөөнд хадгалдаг байна. Энэ өрөө нь стандартын дагуу тохируулсан температуртай. Олон тасалгаатай вандангууд дээр бэлтгэсэн хиамны махаа төрөл бүрээр нь ангилан тавьжээ. Тухайлбал, “Зочид”, “Утлагат”, “Хүслэн”, “Аялал” гэх мэтээр ялгасан харагдав. Ингэж махыг 24 цаг амрааснаар өнгө, ус шингээх чадвар нь сайжирдаг ажээ. Тэнд амарсан мах бүтээгдэхүүн болохоор дараагийн шат дамжлага руу шилжинэ.

Хиаман цехэд ч үйлдвэрлэлт нэлээд эрчимтэй явагдаж байлаа. Ургамлын гаралтай сайн чанарын шар буурцагны уургийг хиамандаа хольдог юм билээ. Ийм байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэг болохоор “Махимпэкс”-ийн хиамнууд уураглаг чанар нь өндөр байдаг юм байна. Ингээд төрөл бүрийн хиамнуудаа үйлдвэрлэнэ дээ. Өргөн, нарийн, өндөр, нам гээд л. Гадна талын бүрхэвчээс хамаарч янз бүрийн хэлбэртэй дүрстэй хиамнууд бий болох нь тэр. Бүрхэвчний хувьд ОХУ-ын “Атлантис-Пак” үйлдвэрт захиалж хийлгэдэг. Хэвэнд шахаж бэлэн болгосон хиамнуудаа Германы “Бастра” фирмийн утлага, чаналганы камерт оруулна.

“Махимпэкс”-ийнгайхалтай нэг бүтээгдэхүүн бол төрөл бүрийн утлагат мах. Утлагат махны цехэд ортол гахайн цоройг олноор нь өлгөсөн харагдав. Утаж бэлэн болгосон гахайн цоройг хэрчээд савлаж байлаа. Гахайн махаа тэд Европын холбооны улсуудаас импортолдог гэсэн. Гахайны аж ахуй эрхэлдэг дотоодын компаниудын хувьд эдний хэрэгцээг нь хангаж чадахгүй аж. Мөн тус үйлдвэрийн царцаамаг, гүзээ, цусан хиамнууд нь эрэлт ихтэй байдаг. Дотор махан бүтээгдэхүүний цехийн технологич Б.Туяа энэ талаар ярихдаа “Эдгээр бүтээгдэхүүнүүд нь коллегин, төмөр ихээр агуулсан болохоор цус багадалтаас сэргийлж, эрүүл мэндэд ач тустай” гэлээ.

Аливаа бүтээгдэхүүний амт, чанар нь жорноос шууд хамаардаг. Тэгвэл “Мах импэкс”-ийн хиамнуудын жорыг Ж.Алтанцэцэг хэмээх бүсгүй “барьдаг”. Тэрбээр энэ үйлдвэрт 20 гаруй жил ажиллаж байгаа туршлагатай нэгэн. Жорны өрөөний хаалгыг татангуут төрөл бүрийн ногооны үнэр сэнхийв. Германы “Могунциа” фирмийн жор амтлагчийг хэрэглэдэг байна. Найрлагад заасан норм, хэмжээний дагуу тэр жороо бэлтгэдэг байна.

Тус үйлдвэр байнга л шинэ жор бүхий хиамнуудыг туршдаг гэсэн. Лаборатори ч байнгын ажиллагаатай болохоор энэ тал дээр судалгааны ажлууд их хийгддэг байна. Одоогоор дөрвөн шинэ төрлийн хиамны туршилт хийж байгаа аж. Улаан лоольтой, коньяктай, сармистай, өргөст хэмхтэй хиам шинээр худалдаанд гаргахаар бэлтгэж буй гэнэ. Биднийг өнждөг өдөр эдгээр хиамны амталгаа явагдсан юм. Өвөрмөц содон амттай санагдав. Худалдаанд гаргавал борлуулалт ч сайн байх нь дамжиггүй. Гэхдээ технологичид хэсэг хугацаанд олон дахин туршиж байж зах зээлд нийлүүлэх тухай хоорондоо ярилцацгааж байна лээ.

Шинэ төрлийн хиам худалдаанд гаргахаар ийнхүү байнга туршихаас гадна уламжлалт хиамны амтыг хэвээр нь хадгалахыг хичээдэг тухай тэд ярив. Хуучны долоон төгрөг 20 мөнгөний хиам одоо тэр амтаараа “Аялал” нэртэйгээр үйлдвэрлэгдэж байгааг технологич нар онцоллоо.

ҮЕ ЗАЛГАМЖИЛСАН БОЛОВСОН ХҮЧИНТЭЙ ӨНӨР ГЭР БҮЛ

“МАХИМПЭКС”

Далан жилийн түүхтэй “Мах импэкс” компанийн хувьд олон зуун айлын амьдралыг “хариуцаж” байгаа. Тиймээс ажилтнуудынхаа ахуй амьдрал, боловсрол, эрүүл мэндэд нь ихээхэн анхаардаг ажээ. Тухайлбал, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон фитнес клуб ажиллаж байсан. Мөн аэробик танхим, саун, дүш гээд цөм бий. Бас мэргэжлийн багш ажилтнууддаа хичээл заадаг юм билээ. Эрүүл хүн эрүүл хүнс үйлдвэрлэх учраас спортыг чухалчилсан хамт олон ажээ.

Олон жилийн түүхтэй “Махимпэкс” компанийн боловсон хүчнүүдийн тухайд ихэнх нь хуучны гэгдэх хүмүүс. Тэд залуу хойч үеийнхэндээ зааж сургаж өөрсдөө ч, сэтгэл хангалуун ажилладаг ажээ. Түүнчлэн гэр бүлээрээ, 2-3 үеэрээ энэ үйлдвэртэй амьдралаа холбосон хүмүүс ч олон байгаа ажээ. Харин маркетингийн албаныхны хувьд шижигнэсэн залуус байв. Тэд 07.00 цаг гэхэд цуглацгаадаг юм билээ. Ингээд л бүтээгдэхүүнийхээ борлуулалт, судалгаа зэргийг нягт нямбай ярилцаж, санал солилцож байсан шүү.

Өглөө болгон таны ширээн дээр алаглах амтат хиам, бууз, банш, махан бүтээгдэхүүнүүдэд энэ үйлдвэрийн 300 гаруй хүний сэтгэл, хөдөлмөр зүтгэлшингэн бэлэн болдог юм байна. Үүрийн гэгээгээс үдшийн бүрий болтол хэрэглэгчдийнхээ төлөө мандах нартай уралдан ажилладаг “Мах импэкс”-ийнхэнд ажлын амжилт хүсээд сурвалжлагаа өндөрлөсөн юм.

М.МӨНХЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Өглөөний нартай уралддаг ҮЙЛДВЭРИЙНХЭН

05:00 цаг: Хотын гудамж эл хуль, хаа нэгтээ замаар машин давхин өнгөрөхөөс өөр хөлхөдөлгөөн байхгүй. Харин “Талх Чихэр” хувьцаат компанийн хашаандхаашаа ч юм яарсан хүмүүс алхаж явах, гэрлээ асаачихсан түгээлтийн машинууд эгнээд зогсчихжээ. “Талх Чихэр” ХК гэсэн бичигтэй ногоон өнгийн хувцас өмссөн залуус машиныхаа тэвш рүү талх, нарийн боов тэргүүтнийг шалмаг гэгч нь ачих. Төд удалгүй эгнээд зогссон машинууд эхнээсээ хөдөлж эхэллээ. Нэгдүгээр ээлжийн түгээгчид үйлдвэрээс дөнгөж гарч ирсэн шинэхэн талх, нарийн боовыг нарнаас урьтаж, нийслэл хотынхонд хүргэхээр хөдөлж байгаа нь энэ. Жолооч, борлуулагч, нярав гээд энэ өглөө 200 гаруй хүн ажиллаж байв.

Тэдний нойр хугасалж, үүрийн таван жингээрхөдөлж байгаа нь гэрээт борлуулагч дэлгүүртээ бүтээгдэхүүнээ хүргэх, цаашилбал ажил, сургууль, цэцэрлэгтээ гарах гээд өглөөнийхөө цайг уух гэж байгаа хүн бүрт шив шинэхэн, үйлдвэрээс гараад хэдхэн цаг болж байгаа талх, боов, боорцог гэх мэт 80 гаруй төрлийн бүтээгдэхүүнээ “халуун”-аар нь хүргэхээр явж байгаа нь энэ.Өглөөнийхөө цайг уух гээд хүүхдээ гэрийнхээ ойролцоох дэлгүүр рүү талханд явуулах, төд удалгүй хүүхэд ньүйлдвэрээс гараад удаагүй шинэ талх барьсаар гэртээ орж ирэх,гэр бүлээрээ ширээ тойрон суугаад авчирсан талхаа амтархан иднэ. Өдөр бүрийн энгийн л үйл явдал мэт санагдах боловч гэр бүлийн хамгийн дулаан уур амьсгал бүрдсэн тийм л цаг үед сэтгэлээ шингээж итгэл даасан эрүүл бүтээгдэхүүнийг шинэ өдрийн эхлэлтэй хамтхүргэж байгаа үйл явдал юм.

“Талх Чихэр” компани 24 цаг тасралтгүй ажиллаж бай­гаа гол шалтгаан нь ердөө л энэ. Хэрэглэгч нартаа өглөө бүр шив шинэхэн бүтээгдэхүүнээ хүргэх гэж 700гаруй хүн сэтгэл зүрхээ зориулан өдөр бүр ажиллаж байна. Сонин, талх хоёр адилхан. Сонин ч бас өглөө бүр мандах нартай хамт уншигчдыг шинэ мэдээллээр хангах үүрэгтэй. Үүр хаяарч ойр тойрны зүйлс тодрон харагдаж эхэллээ. Түгээгчид бүгд ачилтаа дуусгаад хөдөлсөн байв.

Биднийг борлуулалтын албаны дарга Б.Баттулга угтан авч уулзлаа. “Өнөөдөр ч тогтуухан сайхан байна. Манайхан бүгд гараад явчихлаа. Хотын түгжрэлээс амжиж гэрээт дэлгүүрүүдэд хүргэлтээ хийхгэж 02:00 цагт цуглараад үйлдвэрийн цайны газарт өглөөний цайгаа уучихаад ажилдаа гардаг юм. Нийслэл хотын түгжрэл, автомашины дугаарын хязгаарлалт зэргээс үүдэн түгээлт хийхэд цаг хугацаа алдах гээд биднээс шалтгаалахгүй саад бэрхшээл гарч ирдэг л юм. Гэхдээ манай ажилчид ажилдаа үнэн сэтгэлээсээ хандаж, ажилладаг. “Шөнийн ээлжийнхэн шөнөжин нойргүй бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байхад борлуулалтын албаныхан бид хүмүүст цагт нь хүргэж өгнө гээд л явдаг юм” гэв. БНСУ-д үйлдвэрлэсэн талх ачих зориулалтынтүгээлтийн 70 гаруй машинтүгээлтэд гарсан. Тус компанийн түгээлтийн машинууд бүгд бүхээгтэй. Бүр Солонгос улсад нар салхи, шороо, бороо, машины утаа, угаар зэргээс бүрэн хамгаалсан бүхээг захиалгаар хийлгэсэн гэнэ. Түгээлтийн машинаа бүхээгтэй болгосон ньбүтээгдэхүүнд гаднаас ямар нэгэн зүйлс орж хүний эрүүл мэндэд хор хүргэхвий гэсэн үүднээс хамгаалжээ. “Талх Чихэр” хувьцаат компанийн нэг өдрийн ажил ингэж л эхэлдэг юм байна. Энэ удаагийн “Танайд өнжье” булангаа 31 жилийн түүхтэй “Талх Чихэр” хувьцаат компаниас бэлтгэж байгаа нь энэ. Үйлдвэртэй танилцах замдаа Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан компанийн ерөннхий менежер Л.Янжин даргатай таарлаа. Тэрээр “хүмүүс талхыг үйлдвэрлэхэд их амархан гэж ойлгоод байдаг. Гэтэл үнэндээ маш нарийн технологиор хийдэг” гэв.

Шөнийн ээлжийнхэн бууцгаалаа. Харин зөрөөд өдрийн ээлжийн ажилчид хүрч ирцгээн ажлаа хүлээн авч байв. Үйлдвэр болгоны ээлжийнмастерууд, хамгаалалтын ажилчид ажлаа хүлээлцэх аж. Шөнийн ээлжийнхэн “Ажиллах хугацаанд техник, тоног төхөөрөмжинд саатал гараагүй. Үйлдвэрлэл хэвийн явагдаж байна” гэх товч танилцуулга өгөх аж. Захиргаа, үйлдвэр гээд бүх ажилтнууд яг цагтаа цугларчээ.

ТАЛХ ЧИХРИЙН КОМБИНАТААС “ТАЛХ ЧИХЭР” ХК-ИЙН ТҮҮХ

Талх Чихрийн комбинат одоогоос 31 жилийн өмнө буюу 1984 оны долдугаар сарын 5-ны өдөр ашиглалтад орж байжээ. Тухайн үед хоногт 90тонн талх, жилд 5000тонн төрөл бүрийн чихэр, 6550тонн жигнэмэг, өрмөнцөр, бялуу, 800тонн жимсний чанамал үйлдвэрлэдэг байж. Харин өдгөө тус компани 800-д ажиллагсадтай, талхны дөрвөн шугам, нарийн боовны гурав, жигнэмэгийн хоёр шугамтай, талх, нарийн боовны хөргөлтийн конвейр, гурил дамжуулах иж бүрэн системээр тоноглогдож, 80 гаруй нэр төрлийн талх, нарийн боов үйлдвэрлэдэг Үндэсний томоохон үйлдвэрлэгч компани болжээ. Нийт ажиллагсдын 90 гаруй хувь нь мэргэжлийн сургууль төгссөн,инженер техникийн ажилчдын 60 гаруй хувьнь ОХУ-д их, дээд сургууль болон мэргэжил дээшлүүлсэн аж.

Тус компани 2004 оноос эхлэн инновацийн хөтөлбөрийн хүрээнд Европын холбооны Бүгд найрамдах Чех, Голланд, Франц, Финлянд, Итали, Герман, Испани болон ОХУ, БНХАУ-ын хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажиллаж, үйлдвэрийн техник,технологийн шинэчлэлийг тасралтгүй хийж байна. Тодруулбал, 1990-ээд оноос хойш нийт 40 гаруй тэрбум төгрөгийн технологийн шинэчлэл хийжээ. Заримаас нь дурдвал өнгөрсөн 2014 онд Чаналгын үйлдвэрийг иж бүрэн шинэчилж уламжлалт гар аргаар үйлдвэрлэдэг чаналгын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх бүрэн автомат урсгал шугам, савлагааны автомат машин, хөргөлтийн иж бүрэн конвейрыг Европын холбооны Итали улсынCANOL, TECHNO D, Чех улсын TOPOS, БНХАУ-ын B and F фирмүүдэд захиалгаар үйлдвэрлүүлэн Монголд анх удаа ашиглалтад оруулжээ. Мөн Итали улсын CEPIкомпанийн гурил дамжуулах, шигшихиж бүрэн систем, Бялуу үйлдвэрлэх тоног төхөөрөмжийн шинэчлэлүүдийг хийснээр бялуу зэрэг бүтээгдэхүүнүүдийг илүү амт чанартай хийх боломж бүрдсэн байна. Түүнчлэн Подстанц, Автопаркийн гражийн өргөтгөл, засварын цех, тээврийн хэрэгслийн шинэчлэл, гурилыг вакуум орчинд шуудайгүйгээр тээвэрлэх Муковаз машиныг Герман улсад захиалгаар хийлгэн ашиглаж байгаа бөгөөд Эрдэнэт, Дархан, Баянхонгор аймгуудад шууд түгээлт хийдэг болж, шинээр 10 нэр төрлийн бүтээгдэхүүн худалдаанд гаргасан байна. “Талх чихэр” ХК-ийн үүх түүхийг товч дурдвал ийм.

ГУРИЛ БОЛГОН ТАЛХ БОЛДОГГҮЙ БУЮУ НЭГ ТАЛХ ХИЙХЭД 7-8 ЦАГ ЗАРЦУУЛДАГ

“Талх Чихэр” хувьцаат компанийн хаалгаар орсон хүн бүр хамгийн түрүүнд талхны үйлдвэрээр ордог аж. Талхны үйлдвэрт шинэхэн талх халуунаараа гарч байгааг харах дуртай байдаг аж. Хүмүүсийн амьдралд талх хэмээх хүнсний бүтээгдэхүүн их ойр байдаг. Яагаад ч юм бэ хүн болгоны аав, ээж хүүхдээ “Энэ хүүхдийг талханд нь хүргэчих юмсан. Манай хүүхэд талхандаа хүрчихсэн. Сайхан амьдарч байна” гэж бусдад ярьдаг. Бүр уур нь хүрсэн дарга доод албан тушаалтнаа “Талхны чинь мөнгөнөөс салгана шүү” гэж аашилдаг.Бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэд дахин нэмэгдээд байхад иргэдюу ч анзаардаггүй мөртлөө талхны үнэ 10 төгрөгөөр нэмэгдэхэд л бөөн асуудал үүсдэг. “Талхны үнэ нэмэгдчихлээ. Ард иргэдийн амьдралд нөлөөлж эхэллээ. Бидний нуруун дээр хүнд ачаа болж байна” гээд л бөөн сүр дуулиантай асуудал дагуулдаг эд.

“Талх Чихэр” хувьцаат компани сүүлийн жилүүдэд техникийн бүрэн шинэчлэл хийсэн. Хуучин ОХУ-ын техник гар ажиллагаа шаарддаг байсан бол шинэ техник бүхэлдээ автомат болчихсон. Кноп дараад л болно. Үйлдвэрийн дарга Ч.Энхтуяа үйлдвэртээ явж байхад нь таарлаа. Үйлдвэрийн хаалгаар оронгуут шинэхэн талхны үнэр хамар цоргин үнэртэх аж. Мөн манай улсын төрийн далбаа байрласан талхны үйлдвэрийн шарагч машинаас өглөө мандаж байгаа нарны цацраг шиг улаан шаргал өнгийн бөөрөнхий талх шарагч машинаас эгнээ эгнээгээрээ сархийн хөргөх конвейр рүү унах ажээ. Талх үйлдвэрлэх процесс ингэж явагддаг юм байна. Тухайн өдөр талх, нарийн боов, жигнэмэг зэрэгт хэрэглэх гурилыг хорин тоннын даацтай, шуудайгүйгээр тээвэрлэх зориулалттай Герман улсад үйлдвэрлэсэн машинаар зөөж, ирээд подваль дахь бункер руу тусгай шахуургаар юүлдэг юм байна. Тэр гурил нь “Милл хаус”-ын нэгдүгээр, Оросын “Алейка”-ийн дээд гэнэ. Дээрх хоёр гурилыг хооронд нь хольж, талхны түүхий эд болох хөрөнгө болдог аж. Сүүлийн үед манай улс дотоодын хэрэглээг бүрэн хангахуйц улаан буудай тариалж, арвинургац хураан авах болсон.

Гэвч гурил болгон талх болдоггүй гэнэ. Манай улсын хөрсөнд ургасан улаан буудайн чанар тааруу байгаа гэнэ. Гурилын гол чанар нь цавуулгийн хэмжээ. Улаанбуудайн үрийн сорт тааруу байгаагаас үүдэн чанар муутай цавуулаг бага агуулсан гурил гардаг байна. Цавуулаг багатай гурилаар талх хийж болдоггүй аж. Хөрөнгөний хөөлт, исэлт, ус даах чанар шарах үйл ажиллагааны технологийн горим алдагдаад язралттай хөөлт тааруу, гашуу оргиулсан исгэлэн амттай талх бий болдог аж. Үүнээс үүдэн сайн чанарын гурилын дутагдалтай байдаг гэнэ. Иймд ОХУ-аас сайн чанарын гурил оруулж ирдэг байна. Сайн сортийн үрийн буудай хэрэгтэй байгааг тариаланчдад хэлдэг боловч огт тоодоггүй байна. Гурилыг төхөөрөмжөөр сорон авч сэгсчин шүүж дотроос нь өчүүхэн хог үртэс байсан ч ялгаж цэвэрлээд тусгайлсан трубагаар дамжин зуурмагийн тогоонд очих юм. Их том битүү тогоо руу бүдүүн нарийн хоолойнууд залгасан байгаа харагдлаа.Компьютер дээр суусан мэргэжилтэн ус, давс, исгэгчний тогтоож өгсөн хэмжээний тоог бичээд “ок” товчийг дармагц эдгээр орц, порц тогоотой гурил руу хоолойгоор урсан орж ирж угаалгын машин шиг хэсэг нүжигнээд л зуурмаг бий болгочихлоо.

Нэг талх хийхэд 7-8 цаг зарцуулдаг байна. Талхны хөрөнгийг батлагдсан нормын дагуу исгэдэг аж. Хөрөнгөө ус, давс, исгэгч зэргийг хольж зуурсны дараа3-4 цаг амрааж исгэдэг аж. Тодорхой хэмжээний хэмд хөрөнгөө исгэх явцад спиртэн исэлявагддаг байна. Хөрөнгөнөөс дээж авч нормын дагуу иссэнийг шалгаад таслагч машин руу хийдэг аж. Таслагч машин автоматаар нэгэн жигд тасдан дотор нь цагаан даавуу дэвссэн тавагнууддээр тавих аж. Тэр гурилыг нь хоёр ажилтан жигнэх машин дээр нямбай гэгч нь өрж тавив. Үүний дараа урьдчилан хөөлгөх машинаар дамжин шарагч машин руу орж жигнэдэг байна. Шарагч машинд дотор нэг талаас нь уураар утах нөгөө талаас нь шарах халуун хэмийг тохируулах гээд олон ажил хийгддэг байна. Ингэж олон шат дамжлага явагдсаар шарах машинаас гоё өнгөтэй, ямар нэгэн хагарч язраагүй сэвсгэр, өег, амттай талх бий болдог байна. “Атар” талх 24 цагийн турш ийн гарч ирдэг ажээ. Үйлдвэрт ямар нэгэн алдаа гарахад л иргэдийн хүнсэндээ хэрэглэж заншсан талх тасалдах, өөрчлөгдөх болохоор их хариуцлагатай нарийн технологиор хийдэг юм байна. Иргэдийн хэрэглээнд зориулан Атар дугуй талхнаас гадна хөх тариа, хүнсний хивэг зэрэг гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах нэмэлт байгалийн гаралтай түүхий эдээр баяжуулсан, хамгийн анхны зүссэн талх болох Мишээл, Ургац, Зууван чех, Сүүтэй чех болон шинээр Луувантай, Олон үртэй, Эрдэнэшиштэй зэрэг 20-иод нэр төрлийн 0,3-0,6кг жинтэй хөх тарианы болон баяжуулсан талхыг үйлдвэрлэж байна лээ. Ингэж лнийслэлчүүдийн талхны 60 гаруй хувийн хэрэгцээг тус үйлдвэр дангаараа хангадаг байна.Түүнчлэн тус үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдээс өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн гаргасан Багет талх олны таашаалд нийцэж, эрэлт сайтай болсон байна. Уг талхыг үйлдвэрлэх иж бүрэн тоног төхөөрөмжийг Франц улсын Bongard, Испани улсын Ciberpan, Бүгд Найрамдах Чех улсын Topos зэрэг компаниудтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний дагуу тус компанийн инженер, техникийн ажилчид гадны мэргэжилтнүүдтэй хамтран суурилуулсан байна. Багет талх нь тусгайлсанзориулалтын сав баглаа боодолтой, шажигнасан гадаргуутай чийглэг өндөртэй, илчлэг багатайгаараа онцлог аж. Багет талхны 55 хувийг үндсэн түүхий эд нь хөх тарианболон буудайнгурил эзэлдэг бол үлдсэн 45 хувийг ус бүрдүүлдэг гэнэ

ИЛГЭЭЛТИЙН ЭЗЭД, ТОМИЛОЛТООР ИРСЭН ЗАЛУУС 31 ЖИЛ ДЭХ ЖИЛДЭЭАЖИЛЛАЖ БАЙНА

Талх чихрийн комбинат нэртэйгээрүйл ажиллагаа эхэлж байхад сургуулиа төгссөн олон залуус ирж ажиллаж байжээ. Эдгээр хүмүүсийн ихэнх нь одоо хүртэл ажиллаж байгаа гэнэ. Тэд энэ байгууллагадаа тасралтгүй 31 жил ажиллаж байгаа аж. Ахмад ажилчид “Манай байгууллага чинь сайхан газар байгаа юм. Шинэ залуу боловсон хүчин авдаг ч гэсэн хуучин биднийг халахгүй ажиллуулаад л байдаг юм. “Та бүхний түүх бол бидний түүх. Манай үнэт ажилчид, та сэтгэж оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж чадаж л байвал тэтгэвэрт гарсан ч хамаагүй ажилла” гэдэг юм хэмээн ярив. Талхны үйлдвэрт 31 жил ажиллаж байгаа талхны үйлдвэрийн ээлжийн мастер Д.Оюунгэрэл “Сургуулиа төгссөн жаахан охин анх томилолтоор ажиллаж байлаа. Анх байгуулагдах үед нь ирсэн. Амьдралынхаа 31 жилийн энэ үйлдвэрт өнгөрөөсөн байна. Хүмүүст өглөө бүр шинэ талх түгээдэг их сайхан мэргэжил юм шүү. Эгч нь энэ мэргэжилдээ их хайртай. Шөнөжин нойргүй ажиллаж шинэхэн талх үйлдвэрлээд тэрийг минь хүмүүс өглөө иддэг гэж бодохоор сайхан байдаг. Бүр бага охин минь миний мэргэжлийг эзэмшээд хамт ажиллаж байна” гэв. Мөн дунд сургуулиа төгсөөд илгээлтээр ирж ажиллаж байсан ажилчид ч олон байх юм. Жигнэмэгийн үйлдвэрийн дарга Ц.Бодьгэрэл гэхэд ангийнхаа 21 хүүхдийн хамт Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр тус газарт ажил амьдралынхаа гарааг эхэлж байжээ.1983 онд сургуулиа төгсөж байсан инженерийн баг бүрэлдэхүүн одоог хүртэл бүгдээрээ ажиллаж байгаа гэсэн. “Талх Чихэр” хувьцаат компанийн хувьд ахмад ажилтнуудтайгаа үргэлж нягт холбоотой ажиллаж байгаагаас гадна өөрсдийнхөө залгамж халааг бэлтгэдэг аж. Тухайлбал, хүнсний чиглэлээр сурч байгаа оюутнуудад тус үйлдвэрийн хаалга үүд үргэлж нээлтэй байдаг аж.

