Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Интернэт хэрэглэгч 4.1 сая болжээ 

Гар утас анхдагч ертөнц

Улсын хэмжээнд мэдээлэл, харилцаа холбооны салбарын нийт орлого 2021 оны эцэст 1.6 их наяд төгрөг болж, өмнөх оноос 230.6 (16.8%) тэрбум төгрөгөөр өссөн гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Уг өсөлтөд

  • Утасгүй холбооны үйл ажиллагааны орлого 136.3 (17.7%) тэрбум төгрөг,
  • Өргөн нэвтрүүлэг бэлтгэх, дамжуулах үйл ажиллагааных 32.6 (19.7%) тэрбум төгрөг,
  • Шуудангийн үйл ажиллагааных 11.5 (43.1%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Мөн мэдээлэл, харилцаа холбооны салбарын нийт орлого 2021 оны дөрөвдүгээр улиралд 441.3 тэрбум төгрөг болж, өмнөх улирлаас 28.7 (7%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Суурин утасны цэгийн тоо өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 310.8 мянга болж, өмнөх оны мөн үеэс 4.7 (1.5%) мянган цэгээр буурчээ. Үүнд Улаанбаатар хотын суурин утасны цэг 3.7 (1.4%) мянгаар буурсан нь нөлөөлсөн аж.

Үүрэн утасны идэвхтэй хэрэглэгч тус улиралд 4.6 (давхардсан тоо) сая болж, өмнөх оны мөн үеэс 243.7 (5.6%) мянган хэрэглэгчээр өссөн байна. Интернэт хэрэглэгчийн тоо өмнөх оноос 5.9 хувиар өсөж, 4.1 сая болжээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Шударга ёс гэж байхгүй, хууль биелүүлэх л гэж бий

“Шударга ёс гэдэг бол хүн төрөлхтний түүхэнд өдрийн од мэт зүйл” гэсэн утгатай үг баруунд бий. Харин хууль яс тас хэрэгждэг байх ёстой, хуулийн хүрээнд нийгмийн амьдрал өрнөдөг байх ёстой гэсэн үзэл баримтлал бол баруунд тогтсон ойлголт юм. Шударга ёс-Хууль биелүүлэх… хоёр нь өөр ойлголтууд байх нь. Та шударга бус байж болно. Харин хуулийг ягштал баримталдаг, хуулийн хүрээнд ажилладаг иргэн байх ёстой. Хөгжиж цэцэглэсэн улс орнуудад хуулийн хүрээнд бүх дүрэм, журам, стандартууд хэрэгждэг. Ер нь ямар улс орныг хамгийн их хөгжсөн улс орон гэдэг вэ гэхээр бүх зүйл нь стандарттай, стандартын дагуу нийгмийн амьдрал нь өрнөж байдаг, хүн ам нь аюулгүй эрүүл орчинд, чанартай боловсрол эзэмшин, хангалттай орлоготой амьдарч байгаа нийгмийг хэлдэг. Энэ бол эрдэмтэн судлаачид, Нобелийн шагналтны тодорхойлолт шүү.

Наад зах нь их дэлгүүрүүд, том худалдааны төвүүд, кино театруудын гол хаалга нь ямар ч үед гадагшаа шууд онгойдог стандарт Америкт хэрэгждэг. Гал гарлаа, гараад гүйх гэтэл төв хаалгууд нь бүгд зөвхөн дотогшоо онгойдог байвал бачимдсан хүмүүс ар араасаа дарсаар дотогш нь онгойлгох боломжгүй болж шатацгаана… гэдэг ч юмуу. Ийм энгийн стандартаас хөгжил эхэлдэг.

Энэ мэт бүх зүйл хүний төлөө зориулагдсан, нийгмийн бүх салбар, бүх түвшинд стандарттай нийгмийг л бид дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж буй улс орнуудаас харж байна. Стандарт бол хууль. Монгол Улсад энэ бүхэн ямар байдгийг бүгдээрээ мэднэ…

Categories
булангууд мэдээ нийгэм

УВС АЙМАГ: Цэцэрлэгийн үйл ажиллагааг энэ сарын 24-нөөс эхлүүлнэ

Аймгийн Засаг даргын захирамжаар сургуулийн өмнөх боловсролын хичээл сургалтын үйл ажиллагааг энэ сарын 24-ний өдрөөс эхлүүлэхээр боллоо.

Харин Ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль, политехник коллежийн хичээл сургалтын үйл ажиллагааг энэ сарын 14-ний өдрөөс танхимаар хичээллүүлэхээр болсон юм. Тэгэхдээ 1-5 дугаар ангийн сурагчдыг 9.00 цагаас өмнө хичээллүүлэхгүй байх аж.

Тэрчлэн төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, алба хаагчдад ажлын байранд халдвар хамгааллын дэглэм сахиулж ажиллах, зайлшгүй шаардлагатай тохиолдолд алба хаагчдыг гэрээсээ цахимаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллахыг сум, албан газар, аж ахуйн нэгж байгууллагын дарга, захирагч нарт аймгийн Засаг дарга даалгаад байна.

Нийтийг хамарсан жагсаал, цуглаан, соёл урлаг, спортын үйл ажиллагаа, өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа, цайллага, тэмдэглэлт ойн арга хэмжээг ирэх сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хязгаарлалаа. Дээрх хязгаарласнаас бусад үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм сахин, 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“SpaceX” компани дэлхийн хамгийн том пуужин бүтээлээ

Тэрбумтан Илон Маскийн сансрын “SpaceX” компани “Starship” пуужингийн иж бүрэн эх загварыг бүтээж дуусгасан байна. Төхөөрөмж нь тойрог замын анхны нислэгт аль хэдийн бэлэн болсон талаар “NASA”-гийн Spaceflight Youtube суваг мэдээллээ.

“SpaceX” компани нь хамгийн сүүлийн үеийн “Super Heavy Booster 4” төхөөрөмжөөр тоноглогдсон “Starship20”-ийн прототиптэй амжилттай хослуулсан гэдгээ харуулан шууд дамжуулалт хийжээ.

Пуужингийн нийт өндөр нь 120 метр ба түүнийг бүтээхэд “Мехазилла” гэх автоматжуулсан робот бүхий 140 метрийн өндөртэй цамхаг ашигласан байна.

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Сугар гаригийн анхны тод дүрсийг NASA олон нийтэд үзүүлжээ

Нарны титмийг судлахаар сансарт илгээсэн Parker Solar Probe (PSP) хөлгийн 2020, 2021 онуудад буулгасан Сугар гарагийн гэрэл зураг, дүрс бичлэгийг NASA өчигдөр олон нийтэд үзүүлжээ.

Нарны аймгийн гарагуудаас дэлхийтэй хамгийн төстэй нөхцөлтэй гэгддэг Сугар гарагийг хүмүүс өмнө нь ийм тодоор харж байгаагүй юм.

2018 онд дэлхийгээс хөөрсөн PSP хөлөг нарны титмийг судлахдаа Сугар гарагт хэд хэдэн удаа ойрхон нисэж өнгөрсөн юм байна.

Сугар гарагийг өмнө нь ажиглахад маш өтгөн үүл манантай байдаг тул гадарга нь тодорхой харагддаггүй байжээ.

Хүний нүд 380-750 нанометрийн урттай гэрлийн долгионыг мэдэрдэг. Харин PSP хөлгийн WISPR камер 470-800 нанометрийн долгионы зурвасыг мэдрэх чадвартай тул үүлний цаанаас гэрэлтэх Сугарын гадаргын дүрсийг буулгаж чаджээ.

“Тэнгэрт хамгийн тод харагддаг сансрын гурав дахь биет Сугар гараг боловч бид өнөөдрийг хүртэл гадаргыг нь тод харж чаддаггүй байлаа. Тэгвэл одоо бид анх удаа ийм тодорхой харж байна” гэж Вашингтон хот дахь Naval Research Laboratory-ийн физикч Брайан Вүүд тайлбарлаж байна.

Эрдэмтэд эхэндээ PSP хөлгийн камераар Сугар гарагийг бүрхсэн үүлний хурдыг хэмжих зорилготой байжээ. Гэтэл санамсаргүй үүнээс ч илүү үр дүнд хүрсэн байна.

“Сүүдэртээ талдаа ч Сугарын гадарга Цельсийн 460 хэм хүрч халдаг. Ийм халуун байдаг учраас Сугарын гадарга улайссан төмөр шиг гэрэлтэж харагдаж байна” гэж Вүүдс ярьжээ.

Өндөрлөг газраа бага, нам дор газраа өндөр температуртай тул энэ зургаас Сугарын гадаргын бүтэц, чулуулгийн найрлагыг мэдэх боломжтой болсон байна.