НИЙСЛЭЛИЙН ТӨРСӨН ӨДРӨӨР АРВАН МЕТР УРТ БЯЛУУ БЭЛЭГЛЭСЭН НАРИЙН БООВНЫ ҮЙЛДВЭР

Бидний дараагийн орсон газар бол Нарийн боовны үйлдвэр байв. Л.Наранцэцэг даргатай уг үйлдвэр 20 гаруй төрлийн нарийн боов үйлдвэрлэн гаргадаг. 2010 онд үйлдвэртээиж бүрэн шинэчлэл хийсэн юм.Европын холбооны БНЧУ, Голланд, Итали мөн БНХАУ-ын компаниудын нарийн боов үйлдвэрлэх автомат ажиллагаатай, компьютерийн удирдлага бүхийUniline, Unimax хоёр урсгал шугамсуурилуулсан.Уг тоног төхөөрөмжөөр хүссэн хэлбэр дүрс амт оруулах боломжтой үйлдвэр юм байна. ТАЧИ болон ОРГАНИК нэрийн өнгөт мөөхий, цөцгийтэй боов, сүүтэй, нахиа, дөлгөөн зөгийн балтай, цайнысоёолж гээд л олон төрлийн нарийн боов үйлдвэрлэдэг. Хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээг судалсны үндсэн дээрнарийн боовны нэр төрөл, хэлбэр хэмжээнээс гадна хэрэглээг өөрчлөн, жор, орц найрлагыг байгалийн гаралтай, амин дэмээр баялаг нэмэлт түүхий эдээр баяжуулан эрүүл мэндэд ашиг тустай, зохицуулах үйлчилгээтэй хүнс үйлдвэрлэж байгааг Л.Наранцэцэг дарга онцолж байв.Тухайлбал “Соёолж” нарийн боов сахаргүй тул ЭМЯ, Монголын мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж буй Эрүүл мэндийн төслийн нэрэмжит “Эрүүл мэндэд тустай хүнс 2011” шагналыг авч байжээ. Эдгээрээс тус үйлдвэр ямар түвшинд ажиллаж байгаа нь шууд харагдана. Нарийн боовны үйлдвэр нь мөн бялууг давхар хариуцан хийдэг. Шинэ жилийн баяр, төрсөн өдрөөр “Талх Чихэр” ХК-ийн нэрийн бялууны амтыг илүүд үздэг хүмүүс олон биз ээ. Хотол, Сонгодог, Дээж, Цасанцар, Самартай, Шоколодтай, бялууг энд үйлдвэрлэж байна лээ. Мөн Нийслэлийн 375 жилийн Төрсөн өдрийн баярт зориуланарван метр урт, 130 кг бялууг “Талх Чихэр” ХК-ийн хамт олон үйлдвэрлэн нийслэлчүүддээ бэлэг барьсан гэнэ. Нүүдэл, Сувдан сондор, Баярын, Оргил зэрэг зөөлөн чихэр зэргийг тус үйлдвэрийн ажилчид мөн л үйлдвэрлэж байгаа юм. 1985-2000 оны үеийн хүүхдүүд тус үйлдвэрийн Унага, Хулан Тошлой зэрэг чихрийг бүгд идэж үзсэн байх.

ЯНЗАГА” ТЭРГҮҮТНИЙГ ҮЙЛДВЭРЛЭДЭГ ЖИГНЭМЭГИЙН ҮЙЛДВЭР ШИНЭ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЖЭЭ

Янзага жигнэмэгийг Монголд мэдэхгүй хүн ховор биз ээ. Тэгвэл “Талх Чихэр” хувьцаат компанийн Жигнэмэгийн үйлдвэр “Янзага” жигнэмэгийг тогтмол үйлдвэрлэж байна. 31 дэх жилдээ жигнэмэг, өрмөнцөр үйлдвэрлэж байгаа тус үйлдвэр импортын бүтээгдэхүүн орлох 22 төрлийн жигнэмэг, наймантөрлийн өрмөнцөр үйлдвэрлэдэг. Тус үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнМонгол Улсын өнцөг булан бүрд түгээн бүх сүлжээ дэлгүүр, хөдөө орон нутагт борлуулалт хийгддэг.

2003 онд Тайванийн сахарын болон хатуу төрлийн жигнэмэг үйлдвэрлэх шугам, 2010 онд Хятад улсаас өрмөнцөрийн шугам, боодлын автомат машин шинээр авч суурилуулан үйлдвэрлэлийн жигд ажиллагааг ханган ажиллажбайгаа гэнэ. 2004 оноос эхэлсэнинновацийн хөтөлбөрийн хүрээнд 2013-2014 оны хооронд Тайванийн HP DJ 1200 маркийн бүрэн автомат жигнэмэгийн шугам суурилуулж байсан. Тэгвэл өнгөрсөн жил Европын холбооны Итали, ХБНГерман зэрэг улсуудад үйлдвэрлэгдсэн жигнэмэг үйлдвэрлэх компьютерийн удирдлага бүхий урсгал шугам, гурилын иж бүрэн системийг Монголд шинээрнэвтрүүлээд байгаа юм.Жигнэмэгийн үйлдвэр Итали, Герман болон БНХАУ-н тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаниудын жигнэмэгийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, технологиор жигнэмэг үйлдвэрлэж байна лээ. Манай улсын жигнэмэгийн хэрэгцээний 50 гаруй хувийг хангах бүрэн чадалтайгаар ажиллаж байна. Энэ жигнэмэгийн үйлдвэрээс томоохон орнуудын хэрэглэгчдийн хэрэглэж заншсан уламжлалт жигнэмэгүүдтэй амт, чанар, өнгө үзэмжийн хувьд өрсөлдөхүйц хэмжээний бүтээгдэхүүнгаргаж байгаагаар онцлог юм.

ЧАНАЛГЫН ҮЙЛДВЭРИЙН БРЭНД “ТҮМЭН НАСАН” ХЭВИЙН БООВ

“Талх Чихэр” хувьцаат компанийн менежер залуус өнгөрсөн жил Европын орнуудаар явж өөрийн орны уламжлалт боов боорцогнуудыг үйлдвэрлэх шилдэг тоног төхөөрөмж судлан ирж Монголд нутагшуулсан байна. Италийн хүнсний салбарын алдарт “CANOL” фирмийн үйлдвэрээрСавхан боорцог, шөлөнд дүрдэг Бин, Аяны боорцог тэргүүтнийг чанаад гаргаад ирэх юм “Атар” талх шиг битүү конвейр рүү автоматаар хэрчигдэн, таслагдсан гурилууд эгнээгээрээ жагсан орцгоож байнгын буцлаастай тосон дотор урссаар нөгөө хаалгаар гараад ирнэ. Тосонд чанаж байгаа болохоор хурдан урсаад гараад ирэх юм. 190-200гаруй хэмийн халуундхэдхэнминут тосондхөвөөд гараад ирэх юм.Малайзаас тусгайлан захиалж авчирсан тосоор чанадаг байна. Чаналгын шинэ үйлдвэрийн давуу тал нь тосыг нэгширч муудах завдал өгөлгүй буцалж байх явцад нь хэд давхар шүүлт өгөөдхамгийн сүүлдтусгай зориулалтын шүүдэг цаасан дээр нарийн түлэнхийг нь шүүгээд авчихаж байна лээ. Муу тосонд чанаж, ходоод өвтгөхвий гэх хардлага зарим хүнд байдаг. Тэгвэл тийм зүйл энд огт алга.

Чаналгын үйлдвэр жил бүрийн өдийд ажил нь нэмэгддэг. Монгол түмний баяр цагаан сар болох гэж байгаатай холбогдуулан хэвийн боов үйлдвэрлэж эхэлдэг. Монголчууд цагаан сарынхаа идээний өнгөөр тэр жилийнхээ сайн сайхан явахыг бэлгэддэг ард түмэн. Тиймээс хамгийн хүндэтгэлийн идээ буюу хэвийн боовыг”Талх Чихэр” компанийнхан тусгайлан бэлтгэдэг юм байна. Мэдээж уламжлалт аргаар хэвийн боовоо хийдэг аж. Жил бүрийн өдийд чаналгын үйлдвэрийнхэн боовныхоо хэвийг Монголын шилдэг сийлбэрчдээр хийлгэхээс ажил нь эхэлдэг. Сийлбэрчингээ олж сонгон шалгаруулах, модны ширхэг нарийн байх гээд л. Мөн боов сайн хийдэг хүмүүсийг цагаан сар хүртэл ажиллуулдаг байна. Ингэхдээ эрүүл мэндийн үзлэгт хамруулж шинжилгээ хийлгэн эрүүл ахуй талаас нь анхаараад түүний дараа үнэгүй сургалтад хамруулдаг байна. Ингээд сайн чанарын гурил, элсэн чихэр, шар тос зэргийг сонгон төв лабораторийн шинжилгээгээр оруулан баталгаажуулаад хэвийн боов үйлдвэрлэдэг байна. Төрийн тэргүүнээс эхлээд Монголын ихэнх иргэд “Талх Чихэр” компанийн “Атар”, “Түмэн насан” хэвийн боовоор идээгээ засдаг болжээ. “Хэв галбир, амт зэргийг сайтар шалгаж байж хэвийн боовоо хийж эхэлнэ. Монголчуудын хүндэтгэлийн зүйл болохоор бид их олон удаа туршилт хийж хэвийн боовоо гаргадаг. Энэ жилийн хэвийн боов өнгөтэй, амт сайтай гарна” хэмээн Чаналгын үйлдвэрийн дарга Л.Гантөмөр онцолж байв.

Биднийг чаналгын үйлдвэрт очих үед оны хамгийн эхний бөхийн барилдаан болох “Талх Чихэр” ХК-ийн нэрэмжит Атар хэвийн боовны баярт зориулсан аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдааны тавгийн идээ, цацлагын боорцог үйлдвэрлэж байлаа. Сонин гэвэл арав гаруй жилийн өмнөөс оны хамгийн эхний бөгөөд сар шинийн барилдааны сорилго болон зохион байгуулагддаг барилдаан уламжлал ёсоор арав дахь жилдээ “Монгол Бөхийн Өргөө”-нд зохион байгуулж байгаа юм. Уг барилдаан өчигдөр болж өнгөрсөн билээ.

Тус компанийн хэвийн боовны амт, чанарыг магтах, сар шинэ болон бусад тэмдэглэлт баяр, ойд зориулан зөвхөн “Талх Чихэр” компанийн үйлдвэрээс хэвийн боовны хэрэгцээгээ хангадаг олон зуун хэрэглэгч бий гэнэ. Энэ ч утгаар Монгол Улсын Засгийн газрын ивээл дор зохион байгуулдаг “Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2014” үзэсгэлэн худалдааны Гран При шагналыг Үндэсний манлай үйлдвэр “Талх Чихэр” ХК-ийн “Түмэн насан” хэвийн боов хүртсэн байна. Энэ нь тус компанийн үйлдвэрлэдэг хэвийн боов хэрэглэгчдийн найдвартай, дуртай хэрэглээ болсныг харуулж байгаа хэрэг юм.

Гэхдээ”Түмэн насан” хэвийн боов нь баялаг жортой, энгийн хэвийн боовноос том хэмжээтэй, төрийн ёслол хүндэтгэлийн болон Монгол түмний сар шинийн тавгийн идээг засдаг бөгөөд тусгай жор, технологи, хэвээр хийгддэг аж. Түүнчлэн түмэн насан хээ нь аз жаргал мөнхөд хязгааргүй үргэлжлэхийг бэлгэддэг байна.

“ХҮМҮҮСТ АМ БАРДАМ СУРТАЛЧИЛЖ, ХУДАЛДААЛАХ ЮМ БАЙНА” ГЭВ

Талхны үйлдвэрээс конвейрээр дамжигдан ирсэн бүтээгдэхүүнүүд хөргөлтийн цехээр дамжигдан савалгаанд ирэх юм. Уг конвейр бол Монголд хамгийн анхны, хамгийн том талх хөргөлтийн конвейр бөгөөд ашиглалтад ороод удаагүй байгаа юм. Ингээд зах зээл дээр өртөг багатай, амт чанар, стандартын бүх шаардлага хангасан эрүүл хүнсон сар өдөр минуттайгаа савлагдан гараад ирж байна. Биднийг өнжсөн өдөр хамтран ажилладаг дэлгүүрийн худалдагч нарыг урьсан байв. Нийслэлийн 100-д дэлгүүрийн худалдагч нарт зориулан “Багеттай өдөрлөг” зохион байгуулж, үйлдвэрээ таницуулан үйлдвэрийн тогоочийн гарын хоолоор дайлж байлаа. Тэдэнд “Талх Чихэр” хувьцаат компанийн үйлдвэр хүний гар оролцуулалгүй,сүүлийн үеийн технологи бүхий үйлдвэрт найдвартай чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагаа үзүүлж байна лээ. Дэлгүүрийн худалдагч нар “Хүмүүс танай талхнаас ийм юм гараад ирлээ гээд бариад ирдэг нь худлаа юм байна. Гадны ямар нэгэн биет орох ямар ч боломжгүй юм байна ш дээ” хэмээн хоорондоо ярилцах ажээ. Мөн “Нарийн технологиор үйлдвэрлэж байгаа зүйлсийг иргэдэд ам бардам сурталчилж худалдаалах юм байна”гэв.

Ажилчдынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхийн тулд тус компани фитнесийн төв нээжээ. Зуу гаруй хүн зэрэг үйлчлүүлэх хүчин чадалтай уг төвд хоёр багш ажиллаж байна. Ажлынхаа чөлөө заваар залуус ирж үйлчлүүлж байв. Арав гаруй залуус орж ирлээ. Тэд хүчний дасгал сургуулилт хийх аж. Зөв бие галбиртай булчинлаг болох гэж ийнхүүдасгал хийж байгаа гэдгээ хэлж байлаа. Харин хажууханд гүйлтийн зам дээр эмэгтэйчүүд гүйн, дараа нь аэробикийн хичээлд орлоо. Тэд биеийн тамираар хичээллэх нь эрүүл мэндэд тустай гэдгийг мэдэх болжээ. Иймд ажил дээрээ чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх таатай орчинг компанийн удирдлагуудбүрдүүлж өгчээ.

Мөн “Талх Чихэр” ХК-ийн ажилчид жил бүр Сонгинохайрхан дүүргийн хүүхэд, багачуудад зориулан ТАЧИ мөсөн хотхон барьдаг уламжлалтай болжээ. Гэхдээ зүгээр нэг мөсөн хотхон бариад орхихыг боддоггүй гэнэ. Хүүхэд, багачуудын анхаарлыг татсан содон чамин хийцтэйн дээр аюулгүй байдлыг хангасан байдлаар хийхийг хичээдэг байна. Өнгөрсөн онд хийсэн мөсөн хотхоныг 150 тн мөсөөр 22 хоногийн турш чадварлаг 17 уран барималч залуус бүтээсэн гэнэ. Биднийг тус хотхонд очих үед хүүхдээ тоглуулах гэж Чингэлтэй дүүргээс зорьжирсэн гэр бүлийнхэн тааралдсан юм.

БҮГДИЙГ ШИНЖИЛЖ ШАЛГАДАГ ЛАБОРАТОРИ

Бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд түүхий эдийг зах зээлээс худалдан авдаг. Тэгвэл тус компани бүтээгдэхүүн болгонд хэрэглэж байгаа бүх зүйлсээ шинжилдэг лабораторитой болжээ. Олон улсын ISO IEC стандартад нийцсэн итгэмжлэлтэй лабораторт шинжилгээ хийж байна лээ. Тухайлбал тухайн өдөр хэрэглэх гурилын цавуулаг чанар хэдэн хувьтай байгааг, элсэн чихэр тос шаардлага хангаж байна уу үгүй юу гээд бүгдийг шинжилгээнд хамруулж байна. Мөн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болгоноос дээж авч нарийвчилсаншинжилгээ хийж байгаа болохоор иргэдийн гар дээр ямар ч асуудалгүй бүтээгдэхүүн хүрч чадаж байна лээ. Мөн ISO олон улсынчанарын удирдлагын тогтолцоонэвтрүүлэх чанарын баг томилогдон ажиллаж байгаа гэх таатай мэдээг дуулгасан юм.”Талх Чихэр” компани орчин үеийн техник технологи нэвтрүүлж, лабораторитой болж байгаа гэх мэт томоохоншинэчлэлийн ажлуудхийж байгаа хэрэглэгчийн төлөө. Иргэдийнхүсэл, сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн хүргэхийн төлөө ажиллаж байгаа нь энэ юм.

19:00 цаг Үүрээр ирсэн бид үдшийн бүрий болж байхад “Талх Чихэр” хувьцааткомпаниас хөдөлсөн юм.Дархан, Эрдэнэт, Төв аймгууд руу түгээлтийн машинууд хэдийнэ гарсан талааркомпанийн ажилчид ярьж байлаа. Үндэсний манлай үйлдвэрлэгч, 31 жилийнбаялаг түүхтэй “Талх чихэр” компанийн буцалсан амьдрал ингэж 24 цагийн турш өрнөдөг юм байна. Өглөөний ээлж бууж оройн ээлж ирэв. Нийслэл төдийгүй Монгол Улсын хүнсийг хангаж байгаа том үйлдвэрийн ажилчид ажлаа чин сэтгэлээсээ хийдэг нь уулзсан, таарсан хүн болгоноос мэдрэгдэж байлаа. Чин сэтгэлээсээ хийсэн зүйл болгон бусдын сэтгэл зүрхэнд хүрдэг билээ.

Э.ХҮРЭЛБААТАР

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Монголын сумочдын алтан хараацай Кёкүтэнхо Н.Цэвэгнямынд өнжлөө

Токио хотод “Sky tree” гэж цамхаг бий. Барилгынхаа өндрөөр дэлхийд хоёрдугаарт буюу Арабын Эмират улсын “Бурж Калифа”-гийн дараа орно. 2012 оны тавдугаар сард ашиглалтад орсон тус цамхгаас ердөө тав зургаахан минут алхаад хүрэх Кёкүтэнхо Н.Цэвэгнямын гэрт өнжихөөр очлоо. Урьдчилж цагаа тохирохоор утас руу нь залгатал “Үдээс хойш манайд хүмүүс ирнэ. Хүүхдүүдийн найзууд ирэх байх” гэж байна. Хүүхдийнх нь найзууд ирнэ гэхийг бодвол төрсөн өдөр нь болж байгааюм болов уу гэж таамагласаар гэрийнх нь хаягийг заалгав. Эндхийн хаяг тунчиг ойлгомжтой болохоор төвөггүйхэн олов. Гэрийнхээ гадна талд “Tsevegnyam” гэж гэрийн эзний нэрийг англиар бичжээ.

Хоорондоо метр хүрэхгүй зайтай, бөөрөөрөө наалдах шахсан гурван давхар хувийн сууцны нэгд Н.Цэвэгнямынх байдаг ажээ. Хонхыг нь дартал гэрийн эзэн өөрөө хаалга онгойлгож өгч байна. Мэнд усаа мэдэлцээд үүдний өрөөнд гутлаа тайлан дотогш оров. Нэгдүгээр давхартаа үүдний хэсгээс гадна жижигхэн өрөөтэй юм. Тэнд Н.Цэвэгнямын ээж Цэвэлмаа гуай амьдардаг юм байна. Сүүлийн хэдэн жил тэрээр жилийн ихэнх өдрийг хүүгийнхээ дэргэд өнгөрүүлж байгаа гэнэ. Өрөөгөөр нь шагайвал эзгүй ажээ. Н.Цэвэгнямын араас хоёрдугаар давхарт гарлаа. Зочны өрөөнд хүүхдүүд нь тоглож байв. Харин гэрийн эзэгтэй зочныхоо өрөөтэй залгаа гал тогоондоо шарсан тахиа тэргүүтэй төрөл бүрийн хоол бэлтгэж байлаа. Н.Цэвэгням эхнэр өөдөө харснаа “Би чамд хэлэхээ мартчихаж. Монголоос ирсэн “Өдрийн сонин”-ы сурвалжлагч байгаа юм. Манай гэрээс сурвалжлага бэлтгэх гэж байна. Монголын хамгийн том сонины тэргүүн нүүрэнд манай гэр бүлийн тухай нийтлэл гарах юм” гэж тайлбарлав. Гэргий нь үүнийг сонсоод сандарч байгаа нь илт. Өмссөн хормогч руугаа нэг хараад л, хүүхдүүд рүүгээ нэг хараад л. Тэгснээ нөхөр рүүгээ хараад “Эртхэн хэлэхгүй яасан юм бэ” гэж байгаа бололтой хэдэн үг хэлснээ “Сайн байна уу” гэж монголоор мэндлэв. Хариу мэнд мэдсэний дараа зочныхоо өрөөний хаалгыг онгойлгоод дээшээ гар гэж байгаа бололтой дохиж байна. “Манай гэргий сандраад жигтэйхэн. Зочны өрөөнд хүүхдүүд шуугилдаад ажилд чинь саад болно гэж байна. Хоёулаа дээшээ гарч ярилцъя” гэсээр гурван давхар руу гарлаа. Гурван давхартаа дөрвөн жижиг өрөөтэй ажээ. Гурав нь унтлагынх, нэг нь Н.Цэвэгнямын амралтын өрөө гэнэ. Унтлагын өрөөнүүд нь 15 метрээс томгүй бөгөөд дотроо нэг, нэг ор, жижигхэн шүүгээтэй. Өөр элдэв бусын тавилга сэлт гэхээр юм юу ч алга. Н.Цэвэгнямын өрөөнд намхан буйдан, зурагтнаас өөр зүйл алга.

“Би хааяа энэ өрөөндөө орж ирж зурагт үздэг юм. Бас найзууд ирвэл энд суугаад буу хална” гэв. Ингэж хэлээд буйдан дээрээ сууснаа “За сайн явж ирэв үү. Сайхан өвөлжиж байна уу. Улаанбаатарт хүйтэн байна уу. Цас орсон уу. Ойрдоо цас орохгүй байна гэж байсан” гэх зэргээр нутгийнхаа тухай асуулаа. Тэгснээ “Манай монголчууд намайг дэвжээгээ өвлөөд авчихсан байгаа гэж ойлгоод байгаа юм шиг байна лээ тиймээ. Барилдаж байгаа хүн дэвжээний багш болдоггүй юм. Одоохондоо өөрийнхөө бэлтгэлийг хийгээд, барилдаад л явж байна. Багш болоод үлдэх санаа бол байгаа. Түүнээс биш би тэдийд зодог тайлна, тэгээд багшилна гэж төлөвлөсөн зүйл алга. Японы сумогийн түүхэнд 40 настайдаа дээд зиндаанд удаан барилдсан хүн байдаггүй юм билээ. Би өнгөрсөн есөн сард 40 хүрсэн. Тэгсэн чинь япончууд бас л нэлээн шуугиж байна” гэв. Монгол бөхчүүд мэргэжлийн сумогийн түүхэн амжилтуудыг янз бүрээр л эвдэж байгаагийн нэг нь гурван жилийн өмнөх Н.Цэвэгнямын түрүү. Аварга арслангуудын тухайд олон удаагийн даваа, түрүүгээрээ дээд амжилт эвддэг бол Н.Цэвэгням хамгийн удаан хугацаанд барилдаж байгаа, 38 настайдаа дээд зиндаанд түрүүлж байгаа зэрэг амжилтуудыг эвджээ. “Би өөрийгөө 40 хүрчихлээ, хөгширч байна шүү гэж ерөөсөө боддоггүй юм. Япончууд чинь харин их сүрхий шүү дээ. Тэдэн нас тэдэн сартайдаа гэж ирээд л ярина. Аягүй бол өдөртэй нь гаргачихсан байгаа” гээд инээж байна.