2024 оны арваннэгдүгээр сард PSP хөлөг сүүлчийн буюу долоо дахь удаагаа Сугар гарагт ойрхон өнгөрөх юм.

NASA энэ үеэр Сугар гарагийн илүү олон зургийг буулгахаар төлөвлөжээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Өнөөдөр нарны соронзон шуургатай

Хоёрдугаар сарын 2, 3-нд нарны плазмын үүлнээс үүдэлтэй соронзон шуурга дэлхийг бүрхэх аж. Энэ талаар Америкийн цаг агаарын урьдчилсан мэдээний төвийн цахим хуудсанд мэдээлжээ.

Энэ хоёрдугаар сард хамгийн багадаа долоо хоног наран дээр тэсрэлт болж, хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө гэж нийтэлжээ.

Мөн ОХУ-ын Лебедевийн нэрэмжит Физикийн хүрээлэнгийн харъяа Нарны рентген одон орон судлалын лабораторийн мэдээлснээр, нарны соронзон агаар дэлхийн агаар мандалд хоёрдугаар сарын 2-нд ирсэн ба маргааш 3-ны өдөр хүртэл үргэлжлэх юм байна.

Нарны соронзон шуурганы нөлөө ийнхүү нэг өдөр үргэлжилж, маргааш шөнө дунд оргил дээд цэгтээ хүрэх төлөвтэй байна хэмээн эрдэмтэд графикаар танилцуулжээ.

Өмнө нь, нэгдүгээр сарын 30-нд наран дээр дөрвөн цаг үргэлжилсэн дунд зэргийн хүчтэй дэлбэрэлтийн дараа плазмын үүлийг хөөсөн байна. Соронзон шуурга түр завсарлаад, дараагийнх нь хоёрдугаар сарын 5-6-нд болох юм байна. дараагийн соронзон шуурганы нөлөө нь хоёрдугаар сарын 2-3-ныхтай ойролцоо байх аж.

Мөн, хоёрдугаар сарын 10, 18, 25-ны өдрүүдэд соронзон агаар дэлхийн агаар мандалд ирэх төлөвтэй байна. Гэсэн ч, соронзон шуургыг ийм олон хоногийн өмнөөс урьдчилан тооцоолох боломжгүй гэж үздэг. Соронзон шуурга чухам хэзээ болохыг одон орон судлаачид ойрын хэдэн цаг, ганц хоёр хоногийн өмнөхийг л тааж чаддаг гэдэг байна.

Соронзон шуурганы үеэр од эрхэс, байгалийн үзэгдэлд хэт мэдрэг хүмүүст сөргөөр нөлөөлдөг ба толгой эргэх, дотор муухайрах, ходоод гэдэс хямрах зэрэг шинж тэмдэг илэрдэг тул айж сандрахгүй байхыг эрдэмтэд сануулдаг.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

БНАСАУ-ын сүүлийн 5 жилд туршсан хамгийн хүчтэй пуужингуудын зургийг нийтэлжээ

БНАСАУ-ын сүүлийн таван жилийн хугацаанд туршсан хамгийн хүчтэй пуужингуудын зургийг барууны хэвлэлүүд нийтэлжээ. Сансраас авсан пуужингуудын зургуудад Солонгосын хойг болон ойр орчмын газруудыг харуулжээ.

БНАСАУ-ын сүүлийн 5 жилийн хугацаанд туршсан хамгийн хүчирхэг пуужингуудын зургууд өнөөдөр олон улсын хэвлэлүүдийн онцлох нийтлэл болж байна. БНАСАУ, өнөө өглөө “Hwasong-12” дунд зайн тусгалтай баллистик пуужин туршсанаа батлаад байна. Пхеньян сүүлийн нэг сард л гэхэд долоон удаа пуужин харвасан нь дээд амжилт тогтоож боллоо.

Тус улсын хамгийн сүүлийн туршилт олон улсын хамтын нийгэмлэгийн дунд алсын тусгалын пуужингийн туршилтаа сэргээж магадгүй гэсэн болгоомжлолыг төрүүлж байна.

Дунд тусгалын баллистик пуужин харвасан тухай ням гарагт Өмнөд Солонгос, Японы эрх баригчид анх мэдээлсэн. Энэ нь Хойд Солонгосын энэ сард хийсэн долоо дахь туршилт бөгөөд 2017 оноос хойш анх удаа ийм хэмжээний цөмийн цэнэгтэй пуужин хөөргөсөн юм.