Н.Цэвэгням анх 1993 онд Японд ирж байсан. Сумогийн ертөнцийн тухай огт мэдэхгүй гэж хэлж болохоор жаахан хүүхэд Наритагийн онгоцны буудалд буугаад Ошима дэвжээний бөх болжээ. Тэр цагаас хойш дээд зиндаанд түрүүлж үзэх юмсан гэх бодол цээжинд нь байнга хадаатай явдаг байсан байна. Жилд зургаан тэмцээн болно, зургаан хүн түрүүлнэ. Тэр бүгдийг хараад байхаар нэг түрүүлчих юмсан гэж өөрийн эрхгүй бодогддог байжээ. Сэтгэл дотроо битүүхэн бодож явдаг байсан мөрөөдлөө үе үехэн зүүдэлнэ. Түрүүлчихсэн зогсож байна, цом авч байна гэж ирээд л зүүдэлнэ. Сүүлд гэр бүлтэй болоод үр хүүхэдтэй болсон хойноо түрүү бөхийн ёсоор хүүхдээ өвөр дээрээ суулгаад зургаа авахуулж байна гэж зүүдлэх болжээ. Зүүдлээд зогсохгүй бэлтгэлийн үеэр ч үе үе бодогддог байсан гэнэ. Хүүгээ өвөр дээрээ авч суугаад зургаа авахуулбал ямар харагдах бол, тэрийг хараад хэчнээн олон хүн баярлах бол гээд л янз бүрээр төсөөлөн бодно. Ингэж бодож явсан түүний мөрөөдөл 2012 оны тавдугар сарын башёд биеллээ олж олон хүнийг баярлуулсан даа. Тухайн башёгийн талаар Н.Цэвэгням “Тэр башёгийн барилдаан их сонин эхэлсэн юм шүү дээ. Эхний таван өдрийн барилдааны дараа би хоёр даваа, гурван унаатай байсан. Хамгийн гол нь тавдугаар сарын башёгийн өмнө би дэвжээгээ өвлөж авах уу, үргэлжлүүлэн барилдах уу гэдэг хоёр том сонголтын өмнө ирчихээд байсан юм” гэж ярилаа. Тэрээр Ошима дэвжээний бөх. Дэвжээний багш нь 2012 оны дөрөвдүгээр сард тэтгэвэрт гарах болжээ. Тэтгэвэрт гарахдаа Н.Цэвэгнямд өөрийн дэвжээгээ өвлүүлж үлдээхээр шийдчихсэн байсан гэнэ. Багшийн хүсэлт ёсоор дэвжээг нь өвөлж авбал зодог тайлахаас өөр аргагүй болчихоод байжээ. Өөрөө бол дахиад хэдэн жил барилдмаар санагдаад л. Барилдах зориг байна, сэтгэлийн хүч байна, бие байна гэж дотроо бодож байсан гэнэ. Хэрэв дэвжээгээ өвөлж авахгүйгээр үргэлжлүүлэн барилдвал Ошима дэвжээ тэр чигтээ тарах байжээ.

Дэвжээнийх нь бөхчүүд, үсчид, тогооч, жолооч гээд тэр дэвжээнд ажилладаг бүх хүн өөр өөрсдийн замаар явах учиртай болох хэцүүхэн сонголтын өмнө хүрээд ирж.Ингээд ээж, эхнэр болон ойр дотнынхоо хүмүүстэй зөвлөтөл “Харих болоогүй байгаа. Дахиад хэдэн жил барилдах нөөц бололцоо бүрэн байна шүү дээ” гэх урмын үг сонсоод барилдахаар шийджээ. Түүний шийдвэрийг Ошима багш нь сонсоод хэсэгхэн хугацаанд эвгүй байдалд орсон ч гэлээ “Сайн барилдаарай миний хүү” гэж хэлээд амжилт хүсчээ. Ингээд дэвжээгүй болчихоод байтал “Томазүнами” дэвжээнийхэн бөөнөөрөө хүрээд ир гэсэн байна. Ингээд дүү бөхчүүд төдийгүй үсчин, тогоочоо тэр чигт нь дагуулаад шинэ дэвжээнд бэлтгэл хийж эхэлсэн байна. Дэвжээгээ тараан байж үргэлжлүүлэн барилдаж байгаа болохоор тавдугаар сарын башёд өндөр хариуцлагатай барилдахгүй бол болохгүй. Дор хаяж л тавин хувийн амжилттай барилдахгүй бол “Ингэж муу барилдаж байхаар дэвжээгээ өвлөж аваад багшлаад явж байхгүй дээ” гэх олны хэл аманд өртөх болчихоод байдаг. Тиймээс яаж ийж байгаад тавин хувиа л хийх юм шүү гэх бодлоор тэмцээнийг эхлүүлсэн байна. Харин эхний таван өдрийн дараа гурван унаа, хоёр даваатай болчихож. Тэгтэл сонин хэвлэлээр “Кёкүтэнхо одоо дахиад гурав давбал сумогийн түүхэнд бичигдсэн хамгийн олон даваатай арван бөхийн жагсаалтад шинээр орж ирнэ” гэж бичээд эхэлжээ. Түүнийг нь уншаад мань нөхрийн урам сэргээд, бяр амтагдаад явчихсан гэдэг. Гурав дараалаад ялчихсан чинь алдарт Таканохана аваргын дээр бичигдэж эхэлжээ. Японы мундаг том аваргын дээр гарчихсан хүн чинь урам оролгүй яахав, тэр чигээрээ зүтгэсээр нэг мэдэхэд арав ялчихсан байсан гэнэ. Харин тэмцээний сүүлийн хэдэн өдөр түрүүлэх магадлалтай бөхчүүдийн тоонд орчихсон цохиж яваагаа анзаарсан байна. Башё дуусаагүй болохоор сэтгэл санаа нь тогтворгүй болчих болов уу гэж бодоод ойр тойрныхон нь олон зүйл ярихгүй, түүнээс дөлөөд яваад байж. Тэгэхээр нь дотроо “За одоо л миний хичээх үе ирсэн юм байна даа” гэж боджээ. Азаар ч гэхүү тэр башёгийн эхний хэдэн өдөр Хакухо аварга тун тааруу барилдаж хэдэн өдөр дараалж уначихсан, түрүүлэх бөхчүүдийн тоонд багтаагүй байсан байна. Энэ тухай Н.Цэвэгням “Бас л сонин тохиолдол шүү. Хувь заяа ивээсэн байх гэж залбирдаг юм. Би ч чадлаараа мэрийж барилдсан. Их аварга хүн тэмцээний эхний өдөр дараалан унана гэдэг байж боломжгүй үзэгдэл. Тэр ч утгаараа Хакухо аварга хичээж барилдсан. Аваргын сайн барилдаан миний түрүүлэх замыг засаж өгсөн сонин тохиол болсон доо” гэсэн юм. Үнэхээр л Хакухо М.Даваажаргал түүний өрсөлдөгч нарыг хаяж өгчээ. Сүүлийн өдөр тэнцүү унаатай гурван бөх түрүү булаалдахаар болсон байна. Н.Цэвэгням Гоэдотой учраа таарч. Энэ хоёр өмнө нь бэлтгэлийн үеэр байнга л таарч барилдана. Арав барилдахад долоод нь Н.Цэвэгням унадаг байжээ. “Сүүлийн өдөр Гоэдотой таарчихаад яс үзнэ дээ л гэж бодож байлаа. Тэрхэн үед хаанаас ямар хүч нь гарсан юм бол бүү мэд, хуссан даа” гээд инээв.

Тухайн башёгийн сүүлийн гурван өдөр сэтгэл зүй нь ёстой нэг барьцгүй болтлоо хөдөлж байжээ. Элдэв юм бодогдоод унтаж чадахгүй байсан гэнэ. Нүдээ аниад хэвтэхээр түрүүлчихээд цом тэврээд зогсож байна, эсвэл ялагдаад уйлж байна гэж харагдаад л. Яг сүүлийн өдрийн өмнөх орой гэртээ байж байтал элдвийн юм бодогдоод болдоггүй гэнэ. Хэрэв энэ чигээрээ янз бүрийн юм бодоод байвал унтаж чадахгүй. Унтахгүй болохоор яаж олигтой барилдаан гаргах вэ дээ гэж бодоод танил руугаа утас цохижээ. Уулзаад хоол идэн япон архи ууж байгаад гэртээ иртэл нам унтсан байна. Маргааш нь түрүүлчихээд ярилцлага өгөхдөө “Маш их сандарч байсан болохоор урьд шөнө архи уугаад унтсан” гээд хэлтэл сумогийн ордонд байсан хүмүүс нирхийтэл инээлджээ. Ингэж 23 жилийн турш зүүдэлж байсан мөрөөдлөө биелүүлсэн байна. Яг түрүүлчихээд зогсож байхад эх орных нь уул толгод нүдэнд нь харагдахын зэрэгцээ анх сумогийн дэвжээнд хөтлөн оруулсан Ошима багшдаа баярлан нулимс унагажээ. Багш нь ч мөн түрүү бөхийн парадны машинд суун яваадаа баярлан хэсэгтээ л үг дуугарч чадахгүй болтлоо баярлан нулимс дуслуулан явсан гэнэ. Гэрийнхэн нь харин догдлол, хөөр баяраа нуух гээд ч юмуу сүүлийн өдөр сумогийн ордон руу явалгүй гэртээ үлджээ. Зурагтаар харж байгаад түрүүллээ гэнгүүт гэрээсээ хам хум гарч гүйгээд таксинд суун сумогийн ордонд ирж байжээ. Цомоо аваад, ярилцлагаа өгөөд, хүүгээ өвөр дээрээ суулган зургаа авахуулж энэ насныхаа нэгэн мөрөөдлийг биелүүлжээ. “Би чинь их сонин хүн. Магтаад байвал хөөрөөд юу ч хийж чадахаар хүчтэй зоригтой болчихдог шиг байгаа юм. Тэр башёд түрүүлснээр миний мөрөөдөл биелсэн. Анх би сумод орохдоо түрүүлж үзэх юмсан гэсэн ганцхан мөрөөдөлтэй л байлаа шүү дээ” хэмээн ярилаа. Түрүүлснийхээ дараа харин бараг бүтэн жил баяр хийжээ. Башё дуусаад тойргийн барилдаанууд болж байгаа газар очихоор түрүүлчихээд анх удаа ирж байна гээд баяр хүргэж дайлж цайлна. Жилийн дараа л “газарт бууж” хэвийн амьдралдаа эргэн орсон гэсэн.

Н.Цэвэгнямыг япончууд “legend” буюу сумогийн домог гэж ярьдаг ажээ. Түрүүлснийхээ дараахь башёд 13 унаж япончуудыг гайхашруулсан. Ийм тохиолдол сумогийн түүхэнд бас л байхгүй. Түрүүлсэн бөх дараагийнхаа башёд арван гурав давна уу гэхээс унаж байсан тохиолдол байхгүй. Тэгэхээр япончууд бас л янз бүрээр ярьж байсан гэнэ. Үүний дараагийн тэмцээнд буюу ес, арваннэгдүгээр сард арван даваа авч дэмжигч олноо баярлуулжээ. “Нэг түрүүлсэн юм чинь хоёр түрүүлж болохгүй гэх газаргүй байх шүү” гэж асуутал “Ээ одоо хэцүү. Гурвын гурван аварга ид барилдаж байна шүү дээ. Тэр гурвын хажуугаар гарч ирнэ гэдэг хэр баргийн аавын хүүхдийн хийж чадах зүйл биш. Үнэхээр чанга. Дээрээс нь би сэтгэл ханачихсан болохоор хоёр дахь түрүү гэж ерөөсөө бодож байгаагүй юм байна” гэв.

Тэрээр ирээдүйд одоо барилдаж байгаа дэвжээгээ өвлөж авах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Өмнөх багшийнхаа нэрийг өвлөөд авчихсан байгаа болохоор зодог тайлснаас хойш кёкүтэнхо биш ошима нэртэй болох ажээ. Нэрээ авсан хойноо дэвжээ нээх эсэх нь түүний асуудал. Заавал дэвжээтэй бол гэж шахаж шаардаад байх зүйлгүй. Харин одоогийн барилдаж байгаа дэвжээгээ өвлөж авахаар бол Ошима нэрээ орхих хэрэг гарах юм байна. Тиймээс одоогоор яг аль нэрээрээ дэвжээгээ өвлөж авахаа шийдээгүй байгаа гэнэ. Хөрөнгө санхүүтэй холбоотой болохоор цаг нь болохоор шийднэ гэж байлаа. Харин дэвжээний багш буюу ояката болохын тухайд шийдвэрээ гаргачихсан, дэвжээний багш болно гэлээ. Багш болчихоор дэвжээнийхээ бүх л асуудлыг шийдвэрлэнэ. Бөхчүүдийн арын нарийн ажлууд буюу бичиг баримт хөөцөлдөх, даатгалд хамрагдах, татвар төлөх, хоол хүнс зэрэг ажлыг гэргий нь хийх ёстой байдаг ажээ. Харин барилдаантай холбоотой асуудалд огтхон ч оролцохгүй байх дүрэмтэй байдаг юм байна. Ийн ярьж суутал гэргий нь хаалгаар шагайснаа “Доор хүмүүс ирчихлээ” гэж хэлчихээд яваад өгөв. Бид хоёр ч яриагаа завсарлаад араас нь буулаа. Зочны өрөө дүүрэн хүн цуглажээ. Арванхоёрдугаар сарын 25 буюу зул сарын баярын өдөр учраас ойр дотнынхон нь цугласан байна. Бүгдээрээ ширээ тойроод суучихсан Н.Цэвэгнямыг хүлээж байв. Харин хүүхдүүдэд тусад нь ширээ засаж өгчээ. Бүгдээрээ баярын зоогоо идэн элдвийг хөөрөлдөн суусан юм. Ширээн дээр нь тахианы мах голдуу хоол харагдав. Бас төрөл бүрийн ногооны салат хийн таваглажээ.

Н.Цэвэгнямын гэргийг Кэйко гэдэг. Эднийх гурван хүүхэдтэй. Хүүхдүүд нь Японы иргэншилтэй болохоор албан ёсны нэр нь япон. Харин гэртээ монгол нэрээр дууддаг юм байна. Том охиныг нь Энхцэцэг, хүүг нь Энхмэнд гэдэг. Бага охиндоо монгол нэр өгч хараахан амжаагүй байгаа гэнэ. Хүүхдүүд нь цэцэрлэгт явж байгаа, том охин нь ирэх жил сургуульд орно. Хүү Энхмэнд нь гурван настай. Аавыгаа дуурайгаад сумо ч болно гэж мөрөөддөг гэсэн. Миний үсийг аавынх шиг самнаад өг, маваши аваад өг гэж ээжээсээ гуйна. Ээж нь ч хүүгийнхээ хүслийг дэмжээд дэлгүүрээс даавуу авч маваши оёж өгсөн гэсэн. Хүү нь тэрийгээ өмсчихөөд аавыгаа барилдъя гээд зүгээр суулгадаггүй ажээ. Тоглоомоороо дэвжээ засчихаад сумочдын хийдэг бүх л ёслолыг хийнэ. Давс цацаад, гэдсээ алгадаад л. Аав нь ч хүүгийнхээ сонирхлыг хүндэтгэдэг юм билээ. “Авьяас нь байгаад чадаж байвал сумо ч болно биз” гэх юм. Тэгснээ хүү рүүгээ харан “Тэр үед би дэвжээний багш болчихсон байх биз. Гэхдээ хэцүү шүү дээ. Хүүхдээ дэргэдээ аваад сургана гэвэл тэрэн шиг худлаа зүйл байхгүй биз. Сумогийн ертөнцөд ах нарыгаа хүндлэх бичигдээгүй дүрэм бий. Тэр дүрмийг бүгд дагана. Ах нар юу гэж хэлнэ тэрийг заавал биелүүлнэ. Ах нартаа зодуулах тохиолдол ч гарна. Тэр бүгдийг нүдэн дээрээ хараад суугаад байх хэцүү. Тэгэхээр хэрэв сумо ч болно гэвэл өөр багшийн дэвжээнд өгөх байх” гэлээ. Эднийх зав л гарвал монгол руу явахыг зорьдог юм байна. Зун цагт хүүхдүүдээ дагуулаад явдаг гэсэн. Эхнэр, хүүхэд нь аавынхаа завыг харж байгаад боломжтой үе гардаг л юм бол Монгол руугаа явъя гэж гуйдаг юм байна. Харин сүүлийн хоёр жил нялх хүүхэдтэй учраас явж чадаагүй ажээ. Тэгсэн хүүхдүүд нь ааваасаа илүү Монголоо саначихсан зун хурдан болоосой гэж байгаа гэсэн. Монголд очоод юу хамгийн гоё байдаг тухай асуувал өдөр болгон монгол хоол идэх гоё гэж байна. Дунд хүү Энхмэнд нь дөрөв, тавхан сартай байхдаа анх Монголд ирж байсан юм байна. Тэр үед Японоос баахан хүүхдийн сүү, нэмэлт тэжээл базааж аваад явсан юм байх. Харин очсон эхний өдрөө л хонины махтай буузны гурил амаа олохгүй идээд бор хоолонд орж байжээ. Тэрнээс хойш Энхмэнд гэлтгүй хоёр охин нь ч гэсэн монгол хоолонд нугасгүй болсон гэнэ. Аливаа тэмдэглэлт өдөр, эсвэл амралтын өдрөөр ээжээсээ бууз, хуушуур хийж өгөхийг хүсдэг ажээ. Мөн Цэвэлмаа эмээ нь өвөлдөө Японд байдаг болохоор монгол хоолоо дуртай үедээ хийлгээд идчихдэг юм байна.

Н.Цэвэгнямынх одоо амьдарч байгаа байрандаа өнгөрсөн жил оржээ. Газрыг нь худалдаж аваад шинээр бариулсан гэнэ. Хүүхдүүд нь япон багачуудтай харьцуулахад хөдөлгөөн ихтэй, нэг газраа тогтож сууна гэж байхгүй, энд тэнд гүйж байдаг болохоор доод айлаасаа санаа зовоод амьдарч байсан орон сууцнаасаа нүүхээр болжээ. Ингээд одоогийнхоо амьдарч байгаа гурван давхар хувийн сууцыг бариулсан юм байна. Гэр нь тун энгийн. Өрөөнүүдэд нь илүү дутуу тавилга алга. Элдэв чамин зураг хөрөг, сувинер нэг ч харагдсангүй. “Японд амьдарч байгаа сумочдыг орд харш шиг тансаг байранд амьдардаг байх гэж бодож байлаа” гэтэл “Хүүе тийм үү. Ёстой тийм юм байхгүй ш дээ. Хүмүүс харин тэгж бодоод байдаг шиг байгаа юм. Яахав үнэтэй тансаг байранд амьдарч болно л доо. Гэхдээ тэгж амьдрах хэрэг юу байхав дээ. Тансаг тавилгатай байлаа гээд миний амжилт ахихгүй, хүүхдүүдийн сурлага сайжрахгүй болохоор ямар ч шаардлагагүй болчихож байгаа юм. Чи манайд ирсэн юм чинь манайхыг нэг сайн хараад авахгүй юу. Энгийн байгаа биз дээ” гэв. Нээрээ л энгийн гэхэд дэндүү энгийн аж төрөх юм. Зочныхоо өрөөнд зассан сүлд мод л гэхэд тавин см хүрэхтэй үгүйтэй өндөртэй. Манайд бол ийм хэмжээтэй ёолкыг дотуур байрны оюутнууд л өрөөндөө засаж байгаа даа гэж бодогдож байв. Буйдан, ширээ, сандал, гал тогооны тавилга, аяга таваг гээд бүх зүйл нь элдэв чамирхалгүй. Чихрийн таваг нь хүртэл зүгээр л шаазан байх жишээтэй. Болор таваг, мөнгөн аяга байдаггүй юм байна гэж бодож суутал Н.Цэвэгням “Тансаглана гэдэг чинь цөөн хүн амтай улсын л асуудал юм шиг байдаг. Энд хэн хаана амьдарч юу өмсөж зүүхийг огт сонирхохгүй” гэлээ. Тухайн хүний гаргаж байгаа амжилтад ямар бэлтгэл нөлөөлөв гэдгийг л сонирхоно уу гэхээс гэртээ ямар тавилга тавьж, ямар брэнд хэрэглэж байгааг нь тоож ярихгүй. Тиймээс элдэв маягаар гоёж гангалаад байх ч хэрэггүй ажээ. Гэргийнх нь хувцас, ээмэг зүүлтнээс ч гоё ганган зүйл харагдсангүй. Жижигхэн шигтгээтэй цагаан ээмэг зүүж өвдөгний дээгүүр татсан урттай эрээн даашинз өмсчээ. Мөрнийхөө доогуур татсан үснийхээ талыг ардаа боочихсон, нүдээрээ инээмсэглэсэн сайхан бүсгүй байдаг юм байна. Гал тогооныхоо ширээний ард зогсоод зочдынхоо хоолыг бэлтгэх тэрээр монголоор тийм ч сайн ярихгүй юм. Сайн байна уу, баярлалаа, баяртай, хоолоо идсэн үү гэх зэрэг ойр зуурын хэдэн үг мэдэх ажээ. Хадам ээж нь өвөлждөг болохоор монгол хэл суръя гэж зорьж байгаа гэсэн. Гэхдээ хүн л болсон хойно дохио зангаагаар ойлголцоод хүүхдүүдээ хамжиж хараад тун дажгүй байдаг гэлээ. Н.Цэвэгнямын ах дүү нараас олон хүн Японд байдаг учраас ээж нь хамаатнуудаараа хэсээд явчихдаг ажээ. Н.Цэвэгням жижиг оврын гэр бүлийн автобустай. Манайхаар микро гэж хэлж болохоор тэр машинаар нь амралтын өдөр бөөнөөрөө ийш тийшээ зугаалж, айл хэсэхэд тохиромжтой байдаг гэсэн. “Жийп унаж байгаа хүн харагдахгүй юм. Та энд байхдаа жийп унаж байв уу” гэж гэрийн эзнээс асуухад “Энд том машин унах ямар ч шаардлага гарахгүй. Нэгдүгээрт том машины зогсоол олоход хэцүү. Хоёрдугаарт зам сайтай болохоор шаардлагагүй. Би энд хорин хэдэн жил амьдрахдаа тоотой хэдэн удаа л жийпэнд суусан байх шүү. Японд жийп болон үнэтэй машинуудыг тэтгэврийн хөгшид унадаг юм. Насаараа хөдөлмөрлөж олсон мөнгөө тэгж л үрж байна. Харин залуу хүмүүст тэгэх шалтгаан байхгүй. Тэгээд ч сумогийн ертөнц өөрөө хатуу чанга дэг жаягтай болохоор тэр үү өнгө мөнгөнд дурлах, ойрын хэдэн жилийн хангалуун байдлаас илүүтэй холыг харах ухааныг өгдөг гэж боддог юм” гэлээ.

Н.Цэвэгням Кэйко хоёрын танилцсан түүхийг яриуллаа. Н.Цэвэгнямын барилдаж байсан Ошима дэвжээг дэмжигчдийн хүлээн авалт үе үе болдог байсан гэнэ. Нэг удаагийн хүлээн авалтын үеэр Кэйко ирчихсэн байжээ. Анх хараад л “Хөөрхөн охин байна даа” гэж дотроо бодоод өнгөрчихөж. Тэгсэн дараа нь бодогдоод болдоггүй гэнэ. Утас шөрмөсийг нь олж аваад холбогдтол нэг л нүүр өгөх янзгүй. Гадаад хүн, дээрээс нь том биетэй бүдүүн хүнд дургүй болохоор тоодоггүй байсан гэнэ. Гэлээ ч байнга утсаар ярьж, панаалдсаар байгаад аваад суужээ. Монгол хүн, тэр дундаа бөх хүний гэргий боллоо гээд өөрчлөгдсөн зүйл Кэйкод байхгүй гэсэн. “Гурван хүүхэдтэй болж, хүний гэргий болсноос биш хэцүү зүйл байхгүй дээ. Манай найзууд гадаад хүнтэй хамт амьдрах хэцүү биш байна уу гэж асуудаг. Ерөөсөө хэцүү биш. Харин ч түшигтэй байдаг юм” гэж гэрийн эзэгтэй ярилаа. Харин монгол бүсгүйчүүдийн хэвшил болсон цайны дээж өргөх, хоол ундныхаа дээжийг нөхөртөө барих зэрэг ёсыг мэдэхгүй гэсэн. Н.Цэвэгням ч хүний газар амьдарч байгаа болохоор гэргийгээсээ янз бүрийн монгол ёстой холбоотой зүйл шаардаад байдаггүй ажээ. Өглөө эрт бэлтгэлтэй учраас хоол идэхгүй боссон чигтээ л яваад өгнө. Бэлтгэлийнхээ дараа өдрийнхөө хоолыг дэвжээн дээрээ идчихдэг болохоор гэртээ хоол хийлгээд байхгүй. Гэргий нь хүүхдүүдээ цэцэрлэгт нь хүргэж өгөх, авах зэрэг арын ажлыг амжуулна. Ингэж явсаар оройдоо нэг дор цугларч оройн хоолоо хамт иддэг ажээ. Н.Цэвэгням гэрийн ажилд тэр бүр оролцоод туслаад байж чаддаггүй гэсэн. Огт оролцдоггүй гээд ч хэлчихэж болно доо гэж байв. Харин хүүхдэдээ хувцас авахаар дэлгүүр орох үед хамтдаа явдаг ажээ. Ингэж гадуур явахад таарсан хүмүүс зургаа авахуулахыг хүсдэг ч хувийн ажлаар явж байгааг нь ойлгоод дараагийн удаа хамт зургаа авахуулж болох уу гэдэг ажээ. Ганцаараа явж байвал хаана ч, хэн ч таараад зургаа авахуулъя, гарын үсгээ зураад өгөөч гэхэд нь татгалзаж үзээгүй тухайгаа ярилаа. Ингэж яриад ирсэн зочдын хамтаар оргилуун дарс буудуулан хундага тулгав. Японд он солигдох өдөр буюу 31-ний орой ямар нэгэн арга хэмжээ болохгүй. 25-ндаа л баярлаад өнгөрдөг юм байна. Энд ирснээсээ хойш тэрээр ихэнх 31-ний оройг унтаж өнгөрүүлснээ ярилаа. Харин цагаан сарыг тун өргөн дэлгэр тэмдэглэдэг гэсэн. Шинийн нэгний өглөө босож зүг чигээ гаргана. Орж ирээд сүүтэй цай уун арц хүж уугиулдаг гэсэн. Эхнэр нь бууз, банш бэлдчихдэг болохоор түүнийгээ жигнэж идээд шинэлдэг ажээ. Бас холбоотой байдаг монголчуудтайгаа золгож цагаан сарыг Монголд яаж тэмдэглэдэг, тэр жишгээр шинэлдэг гэнэ. Наадмаар ч гэртээ хуушуур хайраад идчихдэг ажээ. Наадмын өдөр барилдаантай байж таардаг болохоор аль болох давахыг чухалчилдаг гэсэн. “Эх оронд минь монгол төрийн наадам болж байна. Хичээж байгаад давах юм шүү” гэх бодол өөрийн эрхгүй төрдөг гэж байлаа. Барилдаанаа дуусгаж гэртээ ирээд интернэтээр бөх үзнэ. Бас хурдан морины уралдаан үзэж түрүүлсэн соёолонгоос хөлс авч байна гэж дотроо төсөөлөн бодоод наадчихдаг ажээ. Ийн ярих хооронд түүний гар утас байнга л дуугарч байх юм. Япон, монгол найз нөхөд нь баярын мэнд дэвшүүлэн залгаж байв. “Би аливаа баяр ёслолоор ерөөлийн үг хэлэхээр олон зүйл бодоод байдаггүй. Бүгдийнх нь ажил үйлс бүтэмжтэй, өвчин зовлонгүй байгаасай л гэж хүсдэг. Энэ ерөөлөө монголчууддаа хэлье. Шинэ онд санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэж байх болтугай” хэмээн ерөөгөөд үдэн гаргалаа.