2018 онд Умард Солонгос “Хвасон-12”-ыг зургаан удаа туршсан. Тэр дундаа Японы хойд хэсгийн Хоккайдо арлын дээгүүр хоёр удаа хөөргөжээ. Пхеньян 2017 оны 11-р сард “Хвасон-15” тив алгасах баллистик пуужин хөөргөснөөс хойш анх удаа дунд болон хол тусгалын тусгалтай пуужин харваж байгаа нь энэ юм. Тэгвэл Умард Солонгосын ийнхүү пуужин туршсаар байгаа нь хоёр үйл явдалтай холбоотой анхаарал татах гэсэн оролдлого гэж шинжээчид тайлбарлаж.

Нэг удахгүй болох өвлийн олимп бөгөөд нөгөө нь гуравдугаар сард болох БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгууль. Энэ хоёр үйл явдлаас үүдэн анхаарал татах гэсэн оролдлого гэж ажиглагчид үзэж байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Их жанжин улиад хамниган Д.Сүхбаатар

Хёлго бодонгууд овогт Ц.Мөнхдорж жанжин Д.Сүхбаатарын намтар түүхийг сүүлийн хэдэн жил дагнан судалсны үр дүнд “Их жанжин улиад хамниган Д.Сүхбаатар” номыг бичжээ. Д.Сүхбаатар нь 1893 оны хоёрдугаар сарын 2-нд одоогийн ОХУ-ын Чита мужийн Бооржийн районы нутагт манай Улз гол цутгадаг Тарь нуураас хойш, Дорнод аймгийн Чулуунхороот сумаас холгүй хойд талд нь орших Гүн жалгатай гэдэг газарт цагаан дээлт Дашийн Дамдин хэмээх улиад хамниган айлын хоёр дахь хүү болон мэндэлснийг тогтоосон байна. Түүний охин дүү Дулам нь Бооржийн районы Бухын харуул гэх газарт 1906 онд төрснийг мөн тогтоосон байна. Д.Сүхбаатарыг буриад гэж нотолдог Дорнодын Цагаан-Овоогийн өндөр настан Гонгорын Пампаантай уулзжээ. Пампаан гуай 1921 онд төрсөн хүн юм байна. Тэрээр “Намайг 10 гаруй настай байхад манайх эртний түүхт Бар хотын орчмоор нутагладаг байлаа. Тэр үед Д.Сүхбаатарын ээж Хандын төрсөн дүү нь болох Лувсангийн Жанга гэдэг хүн эхнэр Бүтэдийнхээ хамтаар манайхтай айл зэргэлдээ нутагладаг байсан. Жангынд Д.Сүхбаатарын төрсөн дүү Дулам хонь хариулж амьдардаг байсан. Дулам хүнтэй суугаагүй ч нэг хүү төрүүлж түүнийгээ Жангадаа өргүүлсэн” гээд дүү Дуламын ярьсан яриаг Мөнхдоржид дуулгажээ.

Дулам ярихдаа “Манайх Оросын Чита мужийн Бооржийн районы Тарь нуурын орчмоор Бухын харуулд нутаглаж байгаад 1918 онд Монгол руу Халхголд ирсэн. 300 гаруй буриад, хамниган айл малаа аваад Монгол руу нүүхэд бид цуг ирсэн. Монголд Ардын хувьсгал ялсны дараа ах Сүхбаатарыг маань монгол цэргийн их том дарга болсон гэж хүмүүс ярилцдаг байсан. Нэг удаа Жанга нагац дээр дотоод яамны төлөөлөгч ирж уулзахад би тийм хүн мэдэхгүй гээд Сүхбаатарын нагац ах гэдгээ нуусан. Багийн дарга Галсанжамц манай төрөл садангийн хүмүүсийг бүгдийг нь Сүхбаатарын хамаатан гэдгээ нуу гэж дарамталдаг байсан” хэмээн ярьсан байдаг. Номын зохиогч судалгааныхаа ажлаар олон арван хүнтэй уулзсаны дотор Чойбалсан хотын иргэн, Цагаан-Овоо сумын уугуул 85 настай Цэрэндорж гуайн яриа анхаарал татна.