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Өвлийн өвгөнтэй шинэ жилийн үдэш

Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Нэргүйбаатар жил бүрийн шинэ жилээр өвлийн өвгөнд хувирч, олон зуун багачууд, албан байгууллагын шинэ жилийн үдэшлэг, цэнгүүнд баяр хөөр нэмсээр гуч гаруй жилийн нүүрийг үзэж буй. Өвлийн өвгөний нэг өдөр хэрхэн өнгөрдгийг “Танай өнжье” булангаараа сонирхуулахаар түүнтэй хамт шинэ жилд явлаа.

Товлосон газартаа уулзацгаалаа. “Бөмбөгөр”-ийн ард байрлах “Хархорум” гэх үйлчилгээний төвийн хоёрдугаар давхарт байрлах ресторанд нэгэн байгууллага шинэ жилээ тэмдэглэж байлаа. Уг баярт Н.Нэргүйбаатар гуай өвлийн өвгөн болж оролцоно. Н.Нэргүйбаатар гуайгаас “Ямар байгууллагын шинэ жил юм бол” гэж асуувал “Ах нь мэддэггүй шүү дээ. Олон байгууллага, хамт олны шинэ жилд уригддаг болохоор нэр усыг нь ер цээжилдэггүй юм. Тэнд төдөн цагаас ирээрэй гэж манай менежер залуу хэлнэ. Тэнд нь очиж өвгөн болчихоод л дараагийн газар руугаа явчихдаг юм” гэлээ.

Энэ удаад тэрээр Монголын дугуйн спортын холбооны шинэ жилд өвлийн өвгөнөөр уригджээ. Үйлчилгээний төвийн тавдугаар давхарт шинэ жилд оролцох хамтлаг, дуучид, хөтлөгч нарт гаргаж өгсөн өрөө байна.

Хөтлөгч залуу орж ирээд “Өвлийн өвөө, би тан руу залгаад хувцсаа өмсөөрэй гэж хэлнэ. Тэгээд дуудна шүү” гэчихээд гараад явчихав. Н.Нэргүйбаатар гуай “Зарим байгууллагын шинэ жилийн номер нь ихдээд би дундуур нь гялс орчих санаатай хүлээнэ ээ. Хааяа ч гайгүй байдаг юм” гэлээ.

Н.Нэргүйбаатар гуай олон цасан охидтой байжээ. Энэ жилээс “Peace dance” студийн бүжигчид цасан охинд нь болсон байна. Тэрээр “Би олон цасан охин сольсоон. Харин сүүлийн хэдэн өдөр энэ хэдэн охидтойгоо тууштай явж байна шүү. Цэцэрлэг дээр бол жаахан жаахан юмнууд цасан охид болно. Бүжиглээд байгаа нь мэдэгдэхгүй, шуураад байгаа нь мэдэгдэхгүй, эгдүүтэй гэж. Шуурга шуурлаа шүү гэхээр эргэж байгаа бололтой л байдаг юм. Дуурийн театрын хэдэн охид байна. Харин одоо эд маань орчин үеийн цасан охин юм даг уу даа” хэмээн инээв. Н.Нэргүйбаатар гуай номер болох хүртэл сонин хачин, хуучны сонирхолтой явдлуудаасаа ярьж өгье гэлээ. Цасан охид өвлийн өвгөний яриаг шимтэн сонсохоор ойртон сууна.

Гавьяат жүжигчин маань гуч орчим настайгаасаа л өвлийн өвгөний дүрд хувилсаар иржээ. “Шинэ жил” гэж Монголын анхны шинэ жилийн баярын тухай кино бий. Тэр үеэс л манайхан Оросын Дед мороз буюу өвлийн өвгөний тухай төсөөлөлтэй болж, Монголд шинэ жилийн баяр гэх тэмдэглэлт өдрүүд бий болсон гэж үздэг аж. Дед мороз бол тундра, цас мөсний орноос ойн ан амьтан, цас мөс дагуулсаар хүүхэд багачууд дээр ирдэг хийсвэр дүр. Н.Нэргүйбаатар гуайгаас “Та ямар ан амьтад дагуулж ирдэг вэ” гэвэл “Амьтан дагуулахаа больсон. Амьтад нь алга болчихсон. Хүмүүс ан амьтнаа хайрлахгүй, алж хядсаар байгаад дуусгачихсан юм уу, хаашаа юм” гэж хошигноно.

Шинэ жилийн баяраар хоёр он солигдох торгон мөчид өвлийн өвгөн ирж, хоёр оныг солилцуулж, сүлд модны наадамд нь баяр жаргал бэлгэдэж, ерөөл дэвшүүлнэ. Ингэж л шинэ жилийн баяр жинхэнэ утгаараа өрнөнө. Гэтэл өвлийн өвгөнгүй шинэ жил нэг л гундуу байдаг. Хэдэн хүн хурал хийж байгаа юм шиг үг хэлээд л бэлэг гардуулж алга ташна. Тэгээд ширээнийхээ ард сууцгааж уувал ууж, идчихээд яваад өгнө. Тэр чинь шинэ жил мөн үү. Ерөөсөө л ийм том ялгаа байдаг юм гэж өвлийн өвгөн Н.Нэргүйбаатар гуай ярилаа.

Цасан охид хувцсаа солихоор өөр өрөө рүү явчихлаа. Баярт дуугаа өргөхөөр ирсэн хамтлагийн залуус гадуур хувцсаа тайлчихаад шинэ жил рүү явчихав.

Н.Нэргүйбаатар гуай том гэгчийн улаан цүнхээ онгойлгоод өвлийн өвгөний малгай, дээл, нөмрөг, сахал зэргээ гаргаж ирлээ. Бас монгол гутал. Бүгдийг нь дэлгэж тавиад нямбайлан зэхнэ.

Гавьяат маань “Өвлийн өвгөнгүй шинэ жилийн баяраар даргын үзэмжээр хэдэн хүнийг шагнана. Зарим нь намайг шагнах болов уу гэж горьдоно. Гэтэл өвлийн өвгөн шинэ жилд нь орж ирж байна гэдэг шагнуулсан болон шагнуулаагүй бүх хүнд том шагнал, урам болдог. Өвлийн өвгөнийг хараад том хүмүүс хүүхэд шиг баярладаг юм. Бүгд өвлийн өвгөнтэй хамт зураг авахуулах гээд л. Тийм сайхан байдаг юм” хэмээн өвлийн өвгөнтэй шинэ жил тэмдэглэхийн сайхныг ярив. “Хэдэн дуучин ирж дуулж болно. Ямар ч баяраар дуулж л байдаг. Харин өвлийн өвгөн ганцхан шинэ жилээр л орж ирдэг. Түүгээрээ л өвлийн өвгөний утга учир аугаа их” гэлээ. Өвлийн өвгөн цэнхэр нөмрөгөө намируулаад шинэ жилийн баяр болж байгаа танхимд орж ирэхэд хүн бүрийн баярын нүд гялалзаад, өвлийн өвгөнөөс бэлэг авах эсэх нь ч хамаагүй бүгд “Өвөө, өвөө” хэмээн угтана. Энэ мөч л өвлийн өвгөн болохын хамгийн сайхан хэсэг нь гэнэ.

Шинэ жилийн баярт өвлийн өвгөн буцах нь бяцхан гуниг төрүүлдэг. Харин Н.Нэргүйбаатар “Өвлийн өвгөн буцахдаа хуран цугласан хүмүүсийг гуниглуулж буцаж байгаа бол муу өвгөний шинж” гэв.

Өвлийн өвгөн “Дахиад олон хүүхдэд бэлэг гардуулна, очих газар олон, олон хүүхэд хүлээж байгаа, за миний хүүхдүүд наадам цэнгэлээ үргэлжлүүлээрэй, энэ л торгон мөчид наргиж, цэнгэж дуу хуураа өргөж, бүжиг наадмаа хийгээрэй” гэж их аятайхан хэлж уур амьсгалыг нь унагаахгүйгээр, сэтгэлийг нь өргөчихөөд явах ёстой гэнэ. Хүн үгээр урамшиж, үгээр амьдардгийн нэгэн том жишээ нь энэ гэлээ.

Дөчөөд жил кинонд дуу оруулчихсан болохоор Н.Нэргүйбаатар гуайн дуу хоолой ард түмний чихэнд хоногшсон билээ. Байгууллагуудын шинэ жил дээр очоод “Сайн байцгаана уу, миний хүүхдүүд” гээд л мэндлэнгүүт бүгд түүнийг таниад алган ташин баярлаж, хөөр баяр болдог гэнэ. Н.Нэргүйбаатар гуай сарлагийн савгаар хийсэн сахал, хөмсөг зэргээ гаргаж ирээд янзаллаа. Тэрээр гэрийн бүрээсээр хийсэн дээлтэй олон жил явсан гэнэ. Өнөөх нь ихэд муудаж, хуучрахаар нь Гантулга гэдэг шавь нь багшдаа одоо өмсч байгаа энэ дээлийг нь оёулж өгчээ. Тэрээр дээл, малгайгаа янзлах зуураа “Хүмүүсийн баяр дээр баяр нэмэх гэж л ах нь ингэж явдаг юм даа” хэмээнэ. Түүнийг ийн ярих зуур өрөөнд шинэ жилийн баяраасаа хоцорсон нөхөд орж ирж хувцсаа солив. Хувцсаа солих зуураа Н.Нэргүйбаатар гуайн яриаг сонирхон чихээ тавьж, ярьсан зүйлд нь дагаж инээнэ. Баяртаа нэлээд түрүүлж ирээд сэтгэл нь хөдлөөд хэд гурван хундага архи тогтоосон залуус орж ирээд “Өвөө биднийгээ уучлаарай”, “Өвөө бэлгээ авъя”, “Чанга, чанга ярьж анхаарлыг тань сарниулсан бол өвөө минь уучлаарай” гэв. Н.Нэргүйбаатар гуай өвлийн өвгөний хувцсаа өмсчихлөө. Харин сахлаа байзнаж байгаад зүүнэ гэв. Сахал зүүгээд удаан суухаар түвэгтэй, их ядардаг гэнэ. Нэг өдөр гурав, дөрвөн шинэ жилд оролцчихоор орой нь маш их ядарчихсан байдаг гэсэн. “Арванхоёрдугаар сар гараад л цагаан дээл, шар бүс, цэнхэр нөмрөг, том малгай чирч аваад л явж өгнө дөө” хэмээн хуучлав. Н.Нэргүйбаатар гуайг жил бүр урьдаг байгууллагууд байдаг гэнэ. Өмнөх жилүүдийг бодвол энэ шинэ жилээр өвлийн өвгөний захиалга харьцангуй бага байгаа аж.

Хамт олон байгууллагаараа захиалга өгөхөөс гадна хувь хүмүүс гэр орондоо өвлийн өвгөн урьж, үр хүүхэд, ач зээ нартаа бэлэг барих дуртай гэнэ.

Цэцэрлэгүүдээр их явна. Хэдхэн хоногийн өмнө “Титэм” хотхоны цэцэрлэгт ой дөнгөж өнгөрч байгаа хүүхдүүдтэй ангид уригджээ. Цагаан, үс сахалтай, цагаан дээлтэй өвгөнийг орж ирэнгүүт өнөө яслийн хүүхдүүд гайхаж, өвөр дээрээ суулгаад зураг авахуулах гэтэл бүгд уйлаад бөөн уйлаан болжээ. “Юун хүүхдүүдийг баярлуулах, жинхэнэ баларч байгаа юм чинь” гэж хөглөснөө ярилаа.

Радиогийн нэвтрүүлэгч Ганбаатар нэг удаа гэртээ урьжээ. Өвлийн өвгөний хувцсаа орцонд нь өмсчихөөд гэрт нь ороод л “Цасан цагаан орны…” гээд л нэг их сүрхий бэлэг гардуулах санаатай шүлэглээд эхэлж. Тэгтэл дэгдийтэл зогсч байсан гурав дөрвөн жаалхан амьтны хамгийн отгон, ой гарантай нь юун бэлэг сэлт авах ухаан жолоогүй өрөө рүүгээ зугтаад орчихжээ.

Хүүхдүүд тэр дундаа гурав, дөрвөн настай хүүхдүүд өвлийн өвгөнийг байдаг гэдэгт хамгийн их итгэдэг юм байна. Тийм ч болохоор тэр үү төдий насны хүүхдүүд дээр өвлийн өвгөн болоод очихоор чин сэтгэлээсээ хүлээж авдаг юм байна. Өвөр дээр нь суугаад, ер салахгүй. Өвлийн өвгөнийг жинхэнэ гээд итгэчихсэн багачууд өвлийн өвгөнд үнсүүлэх биш өөрсдөө үнсэх гэж дайрна. Жаалууд өвөр дээрээс нь буухгүй, бүр бэлэгний чихэрнээсээ илүүчилнэ. За өвөө нь ингээд буцъя даа гэхээр бүгд дагаж уйлна. Н.Нэргүйбаатар гуай “Өвлийн өвгөн болно гэдэг чинь ийм л сонин ажил юм даа. Би үүнийг тоглоом наадам гэж боддоггүй. Хүмүүсийг баярлуулдаг буянтай хамгийн том ажлын нэг юм байгаа юм” гэнэ.

Айлуудаар уригдаж шинэ жилийн баяр дээр баяр нэмээд явж байхад ная, ерэн настай буурайнууд тааралддаг аж. “Миний хүү өвлийн өвгөн ааваасаа ирж бэлгээ ав” гэхээр өнөө настай хүмүүс “Хүүе яадаг билээ” гэж хүүхэд шиг баярлаад л гялс ирж бэлгээ авч, үнсүүлдэг гэнэ.

Өвлийн өвгөн гэдэг чинь мөнхийн өвгөн. Тийм болохоор нялх балчраас эхлүүлээд ная, ер гарсан ахмадууд хүртэл хүндэлж, бэлэг горьддог юм шүү дээ гэв. Айлд очоод хүүхдүүдэд нь бэлэг гардуулчихаад шууд гарна. Тэгэхгүй бол хоол унд, архи дарс болно. Хүүхдүүд нь жинхэнээсээ гэрт нь өвлийн өвгөн ирчихлээ гэж итгэж байхад нь сахлаа духдуулчихаад л бууз үмхэлж суугаа харагдвал ямар байх вэ. Тэгээд дээр нь дарс залгилж харагдвал тэрэн шиг муухай юм үгүй учир өвлийн өвгөн болсон үедээ ганц хундагыг ч болтугай тогтоохоос зайлсхийдэг болжээ. Яагаад гэвэл өвлийн өвгөн гэдэг бол хүн бүрийн хувьд хүүхэд байхаасаа тэсэн ядан хүлээдэг ганц хүн нь шүү дээ. Тэгэхээр хүүхэд, том хүн гэлтгүй бүгдэд өвлийн өвгөн муухай харагдаж болохгүй гэдэг дээр Н.Нэргүйбаатар гуай хатуу байр суурьтай нэгэн аж. Өвлийн өвгөний нэрийг муу юмтай ерөөсөө холбож болохгүй шүү гэж хожим хойчийнхоо өвгөдөд захия гэлээ. Түүнтэй ийн ярилцаж суутал цасан охид бүжихэд бэлэн болчихсон орж ирэв. Доор хоёрдугаар давхарт шинэ жил ид дундаа орж байгаа бололтой дуу хөгжим цангинана. Бөмбөрийн нүргээнт дуу сонстоно. Өвийн өвгөн, цасан охид хэдийнэ бэлэн болчихсон. Хөтлөгчийг гар утсаар ярьж дохио өгөхийг хүлээнэ. Цасан охид ерөнхийдөө чөлөөт хэв маягийн бүжиг бүжиглэдэг гэнэ. Толины өмнө зогсч бүжгийн хөдөлгөөнөө давтана. “Мундаг жүжигчний хамт шинэ жилд оролцож байгаадаа баярладаг” гэж байлаа. Тэд “Бид хуучны цэмбийсэн цасан охидоос хувцаслалт, бүжгийн хөдөлгөөнөөрөө арай өөр л дөө. Арай шоу тал руугаа. Биднийг залуус, залуу үеийнхэн их таатай хүлээж авдаг” гэж өөрсдийгөө тодорхойлов.

Н.Нэргүйбаатар гуай сахлаа зүүгээд өрвийж сөрвийсөн хэсгүүдийг нь хоёр талдаа наалттай туузаар наалаа. Хөмсгөө ч наав. Хөмсөгнийхөө сүүл хэсгийг малгайндаа тогтоох аж. Дөрвөлжин жижиг толиндоо нүүр хөмсөг, сахал, малгайгаа тольдож засч янзална.

Нэгэн хэсэг манайхан шинэ жилийн баяр гэхээр учиргүй л архи дарс эргүүлж яагаа ч үгүй байхад халамцдаг байв. Харин сүүлийн жилүүдэд энэ байдал бага багаар үгүй болсоор байгаа нь өвлийн өвгөнд мэдрэгдэх болсныг сонирхуулав. Саяхан нэлээд хэдэн байгууллагын шинэ жилд очиход арга хэмжээ нь дундаа орчихоод байхад ирсэн зочид нь ширээн дээрх сархдаа дуусгаагүй, зарим нь хундагандаа уруулаа хүргээгүй юм болов уу гэмээр эрүүл саруул харагдаж. Ширээн дээрх шар айрагнаас жаахан амссан болоод л сууж байгаа нь харагдсан гэнэ.

Хөтлөгч залуу утасдаж байна. Нэг номерийн дараа өвлийн өвгөн орж ирээрэй. Гурван давхрын шатан дээр цасан охидтойгоо байж бай гэлээ. Ингээд бүгд өрөөнөөс гарч зогсч бай гэсэн газарт нь очлоо. Тэгтэл хөтлөгч зарлаж байна, өвлийн өвгөнөө урьж байна гээд. Н.Нэргүйбаатар гуай гараа далласаар цасан охидоо дагуулаад ороод явчихлаа. Хүн бүр алга ташин, “Өвлийн өвөө” гэж хашгирч, баярлацгааж байгаа нь илт. Бүгд босч алга ташин өвгөнөө хүлээж авлаа.

Өвлийн өвгөн

… Цасан цагаан орны

Мөсөн туйлын өвгөн би

Цасан охиноо дагуулсаар

Цайдам хөндийн холыг туулж

Цастай өвлийн жаврыг сөрсөөр

Мөнх жаргал дэлгэрсэн

Монгол оронд ирлээ

Өвгөн буурал аав нь

Өдөр хоногийг товлосоор

Хүүхдүүд та нартайгаа уулзах

Хүсэлт өдрийг хүлээсээр

Цасан охиноо дагуулсаар

Цан хүүргээ савсуулсаар

Хоёр оны босгон дээр

Холын тэртээгээс ирлээ хэмээн мэндчилж улиран одож буй ондоо тив, дэлхийн тэмцээнд амжилт гаргасан тамирчид, дасгалжуулагчдад гарын бэлэг гардуулав. Цасан охид шинэ жилийн дууны попури аянд бүжлээ. Н.Нэргүйбаатар гуайн дуу хоолойг бүгд таньж, түүний ялимгүй хошигносон ярианд бүгд хөгжилдөн инээх аж. Ингээд өвлийн өвөө дараа дараагийн олон газраар орно, олон хүүхэд багачуулд бэлэг өгнө, наадам цэнгээнээ үргэлжлүүлээрэй гээд бүгдэд эрүүл энхийг хүсээд шинэ жилээс гарч ирлээ. Түүнийг гаран гартал бүгд алга ташин баярлацгаав.

Нэг байгууллагын шинэ жилд өвлийн өвгөн болж арван минут хэртэй саатахын тулд бараг гурав дөрвөн цагийн өмнөөс ийн бэлдэж, явдал суудал болдог юм байна. Хүнийг хэдхэн хором баярлуулахын тулд яасан их цаг зав, хөдөлмөр зарцуулдаг юм бэ гэсэн бодол төрж байлаа. Тэрээр өрөөндөө орж ирээд өвлийн өвгөний хувцсаа тайлаад цүнхлэв. Нүүрнийх нь хөлс бурзайж, шанааг нь дагаад урсчээ. Алчуур гаргаж ирж арчина.

Ингэж олны үр хүүхэд, түмэн хүнийг баярлуулж явдаг мөртлөө өөрийнхөө үр, хүүхдэд өвлийн өвгөний дүрээр бэлэг гардуулна гэдэг тун ховор гэнэ. Зээ нартаа нэг удаа бэлэг өгөх гэж баахан л юм болж. Шинэ жил гарахаас өмнө бэлэг өгчихье гэж их л хичээсэн ч замын хөдөлгөөний түгжээнд гацаад арайчүү 31-нд он солигдохоос өмнө гэртээ орж байжээ. Харин зээ нараа цэцэрлэгт байхад нь өвлийн өвөөгийн үүргийг нь нэр төртэй биелүүлдэг байсан гэдэг шүү.

Н.Нэргүйбаатар гуай хүүхэд ахуйнхаа нэгэн шинэ жилээр болсон явдлыг дурслаа. Тэр үед өвлийн өвгөн болж байгаа хүнд одооных шиг жинхэнэ гэмээр сахал, үс байдаггүй байж. Сахал, дээлний хормой зэргээ хөвөнгөөр л аргална. Сургуулийнх нь зааланд өвлийн өвгөн цасан охидтойгоо ороод ирэв гэнэ. Хүүхдүүд баярлаад л. Цасан охид нь бенгалийн гал барьчихсан. Өвгөн “Амар сайн уу” гээд л спортын заалыг нар зөв тойроод явж байв. Тэгтэл өнөө бенгалын гал нь өвлийн өвгөний хормойнд наасан хөвөнтэй авалцаад тэр хавиар л нэл утаа хиншүү гарчээ. Өвлийн өвгөний хормойноос гал дүрэлзээд, өвгөн хурдалж давхиад. Хүүхдүүд барьж авах гэсэн ч гүйцдэггүй гэнэ. Арай гэж дарж авч галыг нь унтраасан аж. Тэгтэл өвлийн өвгөний нэг гуя нь түлэгдчихсэн байж.

Н.Нэргүйбаатар гуай “Надад бас нэг иймэрхүү юм тохиолдож билээ. Шарын голд шинэ жилд оролцоод явж байлаа. Тэгтэл арай л урт нөмрөг таарчихсан юм. Цасан охид миний хойно явж байгаад нөмрөг дээр гишгээд би золтой л савж унасангүй. Хүмүүс сандраад л хөгтэй юм болж билээ” гэлээ. Өвлийн өвгөн болж байгаа хүмүүс хувцас хунартаа сайн анхаарч, хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангах хэрэгтэйг туршлагатай өвлийн өвгөний хувьд зөвлөж байлаа.

Н.Нэргүйбаатар гуайд хөдөө орон нутгаас утасдаж өвлийн өвгөн болох урилга ирүүлнэ. Эрдэнэт, Дархан гээд л аймаг, хотуудаас захиалга ирдэг юм байна. Хөдөө орон нутаг руу явахаар бол гурав, дөрөв хоногийн өмнөөс бэлдэж цаг нараа тохируулдаг гэсэн.