Цэрэндорж гуайн аав Намдагийн Жигмэд 1891 онд Читийн дээд Бооржийн голд төрж, 70 насыг насалсан байна. Аавыг нь төрөх үед өвөө Намдагийнх нь Цагаан хуасай омгийн жаахан Дамдиныхтай хөршүүд, садан төрөл байсан гэнэ. 1893 онд Сүхбаатар мэндэлж, Цэрэндорж гуайн аав Жигмэд, их жанжин Сүхбаатар болоод, нагац Жанга нартай нь тоглож өсчээ. Жанга нь 72 насыг зооглож 1964 онд бурхны хутгийг олжээ. Цэрэндорж гуай ярьсан нь “Тавиад оны эхээр Жанга өвгөний бие муудахад С.Янжмаа (Д.Сүхбаатарын эхнэр) орос эмч дагуулж чийчаан тэрэгтэй ирсэн. Тэр үед манайх Зүүн Барьханд Жангынхтай айл нутаглаж байсан. Янжмаа ирээд буцсанаас хойш удалгүй Жанга өвгөн хоёр толгой үхэр нядлаад, гурван тэмээн тэргэнд ачиж, Дуламаас өргөж авсан Шагдарсүрэнг аваад Улаанбаатар явсан. Нэлээд удсаны хойно бие эрүүл болоод ирсэн. Гэрийнхээ гадуур дун цагаан бүрээс татсан. Янжмаа бэлэг болгон өгсөн гэдэг. Тэр үед тийм гоё цагаан бүрээстэй айл байгаагүй учир их содон харагдаж байлаа” гэж ярьсан нь бий. Түүхэнд Сүхбаатарын Янжмаа гэж нэршсэн тэр хүн ханийгаа буриад гэдгийг мэддэг, ах дүү, хамаатан садныг нь таньдаг төдийгүй нас барах хүртлээ эргэж тойрсон нинжин сэтгэлт, журамт эмэгтэй байсныг тэмдэглэжээ.

Номын зохиогч Ц.Мөнхдорж судалгаагаа мухарлахын тулд Дорнодын Эрээнцав буюу Чулуунхороот сумын хилийн шалганаар гарч Соловьевск тосгонд очжээ. Тэндээсээ Хамниганы Новая Заря тосгонд очиж Цэрэнханд болон Уваши Сүрэн Дольжина нарын хоёр хөгшинтэй уулзсан байна. Новая Зарягийн барууханд Имайлк тосгон, түүнээс цааш хорь гаруй км-т Баруун Тарь нуурын хажууд Красны Имайлк тосгон бий аж. Эдгээр сав нутаг бол тэр чигээрээ улиад хамниганы нутаг, өөр овгийнхон байхгүй болохыг тогтоож, Сүхбаатарын эцэг Дамдин улиад хамниган хүн болохыг мухарлажээ. Жараад онд Бухын харуулд Д.Сүхбаатарын нэртэй кино гарч түүнийг үзсэн 80-аас дээш насны ахмадууд улиад хамниган Дашийн Дамдины хүү Сүх нь Монголд очоод Сүхбаатар нэртэй болоод зогсохгүй халх хүн болж хувирсанд ихээхэн уурласан гэдэг. Д.Сүхбаатарын эцэг Бухын харуулд орших хасаг цэргийн албанд олон жил харуулын алба хашжээ. Тэрээр Омкс хотноо хасаг цэргийн бага дарга нарыг бэлтгэдэг сургууль байдгийг сонссон тул хүү Сүхийгээ Эрхүү дэх орос гимназа төгсөнгүүт нь Омскийн Кадетад сургахаар явуулсан байна. Д.Сүхбаатар тэнд гурван жил суралцаад 1912 онд Оросын хаант засгийн армид пулемёт бууны салааны даргаар томилогдсон байдаг. Ингээд Оросын хаант засгийн армиас монгол цэргийг сургахаар ирсэн 58 сургарч нарын дунд Д.Сүхбаатар багтжээ. Тэрээр 20 нас хүртлээ Сүх нэртэй байсан нь Бямбын Ринчен гуайн дуртгалд бий. Их жанжин Д.Сүхбаатарын намтрыг үнэн бодитой, судалгаатай, амьд гэрчүүдийн үгээр бүтээн гаргасанд уг номын үнэ цэнэ оршиж байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

БНХАУ сансрын хөлөгт зориулсан шинэ үеийн үйлдлийн систем болох “SpaceOS III”-ийг танилцуулав

Хятадын Сансрын технологийн академийн дэргэдэх Бээжингийн Хяналтын инженерийн хүрээлэнгийн боловсруулсан энэхүү үйлдлийн систем нь бие даасан хиймэл оюун ухаан бүхий илүү чадвартай систем юм байна.