Ийн Н.Нэргүйбаатар гуай Монголын дугуйн спортын холбооны шинэ жилд өвлийн өвгөн нь болчихоод хамаг зүйлсээ цүнхлээд гарлаа. Тэрээр “Би энэ улаан цүнхэндээ өвлийн өвгөний дээл, малгайгаа цүнхлээд хичнээн ч жил алхаж байна гэж бодно. Яах вэ, амьтан хүн баярлуулж явбал боллоо шүү” гэнэ. Зарим захиалга ихтэй үед олон байгууллагын шинэ жилд оролцчихоод гараад ирэхээр авто унаа зогсчихсон байх нь бий. Уг нь хүссэн хүн бүрийн баярт очиж өвлийн өвгөний бэлэг гардуулмаар л байдаг юм. Даанч хотын замын түгжрэл шинэ жилээр оргилдоо хүрдэг болохоор сүүлийн жилүүдэд өдөрт гурваас илүү шинэ жилд оролцохоо байсан гэсээр өвлийн өвгөн Н.Нэргүйбаатар гуай хөлсний тэрэгт суугаад гэр рүүгээ одсон юм.

Д.ГАНСАРУУЛ

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Монголын түүхийн нэвтэрхий толь Д.ӨЛЗИЙБААТАРЫНХ

“Дүүрэн шахуу зорчигчтой автобус нам жимхэн байв. Тэнд дуугарах ганцхан хүний яриаг сонсоод бүгд ийн дэгтэй яваа ажээ. Нийгмийн янз бүрийн давхаргынхан үйлчлүүлдэг нийтийн тээврийн зорчигчид ер нь тэр чигээрээ ховсдуулчихсан юм шиг журамтай байхыг анх удаа харлаа. Арын суудалд суусан нэг залуугийн утасны хонх дуугарахад бондгосхийн цочив. Түүний ойролцоо зогсох 40 гаруй насны эр “Ямар чанга юм бэ. Аяар ярь л даа. Би юм сонсч байна шүү дээ” гэж шаардлага тавих юм. Олны анхаарал төвлөрсөн тэр яриа бол радиогоор өгүүлэх Чингэс хааны байлдан дагууллын тухай түүх. Энэ нь монголчууд өөрсдийн түүхээ танин мэдэх хүсэл эрмэлзэлтэй байгааг харуулж байна” гэж Д.Өлзийбаатар гуайд нэгэн танил нь хуучилж, түүний хийж буй ажлыг дэмжин урам өгчээ. Үнэхээр чиг залуусыг монгол үндэстэн гэдгээрээ бахархан огшиж, түүхийн боловсролд нь мэдлэг олгох шинэ шийдлийг тэр санаачлан хэрэгжүүлж чадсан. Өнөөдөр ширээний ард ном ширтээд суугаад байх цаг завгүй ажилладаг хүмүүс түүний өгүүлэхийг сонсдог болжээ. Автомашиндаа, ажил дээрээ, автобусанд гээд хаана хөгжим, интернэт байна тэнд Монголынхоо түүхийг “унших” боломж бидэнд байна. Нууц товчоонд гардаг оньсого мэт үг хэллэгийг тайлбарлаж, Монголын түүхийг маш сонирхолтой, ойлгомжтой болгон системчилсэн Д.Өлзийбаатар гуайн яриаг ямар ч насныхан сонсоход эргэлзэх зүйлгүй. Бүх цаг үеийн түүхийг гаргаахгүй энэ эрхмийнд өнжиж, түүний амьдралын хүрдтэй танилцсан тэмдэглэлээ сийрүүлье.

“Өдрийн сонин” ард түмэндээ илүү хүрдэг болохоор очсон айлууд маань “Танайд өнжье” булангийн агуулга, зорилгыг андахгүй шүү. Нийгэмд хийсэн бүтээсэн үйлсээрээ нэр төртэй эрхмүүдийн хойморт зочилдог гэдгийг. Энэ уламжлалаар түүхийн ухааныг судалж, өнгөрсөн он жилүүдийг салбартаа зориулж ирсэн Д.Өлзийбаатарынд очлоо. Тэднийх улсын циркийн хажууханд байдаг юм билээ. Тэрбээр гэргийнхээ хамт биднийг найрсагаар угтав. Гэрийн эзэгтэйг Т.Цэрэндэжид гэдэг. Арван жилд байхдаа учирсан хосууд амьдралаа холбоод 30 гаруй жил болжээ. Эднийх Ө.Эгшиглэн, Ө.Цэцэглэн гэдэг хоёр охинтой. Эгч дүүс одоо АНУ-д сурч, ажиллаж байгааг тэд дуулгав.

Д.Өлзийбаатар гуайн зочны өрөөнд тухаллаа. Ханын шүүгээнийхээ дээд талын тавиурт бурхан шүтээнээ залжээ. Өнгийн утас сүлсэн гоёмсог хийцтэй бурхан багшийн хөргийг хоймортоо байрлуулсан байв. “Далай лам Монголд ирэхдээ энэхүү бурхан багшийн хөргийг надад бэлэглэсэн юм. Ялаа суудаггүй юм даа” гэж гэрийн эзэн бидэнд сонирхуулав. Мөн нүдэнд шууд туссан өөр нэг хөрөг бол Чингэс хааны бүтээл. Энэхүү хөргийг Жак Уэтерфорд сангаас Д.Өлзийбаатар гуайн “Монголчууд” сонсдог номыг 2014 оны онцлох бүтээлээр шалгаруулахдаа шагналд нь дагалдуулжээ. Үүнээс гадна ганган, донжтой хүрээ бүхий хуучны гэрэл зургуудаа тавилга дээрээ өрсөн байв. Гэрэл зураг түүх өгүүлнэ гэдэг дээ. Тэгвэл эдний зургийн цомгийг өрвөл номын тавиур дүүргэх хэмжээний арвин юм гээч. Гэр бүлийн, найз нөхдийн, ажил албаны гээд он цагуудаар нь ангилан тун эмх цэгцтэй хадгалдаг юм билээ. Д.Өлзийбаатар түүхчийн Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Н.Энхбаяр нараас төрийн дээд одон медаль авч байгаа гэрэл зураг харагдав. Түүхчийн ажил албатай нь холбоотой гэвэл хайгуул, малтлага хийж явсан үе, гадна, дотнын томоохон нэр хүндтэй эрдэмтэн нөхөдтэйгээ гээд тэртээх цаг хугацааг өгүүлэх нандин дурсамжууд ийнхүү хальснаас үлдсэн нь энэ. Түүхч маань “За, энэ Оросын Архивын газрын дарга В.П.Козлов гэж хүнтэй авахуулсан зураг байна. Тэрбээр Монголын түүхийг судлахад нэлээд хувь нэмэр оруулсан, Монголд тун элэгтэй хүн дээ” гэж ирээд л нүдэнд нь бахдал тодрон ярив. “Энэ манай охид, хэнтэй адилхан байна” гэж гэрийн эзэгтэй биднээс лавлалаа. “Том охин нь ээжтэй, бага нь аавтайгаа тун адилхан юм байна” гэхэд “Тийм шүү, хүмүүс тэгж хэлдэг юм” гээд охидоо санасан ээжийн харцнаас мишээл тодрох нь тэр. Бас нэг сонин дурсамж өгүүлэх зураг нь тэдний хурим. Цагаан даашинзтай залуухан эмэгтэй гартаа төмсний улаан цэцэг барьжээ. Тухайн үед цэцэг ховор байсан болохоор найзууд нь Богд уулнаас очиж төмсний улаан цэцэг түүгээд авчирч өгсөн гэж хөгжилтэй дурсамжаа бидэнтэй хуваалцлаа.

Д.Өлзийбаатар гуай ийн хуучлан суунгаа байн байн зурагт руугаа харж, нэг зүйл хүлээх нь анзаарагдлаа. Тэрбээр мэдээний хөтөлбөр эхлэхийг хүлээж байгаа гэнэ. “Өнөөдөр чинь хэвлэлийнхнээр хүрээлүүлсэн өдөр бололтой. Надаас хоёр ч телевизийн сэтгүүлч ирж ярилцлага авсан” гэж хэлж дуусаагүй байтал мань эр зурагтаар гарав. Өнөөгийн улс төрийн тогтолцоог түүхэн цаг үеийн сургамжтай нь харьцуулан жишиж ярьж байна аа. Хэрэв төрийн эрх баригчид хоорондоо хагарч бутарвал тусгаар улс мөхөхийн цондон гэсэн агуулгыг хөндөн ярьсан нь засаг төр солигдож байгаа энэ үед улстөрчдөд цагаа олсон зөвлөгөө болох биз ээ. Түүнийг ийн ярьж байхад эхнэр нь цаад өрөөнөөсөө орж ирэн нөхрийнхөө хажууд зогсч телевиз рүү хараад инээмсэглэв.

Гэрийн эзэн биднийг номынхоо өрөө рүү хамт орохыг урилаа. “За тэгээд энд тамхиа татаад, цай, кофе уугаад л төвлөрөөд суучихна шүү дээ” гэж түүхч маань өгүүлэв. Хана нь тэр чигээрээ номоор бүрхжээ. Эрдэмтэн судлаач хүний номын өрөө ийм байхгүй гээд ч яах билээ. Тэнд түүхтэй холбоотой бүхий л цаг үеийн ховор нандин ном зохиолууд хэдэн зуугаараа байгаа гэнэ. Зуслангийн байшинд нь арвин ном байгааг эхнэр нь тодотгов. Цонхон талын хананы чөлөөнд Сайн ноён ханы хөрөг зургийг томоор угаалган өлгөжээ. Д.Өлзийбаатар гуайн өвөө нь түүний албат байжээ. Тэрбээр “Манай ээжийн аав Сайн ноён ханы адууных нь даамал хүн байсан юм. Энэ хөргөөс хүмүүс загвар авсан. Бүр орон нутагт хөшөөг нь хүртэл босгосон шүү” гэлээ. Д.Өлзийбаатар гуайн аав Дэмбэрэл Хөвсгөл аймгийн Ар булаг сумын харьяат бөгөөд Автобаазад ажиллаж байсан гэнэ. Харин ижий нь Өвөрхангайн Хайрхандулааны харьяат. Яамны эмнэлэгт насаараа ажиллаж байжээ.

ӨВГӨДИЙН ХУУЧ ЯРИАНД ХӨТЛӨГДСӨӨР ТҮҮХЧ БОЛСОН ТҮҮХ

Д.Өлзийбаатар гэдэг хүнийг түүхч болоход өвөө нь их нөлөөлсөн бололтой юм. Тэрбээр энэ тухай дурсан ярихдаа “Манай өвөөгийнх Яармагт байлаа. Тэднийхээр Өвөрхангайн том том өвгөцүүл их ирнэ. “Аянга” романыг бичсэн Жамбын Пүрэв гуай, “Үер” кинонд дүрээ мөнхөлсөн жүжигчин Гэндэн гуай гээд байна. Тэд сонин хачин жигтэйхэн юм ярина аа. Би хүүхэд байсан болохоор тэдний яриаг сонсоод л хэвтдэг байлаа. Мөн тэд өвөөгийнд ирэхдээ түүхийн ном авчирна. Шинжлэх ухааны академиас хэвлэгддэг байсан тэдгээр түүхийн том том бүтээлүүдийг уншина гээч. Би сургуульд ороод түүхийн хичээлдээ сайн байсан. Миний багш Туваанжав гэж хүн байлаа.Тэрээр Лоохууз, Нямбуу нарын хэрэгт холбогдоод өндөр албан тушаалаасаа бууж багшаар томилогдоод ирсэн юм. Тэр багш түүх нийгмийн ухааны хичээлийг тун сонирхолтой заана. Намайг түүхч болоход бас нөлөөлсөн л дөө.

Манай өвөө 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үед Өвөрхангай аймгийн эвлэлийн хорооны дарга байлаа. Мань эрийн найз Цэдэнбал гэж прокурор хүн байсан гэдэг. Тэр найз нь өвөөд “Чамайг хэд хоногийн дараа барих гэж байна шүү” гэж хэл дуулгасан гэнэ. Өвөө ч хөдөө гэртээ байж. Ингээд хэлмэгдүүлэлтээс амь гарахын тулд бензин уусан байгаа юм. Айхавтар хордож, хамаг биеэр нь юм туурч, бөөлжөөд л сүйд болно доо. Яг тийм байхад нь өвөөг барихаар хүмүүс иржээ. Эмээ тэдэнд “Хүү маань өнөө, маргаашгүй болчихоод байна даа, яадаг билээ” гэхэд нөгөөдүүл нь “Яаж ийм хүн авч явах вэ” гээд үхсэнд тооцож, бүртгэлдээ бичээд хөдөлсөн гэдэг. Тэднийг яваад дөнгөж онги давангуут өвөөд сүү уулгаж, хордлогыг нь тайлсан байгаа юм. Өвөө маань нас сүүдэр 80 шахсан шүү. Харин ходоодны өвчнөөр өвдөж, бурхан болсон доо” гэлээ. Д.Өлзийбаатар гуай эхээс гурвуулаа. Ах нь залуудаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн гэж тэрбээр дурслаа. Дүү нь мэргэжлийнхээ дагуу хувиараа бизнес хийдэг нэгэн гэнэ.

УТАСНЫ НАЙЗУУД УЧИРСАН НЬ…

Эрдэмтдийн ар гэрийг яах аргагүй эхнэр нь авч явдаг гэлцдэг. Цаг наргүй, судалгаа, шинжилгээндээ бүхнийг зориулдаг учраас хань ижил нь түүний ажлыг ойлгодог, зохицуулагч байх ёстой биз. Тэр ч утгаар эмэгтэй эрдэмтэд ховор гэдгийг Д.Өлзийбаатар гуай ярилаа. Эр хүн хэзээ ч эмэгтэй хүнийг орлож чадахгүй гэдгийг тэр хэлсэн юм. Түүний нөр их хөдөлмөр шингээсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд, ном бүтээлүүдээ туурвихад эхнэрийн үүрэг оролцоо өндөр гэдгийг энд онцлох нь зүйн хэрэг биз ээ. Тэд ёстой л хувь тавилангаар учирсан гэмээр. Анх танилцсан дурсамжийг нь сонсоход хэн хүнд ийм бодол зурайна. Энэ тухай Д.Өлзийбаатар гуайг ярих гэтэл эхнэр нь ичингүйрч, “Яах юм бэ” гэж инээв. Мань эр ч шуудхан яриад эхэллээ. “Бид хоёр хар багаасаа танилцсан. Долдугаар ангид байхдаа утсаар ярьдаг байлаа. Бидний үед ингэж хоорондоо ярьдаг моод байв. Утас үнэгүй болохоор хэдэн цаг ч хамаагүй ярина даа. 1970-аад оны үед юм уу даа. Нэг нэгнээ танихгүй хэрнээ гэрийн даалгавар, хичээлээ асууж ярьдаг байлаа. Би чиний дугаарыг мэддэг болсон уу, чи миний дугаарыг мэддэг болсон уу” гэж хошигноход гэргий нь инээмсэглэв. Тэгэхэд Д.Өлзийбаатар гуай үргэлжлүүлж, “Ер нь чи л миний утасны дугаарыг мэддэг болсон байх. Би долоон томьёо их асууна. Ингэж утсаар ярьсаар байгаад сургуулиа төгсөөд оюутан болсон доо. Тэгээд яалаа, бид хоёр айлд таарсан юм” гэхэд Т.Цэрэндэжид “Чи манай ангийн хүүхэдтэй оюутан байхдаа танилцсан байсан шүү дээ” гэж нөхөртөө сануулав. “Аан тийм. Ангиараа амралтад явлаа. Тухайн үед тэр найз маань арван жилийнхээ хүүхдүүдтэй хамт амралтад ирсэн нь Цэрэнгийн найзтай хамт хүрээд ирсэн юм байна л даа. Би түүнтэй танилцаад тэднийд очиж шатар билүү даам тоглож байсан” гэж Д.Өлзийбаатар гуайг тэртээх 30 гаруй жилийн өмнөх үйл явдлыг санан ядан хэлэхэд эхнэр нь “Биш ээ, хөзөр тоглож байсан гээч” гэж ирээд заслаа. Д.Өлзийбаатар “Тэгээд би Цэрэнг дуугаар нь танихгүй юу” гэхэд Т.Цэрэндэжид “Би инээсэн чинь таньсан шүү дээ” гэв. Эгч ч их содон инээдэг байжээ. Гурван жил царайгаа харалцаагүй утасны найзууд ингэж нэг учирчээ. Бас болоогүй ээ, Т.Цэрэндэжид эгч нэрээ худлаа танилцуулсан байж. Тэрбээр “Би бас нэг удаа шууданд явж байтал ангийнхаа залуутай таарсан. Өндөр, буржгар үстэй залуутай хамт явж байсан нь манай хүн байсан. Би юм ярьсан чинь над руу хараад л гайхаад зогсоод байсан юм. Бид биенээ яаж таних вэ дээ, салаад явцгаасан” гэв. Д.Өлзийбаатар “Би найзаасаа асуухгүй юу. Энийг хэн гэдэг билээ гэхэд Цэрэндэжид гэж байна. Тэгэхээр нь хүүхэд юм болохоор нэр нь биш байна гээд анзаараагүй. Дуугаар нь таниад байдаг. Гэтэл надтай утсаар танилцахдаа Пагма гэсэн нь л бодогдоод байхгүй юу” гээд инээлээ. Ингээд тэд бие биенээ олоод жилийн дараа гэрлэжээ. Тэдний авсан анхны тавилга нь хөргөгч. Олдохгүй ховор барааны тоонд орж байсан хөргөгчийг оочирлож байж авсан гэдэг. Энэ хогшилдоо тэд тун ч хайртай. Бас румын ор, модон ширээ гээд анх авсан тавилгууд нь бүгд өөр өөрийн түүхтэй болохоор хаяж чаддаггүй гэж тэд ярив.

Тэдгээр үнэ цэнтэй хогшлоо Баянхошуунд байдаг зусландаа нандигнан хадгалжээ. Д.Өлзийбаатар гуайн хувьд түүхчээс гадна сайн зураач. Тэртээх арван жилийн өмнө зуслангийнхаа байшингийн шугам зургийг гаргаад барьж эхэлсэн аж. Тухайн үед хоосон газарт ерөнхий төлөвлөлт хийж байжээ. Одоо түүний загварыг орон нутагт хэрэгжүүлээд эхэлсэнд тун ч олзуурхаж байлаа. Гэвч айлууд замбараагүй буугаад тэр төлөвлөлт алдагдсан байна. Гэрийн эзэгтэй “Манай байшин баригдаж дуусаагүй болохоор бид нар очдоггүй юм аа” гэж хэлэхэд “Цалингаа буухаар тэгж байгаад нэг хөрөнгө оруулдаг болохоор аргагүй шүү дээ. Одоо 95 хувьтай яваа. Энэ хавар дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байгаа” гэж арван жил барьж байгаа байшингийнхаа тухай ярилаа.

ӨВӨӨ, ЭМЭЭ БОЛГООД ӨГӨӨЧ…

Энэ айлыг өдий зэрэгтэй авч яваа сайн эзэгтэй Т.Цэрэндэжидийн тухайд Ховд аймгийн Дарви сумын харьяат ажээ. Есөн хүүхэдтэй айлын зургаа дахь нь гэсэн. “Дээрээ таван ахтай, хоёр эмэгтэй дүүтэй байлаа. Одоо ч дөрвүүлээ үлдэж дээ” гэж тэрбээр ярьж байв. “Манай хүн олон ахтай, эрэгтэй хүнтэй харьцаж сурсан болохоор бид хоёр анхнаасаа ойлголцоход амар байсан л даа” гэж Д.Өлзийбаатар гуай ярив. Түүний гэргий “Талх чихэр” компанид 1983-2000 он хүртэл ажиллажээ. Тус компанийг хувьчлагдсаны дараа Захирагчийн ажлын албанд Хүний нөөц, Үйлдвэр үйлчилгээний хэлтэст мэргэжилтэн хийж байжээ. Одоо Нийслэлийн үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын үйлдвэрлэлийн хэлтэст ажиллаж байгаа. Тэдний хэн нь түрүүлж гэртээ ирсэн нь хоолоо хийдэг дүрэмтэй. Гэрийн эзний хувьд хоол хийх тун дуртай гэсэн. Гэм нь “Гал тогоо буулгачихлаа” гэж зэмлүүлдэг аж. “Нээрээ хоол хийхээр хонь төхөөрчихсөн юм шиг болгочихдог шүү” гэж эзэгтэй нэмлээ.

Тэдний охид хоёр насны зөрүүтэй. Том охин Ө.Эгшиглэн МУИС-ийг төгсөөд 2010 онд Америкт магистрт сурахаар явжээ. Тэндээ сургуулиа дүүргээд мэргэжлээрээ ажиллаж байгаа гэнэ. Бага охин Б.Цэцэглэн 17 настайдаа Хятадын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад анагаахын чиглэлээр сурч боловсрол эзэмшжээ. Багаасаа гадаад хэл сурах авьяастай байсан охин нь одоогоор англи, хятад, япон хэлтэй гэнэ. Аав нь охидоо “Сайн хэл сураад, тухайн улсын технологийг нь эзэмшээд Монголдоо ирж ажиллах хэрэгтэй” гэж захидаг байна. Харин ээж нь “Эмэгтэй хүн заавал эрдмийг оройд нь хүртэл сурах гээд яахав. Зохих хэмжээний мэдлэгтэй байх ёстой. Миний охид тэр боловсролоо эзэмшчихлээ. Хамгийн гол нь сайн ээж, сайн хань, сайхан эмэгтэй байх ёстой” гэж сургадаг байна. Тэд охидоо санагалзахын хажуугаар “Охинтой бол хүүтэй гэдэг дээ. Миний хоёр хүү ч охидод маань сайн хань болох залуус” гэж магтав. Бас болоогүй ээ, тэднийгээ хүүхэд төрүүлж, өвөө, эмээ болгоод өгөхийг хүсдэг гэдгээ нуусангүй.

АНХНЫ СУДАЛГААГААРАА ЛАМ НАРЫН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТИЙГ ХӨНДӨВ

Д.Өлзийбаатар гэдэг энэ эрхэм 1982 онд МУИС-ийн түүхийн ангийг төгсөөд Аюулаас хамгаалахын дээд сургуульд Монголын түүхийн багшаар ажиллаж байв. Дараа нь 1988 онд Аюулаас хамгаалахын тусгай архивт өөрийн саналаараа очиж ажиллаж байсан гэдэг. 1985 онд ЗХУ-д өөрчлөн байгуулалт хийсэн нь Монголын түүхийг судлахад ихээхэн нөлөөлсөн гэж тэр ярив. “Учир нь оросууд эргээд Сталины үеийн харгислалыг бүгдийг ил гаргаж шүүмжилсэн. Аливаа ард түмэн ямар нэгэн юм эрж хайж, сайжруулахын төлөө сэтгэхдээ заавал түүхийн хуудсыг эргүүлдэг. Бид хаанаас ямар шатаар явж байгаад өнөөгийн байдалд хүрэв гэж хардаг. Миний дотор “Яагаад лам нарыг 1920-1930 онд бөөнөөр нь барьж аваад буудаад хөнөөчихсөн юм бол” гэсэн бодол байдаг байв. Бид түүхэнд хувьсгалын эсэргүү лам нарыг дарсан мэтээр ярьдаг байлаа. 1957, 1967 онд цагаатгал явагдаад Чойбалсангийн үед хэлмэгдүүлэлт явсан байна гэж тогтоосон. Хэдий тийм боловч Ж.Лхүмбэ нарын хэрэгт оролцсон хүмүүсийг тойрч шалгаад лам нарыг орхичихсон байсан. Лам нар ерөөсөө буруутай гэдгээр түүхэнд үлдчихсэн. Үүнийг судалъя гэж би Аюулаас хамгаалахын тусгай архивт очихоор өргөдөл өгчихсөн байлаа. Тэр үед яг цагаатгалын ажил эхэлсэн юм. Би лам нарын талаар судалж явсаар 1989 онд өгүүлэл бичсэн юм” гэж түүхч ярилаа. Нэлээд томоохон эрдэмтэд бичдэг “Түүхийн судлал” сэтгүүлийн 25 дугаар ботид мань эр 29-хөн настай байхдаа “Сүм хийд лам нарын асуудлыг шийдвэрлэсэн тухай” асуудлаар өгүүлэл бичиж байжээ. Уг өгүүлэлд “Лам нарынхаа асуудлыг эргэж харвал яасан юм бэ. Тэд Ардын нам болоод засгийн эрхийн эсрэг тэмцсэн. Энэ нь баттай байна. Гэхдээ 1921-1939 онд ийм олон бүлэг хэрэг үүсгэж шийтгэсэн байсан. Лам нарыг бөөнөөр нь устгахад Коминтерний үйл ажиллагаа их орж, тэдний амь насыг хүчирхийллийн аргаар хороосон байна” гээд л нэлээд олон хуудастай эрдэм шинжилгээний бүтээл бичсэн байна. Улмаар лам хуврагын иргэний эрх, нэр төрийг сэргээхэд судалгаагаа чиглүүлэх нь зүйтэй” гэжээ. Аюулаас хамгаалахын архивт ажиллаж байсан нь болохоор ийм судалгаа хийхэд тус болсон гэнэ. Тиймдээ ч Д.Өлзийбаатар түүхч докторын цол хамгаалахдаа “Монголын улс төрийн 1930-аад оны үйл явцад гадаад хүчин зүйлийн нөлөө” сэдвээр бичсэн аж. Дараа нь нийтэд зориулсан “Яагаад 37 он…” ном туурвисан байна. Монголд өрнөсөн улс төрийн хэлмэгдүүлэлт бол Коминтерн ЗХУ-ын удирдлагын шахалт хавчилтын үр дүнд ийм ажил хийгджээ гэж судалгааныхаа дүгнэлтэд дурджээ. Энэ мэтчилэн түүний ном бүтээлийг тоочоод байвал олон.