“SpaceOS III”-ийн өмнөх хувилбаруудыг 300 гаруй сансрын хөлөгт ашиглаж байжээ. Энэхүү шинэ систем нь найдвартай, аюулгүй байдлыг хангасан бөгөөд нууцлалын зэрэг өндөр аж. “SpaceOS III” систем нь багийн сансрын нислэг, хиймэл дагуулын холбоо, сансар огторгуйн гүнд судалгаа хийх, хиймэл дагуулын янз бүрийн шаардлагыг хангаж чадах гэнэ. Бээжингийн Хяналтын инженерийн хүрээлэн 1970-аад оноос “SpaceOS”-ийг бүтээж, хөгжүүлж эхэлсэн аж. Энэ үйлдлийн системиийг анх 2006 онд “Дунфанхон-4” холбооны хиймэл дагуулын платформ дээр ашиглаж байсан гэнэ.

Г.АМАРСАНАА

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

Б.Авид: Сайн боловсруулах хэрээр түлш үнэтэй болно. Гэр хорооллын иргэд авч чадахгүйд хүрнэ

ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, химийн шинжлэх ухааны доктор Б.Авидаас агаарын бохирдол, сайжруулсан түлшийг төгөлдөржүүлэх боломжийн талаар тодрууллаа.


-Улаанбаатарын утаа их байгаа талаар нийслэлчүүд шүүмжилж байна. Сайжруулсан түлшний чанарын асуудлаар ч яриа хөөрөө өрнөлөө. Зарим хэрэглэгч иргэдийн зүгээс “Сайжруулсан түлш өмнөхөөсөө хатаалт муу, чийг ихтэй учраас утаа их гарч байна” гэж дүгнэсэн байна лээ. Харин эрдэмтэд энэ талаар судалж байгаа юм болов уу?

-Оршин суугчдын хувьд Улаанбаатарын удаа ердийнхөөс арай их байгаа талаар ярьж байна. Утаа олон юмнаас хамаарна шүү дээ. Тухайн өдрийн температур, салхины байдал, бусад олон нөхцөл бий. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад хэрэглэгчийн тоо нэмэгдсэн талаар мэдээлэл харсан. Мэргэжлийн хүмүүсийн ярихыг сонсоход инверс- (Агаар солилцоонд орохгүй, бүх төрлийн яндангаас гарсан утаа хотын дээр, хөндийдөө тогтох үзэгдэл)-ийн нөлөө их байна гээд байгаа юм. Түлш үйлдвэрлэгч компаниуд хэрэглэгчдийн тоо нэмэгдсэнээс гадна хэрэглээний хэмжээ бараг хоёр дахин нэмэгдсэн талаар ярихыг та бүхэн сонссон байх. Энэ болгон нөлөөлнө шүү дээ.

-Улаанбаатар уулсын хөндийд байрладаг учраас агаарын бохирдолд газар зүйн байрлал нөлөөлдөг талаар сонсч байсан санагдана. Ингэхэд та бүхэн түлшний чанарын асуудлаар хариу өгөх үү?

-Түлшний чанарыг сайжруулах шаардлагатай гэдэгтэй эрдэмтэд санал нэг байна. Түлшин дэх хүхрийн хэмжээг огт бууруулж чадаагүй байгаа шүү дээ.

-Таван толгойн нүүрсийг угааж, баяжуулаад түлш үйлдвэрлэж байгаа гэдэг шүү дээ. Угааж, баяжуулахад хүхэр нь хэвээрээ үлддэг гэсэн үг үү?

-Тийм. Бид Тавантолгойн мидлинг ашиглаж байгаа шүү дээ. Хүхэр дээр бид ямар нэг арга хэмжээ аваагүй учраас хүхрийн агуулга хэвээрээ байгаа.

-Хүмүүс нэг л эвгүй үнэр агаарт дэгдээд байна гэдэг. Тэр нь бодвол хүхэр шиг байгаа юм?