Тэрбээр түүхийн салбарт орхигдож ирсэн шавь тогтолцоог хөгжүүлэхэд нэлээд ханцуй шамлан зүтгэж байгаа нэгэн. “Надад дөрөв, таван шавь бий. Одоо би судалгааны ажил руу орсон болохоор хэд хэдэн шавь бэлтгэх санаатай байгаа. Түүхийн шинжлэх ухаанд багш шавийн тогтолцоо алдагдчихсан. Би бол азтай, хоёр гурван мундаг багштай байлаа. Рэнцэн гуай, их сургуулийн Чимэдцэрэн багш байна. Тэд бидэнтэй тулж ажилладаг байлаа л даа. Тэрнээс яг гарын шавь бэлдээд гэртээ суулгаад юм бичдэг тогтолцоо түүхэнд ховор. Том, том эрдэмтэд ч тийм шавь бэлдээгүй. Тэгэхээр түүхчид энэ алдааг давтахгүй, нэг түүхч дор хаяж 2-3 шавь бэлдэж, өөрийнхөө сурч мэдсэнээ өвлүүлэх бодолтой. Бидний үеийнхэн шавь тогтолцоог хөгжүүлэх хэрэгтэй гэж үздэг” хэмээн гэрийн эзэн ярьсан юм.

АРХИВЫГ “АВАРСАН” АЖЛУУД

Монголын түүхийн хуудсыг нэмсэн олон судалгаа шинжилгээний бүтээл туурвисан Д.Өлзийбаатар архивын салбарт өөрчлөлт шинэчлэлтийг авчирсан гавьяатан гэдгийг мэргэжилт нэгт нөхөд нь онцолдог юм билээ. Тэрбээр 2000-2013 онд Архивын газрын даргаар ажиллаж байв. Энэ хугацаанд Монголын архив шинэ байртай болох үндсийг тавьсан юм. “Монгол Улсын түүхийн архив маш баян. Гадны судлаачид мэргэжлийн хүмүүс ирчихээд нүүдэлчин улс ийм архив байгуулсан байна гэдэгт гайхдаг. Энэ бол манай ахмад үеийн асар том гавьяа” гэж түүхч маань бахархан өгүүлнэ лээ. Архив бол дандаа нэмэгдэж байдаг. Ингээд түүний бодож төлөвлөсөн гол ажил бол 2005 оноос архивыг шинэ байртай болгох асуудлыг Засгийн газарт тавьсаар иржээ. Монголын асар том өвийг байртай болгох хэрэгтэй гэж төр засгийн удирдлагууд ч дэмжсэн. Ингээд 2007 онд архивын шинэ байрны зураг төслийг хийж, газрын асуудлыг шийдсэн юм. Спортын шинэ ордны орчимд гурван га газарт баригдаж буй тус барилга хэрэв ашиглалтад орвол 100 жилдээ архивын хадгалалт багтаамжид санаа зовохгүй гэсэн. Мөн архивын чухал фондуудаа тоон системд оруулах ажлыг мань эр санаачлан хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд Архивын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөрийг батлуулсан юм. Түүнчлэн уг салбарт хийсэн өөр нэг ололт бол архивын ажилчдын үнэлгээ тун муу байсныг сайжруулсан үйл хэрэг. Түүнийг ажил хийхэд тухайн үеийн төр засгийн удирдлагуудын дэмжлэг оролцоо сайн байсныг онцолно лээ.

МОНГОЛЫН ТҮҮХИЙГ ЯАЖ ХҮМҮҮСТ ХҮРГЭХ ВЭ?

Д.Өлзийбаатар гэдэг хүн түүхийг сурталчлахад олон ажил сэдэж, хэрэгжүүлсэн гавьяатай. Тэрбээр хэлэхдээ “Монголын түүхийн таван ботиос гадна түүхийн холбоотой ном, эрдэм шинжилгээний бүтээл гэхэд 20 мянга гаруй бүтээл бий. Гэвч иргэд тэр болгон түүхээ мэддэггүй. Иймд ард түмнийхээ түүхийн боловсролыг дээшлүүлэхэд Үндэсний телевизийн уран бүтээлийн “Гал” нэгдэл Түүхийн хүрээлэн, Архивын газартай хамтраад 1991 онд цуврал нэвтрүүлэг хийж байсан нь үр дүнгээ өгсөн. Мөн Баабарын “Гарз, олз” ном түүхийн боловсролд ойртуулсан нэлээд ач холбогдолтой ном болсон. Тун ойлгомжтой, энгийн үг хэллэгтэй болохоор ард түмэнд хүрсэн шүү. Ер нь бүх нийтэд түүхийг сурталчлах хэрэгтэй гэсэн бодол толгойд байнга явсан. Учир нь бид хичнээн телевизээр түүхээ сурталчлаад хүмүүс нэг үзээд л мартчихна. Өдөр болгон зурагтаар байнга гаргаад байхгүй шүү дээ. Тиймээс түүхийн тухай сонсдог ном гаргахаар шийдэв. Эхлээд 28 цагийн сонсдог ном гаргалаа. Дараагаар нь 40 цагийн CD гаргасан. Удахгүй нээлтээ хийнэ” гэлээ. Энэхүү сонсдог ном бүтээх мэргэн санааг түүний эхнэр Т.Цэрэндэжид олсон байна. Тэд хамаатан садангуудаараа Ховд аймаг руу явж байжээ. Д.Өлзийбаатар гуайг түүх яриад өгөхийг дүү нар нь хүсч л дээ. Мань эр радионы үүрэг гүйцэтгээд холын замд тун ч зугаатай явцгааж байв. Машинаас буухдаа яриагаа “паузалж”, суунгуутаа үргэлжлүүлсээр аян замдаа алжаалгүй явцгаажээ. Энэ үед эхнэр нь “Чи хүүхдүүдэд ингээд ярьж өгч байхаар CD дээр хураагаад өгчихөөч. Наадуул чинь машиндаа сонсоод яваг” гэжээ. Ингээд эхнэрийнхээ саналыг жилийн дараагаас хэрэгжүүлэхээр сонсдог ном бүтээх ажилдаа шуурхайлжээ. Түүнийг дүү Бүүвэйбаатар гэдэг залуу дэмжиж, студи дээр хоолойгоо бичүүлжээ. Монгол нутагт хүн анх суурьшсан цагаас 1990 он хүртэлх түүхийг CD-д буулгаж олны хүртээл болголоо. Мэргэжлийн түүхч болохоор яавал хүмүүст эмх цэгцтэй мэдлэг өгөхөө мэднэ. Энэ тухай ярихдаа “Монголын түүх асар баян. Ерөнхийдөө хүн төрөлхтний түүхийг эртний, дунд, ойрхи гээд гурван үед хуваадаг. Монголчууд дэлхийг эзэлж, Ази Европын соёлыг солилцуулж, дэвшлийн эхийг тавьсан. Дэлхийн эзэнт гүрэн болсон юм. Үүнийг базаад яаж хүүхдүүдэд ойлгомжтой сонирхолтой байдлаар хүргэх талаар зориглож, хоёр сар гаруй сууж уншлаа. Өдөрт хүн 2-3 цагаас илүү ярьж чадахгүй юм билээ” гэв.

Жак Уэтерфордын сангаас Монголын түүхийн талаар гарсан бүтээлүүдийг хүмүүсийн санал асуулгаар тодруулж, шилдгийг нь шалгаруулдаг уламжлалтай. Тэгвэл Д.Өлзийбаатарын “Монголчууд” нэртэй түүхийн сонсдог ном нь 2014 оны онцлох бүтээлээр шалгарч, эрдэмтэн Жак Уэтерфордын шагнал хүртсэн юм. Яах аргагүй нууц санал асуулгаар “Монголчууд” сонсдог номыг дийлэнх нь дэмжиж, шилдэг бүтээлийн тоонд зүй ёсоор үнэлсэн юм.

“МОНГОЛ ДЭЛХИЙН ТҮҮХИЙГ БҮТЭЭСЭН”

“Монголчууд” CD-г амралттайгаар сонсоход дөрөв хоног зарцуулдаг болохыг түүхчийн найз Төрмөнх тодорхойлжээ. Мань эр “Монголчууд” сонсдог номоо англи хэл дээр хийх санаатай гэнэ. Гадаадад байгаа залуучуудад зориулж англи хүнээр уншуулах юм байна. Гадаадад төрж өсч төрөлх хэл, соёлоо мэдэхгүй олон залууст хүргэхийг төлөвлөжээ. Мөн Монголын түүхийг гуйвуулах нь өрнөдийн оронд бий. Тэрэнд няцаалт өгөх үүднээс энэхүү бүтээлээ дэлхийн хэл дээр гаргах нь ээ. Тэрбээр энэ тухайгаа өгүүлэхдээ “Тухайлбал, оросууд монголчууд биднийг эзлээгүй гэж ярьж байна. Ерөнхий утгаар нь дэлхийн түүхэнд аваад үзэхээр дэвшил байгаа юм Чингэс хаан дэлхийн мянганы суут хүн болсон. Энэ хүний байлдан дагуулалт, Монголын эзэнт гүрэн оршин тогтнож байсан үйл явц бол өнөөгийн ертөнц үүсэх үндэс байжээ. Энэ дүгнэлтийг ганц монголчууд ч биш бусад орны эрдэмтэд бүгд хийсэн. Дэлхийн түүх бол монголчуудын түүх. 1206 онд Чингэс хаан их Монгол Улсыг байгуулсан явдал бол өнөөгийн дэлхийн түүх мэндэлсэн хэрэг явдал байлаа гэж Японы алдарт түүхч бичсэн байгаа юм. Монголын байлдан дагуулалтын үр дүнд Европын дахин сэргэлт бий болсон. Газар зүйн их аялал, таван тивийг нээлээ шүү дээ. Дорно, Өрнөдийг холбосон соёл нэгдээд хөгжлийн тэсрэлт болсон. Үүний үр дүн нь английн аж үйлдвэрийн хувьсгал гарч, тэд машин бүтээчихсэн. Уурын хөдөлгүүр бүтээгээд энэ нь өнөөгийн ойрхи үеийн түүхийг бий болгосонд Монгол нөлөөлсөн. “Нууц товчоо”-г дэлхийн бүх орны сурах бичигт оруулж, үздэг болчихвол манай улсын нэр хүнд өснө” гэлээ.

“МОНГОЛЧУУД ОЛУУЛАА БОЛЖ ХҮЧИРХЭГЖИН МАНДАХ ҮЕ УДАХГҮЙ ИРНЭ”

Жижигхэн ард түмний хамгийн эрхэмлэж явах зүйл бол түүх юм гэж тэрбээр хэлсэн. “Японы алдарт түүхч “Орос, Хятад хоёр Монголоос газар нутаг нэхээд байх хэрэггүй. Харин Монгол Улс хоёр хөршөөсөө газар нутгаа нэхэх бүрэн эрхтэй шүү” гэж бичсэн байдаг. Тэгэхээр түүх судлах, түүхээрээ хүмүүжих эрх ашиг нь үүнд оршоод байгаа юм. Энэ бол монголчуудын хувьд амин чухал эрх ашиг нь. Тэгээд ч монголчууд түүхээ тулж өндийдөг, түхээ түшиж бахархдаг ард түмэн юм. Бидний бахархал бол Монголын түүх. Ийм бахархалтай орон дэлхийд гарын аравхан хуруунд багтахаар цөөн. Америкчуудыг хар л даа. 300 орчим жилийн түүхтэй үндэстнүүдийн нэгдэл хэрнээ өөрсдөө түүхээ бүтээж байна. Оросууд ч түүхдээ их анхаарч, хялбар аргаар бичиж байна. 24-хөн жилийн түүхтэй Казахстан гэх мэт улс өөрсдөө түүх бүтээх гэж оролдож байна. Тус улс Чингэс хааныг өөрсдийнхөө хаан гээд байгаа нь дэлхийн нэртэй түүхчдийн инээдийг хүргэдэг. Монгол Уулсыг бий болгосон үндэсний эцэг Чингэс хаан гэдэг шиг Казахууд Назарбаевийг үндэсний эцэг гэж хэлэх ёстой. Тэд өөрсдийнхөө түүхэн дотроос түүхийн баатар олохгүй. Тиймээс өөрсдийн гэсэн бахархалтай, түүхтэй болж харагдах гээд манай аавын дагавар хүүхэд болох гээд байна. Ер нь бол агуу байсан үндэстнүүдийн түүхийг мартуулах гэсэн бодлого явдаг шиг байгаа. Энэ бол миний хардлага л даа. Яагаад гэвэл бид дэлхийн түүхийг бүтээсэн улс. Өчүүхэн ард түмнээр бүх зүйлээ заалгасан гэхээр тэр том гүрнүүд ичиж, түүхийг баллуурдах бодлого явуулж байна. Мөн эзлэгдсэн орнууд эзэлсэн орнуудын түүхийг дандаа сөргөөр бичиж, муугаар дүрсэлдэг. Монголчуудыг 19 дүгээр зууны хоёрдугаар хагас хүртэл дандаа дайсны талын баатар шиг харагдуулж байсан. Харин бид агуу түүхтэй үндэстэн. Түүхээ сайн мэддэг байх ёстой” гэлээ.

Түүхч хүний хувьд тэрбээр улс төрийн өнөөгийн нөхцөл байдалд санаа зовниж, улс төрийн тогтолцоог шинэчлэн, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж өөрийн бодлоо хуваалцлаа. Түүхэнд монголчууд эрх ашгаас болж задарч байсан. Монгол шиг гурав хуваагдаж байгаа улс дэлхийд байхгүй. Бид хэрэлдэж байгаад бутарч, ашиглуулчихсан. Тэрнээс сул дорой, мунхагаасаа болоогүй. Хэрэв Монгол Манжид эзлэгдэхээс өмнөх үед феодлууд том төрийн зүтгэлтнүүд толгой даах гэж оролдоогүй бол, нэгдсэн Монголын эрх ашиг гэдгийг урьтал болгосон бол халх, ойрд гэж хоёр хуваагдаагүй бол бид Манжид эзлэгдэхгүй байх бүрэн боломж байсан. Тэгээд ар, өвөр, буриад монгол гэж задрах ч үгүй байсан юм. Түүхээс ингэж харагдаад байдаг. Эвлэрч чадахгүй, хагарлын эхлэлийг тавьчихвал улс мөхөхийн цондон. Монголд амьдрал сайхан болсон цагт дэлхийгээр тарсан монголчууд ирнэ. Тэдний зүрх эх орныхоо төлөө цохилж, зальбирдаг. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголчууд олуулаа болъё” гэж уриалж байгаа. Бидний хүчирхэгжин мандах үе удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна. Үүний тулд эв нэгдэл чухал гэдгийг бүх он цагийн түүх харуулсан. Хүчирхэг орны баян иргэн байвал сайхан шүү” гэж хэлсэн түүхч хүний холч ухаанаар ерөөл тавин төгсгөе.

М.МӨНХЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг

Г.ЛХАГВАДОРЖ

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

У.Мижиддорж арслангийн удмыг залгаж яваа Ч.САНЖААДАМБА ЗААНЫХ

“ЭНЭ ЭРХИЙН БАЛАЙ ЯАЖ БӨХ БОЛДОГ ЮМ”

“Хоёр бөхийн барилдаан жаахан маргаантай боллоо. Удахгүй хөлийн цэц шийдвэрээ гаргах байх” хэмээн дуун цацруулагчаар бөхийн тайлбарлагч хэлж байсан 2011 оны Үндэсний их баяр наадмын долоогийн давааг хүмүүс мартаагүй байх. Төд удалгүй “Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх цэргийн хурц арслан Чимэдрэгзэнгийн Санжаадамба Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул улсын залуу начин Ц.Содномдоржоор долоо давж заан цолны болзол хангалаа” гэхэд цэнгэлдэх даяараа босоод ирэх шиг болсон. Олон жил улсын цолтны тааварт явж байсан тэрбээр ийнхүү улсын заан цол хүртэж түмэн олныхоо магнайг тэнийлгэсэн юм. Өмнө нь Архангайн Хашаатаас төрийн баяр наадамд үзүүрлэсэн хэрнээ заан цолтой үлдсэн “Аранзал улаан” хэмээх Цэндийн Гомбодорж 1960 оны баяр наадмаар С.Цэрэн аварга, Ц.Дамдиндорж зааныг орхин үзүүрлэснээр заан цол хүртэж байсан удаатай. “Аранзал улаан”-аас хойш 51 жилийн дараа ийнхүү Хашаатаас заан цолтон төрж байсан нь энэ байв. Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнээ ид хаваа гайхуулан барилдаж яваа Монгол Улсын залуу заан Чимэдрэгзэнгийн Санжаадамбынд өнжлөө. Тэрбээр энэ сарын 18-нд Өмнөд Монголд болсон “Алтан бүс”-ний барилдаанд түрүүлээд иржээ. Түүнтэй уулзахаар Спортын төв ордны чөлөөт бөхийн зааланд очив. Чөлөөтийн зааланд цамцнаасаа эхлээд нэвт хөлөрсөн заанд З.Дүвчин багш нь “Санжаа наад баруун ташаагаа жаахан шахаад өг. Ухайс даа” хэмээн хэлэх нь сонстоно. Санжаа заан Дүвчин багшийнхаа хамтаар бэлтгэлээ хэдийнэ эхэлжээ. Санжаагаа заан болоход нь З.Дүвчин багш “Багш нь 10 гаруй жил барилдаж байж улсын заан болсон. Чи мөн ч амархан авлаа даа. Гэхдээ үүний ард хариуцлага гэж нэг айхтар юм бий” гэдгийг сануулж байсан удаатай. Одоо ч гэсэн багшийнх нь хэлсэн үг ой тойнд нь үлдсэн тухай Санжаадамба заантай өмнө нь уулзахад хэлж байсан юм. Чөлөөтийнхний хөлс үнэртсэн бүгчим зааланд гурван цаг орчим бэлтгэл хийгээд гарч ирэв. “Дүвчин багш одоо болтол танд яг л жаахан хүүхдэд мэх зааж байгаа юм шиг заах юм аа” гэхэд “Багшаас сурах юм их шүү дээ. Бид чинь алдаа дутагдал ихтэй шүү дээ” гэсээр хөлс нэвчсэн цамцаа тайлан хувцсаа солив. Бэлтгэлээ дууссаны дараа “Баянмонгол хорооллын хажуугийн Кристал таун руу явнаа хө, манайх тэнд байдаг юм” гээд хөдөлцгөөлөө. Зааны гэрийн хаалгаар оруут чамин хийц бүхий камин зуух байх. Дээд талд нь гэр бүлийнхээ зураг болон Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаярын цолны мялаалгын цайллагын урилга байх юм.

Харин дээд талд нь Н.Энхтүвшингийн зурсан цэргийн хурц арслан цолтой Ч.Санжаадамбын туг тойрохооор гүйж яваа хөрөг зураг өөрийн эрхгүй хараа булаалаа. Ямартай ч залуу насаа хөрөг зурагт буулгажээ гэхэд “Харин тийм. Энэ зургийг хүн бэлэглэсэн юм. Одоо ч би залуу л байгаа биз дээ” хэмээн инээмсэглэн зоогийн ширээнд урилаа.

Ч.Санжаадамба зааны гэргийг Батжаргалын Солонго гэдэг. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, сэтгүүлч мэргэжилтэй бүсгүй. “Болор цом”-ын эзэн яруу найрагч Гантулгын аав Норов гуайнхтай Хөшөөтийн голд айл аймаг явж иржээ. Зааны гэргий Гурван-Эрдэнэ дээд сургуулийн сэтгүүлзүйн ангийн анхны төгсөлт юм байна. Тэрбээр богино долгионы радиод сэтгүүлч, хөтлөгчөөр ажиллаж байсан гэлээ. “Манай хүн чинь бэлтгэл сургуулилт гээд завгүй байдаг болохоор ар гэрийн ажлаа амжуулахын тулд мэргэжлээрээ ажиллахаа больчихсон юм аа” гээд том алаг нүдээ эргэлдүүлэн инээмсэглэнэ. Харин залуу зааны хувьд эхнэрийгээ мэргэжлээрээ ажиллана гэх юм бол ажиллуулах бодолтой байгаагаа нуусангүй. Бидний хооронд ийн яриа өрнөж байх зуур хүү Өсөхжаргал нь хаалганы цаанаас шагалзсанаа буцаад гүйчихэв. Санжаа заан “Миний хүү агаа нартай яагаад мэндлэхгүй байна. Аавдаа хүрээд ир” гэлээ. Өсөхөө хүү ч аавынхаа үгэнд сайн ордог бололтой. Гэрийн эзэгтэй Б.Солонго “Хүүгийн нэгдүгээр улирлын амралт эхэлчихсэн” гэлээ. Хүү Өсөхжаргал нь Сант сургуулийн нэгдүгээр ангийн сурагч. Манай хүү их бүрэг. Ганцаараа байгаад сурчихсан юм шиг байна. Одоо дүү нэхээд амар заяа үзүүлэхээ байлаа гээд инээмсэглэнэ. Өсөхжаргал аавынхаа яриан дундуур орж “Сургуульд орсон гоё байна. Онц сурнаа” гээд хүүхэлдэйн киногоо үзэхээр өөрийнхөө өрөө рүү гүйчихлээ. “Цайгаа ууцгаа. Наана чинь хүйтэн адууны мах байна, цохиод өгнөө хө” хэмээн Санжаа заан хоолонд уриалан дуудав. “Махгүй л бол бараг энэ гэрт дайн зарлах нь холгүй шүү дээ” хэмээн зааныг хэлэхэд гэргий Б.Солонго нь “Манай хүн чинь үргэлж л мах ярьчихдаг. Хааяа ногоо ид гэхээр жишүү хараад суучихдаг юм” гээд заан руу нүдээ нэг том болгож хараад инээмсэглэв. Санжаа заан би чинь хэлд орохоосоо өмнө бараг маханд орчихсон юм аа гэнэ.

“АХ НАР БАЙХАД ДАРУУЛГАТАЙ ӨСДӨГ ЮМ ДАА”

Зааных гэрээ цэцгээр чимжээ. Гэрийн эзэгтэй эгчээсээ цэцэг тарих аргыг сурсан. Мэргэжлээрээ ажиллахгүй байгаа хүн чинь гэртээ ийм л зүйл хийх юм байна шүү дээ гээд цонхны тавиурын наад талын цэцгүүд рүүгээ заав. Санжаадамба заан “Ах нараас нэг барилдаад байсан хүн байхгүй. Том ах л багадаа ганц нэг сумын наадамд барилдаж явсан” гэдгээ ярьсан юм. Миний хувьд хар багаасаа л барилдах сонирхолтой байсан. Түүндээ хөтлөгдөөд л өнөөдрийг хүртэл сайхан барилдаж түмэн олноо баясгах юм шүү гэж хичээх л юм байна шүү дээ гэнэ. Аавын талаас нь улсын баяр наадамд 17 удаа шөвгөрсөн улсын арслан Уламбаярын Мижиддорж байдаг бол ээжийнх нь талаас нутаг орондоо шаггүй барилддаг хүмүүс байжээ. Ингээд бодохоор яах аргагүй бөхийн удамтай гэдэг нь мэдрэгдэж байгаа юм. Тэрбээр “Одоо ч хөдөө барилддаг хүүхэд харагдахгүй юм. Мань мэтийг бага байхад ёстой тачигнатал барилдаад ханзархай дээлтэй нөхдүүд л гүйж явдаг байлаа. Гэрийнхэндээ загнуулах маягтай өслөө” гээд инээмсэглэв. Түүний хувьд айлын бага тул эрх танхи өсчээ. Гэхдээ эрх байлаа ч задарч өсөөгүй юм шүү. Айлын отгон эрэгтэй хүүхэд хэдий эрх байсан ч ах нар байхад даруулгатай өсдөг юм даа гэв. Санжаадамба заан таван хүүхэдтэй айлын бага юм байна. Нутгийнхан нь том ахыг нь бөх болно гэдэг байсан ч Ч.Чимэдрэгзэн гуай “Наадах чинь бөх болохгүй ээ. Манай Санжаа л бөх болно” гэж ярьдаг байжээ. Хүрэлбаатар начин аавтай нь найз байсан тул том ахыг нь л бөх болгох сонирхол ихтэй байсан гэнэ. Харин Санжаа зааныг “Энэ эрхийн балай яаж бөх болдог юм” гэж цаашлуулдаг байж. “Хүрлээ ах манайд их ирнээ. Аавтай даалуу их тоглодог байлаа. Тэдний даалуу тоглохыг харсаар байгаад даалуучин болсон хүн дээ, би” гээд инээх аж.

Энэ зун манай нутгаар ширүүхэн юм болсон тухай нутгийнхан ярьж байсан гэдгийг дурсаад Ч.Санжаадамба заан 16 настай байхдаа 2001 онд бөх болохоор Хашаат сумаас нийслэлээ бараадан ирж байснаа дурсав. Зэвэгийн Дүвчин гэж олон юм нуршаад байхгүй ч шавь нартаа байгаа бүхнээ заадаг “бөхийн сэтгэлтэн” бий. Анхлан түүнд шавь орж бэлтгэл сургуулилт хийдэг байж. Дүвчин багш 2005 онд Замчин спорт хорооны дасгалжуулагч болсноор тасралтгүй бэлтгэлээ хийж эхэлжээ. Өмнө нь бэлтгэл хийх заал танхим олдвол багштайгаа хааяа бэлтгэл хийдэг байсан гэнэ. Улсын заан Дүгэржавын Хишигдорж том ахыг нь бөх болгох гэсэн ч ах нь дургүй байжээ. “Харин манай хоёр дүү л барилдаж магадгүй” гэдгийг хэлжээ. Тэгж л бөх болохоор хотод ирсэн юм даа гээд инээмсэглэв. Зааны хувьд багадаа Хашаат сумынхаа сургуулийг дүүргэсэн юм байна. Багадаа сургуулийнхаа хүүхдүүдийг гаргадаггүй байв уу” гэхэд “Хэцүү шүү дээ. Хүүхдүүд л болсон хойно өгөө аваатай л барилддаг байсан. Нэгнээсээ илүү цоролзоод гараад ирнэ гэж байхгүй” гээд аятайгаа цайгаа оочив. Заан багаасаа барилдаж эхэлсэн ч тэмцээн уралдаанд орж байгаагүй гэнэ. Хуучин “Хасар” клуб гэж байхад дасгалжуулагчаар нь З.Дүвчин багш нь ажиллаж байжээ. Улсын аварга шалгаруулах тэмцээнд “Хасар” клубийн нэр дээр барилдаж гурвын даваанд өвдөг шороодсон юм байна. “Бага байхад том биетэй хүүхэд тийм ч сайн барилддаггүй байж. Ямартаа л өөрөөсөө жижиг биетэй хүүхдэд унаж байхав дээ” гэв. Биднийг ийн ярилцаж байхад гэргий Б.Солонго “Та нар адууны мах, буузаа идэж байна уу” гэхэд заан “Идэхгүй байнаа, энэ нөхдүүд” хэмээн хов хүргээд авлаа. Тайландад авахуулсан зураг хоолны ширээний баруун талд өлгөөтэй байхыг хараад гэр бүлээрээ явсан болохыг түвэггүй ойлгов. Заан хэр баргийн хүний гарт багтахааргүй шахам ланжгар мана хөөрөг гаргаж ирж тамхилсан юм. Манай гэрэл зурагчин Г.Лхагвадорж “Би нэг сайхан тамхилчихъя” гээд хамрын тамхинаас нь эрхий долоовор хурууныхаа завсарт дориухан аваад хамартаа хүргэн ёстой л сэтэртлээ найтаагаадахав. Санжаа заан “Ээ, тийм багаар яах юм бэ” гээд өөрөө ч тамхилах шиг л болов.

Д.СУМЪЯАБАЗАР АВАРГА ШИГ МӨРТЭЙ БОЛОХ ГЭЖ ХОЁР ШУУДАЙ ЦАС ҮҮРЭЭД ГҮЙДЭГ БАЙЛАА

Тэрбээр суманд барилдаж байсан тухайгаа ийн ярив. “2002 онд манай суманд залуучуудын чуулга уулзалт болж бөхийн барилдаанд нь анх барилдаж түрүүлсэн юм” гээд тэр жил ер нь гайгүй байсан хэмээн тодотголоо. Сумынхаа наадамд шөвгийн наймд үлдээд Өвөрхангайн Хархорины аймгийн заан Хадын Болдод ууцаараа тэврүүлээд унаж байсан. Сумын наадмын дараа хөдөө морьтой давхиж явтал нутгийн хэдэн ах нар Гурванбулагийн наадамд барилдах гээд явж байхтай таарчээ. Тэгээд л ах нартайгаа хамт Булган аймгийн Гурванбулаг сумын наадамд очиж барилдаад Э.Чулуундорж гэдэг сумын зааныг даван түрүүлж сумын заан цол хүртсэн тухайгаа хэлсэн юм. 2006 онд Дорноговь аймагт очиж барилдан шөвгийн дөрөвт үлдэн одоогийн улсын харцага Цацабширт шороодсоноор аймгийн начин цол хүртэн улсын баяр наадамд залгуулан барилдаж Бадам-Очир начинд зүүн золгоон дээр татуулан тахим буулгажээ. Дараа жилийнх нь баяр наадмаар дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй дөрвийн даваанд таарч өвдөг шороодсон байна. Тэгвэл 2008 онд бүх цэргийн баяр наадамд одоогийн улсын аварга С.Мөнхбатыг аймгийн заан цолтой байхад нь үзүүр түрүүнд үлдэж давснаар цэргийн арслан болжээ. Хоёр жилийн дараа бүх цэргийн баяр наадамд дахин түрүүлснээр цэргийн хурц арслан болсон гэнэ. Сумын заан цолтойдоо А.Сүхбат, Д.Сумъяабазар аваргуудтай барилдаж байснаа дурссан юм. Зургаан залуу заанаас Ц.Цэрэнпунцаг гарьдтай л барилдаж үзээгүй гэнэ. Багадаа харин Д.Сумъяабазар аварга шиг мөртэй болох юмсан гээд хоёр шуудай цас үүрээд гүйдэг байж. “Тэгээд Сумъяа аварга шиг болж чадав уу” гэхэд “Яаж чадах юм. Тэр чинь хүүхдийн мөрөөдөл байсан юм” гээд хүүхэд шиг ичингүйрч байх юм.

Зааныг барилдааныхаа тухай ярихгүй юу гэхэд харамсмаар барилдаан их ч хийж байлаа. 2009 онд одоогийн улсын начин Б.Суманчулуунд, дараа жил нь Лхагвадорж начинд унаж байсан юм. Ер нь бэлтгэл сургуулилт жигдэрсэн сайн байх үедээ хүнд унах хэцүү байдаг. Гэхдээ би унасныхаа дараа шаналаад байдаггүй юм аа гэлээ. “Өөрөөсөө болоод унаж байгаа юм чинь яая гэхэв. Унах бүртээ би илүү сайн бэлтгэл хийх ёстой юм байна л гэж боддог” гэдгээ нуусангүй.

“Бөхчүүд штанг шахдаг. Та хэд шахдаг вэ” гэхэд “Би муу муу. 140 кг-аар шахдаг” гэв. З.Дүвчин багш заанаар төмөр өргүүлэхийг төдий л таашаадаггүй бололтой. Өмнөд Монголд болсон Алтан бүсний барилдаанд Америк, Канад, Өмнөд Монгол, Монгол Улсын хүчит 128 бөх барилджээ. Уг барилдаанд долоо даван түрүүлжээ. Уг барилдаанд гурван жил дараалан түрүүлэх юм бол 300 сая төгрөгийн шагналын эзэн болох гэнэ. Залуу зааны хувьд дахин хоёр жил түрүүлбэл 300 сая төгрөгөө авах аж. Өмнөд монгол бөхөөр барилдахын тулд ширэн зодог өмсдөг гэнэ. Зодгон дээрээ төмөр товруутай тул эхэндээ бол барилдахад эвгүй байдаг юм байна. Анх 2005 онд Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Улиастай гэдэг газар барилдаж Баярбаатар аваргад унан үзүүрлэсэн цагаас хойш бүх барилдаанд нь бараг түрүүлчихээд байгаа гэнэ. Түүний дараа Хөх хотод Дамдиншарав багшийн хамт чөлөөт бөхийн бэлтгэл хийж байх үедээ “Мөнгөн зодог”-ны баяр болоход нь барилдаж түрүүлэн мөнгөн товруутай зодгоор шагнуулжээ. Өмнөд Монголын нэг залуу гуйгаад байхаар нь өгчихөөд ирсэн юм байна гээд гартаа хөлөртөл нь атгасан дөрвөн шагайгаа орхитол дөрвөн морь бууж харагдсан. Мань хүн ч түүнийгээ анзаарсангүй бололтой дахин шагайгаа орхив.

БИ БӨХ БОЛОХГҮЙ ЭЭ. ХАРИН МУНДАГ ХӨЛБӨМБӨГЧ БОЛНО

Заан анх хотод ирээд хамаатан садныхаараа байдаг байж. Айлд байхад хэцүү байдаг. Танд ямар байсан бэ гэхэд “Аль юм болгоныг тэнцүүлэхэв дээ. Арга эвийг нь олоод л байна шүү дээ” гэлээ. Заанаас гэргийтэйгээ яаж танилцсан бэ гэж асуутал “Үгүй, яахав дээ. Бусад хүмүүсийн адил л танилцсан. Солонго бид хоёр 2005 онд танилцаж үерхээд 2006 онд айлын байр хөлсөлж тусдаа гарсан. Гэхдээ одоо болтол албан ёсоор хуримлаж чадаагүй л явна даа” гээд гэргий рүүгээ хараад инээмсэглэв. Харин гэргийгээс нь асуутал “Найз нарынхаа хүрээнд танилцаад нийлсэн дээ” гэдгийг хэлсэн юм. Анх бичил хороололд айлын байр хөлсөлж байгаад XVII жарны тийн урвагч хэмээх төмөр бар жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын цолгүй бөх анх удаа түрүүлсэн нь Монгол бөхийн түүхэнд нэгэн шинэ хуудас нэмсэн. Тэрбээр тухайн үед Хатант интернешнл группийн нэр дээр барилддаг байсан билээ. Группийн захирал нь эхнэрийн хамтаар Санжаадамба зааныг хөхиүлэн дэмжиж гурван өрөө байр бэлэглэснээр жинхэнэ утгаараа өөрийн байртай болжээ. Харин 2012 онд өдгөө амьдарч буй байрандаа нүүн иржээ. Тэднийх дөрвөн өрөө цэлгэр байранд амьдардаг бөгөөд гал тогоо зочны өрөөнөөс гадна хоёр унтлагын өрөөтэй юм билээ. Өөрсдийнх нь унтдаг өрөөний үүдэнд 2011 оны баяр наадмаар тавын даваанд одоогийн улсын харцага Өлзийтогтохын Бат-Оршихтой барилдан шахаж татаж буй зургийг томоор угаалган өлгөжээ. Ө.Бат-Оршихыг давснаар цэргийн хурц арслан Чимэдрэгзэнгийн Санжаадамба улсын цолтны бүлд багтсан юм.

“Та өөрийн баяр жаргалтай мөчүүдээсээ хуваалцаач” гэхэд “Цол нэмсэн тэр торгон агшнууд. Аав болж байх мөч хамгийн сайхан байсан. Үнэнийг хэлэхэд бэлтгэл сургуулилт гээд даавуу угаагаагүй ээ гэдгээ өчив. Эхнэр маань үүрээр төрсөн. Тэр өдөр бөхийн өргөөнд барилдаан болоход тэсэлгүй очиж барилдсан” гээдхэв. “Тэгээд яав” хэмээн асуутал “Гурвын даваанд Ө.Даваабаатар харцагад унасан. Шөнөжин эмнэлэг дээр эхнэрээ төрөхийг хүлээгээд нойр ч аваагүй байсан юм. Хүүтэй боллоо гэж баярлаад шууд барилдъя гээд яваад очсон минь тэр л дээ” гээд Өсөхжаргал хүүгээ үнсэв. Зааны хүү Өсөхөө “Би бөх болохгүй ээ. Харин мундаг хөлбөмбөгч болно. Даанч миний бөмбөг одоо хийгүй байна” гээд сугандаа хавчуулсан бөмбөгөө харуулав.

Монгол бөх Гиннест хэмээх 6002 бөх барилдсан том барилдаан болсон. Уг барилдаанд Ч.Санжаадамба заан 13 давж түрүүлсэн. Тэрбээр бэлтгэл муутай эл барилдаанд зодоглосон ч түрүүлж чадсан юм. Ахынх нь бие тааруу гэмтлийн эмнэлэгт нэг сар сахиад шууд барилдсан юм байна. Бэлтгэл ч үгүй шахам байж байгаад барилдаад түрүүлсэн нь бас л хувь зохиол юм уу даа гэх. Өмнө нь наадмаар Ц.Содномдорж харцага бид хоёрын барилдаан маргаантай болсон. Тэр барилдааны будилааныг тэгэхэд л нэг сайн тайлсан даа гээд сэтгэл өег суух. Наадмын өмнө сумогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж “Наадамд түрүүлээрэй гээд хөөргөө өгсөн гэдэг үнэн үү” гэхэд “Тийм зүйл болох нь ч болсон шүү” гэлээ. Тэрбээр гэрийнхээ хойморт хүндэтгэлтэй залсан өөрийн медалиуд болон цомуудынхаа тухай ярьсан юм. Хойморт залрах хамгийн том цом нь мэдээж 6002 бөхийн барилдааны мундаг том цом байх аж. Мөн “Алтан бүс”-ний барилдаанд түрүүлээд авсан алтан бүс, төрийн баяр наадмын болон аймгуудын наадмын медалиудыг ирийтэл нь өлгөжээ. Хичнээн ч медаль байгаа юм бүү мэд.

ЭР ХҮН ХАЗАХААС БУСДЫГ ХИЙЖ БАРИЛДДАГ. БАТСУУРЬ ЯМАР БҮЖИГЛЭХ ГЭЖ ИРСЭН БИШ ДЭЭ

Зочны өрөөний хоймор, буйдангийн ард 6002 бөхийн барилдаан, Архангайн Булган уул тэргүүт нутгийн хайрханых нь зургууд хүндэтгэлтэй залрах аж. Тэгвэл өнөө жилийн баяр наадмаар наймын даваанд улсын арслан Н.Батсуурьтай барилдахад чихнээс нь зулгааж, хуруугаараа жавжнаас нь татсан зураг олны анхаарлыг татсан. Энэ тухай асуухад “Барилдаж байгаа хүн хазахаас бусдыг хийдэг. Эр хүний барилдаан хатуу. Тэр хүн өөрт байгаа бүх зүйлээ хийсэн. Өрсөлдөгч бөхөө бэртээж гэмтээж л болохгүй. Батсуурь ямар бүжиглэх гэж ирсэн биш дээ. Харин би чадаагүй. Тиймээс араас нь чи тэгсэн гээд олон юм яриад явах ямар ч шаардлагагүй” гэлээ. Н.Батсуурь арсланг шүүмжлэх болов уу гэтэл харин ч өмөөрөх янзтай байна шүү. Зурагтынх нь дэргэд Түвдэндорж аваргын дэвж буй хүрэл баримал байх юм. Дээд тавиур дээр үндэсний бөхийн аваргуудын сайхан зураг залаастай байлаа. Тэрбээр багадаа нэлээд мяраалаг хүүхэд байсан тул хурдан морь унаж чадаагүй гэнэ. Одоо харин морь уях хүсэл байгаад зав гарахгүй юм даа. Миний хэдэн адуу Хашаатад ахынд байгаа гэсэн юм. Зааны гэрт Чимэдрэгзэн гуайн дүүгийн охин Сувдмаа амьдардаг бөгөөд хичээлийн завсар зайгаараа гэрийн ажилд нь тусалдаг юм байна. Сувдмаа “айраг уу” гэсээр мөнгөн аягатай айраг барьсаар ирэв. Өмнөд Монголд Хасар бөхийн барилдаан болоход хавар нь түрүүлж есдүгээр сарын 13-нд шигшээ барилдаанд нь очиж барилдан түрүүлээд 2014 оны загварын Аudi Q7 машинаар шагнуулсан ч тэнд байдаг найздаа 100 сая төгрөгөөр зарчихаад ирсэн гэлээ. Тус барилдаан хоёр дахь жилдээ болсон бөгөөд анхныхад нь Өмнөд Монголын Батжаргал аварга нь түрүүлж Хөх хотод гурван өрөө байраар шагнуулж байжээ. Зочны өрөөнийх нь хананд суран бугуйл, ташуур байх нь өөрийн эрхгүй нүд булаана. Энэ тухай асуухад “Монгол ташуур группээс 2013 оны бөхчүүдийн чансааг тэргүүлсэн гээд өгсөн юм” гэлээ. Энэ өдөр гэрийн эзэгтэй Солонгын аав Батжаргал, ээж Оюумаа нар нь Булганы Хишиг-Өндөрөөс иржээ. Тэд мэнд мэдээд цаад өрөө рүү орчихлоо. Өдөржин гадуур яваад ядарсан бололтой эртхэн амарцгаая гэж байх нь дуулдав. Монгол түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн энэ цагийн энгүй хүчтэн болох хүргэнээрээ мэдээж бахархаж байх нь гарцаагүй. Сонирхуулахад Оюумаа эгч Шагдарын Намхай, Лувсанжамбаа аваргын удмынх гэсэн. Тиймээс Өсөхжаргал хүүг нэг л өдөр наадмын зүлэг ногоон дэвжээнээ дэвэн дэвсээр гарч ирэхэд гайхах зүйлгүй юм.

САНЖАА БОЛИОСОЙ ГЭДЭГ БОЛСОН БАЙЛГҮЙ ДЭЭ

Санжаадамба заан Бэрх уулын хаяа, Зараа голын хөвөө буюу нутгийнхны хэлдгээр Бэрхзараан энгээр туучиж өссөн байх юм. Хээрийн салхинаас бусдыг дээрээ гаргаж үзээгүй гэдэг шиг эмнэг адууг дэлдэж өсчээ. Өсөхөөгөөс аав нь хэр сайн аав бэ гэхэд “Манай аав сайн хүн. Мундаг бөх байхгүй юу” гээд гүйгээд явтал гэргий Солонго нь “Хань минь мундаг аа, мундаг. Бэлтгэл сургуулилт гээд цаг зав бага байдаг ч гэр бүлдээ их халамжтай юм шүү дээ” гэхэд хүүхэд шиг зантай хүчит заан харин шилээ маажисхийн сууж харагдав. Залуу зааны хамгийн үнэт зүйл нь “Гэр бүлээрээ эрүүл энх байх” юм байна. Чимэдрэгзэн гуай зааныг багаас нь “Хүнд худлаа ярьж болохгүй. Зөв л яваарай миний хүү. Хүнд өртэй явж болохгүй шүү” хэмээн захидаг байжээ. Одоо ч гэсэн надад үгээ хэлнээ гэв. Барилдахын хажуугаар тэрээр ямар нэгэн бизнес хийдэггүй гэдгээ хэлсэн юм. Харин барилдаан алгасахгүй барилддаг. Зарим нь одоо энэ Санжаа болиосой гэдэг болсон байлгүй дээ гээд хүд хүд инээх. “Хүмүүс намайг наадмын одгүй л гээд байгаа юм. Би энэ үгийг нэг их ойшоодоггүй. Хүн өөрөө л хичээх ёстой” гэж боддог. Түүнийг хүмүүс цацаа цалгиатай барилддаг бөх гэлцдэг. Тэрбээр энэ тухайгаа “Хүмүүс цацаа цалгиатай барилддаг л гэдэг юм. Тэгж барилдсанаасаа болж олон унасан. Хянуур байя гээд жаахан хүлээчихээр явж барилдсангүй гээд байдаг л даа. Ер нь бол өөрийнхөө бодож байгаагаар барилдах нь л зөв” гэж боддогоо ярьсан юм. Түүний хувьд 2011 онд бэлтгэл сургуулилт сайн байсан ч долоогийн давааны маргаанаас болж сэтгэлзүйн дарамтад өртсөн нь гарцаагүй. “Уг нь би тэгэхэд бэлтгэл сайтай байсан. Содном бид хоёрын барилдааны маргаан хоёр цаг гаруй болоход хэнийх нь талд шийдвэр гарах бол гэж хүлээсэн. Дараа нь намайг давуулахад “Би заан болчихлоо” гэж дотроо баярлаад С.Мөнхбат аваргатай яарч барилдсан тал бий” гээд айргаа уув. Түүний хувьд чөлөөт бөхөөр суурьтай болохоор бүх л барилдааны төрлөөр барилдаж үзсэн гэнэ. Залуу заан өнөөдрийг хүртэл хэд хэдэн зодог шуудаг элээсэн бөгөөд харин хоёр монгол гуталтай юм байна. Гэхдээ шинээр хийлгэсэн гутлаа өмсөхөөр хөлд эвгүй байдаг юм. Санаа дагаад ч тэгдэг юм уу тэр гуталтай барилдахаар уначихаад болдоггүй юм аа. Тиймээс хуучин гутлынхаа улыг нь солиулаад өмсчихсөн. Тэр нь ч амар юм билээ гэв. Аав, ээжийнхээ тухай ярих гэснээ ер нь манай нутгийнхан надаас илүү мэднэ дээ гээд инээмсэглэв. Ээж минь бурханы оронд одсон. Одоо аав минь сумандаа амьдарч байгаа гэлээ. Ямар ч хүн ирсэн хоол цай, цүй болсон байгаагаараа ирсэн гийчнээ дайлаад буцаадаг байжээ. Цас зудтай үед эрлийн хүмүүс малаа хайж яваад их хоноголдог байсан гэнэ. Өглөө босоход хоймроор дүүрэн хүмүүс зулчихсан унтаж байгаа харагддаг. Ямар ч хар элгийн хүн ирсэн сэтгэл өндөр буцдаг байв. Зарим жил өвөлжөөнд байхдаа идшээ дуусч дахин мал гаргаж байсан тухай ярилаа. Манайхан удмаараа биерхүү хүмүүс байдаг. Аавын нас хэвийсэн тул надаас жаахан намхан. Түүнээс биш өргөний хувьд надаас өргөн. Аав маань айлын ганц хүү байсан тул нэлээд эрх танхи өссөн гэдэг. Залуу цагтаа надаас ч сайхан эр явсан юм билээ гээд ааваараа бахархаад авлаа. Санжаадамба зааны өндөр 185 см бол 140 кг жинтэй аж. Зааны ээжийг Намжилын Цэрэндулам гэсэн байсан гэнэ. Аавыг нь Чойжилын Чимэдрэгзэн гэдэг. Зааны ахыг Чимэддорж, Чулуундорж, Чинбат гэдэг бол эгчийг нь Өнөржаргал гэдэг юм байна. Айлын гэргийг хоол, цайгаар нь дүгнэдэг гэдэг. “Солонгоо бүсгүйн цай нь хүртэл хоол юм аа” хэмээн манай зурагчин толгой сэгсэрч харагдсан. Монгол бөхийн түүхэнд нэн шинэ үеийн төлөөлөл болох залуу заан Санжаадамбынх нийслэлд амьдарч буй мянга мянган гэрэл дунд Кристал тоуны 15 дугаар давхарт нэгэн тод гэрэл сацраан байв аа.

Э.ЭНХБОЛД

Б.ЭНХБАТ

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Өсөхөө аваргын аав Ц.Гэлэгжамц гуайнд өнжлөө

Бөхийн өргөөний урдхан, хүүхдүүдийнхээ барьсан орон сууцанд хоёр хөгшин налайж сууна. Цэвээний Гэлэгжамц гэж монгол бөхийн домог болсон Буур Жамъян аваргын хүргэн, өнөө цагийн бөхийн манлай Өсөхөө аваргын аав түүнтэй хуучлахсан гэх бодол эртнээс л төрдөг байлаа. Хүүгээ төрийн наадамд түрүүлэх бүрт ёс юм шиг есөн хөлт цагаан тугны өмнө гүйж очин үнсээд, сэтгэл дүүрэн байгааг нь харах бахтай сан. Өсөхөө хүүг нь Монгол Улсын дархан аварга цол хүртсэнийх нь дараа ижий аавынд нь зочилсон маань бэлгэшээлтэй санагдаж байлаа.

Гэлэгжамц гуай монгол тооллоор өнөө жил наян нас хүрч байгаа гэнэ. Тэрээр 1935 онд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутагт төржээ. Харин Өсөхөө аваргын ижий хөгшнөөсөө таван насаар дүү юм байна. Аавтайгаа буюу Буур аваргатай жигтэйхэн адилхан хөгшин уртаа гэгч хүрэн цоохор тэрлэгтэй инээмсэглээд угтсан. “Та хэдийг ирнэ гэхээр дүүгийнхээ хүүхдийг дуудаад хоол унд тэрлүүлээд байж байна. Уул нь манай хөгшин гэр орны ажилд шалмаг, гал тогоондоо хэнийг ч ойртуулдаггүй юм. Одоо жаахан ядраад байх болжээ” гэж гэрийн эзэн өгүүлэв.

Зүүн гараас Буур Жамьян аварга, Б.Түвдэндорж аваргын хамт. 1940-өөд оны дундуур

Зочны өрөөний ханын гоёмсог хүрэн шүүгээнд хадам аавынх нь зургууд харагдана. Тэр дундаа Буур аваргын Түвдэндорж аваргатай хоёул үндэсний спортын гавьяат мастерын тэмдгээ зүүгээд алхаж байгаа өнгөт зураг тодоос тод дурайж байлаа. Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор буюу далан нэгэн оны наадмаар Жамьян аварга уригдаж ирсэн байдаг.

Далаад оны эхэнд түүнд үндэсний спортын гавьяат мастер гэдэг цолын хоёр дахь дугаа­рыг нь олгосон түүхтэй. Одоо­гийн гавьяат тамирчин гэдэг цол юм. Ууган гавьяат мастер нь Түвдэн аварга шүү дээ. Далан нэгэн он гэснээс, тэр жилийн наадамд Жамьян авар­га ирээд буцахдаа Бал даргад сэтгэл жаахан дундуур байсан гэдэг. “Наадмын урьд өдөр Сүхбаатарын талбайд бөх­чүүдийг цуглуулаад нам засгийн удирдагчидтай уулзлаа. Цэдэнбал намайг харчихаад “Буур чи амьд байдаг юм уу” гээд гар барьж байна. Надаас олон дүү хүн биз дээ. Тэр ер нь хүнийг та гэж сураагүй байх. Маш амтгүй хүн юм аа” гэсэн баримт сэлт бий. Гэрийн эзний тамхилсан хөөргийг сонирхох зуур уг дурсамж сэтгэлд буусан хэрэг. Мэдээж Жамьян аварга, Түвдэндорж аварга хоёрын зургаас үүдээд. Цай цүй болоод удаагүй бай­тал Гэлэгжамц гуайн бага хүү Батбаяр орж ирлээ. “Эгч нь яав” гэж хоёр хөгшин зэрэг асуугаад авлаа.