-Хүхрийг бид бууруулж чадаагүй учраас хүхэрлэг хий үүсдэгээрээ л үүсч байгаа. Сайжруулсан түлшний хамгийн гол давуу тал бол шахсан учраас РМ (тоосонцор) буурсан. Манай түлшний хоёр том дутагдал нэгдүгээрт, хүхэр өндөртэй, хоёрдугаарт, үнс ихтэй. Мидлинг буюу хаягдал нүүрс ашиглаж байгаа учраас үнс ихтэй. Таван толгойн нүүрсэнд агуулагддаг үнс 20 хувь байдаг бол баяжуулаад урагшаа гаргаж байгаа нүүрс 10 хувийн үнстэй. Бидний ашиглаж байгаа мидлинг гэж яриад байгаа завсрын бүтээгдэхүүн бол 30-аас дээш хувийн үнстэй. Гурав дахь сул тал нь маш холоос Таван толгойн уурхайгаас зөөж байгаа шүү дээ. Цаашид үнсийг бууруулах шаардлагатай. Магадгүй төвийн бүсийн, хотод ойрхон, боломжийн нүүрс ашиглах, эсвэл Тавантолгойнхоо урагшаа гаргаж байгаа баяжмалыг ашиглавал үнс нь багасна. Хүхэр бууруулахын тулд манайхан санал болгодог л доо. Шохойтой холих, янз бүрийн хүхэр бууруулдаг технологи ашиглах шаардлага бий. Гэхдээ нэгэнт технологийг нь боловсруулчихсан учраас шохой нэмэх гэх мэт өөрчлөлт оруулахад амар биш. Цаг хугацаа зарцуулна. Энэ чиглэлээр Таван толгой түлшийнхэн өөрсдөө ажиллаж байгаа юм билээ.

-Сайжруулсан түлшний технологийг сонгохдоо эрдэмтэд судлаачдын саналыг авсан юм уу. Зарим эрдэмтэн дараагийн шатны цэвэр түлш буюу дулааны боловсруулалт хийсэн түлшинд шилжих шаардлагатай гэж манай сонинд ярьсан. Хагас коксыг шахмал түлшний түүхий эд болговол нүүрсний бохирдол, хүхрийн тодорхой хэсгийг нь зайлуулж болдог гэсэн л дээ.

-Утаагүй түлш үйлдвэрлэнэ гээд бид сүүлийн 10 гаруй жил ажиллаж байгаа шүү дээ. Манай компаниуд ч, эрдэмтэд ч ажиллаж байсан. Тодорхой түвшинд нүүрсийг боловсруулах чиглэлээр маш олон эрдэмтдийн санаа, технологи байдаг. Хэд, хэдэн компани утаагүй түлш үйлдвэрлэх гэж үзсэн. Хэдий чинээ сайн боловсруулна төдий чинээ сайн түлш гарна. Гэтэл сайн боловсруулах хэрээр үнэтэй болно. Түлш үнэтэй болох тусам гэр хорооллын иргэд авч чадахгүйд хүрнэ шүү дээ. Одоогийн сайжруулсан түлшийг маш хямдхан авч байгаа. Сайн түлш хийж болно. Маш үнэтэй болчихвол эдийн засгийн хувьд хэрэгжүүлэх боломжгүй болно шүү дээ. Эрдэмтдийн олон янзын санаа төдийлөн хэрэгжээгүй нь эдийн засгийн шалтгаантай. Хагас коксжуулна гэхэд л үнэтэй тусна.

-Тэгэхээр хагас коксоос гаргаж авах цэвэр түлш өртөг өндөртэй учраас дэмжигдээгүй байх нь ээ?

-Ер нь нүүрсийг хагас коксжуулаад шахчихвал хүхэр, бусад хольцууд зайлуулагдах боломжтой. Тавантолгойн мидлинг бол төвийн бүсийн юм уу Шивээ овоогийн нүүрсийг хагас коксжуулсан түвшний нүүрс байхгүй юу. Тийм учраас Шивээ овоогийн нүүрсийг хагас коксжуулснаас Таван толгойн мидлинг ашиглах нь технологийн хувьд боломжтой гээд ашиглаад явж байгаа юм. Одоо бол цаашдаа төвийн бүсэд байгаа, дэд бүтцийн хувьд боломжтой гайгүй түвшний тухайлбал, Шарын голын нүүрсийг сайн чанарын холбогчоор холбоод түлэхэд болохгүй зүйлгүй. Хагас коксжуулж болно, гагцхүү үнэтэй тусаад байгаа юм. Урьд нь хэд, хэдэн компани хагас коксжуулаад явж байсан шүү дээ. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед энэ технологийг үнэтэй учраас эдийн засгийн хувьд бололцоогүй гэж үзсэн. Нэг тонн хагас коксын үнэ 180,000 төгрөгөөр үйлдвэрлэгдэж байхад нэг тонн нүүрсний зах зээлийн үнэ 130,000 байх жишээтэй.

-“Солонгос, Хятадад ийм түлш түлж байна” гээд нүхтэй, дугуй шахмал түлшний зураг сошиалд явсан. Тэр нь энэ хагас кокс ашигласан түлш байх л даа?