“Хүүхдүүдээсээ дуудвал зүгээр шүү” гэж Гэлэгжамц гуайд сануулсан учир бага хүүгээ, мөн гурав дахь охин болох Нарангэрэлээ зав чөлөө гаргаад аавынхаараа ирээрэй гэж хэлжээ. Бага хүүдээ хандан “Аавынхаа хөөргөөр хүмүүстэй тамхил” гэв. Батбаярыг Өсөхөө ахын­хаа ижил улсын цолтой бөх гэдгийг мэдэх хүмүүс нь мэдэх байх. Тэрээр Архангай аймгийн наадамд 1998, 1999 онуудад дараалж түрүүлээд 2000 онд улсын наадамд анх зодогложээ. Гурвын даваанд Хөвсгөлийн Элбэгт унасан байна. Харин дараа жил нь буюу наян жилийн ойгоор “Батцэнгэлийн динозаврууд” болох Жавхлантөгс харцага, Хишигдорж заан нараар дөрөв, тав давж улсын цолны босго алхаад улмаар зургаагийн даваанд шинээр начин цол хүртээд байсан амьдаа Дашдондовын Батбаяртайгаа тунаж барилдан давж харцага цол хүртсэн нэгэн. Долоогийн даваанд Бат-Эрдэнэ аваргад амлуулж унасан түүхтэй. Батбаяр харцагаас ажил албыг нь сонирхоход “Эрдэнэт хотын Хангарьд спорт клубийн дасгалжуулагчаар ажиллаж байгаад ирсэн. Одоо удирдлагын академид сурч байна” гэв. “Манай хүү удирдлагын академид сураад сүрхий байгаа. Бодох нь ээ, том дарга болох санаатай юм байгаа биз” гэж аав нь хөөрхөн явуулж байна.

Тэрээр зургийн цомог үзэж сууснаа “Хөөх, ахыг дархан аварга болоход талбай дээр ийм их хүн цугласан юм уу” гэж дуу алдаад явчихав. “Манай гэрийнхнээс би л ганцаараа мэдээгүй” гээд дурамжхан байгаа нь илт. Мань хүн ахыгаа дархан аварга цолны үнэмлэх тэмдгийг Төрийн ордонд гардаж байх цаг мөчид “Хангарьд”-ын бөхчүүдтэйгээ бэлтгэлд гарчихсан, утасны сүлжээгүй газар байж л дээ. Тэгээд долдугаар сарын долооны оройхон бэлтгэлээс буугаад Эрдэнэтийн төв рүү орж ирэхдээ дуулсан аж.

Харин Гэлэгжамц гуай сэтгэл ихэд тааламжтай “Хүүгээ дагаад Төрийн ордон руу орж явчихсаан” хэмээн инээд цалгиулж сууна. Өсөхөө аварга нэг их гоё өндөр захтай улаан шаргал дээлтэй очсон харагдсан. Та урлаж өгсөн үү гэж ээжээс нь асуутал “Наранчимэг гэж манай охин хийж өгсөн юм. Дүүгийнхээ дээл хувцас, монгол гутлынх нь оймсны хараа чимэглэл, хөөрөгнийх нь даалин зэргийг Наранчимэг л хийж өгдөг” гэлээ. Насантогтох гуайн ээж Гарамдагий гэж үйлэнд уран хүн байжээ. Тэгэхээр охиноос нь гарсан хүүхдүүд уран байх нь. Насантогтох гуай “Ижий минь монгол гутлыг угалзтай, угалзгүйгээр нь янзын сайхан хийнэ. Аавын монгол гутлыг ижий л урладаг байлаа. Мөн зодог шуудаг оёдог, Өсөхөөг таван настай байхад нь нэг зодог шуудаг оёж өгсөн. Одоо бага хүү нь өмсөж байгаа” гэж хуучилсан юм. Гоньдоор амталсан бууз зооглох зуураа Гэлэгжамц гуайгаас хадам аавынх нь талаар асуулаа. “Буур аваргыг төрийн наадамд анх дагуулж ирсэн хүн нь Лу гүний Вандан аварга гэдэг. 1925 оны наадамд нутгаасаа ирж барилдаад халхын гурван “босоо” гэгддэг Вандан, Самдан, Шагдар нартай их шөвөгт шалгарч Хэнтийн Самданд унаж үзүүрлэсэн түүхтэй. Тэгээд 1926, 1928 онуудад арав давж түрүүлсэн байдаг. Харин ид үедээ төрийн наадамд хэд хэдэн удаа өнжсөн юм билээ” хэмээн асуулаа.

Үүнд Гэлэгжамц гуай ийн хариулсан юм. “Төрийн наадамд хоёр түрүүлж, нэг үзүүрлэж Буур хэмээн улс даяараа алдаршиж байсан тэр цагт нь эсэргүү нарын бослого гэж түүхэнд тэмдэглэгдсэн Тариатын хүрээний бослого гарч, нутаг усанд нь үймээн самуун дэгджээ. Түүнээс болж, мөн анхны хань эндсэн зэрэг шалтгаанаас үүдээд аав хэдэн жил наадамд ирж зодоглоогүй юм билээ. Энд нэг зүйлийг сонин болгоход, эсэргүү хөдөлгөөнийхөн аавыг бослогодоо элсүүлэх гэж оролдож байжээ. Цэргийн Шагж гэж сайхан бөх байсан. Өнөөдөр аварга болох хүн гээд судлаачид, Завхан нутгийнхан үзээд байгаа. Тэр хүн улсад нэг түрүүлж, хоёр үзүүрлэсэн бөх л дөө. Гэтэл гучаад оны эхээр яг ид барилдаж байсан үедээ өнөө түйрэнгүүдтэй нэгдэж, нөгөө хэд нь “Манай баатар, чамайг улааны сум нэвтлэхгүй” хэмээн хөөргөөд тулалдааны эхний суманд алуулсан байдаг. Хадам ааваас эсэргүүнийхэн хоёр морь аваад явж л дээ. Тэгээд хэлсэн хугацаанд өгсөнгүй гэнэ. Аав хонинд явлаа гэж гэрийнхэндээ хэлээд өнөө хоёр морио авахаар Тариатын хүрээ рүү явж байтал өөдөөс нь ногтоо чирсээр ирсэн гэдэг. Тэгж л аавын амийг хоёр хүлэг нь аварсан байгаа юм” гэж Буур аваргатай холбоотой хүмүүсийн тэр бүр мэдэхгүй зүйлийн талаар хуучиллаа.

Өсөхөө аваргын эгч нарын нэг Нарангэрэл гаднаас орж ирлээ. Бас л тэнгэр баганадсан эмэгтэй байлаа. Нэг метр 91 сантиметр өндөртэй гэсэн. Аваргын ээж Насантогтох гуай залуудаа нэг метр 85 сантиметр өндөр байжээ. Харин түүний аав Буур аварга ид залуудаа хоёр метр 30 сантиметр өндөртэй, 130 килограмм жинтэй байсан гэдэг. Нараа эгч “Завгүй тэвдэж явахад аав ээж хоёр дуудаад. Уул нь амралтын өдрөөр л бид энд цугладаг юм” гээд “За одоо надаас юу асуух гэж байна” гэсэн янзтай алаг нүдээ эргэлдүүлэв. “Хагас сайныг бид битүүн, бүтэн сайныг шинийн нэгэн гэдэг юм. Ёстой л битүүлж, шинэлж байгаа юм шиг аавынд мах чануулж, бууз жигнүүлж хоёр өдөр болно. Та хэдэд буузаа жигнээд өгчихөж, удахгүй мах чанана гээд унах байх” гээд инээмсэглэлээ.

“Ярианыхаа сэдвийг бөхөөс жаахан холдуулъя л даа, энэ чинь. Вандан аварга, Буур аварга, Түвдэн аварга, Өсөхөө аварга гээд л халхын алдарт аваргуудын тухай үргэлжлээд явж өгөх бололтой. Ингэхэд та ээжийнхээ ямар хоолонд дуртай вэ” гэж Нараа эгчээс тулган асуулаа. “Будаатай банштай цайнаас нь салах юм биш. Багад бол ээжийн боорцог, гамбир шиг амттай зүйл байсангүй. Манай аав боорцог их сайхан хийдэг” хэмээн сонирхуулав. Ингээд Нараа захирал (“Вайт лейк” ХХК-ийн ерөнхий захирал) Буур өвөөгийнхөө тухай “Гэр орных нь ажилд тусалж эмнэлэгт хэвтсэн үед нь хоол цайг нь дөхүүлж, хүнсийг нь цуглуулж, ус түлээг нь ойртуулдаг нь манайхаас би байсан” гэв.

“Өвөө минь өнгөрөхийнхөө урд өдөр надад биеийн тамирын хувцас 120 төгрөгөөр авч өгч билээ. Аймгийн тусгай дэлгүүрээр өвөө үйлчлүүлэх эрхтэй. Би тэгэхэд долдугаар ангийн хүүхэд байв. Бараг л анх удаа шинэ хувцас өмсөж байгаа минь тэр байх. Дээрээ хоёр эгчтэй байсан болохоор эгч нарын хувцсыг улирааж өмсөнө. Их л баярласан юмдаг. Гэвч маргааш өдөр нь өвөө минь биднээс үүрд явчихсан” гээд хоолой нь зангираад, нүдэнд нь нулимс тунараад ирэв.

Тэрээр Архангай аймгийн арван жилийн сургууль дүүргээд Эрхүү хотын Хөдөө аж ахуйн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсчээ. Ажлын гараагаа Мал аж ахуйн хүрээлэнгээс эхэлсэн байна. Аавынхаа мэргэжлийг өвлөснөөрөө бахархдаг гэж хэлсэн. Гэлэгжамц гуайн ач нараас арав гаруй эдийн засагчид төрсөн гэнэ. Ихэнх нь гадаадад сургууль соёл дүүргэж байгаа аж. “Манай аав бол оюуны мундаг хүн” гэж охин нь хэлээд аавыгаа хайр хүндэтгэлийн зөөлөн харцаар ширтэж суусан юм.

“Өсөхөө сая охинтой минь уулзаад ирсэн гэнэ. Дажгүй л байгаа бололтой” гэж хоёр хөгшин хоорондоо ярилцаж суулаа. Өсөхөө аваргын том, хоёр хөгшний хайртай ач нарынх нь нэг Америкт сурч байгаа ажээ. Аав нь “Алдар” спор хорооны тамирчдаа ахалж Цэргийн дэлхийн аваргад оролцох үеэрээ охинтойгоо уулзжээ. “Манай Батбаярын хүүхэд Японд байгаа, тэдний хүүхэд тэнд байгаа” гээд л ярьж байсан. Гадагшаа явсан ач, зээ нараа ихэд санадаг бололтой. Архангай бол бөхийн өлгий нутаг. Ялангуяа Батцэнгэл бол бөхөөрөө алдартай. Харин Монгол Улсын дархан аваргагүй байсан юм билээ. Өсөхөөгөө дархан аварга болоход ихэд бэлгэшээж баярласан нь мэдээж, наадам сайхан болсон уу гэж Гэлэгжамц гуайгаас асуухад, ээж нь цаанаас “Хүүгийн минь дархан аварга цолыг хүндэтгэж нутаг орон маань сайхан баяр зохион байгуулсан. 512 хүчтэн зодоглож хүн бүхэн уухай хашгирч байхад аав минь тэнгэрээс харж байгаа болов уу гэж бодоод нүдэндээ нулимстай суулаа” гэв. Харин гэрийн эзэн “Манай энэ хүүгээ түрүүлэх бүрт нь баярлаад л, хүмүүсийн дунд уйлаад л, хашгичаад л сүйд болдог. Би яахав, мэлин хойлог талдаа ч хүн юм уу. Нэг их баярлаж хөөрөөд сүйд болдоггүй юм. Түрүүлэх учиртай хүн нь түрүүлж байна даа гэж боддог. Яахав, ер нь хүүгээ нэг үнсье гэж бодоод тугны өмнө гүйж очиж үнсдэг” хэмээн хээв нэг өгүүлсэн нь яалт ч үгүй дархан аваргыг төрүүлсэн аав мөн дөө гэж бодогдов. Гэлэгжамц гуайтай зэрэгцэж суугаад хоёул зургийн цомог эргүүлж, Буур аваргын Баянаа аваргатай, Түвдэн аваргатай авахуулсан зургийн үүх түүхийг хуучлангаа өнөө жилийн наадмын тухай сонирхлоо. Гурвын даваанд Өсөхөө аваргыг Сүхбат аварга амласныг шуудхан асуугаад авав.

“Наадмын эхний өдөр хүүтэйгээ хамт цэнгэлдэх рүү очсон. Ер нь Өсөхөө аавтайгаа хамт очих гээд байдаг юм. Замд хүү минь хэлж байсан. “Бөхийн комиссоос намайг зүүний магнайд гарна шүү гэсэн. Гэхдээ Сүхбат зүүний магнайд гарна гэхийг үгүйсгэх аргагүй. Тэгвэл яршиг, би барууны магнайд л гарчихна” гэж байв. Тэгтэл яг л хүүгийн хэлсэн ёсоор наадмын бөхийн комисс эрэмбийнхээ дагуу гээд Өсөхөөг зүүний магнайд гар гэлээ. Сүхбат би гарна гэсэн байна. Ингэхээр нь Өсөхөө барууны магнайд очоод зогсчихсон. Хэрүүл уруул хийгээгүй шүү дээ. Харин хоёр дахь өдөр би аажуу, уужуу очъё гээд хүүдээ хэлчихээд байж байтал Сүхбат Өсөхөөг амлалаа гэж дуулддаг юм. Тэгэхээр нь яарч сандраад яваад очлоо. Хүний л эцэг болсон хойно тэр агшинд чинь янз бүрийн зүйл бодогддог юм билээ. Сүхбат ер нь хүүг минь яах гээд байнаа гэж хүртэл бодогдсон. Гурвын даваа эхлэхийн өмнө Өсөхөөд ойртож очоод “Болгоомжтой л байгаарай даа хүү минь. Хөл гар руу чинь өшиглөж, цохих вий” гэж хэллээ. Тоосон шинжгүй зогсож байна. Хүмүүс янз бүрээр л шуугиад байв. Тэр бүгдийг Өсөхөө тоогоогүй.

Сүхбат яагаад Өсөхбаярыг амлав гэдгийг надаас олон хүн асуудаг. Би бол нэг их тоймтой хариу өгдөггүй юм. Яахав, миний бодлоор Сүхбатын сэтгэл санаа тухайн үед жаахан үймэрчихсэн байжээ. Тэр хүнд зөвлөдөг хүмүүс гэж байдаг байх. Тухайн хүмүүс нь буруу зөвлөгөө өгөөд хий хөөргөөд, дэвэргээд байна уу гэж санагдах юм. Дээр нь нэг зүйлийг нэмээд хэлэхэд, найман жилийн өмнө зодог тайллаа гээд олон түмний өмнө бөхийн дэвжээгээ үнсээд, есөн хөлт тугнаасаа адислаад дахиж барилдахгүй гэж ам өчгөө өгсөн хүнийг яагаад барилдуулав гэдэг бас сонин. Бүртгэж авахгүй байдаг ч юм уу, ямар нэгэн зүйл хийх л байсан байх. Гэхдээ хүний эрх юм байгаа биз дээ. Уул нь Сүхбат чинь миний хүүтэй ижил сайхан бөх. Миний хайрладаг л бөхчүүдийн нэг. Хаана л таарна надад ирж үнсүүлээд явж байдаг хүүхэд байгаа юм. Тэр жил Өсөхөөгийнхөө аварга цолны найранд гэргий Баясгалангаа дагуулчихсан хамгийн түрүүнд ирээд сууж байсан. Өнөө жил сэтгэл санаа үймэрчихсэн сонин байв уу даа. Дархан аварга цолоо авахаар Төрийн ордонд ирэхдээ гурвын даваанд ам авч байгаа юм шиг монгол гутлаа өмсчихсөн, зодгоо бүсэлчихсэн ирсэн шүү дээ. Төрийн ордонд тэгж ирэхэд нь л надад сонин сэтгэгдэл төрж байлаа” гэв.

“Сүхбатыг өшиглөөд авах вий гэж боджээ. Өмнө нь Өсөхөө аварга Сүхбатыг нэг тийрчихсэнийг манайхан мартаагүй дээ” гэж лавлах маягтай асуухад тэрээр “2001 оны тэр зүйл дээр Баянаа аварга ч тэр, Сүхбат ч тэр ерөөсөө юм бодоогүй. Бөхийн тэмцэл гээд өнгөрсөн. Тухайн жилийн наадмын яг маргааш нь уяачдын баяр дээр Баянаа аварга бид хэд таарахад огтоос юм бодоогүй шүү гэж хэлж байсан. Уяачдын наадмыг манай хөгшин Баянаа аваргын гэргий хоёр нэг дор суугаад үзэж л байлаа. Батбаяртай Баянаа аварга таарчихаад “Миний хүү эмзэглээгүй биз дээ. Бид бол тэр талаар юу ч бодоогүй шүү” гэж хэлж байсан гэдэг” хэмээн хариулсан юм.

“Аавын минь эдэлж хэрэглэж байсан зүйлээс хэт хутга тэргүүтэй хэдэн зүйл бий. Бөхийн өмсгөл дээл хувцсыг нь Архангайн музейд өгсөн” хэмээн Насантогтох гуай өгүүлээд “Би чинь хүний ганц охин шүү дээ. Аавынхаа дөчин насан дээр төрсөн. Намайг төрөх үед аав наадамд барилдах гээд явчихсан эзгүй байсан гэдэг. Айлын ганц хүүхэд болоод ч тэр үү, эрх танхил гэж жигтэйхэн. Аавыг хаашаа л явна дагана. Ямар сайндаа ноос тушаах гэж морин тэргэнд аччихсан байхад нь тэргэн дээр гарч морийг нь үргээгээд сүйд болохоо алдсан. Тэрэгтэй морь хонины хашаа зад дайрч өнгөрөөд хүмүүс шуугилдаад би ч орилоод явчихсан нь мэдээж. Аав миний охин сайн зуурч бай гэж хэлээд тосон угтаж тэрэгний аралд хүрэх шиг л болтол морь зогсчихсон. Дараа нь бодоход их бяр тэнхээ гаргасан байгаа юм. Нэг өвөл тэргэнд сургаж байсан хайнаг гунаа хөллөөд Хойд Тэрхийн голоос мөс ачихаар явж би дагадгаараа дагалаа. Мөсөө ачаад эргэтэл гуна явдаггүй. Гэтэл аав гунаа тэрэгнээс буулгаж хойноос нь чөрхлөөд намайг сайн туугаарай гэж хэлээд өөрөө тэргэндээ ороод зүтгэчихсэн” хэмээв.

Домог болсон аваргын өвөр дээр эрхэлж, өнөө цагийн бөхийн манлай хүчтэнийг өвөр дээрээ эрхлүүлж өсгөсөн тэрээр хүүгийнхээ бага насны дурсамжаас хуваалцлаа. “Өсөхөө зүүдлэхээрээ босоод явчихдаг хүүхэд байв. Манай хүүхдүүд унтахдаа өмд цамцаа орныхоо дэргэд нямбайлан эвхээд тавьчихдаг байлаа. Нэг орой Өсөхөө унтаж байснаа өмд цамц хоёроо аваад босоод ирлээ. Бид нар одоо яах нь уу гээд чимээгүй хараад байлаа. Тэгтэл авдар онгойлгож өмд цамц хоёроо хийчихээд буцаад орондоо ороод унтаад өгдөг байгаа. Өглөө босоод энд байсан өмд цамц хаачив гээд асууж байж билээ. Өөр нэг хөгжөөнтэй дурсамжаас нь хэлье л дээ. Манайх “Эх орон-52 гэдэг радиотой байлаа. Батбаяр л болдоггүйгээрээ “Ээж ээ энэ дотор юу байгаа юм бэ” гэж шалгаагаад байхаар нь “Эрэгтэй эмэгтэй хоёр хүн байдаг юм. Тэгээд ээлжилж яриад суудаг” гэчихгүй юу. Нэг өдөр ажлаа тараад иртэл өнөө хоёр алга. “Та хоёр хаана байнаа” гэтэл Өсөхөө гаднаас орж ирээд чимээгүйхэн орон дээр суучихлаа. Буруу зүйл хийчихсэн үедээ андашгүй л дээ. Нэг л гэмшингүй зөөлөн зөөлөн над руу хараад л. Тэгсэн араас нь Батбаяр “Араажив дотор хүн байдаг гэсэн чинь юу вэ. Утаснаас өөр юу ч алга” гэчихсэн орж ирж байгаа юм. Тэгж л манай хоёр радиогоо амбаарт авч ороод амыг нь барьчихсан. “Яаж байгаа юм” гэсэн чинь Өсөхөө “Баагий л дотор нь хүн байдаг гээд байхаар нь үзсэн юм гэсэн сэн.

Манай Өсөхөө чинь багаасаа үнээ ивэлгэдэг гэрийн ажилд сүрхий хүүхэд байсан. Улсын наадамд хоёр дахиа түрүүлчихээд улсын аварга цолтой бөх болчихоод байхдаа хөдөө гэртээ амарч очоод өглөө үнээ ивэлгээд зогсож байна. Хаяа айлын бүсгүй “Өсөхбаярыг чинь улсын аварга цолтой том бөх гэж сүрдээд байтал ээждээ үнээ ивэлгээд зогсож байхыг нь харах их гоё санагдсан. Иймдээ л олон хүний хайр хүндэтгэлийг хүлээдэг байх” гэж хэлж билээ. Хөгшин нь хүүгийнхээ тухай өгүүлэхтэй залгаад гэрийн эзэн Вандан аваргын тухай яриа дэлгэлээ.

“Вандан аваргыг бол би нүдээр үзээгүй хүн. Гурван охин, нэг хүүтэй хүн юм билээ. Батцэнгэлд нүүж очоод байхдаа Ишванжил гэж Вандан аваргын хүүтэй танилцсан. Нэгдлийн адуучин, миний үеийн л насны хүн байсан. Ишванжилын бага хүү Мөнхжаргал гэж залуу одоо Батцэнгэлдээ байгаа. Хоёр жилийн өмнө байна уу даа, аймгийн начин цол хүртлээ дуулдсан. Ишванжилаас би аавынх нь тухай сонирхох гээд гэрт нь зорьж очиж хонож байлаа. Их багад нь нас барсан юм билээ л дээ. Вандан гуай ер нь дөчин хэдтэй л өнгөрсөн байх. Өндрийг нь сайн мэдэхгүй юм. Харин өргөнийг нь бол мэддэг хүмүүс нь барин тавин хэлдэг. Гэрийн хойморт авдар налаад суухад авдрынх нь булан цухуйдаггүй байсан гэдэг. Тэгэхээр цээж гэдэг бол ёстой нөгөө авдар шиг гэдэг чинь Вандан гуай л байж. За тэгээд булчин шөрмөс нь овойж товойсон, хүзүү гэдэг нь лухайсан лут эр байж дээ. Тэр их өргөн цээжтэй ханагар том хүн чинь мэдээж өндөр байсан байж таарна. Хориод оны сүүлээр Маршалтай авахуулсан нэг зураг бий. Түүнээс харахад их л том хүн байсан юм билээ. Эрүү түүшин сайтай, хацар дух их томтой хүн байжээ. Өндөр Алтанхуягийн хүү Ичиножо Ичинноровыг Вандан аваргын зургаа дахь үеийн бөх гэж танай сонин бичсэн байна лээ. Биеийн жингийн хувьд лагс хүүхэд юм байна. Гэхдээ Вандан аваргыг энэ хүүтэй харьцуулшгүй байлгүй дээ. Орсон буур ороод ирэхэд ганцхан мөрлөөд л зогсоодог байсан гэсэн баримт бий. Домогт Намхай аваргын ард л бичигдсэн хүн. Хүнийхээ хувьд ихэд цагаан цайлган, нөхөрсөг хүнлэг нэгэн байсныг хадам аав минь үргэлж дурсдаг сан” гэв.

Ийнхүү хоёр хөгшинтэй домог болсон хүчтэнүүдийн тухай өдрийн турш хуучиллаа. Оройхон хэрд Өсөхөө аварга аавтайгаа утсаар яриад эгчийнхээ ажил дээр байгааг дуулгасан. Нараа захирлын өрөөнд байж байна. “Аав ээж хоёр өнөөдөр Гантулгын эзэмшилд байгаа юм биз дээ” гэж цаашлуулаад л. Энэ сарын сүүлээр дархан аварга цолныхоо найрыг хийхээр төлөвлөж буй ажээ. “Улаанбаатар” ресторан руу гэргий нь яриад цаг нараа тохироод байгаа бололтой. “Урилгынхаа үгийг яаж бичих вэ, их утга төгөлдөр сайхан үг бичмээр байна” гээд Архангайн наадмын урилгаа үзэж суусан. Ааваасаа нарийн ширийн юмыг асууж байсан. Өсөхөө аваргатай Америк явсан тухайг нь сонирхож энэ тэрхэнийг ярилцсан юм.

Н.ГАНТУЛГА

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