-Би харж байсан. Технологийн боловсруулалт орвол үнэ нь өсдөг. Худалдан авах боломжтой, чанартай гээд олон шаардлага тавихаар тэр болгоныг зэрэг биелүүлж чадахгүй байна шүү дээ. Яг одоогийн түвшинд түлшний үнийг 75 хувь бууруулчихаад байгаа юм. Үнэтэй түлш үйлдвэрлээд татаас өгөөд явбал ахиад л эдийн засгийн асуудал үүснэ. Энэ түлшийг хоёр жил түлээд, үйлдвэрлээд ч сурчихлаа. БОАЖЯ, мэргэжлийн хяналтын хамтарсан шалгалт, лабораторийн шинжилгээгээр түлшний чанар өөрчлөгдөөгүй, стандартын дагуу хийгдэж байна гэдэг дүгнэлт гарсан юм билээ.

-Барьцалдуулагч бодисын тухай бас ярьцгаадаг. Манай эрдэмтэд ядаж барьцуулагч бодисоо ч хийж чадахгүй, Хятадаас авч байна гэцгээдэг?

-Эрдэмтдийн санал болгосон олон төрлийн барьцалдуулагч байдаг. Тодорхой түвшинд аливаа ажил хийхэд манайд химийн суурь үйлдвэрүүд байхгүй. Заавал гаднаас хамааралтай болчихдог. Хамгийн боломжтой хямд, өртөг бүхий барьцалдуулагчийг ашиглах шаардлагатай. Манайхан өртгийг хямдруулах гэж хичээсэн ч үнэтэй тусаад байгаа. Химийн суурь үйлдвэр байхгүй учраас барьцалдуулагчийн асуудал хүнд байгаа юм. Харин нефть боловсруулах үйлдвэр байгуулагдчихвал тэндээс гарч байгаа шаар, үлдэгдлийг ашиглан харьцангуй хямд, сайн чанарын боломжийн барьцалдуулагчтай болчих байх.

Монголын зарим компани өөрсдөө барьцалдуулагч хийгээд явж байгаа юм билээ.

-Химийн ухааны доктор Ж.Дугаржав эрдэмтэд цэвэр түлшний есөн шийдэл боловсруулж, дөрвөн патент авсан талаар дурдсан байсан. Ер нь эрдэмтэд сайжруулсан түлшийг төгөлдөржүүлэх судалгаа үргэлжлүүлж хийж байгаа юу?

-Ямар төсөл хэрэгжүүл гэнэ, түүнийг л эрдэмтэд хэрэгжүүлдэг шүү дээ. Өнөөдөр утаа их яригдаж байна гээд би утаа судална гээд сайн дураараа шийдчихдэггүй. Өөрөөр хэлбэл, улсын захиалгаар ямар төсөл хэрэгжиж байна, тэр хүрээндээ ажилладаг. 2010-2015 оны хооронд байх аа доктор Ж.Дугаржавын удирдсан баг утаагүй түлш үйлдвэрдэх төсөл хэрэгжүүлсэн. Янз янзын түүхий эдийг холбогчоор ашиглан төрөл бүрийн түлш үйлдвэрлэсэн. Био масс холбогчтой түлш төдийлөн хурдтай хэрэглээнд орчихгүй байна л даа.

-Агаарын бохирдол ихсэхээр эрдэмтэд юу хийж байна аа гэсэн шүүмжлэл нэмэгддэг л дээ. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр судалж, санал дэвшүүлж, засагт зөвлөж байгаа зүйлс хэр байдаг вэ?

-Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед шийдэл боловсруул гээд даалгавар өгч байсан шүү дээ. Тэр үед тодорхой түвшинд шийдэл боловсруулсан. Аливаа шийдэл хугацааны хувьд хэрэгжих бололцоотой байх учиртай. Цахилгаанаар асуудлыг шийдэх талаар санал болгосон. Улаанбаатар хотын эрчим хүчний хангамжийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Эрчим хүчний хэмнэлттэй зуух гаргаад явж байсан. Тэр болгон үйлдвэрлэлд нэвтрэхгүй юм л даа. Аливаа санаа үйлдвэрлэлд нэвтэртлээ цаг их зарцуулдаг шүү дээ. Бид шийдэл гаргаад, зах зээлд нэвтрүүлэх талаар төдийлөн сайн ажиллаж чадахгүй л байх шиг байна.